Categories
мэдээ улс-төр

АЗЕРБАЙЖАН УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ 3 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтой Баку хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий Азербайжан улстай Монгол Улс хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлов. Тухайлбал, Азербайжаны их, дээд сургуулиудад Монголын оюутнууд суралцаж байсан уламжлалыг сэргээж, Азербайжаны Засгийн газрын тэтгэлгээр тус улсад Монголын оюутнуудыг суралцуулах, жудо, чөлөөт бөх, бокс, уран сайхны гимнастикийн холбоодын хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой талаар тэмдэглэв.

Түүнчлэн Улаанбаатар хотноо байгуулагдаж буй Далайд гарцгүй Хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрт Азербайжан улсыг нэгдэхийг уриалж, ирэх 6 дугаар сард Улаанбаатар хотноо болох тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох завшаанд Монгол Улсад айлчлах урилгыг Азербайжаны Гадаад хэргийн сайдад уламжлав.

Азербайжаны Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяров Азербайжан, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаарх хоёр улсын Засгийн газар болон бусад байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын дараа Монгол, Азербайжаны Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД БНЭУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2018 оны 3 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ. Батлан хамгаалахын сайдыг дагалдан БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г. Сайханбаяр, ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар ажиллав.

Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр эзэлдэг.
Хоёр орны Батлан хамгаалах яамд харилцан айлчлал хийх, мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хамтран ажиллах, энхийг дэмжих болон терроризмтэй тэмцэх хамтарсан сургууль, дадлага зохион байгуулах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна. Албан ёсны уулзалт, ярилцлагууд эхлэхийн өмнө буюу гуравдугаар сарын 08-ны өдөр БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотын төвийн \”Энэтхэгийн хаалга\”-ны дэлхийн I дайнд амь үрэгдсэн 130 гаруй мянган цэргийн алба хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөв.
Уг арга хэмжээний дараа айлчлалын бүрэлдэхүүн тус улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирсэн ба Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг БНЭУ-ын Төрийн хүндэт харуул жагсан, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ угтан авлаа. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал, БНЭУ-ын Армийн Штабын дарга, генерал Бипин Рават нартай албан ёсны уулзалт зохион байгуулж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан тохиролцлоо. Түүнчлэн саяхан байгуулагдаад байгаа БНЭУ-ын парламент дэх Монгол Улс, БНЭУ-ын парламентийн найрамдлын бүлгийн зарим гишүүнтэй уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах боломжийн тухай санал солилцсон.
Мөн Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ тэргүүнтэй Батлан хамгаалах яам, тус улсын Армийн командлалын холбогдох бүрэлдэхүүнтэй хоёр орны батлан хамгаалах харилцааны талаар харилцан санал солилцож, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд тэр дундаа тусгай хүчний ангиудын хамтарсан сургууль дадлага жил бүр явагддаг. Айлчлалын хүрээнд ч Агра хот дахь БНЭУ-ын Зэвсэгт хүчний Шүхэр десантын 50 дугаар бригад, тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежид айлчилж үйл ажиллагаатай танилцсан. Тус бригад нь 75 жилийн түүхтэй ажээ.
Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр \”Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Монголын Улсын Батлан хамгаалах яаманд кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг\”-т талууд гарын үсэг зурсан нь 2001 оноос эхтэй Монгол Улс, БНЭУ-ын батлан хамгаалах салбарын харилцааг дээшлүүлэхэд чухал алхам болсон юм. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг ханган нягт хамтран ажиллаж энэхүү сургалтын төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэхэд хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.
Бас нэг онцлох чиглэл нь сургалтын тухай байв. Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар БНЭУ-ын батлан хамгаалах коллеж, сургууль, сургалт дамжаануудад суралцаж цэргийн хэргийн мэдлэг, боловсролоо дээшлүүлж ирсэн уламжлалтай. Цаашид цэргийн алба хаагчдыг үргэлжүүлэн сургах, сургалтын нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалласан сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах асуудал айлчлалын үеэр яригдсан чухал асуудлын нэг байв. БНЭУ-ын Зэвсэгт хүчний сургалт, дамжаанд суралцсан цэргийн алба хаагчид дараагийн шатны сургалтад хамрагдах боломжгүй байдаг. Учир нь Энэтхэгийн тал нэг алба хаагч нэг удаа тус улсын сургалтад хамрагддаг ба сургалтыг өргөн хүрээнд олон хүнийг хамруулж, олон хүн сургах бодлого баримталдаг байна. Гэхдээ Энэтхэг улсын Батлан хамгаалах салбарын удирдлагууд Монгол Улсын Зэвсэгт хүчний шат дараалласан сургалтаар бүрэлдэхүүнийг сургаж, дадлагажуулах нь илүү ач холбогдол, үр дүнтэй байдаг сургалтын онцлог, бодлогыг харгалзан үзэж баримталж буй бодлогодоо өөрчлөлт оруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрийлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах сургууль, БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалах коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх, цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцов.
Монгол Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг \”Khaan Quest\” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцдог ба БНЭУ-ын зүгээс тус сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд цаашдын оролцоогоо хадгалах, өсөн нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал харилцан тохиролцлоо. Хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хамгийн чухал, үр дүнтэй арга хэмжээнүүдийн нэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг \”Нүүдэлчин заан\” тусгай хүчний хамтарсан сургууль юм. 2004 оноос уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү хоёр талын хамтарсан сургууль нь харилцан туршлага судлах, харилцан бие биеэс суралцах байгаль, цаг агаарын өөр өөр нөхцөлд үүрэг гүйцэтгэх арга ажиллагаанд бие бүрэлдэхүүнийг сургахад чухал ач холбогдолтой. Айлчлалын талаар

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД:
-БНЭУ-ын тал манай айлчлалын бүрэлдэхүүнийг маш дотноор хүлээн авч, бидний зүгээс тавьсан санал, асуудал бүрийг хамтран шийдэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тийм болохоор айлчлалын үр дүнд маш сэтгэл хангалуун байна. Цаашдаа олон талаар хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ.

БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.САЙХАНБАЯР:
-Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ахиц гарсан айлчлал боллоо. Ялангуяа манай улсын цэргийн алба хаагчдыг БНЭУ-д кибер аюулгүй байдал, англи хэл болон бусад сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах зэрэг чиглэлээр тодорхой тохиролцоонд хүрснийг онцлох нь зүйтэй. Мөн хоёр улсын цэргийн эмнэлгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, эмч нарыг харилцан туршлага солилцуулах, нарийн мэргэжлийн мэс ажилбаруудыг хамтран хийж байхаар боллоо.

Зэвсэгт хүчний 084 дүгээр анийн захирагч, хурандаа Б.ХАШ-ЭРДЭНЭ:
-Хоёр улсын тусгай хүчний хамтарсан \”Нүүдэлчин заан\” хээрийн сургууль 2004 оноос жил бүр уламжлал болгон явагдаж ирсэн түүхтэй. Энэ удаагийн айлчлалаар манай улсын тусгай хүчний ангид техник хэрэгслийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах зэрэг олон талын тохиролцоонд хүрсэнд баяртай байна гэж сэтгэгдлээ товч илэрхийсэн юм.
Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлал Катар улсад үргэлжилж байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

13 настай охин алга болжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охины сураг гараагүй байгаа энэ үед 13 настай охин алга талаар мэдээлэл цацагдаад байна. Охин өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр хичээлдээ явах гэж гараад одоо болтол гэртээ эргэж ирээгүй байна. Гэрээс гарахдаа хар богино куртка, урт түрийтэй лакан гуталтай цагаан ноосон цамцтай, хар цүнхтэй гарсан аж. Түүний сууж явсан таксины зургийг хяналтын камерт бичигдэж үлдсэн боловч одоог болтол олоогүй байгаа аж. Тиймд дээрхи такси болон охиныг харсан хүн байвал 96666886, 96657887, 96667887, 98164499, 96646864 утсаар холбоо барьж, мэдээлэл өгнө үү. Энэ хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

​ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн гурван өвийн батламжийг гардууллаа

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-гийн Байгалийн болон Соёлын өвд бүртгүүлсэн Монголын гурван өвийн батламжийг БСШУСЯ, БОЖЯ-нд гардууллаа.

Өнгөрсөн онд Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын Ландшафт”, Соёлын биет бус өвийн жагсаалтад “Уул овоо тахих Монгол зан үйл”-ыг бүртгүүлсэн бол “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад оруулсан юм.

Батламжийг өнөөдөр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нарт гардууллаа. Мөн батламжийн хувийг Үндэсний төв архивын газар, Монголын үндэсний музей, Төрийн түүхийн музей, Үндэсний номын санд хадгалуулав. Энэ үеэр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар, “ЮНЕСКО нь дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улс ч өөрийн түүх соёл, өв уламжлал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаа хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ чиглэлд идэвхтэй ажиллах болно. Бид бүхий ажилд гүн дэмжлэг үзүүлдэг судлаачид, эрдэмтэн мэргэдэд талархал илэрхийлж байна” гэлээ.

Монгол Улс, ОХУ хамтран өнгөрсөн оны долдугаар сарын 07-нд “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн. ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын нутагт байрлаж буй юм. “Дагуурын ландшафт” нь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газартай бөгөөд цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу зэрэг 236 зүйлийн шувуу, хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн амьтан, 236 зүйлийн дээд ургамал багтсан иж бүрэн экосистем юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 06-нд болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэхүү өвийг бүртгүүлэхийн тулд манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүд 7 жил судалгаа явуулсан бөгөөд Монгол Улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх соёлын биет бус өв болсон юм. Уул, овоо тахих нь нэг талаас байгалийн онгон дагшин байдал, нөгөө талаас ард түмэн дунд урт хугацаанд хадгалагдаж ирсэн ёс заншил, зан үйл зэргийг агуулж байдаг. Иймээс”Уул овоо тахих Монгол зан үйл” нь байгаль болон соёлын хосолмол өв юм.

1924 онд “Монгол шунхан Данжуур”-ын 226 ботийг Монгол улсын нийслэлд залсны дурсгалд зориулан Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүний захиалгаар тус хүрээлэнгийн ажилтан Н.Дэндэв “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г урласан байна. Энэхүү бүтээлийг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтат оруулсан юм. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүн “Монгол шунхан Данжуур”-ыг Монголд үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг Наянт вантай байгуулсан байна. “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-нд дээрх гэрээг сийлэн үлдээсэн бөгөөд хөшөөний оройн хэсгийн хээ угалзыг 13 см хүртэл гүн ухаж, сууринд нь бадамлянхуа цэцэг дүрсэлжээ. Хөшөөний суурийн урт 71 см, өргөн 38 см бөгөөд өндөр нь 248 см юм. Хөшөөний зүүн дээд хэсэгт Сэцэн чин ван Наянт гүний тамга, баруун дээд талд Ардын гэгээрүүлэх яамны тамгыг сийлж, ар талын доод хэсэгт “Дэндэв урлав. 1929 он” хэмээн сийлсэн байдаг аж. Дэлхий нийтэд ном зохиолд зориулсан энэ төрлийнм хөшөө ховор байдаг тул ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэн авсан байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ЮНЕСКО-гийн дэлхийн өвд тав, Соёлын биет бус өвд 14, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвд таван өв бүртгүүлсэн байна. 2019 онд “Хөхүүрийн айраг”-ийг Соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгааг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга хэллээ. Мөн үеэр ЮНЕСКО-гийн эрхэм зорилгыг Монгол Улс даяар хэрэгжүүлж, олон нийтэд сурталчилан таниулахад үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга асан, доктор Х.Бэхбат, Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цахилгаан, “Байгаль болон соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн, Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Уртнасан нарыг “ЮНЕСКО-гийн Үндэсний элч”-ээр өргөмжиллөө

Categories
мэдээ нийгэм

Польш, Украин, Болгарын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

oyutanБүгд найрамдах Польш Улс, Украин, Куба, Беларусь, Болгар, Казахстан, БНВУ, БНЛУд суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Мэргэжлийн чиглэл:

Польш: Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, логопед, хэл судлал

Куба: Анагаах ухаан;

Болгар: Хөдөө аж ахуй,хүнсний инженерчлэл;

Беларусь: Хөдөө аж ахуй;

Казакстан: Уул уурхай, Олон улсын харилцаа, нэхмэлийн үйлдвэрлэл, зам гүүрний барилга, байгууламжийн инженер;

Вьетнам: Олон улсын харилцаа, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, аялал жуулчлал, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч;

Лаос: Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг;

Украин: Биеийн тамир, уул уурхайн инженер, нисэхийн инженер, авто замын инженер, хөдөө аж ахуйнн инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженерын чиглэлээр, доктор байгалийн ухааны чиглэлээр суралцуулна.

Нэг. Тавигдах шаардлага

Бакалавр

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

Магистр, доктор

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;

Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцаж буй иргэн:

Цахим өргөдөл

Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;

Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;

Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.

Гадаад паспорт

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн:

Цахим өргөдөл

Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;

Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;

Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;

Гадаад паспорт

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

-Цахим өргөдөл

-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;

-Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);

-Англи хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2016 оны 9 сараас хойш өгсөн байх/

-Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Англи, Монгол хэл дээр 500-аас цөөнгүй үгтэй байх);

Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай.)

Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;

Гадаад паспорт

Гурав. Бүртгэл

2018 оны 03 дугаар сарын 12-наас 04 сарын 08-ны өдрийн 23 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11.00 цагт Математик, 14:00 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй.

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2018 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд зарлана.

Ярилцлагыг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авчирэх шаардлагатай.

Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2018 оны 04 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд зарлана.

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

Бүртгүүлэгчдийн ирүүлсэн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулж, ярилцлагын цагийн хуваарь, байршлыг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд зарлана.

Ярилцлагыг 2018 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдөр зохион байгуулна

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131 утсаар авч болох юм.

Categories
гадаад мэдээ

Онгоц осолдож, 49 хүний амь үрэгджээ

crashӨнгөрсөн даваа гаригт Балбын нийслэл Катмандугийн “Tribhuvan” олон улсын нисэх онгоцны буудалд онгоц газардах үедээ чиглэлээ алдсаны улмаас осолдож, багадаа 49 хүний амь үрэгдээд байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Цагдаагийн байгууллагын төлөөлөгч Манже Неупанийн хэлснээр, “US-Bangla” агаарын тээврийн компаний “BS211” нислэгийн онгоц Бангладешийн Даккагаас хөөрсөн байна.

“US-Bangla” компанийн олон нийттэй харилцах албаны дарга Камрул Ислам онгоцонд 71 зорчигч, багийн гишүүд байсан гэжээ. Нийт 40 хүн газар дээрээ, есөн хүн эмнэлэгт нас барж, 22 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ажээ. Неупанийн хэлснээр, онгоц орон нутгийн цагаар 02:15 цагт осолдсон байна.

Зорчигчдын дийлэнх нь Балба, Бангладешийн иргэд бөгөөд Хятад, Малдивын нэг нэг иргэн байсан талаар “Tribhuvan” олон улсын нисэх онгоцны буудлын ерөнхий менежер Раж Кумар Четри “CNN” агентлагт мэдээлжээ. Албаны хүний мэдээлснээр, багийн дөрвөн гишүүн бүгд Бангладешийн иргэд байсан аж.

crash

crash

crash

crash

crash

crash

crash

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас хариу захидал ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм.

Төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн дээрх захидлыг бүрэн эхээр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан захидлыг хураангуйлан хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН БИЧСЭН ЗАХИДАЛ:“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Танд болон Таны гэр бүлд шинэ жилийн мэндчилгээ хүргэхийн ялдамд Монгол-Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэе.

Монголын ард түмэн АНУ-ыг “чөлөөт ертөнцийг манлайлагч үндэстэн” хэмээн харж, Америкийн хүч чадал, энх тайвныг тогтоох, хамгаалах эрмэлзэл, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг эрхэмлэн дэмжих үйлс нь хэзээ ч зогсохгүй гэж найддаг.

Өнөөгийн нөхцөлд хоёр орны эдийн засгийн харилцаа хангалттай хэмжээнд бус байна. Манай гадаад худалдаанд америкийн эзлэх хувь хоёр хувьд ч хүрэхгүй байгаа юм. 1990 оноос хойш АНУ-аас Монголд 300 гаруйхан сая долларын л хөрөнгө оруулалт хийгдсэн нь цаашид үүнийг сайжруулах боломж байгааг илтгэж байна. Монголыг “ардчиллын баян бүрд”, “ардчиллын үлгэр жишээ” гэх мэтээр хөөргөх нь эдийн засгийн хөгжилд дорвитой нэмэр болохгүй байна. Үүний улмаас Монголын энгийн ард иргэд ардчилалд итгэл алдарч, бидний сонгосон сонголтод эргэлзэж эхлэхэд хүргэж байна. Өнөөдрийг хүртэл хоёр орны эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байж ирсэнд эрс өөрчлөлт гаргаж, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг арга замуудыг ашиглан Монгол Улсыг эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд Таныг тусалж чадна гэж бид найдаж байна.

Монголд Америкийн эдийн засгийн бодитой дэмжлэг чухлаар шаардагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг бидэнд олгоно уу хэмээн танаас хүсэж байна. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм.

Манай хоёр орны иргэд хоорондоо чөлөөтэй зорчих нь бидний харилцааг цаашид хөгжүүлэх онцгой чухал ач холбогдолтой тул Монгол Улсын иргэд Америкт түр хугацаагаар зорчиход визний шаардлагаас чөлөөлж өгөхийг Танаас хүсэж байна.

Мөн Таныг Америкийн компаниудыг Монголд хөрөнгө оруулах, улс төрийн тогтвортой байдлыг эдийн засгийн өсөлтөөр хангахад нь манай улсад дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Монгол Улс ардчилсан замаар замнасан 27 жилийн түүхийн туршид АНУ Монголын итгэлт “гуравдагч хөрш” байж ирсэн. Манай улсын гадаадтай харилцах харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гуравдагч хөрш хэмээх нэр томьёог анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкер 1990 онд Монголд айлчлах үедээ хэлж байсан юм. Төрийн нарийн бичгийн дарга Бэйкерийн хэлсэн энэхүү үг Монголын гадаад бодлого дахь нэгэн чухал ойлголт болон төлөвшсөнийг энэ дашрамд дурсахад таатай байна.

Манай хоёр орон ардчиллын нийтлэг үнэт зүйлс, стратегийн сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэн ажилласаар ирсэн. Таны тунхагласан гадаад бодлогод Ази дахь тууштай ардчилал, бүс нутагт Америкийн итгэлт түнш байж ирсэн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг дэмжих сонирхол тодорхой байр эзэлнэ гэдэгт би итгэлтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч нар Монгол Улсад өнгөрсөн 27 жилийн туршид бодлогоор анхаарал тавьж, тусалж дэмжиж ирсэн уламжлал ноён Ерөнхийлөгч таны үед ч үргэлжилж, шинэ агуулгаар баяжина гэж бид итгэж, хүлээж байгаа. Үндэстэн бүр тусгаар тогтнол, эрх чөлөөгөө батжуулах эрхтэй бөгөөд Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа бүрэн олж авахад ноён Ерөнхийлөгч таныг дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж хүлээж байна.

Төгсгөлд нь би Америкийн эрдэмтэн Жак Уэтерфордын үгийг эш татмаар байна. Монгол улс, АНУ хоёр газар зүйн байрлалын хувьд хол хэдий ч “… орчин үеийн технологийн ачаар ардчилсан үзэл санаа, хөгжил дэвшлийн төлөөх итгэл үнэмшлээ харилцан солилцсон хөрш зэргэлдээ орнууд юм”.

Манай хоёр улс хөгжин цэцэглэх болтугай” гэжээ.

ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЗАХИДЛЫН ХАРИУ ХОЁРДУГААР САРЫН 28-НД ИРСЭН БӨГӨӨД АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМП ЗАХИДЛЫНХАА ЭХЭНД:

“Зул сар болон шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж захидал ирүүлсэнд Танд талархал илэрхийлье. Мэланиагийн нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Таны гэр бүлд болон Монголын ард түмэнд 2018 онд эрүүл энх, сайн сайн бүхнийг хүсэн ерөөж байна. Мөн Манай Засгийн газар Монгол Улстай түншлэлийн үнэт харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө тэмдэглэе. Америкийн Нэгдсэн Улс Монгол Улсын итгэлийг олсон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд бүс нутгийн болон олон улсын сорилтуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллахад Монгол Улс дэмжлэг үзүүлдэгт талархлаа илэрхийлье” гэсэн байв.

Мөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Доналд Трамп цааш нь бичихдээ хоёр орны эдийн засгийн харилцаа бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гээд худалдаа, хөрөнгө оруулалтаа шударга, харилцан ашигтай хэлбэрээр өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхдээ таатай байх болно гэдгээ дурджээ. Ингэхдээ АНУ-ын Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагууд Монгол Улстай ялангуяа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаа гэжээ. Мөн удахгүй хэрэгжих Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ Улаанбаатарт эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп захидлынхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Вашингтон хотноо тохиромжтой цагт хүлээн авахдаа таатай байх болно гэдгээ хэлж, 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөжээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын бага хурлын логоны бэлгэдэл

Морин эрдэнэ

Монголчууд эртнээс адууг морин эрдэнэ хэмээн эрхэмлэн шүтэж, хийморь, хурд хүчний бэлгэдэл болгож ирсэн түүхтэй. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын логонд морин эрдэнийг дүрсэлж, Ази, Номхон далайн бүсийг дэлхийн бөмбөрцөг дээр тодруулан үзүүлсэн нь Азийн бүсийн хүн амыг гамшгийн эрсдэлээс авран хамгаалж, бүс нутагт тулгамдаж буй гамшгийн аюул эрсдэлийг монгол адууны хурдаар бууруулж, Монгол Улсын манлайлах оролцоог Азийн бүс нутагт хангуулах чухал зорилго бэлгэдлийг илэрхийлсэн. Морины толгойг гүн цэнхэр өнгөөр дүрсэлсэн нь хөх тэнгэрийн орон гэсэн санааг агуулсан болно.

Хамгаалалт, энх тайвны бэлгэдэл буюу сунгасан гар

Эх дэлхийн хүн амыг байгалийн давагдашгүй аюул, бусад гамшиг ослоос авран хамгаалахад улс орон бүр ижилхэн үүрэг хариуцлагыг хүлээх бөгөөд гамшгийн аюул, хор хөнөөл нь аливаа нэгэн улс орны хил хязгаар, түүнчлэн бүс нутгаар хязгаарлагдахгүй тул улс орон бүр нэгдэн нягтарч, гамшгийн эсрэг хүч хавсран олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэмцэх нь чухал ач холбогдолтой болохыг уриалж буйн илэрхийлэл юм.

Тариан түрүү

НҮБ-ын үндсэн болон Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын логог Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлын бэлгэдэл болгон тусгасан.

Categories
мэдээ улс-төр

Сүхбаатар аймгийн Засаг даргыг огцруулжээ

enhturӨнгөрсөн даваа гаригт Сүхбаатар аймгийн ИТХ хаалттай хуралдаж, аймгийнхаа Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлэн огцруулсан байна. Тус аймгийн ИТХ-ын 32 төлөөлөгчийн олонх буюу нийт 20 төлөөлөгч аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулахыг дэмжжээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэж, 2004-2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтын нэрийг дэвшүүлсэн байна. Улмаар ИТХ-ын олонхийн саналаар Р.Эрдэнэцогтын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ.

Categories
мэдээ спорт

Давид Силвагийн дабл багаа хожилд хөтөллөө

Английн премьер лигийн 30 дугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Лигийг тэргүүлэгч Манчестер сити Сток ситигийн Британика цэнгэлдэхэд зочилж Давид Силвагийн хоёр гоолын ачаар буулгаж авлаа.

Эхний үеийн10 дахь минутанд Испани хагас хамгаалагч эхний голыг оруулсан бол шийдвэрлэх хоёрдугаар үеийн 50 дахь минутанд дахин гоолдж багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм.

Ингэснээр Манчестер сити 81 дэх оноогоо авч лигийн аварга болоход том алхам хийлээ. Тэд хоёрдугаар байрт бичигдэж буй Манчестер Юнайтедаас 16 оноо илүү байна. Харин Сток сити 27 оноотойгоор лигийн 19 дүгээр байрт бичигдэж доод лиг рүү унахад ойрхон байна.

О.Дашням