Categories
мэдээ нийгэм

“Mongolia Gold 2018” чуулга уулзалт болж байна

“Mongolia Gold 2018” чуулган, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны бүх гишүүдийн V хурал Корпорейт конвейшнд энэ сарын 15,16-нд болж байна.

Чуулганыг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн биржтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
Тус холбоо нь 2013 оны нэгдүгээр сард салбарын эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар гишүүдийн тоо 80-д хүрч, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байгаа гэнэ.

Хоёр дахь удаагаа болж буй уг хурал нь алтнысалбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг төртэй холбох гүүр болохын зэрэгцээ, алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдэхэд гарц хайх зорилготойгоор болж байна. Чуулганы эхний өдөр “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны бүх гишүүдийн хурал болох ба энэхүү хуралдаанд УУХҮЯ, БОАЖЯ, Сангийн яам, АМГТГ, Хөгжлийн банк, МХЕГ зэрэг төрийн байгууллагуудын удирдах албаны хүмүүс оролцож, АЛТ -2 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх мөн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Санамж бичиг”-үүдийг байгуулав. Тодруулбал Mongolia gold 2018 арга хэмжээнд алтны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг, олон улсын, хүндтэй Sakthi Trading group, Kaloti Precious Metals, байгууллагууд оролцож танилцуулга хийхээс гадна, Хятадын Алтны холбоо, Канадын Outetec зэрэг олон улсын байгууллагууд Монголын алт үйлдвэрлэгчийн холбоотой хамтран ажиллах эхлэлээ тавьж, санамж бичиг байгуулав.

Хурлын дундуур хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн Банк болон Голомт банкнаас санхүүжилтийг хэрхэн авах, шаардлага хангасан банкны ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулах, МБОМХ-ноос нөхөн сэргээлтийн шилдэг туршлагын талаар сургалт, зөвлөгөөг өгч байлаа.

Алтны салбарынхан “Нэлээдгүй ажлыг төр засагтай хамтран хэрэгжүүлсний үр дүнд жилдээ гурван тонн хүрэхгүй байсан алт олборлолт 2017 оны байдлаар 20 тоннд хүрч, алтны салбарт ойрын арван жил тохиогоогүй өсөлт боллоо” хэмээн онцолж байв.

Дотоодын алт олборлогчдыг гадаад түншүүдтэй холбох уг хуралд гадаадын таван улсаас хөрөнгө оруулагч болон технологийн компаниудын төлөөлөгч нар оролцож байгаа гэнэ. Мөн хурлын хоёр өдөр алтны төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, дэлхийн дэвшилтэт техник, технологи , алтны геологи хайгуул, туршилт судалгаа, санхүүжилтийн илтгэлүүд тавигдахын байна. Түүнчлэн гадаад, дотоодын 26 компани үзэсгэлэнгээ гаргах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрээс сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ гэв

Ой хээрийн түймрээс сэргийлэх зурган илэрцүүд

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 225 удаагийн ой хээрийн түймэр гарч нийт 587,4 мянган га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 77,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ оны 3, 4,5 дугаар сард нийт бүс нутгаар хуурайшилт эрчимтэй нэмэгдэж, ялангуяа ой хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй аймгуудад олон жилийн дунджаар илүү халж, хур тунадас бага орох урьдчилсан төлөв гарчээ. Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгавар гаргасан байна.

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгожээ.

Categories
мэдээ спорт

Мөсөнд авирагч залуус “Эр зоригийн алдар” медаль хүртлээ

ЗурагГовь-Алтай аймгийн Тонхил сумын уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн Бор” клубын уулын спортын мастер О.Сайханжаргал, Н.Хэрлэн нарыг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэж “Эр зоригийн алдар” медалиар шагнажээ.

Энэ үеэр МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй тамирчдад хандаж залуучуудын холбооны шагнал нь залуу хүн бүрийг улам хичээж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж урамшуулан олгодог шагнал гэдгийг онцлон хэллээ.
Н.Хэрлэнгийн хувьд мөсөнд авиралтын Ази тивийн аваргын мөнгөн медаль, Эрхүү хотод зохион байгуулсан Мөсөнд авиралтын Олон улсын тэмцээний хурдны төрөлд алтан медаль, 2016, 2017 оны Мөсөнд авиралтын улсын аварга, 2014, 2015 оны спорт авиралтын мөнгө, хүрэл медальтай.

О.Сайханжаргал Спорт авиралтын хотын аварга- 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль, Спорт авиралтын олон улсын тэмцээнд 4 хүрэл, 7 мөнгө, 1 алт, мөсөнд авиралтаар 1 алт, 2 мөнгөн медаль тус тус гардан авсан амжилтаараа тэргүүлжээ.

Дашрамд сонирхуулахад, Мөсөнд авирах анхны тэмцээн 1912 онд Италийн Курмайорд Бренвагийн мөсөн гол дээр анх зохион байгуулж байв. Харин манайд Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Г.Өсөхбаяр анх тус тэмцээнийг санаачилж “Mongolia expedition”-тэй хамтран 2011 онд Орхоны Улаан цутгалан хүрхрээнд зохион байгуулсан түүхтэй.

Мөсөнд авиралтын тэмцээн нь ур чадвар, хурд, тэвчээр хатуужлын шалгуур бөгөөд харилцан бие биеэ хүндэтгэх, тамирчдын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог. Мөсөнд авиралтын тэмцээн нь 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпийн тоглолтын төрөлд албан ёсоор орсон.

Categories
мэдээ нийгэм

“Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд өнөөдөр /2018.03.15/ зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Төгс хууль, мөнхийн хууль гэж байдаггүй, амьдрал баялаг, хувирамтгай. Тиймээс Зөрчлийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явцад гарч буй алдаа завхрал, цоорхой хийдлийг засах нь гарцаагүй хэрэг. Хэдийгээр Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурч, төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар байгаа ч сөрөг үр дагавар нэлээд байна. Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж,иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байна. Мөн хууль хоорондын зөрчлүүд ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх шаардлагатай байна гэсэн юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд болон УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох мэргэжилтнүүд, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын удирдах ажилтан, улсын байцаагч нарын төлөөлөл оролцлоо. Тэд тус тусын салбарт өдөр тутам тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд ямар хууль, журамд ямар зохицуулалт хийж болох талаар саналаа дэвшүүллээ.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн найман сарын хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15.000 орчим гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6900 орчим өргөдөлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан байна. Хэрэг бүртгэлт хийх шаардлагагүй 340 мянга орчим зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгаа аж гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Залаатын амны ой модыг цэвэрлэх нэрээр огтолж байгаа юу

залаатын ам зурган илэрцүүд

Хэдэн долоо хоногийн өмнө Богд-Уулын Залаатын амнаас нойтон мод машин, машинаар нь тээвэрлэж байна гэсэн зураг, сэрэмжлүүлэг сошиалаар тархаж байсан. Харин энэ талаар Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Эбээ” ХХК, “Тод ногоон” ХХК, “Ойншинэс трейд” ХХК-ууд зохих зөвшөөрлийн дагуу ойг цэвэрлэх зорилготой огтлолт хийж байгаа гэсэн мэдээллийг өгсөн билээ.

Тэгвэл нэгэн сошиал хэрэглэгч Залаатын амны мод бэлтгэлийг дрон нисгэж зургийг нь авсан байна. Тэрээр твиттер хуудаснаа “Залаатын амны мод бэлтгэлийг дрон нисгэж зургийг нь авлаа. Уулын орой нүцгэрч байгаа юм байна. Бэлтгэж байгаа мод бол яавч үхсэн мод биш. Нэг чиргүүл модыг 1.5 саяаар зарж байгаа гэж дууллаа” хэмээн нийтэлжээ.

Залаатын амны ойн цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил, ойжуулалтын ажлын явцыг хамгаалалтын захиргааны ажилтнууд хянан хариуцаж байгаа юм.


Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс төлөвлөгөөт шалгалт хийлээ

ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВБаянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын байрууд, Төрийн захиргааны байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийлээ.

Тухайлбал Онцгой байлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчид Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай цэргийн командлал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 10 гаруй байгууллагын барилга байгууламжид галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

Түүнчлэн галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгаж болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 2018 оны 03 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь Дундговь, Төв аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар орон нутагт ажиллаж байна.

Өнөөдөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулахаас гадна аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, биелэлттэй танилцаж, санал хүсэлтийг сонссон байна.

Хэрлэн, Баян-Улаан суманд нөөцийн салбар байгуулах, Онцгой байдлын газарт мэдээллийн төв байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон бол өнгөрсөн онд тус аймгийн Батноров сумын Бэрх тосгонд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 42-р ангид хоёр ширхэг гал унтраах автомашин шийдвэрлэж өгөхөөр боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Говийн их “Б” дархан цаазат газар ба тахийг хамгаалахын учир

Дэлхийд ховор зэрлэг адуу тахийг илүү олон болгож, хамгаалахын тулд бид яах ёстой вэ. 1992 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн голд Монгол Улсын Засгийн газар, Герман Улсын иргэн Христиан Освальдын сантай хамтран анхны таван тахийг Украин Улсын Асканиновагийн амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авчирч сэргээн нутагшуулснаар Монголд тахь дахин нутаглаж эхэлсэн түүхтэй. Өдгөө Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсэгт 130 орчим толгой, мөн Хустайн нуруу, Хомын талд 400 гаруй тооны тахь идээшиж буй. Энэ тоог улам олон болгох, сүргийн бүтцийг алдагдуулахгүй хамгаалахад хамгийн чухал зүйл нь өргөн дэлгэр газар нутаг.Хэдийгээр тахийг хамгаалахын төлөө дархан цаазат болон хамгийн таатай байж болох бүс нутагт нь байршуулж байгаа ч өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай бус болоод байгааг судлаач, холбогдох албаныхан онцолж байна. Жил ирэх тусам тоо толгой нь өсөж байгаа тахийн сүрэгт өдгөө хамгаалалтад авснаас илүү өргөн цэлгэр тал хэрэгтэй байгаа нь тэдний бэлчээр, сүргээрээ идээшилж байгаа байдлаас тодорхой харагдаж байгаа аж. Гэвч нөгөө талаас жил ирэх тусам малын тоо өсөж, бэлчээрийн даац хэтэрч, мал бэлчээрлэж болох газар бүрт малчид оторлож, олонх нь тухайн газартаа суурьших болсон. Энэ нь малд таатай ч тахь тэргүүтэй зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлж, бэлчээр газар нутгийг нь хумьж, идэш хоол, тэжээлийг нь булааж, зарим амьтан устаж үгүй болох, Орос, Хятадын нутаг руу дайжих нэгэн шалтгаан болоод байгаа юм. Үүнээс хамгаалах хамгийн зохимжтой нэг арга нь тахь нутаглаж, идээшиж буй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хамгаалалтад авсан газрын хэмжээг өргөтгөх юм. Бусад зэрлэг амьтныг бодвол илүү өргөн дэлгэр, зэлүүд, суурин газраас алслагдмал хээр талаар “гэр” хийдэг тахийн сэлгэц нутаг, бэлчээрийг хамгаалахын тулд хамгийн түрүүнд Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийгөргөтгөх нь дэлхийд ховор тахийн үржил, тоо толгойг хамгаалах хамгийн том хувь нэмэр гэдгийг судлаачид хэлж буй. Ингэхгүйгээр ганцхан тахь ч биш тухайн бүс дэх нэн ховор хийгээд ховор амьтан, ургамлыг хамгаалж чадахгүй. Учир нь зэрлэг амьтан хэзээ ч суурин иргэншил, тэжээмэл мал, амьтантай ойр бэлчээрлэж, нутаглахгүй билээ. Ийм тохиолдол ганц нэг удаа таарч болох ч удмын санд аюултай, устаж үгүй болох эрсдэл их юм. Харин тус газрын хамгаалалтыг өргөтгөснөөр үндэсний болон олон улсын холбогдох гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхээс дэлхийд ховордсон нэн ховор, ховор амьтан, ургамлын төрөл зүйлийг хадгалан хамгаалах өндөр ач холбогдолтой.

ТАХИЙГ ЯМАР УЧРААС ХАМГААЛАХ ЁСТОЙ ВЭ

Тахь нь өнөөдрийн тэжээмэл морьдын өвөг эцэг юм. Гэсэн хэдий ч энэ төрөл зүйл нь хэзээ ч гэршээгүй ба ийм ч учраас дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм.Оросын судлаач Николай Прежевальский 1879 онд Монголын говьд зэрлэг адууны төрөл болох тахийг анх олж илрүүлжээ. Ингээд Прежевальскийн адуу гэж нэрлэгдэх болсон. Прежевальскийн адуу нь барууны эрдэм шинжилгээний ажилтнуудад зэрлэг адууны танихгүй төрөл байжээ. Мэдээж Монголын нүүдэлчин ард түмэн хэдэн зууны туршаас тахийг мэддэг байсан нь тодорхой ба Францын агуйн сүг зурагнаас дүгнэж үзвэл европчууд тахийг эсвэл түүний ойролцоо үеэлийг 20.000 жилийн өмнөөс мэддэг байжээ.Барууныханд танигдаж эхэлснээсээ хойш тахь нь агнуурын нэгэн бай болж эхэлсэн энэ нь 1960-аад оноос түүний устах шалтгаан нь болжээ. Тэр ч байтугай Европын амьтны хүрээлэнгүүдэд дөнгөж 14 тахь үлдсэн тухай баримт бий. Улмаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар тахийг үржүүлэх, төрөлх нутаг Монголд нь нутагшуулах тухай яригдах болсон байна. Ийнхүү уг ажил цөөнгүй жилийн дараахэрэгжиж, Монголд тахийг сэргээн нутагшуулаад 26 жил болж байгаа билээ. Гэхдээ туурайтан хөхтөн амьтдыг байгальд сэргээн нутагшуулах ажил тэр бүр амжилттай хийгдэж байгаагүй бөгөөд тахь адууг Монгол орны хатуу ширүүн уур амьсгалтай эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулсан нь зэрлэг амьтдын түүхэнд чухлаар тэмдэглэгдэх амжилт юм. Өөрөөр хэлбэл, устаж үгүй болохын даваан дээрээс аврагдсан тахийн амьдрах, өсөж үржих, зэрлэг адуу чигээрээ үлдэх сүүлчийн боломжуудын нэг нь Монголын тал нутаг юм. Иймд түүний тоо толгойг өсгөх, зэрлэг хэвээр нь хадгалан үлдээх, хамгаалах үүрэг биднийх юм. Тахь гаршуулсан орчинд төрж, өсөхдөө байгалийн нөхцөлд амьдрахад нэн шаардлагатай өвс ургамлыг сонгон идээшлэх, хоорондоо ойлголцох дуу авиа гаргах, аюулаас зугатаах хурд хүч, түүнийг сөрөх зэрлэг догшин зан төрхийг бүрэн эзэмшсэн байдаг бол хүйтэн жавар, салхи шуурганд тэсвэргүй, хачигаар дамжин халдварладаг цусны паразитийн өвчний дархлаагүй, улирлын орооны мөчлөг нь алдагдсан зэрэг дутагдал ажиглагддаг. Тэднийг байгалийн нөхцөлд суллан тавьсанаас хойш цаг хугацаа өнгөрөх тусам зэрлэг зан төрх, авир нь бүрэн сэргэж ихэнхи гүү 5,6 дугаар сард унагалж, идээшил нутаг нь томорч, усанд ирэх хугацааны дамтамж нь холдох зэргээр зэрлэг амьтных нь төрөлх зан чанар, ген илэрсээр байгаа аж. Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсэг болдэлхийд хамгийн сүүлд үлдсэн зэрлэг адууны нэг болох тахийн түүхэн тархац нутгийн цөмамьдрах орчин байсан бөгөөд зэрлэг адууг эх нутагт нь нутагшуулах, амьдрах орчныг өргөтгөх, нүүдэллэх, өсч үржих нөхцлийг хангахад чухал үүрэгтэй бүс нутаг юм.

ТАХЬТАЙ ХАМТ ДЭЛХИЙД НЭН ХОВОР УРГАМАЛ, АМЬТНЫГ ДАВХАР ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ

Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож буй тахь, хулан, хар сүүлтий, янгир ямаа болон цоохор ирвэс зэрэг амьтад, хойлог, ахууна, хахилаг, ёл, идлэг шонхор, бүргэд, ятуу зэрэг олон зүйлийн ховор шувуудын амьдрахад хамгийн таатай буюу харьцангуйгаар нөлөөлөлд бага өртсөн амьдрах орчныг хамгаалах, улмаар тухайн зүйлүүдийг хамгаалж буй гол бүс нь Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн газар нутаг юм. Харьцангуйгаар нөлөөлөлд бага өртсөн газар нутаг гэдэг нь тухайн амьтан, зүйл, төрлийн амьдарч болох хамгийн сүүлчийн таатай орчин байдаг. Өвлийн улиралд энэ бүс нутагт хулан, тахь, хар сүүлтий зэрэг шүхэр зүйлийн амьтад тархан байршдаг бөгөөд ялангуяа 2009-2010 оны зудын үеэр дээрх амьтад энэ газар нутагт өвөлжиж мэнд үлдсэн, зудын нөлөөнд бага өртдөг гэдгээрээ амьтдын амьдрахад таатай нутаг гэж болох аж. Тиймээс энэ газар нутгийг нүдний цөцгий мэт хамгаалах нь Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, холбогдох газруудын нэн тэргүүний үүрэг. Түүнчлэн тус Зүүнгарын говийн тойрогт Төв Азийн хуурай гандуу бүс нутгийн модлог ургамлын цорын ганц төлөөлөгч, тархац нутаг нь жилээс жилд багасч буй тооройн мод Баян-Овоо, Элэгний ус, Ёлхоны хоолойд 2500-аад ширхэг тархсан байдаг. Үүний зэрэгцээгээр нөөц нь улам бүр багассаар байгаа заган ойг хамгаалахад чухал үүрэгтэй газар бөгөөд эдгээр ховор ургамлыг хамгаалсанаар цөлийн экосистемийг хамгаалах, улмаар бүс нутгийн хэмжээнд цөлжилтийг сааруулахад онцгой ач холбогдолтой газар юм. Мөн Хөвчийн нуруу нь Тахилт, Богд, Урт, Дэлгэр, Хацавч зэрэг гол горхины урсац бүрэлдэх эх байгаа нь тус газар нутгийг хамгаалах шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм. Бугат сумын нутагт Улиастайнхөндийд байрлах “Хөдөө хөшөө” нь XIII зууны үеийн баатрын чулуун хөшөө, Цагаан голын Хүрэн тэвхэд байрлах буган хөшөө, Хүннүгийн үеийн хиргисүүр, 500 хонь, гэр багтах агуй, Тоодог ус, Хайрхан булаг, Хөвчийн Ширтийн агуйтад эртний галавын үеийн далайн амьтан, ургамлын чулуужсан үлдэц, Хүрэн дүүрэгийнБарагшин сүм, эртний сүг зураг, тусгай будгаар хийсэн нисэж буй хүний дүрс зэрэг нээгдэж судлагдаагүй үзвэрүүд бүхий газар олон байдаг. Энэ мэтээр Говийн “Б” хэсэгт зайлшгүй, цаг алдалгүй анхаарч, хамгаалах зүйл олон бий. Энэ нь Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийг өргөтгөх зайлшгүй шаардлага яах аргагүй мөн билээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна

ЗурагАрхангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар өнгөрсөн шөнө 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Эрдэнэмандал сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, /Ө 48052/0.0//, У 101045/00/// огтлолцолд шөнө 02:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мэдээлжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-т цахим худалдаатай холбоотой гомдол санал ирээгүй гэв

ШӨХТГ зурган илэрцүүд

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан “Цахим орчны хэрэглэгч-2018” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй эрхлэгч 20 гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон юм. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Сүүлийн үед ухаалаг гар утас бий болсонтой холбогдуулан иргэд цахим худалдааг сонирхдог болж, байгууллагууд энэ чиглэлийн үйлчилгээг эрхэлдэг болсон байна. Энэхүү явуулж буй үйл ажиллагаанаас иргэд хохирох вий гэдгээс урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү зөвлөлдөх уулзалтыг бид хийж байгаа юм. Цахим худалдаатай холбоотой эрх зүйн орчин манай улсын хэмжээнд бүрдээгүй байна.

Үүнд ямар байгууллага хяналт шалгалт тавих, иргэдийн гомдол саналыг хэн барагдуулах зэрэг тодорхойгүй асуудлууд байна. Тийм учраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийн саналыг аваад нэгтгэн шат шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засгийн газарт өргөн барьж УИХ-аар батлуулах зорилтыг тавин ажиллаж байна. Уг хуульд цахим худалдаа үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх талаарх асуудлуудыг тусгаж өгнө. 2017 он болон 2018 оны эхний хоёр сарын байдлаар ШӨХТГ-т цахим худалдаатай холбоотой гомдол санал ирээгүй. Хэдий ийм боловч цахим худалдаа дэлхий нийтээр хөгжиж буй болохоор энэ чиглэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай” гэв.