Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Баярхүү: Олимпийн гудамжны хөдөлгөөнийг хааснаар замын ачаалал ихэснэ


Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ыг барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ. Өнөөдөр тус гүүрэн гарцыг барих төслийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Замын цагдаагийн уулзварын урд талын замыг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн жил зургаан сарын хугацаатай хаахаар болж байгаа. Олимпийн гудамж цагт 2500-3000, өдөрт16000-20000 мянган машин зорчдог ачаалал ихтэй гудамж. Энэ гудамжийн хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихэснэ. Мэргэжлийн газруудын төлөвлөж байгаагаар хоёр гурван газар түр гүрүүдийг барих асуудлыг судалж, шийдвэрлэж байна. Энэ ажил нь Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно.

Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл юм.

Мөн энэ жил Зүүн дөрвөн замын уулзвар дээр нүхэн, гүүрэн гарцуудыг хийж байгаа. Яармагийн гүүрний ажил мөн хийгдэж байгаа. Энэ жилдээ 3 гүүрний ажил байгаа. Ирэх жил 2019-2020 онуудад 18-23 дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний огтлолцолтой туннелийн системд шилжүүлнэ.

Мэргэжлийн байгууллагууд судалгаа шинжилгээ хийж байж шийдсэн. Туннелин гарц хийхэд хөрс, газар доорх шугам сүлжээний асуудлууд байдаг. Мөн Улаанбаатар хот дэлхийн том том хотуудтай өрөлдөхүйц байх ёстой. Бүх зүйлийг жижиг нүхэн гарцаар хийгээд байж болохгүй. Том гүүрүүд бас байх ёстой. Яагаад гэхээр төмөр зам байгаа учир туннелээс илүү гүүр нь илүү тохиромжтой. Бусад уулзарууд дээр нүхэн гарцууд хийж байгаа. Улаанбаатар хотыг түгжрэлгүй, дугаарын хязгаарлалтгүй болгох ёстой. Үүний эхлэл нь энэ гурван гүүр юм” гэв.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчид ирэх пүрэв гарагаас амарна

ЗурагНийслэлийн ЕБС-ийн III улирлын амралт энэ сарын 22 буюу ирэх пүрэв гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчдын III улирлын амралт энэ сарын 26-наас ирэх сарын 9-нийг дуустал үргэлжлэх юм. Хөдөөгийн сурагчдын III улирлын амралтын эхлэх хугацааг бүс нутгийн газарзүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааруулж Засаг дарга нэг долоо хоногоор урагшлуулж болох аж.

Тэгвэл IV улирлын буюу зуны амралт 1-2 дугаар анги зургадугаар сарын 1-нээс, 3-5 дугаар ангийн сурагчдынх зургадугаар сарын 8-наас эхэлнэ. Харин 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 15-наас эхлэн амрах хуваарь гарчээ. Зуны амралт эхлэх хугацаа хот, хөдөөд ялгаагүй байх юм.

Categories
мэдээ нийгэм

​Хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлдэг


Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас нийтийн тээвэр дэх халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хамтран оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас халаасны хулгайн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Д.Батзаяа “Нийт халаасны хулгайн гэмт хэргийн 30 орчим хувь автобусны буудлын орчимд үйлдэгдэж байна. Гэтэл автобусанд байрлуулсан камерууд ажиллахгүй байх, жолооч санаатай болон санамсаргүйгээр унтраасан байх тохиолдлууд их гарч байгаа.

Автобусанд байрлуулсан камеруудаар автобусанд сууж, бууж байгаа болон буудал дээрх хүмүүсийг бүгдийг нь харах боломжтой. Уг нь автобус баазын инженер техникийн ажилтнууд өглөө бүр камер хэвийн ажиллаж байгаа эсэхийг хянаад гаргадаг гэх боловч яг хэрэг гараад бичлэг шалгах гэхээр камер ажиллаагүй, эвдэрсэн байх тохиолдол их байна. Тиймээс бид өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК болон том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдэд хандан камерын хяналтаа сайжруулж өгөөч ээ. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг тайлбарлаж байна. Автобусны камерууд бүрэн ажиллаж, цагдаа камерын бичлэгийг түргэн шуурхай авч чадвал гэмт хэрэгтнийг хурдан илрүүлэх боломжтой. 2017 онд автобусны баазууд дээр очиж, жолооч нарт зориулсан сургалт явуулсан. Бүх камер ажиллаж байгаа үед жолооч сэжигтэй этгээдийг харах бүрэн боломжтой. Ингээд харсан тохиолдолд бусад зорчигчдод сэрэмжлүүлж хэлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ” хэмээн ярилаа.

Мөн “Улаанбаатар смарт карт” компанийн тоног төхөөрөмж хариуцсан хэлтсийн менежер Х.Тэргэл ярихдаа “Нэг автобусанд дөрвөн камер байдаг. Үүнд, Зам руу харсан, жолооч руу харсан, автобусанд суух хаалга руу харсан, автобусны хойноос урагшаа заал руу харсан.Хяналтын камерын бичих төхөөрөмж буюу хатуу диск нь 20-28 хоногийн бичлэгийг хадгалах багтаамжтай. Багтаамж нь дүүрсэн бол хуучин бичлэгүүдээс автоматаар устгаж бичдэг аж.Камеруудыг өглөө бүр автобус баазын шалгах механик шалгаж шугамд гаргах ёстой. Эвдрэл, саатал гарсан тохиолдолд манай засварын төвд хандаж, дуудлага өгөөд манай засварчид засвар үйлчилгээ хийдэг” хэмээв.

Дашрамд сонирхуулахад халаасны хулгай дийлэнх тохиолдолд иргэд хамгийн ихээр зорчдог Таван шар, Сапоро, 10 дугаар хороолол, Багшийн дээд гэх мэт буудлууд дээр гарч байгаа учраас иргэдийг сонор сэрэмжтэй зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлж байгаа бөгөөд загвараар нь ангилбал, 46 хувийг iphone, 42 хувийг samsung, үлдсэн 10 гаруй хувийг бусад загварын гар утас эзэлж байна.

Categories
мэдээ спорт

Европа лигийн шилдэг найман баг тодорлоо

Өчигдөр шөнө Европа лигийн тэмцээний шөвгийн 16-гийн шатны тоглолтууд боллоо.

Энэ шатны онцлох тоглолт аваргуудын лигийн долоон удаагийн аварга АЦ Милан Английн Арсенал багуудын хооронд явагдсан юм. Эхний тоглолт АЦ Миланы Сан Сиро цэнгэлдэхэд явагдаж 2:0-ээр Арсенал ялаад байсан тул АЦ Милан хоёр гоол хий даалгавартай талбайд гарсан юм.

Тоглолтын эхний үеийн 35 дахь минутад зочдын хагас хамгаалагч Хакан Чалханоглу алсын цохилтоор тооны харьцааг нээсэн ч удалгүй Арсеналын довтлогч Дэнни Вэлбэк 11 метрийн торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэн тоог тэнцүүлсэн. Харин шийдвэрлэх хоёрдугаар хагасын 71 дэх минутад Швейцарь тамирчин Гранит Чакагийн хүчтэй цохилтыг Миланы залуу хаалгач Жианлуйжи Доннарумма хаасан ч барьж чадалгүй хаалгандаа алдаж талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Тоглолтын төгсгөлд Дэнни Вэлбэк хаалгачаас ойсон бөмбөгийг нэмснээр Лондоны “Их буучид” талбайдаа АЦ Миланыг 3:1-ээр буулган авч нийлбэр дүн 5:1-ээр дараагийн шатанд шалгарсан байна.

Еюропа лигийн шилдэг наймд шалгарсан багууд

  • Арсенал (Англи),
  • Реб Булл Зальцбург (Австри),
  • Марсель (Франц),
  • Лайпциг (Герман),
  • Лацио (Итали),
  • Спортинг (Португал),
  • ЦСКА Москва (ОХУ),
  • Атлетико Мадрид (Испани) клубууд шалгарч үлдээд байна.
Categories
мэдээ нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав 2018 оны 03 сарын 13-ны өдөр Энэтхэг улсаас Монгол Улсанд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабутай уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Д.Загджав ирэх сарын 10-12-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Шинэ Дели хотод зохион байгуулагдах 16 дахь удаагийн Олон улсын эрчим хүчний форумын Сайд нарын уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг оролцохыг урьсанд талархал илэрхийлэв. Тус уулзалтад дэд сайд УУХҮ-ийн сайдыг төлөөлж, Монголын талын төлөөлөгчдийг ахлан оролцох болсоноо уулзалтын үеэр ноён Элчин сайдад дуулгалаа.

Мөн тэрбээр манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэг Улс хөнгөлөлттэй зээл олгосонд талархаад, энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж дууссан. Хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ, шинжилгээ хийсний дараа УУХҮЯ-нд хүлээлгэн өгнө хэмээн дэд сайд Д.Загджав хэллээ.

Элчин сайд Суреш Бабу дэд сайдыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд хариу талархал илэрхийлж, Олон улсын эрчим хүчний форумын талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн ноён Элчин сайд тус форумын үеэр Энэтхэг улсын Уул уурхайн сайд болон уул уурхайн компаниудтай уулзах хүсэлтийг дэд сайдад тавьлаа. Түүнчлэн энэ үеэрээ Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны Түр хамаарагч М.Микаллерийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны Түр хамаарагч М.Микаллерийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ЕТГ-ын дарга З.Энхболд саяхан АНУ-д хийсэн айлчлал, түүгээр ярилцаж, тохиролцсон асуудлуудын талаар мэдээлж, айлчлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон гадаадад буй Монгол Улсын хууль бусаар гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар санал солилцов.

Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хамтарсан чармайлтад хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд АНУ болон БНАСАУ -тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд сүүлийн үед яригдаж буй тус улсууд хоорондын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой хэмээн ЕТГ-ын дарга З.Энхболд хэлэв.

Монгол Улс ийнхүү санал тавьж байгаад АНУ-ын тал талархал илэрхийлж, уг саналыг даруй Төрийн департмент болон Цагаан ордонд уламжлахаа мэдэгдэв.

Монгол Улс Ирак, Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд Америкийн талтай хамтран оролцсонд АНУ-ын Түр хамаарагч талархал илэрхийлээд, удахгүй тохиох манай Зэвсэгт хүчний баярын өдрийг тохиолдуулан баяр хүргэв.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын “АЗЗА” нарт машин механизм олголоо

Монгол улсын Засгийн газар, ЗТХЯ-аас замын барилга, засвар арчлалтын ажилд ихээхэн анхаарал хандуулж 2020 онд гэхэд нийслэл Улаанбаатар хоттой үлдсэн 5-н аймгаа холбохоор ажиллаж байна. Хэдийгээр зам барих асуудал чухал ч өнөөдөр барьсан замаа засварлах, арчлах, цаашлаад илүү чанартай олон улсын стандартад нийцсэн чанарын асуудал чухлаар тавигдаж байна. Тиймээс салбарын сайдын хувьд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд 2018 оны улсын төсөвт замын засвар арчлалтанд шаардлагатай байгаа хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн юм. Гэсэн ч шаардлагатай төсөв мөнгө дутмаг, хууль эрх зүй, журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай, нэмээд үүрэг хариуцлагын асуудлыг чангатгаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулж байж энэ салбарт хөгжил дэвшил гарах юм аа гэж салбарын сайдын хувьд дүгнэж байна. Тиймээс ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар зургаан жил тасалдаад байсан удирдах ажилтаны зөвлөгөөнийг “Авто замын чанар-үр ашиг” сэдвийн дор амжилттай зохион байгууллаа.

Мөн олон жил “АЗЗА“ нарын хувьд техник тоног төхөөрөмж муутайн улмаас ихэнхи ажлыг гар аргаар явуулж ирсэнд анхаарал хандуулж эхний ээлжинд зарим аймгуудыг замын засвар арчлалтын техник тоног төхөөрөмжөөр хангаж эхэлснийг өчигдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ гардууллаа. Архангай, Сүхбаатар, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Төв аймгийн замын засвар арчлалт хариуцдаг компаниудад экскаватор, ковш, автогридр зэрэг 10-аад механизмыг өгч байгаа юм.

Энэ үеэр Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “2007 онд АЗЗА компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр механизм өгч байсан. Үүнээс хойш олгоогүй 10 гаруй жил тасраад байсан. Өнөөдөр (өчигдөр) долоон компанид олгож байна. Мөн салбарыг мэргэжлийн хүн удирдаж байгаа болохоор хууль эрх зүй, үүрэг хариуцлага гээд олон асуудлыг хөндөж тодорхой шинэчлэлүүдийг хийхээр ярилцаж байна” гэсэн юм.

Харин “Ховд-АЗЗА” компанийн захирал “Манай компани улсын чанартай 992 километр авто замын засвар арчилгааг хариуцдаг. Авто замуудын засвар, тэр дундаа өвлийн улиралд арчилгаа их шаарддаг. Энэ хэрээр техник, төхөөрөмжийн хүрэлцээ муу байдаг. Тиймээс Зам тээвэр хөгжлийн яамнаас компаниудаа бодлогоор дэмжиж механизм өгч байгаа нь бидний ажилд маш их үр өгөөжөө өгсөн ажил төдийгүй салбарын хувьд ойрын хэдэн жил хийгдээгүй арга хэмжээ болж байна” гэдгийг онцоллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ З.Энхболд: БНАСАУ- АНУ-ын дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг ЕТГ-ын дарга З.Энхболд тэмдэглэв.

Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд БНАСАУ, БНСУ-ын хооронд дээд түвшний уулзалт хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн БНАСАУ болон АНУ-тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд тус улсуудын хооронд хийхээр яригдаж буй дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой гэж ЕТГ-ын дарга З.Энхболд хэлэв.

Элчин сайд О Сын Хо Монголын талын энэхүү санал нь Монгол Улс, Солонгосын хойг, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах гэсэн хүч чармайлтын илрэл хэмээн, төвдөө уламжлахаа мэдэгдэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хуралд оролцлоо.

Тэрбээр Зэвсэгт хүчний жанжин штабын баярын хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын Монгол цэргийн өдөр, баярын хуралд зориулсан мэндчилгээг уншиж танилцуулав.

МЭНДЧИЛГЭЭНД:

Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Цэргийн алба, цэргийн үүрэг бол иргэдээ эх оронч үзлээр цэнэглэж, бие бялдар, сэтгэл санааны чангарал, тэвчээр хатуужлыг суулгадаг эх ундарга, голомт нь байж ирсэн.

Өнөөдөр ч гэсэн энэ зорилго хэвээр байсаар байгааг санаж залуучуудыг цэргийн алба заавал хаалгах, цэргийн алба хааж байх үедээ эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон, мэргэжлийн чадвар дадал суух, үр шимийг нь хүртэн хуримтлалтай болох боломж нөхцөлийг бий болгох, хангах тал дээр миний бие онцгой анхаарч төсөл санаачлан хэрэгжүүлж байна. “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” төсөл тун удахгүй бодит үйлс болон хэрэгжих болно.

Эх оронч үзэл үгүй бол хэдэн сая цэрэг байгаад ч, хамгийн хүчирхэг зэвсэг техниктэй байгаад ч нэмэргүй. Эх оронч үзэл үгүй бол улсын хөгжил цэцэглэл ч үгүй. Эх оронч үзэл үгүй бол хэний төлөө, юуны төлөө зүтгэх, тэмцэх, хамгаалахаа мэдэхгүй хүмүүсийн цуглуулга л болно.

Миний гэх газар нутаг, миний гэх ард түмэнтэй байж тэднийхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй байх нь хүн хэмээгдэхийн утга учир, амин сүнс байдаг. Тийм учраас цэргийн алба хааж эх оронч үзэл, тэсвэр хатуужлаар цэнэглэгдэх нь Монгол Улс өнөд оршихын, дэвжин дээшлэхийн, амгалан оршихын угтвар нөхцөл байх юм.

Монгол цэргийн өдөр цэргийн албан хаагчдынхаа ажиллах, алба хаах орчин, нийгмийн хамгааллын талаар ярихгүй өнгөрч боломгүй. Та бүхэн бол төрийн тусгай албан хаагчид. Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төрийн тусгай албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, ахуй орчин, амьдралыг сайжруулахын төлөө санаачилгатай ажиллаж, бодит үр дүнд хүрэхийг чиглэлээ болгон ажиллаж байгаагаа дашрамд дуулгая.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах тал дээр Улсын Их Хурал, Засгийн газартай нягт хамтран ажиллаж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн өндөр бэлтгэлтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг зэвсэглэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн чадварлаг хүчин болгохыг цэргийн бодлогын тэргүүн зорилт гэж үзэж байна.

Олон улсын харилцаанд эрс өөрчлөлтүүд гарч, олон төвтэй, ашиг сонирхлын гүнзгий зөрчилтэй болж байгаа нь дэлхийн энх тайван, улс орнуудын аюулгүй байдлыг хэврэгшүүлж буй бодит нөхцөл, чиг хандлагыг бид анзаарахгүй үлдэж болохгүй. Монгол Улс аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах зарчмыг эн тэргүүнд баримтлахаа Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогодоо тунхаглан зарласан. Гэхдээ энэ нь батлан хамгаалах зардлаа боломжит хэмжээгээр нэмэгдүүлж, орчин цагийн зэвсэглэл, технологи арга зүй бүхий чадварлаг зэвсэгт хүчинтэй байх асуудалд харшлахгүй юм.

Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжин, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо хадгалах нь Монгол төрийн цэргийн бодлогын зорилт байх болно.

Эрхэм генерал, офицерууд, цэрэг дайчид аа!

Та бүхэнд Монгол цэргийн өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай.

Монгол Улсын төлөө хамтдаа зүтгэе. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ХААБ-ээр дамжуулан ноолуураа борлуулснаар ноолуурын үнийг хятад ченж нар тогтоодог тогтолцоог өөрчлөх боломжтой

“Ноолуур” хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбогдуулан Хөдөө аж ахуйн биржээс (ХААБ) мэдээлэл хийлээ.

Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХААБ чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Өөрөөр хэлбэл, тус бирж хоршоод, иргэдтэй ноолуур худалдаж авах урьдчилан гэрээ байгуулжээ. Урьдчилсан гэрээ байгуулах болсноор ХААБ тус зах зээлд өөрсдийн эрх мэдэлтэй болох суурь тавигдаж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм байна.

Түүнчлэн ноолуурыг экспортлохдоо зөвхөн угаадаг технологийг багасган,эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр гаргахыг зорьж байгаа юм байна. Тиймээс угаасан ноолуурын хураамжийг нэмэх гэнэ. Өнгөрсөн жил Монгол Улс 9400 тонн ноолуур бэлдсэн бөгөөд үүний 7000 тонн нь ХААБ-ээр дамжин арилжаалагдсан байна.

Биржийн гүйцэтгэх захирал Х.Баатарын хэлснээр ноолуурын үнэ энэ жил өнгөрсөн жилийнхээс буурахгүй аж. Мөн түүнчлэн баруун аймгийн малчдыг ямаагаа самнадаг хугацаанаас 10 хоногийн өмнө самнахыг зөвлөв. Ингэснээр ноолуураа бага үнээр өгөхгүй байх боломжтой аж.

ХААБ-ээр дамжуулан ноолуураа борлуулснаар ноолуурын үнийг хятад ченж нар тогтоодог тогтолцоог өөрчлөх боломжтой юм байна.