Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар: Дээд шүүх эвлэлдэн нэгдсэн намын дотоод асуудал руу оролцох ёсгүй

МАХН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Улс төрийн хүчнүүд нийлж ядуурал, ажилгүйдэл, уул уурхайн баялгаас ашиг шим хүртэж чадахгүй байгаа зэрэг Монгол оронд тулгамдаж байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө, шинэ дээд үндсэн хуулийг батлуулахын гэж, ард иргэдээрээ дэмжүүлэхийн тулд хамтран ажиллах болно” гэж тодотгосон юм.

Мөн энэ үеэр тус намын дэд дарга Ц.Оюунбаатар ярихдаа “Дөрвөн намын гишүүд нэгдэн шинэ дээд үндсэн хуулийг дэмжих, тунхаглах арга хэмжээ маргааш болно. Монголчууд нэг зүгт харж, эвтэй найртай явахгүй бол хоёр хөршөөсөө хол хоцорч, эдийн засгийн ядуурлаас гарч чадахгүйд хүрч, ирээдүй маш бүрхэг байна. Иймд бид гарц харж улс төрийн намуудыг нэгдэхийг уриалж байгаа юм” гэв.

Шинэ дээд хуулийг батлуулахын төлөө нэгдсэн “ИЗНН”, “МАХН” зэрэг намын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол маргааш болох аж. Мэдээлэл хийснийхээ дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Улсын дээд шүүхээс МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзсан. Энэ асуудал дээр та МАХН-ын дэд даргын хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Үндсэн хуулийн төслийг ямар ч хувь хүн, байгууллага, нам, улс төрийн хүчин ярьж, ард иргэдээсээ санал авах эрхтэй. Үүнийг хорьсон зүйл ямар ч хуульд байхгүй. МАХН 21-р зууны хоёрдугаар их хурлаа ард түмний өмнө нээлттэй, ардчилсан байдлаар нийт гишүүдтэйгээ хамтарч хийсэн. МАХН-ын их хурлын баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийн талаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Бүртгэлийн ажил явагдаж байгаа. Улсын дээд шүүх бүртгэх асуудлыг хэлэлцэхээс эвлэлдэн нэгдсэн намын дотоод асуудал руу оролцох ёсгүй. Ойрын үед бүртгэлийн үйл ажиллагаа амжилттай явна гэж бодож байна.

МАХН-аас өнгөрсөн онд аливаа сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан бол намаас хасна гэж дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлж байсан. Энэ удаагийн дүрэмд энэ өөрчлөлтийг тусгасан уу?

-МАХН-ын дүрмийн өөрчлөлтөд Улс төрийн намын тухай хуулийн дагуу бусад намуудын дүрмийн адил зүйлийг тусгасан. Шинэ дүрэмд МАН, АН-ын дүрэмд заагдсан улс төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, хамт олны дүрэм, журам зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцно. Түүний хамгийн том хариуцлага нь намаас хасна гэсэн заалт бий. Энэ дагуу л дүрэм шинэчлэн найруулан баталсан.

Categories
мэдээ нийгэм

Трамп, Ким хоёрын уулзахад тохиромжтой газрууд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын уулзалт хаана болох тухай асуудал дэлхийн анхаарлын төвд байна. Трампын хувьд аялах дургүйгээрээ алдартай бол ноён Ким 2011 онд аавыгаа нас барснаас хойш Хойд Солонгосыг орхиж яваагүй, “гэр амь”-тай нэгэн юм.

Цагаан ордны зарим албан тушаалтнууд хоёр удирдагчийн уулзалт хэзээ ч болохгүй гэж үзэж байгаа аж. Ийм түүхэн мөчид тохиромжтой газар хэрэгтэй. Энд хэд хэдэн сонголт байгаа талаар “The New York Times” мэдээлжээ.

ЦЭРЭГГҮЙ БҮС

Цэрэггүй бүс дэх Панмунжон тосгон нь хамгийн боломжтой байршил юм. Дэлхийд хамгийн өндөр хамгаалалт бүхий энэ газарт хааяа уулзалтууд зохион байгуулагддаг. Панмунжомын Өмнөд Солонгосын тал дахь Энхтайвны ордон нь хоёр удирдагчийн уулзалтад илүү тохиромжтой байж болох юм.

Өнгөрсөн сард Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пёнчаны өвлийн олимпын Хойд Солонгосын төлөөлөгчдийг оролцуулахаар уулзалт зохион байгуулсан билээ. Улмаар ноён Ким Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй уулзахаа илэрхийлснийг уламжилсан байдаг.

ПХЕНЬЯН. ХОЙД СОЛОНГОС

Өмнө нь Хойд Солонгосын нийслэлд өндөр дээд түвшний уулзалтууд болдог байв. Өмнө нь Ерөнхийлөгч Жимми Картер, Билл Клинтон нар айлчилж байсан бөгөөд 2000, 2007 онд Солонгосын дээд хэмжээний уулзалтууд зохиогджээ. Гэвч Трампын хувьд тийм ч таатай байхгүй байх талтай.

2000 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлейн Олбрайт Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийн баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоох, түүний дотор олон нийтийн суртал ухуулга хийх оролдлого хийх зорилгоор Пхеньянд зочилжээ.

ЧЕЖҮ АРАЛ. ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгосын Чежү арлын захирагч энэ уулзалтыг зохион байгуулах саналаа илэрхийлжээ. Энэ нь Солонгосын хойгийн хойд зүгт байрладаг аялал жуулчлалын газар билээ. Хүн ам сийрэг, цомхон энэ газарт аюулгүй байдлыг хангахад илүү хялбар байх юм.

ВАШИНГТОН

Вашингтон боломжийн цэг байх болно. Гэхдээ Хойд Солонгосын удирдагч Кимийн хувьд анхны гадаад айлчлалаа АНУ-аас эхлүүлэхээсээ болгоомжилж болох юм. Түүнчлэн уулзалтыг Цагаан ордонд хийхэд тохиромжгүй. Учир нь хойд зүгт өгөх суртал ухуулгын үнэ цэнийг бууруулах талтай.

2000 онд Хойд Солонгосын өндөр дээд албан тушаалтан, маршал Жо Мён Рок Вашингтонд айлчлахдаа Клинтоныг Пхеньянд урьсан бөгөөд анх удаа доктор Олбрайттай уулзахад тэрээр ажил хэрэгч хувцасласан байжээ.

БЭЭЖИН

Хятад улс Хойд Солонгосын цорын ганц холбоотон бөгөөд тэдний харилцаа сүүлийн жилүүдэд илт хөрж буй билээ. Хятад улс бүх талын хэлэлцээрийг идэвхжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж, арван жилийн өмнө зургаан талт яриа хэлэлцээрт оролцож байв.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Генг Шуан өчигдөр хоёр орны удирдагчийн уулзалт болох гэж байгаад баяр хүргээд, “цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулах” асуудлаар “тасралтгүй хүчин чармайлт гаргах” болно гэжээ. Гэвч Бээжинд уулзалт болох уу гэсэн асуултад шууд хариулт өгсөнгүй.

ЖЕНЕВ

Төвийг сахисан Швейцарийн Женев хотод 1985 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев нарын өндөр түвшүний уулзалтууд зохион байгуулагдаж байв. Ким Чен Уны хувьд тэнд 1990-ээд оны сүүлээр суралцаж байсан учраас бусад улс орноос илүүтэй мэдэх билээ.

МОСКВА

Хятад Хойд Солонгосын удирдагчид хааяа тэнд очдог. Ким удирдагчийн хувиар тийшээ явж байгаагүй. 2015 онд Дэлхийн II дайны үед нацист Германыг ялсны 70 жилийн ойг тэмдэглэх үеэр Москвад очих төлөвлөгөөгөө цуцалжээ. Трампын хувьд Москвад айлчлах нь тийм ч таатай биш юм. Учир нь оросуудыг 2016 оны сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон, түүний кампанит ажилд тусалсан гэж буруутгаж буй билээ.

СТОКГОЛЬМ

Швед нь АНУ, Хойд Солонгос хоёрын хооронд гол зуучлагч юм. Хойд Солонгост АНУ-ын Элчин сайдын яам байдаггүй. Тиймээс Швед нь америкчуудад зориулсан консулын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд түүнд тэнд хоригдож байгаа иргэдтэй уулзах зэрэг багтдаг байна.

Швед улсад АНУ, Өмнөд Солонгос, өөр бусад орны төлөөлөгчид, Хойд Солонгосын албаны хүмүүс, мэргэжилтнүүд хооронд яриа хэлэлцээ хийгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногт Шведийн “Dagens Nyheter” сонин “Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо удахгүй Шведэд очиж, болзошгүй уулзалтын талаар ярилцана” гэж мэдээлжээ.

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС

ОХУ, БНХАУ-тай хиллэдэг Монгол Улс сүүлийн жилүүдэд төвийг сахих бодлого баримталж, АНУ, Хойд Солонгостой сайн харилцаатай байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж “АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким нарын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахыг санал болгож байна. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан улс юм” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Алтайн уулсын монголын уламжлалт ан агнуур ба хээрийн зоог

Үүрийн таван жин. Монголчууд үүр цайх торгон агшинг ингэж нэрлэдэг. Чухамхүү энэ үед бид Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бурханбуудай уулын Баянсайрын амны Хэцүү эрэг гэдэг газарт ирж машинаасаа бууцгаалаа. Хавцалд машины дуу цуурайтан ан амьтан үргээхээс сэргийлж анчин Б. Гантөмөр бид хоёр хавцал өгсөн цааш алхав. Энэ нутгийн нэрт анчин Ж.Бэгзсүрэн гуай бидэнтэйхамт явах байсан боловч түүний хөл өвдсөн тулбидний ажилд туслуулахаар хүүгээ явуулсан ажээ. Б.Гантөмөр биднийг Бигэр сумын төвд хүлээж байсан бөгөөд бид тэндээс шууд ууланд гарч байгаа нь энэ.

Хавь ойр харанхуйд умбаж хавцлын хурц оройнууд дээрээс өнгийх нь үнэхээр сүрдэм. Чив чимээгүйн дунд хааяа нэг гарах бидний хөлийн чимээ хавцал дундуур урсах уулын горхины дуу л содон сонсогдоно. Удалгүй хавцлын оройгоор тэнгэр цайж үүр тэмдгэрч эхлэв. Хоёр км орчим яваад хавцал тавигдаж уудам чөлөөтэй болдог аж. Удалгүй Гантөмөр уулын энгэр өөд гараараа заалаа.Эхлээд би нэлээн зовж байж ганц тэх л харав. Удалгүй ууланд нүд дасаж биднээс зуу хүрэхгүй м газарт нийт арван найман тэх байгааг олж харлаа. Янгир нь Монгол улсын “Ан агнуурын хууль”-ийн “нэн ховор”, “ховор”, “элбэг” гэсэн ангиллын “ховор” гэсэн ангилалд багтах бөгөөд агнах зөвшөөрөл авахад төлбөр хураамж нь нийлээд 900$ болдог байна. Бид нэг тэхийн зөвшөөрөлтэй яваа билээ.

Тэхүүд биднийг аль эрт олж харсан бололтой бүгд нааш харан зогсоцгооно. Удалгүй морь ч үгүй энэ хоёр явган яав л гэсэн байртай биднийг тоохоо больж залуу тэхүүд нь хоорондоо мөргөлдөн тоглож уул өөд аажмаар өгсөв. Зуны улиралд янгир эм, эрээрээ салан сүрэглэж намар орооныхоо үед л нийлдэг гэнэ.Энэ нь тэх ишигтэй ямааг бодвол илүү өндөрт хол явж бэлчээр давхацхаас сэргийлэн идэш тэжээлээ хувиарлах байгалийн нэг зохицуулалт билээ. Залуу тэхүүд нь богино эвэртэй улаан зүстэй нас гүйцсэнүүд нь сүрлэг эвэртэй хар саарал зүстэй байх аж. Тйимээс ч нутгийнхан тэхийг улаан, хар загал гэж хоёр ангилан нэрлэдэг гэнэ. Энэ сүрэгт зургаанхар загал, бусад нь улаан тэх байв. Тэх шөнө уулнаас бууж уулын нөмөр хормойд ирж хоноглодог тул үүрээр хэвтэрт нь ирж агнадаг эртний ийм нэгэн арга байдаг аж. Харин Гантөмөр энэ аргаар тэх агнахыг хүссэнгүй. Уг нь чавхаар харвасан ч онохоор ойрхон зайд бид хоёр очсон билээ. Энэ аргыг “ядарсан эрийн арга” гэдэг бөгөөд хэвтэрт нь агнавал янгир буцаж эндээ хоноглохоо больчихдог муу талтайгэнэ. Харин анчин маань буцах замдаа хавцлын ёроолд шахан барьсан 40 см урттай, 15-20 см өргөнтэй, 10-15 см өндөртэй чулуу өрж хийсэн битүү хороонуудыг үзүүллээ. Заримынх нь ам онгорхой байх аж. Энэ нь дээр үеийн хүмүүс суусар барьдаг байсан чулуун хороо гэнэ. Дотор нь мах хийж адууны сүүлээр хийсэн урхиар занга тавьж суусар агнадаг байсан аж. Суусар шөнийн амьдралтай тэгээд ч үргэлж хосоороо байх тул нэг суусар барьсан зангыг дахин тавихад маргааш өглөө нь нөгөөдөх нь заавал ордог гэж өвгөчүүл ярьдаг байсан гэнэ. Бас уулын хярд байдаг жим замын хоёр талд чулуу овоолон дундуур нь утас татаж цахиур бууны гохтой холбон ирвэс агнадаг байсан байна. Үүнийг сааль гэдэг гэнэ. Ийм саалийг Өмнөговь аймгийн Ноён ууланд байхыг нь би өөрийн нүдээр үзэж байсан билээ.Тэгэхээр Алтайн нуруу дагасан Говь-Алтай, Өмнөговь аймгийн дунд байх Өвөрхангай, Баянхонгор аймгийнхан ч ийм аргаар ирвэс агнадаг байсан байж таарна. Харин одоо ийм сааль тавибал хүн агнадаггүй юм гэхэд мал агнах байх. Цаг цагаараа байдаггүй гэж энэ.Ирвэс суусар шиг шөнийн амьдралтай болохоор өдрийн амьтад шиг бус ямар ч хар сэжиггүйгээр заавал жим даган өрсөн чулууны хоорондуур зүтгэн өөрийгөө “агнадаг” байна.

Бид эндээс хөдөлж энэ уулын Үерт хэмээх нөгөө аманд Гантөмөрийнхтэй айл байгаа Бэгзсүрэн гуайтай уулзав. Энэ үеээр огцомхон ширүүн бороо орлоо. Гэтэл гаднаас Гантөмөр орж ирээд “морьд бэлдчихлээ хоёулаа явъя” гэв. Биднийг ууланд гарч байтал бороо зогсож харин өтгөн манан дэгдэв. Нэлээн дээр гарч нэг хадны нөмөрт морьдоо орхиод цааш салхи сөрөн явган явав. Гэтэл манан дунд тэмээ шиг өндөр тэх харагдсанааойртох тутам томорсоор хоёр давхар байшин шиг болов. Энэ нь сүрдмээр ч юм шиг тун ч сонин үзэгдэлаж Бараг тулж ирж байжтэх маань хэвийн хэмжээндээ орсон бөгөөд биднийг танингуут хамраараа час хийтэл чанга шүгэлдэж бусдыгаа сэрэмжлүүлэнгүүт энд тэндгүйасга шажигнан сүрэг тэх хоромхон зуурүргэж одлоо.Би янгир хамраараа ингэж хүн цочтол дуугардаг гэдгийг мэддэггүй байсан болохоор ихэд цочиж Гантөмөрийг баахан инээлгэв. Бид уг нь тэхэнд бараг цохиод авахаар ойртсон билээ. Гэтэл Гантөмөр буудсангүй. “Удахгүй нар гарч газар эгшинэ. Янгирч идшилж эхлэнэ. Тэр үед нь шилж байж агнана” гэлээ.

Манан дунд салхи сөрөн очиж тууртан агнадаг эртнээс уламжилж ирсэн ийм нэгэн арга байдаг аж. Жинхэнэ уулын ан агнах арга. Говьд бороо орохыг хүлээвэл хэдэн долоо хонох бол. Бороо орсон ч ийм манан гарна гэж юу байхав.

Үдээс хойш бороо зогсож нар мандан манан шуугдав. Бид уулын бараг оройд нэгэн том хадны ард нуугдан сууж байлаа. Учир нь бид тэхийн сүргийг дурандаж бэлчээрлэх чиглэлийг нь тогтоосныдарааамдан сууж буй нь энэ билээ. Удалгүй бидний дороос яарамгүй идэшлэх тэхийн сүргийн эх нь гарч ирэв. Нийт 72 тэх тооллоо. Хорин дөрөв нь загал. Гадаадын анчид нь эврийг нь авах гэж зөвнөх загалуудыг л агнадаг аж. Харин бидэнд эвэр нь бус мах нь хэрэгтэй билээ. Юу ч анзаарахгүй тайван идэшлэж байсан тэхийн сүрэг буун дуунаас цочин хуйларч газрын уруу хоромхон зуур далдарлаа. Харин нэг улаан тэх газар дээрээ дээш үсэрснээ эврэндээ дийлдэн газрын уруу ойчив. Тэх толгойд нь буудахад ингэдэг аж.

Анчин Гантөмөр тэр дороо тэхээ өвчиж янзлав. Үүнд З2 минут зарцууллаа. Толгойг нь тайрч аван хүзүүгээр нь туламлан өвчиж гэдэс дотрыг нь гаргаж хаяад махыг нь яг л хорхог хийдэгтэй адил жижиглэдэг аж. Ялгаа нь арьсанд нь 5 см орчим мах үлдээн битүү өвчдөг байна. Тэхээр боодог хийх байсан тул толгойд нь буудсан аж. Хэрэв биеээр нь буудвал нүх гарч боодог хийхэд төвөгтэй болдог гэнэ. Сумны нүхийг дээлнийхээ хөвөнгөөр бөглөж болдог ч гэсэн энэ нь тийм ч сайн арга биш аж. Сонирхолтой нь энэ үед “шарсан хавирга” аль хэдий ньбэлэн болчихсон байв. “Шарсан хавирга” хийх арга дэлхийд хоол хийх хамгийн амархан арга байжмагадгүй.

Алтайн ууланд ортууз гэдэг хурц, хурц шовх улаан өргөстэй ногоон навчтай нэгэн бут ургах. Харин ургахаа больж үхэхээрээ цагаан саарал өнгөтэй,тэвэр дүүрмээр том болдог аж. Нутгийнхан ийм ортуузыг буурал ортууз гэдэг бөгөөд гэртээ гал асаахдаа цаасны оронд хэрэглэдэг гэнэ. Буурал ортуузны диаметрнь 20-40 см хүрч байв. Анчин агнасан тэхээ өвчихдөө хүмүүсийн тоогоор хавирга гарган авч буурал ортуузанд чүдэнз зураад дээр нь тавьчихдаг аж. “Шарсан хавирга” хийх аргаердөө л энэ. Анчин ангаа өвчиж дуусахад “шарсан хавирга” бэлэн болчихсон хүлээж байдаг байна.

Бид бооход бэлэн болсон янгираа моринд ганзгалан уулын уруу буулаа. Замдаа Гантөмөр анчин нэг бурхи буудлаа. Анчин маань тарвага буудахдаа богинохон саваа модны үзүүрт ховил гарган бэхэлсэн алганаас арай томхон цагаан сарлагны сүүлийг өмнөө эргүүлэн ойртож байв. Нутгийнхан үүнийг “даллуур” гэж нэрлэх бөгөөд тарвага агнах энэ арга ч “тарвага даллах” гэдэг байна. Даллууртай анчин харсан тарвага хойд хоёр хөл дээрээ босож зогсон хошгорч ойртуулан бэлэн бай болж байгаа нь их л сонин санагдав. Тарвагаар боодог хийхийн тулд бас л толгойгоор нь бууджээ. Ингээд бид Үертийн голын Хадан дугуй гэдэг хавцалд орлоо. Бургасан дундуур нарийхан жимээр явсаар хориод метр диаметртэй битүү хавцалд орж ирэв. Энд ханан хаднаас ус шүүрч тошлой хэмээх жимсний бут ургасан нь нэн үзэсгэлэнтэй. Хүй нэгдлийн үед байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөөд байдаг тун сонин газар юм билээ.

Бид энд гал түлж авчирсан чулуугаа улайтган тэх, тарвага хоёроор “боодог” хийх ажилдаа оров. Анчин маань хажуугийн асганд бэлэн ургасан зэрлэг сонгиноос хэдийг түүж ирэн боодгондоо хийж амтлав. Алтайн зэрлэг сонгино үнэхээр аагтай юм билээ. Амт аагаараа хоёр гурав нь л бидний мэддэг таримал сонгины нэг кг-тай тэнцэх байх. Илүү гарч ч магадгүй.

“Боодог” гэдэг нь “боох” гэсэн үгнээс үүсэлтэй аж. Үнэхээр ч битүү туламласан тэх, тарвага хоёрын хүзүүг мөн л бүснээсээ цуулж авсан хэсэг даавуугаар боож түнтийгээд ирэнгүүт нь амсрыг нь татан хийг нь тааруулж байв. Гүзээн хорхог, боодог хийх арга бараг адилхан бөгөөд ялгаатай нь дөрвөн мөчинд нь таарсан гонзгой улайссан чулуу хийж гал дээр эргүүлж тойруулан үсийг нь түлж хутгаар хуссаар ямар ч үсгүй болж хөрс нь сайханшаргалтталнь шарж болгодогт орших аж. Харин амт нь хорхогноос хамаагүй илүү. Үнэхээр янгир, тарваганы арьсийг ийм амттай болох юм гэж хэн санах билээ. Бид “хорхог”, “махан хавчмал”,“сорс” хийх бүрэн боломжтой байсан боловч нэгэнт говьд хийж үзсэн учир сонирхоогүй билээ. Амтат боодог ялангуяа боодогны “шөлөнд цохиулсан” би Бэгзсүрэн гуайнд хангалттай унтаж амарсныхаа дараа түүнтэй ан агнуурын тухай баахан хууч дэлгэж дайлуулж цайлуулаадбүрэнхий болж байхад Бигэр сумын төвийг зорилоо. Уулнаас буухад чих шуугин дүлийрч байв. Тийрэлтэт онгоц буухад л ингэдэгсэн. Мөн ч өндөр ууланд гарч дээ бид. Цас оронгуут Хэнтийн ууланд гарч ойн амьтан агнах монгол арга, уламжлалт хоолтой танилцана.Арван сарын сүүл хүртэл хол байна даа, хол байна. Энэ жил цас эрт орох болов уу.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын идэвх санаачлага, Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо өндөр ач холбогдолтой

“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагааг нээж Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Дэлхийн улс орнууд аж үйлдвэржсэн эринээс мэдээлэлжсэн эринд шилжих үйл явц улам эрчимжиж, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарын хүрээнд цахим мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлж, хөгжлийн хурдасгуур болгон хэрэглэж байна.

Мөн Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталж, хэрэгжүүлж байна.

Тус бодлогад туссан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд:

o “төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах, олон нийттэй шинэ арга технологи, туршлагыг нэвтрүүлэх, зохион байгуулахад төрийн үйлчилгээний инновацийг чиглүүлэх”,

o “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж, төрийн ой санамж, бодлогын тогтвортой байдлыг хангах”,

o “Хөгжлийн бодлого боловсруулагч нарыг холбосон мэдээллийн дэд бүтцийг байгуулж, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”

– Төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

o Төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, төрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоо “ХУР” системд төрийн байгууллагын мэдээллийг бүрэн байршуулж, ашиглалтыг сайжруулах

– Аж үйлдвэрийн 4-р хувьсгал эхлүүлэх зорилтын хүрээнд:

o Аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформ байгуулж, үндэсний үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих тогтолцоог бий болгоно;

o Аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформд үндэслэн экспортын “Нэг цонхны худалдаа, үйлчилгээ”-г хөгжүүлнэ; гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд Улсын хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж буй 6000 боловсруулах үйлдвэрийн мэдээллийг цахим платформд нэгтгэх ажлыг 2018 оны 1 сарын 17 өдөр улс орон даяар эхлүүлсэн бөгөөд энэ арга хэмжээг 2018 оны 4 сарын 17-д бүртгэж дуусгахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Цахим засгийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Цахим засгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлэхээр тусгасан.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн “22.3.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бодлогыг уялдуулан зохицуулах хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтөлнө.”,

“22.4 .. 22.3-т заасан мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус батална.”,

“22.5.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэхэд холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлнэ.” гэж заасныг Үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хуульд заасан хүрээнд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болсонд баяртайбайгаагаа илэрхийлье.

Төслийг хэрэгжүүлснээр хоорондоо харилцан уялдаатай, салбар хоорондын мэдээллийн цогц систем ашиглах боломж бүрдэж, бодлого боловсруулагчид болон Олон Улсын байгуулагуудыг шаардлагатай бодит үнэн зөв мэдээллээр хангах болно.

Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын идэвх санаачлага, Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо өндөр ач холбогдолтой тул төслийн үйл ажиллагаанд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна зурган илэрцүүд

Улаанбаатараас хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын уулзвар орчмоор цасаар шуурсны улмаас автозамын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсчээ.

Мөн Дархан, Сэлэнгэ, Мөрөнгийн нутгаар цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Иймд иргэдийг хол замд явахдаа дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг сайтар хангах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчихыг анхааруулав. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

​Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн долоо хоног эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ-тэй хамтран 2018 оны 3-р сарын 12-17-ны өдрүүдэд НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ-ийн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд 9 семинар, зөвлөлдөх уулзалт, сургалтыг Монгол улсын 6 яам, агентлаг, МУИС, ХААИС, ШУТИС, Монголын их, дээд сургуулиудын консорциумтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн түнш байгууллага болох НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчид оролцож байна. Энэ хүрээнд өнөөдөрТогтвортой хөгжлийн зорилт 2030-ын хүрээнд Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих нь талуудын хэлэлцүүлгийг Европын холбооны Switch Asia хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Долоо хоногийн арга хэмжээний хүрээнд дараах семинар, зөвлөлдөх уулзалт, сургалтыг зохион байгуулж байна:

  • ТХЗ 2030-ыг хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ талуудын уулзалт
  • Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар
  • Ашиглалтаас гарсан авто машины хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ТХЗ-ын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манайлал семинар
  • Засгийн газрын тогтвортой/ногоон худалдан авах ажиллагаа талуудын уулзалт
  • Ногоон эдийн засаг ба загварчлал, Ногоон барилгын зураг төсөл, Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр сургалтууд болно.

Мөн НЭЗТТ-ийн Долоо хоногийн арга хэмжээнд оролцохоор олон улсын 6 байгууллагын төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирээд байна.

  • НҮБССХ-ийн Монголыг хариуцсан ажилтан Амрей Хорстбринк (Amrei Horstbrink) /Бүх салбар хуралдаан, уулзалт/
  • НҮБ-ын ОУХБ-ын ажилтан Кристина Мартинез (Cristina Martinez) / Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр сургалт/
  • НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ажилтан Кармела Сентено (Carmela Centeno) / Ашиглалтаас гарсан авто машины хог хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт
  • ЕХ-ны Switch Asia хөтөлбөрийн Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих багийн ахлагч Араб Хобаллах (Arab Hoballah) / Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар, ТХЗ 2030-ын хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ уулзалт, Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагаа /ногоон худалдан авалт/ талуудын уулзалт.
  • ЕХ-ны Switch Asia Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн багийн мэргэжилтэн Ира Ларасати (Ira Larasaty) Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагаа /ногоон худалдан авалт талуудын уулзалт
  • Мянганы хүрээлэн /Millennium Institute/, Стивин Арквитт (Steven Arquitt) /Ногоон эдийн засаг загварчлал сургалт/
  • Business Council for Sustainable Development Singapore, Констант ван Аершот (Constant Van Aerschot), НҮББОХ-ийн олон улсын зөвлөх/ногоон барилгын зөвлөх /Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар/

Хөтөлбөр

2018.03.12-ны Даваа гараг
Үйл ажиллагаа Цаг Хаана болох Хариуцах байгууллага
Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогын чиглэлээр хийх уулзалт 9:30-17.30 БХБЯ БХБЯ
ТХЗ 2030-ыг хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ /Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгцээг тодорхойлох, авах арга хэмжээ

Ногоон эдийн засагт шилжих шилжилт, Монгол Улсын худалдааны боломж судалгааны тайланг танилцуулах

14:15-17:30 БОАЖЯ, Хаан танхим БОАЖЯ

ЕХ-ны Switch Asia Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр

БОАЖЯ, ҮХГ

Зөвлөх Х. Цэвэлмаа

2018 оны 03 сарын 13-ны Мягмар гараг
Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар 8:30 Бүртгэл

9:00-13.30 Салбар хуралдаан

13:30 Үдийн зоог

Blue Sky зочид буудал, Топаз хурлын танхим БХБЯ
Ашиглалтаас гарсан авто машины хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт 14:30-17:30 ЗТХЯ-ны хурлын танхим №301 ЗТХЯ
2018 оны 03 сарын 14-ний Лхагва гараг
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ТХЗ-ын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манайлал семинар 8:30 Бүртгэл

9:00-12.30 Салбар хуралдаан

12:30:14:00 Үдийн зоог

14:00-16:00 Салбар хуралдаан

16:00: Хаалтын арга хэмжээ

Blue Sky зочид буудал

Кристалл хурлын танхим

БОАЖЯ

БСШУСЯ

Монголын их, дээд сургуулиудын консорциум

2018 оны 03 сарын 15, Пүрэв гараг
Засгийн газрын тогтвортой/ногоон худалдан авах ажиллагаа талуудын уулзалт 13:30-17:30 БОАЖЯ-ны Хаан танхим Сангийн яам

БОАЖЯ

Ногоон эдийн засаг ба загварчлал 8:30-17:00 МУИС, Төв номын сан ХААИС: Др. Г. Ганзориг

МУИС: Проф. Б. Бат

Ногоон барилгын зураг төсөл 9:00-17:00 ШУТИС ШУТИС: Б: Мөнхбаяр
Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр /мэдээлэл цуглуулах, мэдээллийн эх үүсвэр, үзүүлэлтийг тооцох аргачлал/ 13:00-17:00 Засгийн газрын 3-р байр /БСШУСЯ, ҮСХ/, 4-р давхар, Хурлын танхим ҮСХ: Газрын дарга А. Дэмбэрэл

Г .Ялалт

Д. Оюунбилэг

2018 оны 03 сарын 16, Баасан гараг: Сургалтууд
Ногоон эдийн засаг ба загварчлал /Загварчлал/ 8:30-17:40 МУИС, Төв номын сан ХААИС: Др. Г. Ганзориг

МУИС: Проф. Б. Бат

Ногоон барилгын зураг төсөл 9:00-17:00 ШУТИС ШУТИС: Б: Мөнхбаяр
Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр /мэдээлэл цуглуулах, мэдээллийн эх үүсвэр, үзүүлэлтийг тооцох аргачлал/ 9:00-17:00 ҮСХ ҮСХ: Газрын дарга А. Дэмбэрэл

Г .Ялалт

Д. Оюунбилэг

2018 оны 03 сарын 17, Бямба гараг: Сургалт
Ногоон эдийн засаг ба загварчлал 8:30-17:00 МУИС, Төв номын сан ХААИС: Др. Г. Ганзориг

МУИС: Проф. Б. Бат

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ-тэй хамтран 2018 оны 3-р сарын 12-17-ны өдрүүдэд НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ-ийн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд 9 семинар, зөвлөлдөх уулзалт, сургалтыг Монгол улсын 6 яам, агентлаг, МУИС, ХААИС, ШУТИС, Монголын их, дээд сургуулиудын консорциумтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн түнш байгууллага болох НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчид оролцож байна. Энэ хүрээнд өнөөдөрТогтвортой хөгжлийн зорилт 2030-ын хүрээнд Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих нь талуудын хэлэлцүүлгийг Европын холбооны Switch Asia хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Долоо хоногийн арга хэмжээний хүрээнд дараах семинар, зөвлөлдөх уулзалт, сургалтыг зохион байгуулж байна:

  • ТХЗ 2030-ыг хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ талуудын уулзалт
  • Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар
  • Ашиглалтаас гарсан авто машины хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ТХЗ-ын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манайлал семинар
  • Засгийн газрын тогтвортой/ногоон худалдан авах ажиллагаа талуудын уулзалт
  • Ногоон эдийн засаг ба загварчлал, Ногоон барилгын зураг төсөл, Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр сургалтууд болно.

Мөн НЭЗТТ-ийн Долоо хоногийн арга хэмжээнд оролцохоор олон улсын 6 байгууллагын төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирээд байна.

  • НҮБССХ-ийн Монголыг хариуцсан ажилтан Амрей Хорстбринк (Amrei Horstbrink) /Бүх салбар хуралдаан, уулзалт/
  • НҮБ-ын ОУХБ-ын ажилтан Кристина Мартинез (Cristina Martinez) / Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр сургалт/
  • НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ажилтан Кармела Сентено (Carmela Centeno) / Ашиглалтаас гарсан авто машины хог хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт
  • ЕХ-ны Switch Asia хөтөлбөрийн Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих багийн ахлагч Араб Хобаллах (Arab Hoballah) / Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар, ТХЗ 2030-ын хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ уулзалт, Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагаа /ногоон худалдан авалт/ талуудын уулзалт.
  • ЕХ-ны Switch Asia Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн багийн мэргэжилтэн Ира Ларасати (Ira Larasaty) Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагаа /ногоон худалдан авалт талуудын уулзалт
  • Мянганы хүрээлэн /Millennium Institute/, Стивин Арквитт (Steven Arquitt) /Ногоон эдийн засаг загварчлал сургалт/
  • Business Council for Sustainable Development Singapore, Констант ван Аершот (Constant Van Aerschot), НҮББОХ-ийн олон улсын зөвлөх/ногоон барилгын зөвлөх /Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар/

Хөтөлбөр

2018.03.12-ны Даваа гараг
Үйл ажиллагаа Цаг Хаана болох Хариуцах байгууллага
Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогын чиглэлээр хийх уулзалт 9:30-17.30 БХБЯ БХБЯ
ТХЗ 2030-ыг хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ /Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгцээг тодорхойлох, авах арга хэмжээ

Ногоон эдийн засагт шилжих шилжилт, Монгол Улсын худалдааны боломж судалгааны тайланг танилцуулах

14:15-17:30 БОАЖЯ, Хаан танхим БОАЖЯ

ЕХ-ны Switch Asia Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр

БОАЖЯ, ҮХГ

Зөвлөх Х. Цэвэлмаа

2018 оны 03 сарын 13-ны Мягмар гараг
Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар 8:30 Бүртгэл

9:00-13.30 Салбар хуралдаан

13:30 Үдийн зоог

Blue Sky зочид буудал, Топаз хурлын танхим БХБЯ
Ашиглалтаас гарсан авто машины хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт 14:30-17:30 ЗТХЯ-ны хурлын танхим №301 ЗТХЯ
2018 оны 03 сарын 14-ний Лхагва гараг
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ТХЗ-ын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манайлал семинар 8:30 Бүртгэл

9:00-12.30 Салбар хуралдаан

12:30:14:00 Үдийн зоог

14:00-16:00 Салбар хуралдаан

16:00: Хаалтын арга хэмжээ

Blue Sky зочид буудал

Кристалл хурлын танхим

БОАЖЯ

БСШУСЯ

Монголын их, дээд сургуулиудын консорциум

2018 оны 03 сарын 15, Пүрэв гараг
Засгийн газрын тогтвортой/ногоон худалдан авах ажиллагаа талуудын уулзалт 13:30-17:30 БОАЖЯ-ны Хаан танхим Сангийн яам

БОАЖЯ

Ногоон эдийн засаг ба загварчлал 8:30-17:00 МУИС, Төв номын сан ХААИС: Др. Г. Ганзориг

МУИС: Проф. Б. Бат

Ногоон барилгын зураг төсөл 9:00-17:00 ШУТИС ШУТИС: Б: Мөнхбаяр
Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр /мэдээлэл цуглуулах, мэдээллийн эх үүсвэр, үзүүлэлтийг тооцох аргачлал/ 13:00-17:00 Засгийн газрын 3-р байр /БСШУСЯ, ҮСХ/, 4-р давхар, Хурлын танхим ҮСХ: Газрын дарга А. Дэмбэрэл

Г .Ялалт

Д. Оюунбилэг

2018 оны 03 сарын 16, Баасан гараг: Сургалтууд
Ногоон эдийн засаг ба загварчлал /Загварчлал/ 8:30-17:40 МУИС, Төв номын сан ХААИС: Др. Г. Ганзориг

МУИС: Проф. Б. Бат

Ногоон барилгын зураг төсөл 9:00-17:00 ШУТИС ШУТИС: Б: Мөнхбаяр
Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр /мэдээлэл цуглуулах, мэдээллийн эх үүсвэр, үзүүлэлтийг тооцох аргачлал/ 9:00-17:00 ҮСХ ҮСХ: Газрын дарга А. Дэмбэрэл

Г .Ялалт

Д. Оюунбилэг

2018 оны 03 сарын 17, Бямба гараг: Сургалт
Ногоон эдийн засаг ба загварчлал 8:30-17:00 МУИС, Төв номын сан ХААИС: Др. Г. Ганзориг

МУИС: Проф. Б. Бат

Categories
мэдээ нийгэм

Сарын дундаж цалин нэг сая болж өсжээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлыг танилцуулав. Өнгөрсөн сарынхтай харьцуулбал нийгмийн салбарт зарим индексүүд өссөн хэлбэртэй гарчээ. Мэдээллийг Үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын статистакч Ю.Батзоригт, ахлах шинжээч С.Норов нар танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны хоёрдугаар сарын эцэст 36.3 мянга болсны, 24.6 (67.7%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (32.3%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.5 (27.8%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 (1.4%) хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8 (52.2%) мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 2 сард ажилгүй 12.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 11.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Говьсүмбэр, Увс, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Дорнод, Төв, Архангай, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудад улсын дунджаас 0.1-21.1 пунктээр илүү байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны IV улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид хамрагджээ. Эдгээр ажиллагчдын:

  • 46.7 (7.6%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 34.3 (5.6%) мянга нь 240 001-300 000 төгрөгийн цалинтай,
  • 85.7 (14.0%) мянга нь 300 001-500 000 төгрөгийн цалинтай,
  • 216.4 (35.2%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,
  • 121.9 (19.8%) мянга нь 900 001-1300000 төгрөгийн цалинтай,
  • 28.2 (4.6%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,
  • 80.6 (13.2%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 700 001-900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 6.1 мянгаар, 900 001-1100 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.4 мянгаар, 1.100.001-1.300.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.2 мянгаар, 1.300.001-1.500.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 9.8 мянгаар нэмэгдсэн байна.

Харин 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.7 мянгаар, 240 001-300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.6 мянгаар, 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 22.0 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.3 мянгаар буурчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 мянган төгрөгөөр өсчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс өсөхөд:

  • Барилгын салбарт ажиллагчдын цалин 163.1 мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 235.2 мянган төгрөг,
  • Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 247.1 мянган төгрөг,
  • Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 123.8 мянган төгрөг,
  • Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 240.1 мянган төгрөг,
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 154.4 мянган төгрөг,
  • Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 89.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 11940 эх амаржиж, 12017 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 (17.0%)-аар, амьд төрсөн хүүхэд 1744 (17.0%)-өөр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 (6.7%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 13 (6.3%)-аар нэмэгдсэн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна.

Эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 1 болж, өмнөх оны мөн үеэс 1 (50.0%)-ээр буурлаа. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 8 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 2 сард 6003 болж, өмнөх оны мөн үеэс 430 (6.7%)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 416 (21.4%)-гаар, трихомониазаар өвчлөгчид 179 (21.0%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 16 (5.2%)-гаар, тэмбүүгээр өвчлөгчид 52 (5.0%)-оор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 231 (79.7%)-ээр, вирүст хепатитаар өвчлөгчид 20 (28.2%)-оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 42 (14.7%)-оор өссөн байна.

Улаанбаатар хотод 2018 оны 2 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна.

Монгол Улсын хоёрдугаар сарын Эдийн засгийн мэдээллийг Үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын статистакч Ю.Батзоригт танилцууллаа.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 7368 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2590 (54.2%)-ээр өсжээ.

Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 1397 (91.5%), залилах гэмт хэрэг 559 (2.4 дахин), дээрмийн гэмт хэрэг 242 (3.7 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 284 (19.6%), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 118 (65.6%), хөрөнгө завших гэмт хэрэг 104 (3.7 дахин)-өөр өссөн нь голлон нөлөөлөв. Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 2018 оны 2 дугаар сард 3382 болж, өмнөх оны мөн үеэс 1303 (62.7%)-аар өсөж, өмнөх сараас 637 (15.8%)-гоор буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 220 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 57 (20.6%)-гоор буурсан байна.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 13.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 301 (2.1%)-ээр буурч, харин баривчлагдсан хүн 13 (0.9%)-аар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 2 сард 6248 болж, 275 (4.4%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 2684 (43.0%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны эхний 2 сард 31.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 2.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 34.0 (51.6%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 23.6 (91.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Мөн мөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 2 дугаар сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 135.5 (0.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 (29.0%) их наяд төгрөгөөр өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт 2018 оны 2 дугаар сард өмнөх сараас 135.5 тэрбум төгрөгөөр өсөхөд валютын харилцах 152.4 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч валютын хадгаламж 114.5 тэрбум төгрөг,төгрөгийн харилцах 78.5 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 70.8 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө 24.1 тэрбум төгрөгөөр ссөн нь нөлөөллөө.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 2 дугаар сарын эцэст 13.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 170.9 (1.3%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1.2 (9.8%) их наяд төгрөгөөр өсөв.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 2 дугаар сарын эцэст 993.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 56.0 (6.0%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 57.4 (5.5%) тэрбум төгрөгөөр буурлаа.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны 2 дугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 72.5 (6.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 196.0 (18.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пункт, өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр өссөн байна.

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 2 дугаар сард 2402.9 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.0 хувь, өмнөх сараас 0.9 хувиар чангарчээ. Төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 2 дугаар сард 380.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.5 хувь, өмнөх сараас 0.8 хувиар суларчээ.

Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 2 дугаар сард 42.28 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар чангарсан байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2018 оны 2 дугаар сард 21116.0 нэгж болж, өмнөх сараас 31.21 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 8993.78 нэгжээр өсөв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур чинь…

Монголын телевизүүдээр урлаг соёлын шоу дэндүү гэмээр их байна. “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг”, “Тhe Voice of Mongolia”, “Per­fect dance”, “Чи бүжиглэж чадах уу”, “Mongolian best dance crew”, “Universe best songs”, “My voice”, “Гэгээн алсын одод”… өөр юу юу ч байна. Хойшид ч шинэ шинэ хэлбэр агуулгаар үргэлжлэх бололтой. Юу дутахав гэж байгаа юм шиг “Улс төрчид дуулж бүжиглэж байна”, “Уяачид дуулж байна”, “Бөхчүүд дуулж байна” гэсэн цэнгэн хөгжилтүүд зэрэгцэх аж. Дээр нь Солонгос кино байна. Энэ бүхэн арай хэтрээд байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байна уу, монголчуудаа. Монголын нийгмийн сэтгэл зүй энэ бүхэнд живлээ.

Монголын баячууд гэх хүмүүс бүгдээрээ TV нээсэн. Уул уурхайгаас олдог асар их ашгийн багахан хэсгээрээ шоу нэвтрүүлгүүд хийж байна. Одоо бүр ихсэх юм гэсэн. Эдгээр шоунуудыг дэлгэрүүлж буй эрхмүүдийн гол бизнес ямар аймаар луйвар, тонон дээрэмдэлт, байгаль орчны сүйтгэл, авлига хээл хахууль байдгийг, түүнийгээ шоу болон бусад зүйлсээр хэрхэн өнгөлөн далдалдгийг ард түмэн үнэндээ мэдэхгүй. Энэ бол манай хэдэн компанийн хамгийн увайгүй үйлдэл юм. Олон улсын хар практикт тухайн улсын олигархууд, компаниуд энэхүү өөдгүй онолоо юу гэж ярьдаг гэхээр “Тэнэгүүдийн оюун санааг шар хэвлэл, кино сериалууд, TV-ийн элдэв шоугаар барих” гэж томьёолсон байдаг юм. Дээр нь орчин үед сошиал ертөнц айхтар нэмэгдлээ.

Улс орноо хуваан идэж буй улс төрчид, олигархуудын бодлогоор монголын ард түмнийг шоунаас шоуны хооронд, киноноос киноны хооронд амьдруулж байна. Ийм хөнгөн нимгэн үзүүлбэрүүдэд бүрэн автсан ард түмэн өөр юуг ч нийгмээс олж хардаггүй, анзаардаггүй, мэдэрдэггүй болчихдогийг бид наад зах нь Эрдэнэтээс харж байна. Монголчууд ийм тэнэгэрсэн ард түмэн байж болохгүй. Урдаас чинь хараад “Болиод өгөөч ээ та нар” гэж орилмоор байна шүү дээ. Дээр нь энэ олон гадаад дотоодод болж буй бөхийн тэмцээнүүдийг нийгэмд сурталчилахаа больё. Улс орны хөгжил цэцэглэлтэд ямар нэмэртэй юм. Яг үнэндээ дуучин ч тэр, бөхчин ч тэр, амжилт нь тухайн хувь хүндээ л ашигтай. Улс орны хөгжилд бол падлий ч байхгүй. Монголын ард түмнийг харанхуй бүдүүлэг, санаж сэрэх зүйлгүй барьж байх гол технологи энэ болж дээ. Энэ технологи хэрэгжиж буй улс орны нийгэмд баян, хоосны ялгаа туйлдаа хүрдэг дэлхийн практик байна. Африкийн орнууд, өмнөд Америкийн ядуу буурай орнуудыг хар. Зүүн өмнөд Азийн орнууд байна. Жишээ нь Энэтхэг улс. Яг л энэ технологи нийгэмд нь бүтэн 40 жил үргэлжилсний эцэст одоо ямар болсон гээч. Баян, ядуугийн зааг ялгаа нь хэтийдсэн. Дундаж давхарга бол бараг байхгүйтэй адил улс орон шүү дээ. Харин нэг онцлог нь баячууд нь улсдаа өгөхөө өгсөн шиг өгч чаддаг өгөөмөр болж төлөвшсөн баячуудтай улс юм. Түүгээр нь ард түмнээ өлсгөөд алчихгүй, өнөө нэг их дуулж, уйлдаг олон киногоороо нийгмийн сэтгэл зүйгээ удирдаад явж байна. Доод давхаргад нь төрсөн бол тэр хүн дэлхийн хэмжээний сод авьяас билэгтэй, гайхамшигтай мэдлэг боловсролтой байгаад ч, өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд ч амжилтад хүрэхгүй, дээшээ гарахгүй, мөнхөд доошоо байсаар насаа дуусгаж байгаа нь энэ улсын эмгэнэл юм. Өнөөдөр Монголд хэрэгжиж буй хар технологи лав л 40 жил Энэтхэгт хэрэгжихдээ ийм л өөдгүй, ёс бус нийгмийг бий болгожээ. Монгол Улс яг л энэхүү онол, арга механизмаар нь өнөөдөр явж байна. Монголчуудын 70 хувь нь ядуу хоосон, ажилгүй, орлогогүй болчихлоо. Энэ бол наад захын нотлогдож буй баримт.

Үүнийг дэмий гэдгийг “Өдрийн сонин” байнга сануулдаг, одоо ч сануулж байна. Мексик, Бразилд хөл бөмбөг, хар тамхи, янхан гурав нийгмийг нь нөмөрсөн байдаг. Энэ гурав дотроосоо хэзээ ч гарч чадахгүй болчихсон ард түмнийхээ ар шил дээр хэдэн тооны улс төрч, баячууд нь юу дуртайгаа хийж байдаг. Энэтхэгийг сая хэллээ, дуулж, уйлдаг киногоороо нийгмээ барьж байгаад хэдэн хүн айл гэр болж тоглодог гэж. Монгол Улс яг ийм зам дээр гарчихсан, гурван саяулаа дуулж, бүжиглэж байна. Залуу хэсэг нь бөх барилдаж байна. Нийслэлийн гэр хороолол бол тэр чигээрээ Солонгос кино үзэн амьдардаг. Цөөн хэсэг нь зах дээр тэрэг түрж, ойр зуурын юм зарж, зарим нь гудамжныхаа захад нүүрс, түлээ борлуулж талхны мөнгөө олдог. Гэр хорооллын 80 хувь нь хөдөөнөөс ирсэн малчид. Гэр бүлийнхнийхээ хагасыг хөдөө таван мал дээрээ үлдээхээ бас мэдсэн байгаа юм. Тэр хүмүүс нь хоолны махаар хотын хэдээ таслахгүй. Тэгэхээр тэд өлсөхгүй. Өлсөж үзээгүй хүн ажил хийх үү, “Хоолтой хүн ажил хийх дургүй байдаг” гэсэн үг бий. Приус машин хямдхан зарагдах юм. Хэдэн малнаасаа зарж байгаад бүгдээрээ шахуу приустэй болчихож. Өдөртөө ойр зуурын талхны мөнгөний ажлаа амжуулаад орой хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад харина. Тэгээд л шоугаа, киногоо үзээд, уйлалдаад, дуулалдаад, ийм тийм, яг бидэн шиг гэж яриад, хөдөөнөөс ирсэн махаа идээд суучихна, дараа нь унтана. Маргааш нь амьдрал яг л нэг хэмнэлээр үргэлжилнэ. Улс оронд нь юу болж байгааг мэдрэхгүй, өөрсдөө ямар зорилго тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө хэрхэн хөдөлмөрлөх нь тодорхойгүй. Ийм мангар болчихсон нийгмийн сэтгэл зүй дээр мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй, арай боловсролтой хэсэг нь ямар эх оронч бус, өөдгүй, гадны луйварчид нийлж улс орноо тонон дээрэмддэгийг харж байна. Үүнийг дахин давтан улиглан бичихээсээ залхахгүй шүү.

Удахгүй ус гэсэж, урь унаж, хүүхдийн сургууль тарна. Энэхүү цаг тавирсан цөөн хэдэн сардаа монголчууд юу хийх вэ. Бүгдээрээ очиж сүйтгэцгээ гэж байгаа юм шиг улсынхаа хамгийн үзэсгэлэнтэй газар бүхэн рүү хамгийн өндөр өртгөөр засмал зам тавьсан. Зургаадугаар сар гараад л гэр бүлээрээ, отог омгоороо, ажлын хамт олноороо, ангиараа, FC групээрээ хүртэл нэгдэж нийлээд, өнөө приустээ чихэлдэж суугаад хотоос гарч алга болцгооно. Энд гоё байна гэж сельфидээд, Хөвсгөл, Буйр, Увс нуур, Хархираа, Ёлын ам… дөрвөн зүг найман зовхист биесээ уриалан дуудацгаана. Түүн рүү нь гараад бөөн бөөнөөрөө давхилдана. Ганц ажил хийх, баялаг бүтээх урин дулаан цагтаа ийнхүү тараад алга болдог. Хот хоосорч үлддэг. Дээр нь Шинэ жил, Цагаан сар, Наадам, Улс тунхагласан, Чингисийн төрсөн өдөр, Мартын 8, Эх үрсийн баяр, Цэргийн баяр… ёооё, энэ олон баярыг хэрхэн давж туулах вэ. Зах замбараагүй шоу цэнгэл, баяр ёслолын үр дүнд үр хүүхдүүд нь боловсролгүй, өөрсдөө таргалалт ихтэй, хавдрын өвчлөл хавтгайрч, насгүй болж байна шүү дээ. Тэсээд 50 нас гараад өнхрөөд өгөх тийм аюултай амьдралын хэмнэл рүү бид орчихлоо. Хийж бүтээж, хөдөлмөрлөж, зарж борлуулж, ашиг орлого олж байгаа юм Монголд алга.

Ард түмнийг ийнхүү дуулсан дуундаа уяраад уйлж суухад улс төр-бизнесийнхэн, сортоотой цөөхөн хэсэг нь хагартлаа баяжиж, улс орныг цөлмөөд дуусч байна. Тэд мөрөөрөө баяжихгүй байна. Монголын ард түмний өмч гэх хөрсөн доорхи уул уурхайн баялгийг хэдхэн хүн дэлхийд зарж идэж байна. Биднийг дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур Эрдэнэт үйлдвэрийг яасныг хардаа. 49, 51 хувиар нь МАН, АН-ын олигархууд хуваагаад авчихсан байгаа биздээ. Нам нь бишээ, намын толгойд нь байдаг хэдхэн олигарх хуваагаад авчихаж. Зүй нь ардчилсан нийгэмд ард түмэн энэ бүхнийг хянаж байх ёстой юм. Ядаж л нээлттэй хувьцаат компани болгочиход л хянагдаад явчих өмч шүү дээ. Гэтэл ингэж хянах зав ч алга, ингэж хянах боловсрол ч ард түмэнд байхгүй байна. Соргог, боловсролтой, ухаалга ард түмэн бол Эрдэнэтээс хувь хүртэнэ гээд төв талбай дүүрэн тайван жагсаал хийж байх ёстой. Ганц нэг жагсаалыг нь эргээд саная. Дэмий юманд жагсаал хийж Иргэний хөдөлгөөний нэр хүндийг гутааж байна. Жагсаал хийнэ гээд цуглахаар л хувьсгал хийнэ болоод явчихдаг. Ийм буруу сурталтай болчихсон. Хувьсгал гэдгийг чинь хүссэнээрээ хийчихдэг юм уу. Гурван сая ард түмэн гурван жил болоод нэг хувьсгал хийдэг гэж дэлхийн түүхэнд байхгүй. Жагссан түүхүүд, Иргэний хөдөлгөөнүүдийн дэвшүүлсэн зорилтыг харахад хувьсгал хийх, МАН-ыг устгах, ордныг орж түйвээх, ийм сүртэй глобал хэмжээний хөөрөл бүтэхгүй нь онолоор батлагдсан. Харин үүний оронд Эрдэнэт үйлдвэрийг нээлттэй хувьчил гээд талбай дүүрэн жагсаад байхад бүтнэ. Бүтэхээр, тодорхой асуудлыг шийдүүлэх гэж л нийгэмд тайван жагсаал хиймээр байна. Ингэж л төрийн дээрэмчдийг хянамаар байна. Үнэндээ Баасан гуайн мөрдөс хуулалт, Мөнхбар гуайн буутай гэтэлт, долоодугаар сарын 1-ний хэрэг явдал… гээд цөөнгүй үйл явдлууд Иргэний хөдөлгөөний нэр хүндийг унагаж, ард түмнээс дэмжлэг авахгүйд хүргэсэн. 1989 оны 100 мянга гаруй хүний жагсаал тодорхой асуудлуудыг шийдүүлэх гэсэн учраас бүтэлтэй болсон. Дэмжлэг аварга том байлаа. Түүн шиг ядаж Норвегийн сан шиг байгалийн баялгийн орлогоос бүрдсэн том сантай больё гэдэг ч юм уу. Хүндээр өвдсөн үедээ эмчилгээндээ мөнгө авдаг сантай болъё гэдэг ч юм уу наад захын ийм тодорхой асуудлууд дээр жагсаал хийвэл үр дүнд хүрнэ.

Тийм болохоор одоо энэ олон шоунуудаа хориглоё. Дуу хуураа цөөлье. Ямар ч ашиггүй гадаадын тэмцээн уралдаанд цөөхөн оролцъё. Энэ бүгдээр улс хөгждөггүйг харлаа. Харин хөгжсөн хойноо энэ мэт салбараа тултал нь дэмждэг юм байна.

Эдгээрийн оронд зүгээр л хийж бүтээе, технологийн дэвшил гаргая. Иргэдээ зөв хандлагатай хүмүүс болгоё. Ядаж гэрийн эзэгтэй нарт үр хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх тухай заая. Тийм хөдөлгөөн өрнүүлье. Амьдралд ойр, хүнд хэрэгтэй, улс оронд хэрэгтэй ийм нэвтрүүлгүүдийг гаргадаг болъё. Харж байхад дууны шоунд түрүүлсэн хүн нь цаашаа явдаг юм байгаа биз. Түрүүлээгүйг нь “Чи авьяастай, манай урлагийн хүн байна” гэж шүүгч нар нь худлаа залдгаа боль. Цаад хүн нь нээрэн би дуучин болох юм байна гэж итгээд ирээдүйгээ алж байна шүү дээ. Тэр сайн гагнуурчин байгаад өөрийгөө, гэр бүлээ хангалттай сайхан аваад явчих, энэ хэрээрээ улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах хүн байж болно шүү дээ. Энэ олон шоуны шүүгчид гэж хүмүүсийг ингэж өөрсөндөө уяж, өөрсдийнхөө үзэгчдийг бэлддэг юм биш үү гэж сүүлдээ хардах боллоо. Худлаа хөөргөж, хүний ирээдүйгээр тоглож байгаад нь зэвүү хүрэх юм. Чи зүгээр яв, өөрийгөө ол гээд залуусыг явуулчихаж байгаа ч, шүүгч нар аа. Гурван сая хүнд 30-хан хүн л урлагаар амьдарна. Үлдсэн 30 мянган хүн нь золиос болно. Спорт ч ялгаагүй, утга зохиол ч мөн адил. Зах зээл нь байхгүй улсад гуйлгачин л болно.

Монгол Улсад ажил хийх хүн улам байхгүй болж байна. Өнөөдөр Гаити гэж улс яг ийм байдалд орж сүйрэл, мөхлийг нь судлаачид ОУ-д ярьж бичээд эхэллээ. Дэлхийн шившиг болж байна. Энэ улсын замаар манайх явах бий гэж эмзэглэж байна. Монголд хайртай улс төрч Монгол Улсад байхгүй ч юм шиг. Өөртөө хайртай, нууц амрагтаа байгаагаа бардаг улстөрчдөөр энэ улс дүүрчээ. Монголд хэдхэн төрлийн эрх чөлөө л байна. Сошиалд солиорох эрх чөлөө байна. Шоудаж цэнгэн хөгжилдөх эрх чөлөө байна. Архи пиво эргүүлэх эрх чөлөө байна. Хонь алж идэх эрх чөлөө байна. Харин бизнес хийх, баялаг бүтээх эрх чөлөөг төрд байгаа хэдэн луйварчин булааж авчихаад боломж олгохгүй байна. Орон зайг нь улам хумьж байна. Оронд нь ард түмний сэтгэл зүйг шоунд хөтөлж, солонгос кинонд төвлөрүүлж, ар хударгаар нь улс орноо тонон дээрэмдэж байна. Ард түмэн минь үүнийг ойлгож ухаараач.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөхөд бүрдүүлэх материалын жагсаалт

Холбоотой Зураг

Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 захирамжийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна. Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж байгаа бол шинээр газар олгохгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн 1 дүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө,
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт
  • Кадастрын зураг

Эдгээр материалыг бүрдүүлсний дараа таны эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг дараах дарааллаар шийдвэрлэх юм. Үүнд:

  • Дүүргийн Газрын албаны бичиг хэргийн ажилтан хүлээн авна.
  • Дүүргийн Газрын албаны дарга иргэний өргөдөлтэй танилцаж газар өмчлөл хариуцсан мэргэжилтэнд шилжүүлнэ.
  • Дүүргийн өмчлөлийн мэргэжилтэн судалж, төсөл бэлтгэн Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтэст хүргүүлнэ.
  • Газар өмчлөлийн хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн захирамжийн төслийг хянаж, Ажлын хэсгийн хуралд танилцуулна.
  • Захирамжийн төсөл бэлтгэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдээр хянуулж санал авна.
  • Нийслэлийн Засаг дарга төсөлтэй танилцаж захирамж гаргана. Захирамжийг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэрийг баталгаажуулан дүүргийн Газрын албанд хүлээлгэн өгнө.
  • Иргэнд газар өмчлөлийн шийдвэрийг өгч иргэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гарган авна.
Categories
мэдээ соёл-урлаг

Энэтхэгийн бүжгийн хамтлаг Монголын тайзнаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд “Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Энэтхэгийн үндэсний бүжгийн хамтлаг 2018 оны 03 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан тоглох гэж байна.

БНЭУ-ын “Падатик” бүжгийн төвийн уран бүтээлчид Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн шугамаар гадаадын олон орноор аялан тоглож байгаа бөгөөд энэ удаад Монголын ард түмэнд өөрсдийн үндэсний бүжгийг орчин үеийн бүжгийн төрөлтэй хослуулан гайхалтай уран бүтээлийг хүргэхээр зорьжээ.

Тоглолт 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагт “Улаанбаатар чуулга”-д, 03 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагт Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын тайзнаа үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдана.

Зохион байгуулагч:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БНЭУ-аас Монгол улсад суугаа Энэтхэгийн Элчин Сайдын Яам

Хамтран зохион байгуулагч:
Дархан-Уул аймгийн БСУГ “Залуучууд” театр, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”

Холбогдох мэдээллийг дараах утаснаас авна уу: 99054668 /Соёл, урлагийн газар/

7011-8411, 99996615 /Улаанбаатар чуулга/