Categories
мэдээ нийгэм

Хаврын анхны бороо орлоо


Хаврын анхны бороо орлоо зурган илэрцүүд

Энэ хаврын анхны бороо Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгаар орсон талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, гуравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баян-өлгий аймгийн Дөчинжил, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Мөрөн, Ренчинлхүмбэ, Шинэ-идэр сумдын нутгаар 0.0-2.0 мм бороо орсон байна.

Гуравдугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 14-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Шүлхий: Халдвар тархах эрсдлээс сэргийлцгээе!

Categories
мэдээ нийгэм

Хүн амын шим тэжээлийн дутагдлыг бууруулахад Баяжуулсан хүнсний хууль чухал болохыг онцлов

УИХ-ын БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа нар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг сүүний үйлдвэрүүдтэй өнөөдөр (2018.03.12) танилцлаа.

УИХ-ын гишүүд эхлээд нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “АПУ дейри” ХХК-ийн сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Үйлдвэрийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг танилцуулахдаа, 2014 онд ашиглалтад орсон манай үйлдвэр жилд 45 сая литр бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай. Хэдийгээр жилээс жилд шингэн сүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч Д аминдэмийн дутагдал орон даяар, ялангуяа нийслэлд их байна. Тиймээс олон улсын стандарт, технологийн дагуу бүтээгдэхүүнээ Д аминдэмээр баяжуулан үйлдвэрлэж байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн А.Ундраа “Саяхан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн төлөө сан хамтран Хүнс тэжээлийн тавдугаар судалгааны дүнг гаргасан. Манай нийт хүн амын дунд А, Д аминдэм, төмөр, фолийн хүчил зэрэг заавал байх ёстой шим тэжээлийн дутагдал дунджаар 95 хувьтай байгаа нь дахин батлагдлаа. Энэ нь ялангуяа, өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, жирэмслэх насны эмэгтэйчүүдэд хүндээр тусаж, зарим өвчний суурь нөхцөл болж байна. Тийм учраас хамгийн өргөн хэрэглэгддэг хүнс тэжээлийг тухайлбал, гурил, сүү, талх зэрэг бүтээгдэхүүнийг баяжуулах зайлшгүй шаардлага байна” гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүд хүүхдийн сүүний үйлдвэр нэртэйгээр 1991 онд байгуулагдсан “Монсүү” ХХК-ийнүйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийн захирал Ч.Хадбаатар манай үйлдвэр зөвхөн малын гаралтай шингэн сүүгээр үйлдвэрлэлээ явуулж, байгалийн болон химийн гаралтай тогтворжуулагч бодис хольдоггүй, хуурай сүү хэрэглэдэггүй гээд, түүхий эдийн татан авалт буюу тээвэрлэлт, нөөцийн асуудал манай салбарын үйлдвэрлэгчдийн нийтлэг бэрхшээл болоод байна. Хэдийгээр 60 гаруй сая малтай боловч энэ нөөцийнхөө маш бага хувийг хот тойрсон бүс нутгаасаа хангаад үлдсэн хэсгийг нь ашиглаж чадахгүй байгааг онцлов.

БОХХАБХ-ны дарга Л.Элдэв-Очир Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад хоёр жил болж байгааг тэмдэглээд, баяжуулсан хүнсийг хуульчилж баталгаажуулснаар хүн амын эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. Монгол хүн эрүүл орчинд амьдарч, эрүүл хүнс хэрэглэх ёстой. Ард иргэдийн маань амжиргаа сайнгүй, олдсон хүнс тэжээлээ л хэрэглээд явж байгаа ийм үед төр иргэддээ анхаарал хандуулж, энэ хуулийг нэн даруй батлах ёстой. Гэхдээ зөвхөн бүтээгдэхүүн баяжуулах үйлдвэрлэлийн асуудлыг биш тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, тээвэр ложистик, үйлдвэрлэгчдэд тавигдах чанар, стандарт, хүндрэл бэрхшээл зэргийг урьдчилж харж байж, эрх зүйн орчныг нь оновчтой бүрдүүлэх ёстой гэлээ.

Анх шим тэжээлийн дутагдлаас үүдэн түүнийг нөхөх зорилгоор АНУ, Канадад хүнсийг баяжуулж эхэлсэн байдаг. Түүнээс хойш бамбай өвчнөөс сэргийлж давсыг иодоор, ракит, сульдаа өвчнөөс сэргийлж сүүг Д аминдэмээр, түүнчлэн гурил, талх, ургамлын тос зэргийг баяжуулж хэрэглэх замаар хүн амынхаа шим тэжээлийн дутагдлыг нөхөх, өвчлөлөөс сэргийлэх зохицуулалт олон оронд бий болжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхлоо Турк Улс илэрхийлж байна

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Истанбул хотод зочилж, тус улсын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад Туркийн талаас ЭКСИМ банкны Дэд захирал Корай Эрдэн, олон улсын төслийн зээл хариуцсан захирал Сюзан Уста, олон улсын худалдаа, санхүүгийн асуудал хариуцсан захирал Үмүт Топал нар оролцож, банкны үйл ажиллагаа, Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар танилцуулга хийлээ.

Туркийн төрийн мэдлийн ЭКСИМ банк нь гадаадын улс орон, дотоодын бизнес эрхлэгчдэд төслийн зээл болон зээлийн эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг томоохон банк юм. 2017 онд гэхэд 40 тэрбум ам.долларын зээл олгожээ.

Тус банкны онцлог нь Туркийн хөрөнгө оруулагчид гадаад улс оронд төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж зээл олгодог бөгөөд тухайн улсын Засгийн газрынх нь болон банкуудын баталгааг шаарддаг, хүүгийн хувьд нэлээд өндөр буюу 7 орчим хувьтай байдаг ажээ. Монголын ХААН, Голомт, Хөгжлийн банкинд зээлийн шугам нээж, хамтран ажиллаж байгаа аж.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзах үеэрээ Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг ярилцан, тохиролцсон. ЭКСИМ банкнаас 300 сая ам.долларын зээл авах асуудал олон жил яригдлаа. Зээлийн шугам нээгдсэн боловч бүрэн тохиролцоонд хүрч чадалгүй өдий хүргэснийг нэг мөр шийдэж, дээр дурдсан болон бусад төслүүдийг хэрэгжүүлэх нь ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд та бидний барих бэлэг болно. Зээлийн хүү өндөр, баталгаа шаарддаг гэсэн хоёр асуудал бий. Ах дүү улсын хувьд асуудлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр шийднэ гэдэгт итгэж байна. Дөрөвдүгээр сард Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымийг Монголд айлчлуулах асуудлыг ярьж байгаа. Мөн удахгүй Монгол-Туркийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатарт болно. Эдгээр арга хэмжээний үеэр асуудлыг эцэслэн шийдэх нь чухал хэмээн онцоллоо.

ЭКСИМ банкны дэд захирал Корай Эрдэн “Бид зөвхөн Монгол Улсад зориулсан тусгай гарц олохыг хичээж байна. Монголын талын санал санаачилгыг хүлээж авахад бэлэн. Тухайлбал, зээлийн төлбөрийг бүтээгдэхүүнээр хийж болно. Зээлийн хэмжээг 350 сая ам.долларт хүргэх боломжтой гэж бид шийдсэн” гэв.

Эдгээр шийдэл өмнөх өдөр нь М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын ганцаарчилсан уулзалтын үеэр ярьж тохирсон зүйлүүд юм. Монгол орон, монголчуудыг элгэн саднаа гэж тооцдог туркчуудийн хүндлэл, М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын хувь хүмүүсийн нөхөрлөл, дотночлол энэ нааштай алхамд нөлөө үзүүлсэн байна.

Мөн өдөр УИХ-ын дарга М.Энхболд Туркийн Гадаадтай эдийн засгаар харилцах зөвлөл (DIEK)-ийн удирдлагуудтай уулзалт хийв. Энэхүү уулзалтыг өндөр түвшинд, тусгайлан бэлтгэж хийх талаар Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан үүрэг өгсөн гэж Зөвлөлийн тэргүүн Нэйл Олпак, Зөвлөл дэх Турк-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Чэнгиз Гул нар онцоллоо.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг хамтын ажиллагааны улс орон хариуцсан хороо 144 байдаг аж. Уулзалтад Туркийн нэр хүнд, туршлага, чадавхиараа Туркт төдийгүй дэлхийд үнэлэгддэг томоохон аж ахуйн нэгжийн 20 шахам удирдлага ирсэн байв. Тэдгээр нь уул уурхай, өнгөт болон хар төмөрлөг, мах, махан бүтээгдэхүүн, газар тариалан, ноос ноолуур, нэхмэл сүлжмэл, авто зам, тээвэр, хот байгуулалт, орон сууц, эрчим хүч, төмөр зам, зочид буудал, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.

Тэд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээний талаар танилцуулж, Монголтой хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Туркийн бизнес эрхлэгчдийн хооронд амьд хэлхээ холбоо тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх сайхан эхлэл тавигдаж байна хэмээн онцлоод, “Энд яригдсан асуудлууд, тодорхой саналуудыг ажил хэрэг болгоход бид онцгой анхаарна. Монгол Улс Европын холбоотой “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан. 7200 нэрийн бүтээгдэхүүнийг Европын холбооны 28 оронд татваргүй гаргах боломжтой. Орос, Хятад хэмээх дэлхийн хоёр том зах зээлтэй хаяа дэрлэн оршдог. Ази-Европыг холбох хамгийн дөт замын зангилаан дээр байрлалтай. Ази, Номхон далайн бүс нутагтаа хамгийн бага татвартай улс бол манайх. Энэ мэт давуу талууд бизнест сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Та бүхнийг Монголд урьж байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уг уулзалтыг Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар (Консул Э.Мөнх-Очир) зохион байгуулсан юм.

Иргэд УИХ-ын даргын айлчлалын үеэр иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн чухал гэрээ байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Тэд гадаадад ажиллах хүч гаргах бодлогод өөрчлөлт оруулах, турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг болгох, гадаадад байгаа иргэдийнхээ соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарал хандуулах, орон сууцны ипотекийн зээлд хамруулах, албан ёсоор оршин суух зөвшөөрөл авах нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг саналыг хэлж байлаа.

Иргэдийн асуултад УИХ-ын дарга М.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас ‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Ч.Цог болон үе, үеийн ахмад офицерууд, албаны бусад хүмүүс оролцлоо.

‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээ жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаад 10 жил болж байна. Тэгвэл өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болсон энэхүү арга хэмжээнд Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн хугацаат цэргийн байлдагч нар, Батлан Хамгаалахын Их сургуулийн сонсогчид, Их засаг их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутанууд, мөн тэтгэвэр чөлөөнд байгаа 2000 гаруй бэлтгэл генерал, офицерууд оролцов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн үйлчилгээг сайжруулахын тулд технологийн дэвшлийг ашиглах ёстой

Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын дарга О.Чинзориг “VTV” телевизийн Өдрийн хөтөлбөрт оролцож нийслэлд мэдээллийн технологийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаар ярилцлаа.

Мэдээллийн технологийг оновчтой ашиглах замаар засаглалыг илүү сайжруулан, нийслэлийн төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд ил тод, хүртээмжтэй болгох, шат дамжлагыг багасгах зорилгоор тус газрын зүгээс олон ажлыг шат дараатайгаар хийсээр байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард 12 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна

Ирэх сард 12 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна зурган илэрцүүд

Хаврын улиралд махны хомсдол үүсч, махны үнэ хөөрөгддөг. ХХААХҮЯ-наас махны борлуулалтыг тогтвортой байлгах үүднээс нөөцийн мах бэлтгэн, дөрөвдүгээр сараас худалдаанд гаргахаар зэхэж байна. Мах бэлтгэхэд зориулан баталсан төсвийн хүрээнд арилжааны дөрвөн банктай гэрээ байгуулан, 10 ААН-ээс 12.6 мянган тонн мах бэлтгэжээ. Нөөцийн мах бэлтгэл мал тарга тэвээрэг сайтай байх үед хийгдэж, стандартын дагуу махаа бэлтгэж иргэдэд хүргэх юм байна.

Өнгөрсөн жилийн хавар нөөцийн мах бэлтгэх ажил зохион байгуулж, 15 мянган тонн нөөцийн мах бэлдсэн. Тухайн үед үхрийн мах 10 мянган төгрөг хүрээд байсан бол нөөцийн махыг худалдаанд гаргаснаар үнийг 30 орчим хувиар бууруулжээ. Энэ жилийн хувьд, ААН-үүдтэй байгуулсан гэрээний хүрээнд үхрийн махыг 5600 төгрөг, хонины махыг 5400 төгрөг, ямааны махыг 4400 төгрөгөөр борлуулах юм байна.

Categories
мэдээ спорт

Саяаны нурууны ноён оргилд Ч.Мөнгөндалай гарчээ

ЗурагХүсэл тэмүүллийнхээ төлөө тууштай тэмцэгч Ч.Мөнгөндалай энэ удаа соло аялал буюу ганцаараа аялах төрлийг сонгож Хөвсгөл нууран дээгүүр чаргатай аялж, далайн түвшнээс дээш 3491 м өндөрт орших Саяаны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уулын оргилд гарсан адал явдалт аяллыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Монгол орны баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар туулж, өөрийн зорилгодоо хүрч чадсан Ч.Мөнгөндалайг монголчууд мэддэг, бас бахархдаг. Тэр дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд энэ хүсэл зорилгоо биелүүлж байсан билээ. Мөнгөндалай сонсголын бэрхшээлээ үл ажран Саяаны нурууны ноён оргил Мөнх сарьдаг ууланд ийнхүү амжилттай авирч чаджээ.
Тэр аяллынхаа бичлэгийг хийж өөрийгөө ялан дийлж, оргилд гарсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Дашрамд дуулгахад, Ч.Мөнгөндалай Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын уугуул бөгөөд багаасаа бүтэн өнчин хоцорчээ. Түүний сонсголын бэрхшээл төрөлхийн биш бөгөөд бага байхад эмийн харшлаас үүдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт хоёр сартай 150 хүүхэд хатгалгааны эсрэг вакцинд хамрагдана

Энэ сарын 1-нээс эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Энэ ажил газар дээрээ хэрхэн явагдаж байгаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар танилцахаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасагт ажиллалаа. Тус дүүргийн хувьд өдөрт 20-25 хүүхэдэд вакцин хийдэг. Нийтдээ 150 хүүхэд хамрагдах ёстойгоос 94 хувийн хамрагдалтай байна.

Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ. Одоогийн байдлаар вакцинжуулалт 40 хувьтай үргэлжилж байна. Энэ үер Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ энэ онд 38 мянган хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35 мянган хүн/тунг хүлээж авсан бөгөөд үлдсэн 75 мянган хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авна. Вакцины зах зээлийн үнэ нэг хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна гэлээ.

Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно. Эцэг эхчүүд хүүхдээ өрхийн эмнэлэг дээрээ товлолын дагуу вакцинд хамруулах боломжтой.

Categories
мэдээ соёл-урлаг

М.Алтанхундага: Би гарынхаа сүүлчийн мэдрэлийн судас тасартал, зурсаар л байх болно

Монголын Уран Зургийн Галерейд “Монгол Тулгатны – 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн “Хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ. Тус хөрөг зургуудыг уран бүтээлч Мягмаржавын Алтанхундага зуржээ.

Зураачийн хувьд бага насандаа өрөөсөн гараа гэмтээсэн. Энэ нь 10 настай үед нь үрэвсэж хүндэрч саажилт болон хатингаршилт хамран арван жилдээ бараг үзгээ барьж чадахгүйд хүргэж байжээ. Гэвч үүнээс ч илүү гай зовлон өвчин шаналал бий. Үүнийг тэвчиж хүний хийдгийг хийж чадах ёстой хэмээн хатуу зорилго өмнөө тавиад зурж эхэлсэн байна. Тэр цаг үеэс өдийг хүртэл гараасаа харандаа салгалгүй зурж иржээ. Эрдэнэт хотдоо хүүхдийн байгууллага ажиллуулж хүүхдүүдэд зааж зөвлөсөөр өдий хүрчээ. Энэ хугацаанд 3000 гаруй шавьтай болжээ. Хөрөг зургийн үзэсгэлэн гаргахаар шийджээ. Ингээд зургаан жил “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн зочдын хөргүүдийг зурж дуусгасан байна.

Зураач М.Алтанхундага нээлтийн үеэр : “Хүмүүст нэг зүйлийг хэлэх дуртай байдаг. Би зураач болох гэж зурж сураагүй юм. Гараа л урт удаан ажиллагаатай байлгаж, эрүүл байхын тулд л зурж сурсан. Ингэж хэлэхээр хүмүүс гайхдаг. Арван дөрөвхөн насандаа чи гаргүй болно гэсэн мэдээг анх сонсож нэг удаа шантарсан. Гэвч тэр хугацаанаас хойш нэг ч удаа шантарч, ухарч үзээгүй учраас өдий зэрэгтэй явж байгаа юм. Гарынхаа сүүлчийн мэдрэлийн судас тасартал, зурсаар л байх болно” гэв.


М.Алтанхундагын ээж Л.Тунгалаг:

“Өнөөдөр хүүгийн минь уран бүтээлийн анхны үзэсгэлэн гарч байна. Хүн бүхэнд хүүхэд нь үнэ цэнэтэй байдаг. Миний хувьд ч гэсэн үр минь наддаа дээдийн дээд үнэ цэнэтэй. Мөн хүүгээрээ их бахархдаг. Хүү маань нийгмийн идэвх сайтай, хариуцлагатай, хийсэн зүйлсдээ чин сэтгэлээсээ ханддаг. Зургуудаа өөрийн эрүүл мэндийн төлөө зурсан гэж ярьдаг. Хүү маань удахгүй ээжийгээ баярлуулна гэж ярьдаг байсан. Өнөөдөр тэр сайхан үйл явдал нь болж байгаад баяртай байна. Цаашдаа олон сайхан зүйлс хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Г.МӨНХЦАЦРАЛ