Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг: “Жи тайм” сүлжээний хохирогчид ирж, хэргийн материалтай танилцах хэрэгтэй байна

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал, хүн амын амжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, залилах аргаар бусдад хохирол учруулах үйлдэл өсөх хандлагатай боллоо. Энэ талаар яриагаа эхэлье?

-Энэ гэмт хэргийн үйлдлийн арга хувьсан өөрчлөгдөж, харилцан адилгүй өөр өөр байдлаар үйлдэгдэх болсон. 1990–ээд оны үед Хадгаламж зээлийн хоршоо, “Гадаадын улс орнуудад виз найдвартай гаргаж өгнө” гэх зэргээр бусдыг залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг байсан. Харин одоо сүлжээний болон цахим мэдээллийн хэрэгслээр харилцагч талуудын мэдээлэлд хөндлөнгөөс гэмт этгээдүүд хууль бусаар нэвтэрдэг. Ингээд мэдээллийн агуулгыг өөрчлөн бусдад их хэмжээний хохирол учруулах зэрэг аргуудыг их ашиглах болсон байна.

-Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын хэрэг тухайн үед шуугиан дэгдээж байсан. Тухайлбал, “Баян-Өндөр сан” , “Бизнес кредит”, “Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре¬дит”, “Гэр хорооллын ба¬рилгажилт”, “Европын хөг¬жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ¬дүй”, “Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэмшигч хохирсон байдаг. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн юм бэ?

-Шүүхээр хэрхэн шийдвэрлэснийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямартай ч хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэд хэдэн хэргийг шийдвэрлэж, хэргийг үйлдсэн хүмүүс нь ялаар шийтгүүлсэн.

-Хууль бус сүлжээний бизнес эрхэлж бусдад их хэмжээний хохирол учруулсан этгээд гэмт буруутай болох нь тогтоогдвол ямар хуулийн хариуцлага ногдуулах вэ?

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт “… Энэ гэмт хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бол…” гэж ерөнхий байдлаар зүйлчлэн шалгаж байсан. 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.2-д “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар энэ хэргийг үйлдсэн гэж илүү тодорхой дэлгэрэнгүй болгон хүлээлгэх хариуцлагыг таван жилээс 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан.

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан нь юу юм бэ?

-Мэдээллийн эрин үед иргэн, хуулийн этгээд хуулиар хориглосон, олон шатлалт буюу пирамид тогтолцооны шинжтэй үйл ажиллагаа явуулахдаа цахим сүлжээний хэрэгсэл (фэйсбүүк, зарын сайтууд гэх мэт) ашиглан өөрсдийн үйлдлийг халхавчтайгаар идэвхтэй сурталчилдаг. Тэгээд иргэдийг гишүүнээр элссэн тохиолдолд анх оруулсан мөнгөн хөрөнгөө богино хугацаанд өсгөж, их хэмжээний ашиг олох боломжтой мэт сэтгэгдлийг төрүүлчихсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр иргэдээс тухайн мэдээллийн үнэн зөв бодит эсэх, цаашид гарах сөрөг үр дагаврыг тооцоогүй, төсөөлөөгүйгээс эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаж байна. Ихэвчлэн сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэргийн улмаас хохирсон иргэд нь өөрийн болон бусдын хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах, тэтгэвэрийн зээл, үнэт эдлэл, эд зүйлээ ломбардад барьцаалж зээл авах зэргээр санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлнэ. Ингэж ашиг олно гэсэн бодит бус мэдээлэлд хөтлөгдөн гишүүнээр элссэнээс өөрөө болон бусдыг хохироож байгаа тохиолдол дийлэнх хувийг эзэлж буй.

-Мөн цахим халдлагад өртөж их хэмжээний мөнгөө алдах тохиолдол сүүлийн үед их гарч байна…

-Иргэн таны и-мэйл, фэйсбүүк хаягт үл таних хэн нэгнээс “Их хэмжээний мөнгөн хөрөнгө өвлүүлэх, бага хүүтэй урт хугацаатай мөнгө зээлүүлнэ, сугалаанд аз таарлаа” эсвэл “хамтран амьдарна” гэх зэрэг бодит амьдрал дээр биелэх боломжгүй саналыг явуулна. Ийнхүү санал ирүүлж байгаад итгэж бодит дүрсээ харахгүй, аль улсын, хэн болох нь тодорхойгүй этгээдтэй харилцаа тогтоож, улмаар тэдний хүссэнээр гаалийн болон татварын, банк хоорондын гүйлгээний шимтгэл, бусад төрлийн хураамжийн төлбөр шаардлагатай гэх мэт хуурамч үйлдэлд итгэж их хэмжээний мөнгөө арилжааны банкуудаар дамжуулан гадаад төлбөр гуйвуулгаар шилжүүлж залилуулан хохирдог. Тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд нь аль улсын, хэн болох нь тодорхойгүй, харилцсан фэйсбүүк, и-мэйл, харилцах данс, утасны дугаар зэргийг зөвхөн нэг удаа ашигладаг учраас гэмт этгээдийг тогтоох, нэгэнт Монгол Улсаас гарсан мөнгөн хөрөнгийг эргэж татан төвлөрүүлэх боломж муу. Иймээс иргэд хохирчихдог.

-Үүнээс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Иргэд хэн нэгнээс дээр дурдсан саналууд ирсэн тохиолдолд хүлээн авахгүй байх ёстой. Хэрвээ эрсдэл тулгарсан бол хуулийн байгууллагад хандаж өөрт учирч болох аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж сэрэмжлүүлье.

Мөн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс бараа бүтээгдэхүүн захиалахдаа өмнө нь харилцаж байсан и-мэйл хаяг, харилцах дансанд өөрчлөлт орсон талаарх мэдээллийн бодит байдлыг нягтлан үзэж байх хэрэгтэй. Бодит байдлыг сайтар шалгаж, нягтлаагүйн улмаас хуурамч мэдээлэлд итгэж их хэмжээний гадаад валютыг шилжүүлэн хохирох тохиолдол ч бий. Энэ тохиодолд харилцагч компаниас өмнө нь харилцаж байсан и-мэйл хаяг, харилцах данс өөрчлөгдсөн эсэхийг боломжит байдлаараа (утсаар ярих, биечлэн уулзах, дүрст дуудлага хийх гэх мэтээр) нягтлан бататгасаны эцэст төлбөрийг шилжүүлж байх нь зүйтэй юм. Эдгээр залилах гэмт хэргийн шинжтэй тохиолдол бүрт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг хүргэж байна.

-“Жи тайм” сүлжээтэй холбоотой асуудлын мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан уу?

-Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасан. Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах ажиллагаа энэ оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэж байгаа юм. Иймээс тус хэргийн хохирогч, иргэний харилцагч нар ирж хэргийн материалтай танилцахыг анхааруулъя.

-Он гарсаар иргэд цахим халдлагад өртсөн тохиолдол хэдэн удаа бүртгэгдсэн бэ?

-Он гарсанаас хойш дээрх байдлаар 300 орчим сая төгрөгийн хохирол учирсан гурван тохиолдол манай хэлтэст бүртгэгдэн шалгагдаж байна. Үйлдлийн аргыг ажиглахад мөн л гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс харилцагч байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн их хэмжээний гадаад валютыг шилжүүлсэн байна лээ. Гэвч шалгалтын явцад энэ нь хөндлөнгийн этгээдээс өөрчлөн ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаагүйгээс хохирол учирсан нь тогтоогдсон. Иймээс гадаад улс орон руу их хэмжээний мөнгөн шилжүүлэг тогтмол хийдэг, хийхээр төлөвлөж байгаа иргэн, хуулийн этгээдийг ийм эрсдэл учрахаас сэрэмжлэхийг сануулъя.

-Сүлжээний бизнес болон цахим халдлагаас урьдчилан сэргийлж ажиллахад юун дээр илүү анхаарах хэрэгтэй байна..

-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулахад гадаад харилцаа болон эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Ялангуяа эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээр байгуулсан гэрээний хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй. Мөн гэрээ байгуулаагүй байгаа зарим улс орнуудтай гэрээг байгуулах шаардлага бий боллоо. Учир нь гэрээ байгуулаагүй орнуудтай харилцах, мэдээлэл солилцох боломжгүй байгаа юм. Харин сүлжээний гэмт хэргийн хор уршиг эрсдлийн талаар цагдаагийн байгууллагаас олон нийтийн хэрэгсэл ашиглан сэрэмжлүүлэг мэдээлэл бүхий ярилцлага, богино хэмжээний шторкыг цацаж байгаа. Гол нь иргэдийн өөрсдийн ухамсар чухал. Хор уршиг эрсдлийг огт тооцож үзэхгүй юм. Зөвхөн ашиг хонжоо л гэж хараад байна. Мөн зарим хүмүүс хуулиар хориглосон мэдээлэл бүхий сурталчилгааг цахим орчинг ашиглан богино хугацаанд явуулж олон хүнийг хохироож буй. Иймээс мэргэжлийн байгууллагууд ч гэсэн цахим орчны хяналтыг сайжруулж, анхаарал хандуулах нь зүйтэй юм.

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх Ерөнхий сайд аа, амиараа тангарагласан шударга ёсоо хэрэгжүүлэх цаг чинь ирлээ

Холбоотой ЗурагГэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол Улсад өнөөдөр шударга ёс болоод хуульт ёсны төлөөх тэмцэл урьд өмнөхөөсөө илүү ус агаар мэт амин чухал болж байна. Учир юу вэ гэвэл улс орныг тэжээн тэтгэж ирсэн “саалийн ганц үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэр луйварчдын гараар ороод байхгүй болжээ. Монгол Улсын сүүлийн зуун жилийн ганц том бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад хэсэг нөхөд Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар туучихсан нь ил болж, дуулиан шуугиан дэгдэх нь тэр. “Жаст” группийн захирал Ш.Батхүү гэдэг нөхрийн зээлсэн мөнгөнөөс 95.2 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр төлөх дээрээ тулаад байна. Мөн түүний зээлсэн байж болзошгүй 51.5 тэрбум төгрөгийг Төрийн банк төлөх шийдвэр тэртээ 2013 онд гарчээ. Ийм л айхтар нөхцөл байдал үүсч Английн худалдааны шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилэхээр болсон.

Энэхүү дуулианыг товчхон сануулахад, “Стандарт” банкнаас нийт 213.3 сая ам.долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн нь тогтоогдсон. Уг орлогоос УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт 55.6 сая ам.доллар, Жаст компаниас нийлүүлсэн түлш, шатахуунд 41.2 сая ам.доллар зэрэг төлбөрт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас шилжүүлсэн байна.Лондонгийн олон улсын арбитрын шүүх 2016 оны тавдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Жаст групп” ХХК-д баталгаа гаргасан гэж үзэн 50.988.425.60 ам.долларын төлбөрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд төлүүлэхээр шийдвэрлэсэн бол 2017 оны долоодугаар сарын 27-нд тус шүүх хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нийт 44.362, 608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр хүү алдангитайгаа 100 гаруй сая доллар болон нэмэгдэж, өдөрт 800-900 доллар хүү алдангид нь төлөхөөр болж байна.

“Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. 2015 оноос АТГ-т шилжсэн. Өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй байна. Харин ч хурцадмал байдалд тулж ирээд байна. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гэдэг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусч байна. Төлбөрийг нь төр даагаад “Эрдэнэт”-ээ барьцаанд тавьсан нөхөд, улс төрийн бүлэглэлүүд хариуцлагаас мултрах ёсгүй” гэж Их хурлын гишүүд удаа дараа мэдэгдэл хийж байгаа. Тэд Засгийн газрын хуралдаанаар Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой Эрдэнэтийн асуудлыг авч хэлэлцсэн. Стандарт банктай нэн даруй хэлцэл хийхийг Эрдэнэт үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн. Гэвч удирдлагууд нь 49:51 хувь гээд хоёр тийшээ хараад суучихаад байгааг ч хэлж байна.

Эрдэнэтийн асуудал Алт диллерийн, Хадгаламж банкны, ашигт малтмалын…гээд төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон дуулиант хэргүүд шиг замхраад алга болох ёсгүй. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, байгаа, УИХ-ын дарга байсан, байгаа, Ерөнхий сайд байсан, байгаа, Хууль зүйн сайд байсан, байгаа гэх эдгээр нөхдүүдтэй холбоотойгоор замхарч алга болох аюул нүүрлээд буй юм. Эрдэнэтийн 51 хувь нь МАН-ын чиглэлтэй, 49 хувь нь АН-ын чиглэлтэй. Уг хэрэгт холбогдож буй хүмүүс нь нэр усаараа байж байгаа. Тухайлбал, “Стандарт” банкны асуудал дээр тухайн үед МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан С.Баярын нэр яригддаг. Мөн тухайн цагт Эрдэнэт үйлдвэрийн захирал нь Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга нь одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Д.Сугар, Улаанбаатар төмөр замын гүйцэтгэх захирал нь Сангийн сайд асан Т.Очирхүү нар байсан. Энэ хүмүүс бол МАН-ын өндөр албан тушаалтнууд. Ардын нам засаг барьж байх үед дандаа л дарга сайд байсан хүмүүс. 49 хувь дээр нь Худалдаа хөгжлийн банк болоод төр засгийн тодорхой эрхэмүүд байгаа. Дээр өгүүлсэнчлэн Ардчилсан нам, засгийн эрх барих үед өндөр албан тушаалд байсан эрхэмүүд.

Эрдэнэтийн асуудлыг хууль ёсны дагуу үнэн шударгаар шийдэхийг ард түмэн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаас итгэл найдвар тавин хүлээж байна. Уг хэргийг Ерөнхий сайд та Алт диллерийн, Хадгаламж банкны хэргүүд шиг замхруулаад алга болгох юм бол амь наснаасаа ч илүү хайрлаж байсан ард түмний итгэл алдарна. Та Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоод Монгол төрийн индэр дээрээс “Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг, ард түмнээ өмгөөлдөг, худлаа амлаж хуурдаггүй, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байх болно. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэж, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд. Монголын төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс би айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс” гэж итгэл төгс хэлсэн билээ.Энэ үг ард түмнийг машид зоригжуулж, одоо л нэг шударга ёс тогтох нь ээ гэх итгэлийг төрүүлсэн юм.

Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдтэй одоо л “заамдалцаж”, хууль ёсны хүрээнд тэмцэх цаг чинь иржээ. Мөн та “Монгол төрийн дархлаа суларчээ. Энэ бүхнийг одоо тас цохин цэгцлэх ёстой. Шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын утаа шиг болсон байна” гэж хэлсэн. Ерөнхий сайдын тамгыг гардахдаа хэлсэн үг, бодлого зорилтоо одоо л зоригтойгоор хэрэгжүүлж ажил хэрэг болгох нь амин чухал байна.

Таны шударга ёс, хуульт ёсны төлөөх энэхүү тэмцлээс Монгол Улс цаашдаа тусгаар байх эсэх, үндсэндээ шударга ёс, хуульт ёс сэргэн мандсан хүчирхэг гүрэн байх эсэх нь шууд хамаарч байна. Та энэхүү тэмцэлдээ МАН, АН-ын шударга ёсыг эрхэмлэн дээдэлсэн, хуульт төрийг нэхсэн залуучуудын дэмжлэгийг авах хэрэгтэй. Мөн шударга ёсыг эрхэмлэдэг дэвшилтэт хүмүүс, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, Монголын нэр нүүр болсон эрхэмүүд Ерөнхий сайдаа хүрээлж, шударга ёсыг хамтдаа тогтоон улс орноо зөв голдрилд оруулах хэрэгтэй. Монголын хэвлэл мэдээлэл энэ бүхнийг дэмжих учиртай. У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө Эх орончдын өдөрт зориулсан баярын хуралд хэлсэн үгэндээ “Энэ дэлхий дээр Монгол Улс ганц л бий. Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй. Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг юм” гэж мэдэгдсэн.

Улс төрийн гол хоёр хүчин Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдмэл байр суурьтай байж, шударга ёсыг тогтооход нь туслах ёстой.Өнөөдөр Монголын төрд сүүлийн хорин хэдэн жил бугшсан асар том идээ бээр хагарах торгон мөч ирчихээд байна. Улс төрийн нам дамжсан бүлэглэл үнэндээ хууль дүрэмгүй юм шиг дургиж аашилсны эцэст Эрдэнэт үйлдвэрээ залгичихаад байж байна. Үүнийг л шударгаар, хууль ёсны дагуу шийдэх нь Ерөнхий сайд таны эр зоригийн асуудал мөн. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий хөдлөхгүй бол бидэнд цаг алга гэж та мөн л төрийн индэр дээрээс хэлж байсан. Хэрвээ Эрдэнэтийн асуудлыг хуйвалдаад, аргалаад, ард түмнээ хуурч мэхлээд өнгөрөөвөл Монголын төр цаашид оршин тогтнох нь хэцүү болно. Юун төрийн дархлаа сулрах, төр улс байх эсэх нь эргэлзээтэй болно. “Яалт ч үгүй манай намын юм даа. Надад өмнө нь олон удаа гавьяа байгуулж, тус болж байсан юм” гэх зэргээр хувийн сэтгэлээр хандаж болохгүй.

Энэ бол Монголын төр болоод ард түмний ёс зүйн асуудал. Ёс зүй алдагдаж шударга ёс, хууль ёс байхгүй бол тухайн улс гүрэн нуран уналаа гэсэн үг. У.Хүрэлсүх сайд энэ бүхнийг урьдчилан харж, бодон тунгааж байж Монголынхоо ард түмэнд “амь насаараа дэнчин тавьж” буйгаа зарласан байлгүй дээ. Тиймдээ ч “Авлига хээл хахуултай хатуу тэмцэж, бурууд нүд хурц байна” гэдгээ зарим нөхдөд байн байн сануулж, өөрийгөө зоригжуулж байгаа болов уу. Ер нь ч тэгээд Монгол Улсын Ерөнхий сайдад ард түмнийхээ өмнө амь насаараа дэнчин тавих хэмжээний асуудал Эрдэнэтээс өөр юу л байв гэж дээ.

Categories
мэдээ нийгэм

​Нийтлэлч П.Хашчулуун “Дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур чинь…” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буланд “Эрдэнэс-Таван толгой” уурхайн эрдэнэ болсон бүсгүйчүүд хэмээн өгүүлжээ.
Цэцийн гишүүн Д.Сугар “Намайг зүхээд байгаа хүмүүст хэлэхэд тэвчээртэй хүлээвэл учир нь олдоно доо” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.
Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван “Эрдэнэбулган ах намайг “Чингис хааны дүр хэн хүнд олддоггүй юм” гээд сандал бариад элдэж байлаа” хэмээн ярьсныг “Ардын цолтон” булангаас хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-ы “Баримт үзэл бодол” нүүрт нийтлэлч П.Хашчулуун “Дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур чинь…” хэмээн өгүүлсэн байна.
Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзориг “Улстөрчид, даатгалынхан, бизнесмен, брокер, банкууд хамтарч зээлийн хүүг бууруулах ёстой” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.
“Баримт, үйл явдал” нүүрт ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмон: Хорио цээрийн дэглэмийг маш сайн сахиж, вакцинаа хийвэл тархалт буурна хэмээн ярьсан байна.
Монгол гэж худлаа цээжээ дэлдсэн бүлэг этгээдүүд бусдын амар тайван амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлсэн байна.
Өмнөговь аймгийн хорих ангийн дарга Б.Энхбаяр албан өрөөндөө өөрийгөө бууджээ хэмээн өгүүлснийг “Баримт, үйл явдал” нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Нийгэм” нүүрт МҮОНРТ-ийн Ерөнхий
захирал Л.Нинжжамц “Бид ухаалаг байж энэ
дэлхийн хүмүүстэй зэрэгцэж алхана” хэмээн ярьжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Солонго “Мiss International Queen” тэмцээний шилдэг 10-т шалгарчээ

transgender

Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 9-нийг өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо “Мiss International Queen” тэмцээн боллоо. Дэлхийн трансжендер охид, бүсгүйчүүдийн гоо сайхны олимп гэгддэг тус тэмцээнд Б.Солонго эх орноо төлөөлөн амжилттай оролцож, “ТОП-10” оролцогчийн нэгээр шалгарчээ.

Тэрбээр “Авьяаслаг мисс” төрөлд орчин үеийн монгол бүжгийг калиграф бичигтэй хослуулан бүжиглэж, хоёрдугаар байр эзэлсэн байна. Мөн “Preliminary Swimming Suit” буюу усны хувцастай мисс төрөлд TOP-10-ын нэгээр шалгарчээ.

transgender

Categories
мэдээ нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөг боллоо

nomНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан сар бүрийн Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Гуравдугаар сарын 10-ны өдрийн бямба гаригт зохион байгуулсан өдөрлөгт 150 орчим иргэн оролцжээ. Энэхүү өдөрлөгт Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Hello UB төрийн бус байгууллага хамтран ажилласан байна.

Дараагийн “Номоо солилцъё” өдөрлөг ирэх дөрөвдүгээр сарын 7-ны бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах ажээ. Иймд эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг Нийслэлийн Соёл, урлагийн газраас уриалсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголыг тойрон аялахад үзэх газрууд 3

Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудын гурав дахь цувралаа толилуулж байна.

ДАРХАН – УУЛ АЙМАГ

1.Тахилгат их дархан уул

Их Дархан уул нь Шарын гол сумын хойд талд далайн түвшнөөс дээш 1239 км өндөрт

орших орон нутгийн тахилгат уул юм. Их Дархан уулын баруун доогуур Шарын гол урсана. Дархан Уул аймгийн тусгай хамгаалалтанд байдаг байна.

2. Дурлалын мод

Холбоотой Зураг

Зулзаган голын амралтын бүсэд очих зам зуурт нарсан ойн дундуур явсан шороон замын дэргэд байдаг. Хоорондоо орооцолдож ургасан байдаг бөгөөд эр хүнийг бэлгэдэх мод нь арай өргөн, хүрэн өнгөтэй бол эм хүнийг бэлгэдэх мод нь арай нарийхан гоолиг, цайвар шаргал өнгөтэй байдаг байна. Хос модны дэргэд нутгийнхны босгосон жижиг овоо байдаг. Тэр овоонд ганц бие гэрлээгүй залуучууд “сайн хань заяаж хайрла” хэмээн сүслэн залбирч мөргөдөг уламжлалтай.

3. Шарын голын зосон зураг

Холбоотой Зураг

Дарханаас хойш 25 км зайтай орших Шарын Цагаан нуураас зүүнтээ Шарын голын хөндий рүү хойноос түрж орсон хадтай жижиг уулын урд баруун хормойгоор эртний дугуй, дөрвөлжин чулуун далантай жижиг булш, хиргисүүр 20 гаруй бий. Уулын урд талын хясаалж тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд А.П.Окладников, Д.Дорж нарын удирдсан Монгол-зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан олж илрүүлжээ.

Уг зурагт урагшаа харсан том толигор хаданд далавчаа дэвээд халин нисч буй бүргэд (махчин маягийн шувуу) зураад түүний баруун доор хоёр зэрэгцээ замаар эсрэг зүг xoёр хоёроороо цуварч яваа дөрвөн морьд дүрсэлсэн нь байршлын хувьд сонин байна.Дээд талын замаар явж буй морьд баруун тийш, доод замаар явж буй хоёр морь зүүн тийш цуварч явна Морьдыг гурвалжин шовх чихтэй, урт биетэй, нарийвтар хөлтэй дүрсэлжээ.

Эхний зургаас 2 м орчим зайтай түүний баруун талд байна.Энд өргөн зураасаар дөрвөлжин хүрээ татаж, түүний дотор дээд хэсэгт нь нэг эгнээ таван цэг, төв хэсэгт хоёр хүний тойм дүрс баруун доод хэсэгт нь гурван цэг дүрсэлжээ.

Хоёр дахь зургаас баруунтаа 5м орчим зайд орших ба энд гурван хүнийг хөтлөлцөөд зогсч буйгаар дүрсэлсэн бөгөөд тэдний дээр нэг, зүүн талд нэлээд зайтай бас нэг, нийт таван хүнийг дүрсэлжээ.

4. Буурал уулын булш

13-14-р зууны үеийн Монголын эзэнт гүрний нийт 27 булш Хонгор сумын төвөөс хойш орших Их Буурал уулын өвөрт бий.Булш хиргисүүр ухаж төнхөх явдлыг Монголчууд эрт дээр үеэс цээрлэн хориглож ирсэн уламжлалтай.

5. Дүрс нарс

Холбоотой ЗурагТус нарсыг Халх-Өөлдийн дайны үеийн домогтой холбон ярьдаг юм. Домогт өгүүлснээр, Өөлдийн Шар баатар дайтаж явсаар Хушаатын нуруунд тулан ирдэг аж.

Харин тэднээс нутгийн иргэд эмээж Дондов гэх ламд ханджээ. Тэрээр “Би чадлынхаа хирээр нутгийнхаа ард түмэнд туслая, гэхдээ миний номын ид шид гүйцэх эсэхийг мэдэхгүй, ном айлдаад үзье” гэж хэлээд бумбанд байсан рашаанаасаа Өөлдүүдийн ирж буй зүгт цацжээ.

Гэтэл рашаан цацсан гүш нь ногоон мод болж, рашааны дусал бүр нь олон мянган ургаа мод болсон байна. Түүнийг алсаас харсан Өөлдийн цэргүүд “Өндөр гэгээний их цэрэг Хараа голын хөвөөнд ирж буужээ” хэмээн айн сандарч зугтсан гэдэг.

Түүний дэргэд байх Эрхэт уул нь баатар жанжны асар том майхан болон харагдсан аж. Тиймээс энэ нарсан ойг Дүрс нарс хэмээн нэрлэжээ. Түүнээс хойш нутгийн ардууд зуны дунд сарын шинийн 15-нд тахиж бороо хур элбэг, зуншлага сайхан болохыг хангай дэлхийгээсээ гуйн залбирсаар өдийг хүрсэн байна.

6. Лам Дондовын рашаан

Лам Дондовын рашаан зурган илэрцүүд

Хонгор сумын Салхит багийн урд талд орших Эрхэт хайрхан уул, Хараа гол хоёрын дунд ходоод гэдэс дотрын өвчин анагаах рашаан бий.Эрт дээр үеэс нутгийн хүмүүс зуны дэлгэр цагт энэ рашаанаас уухаас гадна сүү сааль элбэгшсэн үед тогоо нэрэхдээ рашаанаас хийж чанар сайтай шимийн архи гарган авдаг байжээ.

Эрхэт уулын өвөрт Дондов нэртэй зурхайч, номтой том лам байсан бөгөөд тэрээр энэ рашаанаас байнга уудаг байснаас ийнхүү нэрлэгдсэн аж.

7. Хүйтний голын хадны бичээс

Холбоотой ЗурагХүйтний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй монгол, дөрвөлжин бичгийн бичээсүүд, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалж үзэхэд монгол бичээс нь хятад хар бэхээр бичигдсэн ба зарим үгсийг бүрэн тайлан унших боломжгүй байгаа ч уг бичээсний ерөнхий утгыг тоймлобол: “Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр (дурсгал) болгон бэлгэдэж тахиа жилийн 9 сарын шинийн наймнаа” гэжээ.

Дэргэдэх долоон мөр босоо дөрвөлжин бичгийн дурсгал он жилийн явцад үлэмж элэгдэж баларсан тул утга нь бүрэн тайлагдаагүй байна.Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн, малын тооллого байж болох олон цэгүүдийг дүрсэлжээ. Энэ зосон зураг бичээсийг урагшаа харсан тэгш ханан хаданд зурж бичжээ.

ДОРНОГОВЬ АЙМАГ

1.Хамрын хийдийн цогцолбор

Хамрын хийдийн цогцолбор зурган илэрцүүд

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна.Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

2.Цагаан дарь эх

Цагаан дарь эх дорноговь зурган илэрцүүд

Боржигин нутгийн зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дуган байсан газраас холгүй арын Цагаан дарь эх хэмээх хадны бурхан бий. ХIХ зууны эхэн 1820-иод оны үед бүтээгдсэн энэхүү бурханыг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон ур дүрийн гайхамшгийг цогцлоон сийлсэн нь одоо ч судлаачдын сонирхолыг татсаар байна.

Нутгийн иргэд олон жилийн турш буян заяагаа даатган мөргөн залбирч ирсэн дарь эх бурханыг анх Чойрын хийдэд хижиг өвчин гарч түүнийг дарахаар чойр дацангийн гол дуганы хаалгыг чиглүүлэн бүтээсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэдэг.

3.Сүйхэнт, Өлгий хийд

Холбоотой Зураг

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Өлгий хийд 1745 онд байгуулагдсан бөгөөд тухайн цаг үедээ 1000 гаруй ламтай байжээ.Тус хийд нь Өлгий уулын бэлд, уул руугаа түрж орсон байдалтай, баруун хойд талаараа Баян-Улаан хэмээх рашаан ус бүхий уулс, зүүн хойд талаараа Хорго хайрхан уул, урд талаараа Эргэлийн зоогоор хүрээлэгдсэн байдаг.Гол дуганыхаа ард даяан хийж бясалгадаг агуйтай. 1936 онд тус хийдийн 20 гаруй толгой ламыг баривчилж эхэлснээр улс төрийн эсэргүү нарын бүлгэм хэмээх хэрэг тулган 1792 тоот хавтаст хэрэг нээж ихэнх лам нарыг буудан хороожээ.

Эл төв нь Өлгий хийд буюу сөнөсөн хот юм. Монголын нутагт сөнөж мөхөж устсан олон арван хот суурингууд байдаг ч тэдгээрийг сөнөсөн хот гэж нэрлэдэггүй бөгөөд гагцхүү энэ хийдийг сөнөсөн хот гэж нэрлэдэг байна.Сөнөсөн хотын талаар хүмүүс их сонирхож асуудаг боловч энэ талаархи материал маш хомс байдаг.Энэ хийд нь 1745 онд байгуулагдаж 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан байдаг.Өлгий хийд нь ид хөгжилийнхөө үед 1000 гаруй ламтай, таван дацантай говийн томоохон хийдүүдийн нэг байжээ.

4.Цонжийн чулуу

Холбоотой Зураг

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой бий. Энэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй. Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно.Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг.Хүрмэн чулуу хайлмаг байх үедээ асар их даралтад орж, олон талт багана хэлбэртэй болдог гэж шинжлэх ухаан тайлбарладаг.

Цонжийн чулуу нь Монгол оронд буй байгалийн өвөрмөц сонин тогтоцтой газруудын нэг, байгалийн эхийн бүтээл юм.Монгол оронд ийм хэд хэдэн газар байдаг боловч Цонжийн чулуу шиг зөв зургаан талтай чулуу байхгүй юм.Ийм тогтоцтой чулуу дэлхийд ч элбэг биш.

5.Бүрдэнэ булаг, Мөнхийн ам

Холбоотой Зураг

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн манхан хэмээх 108 булагтай байгалийн маш үзэсгэлэнтэй газар бий. Харахад ус бүхий баянбүрд шиг ердийн элсэн манхан боловч элснийх нь ид шид гайхагдсаар иржээ. Бөөрний түүдгэнцэр, дэвшинцэрийн хурц архаг үрэвсэл зэргийг анагаах увидастай болох нь тогтоогджээ. Одоогоор нь манханы халуун элсэнд өвчтөний биеийг бүтэн булах маягаар эмчилгээ хийдэг жижиг сувиллын газар ажиллаж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд хүмүүст танигдаж байгаа бөгөөд аймгийн аялал жуулчлалын бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Бүрдэнэ булгийн үзэсгэлэнтэй өвөрмөц сонин тогтоцтой газарт 1995 оноос бөөрний сувилал нээж, эмгүйгээр бөөрний түүдгэнцэр болон дэвшинцэрийн хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэрэг өвчнийг халуун элс, ингэний буцалгаагаар эмчилж байгаа нь үр дүн сайтай байна. Энд зуны улиралд 6-8 –р сард 4-5 ээлж ажиллаж сувилуулагчдад үйлчилдэг.

6.Эргэлийн зоо

Эргэлийн зоо зурган илэрцүүдХатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм.

Улсын тусгай хамгаалалттай Эргэлийн зоогийн хил нь Сангийн овоо, Баянцав, Аман усны хяр, Аман ус, Төгрөг худаг, тэдгээрийн хоорондох тэмдэгт өндөрлөгүүдээр тогтоогдсон. Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй км, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилсэн байгалийн сонин тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар юм.

7.Нүдэнгийн хонхор


Дорноговь аймгийн ИТХ-ын 2011 оны 9/05 тогтоолоор Нүдэнгийн хонхорын 898,3 га газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан байна.

ДОРНОД АЙМАГ

1.Чингисийн хэрмэн цав

Холбоотой Зураг

Монгол улсын нутагт “Чингисийн далан”, “Чингисийн зам”, “Чингисийн хэрэм” нэртэй нэлээд хэдэн дурсгал байдгийн нэг нь Хэнтий аймгийн Баян – Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурайн давааг чиглэн, Нарийн хөндийд хүрч, Сайханы араас баруунтайгуур, хөндий даган Сайнцагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар Цагаан овоо, Сэргэлэн, Гурван-Загал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм.

Энэ хэрмийн урт нь 500-600 км.Хэрмийн зөв талд буюу урд талд нь харуул хайчны цагдаа цэрэг суудаг байсан бололтой 40×50 м жижиг дөрвөлжин шороон хэрэм олон бий. Жишээ нь: Сайханы хүндийн Талын толгойн өртөөний байсан газраас хойхно буй “Дөрвөлжин буудал”, “Улзын өндөр довын энгэрийн хэрэм”, Могойн адгийн хэрэм, өгөөмөрийн хэрэм, Дэлгэрэхийн тал, Баян булгийн хэрэм болно. Эдгээр хэрмийн хооронд өдрийн буюу үдийн газар байдаг гэж нутгийнхан хэлэлцдэг.Заримынх нь хоорондын зайг хэмжихэд 8-12 км байв.

Жижиг хэрмийн дотор хүн сууж байсны ул мөр, хог үлдэц юу ч илрээгүй.Харин заримаас ваар савны хагархай олддог.Ийм хэрэм Чингисийн Хэрмэн замын дагуу олон бий гэж нутгийнхан ярилцдаг.Тэр ч байтугай, хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин, үдийн газрын хэрэм нь гурвалжин гэлцдэг.

Ийм урт хэрэм, хэрмийн дагуу жижиг хэрэмтэй газар Монголын өмнөд хэсэгт бас бий.Тухайлбал Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн, Баяндалай, Ноён сумдын нутагт Чингисийн далан гэдэг ийм шороон урт хэрэм буй.Энэчилэнгээр энд тэнд байх Чингисийн хэрмэн замыг судлаачид эрт цагийн ямар нэгэн харь аймгийн хил мэт байсан боловуу хэмээн үздэг.

2.Хэрлэн Барс хотын туурь, цамхаг

Хэрлэн Барс хотын туурь, цамхаг зурган илэрцүүд

Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог.Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийм нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг.

Хэрлэн барс хот нь Монгол оронд байгаа Хятаны үеийн хотын туурь балгас юм.Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 12 км-т хэрлэн голын эрэгт оршино.

Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700м, урд хана нь 1530м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м, зузаан нь 3-3,5м байна.

Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна.Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ.Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ.

3.Буйр нуур

буйр нуур зурган илэрцүүд

Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм.Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг.Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ.

Буйр нуурын тэгш талархаг газар байдаг тул эргийн шугам маш жигд булан тохой цөөтэй.Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм.Харин илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгдөг.

Халх голын Буйр нуурт цутгахад үүсэх садрааны адаг орчим нь намгархаг, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувууд олноороо бөөгнөрөн цуглаж үүрлэн, өндөглөдөг үзэсгэлэнтэй газар юм.Нуурын ус гүйхэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2.2 градус хална.

4.Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

Холбоотой ЗурагЧулуунхороот сумын нутагт Хайлангийн хадны дурсгал гэж бий. Буган чулуу, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон дурсгалууд байдаг бөгөөд нэгэн цаг үед хамаарах өөр өөр чулуун дурсгалууд нэг дор бөөгнөрсөн байх нь ховор юм.Дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нилээд эртний шинжтэй, оюуны болон эд өлгийн соёлын талаар өргөн мэдээлэл өгч чадахуйц дурсгалууд ажээ. Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн иймэрхүү 500 гаруй дөрвөлжин булшинд малтлага хийгээд байгаа юм.



5.Их бурхант чулуун бурханы цогцолбор

Их бурхант чулуун бурханы цогцолбор зурган илэрцүүд

Халх гол сум Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших “Их бурхант” чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат- Очирын Тогтохтөрийн /То ван/ санаачлага удирдлагаар 1859- 1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ.

Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг. Гэвч To ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэж үзэх нь ч бий.

Их бурханыг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг.

Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы дүр эл шүтээнийг To ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруун 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ.

Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х.Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окпадников 1949 онд Халх голын сав нутгаар судалгааны ажлаар явахдаа “Их бурхант”-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл боловуу. Энэ нь X-XI зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ

6.Шонх таван толгойн хүн чулуун хөшөө

Шонх таван толгойн хүн чулуун хөшөө зурган илэрцүүд

Уг хүн чулуун хөшөөг XIII-XIV зууны язгуурлаг хүний оршуулгын зан үйлд зориулж үлдээсэн дурсгал хэмээн үздэг. Хүн чулуун хөшөөг судалсан эрдэмтэд уг дурсгалыг тайлбарлахдаа тэр үеийн хүмүүс оршуулсан хүнийхээ мөнхийн харуул болгож, сүнс, хойд насыг эрхэмлэдэг заншлын дагуу энэ дурсгалыг бүтээжээ гэдэг санал дэвшүүлсэн байдаг. Хүн чулуун хөшөө нь Түрэгийн хүн чулуун хөшөөдийг бодвол бодит дүрслэл сайтай урлагдсан байхаас гадна хүнийг түшлэгтэй сандал дээр суулгасан байдлаар дүрсэлсэн байна.

Шонх таван толгойн хүн хөшөөнд хүнийг баруун гартаа аяга, сав барьж энгэртээ аван зүүн гараараа сандлын түшлэгийг тохойлдсон, өвдөг дээрээ тавьсан байдлаар дүрсэлсэн байна. Хөшөөнд дүрсэлсэн дээлийг ихэвчлэн зөв энгэртэй байдлаар дүрсэлсэн нэлээд хэлхгэр том гэсэн санаа оруулан дүрсэлсэн нь Түрэгийн хүн чулуун хөшөөнд дүрсэлсэн хувцаснаас ялгаатай.

Хүн чулуун хөшөөний өөр нэгэн онцлог бол маш уран нарийн аргаар жижиг дүрслэлүүдийг гаргасанд оршино.

Шонх таван толгойд хоёр хүн чулуу байсны нэгийг нь нийслэлийг Үндэсний түүхийн музейд авчиран хадгалжээ. Анх байсан газар нь Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс өмнө 7 км зайд орших Шонх таван толгой. Цагаан өнгийн гантиг чулуугаар уран чадварлаг цоолборлон урласан уг хөшөө нь бүрэн бүтэн үлдсэнээрээ бусад хүн чулуунаас онцлог юм.

7.Хамар даваа дээрх ялалтын хөшөө

Хамар даваа дээрх ялалтын хөшөө зурган илэрцүүд

Халх гол сум Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэхүү хөшөөг босгожээ. Энэ сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал юм.

8.Халх гол

халх гол зурган илэрцүүд

Халх гол буюу Халхын гол нь Евразийн зүүн хойд хэсгээр урсах гол бөгөөд Монгол улсын зүүн хэсэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы зүүн хойд хэсгээр урсана. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас нь харахад хана хэрэм мэт халхалж харагддагаас ийм нэртэй болжээ.

Урт нь 233 км ба усаа цуглуулах талбай нь 17,000 км². Их хянганы нурууны далайн түвшнээс дээш 1443 метр өндөрт өргөгдсөн газраас эх авч, Хөлөнбуйр хотын нутгаар урсаад Монгол улсад орж, Дорнод аймгийн Халх голын нутгаар урсч байгаад хоёр орны хилийн шугамыг тодорхойлон тахиралдан урссаар Буйр нуурт цутгана. Халх голд Хайлаастын гол цутгадаг.

Төгсгөл хэсэг нь хоёр салаалдаг бөгөөд нэг нь Буйр нуурын баруун хойд хэсэгт цутган, яг хойд талаас нь Орчун гол урсан гарч Далай нуурт цутгана. Харин нөгөө нь Шарилжийн гол гэгдэх бөгөөд Буйр нуурт цутгалгүй шууд Орчун голд нийлдэг байна.

9.Вангийн цагаан уул

Вангийн цагаан уул зурган илэрцүүд

Халх гол сумын нутагт улсын хилийн наахна оршдог.Далайн төвшнөөс дээш 1099 метр өндөрт орших эртний тахилгат уул.Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг.Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ. Уулын тахилгыг 1937 онд хааж 1990 онд буцааж сэргээсэн бөгөөд өдгөө 3 жил тутамд нэг тахидагбайна.

Г. МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ спорт

Хоёрдугар сарын шилдэг тамирчинд өрсөлдөх тамирчдын нэрс тодорчээ

ЗурагЭнэ оны хоёрдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт долоон тамирчныг “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтанд нэр дэвшүүлж байна.

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тухайн сард болсон уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Францын Парис хотноо болсон жүдо бөхийн “Парисын Их дуулга” тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар нар анх удаа сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд өрсөлдөхөөр болов.

Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн боксын шигшээ багийн тамирчид болох Х.Энх-Амар, Б.Мишээлт, О.Жаргалан нарыг нэр дэвшүүлсэн байна. Мөн ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта хотноо болох Азийн XVIII наадмын өмнөх сорилго тэмцээнд түрүүлсэн таэквондогийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин энэ сарын шалгаруулалтад багтав. “Сарын шилдэг тамирчин”-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалт энэ сарын 16-ыг хүртэл үргэлжилнэ. “Сарын шилдэг тамирчин”тодруулах журам: Сар бүрийн эхний хагаст тодрох сарын шилдэг тамирчинг тодруулахдаа дараах зарчмыг баримтална.

1. Спортын сэтгүүлчдийн санал – 50 хувь /Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран/

2. Онлайн санал асуулга – 50 хувь /цахим сайтууд, бусад онлайн хэрэгслүүдээр/ Энэ сарын шалгаруулалт 3дугаар сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг тамирчны шагналыг дараагийн долоо хоногт нь гардуулна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

WeChat тэрбум давсан хэрэглэгчтэй гурав дахь платформ боллоо

wechat зурган илэрцүүдХятадын “WeChat” нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо тэрбумд хүрсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 2017 оны сүүлийн улирлын тайланг танилцуулахдаа тус компани 980 сая хэрэглэгчтэй болсныг мэдэгдэж байсан аж.

Сар шинийн баяраар улаан дугтуйтай мөнгө бэлгэнд солилцдог уламжлалтай Хятадад өнгөрсөн сард 688 сая WeChat хэрэглэгч дижитал дугтуй солилцсон нь хэрэглэгчийн тоог өсгөхөд нөлөөлсөн байна.

Хятад хэлээр Вэйшин гэдэг WeChat бол зөвхөн мессэнжэр биш, сошиал сүлжээ, мобайл төлбөр, такси дуудлага, хоол хүргэлт зэрэг олон үйлчилгээг нэг дор багтаасан платформ юм.

Өнөөдөр дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй сошиал сүлжээ нь 2.13 тэрбум хэрэглэгчтэй Фэйсбүүк болж байна. Тус компанийн эзэмшдэг WhatsApp мессэнжэр аппликэшнийг 1.5 тэрбум хүн хэрэглэдэг гэдэг. Эдгээрийн араас тэрбумын босгыг давсан хэрэглэгчтэй гурав дахь платформ нь WeChat болж байна.

Categories
мэдээ спорт

Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний эхний өдөр манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцэээн ОХУ-ын Улаан-Үд хотод болж байна. Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд түрүүлэв. Тэрбээр Улаан-Үдэд нийт таван барилдаан хийсэн бөгөөд тэгшитгэлд спортын мастер Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд ОХУ-ын АШТ-ий хошой хүрэл медальт Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялсан юм.
74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Пүрэвжавын Өнөрбат, 97 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул нар мөнгө, 65 кг-д ОУХМ Батчулууны Батмагнай, 86 кг-д Оргодолын Үйтүмэн нар хүрэл медаль хүртлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
57 кг (24 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Хуреш-Оол Дондук-Оол (ОХУ, Тува) 3. Алексей Мантатов (ОХУ, Буриад), Арыйаан Тютрин (ОХУ, Якут)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр мэргэжлийн сумогийн харү башё эхэлнэ

Зураг

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн маргааш (2018.03.11) Осака хотод эхэлнэ. Осака хотод болох хаврын башё гуравдугаар сарын 11-25-ны өдрүүдэд болно. Бөхчүүд Осака хотод очиж бэлтгэлээ базааж байна. Энэ башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжихөөр болсон. Их аварга Хакүхо анх удаагаа хоёр башё дараалан өнжиж байна. Ёкозүна Кисэносато мөн энэ сарын тэмцээнд бэртлийн улмаас барилдахгүй болсон гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато аварга болсноосоо хойш зургаан башё дараалан өнжлөө. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын башёд түрүүлж, ёкозүна цолд хүрснээс хойш өнөөг хүртэл нэг л башёд бүтэн барилдсан юм. Ийнхүү хоёр аварга башёд барилдахгүй болсон ч ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Гоэйдо, Такаясү нарын өндөр цолтой бөхчүүд барилдана. Манай бөхчүүдээс дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нар барилдах юм.

Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд 10 даваа авсан Ичиножёо А.Ичинноров комүсүби цолтой барилдаж байгаа бол тавин хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира 1-с барилдана. Жюүрёод Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Таканоива А.Баасандорж, Кёкүшихо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Сэро А.Өнөболд, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд, Таканова А.Баасандорж нар барилдана. Таканоива А.Баасандорж өнгөрсөн пүрэв гаригт /2018.03.01/ Киотод болсон нэгдсэн бэлтгэлд оролцжээ. Гэвч түүнийг маргаашийн башёд барилдуулах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна.