Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад иргэдтэй уулзав. Мандал сумын төв нь Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумдаас хүн амын тоогоор нэгдүгээрт ордог дэд бүтэц, төмөр замын сүлжээнд холбогдсон томоохон сум юм.

Мөн энэ сум газар тариалангийн бүс нутагт тооцогдож, үүний хажуугаар уул уурхайн томоохон орд газрууд байдаг нь нутгийн иргэд болоод олборлох салбарынхны хооронд зөрчилдөөн үүсэх үндэслэл болдог талаар нутгийн иргэд уулзалтын үеэр түлхүү ярьж байв. Үүний нэг жишээ нь, Ноён уулын асуудал бөгөөд нутгийн иргэд Ноён ууланд Хүннүгийн үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлс байдаг тул ууланд уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад олноор хэлж байлаа. Ноён ууланд олборлолт явуулахтай холбоотой асуудлаар нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл шүүх ажиллагааны процесс үргэлжилж байгаа юм байна.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан

Сайн байцгаана уу? Би зөвхөн Ерөнхийлөгчид ч биш нийт ард түмэн, тархан суугаа монголчууддаа хандаж нэг зүйл гуймаар байна. Өмнөх Ерөнхийлөгч “Та нар доороос нь сайн тэмц, би дээрээс нь дэмжээд өгье” гэж Ноён уулын талаар ярьж, хэлж байсан. Бид амиа гартал тэмцсэн, жагссан, өлссөн. Өнөөдрийг хүртэл Ноён уулын асуудлаар захиргааны хэргийн шүүхэд зарга үүссэн явж байгаа. Хэдийгээр захиргааны хэргийн шүүх дээр торгоогоод явж байгаа ч гэсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бид Ноён уулаа хамгаалах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Ерөнхийлөгч та санаачилж, өргөн барих хэрэгтэй. Цаашлаад Ноён уулыг ЮНЕСКО-д дэлхийн соёлын өвөөр бүртгүүлэх боломж бий. Байгалийн цогцолборт газар гэдгээс гадна археологийн асар их олдвортой. Дэлхийд ганцхан байгаа Хүннү гүрний баталгаа болох 374 булш, бунхан байгаа энэ сайхан хайрханыг гадны луйварчдад алдах гээд байна. Монголыг тойрсон зах замбараагүй лицензүүд бий. Уул уурхайн асуудал замаа алдсан байгаа шүү. Бэлчээргүй болсон, гол ус нь хордсон гамшгийн байдалд орлоо. Бид Канадын дагавар, колони улс биш шүү дээ. Өчигдөр /энэ сарын 21-ний өдөр/ захиргааны хэргийн шүүх дээр Ноён уул, “Сентерра гоулд”-тай холбоотой шүүх хурал болох байсан ч 35 дахь удаагаа шүүх хурал хойшилж рекорд тогтоолоо. Өнөөдрийг хүртэл бид гаднын компаниас уул ус, өвөг дээдсийнхээ булшийг хамгаалан тэмцэж байна. Ахуйн чанартай олон асуудал байгаа ч Ноён уулын асуудал илүү чухал юм шүү. Бид ардын хүүхдэд хатуу, авлигачдад зөөлөн хуулиас айхгүй. Шударга үнэний дуу хоолой болж явахдаа юунаас ч айж, ухрахгүй гэдгээ хэлмээр байна.

Мандал сумын 4-р багийн иргэн Д.Чимэдрэгзэн

Эх орон гэж ард түмэн, газар нутаг, тусгаар тогтнол гэсэн гурван зүйл дээр тогтдог байх гэж би хувьдаа боддог юм. Гэтэл өнөөдөр лиценз нэрээр газрыг маань хулгайлж, гаднынханд зарж байна. Газар шорооноосоо урвасан явдал юм. Үндсэн хуульд “…байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг. Гэтэл өнөөдөр биднийг хуураад, биднээс хулгайлж газар зарж байна. Эх орон гэх гурван тулганы хоёрыг нь устгаж, хулгайлсан хүмүүсийг бид юу гэж нэрлэх вэ. Оффшорчид гэх үү, луйварчид гэх үү. Тэд бол эх орноосоо урвасан урвагчид. Тиймээс лицензийн асуудлыг цэгцэлж, гаднын компанид лиценз өгөх асуудлыг төрийн, тагнуулын байгууллага оролцдог болгож чангалмаар байна.

Мандал сумын 7-р багийн иргэн С.Лхагвасүрэн

Мандал суманд 1250 гаруй өрхийн тариаланч байдаг. Бидний хадгалсан ногоо зоориндоо өнөөдрийг хүртэл байж байна. Тарьж ургуулаад, хадгалаад хамгаалж байгаа ч зарагдахгүй, Улаанбаатарт хятад ногоо дүүрэн байна. Өрхийн тариаланчид бид хятад хүнсний ногоотой өрсөлдөх аргагүй байна. Тэд олон янзын бордоо, техник тоног төхөөрөмжөөрөө давамгайлж тарьж ургуулдаг. Харин бид үхрийн баасаар л борддог. Цэвэр бүтээгдэхүүн нь борлогдохгүй, хятад ногоо зарагдаад байдаг энэ байдлыг тусгай ярьж, хэлдэг газар нь хэлмээр байна. Бид өөрсдийн ногоог Улаанбаатарын иргэдэд өндөр үнээр зарах юм уу шахах гээгүй. Хэдхэн ченжийн гарт байгаа хятад ногооны худалдааг болиулмаар байна. Бид өөдөө гарч, өсөж дэвжиж чадахгүй арай гэж л амьдарч байна. Урдаас орж ирж байгаа ногоог зохицуулалттай болгомоор байна шүү.

Иргэн Б.Батсайхан

Би Мандал сумын хүндэт иргэн шахуу хүн байна. Ноён уулаар холбогдож, энэ уулыг хамгаалахын төлөө тэмцэж яваад Мандал сумынхантай холбогдсон юм. Монгол Улсын баяр наадам “Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны…” гээд эхэлдэг болсон. Монгол Улс төрт ёсны түүхээ урагш нь “шидсэн”. Харин энэ төрт ёсны үүслийг баталж, нотолдог ганцхан газар нь Ноён уул юм шүү. Ийм ариун, чухал учраас бид хамгаалдаг. Ерөнхийлөгчийг бид сонгосон, ямар байх, ямар байлгах түүхийг бид хамтдаа бичилцэх ёстой. Одоо бид маш тодорхой зүйл хиймээр байна. Өнгөрсөн жилүүдэд бид үргэлж ахуйн чанартай зүйл ярьж, хийж ирсэн байдаг. Энэ бүхний цаана бул хар чулуу байгаа зүйлийг бид тодорхойлсон, Ерөнхийлөгч бидэнд хэлсэн. Удирдах ёстой төр нь мангас болчихоод байгаа. Бид тэднээс зайлшгүй, цаг алдалгүй салах хэрэгтэй. Би ганц, хоёрхон хоногийн өмнө АНУ-аас ирсэн. Тэнд Монгол Улсаасаа амьдрал хөөгөөд дүрвээд, дайжаад очсон хэдэн зуун залуу байна. Тэд сэтгэл зовинож байгаа ч тэндээ сайхан амьдарч, үр хүүхдүүд нь англиар хэлд орж байна. Бид, бидний үеийнхэн өөрчлөлтийг цаг алдалгүй хийхгүй бол ямар ч шаанс алга.

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид

“Бид эе эвийг хичээж нам, намчирхал гэсэн зүйлийг болих хэрэгтэй. Бид ташуураа бариад далайхад хаа ч хүрч чадна. Харин нэг өглөө босоход газаргүй болчихсон байх вий дээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийх нь хувьд Монгол Улс үндэсний аюулгүй байдлын хувьд доройтож байна гэдгийг хэлмээр байна. Хүүхдүүд алга болж байна. Эмс охид замбараагаа алдсан. Монгол хүний ген, үүх түүх, өв соёл байхгүй болж байна. Тийм учраас Ноён уулыг монголчуудын язгуурыг устгахын тулд үндэстэн дамнасан, олигарх “Сентерра гоулд” зэрэг компани санаархаж байна. Гэхдээ тэд чадахгүй. Үүний төлөө алтан амиа өргөнө гээд 375 залуу Төрийн өндөрлөгүүдэд мэдэгдлээ хүргүүлсэн байгаа. Дээрээс нь Мандалын 10 мянга гаруй хүн Ноён уулыг ухахыг эсэргүүцнэ гэж гарын үсгээ зурсан. Зөвхөн Мандалын иргэд ч биш дэлхийн 24 орны хуульч, сэтгүүлчид Ноён уулыг хамгаалж байгаа” зэргээр Мандал сумын төв Зүүнхараагийн иргэд уул уурхай, газар тариалантай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж санал, бодлоо хэлэв.

Харин Төрийн тэргүүн Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд хандаж хамгийн их асуудал хөндөгдсөн Ноён уулын асуудлаар:

“Мандал сумын Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой. Ноён уулыг төрийн хамгаалалтад авна гэж би сонгуулийн өмнө хэлсэн. Энэ амлалтаа мартаагүй байгаа. Ноён уултай холбоотой маш их санал гарч байна. Миний зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Уянга Ноён уултай холбоотой захиргааны хэргийн бүх шүүх хуралд оролцож, надад мэдээлэл өгч байгаа. Ямар нэг байдлаар энэ ууланд байгаа алт, булш, олдвор зэргийг хамгаалах, хадгалах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна. Нөгөө талд маш их мөнгөтэй, маш том хуулийн баг ажиллаж байгаа. Гэхдээ удахгүй сайн мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн юм.

Мөн Төрийн тэргүүн тэтгэврийн нас, зөрүү, зээл, ажилгүйдэл, оффшорын асуудлаар иргэдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын баримталж буй бодлого, шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд танилцуулснаар уулзалт өндөрлөв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Ерөнхийлөгч энэ жил хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох, Үндсэн хуулийн 6.1-ийг хэрэгжүүлэх хууль санаачилна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Сүүлийн хэд хоног Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очиж Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлыг Д.Трампад уламжиллаа гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүрээнд Конгрессийн гишүүдтэй уулзаж Монгол Улсаас АНУ-д оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй нийлүүлэх, Монгол Улсаас АНУ-д хууль бусаар очсон мөнгөөр авсан үл хөдлөх хөрөнгийг Монголд авч ирэх асуудлаар уулзсан гэж байсан. Явсан ажил хэр бүтэмжтэй байв?

-Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ, Израйлийн АЙПАК байгууллагаас 2018 оны жилийн уулзалтад ирж үндсэн илтгэгчээр оролцох урилга ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох боломжгүй байсан учраас би төлөөлөн очсон. Гэхдээ үндсэн илтгэгчээр ороогүй. Миний АНУ-д очсон гол зорилго Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг квотгүй, татваргүй оруулах хууль гаргуулах талаар Конгрессийн хоёр танхимын гишүүд, Худалдааны яамны хүмүүстэй уулзсан. Хоёрдугаарт, АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Сангийн яам, Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгүүдийг буцаан өгөх хөтөлбөрийнхөнтэй уулзаж оффшор болон манайхаас хууль бусаар АНУ-д үл хөдлөх хөрөнгө болон хувирсан хөрөнгийг хэрхэн буцаан авах талаар уулзалт хийлээ. Ерөнхийлөгчийн захидал шинэ оны өмнө явсан. Хариу нь хоёрдугаар сарын 22-нд ирсэн л дээ. Төрийн тэргүүн захидалдаа “Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хоёр зүйл дээр тусламж хүсэж байна” гэсэн утгатай захидал илгээсэн. АНУ-ын Конгрессийн дээд, доод танхимыг Монголд зориулан хууль гаргаж өгөөч гэсэн юм.

1990 оны эхээр байсан оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах хуулийн хүрээнд 30-35 мянган оёдолчин эмэгтэй ажилтай байсан. Уг хууль 5-6 жил орчим хүчин төгөлдөр байв. 1990 оны дундуур АНУ-ын нэн тааламжтай нөхцөлтэй гэдэг статуст нь манайх багтдаг байсан. БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад орсонтой холбогдуулан дэлхий нийтээрээ АНУ-тай нэн тааламжтай нөхцөлийн статус үгүй болж, аль нэг улсад давуу эрх олгохгүй гэчихсэн юм. Тиймээс манайд байсан оёдлын үйлдвэрүүд хаалгаа барьж, оёдолчин эмэгтэйчүүд ажилгүй болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга монголчуудаа ажилтай болгохын тулд уул уурхай дээр нэмээд ажлын байр үүсгэдэг өөр бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй. Тэр дундаа АНУ-тай явж ирсэн худалдааны нэн тааламжтай нөхцөлийг сэргээе гэсэн юм. Гайти, Непал, Лаос, Камбож зэрэг орон АНУ-тай сайн харилцаатай гэдгээрээ улсынхаа нэртэй хууль гаргуулсан байдаг. Тиймээс Монгол Улс 30 жил болсон энэ харилцаагаа тэмдэглэж, ийм хууль гаргахад тусална уу гэсэн албан бичиг явуулсан.

Хоёрдугаар үндсэн асуудал нь Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараахан АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзахдаа, мөн АНУ-ын Төрийн департментын туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй уулзах үеэрээ хөндөж ярьж байсны дагуу оффшор бүст байгаа манай авлигачдын хөрөнгийг эргүүлж авахад мэдээллийн тусламж үзүүлэх мөн тус улсад очоод үл хөдлөх хөрөнгө болчихоод байгаа Монголын хөрөнгийг буцааж авъя гэдэг хүсэлтийг АНУ-ын хуулийн байгууллагынхантай ярилаа.

-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй, квотгүй оруулах боломж байгаа юм уу?

-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй оруулах асуудлын хүрээнд Конгресс болон АНУ-ын Сангийн яам, Худалдааны яамныхантай уулзсан. Тэд “Бид судалж үзье. Хууль санаачлах гишүүдээ олоод хуулиа санаачилчихаад хэлээрэй. Бид дэмжинэ” гэдэг амлалттай ирсэн. Нэг улсад тусгайлан хөнгөлөлт үзүүлэхгүй байх гэдэг Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг улс орнууд барихаа больж худалдаа чөлөөтэй байхаа больж эхэлж. Хятад улс пуужингаас хамгаалах системд зориулж газраа төрд өгсний төлөө Өмнөд Солонгосын LOTTE группын бүтээгдэхүүнийг авахаа болих жишээтэй. Үүн шиг Далай ламыг Монголд ирсний дараа “Танай нүүрсийг авахаа болилоо” гэдэг дарамт шахалт үзүүлдэг гэх мэтчилэн худалдаа чөлөөтэй байх дүрэм ажиллахгүй байна. Өнгөрөгч пүрэв гаригийн үдээс хойш АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп импортын ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар тавьсан. Мексик, Канад, Австралид уг хууль үйлчлэхгүй гэдгийг мэдэгдсэн. Үүнтэй адилхан зөвхөн Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй авна уу гэж хүссэн. Ингэж чадвал манай ноолуур 100 хувь бэлэн бүтээгдэхүүн болохоос гадна Хятадын ноолуур манайд үйлдвэрлэгдэн цамц болоод АНУ руу гарах боломжтой.Монгол Улс дэлхийн ноолуурын талыг нь гаргадаг учраас уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх хамгийн гол нөөц. Эцсийн зорилго нь сонгуулийн үеэр ярьсан ажлын байр нэмэгдүүлэх асуудал. Ажлын байр үүсгэдэг салбараа дэмжиж босгохгүй бол ажлын байр төдийлөн үүсгэдэггүй уул уурхайн 17 хувийн өсөлт ч гэсэн нийт ард түмэнд наалдахгүй байгааг сүүлийн 10-аад жил харлаа.

-Хэдий хэмжээний өртөг бүхий ноолуур гарах юм бол?

-Манай ноолуурыг боловсруулаад бүтээгдэхүүн хийгээд гаргахад нэг тэрбум ам.долларын экспорт байгаа юм. Оюу толгой бүх хүчин чадлаараа ажиллалаа гэхэд таван мянган хүн л ажлын байртай болно. Гэтэл нэг тэрбум ам.доллар дээр 200 мянган малчин айлаас эхлээд хэдэн арван мянган оёдолчин сүлжигч ажлын байртай болно. Мөн даавуугаар хийдэг бүтээгдэхүүнүүд багтаж байгаа. Үүнд: Даавуу нь гадаадаас ирэх боловч оёдолчдын ажлын байр, цалин нь Монголд үлдэнэ. Ийм ажлаар яваад ирлээ.

-Монгол Улсаас хууль бусаар гарсан хөрөнгө АНУ-д үл хөдлөх хөрөнгө болж байршсан, уг мөнгийг Монголд оруулж ирэх талаар яриа хийсэн гэлээ. АНУ-ын тал хэр нааштай хүлээж авсан бэ. Монголоос гарсан мөнгө хэдий ч өөрсдийнх нь нутагт үл хөдлөх хөрөнгө болчихоор үүнийг шийдэж өгөхөд түвэгтэй биш үү?

-АНУ хоёр гараа өргөөд дэмжиж байна. “Бид гадаадын диктаторууд, авлига, оффшорын мөнгийг хадгалдаг, хууль бус зүйлсийг өөгшүүлдэг улс биш. Манай улсад үл хөдлөх хөрөнгө авч байгаа бол хаанаас олсон орлогоо мэдүүлдэг ёстой. Бид хуулиа барина” гэсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж ажлаа аваад Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нарыг хүлээн авч уулзсан. Уг уулзалтад би орсон. “Ерөнхий сайд асан С.Баяр долоон байшин АНУ-д авчихлаа. Та нар сошиалаар дүүрэн байгаа гэрийнх нь хаягтай зүйлийг нь яагаад тогтоохгүй байна вэ. Хүүхдүүдийнх нь нэр дээр байгаа байшингуудыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй. Хуулиараа хамаарал бүхий этгээд гээд заачихсан учраас үр хүүхдүүдийнх нь хөрөнгийг хүртэл мэдүүлдэг болсон. Ийм байхад та нар яагаад Ерөнхий сайд асан С.Баярт арга хэмжээ авдаггүй юм бэ” гэж Ерөнхийлөгчийг асуухад тэд “Манай авлигачдын хөрөнгө байгаа Англи, АНУ, Сингапуртай эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэрээ байхгүй учраас нөгөө улсын хуулийн байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллахгүй байна” гээд бидний амыг таглаад байсан.

Тиймээс би АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгийг буцааж өгөх хөтөлбөрийнхөнтэй уулзахад “Дөнгөж зах зээлд шилжсэн зүүн Европын орнууд, Монгол Улс шиг орнуудад ийм хүндрэл байдаг. Бид 2014 оноос хойш танай АТГ, Ерөнхий прокурорын газарт цуврал сургалтууд явуулсан. Та нар өөрсдийн хөрөнгийг гадаад улсад байгааг мэдэх юм бол ийм захидал бичиж, буцааж авч болно гээд захидлаа яаж бичихийг нь хүртэл зааж өгсөн.Манай хуулийн байгууллагууд энэ тал дээр ганц ч алхам хийгээгүй. Гэтэл Румын улс авлигын хэргүүдээ яаж шийдэж байгаа билээ. Монгол Румын болон зүүн Европын орнууд Дэлхийн банкнаас адил хэмжээний туслалцаа авсан байдаг. Миний уулзсан байгууллагууд хэлэхдээ “Яг энэ хулгайлагдсан хөрөнгөө буцааж авахад эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй байх шаардлагагүй болсон. НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн дагуу хүсэлтээ гаргахад л болно. Тэр конвенци ЭЗХТ гэрээг орлодог, өргөдлөө ингэж бичнэ гээд захианы эхийг нь хүртэл зааж өгсөн” гэж байсан. Хуулийн байгууллагуудаас С.Баярын долоон байшингийн араас хөөцөлдөлгүй яагаад ингэж өөгшүүлээд байгаа юм бэ гэхээр “Бид хаана, хэдэн ам.долларын үнэтэй байшин байна вэ гэдгийг олж тогтоосон. Гэхдээ энэ байшинг авсан мөнгөө Ерөнхий сайд асан С.Баяр манай хүргэний бэлэг, Даваанямын бэлэг гээд яриад байна” гэдэг. Тэр хүмүүсийг нь дуудаад тогтоож болдоггүй юм уу гэхээр “Тэр байшинг худалдаж авсан мөнгө хэний данснаас яаж дамжин орсон нь мэдэгдэхгүй байна” гэдэг л дээ. АНУ-ын талаас “Та нарт тийм шаардлага байгаа бол манайд хүсэлтээ гарга. Хаанаас ямар мөнгөөр авсан гэдэг гүйлгээнийх нь баримтыг бид өгнө. Танай шүүх шийдвэрээ гаргах юм бол энэ байшингуудыг дуудлага худалдаанд оруулаад мөнгийг нь улс руугаа авч болно” гэсэн. АТГ-ын дарга Х.Энхжаргалын яриад байсан зүйл худлаа болсон. Манайд тийм боловсон хүчин байхгүй гэдэг нь худлаа. Англи хэлтэй хүмүүсээ сургасан юм билээ. Түүнчлэн явуулах бичгийг нь хүртэл зааж өгсөн. Адилхан нөхцөлтэй Румын болоод байхад адилхан сургалт авсан Монголын АТГ, прокурор ажиллахгүй байгаа нь хүсэлгүй байна гэсэн үг. Ийм боломж байгаа. Хуулийн байгууллагууд үүнийг ашиглацгаа. Хулгайлагдсан мөнгийг нь эргүүлж олж өгье гэдэг эерэг хандлагатай, хууль эрх зүйн орчин нь бүрдсэн байхад бид араас нь хөөцөлдөхгүй бол бидний л буруу болно.

-Манайхан боломжоо ашиглах тал дээрээ хойрго байгаа юм байна, тийм үү?

-Нэгдүгээрт, дэлхий даяараа авлига, оффшор, татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэг нь нэг улсад хийгдэхээ больж олон улсыг хамардаг болсон тул олон талын хамтын ажиллагаагаа хөгжүүлжээ. Дэлхийн бүх оронд байгаа шиг тийм боломж Монгол Улсад шинээр бий болж. Нэг улсад авлигаар авсан мөнгөө нөгөө улсад зарцуулдаг тул улсуудын хууль сахиулах байгууллагууд хүнд суртлаа хойш тавьж илүү шуурхай хамтран ажилладаг болсон.

Хоёрдугаарт, үндэстэн дамнасан том корпорациудын татварыг авах хүрээнд дэлхийн татварын албадын хамтран ажилладаг Глобал форумд Монгол Улс нэгдүгээр сарын 15-нд орсон. Оюу толгой дээр хөрөнгө оруулалт хийсэн гэхээр нь “Хаана хийсэн бэ” гэхээр материал нь олддоггүй. Б.Чойжилсүрэнгийн үед орно гэж байгаад Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болоод больчихсон. Үүний дараа хар жагсаалтад ороод нөхцөл байдал буруу тийшээ эргэсэн. Дэд сайдынх нь албан бичгийг үгүйсгэж байгаад Глобал форумд орсныг санаж байгаа байх. Энэ байгууллагын гишүүн болсноор Монголд үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан корпорациудын татварын тайланг бид бусад улсад өгөх үүрэгтэй. Тэр корпораци өөр орнуудад явуулснаа манайд татварт тооцуулна гэвэл татварын баримтыг бид авах эрхтэй болж байна. Нэг улсад оруулсан хөрөнгө оруулалтаа заагаад бусдыг нь нуудаг байдал хаагдаж байгаа юм. Тиймээс татвараа олж ав, авлигын журмаар хөрөнгөө алга болгочихгүй байх тал дээр олон орны хуулийн байгууллага, Засгийн газар, Сангийн яамд хамтарч ажиллаж байгаа юм билээ. Бид нэн даруй энэ сүлжээнд нь орж тусламжаа авч, эргүүлээд туслах үүрэгтэй.

Ингээд явбал гадаадын хөрөнгө оруулалтаас авах ашиг, татвараа бүрэн авах боломжтой.

-Та АНУ руу яваад ирсэн. Гэтэл тэнд Монгол Улс Элчин сайдаа томилоогүй байгаа биз дээ. Япон, Канад мөн Элчингүй байна. Элчин сайдуудын томилгоо хэзээ хийгдэх вэ?

-Ерөнхийлөгч чуулган дээр маш тодорхой хэлсэн. Энэ хүмүүс очоод улсаа төлөөлөн ажил хийж чадахгүй. Тиймээс хуулийн дагуу гадаад яамандаа ажилладаг төрийн албан хаагчдаасаа шинэ Элчин сайд нарын нэрийг Засгийн газар УИХ-д оруулаад зөвшилцөөд ирвэл Ерөнхийлөгч шууд томилохоор байгаа. Гацаж байгаа газар нь Ерөнхийлөгч биш Улсын Их хурал.

-Ё.Отгонбаяр дэд сайдыг энэ долоо хоногт АНУ-д Элчин сайдаар явах гэж байна гэсэн мэдээлэл гараад байна л даа…

-Элчин сайдуудын нэрсийг зөвшилцөхөөр УИХ удахгүй тодруулах байлгүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг гадаад орнуудад айлчлахгүй байна. Гадаад харилцаандаа анхаарахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Гадаад харилцаандаа хэр анхаарч байгаа вэ. Энэ жил Ерөнхийлөгч хаана хаана айлчлах юм бол?

-Ерөнхийлөгчийн айчлал харьцангуй зүйл. Төрийн тэргүүнээр сонгогдчихоод “Би танайд айлчилъя” гээд явчихдаггүй юм. Ерөнхийлөгчөөр сонгогдоод нэг жил ч болоогүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгч анхны ажлын айлчлалаа Владивостокт хийсэн. Ерөнхийлөгчийн айлчлал болдгоороо болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Гадаад харилцааны ажил сайн явж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч шиг сар бүр гадаад явснаар гадаад харилцаа сайн болчихгүй. Чанарын асуудал байгаа юм. Өмнөх Ерөнхийлөгч НҮБ-ын хуралд найман жил алгасалгүй явсан байна лээ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэх мэт хуралд Ерөнхийлөгч зайлшгүй очих ёстой. НҮБ-ын хуралд явахад байрлах зочид буудлаас эхлээд нэлээдгүй их хэмжээний мөнгө гардаг. Тиймээс Ерөнхийлөгч зайлшгүй шаардлагатай хуралд л явна. Ерөнхийлөгчийн явах шаардлагагүй хуралд Гадаад харилцааны сайд нь явж бай гэдэг байр суурьтай байгаа.

Энэ ондоо багтаж хоёр хөрш болон гуравдагч хөршдөө Ерөнхийлөгч айлчилна. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн тал дээр хамтарч ажиллах, Монголын бүтээгдэхүүнийг худалдаж авдаг хөрш орнуудтай болно гэж зорьж байгаа. Дүр үзүүлсэн харилцаа биш, үнэхээр сайн харилцаатай юм бол Монгол Улсаас түүхий эд биш боловсруулсан бүтээгдэхүүн ав гэж байгаа юм. Түүхий эдээ зарахаар 30 гэр бүл л баяжаад байна. Боловсруулаад зарвал гурван сая монголчууд цалинтай, ажилтай, орлоготой болж өрөө дарна. Прагматик эдийн засагжсан гадаад бодлого. Тухайн улстай явж байгаа эдийн засгийн харилцаа, худалдаа байхгүй, 5-10 сая ам.долларын худалдаа хийж байгаа бол заавал айлчлал хийх хэрэг байна уу.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш 12 аймаг, долоон дүүрэгт ажиллаж 15 мянга гаруй иргэдтэй уулзаж, саналыг нь сонссон гэдэг статистик мэдээлэл бий. Төрийн тэргүүний иргэдтэй уулзаж буй уулзалтын гол зорилго нь юу юм бэ?

-Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 12 аймаг, долоон дүүргийн 15400 иргэнтэй уулзсан байна. Уулзалтын гол зорилго өмнө хэлсэнчлэн сонгуулийн үеэр яригдсан ажлын байрны тухай асуудал байгаа юм. Ажлын байргүй бол ямар ч Их хурал, Ерөнхий сайд байгаад нэмэргүй. Ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг ҮАБЗ-ийн анхны зөвлөмжийг гаргасан. Иргэдийг ажилтай болгохын тулд зах зээлээ нэмье, Япон руу татваргүй бараа гардгаас гадна АНУ руу оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээ гаргая.

Ажлын байрыг бий болгох хүрээнд дэд бүтцийн ажлуудаа явуулж, төмөр зам, авто зам, цахилгаан станцаа барья гэсэн. Эхнээсээ ажил болоод явж байна. Иргэдийн уулзалтын үеэр мэдээж иргэдийн зүгээс өөрсдийн өмнө тулгамдсан зүйлсээ л ярина. Иргэдийн саналыг эрэмбэлээд үзэхээр тэтгэвэр, тэтгэмж амьдралд хүрэхгүй байна. Оффшор данстай хүмүүсийн мөнгийг оруулж ирэх, төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанд анхаарах, орон сууцтай холбоотой асуудал, ажилгүйдэл, ядуурал, утаа, агаарын бохирдол,шүүх авлигатай тэмцэх асуудал, намаар ялгаварлан ажлаас халсан асуудлууд дээр иргэд түлхүү саналаа хэлж Ерөнхийлөгчийг анхаарал хандуулахыг хүссэн.

Тэтгэвэр яагаад иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болчихов гэхээр шинэ Их хурал гарч ирээд тэтгэврийн насыг нэмсэн. Үүнтэй холбоотойгоор 60 настайдаа тэтгэвэрт гарна гээд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан чинь 65 настайдаа эрэгтэй хүн тэтгэвэрт гарна гэчихээр уг асуудал хамгийн ихээр иргэдийн анхаарлыг татаад байгаа юм. Нэг үгээр хэлбэл шинээр байгуулагдсан Их хурлын буруутай шийдвэрээс болсон. Мөн бүх ахмадын тэтгэврийг ижилхэн 27 мянган төгрөгөөр нэмсэн. Энэ хангалттай биш. Бүх хүнд тэтгэврийг тэгш нэмэх биш бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг ахиухан нэмэх ёстой. 600-700 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэвэр 27 мянгаар нэмлээ гээд ялгаа бараг байхгүй. Харин 200 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүнд 27 мянган төгрөг биш 100 мянган төгрөг нэмсэн бол амьдралд нь нэмэр болох байлаа. Ерөнхийлөгч иргэдийн санал дээр тулгуурлан тэтгэврийн шинэчлэл хийх хүрээнд яам, агентлагуудаар судалгаа хийлгэж байна. Ажлын хэсэг байгуулагдсан.

Иргэдийн яриад байгаа дараагийн нэг анхаарал татсан асуудал нь гадаадад байгаа хөрөнгө, оффшортой холбоотой, энэ хүрээнд АНУ-д бүртгэлтэй байгаа хөрөнгийг шүүхийн тогтоолоо авч ирээд чөлөөтэй авч болно. Тэнд байгаа байшинг аваад ирэх биш зараад мөнгийг нь аваад ирчихнэ. Ийм байдлаар асуудлыг шийдэж болно. Хоёрдугаарт, АНУ-ын хуулийн байгууллага дэлхий даяар нөлөөтэй байдаг. Энэ нөлөөгөө ашиглаад бидэнд туслаач. Тухайлбал, Швейцарийн банк, Английн үл хөдлөх хөрөнгийн газар гэх мэтээр хамтран ажиллаж болно гэсэн байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзаж байхдаа эрсдэлгүй зээл буюу цалин, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар анхаарал хандуулж ажиллаарай гэсэн. Энэ ажил хэр бодит үр дүн өгч байгаа вэ?

-Тэтгэвэрийн зээлийн хүү буурсан. Харин цалингийн зээлийн хүүг бууруулж чадаагүй байна.

-Цаашид цалингийн зээлийн хүүг бууруулах боломж байна уу?

-Бүрэн боломжтой. Зээлийн хүү эх үүсвэрээсээ шалтгаалдаг. Зээлийн эх үүсвэр өндөр хүүтэй байвал зээлийн хүү өндөр л байна. Мөн эрсдлийн болон банкны ашигт ажиллагааны түвшинээс зээлийн хүү хамаараад байгаа юм. Монголбанк эх үүсвэрийн өртгийг бууруулах тал дээр арга хэмжээ авч болно. Одоохондоо түүндээ хүрээгүй байгаа юм билээ. Эрсдэл буурсан гэдгээрээ зээлийн хүү бага зэрэг буурсан. Үүнийг Ерөнхийлөгч хангалттай биш гэж байгаа. Илүү боломж бий.

Дэлхийд байхгүй зээлийн хүүтэй улсад бид амьдарч байна. С.Эрдэнэ гишүүн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл санаачилсан, хэлэлцүүлэг хийж байгаа. Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоодог улс орнууд бий. Зарим тохиолдолд хэт өндөр хүүг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна л даа. АНУ-ын муж бүрийн зээлийн хүү харилцан адилгүй байх жишээтэй. Нью-Йорк мужид нэг сарын 25 хувийн хүүтэй бол гэмт хэрэг, 16 хувь бол зөрчил гэж хуульчилсан байдаг. С.Эрдэнэ гишүүний санаачилж буй хууль энэ чиглэлийнх байх болов уу.

Ардчилсан нам 2012-2016 онд нийт зээлийн багцын гуравны нэгийнх нь хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулсан. Бид санхүүгийн шинэ механизм ашиглаж, экспортод бараа гаргаж байгаа үйлдвэрүүд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол хөнгөлөлттэй зээл өгсөн. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг ипотекийн зээлийн хүүг 15 хувиас бууруулж найман хувь болгосон, орон нутаг болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн байрнууд таван хувь болтлоо буурсан байсан. МАН гараад зээлийн хүүг бууруулах ажлыг үргэлжлүүлж явуулах болохоос биш шинэ зүйлийг бодож олж чадаагүй. Бид ипотекийн зээлийг найман хувь болгосон нь эх үүсвэрийг нь шийдэж чадсантай холбоотой. Дагаад хадгаламжийн хүү буурна гэсэн үг. Хадгаламжийн нэг жилийн хугацаа нь дуусангуут хүүг нь бууруулаад явчихаж болно. Тийм хүсэл, зориг Ардын намд байна уу, үгүй юу гэдэг л байна. Ардчилсан нам УИХ-д олонхи биш ч олон суудалтай байхдаа нийт зээлийн хүүг 30 хувийнх нь хүүг бууруулж чадсан. Ардын нам дангаараа засаглаж байгаа үедээ нөгөө 30 хувийг нь бууруулчих. Зээлийн хүү бууруулах нь нэг өдөр хийгдэх ажил биш. Нийт эдийн засгийнхаа тэнцвэрийг харж байж хийгддэг. Дараагийн дөрвөн жилд нөгөө 30 хувийг нь буулгах маягаар явахаас биш ганц далайлтаар хийчихдэг ажил биш. Хэрэв тэгж болдог байсан бол дөрвөн жил үргэлжлэхгүй шүү дээ.

-Өнөөдөр тэтгэвэр авч буй нийт иргэдийн 70 хувь нь 240-270 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа гэдэг. Тэтгэврийн хэмжээг хэрхэн нэмэх боломжтой бол. Тэтгэврийн шинэчлэлийн талаар чиглэл өгөх ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн?

-Би хоёрдугаар сарын 9-нд ажлын хэсэг байгуулсан. Удахгүй үр дүнгээ танилцуулна. Тэтгэврийн асуудлыг Ерөнхийлөгч дангаараа шийдэхгүй. Ерөнхийлөгч яагаад тэтгэвэр рүү оролцоод байна вэ гэхээр “Одоог хүртэл явсан бодлого чинь хэр зөв бэ. Тэтгэвэр бага байна. Нэмэх хэрэгтэй. Тэтгэврийг нэмэхийн тулд яах вэ” гэсэн. Уг асуудлын хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллагууд асуудлаа судалж байна. Ерөнхийлөгч үүн дээр чиглэл өгсөн зарлиг гаргана. Ерөнхий сайд хамтарч гарын үсэг зурдаг чиглэл өгсөн зарлигийг заавал биелүүлэх ёстой байдаг. Ерөнхийлөгч, Засгийн газар тэтгэврийн бодлогоо өөрчлөх шаардлагатай бол өөрчилье, түрүүчийн Их хурлаар баталсан бодлого болж байна гэвэл хоёр жилийн хугацаанд юу хийв гэдэг асуулт гарч ирнэ.

Зөрүү арилгана гэдэг нэр томьёо бий. 1995 онд тэтгэвэрт гарсан хүнд өнөөдрийнх шиг тэтгэвэр өгнө гэсэн үг биш. 1995 онд тэтгэвэрт гарсан багш өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа багш хоёр ойролцоо тэтгэвэр авахыг зөрүү арилгах гээд байгаа юм. Түүнээс тэнцүү авч болохгүй. Сүүлд тэтгэвэрт гарсан багш нь илүү шимтгэл төлсөн. Засгийн газарт дахиад эх үүсвэр хэрэгтэй. Эх үүсвэр хаана байна вэ гэвэл уул уурхайн баялгаа өөрсдийн мэдэлд оруулж 30 гэр бүл ашиг хүртдэг биш нийтээрээ ашиг хүртдэг болж байж тэтгэврийн шинэчлэлийг хийнэ.

-Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэсэн. Засгийн газар 60 хувьд нь олгож байна, ОУВС-тай тохирсон гээд байгаа л даа. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж бий юу?

-Ерөнхийлөгч зарчим ярьж байгаа. Хүүхдийг хүүхэд байхад нь чи баян, ядуу хүүхэд. Чамд хүүхдийн мөнгө олгоно, олгохгүй гэж ялгаа гаргаж байгаа нь буруу. Байгалийн баялгаа 30 гэр бүлд алдсанаас болж лицензтэй баян, лицензгүй ядуу гэдэг хоёр давхарга бий болчихлоо. Үүнийгээ яагаад хүүхдүүд дээр тусгах гээд байгаа юм бэ. Наад хүүхэд чинь сургууль руугаа ороод хүүхдийн мөнгө авдаг ядуу, хүүхдийн мөнгө авдаггүй баян хүүхэд гээд хувцсаараа ялгараад, анги доторх баян ядуугийн ялгаа гаарах гээд байна. Ардчилсан нам засаглаж байхад хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгож байсан. Ч.Сайханбилэг ялгаж өгнө гээд орж ирэхэд АН-ын бүлэг зөвшөөрөөгүй тул 100 хувь олгосон. Мөнгө нь дутаад байгаа бол дэд сайд нараа цомхотгож, хэмнэсэн мөнгөөр нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэдэг шийдэлд хүрч байсан. Сэтгэл байвал ажил хийж болно. Ялангуяа баян, хоосны ялгаагаа хүүхдэд битгий ойлгуул гэж байгаа юм. Хүүхэд ямар гэр бүлд амьдарч байгаагаасаа үл хамаараад баталгаатай 20 мянган төгрөгөө авдаг байя гэсэн хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Энэ долоо хоногт өргөн барина. Хуулийн тухай хуулиар хууль санаачлаад аваачиж өгдөг байсан, больсон. Засгийн газраас бичиг авна, эх үүсвэр байна уу гэж судална, хэлэлцүүлэг хийнэ гээд хүнд сурталтай болсон. www.president.mn сайт дээр хэлэлцүүлэг явж байгаа.

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байна гээд хороо, дүүрэг, сумаас иргэд саналаа өгч регистрийн дугаартайгаа, гарын үсгээрээ баталгаажуулж байна. Ард түмэн ингэж хүсэж байна гээд хэлэлцүүлгийнхээ үеэр харуулна. Хүүхдийг алагчлалгүй хүүхдийн мөнгийг бүгдэд нь өг гэж байгаа. Эхлээд нийт хүүхдийн 40 хувь байснаа 60 хувьд олгож эхэлсэн. Одоо 80 хувьд нь өгнө гэх юм. Ингэж нохойн баас шиг юм хийх шаардлага байхгүй. Энэ зарчмын асуудал.

Саяхан төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгож нийтдээ 55 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг зүгээр л хаячихсан гэсэн үг. Гэтэл энэ мөнгө чинь өнөө дутаад байгаа хүүхдийн мөнгөний 20 хувь байхгүй юу. Хүүхдүүддээ 100 хувь мөнгийг нь олгох уу, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох уу гэсэн сонголтоос МАН төрийн албан хаагчдыг сонгосон. Боломж бий. ОУВС руу асуудлаа битгий чих. Өмнөх дөрвөн жил ОУВС-гүй явж болоод л байсан.

Ипотекийн зээлийг өгч болохгүй гэж Ардын намынхан хэлдэг байсан. Ардчилсан нам эх үүсвэр олоод жил бүр нэг их наяд нийт гурван их наяд төгрөгийг ипотект өгсөн.

Тэглээ гээд гамшиг болсонгүй. 80 мянган айл орон сууцтай болсон. Юу нь буруу байгаа юм. Харин МАН гараад ипотекийг зогсоосон. Барилгын салбарт ажиллаж байсан 100 мянган хүн ажилгүй болчихлоо. Эдийн засгийн үндсээ эвдэлгүй авч явах ёстой. Одоо яахаа мэдэхээ байгаад гацчихсан.

-Та эдийн засаг болон ажлын байрны талаар нэлээд ярилаа. Ялангуяа залуусыг ажлын байртай, тогтмол цалинтай болгох нэг хөшүүрэг нь “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг янз бүрээр л тайлбарлаж байна…

-Манай Их хурлын үед “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт 20 тэрбум төгрөг өгсөн. Гол санаачлагч нь Ерөнхийлөгч маань гишүүн байхдаа л даа. Сайдын албаа өгчихөөд энэ талаар нэлээд хөөцөлдсөн. Тиймээс би Их хурлын дарга байхдаа дэмжиж 20 тэрбум төгрөг төсөвт суулгаад, барилгын цэргийн ангийг нэмж байгуулсан. Хугацаат цэргийн албанд татагдсан залуусыг зургаан сар МСҮТ-д сургасан. Цэргүүд цэргийн үүргийнхээ хажуугаар МСҮТ-д сурснаар самосваль, эксковаторын жолоочийн үнэмлэхтэй төгссөн. 20 тэрбум төгрөгөөр ийм бэлтгэл ажлууд хийгдсэн. Одоо барилгын цэргийн таван анги байхаас гадна хэдэн мянган хүн сургасан. Хэдийгээр тэд халагдаад явчихсан ч гэсэн ажил байна гэвэл яваад л ирнэ. Ерөнхийлөгч яагаад “Монгол цэрэг бүтээн байгуулалт” гээд яриад эхэлсэн бэ гэхээр өөрийг нь сайд байхад Н.Алтанхуягийн Засгийн газрын “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан тогтоол гарсан. Энэ нь Батлан хамгаалахын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хуульд нийцсэн. Гэрээт цэргээр ажил хийлгэх болохоос хугацаат цэргүүдээр ажил хийлгэнэ гээд байгаа юм биш. Гэрээт цэрэг шинэ юм биш. Жишээ нь, хилийн цэрэг 100 хувь гэрээтэд шилжих төлөвлөгөөтэй байгаа. Санхүүгийн боломжоосоо шалтгаалаад өнөөдөр 50 хувь нь гэрээт болчихсон. Хил дээр алба хааж буй хоёр цэргийн нэг нь гэрээт, нөгөө нь хугацаат. Гэрээт цэргүүд ахлагч болоод цалингаа авна. Хоол, байр нь үнэгүй. Үүнтэй адилхан хугацаат цэргүүд мэргэжлийн сертификаттай болоод халагдангуут бүтээн байгуулалтын ажилд ажиллах уу, цалин нь нэг сая болон түүнээс дээш, ийм хугацаанд ажиллана гээд сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулаад явна.

Аль ч бүтээн байгуулалтын ажлын төсөвт цалингийн зардал нь суусан байдаг. Гадаад ажилчдад цалин өгөхийн оронд дотоодынхоо цэргүүдэд өгөх гээд байгаа юм. Төмөр зам гэхэд л далан барих нь дийлэнх ажил нь байдаг. Тиймээс далангийн ажил дууссаны дараа мэргэжлийн компани нь ирж рельсээ тавиад бусад мэргэжлийн ажлаа хийнэ. Нийт ажлынх нь 60-70 хувь нь далантай холбоотой. Далангийн гүүр, ус зайлуулах хоолойг манай цэргийн ангиуд бариад сурчихсан. Асгатын мөнгөний ордны замаас эхлээд энгийн замын компанийн хийж чадахгүй байгаа ажлыг манай цэргүүд хийж чадаж байгаа. Төмөр зам, авто замын ажил байсаар байтал залуус өөрсдөө очиж оролцдоггүй учраас гадаадын ажилчид аваад байна. Тиймээс дотоодын ажилчдаа авъя. Замын нийт өртгийн 30 хувь нь цалин байдаг. Нэг км замыг нэг тэрбум төгрөгөөр тавьдаг гээд бодоход 300 сая төгрөг нь цалин байгаа биз. Энэ 300 сая төгрөгийг хятад ажилчин авах уу, монгол цэрэг авах уу гэдэг сонголт юм. Яахаараа монгол залуус жилийн өмнө цэрэгт ирж юм сурчихаад цалинг нь авч болохгүй байгаа юм бэ. Цэрэг гээд ярихаар өрвөлзөөд явчихдаг хэдэн хүн бий.

-Ерөнхийлөгчийн зарим зөвлөхүүд өнөөдрийг хүртэл томилогдоогүй байна. Хэзээ орон тоо нь бүрдэх юм бол?

-Ерөнхийлөгчийн орон тооны есөн зөвлөхийн гурав нь одоогоор хараахан томилогдоогүй байна. Удахгүй авах байх. Та нар санаа зовоод хэрэггүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг хууль санаачлахгүй байна. Нэг ч хуулийн төсөл өргөн барьсангүй гэдэг шүүмжлэл яваад байгаа л даа?

-Тооны хойноос хөөцөлдөхгүй. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох хуулиа оруулна. Дараагийн хууль нь Үндсэн хуулийн 6.1-т заасан Газрын доорх байгалийн баялаг ард түмний өмч гэдэг хуулиа оруулах юм. Энэ жил оруулах үндсэн хоёр хууль ийм байна.

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал яригдаж байна. Ерөнхийлөгч намрын чуулганы хаалт дээр орж ирэхдээ өөрийн байр сууриа илэрхийлсэн ч гишүүдийн асуултад хариулт өгсөнгүй гээд байгаа. Байр суурь нь ямар байгаа вэ?

-Гишүүд асуулт асуугаад байсан. Эрдэнэтийн 51 хувийг хариуцах хүн нь Ерөнхийлөгч биш. Эрдэнэт үйлдвэрээр хууль зөрчиж баталгаа гаргуулж өрөнд оруулсан хүмүүс нь бүгдээрээ амьд сэрүүн байна. Тэр мөнгийг хаашаа оруулсныг өөрсдөө мэдэж байгаа. Ш.Батхүү гээд бизнесмэн, Ерөнхий сайд асан С.Баяр, Төмөр замын дарга асан Т.Очирхүү, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Д.Сугар гээд бүгд гадаадад байгаа байшиндаа сайхан амьдраад байж байна шүү дээ. Энэ 100 сая ам.доллар оргүй алга болно гэж байхгүй. Хаа нэг газар байгаа. Нэг сая ам.долларыг цүнхэнд хийгээд нууж болох байх. 100 сая ам.долларыг цүнхэнд хийгээд улс орон дамжуулаад явдаг юм гэж байхгүй. Бүгд шилжүүлгээр явдаг. Ямар ч улсын хилээр орсон 10 ба түүнээс дээш мянган ам.долларыг мэдүүл гэж байгаа биз дээ. Мэдүүлэхгүй бол хураагдана. Тиймээс шилжүүлгээр явдаг. Тэр бүх шилжүүлгийнх нь клиринг хийдэг газар нь АНУ-д байна. Манай хуулийн байгууллагынхан АНУ-ын ХМТ, Хууль зүйн яамтай хамтраад ажиллачихвал бүх зүйл илэрнэ. Ийм боломж бий. Ерөнхийлөгч асуулт асуусан таван гишүүнд бичгээр хариу өгсөн.

-Гэхдээ гишүүд чуулган дээр асуулт асуухад хариулсангүй зугтчихлаа гээд байсан…

-Ерөнхийлөгч чуулганд тааллаараа оролцдог. Гишүүдийн асуултанд хариулах үүрэг байхгүй. Ерөнхийлөгч асуултанд бичгээр хариулсан. “Та нар буруутай этгээдүүдээ дуудаж уулз. Тэр мөнгө хаана байна гэж асуу” гэсэн. 49 хувийг бол УИХ-д 65 суудалтай МАН улсад хурааж аваад ард түмэнд тарааж өгнө гээд амалсан. Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой. Сонгуулийн үеэр Эрдэнэтийн иргэдтэй уулзахдаа “49 хувийг Монголын ард түмэндээ хувааж өгнө гээд үүнийг зорилгоо болгосон улс төрийн нам байна. Байгалийн баялаг ард түмний өмч. Наад ажлаа хийцгээ” л гэж байгаа юм. Түүнээс биш 49 хувь нь зөв, Засгийн газрын зөв, буруугийн талаар яриагүй.

-Та дээр яриандаа дурдахдаа Ерөнхийлөгчийн анхны ажлын айлчлал Владивосток байсан гэсэн. Энэ үеэр яригдсан транзит тээврийн хөнгөлөлт ажил хэрэг болсон уу?

-Энэ түүхэн үйл явдал. Монгол Улс далайд гарцгүй. Тиймээс бид яаж ажлын байртай болох вэ, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг хамгийн эхний том асуудал. Монгол Улс урд, хойд хоёр хөрштэй алинтай нь ч транзит тээврийн гэрээгүй явж ирсэн. Транзит гэрээ гэдэг бол манай барааг ямар үнэ тарифаар далайн эрэгт хүргэх вэ гэдэг гэрээ. Бид хоёр хөрштэйгээ транзит гэрээ байгуулах ажлыг 1990 оноос хойш эрэлхийлж байгаа. Монголд үйлдвэрлэсэн ямарваа нэгэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнэндээ хүрнэ гэвэл хоёр хөршийн далайн боомтод хүрэх ёстой. Нэг нь Владивосток нөгөөх нь Тяньжин боомт. Зүүн хойд Хятадын боомтууд гэвэл Дан Дон, Чин Хун Дао, Тяньжин гээд байна. Оросын нутгаар Владивосток, Находкагийн боомт байгаа юм. Энэ олон боомт руу манай коксжих нүүрс хүрч байж нэг тонн 200 ам.доллараар зарагдана. Бид далайн эрэгт хүргэж чадахгүй байгаа болохоор өнөөдөр нүүрсээ 50-70 ам.доллараар өгч байгаа. Зарж болох үнэнийхээ бараг дөрөвний нэгээр өгдөг шударга бус худалдаа хийж болохгүй. Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш хөөцөлдөж байгаад 2015 онд А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа БНХАУ-тай транзит тээврийн гэрээг байгуулсан. Энэ гэрээ маш чухал. Манай нүүрс тонн нь 25-30 ам.долларын төлбөртэйгээр манай хилээс Хятадын далайн боомт хүртэл явах боломжтой болсон. Владивостокт байгуулахаар тохирсон гэрээ 2010 онд А.Гансүх Зам тээврийн дэд сайд байхдаа эхлүүлж байсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Санкт петербургт гарын үсэг зурагдахаар хүлээгдэж байна. Үүгээрээ ОХУ бусад чиглэлтэй өрсөлдөхүйц үнийг манайд өгөх үүрэг хүлээсэн. Хэмжээний хувьд гурав дахин урт зам туулах хэдий ч адилхан тариф өгнө гэдэг бол манай улсад тусалж байна гэсэн үг. 25-30 ам.доллараар хил хүрнэ. Тэгэхээр аль улсаар дамжих нь хамаагүй болчихож байгаа юм. Ямар ч байсан нэг гарцтай байсан бол Владивостокийн гэрээ хэлэлцээний дүнд хоёр дахь гарцаа олж авлаа. Дан ганц нүүрс гэлтгүй чингэлгийн тээвэр, ган, зэс, төмрийн хүдрээ далай руу гаргаж болно. Ингэснээр бид дэлхийн зах зээлийн шударга үнээр бараагаа зарна. Дэлхийн зах зээлийн үнээр бараагаа зарна гэдэг чинь ажлын байр байхгүй юу.

Намайг Их хурлын дарга байхад зурагдсан Хятадын транзит тээврийн гэрээ, Х.Баттулга Ерөнхийлөгчийг томилогдсоны дараа Владивостокт хийгдсэн Оросын транзитын гэрээ хоёр манай улсын эдийн засгийг өсгөхөд чухал ач холбогдолтой. Манай компаниуд уул уурхайн баялгаас өөр экспорт бодож олох ёстой. Зам нээгдсэн.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын ардын жүжигчин Аюурзанын Долгор: “Бодлын цагаан хун” надад даль жигүүрийг хайрласан дуу

Гэрэл зургуугийг Ц.Мягмарсүрэн

Ардын жүжигчин А.Долгортой ярилцлаа.


-Гал цогтой Кармен бүсгүйн дүрээр тайзнаа дуулж байгаагаар тань төсөөлдөг юм?

-“Кармен” дуурьт би 1988 оноос 2010-аад он хүртэл дуулсан шүү.

-Кармен бүсгүй даашинзныхаа хормойг угалзруулан тоглож шиддэг хэсэг нь сэтгэл хөдөлгөдөг юм?

-Ширээн дээр гараад бүжиглэдэг шүү дээ. Ер нь бол би өөрийгөө их эвдсэн. Би ази хүн. Нөгөөтэйгүүр миний ааш зан Карменаас огт өөр. Цогтой, золбоотой, эрч хүчтэй, халуун цустай испани цыган бүсгүй. Би сүүл рүүгээ л арай дээрдсэн шүү, нээрээ. Дуурийн гол ололттой тал нь тоглолтоос тоглолтын хооронд сайжирдаг. Нас минь яваад туршлага суугаад, тоглолтоос тоглолтод туршлагаждаг. Гэхдээ л “За энэ Кармен янзын боллоо доо” гэх тохиолдол ховор оо. Яагаад гэвэл өөрийгөө дандаа л өөлж, голж байдаг. Сүүлийн тоглолтуудад 80, 70 хувь нь гайгүй болчихсон юм шиг санагдаад байдаг болсон. Эхлээд бол 30 хувь нь л гайгүй байлаа, ер нь олигтой болсонгүй дээ гэж чамладаг байлаа. Манай Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Д.Баадайжав гуай нар их сайхан дуулсан. Нэг нот дуулаад байгаа ч зан характер нь яагаад ч өөр байдаг юм. Мэдээж нэг найруулагчийн тавилтаар тавигддаг ч тэр чинь хүн хүн өөр болохоор гал цогтой гаргалаа, гаргалаа гэхэд бас л тийм болдог байхгүй юу.

-Та голдуу дээл өмсдөг. Гоё ч зохидог. Дээл өмсвөл ийм гоё харагдах нь ээ гэсэн мэдрэмж өгдөг юм?

-Нэвтрүүлэг, ярилцлага, ток шоунд голдуу дээл өмсдөг л дөө. Харин тайзан дээр сиси, дэрвэгэр даашинз өмсдөг. Монгол дээл зохидоггүй монгол хүн гэж байдаггүй юм, яаж ч бодсон. Монгол дээл өмсчихөөр маш гоё харагддаг. Дээл өмсчихсөн хүн харагдвал ямар нэгэн баярт оролцох гэж байгаа юм байна гэж харагддаг. Дээлний өгөгдөл нь цаанаасаа гоё, баяр баясгалан, заяагдсан хувцас болохоор монгол хүнд сайхан зохидог. Ерөөсөө хүний өөг засаад явчихдаг шүү дээ. Костюмтэй энгийн л харагдаж байсан залуучууд дээл өмсөхөөр л тэвхийгээд янзын болоод ирдэг.

-“Бодлын цагаан хун”, “Эр хүн”, “Аргалд явсан ээж” гээд таны дуулсан дуунуудыг нэрлэхэд шүлэг нь цээжнээ хэлхэгдэж, ая нь чихэнд сонсогддог. Ингэж л ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон бүтээл болжээ?

-“Бодлын цагаан хун” дуу бол 1990 оны “Морин хуур” наадамд түрүүлсэн бүтээл л дээ. Надад даль жигүүрийг хайрласан дуу л даа. Намайг олны танил болгосон.

Энэ дуунаас улбаалж би хун цуглуулдаг болсон. “Бодлын цагаан хун” дууны шүлгийг яруу найрагч Д.Амгалан бичсэн. Тэрбээр надад анх хунгийн сувинер бэлэглэсэн. Тэгээд л хун цуглуулах болсон. Найз нөхөд, хамт олон минь хун дурсгаж гавьяат, ардын жүжигчний найран дээр ч хун дурсгацгаасан. Төрсөн өдөр, тэмдэглэлт баяруудаар ч хун бэлэглэсээр байгаад одоо 200 гаруй хунтай болчихоод байна. Сүүлдээ хоббитой болоод хөөрхөн хун харагдвал авчихаад байдаг болсон. Гэхдээ одоо оврыг нь багасгадаг болсон. Гэрээр дүүрэн хун шувуу бий шүү дээ. Хун сайхан хайрын бэлгэдэлтэй, их гоо үзэсгэлэнтэй шувуу. Тэр дууг дуулсан нь ч миний хувь тавиланг эргүүлсэн. Сайхан дуугаар ард түмэндээ танигдсан. Яагаад вэ гэвэл дуурь дангаар нь дуулаад явсан бол тэр хүрээлэлдээ л байгаад байх байсан. Харин өөр жанрын дуу дуулснаар намайг Монголын маш олон ард түмэн мэддэг болсон.

Би Италид мэргэжил дээшлүүлээд 1990 онд ирсэн юм. Надаас өмнө нь бол дуурийн дуучин өөр дуу дуулж болохгүй, хоолой эвдэрнэ гэж үздэг байлаа. Тэрийг нь ч дуучид дагадаг, хүмүүжилтэй ч байж. Сүүлд нь би Италид сурч байхдаа тэндхийн опера дуучид өөртөө зохицсон гоё дуу дуулдгийг мэдээд л чөлөөтэй дуулж эхэлсэн. Дуучин хүн учрыг нь олж дуулбал ямар ч хэв маягаар дуулж болно. Хамгийн гол нь хоолойгоо айхавтар эвдэхгүй байх хэрэгтэй гэдгийг мэдсэн.

-Таны дуулалтаар дуурь үзэж дассан үзэгчид таныг театраасаа гарангуут эрж хайж эхэлсэн. Таныг үргэлжид л тайзнаа байх юм шиг л санаж байсан байх?

-Гэхдээ би театртаа харьцангуй удсан шүү. Манай Б.Сэргэлэн дарга намайг байж л бай гэдэг байсан. Миний хоолой яагаа ч үгүй байсан л даа. Үеийнхэн маань гараад явчихаар харьцах хүн багатай болчихдог юм билээ. Сонирхол муутай болоод, тайзан дээр гарах гэхээр үеийнхэн маань тэтгэвэрт гараад явчихсан байдаг. Эргэн тойрон дүүрэн залуучууд байдаг. Тэгэхээр хүнд, их хэцүү болоод явчихдаг юм билээ. Хоёрдугаарт, миний орон тоонд шинэ залуу дуучин ирэг дээ гэж бодож театраасаа гарсан. Тэрнээс биш Б.Сэргэлэн дарга маань “Театрын минь чимэг болоод гоё байж байгаач” гэж Б.Жавзандулам бид хоёрыг байлгах гэж их зүтгэсээн.

Би тэтгэвэрт гарах жилээ Гранд опера “Айда”-д дуулсан. Хааны охин Амнерис дуурьт дуулчихаад гарсан. Тэгэхэд би “Миний хоолой муу болчихоод театраасаа гарч байгаа биш дээ” гэж бодсон. Манайд л ийм тэтгэвэр гэж байдаг биш” гэж бодоод тэвчсэн. Европт гэрээ хийгээд дуулахад тухайн дуучин нь хэдэн настай байх нь хамаагүй. Тэр дуучин тэнцэж л байвал болно. Хэрвээ би Европт байсан бол театр театрт очиж дуулаад л явах байлаа. Гэхдээ би тэр үед СУИС-даа багшаар давхар ажилладаг байсан юм. Багшийн ажил руугаа оръё, чөлөөтэй уран бүтээл хийе гэж бодсон юм. Би бас сайхан дуулмаар байна шүү дээ. Театрын өдөр тутмын үйл ажиллагаанд орж ажиллахаар бол цагт баригдана, баригдмал болчихдог. Гэхдээ би өөрийгөө тэтгэвэрт гарчихсан гэж ярьдаггүй шүү дээ. Би дуулж л явна. Би өнөө жилдээ багтаагаад нэг хүний дуурь дуулна, бүр захиалсан юм. Энэ миний мөрөөдөл байсан. Монголд ганц хүний дуурь байхгүй. Бирваагийн Мөнхболд гэж сайхан залуу хөгжмийг нь маш гоё бичсэн. Үгийг нь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай бичсэн юм. “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” гэж маш гоё дуурь.

-Та маргааш “Эгшиглэнт” хэмээх нэртэй тоглолтоо тоглоно. Тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?

-Энэ бол миний 33 дахь удаагийн тоглолт. Миний тоглолтууд ихэвчлэн ээжийн тухай, ээжийн хайрын тухай сэдэвтэй нэртэй л дээ. Миний тоглолтууд ерөөсөө давхардаж байгаагүй. Тус бүрдээ бие даасан утга агуулгатай л даа.

-Анхны тоглолтоо хэзээ ард түмэндээ хүргэж байв даа?

-1992 онд анхны тоглолтоо хийхдээ Соёлын тэргүүний ажилтан цол авч байлаа. Тэрнээс хойш л ард түмэндээ тоглолтоо хүргэсээр байна. Миний тоглолт юугаараа онцлог вэ гэхээр, би 1973 онд Төв аймгийн Соёлын ордонд дагалдан жүжигчнээр ажилд орж байлаа. Тэрнээс хойш Хөгжим бүжгийн коллежид ажиллаж хойшоо сургуульд яваад Италид мэргэжил дээшлүүлсэн юм. Би энэ урлагт зүтгээд 45 жил болжээ. Энэ удаагийн тоглолт маань “Эгшиглэнт урлагт 45 жил” хэмээх нэртэй. Би тоглолтынхоо тасалбар дээр энэ бүтэн нэрээр нь бичээгүй “Эгшиглэнт” гэж бичсэн. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай миний тоглолтын нэрийг өгсөн юм. Би түүнээс тоглолтынхоо нэр хайрлахыг хүссэн л дээ. Тэгтэл энэ сайхан яруу найрагч маань “За миний хүү тоглолтын чинь нэр “Эгшиглэнт урлагт 45 жил шүү” гэж хэлсэн.

-Тоглолтын тань тасалбар дээрх зураг олны анхаарлыг татаж байна. Сошиалд тэр зурагтай холбоотой янз бүрийн л мэдээлэл явж байна?

-Энд нэг юм хэлье. Хүн чинь ганцаар биш, хүмүүсийн хүчээр сайхан явдаг юм шүү. Миний нүүр будгийг “Гиймаа” салоныхон будсан. Тэр салоныхон будаж өгсөний дараа би бүр гайхсан шүү. Би мөн үү гэж эргэлзсэн шүү (инээв). Тасалбар дээрх зурагт би ямар нэгэн засвар хийгээгүй шүү. Одоогийн гоо сайхны салон, мэргэжилтнүүд үнэхээр чадварлаг болжээ.

Та бүхэн миний тоглолтыг үзэхийг хүсэж байгаа бол УИД-ийн нэгдүгээр давхрын кассаар, мөн ticket.mn сайтаар болон 95503027 дугаарын утсаар холбогдоорой.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

С.Эрдэнэчимэг: Өлзийт хаан шиг өндөр ёс суртахуунтай хүмүүс л дээдэс байдаг

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, зохиолч С.Эрдэнэчимэг “Дэндүү гэгээн хайр”,”Хөлчүү цагаан хүсэл”, “Гэрэлт хайрын цэцэг”, “Хөх хун”, “Надад итгэ” зэрэг яруу найргийн түүврүүдтэй. Мөн Жорж Хиейргийн “Вильгельм” түүхэн роман, Луйза Хеигийн “Амьдрал бол гайхамшиг, сэтгэл зүйн романыг орчуулж, “Амьдралын дараачийн учрал”, “Тэнгэр уулын монгол цэрэг, “Ил хан Хүлэгү”, “Ил хан Өлзийт” зэрэг түүхэн романыг тус тус туурвисан авьяаслаг уран бүтээлч билээ. Түүхч хүний хувьд тэрээр ихэнх уран бүтээлийнхээ санааг гадаад дотоодоор аялж байх явцдаа олж авдаг гэсэн. Түүнтэй уулзаж сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


-Таны олон сайхан уран бүтээлийг манай уншигчид мэднэ. Иймд хамгийн сүүлийн уран бүтээлийн сонин хачинаас тань сонирхох гэсэн юм?

-Сүүлийн роман маань Ил хаан Өлзийт. Өлзийт хаан бол Ил хаант улсын түүхэнд төдийгүй Монголын эзэнт гүрний түүхэнд оюун санааны асар үнэт өвийг бүтээж үлдээсэн алтан ургийн хаан. Чингис хааны хүү Тулуй, Тулуйн хүү Хүлэгү, Хүлэгү хааны хүү Абага, Абага хааны хүү Аргун, Аргун хааны хүү Өлзийт хаан юм.

-Ил хаант улсын анхны хаан Хүлэгү хаан уу?

-Тулуй хааны хүү Мөнх их хааны ор суусны дараа өөрийн төрсөн дүү нараа харьяат хязгаар нутаг руугаа илгээсэн. Дүү Хүлэгүг эзэнт гүрний эзэмшил бүхий өрнөд Ази руу илгээн тус хязгаарт хууль дүрэмд захирагдахаа больж хар тамхи хурц чинжаалын ирээр бүхнийг сүрдүүлж байсан уулын өвгөдийг даруулан шударга ёсыг сэргээхээр илгээсэн. Маш их зовлон бэрхшээлийг туулж их хааны даалгаврыг биелүүлээд Ил хаант улсыг эмхлэн байгуулсан. Одоогийнхоор бол манай цэрэг НҮБ-ийн үүргийг гүйцэтгэж дэлхий дахинд энх тайвныг тогтоох үүргийг өөртөө хүлээж байжээ гэсэн үг.

-Ил хаант улсын хил хязгаарын тухайд?

-Есөн улсын нутаг дэвсгэрийг эзлэн нэг зуун хол гаруй жил оршин тогтнож байсан. Одоогийн Иран, Ирак, Афганистан, Түркменстан, Гүрж, Азербайжан, Туркийн төв ба зүүн хэсэг Пакистаны баруун ба өмнөд хэсэг орж байв.

-Өлзийт хааны түүхэнд үлдээсэн гайхамшиг юу вэ?

-Өлзийт хааны өмнө түүний төрсөн ах Аргуны хүү Газан хаанчилж байв. Газан хаан ил хаант улсын түүхэнд олон шинэ дэвшилт зүйл санаачлан хийлгэсний дотор дүү Өлзийтийн хамт “Жами –ат – таварих” буюу Судрын чуулган хэмээх түүхэн туурвил юм. Дэлхий дахины түүхэн явц түүний дотор Монголын түүх, түүхэн хүмүүсийг уг гарвал сурвалжийг олж тогтоон буулгаж үлдээсэн нь орчин үед гайхамшиг болж байна. Бидний түүхийг дэлхийн олон хүрээлэнд судлан гайхан биширч байгааг хэлэхэд сайхан байна. Энэ бол Аргун хааны хөвгүүдийн ач гавъяа юм. Монголын нууц товчоотой ач холбогдлоороо адилхан гэж хэлж болох бүтээл байгаа.

-Монголд дэлгэрээд удаж байна уу?

-Удаж байгаа. Хэд хэдэн удаагийн орчуулга байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн онд эрдэмтэн их гүүш Г.Аким гуай “Шашдирын чуулган” хэмээх нэрээр орчин үеийн хэллэг найруулгатайгаар шинээр гаргасан. Уг бүтээлийн зохиогч нь Ил хаант улсын төрийн зүтгэлтэн Рашид Аддин Фазлуллах. Энэ нэрээр дэлхий дахинд алдаршсан.

-Рашид Аддины судрын чуулган хэмээн сонсож байсан юм байна?

-Тийм ээ. Өлзийт хаан энэ том бүтээлийг туурвуулахын тулд харьяа улсуудын мэдлэг чадвартай олон түүхчдийг татан оролцуулсан байдаг. Түүний дотор Монголоос арван том түүхчийг гэр бүлийнх нь хамт нүүлгэн ирүүлж оролцуулсан. Мөн их Юань улсын их хаан Хубилайд зүтгэж байгаад Аргун хаанд зөвлөхөөр илгээсэн Ил хаант улсын төр нийгмийн зүтгэлтэн цэргийн жанжин түүхч Болд чинсаныг оролцуулсан байгаа юм.

-Болд чинсан гэж та хэллээ. Чинсан гэдэг ямар албан тушаал вэ?

-Баруун зүүн гарын чинсан гэж яригддаг, сонссон байх. Хаан эзэнд туслагч дээд сайд түшмэлийн цол. Одоогийнхоор бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэсэн албан тушаалтай ойр юм болов уу даа.

-Өлзийт хааны хийж бүтээсэн зүйлүүдээс дурдахгүй юу?

-Ил хаант улсын засаглалын гол төв болж байсан Иран орныг болон бусад хязгаар нутгуудаа цэцэглэн хөгжүүлэхэд ухамсарт амьдарлаа зориулсан. Түүний өвөг дээдэс болон өөрийнх нь босгосон хот суурины дурсгал одоо байгаагийн нэг нь өөрийнх нь ордон. Ираны Султание мужид байх энэхүү гайхамшигт ордонд Монголын судлаачид нэлээн олон удаа хөл тавьсан байдаг. Өлзийт хаан энэ ордондоо Ираны анхны номын санг байгуулж Судрын чуулганыг бүтээх явцад ашиглаж ирсэн түүхтэй. Бүх ил хаад одон орончид шатрын том мастерууд түүхч яруу найрагчид байсан. Үүний нэг тод жишээ бол одоогийн Иран оронд хааш хаашаа таван километр талбай бүхий ордон орны төв юм. Бид үндсийг тавьсан энэ төв дэлхийн цөмийн салбарт томоохонд орно. Мөн Өлзийт хааны дараагийн хаан түүний хүү Бахадур хаан буюу Баатар хааны шүлгүүд үлдэж хоцорсон байдаг.

-Сонин сайхан түүх байна.

-Энэ дэлхий ертөнцөд бидний өвөг дээдэс таван эзэнт гүрэн байгуулсан. Өвөг дээдсийн минь амьдралын зорилго жинхэнэ дээдсийн хүсэл мөрөөдөл байж. Дээдэс хүн гэдэг бол өөрийн ард түмнээ төрсөн үр хүүхдээ хайрлаж байгаа мэт хайрлах төдийгүй дарлагдан зовсон хууль ёсгүй төргүй шахам улсуудын ард иргэдийг эн тэнцүүхэн хайрлаж чадсанд байгаа юм. Ил хаант улсыг байгуулахдаа хууль үйлчилдэггүй газрын эзэд нударган баячуудаас жирийн ард иргэд тариачдын эрх ашгийг хамгаалан гарч ирснээрээ ард түмний хайр хамгааллыг хүртэж чадсан. Бурхан бидэнд элчээ илгээв хэмээн мөргөж байсан тухай бичиж үлдээсэн байдаг.

-Таны хэлдгээр Монголын их хаад өв хөрөнгө цуглуулдаггүй байсан байх?

-Тийм ээ. Энэ дэлхийн хуурай газрын гуравны хоёрт хаанчилж байсан баян тансаг өчнөөн төчнөөн улсыг эзэгнэн сууж байсан бидний өвөг дээдэс алт эрдэнэсийг нь монгол руу зөөгөөд байсан бол өнөөдөр цөөхөн хэдэн монголчууд төрөө засаж хилээ манаж үлдэхгүй байсан. Аль хэдийнээ газрын зургаас хасагдаж эртний дэлхий дахины түүхэнд нэр л үлдэх байсан биз. Эд хөрөнгө бол адгийн баян гэж үздэг учраас ариун нэр шударга ёсны төлөө тэмцэж түүгээрээ амьдарч байсан. Өгөөдэй хаан гэхэд төрийн сан хөмрөгөө үзээд сэтгэлээр унаж ийм их зүйлээр би юу хийх вэ, ард түмэнд тараалган өгч, мөн дундад Азиас өөрийг нь зорьж ирсэн хүмүүст асар их баялаг удаа дараалан өгч байсан баримтууд олон бий.

-Өглөг өгч, буян хураах тухай бурханы шашны сургаалд их байдаг, үүнийг манай хаад мэдэж байсан хэрэг үү?

-Бурхан багшийн сургаалын дагуу өглөг буян хийж шуналгүй амьдарч байсан гэж мушгин гуйвуулж болохгүй. Ерөөсөө монгол хаадын боловсрол өндөр, хүн чанар сайтай жинхэнэ дээдэс байсны учирт л байгаа юм.

-Өлзийт хаан Их Юань улстай ямар харилцаатай байсан вэ?

-Ил хаант улс оршин тогтносон бүх хугацааныхаа туршид Монголын эзэнт гүрэнтэй нягт холбоотой шууд удирдлага дор нь байсныг олон түүхэн баримт гэрчилдэг. Хүлэгү хааны дараа Абага хаан ширээ залгажилахад их Хаан Хубилай хүлээн зөвшөөрсний бэлгэ тэмдэг болгон зарлиг бэлэг сэлтийг элчээр илгээж ёслон батламжилсан байдаг. Хубилай хаанд одон орны төв байгуулж өгсөн их буу дурсгасан гээд Хубилай хаанаас цэргийн зөвлөхүүд болон засаг удирдан явуулахад туршлага бүхий түшмэдүүд мэргэжилтнүүд илгээж байсан гэх мэт. Өлзийт хаан энэ уламжлалт сайн харьцааг хэвээр хадгалан тэр үеийн их Юань гүрний хаан Төмөрт элч төлөөлөгчөө илгээж төрийн захидал бэлэг сэлт явуулж байсан. Өлзийт хааны гадаад харилцаа өргөн дэлгэр байсны гэрч нь Францын гоо Филипп хаанд 1305 онд бичсэн захидал Францын үндэсний номын санд манай түүхийн музейд бий. Барууны олон оронд бүх ил хаадаас илгээсэн захидал зоосон мөнгө болон бусад дурсгалт зүйлүүд их бий дээ.

-Өлзийт хааны тухай өөр сонин содон зүйлээс тодруулна уу?

-Өлзийт хааны үед Юань гүрний далай их хаан Төмөрт хандан Өгөөдэй овгийн хаан Чабар, Алтан ордны хаан Тогтоа, Цагаадай улсын хаан Дуга, Ил хаант улсын хаан Өлзийт нараас феодалын задралыг хумих зорилгоор атгасан гар шиг нэгдэн нийлж дахин батжин цэцэглэхийг уриалсан уриалга гаргаж байсан нь маш том сайхан алхамуудын нэг юм. Мөн их юань гүрний туршлагаар цаасан мөнгө нэвтрүүлэхийг өмнөх олон хаадын адил туршиж байсан. Зоосон мөнгө амжилттай цутгаж байсан. Газар тариаланд шинэчлэл хийж услалтын систем далан шуудуу олноор байгуулсан гээд ер нь яриад байх юм бол бүхэл бүтэн роман болно доо.

-Түүхэн бүтээл хийхэд тань хамтарч ажилладаг, дэмжиж тусалдаг хүмүүс бий юу?

-Өлзийт хаан романыг бичихэд энэтхэг болон ил хаант улсыг судалдаг дипломатч доктор О.Нямдаваа ах олон сайхан материал өгч тусалсан. Болод чинсаны тухай их бүдэг байдаг. Энэ хүний ачаар тэр том төрийн зүтгэлтний хөргийг нэлээд тод оруулж өгсөндөө баяртай байна. Мөн зураач уран барималч доктор С.Бадрал номын зургийг бүтээж, зураач С.Чулуунбаатар ил хаадын зураасан зургийн цуглуулгаасаа Өлзийт хааны дүрийг хэвлүүлж нэг ёсондоо бид бүгдийн хамтын бүтээл болсон доо.

Д.НАМУУН

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар танаа

Миний бие МУ-ын эдийн засаг, нийгэмд асар их ач холбогдол, нөлөөтэй “Оюутолгой” ордын талаар 2011 оноос эхлэн төвийн хэвлэл, мэдээллээр олон удаа санал, бодлоо илэрхийлсэн томоохон нийтлэлүүд бичиж байсан билээ.

Монгол Улс, Монголчууд бидний амьдрал, хөгжил цэцэглэлт цаашид ямар байхтай салшгүй холбоотой энэхүү асуудлыг Төр, Засгийн түвшинд хөндөн тавих Тэнгэрийн хугацаа болжээ гэж үзэн Та бүхэнд өөрийн Судалгаа, Дүгнэлт, Саналаа хүргүүлж байна.

Цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэх нь Монголын минь эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Болгооно уу?

Оюутолгойн гэрээнүүдийн талаарх Судалгаа, Дүгнэлт, Санал

Гэрээнүүд:

1. Хөрөнгө оруулалтын гэрээ ( цаашид “ХОГ” гэх ) 2009.10.06-ы өдөр нэг талаас, МУ-н ЗГ болон нөгөө талаас, хөрөнгө оруулагчид ( буюу Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз LTD, Рио Тинто Интернэшнл холдинг LTD)-хооронд байгуулсан.

2. Хувь нийлүүлэгчдийн гэрээ (цаашид “ХНГ” гэх) 2011.06.08-ны өдөр (нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн) нэг талаас, Эрдэнэс МГЛ ХХК ба нөгөө талаас, Айвенхоу ОТ (Би Ви Ай )LTD, ОТ Нидерланд Би Ви, ОТ ХХК ( хуучин нэрээр Айвенхоу Майнз Инк ХХК )-ын хооронд байгуулсан.

3. ОТ-ын далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (цаашид олонд яригддагаар “Дубайн гэрээ” буюу “ДГ” гэх) 2015.05.18-ны өдөр нэг талаас, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс МГЛ” ХХК ба “Эрдэнэс ОТ” ХХК, нөгөө талаас, хөрөнгө оруулагчыг төлөөлж (Туркойс Хилл ресурсос LTD, Ти Эйч Ар ОТ LTD, ОТ Нидерланд Би Ви буюу) Туркойс Хилл, (Рио Тинто интернэшнл холдинг LTD буюу) Рио Тинто-ийн хооронд байгуулсан.

Нэг. ОТ-ын талаархи товч ойлголт

1.1 ОТ нь Дэлхийд эхний 5-д багтах зэс , алт , мөнгөний холимог хосгүй баялагтай орд болно.

1.2 ОТ орд нь одоогийн тогтоосноор 45 сая тн зэс , 1838 тн алтны нөөцтэй .Энэ нь Эрдэнэтээс 5 дахин , Бороогийн алтны ордоос 60 шахам дахин 2 том баялаг энэхүү ордод нэг дор заяасан гэсэн үг юм. Энэ нөөц цаашид өсөх боломжтой ( Нэмж 2 “А” лицензи өгсөн байгаа).

1.3 Өөрөөр хэлбэл,“1 сумаар 2 туулай буудна” гэгчээр 1 зардлаар Зэсийн, Алтны гэсэн 2 том уурхайг ажиллуулж (Жишээ нь: Эрдэнэттэй харьцуулбал хэдийгээр далд уурхайн хэсгийн анхны зардал гарах ч цаашид ашиг орлого нь 2-3 дахин нэмэгдэх бүрэн боломжтой гэсэн логик гаргалгаа юм).

1.4 ОТ-ын талаар Соц-ын үед илэрцтэй, гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн байжээ. Өөрөөр хэлбэл ор хоосон газраас цоо шинэ баялаг илрүүлчихсэн гэсэн үг биш юм.Канадын Айвенхоу Майнз (захирал Фридланд ) компани нь анх “Монгол газар “ ХХК (захирал Мянганбаяр)-аас өчүүхэн төлбөрөөр 2000-аад оны эхээр худалдан авч Хайгуулын ажлыг гүйцээн илрүүлж , нөөцийг тогтоожээ.

1.5 Өөрийн зардлаар хайгуул хийж нөөц тогтоосон гэдэг утгаар АМ-ын тухай хуулиар давуу эрх эдлэх, улмаар МУ нь 34% -ыг эзэмших нөхцөл байдалд хүрчээ.

1.6 ОТ төслийг эхлүүлэх яриа хэлцэл нэлээд олон жил (5 жил шахам) үргэлжилсэн бөгөөд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа МУ нь 51% -иас доошгүй эзэмшинэ гэсэн хатуу байр суурьтай байсан бөгөөд хөрөнгө оруулагч тал (Фридланд) эцэстээ зөвшөөрсөн байсан гэдэг.

Гэтэл С.Баяр стандарт бус хамтарсан ЗГ-ын Ерөнхий сайд байхдаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж ялсны дараа Энэхүү МУ-д ашиггүй , хохиролтой гэрээг шуурхайлан байгуулсан нь хардлага төрүүлж өнөөг хүртэл эрдэмтэн судлаачид болоод Нийгмийн зүгээс асар их эсэргүүцэл, шүүмжлэлд өртөж буй болно.

Хоёр. Гэрээний эерэг сайн талууд (зүйлс):

2.1 МУ-д анх удаа дэлхийн томоохон компани ( хөрөнгө оруулагч)-ийг Уул уурхайн том төсөлд татан оруулж ирсэн.

2.2 Дэлхийн нэр хүндтэй, том ХО-ыг оруулж ирсэнээр 3 дахь хөршийн бодлого хэрэгжиж, ЭЗ-ийн болоод Үндэсний аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлт бий.

2.3 Гадаадын хөрөнгө оруулагчдыг МУ -руу дуудах, тэдний сонирхол татах нөлөө үзүүлсэн.

2.4 Хэдийгээр шудрага бус ч Улсын төсөв санхүүд татвараар дамжин тодорхой орлого нэмэгдсэн талтай. ( ОТ нь жилд дунджаар 2-3 тэрбум $-ийн борлуулалт хийж буйгаас 95-96% нь Гадаад тал нь авч, МУ-ын төсөвт ердөө 4-5% нь буюу 300-400 тэрбум төгрөг орж буй байх, тодруулах!)

2.5 Монгол ажилчид (гэрээгээр нийт ажилчдын 90%-д хүрсэн) дадлагажиж, тэдний өрхийн орлого нэмэгдэж байна.

2.6 Өмнийн говьд ХО хийгдэж дэд бүтэц (зам харилцаа), нийгмийн чанартай (сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт ) бүтээн байгуулалтууд хийгдсэн байна.

2.7 Төслийн хангамж, нийлүүлэлтэд Монгол иргэд, ААН-үүд тэргүүн ээлжинд оролцох болсон байна.

Гурав. Гэрээний сөрөг муу талууд (зүйлс):

Эрх зүйн чанартай:

3.1 Аливаа бизнесийн тэр тусмаа ОУ-ын гэрээ хэлцлийн гол зарчим нь “харилцан ашигтай байх” байдаг хэдий ч ОТ-н гэрээний хувьд энэ зарчим алдагдаж өмчийн эзэн -Монголын талд ашиггүй, харин ч хохиролтой болсонд Гэрээний гол хор холбогдол оршиж байна.

3.2 Гэрээнүүдийн дагаж мөрдөх эрх зүйн актуудад (ХОГ- удиртгал хэсэгт ) гол эцэг хууль болох Үндсэн хуулийг дурьдаагүй нь санамсаргүй гэхэд тун эргэлзээтэй байна.Үндсэн хуульд байдаг “Газар, түүний хэвлий дэх баялаг нь Монголын ард түмний өмч байна” гэсэн гол заалт, ойлголтоос бултсан гэлтэй.

3.3 Дурдсан эрх зүйн актуудад ( ХОГ-ний удиртгал хэсэг, мөн 15,16 дахь хэсэгт) УИХ-ын 2009.07.16-ны 57 дугаар тогтоолыг нэрлэсэн нь сайн талтай боловч, Энэхүү тогтоолын “ХО-гч нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж авмагц Монголын талын эзэмших хувийг 51% болгоно” гэсэн гол санааг хэрэгжүүлэх талаар хаана ч огт тусгаагүй байх бөгөөд харин ч 30 жилийн дараа Гэрээг сунгах үед МУ нь хүсвэл ( ХОГ-ний 1.6 ба ХНГ-ий 16.10 (а) ) 34 % дээрээ нэмж 16% , нийт 50% (51 % биш) эзэмшиж болох тухай заасан нь УИХ –ын дээр дурьдсан 57дугаар тогтоолыг зөрчсөн байна.

3.4 Төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад (ХОГ-ний 1.11 ба 3.1 заалтуудаар) “А” лицензи өгсөн нь АМ-ын тухай хуулийг зөрчиж , ХО-гч талд үйлчилсэн байна.Түүгээр зогсохгүй нэмж 2”А” лицензи олгосон байна. 6709А+ ( 6708А + 6710А) болно.

Эдийн засгийн чанартай:

3.5 ХОГ-ний гол агуулга нь хөрөнгө оруулагч (буюу Гадаад тал)-ын Татварын болон Үйл ажиллагааны орчинг тогтвортой байлгах … олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах гэсэн том эрхийг тэргүүн зорилго болгожээ.(ХОГ-н Удиртгал хэсгийн Гэрээний зорилго гэсэн хэсэг)

3.6 ХОГ-нд 1.6-д МУ нь ОТ –н 34% -ыг “өмчлөх”гэдэг үгийг хэрэглэсэн нь сайн хэрэг боловч ( ХНГ болон Дубайн гэрээнд) “эзэмших “ гэдэг үгээр хэрэглэсэн нь эрх зүйн ойлголтоор зөрчилтэй гэж харагдахаар байвч дараа нь манай талд ашигтай байж болох юм.Цаашдын гэрээнүүдэд 34% -ийг “эзэмшинэ” гэж ойлгож хэрэглэх болсон байх бөгөөд хамгийн муу нөхцөлтэй эзэмшигч байхаар тохиролцсон нь нэн харамсалтай.Энэ нь МУ –ын эрх ашгийг ноцтойгоор хохироох үндсэн шалтгаан болсон байна.

3.7 ЗГ нь МУ-ын эрх ашигт хохиролтой маш олон буулт хийж, хөрөнгө оруулагчид онцгой, заримдаа хэтэрхий эрх мэдлүүд олгосон байна. Үүнд:

а) -Өөрийн өмч баялагийнхаа 34%-ыг үнэгүй өмчлөгч биш, үнэн хэрэг дээрээ өөрөө өөрийнхөө өмчийг худалдан авч ердийн нэгэн хувьцаа эзэмшигч болсноор төслийн бүх санхүүжилт (ил уурхайд Гэрээнээс өмнө гаргасан гэх 1,7 тэрбум , нэмж далд уурхайд авсан 5,4 тэрбум, нийт 7,1 тэрбум, цаашид ДГ-ний 3.1-ээр нэмэгдэх 9 тэрбум)-ийн 34% -г хариуцахаар болжээ.( ХОГ-ний 1.6, ХНГ-ний 4.2.а , ДГ-ний 5.5)

б)-Анхны ТЭЗҮ –ээр нийт хөрөнгө оруулалтыг 2,4 тэрбум гэж байсан ч , дараа нь нэмсээр одоо 7,1 тэрбум гэсэн нь зардлаа өсгөх башир арга байх магадлалтай .Түүгээр ч үл барам ТЭЗҮ –г эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт биш гэсэн нь ноцтой алдаа мөн. ( ДГ-ний 4.2 )

в)-Ингэж МУ нь хөрөнгө оруулагчдын урьд нь гаргасан зардал (санхүүжилт)-ын 34%-г төлөх, мөн нэмж гаргах санхүүжилтын 34%-г хариуцахаар болж, үүндээ ногдол ашгаа суутгаад, хүрэхгүй бол ЗГ-ын төлөх зээл гэж үзэн улирал тутам хүү бодож нэмэгдүүлэн ( ингэхдээ гэрээ байгуулахаас өмнөх зээлд жилийн 9,9%, харин нэмж авсан зээлд жилийн 6,5% -аас илүү хүү тооцож ) байхаар болсон байна.(ХНГ-ний 11.3 ба 11.4 ба 15.1)

Энэ схэмээр (ХНГ-ний 9.1-9.7 11.3-11.4, 15.1 ДГ-ний 5.3-5.5) тооцбол , МУ нь ОТ-ын хөрөнгө оруулагчдад одоогоор 7,1 тэрбум $ -ын 34% буюу 2,4 тэрбум $ -ын өртэй бөгөөд 30 жилийн турш ногдол ашгаа суутгаснаар 2039 онд ойролцоогоор 1 тэрбум $-ийн өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй гэж УИХ-ын Судалгааны хүрээлэнгийн баг 2012 оны мониторингийн тайландаа тооцсон гэдэг нь үндэслэлтэй байж болох.

г)-30 жилийн дараа ЗГ нэмж 16% буюу нийт 50%-г эзэмшигч болж болох боловч санхүүжилт мөн л ийм зарчмаар үргэлжлэх нь ойлгомжтой .

3.8 ДГ-ний 5.6-аар Далд уурхайн санхүүжилтэнд авах зээлэнд ОТ –н “А” лицензүүд , бүхий л эрхүүд , мөн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн байна.Энэ нь үнэн хэрэгтээ МУ –ын орд баялаг, өмч, хөрөнгийг барьцаалж авсан зээл болох бөгөөд МУ өөрийн авсан зээлэндээ хөрөнгө оруулагчдад давхар хүү төлөхөөр болсон нь даруу хэлбэл шударга бус, дэндүү луйврын чанартай тохироо болсон байна.

а)-Энэхүү авсан зээлээсээ хөрөнгө оруулагчдын урьдах зээл, монгол талын хариуцах 34% г.м-ийг хөрөнгө оруулагчдад эхний ээлжинд төлнө, үлдэгдэл мөнгө мөн ОТ-ын орлого нь Рио Тинто-д хадгалагдана.Энэхүү мөнгийг хадгалсан гэдэг утгаар Рио-д баталгааны шимтгэл гэж 1,9%-ийн хүү нэмж төлөхөөр болсон нь бас л дэндүү луйврын шинжтэй болжээ.( ХНГ-ний 9.1-9.7, ДГ-ий 5.3-5.5)

3.9 ХНГ-ний 7.2.а -7.2-аар “Менежментийн баг” гэгчээр халхавчилсан Гадаад талд нийт зардлын 6%-тай тэнцэх үйлчилгээний төлбөр гэгчийг улирал бүр өгч байхаар тохирсон нь арай дэндсэн луйвар болжээ.Олон түмний эсэргүүцэл, шүүмжлэлийг харгалзсана уу –Энэхүү Менежментийн төлбөр гэгчээ ДГ-ний 4.8-аар ямар ч тайлбаргүйгээр гэнэт 2 дахин бууруулж 3% болгосон ч энэ бол Ямарч үндэслэлгүйгээр өндөр хэмжээний зувчуулга мөн.

3.10 Баяжмал дахь Металлын агууламж, сорьцыг ОТ-н өөрийн болоод Геологийн Төв лабораториар давхар тогтооно гэсэн боловч зөрүү гарвал ОТ-н лабораториар тооцно гэсэн нь шууд гадаад талынхаар л шийдэж байхаар Монголын талд хохиролтой заалт болсон байна.( ДГ -6.2)

3.11 Үйлдвэрийн усны хувьд Газрын гүний усыг (гадаад тал илрүүлсэн гэж) төлбөргүй шахам болгон харин ч бусдаас татвар авч байх давуу эрх олгосон нь дахин сэргээгдэхгүй шахам баялагийн хувьд хир оновчтой шийдэл болсон.Говийн эмзэг байгаль орчинд сөрөг нөлөөлж болох эрсдэлтэй байна

3.12 МУ нь АМ-ын хууль, стратегийн орд болон хөрөнгө оруулагчдын тухай заалтуудаар татварын маш олон төрлийн хөнгөлөлт үзүүлж , гол татваруудыг хэзээ ч , ямар ч нөхцөлд өөрчлөхгүйгээр тогтворжуулжээ. ( ХОГ-ний 2-р бүлгээр)

а)-Нөөц ашигласны татвар буюу рояльти-г 5% (бусад орнуудтай харьцуулахад дэндүү бага)-аар гол авах татвараа тогтмолжуулсан нь маш буруу юм.

б)- ААНО, Гаалийн, НӨАТ, Онцгой, Нөөц ашигласны (рояльти), тусгай зөвшөөрлийн хураамж, үл хөдлөхийн, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн (ХОГ-ээр хүчингүй болгосон) г.м 8 төрлийн татварыг тогтворжуулсаны дээр ХОГ-ний 2.7-оор ногдол ашгийн орлогод 10% , эрхийн шимтгэлийн орлогод 10% , үл хөдлөх борлуулсаны орлогод 2%, хүүгийн орлогод 10%, эрх борлуулсаны орлогод 30% гэхчлэн тусгайлсан татваруудыг тогтмолжуулжээ.Энэ нь манайх татвар багатай оронд тооцогддог тул ирээдүйд МУ –д ашиггүй юм. Тухайлбал: ААНО-ын татвар манайд 10-25% бол Баруунд 40-60% байдаг.

в)-Маш олон зардлуудыг ( Үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтын 10%-тай тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлэх (ХОГ-2.33.1) , алтнаас бусад бүх экспорт НӨАТ-гүй гэхчлэн, үүний дотор Менежментийн төлбөр гэгчийг (ХОГ-2.16, ДГ-4.6) татвараас чөлөөлсөний дээр олон зардлыг НӨАТ-ын буцаан олголтонд хамруулжээ.

Зөвхөн ДГ-ний 4.5-аар татварын хөнгөлтийн хуримтлал болох (2012 оны сүүлийн байдлаар тооцсон) 646,3 сая, түүний шилжүүлэн тооцох алдагдал гэгч 256,6 саяын хамт, нийт 0,9 тэрбумыг (2 хоногийн дотор) буцаан олгохоор болсон нь нэгийг өгүүлж буй бус уу?

3.13 МУ-д Баяжуулах үйлдвэр байгуулах (ХОГ –ний 3.19 ба 3.23 ДГ-ний 3.5) болон Эрчим хүчний хэрэгцээгээ 4 жилийн дотор МУ-аас хангана ( ХОГ -7.3 ) гэсэн заалтууд одоо хүртэл хэрэгжээгүй байна.

3.14 Гадаад тал (30жил +20+20)=нийт 70 жилээр лицензи эзэмшигч болхоор онцгой эрх олгосон нь хир оновчтой болсон нь эргэлзээтэй. ( ХОГ-ний 3.1)

3.15 Эцэст нь тэмдэглэхэд, Монголын хариуцан төлөх (34%-д ногдох) зардлыг өсгөх, татвар төлөх ашгийг багасгахын тулд зардлаа илүү бичих, Менежментийн гэх мэтчилэн үндэслэлгүй зардлууд гаргаж ирж орлогоос гувчуулах башир аргууд хэрэглэсээр байгааг эрдэмтэн судлаачид шүүмжилсээр байгаа нь үндэслэлтэй болно.

3.16 Ингэж ЗГ нь өөрийн өмчийн эзэн бус, 34% -гаа худалдан авсан ердийн нэг хувьцаа эзэмшигч болсон бөгөөд МУ-д асар хохиролтой олон буулт хийж, эзнийхээ эрхийг алдаж, харин ч хохирогч болж хувирчээ.

Дөрөв: Дүгнэлт, Санал

4.1 МУ-ын 34% ( буюу 51%) гэдгийг “өмчлөх”, эсвэл “эзэмших” гэдгээр яаралтай тайлбар хийх.Жич: Тухайн үеийн УИХ-ын гишүүд “үнэгүй өмчлөх хувь” гэж ойлгон баталсан байдгийг анхааран хуулинд цаг алдалгүй яаралтай өөрчлөлт оруулах.

4.2 Ингэж хуулинд яаралтай өөрчлөлт оруулах нь цаашдын бусад хөрөнгө оруулагчдын гэрээнүүдэд алдаа гаргахаас сэргийлж чадна.

4.3 ОТ –н гэрээний хувьд Санал болгох нь :

1) -Гол гэрээ болох ХОГ-нд “өмчлөх” гэж тусгасан нь сайн ч (санамсаргүй алдаа ч байж болох) дараачийн 2 гэрээнд “эзэмших” гэдгээр ойлгон, улмаар маш хохиролтойгоор тусгагдсан байх тул хуульчид, э/з-гчдийн маш чадварлаг Тусгай баг ажиллуулан, болбол “өмчлөгч” гэдэг ойлголтоор нөгөө талтай ойлголцон Гэрээнд өөрчлөлт оруулах.(Ер нь энэ бол маш хэцүү яриа хэлцэл байх боловч МУ-ын эрх ашгийн үүднээс ул суурьтай бэлтгэл ажлуудыг хийсний дараа яриа, хэлцлийг даруй эхлүүлэх) .

2) -Хэрэв 4.3.1 хувилбар бүтэхгүй бол МУ нь хувьцаа эзэмшихээсээ татгалзаж “Бүтээгдэхүүн хуваах” гэрээний зарчмаар ОТ-н гэрээг даруй өөрчлөх.Ингэхдээ ДГ-ний 2.2.в –д заасан “МУ-ын ЗГ нь ОТ төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн (анх Гэрээ хийхдээ 56-57% гэж олон удаа ярьж, сурталчилж байсан)-г Удирдлага болгон яриа хэлцэл хийн, ядаж 34%-аас доошгүйг Бүтээгдэхүүн хуваахаар авахаар тохиролцон гэрээгээ шинэчлэн байгуулах.( Энэ нь магадгүй нөгөө тал хүлээн авах хамгийн боломжит хувилбар байж болно).

Ингэвэл бид Гадаад талын зардал, тооцоо зэрэг асар балиар луйвар, гувчуулгыг хянах гэж “муур, хулгана” болж тоглох шаардлагагүй болно.

3) -ОТ гэрээ нь асар их авилгаар хийгдсэн гэрээ гэдгийг дотоод, гадаадгүй бараг ойлгож байгаа. Иймд хэрэв бид бараг тодорхой Авилгагчдыг ирүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэж чадвал, гэрээ автоматаар хүчин төгөлдөр бус болох бөгөөд бид ямар ч Арбитрын шүүх энэ тэр гэхгүй харилцан ашигтай Шинэ гэрээ хийж болно.Энэ нь зориглож чадвал Сургамж, дотоод болоод ОУ-ын нэр хүнд талаас сайн ч байж болно.

4.4 Анхны 2009.10.06-ны ХОГ-г хийсэн эрх мэдэлтнүүд гол буруутан мөн. Харин дараа, дараачийн Гэрээнүүд нь Эх гэрээ (ХОГ)-нээсээ салбарласан байх бөгөөд гадаад тал нь (нэг талаас Авилгагчдын барьцаалагдсан байдал, улс төрийн нөлөөлөлд дулдуйдан, нөгөө талаас манай талын эдийн засаг – эрх зүйн чадваргүй, туршлагагүйг далимдуулан) барьцаа улам лавшруулах зарчмаар хандсан байна.

4.5 Жич: Одоо нэгэнт тодорхой болж эхэлж буй Гэрээ байгуулагчдын офшор данс, хөрөнгө мөнгө,

-Татварын шалгалтуутаар тогтоогдсон 130 сая $-ын актын төлбөр (сүүлд бас л 30 сая $ болгон буулт хийсэн) хэрэгжээгүй,

-“Хуулийн зөвлөх үйлчилгээ” гэж АНУ-руу Ц.Элбэгдоржийн сайн танил найзууд гэх нэг гэр бүлийн тэтгэврийн 2 хөгшин рүү гувчуулсан (47 сая $ билүү?) мөнгө хөрөнгө зэрэг нь Эх ороноо бус, өчүүхэн өрөвдөлтэй амин хувиа бодогч цөөн тооны Авилгагчид –Бохир бүлэглэлийн эрх ашиг Энэхүү шударга бус Гэрээ, тохиролцооны ард байгааг нийгэмд илтгэн харуулсан болно.

Түмэн олны минь сүсэглэн залбирдаг Төрийн минь өндөрлөг болсон Та бүхэн тодорхой арга хэмжээ авч Монголын минь эрх ашиг ялна гэдэгт итгэлтэй байна.

Судалгаа , Дүгнэлт, Санал боловсруулсан Эдийн засгийн ухааны доктор Б.Очбадрах

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тө(ө)рсөн ах Хазара

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

“Есдүгээр рот” гээд Оросын кино бий. Дайны сэдэвт сайн киноны нэг л дээ. Афганы дайнд тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр хэсэг цэргийг рот болгон эмхлээд, эхлээд Афганистаны нөхцөл байдлын тухай хичээл заадаг. Офицер багш заахдаа “Умард Афганистаны уулархаг нутагт хазара үндэстэн амьдардаг. Тэд бол маш дайчин хүмүүс. Чингисийн байлдан дагуулалтын үед энэ нутагт үлдээгээд явсан монгол гаралтнууд” гэдэг.

Энэ кино манай зурагтын суваг болгоноор шахам гарч байсан учраас монголчууд бид хазара хэмээх нэгэн төрсөн ах дүүтэй болоодохов. Тухайн үеийн Ерөнхийлөгчийн зурагтаар ярьж байсныг санаж байна: Бээжингийн олимпод манай монголчууд зургаан медаль авна гэж би зүүдэлсэн. Гэтэл дөрвийг авчихаар нь гайхаад. Тэгсэн сураар нэг буриад, таэквондогоор Афганы нэг хазара авсан юм байна. Ингээд зургаа болж байгаа биз?

Дайн болж байгаа газраас хазара ах дүүгээ авчирч эндээ амьдруулъя гэх мэтийн яриа их гарч байв (гарсаар ч байгаа). Юутай ч бүгдийг нь авчирдаггүй юм гэхэд өнчин хүүхдээс авахуулаад оюутан сурагчдыг авчирч “амьдруулж” байгаа. Өөрснөө болохоор баруун зүүн аймаг, ойрд халх, ар, өвөр, цусны шинжилгээгээр талцаад байдаг ориг монголчууд маань гэнэт олдсон сахал үсэндээ баригдсан том хамартай төөрсөн ахыгаа ихэд өрөвдөн өвөр түрийндээ урих болов.

Хазара үндэстний гарал үүслийг яг таг тогтоосон явдал одоо болтол алга. Судлаач эрдэмтдийн зарим нь тэднийг баруун түрэг гаралтай гэж байхад уйгар, чуваш, булгаар, перс, жүүд, огуз гаралтай гэж бусад нь мэтгэдэг. Булаацалдаад байгаа юм биш, VII зууны үед гэнэт хүчирхэгжин гарч ирсэн нүүдэлчин овгийн хазарын урьдхынх нь тухайн түүхийн баримт олдохгүй байгаагаас тэр. Ориг монгол гаралтай гэж мөнөөх киноны орос офицероос өөр анхлан хэлсэн баримт олдохгүй байна. Дайнч байлдаанч үндэстэн болохоор иргэншсэн орнуудын түүх сударт хүний болоод газар нутгийн нэршил, зарим хазара үг 60 орчим тэмдэглэгдсэнээс нь хэл шинжээчид судлаад одоо байгаагаас чуваш хэлтэй ойр байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм байна. Энэ хэл мөхсөн, одоо тэд иран овгийн пушту хэлээр ярьдаг. Мөхсөн хазара хэлэнд юутай ч цэцэг, шар гэх мэт монгол үг байсан гэнэ. Энэ нь тэгээд түрэг үгс л дээ.

Төр улсаа байгуулсан нүүдэлчин гүрнүүд дотор хазарууд их дээгүүр байр эзэлдэг. М.Э-ий 560 онд байгуулагдсан Хазарын хаант улс нь 300 гаруй жил тогтсон. Энэ бол дан нүүдэлчний төр оршин тогтнож чадсан хамгийн урт хугацаа. Арал тэнгисээс Каспи хүртэл, Өмнөд Уралаас Иран хүртэл уудам талбайг эзэгнэж байв. Иймээс Ойрхи Дорнодын зарим хэлэнд Каспийн тэнгисийг “Хазарын тэнгис” гэж нэрлэдэг гэнэ. Хазара гэж юу гэсэн утгатай болохыг үгийн гарлын хувьд нэг мөр тогтоож чадаагүй байгаа ч, юутай ч энэ нь монгол хэлний хазаар ногтны “хазаар”-тай хамаагүй байх аа.

Хазарууд урагшаа арабуудтай олон жил байлджээ. Тэдний эсрэг үзэл суртлын тэмцэлд жүүд нарын иудайн шашинг ашиглахаар шийдэн иудайн шашинтай жүүд биш, цор ганц үндэстнийг ч үүсгэж байсан түүхтэй. Энэ явдал Хазарын хаант улсын түүхэнд хамгийн алдаршсан Булан хааны үе. Энэ нэр монгол хэлний “булан”-тай огт хамаагүй, “буга” гэсэн үг гэнэ ээ. Хазарын хаант улс байгуулагдсанаас даруй 800 жилийн хойно Монголын эзэнт гүрэн шинээр буй болжээ.

Х зуунд хазарууд Саманид, Волгийн Булгаар зэрэг лал шашинт орнуудад бүслэгдэн улмаар мөхжээ. Хойд талд нь шинээр байгуулагдсан Киевийн Русь эцсийн цохилт өгсөн байна. Хазарууд түүхийн тавцан дээр гэнэт гарч ирснийхээ нэгэн адил бусад үндэстнүүдэд ууссаар мөн л гэнэт алга болжээ. Чингис хааны Хорезмд хийсэн их дайны үеэр хазарууд монголчуудыг шууд дэмжин талд нь орж тулалдаж явсан баримт бас бий. Улс улсад хуваагдан амьдрах болсон хазарууд Алтан Орд ба Чагаадайн гүрэнд харьяалагдах болсон гэх. Урьд нь түрэг ч юм уу, хамит самит ч юм уу, иран ч юм уу овгийн хэлтэй асан өнөөгийн хазарууд өвөг дээдэс нь үзэн яддаг байсан лал шашинд орж, иран овгийн хэлээр ярьдаг болжээ.

Өнөөгийн Афганистанд монгол гаралтай үндэстэн бий нь бий. Үнэхээр тэднийг Чингис хааны үлдээсэн цэргүүдийн удам гэх юм билээ. Тэднийг могол гэж нэрлэнэ. 1992 оны хүн амын тооллогоор 20 мянга орчим могол хүн байна гэсэн тоо гаргасан гэх. Тийм учраас өнөөгийн түүхэн газрын зураг дээр монгол үндэстэн амьдран суудаг нутаг гээд Хойд Афганистаны зураг дээр дуслын чинээ газрыг тэмдэглэсэн байдаг.

1955 онд Японы Киотогийн Их сургуулийн хэсэг эрдэмтэн эдгээр моголчуудыг олж судлахаар тусгай экспедиц гарган Афганистанд очжээ. Тэд бүтэн сар Хойд Афганы уулархаг газраар тэнэсэн боловч монгол хэл мэддэг могол хүн олсонгүй. Харь үндэстэн хэмээгдэн пушту нарт гадуурхагдан дээрэлхүүлсэн, туйлын ядуу, хоцрогдсон, алслагдсан сууринг заалган очсон боловч лалын шашинт оршин суугчид нь өөрсдийгөө могол гаралтай гэх авч хэлний тухайд гэвэл хэдийнээ талийгч болсон эмээ өвөөгөө могол хэл мэддэг байсан гэх сураг хэлжээ. Могол хэл өдгөө мэддэг хүн хайсан мятрашгүй япончууд сурагласаар яваад нэгийг олсон аж. “Нохой”, “үхэр” гэх мэт нэлээд хэдэн ориг монгол үг хэлүүлж авсан тэд, үнэхээр монгол үндэстэн Афганистанд байсан юм байна гэсэн эрдэм шинжилгээний лут дүгнэлттэй баяр хөөртэйгөөр нутаг буцсан аж. Энэ тухайгаа Үсэмао Тадао “Могол угсаатныг сурвалжилсан нь” нэртэй хөөрхөн товхимол бичсэнийг хэдэн жилийн өмнө П.Наранбаяр монгол хэлнээ орчуулж хэвлүүлсэн байна билээ.

Энэ өгүүллийг нийтийн танин мэдэхүйд зориулж бичлээ, элдэв маргаан үүсгэх гэсэн санаа огт үгүй болно.

2018.3.13

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабар “Тө(ө)рсөн ах Хазара” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцсаныг тэргүүн нүүрнээс хараарай.

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцсон билээ. Түүний ярилцлагыг тоймлон бичсэнийг тэргүүн үзээрэй.

“Улаанбаатар хотын дэд төвийг сурвалжилсан тэмдэглэл” сурвалжилгыг нэгдүгээр нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Тө(ө)рсөн ах Хазара” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“АН-ын ҮБХ-ны гишүүнд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа”, “Дөрвөн нам хамтрахаар болжээ”, “Монголд бизнесийн орчин таатайбиш байна гэв” зэрэг мэдээ мэдээллийг улс төр нүүрнээс хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д монголчуудын ачааг нэг бүрчлэн шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг нь хурааж байна

БНСУ-ын хил дээр Монгол Улсаас очиж буй иргэдийн гар цүнх болон ачааг нь нэг бүрчлэн шалгаж байгаа аж. Тиймээс иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс “Солонгос улс дахь монголчууд” фейсбүүк группт нэгэн залуугийн оруулсан постыг гэрэл зургийнх нь хамт хүргэе.

Тодруулбал, “Солонгос руу зорчих нутаг нэгтнүүд минь ээ. Урьд шөнө “Korean Air”-аар ирсэн 150 гаруй монголчуудыг бүгдэд нь номeр тараагаад гурван цаг гаруй дугаарлуулж байгаад бүх хүний ачааг нэг нэгэнгүй үзэж шалгаж байна. Шүлхий юм уу, эсвэл eр нь л манайхныг шалгаж байгаа юм уу мэдэхгүй. Бусад онгоцныхон зүгээр л гараад байсан. Тамхи, тариа, хиам, борц, боорцог еэвэн гээд л хуй хураагаад дээр нь хил зөрчигч гэсэн юман дээр гарын үсэг зуруулаад байх шиг байна. Хүмүүс утсаар яриад л “Чиний захисан юмыг хураалгах нээ ….тэр боодолтой юманд чинь юу байсан юм…. өлбөрч үхэх гэж байгаа биш дэмий зүйлүүд авч ирсэн юм” гэх мэт яриа энэ тэнд гүй. Ийм шалгалтууд ганц өнөөдөр биш байгаа бололтой. Тиймд өөртөө болон өрөөлд түвэг учруулахгүй сайхан аялцгаагаарай” гэжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ Ираны эсрэг хоригоо сунгав

iranАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баллистик пуужин, олон улсын терроризм, хүний эрхийн зөрчлийн улмаас Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ нэг жилээр сунгасан талаар “Вести” агентлаг мэдээлжээ.

2015 онд Иран нь Герман болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн оронтой Тегераны цөмийн хөтөлбөрийг энхийн зорилготой болгох асуудлаар тохиролцсоны дагуу гэрээ байгуулсан байдаг. Тус баримт бичигт Иран нь цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ зогсоож, ураны баяжуулалтаа хязгаарлах ёстой гэж заажээ.

Иран гэрээний үүргээ биелүүлж байсан ч 2016 онд АНУ хоригоо дахин нэг жилээр сунгасан билээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Ираны эсрэг “цөмийн” хориг арга хэмжээг сунгана гэж мэдэгдэж байсан бөгөөд 2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр АНУ тус улсын эсрэг шинэ хатуу бодлого баримтлахаа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд жилд дунджаар 6.2 тэрбум төгрөг төлж байна

“Онч шийдэл” ТББ-аас “Хариуцлага нэхье” стратегийн өмгөөллийн төсөл хэрэгжүүлж байгаа ба үүний талаар тэд мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд “Онч шийдэл” ТББ-ын хуульч Ш.Алтангадас, Ж.Эрхэмбаатар, Ө.Эрдэнэ-Очир нар оролцов.

Тэд “Энэхүү төсөл нь Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр гаргалтыг багасгана” гэв. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар иргэд, аж ахуй нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршиж байгаа гэсэн юм. “Онч шийдэл” ТББ-аас Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллааны улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдох хуулийн хэрэгжилтийн судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж байгаа аж.

Төрийн албан хаагчийн шийдвэр хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол тус шийдвэр нь хүчингүй болоод өнгөрдөг аж. Гэвч тус буруутай шийдвэрийн улмаас бусдад учруулсан хохирлыг 2014-2017 оны хооронд төсвөөс барагдуулсан хэмжээ 25 тэрбум төгрөгт хүрсэн гэв. Энэ нь жилд дунджаар 6,2 тэрбум төгрөгийг буруу шийдвэрийн төлбөрт төлсөн гэсэн үг. Гэвч төсөвт учирсан хохирлыг тухайн буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ажил хийгддэгүй аж. Мөн хууль бус үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг төр хариуцан арилгадаг гэлээ.

“Онч шийдэл” ТББ-ын хэрэгжүүлж буй ажил нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах” боломжийг тодорхой шалгуур хангасан төрийн бус байгууллагад нээж өгсөн бөгөөд хуулийн дээрх боломжийг ашиглан “нийтийн анчид” учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг даалгах хэнэмжлэлийг “Онч шийдэл” ТББ-ын зүгээс Үндэсний аудитын газарт холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэл гаргахаас гадна “Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай шийдвэр үйл ажиллагааны улмаас төсөвд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай Иргэний хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд хэрэгжихгүй байгаагийн шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж тухайн хуулиудын материаллаг зохицуулалтыг хэрэгжүүлэх процессийн зохицуулалт бүхий бие даасан хууль шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэв.

Энэ талаар хуульч Ш.Алтангадас “Засгийн газар солигдох бүрт хэсэг бүлэг хүмүүс ажлаасаа халагддаг. Тэдгээр хүмүүс нь үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэх зэргээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Ингээд шүүхийн шийдвэр тухайн халагдсан ажилтныг буцаан албан тушаалд нь томилох, ажилгүй байсан хугацааных нь цалинг олгох шийдвэр гаргадаг. Мэдээж ажлаасаа халагдсан ажилтан улсын төсвөөс уг шүүхээр тогтоолгосон цалингаа авна. Энэ байдал нийгмийн энгийн үзэгдэл мэт үргэлжилсээр өнөөдөр төсөвт 25 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна” гэлээ.

Г.МӨНХЦАЦРАЛ