Categories
мэдээ нийгэм

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд О.Хангай түрүүллээ

Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ.

Ийнхүү Зэвсэгт хүчний 97 жилийн ойн бөхийн барилдаанд харцага О.Хангай найм даван түрүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Д.Анар нар шалгарлаа. Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос нэг аварга, дөрвөн арслан, хоёр гарьд, гурван заан, есөн харцага, 27 начин нийт 46 улсын цолтон магнайлан барилдсан юм. Барилдааны бүртгэлийг хоёр өдөр цахимаар явуулсан бөгөөд бөхийн тоо илүү гарсан учир олон сумын цолтон багталгүй хасагджээ. Зэвсэгт хүчнийхээ ойд Алдар спорт хорооны бөхчүүд олноор оролцон барилдсан бол улсын арслан Д.Ганхуяг ерөнхий хөлийн цэцээр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй зохион байгуулалтад ажиллав. Н.Батсуурь арслан нэгийн даваанд Алдар спорт хорооны бөх, сумын заан Б.Сосорбарамд өвдөг шороодсон. Булган аймгийн начин Э.Сумъяабат улсын начин Б.Ганхуягийг давхар хаман дайраад давсан бол Хөвсгөлийн аймгийн начин Э.Өлзийсайхан, Улсын начин Ш.Шинэбаярыг даацтай мэхээр хаясан зэрэг сонирхолтой барилдаан боллоо.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяр тохиож байна. Одоогоос 97 жилийн өмнө буюу 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан юм. “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан БХ-ын сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд:

-Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч нартаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчиддаа, Батлан хамгаалахын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг хүргэн мэндчилье.

Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн гурван цагийн хэлхээст түүх нь Монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой юм.

Хүннү гүрнээс улбаатай эрэлхэг баатруудын аугаа их сүр хүчийг залгамжлан Их Монгол Улсыг байгуулсан Эзэн Богд Чингис хааны төрийг төвшитгөх алсын хараатай мэргэн бодлого нь өнөөдрийн дэлхий нийтийн даяарших үзлийн эх үндэс байсан төдийгүй, Монгол цэргийн сүр хүч, байлдах урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа таниулсныг олон зууны буурал түүх, намтар мартаагүй байна.

Манжийн дарлалыг эсэргүүцсэн “Үндэсний эрх чөлөөний тэмцэл”, даян дэлхийд туурга тусгаар улсаа зарлан тунхагласан “Ардын хувьсгал”, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан “Халхын голын дайн”-ы ялалт, “Чөлөөлөх дайн”-д оролцсон баатарлаг үйлс, энх цагийн бүтээн байгуулалтад тэргүүн эгнээд явсан зэрэг нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэг хэсэг билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээд улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай үүргээ биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлж, хүүхэд залууст эх оронч үзэл, хүмүүжил олгож, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ эх орныхоо нэрийг олон улсын тавцнаа дуурсгаж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа бахдам амжилтыг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Энэхүү баяр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр залуу үеийнхний эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайлал үзүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Монгол Улсын төр, засгаас үеийн үед эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ хөгжлийг дээшлүүлэхэд анхаарч, 1992 онд шинээр баталсан “Монгол Улсын Үндсэн хууль”-д нийцүүлэн батлан хамгаалахын хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлэн хэрэгжүүлсэн. Өнөөдөр бидний өмнө дэлхийн улс орнуудын хөгжил, батлан хамгаалах бодлого, цэрэг-улс төрийн нөхцөл байдалтай хөл нийлүүлэн алхах, тэдгээрт нийцүүлэн хууль, эрх зүйн тогтолцоогоо шинэчлэх, Зэвсэгт хүчнийхээ бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхаа нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдынхаа нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг хангах хэрэгцээ, шаардлага чухлаар тавигдах боллоо.

Энэ он бидний хувьд Засгийн газрын үйл ажиллагааны болон Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, цаашлаад батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлж, “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хууль, “Дайчилгааны тухай”, “Улсын нисэхийн тухай”, “Эрүүл мэндийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, улмаар Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх бодлогоо УИХ-аар батлуулан, хэрэгжүүлж эхлэх томоохон зорилт тавигдаж байгаа юм. Түүнчлэн батлан хамгаалахын бүх шатны албан тушаалтны хууль дээдлэх, ажлын хариуцлага, сахилга бат, удирдлага, хяналтын ажлын үр нөлөөг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг оновчтой ашиглах замаар цэргийн нэгтгэл, анги, байгууллагын бие бүрэлдэхүүний албаа хаах, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх бодит ажлыг өрнүүлэх жил байх болно.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин нь түүхийн бүхий л үед хамгийн чухал үүргүүдийг гүйцэтгэж, залуу үеийн хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг-эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга бат, хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх болно.

Олон зууны баялаг түүх, орчин үеийн шинэ шинэ ололт амжилтаар түүхийн хуудсаа зузаатган, хөгжин бэхжиж буй Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай! гэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай

battulga

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд, “Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Цэргийн алба, цэргийн үүрэг бол иргэдээ эх оронч үзлээр цэнэглэж, бие бялдар, сэтгэл санааны чангарал, тэвчээр хатуужлыг суулгадаг эх ундарга, голомт нь байж ирсэн.

Өнөөдөр ч гэсэн энэ зорилго хэвээр байсаар байгааг санаж залуучуудыг цэргийн алба заавал хаалгах, цэргийн алба хааж байх үедээ эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон, мэргэжлийн чадвар дадал суух, үр шимийг нь хүртэн хуримтлалтай болох боломж нөхцөлийг бий болгох, хангах тал дээр миний бие онцгой анхаарч төсөл санаачлан хэрэгжүүлж байна. “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” төсөл тун удахгүй бодит үйлс болон хэрэгжих болно.

Эх оронч үзэл үгүй бол хэдэн сая цэрэг байгаад ч, хамгийн хүчирхэг зэвсэг техниктэй байгаад ч нэмэргүй. Эх оронч үзэл үгүй бол улсын хөгжил цэцэглэл ч үгүй. Эх оронч үзэл үгүй бол хэний төлөө, юуны төлөө зүтгэх, тэмцэх, хамгаалахаа мэдэхгүй хүмүүсийн цуглуулга л болно.

Миний гэх газар нутаг, миний гэх ард түмэнтэй байж тэднийхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй байх нь хүн хэмээгдэхийн утга учир, амин сүнс байдаг. Тийм учраас цэргийн алба хааж эх оронч үзэл, тэсвэр хатуужлаар цэнэглэгдэх нь Монгол Улс өнөд оршихын, дэвжин дээшлэхийн, амгалан оршихын угтвар нөхцөл байх юм.

Монгол цэргийн өдөр цэргийн албан хаагчдынхаа ажиллах, алба хаах орчин, нийгмийн хамгааллын талаар ярихгүй өнгөрч боломгүй. Та бүхэн бол төрийн тусгай албан хаагчид. Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төрийн тусгай албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, ахуй орчин, амьдралыг сайжруулахын төлөө санаачилгатай ажиллаж, бодит үр дүнд хүрэхийг чиглэлээ болгон ажиллаж байгаагаа дашрамд дуулгая.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах тал дээр Улсын Их Хурал, Засгийн газартай нягт хамтран ажиллаж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн өндөр бэлтгэлтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг зэвсэглэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн чадварлаг хүчин болгохыг цэргийн бодлогын тэргүүн зорилт гэж үзэж байна.

Олон улсын харилцаанд эрс өөрчлөлтүүд гарч, олон төвтэй, ашиг сонирхлын гүнзгий зөрчилтэй болж байгаа нь дэлхийн энх тайван, улс орнуудын аюулгүй байдлыг хэврэгшүүлж буй бодит нөхцөл, чиг хандлагыг бид анзаарахгүй үлдэж болохгүй. Монгол Улс аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах зарчмыг эн тэргүүнд баримтлахаа Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогодоо тунхаглан зарласан. Гэхдээ энэ нь батлан хамгаалах зардлаа боломжит хэмжээгээр нэмэгдүүлж, орчин цагийн зэвсэглэл, технологи арга зүй бүхий чадварлаг зэвсэгт хүчинтэй байх асуудалд харшлахгүй юм.

Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжин, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо хадгалах нь Монгол төрийн цэргийн бодлогын зорилт байх болно.

Эрхэм генерал, офицерууд, цэрэг дайчид аа!

Та бүхэнд Монгол цэргийн өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай.

Монгол Улсын төлөө хамтдаа зүтгэе. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хамгийн их хөрөнгө, орлоготой шүүгчдийн нэрс тодорлоо

-ӨНДӨР ЦАЛИНТАЙ ШҮҮГЧИД БАНКНААС ЗЭЭЛ АВЧ, ГАР УТАС ЛИЗИНГЭЭР АВЧЭЭ-

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцсон билээ. Тэрбээр “Таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий. Намайг ингэж хэлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргах байх. Тэглээ гээд би зогсохгүй. Цаг нь болохоор АТГ-т шалгагдаж байсан энэ асуудлыг баримттай нь ил болгоно. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар хөрөнгөжсөн. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг яриа явчихлаа” гэсэн юм. УИХ-ын гишүүний хийсэн ноцтой мэдэгдэлтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийнхээ хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://judcouncil.mn/hashom2016.html хэсэгт Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өчигдөр байршуулжээ. Монголын бүх шүүгч ямар эд хөрөнгөтэй, шүүгчдийн хамгийн их хөрөнгөтэй нь хэн болох, мөн хөрөнгө мөнгө тааруу, нэр дээрээ ямар нэгэн эд хөрөнгө байхгүй хэн гэдэг шүүгч байгааг олон нийтийн өмнө ил гаргасан юм. Шүүх засаглалыг шударга, хараат бус байлгах зорилгоор одоогоос хэдэн жилийн өмнө шүүгч нарын цалинг нэмсэн билээ. Өдгөө шүүгчид сард 3.5-4 сая төгрөгийн цалин авч байгаа билээ.

АТГ-т 2017 онд шүүгч нарын өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс дараахь ажиглалтыг хийж үзэв. Тэнд байгаа мэдээллээр Монголын ихэнх шүүгч өрнөөс өр, зээлнээс зээлийн хооронд амьдардаг юм байна. Цалингийн зээлнээс эхлээд орон сууц, гар утас, банк бус санхүүгийн байгууллагад өр тавьдаг юм байна. Ер нь өр зээлгүй шүүгч гарын арван хуруунд багтахаар цөөхөн байна лээ. Шүүгчдийн хөрөнгөө мэдүүлсэн байдлаас харахад ихэнх нь 0.7 га газартай, суудлын машинтай байх юм. үүнээс өөр хөрөнгө байхгүй шүүгч олон байна лээ. Мөн ихэнх шүүгч малтай. Тэр тусмаа хот, хөдөө гэлтгүй хурдан удмын адуу 21 аймаг, есөн дүүргийн шүүгчдийн нэр дээр байх юм. Хурдан адуутай байгаа нь хэн нэгнээс бэлгэнд авсан байж магадгүй байна. бүр цаашилбал, авлига авсан байж ч магадгүй гэх хардлага төрөхөөр байв. Шүүгчид хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бурхан тахил, алт монетон эдлэл, хөөрөг, мөнгөн аяга тэргүүтэй эд зүйлсээ мэдүүлжээ.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЖ, Д.ГАНЗОРИГ БУУНЫ ЦУГЛУУЛГАТАЙ ГЭДГЭЭ МЭДҮҮЛЖЭЭ

Ингээд уншигч та бүхэнд хамгийн олон малтай, хамгийн их үнэт эдлэлтэй, их хөрөнгө мөнгөтэй, өр зээлтэй шүүгчдийг танилцуулж байна. Тодруулахад, энэ жагсаалтыг зөвхөн АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харж хийсэн болно. Улсын дээд шүүхийн хамгийн их орлогтой шүүгчээр ч.Хосбаяр тодорчээ. Түүний өөрийнх нь жилийн орлого гэхэд 248392.08 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлого нь 75759.04 төгрөг гэжээ. Тэрбээр “даянпан” ХХк, “үнэн итгэл” ббсб-т хувьцаа эзэмшдэг юм байна. Хөрөнгө орлого ихтэй шүүгчийг толгойлж байгаа мөртлөө “бичил санхүүгийн хөгжлийн сан”, “Таван богд” ХХк, “Хаан” банкид өр зээлтэй хэмээн мэдүүлжээ.

Сүүлийн хэдэн жил хөрөнгө орлогын мэдүүлгээр хамгийн их орлоготой төдийгүй хамгийн их хадгаламжтай шүүгчээр Ц.Амарсайхан тодорч байсан. Тэгвэл өдгөө ч.Хосбаяр нэгдүгээрт болсон бөгөөд түүний араас Д.Цолмон, б.Цогт нарын ерөнхий шүүгч их хэмжээний хөрөнгө орлогоороо удаах байруудад оржээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг ямар нэгэн өр зээл тавиагүй гэдгээрээ сондгойрч байв. Түүний жилийн орлого 79133.3 төгрөг бол 182 хоньтой, 64 адуутай, 36 үхэртэй юм байна. Мөн мөнгөн эмээл, мана, хаш хөөрөгтэй юм байна. үүний дараа олны анхаарлыг татахаар эд хөрөнгөтэй шүүгч гэвэл Д.Ганзориг шүүгч юм. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаа тэрбээр 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой бол Лexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай юм байна. Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлжээ. Харин Х.эрдэнэсувд шүүгч шүрэн толгойтой хаш, манан, гартаам гэсэн гурван ч үнэтэй хөөрөгтэй аж.

Н.ХОНИНХҮҮ АЛМААЗАН ШИГТГЭЭТЭЙ ЭЭМЭГТЭЙ БОЛ ХАМГИЙН ИХ ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ ШҮҮГЧЭЭР Д.БААТАРХҮҮ ТОДОРЧЭЭ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчид эд хөрөнгө, орлого мөнгө ихтэй аж. Н.Хонинхүү шүүгч гэхэд бенз Жи 500 машинтай, чун манан хөөрөгнөөс гадна японы микото брэндийн алзмаазан шигтгээтэй сувдан ээмэгтэй гэнэ. энэ ээмэг Монголын шүүгч эмэгтэйчүүд төдийгүй үнэтэй ээмэг бөгж сонирхдог хүрээнийхэн дунд нэр алдар нь түгсэн гэсэн. Д.Баатархүү шүүгч хуучны гурван баатрын үнэ бүхий уран зурагтай, гаанс, сүүжин ээмэг, хаш хөөрөгтэй бол “эрдэнэс таван толгой”, “Ай түүлс”, “АПУ”, “Женко тур”, “Говь”, “сүү” гэх мэт Монголын толгой компаниудад хувь эзэмшдэг, хамгийн олон хувьцаатай шүүгч юм байна. Шүүгч Ц.Мөнхзул хурдан удмын есөн адуутай гэнэ. Мөн Захиргааны хэргийн Д.Оюумаа шүүгч алтадсан бурхнаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өгчээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ 500 ҮХЭРТЭЙ

Дүүргийн шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Амардэлгэр Төрийн банк, Улаанбаатар банк, Хаан банк, Хас банк, кредит банк, “Газар капитал”, Партнерс ББСБеаас зээл авчээ. Өөрөөр хэлбэл, хамгийн их зээл авсан шүүгч болоод байгаа юм. Харин Хан-Уул дүүргийн шүүгч Д.Мөнгөнтуул хамгийн олон малтай, бүр таван хошуу малтай шүүгч юм байна. Тэрбээр хурдан удмын арван адуутай, бог мал 150, 100 адуутай, 500 үхэртэй юм байна лээ. Монголын олон үхэртэй хүмүүсийн нэг нь Д.Мөнгөнтуул шүүгч байх боломжтой ажээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн шүүгч Г.Нямсүрэн дүүрэгтээ хамгийн их эд хөрөнгөтэй, хувьцаа эзэмшдэгээ нуулгүй мэдүүлжээ. Харин Баянзүрэх дүүргийн шүүгч Ц.Мөнх-Ардэнэ алтан бөгж, гинж, бүрберрий брэндийн бугуйн цагаа хөрөнгөндөө мэдүүлжээ.

АРХАНГАЙ АЙМГИЙН ШҮҮГЧ Т.БАДРАХ ОЛОН КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

Хөдөө орон нутгийн шүүгчид төв суурингийнхныг бодвол газар, мал ихтэй юм байна. Орхон аймгийн ерөнхий шүүгч С.Отгонцэцэг гэхэд нэр дээрээ 3500 м2, 500 м2, 641, м2, 750 м2 тус тус газартай юм байна. Өөрөөр хэлбэл, хамгийн их хэмжээний газар нутаг эзэмшиж байгаа шүүгчээр С.Отгонцэцэг шүүгчийг нэрлэж болох юм. Харин Төв аймгийн шүүгч Ч.Одсүрэн, Д.Зоригтбаатар нар хамгийн олон үхэр, адуутай нь гэж болохоор юм. Мөн Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүгч Б.Батчимэг 2500 гаруй м2 газар эзэмшиж байсан. Харин хөдөө орон нутгийн шүүгчдээс Арханхангай аймгийн шүүгч Т.бадрах “багануур” Хк, “Их дэлгүүр” Хк, “Женко” тур бюро, “Герменс центр”, АПУ гэх газруудад хувьцаа эзэмшдэг юм байна. Хөдөө орон нутгийн шүүгчид дунд газаргүй, мал байхгүй, машин ч байхгүй 20 гаруй шүүгчийн нэр харагдав.Сүүлийн жилүүдэд АТГ-т хөдөө орон нутгийн иргэдээс “Шүүгчид иргэдээс мал, газар зэргийн авлига авч байна” гэх гомдол тасрахгүй ирдэг болсон. Гэхдээ шийдэгдсэн нэг ч хэрэг байдаггүй юм байна лээ. Монголын шүүгчид эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө ихтэй, жилийн орлого өндөр гэдэг нь өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээс бэлхнээ харагдаж байв. Гэхдээ УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлээд байгаа шиг хэдэн сая ам.долларын орлогоо мэдүүлсэн шүүгч алга байна лээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Баатар: Дэлхийд танигдсан хурандаа цол манайд л шалдаа буучихаад байна

Өнгөрсөн лхагва гаригт Офицеруудын ордонд “Монгол хурандаа” нийгэмлэгийн 12 жилийн ойн хурал болж өнгөрлөө. Тус хурлаар “Монгол хурандаа” нийгэмлэгийн ойд зориулсан тэмцээнд түрүүлсэн хурандаа нарт шагнал гардуулж, нийгэмлэгийн тэргүүн, хурандаа, доктор, профессор Ч.Баатар илтгэл тавьсан юм. Түүнтэй нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.


-Яагаад “Монгол хурандаа” нийгэмлэг байгуулах болов?

-Сүүлийн үед хурандаа гэдэг эрхэм цолны нэр хүнд шалдаа ортлоо буурлаа. Энэ цол бол дэлхийн бүх оронд байдаг Үндэсний аюулгүй байдлыг сахиулдаг байгууллагад байдаг хүндтэй цол. Гэтэл өнөөдөр энэ цол Монголд үнэ хүндгүй болсон учраас бид цолны нэр хүндийг сэргээх зорилгоор “Монгол хурандаа” нийгэмлэгийг байгуулсан. Ингэснээр ахмадуудынхаа баатарлаг, дайчин уламжлалыг сэргээж, залуу үедээ өвлүүлнэ. Эх орноо хайрлах үзэл санаа өнөөдөр байхгүй болж байна. Тиймээс хойч үедээ өмнөх үед байсан хүнлэг, баатарлаг эх оронч, үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна.

-Нийгэмлэг хэзээ байгуулагдсан бэ?

-2006 онд байгуулагдаад олигтой үйл ажиллагаа явуулж, чадаагүй. 2014 онд бүх салбарын хурандаа нар дахин хуралдаж намайг тэргүүнээр сонгосон.

-Нийгэмлэг байгуулагдсанаар ямар үр дүн гарав?

-Манай нийгэмлэгт Үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага болох арми, цагдаа, тагнуул, хилийн цэрэг, онцгой байдал гэх мэт бүх байгууллагын хурандаа нар хамрагдаж байгаа. Хурандаа нар бие биенээ танихгүй. Харин нийгэмлэг байгуулагдсанаар хоорондоо танилцаад зогсохгүй зарим тохиолдолд нутаг, нугын танил тэр бүү хэл, хамаатан саднаа олсон хөгжилтэй явдал гарсан.

-Нийтдээ хэдэн хурандаа байдаг вэ?

-1936 оноос хойш олгосон энэ цолыг 2400 орчим хүн авсан байдаг. Тэдний 30 хувь нь төрд ажиллаж байгаа. Бусад нь гавьяаныхаа амралтад гарсан хурандаа нар.

-Хурандаа гэдэг ямар учиртай цол вэ?

-1936 онд цэрэг армийн шинэчлэл явагдаад дэлхийн жишигт нийцсэн зохион байгуулалт хийсэн. Тэр хурандаа цолыг бий болгоод цолонд тохирсон цалинг Сайд нарын зөвлөлөөр баталсан байдаг.

-Лхагва гаригт болсон хуралдаанд аль салбарынхан оролцов?

-Үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэгч найман байгууллага байдаг. Бүх салбарын хурандаа нар оролцсон. Тэд нэгдмэл удирдлагад орсон гэсэн үг.

-Төрийн зүгээс ямар хандлага үзүүлж байна?

-Бид Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Батлан хамгаалахын сайдтай холбогдож санал хүсэлтээ тавьж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

-“Армийн ачааг хурандаа нар үүрдэг” гэдэг нь ямар учиртай үг вэ?

-Үйл ажиллагааны гол зангилаа, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хурандаа нар байдаг учраас тийм үг гарсан юм. 1939, 1945 оны байлдааны жилүүдэд гол ачааг хурандаа нар үүрсэн байдаг. Тулалдаанд орсон анги салбаруудыг хурандаа нар л командалж байсан. Дээр манай орны ид хөгжлийн үед явагдсан хамгийн том бүтээн байгуулалтыг барилгын цэргүүд хийсэн. Энэ их нүсэр ажлыг хурандаа нар л гардан зохион байгуулсан. Дэлхийн аль оронд цэрэг хүчний салбарт энэ цол бий. Хурандаа нар л алив ажлын голыг гардан удирддаг жишиг дэлхийд тогтсон.

-Хурандаа гэдэг нэр юунаас үүсэлтэй вэ?

-Ардын хувьсгалын үед Монголд туслахаар анх орос цэргүүд орж ирэхэд 1000 орчим цэргийг удирдаж байгаа хүнийг полковник хэмээн дуудаж байсан байгаа юм. Полк гэдэг монгол хэлэнд хороо гэж орчуулагдана. Ник гэдэг нь даамал гэсэн үг. Үүнээс үүдэлтэй хурандаа гэсэн нэр гарсан байдаг. Бид кинон дээрээс Бум хурандаа гэж мэднэ. Тэр үед манайд хурандаа цол гэж байгаагүй. Тухайн үеийн оросын полковникийн харьяанд байсан цэргийн тоо нь Бум гуайн удирдаж байсан цэргийн тоотой дүйцсэн учраас Бум хурандаа нэр өгсөн гэдэг.

-Нийгэмлэг байгуулагдсанаас хойш ямар ажил амжуулав?

-Эхний ээлжинд гишүүнчлэлтэй болсон. “Монгол хурандаа” гэдэг танхим байгуулсан. Энэ танхимд чулуун самбар дээр хурандаа цол авсан хүмүүсийн нэрийг цол авсан оноор тус бүр жагсааж сийлсэн. Өөрөөр хэлбэл нэрийг нь мөнхжүүлж байгаа юм.

-Энэ танхим хаана байдаг вэ?

-Цэргийн музейд байрлаж байна. Энэ нэрүүдийг мөнхжүүлснээр музейг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд нь очиж үздэг болсон.

-Зохион байгуулалт, бүтэц ямар вэ?

-Нийгэмлэг гурван салбар зөвлөлтэй. Батлан хамгаалах, онцгойгийнхон нэгдээд нэг салбар зөвлөл байгуулсан. Нөгөө салбар нь цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан. Бас нэг салбар нь тагнуул, хилийн цэргийнхнийг хамарч байгаа. Энэ салбар зөвлөлүүд дотроо олон клубтэй.

-Ямар клуб вэ?

-Салбар, салбараараа. Тухайлбал, Батлан хамгаалахын салбар арван клубтэй. Их бууны хурандаа клуб. Дээр нь улс төрийн, соёл урлагийн гэх мэт клубууд байгуулагдсан. Танкчдын, ар талын гэсэн клуб ч бий.

-Танай нийгэмлэг байгуулагдсаныг Монголын бүх хурандаа нар мэдсэн үү?

-Нийгэмлэг сайн дурын байгууллага. Тиймээс өөрсдийн хүсэлтээр нэгдэж байгаа. Гэхдээ мэдээлэл дутуугаас нийгэмлэг байгуулагдсан тухай мэдээгүй хурандаа нар байж магадгүй.

-Нийгэмлэгт элсэхэд ямар нэгэн шалгуур байна уу?

-Шалгуур байхгүй. Өөрийнхөө цол, хашиж явсан албаараа бахархдаг, хурандаа цолны үнэт зүйлсийг эрхэмлэж, хойч үедээ үйл хэргийнхээ мөн чанарыг таниулах гэсэн ямар ч хурандаад манай нийгэмлэгийн үүд хаалга нээлттэй гэж ойлгож болно.

-Сониноос энэ тухай мэдээд та нартай холбогдох гэвэл хаана хандах вэ?

-Манай нийгэмлэгийн ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын алба Монгол цэргийн музейд байрлаж байна. Хурандаа Амарсайхан тэнд ажиллаж байгаа.

-Тэтгэвэрт гарсан хурандаа нарын маань амьжиргаа ямар байдаг бол?

-Янз бүр л байна. Сүүлд тэтгэвэрт гарсан нь гайгүй амьжиргаатай байгаа. Харин нэлээд эрт гарсан хурандаа нарын хувьд асуудалтай. Тэдний тэтгэвэр дэндүү бага. Үр хүүхдийндээ амьдрах, гэр бариад сууж байгаа хурандаа нар бий шүү. 2010 оноос хойш тэтгэвэрт гарсан хурандаа нарын тэтгэвэр гайгүй өндөр байгаа юм. Үүнээс өмнө тэтгэвэрт гарсан хурандаа нарын зарим нь тэтгэвэр бага учраас жаахан гундуу байгаа. Зарим хурандаа нар авах төрийн одон, медалиа авч чадалгүй тэтгэвэртээ гарсан байдаг.

-Нөхөж өгч болох уу?

-Болдог юм байна. Манай нийгэмлэг санаачилж, хөөцөлдөж байгаад 30 шахам хурандаа нарт авах ёстой төрийн одон, медалийг хүртээсэн. Мөн салбарынхаа тэргүүний цол, тэмдгийг авч чадаагүй хурандаа нарын ч асуудлыг шийдэж байгаа.

-Хурандаа цол хүртлээ ажиллачихаад салбарынхаа тэргүүнийг аваагүй хурандаа байдаг юм уу?

-Байна аа. Манай хуулийнхан чинь ажлын онцлог, ачааллаас болоод тийм юм ярьж явдаг хүн бараг байдаггүй юм.

-Онцлог ба ачаалал гэдэг нь?

-Дарга, цэрэг гэлтгүй л асуудалд хутгалдаж явдаг хүмүүс. Хэн нэгэн дарга дээр очоод шагнал яривал нөгөөх нь өөдөөс нь ямар нэгэн болзол тавих, хожим нь ажилд төлөөс маягаар санал асуудал гарч болно шүү дээ. Тиймээс шийдвэр гаргагч нараас бидний үеийнхэн хол явж ирсэн. Юун гавьяа, шагнал горилох мантай. Ачаалалтай гэдэг нь хурандаа цол хүртэнэ гэдэг нь бидний үед асар өндөр шалгууртай байсан. Ажлын үр дүн гэж хамгийн том шалгуур. Аль ч салбарын хурандаа өдрийн найман цаг ажиллаад энэ эрхэм цолд хүрээгүй. Өдөр шөнөгүй зүтгэж амьдралынхаа талыг барж байж энэ цолыг хүртэнэ. Зарим үед шагнал урамшуулал ярих нь бүү хэл, хувцсаа тайлахгүйгээр олон хоногоор зүтгэнэ. Гэр орны бараа харахгүй, үр хүүхдээ харалгүй, хаана асуудал байна, тэнд тушаал аваад л очно. Ингэж байж хүртсэн хурандаа цолоо эрхэмлэхээс өөр аргагүй биз дээ. Бидний үед хурандаа цол гэдэг чинь зовж байж хүрдэг цол байсан шүү.

-Та хурандаа цолны нэр хүнд унасан, бидний үед зовж байж хүрдэг байсан гэсэн харууслын үг хэлээд байх юм.

-Үнэнээ хэлэхэд хурандаа цолыг сүүлийн үед дэндүү хавтгайруулж олгож байна. Хурандаа цол гэдэг хүн бүрт тараадаг бараа биш. Энхийн цагт асар их хөдөлмөрлөж, түүн дээр тулгуурласан туршлага, мэдлэгийн түвшинг харуулсан цол. Гэтэл үүнийг албан тушаалын зэрэг дэв болгож орхисон. Энэ тухай бид Ерөнхийлөгчид захидал бичсэн. Энэ асуудалд анхаарлаа хандуулж, алдаа завхарлыг засах хүсэлт тавьсан. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ цолыг зохих түвшинд нь аваачих хэрэгтэй байгаа юм.

-Хариу өгсөн үү?

-Тухайн үеийн Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд хүлээн зөвшөөрч байсан.

-Хэзээнээс “хурандаа цолыг замбараагүй олгодог” болсон бэ?

-2000 оноос хурандаа цолыг албан тушаалын болгосноор л энэ эмх замбараагүй тараалт эхэлсэн. Тийм учраас хурандаа цолыг ажил хийж, амжилт гаргаж авахын оронд албан тушаалд очоод л авчихдаг зарчим үйлчилж эхэлсэн. Бүр албан тушаалын марофон үүссэн. Айх, ичих гэдэг зүйл байхгүй болсон.

-Энэ тийм их аюултай үзэгдэл үү?

-Ажлын туршлагаар бус, албан тушаалд хүрээд авчих цолыг хэн ч амар, хялбар аргаар авахыг бодно биз дээ. Нэгэнт ажлын туршлагагүй, цолны төлөө албан тушаалд очсон хүн ямар ч амжилт гаргахгүй. Ажлаа нурааж орхидог байхгүй юу. Ингээд л салбарын ачааллыг үүрдэг гол албан тушаалтнууд чадваргүй болохоор салбар тэр чигээрээ унана биз дээ. Энэ тухай бид шүүмжлээд байгаа юм. Дэлхийд танигдсан хурандаа цол манайд л шалдаа буучихаад байна шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Цолмон: Хорио цээрийн дэглэмийг маш сайн сахиж, вакцинаа хийвэл тархалт буурна

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг аж. Уг өвчин нь маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтныг хамардаг. Сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Туруутан тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилнө. Өвчний нууц үе 1-14 хоног байдаг гэв.

ШҮЛХИЙ НЬ ХӨДӨЛГӨӨНТ БҮХИЙ Л
ЗҮЙЛЭЭР ТАРХДАГ ГЭВ

Шүлхий нь хөдөлгөөнт бүхий л зүйлээр тархдаг байна. Тодруулбал, өвчилсөн малын шээс, нус, нулимс, арьсны нэвчилтээр хүртэл вирус гадаад орчинд тархдаг гэнэ. Улмаар өвчилсөн малтай ойролцоох эд зүйл бохирдоно. Ингэж орчныхоо тоног хэрэгсэл, машин техник, хүний өмсөж буй хувцсанд хүртэл вирус очиж, 96 хоног өвчлүүлэх чадвараа хадгалдаг байна. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой гэв. Тухайн мал амьтны амны хөндийн салст бүрхэвч нь үрэвсэн цэврүүтвэл шүлхийн өвчний хамгийн эхний шинж тэмдэг ажээ. Дараа нь шүлс нь асгарч, туурай нь үрэвсэж өвчилдөг. Иймээс зарим улсад уг өвчнийг “Туурай болон амны өвчин” гэж нэрлэдэг байна.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.


-Сүүлийн үед шүлхий өвчин олон сумдад гарч, зарим газар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд шүлхий гарсан гэж бүртгэгдсэн. Найман аймагт хорио цээрийн дэглэмтэй, бусад аймгийн хорио цээрийн дэглэм буурсан байгаа. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Орхон, Төв аймаг харьцангуй гайгүй болж, хяналтад орсон гэж ойлгож болно. Өмнөговь, Булган, Дундговь, Архангай аймгуудын хувьд хяналтад оруулахаар ажиллаж байна. Хяналтад орсон аймгуудад зурвас тогтоож, вакцинжуулалт хийж байгаа юм. Энэ сарын 5-наас өмнө нөхцөл байдал хүнд байсан. Тиймээс Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч, хоёр бүсчлэлийн дагуу ажиллаж байна. Одоогоор ОХУ-аас 500 мянган тун вакциныг авч, халдварын хүрээг хааж, хязгаарлалт тавин ажиллаж байгаа. Уг өвчний тархалт их хурдан. Иймээс бид эхний ээлжинд хязгаарлалт хийж, зурвас татаж вакцинаа тарих арга хэмжээ авч ажиллаж байна.

-Шүлхийн вакцинжуулалтыг өмнө нь хэрхэн хийсэн бэ.

Манай малчид тогтмол хийлгэдэггүйгээс болж, өвчин хурдацтай тархаад байгаа юм болов уу?

-Вакцинжуулалтын арга хэмжээг дөрөв, аравдугаар сард тогтмол хийдэг. Халуун, хүйтэн ч биш улиралд вакцин хийхэд тохиромжтой. Нөхцөл байдлаас хамаарч өвөл, зун хийдэг болсон. Бүх малаа вакцинд тогтмол хамруулах нь эдийн засгийн болон хүн хүчний хувьд ч боломжгүй байдаг. Вакцинд найдаж өвчний тархалт яригддаггүй юм. Хамгийн гол нь хөдөлгөөн. Хорио цээрийн дэглэмийг маш сайн сахиж, вакцинаа хийвэл тархалт буурна. Монголчуудын ёс заншил, амьдралын нөхцөлөөс маш их шалтгаалдаг гэдгийг малчид, иргэд бодох хэрэгтэй. Төв суурин газар шүлхий өвчин гарах нь маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, 2000 малтай суурин газарт шүлхий гарахад 20 мянган хүн хэлмэгдэж, хорио цээрийн дэглэмд орох төлөвтэй. Хүн ам суурьшсан, төвлөрсөн газар мал байлгах нь оновчгүй арга. Хорио цээрийн дэглэм тогтоохгүй л бол хэдэн аймгаараа хорионд орох эрсдэл үүсдэг. Иймээс аль болох тархалтыг бага бүст нь дарах авах арга хэмжээ авч ажиллаж байгаа. Улсын онцгой комисс болон холбогдох байгууллага, иргэд, малчид нэг сарын хугацаанд сонор сэрэмжтэй ажиллах ёстой. Ингэж чадвал ирэх сарын 15-нд шүлхийний асуудлаас салах бүрэн боломжтой.

-Халдвараас болж хэдэн мал устгалд оруулсан бэ?

-Одоогийн байдлаар 3100 орчим малыг устгалд оруулсан. Өвчлөлийн хүрээ буурч байгаа ч шинэ газар халдвар үүсэх тохиолдол байна. Малчид санаатай болон санамсаргүйгээр малаа өвчилснөө нуух, холбогдох газарт нь мэдэгдэхгүй 14 хоноход л өвчлөл маш том хүрээнд тархдаг. Тухайлбал, саяхан монгол түмний уламжлалт сар шинийн баяр болсон. Үүнтэй холбоотойгоор нэг аймгаас нөгөө аймаг, сум руу шилжих хөдөлгөөн ихэссэн нь шүлхийн халдвар тархах гол шалтгаан болсон. Хурдан морины уралдааныг хараа хяналтгүй зохион байгуулж буй нь ч нөлөөлдөг. Хэдийгээр шүлхий өвчнөөр адуу өвдөхгүй ч халдвар тээгч, дамжуулагч болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн малын бэлчээрийн даац хэтэрсэн, зэрлэг амьтдын тоо толгой өссөн нь өвчнийг дамжуулах, тараах эрсдэл болж байгаа юм. Говийн аймгуудаар зэрлэг амьтдаас халдварласан гэдэг нь тогтоогдсон. Зүүн, говийн аймгуудад зуншлага сайтай байснаас тус аймагт отор, нүүдэл их хийгдсэн. Малын бэлчээргүй байдал нь малаас зэрлэг амьтан, зэрлэг амьтнаас малдаа халдварлах тохиолдлууд ч бүртгэгдэж байна.

-Бусад орны хувьд шүлхий өвчинтэй хэрхэн тэмцдэг юм бол?

-БНХАУ, ОХУ сүүлийн хоёр жил шүлхий өвчинтэй эрчимтэй тэмцэж байна. Дэлхий нийтэд шүлхийн дэгдэлт байгаа. БНХАУ шүлхийн вакцины хоёр ч үйлдвэртэй. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тархалтаа бууруулж чадахгүй, тэмцсээр байгаа юм. Шүлхий бол хэнээс ч үл шалтгаалах замаар дамжин халдварладаг бөгөөд хил дамнан, асар хурдацтай тархдаг. Дэлхийн мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх дөрвөн заавар, аргачлал бий. Нэгдүгээрт, энэ өвчин гарсан бүс нутгийн малыг устгадаг. Тухайлбал, Японд нэг мужид шүлхий гарвал мужийн бүх малыг устгадаг. Хоёрдугаарт, өвчин гарсан малыг сууриар нь устгадаг. Малчин С-ийнд шүлхий гарвал тэдний бүх малыг нь устгадаг юм. Гуравдугаарт, өвчилсөн малыг тавилан муутайг нь устгана. Нэг ёсондоо үхэх нь тодорхой болсон малыг устгаж, үлдсэн малаа нядлах, сэргийлэх арга хэмжээ авдаг. Үүнийг манайхаас өөр хэрэглэж байгаа улс байхгүй. Дөрөвдүгээрт, өвчтэй малаа устгаж, үлдсэнийг нь вакцинцуулж авч үлддэг. Сүүлийн үеийн мэдээллүүдээр ОХУ гэхэд таван мал өвчилөхөд гурвыг нь устгаж, хоёрыг нь устгахгүй байгаа юм билээ. Тус улсын иргэд мал аж ахуй эрхэлдэг хүмүүс нь суурьшмал байдаг. Монголчууд шиг нүүдэллэж амьдардаггүй. Нүүдэллэж байгаа нь нэг аймгаас нөгөө аймаг руу өвчний тархалтыг авч яваад байна гэсэн үг. БНХАУ гэхэд суурь, сууриар нь устгадаг. Учир нь БНХАУ үйлдвэрлэг орон учраас таван сууриар нь устгал хийж тэмцэж байна.

Шүлхийтэй малын мах гэж их ярьдаг. Хорио цээрийн дэглэм буугаад ирэхээр тодорхой тандалтууд хийгддэг. Вирусын идэвхжил нь хэр байна, дахин дэгдэх нь үү, үгүй юу гэдгийг шинжилнэ. Хэрвээ “гайгүй байна” гэж гарвал халдвартын бүс тайван байдалд орчихно. Ингээд жилийн хугацаанд мал малын гаралтай бүтээгдэхүүн гаргахыг хориглоно. Гарал үүслийн гэрчилгээ гэж бий. Тэрхүү гэрчилгээгүйгээр ямар ч малын мах худалдаанд борлогдох эрх байхгүй. Гарал үүслийн гэрчилгээгүй мал бүртгэгдэж, хүнсний зах болон томоохон худалдааны төвүүдээр мах нь борлуулагдвал Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авдаг. Иймээс гэрчилгээгүй малын мах хүнсний зах болон худалдааны төвүүдээр борлуулагдах ёсгүй. Иргэд энэ тал дээр санаа зовох хэрэггүй.

-Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Хамгийн гол нь малчид гаднаас мал авахгүй байх, малтайгаа айл хэсэхгүй байх, гадны хүмүүсийг гэртээ авчирахгүй байх хэрэгтэй. Уг өвчин нь ганц малаар дамждаггүй нь вирус хөнгөн чанартайг илтгэж байгаа юм. Тиймээс бүх төрлийн арга замаар дамжин халдварладаг. Иймээс малчид, ард иргэд угаалгын нунтаг, саван зэрэг шүлтлэг бодисуудыг сайтар ашиглаж, гэр орноо сайтар цэвэрлэх ёстой. Хүнсний зориулалттай нимбэгний хүчил, содын уусмал зэргээр гэр орон болон хашаагаа ариутгах нь зүйтэй юм.


Categories
мэдээ цаг-үе

Б.Тулга: Бүлэглэлийн маск хууларчихлаа, одоо шударга шийдвэр гаргахыг ард түмэн хүлээж байна

– “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 51 ХУВЬ ДЭЭР МАН, 49 ХУВЬ ДЭЭР МАНАН БҮЛЭГЛЭЛ ОРОЛЦСОН –

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.


-МАХН-аар сонин сайхан юу байна. Та намынхаа генсекээр томилогдоод ямар ажилд анхаарлаа хандуулав?

-МАХН XXI зууны хоёрдугаар Их чуулганаа саяхан хийсэн. Энэ хурлаар намын удирдлагуудад өөрчлөлт орж, МАХН-ын ерөнхий нарын бичгийн даргын үүрэгт албыг надад оноолоо. Манай хоёрдугаар их чуулганы үеэр яригдсан гол асуудал бол Монгол Улсын өнөөгийн хямралт байдлаас хэрхэн гарах ямар арга зам байна вэ. Үүнийг хийх ямар шийдлүүд байна вэ гэдэг дээр нэлээн сууж бичиг цаасны ажил хийгдэж байна. Өнөөгийн гарч буй хямрал, улс төрийн хариуцлагагүй байдлаас гарах гарц арга зам нь Монголын шинэ дээд Үндсэн хууль юм гэдгийг олж харж байна. Монголын төрд хэн нь түрүүлж луйвардаж ард түмний өмчийг өөрсдөдөө ашигтайгаар авах вэ гэдэг уралдаан болчихлоо. Төрийн дээрэм тонуул завхарлыг хийж байгаа улстөрчдөд хариуцлагыг хэрхэн тооцох ёстой юм. Цаашдаа улс хөгжихөд чухам юу хийх ёстой байна вэ гэдгийг манай намаас ярилцаж шийдлийг гаргасан. МАХН-аас энэ гуравдугаар сарын 1-ний өдөр буюу Монголд улс төрийн нам анх байгуулагдсан өдөр тодорхой арга хэмжээ зохион байгууллаа. 1911 онд МАХН–ын тухайн үед гаргаж байсан мөрийн хөтөлбөрүүдийг сая Их чуулганаа хийхтэй холбогдуулан нэлээн уншиж сөхөж үзлээ. Тухайн үед гадны улс дамжсан худалдааны пүүсүүд болон хаад ноёд хуйвалдаж улсын баялгийг хувьдаа эзэмших, ард түмнээс татвар хураамж авч мөнгө хүүлэх байдал давамгайлах шинжтэй байсан учир ийм орчинд нөхцөлд хүн хэвийн амьдарч эрүүл байх үндэсгүй юм байна гэж үзээд үүнээс гарах зорилтоо томьёолж байсан юм билээ. Гэтэл өнөөдөр бараг 100 жилийн дараа эргээд харахад өнөө л ард түмнийг шулж, нуруун дээр нь ачаа үүрүүлсэн байдал харагдаж байна. Өнөөдөр Монгол Улс хамгийн их баялагтай гэдэг мөртлөө хөгжлөөрөө хамгийн сүүлд явж байгаа нь эмгэнэл. Сүүлдээ монголчууд өөрөө өөрсдөдөө итгэх итгэл алдарч, гаднаас хэн нэгэн ирж аврах юм шиг ярьдаг болчихлоо. Бид өнөөгийн Үндсэн хуульд байгаа хариуцлагын тогтолцоотой холбоотой зүйл заалтаа сайжруулж авахгүй бол өнөөдөр үүсээд байгаа төрийн завхрал үргэлжилсээр л байх болно. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж алдаа завхарлыг засах процессыг хийхдээ ард түмэн бид өөрөө өөрсдөдөө найдахгүй бол сайд, дарга нарт найдаж сайн зүйлийг хүлээж болохгүй нь батлагдсан. Тиймээс Монголын гурван сая нэг зүгт анхаарлаа хандуулах цаг иржээ.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татаж Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах талаар яригдаад эхэллээ. Нөхөн сонгуульд МАХН-аас хэрхэн оролцох вэ. Намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ?

-Улс төрийн намын хувьд сонгуульд оролцож, өмнөө тавьсан зорилгоо нэг, нэг алхмаар ч хамаагүй ахиулж, төрийн бодлого болгох үүднээс идэвхтэй оролцоно. Энэ нь зөвхөн Хэнтий аймгийн хувьд биш Баян-Өлгий аймагт Д.Мурат гишүүн, Орхон аймгаас сонгогдсон О.Баасанхүү гишүүн нарт ч хамаарч нөхөн сонгууль явагдаж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй юм. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг бол амласнаа хэрэгжүүлдэг, өмнөө тавьсан зорилгоо хийхийн төлөө тасралтгүй явдаг байх ёстой. Түүнээс биш нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт зорьж, амлаж байсныхаа эсрэг явж байгаа бол эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Өнөөдөр төрийн бодлого гаргаж байгаа хүн хэдийнэ төлөвшсөн байх ёстой. Төлөвшсөн байна дотор маш олон зүйлийг хэлж болно шүү дээ. Энэ бүхэнд шалгуураа өндөрсгөх цаг хэдийнэ болчихжээ. Улаан цайм бидний нүдэн дээр гэмт хэрэг, хууль бус зүйл хийгээд байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцох цаг болсон. Манай МАХН-аас хариуцлага тооцуулахын төлөө явна. Тэгэхээр бид ганцхан тойргийн хувьд нөхөн сонгууль болно гэж харахгүй байна. Бид сонгууль болгонд оролцож ялалт байгуулахын төлөө, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө явна.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хэнтий аймагт бууриа хэдийнээ засаад байна гэсэн мэдээлэл өмнө нь сонстож байсан. Нөхөн сонгуульд бэлтгэж байгаа юм уу?

-Н.Энхбаяр даргын талаар манай хэвлэлийнхэн таамаг тавьж бичиж байгаа байх л даа. Үүнийг буруутгахгүй. Сая бид их чуулганаа хийсэн. Дараа нь бага чуулганаа хийлээ. Намынхаа дотоод зохион байгуулалт, бүтэц, дүрмээ шинэчилж баталлаа. Одоо орон нутгаар явж шинэ Үндсэн дээд хуулийнхаа төслийг танилцуулж, иргэдээс санал асуулгыг авч байна. Энэ бүх зүйлд Н.Энхбаяр дарга өдөр тутам оролцож байгаа. Зөвхөн Хэнтий аймаг гэлтгүй бүх аймгаар явж Үндсэн хуулийн шинэчлэлийг танилцуулж яваа.

-Сүүлийн үеийн шуугиан тариад байгаа ноцтой хэргийн талаар асууя. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж гадны банкнаас зээл авсан нөхдүүдийн харгайгаар өнөөдөр Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэргүй болох ч эрсдэл үүсээд байгаа. Та бүхний хувьд энэ луйврын хэргийг юу гэж харж байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал бол тухайн үеийн төр засгийг удирдаж байсан хүмүүстэй шууд холбоотой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд нар “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг дээр салшгүй шууд холбоотой. Яагаад вэ гэвэл “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын нийт төсвийн ихэнх хувийг нуруундаа үүрч байсан үе бий. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр төрийн анхаарлаас гадуур яваад барьцаанд тавигдаад, гадны банкнаас авсан зээл нь сунжирч сунгагдаад явж байхад Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга нар нь огт мэдэхгүй, таг дүлий сонсоогүй байна гэж байхгүй юм. Тиймээс энэ хэрэгт хамгаас холбоотой тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар “Эрдэнэт” үйлдвэрийн барьцаанд тавигдсан энэ асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж үгээ хэлэх ёстой. Хэрвээ энэ хүмүүс “Би мэдэхгүй” гэж хариулах гэж байгаа бол Монголын баялагийг гадны барьцаанд тавьсныг мэдээгүй байсныхаа төлөө бас хариуцлага хүлээх үүрэгтэй. Энэ бол төрийн эрх барьж буй хүмүүсийн улаан цайм дээрэм юм. Бидний хэлээд яриад байдаг бүлэглэл гэгч төрд гарахын тулд ард түмэндээ сайхан гоё амалж гарчихаад дараа нь өөрөө өөрсдөдөө зориулж асар их хэмжээний Монголын баялагийг завшиж байна. Монголын баялаг гэдэг чинь Монголын ард түмний татвараар бий болсон, Монголын өвөг дээдсийн үлдээсэн байгалийн баялаг. Ард түмний баялагийг хадгалж хамгаалж, өсгөж үржүүлэх нь төр засагт байгаа хүмүүсийн хамгийн гол үүрэг юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал бол маш ойлгомжтой тодорхой юм. Олон жилийн турш нууж байсан булхай луйвар өнөөдөр ил гараад эхэлсэн. Магадгүй бүхэл бүтэн бүлэглэлийн оролцоотой энэ хэрэг дээр ганц нэг хүнийг өмнөөсөө золиосонд явуулаад дуусгана гэж бодож байгаа бол ард түмэн тэнэг биш шүү гэдгийг хэлмээр байна. “Эрдэнэт” үйлдвэрийн барьцаанд тавьж зээл авсан гэх “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүний амь насыг өнөөдөр төр хамгаалалтад аваасай гэж хүсэж байна. Ш.Батхүү ч гэсэн ганцхан өөрийгөө золиосонд явуулахгүй гэж бодож байгаа бол өөрөө бүх зүйлийг үнэнээр нь дэлгэж зарлах ёстой. Ш.Батхүү бүгдийг зарлачих л даа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгт холбогдсон хүмүүсийг 2013 оноос хойш хуулийн байгууллагаас шалгаж байгаа боловч өнөөдрийг болтол тодорхой шийдвэрийг гаргаагүй. Хэрвээ манай хуулийн байгууллага ажлаа хийж чадсан бол өнөөдөр 100 гаруй сая ам.долларын өрөнд “Эрдэнэт” уначихгүй байсан болов уу?

-“Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хууль хяналтын байгууллагаас маш удаан шалгаж байгаа. Сая МАН-ын нэр бүхий хэсэг залуучууд хэвлэлийн хурал хийж, энэ хэрэг дээр үнэнийг дэлгэхийг уриалсанд маш их талархалтай хандаж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхболд, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нарын залуучуудад би баярлалаа гэж хэлье. Үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн хэрэг бол МАН-ын дотоод асуудал юм. МАН төр барьж байх үед байсан хүмүүс одоо ч төрд нөлөө бүхий албан тушаал хашсан хэвээр байна. Энэ булхайтай хүмүүсийн эсрэг нам дотроо зоригтойгоор босож чадаж байгааг хараад МАН дотор бас ч гэж өөрчлөлт гарч зөв чиглэл рүү явах гээд байна уу даа гэж би харж байгаа. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцаад авсан шийдвэрийг сайшааж байна. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баярлалаа гэж хэлмээр байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол Монголын төрийн өмч байх ёстой. Монголын төр “Эрдэнэт”-ийг ямар хувийн компанид шилжүүлэх вэ гэдгээ олон нийтэд ил тодоор зарлаж шударгаар шийдэх ёстой байсан. Гэтэл хэн нэгэн хувийн компанид стратегийн орд гэж бичигдсэн ордыг сэмхэн нууцаар хулгайлж өгч болохгүй. Эндээс дүгнээд хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал бол МАН-ын дотоод гэмт хэрэг бол “Эрдэнэт”-ийн 49 хувь МАНАН бүлэглэлийн хийсэн хэрэг. Яагаад вэ гэвэл МАН, АН хоёр нам хамтарч засаг барьж байх үе буюу Ерөнхий сайд, Сангийн сайд нь дээрх хоёр намаас томилогдон ажиллаж байх үед нийлж хийсэн хэрэг юм. Энэ үед манай нам Засагт орсны гавьяа бас гарсан. МАНАН-гийн булхайг тухайн үедээ илчилж манай төр засгийн бүлэглэл улсын нууц гэсэн нэрийн дор “Эрдэнэт”-ийн 40 хувийг хувийн компанид өгсөн байна гэдгийг анх зарласан. Тухайн үед төр засагт орж ажиллаж байсан Оюунбаатар, Баянсэлэнгэ нар зоригтойгоор задалж олон нийтэд мэдээлсэн. Хэрвээ тухайн үед задлаагүй бол хичнээн ч жил 49 хувийн асуудал дарагдаж явах байсныг бид мэдэхгүй.

-Төрд өндөр албан тушаал хашиж буй хүмүүс нь өөрсдөө ингэж хуйвалдаад төрийн өмчийг шамшигдуулж болдог юм уу?

-Энэ бол нөгөө л дээр ярьсан системийн алдаа. Өнөөдөр төрийн эрх мэдэлд гарчихвал шүүх засаглалыг гартаа авчихаж болж байгааг бид харж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд шүүхээр хүссэн шийдвэрээ гаргуулж чадаж байна. Жишээ дурдаж нэрлээд байвал маш олон хэргийг нэрлэхээр байна. Шүүх өнөөдөр шударга бус шийдвэр гаргадаг гэдэг нь илэрхий болчихлоо. Буруутай хүнийг буруугүй гээд гаргачихаж чадаж байна. Эсвэл огт буруугүй зарим хүмүүсийг буруутай гээд шоронд хийчихэж байна. Шүүх, прокурор ингэж улстөрчдийн хармаанд орчихсон. Энэ бүгдийг засах, шүүхийг хараат бус болгож, Ерөнхийлөгчөөс эсвэл хэн нэгэн хүнээс хамааралтай байдлыг засах ёстой юм. Үүний гарц нь шинэ Үндсэн дээд хууль юм.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг нуун дарагдуулж шийдээгүй хуулийн байгууллагын дарга нар өнөөдөр хариуцлага хүлээх ёстой юу?

-МАНАН бүлэглэлийн хүмүүсийн гар хөл болсон шат шатны хууль хүчний байгууллагынхан энэ хэргийг зориуд шийдвэрлэхгүй, дарж байсан нь илэрхий. Хэдий болтол ингэж шударга бус байдлын гар хөл эрэг шураг нь болж явах вэ. Боловсролтой, эх орноо гэсэн залуучууд олон байна. Тэд шударга бус байдлыг үзэн ядаж, залхаж байна. Бүлэглэлийн маск нэгэнт хууларчихлаа, одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр шударга шийдвэр гаргахыг ард түмэн хүлээж байна.

-Тухайн үед төр засгийн өндөр албан тушаалд байсан Ерөнхий сайдаасаа эхлээд бид үүнийг огт мэдээгүй, бидэнд хамаагүй гэх өнгө аястай байна. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал удирдлагууд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй гэдгийг хэлээд байгаа шүү дээ?

-Эхлээд тэгж л ярьж байсан. Нэр бүхий УИХ-ын залуу гишүүдээс хийсэн мэдээллээс үзэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн данс руу яахаараа хэд хэдэн удаа мөнгө орчихсон байх уу. Ядаж л дансанд ямар мөнгө орж гарч байгааг мэдэхгүй дарга гэж байхгүй биз дээ. Баталгаа гаргаад залилан хийсэн энэ хэрэг дээр тэр холбогдох дарга нар нь үгээ хэлж, хариултаа өгөөч. Илэрхий залилан луйврын хэрэг дээр хууль хүчний байгууллагаас шалгаж яаралтай шийдвэрээ гарга. Ажлаа хий. Хууль хүчний байгууллагын дунд шударга төрийн албан хаагчид олон бий. Ажлаасаа халагдчих болов уу гэж айх хэрэггүй. Эх оронч бай л даа. Ер нь ийм хууль бус төрийн томоохон луйвар дээр зөв шийдсэнийхээ төлөө ажлаасаа халагдсан ч яадаг юм бэ. Одоо ийм эр зориг гаргах цаг болчихоод байна. Тэгэхгүй бол өнөөдөр энэхүү бохир системийн эрэг шураг болж яваа хүмүүс хэзээ нэгэн цагт өөрсдөө буруутан болно. Эргээд өөрсдийнхөө үр хүүхдийн ирээдүйг энэ байтугай заваан намаг руу шигдүүлж байна гэдгээ ойлго.

-Одоогийн эрх барьж буй намын төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс зоригтойгоор шударга хандчихвал энэ хэргийн утас цааш хөвөрч ил гарч ирэх нь үү?

-Энэ асуудлыг хэн нэгэн хүн шийдээсэй гэж та бүхэн битгий хоосон найд. Хүн болгон дор бүрнээ эх оронч байх нь чухал болохоос биш дээрээс Ерөнхий сайд шахсанаар бүх зүйл шударгаар шийдэгдэнэ гэж байхгүй. Ядаж л “Эрдэнэт”-ийн хэрэг дээр ажиллаж байгаа цагдаа, хариуцаж байгаа прокурор, шүүх яг бодит үнэнээр нь шийдчихэд л болчих асуудал. Дансаар нь мөнгө орсон уу үгүй юу, Арбитрийн шүүхээс баталгаа гаргасан гарын үсгийг хуурамч биш гэж үзээд шийдвэр гаргасан л байлгүй. Энэ мэт баримтан дээр тулгуурлаад шийдвэрээ гарга л даа. Энэ хэргийн цаад захиалагч нь хэн юм гэдгийг Ш.Батхүү илчил. Энэ мөнгөнөөс хэн нь ямар хэмжээний мөнгө аваад ямар байдлаар хөрөнгө болгож авлига авсан гэдгийг нь зарла. Мэдээж энэ мөнгө Монголд шингээгүй. Оффшор руу явсан нь тодорхой байх. Одоо оффшороос тэр мөнгийг олж ирэх ёстой. Шинэ Засгийн газар санаачилгатай зоригтой ажиллах ёстой. Хариуцлагаа үүрээд амлалт өгөөд гарсан албан тушаалтнууд яг ийм л төрийн тонуулын хэрэг дээр шударга ажиллахгүй бол ард түмэн бүх зүйлийг хэдийнэ, ойлгочихсон хүлээгээд сууж байна. Ганцхан “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг ч биш, Монголын төмөр замаас эхлээд төрийн өмчийг луйвардаж ашиглах байдал хаа сайгүй байна. Үүнийг засах механизмыг бий болгоё. Улс хөгжих зам бол хэн нэгэн цөөн хэд нь түрүүлж хөгжөөд нөгөө хэдээ татна гэдэг ойлголт худлаа гэдэг нь манайд батлагдаж харагдлаа. Манай МАХН орон даяар шинэ Үндсэн дээд хуулийнхаа хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа. Үүнд иргэд та бүхэн оролцож өөрийн санаа бодлоо тусгаач ээ. Ингэж хамтын хүчээр өнөөгийн нийгмийн завхралыг тэр дотроо улстөрчдийн хариуцлагагүй, төрөөс мөнгө хулгай хийдэг гажуудлыг засаж чадна.


Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

ЗурагУИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан ахмад дайчид, Батлан хамгаалахын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд, “Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч нартаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчиддаа, Батлан хамгаалахын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг хүргэн мэндчилье.
Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн гурван цагийн хэлхээст түүх нь Монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой юм.

Хүннү гүрнээс улбаатай эрэлхэг баатруудын аугаа их сүр хүчийг залгамжлан Их Монгол Улсыг байгуулсан Эзэн Богд Чингис хааны төрийг төвшитгөх алсын хараатай мэргэн бодлого нь өнөөдрийн дэлхий нийтийн даяарших үзлийн эх үндэс байсан төдийгүй, Монгол цэргийн сүр хүч, байлдах урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа таниулсныг олон зууны буурал түүх, намтар мартаагүй байна.

Манжийн дарлалыг эсэргүүцсэн “Үндэсний эрх чөлөөний тэмцэл”, даян дэлхийд туурга тусгаар улсаа зарлан тунхагласан “Ардын хувьсгал”, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан “Халхын голын дайн”-ы ялалт, “Чөлөөлөх дайн”-д оролцсон баатарлаг үйлс, энх цагийн бүтээн байгуулалтад тэргүүн эгнээд явсан зэрэг нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэг хэсэг билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээд улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай үүргээ биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлж, хүүхэд залууст эх оронч үзэл, хүмүүжил олгож, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ эх орныхоо нэрийг олон улсын тавцнаа дуурсгаж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа бахдам амжилтыг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Энэхүү баяр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр залуу үеийнхний эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайлал үзүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Монгол Улсын төр, засгаас үеийн үед эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ хөгжлийг дээшлүүлэхэд анхаарч, 1992 онд шинээр баталсан “Монгол Улсын Үндсэн хууль”-д нийцүүлэн батлан хамгаалахын хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлэн хэрэгжүүлсэн. Өнөөдөр бидний өмнө дэлхийн улс орнуудын хөгжил, батлан хамгаалах бодлого, цэрэг-улс төрийн нөхцөл байдалтай хөл нийлүүлэн алхах, тэдгээрт нийцүүлэн хууль, эрх зүйн тогтолцоогоо шинэчлэх, Зэвсэгт хүчнийхээ бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхаа нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдынхаа нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг хангах хэрэгцээ, шаардлага чухлаар тавигдах боллоо.

Энэ он бидний хувьд Засгийн газрын үйл ажиллагааны болон Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, цаашлаад батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлж, “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хууль, “Дайчилгааны тухай”, “Улсын нисэхийн тухай”, “Эрүүл мэндийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, улмаар Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх бодлогоо УИХ-аар батлуулан, хэрэгжүүлж эхлэх томоохон зорилт тавигдаж байгаа юм.

Түүнчлэн батлан хамгаалахын бүх шатны албан тушаалтны хууль дээдлэх, ажлын хариуцлага, сахилга бат, удирдлага, хяналтын ажлын үр нөлөөг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг оновчтой ашиглах замаар цэргийн нэгтгэл, анги, байгууллагын бие бүрэлдэхүүний албаа хаах, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх бодит ажлыг өрнүүлэх жил байх болно.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин нь түүхийн бүхий л үед хамгийн чухал үүргүүдийг гүйцэтгэж, залуу үеийн хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг-эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга бат, хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх болно.

Олон зууны баялаг түүх, орчин үеийн шинэ шинэ ололт амжилтаар түүхийн хуудсаа зузаатган, хөгжин бэхжиж буй Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай!” гэжээ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй бөхчүүд Беларусийн багийг хожлоо

Зураг

Японы Такасаки хотноо Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд оролцож байгаа Монголын баг тамирчид хэсгийнхээ 2 дахь барилдаанаа Беларусийн багтай хийж 6:4-өөр ялсан байна.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид “В” хэсэгт багтсан бөгөөд хэсгийн эхний барилдаанаа БНХАУ-ын шигшээ багтай хийж, 1:9-өөр ялагдал хүлээгээд байв. Манай багийн ганц ялалтыг ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа Оюан Жинлинг 8:7-гоор ялж авсан байна. Харин Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон өрсөлдөгчтэйгээ барилдаагүй.

Нэгдүгээр тойрог: Монгол – БНХАУ 1:9

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг – Сун Янан 0:10

53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа – Оюан Жинлинг 8:7

55 кг: Эрхэмбаярын Даваачимэг – Жан Ки 5:6

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Пей Шинру 1:9

59 кг: Баатаржавын Шоовдор – Рон Ниннинг 3:3

62 кг: Пүрэвдоржийн Орхон – Луо Ксяохуан барилдаагүй

65 кг: Соронзонболдын Батцэцэг – Тан Чуинг 4:6

68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг – Зао Фенг 5:16

72 кг: Очирбатын Насанбурмаа – Хан Юи 4:14

76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа – Зоу Киан 0:14

Хоёрдугаар тойрог:Монгол – Беларусь 6:4

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл – Ксенья Станкевич 10:6

53 кг: Ганбаатарын Отгонжаргал – Ванеса Каладжинская 6:7

55 кг: Эрхэмбаярын Даваачимэг – Ирина Курочкина 5:5

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Залина Сидакова 1:2

59 кг: Баатаржавын Шоовдор – Катаржина Ханчар 14:3

62 кг: Пүрэвдоржийн Орхон – Вероника Иванова цэвэр ялагдсан

65 кг: Соронзонболдын Батцэцэг – Кристина Федорашко 10:0

68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг – Ханна Садчанка цэвэр ялсан

72 кг: Очирбатын Насанбурмаа – Өрсөлдөгч байхгүй

76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа – Василиса Марзалюк 1:4

Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа өрсөлдөж байгаа Беларусийн шигшээ багийг ийнхүү ялсан бол хэсгийн сүүлийн барилдааныг Монголын цагаар 17 цагт Румын улсын шигшээ багтай хийнэ. Хэрэв тэднийг ялбал маргааш “А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багтай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг хоригложээ

МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОЖЭэ зурган илэрцүүд

Булган аймагт мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг хориглож, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Тус аймгийн нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуур, цөөрмийн мөсний зузаан олон жилийн дунджаас 3-34 см-ээр нимгэн байгаагийн улмаас мөс цөмөрч аюулд өртөх магадлал их байгаа аж. Мөсөн дээгүүр явганаар болон ямар нэгэн тээврийн хэрэгслээр болон мал туухыг хориглох, анхааруулга тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэхийг сумын Засаг дарга нарт даалгасан шийдвэр гаргаад байна.
Гол мөрний гармын ойролцоо нутагладаг малчин өрхүүдээр мөсөн дээгүүр зорчихыг байхад хяналт тавиулах арга хэмжээ авч эхэлжээ. Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй зэрэг томоохон гол мөрний мөсөн дээгүүр зам дөтлөн явж саатах, аюулд өртөх тохиолдол өмнө нь гарч байсан юм.