Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг үйлдвэрлэгчдээр хэлэлцүүллээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2018.03.14/ Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа, Г.Тэмүүлэн нар болон НҮБ-ын Хүн амын сан, ХХААХҮЯ, Нийгмийн эрүүл мэндийн газар, хүнсний салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар танилцуулахдаа, манай улсын иргэдийн хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, амин дэмийн хэрэглээ хоногийн тундаа хүрэхгүй байгаа, тухайлбал хүн амын 7.4 хувь нь иодын, 21.4 хувь нь төмрийн, 32.4 хувь нь витамин А-гийн, 42.4 хувь нь витамин Д-ийн дутагдалтай байгааг онцлов.

Дараа нь салбарын судлаачид зарим судалгааны үр дүнгээсээ танилцуулсан юм. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ц.Зууннаст илтгэлдээ, монголчуудын хоол, хүнсний нэр төрөл цөөн төдийгүй бичил шимт бодисын хэрэглээ өрхийн орлого, суурьшил, амьдарч буй бүс нутаг болон нас хүйсээс хамаарахгүйгээр хангалтгүй байгааг дурдаад хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа 70,7 хувь нь хадгалах хугацааг нь хардаг боловч шимт бодисын мэдээллийг 2.5-хан хувь нь анзаардаг байна гэлээ.

Судлаачид цаашид хүнсийг баяжуулж хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг дэмжихийн зэрэгцээ энэ нь дэлхий дахинд төдийгүй Монголд шинэ зүйл биш болохыг тэмдэглэв. Манай улсын хувьд 1990-ээд оны эхнээс давсыг иоджуулж хэрэглэснээр хүн амын дунд 30 хувьд хүрээд байсан бамбай, бахлуурын өвчлөлийг бууруулж, өнөөдөр 7,8 хувьд хүргэсэн байдаг. Түүнчлэн судлаач Г.Эрдэнэжаргал өнөөдөр 14 орон сүүг, 85 орон гурилыг, 27 орон ургамлын тосыг, 130 орон давсыг баяжуулан хэрэглэж байгааг дурдав.

Үйлдвэрлэгчдийг төлөөлж, “Сайн” сүүг Д амин дэмээр баяжуулан үйлдвэрлэж буй “АПУ дейри”, “Хурх” гурил үйлдвэрлэж буй “Хангай миллс” компаниуд туршлага, өнөөгийн байдлаа танилцуулсны дараа оролцогчид санал зөвлөмж хэлж, УИХ-ын гишүүд болон илтгэгчдээс асуулт асууж, хариулт авав.

Үйлдвэрлэгчдийн хувьд хуулийг гаргахаасаа өмнө нэг талаас үйлдвэрлэлийн арга технологи, хяналтын асуудлыг сайтар судалж, олон улсын лаборатори бий болгох, нөгөө талаас салбар тус бүрийн онцлог, түүхий эдийн нөөц, өрсөлдөөн, импортын нөхцөл байдлыг харгалзаж, хувийн салбарын өсөлтийг боомилохгүйгээр зохицуулалт хийх нь чухал байгааг хэлж байна

Categories
гадаад мэдээ

Алдарт физикч Стивен Хокинг таалал төгсжээ

Онолын физикийн суут эрдэмтэн Стивен Уильям Хокинг 2018 оны 3 сарын 13-нд нас барлаа. Бичсэн номнууд болон ярилцлагууд нь түүнийг нэр алдарт хүргэсэн билээ. Тэрээр Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн, 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртэж байжээ. Хокинг 1979-2009 он хүртэл 30 жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв. Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч. Түүний космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, хар нүхний талаарх судалгаагаараа дэлхий дахинд танигдсан билээ. Британийн “Сандэй Таймс”-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) ном нь түүнийг жинхэнэ алдрын оргилд аваачсан юм. Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремууд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.

Categories
мэдээ нийгэм

“Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн хуралд оролцож байна

“Торгоны замын эдийн засгийн бүс дэх хамтын ажиллагаа, соёлын харилцааг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор энэ 3 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн Олон улсын анхдугаар бага хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр нар оролцож байна.

Бага хуралд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн “Торгоны замыг дэмжих бүлгийн 22 гишүүн улсын 80 гаруй төлөөлөгч оролцож, Торгоны замын бүсэд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэр, ложистикийг хялбаршуулах, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлж, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг үндсэн болон салбар хуралдаануудаар хэлэлцэж байна.

Бага хурлын эхний өдөр болсон бүгд хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Торгоны замын хөгжилд Монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн түүхэн үүргийг онцлохын хамт Торгоны замыг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн орчин цагийн санаачлагууд, нэн ялангуяа БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэв. Торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачлага нь дан ганц худалдаа, эдийн засаг бус соёл, хүмүүнлэг, хүн хоорондын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг сайд Д.Цогтбаатар онцлов.

Мөн Торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачлагын хүрээнд шинэ санал, санаачлага гаргасан, өсөх ирээдүйтэй залуу дипломатууд, судлаачдыг дэмжих тэтгэлэг бий болгох санал дэвшүүлэв.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор тус байгууллагын гишүүн улсуудын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм болох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үйл ажиллагаанд оролцож байна.

Минск хотноо 2017 оны 7 дугаар сард болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит чуулганы үеэр “Торгоны замыг дэмжих бүлэг” байгуулагдсан бөгөөд тус бүлгийн зорилго нь ЕАБХАБ-ын гишүүн улсуудын эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх, нэн ялангуяа дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дөхөм үзүүлэхэд чиглэж байна.

Categories
гадаад мэдээ

Олимпийн аварга теннисчин таалал төгслөө

Олимпийн теннисийн хосын төрөлд аваргалж байсан Америкийн тамирчин Кэн Флэх 54 насандаа амьсгал хураасан байна. Флэх, Роберт Сегусо нар 1980-аад оны хосын төрөлд хамгийн амжилттай тоглож байсан тамирчид юм. Тэд 1987, 1988 онд Уимблдоны аварга болж байснаас гадна 1988 онд Сөүлийн олимпод аваргалж байв.

Үүнээс гадна Флэх нь хоёр ч удаа Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бөгөөд 1985 болон 1993 онуудад уг амжилтад хүрч байжээ. Үүнээс гадна 1986 онд Ролан Гаррос болон Уимблдонд холимог хосын төрөлд аваргалсан амжилттай.

Мэргэжлийн теннисийн АТР холбооны мэдэгдэж буйгаар Флэх долоо хоногийн өмнө гольф тоглосны дараа архаг бронхит нь хөдөлсөн гэжээ.

Флэхийн хамтрагч Сегусогийн эхнэр АТР-ийн холбооны вэбсайтад “Бидний дотны анд Кэн Флэх өнгөрсөн шөнө гэр бүл ойр дотны хүмүүсийнхээ хажууд нас барж, нөхөж барашгүй хүнд гарз тохиосонд гүнээ харамсаж байна. Харамсалтай нь цусны халдварыг хангалттай хурдан хугацаанд зогсоож чадсангүй. Үүнээс болж уушги болон дотоод эрхтнүүдэд нь нөлөөлсөн харамсалтай зүйл боллоо. Түүнийг эцсийн амьсгал хураатлаа өвчинтэйгөө тэмцсэнийг мэдэж байна. Тиймээс талийгаач одоо энхжингийн оронд амар тайван нойрсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлийнхэнд нь дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.

АТР холбооны гүйцэтгэх захирал “Кэн бол манай спортын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг багийн тамирчин байсан гэдгээр үүрд дурсагдана. Холбоо болон холбоонд хамааралтай бүх хүмүүсийн өмнөөс төрөл төрөгсөд болон ойр дотныхонд нь эмгэнэл илэрхийлж байна” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батмөнх агсны гэргийд хүндэтгэл үзүүллээ

Ж.Батмөнх агсны гэргийд хүндэтгэл үзүүллээ

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 92 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын зүгээс түүний гэргий, ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор МАН-ын Удирдах зөвлөлөөс Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаад хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр өдгөө 86 насыг зооглоод буй юм.

Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлж, өнөөгийн төр нийгмийг цогцлоон бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдгээр нь Ж.Батмөнх агсныг мэдэх хүн цөөнгүй.

Тэгвэл тухайн үеийн эрчим хүч, уул уурхай геологийн хөгжлийн түүхийг ч түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Жамбын Батмөнх нь 1948 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар тус тус томилогдон ажиллаж байжээ.

1984 оныг хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байв. Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техникийн бааз байгуулахыг уриалснаар 1970-аад оноос эдийн засаг, нийгмийн хөгжил хүчээ авсан гэж үздэг.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан зурган илэрцүүдЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Журам батлах тухай (Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх)

Ө.ЭНХТҮВШИН

2.

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай

Ө.ЭНХТҮВШИН

3.

Хөрөнгө гаргах тухай*

Ө.ЭНХТҮВШИН

4.

Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай

Г.ЗАНДАНШАТАР

5.

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

Д.ЦОГТБААТАР

6.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулсан “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

7.

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

С.ЧИНЗОРИГ

8.

Журам батлах тухай

С.ЧИНЗОРИГ

9.

Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тухай

С.ЧИНЗОРИГ

10.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай*

Х.БАДЕЛХАН

11.

Хүүхэд харах үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ц.ЦОГЗОЛМАА

12.

Бүтээлч ажил өрнүүлэх тухай*

Б.БАТЗОРИГ

13.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

14.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

15.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ

Categories
мэдээ спорт

Хару башёг их аварга Какүрюү тэргүүтэй 7 бөх унаагүй тэргүүлж байна

Холбоотой Зураг

Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Хаврын тэмцээний эхний 3 өдрийн барилдааны дараа 71 дэх Их аварга Какүрюү тэргүүтэй 7 бөх унаагүй Хару башёг тэргүүлж байна.

Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж байгаа 5 бөхөөс Их аварга Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноров нар гурван даваатай бол Тамаваши Б.Мөнх-Оргил 2 даваа 1 унаатай байна. Харин Араваши Э.Дөлгөөн, Чисошима Г.Мөнхсайхан нар 3 дараалан унажээ.

Дашрамд сонирхуулахад, Японы мэргэжлийн сумод өдгөө 22 монгол бөх барилдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнээс Монгол Улсын Даян аварга, олноо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъян аваргын зээнцэр, Улсын харцага Г.Батбаярын хүү Б.Анхбаяр Жонидан зиндаанд барилдсан. Эхний тэмцээндээ 4 давж, 3 унасан байна. Тэр удахгүй цахиур хагалах нь дамжиггүй. Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү буюу 68 дахь Их аварга Асашёорюү Дагвадоржийн авга дүү С.Бямбасүрэн хамгийн доод зиндаа болох Жонокүчид хүч сорьж анхны даваагаа авсан. Энэ хоёр хүү манай сумо сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр 2017 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ.

Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагт авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаст дарав. 2017 онд есөн боть 411 хуудас хууль батлагдсан бөгөөд эдгээр хуулийн уг эхийн эхний хуудаст Төрийн тамгыг дарсан юм.

Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус, тус дардаг байна.

Төрийн тамга нь Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байдаг.

Categories
мэдээ нийгэм

117 дугаар цэцэрлэгийн барилгыг Японы хөрөнгө оруулалтаар засварлахаар болов

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав.

2009 онд Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг хөрсөөр хучин дарж булах үйл ажиллагааг явуулж байна. Мөн тухайн бүсийн хашаанд нийслэлийн хэмжээний эмнэлгүүдийн аюултай хог хаягдлыг устгах “Элемент” ХХК давхар үйл ажиллагаа явуулж буй юм. 2009 онд Улаанбаатар хотод хоногт 1,500 тонн хог хаягдал гардаг байсан бол өнөөдөр гурав дахин өсч, хоногт 3,500 тонн хог хаягдал гарч байна. Нийслэлийн хог хаягдлын 60 хувийг Нарангийн энгэрийн хогийн цэгт авчран булж буй юм. Өнөөдрийн байдлаар ландфилл технологийн дагуу хог хаягдлийг 7 үе булсан бөгөөд 2020 он хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Мөн уг арга хэмжээний дараа дүүргийн 7 дугаар хороонд байрлах 117 дугаар цэцэрлэг дээр сайд Д.Сумъяабазар болон Элчин сайд Масато Такаока нар очсон юм. Тус цэцэрлэгт Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийхээр болжээ. Энэ талаар сайд Д.Сумъяабазар “Нийслэл хотын томоохон цэцэрлэгийн нэг болох 800 хүүхдийн багтаамжтай 117 дугаар цэцэрлэгт сурч хүмүүждэг хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, сургалтын таатай нөхцлийг бүрдүүлж байгаад талархаж байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 2018 онд Гүнжийн нуурны дэргэд нэг цэцэрлэг баригдахаар энэ хавраас бүтээн байгууллатын ажил эхэлнэ.Мөн нуурын наад талд 150 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж байгаа. Ер нь зөвхөн тойрогтоо гэлтгүй дүүргийн хэмжээнд Япон зэрэг орнуудын тусламжаар цэцэрлэг сургууль барих, засварлах чиглэлээр ажиллаж байгаа” гэлээ.Мөн тэрбээр өнгөрсөн онд санаачлан Японы Жудогийн Найрамдал нийгэмлэг болон улс болон тус улсын ТББ-ууд, СХД-ийн ЗДТГ, ИТХ-ын дэмжлэгтэйгээр “MJ- бөхийн клуб” спорт цогцолборыг байгуулсан билээ. Тэгвэл энэ онд Баянхошуу бүсийн хүүхэд залуусыг спортоор хичээлэх боломж нөхцлөөр хангах үүднээс газрын асуудлыг дүүргээс шийдвэрлүүлж, 400 орчим сая төгрөгийн хөрөнгөөр спорт комплекс байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.
117 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг эхлүүлэх албан ёсны арга хэмжээний хүрээнд гэрээг үзэглэх ёслол болсон юм. Гэрээг Элчин сайд Масато Такаока болон дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар байгууллаа.
Categories
мэдээ нийгэм

Польш, Украйн, Куба, Беларусь, Болгар, Казакстан, Вьетнам, Лаос улсуудад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ, УКРАЙН, КУБА, БЕЛАРУСЬ, БОЛГАР, КАЗАКСТАН УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2018-2019/

Мэргэжлийн чиглэл:

Польш: Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, логопед, хэл судлал

Куба: Анагаах ухаан;

Болгар: Хөдөө аж ахуй,хүнсний инженерчлэл;

Беларусь: Хөдөө аж ахуй;

Казакстан: Уул уурхай, Олон улсын харилцаа, нэхмэлийн үйлдвэрлэл, зам гүүрний барилга, байгууламжийн инженер;

Вьетнам: Олон улсын харилцаа, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, аялал жуулчлал, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч;

Лаос: Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг;

Украйн: Биеийн тамир, уул уурхайн инженер, нисэхийн инженер, авто замын инженер, хөдөө аж ахуйнн инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженерын чиглэлээр, доктор байгалийн ухааны чиглэлээр суралцуулна.

Нэг. Тавигдахшаардлага

Бакалавр

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

Магистр, доктор

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;

Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45хүртэлх насны

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцаж буй иргэн:

  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.
  • Гадаад паспорт

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн:

  • Цахим өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;
  • Гадаад паспорт

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

Цахим өргөдөл

Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;

Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);

Англи хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2016 оны 9 сараас хойш өгсөн байх/

Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Англи, Монгол хэл дээр 500-аас цөөнгүй үгтэй байх);

  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай.)
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;
  • Гадаад паспорт

Гурав. Бүртгэл

2018 оны 03 дугаар сарын 12-наас 04 сарын 08-ны өдрийн 23 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11.00 цагт Математик, 14:00 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй.

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2018 оны 04 дүгээр сарын14-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах”цэсэнд зарлана.

Ярилцлагыг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авчирэх шаардлагатай.

Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2018 оны 04 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

Бүртгүүлэгчдийн ирүүлсэн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулж, ярилцлагын цагийн хуваарь, байршлыг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.

Ярилцлагыг 2018 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдөр зохион байгуулна

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131 утсаар авч болно.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ