Categories
мэдээ нийгэм

“Жи тайм”-тай холбоотой хэргийг шалгаж дуусчээ

“Жи тайм” зурган илэрцүүд

“Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг 2017 оны гуравдугаар сард баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнтэй холбоотой хэргийг шалгах ажиллагаа дууссан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тус компанийн сүлжээнд нэгдэж хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж авч ажилласан. Хохирсон иргэдийг энэ сарын 20-ны дотор цагдаагийн байгууллагад ирж хэргийн материалтай танилцах шаардлагатайг цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албан дээр хүрэлцэн ирэхийг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Энхтайвны өргөн чөлөөний 1 дүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангуулахаар ажиллаж байна

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран хяналт, шалгалт явуулж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 тоот захирамжийг хэрэгжүүлэх, Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Тус шалгалтыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний 5 шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад явуулна. Шалгалтын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.

Иймд иргэд та бүхэн автозамын нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны 44 хоногийн нөөцтэй байна

Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Хурлын эхэнд уул уурхайн салбарын зарим статистик мэдээллийг салбарын сайд Д.Сумъяабазар танилцууллаа. 2018 оны эхний хоёр сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн 2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 255 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Энэ онд 1.1 сая тонн газрын тос олборлож, 223.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж байна. Эхний улирлын байдлаар улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 17.63 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Энэ сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 44 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 83, АИ-92 25, дизелийн түлш 48 хоногийн нөөцтэй буй аж.

Categories
мэдээ улс-төр

Сайд Н.Энхболд Катар Улсад айлчиллаа

Зураг

УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд Катар Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд, доктор Халид Вин Мухамед Аль Аттияагийн урилгаар Катар Улсад ажлын айлчлал хийж, тус улсын нийслэл Доха хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын батлан хамгаалахын үзэсгэлэн, бага хуралд оролцлоо.

Катар Улсын Эмир Шейх Тамим Вин Хамад Аль Танигийн ивээл дор хоёр жилд нэг удаа зохион байгууллагдаг энэхүү үзэсгэлэн, бага хурал нь Европ, Ази, Ойрхи Дорнод, Африкийн зарим орны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд, олон улсын Батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн төлөөлөл оролцдог бүс нутгийн төдийгүй олон улсын томоохон арга хэмжээ юм. 2008 оноос хойш зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн арга хэмжээнд 54 орны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төлөөлөгч оролцож, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 180 гаруй олон улсын компани бүтээгдэхүүнээ танилцууллаа. Уг арга хэмжээ нь оролцогч орнуудын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдлага, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн төлөөлөлд цаашдын харилцаа, хамтын ажиллагааныхаа талаар уулзаж ярилцах боломж олгодгоороо онцлогтой.


Үзэсгэлэн, бага хурлын үеэр Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд Катар Улсын дэд Эмир, Абдулла Бин Хамад Аль Тани, тус улсын Ерөнхий сайдын орлогч ба Батлан хамгаалахын сайд доктор Халид Бин Мохамед Аль Аттияа, Катар Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ганем Бин Шахийн Аль Ганем нартай албан ёсны уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар ч санал бодлоо хуваалцсан юм. Хоёр тал Монгол, Катар улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээг шинэчлэн илүү өргөн хүрээнд харилцах боломжийг бүрдүүлэх, Батлан хамгаалах яамд хооронд харилцан айлчлал хийх, Катар Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг Монгол Улсад зохион байгууллагддаг “Khaan Quest” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд оролцуулах, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг тус улсын батлан хамгаалахын сургууль болон араб хэлний сургалтад үргэлжлүүлэх суралцуулах, хоёр орны Зэвсэгт хүчний хамтран зохион байгуулдаг хээрийн сургууль зэрэг сэдвээр ярилцаж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх цөөнгүй чиглэлээр санал солилцож, харилцан тохиролцлоо.

Мөн Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд ноён Нурэтин Саниклитэй уулзалт хийж батлан хамгаалах салбарын төдийгүй хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, соёл, нийгэм зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, цаашид хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн, сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ, БНХАУ, БНЭУ, БНТУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын үзэсгэлэнгийн танхимаар зочиллоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газрын ахмад настан О.Тунгалагт хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2018.03.15) Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан О.Тунгалагт 60 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ахмад настан О.Тунгалагт баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ. О.Тунгалаг нь 1982 оноос төрийн захиргааны байгууллагад ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан бол УИХ-ын Тамгын газарт 2005 оноос Төрийн байгуулалтын байнгын хороонд ажилласан. Тэрээр ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хуульчдын нэг юм.

Улсын Их Хурлын даргын 30 дугаар захирамжаар баталсан /Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлах тухай/ Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заажээ. Энэ хуулийн зорилт нь ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

​Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны тасалбарыг онлайнаар борлуулж байна

Зураг

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны тасалбарыг онлайнаар худалдаж авах боломжтой.

Монгол Бөхийн өргөөнд ирэх бямба гарагт буюу гуравдугаар сарын 17-ны 14 цагт энэхүү үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулна. Уг барилдааны тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд иргэд онлайнаар худалдаж авах боломж бүрджээ. Тухайлбал, бөх сонирхогчид барилдааны тасалбарыг Бөхийн өргөөний тасалбар борлуулах цэг дээр очилгүйгээр Онлайнаар захиалан авч болно.

Categories
мэдээ спорт

Оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээн шилдгүүдээ тодруулав

ЗурагМонгол Улсын 2018 оны Оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээнд 14 их, дээд сургуулийн эрэгтэй 14, эмэгтэй 11 багийн 300 гаруй оюутан тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Монгол улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит болгон амжилттай явуулсан уг тэмцээнийг МДХ-ны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан ажиллажээ. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Жаргалсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэнсодном, МВХ-ны ЕНБД Ц.Бат-Энх, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Л.Эрдэнэпүрэв нар оролцож шилдэг баг тамирчдад шагналыг гардуулав.

Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас тэргүүн байрт СМ М.Бат-Очир дасгалжуулагчтай СДМ Г.Төрмандах ахлагчтай ШУТИС, хоёрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Б.Билгүүндалай ахлагчтай МУИС, гуравт СМ Ц.Батбаатар дасгалжуулагчтай, Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС, эмэгтэй багуудаас тэргүүн байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Э.Сугаржав ахлагчтай МУИС, хоёрт СМ Б.Долгормаа дасгалжуулагчтай, Т.Ариунцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг, гуравт ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид тус тус шалгарч Оюутны УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, хоёрдугаар байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, гуравдугаар байрт СМ М.Бат-очир дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид шалгарлаа. Тэмцээний үеэр шилдэг эрэгтэй тоглогчоор ШУТИС-ийн тамирчин М.Ганбилэг, эмэгтэй шилдэг тоглогчоор МУИС-ийн тамирчин Б.Цолмон нарыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар бүртгээгүй

“Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ” гэсэн мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж байгаа нь хуучирсан мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь 2016 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн бөгөөд ногоон бүсэд газар эзэмших, өмчлөх ажлыг цахимаар бүртгээгүй байна.

Ногоон бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд иргэдийн эзэмшил газар ямар нэгэн зөрчилгүй, хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй бол өмчлөх ажил Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хийгдэж байна. Иргэд эзэмшил газраа өмчлөх хүсэлтээ харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж өгч болно.

Сүүлийн үед Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор хуурамч гэрчилгээ үйлдэх, түргэн хугацаанд өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэх мэтээр иргэдийг хууран мэхэлж, залилах тохиолдол гарч байгаа тул иргэд олон нийт анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Иргэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулхыг анхааруулж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ спорт

3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ-д Монголын эрэгтэй шигшээ баг оролцоно

БНХАУ-ын Шензен хотод ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд болох 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ-д эрэгтэй шигшээ баг оролцоно.

Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч хэсэг тус бүрт гурван баг өрсөлдөх бөгөөд 12 баг Азийн АШТ-д хүч сорих юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар тивдээ чансаагаар эхний 10-т багтсан багууд оролцох эрхээ авсан бол бусад 12 баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх юм.
Зураг
Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлэх бол зохион байгуулагч орон БНХАУ “B” хэсгийг манлайлах юм. Харин бусад хоёр хэсгийг Япон, Казахстаны эрэгтэй баг тэргүүлнэ. Манай сагсчид хэсэгтээ Катар, Тайванийн багтай учраа таарах бөгөөд БНХАУ-ын хэсэгт Киргизстан, Туркменистан, Японы хэсэгт Йордан, Казахстаны хамт Шинэ Зеланд багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн зүүн хэсгээр ойрын өдрүүдэд хүйтэн байна

ЗурагӨнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурч, хүйтэн байна.

Энэ сарын 16-нд Алтай, Хангайн уулсаар, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 7-12 метр, 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.