Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Сингапур улсын туршлагаас судална

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн сургах хөтөлбөрийг Сингапур Улсын Темасек сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Сингапурын Наньянг Политехникийн Их сургууль хамтран 2017-2018 онд хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 140 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд 1-3 долоо хоногийн хугацаатайгаар удирдлага манлайллын, менежерийн болон мэргэжилтний түвшний сургалтуудад хамрагдаж байна. Сургалтыг Наньянг Политехникийн Их сургуулиас боловсруулсан хөтөлбөрийн дагуу тус сургууль дээр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 онд 5 ээлжээр нийт 100, 2018 он гарсаар нэг ээлжийн 20, нийт 120 эмч мэргэжилтэн, менежерүүд сургалтад хамрагдаад байгаа гэнэ.

Энэ удаагийн мэргэжилтний түвшний сургалтанд явах эмнэлгийн мэргэжилтнүүдийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлэхдээ “Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх энэхүү төслийн зорилго нь нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулагчид, менежер, мэргэжилтнүүдэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг зохион байгуулж, чадавхийг бэхжүүлэн улмаар чанартай, тогтвортой нийгмийн эрүүл мэндийн бодлого, практик, хүний нөөц, тогтолцооны удирдлагыг бүрдүүлнэ. Үүний үр дүнд нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, тогтолцоо сайжирч, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирна. Тухайлбал Шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг харилцан солилцох, сайн туршлагыг бусдад түгээх; Чадавхийг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх; Тухайн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой. Тиймээс сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд тус бүр хамтран ажиллаж буй 4 хүнд сурсан мэдлэгээ хуваалцах сургалт зохион байгуулж, 1 бодлогын/удирдлагын баримт бичиг, арга зүй боловсруулна. Мөн төслийн төгсгөлд сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд сурсан мэдлэг, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг дүгнэж, Темасек Сан, Наньянг Политехникийн их сургуулийн төлөөлөгчдөд тайлагнах ёстой” гэлээ.

Сингапур улс нь газар нутгийн хэмжээ бага хэдий ч 5.6 сая хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хот төлөвлөлтийг зөв зохион байгуулж чадсан дэлхийн шилдэг туршлагатай орон бөгөөд нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгож, үүнд засгийн газраас эхлээд төрийн бүх байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг ханган ажиллаж хүн амын эрүүл мэндээ сайжруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Урал 375 маркийн автомашиныг бүрэн тоногложээ

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас туулах чадвар сайтай “Урал 375 АМ” маркийн автомашиныг команд штабын зориулалтаар ашиглах зорилгоор тусгай техник, тоноглолоор тоноглож бэлэн болгон ажиллагаанд орууллаа.

Уг автомашинд 6-8 алба хаагчид ажиллах, амарч байрлах 4 ширхэг ор, явуулын нөхцөлд ая тухтай байдлыг хангах зориулалтаар дотор ханыг ширмэл бүрээсээр доторлож, обектыг хянах 4 чиглэлийн хяналтын камер, удирдлагын бүрэлдэхүүн ажиллах компьютер, принтер, хувцасны шкаф, холбоо мэдээллээр хангах зориулалтын холбооны хэрэгсэлүүд, суурин станц, ажлын ширээ, шаардлагатай тусгай хэрэгсэл багаж хэрэгслийг нөөцлөх 3 нөөцийн сав, шөнийн цагаар үзэгдэх орчны харах хүрээг сайжруулах зорилгоор лед-бар гэрэл, өөрийгөө цахилгаанаар хангах нарны үүсгүүр, 220 вт-ийн цахилгаан үүсгэвэр зэрэг тусгай тоноглолыг суурилуулж, гадна талыг нь POLICE бичиглэл, цагаан, цэнхэр өнгөөр будсан.


Цаашид тус албанаас явуулын засвар, үйлчилгээний машин, явуулын гал тогоо, хөдөлгөөнт хяналтын автомашинуудыг хийж тоноглохоор төлөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч амралтын өдрүүдэд Налайх, Багануур дүүргийн болон Төв аймгийн иргэдтэй уулзана

Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх амралтын өдрүүдэд Багануур, Налайх дүүрэг болон Төв аймгийн иргэдтэй уулзана.

Тодруулбал, энэ сарын 17 буюу бямба гарагт 10:00 цагаас Багануур дүүрэгт, 14:00 цагаас Налайх дүүрэгт тус тус ажиллах бол 18-ны ням гарагт 11:00 цагаас Төв аймгийн иргэдтэй уулзалт хийх юм.

Ерөнхийлөгч аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлын талаарх мэдээллийг газар дээр нь очиж танилцаж байгаагийн зэрэгцээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонсож буй. Энэхүү ажлынхаа үргэлжлэл болгож дээрх дүүрэг, аймагт ажиллахаар товоо гаргажээ.

Categories
мэдээ спорт

Монгол цэргийн баярын бөхийн барилдаанд 256 хүчтэн зодоглоно

Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн цолтой үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй 200 гаруй бөх барилдахаар бүртгүүлээд байна.

Монгол бөхийн өргөөнд маргааш 14 цагаас эхлэх энэ барилдаанд хүчээ сорих 256 хүчтэнг цахимаар бүртгэж байгаа бөгөөд өнөөдөр 17 цагт хүртэл үргэлжилнэ. Одоогийн байдлаар улсын аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, харцага Б.Одгэрэл, Х.Гантулга, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 200 гаруй бөх цахимаар бүртгүүллээ хэмээн МҮБХ-ноос мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга: Гуравдугаар сарын 18 бол улс орныхоо аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүн бүрийн баяр

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан мөн Казак түмний Наурызын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж барилга, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор профессор Сайнхүүгийн Цэрэндашийг шагналаа.

Гавьяат багш цолоор

Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Алтангэрэлийн Дашзэвэг,

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Зөвлөх профессор Арилдын Гэлэгжамц,

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Кызырын Иманмагзам,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Дашдэндэвийн Оюунчимэг,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн ахмад багш Гончигийн Хандармаа нарт Монгол Улсын Гавьяат багш цол олгов.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад ажилтан, хөгжмийн зохиолч Дэмбэрэлийн Дорлиг,

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн албаны дарга Гүржавын Батнасан нарыг шагналаа.

Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын Самбо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Жамсрандоржийн Баярсайханг

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор Цагаанхүүгийн Багмид,

Монгол базальт ХХК-ийн зөвлөх, эрчим хүчний зөвлөх инженер Чанагийн Пүрэвбанзрагч,

Гавьяат хуульч цолоор Цагдаагийн ерөнхий газрын ахмадын байгууллагын тэргүүн, бэлтгэл хурандаа Нацагийн Гаравсүрэнг шагналаа.

Гавьяат барилгачин цолоор “Дархан нэгдэл” ХХК-ийн захирал Майдарын Төмөрбаатарыг шагнав.

Мөн Гавьяат эдийн засагч цолоор Монголын эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хорооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Балжинням,

Гавьяат мал зүйч цолоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан, шинжлэх ухааны доктор Дашнямын Буянхишиг,

Гавьяат холбоочин цолоор Зэвсэгт хүчний жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржхорлоогийн Рэнцэнханд,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эдийн засагч Чойдогийн Дашдэлэг,

Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын холбооны тэргүүн Дамбын Хишигбаатар нарыг шагнав.

Хүний гавьяат эмч цолоор Шаргалжуут рашаан дахь Ганод монгол уламжлалт сувиллын дотрын ерөнхий эмч Дагвын Бүрнээ,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор П.Н. Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн ахлах сувилагч Өлзийсайханы Тунгалаг нарыг Монгол Улсын гавьяат цолоор шагналаа.

Мөн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Батлан Хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Тавхайн Соронзонболдыг шагнав.

Алтан гадас одонгоор “Магби” группын ерөнхий захирал Бат-Оршихийн Батмагнайг,

Цэргийн гавьяаны одонгоор Батлан Хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Сүрэнжавын Ванчинхүүг,

Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ядамжавын Наранбаасан, Цэргийн төв эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Балын Батнасан нарыг тус, тус шагналаа.

ШАГНАЛ ГАРДУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, НАУРЫЗЫН БАЯРЫГ УГТАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, ҮГ ХЭЛЛЭЭ.

Төрийн тэргүүн “Өнөөдөр хоёр чухал баярыг угтуулан ажил үйлстээ амжилт гаргасан иргэдэд шагнал гардууллаа. Гуравдугаар сарын 18-ны өдөр бол Монгол цэргийн өдөр. Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Бахархаж байна.

Гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр болно. НҮБ 2010 оноос олон мянган жилийн түүхтэй наурыз баярыг “Олон улсын Наурызын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, ЮНЕСКО “Хүн төрөлхтний халдашгүй соёлын өв”-д бүртгэжээ.

Наурыз бол өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох баяр, мөн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог ажээ.

Наурыз баярыг улс үндэстний их бэлгэдлийн өдөр, хаврын баяр, нарны баяр гэх мэтээр бэлгэдэн нэрлэж өргөнөөр тэмдэглэдэг. Уламжлал, ёс заншлаа хадгалж, хөгжүүлж яваа нийт казах түмэндээ баярын халуун мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг ерөөе.

Монгол улс хөгжин бадраг.

Мөнх тэнгэр биднийг ивээг. Баярлалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг анх удаа эргэлтийн эмийн сангаа эрүүл мэндийн төвийн харъяалалд шилжүүллээ

ЗурагӨнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт Эрүүл мэндийн төвийн 20 эмийн сан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Эрүүл мэндийн яамнаас эмийн эргэлтийн санг сумын эрүүл мэндийн төвд шилжүүлэн иргэдийг зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй ханган ажиллах тухай албан бичгийг аймгийн ИТХ-ын даргад ирүүлсэний дагуу дээрх асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцжээ.

Ингээд “эмийн эргэлтийн санг эрүүл мэндийн төвийн харъяалалд шилжүүлэх тухай” 105 дугаар тогтоолыг гаргажээ. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2015 оны 11 дүгээр сард аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан 20 эмийн сангийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж, эрүүл мэндийн төвийн харъяалалд нь шилжүүлэн өглөө.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймаг авлигаас ангид ажиллах зорилт дэвшүүлэв

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Завхан аймгийн удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд оролцов.

Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Завхан аймаг “Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах” жил болгон зарлажээ. Орон нутагт анх удаа зохион байгуулж буй удирдах ажилтны зөвлөгөөнд Завхан аймгийн 24 сумын 300 гаруй удирдах албан тушаалтнаас гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа нарын албаны хүмүүс оролцов. Зөвлөлгөөнөөр төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх, авлигаас ангид байх зарчмыг баримтлан, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагыг өндөржүүлэн, удирдах ажилтнуудын манлайллыг дээшлүүлж, төрийн албаны стандартын хэрэгжилтийг бүх түвшинд жигд хангуулж ажиллах талаар ярилцсан байна.

Завхан аймаг “Авлигаас ангид аймаг” байх зорилт дэвшүүлж Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймагтаа дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. “Төрийн албаны удирдах ажилтны манлайлал, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх” анхдугаар зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилсан “Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчим”-ыг баталлаа. Хариуцлагатай байх, хүнд сурталгүй байх, иргэдтэй ойр байж, тэдний санаа бодлыг сонсдог байх, Шударга, авлигаас ангид байх зэрэг 9 зарчмыг төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлж ажиллах юм байна. Мөн төрийн албан хаагчид “Би авлига авахгүй, өгөхгүй” уриатай энгэрийн тэмдэг зүүдэг болжээ.

Завхан аймгийн 216 байгууллагад 5783 төрийн албан хаагч ажилладаг. Нэг төрийн албан хаагч 3-5 айл өрхийг хариуцан, иргэдийнхээ санал бодлыг сонсч, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гүүр болон ажиллаж эхэлсэн байна.

Categories
мэдээ спорт

Их аварга Какүрюү М.Ананд тэргүүтэй гурван бөх башёг тэргүүлж байна

Какүрюү М.Ананд зурган илэрцүүд

Осака хотод болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний тав дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Такарафүжигээр ээлжит даваагаа авч 5 даваатай башёг тэргүүлж байна.

Харин Озэки Такаясү Котошогикүгээр даваагаа ахиулсан бол Гүржийн бөх Точиношин Комүсүби Чиёотайрюүгээр гурав дахь даваагаа авч тэргүүлэгчийн эгнээнээс хоёр байраар ухарлаа. Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров дөрвөн даваа, нэг унаатай болсон бол Тамавашин Б.Мөнх-Оргил 2, Чиёошима Г.Мөнхсайхан 1 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Харин Араваши Э.Дөлгөөн таван өдрийн дараа нэг ч даваагүй байна. Дээд зиндаа буюу Макүүчид Ёкозүна Какүрюү М.Анандаас гадна хоёр бөх таван даваатай тэргүүлж байна. Ичиножёо нарын тэргүүтэй бөхчүүд дөрвөн даваа, нэг унаатай удаалж байна.

Харин Жюүрёод барилдаж буй Таканоива А.Баасандорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар гурван даваа, хоёр унаатай болжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 97 жилийн ойн мэндчилгээ

цэргийн жагсаал зурган илэрцүүдЭх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь, бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахинд энх тайвныг тогтооход ч хүчин зүтгэж байгаа эр цэргүүддээ “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяр”-ын мэндийг Нийслэлийн удирдлагын зүгээс өргөн дэвшүүлж байна.

Төрийн далбаандаа бөхийж, түмэн олон эх орондоо өргөсөн тангарагтаа үеийн үед үнэнч зүтгэж ирсэн Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсийг дурсах, гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, залуу хойч үедээ үлгэр дууриал болгох зорилгоор “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.

Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа, дархлаа юм. Энэ ч утгаараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас батлан хамгаалах салбартай нягт хамтран ажиллаж, залуусаа эх оронч хүмүүжүүлээр төлөвшүүлэх, батлан хамгаалах салбарын хуулийг иргэддээ сурталчлах, энх цагийн бүтээн байгуулалтад эр цэргүүдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг тогтмол хийж ирсэн.

Түүнчлэн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд нэн тэргүүнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб дэмжиж, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын орчныг сайжруулахад хамтран ажиллаж байгаад гүн талархалтай байна.

Монгол цэргийн эрдэм чадвар, эв нэгдлийг даян дэлхийд дуурсган байхын өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ дахин дэвшүүлье.

Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадарч, Улаанбаатар хот маань хөгжин дэвжих болтугай.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад идэвх, санаачлагатай ажиллаж буй офицер, ахлагч нарыг шагналаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад идэвх, санаачлагатай ажиллаж буй офицер, ахлагч нарыг шагналааМонгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад идэвх, санаачлагатай ажиллаж байгаа офицер, ахлагч нарыг шагналаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Дэд бүтэц гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцож шагналыг гардуулав.

Батлан хамгаалах яамны шагнал болох “Дайчин алдар-1” медалиар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан, “Дайчин алдар-3” медалиар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Э.Батсүрэн нар шагнуулав. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр 5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр 3, Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр 5, Нийслэлийн “Тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр 9, Нийслэлийн Засаг даргын жуухаар 7, Монголын нутгийн удирдлагын холбооны “Соёмбо” медалиар 1 алба хаагч тус тус шагнуулсан юмгэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.