Categories
мэдээ нийгэм

Хотын Ерөнхий менежер НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газрын мэргэжилтнийг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж буй анхны төсөл болох “Хог хаягдлын ил шаталтыг бууруулах” бүсийн төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Цагаан давааны төвлөрсөн хогын цэгт орчин үеийн шаардлага технологид нийцсэн байгальд хоргүй, эрүүл ахуйн шаардлага хангасан гэр хорооллын айл өрхөөс гарах үнс хүлээн авах ландфил барихаар төлөвлөөд байгаа юм. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газрын төсөл хариуцсан захирал Кармела Сентена уг ажлын хүрээнд хийгдэж буй зураг төслийг бэлэн болгон Хотын Ерөнхий менежерт танилцуулж цаашид шаардлагатай тоног төхөөрөмж, машин техник зэрэг асуудлаар хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг тойруулан тусгаарлах хашаа барихаар бэлтгэл ажил хангагдаж байна.

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газрын төсөл хариуцсан захирал Кармела Сентена уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол Улс бол их онцлогтой хот. Эрс тэрс уур амьсгалтайн дээр хуурайшилтын улиралд төвлөрсөн хогийн цэгүүдэд гал их гарч үүнээс үүдэн удаан задардаг органик бохирдуулагчийг агаарт их хэмжээгээр үүсгэдэг нь энэ төслийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан” хэмээгээд үүнээс сэргийлэн Улаанбаатар хотын зүгээс уг төсөлд онцгой анхаарч томоохон ажлуудыг хийж байгаа явдалд НҮБ-ын АҮХГ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 захирамж “Иргэдийн оролцоотой–Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 дүгээр тушаал “Манай хороо-Миний гудамж” аяныг энэ сарын 1-ээс эхлэн бүх дүүрэгт зохион байгуулж байна. “Манай хороо-Миний гудамж” аянтай холбогдуулан Улаанбаатар хотын 9 дүүргийн Засаг дарга нар захирамж гарган ажлын хэсэг байгуулан анхны хурлаа зохион байгуулаад байгаа юм. Үүний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний дүүргүүдэд ажиллах хуваарь, ирүүлсэн тайлан мэдээг хэрхэн дүгнэх талаар дэлгэрэнгүй танилцуулж санал солилцлоо.

“Тохижилт болзолт” уралдаан, “Хоггүй хороо-Хоггүй гудамж” уралдаан гэж зохион байгуулагддаг байсныг энэ жилээс “Манай хороо-Миний гудамж” аяны удирдамжийн хүрээнд нэгтгэн зохион байгуулж байна. Ингэснээр тус аяны цар хүрээ илүү өргөн хүрээг хамарсан иргэдийн оролцоотой цогц менежментийг зохион байгуулах гол аян болж цаашид уламжлал болон зохион байгуулагдах юм. Тус аяны хүрээнд Удирдамж бүхий гарын авлага хэвлэгдээд байгаа бөгөөд нийслэлийн 9 дүүргийн бүх хороогоор тараагдаад байгаа юм. Нийт 7 номинациар өрсөлдөх тус аяны шилдгүүдийг нийслэлийн 379 жилийн ойн баярын өдөр шалгаруулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөлөрбуйрт 2017 онд гадаад, дотоодын 17 сая жуулчин зочилжээ

ЗурагЭнэ сарын 12-ны өдөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод тус хотын “2018 оны аялал жуулчлалын хурал”-ын нээлт болов.

Хурлын үеэр “Хөлөнбуйр хот нь Монгол-Хятад-Орос гурван улсын “цогц” аялал жуулчлалын зах зээлийг бүтээн байгуулахын тулд бүх талаар идэвхтэй ажиллаж байна. Тус хот нь 2017 онд гадаад, дотоодын 17 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх оныхоос 10 хувиар өссөн” гэдгийг тодотгов.

Өнгөрсөн онд Хөлөнбуйр хот нь албан ёсоор Монгол-Хятад-Оросын олон улсын аялал жуулчлалын хот болсон тул зам харилцаа, аж үйлдвэр зэрэг салбаруудаа хөгжүүлж, гурван улсын хилийн аялал жуулчлалын “цогц” бүтээн байгуулалтыг бий болгохоор зорьж байна.

2017 онд Хайлаар-Улаан-Үд-Эрхүү чиглэлийн 7 нислэг, Хайлаар-Чойбалсан-Улаанбаатар чиглэлийн 22 нислэгтэй болсон байна. Түүнээс гадна аялал жуулчлалын компаниудыг боомтоор нэвтрэх хөнгөлөлттэй бодлогоор дэмжиж байгаа аж.

Хөлөнбуйр хотын Аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооны дарга Туяа “Бид Монгол, Орос улсуудтай “цогц” аялал жуулчлалын зах зээлийн хамтын ажиллагааг улам бүр нэмэгдүүлнэ” хэмээн хэлэв.

Дашрамд дурдахад, Хөлөнбуйр хот нь Монгол-Хятад-Орос гурван орны хил залгаа ӨМӨЗО-ны зүүн хойд бүсэд байрладаг юм. ОХУ болон Монгол Улстай нийт 1733 км газар нутгаар хиллэдэг. Мөн Хөлөнбуйрын тал нутаг нь дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар Дундговь чиглэлд зорчигч тээврийн автобус явахаар болжээ

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатараас Дундговийн чиглэлийн автобус явж эхлэхээр болжээ. Тодруулбал автобус Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Дэлгэрхангай чиглэлд явж, иргэдэд үйлчлэх юм байна. Автобус 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот Баянзүрх авто вокзал буюу “Тэнгэр плаза” төвөөс явж эхэлнэ гэдгийг Дундговь аймгийн Автотээврийн төвөөс мэдээлж байна. Лавлах утас: 88459415, 88019550, 99690552

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын АҮХГ-ын мэргэжилтнийг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж буй анхны төсөл болох “Хог хаягдлын ил шаталтыг бууруулах” бүсийн төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Цагаан давааны төвлөрсөн хогын цэгт орчин үеийн шаардлага технологид нийцсэн байгальд хоргүй, эрүүл ахуйн шаардлага хангасан гэр хорооллын айл өрхөөс гарах үнс хүлээн авах ландфил барихаар төлөвлөөд байгаа юм. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газрын төсөл хариуцсан захирал Кармела Сентена уг ажлын хүрээнд хийгдэж буй зураг төслийг бэлэн болгон Хотын Ерөнхий менежерт танилцуулж цаашид шаардлагатай тоног төхөөрөмж, машин техник зэрэг асуудлаар хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг тойруулан тусгаарлах хашаа барихаар бэлтгэл ажил хангагдаж байна.

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газрын төсөл хариуцсан захирал Кармела Сентена уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол Улс бол их онцлогтой хот. Эрс тэрс уур амьсгалтайн дээр хуурайшилтын улиралд төвлөрсөн хогийн цэгүүдэд гал их гарч үүнээс үүдэн удаан задардаг органик бохирдуулагчийг агаарт их хэмжээгээр үүсгэдэг нь энэ төслийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан” хэмээгээд үүнээс сэргийлэн Улаанбаатар хотын зүгээс уг төсөлд онцгой анхаарч томоохон ажлуудыг хийж байгаа явдалд НҮБ-ын АҮХГ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо

Шүүгчид зурган илэрцүүд

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://judcouncil.mn/hashom2016.html хэсэгт байршуулжээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүх засаглал сүүлийн 28 жил нэг ч ард түмнээр дүнгээ тавиулаагүй. Яагаад гэвэл эд нар ард түмнээс урвасан. Өнөөдөр нууц биш шүү дээ. Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн. Зарим шүүгчийн дансанд сая доллар байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө. Эхнэр нь нотариат хийдэг. Тэр орлогоор сая доллар олсон гэсэн. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ…” хэмээн ярсьан билээ. Үүнээс үүдэн “Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага нийгэмд тархаад байгаа юм.

Тиймээс эл мэдээлэл үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой болсон гэдгийг Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна. Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр боллоо.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулах боллоо.

Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж байхыг сайд, албан тушаалтанд үүрэг болгов.

Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160 000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ажил өрнүүлнэ

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх жил тохионо. Түүхт ой угтан хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Манай улс гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд Атрын аяныг зохиож байсан. Анхдугаар аянаар 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн 315 мянган тонн ургац хураан авч байжээ. Хоёрдугаар аянаар 12 Сангийн аж ахуй шинээр байгуулж 250 мянган га газар нэмж хагалан 560-670 мянган га-д үр тариа тариалж 680-860 мянган тонн ургац хураан авсан байна. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж экспортод гаргаж байсан түүхтэй.

Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нийт 60 мянган тариаланч, ногооч ажиллаж байгаагийн зэрэгцээ 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхэлж байна.

Товч мэдээ

Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Талууд улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл, санал солилцож, байр сууриа илэрхийлэн, цаашдын чиглэлээ тодорхойлох юм. Манай улс барилга, хот байгуулалт, соёл, боловсрол, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг чухалчилж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Туваан: Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг намаас хөөж, хассан зүйл байхгүй

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.


-Сүүлийн үед Ардчилсан нам олны танил Баабар, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин тэргүүтэй хүмүүсийг намаасаа хөөлөө гэдэг яриа гарч байна. Энэ нь зөв, буруу гэсэн байр суурийг танай намынхан илэрхийлж байгаа л даа. Яг ямар процесс өрнөөд байгаа юм бэ?

-Ардчилсан нам өөрийн гэсэн үндсэн дүрэмтэй. Уг дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар Ардчилсан намд ард түмэн муу дүн тавьсан. Тиймээс бид ард түмний тавьсан дүнд дүн шинжилгээ хийгээд “Намыг шинэчлэхгүй бол болохгүй юм байна. Ард түмэн биднийг шинэчлэгд гэж байгаа юм байна” гээд намын дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Ингэснээр шинэчлэлийн ажил эхэлсэн. Дүрмийн гол концепци нь намын бүх гишүүдээрээ асуудлыг шийдүүлдэг болъё гэсэн юм. Энэ хүрээнд намын Их хурлыг хуралдуулсан. Их хурлаараа бид намынхаа дүрэмд өөрчлөлт оруулсан. Намын дарга, сонгуульд гишүүд тэр бүү хэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хүртэл бүх гишүүдээсээ асуулга авч тодруулдаг болсон. Бүх гишүүдээс томилогдон, төлөөлж ирсэн гишүүд намын үндсэн дүрмийг баталсан. Уг дүрэмд одоо хэл ам болоод буй намын ротаци буюу эргэлтийн сонгуулийн асуудал туссан. Эргэлтийн сонгууль жил бүр болохоор дүрэмд орсон.

Өмнөх намын удирдлагуудын үед 6-7 жил намын ротаци явагдахгүй байна. Ардчилсан нам шинэ залуу үе, эмэгтэйчүүдээ оруулж ирж цус сэлбэхгүй байна гэдэг шүүлмжлэлийг дотоод болон гадаад талаас маш хүчтэй ярьж байсан. Тиймээс ротаци буюу эргэлтийн сонгуулийг жил бүр хийж байхаар шийдвэр гарсан тул энэ хүрээнд болж буй үйл явц. Энэ сонгуульд хэн орох вэ гэдгийг өмнө нь манай нам ашиглаж байсан 100 онооны зарчмаар явсан. Намынхаа тухайн Үндэсний бодлогын хороонд сонгогдсон тойргийн намын тэргүүлэгчид, намын Хэрэг эрхлэх газар, Бодлогын зөвлөлийн ажлын албанаас гаргасан оноогоор дүгнэсэн. Нэг тойргоос хамгийн бага оноо авсан нэг гишүүнийг ротацийн буюу эргэлтийн сонгуульд оруулаад явж байгаа.

-Гэхдээ намаас хөөлөө гэдэг зүйл яригдаад байгаа шүү дээ?

-Зарим хүмүүсийн хэлээд байгаачлан намаас хөөсөн болон намаас хасаж байгаа юм байхгүй. -Ротацид орох асуудал ийм тодорхой юм байна. Гэхдээ намаас хөөлөө гээд байгааг юу гэж ойлгох вэ. Тухайн хүмүүс өөрсдийн байр сууринаас ингэж хандаад байна уу?

-Би хувь хүний өөрийнх нь байр суурь гэж харахгүй байгаа. Ардчилсан нам 180 мянга гаруй гишүүнтэй. Одоогоор сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандан ажиллаж байгаа ч төр барьж байсан туршлагатай, төлөвшилтэй улс төрийн хоёр том хүчний нэг. Тиймээс манай намыг манлайлж явсан лидерүүд намынхаа дүрэм, журмыг ойлгохгүй байна гэж байхгүй. Харин өмнө нь явж ирсэн шигээ Ардчилсан намыг муухай харагдуулах, хагаралтай байгаа мэт мэдрүүлэх, намыг хуваах сонирхол бүхий хүмүүс тэр хүмүүсийн өмнөөс янз бүрийн зүйл бичиж байгаа байх. ротацид орсон нийт гишүүдийн 80 гаруй хувь нь эргэлтийн сонгуульд эргээд нэр дэвшсэн. Тиймээс энэ хүмүүс Үндэсний бодлогын хороондоо эргээд орох боломжтой.

-Дүрмийн хүрээнд гэж та ярилаа. Яг ямар заалтын хүрээнд энэ хүмүүс ротацид орчихов. Гадуур бол Үндэсний бодлогын хорооны гишүүнийхээ нэг жилийн татвар болох гурван сая төгрөгийг хэдэн жил дараалан төлөөгүй хүмүүсийг хасаж байна гэх мэдээлэл бий?

-Манай намын өмнө нь болон одоо ч гэсэн барьж буй зарчим нь Үндэсний бодлогын хорооны гишүүн гэлтгүй намын сонгуульт гишүүд тухайн сонгуульт гишүүнээр сонгогдсоныхоо хариуд төлдөг шат шатны тодорхой эрэмбэтэй татваруудаа төлөөгүй бол татвараар хасагддаг. Энэ хүн дүрэмд заагдсан татварыг төлөөгүй бол дахин нэр дэвших эрхгүйгээр өнждөг. Нэр дэвших эрхгүй нэг жил өнждөг заалт нь зөвхөн татварт хамаатай. Хэрэв тэр хүн татвараа төлсөн ч бага оноо авч эргэлтэнд орж байгаа бол эргэж нэр дэвших эрхтэй. Намаас хаслаа, хөөлөө гэдэг ойлголтыг хүмүүст төрүүлэх гээд байна, фракцалж байна, ялгаварлаж байна гэж ярьж байна. 2017 онд батлагдсан дүрмийн хүрээнд бид үйл ажиллагаа явуулж байгааг намын гишүүд ойлгож байгаа.

-Үндэсний бодлогын хорооноос хасагдсан хүмүүсийн дотор Баабар, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин гээд магадгүй энэ цаг үед Ардчилсан намын нүүр царай болох улстөрчид багтсанд олон хүн сонирхоод байгаа юм. С.Эрдэнэ гэдэг хүн намын хаан боллоо гээд байна л даа…

-Манай нам шударга зарчим барьдаг. 2016 оны сонгуулийн ялагдлын дараа зарчмаа улам чанд барьж, шилэн байж, шударга байхгүй бол ард түмэн дүнгээ хатуу тавьдаг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс энэ дарга, тэр цэрэг орно, орохгүй гэдэг зарчим бариагүй гэдгийг тодотгоё. Ийм зүйлд оролцвол тэдэн оноо гээд бүх шалгуур үзүүлэлтүүд нь бий. Уг шалгууруудыг хараад би тэдэн оноо авсан гэдгийг харах бүрэн боломжтой. Энэ бүхэн баримттай, бүртгэлтэй. Өнгөрсөн хугацаанд хүмүүс нэлээд ирж оноогоо харцгаасан.

Таны хэлсэнчлэн Ч.Сайханбилэг, р.Амар-жаргал, Э.Бат-Үүл гэсэн дарга нараас гадна Д.Дорлигжав дарга ротацид орсон. Энэ хүмүүсээс эргээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав дарга нар нэр дэвшээд явж байна. Тухайн хүн ротацид намын дүрмээр орж байгаа болохоос хэн нэгэн Эрдэнэ, Туваан нар ялагаварлаад байгаа зүйл байхгүй.

-Ардчилсан намын шинэчлэл өрнөж байна гэж ойлгож болох уу. Гэхдээ хэл амтай л юм даа…

-Бид цагаан дээр хараар биччихсэн дүрэмдээ захирагдан үйл ажиллагаагаа явуулна. Эрдэнэ, Туваан байсан ч өөр хүн байсан ч ротаци жил бүр явагдана. Ирэх жил ч явна. Тиймээс Ардчилсан нам гэдэг өрх айлд гишүүн болж орж ирсэн хүн намынхаа дүрэм гэдэг хуулийг сахих ёстой. Ямарваа нэгэн хүн хууль зөрчвөл хуулийн хариуцлага хүлээдэг шиг намын дүрмээ сахиагүй хүмүүс хариуцлага хүлээх шаардлагатай. Энэ жишгээр явж байна. Бид энэ хүн тэр фракцийнх гээд гадуурхаад байгаа зүйл байхгүй. Намын гишүүд дүрмээ мэддэг, дүрмийнхээ хүрээнд энэ процесс явсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Намын зүгээс ротацид орсон хүмүүстээ “Та тэдэн оноо авснаар ротацид орж байгаа шүү” гэдгийг нь мэдэгдсэн юм уу. Мэдээгүй байхад нь гэнэт Үндэсний бодлогын хорооноос чөлөөлөгдөж байгаа мэдээлэл гарангуут цочирдож мэдэх юм?

-Манай нам жил бүрийн гуравдугаар сард ротацийн сонгууль явуулаад хэвшмэл болчихлоо. Одоо ротаци явагдах гэж байна. Хэн хэн орох нь вэ гэдгийг харж байдаг. Тухайн шийдвэрийг гурван газраас оноог нь цуглуулсны дүнд нэгтгээд намын Дотоод сонгуулийн хороо ротацид орох буюу хамгийн бага оноо авсан хүмүүсийн нэрсийг нь зарладаг. Зарласан шийд-вэрээ Дотоод сонгуулийн хорооны сайт, намын төв сайт болох www.demparty.mn-д байршуулдаг. Сошиал ингэж хөгжсөн энэ цаг үед сайт руу тавихад л хүн бүр ороод мэдчих боломжтой.

-Таны хэлсэнчлэн зарим хүмүүс яагаад зөрөх гэж байгаа юм шиг зөрүү мэдээлэл түгээгээд байгаа юм бол. Энэ бүхэнд танай намын нэр хүнд л улам унах юм биш үү. Эсвэл хүн хоорондын зөрчил байна уу. Тухайлбал, намын дарга С.Эрдэнэ нийтлэлч Баабартай таагүй харилцаатай гээд л явах байх л даа?

-Аливаа дүрэм, журмаараа яваа зүйлс дээр улс төр хийдэг. Хүн хоорондын харилцаанаас асуудалд ханддаг зүйл байдаг. Ардчилсан намын удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бид энэ удаа бид ямар нэгэн хүн, таатай, таагүй харилцаа огт хараагүй. Намын дүрмийн хүрээнд явж байгаа гэдгийг дахиад хэлье.

Ардчилсан намын рейтинг өсөөд ирэхээр хорсож байгаа, Ардчилсан нам талцал хуваагдалтай хүчгүй, хуучинсаг байгаасай гэсэн бодолтой хүмүүсийн үйл ажиллагаа. Мөн манай намын дүрэмд заагдсан өөр нэг чухал зүйл нь хариуцлага. Өмнө нь ямар нэгэн байдлаар манайхан намынхаа тухай сөрөг мэдээлэл, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр намаа ор үндэслэлгүй муулдаг байсан. Гэсэн ч дүрмээр тодорхой арга хэмжээ авч чаддаггүй байсан л даа. Харин шинэ дүрмийн нэмэлт, өөрчлөлтөөр хариуцлага тооцож чаддаг болсон. “Намын дүрмийг мөрдье” гээд намын гишүүн болж орж ирчихээд намаа муухай харагдуулах гээд байгаа бол дүрмийн хариуцлага хүлээлгэнэ. Харин намаас гарч байгаад юу ярих нь огт хамаагүй. Чөлөөтэй. Ардчилсан намын гишүүний цэнхэр батлахыг өвөртөлчихөөд намаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй муулаад явах юм бол дүрмээрээ хариуцлага хүлээлгэх заалттай.

-Намын хувьд одоо ротаци хийгдэж байна. Үүнээс өмнө танай намын зүгээс төв талбайд жагсаал зохион байгуулсан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэр сайн ажиллаж байгаа юм бол?

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг есөн гишүүнтэй. Эдгээр гишүүд маань өөрсдийн өмнө оногдсон сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа. З.Нарантуяа гишүүн гэхэд ганцаараа эмэгтэй гишүүн гэлтгүй бүх асуудалд оролцоод явж байна. Бусад гишүүд маань ч эрвийх дэрвийхээрээ сайн ажиллаж байгаа гэдгийг хэлье. Төв нам УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэйгээ маш нягт уялдаатай ажиллаж байгаа. Зарим тодорхой зүйлс дээр намын бүлгээ дэмжих, зарим тохиолдолд бүлэг маань намаа дэмжих уялдаа холбоог маш сайн хангаж байна.

2018 он гарангуут УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Үүнийг нь нам дэмжээд хугацаатай шаардлага тавьсан. Ардчилсан намын-хан ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд нэг жил зургаан сар эрх баригчдыг ажил хийх боломжоор хангасан. Тэвчээртэй байсан. Харамсалтай нь ард түмний амьдралд нэмэр болох нь бүү хэл нэрмээс болох шийдвэрүүдийг эрх баригчид гаргаж, иргэдийн амьдрал бүр хүндэрсэн. Бид ард түмнийхээ дунд ажиллаж, амьдарч яваа болохоор энэ бүхэн мэдрэгддэг. Ардын намынхан есөн төрлийн татвар гаргаж ирээд, нэмчихсэн. Улаанбаатар хотын иргэд утаандаа угаартаж байхад ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Үндсэн хуулинд дур зоргоороо гар дүрэхээс эхлээд үнэхээр замбараагүй явсан. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулна гэчихээд бүх нийтийн санал асуулгаар бус зөвлөлдөх санал асуулга гэдэг хууль зөрчсөн зүйлсийг гаргаж ирсэн. Тиймээс Ардчилсан нам энэ бүгдийг нь эсэргүүцэж хоёрдугаар сарын нэгэнд жагсаал зохион байгуулсан. Хугацаатай шаардлага өгсөн ч хариулт нь хангалттай байгаагүй.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн тайланг харсан уу.

-Харсан…

-Нэмсэн есөн төрлийн татвараа бараг бүгдийг нь буцаагаад цуцалчихсан мэт зүйл ярьж, ард түмнийг хуураад өнгөрсөн. Өнөөдөр дизель түлшний үнэ литр тутамдаа 2050 төгрөг болчихлоо. АИ92, А80 бензины онцгой албан татварыг тэглэсэн гэж баахан шоудсан ч 100 гаруй төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Мөн тэтгэврийн нас, Хувь хүний орлогын албан татварын шатлалыг бууруулах гээд хуулийн хүрээнд шийдэгддэг асуудлууд л даа. Энэ асуудлаас хойш долоо хоноод УИХ-ын намрын чуулган завсарлаад уг асуудал хойш тавигдсан. Тиймээс бат-лагдсан хуулиуд хэвээрээ үргэлжилж байгаа.

Эдгээрээс Засгийн газарт байдаг ганц эрх нь шатахууны онцгой албан татварыг бууруулах. Засгийн газар онцгой албан татварыг буулгасан боловч шатахууны үнэ яагаад өсөөд байгаа юм бэ. Монгол Улсын хүн тээвэр, ачаа тээвэр, хэрэглээний 60 гаруй хувийг эзэлдэг дизель түлшний үнэнд зохицуулалт хийгээгүйгээс болж үнэ нь 300 гаруй төгрөгөөр нэмэгдчихлээ. Үүнийг дагаад ачаа тээвэр, хүн тээвэр, бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци өсөх гэх мэт маш хор уршигтай шийдвэрүүд гарч байна. Ардчилсан намынхан засаглаж байхад нэг барель нефтийн үнэ 110 ам.доллар байсан. Энэ үед Ардчилсан нам яаж үнийг тогтвортой байлгаж чадаад байсан юм бэ. Ардын намын үед нэг баррель нефть 60 ам.доллар байхад яагаад бензиний үнэ өсөөд байдаг юм бэ.

-Таны хариулт асуултаар төгсөөд байх юм. Хариултыг нь танд үлдээе?

-Сэтгэл л байхгүй байна шүү дээ. Үүнийхээ төлөө эрх баригчид ажиллахгүй байна. Цаашид ч гэсэн бид сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандана, бурууг засахын тулд алдааг нь хэлж өгнө. Засгийн газар 100 хоногийн тайлангийнхаа үеэр худлаа зүйл ярьдгаа боль. Бодитоор ажлаа хий гэдэг хугацаатай шаардлага өгсөн.

-Хариу нь юу гэж ирэв?

-Хугацаатай шаардлагын хариу ирээгүй байна. Тиймээс бид цаашдаа тэмцлийнхээ дараагийн хэлбэрийг сонгож ард түмнийхээ талд байж, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ.

-Сүүлийн үед улстөрч бүрийн амнаас гарч буй үг нь Эрдэнэт үйлдвэр гэдэг үг. Үнэхээр маргаантай байна. 1990 оны үед Эрдэнэт үйлдвэрийг Монголыг тэжээж буй цор ганц саалийн үнээ гэдэг байлаа. Гэтэл өнөөдөр ганц саалийн үнээгээ АН 49 хувь болгож, МАН барьцаанд тавьж зээл авсан гээд шүүмжилж байна. Эрдэнэт үйлдвэрийн нөхцөл байдал тун эвгүй байна гэж учир мэдэх хүмүүс хэлэх юм. Та ямар байр суурьтай байгаа бол?

-Эрдэнэт үйлдвэр Монголыг тэжээдэг саалийн үнээ мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Байгуулагдсан цагаасаа хойш 40 гаруй жил ард түмнийг тэжээж, төсөв бүрдүүлж ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргааныг бид хэвлэлээр хангалттай харлаа, хангалттай ярилаа. Монголд авч ирсэн гээд байгаа компани нь оросуудаас мэдээж булааж аваагүй байх. Зарна гэдэг шийдвэр гарсан болохоор худалдаж авсан байлгүй. Уг асуудал нь хууль шүүхийн шатанд явж байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ жил гаруйн өмнө “Та нар Эрдэнэтийн 51 хувийн асуудлаа яагаад ярихгүй байгаа юм бэ. Гадны банкны барьцаанд ороод, аюулд очихсон байна. Энэ асуудлаа ярь” гэж хэлж байсан. Даанч эрх баригчид тоогоогүй. Гэтэл одоо уг асуудал нь гал дээр тос нэмчихээд байна л даа. Сүүлийн үеийн өрнөж буй нөхцөл байдлыг харж байгаа байх. Маш ноцтой луйврууд илчлэгдэж байна. Мэдээж энэ бүхэн эцэслэгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж ямар хүмүүс зээл авсан байдаг юм. Тэр хүмүүс мөнгөө эргүүлэн төлөх ёстой. Түүнээс биш Эрдэнэт үйлдвэрийн ашгаас төлдөг ёс хаана ч байхгүй. Зарим сайд нар нь “Эрдэнэт үйлдвэр ашигтай ажилладаг юм чинь үүнээс төлсөн ч яадаг юм” гэдэг утга бүхий зүйл ярьж байна лээ. Тийм зүйл байж болохгүй. Хэрэв төрийн өмчит үйлдвэрээр өрийг төлүүлэх юм бол Ардчилсан нам тэмцэх болно. Улсын төсөвт орж ард түмэнд очих ёстой мөнгө яахаараа цөөн хэдэн хүний гарын салаагаар урсах ёстой юм. Хувь хүний авсан зээлийг яахаараа Эрдэнэт үйлдвэр төлдөг юм. Энэ мэтчилэн хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Яруу найрагч Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргөн барьсан бол “Амьдралын зураг” тоглолтоо аавдаа зориуллаа

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Баянмөнхийн Болорцэрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүврүүдээ уншигчдад өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн авьяаслаг найрагч бүсгүй юм. Эдүгээ “Ээжийн минь үлдээсэн он цаг” шүлгийн түүвэр, “Зүгээр л инээмсэглэ” дуун цомгоо хэвлэлтэд бэлдээд байгаа аж.


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Мартын наймны дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Мартын найман гэхээр л ээжийгээ их үгүйлэн санадаг юм. Ээжийгээ хүүхэд байхдаа бас ч хөөрхөн баярлуулдаг л байж. Аав маань зураач мэргэжилтэй, зургийн багш Дэлэгийн Баянмөнх гэдэг Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат хүн л дээ. Мартын найман болохоор бид ээждээ ном бэлэглэхээр авцгаана. Аав ном бүхэн дээр гоё зураг зураад хүүхдүүдээрээ ээжид өгүүлнэ. Тэр л их сайхан дурсамжтай санагддаг даа. Миний ээж 2008 онд бурхан болсон доо.

-Монголын орчин цагийн дууны яруу найргийн нэгэн шинэхэн төлөөлөгч гэж өөрийг чинь хэлж болно. Уран бүтээлийн анхны цэнгүүнээ хийх гэж байгаа гэл үү?

-Би хавар болоод намрыг хүүхэн улирал гэж боддог. Хавар өөрөө ирж яваа нь хүртэл ээж минь юм шиг сайхан санагддаг. Энэ сайхан улирлын бэлэг болгон “Амьдралын зураг” хэмээх уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 14-ний 19 цагт Монгол бөхийн өргөөнд олон түмэндээ толилуулахаар зэхэж байна. Поп дива С.Наран “Амьдралын зураг” дууг минь дуулах юм. Наран эгч бас миний “Дөрвөн улирал”, Л.Балхжавын аялгуу “Тэврэлт” дуунуудыг дуулна. Би “Орчлон миний ширээний ном” анхны түүврээ ээждээ зориулан хэвлүүлж байсан бол энэ удаад аавдаа “Амьдралын зураг” тоглолтоо зориулж байгаа юм. Монгол цэргийн өдөр ч ойртсон учраас Монголын сайхан эрчүүд маань ирж үзэх байх. Монгол эр хүн бүхэн л алба хаасан ч бай, хаагаагүй ч бай эх орон, ээж аав, хань ижлийнхээ төлөө цагаа тулахаар эрдэнэт амиа зориулдаг эр цэргүүд, эрэлхэг баатрууд юм гэж би боддог. Миний сэтгэлээс төрж, гараар бичигдсэн бүтээл гайхамшигт аялгуугаар дамжин хүн зоны сэтгэлд зочилно гэдэг яах аргагүй яруу найрагчийн жаргал гэж хэлж болно.

-Өөрөө хэзээнээс яруу найрагч болохоор шийдэв?

-Би өөрийгөө хэзээ ч яруу найрагч болно гэж бодож байгаагүй. 1998 онд Хөвсгөл аймгийнхаа “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадамд түрүүлж, яруу найргийн гэгээн цутгалан болсон Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд элсэн суралцах урилгаар шагнуулсан. Ингэж “Хаан найргийн хатан Дулмаа” гэж алдаршсан ардын уран зохиолч Шагдарын Дулмаа багшийнхаа шавь болсон доо. Монголын эмэгтэй яруу найрагчдын дунд зохиогдсон Сономын Удвал ахайтны 80 насны ойд зориулсан “Их хувь заяа” яруу найргийн наадамд оюутан ахуйдаа түрүүллээ. Энэ бүхнийг бодохоор их хувь заяа намайг түшиж дээ гэж бэлгэшээж явдаг. Аав маань залуудаа шүлэг зохиол бичиж байсан. Эгч Б.Цоожчулуунцэцэг маань шүлэг зохиол их бичдэг, Хөвсгөл аймагтаа л сурлага, урлагаар ёстой л нэг од байсан шүү.

-Эгчийн сайны үр нөлөө дүүд нь тэгвэл халдаж дээ?

-Эгчийн авчирсан номнуудыг хонь малдаа явахдаа өвөртөлж явж их уншина. Манайх аймгийн төвийн айл ч гэсэн хашаандаа хонь, ямаа, галуу, тахиа, гахай, нохой, муур, хулгана, туулай гээд адуу, тэмээнээс бусад бүхий л мал амьтадтай байлаа. Би ч багаасаа л хонь мал, ус цасандаа явдаг, мод түлээгээ хөрөөдөж хагалдаг эршүүдхэн хүүхэд байж. Хониндоо явахдаа л эгчийнхээ хотоос авчирсан номуудыг өвөртлөөд гардаг байлаа. Тав зургаадугаар ангид байхдаа гэнэтхэн ээрч ярьдаг болсон. Аав, ээж хоёр маань ч санаа нь их зовлоо. Хээрийн бэлчээрт очоод номоо чангаар дуудан уншихад хонь ямаанууд маань урам өгөх шиг намайг хараад зогсчихно. Хүүхэд болохоор үүнд нь урамшиж уншсаар ээрдэг зуршил маань арилсан. Сүүлдээ уран уншигч болъё гэж ч бодсон удаатай. Уран уншигч болъё гэхэд хэн ч надад тоож шүлэг зохиолоо өгөх билээ. Тэгээд л өөрөө шүлэг бичиж эхэлсэн дээ. Тэрнээс биш аавынхаа зураач мэргэжлийг өвлөсөн загвар зохион бүтээгч болно гээд гэрээрээ дүүрэн хүүхний зураг хөглөрүүлсэн амьтан байдаг байсан сан.

-Монголын дууны урлагт нэгэн сайхан хөг аялгуу нэмсэн “Гангараа” дуугаа хэрхэн бичив?

-Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Мөнгөншагай найз минь “Монгол эрчүүддээ зориулж эр хүний гангарааны тухай дуу хиймээр байна” гээд нэрийг нь, санаатай нь надад хэлж өгсөн. Анх бичихэд эрчүүдийн гангараа гэхэд санаанд огт буухгүй байсан. Морь, хөөрөг, эмээлхэн л бодогдсон. Сүүлдээ эрчүүд бүсгүйчүүдийнхээс илүү их гангараа, гоёлтой юм байна гэдгийг ойлгосон. Хань ижил, үнэнч хайр, эрчүүдийн урвашгүй нөхөрлөл хүртэл гангараа нь юм байна гэж шүлгээ бичиж өгсөн. Энэ шүлэгт маань хөгжмийн зохиолч О.Эрдэнээ маань ч сайхан аялгуу туурвиж амилуулсан.

-“Зүгээр л инээмсэглэ” дуу чинь бас л хит болсон бүтээл дээ. Бүсгүйчүүдийн утасны дуудлагад их татагдсан байдаг юм билээ?

-Ээжүүдийн баяр болж байгаа юм чинь мэндчилгээ болгоод энэ шүлгээ дуудчих уу. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг маань захиалсан шүлэг л дээ. Бүсгүйчүүд их дуртай юм шиг байна лээ. “Зүгээр л инээмсэглэ” дууны аяыг соёлын тэргүүний ажилтан Б.Мөнхжаргал зохиосон юм.

“Гол мөрөн миний толь юм

Гоо сайхан миний сэтгэл юм

Үүрийн гэгээ хүслэнт энгэсэг минь юм

Өглөөний наран хөөрхөн ааль минь юм

Ядахын маяг, гунихын шалтаггүй

Яг л байгалаараа байх би дуртай

Гоё харагдах дэндүү амархан

Зүгээр л инээмсэглэ, өөрийнхөөрөө бай

Уулын жимс миний будаг юм

Урьхан салхи миний сам юм

Өвс ногоо хайртай үнэртэн минь юм

Өдөр бүхэн гоёлын даашинз минь юм

Байгаль өөрөө миний үзэсгэлэн

Байгаагаараа байх нь миний гоёл юм

Цэнгэг агаар дуртай дарс минь юм

Цэцэгт нуга болор шаахай минь юм”

Зүгээр л инээмсэглэж явахад энэ орчлон хэчнээн сайхан гээч. Тэгэхэд өнөөдөр хүмүүс ямар их сэтгэлийн чилүүртэй аж төрж байна аа. Замын хөдөлгөөнд оролцохдоо хүртэл дуут дохиогоо хангинуулж бухимдацгаагаад л. Тэгэхэд байгаль биднийг ямар сайхан, өөрийнхөөрөө хүлээж авдаг билээ дээ. Энэ тухай өгүүлсэн шүлэг л дээ.

-Дуунууд чинь өөрт тань ямархан даль жигүүр хайрлав?

-Зөвхөн дуу ч биш шүлгүүд маань ч надад урам хайрлах амжилтыг авчирсан шүү. С.Удвалын нэрэмжит “Их хувь заяа”, “Алтан үзэг”, “Бага цом” яруу найргийн наадмуудын тэргүүн шагнал, Д.Равжаагийн нэрэмжит “Мөнгөн цом”, Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэсний гал”, Р.Чойномын нэрэмжит “Залуу нас-2001, 2002”, Хойд бүсийн “Болор цом”, “Алтан цом” яруу найргийн наадмын дэд байр, оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2010” наадамд “Ижий дэлхийн өчил” дуугаараа тэргүүн байр, 2012 онд “Монгол аялгуу” нийтийн шилдэг хайрын дууны төрөлд “Чин үнэнч”, 2015 онд нийтийн шилдгийн шилдэг дуугаар “Гангараа”, 2016 онд нийтийн шилдгийн шилдэг дуугаар “Зүгээр л инээмсэглэ”, 2017 онд “Монголын радио чарт” нийтийн шилдэг 10 дуунд “Түвшин жаргалтай хурим”, “Амраг намар” дуу тус тус шалгарсан даа.

-Цэнгүүнд ямархан авьяастнууд оролцох бол?

-Ардын жүжигчин А.Долгор эгч “Морин хуур-2010” наадмын гранпри шагналт дуу “Ижий дэлхийн өчил”-ийг, поп дива С.Наран маань “Аав” киноны дууг, соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнх “Хамаг Монголын мялаалгын дуу”-г, Л.Банзрагч “Аав л ээж минь”, Н.Мөнгөншагай “Гангараа”, “Түвшин жаргалтай хурим”-ыг, Б.Мөнхжаргал “Цас бороо”-г, Б.Алтанжаргал “Ээждээ л илүү эрхэлдэг орчлон”, “Хаашаа ч битгий яваарай”-г, Л.Нарантуяа “Адуу манасан шөнө”-ийг, М.Отгонгэрэл “Ээжийн эзгүйд”, Э.Төрмандах “Зунаараа намар”-ыг, Э.Чулуунчимэг “Зүгээр л инээмсэглэ”, “Сэтгэлийн зурвас”-ыг, А.Түмэн-Өлзий “Чи минь мэдэхгүй”, Г.Машбат “Амраг намар”-ыг, Б.Энхбат “Ойрхон доо”-г, “Гурван бүдүүн” хамтлагийн Шагай “Дурласан хүүхнүүд”, Х.Мөнгөнцэцэг “Чин үнэнч”, “Нууцхан”-ыг тус тус дуулж толилуулна. Мөн Өмнөд Монголын дуучин Г.Улаансарнай, Т.Мөнхзул, Б.Уранзаяа, Т.Цогсогмаа нар оролцож миний шүлэг “Амар амгалан”, “Дурласан минь худлаа ч байж магадгүй”, “Хүслэнт хайр”, “Хайраа“ тэвэрье” дуунуудыг минь дуулж байгаа.

-Яруу найрагчид хүрэлцэн ирэх үү?

-Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа багш маань, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар, Ц.Эрдэнэбаатар, миний эгч сэтгүүлч, зохиолч Б.Цоожчулуунцэцэг нар маань оролцож шүлэг найргаа уншицгаана. Тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр “Best buidan”, Хөвсгөл аймгийн нийслэл хот дахь нутгийн зөвлөл зэрэг газрууд оролцож байгаад маш их баярлаж байна. Анхны тоглолт болохоор заримдаа ч учраа олохгүй л явна. “Амьдралын зураг” уран бүтээлийн цэнгүүнийг маань үзэхийг хүсвэл 96887070, 99270902 дугаарт холбогдоно биз дээ!

ГАНГАРАА

Шүлэг Б.Болорцэрэн Ая О.Эрдэнэ

Агсам хул морины булигаанд үлдэж гангарнаа

Аавын ган хэтний цахианд асаж гангарнаа

Аз ивээсэн өдрийн одыг өвөртөлж гангарнаа

Аатай тэнзэн ташуураа тулж гангарнаа

Галтай эрчүүдийн удам билээ

Ганган харчуудын үргэлжлэл билээ

Эмнэг хуй салхины зулайд исгэрч гангарнаа

Эрэл хол замын эзгүйд жаргаж гангарнаа

Илүү заяатай чонын сүлдэнд бууж гангарнаа

Итгэлээ өгсөн андын нэг л зангаар гангарнаа

Галтай эрчүүдийн удам билээ

Ганган харчуудын үргэлжлэл билээ

Нүнжиг даасан буяны алганд багтаж гангарнаа

Нүд булаасан бүсгүйн тавиланд ханьсаж гангарнаа

Уртын сайхан дуугаа нартад хадааж гангарнаа

Ухаанаа өвлүүлсэн өвгөдөө дуурайж гангарнаа

Галтай эрчүүдийн удам билээ

Ганган харчуудын үргэлжлэл билээ

Categories
мэдээ цаг-үе

Ямар хүн болох, ямар мэргэжил эзэмших вэ гэдэгт Солонгосын боловсролын байгууллага их анхаардаг

Мөн хэвлэлийн бага хурлын дараа ЮНЕСКО-гийн Ази-номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төвийн Монгол талыг хариуцсан ажилтан Хон солиос тодруулга авлаа.


-Танай байгууллагын зорилго юу вэ?

-Манай Апсею байгууллага нь ЮНЕСКО-гийн харьяа дараагийн байгууллага юм. Манайх ЮНЕСКО-гоос явуулдаг ерөнхий үйл ажиллагаа, зорилгын дагуу олон улсын Ази-номхон далайн болон бусад орнуудын боловсролд голлон анхаарч ажиллаж байна.

-Монголд багш солилцоо хөтөлбөр хэрэгжүүлээд хэдэн жил болж байна.Энэ хооронд ямар үр дүн гарсан бэ?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд долоон жил болж байна.юун түрүүнд солонгос багш нар Монголд ирээд манай боловсролтой танилцан, монгол хүүхдүүдийн үйл ажиллагаа ямар байгааг хардаг. Хүүхдүүд нь ямар сэтгэхүйтэй, Монголын соёл ямар вэ гэдэг тал дээр өөрсдөө туршлага хуримтлуулсныхаа дараа Солонгост эргэж очоод хүүхдүүдэд заахад илүү дотно хүлээж авдаг. Түүнээс гадна монгол багш нар Солонгост очоод шууд боловсролын хөтөлбөрт оролцдог юм. Монгол багш нар очсоноороо солонгос хүүхдүүдэд илүү сайн мэдээллээр хангаж өгдөг. Үнэлгээний хувьд бид ингэж ажилласнаараа илүү глобальчлагдсан олон улсын түвшинд өөр орны соёлыг ойлгож авахад тус болох байх гэж ойлгож байна.

-Манай боловсролын тогтолцоог судалж үзсэн үү, ямар санагдаж байна вэ?

-Долоон жилийн хугацаа гэдэг бол урт хугацаа юм. Гэхдээ боловсролын тогтолцооны хувьд Солонгостой төстэй зүйл болж байна. Энэ хугацаанд нэлээн олон мэдээлэл цуглуулж авсан. Бид өөрсдөө ч гэсэн Монголын талаас суралцах зүйл их байгаа. Монголд нэгдүгээр ангиас эхлээд арвадугаар анги хүртэл нэг багш даадаг.Ингээд олон жил нэг багшаар заалгадгийг солонгос багш нар их гайхдаг. Ямар нэг үл ойлголцол гардаг болов уу гээд сонирхоод гайхаж байдаг.

-Солонгосын сургалт зөвхөн боловсрол олгохдоо чухал биш амьдралд сургасан байдаг. Тийм үү?

-Хичээлийн хамгийн их цагийг хүүхдийг ямар хүн болох вэ гэдэг тал дээр төвлөрүүлдэг. Үүний дараа энэ хүүхэд ямар мэргэжил эзэмших вэ гэдэгт анхаардаг. Яагаад гэвэл нийгэмд гараад ажиллах мэргэжил хамгийн чухал юм. Тиймээс энэ хоёр зүйл дээр л голчлон анхаарал хандуулдаг.

-Хүмүүжил тал дээр ямар төрлийн хичээл заадаг вэ?

-Юун түрүүнд хичээл заадаг багшаасаа шалтгаална. Гэхдээ хичээлээ заадаг ч гэсэн зарим үед том сэдэв уншуулаад тэр сэдвийн талаар ярилцдаг. Хичээл гэдгээсээ илүү түүн дээр ярилцлага, мэтгэлцээн өрнүүлдэг юм.

-Манай боловсролын систем их төвөгтэй, эцэг эхчүүд сургуульд хүүхдийнхээ хүмүүжил, боловсрол гээд хамаг зүйлээ даатгачихдаг. Энэ үед сургууль хүүхдийн зүйлийг авч явах шаардлага гардаг. Танайд ямар байдаг вэ?

-Сая монгол багш нар маань явж ирсэн. Монголын эцэг эхчүүд оролцоо муутай байхад солонгос эцэг эхчүүд их оролцоо сайтай дэмжлэг үзүүлдэг юм байна гэдгийг онцолж ярьсан. солонгост эцэг эхчүүд нь зарим үед хичээл заах, аялал зугаалга, туршилтын хичээлд явах үед хоол бэлдэж өгөх ч юм уу, эсвэл аяллаар явахад аюулгүй байдлыг хангаж цуг явах хүүхдүүдийнхээ хичээлд тусалдаг. Иймэрхүү оролцоон дээр солонгос эцэг эхчүүд сайн байдаг.

-Монголын багш нар маш их ачаалалтай байдаг. Нэг багшид 50-60 хүүхэд оногддог. Танай улсад ямар байдаг вэ?

-Солонгост нэг багшид 20-30 хүүхэд оногддог. Солонгосчууд ч гэсэн энэ байдлыг хараад олон хүүхэдтэй ажиллах хэцүү гэдгийг ойлгодог. Манайх монгол багш нарын ажлын хэцүүг ойлгож байна. Гэхдээ өмнө нь солонгост оюутан сурагчид их байх тохиолдол байсан.

-Солонгосын Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд ямар хэмжээний боловсролын түвшинтэй төгсдөг вэ?

-Дунд сургууль төгссөн хүүхдүүдийн ихэнх нь дээд сургуульд элсэн ордог. Гэхдээ орж чадаагүй хүүхдүүдэд ажлын талбарт гарах мэргэжлийн анхан шатны мэдлэг олгосон байдаг. Зарим нь манайхаар бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сураад эсвэл өөрсдөө шууд тэр мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжтой.

Х.БАТТӨГС

У.ПҮРЭВСҮРЭН