Categories
мэдээ нийгэм

Японд суралцах инженерүүд батламжаа гардлаа

Монгол Улсад өндөр мэдлэг чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000 инженер сургаж бэлтгэх зорилго бүхий уг төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр 2018 онд Япон улсад суралцахаар болсон бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан, нийт 96 хүн батламжаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас гардаж авлаа.

Уг ёслолын ажиллагаанд БСШУСЯ, Японы элчин сайдын яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл оролцлоо.
Эдгээр оюутнууд суралцаж эхэлснээр төслийн хүрээнд 2014-2018 оны хугацаанд магистр, докторын хөтөлбөрт 68, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 56, Коосэн сургалтын хөтөлбөрт 84 оюутан, зэргийн бус хөтөлбөрт 163 багш, судлаач нийт 371 хүн Төслийн хүрээнд Япон улсад сургалтад хамрагдаж байна.


Төслийн энэ жилийн онцлог нь бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд Япон улсыг зорьж буй. Энэ жил ШУТИС-ийн гуравдугаар курст суралцаж буй эдгээр 56 оюутан 2017 оны 11 сард Японы консорциумын 10 их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч төслийн шалгуурыг хангаснаар барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн 3-р курст шилжин суралцахаар болж байгаа юм.
Нэмж дуулгахад 2019 онд суралцах оюутнуудыг ирэх 4-р сарын сүүлээр шалгаруулж элсэлтээ авна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын нэр хүндэд халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандана

атг зурган илэрцүүд

Авлигатай тэмцэх газрын ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал ташаа гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан www.breakingnews.mn сайтыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн байгууллагад өгч шалгуулах болсныг мэдэгдэж байна.

Уг сайтад 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Монголоос хулгайлагдсан хөрөнгийг авчрахад АТГ-ын дарга Х.Энхжаргал саад хийж байжээ…” гэсэн гарчигтай 2.55 минутын видео бичлэг тавигдсан байх бөгөөд уг бичлэгт “…За тэгэхээр АТГ-ыг толгойлж байгаа Энхжаргал хэний талд үйлчилж байгаа нь ийнхүү тодорхой боллоо. Ийм хүн Санжийн Баярыг 10 цаг байцаах уу? Мань Баяр АТГ-т очиж 10 гаруй цаг болсон нь үнэн юм бол хэрвээ байцаагдсан биш эсрэгээрээ Энхжаргал нь Баяртаа байцаагдаж зовлонгоо тоочин загнуулсан байж таарах гээд байна… Ерөнхийдөө авлигач Баярыг АТГ-т аваачиж байцаасан гэх үлгэрийн тайлал энэ. Тэд зүгээр л цаашид яаж хууль мушгихаа ярилцсан л байх…” гэх зэргээр бодит үндэслэлгүй, тодорхой баримтгүйгээр гүтгэн мэдээлжээ. Улмаар фэйсбүүк дэх DMNN зэрэг хуудсуудад “АТГ-ын дарга оффшорчдын талд ажиллаж хуулийн хамгаалалт хийж байжээ” гэх гарчигтайгаар видео бичлэгийг тараасан байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал нь 2018 оны 3 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Төрийн департаментын урилгаар авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх, цаашид хамтран ажиллах талаар айлчлал хийж байсан болно.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг шалгах ажиллагааг Авлигатай тэмцэх газар прокурорын хяналтан дор үргэлжлүүлж байна.

Энэхүү худал ташаа мэдээллийн улмаас олон нийтийн үнэн зөв мэдээлэл авах эрх зөрчигдөх, авлигатай тэмцэх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын олон нийттэй харилцах харилцаанд таагүй уур амьсгал үүсгэх, нийгэмд бухимдал бий болох зэрэг сөрөг үр дагавар төрүүлж болох юм. www.breakingnews.mn сайтын нийтэд тараасан энэхүү худал ташаа мэдээлэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан “…хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” зөрчлийн шинжийг бүрэн агуулж байгаа төдийгүй Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа тул Авлигатай тэмцэх газар цагдаагийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд нэг нас хүрсэн бол живх бүү хэрэглээрэй

памперстай хүүхэд зурган илэрцүүд

0-5 насныхны дунд шээс дамжуулах замын халдвар ханиад шиг элбэг байгаа бөгөөд энэ нь даамжирч бөөрний эмгэг болон хүндэрдэг байна. Энэ нь нэг удаагийн живхний зохисгүй хэрэглээ, хүүхдийн хувийн ариун цэврийг хангаагүй, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд хялгасан хорхойн халдварын тархалт их байгаатай шууд холбоотой.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөрний мэс заслын тасагт 2013 онд 600 орчим хүүхдэд мэс засал хийсэн бол 2014 онд мэс засал хийлгэсэн хүүхдийн тоо 800 гарчээ. Мөн бөөрний гажиг согогтой нярай төрөх нь нэмэгдсэнээр мэс заслын ийн огцом өссөн байна.

Өндөр хөгжилтэй орнуудад дөнгөж төрсөн хүүхдийг хэвлийн ЭХО-д харж, ямар нэг гажиг согогтой эсэхийг шалгадаг. Манай улсад нярай болгоныг толгой дараалан үзэх боломжгүй. Бөөрний эмгэгийг шинж тэмдэг хурцаар илэрдэггүй учир мэдэхгүй явсаар насанд хүрэхэд бөөрний архаг өвчтэй болсон байх нь бий гэж АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, клиникийн профессор Д.Агиймаа ярьж байна.
Орчин үеийн ээжүүд хүүхдэдээ байнга нэг удаагийн живх хэрэглэх болсноос давсагны үйл ажиллагаа тогтворгүй, шээсээ барьж чадахгүй өмдөндөө дусаадаг, шөнө орондоо шээдэг хүүхэд олширч байна.

2007 онд ЭХЭМҮТ-д ирсэн Америкийн профессор Америкт живхний хэрэглээ хавтгайрснаас үүдэлтэй дээрх сөрөг үр дагаврууд их гарч байгаа тухай манай эмч нарт хэлж байжээ. Тухайн үед манайд ийм байдал харьцангуй бага байсан бол өнөөдөр нийтлэг үзэгдэл болсныг Д.Агиймаа багш хэлж байна. Иймд:

  • Хүүхэд зургаан сар хүрч суудаг болсноос хойш тосож сургах, нэг наснаас хөтөвчинд суулгаж сургах нь чухал.
  • Живхийг 3-4 цаг хэрэглээ солих ёстой.
  • Живхийг сольсны дараа урсгал усаар бөгсийг нь угаагаад тосолж байх нь зөв.
  • Нэг наснаас хойш живх хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Мөн эрэгтэй хүүхдийн гадна бэлэн эрхтний хөгжилтэй холбоотойгоор живх хэрэглэх нь муу гэж ярьдаг нь төөрөгдөл аж. Живхний хэрэглээ талаас эрэгтэй, эмэгтэй хүүхдэд онцын ялгаа байхгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчид ирэх пүрэв гаригаас амарна

Сурагчид зурган илэрцүүд

Нийслэлийн ЕБС-ийн III улирлын амралт энэ сарын 22 буюу ирэх пүрэв гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчдын III улирлын амралт энэ сарын 26-наас ирэх сарын 9-нийг дуустал үргэлжлэх юм. Хөдөөгийн сурагчдын III улирлын амралтын эхлэх хугацааг бүс нутгийн газарзүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааруулж Засаг дарга нэг долоо хоногоор урагшлуулж болох аж.

Тэгвэл IV улирлын буюу зуны амралт 1-2 дугаар анги зургадугаар сарын 1-нээс, 3-5 дугаар ангийн сурагчдынх зургадугаар сарын 8-наас эхэлнэ. Харин 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 15-наас эхлэн амрах хуваарь гарчээ. Зуны амралт эхлэх хугацаа хот, хөдөөд ялгаагүй байх ю

Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар “Бүс ба зам санаачилга нь бидэнд алдсан боломжуудыг эргүүлэн олгож байна

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын

Парламентын Ассамблей дахь

“Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн бага хуралд хэлсэн үг

Хүндэт зочид оо,

Парламентын эрхэм гишүүд ээ,

Хатагтай, ноёд оо,

“Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн анхдугаар бага хуралд оролцож байгаадаа миний бие сэтгэл нэн хангалуун байна. Энэхүү бүлэг нь эртний уламжлалд тулгуурлан өнөө цагийн хамтын ажиллагаагааг хөгжүүлэх сонирхолтой парламентын гишүүд, засгийн газрын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох, өргөн хүрээнд хамтран ажиллах чухал талбар болон бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс нь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейд ийм бүлэг байгуулах Азербайжан улсын санаачилга болон БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгыг анхнаас дэмжиж байгаа нь түүхэн болон гео-эдийн засаг, улс төрийн учир холбоотой юм.

Монголчууд бид түүхэн болон соёл иргэншлийн үүднээс эртний Торгоны замын худалдаа арилжааны чухал оролцогч байж ирсэн билээ. Торгоны зам нээгдсэн цаг үеэс л Монголын өндөрлөг газар нь ачаа барааг тээвэрлэх тээврийн гол хэрэгсэл болох агт морьд, тэмээн хөсгийг нийлүүлэх гол суваг байсан. Жингийн цуваанд зүтгэх морьд, тэмээгүйгээр Торгоны замыг төсөөлөх аргагүй билээ. Тиймээс ч Баку хотын Үндэсний түүхийн музейд Монголчуудын тэмээн жингийн хонх эдүгээ хүртэл хадгалагдаж байгаа нь гайхах зүйл биш юм. XIII-XV зуунд Торгоны зам хөгжлийнхөө оргилд хүрч байсан нь Монголын Их эзэнт гүрэн уг замыг өөрийн хамгаалалтанд байлгаж, хөгжүүлж ирсэнтэй холбоотой. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 2006 онд гаргасан дурсгалын номонд зориулж Ерөнхийлөгч Илхам Алиеваас ирүүлсэн захидалд “Монголын эзэнт гүрэн нь Торгоны замын дагуу худалдаа арилжааг хөгжүүлэх баталгаа болж, худалдааны төв, суурин газар, гар урлал хөгжин цэцэглэхэд чухал хувь нэмэр оруулсан” хэмээн бичсэн байдаг. Тухайн үед Евразийн өргөн уудам нутагт худалдаа арилжаа, аялал жуулчлал цэцэглэн хөгжиж байсан төдийгүй соёлын солилцоо идэвхжиж, шинэ санаа, технологи, нээлтүүд өргөнөөр түгэн тархаж байсан. Тухайлбал, Хятадуудын нээсэн чухал нээлтүүд болох дарь, луужин, ээрэх дугуй зэрэг нь чухам энэ цаг үед л Араб, Европын орнуудад түгэн тархсан билээ.

“Бүс ба Зам” санаачилга нь Монгол Улсын далайд гарцгүй газарзүйн байрлалаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүдийг тодорхой хэмжээгээр бууруулах эдийн засгийн илүү боломжуудыг олгож байгаа учир бид энэ санаачилгыг талархан хүлээн авсан юм. 400-500 жилийн тэртээгээс далайн тээвэр хуурай замын тээврээс хямд төсөр болсноор Монгол зэрэг эх газрын орнууд харьцангуй давуу байдлаа алдсан. “Бүс ба Зам” санаачилга нь бидэнд алдсан боломжуудыг эргүүлэн олгож байна. Улс орныхоо хөгжлийг хурдасгахын тулд эрчимжиж буй худалдааны давуу талуудыг үр өгөөжтэй ашиглахын төлөө бид хүчин чармайх болно.

Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Евразийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад тус дөхөм үзүүлэх боломжтой нааштай арга зам бий болж байна хэмээн бид харж байна. Аюул заналхийлэл нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд энх тайван, тогтвортой байдал нь эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурь, эх үүсвэр нь юм. Хэрэв бид энх тайвныг тогтоож эс чадваас бусад зүйлсийг хэрэгжүүлэх боломжгүй болно. Ийм ч учраас Торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачилга дахь энх тайвны чиглэлийн агуулгууд нь тун чухал ач холбогдолтой юм. Иймд Торгоны замын санаачилгатай холбогдох байгууллагуудын ивээл доор “Энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн амлалт” (PPPP) хэмээх шагналыг бий болгох асуудлыг судалж үзэх санал дэвшүүлж байна. Энэхүү шагнал нь энх тайвныг хөхиүлэн дэмжих чиглэлээр шинэлэг санаа дэвшүүлж, судалгаа хийж байгаа залуу дипломатууд, эрдэмтэн судлаачдыг урамшуулан дэмжихэд зориулагдана. Ийм замаар Торгоны зам санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдэд залуу үеийнхний анхаарлыг хандуулж, тэдний оролцоог хангах боломжтой гэж үзэж байна..

Монгол, Хятад нь 4700 гаруй километр урт газар нутгаар хиллэдэг стратегийн түншүүд, найрсаг хөршүүд юм. “Хамтран хэлэлцэж, хамтран байгуулж, үр ашгийг нь хуваалцах” зарчимд тулгуурласан “Бүс ба Зам” санаачилга нь Хятадын Коммунист намын XIX Их хурлаас БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тунхагласан үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодит алхам хэмээн бид мөн үздэг юм.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр талт, гурван талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа тодорхой үйл ажиллагааны талаар танилцуулахыг хүсч байна. Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг бид өнгөрсөн онд байгуулсан. Энэхүү Санамж бичиг нь стратегийн бодлогын хамтын ажиллагаа, худалдааг дэмжих, дэд бүтцээр харилцан холбогдохыг урагшлуулах, санхүүгийн хамтын ажиллагаа болон иргэд хоорондын солилцоо зэрэг хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарч байна.

Бид хоёр талын хамтын ажиллагааны Санамж бичгийг бодит ажил болгохын зэрэгцээ ложистик, зам тээврийн чиглэл голлосон 32 төслийг хэрэгжүүлэх зорилт бүхий “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Эдгээр төслүүд дотроос Монгол Улсын төмөр замыг шинэчлэх, манай улсын нутгаар дамжуулан ОХУ болон БНХАУ, улмаар Ази, Европыг холбох хурдны авто зам барих болон ОХУ, БНХАУ-ыг холбох цахилгаан дамжуулах шугам байгуулах зэрэг гурван чухал төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Энэхүү гурван талын Эдийн засгийн коридорыг байгуулснаар Евразийн бүс нутгийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бид итгэж байна.

Дээр дурдсанчлан манай улс өөрийн хөгжлийн стратегийг “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж буй бөгөөд Азербайжан улсын хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагааг мөн “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулах боломжтой гэдэгт итгэлтэй байна. Улс орнууд хөгжлийн стратегиа уялдаатай хэрэгжүүлэх нь нийтлэг ашиг тусын тулд нөөц бололцоогоо үр дүнтэй ашиглах боломжийг олгох юм.

Би саяхан БНХАУ-д айлчлах үеэрээ “Бүс ба Зам: Зорчих нөхцлийг хөнгөвчлөх санаачилга” хэмээх “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын албаны хүмүүс, хөрөнгө оруулагчдын зорчих нөхцлийг хялбаршуулахад чиглэсэн саналыг дэвшүүлсэн. Санаачилгыг хэрэгжүүлэх үүднээс “Бүс ба Зам”-ын холбоотой арга хэмжээнд оролцох албаны төлөөлөгч, хөрөнгө оруулагч нарт зориулсан тусгай гарцыг хилийн хяналтын бүсүүддээ байгуулаад байна. Бид түүнчлэн дээрх ангиллын зорчигчдод виз олгох ажиллагааг хөнгөвчлөх журмыг нэвтрүүлж байна. “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн үйл ажиллагаанд оролцогчид ч энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.

Цаашид идэвхжүүлэх шаардлагатай өөр нэг чухал салбар бол соёл, спортын хамтын ажиллагаа юм. Эртний Торгоны зам ч зөвхөн худалдаа наймааны зам байгаагүй, улс орнуудын хооронд шинэ санаа, мэдлэг, шашин болон соёлыг түгээн нэвтрүүлэх чухал суваг байсан. Бидний цогцлоон байгуулахыг зорьж буй орчин цагийн Торгоны зам ч зөвхөн дэд бүтцийг бүтээн байгуулах тухай асуудал биш юм. Ард түмнүүдийг улам ойртон нягтруулахын тулд соёл, спорт, аялал жуучлалын арга хэмжээг олноор зохион байгуулах нь нэн тустайг би онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Хатагтай, ноёд оо,

Парламентын эрхэм гишүүд ээ,

ЕАБХАБ-ын дэмжлэгтэй энэхүү бүлгийн үр өгөөжийг бүрэн ашиглахын тулд оролцогч орнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Иймд ЕАБХАБ-ын гишүүн орнуудын парламентын гишүүд хооронд харилцан мэдээлэл солилцож, сайн туршлагаа хуваалцан хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэх нь зүйтэй юм.

“Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн төлөөлөгчдийг Хятадад илгээж “Бүс ба Зам” –ын санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа уялдуулах, идэвхжүүлэх арга, замуудыг ярилцаж илүү тодорхой болгох нь уг санаачлагад хамрагдаж буй орнуудын ард иргэдэд илүү бодит үр ашгаа өгөх юм гэж үзэж буйгаа эцэст нь дахин тэмдэглэн хэлмээр байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
гадаад мэдээ

Бээжингийн замын цагдаа хиймэл оюунтай нүдний шил ашиглаж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Бээжин хотын замын цагдаа хиймэл оюунаар тоноглосон нүдний шилийг туршиж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Уг шил нь замаар өнгөрч буй автомашинуудын дугаар болон жолоочийн царайг хэдхэн миллисекундын дотор таних чадвартай гэнэ. Хэрвээ машин нь “хар жагсаалт”-д орсон байвал шилэн дээр улаан дөрвөлжин дотор анхаарлын тэмдэг дүрслэгдэж зүүсэн цагдаад мэдээлэх юм.

Өнгөрсөн сар шинийн баярын өмнө Хятадын Хэнань мужийн цагдаа гэмт хэрэгтний царайг танигч шилийг төмөр замын өртөөн дээр хэрэглэж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл эдгээр ухаалаг шилнүүдийг LLVision компани бүтээсэн юм байна.

Хятад улс царай танигч технологийг сүүлийн үед эрчимтэй хөгжүүлж байгаа. Тус улс даяар 170 сая хяналтын камер ажиллаж, хүмүүсийн царайг шалгаж байдаг ба 2020 онд энэ тоог гурав дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Хэрвээ ингэж чадвал бараг хоёр иргэн тутамд нэг камер ноогддог болно гэсэн үг. Хятад улс 1.3 тэрбум хүн амынхаа дурын нэгний царайг 3 секундын дотор илрүүлж таньдаг болгох эцсийн зорилготой байгааг дотоодыг хамгаалах яам нь мэдэгдэж байв.

Ялангуяа салан тусгаарлах үзэл муслим хүн амын дунд өндөртэй Шинжаан мужид ийм технологийг хамгийн түрүүнд нэвтрүүлэх гэж байгаа юм. 2016 онд Шинжааны цагдаа иргэдийн дуу хоолойн мэдээллийн санг үүсгэж эхэлсэн. Ингэснээр утасны цаана хэн ярьж байгааг даруй мэддэг болох зорилготой нь тодорхой байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол цэргийн өдрөөр зэвсэгт хүчний 089 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, хэлсэн үгэндээ

“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, албан хаагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

Та бүхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 089 дүгээр анги үүсгэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947 оны Баруун хилийн тулгаралтад армийн дээд командлал, штабын бүрэлдэхүүнд авто техникээр үйлчлэх, ар талын материал хангалт, галт зэвсэглэлийг тээвэрлэх байлдааны онц чухал үүрэг гүйцэтгэж байсан хийгээд Улс ардын аж ахуйн бүтээн байгуулалтад оруулсан түүхэн гавьяат тус цэргийн ангийг Монгол Улсын төрийн дээд шагнал – Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол цэргийн тэмдэглэлт баярын өдрөөр гардуулан өгч байгаадаа баяртай байна.

Энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага, Зэвсэгт хүчний тайван цагийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад үнэтэй хувь нэмэр оруулан, шинэ түүх бүтээж, цэргийн гавьяагаа байгуулсаар байгаа тус ангийн үе үеийн эх оронч хөвгүүд, командлал бүрэлдэхүүний түүхэн хийгээд одоогийн хувь нэмэр, хичээл зүтгэл, байгуулсан гавьяаг өндрөөр үнэлж, Та бүхнээр бахархаж байгаа хэрэг юм. Түүхэн явцад тус ангиас салбарлан байгуулагдсан 026, 011, 107 дугаар ангиудад мөн баяр хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс орны бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг оролцуулж, ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэх “Бүтээн байгуулалт-Монгол цэрэг” хөтөлбөрийг дэвшүүлэн тавиад байгаа. Монгол цэрэг, зэвсэгт хүчин бол бүтээн байгуулалтын түүхэн арвин туршлагатай салбар, бие бүрэлдэхүүн байдгийн нэг жишээ нь Та бүхэн. Төр иргэнээ, байгууллагаа шагнана гэдэг бол бүтээсэн алдар гавьяаг үнэлэхийн зэрэгцээ байгуулах амжилт бүтээлд уриалан дуудаж, итгэл хүлээлгэж байгаа нэг хэлбэр байдаг.

Та бүхний улс орноо батлан хамгаалах, бүтээн байгуулах их үйлсэд амжилт бүтээлийн дээдийг, нийт албан хаагчдад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар бадартугай.

Баярлалаа” гэлээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

ЗурагОХУ-ын Алс Дорнодод тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхлэж, хамгийн зүүн бүс нутгууд болох Камчатскийн хязгаар болон Чукоткийн өөртөө засах тойргийн оршин суугчид тэргүүн ээлжинд саналаа илэрхийлж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.

ОХУ-ын засаг захиргаа болон нутаг дэвсгэрийн 85 субъект буюу нэгж нь цагийн 11 бүсэд оршдог. Оросын гол нутаг дэвсгэрт өдөр дуусаагүй байхад Камчатка болон Чукоткад ням гарагийн өглөөний 8.00 цаг болж, сонгуулийн хэсгийн комиссууд сонгогчдод үүд хаалгаа нээсэн байна.

Хуулийн дагуу санал хураалтыг орон нутгийн цагаар өглөөний 8.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл явуулдаг. ОХУ-ын зүүн хэсгийн оршин суугчдын хувьд гуравдугаар сарын 19 эхэлсэн байхад сонгуулийн сүүлчийн хэсгүүд хаагдана. ОХУ-ын Калининград мужид санал хураалт дуусах москвагийн цагаар 21.00 цагаас хойш Сонгуулийн төв комисс иргэдийн илэрхийлсэн саналын дүнг зарлаж эхэлнэ. Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 109 сая орчим сонгогч оролцохоор бүртгүүлсэн байна. Харин гадаадад хоёр сая ОХУ-ын иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Харин Монгол Улсад ажиллаж, амьдарч буй ОХУ-ын 2000 иргэн байгаагаас 1700 иргэн санал өгнө. Үүнээс 1300 Улаанбаатарт саналаа өгнө. Мөн Дархан, Эрдэнэтэд амьдарч буй ОХУ-ын иргэд санал өгнө. Сонгуульд урьдчилсан байдлаар 700 хүн сонгуулиа өгөхөөр бүртгүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн саналыг Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт хотуудад авч байгаа юм байна. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович 12.00 цагт Орос 14 дүгээр сургуульд санал өгөх бөгөөд энэ үеэр сонгуулийн ирцийн урьдчилсан дүн гарах аж.

Монголд саналыг гараар тоолно. Харин ОХУ-д саналыг хар машинаар тоолох бөгөөд нийт 13 мянган хар машин орос даяар ажиллаж байна.

2018 ОНЫ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД:

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нийслэлийн Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа.

Ингэснээр Төрийн тэргүүний нийслэлийн иргэдтэй хийх уулзалт өндөрлөж, орон нутгийн уулзалт маргааш Төв аймагт үргэлжлэх юм. Нийслэлийн долоон дүүрэг, 12 аймагт хийсэн уулзалтын статистикаас харвал аймаг, нийслэлийн уулзалтын үеэр 15 мянга гаруй иргэн Төрийн тэргүүний уулзалтад оролцож, 2500 гаруй иргэн санал хүсэлтээ биечлэн болон бичгээр илэрхийлсэн байна.

Эдгээр уулзалт санал хүсэлтийн дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмж, халамжийн асуудал байсан тул Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулж, тэтгэврийн тогтолцоог шинэчлэхээс гадна тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар санал боловсруулж, эрчимтэй ажиллаж байгаа гэж Төрийн тэргүүн Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр хэлсэн юм.

ТУХАЙЛБАЛ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Бидний уулзалтын эхний үр дүнгүүд гарч байгаа. УИХ, Засгийн газар зарим асуудлаа эргэж харж байгаа. Жишээ нь, Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байна. Та бүхний илэрхийлж буй асуудлууд хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжин та бүхний сонгосон хүмүүст хүрч байгаа. Ялангуяа, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлууд сонгуулийн өмнө их яригдаж байсан, одоо ч миний уулзсан газар бүр ярьж байна. Өнөөдөр нийт тэтгэвэр авч байгаа гурван хүн тутмын хоёр нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 220 мянган төгрөг авдаг. Ахмадууд 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдрахыг энэ нийгэм тулгаж байна. Гэхдээ бид ирэх дөрөвдүгээр сарын 5-нд буюу УИХ-ын Хаврын чуулганы нээлтээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргээч ээ, гэсэн саналыг УИХ-д өргөн барина. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Үндэсний тэтгэврийн тогтолцооны чиглэлээр ажил хийж байна. Богино хугацаанд ахмадуудынхаа тэтгэврийг үлэмж хэмжээгээр буюу доод хэмжээг 500 мянган төгрөг болгох боломжийг судалж, УИХ-д санал оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа. Тийм учраас та бүхэн ч гэсэн УИХ-ын гишүүдээ тойрогтоо ирэхэд энэ асуудлыг дэмжээрэй гэж хэлээрэй” хэмээн хүсэв.

Багануур, Налайх дүүргийн иргэд уулзалтын үеэр нүүрсний уурхай, бие даасан хот болох, Их, дээд сургуулиудын бүс болох зэрэг дүүргийнхээ зарим онцлогтой уялдсан асуудлыг ярьж байсан ч нийтлэг хөндөж байгаа асуудал нь мөн л тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, ажилгүйдэл, өр, зээл, зээлийн хүү гэх мэт асуудал байлаа.

Багануур дүүргийн 5-р хорооны иргэн Д.Батбаяр

Бид газар доор байгаа баялгаасаа хүртэх боломжгүй болсон байна. УИХ-ыг татан буулгах хүсэлтэй байгаа хэдий ч болдоггүй юм гэхэд буруу үйлдэл хийсэн УИХ-ын гишүүдийг тойрог, тойргоос нь буцаан татдаг эрхийг иргэдэд олгомоор байна. Түүнээс гадна сүүлийн 10 гаруй жилийн турш Багануур дүүрэгт оюутны хотхон барина гэж ярьсан. Дөрвөн ч Засгийн газар дамжсан энэ асуудал одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс цаашид хэрэгжих эсэхийг нь тодорхой мэдмээр байгаа юм. Учир нь, хэдийнээ оюутны хотхон барина гээд 10 га газар ямар нь мэдэгдэхгүй байгууллага авчихсан байгаа. Барихаар бол бариад барихгүй гэвэл энэ газрыг чөлөөлж, иргэдэд өмчлүүлмээр байна.

Налайх дүүргийн иргэн

Та бол Монгол Улсын хамгийн эрхэм, өндөр албан тушаалд байгаа хүн. Тиймээс үр хүүхдээ эргэж яваа эцэг хүнтэй адилтган үзээд үгээ хэлмээр байна. Манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээ, мэдээлэл үзэхээр их л хэцүү зүйлс сонсогдож байна. Энэ бүх асуудлын эх нь шүүх, прокурор байна гэж би үздэг. Тэд худал хуурмаг байгаагүй бол улс, эх орон ийм хэмжээнд байхгүй байх байсан. Энэ шүүх эрх мэдлийн байгууллагаа шинэчлэх хэрэгтэй. Мөн оффшор гээд л яриад байна. Бид 1990 оноос бүгд л ижил гараанаас гарсан. Энэ их хөрөнгөтэй болсон хүмүүс дандаа улсын мөнгө идэж, уусан хүмүүс байгаа. Тэр мөнгөө оффшор дансандаа хийсэн л хүмүүс байх. Гэтэл та хугацааг нь сунгаж, тэдний толгойг илээд байгаа юм шиг санагдах юм. Маш идэвхтэй даруй шийдвэрлэж, хөрөнгийг нь оруулж ирээд улсын өр дарахад зарцуулахад буруу зүйлгүй гэж бодож байна.

Багануур дүүргийн иргэн Л.Баатарсүрэн

Өнөөдөр Монгол Улсаас гадаадад ажилчин нэртэй хөдөлмөрийн насны, цэргийн насны олон сайхан залуус явж байна. Хэдэн зуун залуус жагсаж, дараалж байгаад явж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эзгүйдүүлж байна. Үүнд Монголын төр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, ямар нэг үйлдвэр, үйлчилгээ эрхлэхэд Хятадын хамааралгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явагдахгүй байна. 90 жилийн түүхтэй барилгын салбар, эрчим хүчний салбарын шилдэг инженерүүд нь яасан юм бэ. Монгол Улсын тусгаар тогтнол үнэхээр эмзэг байна. Төрийг ард түмэнд нь эргүүлж өгөх хэрэгтэй.

Налайх дүүргийн Тоосго үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Алтангэрэл

Налайхад 20 орчим тоосгоны үйлдвэр байдаг. Сүүлийн 20 орчим жил манай тоосгоны үйлдвэрийн захирлууд налайхчуудыг ажилтай, орлоготой байлгахын тулд өдийг хүртэл чадах ядахаараа ажиллаж ирлээ. Хийсэн бүтээсэн зүйл зөндөө бий. Тухайлбал, манай дүүрэг жилдээ нийслэлээс дөрвөн тэрбум төгрөгийн татаас авдаг юм байна. Гэтэл манай тоосгоны үйлдвэрүүд нийлээд ажилчдадаа дөрвөн тэрбум төгрөгийн цалин олгосон байдаг. Налайхын хөдөлмөрийн насны иргэдийн 20 орчим хувь нь тэдгээр тоосгоны үйлдвэрүүдэд ажилладаг. Гэвч маш олон бэрхшээл байсаар байна. Хэрвээ төр засгийн бодлого гэж байдаг, тэр нь зохицуулалттай байдаг бол ажил олгогчдыг жаахан харж үзмээр байна. Гэтэл төр, засгийн зүгээс үйлдвэрийг чинь хаана, торгоно, лацдана л гэх юм. Таныг бизнесийн салбараас гарч ирсэн учраас бидний жаргал зовлонг ойлгоно гэж бодож байна. Жишээ нь, өнөөдөр бид уул уурхайн ангиллаар цахилгааны төлбөр төлдөг. Алт, зэс, нүүрс зэрэг бүтээгдэхүүн нь валютаар үнэлэгдэж байгаа үйлдвэрүүдтэй адил хэмжээний төлбөрийг төлөх хүнд байна. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байна гэдэг нэрээр бидний цахилгааны төлбөр маш өндөр гарч байгаа юм. Тэр хэрээр бүтээгдэхүүний бодит зардал өсч байна. Тиймээс энэ асуудалд анхаарч өгөөрэй гэж танаас хүсмээр байна.

Багануур дүүргийн 4-р хорооны иргэн Раднаабазар

Банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, залуу гэр бүл 40 сая төгрөгийн ипотекийн зээл аваад бараг 30 сая төгрөгийг зээлийн хүүнд өгч байна. Энэ биднийг туйлдуулж байна. Тиймээс банкны зээлийн хүүг бууруулах асуудалд онцгой анхаарч өгөөч. Залуу эмч, багш нарыгаа дэмжих хэрэгтэй. Байгаа цалингаа зээлэндээ өгч, өсч дэвжиж чадахгүй байна шүү.

Багануур дүүргийн 4-р хорооны иргэн Жамъяндорж

Би их сургуулиа төгсөөд л энд ирж ажилласан. Насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан. Миний хань бурхан болоод гурван жил болж байна. Тэтгэвэр авдаг байхдаа зээл авч байсан юм. Нас барсных нь дараа би түүнийхээ тэтгэврийн зээлийг өөрийнхөө тэтгэврээр эргүүлэн төлж байгаа ийм нэг иргэн байна. Би ажил амьдралын хувьд ядарсан хүн байгаагүй юм шүү. Таныг хэлсэн үгэндээ эзэн байж, амласан зүйлсээ биелүүлээрэй гэж захимаар байна.

Налайх дүүргийн 2-р хорооны иргэн О.Алтансувд

Би сүүлийн үед өөрийнхөө нутагт амьдраад байна уу, эсвэл хүний нутагт амьдраад байна уу гэж бодох боллоо. Надад эх орон байна уу, төр гэж байна уу Ерөнхийлөгч өө. Миний өвөг дээдэс цусаа урсган байлдаж байж энэ эрх чөлөөг олж авсан, бидний үеийнхэн хөлсөө урсгаж байж улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан. Гэтэл бид өнөөдөр хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байгааг та бүхэн мэдэж байна уу. 251 мянган төгрөг. Энэ бидний авах ёстой мөнгө мөн гэж үү? Цагтаа би цалингаа хүртэл авдаггүй, дараагийн цалин хүргэдэг байлаа. Харин намайг хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гаргасан. Ингэж тэтгэвэрт гарсан нь миний буруу биш. Одоо тэгээд наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан байна гээд хөнгөлөлт эдлэхгүй байна. Ийм зүйлс байна. Бас залуусаа яах юм бэ. Архичин болгоод эсвэл харь оронд хөлсний ажилтан болгоод дуусгах юм уу? Албатгүй төр гэж байдаг. Албатгүй шүү. Тийм болчих вий дээ, бурхан минь. Сая баахан хүмүүсийг Солонгос явуулна гээд бүртгэсэн. Гурван жилээр явуулж байна. Та нар ард түмнийхээ амьдралыг үгүй хийж байна. Гурван жил. Бие холдвол сэтгэл холдоно гэдэг шиг гэр бүлүүд салж, хүүхдүүд өнчирч байна. Араар нь бөөн хятад, вьетнамууд боллоо.

Categories
мэдээ улс-төр

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай УИХ-ын гишүүд уулзлаа


УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарЦагдан хорих 429, Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ажиллаж, Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ “Ирэх долоо хоногт Женевт болох Олон улсын парламентын холбооны 138 дугаар чуулганд оролцоно. ОУПХ-ны Хүний эрхийн салбар хорооноос энэ удаа С.Зоригийн хэргийн талаар тогтоол гаргана.Хэргийг илрүүлж, буруутай гэх хүмүүст ял оноосон ч гэлээ араасаа олон эргэлзээ дагуулж байгаа тул бодит мэдээлэл өгөхөөр судалж байна” гэлээ.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Гэтэл захиалгат аллага хэмээх зүйл ангиар гурван хүн хоригдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны үед ээдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчийн талд шийдвэр гаргана гэдэг үндсэн зарчим зөрчигдөөд байна. Иймд хэргийн материалуудын ил болсон хэсгийг Хүний эрхийн хороон дээрээ ярилцана. Улсын Их Хурал Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг баталсан. УИХ хууль батлахаас гадна баталсан хуулиа хянах ёстой. Монгол Улсад хууль хэрэгжих ёстой. Нэг ч иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Хэрэв зөрчигдсөн бол бид хамгаална” хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүд яллагдагч нар болон тэдний ар гэрийнхний гаргасан гомдол саналууд дээр үндэслэн санал дүгнэлтээ нэгтгээд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон Хуульзүйн байнгын хороо, Хуульзүй, дотоод хэргийн яаманд танилцуулах юм байна.