Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Баян-Өлгий аймагт мал төллөж эхэлжээ

ЗурагБаян-Өлгий аймгийн Бугат, Буянт, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Улаанхус сумдад мал төллөж эхэлсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Одоогоор дээрх сумдад 34002 хээлтэгч төллөснөөс 33513 толгой төл бойжжээ. Төл бойжилтын хувь 98,5 хувьтай байгаа аж.

Мал тооллогын судалгаанаас харахад тус аймагт энэ хавар 915932 толгой мал төлөх ёстой. Үүнээс 35124 хээлтэгч хээл хаясан байна. Өндөр уулын эрс тэс уур амьсгал, газар зүйн онцлогоос хамааран Баян-Өлгий аймагт энэ сарын 25-наас мал ид төллөж эхлэх талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр шувуун хушуут одтой, шар бич өдөр

Өнөөдөр шувуун хушуут одтой, шар бич өдөр зурган илэрцүүдАргын тооллын 3 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын битүүн, Шувуун хушуут одтой, шар бич өдөр. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батцогт: С.Баяр нарын оролцоогүйгээр “Эрдэнэт”-ийг барьцаанд тавих ямар ч боломжгүй

УИХ-ын гишүүн асан, АН-ын даргын зөвлөх Д.Батцогттой ярилцлаа.


-Ардчилсан нам ротацийн сонгууль явуулж байна. АН хэр шинэчлэгдэж байна вэ?

-АН өнгөрсөн 2016 оны сонгуулиас хойш шинэчлэлийн давалгааг өрнүүлж бодлогын нам болгох, намын гишүүдийг идэвхжүүлэх гэх мэт маш их ажлуудыг шат дараатайгаар явуулж байна. АН яг одоо ротаци буюу эргэлтийн сонгуулийг явуулж байгаа, энэ нь урьд нь байсан зүйл. Өмнө нь Үндэсний зөвлөлдөх хороо гэж байхад гуравны нэг нь жилдээ ротацид орж дахин сонгуульд оруулах заалт тусгагдсан байсан. Нэг хэсэг ҮЗХ хуралдахаа ч байсан, олон фракциудад хуваагдаж олон гишүүнтэй фракц нь давамгайлдаг байсан нь үнэн. АН өнгөрсөн хугацаан дахь алдаа, оноогоо эргэн харж албан тушаалыг дээгүүрээ хувааж авдаг, намын жирийн гишүүдээсээ тасарсан, намын тодорхой бодлогогүй явж байгаа зэрэг алдаагаа олж харсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван ч удаа намын Их хурал хуралдуулж шинэчилсэн дүрмээ баталлаа. Үүний үр дүнд АН бүх шийдвэр, сонгуульт албан тушаалын томилгоог намын бүх гишүүдээсээ авдаг, асуудаг болсон. Хэн нэр цэвэр ёс зүй өндөртэй, намын шат шатны үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож байгааг бодитоор дүгнэх бололцоо нээгдсэн. Намын дүрмээр жил болгон ротацийн сонгууль явагдах журмын дагуу энэ жил ҮБХ-ны 123 гишүүн ротацид орж, ҮБХ-нд нэрээ дэвшүүлсэн хүмүүс сунгаандаа орлоо. Санал өгөх эрхтэй гишүүд буюу намын бүх гишүүд ҮБХ-ны гишүүнийг санал хураалтаар сонгох гэж байна.

-Намын дарга С.Эрдэнэ өөрт таалагддаггүй хэсгийг намаасаа гаргах гэж байна гэж сая нэг хэсэг ярилаа. Намын дотоод сонгуулийг шударга явуулах эсэхэд эргэлзээ бас гардаг?

-Одоо АН-д би өмнө нь сайд, Ерөнхий сайд том дарга хийж байсан, энэ намыг байгуулж байсан хүн учраас мөнхийн энэ намд байх ёстой гэх мэт ойлголт үндсээрээ өөрчлөгдсөн. Хэн намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг хийсэн ажлын үнэлгээгээр жил бүр гаргадаг болчихлоо. Ротацийн сонгуульд хэн нь нэрээ дэвшүүлээд өрсөлдөөд гараад ирэх боломжтой. Өнөөдөр манай нийгэмд улс төрийн намуудын нэр хүнд ямар байгаа билээ. Улс төрийн намуудыг шинэчилж улс төрд шийдвэр гаргах хүмүүсийг чанаржуулъя гэж байгаа бол эхлээд өөрийн тухайн намынхаа шинэчлэлд идэвхтэй, гар бие оролцдог байх ёстой. Эрдэнэ гэдэг хүн өөрт нь дургүй хүмүүсээ шахаж байна гэж ойлгохоосоо илүүтэй намын анхан шатны байгууллага, төв нам надад яагаад ийм үнэлгээ өгөв гэдэгтээ дор бүрнээ үнэлгээ дүгнэлт авдаг болсон. Намын гишүүд маань ч өөрсдөө үүнийгээ маш сайн ойлгосон.

-“Эрдэнэт” үйлдвэрийг “Жаст” ХХК барьцаанд тавьж зээл авсан өрийг Монголын төр өнөөдөр төлөх эсэх яригдаж байна. Та “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэргийг юу гэж харж байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэр хөгжихийн тулд зээл авсан бол өөр тусдаа асуудал. Монголын ард түмний баялаг, монголчуудыг тэжээж байгаа энэ үйлдвэрийг хэн нэгэн хувийн компани барьцаалж их хэмжээний зээл аваад эцэст нь “Эрдэнэт” үйлдвэрийг өрөнд оруулж байна гэдэг нь туйлын хариуцлагагүй явдал. Улсаа барьцаанд тавьж байгаатай ялгаагүй хэрэг. “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар тохиолдлын хэн нэгэн хүн очдоггүй. Ямар нэгэн улс төрийн нам сонгуульд ялахаар засгаа байгуулж “Эрдэнэт” үйлдвэр дээр төлөөний хүнийг томилдог. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах, Монгол Улсынхаа хөгжлийг түргэсгэх зорилгоор албан тушаалтнууд тавигдаад явж байгаа. Гэтэл ингэж томилогдож очиж байгаа дарга үйлдвэрийг барьцаанд тавьж хувийн эрх ашгийн үүднээс улсыг өрөнд оруулж буй нь маш хариуцлагагүй юм. “Эрдэнэт” үйлдвэрийн энэ хэрэг миний ойлгож байгаагаар 2009 оноос эхлэлтэй. Хэд хэдэн удаагийн үйлдлээр зээл авсан байсан юм билээ. Үйлдвэрийг барьцаанд тавьсанд хэн буруутай гэдгийг одоо болтол хууль хяналтын байгууллагаас тогтоож чадахгүй байгаа нь “дээрээс” маш том гарууд оролцоотой явсны илэрхийлэл.

-Та өнгөрсөн УИХ-д байсан. Аль 2009 оноос хойших луйврын энэ хэргийн талаар та сонсож мэдэж байв уу. Өнгөрсөн хугацаанд АН Засгийн эрхийг авсан үедээ буруутай этгээдүүдэд хариуцлагыг тооцуулах талаар анхаарлаа хандуулан ажиллаж болоогүй хэрэг үү?

-Үнэндээ УИХ-ын гишүүдэд ийм хэмжээний мэдээлэл байдаггүй. Гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй хүмүүст гол мэдээлэл байдаг. Ийм том үйлдвэрээс баталгаа гаргуулж барьцаанд тавихын тулд өндөр албан тушаалтнууд оролцсон гэдэг нь ойлгомжтой асуудал.

-Ямар албан тушаалтнууд оролцсон гэж?

-Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага нарын оролцоогүйгээр барьцаанд тавигдах ямар ч бололцоогүй. Эдгээр албан тушаалтнууд өнөөдөр бүгд л би буруугүй гэж мэлзэж байх шиг байна. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ганзориг мэдэгдэл гаргаж “Миний гарын үсэг хуурамч гэдэг нь хэзээ нэгэн цагт батлагдана” гэсэн байна. Хуулийн байгууллага яагаад энэ хэргийн буруутныг илрүүлж хариуцлага тооцуулж чадахгүй, шийдэгдэхгүй байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ аль дээрийн холбогдох улсуудыг шалгачихсан бол Арбитрийн шүүх дээр манай улс унах байсан уу. Хууль хяналтын байгууллага улстөрчдийн гар хөл болж захиалгаар ажилладагаас болж Монгол Улсад шударга ёс үндсээрээ алдагдаж байгаа. Өнөөгийн эрх баригчид УИХ, Засгийн газрын түвшинд энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байна.

-Арбитрийн шийдвэрээр 109 сая ам.доллар төлөхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банк авах эрсдэл нэгэнт үүсчихлээ. Тэгэхээр энэ мөнгөн хохирлыг одоо хэн, хаанаас төлөх ёстой юм бэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн энэ өрийг улс төлөхгүй. Хууль хяналтын байгууллага тэр буруутай этгээтүүдээр нь хохирлыг төлүүлэх шийдвэрийг гаргах ёстой. Ингэхэд анх “Эрдэнэт”-ийг барьцаалж авсан зээлийн тэр мөнгө хаашаа орсон бэ. Магадгүй оффшор данс руу орсон уу үгүй юу. Хэн нэгэн хүн Монголын томоохон үйлдвэрийг барьцаалж асар их мөнгө авчихаад одоо хоосон миний хоёр чихийг огтлоод ав гэсэн байдалтай сууж болохгүй ээ. Бүх бурууг ганц хүнд тохчихоод ард нь зүгээр үлдэж болохгүй. Ийм байдалд хүргэсэн тухайн үеийн албан тушаалтан эрх мэдэлтнүүдийг шалгаж энэ мөнгө хаашаа орсон байна вэ гэдгийг илрүүлэх ёстой.

-Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросын талаас монголын нэг компани шилжүүлж авсныг саяхан төр буцаагаад авлаа. Танай манай гэлтгүй АН, МАН хоёр “Эрдэнэт” үйлдвэрийг хоёр хуваагаад дуусгачихсан юм биш үү?

-Тухайн үед УИХ-ын гишүүн байсан хүний нэгийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор нэг зүйл хэлье. УИХ-ын гишүүд бүгд тухайн үед энэ тухай огт мэдээгүй. Хэрвээ Эрдэнэтийн 49 хувийг оросын талаас зарах гэж байгаа бол эхлээд төрдөө авах уу, эсвэл сонирхож буй хувийн компанид ямар шалгуур зарчмаар өгөх вэ гэдгийг эхлээд заавал дуулгах ёстой биз дээ. Гэтэл дуулгаагүй нь үнэн. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын хүмүүсийн гол алдаа нь энэ. Хэрэв тухайн үед УИХ-даа дуулгаад УИХ-аас зөвшөөрөл авсан бол зөв байсан. Тийм болохоор Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг би зөв гэж харж байгаа. Гэхдээ 49 хувь ядаж Монголдоо ороод ирсэн нь сайшаалтай ч ямар мөнгөөр яаж авсан гэдэг нь хууль хяналтын байгууллагаар шийдэгдэх асуудал. Үүний учир хэзээ нэгэн цагт олдоно. 49 хувиасаа илүү 51 хувийн асуудал илүү анхаарал татаж байна. Тэр тусмаа гадны томоохон банкны барьцаанд тавигдаж ард түмний мэдлийн 51 хувь алдагдахдаа хүрсэн нь туйлын хариуцлагагүй явдал юм. Жилийн өмнөөс АН-ын дарга С.Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлыг анхаараач ээ. Энэ үйлдвэр Монголдоо байгаа хэвээрээ үгүй юу гэдгийг тодруулж асууж шаардаж байсан. Гэтэл төрөөс анхаарал огт хандуулаагүй явж ирсэн нь анхаарал татна.

-АН-аас “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд ямар шаардлагыг тавьж байгаа вэ?

-Манай нам үнэнийг тогтоохыг хүсэж байгаа. Үнэхээр гэм буруутай, идсэн уусан хүн байдаг юм бол тэр хүмүүсээ шалгаад шорон гянданд нь хийгээд өгөөч. Шударга ёсыг тогтооход аль намын гишүүн хэн байх нь огт хамаагүй шүү дээ. Буруутай бүх хүмүүсийг тогтоож улсыг алдагдалд оруулахгүйн төлөө АН тодорхой ажлууд хийнэ. Хэрвээ манай улс авлига хээл хахуулиас ангид улсаа хөгжүүлье гэж зорьж байгаа л бол намуудаасаа эхлээд цэвэршиж тунгалагших хэрэгтэй байна. Намуудаа цэвэрлэхгүй бол улс орон хөгжихгүй. Ард түмний намд, төрд итгэх итгэл улам суларсаар л байна. Манай АН хулгайч, луйварчин гишүүд хэрвээ байвал хэзээ өмгөөлж хаацайлахгүй ээ. Ер нь улсын өмчтэй газруудад маш хатуу хяналтаа тавих ёстой. Байнга шалгаж, хянан бурууг нь засаж, залруулдаг байх хэрэгтэй. Алдаа гаргасан хойно нь ярьдаг биш, алдаа гарахаас нь өмнө сэргийлж ажиллах учиртай. Монголд өнөөдөр нам дагаж том албан тушаалд очдог гэсэн ойлголт гарчихжээ. Тиймээс ч хэн байсан намын гишүүнчлэлээр элсэн орж албан тушаалд авирах шат гэж хардаг болж. Нэг нам, тодорхой албан тушаалтныг дагаж явж байж албан тушаалд хүрдэг болсон нь өнөөдөр нууц биш. Тиймээс үүнийг л өөрчлөхийн тулд улс төрийн намууд эхлээд шинэчлэгдэх шаардлагатай байна. Нуулгүй ярихад АН ч гэсэн өнгөрсөн хугацаанд ийм байдалд байсан үе бий. Нийгэмд үүссэн булхай луйврыг засаж өөрчлөхийн тулд улс төрийн намууд эхлээд бодлогын институтын түвшинд хүрч, бодлогоороо өрсөлддөг байх ёстой. Хэн нэгэн даргад ойрхон тал зассанаараа биш, намын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, бодлого гаргахад нь тусалж ажиллахаас намын шинэчлэлийн ажил эхэлнэ.Үнэндээ өнгөрсөн сонгуулиар АН сонгуульд ялагдсан нь зөв болсон гэж би хардаг. Яагаад вэ гэвэл Монголын Улс төрд шинэчлэлт засвар хэрэгтэй болжээ гэдгээ олж харах завшаан тохиосон. Ганцхан АН шинэчлэгдэх биш Монголын бүх намууд чадвартай байж улс орон хөгжинө гэж би боддог. Тэгэхээр МАН ч юм уу, бусад намууд юуны өмнө нам дотроо шинэчлэгдэж хөгжих ёстой. Энэ мэтчилэнгээр намууд олон нийтийн болж төлөвших, бодлогын институт болж хөгжих аваас бүлэглэл, фракцаасаа сална. Одоогийн эрх баригчид маань мөнхийн суудалд суугаагүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монголд шударга ёс байхгүй болсны гол нэг шалтгаан нь хууль хяналтын байгууллага, шүүх шударга бус шийдвэр гаргаж, аль нэг намын эрх мэдэлтнүүдэд үйлчлэх болсонтой холбоотой. Одоо шүүх хууль хяналтын байгууллагаас шударга шийдвэр гаргахыг харъя.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сонгомол эсээнүүд

Мишэль де Монтэнийн “Сонгомол эсээ” хэмээх хар хавтастай ном байдаг. Энэ номыг Гүн овогт Г.Аюурзана орчуулан 2004 онд хэвлүүлжээ. Уг ном бол Сэргэн мандлын хожуу үеийн Францын их сэтгэгч Мишель де Монтэний (1533-1592) эргэцүүллүүд буюу эсээнүүд юм. Анх 1580 онд эхний хоёр дэвтэр нь хэвлэгдэж гуравдугаар дэвтэр нь 1588 онд хэвлэгдсэн гэдэг. Одоогоос бараг 500-гаад жилийн өмнө гэсэн үг. Уг эссээг Жан Жак Руссо, Вольтер, Шекспир, Толстой, Пушкин гэх үе үеийн зохиолч сэхээтнүүд шимтэн уншиж, ширээнийх нь ном болж, онгод билгийх нь ундарга болсоор ирсэн түүхтэй. Ингээд юун тухай бичсэн байдгийг та бүхэнд ойлгуулах үүднээс зарим эссээнүүдээс нь товчиллоо.

“Юунд ч үл ажрах, туйлбартай зан чанарын тухайд” хэн нэгнийг шийдэмгий, шулуун зантай, юунд ч ажирдаггүй гэж магтана гэдэг тэр хүн ямар нэг таагүй зүйлээс зайлсхийхийг оролдох ёсгүй гэсэн үг биш гэжээ. Эр зоригийг “Дайсныхаа өөдөөс халз жагсаалаараа цэх зогсох” гэж тодорхойлсон хүнийг сонссон Сократ “Юу гэнээ, ухрах арга хэрэглээд дайснаа дийлбэл тэгээд хулчгар явдал болох уу” гэж мохотгосон гэнэ. Таагүй зүйл тохиолдоход хэн ч айж болно, энэ тийм муухай зүйл биш. Харин хямралаа хатамжлан давж аюулаас зайлсхийж гараад дараа нь учраа олох нь зөв гэжээ.

“Нэгнийнх нь ашиг нөгөө хүний хувьд гарз байдаг” талаар оршуулах зан үйл хийж ашиг олдог иргэнийг “Асар олон хүний үхлээр олз олсон” гэж шүүсэн талаар бичжээ. Түүнийг Монтэн үзэхдээ бусдын гарз үгүйгээр ямар ч ашиг байдаггүй. Худалдаачин залуучуудын үрэлгэн байдлаас, тариачин талхны өндөр үнээс,барилагчин байшин муудсанаас, шүүхийнхэн хүмүүсийн хоорондын маргаанаас тэр бүү хэл санваартан бидний сүсэг бишрэлээс болон үхэл хагацалаас л ашиг хонжоо олдог гэнэ. Бид сэтгэлийнхээ гүн рүү өнгийвөл бидний хамгийн нанидан хүсэл мөрөөдлүүд ихэнхдээ хэн нэгний төлөөсөөр буй болж байдаг гэнэ. Энэ бол байгалийн өөрийн тогтоосон дэг журмыг сахиж байгаа хэрэг аж. Ямар нэгэн зүйл өөрчлигдсөөр өөрийн хязгаарыг давбал тэр нь урьд байсан зүйлийнхээ хувьд мөхөж байгаа хэрэг гэсэн эшлэл ажээ.

“Дадал зуршилын тухайд,тэрчлэн тогтсон хууль ёсыг өөрлөх нь тун ч амаргүй байдаг тухайд” Үнэндээ ч бидний зуршлаас илүү өршөөх сэтгэлгүй, хорон санаатай багш гэж үгүй шүү. Тэрээр хүмүүнийг бага, багаар эзэрхийлж, анхандаа зөөлөн аядуу байснаа улмаар сэм чангарсаар, нэг л мэдэхэд бид түүний харц ямар аймшигтай хатуу харгис болтлоо хувирсныг эгцлэн хараад ажиглаж зүрхлэхээргүй болсон байдаг. Дадал зуршил гэдэг нэг мэдэхэд л тогтсон байдаг. Дарханы алх төшний айхтар дууг бидэн шиг мэдэрдэг байсан бол тэр ажлаа хийж чадахгүйсэн. Гэвч аль хэзээний дуунд дасчихсан учраас огт мэдэрдэггүй. Платон шагайн тоглоомд хорхойслоо гэж жаал хүүг зэмлэж л дээ. “Та намайг шал дэмий зүйлд буруутгаж байна” гэж хүү хэлэв. Харин гүн ухаантан “зуршил гэдэг дэмий хэрэг огт биш шүү” гэжээ.

“Ганцаардлын тухайд” эссээндээ “Бид өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө төрсөн” гэдгээр нэрээ хичээмтгий, завшаанч байдлаа хаацайлагсад бол яахав, нэг л цоорын аянд бүх хүнтэй ичиж зоволгүйгээр хоршин бүжиглэж байг. Гэхдээ тэдэнд хэрэв хүний үнэн мөн чанар өчүүхэн ч атугай бий бол, энэ бүх ёсорхол, хариуцлагынхаа цаад талд тэд ерөөсөө нийгэмд үйлчлэхийн тулд биш, харин нийтийн үйл хэргээс өөртөө л ашиг завшаан олох гэж яваагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэхлээр хамгийн түрүүнд өөрөө өөртөө үнэнч бай. Яг өөрийгөө олж зөвхөн өөрийнхөө биеийг л хайрлууштай. Хорвоогийн өгсөн завшааныг хангалттай эдэл. Эхнэр хүүхэд эд баялагаа, ажил хөдөлмөр бүгдийг нь эдэл. Гагцхүү түүнээс бүрэн хамааралтай бололгүй зөвхөн өөртөө л сэтгэл хана. Хорвоо дээрх хамгийн аугаа үйл бол өөрийгөө мэдэж захирах юм. Дасал болсон алхмуудаасаа бид өөртөө зориулж байгаа нэг ч зүйл олж харахгүй. Нуль шарх сорви болж бууны бай болон хэрэм өөд авирч байгаа цэргийг хар. Цайзаа тавьж өгснөөс үхсэн нь дээр гээд өлсөж хувхай цайсан хамгаалагч байна. Эд өөрсдийнхөө төлөө ингэж байгаа гэж үү. Хэзээ ч зүсийг нь хараагүй хэн нэгний өмнөөс л алалдаж байгаа хэрэг. Харин цаадах нь энэ үед найрлаж суугаа шүү дээ. Өөрийгөө бод ганцаараа бай. Харин гэхдээ өөрөөсөө ичихгүйн тулд оюун ухаан, хүн чанартаа хүндэтэлтэй эмээнгүй хандаж биеэ зөв жолоодож бай гэх зэргээр бичжээ. Нэг зүйл хэлэхэд энэ бүх эссээ бараг 500 гаад жилийн өмнө бичигдсэн гэхэд яг одоо бидний амьдарлыг хэлсэн мэт байдаг. Тэгэхлээр хүн гэдэг амьтан ер нь өөрчлөгддөггүй эд бололтой. “Шударгуу чанарын тухайд”, “Согтуурахын тухайд”, ”Сайн мууг хэрхэн хүлээн авах маань тэдгээрийн талаарх бидний төсөөллөөс голчлон хамаардаг тухайд” гэх зэргээр 35 эссээг энэ номонд багтаажээ.


Categories
мэдээ цаг-үе

Алдсан гар утасныхаа IMEI кодыг www.smartdevice.mn сайтад бүртгүүлсэн бол буцааж олох боломжтой гэв

Нийслэлийн цагдаагийн газраас хуулийн байгууллагууд болон гар утасны бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалт зөвлөгөөнийг өчигдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулав. Уг зөвлөгөөний үеэр гар утасны худалдаа эрхлэгчид нь гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлс гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан бол тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг болсон талаар мэдээллээ. Мөн энэ үеэр гар утасны худалдаа эрхлэгчид нь хулгайн утас худалдаж авахгүй байхыг хичээдэг ч хулгайн утас эсэхийг мэдэх боломжгүй байдаг гэдгээ учирлаж байв. Тиймээс утас зарах гэж байгаа хүний иргэний үнэмлэх, өөрийн утас мөн эсэхийг лавлах зэргээр хувь хүний итгэл үнэмшлээр наймаа хийдэг тухайгаа ярьж байна.

Э.Бат-Эрдэнэ: УДААДАРАА ХУЛГАЙ ХИЙВЭЛ 5-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ

Энэ үеэр НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.


-Уулзалтаар тодорхой байршилт зогсдог гар утасны худалдаа эрхлэгчдийг болиулна гэж ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэхүү уулзалтын гол зорилго бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Гэмт хэргийн халдлагын улмаас долоон мянган гар утас, энэ төрлийн эд зүйлс хулгайд алдагдаж байна. Энэхүү эд зүйлс хулгайчийн гарыг дамжаад хэнд очиж байна вэ гэдэг бид судалсан. Ингэхэд үүнд ерөөсөө хууль зах зээл бий болжээ.

Энэхүү зах зээл хаана оршиж байна гэхээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг гар утасны ченжүүдийн гарт л төвлөрч байдаг. Үүнийг цагдаагийн байгууллага таслан зогсоохын тулд энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Цаашид гар дээрээс худалдаа эрхэлж буй этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааг тодорхой байгууллагуудтай хамтран ажиллаж, камерийн систем байршуулсны үндсэн дээр таслан зогсоох болно.

-Гар утас хулгайлагдсан хэргүүдийг судалж үзвэл хэдэн хувь нь ченжүүдийн гараар дамжсан байдаг вэ?

-Алдагдсан, эсвэл хулгайлагдсан гар утсыг хэрэглэдэг хүн ховор. Тэгэхээр үүнд зах зээл байгаа юм. Ерөөсөө энэ асуудал хулгайчдыг өөгшүүлж, тэдгээрийг санхүүжүүлж байгаа ченжүүдтэй л холбоотой. Хулгайлагдсан гар утас хаашаа орсныг судлаад үзэхээр эдгээр ченжүүдийн халаасанд, засвар үйлчилгээ рүү л орсон байдаг. Нийт гэмт хэргийн 30-40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Үүнээс халаасны хулгайн гэмт хэргийн 85 хувийг гар утасны хулгайн хэрэг эзэлдэг.

-Хулгайн гар утас худалдан авч, бусдад борлуулсан этгээдэд хуулийн ямар хариуцлага ногдуулах вэ?

-2017 онд шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулинд үүнийг тодорхой заасан байдаг. Хууль бус гэмт хэргийн замаар алдсан эд зүйлийг ашиглах, түүнийг худалдан авч борлуулах үйл ажиллагаа явуулбал Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйл буюу мөнгө угаах зүйл ангиар хариуцлага тооцно. Зөрчлийн тухай хуулиар 300 мянгаас доош эд зүйл хулгайлсан этгээдийг 7-30 хоног баривчилна. Харин Эрүүгийн хуулинд хулгайн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн этгээдийг 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ” гэв.

Т.Батболд: МОНГОЛЧУУД ТУН УДАХГҮЙ ГАР УТАСНЫ ХУЛГАЙГҮЙ УЛС БОЛНО

Гар утасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, цагдаагийн байгууллага хамтраад www.smartdevice.mn сайтыг тун удахгүй ажиллагаанд оруулах юм. Ингэснээр иргэд гар утасныхаа IMEI код, утасны дугаараа бүртгүүлснээр хулгайд алдсан гар утсаа хурдан шуурхай олох боломж бүрдэх ажээ. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Т.Батболдоос тодруулав.


-Дээрх сайтын талаар тодруулахгүй юу. Энэхүү сайтад бүртгүүлчих юм бол гар утсаа алдсан ч буцааж олох боломжтой гэж ойлгож болох уу?

-Одоогоор www.smartde­vice.mn сайтын хөгжүүлэлтийн ажил ид явагдаж байгаа. Тун удахгүй ашиглалтад орж, иргэдийн гар утсыг бүртгэх болно. Хэрэв та гар утасныхаа IMEI кодыг энэ сайтад бүртгүүлсэн бол таны утсыг хоёрдогч этгээд ашиглах боломжгүйн дээр олох магадлал эрс нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь буцааж олох бүрэн боломжтой болно.

-Хэрхэн бүртгүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Энэхүү сайтад иргэн гар утасныхаа IMEI код буюу дахин давтагдашгүй код, гар утасны дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлнэ. Ингээд гар утсаа хулгайд алдсан тохиолдолд “алдагдсан” төлөвт шилжүүлэх юм. Хулгайч тухайн утсанд сим карт хийсэн тохиолдолд үүрэн холбооны операторт мэдээлэл очиж, оператор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй болно гэсэн үг. Нэг хүн өөрийн ашиглаж буй бүх ухаалаг утас, төхөөрөмжөө бүртгүүлэх боломжтой.

-Тэгэхээр ченжүүдээс гар утас худалдан авсан тохиолдолд хулгайн утас авах эрсдэлтэй болох уу?

-Энэхүү систем ашиглалтад орж, иргэн бүр гар утасныхаа бүртгэлийг хийлгэсэн бол хулгайн утас ашиглах ямар ч боломжгүй болж ирнэ. Хэрэв ашиглах гэж оролдвол газар дээрээ баригдана гэсэн үг. Хамгийн чухал нь иргэд идэвхтэй оролцож, бүртгэлээ сайн хийлгэх хэрэгтэй. Ингэснээр монголчууд тун удахгүй гар утасны хулгайгүй улс болно.

-Гар утсаа бүртгүүлэхэд төлбөртэй юу?

-Төлбөргүй.

-Иргэн хэдэн утас бүртгүүлэх боломжтой вэ?

-Үүнд ямар нэгэн тоо заагаагүй. Хэд ч байж болно.

Э.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

“Би эндээс явахгүй” жүжиг хүн чанарын дээд, хүлээлтийн сайхныг мэдрүүлсэн бүтээл болжээ

Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байв. Гэвч, аз жаргал гэдэг алган дээр бөнжигнөсөн өндөг шиг л хэврэг юмсанжээ. Дорлиг эмч нэг эмнэлэгт хамт ажилладаг Сэржмаа хэмээх залуухан, сайхан бүсгүйд сэтгэлийн жолоо алдарна. Сэржмаа ч ажил үйлээрээ манлайлан олондоо нэр хүндтэй эмчид татагдана. Нууцхан хоёрын явдлыг Эмнэлгийн дарга, Дорлигийн анд Жамцын гэргий эмч Дэжид мэдсэнээр жүжгийн үйл явдал хурцдана. Дэжид Дулмаатай цагийг өнгөрөөх зуур түүний сэтгэлийн мэлмий Дорлигт хэт хайртайдаа сохорсныг дуулгана. Хэрвээ итгэхгүй байгаа бол Сэржмаагийнд очоод үз, тэнд Дорлиг байгаа гэж мөрийцсөн ч алдахгүй гээд гэрийнх нь хаягийг өгөөд одно. Дулмааг очиход Дорлиг залуухан амрагийндаа тухлагхан хэвтэж харагдана. Дулмаа нөхрөө аваад гарах гэтэл Сэржмаа “Хэвлийд минь Дорлигийн үр бий” гэж итгүүлнэ. Хань нөхрөө маягтай залуу бүсгүйд алдсан Дулмаа “Чамдаа би хэчнээн хайртай байлаа. Бүхнээс нууцалж явсан цорын ганц сайхан нууцаа ч хэлж явсангүй. Уучлаарай, намайг бүү хайгаарай” гэсэн захиа үлдээгээд одно.

Дорлиг хүнд мэс засал хийгээд гэртээ ирэхэд Сэржмядаг хялав цэхэвхийж нүүр үл өгнө. Нөгөөх хэвлий дэх үр нь лөөлөө болно. Ажлын бүтээмж муудаж тасгийн эрхлэгчээсээ хусагдан, сэтгэл санааны гүн дарамтад орсон тэрээр өнөөгийн хэлээр “өвгөнтийн хөндий”-д очно. Алдаж онож яваа эр хүнд эрх мэдэл, танил тал, амьдралын алив сайхан бүхэн аргалын утаа мэт замхарч оддог эд ажээ. Түүний сэтгэл зүрхнээс харин Дулмаагийн дулаахан эелдэг зан, ариухан хайр, даруухан төрх л замхарсангүй. Бага эмч Сэржмядаг Цэвэг хэмээх авьяас чадвар муу адгийн бодолтонтой хамсан Дорлигийг ажлаас халуулах зорилготой төдийгүй Жамцын эмнэлгийг ч завшихаар анхнаасаа үгсэн хуйвалдсан байжээ. Тэр бүү хэл тэр хоёр бүтэлгүй бодлоор төдийгүй бөөр бөгсний ч сүлбээтэн байсан хэрэг. Үүнд эмгэнэсэн Дорлиг архины лонхоор Цэвэгийг хашраасан нь архи саваа ч дийлдгийн үлгэр буюу.

Амьдралдаа алдсан Дорлиг эмч хөдөө аймгуудын эмнэлгүүдээр хайрт хань Дулмаагаа хайж ажилласаар арваад жилийг орхижээ. Эцэст нэг аймгийн эмнэлэгт саажилттай нэг хүүг эмчлэн мэргэжлийн ур чадвар, хүн чанарын дээдийг үзүүлж хөл дээр босгоно. Мөнөөх хүү ч эмчийг “Аав аа” л гэнэ. Жүжиг төгсгөл тийшээ ойртох тусам үзэгчдийн сэтгэлийн нандин утсыг хөндсөөр нулимсан булаг ундруулсанаар хүний амьдралын утга учир, хайртай хоёрын харьцаанд хүлээхийн сайхныг мэдрүүлсэн учралаар төгсөнө. Жүжгийн бэлтгэл хийгдэж байхад тэртээх жаран жилийн өмнө бичигдсэн зохиол тайзнаа хэрхэн амилдаг юм бол доо гэж гайхаж байсныг нуух юун. Энэ асуултаа төрийн соёрхолт найруулагч Наранбаатарт ч тавьсан. Тэрээр “Ямархан бүтээл болсныг үзсэнийхээ дараа яруу тодорхой мэдэгдээрэй” хэмээж байсан нь талаар болсонгүй. Түүнд Монголын үзэгчдийнхээ өмнөөс талархснаа илэрхийлье. Өнөөгийн будангуй энэ цагт хүн чанарын дээдийг өгүүлсэн сайхан бүтээл болжээ гэж хэлье.

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийн нээлт өнгөрөгч сарын 27-нд УДЭТ-ын алтан тайзнаа болсон нь энэ. Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1958 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драмын жүжгийг бичиж эл бүтээлийг 1959 онд ардын жүжигчин Б.Лоовойн найруулгаар театрт тайзны бүтээл болгожээ. Жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ. Дээрх жүжгийн найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар УДЭТ-ын Ерөнхий зураач Т.Ганхуяг нар ажиллаж, зохиолыг УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан шинэтгэн бичсэн аж. Гол дүр Дорлигт соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Гэрэлсүх, Дулмаад соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Баярмаа, Сэржмаад жүжигчин Б.Одончимэг, Жамцад жүжигчин Д.Баттөмөр, Дэжидэд авьяаслаг жүжигчин Ц.Баясгалан, Цэвэгт соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, сувилагч Должинд гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглож дүрээ жинхэнэ утгаар амилуулцгаалаа. Жүжигчин О.Гэрэлсүхийн хувьд 1997 онд “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглосноосоо хойш хорь дахь жилийнхээ нүүрэн дээр ийнхүү шинэ дүр бүтээсэн нь энэ аж.

Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм. “Би эндээс явахгүй” жүжгээрээ зохиолч гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биедээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндсөн нь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй бүтээл болсноос илэрхий. Дорлиг Дулмаатайгаа, хүүтэйгээ эргэн учраад амьдралын хамгийн гайхамшигт агшныг мэдрэх үед үзэгчдийн хацар дээр уярлын нулимс бөнжигнөж байлаа. Ерэн сая төгрөгийн өртгөөр бүтсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 10-ны өдрийг хүртэл тавигдах юм.


Categories
мэдээ нийгэм

Төрийн одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Казак түмний Науризын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа амжилт гарган ажиллаж байгаа иргэдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар оролцов.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Дулааны шугам сүлжээ ТӨК-ийн диспетчерийн албаны дарга Ш.Мөнхжаргал, Жанчивдэчэнлин хийдийн тэргүүн лам З.Дуламжав, МУИС-ын Экологийн боловсролын төвийн ахмад ажилтан А.Чимэдцэрэн, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Баянзүрх дүүргийн иргэн ахмад настан Л.Раднаасэд, “Алтангадас” одонгоор Баянгол дүүргийн иргэн өндөр настан Х.Баасанхүү, МУК-ын Төгөлдөр хуурын багш Н.Ганчимэг, Ди энд Ти группын захирал Д.Батзориг, Баянгол дүүргийн иргэн ахмад настан Ч.Гомбо, Сүхбаатар дүүргийн иргэн өндөр настан Х.Лханаажав, Сангийн яамны дэргэдэх ICC төслийн удирдагч П.Сэлэнгэ, ХӨСҮТ-ийн эмч П.Сэлэнгэ, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Налайх дүүргийн Сайнномнон хийдийн судлалын багш Б.Батхишиг, “Монгол ном” компанийн нягтлан бодогч З.Саруултуяа, “Монгол ном” компанийн ном зүйч Г.Янжинлхам нар тус тус шагнуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны шуурхай хурал боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр 2017 оны эмийн тендерийн гүйцэтгэлийн гэрээ болон Нийслэлийн эхийн эндэгдлийн комиссын өгсөн зөвлөмжийн дагуу жирэмсний хяналтын чанарыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх, мөн 2018 оны эхний хоёр сарын үндсэн үзүүлэлт, цаашид анхаарах асуудлууд талаар мэдээлэл хийлээ.

Түүнчлэн НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, Пневмококкийн эсрэг вакцинжуулалтын үйл явцын тухай мэдээлэл өгч, их дээд сургуулийн оюутнуудад хийх дархлаажуулалтын талаар эмнэлгийн удирдлагуудад дуулгасан юм.

Ээлжит шуурхай хурлаар дамжуулан НЭМГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр ирэх 2019 оны төсвийн төсөл боловсруулахад мэдээлэл өгөх үүднээс төсвийн цагалбар танилцуулсан бол, тус газрын Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал харьяа байгууллагын дарга нар гадаад болон дотоодод томилолтоор ажиллах, чөлөө авахад анхаарах зүйлсийн талаар тодорхой мэдээлэл, дүрэм, журмыг танилцууллаа.

Хурлын төгсгөлд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудын үйл явц, хэрэгжилтийн байдалд анхаарч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, идэвхи санаачлагатай ажиллахыг харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Шаравын уран бүтээлийн дээжээс сонсгох “Их дуурьсал” тоглолт болно

Зураг

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлийн дээжээс сонсгох “Их дуурьсал” тоглолт энэ сарын 17-нд “Корпрэйт конвейшн центр”-т болно.

Тус тоглолт нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхлэл хэсэгт ард түмний сонсох дуртай “Тэнгэрийн орон” симфони удиртгал, “Гэгээн алсад одохуй”, “Баярын уянга”, “Манан”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг бүтээлүүд эгшиглэх юм. Харин хоёр дахь хэсэгт Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Ө.Уянга, Г.Ариунбаатар нар ардын дууны найруулга, ари болон хөгжмийн зохиолчийн шилдэг дуунуудаас үзэгчдэд сонордуулах аж.

Төгсгөлийн хэсэгт Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулганы бүтээл “Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжмөөс толилуулна. Тоглолтод эгшиглэх бүтээлүүдийг хөгжмийн зохиолч өөрөө сонгосон бөгөөд найрал дуу, уртын дуу, хөөмийтэй хэсгүүдийг илүүтэй оруулсан байна.

Тоглолтыг Улсын филармони, Морин хуурын чуулга хамтран зохион байгуулж байгаа бол УДБЭТ, Голомт банк дэмжигчээр ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Рахимов Абдугафур Юлдашевичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнав

Зураг

Монгол Улс, Узбекистан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсаас Узбекистан улсад суугаа Өргөмжит консул Рахимов Абдугафур Юлдашевичийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгч, баяр хүргэв.

Рахимов Абдугафур Юлдашевич нь 2006 оноос Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Монгол-Узбекистан хоёр улсын бизнес, спорт, соёл урлагийн төлөөллүүдийн харилцан айлчлалд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Мөн Рахимов Абдугафур Юлдашевич нь 2005 оноос Узбек улсад зохион байгуулагдсан Самбо, Жүдо бөхийн олон улсын тэмцээнүүдэд манай улсын баг тамирчид болон дасгалжуулагчдад онцгой анхаарал тавьж, тогтмол тусалж иржээ.