Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төв аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан хүндэтгэн угтсан юм.

Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцаж, тус аймгийн нутагт хэрэгжиж буй Шинэ нисэх онгоцны буудал зэрэг төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, мөн дагуул хот гэж нэрлэгдэж байгаа “Майдар” төслийн талаар ярилцсан юм.

Мөн иргэдтэй уулзах үеэрээ Төв аймагт дэд бүтэц хангалттай хөгжсөн ч бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд бага, аймгийн удирдлагууд нөөц боломжоо хангалттай ашиглаж чадахгүй байгаа талаар иргэдтэй ярилцав.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төв аймагт дэд бүтэц өндөр хөгжсөн. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын асар их боломжтой мөртлөө, үүндээ маш хойрго ханддаг. Жишээ нь, аялал жуулчлалын бодлого байхгүй байна. Уг нь, бидэн шиг арвин, ярьж барахгүй түүхтэй улс цөөн. Гэвч бид үүнийгээ ашиглаж чадахгүй, мөн дэд бүтэцгүйн улмаас аялал жуулчлал төдийлөн хөгжихгүй байгаа. Харин танай аймагт шинэ нисэх онгоцны буудал баригдсан. Энэ ажлыг би Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа өөрөө зургийг нь гаргаж, ажлыг нь эхлүүлсэн. Гэхдээ зүгээр нэг энд бариагүй, аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бодлоготой уялдуулан байршлаа сонгосон. Удахгүй УИХ-ын Хаврын чуулганы нээлтийн үеэр аялал жуулчлалын бодлогоо УИХ-д оруулна. Тухайн үед аялал жуулчлалын бодлого илүү тодорхой болох байх. Хөшигтийн хөндийд аялал жуулчлалын бүс бий болж, ажлын байр олноор бий болох бүрэн боломж байдаг. Бидний хийсэн тооцоогоор 1-5 сая хүртэлх жуулчин татах боломжтой. Энэ бол бүтээн байгуулалтын олон төслийн ердөө багахан хэсэг нь” гээд төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Харин иргэд ажлын байр, тэтгэвэр, тэтгэмж, аймаг орон нутагт нь болж байгаа уул уурхайн асуудалтай холбоотой маргаан, төрийн албаны халаа сэлгээ өндөр байгаа талаар ярьж байв.

Төв аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч Т.Батсайхан

Манай аймагт ажилгүй хүн гэж нэг хэсэгтээ байгаагүй. Өмнө нь оёдлын үйлдвэрүүд ажиллаж байх үед иргэд ажилтай, орлоготой байсан. Бидний хийсэн бүтээгдэхүүнүүд АНУ-руу хүртэл гардаг байлаа. Оёдлын үйлдвэрүүд хаагдсанаас хойш бүгд ажилгүй болж, мөнгөтэй нэг нь ТҮЦ эрхлээд л амьдарч байна. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ёстой байтал дэмжихгүй байна. Ажил хөдөлмөр эрхлэх гэхээр намын харьяалал хардаг, тэр харьяаллаараа худгийн ус түгээгчийг хүртэл ажлаас нь халж байна. Төв аймгийн оёдолчид аймгийн бүх л хэсэгт амьдарч байгаа шүү. Ердөө нэгхэн оёдлын үйлдвэр барихад л Төв аймгийнхан ажилтай болохоор байна. Дээрээс нь татварын дарамт их, намайг үйлдвэрлэлээ хаахад хүргэж байна.

Төв аймгийн Зуунмод сумын иргэн Бира

Монголчууд бид олон тэрбум ам.долларын өрөнд орсон байна. Таныг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Ерөнхий сайд БНСУ-аас мөнгө зээлж, зэлсэн мөнгөөрөө утаа багасгана гэлээ. УИХ дарга бас Турк явж мөнгө зээлсэн байна. Үүнийг өөрчлөлт гэж үзэх үү? Мөнгө зээлээд л оффшорт хийгээд байгаа шүү дээ. Хоёр хөршийн туршлагаар бол шууд л барьж ирээд хорьдог. Харин Монголд 49 хоногийн хугацаа өгч харин ч толгойг илээд байна уу гэж харлаа. Одоо тэгэлгүй хоёр хөршийн жишгийг хармаар байна. Энэ хоёр улсаас мөн хөгжлийн гарцыг нь харахад ч буруудахгүй гэж боддог. Одоогийн энэ тогтолцоогоор бид цаашдаа хэрхэн явах нь тодорхойгүй байна. Шинэ Үндсэн хууль гэж яриад байгаа. Тэр Үндсэн хуулийг нь судалж, ард түмэн сонгодог, сонгосон шиг эргүүлэн татдаг шударга тогтолцоотой байх шаардлагатай гэж бодож байгаа. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж өгөөрэй.

Төв аймгийн Заамар сумын иргэн О.Амгаланбаяр

Үндсэн хуулийн 6.1-т зааснаар газрын доорх баялаг ард түмний мэдэлд, төр түүнийг нь хамгаална гэсэн заалт байдаг юм байна. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хайгуулын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг юм байна. Тэгвэл манай Заамар сум 27 жилийн хугацаанд уул, уурхайн нөлөөлөлд байгаа. Энэ хугацаанд нутгийн иргэд бие сэтгэл, соёл иргэншлээрээ хохирч байна. Жил гаруйн өмнө манай нутгийн 15 мянга гаруй га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Хуулиас давсан журам батлагдаж, Төв аймгийн удирдлагуудын оролцоотой тэр тусгай зөвшөөрөл олгогдсон гэж бид үзэж байгаа. Гэхдээ иргэд жил гаруй тэмцэж, иргэдэд ээлтэй үр дүн гарах болов уу, гэж харж байгаа тул таныг энэ асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байна.

Төв аймгийн Зуунмод сумын иргэн Эрдэнэтулга

Гуравдугаар сарын эхээр Солонгост амьдрах монголчуудыг бүртгэсэн. 18-39 насны, ажил хөдөлмөр хийх насны залуучууд цементэн шалан дээр 2-3 хонож, гэрээнд бүртгүүлж байна. Би тэднийг буруутгахгүй байна. Яагаад гэвэл залуучуудад ажил үнэхээр олдохгүй байна. Хоёрдугаарт, тэднийг нөхөж Хятад улсаас маш олон хүн Монголд ажиллахаар ирдэг. Одоо миний ажиллаж байгаа газарт ч гэсэн маш олон хятадууд байдаг. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг цементийн үйлдвэрт би ажилладаг юм. Тэнд монголчууд цалин бага авч байна. Хятадын мэргэжилтэн гэж ирсэн хүмүүс олон сая төгрөг авдаг. Гэвч, бидний ажил хийж байгаа байдал, чадварын хооронд ямар ч ялгаа байхгүй. Бид хийж чадна. Эх орондоо хөдөлмөрөө үнэлүүлж, эзэн нь болмоор байна.

Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн иргэн Дагвасүрэн

Сая урд хөршийн удирдагч хугацаагүй эрхтэй боллоо гэж байна. Хойд хөршийн Ерөнхийлөгч ч гэсэн дахиад сонгогдох юм шиг байна. Удирдагчид нь сайн ажиллаж байгаа учраас иргэд нь сонгож, хуулиа сайн биелүүлж, улс орноо хөгжүүлдэг байх гэж бодож байна. Хоёр удирдагч хоёулаа оффшорчид, хулгайчдыг үзэн яддаг, дургүй гэдгийг нь олон нийтийн сүлжээнээс харж, мэдээ сонсож байна. Хулгайч нараасаа салж байж л улс орноо хөгжүүлж байгаа болов уу. Тиймээс бид ч гэсэн оффшорчид, хулгайчдаасаа нэн тэргүүнд салах хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

А.Энхтайван: Эрдэнэбулган ах намайг “Чингис хааны дүр хэн хүнд олддоггүй юм” гээд сандал бариад элдэж байлаа

“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хааны дүрд

Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Агваанцэрэнгийн Энхтайвантай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр дэлхийн сонгодог болон Монголын үндэсний олон дуурийн дүр бүтээснээс гадна “Балжийн гол”, “Ононы шугуй”, “Хан Хэнтий уул минь”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” зэрэг олон дууны аялгуу зохиосон уран бүтээлч билээ.


-“Морин хуур” наадамд аялгууг нь зохиосон дуугаараа тэргүүн байр эзэлсэнд тань баяр хүргэе!

-Дуунд дуртай Монголын ард түмнийг баясгаж цэнгүүлдэг оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур” наадмыг 1987 оноос зохиох болсноос хойш 31 дэх жилтэйгээ сая золголоо. Энэ гучин нэгэн удаагийн бараг хорь гаруй наадамд нь ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Оны шилдэг дуу, хөгжмийн зохиолч, шилдэг уран бүтээлч шалгаруулна гэдэг анхандаа тодорхой хүрээний ажил байснаа сүүлдээ нийтийг хамарсан зүйл боллоо. Энэ наадамд эхэндээ хөгжмийн зохиолчид л оролцдог байлаа. Одоо харин ая зохиогч залуус маань маш өргөн оролцож байна. Хотын уран бүтээлчдээс гадна хөдөөгийнхөн оролцох болсон нь сайшаалтай.

Монголчуудад нэг зүйл дутагдаж байсан үе бий. Компьютерийн эрин зуун гээд медиа хөгжим гарч ирж, дуулаачдыг бэлдэх сургууль маш олноор байгуулагдаж ажлын байргүй дуучдыг гаргаж эхэлсэн. Үүнээс болж энэ дуучид ямар нэгэн байдлаар хоолоо олж идэхийн тулд нэгэнтээ дөрөв, таван жил сургуулийн төлбөр төлсөн болохоор эцэг эхдээ ямар нэгэн юм хийсэн болж харагдахын тулд студиудыг бараадаж эвлүүлэг хийж медиа хөгжимтэй дуу гаргаж эхэлсэн. Зарим нэг тодорхой авьяастнууд нь урлагийн ямар нэг байгууллага бараадаж уран бүтээл хийж байх шиг байна.

Харин олонх нь ажилгүй болцгоодог. Эдний дунд нийтийн дуучид гэсэн хэсэг бий болсон. Эд хүмүүст аль болохоор хүрэхийн тулд компьютер дээр дуу эвлүүлж, хүн дуулахад авсаархан гэж хоолойны цар хүрээ шаардахгүй жижигхэн, худалч хүнд нэг ноотон дээр үглэсэн тогшсон шахуу дуунуудыг дуулсан нь нэг хэсэг түрэн гарч ирлээ. Энэ байдал ард түмэнд муугаар нөлөөлж байгаа юм.

-Муугаар яаж нөлөөлж байна гэж?

-Яагаад гэвэл найман настай балчраас наян настай буурал хүртлээ гэртээ “Найгал гол”-ыг найгатал нь найман түмнээ жаргатал нь дуулдаг байсан хоолойны чадал багтаамж сүүлийн хориод жил тун багасаж ирлээ. Хөдөөгүүр явж байхдаа ажиглахад “Тэрний дуулдаг, энэний дуулдаг дуу” гэсэн үглэдэг муусайн дуу л сонсогдож байх юм. Том дуунуудыг дуулахад сонирхолтой болгох, “Дуулдаг хүн дуулаад явмаар, дуулдаггүй хүн сонсоод явмаар” дуунуудыг төрүүлэхэд “Морин хуур” наадам чухал нөлөөтэй. Айлын найран дээр очоод “Эр бор харцага”-ыг бөөнөөрөө дуулахад хэчнээн том багтаамжтай дуу билээ дээ. “Хэрлэнгийн баръяа” гэхэд аль хэр чадалтай хоолойг шаарддаг билээ. Ардын бэсрэг дуунууд гэхэд л дээшээ, доошоо гүйсэн, үсэрсэн дуунууд байдаг билээ дээ. “Өөрийн нутаг” гэсэн дуу байлаа гэхэд л тэр дээр цангинаж байснаа тэртээ доошоо унаад л ямар гайхамшигтай нугалаа, аязтай сан билээ. Монголчууд маань ийм сайхан дуунуудаараа хоолойгоо хөгжүүлж ирсэн байна. Сүүлийн жилүүдэд алдагдсан хоолойн чадлыг нөхөхөд энэ “Морин хуур” наадам маш их нөлөөлнө. Эл наадамд мэргэжлийн бүх төрлөөр нь шалгаруулах хэмжээнд оччихлоо. Мэргэжлийн, нийтийн, эстрадын дуу гэсэн төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулж эхэллээ. Энэ бол яах аргагүй дэвшил.

-Та “Дангина” дууныхаа тухай яривал сонин доо?

-Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ганболдын Сонинбаяр бид хоёр хамтарч хэд хэдэн дуу бүтээсэн. “Цэцэн ханы нутаг” гэсэн сайхан дуу хийж дуучид кино концерт маягийн юм хийж дуучид дууллаа. Сонинбаяр найрагч “Дангина” хэмээх шүлгийг хоёр жилийн өмнө өгсөн юм. Бодож явсаар аялгууг нь хийж, найруулгыг нь “Анир” студийн Алтанхуяг 2016 оны өвөл хийлээ. Энэ дууг анх Хэнтий нутгийн хүү, дуучин Чулуунбаатар дуулсан юм. Дуучин Цэрэнчунт бас дуулж, цахимд ч тавьсан. Энэ жил Хэнтийн Батширээтийн хүү, дуучин Нямдаваа маань “Дангина”-г дуулж “Морин хуур”-т оръё гэж гуйсан. Би өмнө нь Нямдаваадаа “Балжмаахан”, “Сэнхэр нутаг” гэсэн дуу хийж өгч байлаа. Буриад талын уран бүтээлийг хөгжүүлье гэсэн буриад сэтгэлгээтэй хүүхэд л дээ. Нямдаваа “Дангина”-гаар нэгдүгээр шатнаас л өндөр оноо авсан. Хоёрдугаар шатанд тасархай оноо авч тэргүүллээ. Сонинбаяр дууны үгээ бүгдийг буриад аялгад оруулъя гэхэд нь би “Хэрэггүй ээ, өнөөдөр халх талдаа үгтэй байж нийтийн хүртээл болно. Буриад тал нь цөөхөн. Тэгэхээр цөөнхөд зориулсан юм болчихно. Халхуудынхаа дунд амьдарч буй юм чинь халхууддаа зориулсан байх нь зөв юм уу” гэж учирлаж байж энэ дуу бүтсэн дээ. Үнэндээ Монгол Улсад дөчин наймаас дөчин есөн мянган буриад байдаг юм шүү дээ. “Дангина” дууны нэртэй кино зохиолыг соёлын тэргүүний ажилтан Бямбаагийн Баярмагнай бичсэн. Кинонд энэ жил шуурхай орж байна. “Алтаргана” наадмаас өмнө дуусаж үзэгчдийн хүртээл болох юм.

-“Дангина” гэдэг кинонд юун тухай өгүүлэх бол?

-Дангина гэдэг чинь ерөөс дагина гэсэн үг л дээ. Дагина гэж гоо сайхан, үлгэрийн гүнжийг л хэлдэг шүү дээ. Үлгэрийн буюу Хурмастын хааны охиныг дагина гэдэг. Киноны гол санаа нь юу вэ гэвэл Асур тэнгэрийн долоон гүнж газар дэлхийд бууж цэнгэг усанд булхаад нисдэг. Газарт буухдаа гоо сайхан долоон охин болдог, нисэхдээ хун болон оддог. Есдүгээр зууны дунд үед монгол нутагт аж төрж асан Хорь Түмэдийн ноён Хорилардай мэргэн долоон гүнжийг бууж ирэхийг ан хийж явахдаа хараад нэгнийх нь хунгийн өмсгөлийг нуугаад авчихаж байгаа юм. Энэ дагина энд үлдсэнээр киноны үйл явдал цааш өрнөдөг юм. Ярьчихаар ямар ч сонирхолгүй болчихно биз дээ. (инээв. сур) Манай буриадуудын дунд Дангина гэдэг үг тэр домгоос улбаатай болов уу гэж би боддог юм.

-Таны уран бүтээлд буриадуудын тухай их тусдаг. Өөрөө буриад хүн үү?

-Би ч одоо буриадсаад байх ч юу байхав. Хүмүүс намайг “Чи буриад” л гэдэг юм. Би ч айхтар “Би буриад биш” гэж зүтгэдэггүй. Тэгэхдээ унаган удам угсаагаараа би цэвэр халх монгол хүн. Миний ус нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумын зааг. Аав минь надад Баян-Адаргын Баян-Өлзийт багт төрсөн гэдэг. Сүүлд сонсох нь ээ, Биндэрийн Бор-Овоогийн Уртын эх газар төрсөн гээд байгаа. Миний бие бол Бор-Овоогийн Уртын эхийг л тоонотоо гэж бодох болсон. Биндэр гэхээр хүмүүс буриад гэж ойлгох нь бий. Аав ээж хоёр минь хоёулаа халх, бүр боржигон хүмүүс юм. Аав Шаравын Агваанцэрэн Хөвчийн Жонон вангийн нутаг Баян-Адаргын хүн. Хөвчийн Жонон вангийн хөх харчуулын нэг л гэж би өөрийгөө боддог. Ерэн нэгэн онд би удам угсаа, гарал үүслийнхээ талаар ааваасаа асууж байлаа. Тэгэхэд аав минь Хэнтийн Өндөрхаанд бие муу хэвтэрт байсан. Би гэдэг хүн эзэн хааныхаа дүрд тоглоод байж байдаг. Балжинням найруулагчаас хоёр хоногийн чөлөө аваад Өндөрхаанд очиж байв. Тэр бол аавтайгаа уулзсан, үг яриаг нь сонссон сүүлчийн уулзалт байлаа даа. Би хөвч тайгаар нутаглаж байсан монголчуудын их дээд удам угсаатны нэг нь юм.

-Удам судраа хөөхөөр Чингис хаантайгаа холбоо сүлбээтэй болох нь уу, тэгээд?

-Мэдэхгүй, тэрийг би одоохондоо сайтар судлаагүй байна. Тэгэхдээ аавын маань аав Намсрайжав тайж гэж дөтгөөр зэргийн хохь тайж хүн байсан. Хөгшин ааваас маань дөрвөн сайхан хүү төрсний отгон нь миний аав. Аавыг хоёр настай байхад айлд өргүүлсэн юм билээ.

-Та хөгжмийн зохиолчийн хувьд дууны болоод хөгжмийн уран бүтээл аль хэр хийв дээ?

-Миний мэргэжлийн дуучдад зориулсан, симфони оркестртой дуулах хоёр зуугаад дуу бий. Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони хоёрын ноотны санд байгаа нь гэсэн үг шүү дээ. Сүүлийн үеийн медиа хөгжимтэй хийсэн нийтийн дуу гурван зуугаад орчим юм байна. Нийтдээ таван зуугаад дуу хийсэн юм болов уу. “Хүн танаа”, “Тэмүжин Танаа” гэсэн хөөрхөн симфони удиртгал маягийн юмнууд бий. Бас таван киноны хөгжим бичсэн байдаг юм.

-За, ямар ямар кинонуудын хөгжим билээ?

-Хамгийн эхлээд “Мойлхон” киноныхоо хөгжмийг дангаараа бичсэн. Энэ хөгжмийн симфони оркестрийн хөрвүүлгийг 2008 онд төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав ах маань хийж өгч байсан. Казах, Монголын хамтарсан “Хүмүчи мэргэн” киноны хөгжмийг бичсэн. Японд болсон олон улсын кино урлагийн наадмаас хөгжим нь гранпри шагнал хүртэж байлаа. “Үхэрт Хүйтэн” гэж киноны хөгжим байна. Үхэртийн нууранд Хүйтэний булаг нь цутгадаг. Энд 1915 оны үед амьдарч байсан хоёр сайхан залуу хосын тухай “Үхэрт Хүйтэн” хэмээх ЮНЕСКО-д бүртгэгдсэн дуу байдаг. Энэ дуунаас домоглосон киног манай эхнэр Б.Баярмагнай бичиж, Өмнөд монголын гурван баргынхантай хамтарч хийсэн юм. “Тэнгэрийн хүү” гэдэг түүхэн кино, Улаанбаатарын шар хантаазтануудын тухай “Бардо” гэсэн кинонуудын хөгжмийг бичсэн юм байна. “Тэнгэр язгуур” хэмээх дуулалт киног 2016 онд хийлээ. Гоцлол, ари, романс, дуэт, квартет, найрал дуу гээд бүрэн хэмжээний төрлүүд багтсан дуулалт кино л доо. “Тэнгэр язгуур”-аа Говьсүмбэр аймгийн театрт тайзны уран бүтээл болгож тавих санаатай ажиллаж байна.

-Ардын уран зохиолч С.Эрдэнэ, төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, эрдэмтэн-зохиолч Дүгэржавын Маам нарын их туурвилчдын зохиолыг нь бичсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Их хааныхаа дүрийг бүтээх их хувь заяа танд л тохиож дээ. Та энэ дүрээрээ дэлхийн монгол туургатны их хаан боллоо. Таныг хүлээж байхдаа хүртэл би их хаанаа л гэж хүндэтгэн хүлээж байлаа?

-(Инээв) Монголчуудын нандигнан хадгалж, өнөөг хүртэл шүтэн биширч, үр хүүхдэдээ үлгэр мэт ярьж өгдөг нэг том бүтээл бол “Монголын нууц товчоон” юм. “Монголын нууц товчоон” хэмээх энэ агуу бүтээлийг нэлээд хэдэн орон амьдруулах, дүрсжүүлж, кино болгохоор зориглосон байдаг юм билээ. Монголчуудын хувьд наян есөн оны өвөл Чингис хааныг мөнхжүүлэхийн тулд зүтгэсэн. Тэр үед С.Эрдэнэ, Д.Батбаяр, Д.Маам гуай нарын агуу их зохиолчид зориг шулуудан зохиолыг нь бичсэн. “Мандухай цэцэн хатан” Ш.Нацагдорж гуайн бичсэн зохиол шүү дээ. Хаалттай нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байсан түүх гээч юмаа их сайхан зохиомжилсон бүтээл шүү дээ. Дүрийг нь ч манай Сувдаа эгч сайхан гаргаж ирсэн. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хувьд бол хөдөлгөж болшгүй нэг зүйл “Монголын нууц товчоон” хэмээх судар байсан. Энэ судраар Өмнөд монголчууд маань кино хийчихсэн, Америк, Германчууд кино хийчихсэн үе шүү дээ. Миний хувьд төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ахад их талархаж явдаг. Наян есөн оны арванхоёрдугаар сард төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Нацагдорж багшийн “Үүлэн заяа” дуурийн нээлтийг хийсэн. Би тэр үед ДБЭТ-таа ажиллаж байлаа. Эхний тоглолтыг үзэж гарч ирээд Жанцанноров гуай “Энхтайван чамд баяр хүргэе. Чи маргааш дуулах уу” гэсэн. “Дуулна аа” л гэлээ. Тэгсэн маргааш нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны багийг тэр чигээр нь авчирч үзүүлээд, надтай уулзан, Кино үйлдвэр дээр намайг аваачсан. Тэгэхэд Монголын урлагийн байгууллагуудаар хот хөдөөгүй яваад таван зуу гаруй проб хийчихсэн байсан шүү. Ерэн оны хоёрдугаар сар хүртэл видео проб хийгээд “Та тэнцлээ” л гэсэн. “Би тоглохгүй, Дуурьтаа ажиллана” гэлээ. Эрдэнэбулган ах намайг “Тэр кинонд тогло чи. Чи наад толгойгоо мэддэг юм уу. Наадах чинь төрийн мэдлийн улсын толгой. Чи юундаа хийж энд хоргодоод байгаа юм” гээд сандлын мод бариад хөөж байсан даа. Тэгснээ дараа нь намайг өрөөндөө дуудаад “Эзэн богд Чингис хааны дүр гэдэг чинь хүнд тийм амархан олддог юм биш. Чи яв, тогло. Чиний 875 төгрөгийн цалинг 1250 төгрөг болгож Кино үйлдвэр рүү шилжүүллээ. Яамны сайдын цалин гэсэн үг. Хоёрхон жил шүү дээ. Завсарт нь Дуурьтаа дуулаад явж бай” гэсэн. Би чинь Свердловскийн Уралын хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд дөнгөж тавхан жил дуулж байсан үе байхгүй юу. Би энэ таван жилд Дуурийн театртаа эрэгтэй хүний нарийн тенор хоолойны сонгодог бүх фактурыг хийчихсэн байсан юм. Тэрийгээ хаяад явна гэдэг надад их гунигтай байсан.

-Босгосон бүхнээ л нураана гэсэн үг байжээ дээ?

-Кинонд хоёр жил явчихаад ирээд дуулна гэдэг дахиад шинээр сурахтай адил юм болно шүү дээ. Хөгжим гэдэг чинь тийм нарийн, тэгж хүний ой тойнд шингээж байж, цэг таслалгүй гэдэг шиг бүх пауз энэ тэрийг цээжилж байж дуулдаг байхгүй юу. Булгаа ахыг учирлаад байхаар аргагүй Кино үйлдвэр рүү шилжиж очсон доо. Ер нь манай Балжинням багш ярьдаг юм. “Анх чамайг хааны 45 насны дүрд будуулаад ороод ирэхэд гол руу зураад л явчихсан” гэдэг юм. Би хэний дүрд тоглож буйгаа ч эхэндээ мэдээгүй. Төрийн соёрхолт зураач Пүрэвсүхээс асуухад “Яг шүү” гэж байсан. Эрдэнээ гуай, Батбаяр гуай, Маам гуай, Шаравдорж гуай нар намайг гарсны дараа “Ёстой сонин хүүхэд юм аа. Энэнтэй л ажиллая” гэцгээсэн байдаг юм.

-“Мөнх тэнгэрийн хүчин дор”-оос өөр ямар кинонд тоглолоо?

-Энэ кинонд тоглосноос хойш маш олон найруулагчид “Кинонд тоглооч” гэж урьж байсан. Төрийн шагналт найруулагч Балжинням багшдаа хэлтэл “Үгүй яахав дээ, Чингисээс илүү дүр бүтээнэ гэвэл тоглоод явахгүй юу” гэсэн. Тэгээд л би тэр саналуудыг хүлээж аваагүй дээ.

-Танаас хойш маш олон Чингис “төрсөн” дөө?

-Гаднахаа тоочихоо байг гэхэд дотооддоо маш олон Чингис төрсөн. “Хасар” Жагаа маань Чингист тоглолоо, Жамухад тоглосон Цагааны Төмөрбаатар маань Чингист тоглосон. Манай Шихихутагт тоглосон Батбаатар маань ч нэг Чингисийн дүр гаргасан. Махааны Оргил бас “BBC”-гийн ч бил үү, Чингист тоглосон гээд яриад байдаг. Би мэргэжил нэгт урлагийнхан, жүжигчдээ Чингис хааны дүрд тоглохыг ер буруушаадаггүй. Монгол эр хүн болж төрснийхөө хувьд тоглох л ёстой, бүтээх л учиртай. Гагцхүү хэн нь ямар дүр бүтээж, яаж ард түмэнд хүрсэн бэ гэдгийг манай ард түмэн өөрснөө л шийднэ. Аль Чингисийг шүтэх нь тэдний л дур. Өнөөдрийн байдлаар Чингис хаанд тоглосон бүх найзууддаа би баяр хүргэе. “Атга нөж” жүжигт Догмидын Сосорбарам маань сайхан дүр бүтээлээ. Би харин эдэндээ танай сониноор дамжуулж нэгэн зүйл учирлах гэсэн юм.

-Та юу учирлана гэж?

-Чингис хааны дүрийг бүтээсэн хүн бүхэн Их хааныхаа өмнө өртэй. Тиймээс энэ сайхан дүрийг бүтээсэн Монголын уран бүтээлчид минь ээ, бүгдээрээ нэгдэж нийлээд Бурхан Халдун уулан дээрээ очдоггүй юм гэхэд наад Цагаан арал дээрээс нь Бурхан Халдуныхаа оройг харж байгаад Их хааныхаа ариун цагаан сүнсэнд хүндэтгэл үзүүлсэн нэг юм зохион байгуулах юм сан. Болж өгвөл энэ жилийн наадмын наана хэдүүлээ ямар нэгэн юм тэнд хийе гэж уриалж байна. Их хааныхаа хувцас хунаргүй ч байсан амьдралынхаа жирийн хувцастайгаа очоод үнэн сэтгэлээсээ өчил өчөөд сайхан тахилга тайлга хийчих юм сан гэж би боддог юм. Тэгвэл мөн ч сайхан аа. Үүнийг л дамжуулж өгөөч гэж гуйя даа.


Categories
мэдээ цаг-үе

Монгол гэж худлаа цээжээ дэлдсэн бүлэг этгээдүүд бусдын амар тайван амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна

Даяар Монгол зурган илэрцүүдНасаараа хүний дарамт, айлган сүрдүүлгээс зугтаж амьдран, аж төрнө гэдэг үнэхээр аймшигтай. Зарим нэг монголчуудын овиргон зан бусдыг шашин шүтлэг, нас хүйс, баян ядуугаар нь ялгаварлан гадуурхах үзэгдэл өнөөгийн нийгмийн гаж илэрхийлэл болоод байна. Чингисийн монгол гэж худлаа цээжээ дэлдсэн зарим залуучууд нэгдэн Монгол гэх нэрийг барьж бусдыг доромжилж, зодож, танхайрч байгаа хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч, энэ нийгэмд жирийн иргэн амьдрах аргагүй, амьд явах баталгаагүй байдал газар авч байна. Энэ талаар бид дараах сурвалжилгаараа иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулах гэсэн юм. Нэлээд хэдэн жилийн өмнө 2013 оны таван сард нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Туяа түүний нөхөр Эрдэнэцогт нар тухайн үед Есүсийн сүмд ажиллаж, Библийн сургаалыг хүмүүст таниулан, ойлгуулдаг байжээ. Манай улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжиж, 1992 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталсан байдаг. Энэхүү үндсэн хуулиар иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь бүрэн олгосон байдаг. Гэтэл Эрдэнэцогтын гэр бүлийг харийн шашин шүтэж, бусдад түгээсэн гэх шалтгаанаар бүлэг залуучууд нийлэн зодож, амь насанд нь заналхийлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Есүсийн сүмээс танилцуулгаа аваад гарч явсан Эрдэнэцогт, Туяа нарыг өөрсдийгөө “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн гэж тодорхойлсон дөрвөн залуу тус сүмийн ойролцоох автобусны буудлын ард зодож, танхайрсан байна. Бүлэг залуучууд нийлж гэр бүлийн хоёр хүнийг хэрцгийгээр зодож байхад ойр орчим байсан хүмүүс туслах нь битгий хэл харийн шашин сурталчлах нь буруу гэж ярьцгааж байжээ. Улмаар нэгэн настай эмэгтэй цагдаад дуудлага өгч танхай этгээдүүдийг албаныхан баривчлан авч явснаар Д.Эрдэнэцогтын гэр бүл амь гарчээ. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн тойргийн ойролцоо орших “Үүрдийн гэгээ” сүмийн үйл ажиллагааг сурталчилж явсан хоёр эмэгтэй дээрх этгээдүүдийн заналхийлэлд өртөж, хүнд гэмтэж, бэртсэн гэх мэтээр халдлага гарсаар буй юм. Дээрх халдлага хийсэн этгээдүүдэд хуулийн дагуу зохих ял шийтгэл хүлээлгэсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Гэвч гэмт этгээдүүд шийтгэлээ эдэлж гарч ирээд дахин Д.Эрдэнэцогтын гэр бүлийг эрэн хайсан байна. Улмаар гэрийн хаягийг нь олж, настай эцэг, эх дээр нь очиж дахин танхайрсан ажээ. Гэмт этгээдүүд “Хүүхдүүд чинь хаана байна. Бид ял авсныхаа горыг хүүхдүүдээс чинь заавал авна. Амьдарч байгаа хаягийг нь зааж өг” гэж настай хүмүүсийг айлган сүрдүүлж танхайрчээ. Ийн Д.Эрдэнэцогтын эцэг, эхийг нь удаа дараа сүрдүүлж, дарамталсан гэнэ. Бусдын дарамтад удаа дараа орсон ахмадууд сүүлдээ зүрх нь өвдөж, бие нь эрс муудсан байна. Энэхүү айлган сүрдүүлгийг Д.Эрдэнэцогтын эцэг, эх нь дүүргийнхээ цагдаагийн газарт мэдэгдэж, арга хэмжээ авахуулжээ. Энэ талаар тус дүүргийн цагдаагийн газраас тодруулж, Д.Эрдэнэцогтын эцэг, эхтэй нь бид холбогдсон юм.

Бусдад зодуулж, гэр бүлээрээ дарамт, сүрдүүлэгт орсон Д.Эрдэнэцогтын эцэг Дэлгэрэх, эх Уртнасан нараас хэрэг явдлын талаар дараах тодруулгыг авлаа.


-Яг юу болсон талаар тодруулахгүй юу?

-Манай хүү Д.Эрдэнэцогт, бэр Д.Туяа нар Есүсийн сүмд ажилладаг байсан. Гэтэл 2003 онд манай хоёр хүүхдийг сүмээс гарч явахад нь гэнэтхэн хэдэн залуучууд хүрч ирээд “Муу нохойнууд минь уламжлалт шашин чинь буддын шашин. Та муу хоёр харийн шашин шүтэж, бусдад түгээдэг хэн юм” гэж хэлээд хүүг маань зодож, бэрийг маань хутгаар бүлж ална гэж хөөгөөд, гарыг нь хүнд шархдуулсан. Хоёр хүүхэд маань бусдын гарт хэрцгийгээр зодуулсны улмаас их цус алдсан. Ингээд орой нь бүх бие нь нил цус, нөж болсон хүмүүс гэртээ ирсэн. Хөгшин бид хоёр хүүхдээ хараад айсандаа ухаан алдсан. Ингээд хоёр хүүхдээ эмнэлэгт хүргэж, эмчлүүлсэн юм.

-Хоёр хүүхдэд чинь халдсан гэмт этгээдүүдэд ямар хариуцлага хүлээлгэсэн бол?

-Хэрэг явдал болсны дараа цагдаагийнхан тэрхүү этгээдүүдэд зохих ялыг нь оноосон гэсэн. Гэвч тэр этгээдүүд хэдэн жилийн дараа шоронгоос гарч ирээд дахин дээрх шалтгаанаар буцаад шоронд орсон гэж сонссон. Ер нь манай улсад иймэрхүү олон бүлэглэл байдаг юм байна лээ. “Босоо хөх монгол”, “Хөх Монгол” гэх бүлэглэлүүдээс айж байна.

-Танай хүүхдүүдийг зодож, танхайрсан этгээдүүд дахин ийм хэрэг хийгээд шоронд орсон гэв үү?

-Тийм ээ. Хоёр дахь удаагаа шоронд орж, өнгөрсөн жил суллагдсан байна лээ. Тэр этгээдүүд шоронгоос гарч ирсэн цагаас эхлээд хөгшин бид хоёрыг удаа дараа ирж, айлган сүрдүүлсэн. Ирэх болгондоо хүүхдүүдийг чинь болоод та нарыг бүгдийг нь ална гэж айлгадаг. Бид тэр этгээдүүдийг өнөө маргаашгүй гэрийн хаалга өшиглөөд ороод ирэх вий гэсэн түгшүүртэй амьдарч байна. Гэвч хүүхдүүд маань харийн оронд амгалан тайван амьдарч байгаад нь сэтгэл жоохон уужрах юм. Үртэй хүн үрээ л бодно шүү дээ. Хүүхдүүд маань л амар тайван, аюулгүй амьдарч байвал хөгшин бид хоёр яах вэ.

-Энэхүү этгээдүүдийг хуулиар шийтгээд ч засрахгүй бол цаашид яах ёстой юм бол?

-Хүүхдүүд минь сайхан Америк оронд өөрийн дуртай шашинаа шүтээд, амар тайван амьдарч байгаад санаа амар байна. Гэвч бидний хүүхдүүдийн адил шашин шүтэж, гадуурхагдсан хүмүүс энэ бүлэг этгээдүүдийн хараанд өртөж, амь нас нь баталгаагүй амьдарч байна. Тэр этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгээд шоронд суулгалаа л гэдэг. Удалгүй суллагдаад явж байна л гэж дуулддаг. Тэгээд л буцаад бусдыг хүчирхийлнэ. Одоо бол сул чөлөөтэй байгаа гэсэн. Эд нар ганц хоёр хүн биш. Олон бүлэглэлийн олон хүмүүс. Энэ этгээдүүд цахим сүлжээгээр ч хүмүүсийг амар тайван байлгадаггүй гэсэн гэв.

Манай улсад энэ мэтээр өөр орны шашин шүтсэн хүмүүсийг өөр шашинтай гэх шалтгаанаар харийн шашинтай тэмцэх үйл ажиллагаа ихээр явагдаж, иргэдийг дарамталж байна. Иймд өөр шашны урсгалд орсон хүмүүс элдэв халдлагад өөрсдөө болоод хамаатан саднаа өртүүлэхгүй байхад анхаарах нь чухал болоод байна.

Монгол гэж худлаа цээжээ дэлдсэн бүлэг этгээдүүд бусдын амар тайван амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна. Иймд иргэддээ сонор сэрэмтэй байхыг анхааруулж дээрх сурвалжилгаараа бэлтгэн хүргэлээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Л.Нинжжамц: Бид ухаалаг байж энэ дэлхийн хүмүүстэй зэрэгцэж алхана

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцтай ярилцлаа.


– МҮОНТ-ийн спорт суваг нээлтээ хийлээ. Спортын төрөлжсөн сувгийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Спортоор дамжуулан эрүүл чийрэг үндэстнийг бий болгох зорилгоор энэхүү сувгийг нээж байна. Мөн шинэ залуу үе, ард түмэндээ эрүүл чийрэг бие бялдартай байхыг уриалах, спортоор дамжуулан үндэсний болон тив, дэлхийн аваргыг төрүүлэх зорилготой. Залуус спортоор хичээллэдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Спортоор дамжуулж эрүүл үндэстнийг бий болгох ёстой юм. Манай үндэсний олон нийтийн телевизийн радио телевизийн нэг, хоёрдугаар сувгаар спортын мэдээ мэдээллийг хүргэдэг. Гэсэн ч дотоодод болж байгаа спортыг бүрэн үзүүлэх ямар ч боломжгүй байсан учраас бид спортын сувгийг төрөлжүүлж бие даасан суваг болгох нь зөв гэж үзсэн. Спортын тэмцээнүүдийг олон нийтийн спорт сувгаараа дамжуулж үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүргэнэ. Мөн тив дэлхийн олон улсын чанартай бүх тэмцээнүүдийг ч үзэгчиддээ үнэ төлбөргүйгээр бэлтгэж, сувгийнхаа нээлтийг хийсэн юм.

-Өдөрт хэдэн цагийн эфир дамжуулах вэ?

-Бид өдөрт 18-24 цагийн эфир дамжуулахаар төлөвлөсөн. Мөн спортын цэнгээнт нэвтрүүлгүүдэд онцгой анхаарна. Хамгийн эхэнд хийх том контент бол ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулна. Мөн Токиогийн олимпийг дамжуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна эр зоригийн шалгуур “Монгол Нинжа дайчид” шоуг хийхээр албан ёсны эрхээ аваад байна. Түүнчлэн “Ред Булл”-ын экстрим спортын контентыг гаргана. Энэхүү сувгийг нээхэд спортын холбоод, УИХ, Засгийн газар маш сайн дэмжлэг үзүүллээ. Спортын суваг нээлтээ хийж буй энэ цаг мөчид МҮОНРТ-ийн спортын албанд ажиллаж байсан инженер, техникч, уран бүтээлчиддээ баярлалаа. Бид аль болох хамгийн шилдэг гэсэн бүхнийг үзэгчдэд хүргэхийн төлөө хичээх болно. Мөн шинэ ирээдүйн төлөө, спортоор дамжуулж эрүүл аж төрөх ёс, амьдралын хэв маягийг өөрчлөх зорилготой. Спортын бие даасан маш олон тэмцээн уралдаан болж, спортын салбар хөгжиж байна. Спортоор бид 60,70 жил хичээллэсэн. Тэгвэл дагалдаж гарч ирж байгаа туялзуур жад, спортын гимнастик зэргийг сүүлийн үед хүүхэд залуучууд маш олноор сонирхож байгаа учир энэ спортуудыг сурталчилан дэмжих ёстой. Мөн залуучуудын ярьдаг экстрем спортыг бид залуучууддаа үзүүлнэ. Үүн дээр нэмж хэлэхэд Монгол Улсын төр засгаас бид дэмжлэг хүсэж байгаа. Яагаад гэвэл энэ спортыг ард иргэддээ үнэ төлбөргүй үзүүлж байгаа шүү дээ. Олон нийтийн телевиз гэдэг дэмжлэг авч байж үзэгчдэд хүрдэг. Спортын контент дэлхийн зах зээл дээр маш их үнэтэй байгаа. Энэ их хөрөнгө оруулалтын төлбөр мөнгийг дангаараа Үндэсний олон нийтийн телевиз гаргаж чадахгүй байгаа юм. Ард иргэдийнхээ эрүүл аж төрөх ёс, эрүүл үндэстэнг бий болгоход Засгийн газар, төр засаг биднийг харна гэдэгт найдаж байна.

-Мөн спортын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм байна?

– Эрүүл аж төрөх ёс, залуучуудын хөгжлийн төлөвшилд зориулж хангалттай цаг гаргахгүй байгаа тул спорт суваг нээх бас нэг шалтгаан юм. Спортод зориулж хангалттай цаг гаргаагүй учир хүүхэд, залуучуудын амьдарлын хэв маягт хар тамхи, архи, утаат тамхи зэрэг муу зуршил бий болж байна. Нийслэл, хөдөө орон нутгийн хаана нь спортын тэмцээн болж байна вэ, тэр бүхнийг үзэгчдэд хүргэнэ. Зөвхөн том спортын төрөл төдийгүй Монголд хөгжиж буй бүх спортыг дэмжинэ.

-Танай телевиз үүнээс гадна ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ямар ажилд анхаарал хандуулж байна вэ?

-Ухаантай хүн бусдын алдаан дээрээс суралцдаг гэдэг. Ухаалаг Монгол хүнийг бүтээхэд МҮОНРТ анхаарлаа хандуулж байна. Бид ухаалаг сэтгэлгээтэй байж энэ дэлхийн хүмүүсийн дунд үлдэнэ, үргэлжилнэ, оршино, хөгжинө. Оршиж үлдэж үргэлжилж хөгжихийн тулд оюун санаагаа дэлхийд батлагдсан мэдлэгээр, дэлхийг хөтөлж буй технологийн дэвшлээр, дэлхийн хүмүүсийн бичиж буй “үнэн бодит түүх”-ээр цэнэглэх ёстой. Монголын тархи оюуны зүг чиг болох учиртай МҮОНРТ нь бие даасан хараат бус,үнэн бодит мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг баримтат кино, дэлгэцийн бүтээлийг дамжуулан түгээх зорилгоо зөвхөн үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх эхлэл тавигдаж байна. Энэ бол “Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат кино. Ийм боломжийг олгосон “The Why Foundation”-ы үүсгэн байгуулагч, “Дэлхийн түүхүүд” төслийн ерөнхий продюсер Метте Хофманн Маяр, Продюсер Мария Коломейр нарт Монголын үзэгчдийн өмнөөс баярлаж байна. “WORLD STORIES” олон улсын алдартай, уран бүтээлчдийн багийн бүтээлийг монголын үзэгчдэд хүргэж буй нь МҮОНРТ Монгол түмний оюун санааны хөтөч байх үүргээ ухамсарласан, олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашигт үйлчилсэн, хараат бус үнэн бодит мэдээллийг эрхэмлэж байгаагийн илрэл юм. Бид өөрсдийн гэсэн оюун санааны үнэт зүйлтэй, итгэл үнэмшилтэй ард түмэн. Бид дэлхийн уран бүтээлчидтэй нэг зүг харж, нэг хэмжээнд сэтгэж, нэг тавцан дээр зогсож, харилцан суралцаж, хамтран хөгжих ёстой. Тийм ч утгаараа “Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат киног дэлгэцнээ гаргаж эхлээд байна.

-Энэхүү кино нь ямар онцлогтой бүтээл вэ. Тухайлбал киногоор юу, юуны тухай өгүүлэх вэ?

-THE WHY байгууллагын 2017 оны тайланд бичсэнээр “Дэлхийн түүхүүд” цуврал баримтат кино нь 191 орны 75 олон нийтийн телевизийн сүлжээгээр дамжин 700 сая үзэгчдэд хүрсэн байна. Цаг уурын өөрчлөлт, дайн, авлигатай тэмцэхийн тулд “амьдарч буй дэлхий ертөнц, өөрсдийн бүтээж буй нийгэм, улс орны тухай үнэн бодит мэдээллийг түгээж, хүн төрөлхтөнд, шийдвэр гаргагчдад “бодож ухаарах-д нь тусалж, дэлхийн хүмүүсийн амьдралыг өөрчилье” гэсэн зорилгоор “Дэлхийн түүхүүд” баримтат кинонууд бүтээгддэг. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй дэлхийн хүмүүсийн амьдралын үнэн бодит түүхийг үзүүлэх учраас “Дэлхийн түүхүүд” гэсэн байдаг. WORLD STORIES кино нь даяаршиж байгаа дэлхий ертөнцөд яг одоо ид өрнөж байгаа улс төрийн маргаан, нийгмийн шударга ёсны хөдөлгөөн, улс үндэстний соёл, шашин шүтлэг, хүн төрөлхтний хийгээд хүний эрхийн асуудлыг хөндөж сая, сая үзэгчдийг олон нийтийн телевизийн сүлжээгээр холбох болж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Алтан: Баярсайхан чи болиоч ээ. Би шүүхэд хандана

“Алтжин” группын захирал Г.Алтантай ярилцлаа. Түүнтэй холбогдоход “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж руу дайрсан үйлдэл хэрээс хэтэрч тогооноос халиад байнаа. Тэвчээрийн хязгаар гэж байдаг юм. Аргагүй эрхэнд энэ ярилцлагыг өглөө. Үндсэн ажил ихтэй завгүй хүнд ярилцлага өгнө гэдэг их цаг зав зарсан түвэгтэй байдаг юмаа” гэлээ.


-Хамгийн сүүлийн үеийн үйл явдлаас яриагаа эхэлье. Хэд хоногийн өмнө таныг “Алтанбулаг” боомтоор хил давах гэж байгаад саатуулагдсан гэсэн мэдээлэл гарсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Тийм юм огт болоогүй ээ.

-Танд болон таны хүүд хилийн хориг тавьсан гэдэг үнэн үү?

-Энэ бол худлаа.

-Эрдэнэтийг Стандарт банкны барьцаанд тавьж их хэмжээний мөнгө зээлсэн асуудалд таны нэр холбогдож байна.Энэ асуудлаар таныг хүчний байгууллагаас дуудаж, байцаалт авсан уу?

-Байцаалт аваагүй. Би энэ талаар юу ч мэдэхгүй. Энэ сүлжээнд ямар ч хамаагүй. “Жаст” группт би хэзээ ч хувь эзэмшиж байгаагүй! Тэр компани хэнээс ямар зээл авч байсан ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан.

-“Олон овоот” гэж хэл амны бай болсон нэг уурхай байна. Та энэ уурхайг хэр сайн мэдэх вэ. Энэ алтны уурхайд Ш.Батхүү та хоёр хамтарч хөрөнгө оруулсан гэдэг нь үнэн үү. “Олон овоот”-оос л болж Стандарт банкнаас зээлсэн өр зээл яригдаж байгаа болохоор асууж байгаа юм?

-Олон овоот анх “Монгол газар”-ын Мянганбаярын эзэмшилд байсан юм. Мянганбаяр Батхүүгийн “Жаст Ойл” ХХК-аас 40 тэрбум төгрөгийн шатахуун зээлээр авчихаад (тэр үед бол 40 сая ам.доллартай тэнцэнэ) Батхүү мөнгөө авч чадахгүй аргаа барахдаа энэ уурхай Батхүүд шилжсэн. Тэгэхэд Мянганбаяр хуурамч бичиг баримт бүрдүүлэн худлаа 20 тонн алтны нөөцтэй орд гэсэн нөөцийн сангийн бичиг баримтаар шатахууныхаа өрийг хаагаад хажууд нь “Анод”, “Зоос” банкнаас авсан 100 тэрбум төгрөгийн зээлийг Батхүүг төлөхөөр дарамт шахалтад оруулан үүрэг хүлээлгүүлээд үндсэндээ 200 тэрбум гаруй төгрөгийн өр ширтэй Олон овоотыг Батхүү авсан байдаг юм. “Стандарт” банкны зээлийн хувьд Олон овооттой огт хамаагүй “Стандарт” банк “Жаст групп” ХХК-д зээл олгосон байдаг юм.

-Саяхан Төрийн банкны захирал хэвлэлд “Ш.Батхүү, Г.Алтан нарын хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай” гэж ярилцлага өгсөн. Та Ш.Батхүүтэй хэдийнээс хамтарч ажиллах болсон бэ?

-Батхүү Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо? Миний хүү Сүрэн Батхүүд зээл өгч Батхүү зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан. Ер нь зээл өгч буй хүн барьцаа хөрөнгө аль эсвэл батлан даалтгүйгээр зээл өгөх үү?

Тэр Төрийн банкны захирал гэгдээд байгаа Баярсайхан яасан аймар хүн бэ. Зүгээр л босож ирээд гүжирдээд эхлэх юм. Хүн гүтгэх нь бас нөгөө талдаа хариуцлага хүлээх эрх зүйн үндэс болдог шүү. Төрийн банкны хүсэлтээр би болон миний хүү Сүрэн гурван жилийн хугацаанд эхлээд эрүүгийн цагдаа дараа нь мөрдөн байцаах сүүлд нь АТГ-д хүртэл шалгуулсан байдаг шүү. Хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа Баярсайхан нь намайг болон миний хүүг хуурамч бичиг баримт шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлсэн гэсэн байна лээ. Баярсайхан чамд хандаж хэлэхэд: Аль хэдийнээс л гурван хүчний байгууллагаар дамжуулан шалгуулж няцаалгуулчихаад яаж ийм юм ярьж чаддаг байна аа? Баярсайхан чи болиоч ээ. Би шүүхэд хандана.

-Ш.Батхүү танай хүү Эдуард Сүрэнгээс 32,8 сая доллар зээлэхдээ “Хадгаламж” банкаар баталгаа гаргаж өгсөн гэдэг. Удалгүй “Хадгаламж” банк дампуурч Төрийн банк үйл ажиллагааг нь шилжүүлэн авсан. Харин Төрийн банк таны 32,8 сая долларыг төлөх ёсгүй, хуурамч батлан даалтын баримтууд шүүхэд гаргаж өгсөн гэж баримттайгаар мэдэгдлээ. Танд баримт байгаа юу?

-“Хадгаламж” банк дампуураагүй байсан боловч нэг мэдэхэд Батхүүгээс булаан авч Төрийн банк болгосон байсан. Батлан даалтын баримт дотор нэг ч хуурамч баримт байхгүй. Тэр олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэх гэж юу байхав дээ. Баярсайхан өөр шигээ л бусдыг бодоод байх шиг байна. Надад бүх баримтууд нь байгаа. Зээлийн гэрээ, Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд байсан мөнгө, Жаст руу шилжүүлсэн гүйлгээний баримтууд, банкны батлан даалтын гэрээ, ТУЗ-ын шийдвэр, эрсдэлийн хорооны шийдвэр гэх мэт. Шүүхэд нотлох баримтын хэмжээнд өгч шүүхийн шийдвэр гарсан байдаг шүү дээ.

-Ш.Батхүү захирал тэр мөнгөө өөрөө төлж чадахгүй байсан уу, эсвэл банкаа дампууруулж, Э.Сүрэнгээс зээлсэн мөнгөө төрөөр төлүүлэх арга байсан гэж бодож байна уу?

-Батхүүгээс банкыг хураан авч улмаар дээрэмдээгүй байсан бол манай хүүгээс авсан зээлээ төлөх л байсан. Өөрийн 100 хувь эзэмшлийн банкаа өөрөө дампууруулаад хов хоосон болно гэж байх уу. Тийм бодол яаж санаанд бууж байнаа. Бид бүгд аливаа худал үнэн интернэт орчинд цацагдаж байгаа давлагааг эргэцүүлэн бодож дүгнэлт гаргахаас залхуурч залхуугийн тэнэглэл гэдэг юманд орчихжээ.

-Шүүхийн шийдвэр танай хүү Эдуард Сүрэнгийн талд гарсан ч нөгөө талаас банк өгөхгүй гэж байгаа. Та энэ мөнгөө олж авна гэдэгт итгэлтэй байна уу?

-Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй бол шүүх байгаад ч ер нь яах билээ.

-Э.Сүрэнгийн мөнгийг Төрийн банкнаас гаргуулж “Стандарт” банкнаас зээлсэн мөнгөний тодорхой хэсгийг төлөх гэж байгаа гэсэн яриа байсан. Үүн дээр та ямар хариулт өгөх вэ?

-Сүрэн Төрийн банк хоёрын хооронд үүссэн асуудал нэг хэрэг. “Стандарт” банкнаас “Жаст” групп зээл авсан нь шал өөр асуудал. Энэ хоёр асуудлыг хольж солихоо зогсоомоор байна.

-Та томхон харилцагчийн хувьд “Хадгаламж” банк яагаад дампуурсан гэж боддог вэ. Үнэхээр үйл ажиллагаа нь доголдож дампуурсан уу, өөр нөлөө байсан уу?

-“Хадгаламж банк” гэж нэг түрээсийн өрөөнд хэдхэн хүн суудаг байсан газрыг дээрээс нь Монгол шуудан банкыг нэгтгэж аваад 506 салбартай актив нь хэдэн их наяд хүртэл ажиллуулж чадсан нь Батхүүгийн гавьяа. Хадгаламж банкны дүрмийн санд тэр үеийн ханшаар 90 сая ам.доллар Батхүү хийсэн байдаг. 506 салбар нэгжийг асар их хөрөнгө зарцуулан хөл дээр нь босгож ирсэн. Зүгээр л хүний идэш Батхүү бэлдээд, бүтцийг нь бүрдүүлээд хөгжүүлээд өгчихлөөр бүлэглэлийн хараанд өртөж банкаа булаалгасан. “Хадгаламж” банкийг дампууруулах гол шалтгаан энэ болсон. Тэр бүлэглэл одоо ч гэсэн санаагаа гүйцэлдүүлэхээр чармайж байгаа.

-МАН танаас мөнгө зээлж Лениний музей буюу одоогийн Үлэг гүрвэлийн музейн байрыг барьцаанд тавьсан гэж шуугиан хэдэн жилийн өмнө гарч байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа.

-Таныг одоогийн Хуульзүйн сайд Ц.Нямдоржтой их холбож ярьдаг. Ямар холбоотой юм бэ. Найз нөхөд үү, хамаатан садан уу, нутгийн хүмүүс үү?

-Хэзээ ч уулздаггүй мөнхийн нууц амрагууд даа. (гэж хэлснээ инээв). Тэгж л бичдэг шүү дээ.

-Ц.Нямдорж Эрдэнэтийн захиралд Г.Алтанг зүтгүүлж байгаа гэж нэг хэсэг шуугьсан. Дараа нь Төрийн банкийг хувьчилж Алтанд өгөх гэж байна гэсэн. Одоо таныг “Стандарт” банкнаас авсан зээлтэй холбоотой, эсвэл Төрийн банкнаас хууль бусаар баахан мөнгө авах гэж байгаа юм шиг мэдээлэл цацагдаад байна. Яагаад энэ асуудлууд гэнэт нэг цаг хугацаанд гарч ирээд байна вэ?

-Ц.Нямдорж сайдыг л гүтгэж муулах гэхээр л олны нүдэнд болж бүтэхгүй юм хийдэг Алтан гэнэт гарч ирээд л бүх юмны захирал, дарга нь болоод харсан болгоноо хамж авах гээд байдаг мангас мэтээр дүрслэгдээд байх юм. Мөн чанартаа бүгд худлаа. Алтан, Нямдорж хоёрыг үзэн ядах давалгааг бий болгуулах зорилготой л тийм зүйл хэсэг бүлэг хүмүүс захиалгаар хийгээд байгаа юм аа.

-Та сүүлийн үед тун чимээгүй байлаа. Монголд амьдарч байна уу, гадаадад байгаа юу?

-“Зөвхөн Монголдоо” гэдэг билүү…

-“Алтжин” групп одоо ямар чиглэлээр голлон үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Ямар бизнест хөрөнгө оруулалт хийж байна?

-Бизнес урагштай явж байгаа. Бизнесээ нээж дэлгээд байдаггүй зарчимтай.

-Галд шатсан “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвд худалдаа эрхэлж байсан хүмүүсийн хохирлыг бүгдийг нь барагдуулж чадсан болов уу гэж сонирхох хүмүүс байдаг. Бүгд гомдолгүй болсон уу?

-Бүх хохирлыг барагдуулж дууссан. Долоон тэрбум гаруй төгрөгийн хохирол төлж бүгд гомдолгүй болсон.

-Таныг Анагаахын дээдэд тархи судлалаар багшилж байсан гэдэг. Яагаад бизнест орох болсон бэ.

-29 насандаа тархи судлалаар эрдмийн зэрэг хамгаалж Анагаахад тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Би өөрийгөө шинжлэх ухаан судлаач биш гэдгээ ойлгосон. Харин бизнесийн салбарт оролдоод үзье гэж шийдсэн нь зөв сонголт болсон гэж боддог. Тэгэхдээ олон жил ном уншсаны гавьяа их гарсан шүү.

-Аль нутгийнх вэ. Аав, ээжийнхээ талаар…

-Манай аав Увс аймагт төрсөн Цэндийн Готов гэж хүн. 18 насандаа хот орж ирсэн. Эх барих эмэгтэйчүүдийн нэр хүндтэй эмч, эрдэмтэн, багш хүн байсан. Миний ээж бол хотын хүн.

-Та олон жил бизнес хийж байгаа хүн. Монголын төр бизнес хийхэд хэр ээлтэй вэ. Ялангуяа одоо цагт?

-Бэрхшээл дарамт үзүүлэхгүй л байвал миний хувьд боллоо.

-Нам хоорондын биш бүлэглэл хоорондын дайн өрнөж байна гэдэг. Бизнесийн жам ёсны өрсөлдөөнөөр биш хэн улстөрчдөд ойр, мөнгө өгч байна тэр хүний бизнес урагшилж байна. Ийм шударга бус, чөтгөрийн тойргоос яаж гарах вэ. Яавал Монголд бизнесийн эрүүл, эрх тэгш орчин бүрдэх бол…

-Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Ю шиг хээл хахууль, хулгай хийдэггүй нөхцөл бүрдүүлж үнэхээр өөрийн компаниа цэцэглүүлж, хөгжүүлж байгаа юм шиг улс эх орноо удирдаад хөгжүүлж цэцэглүүлж чадвал энэ чөтгөрийн тойргоос гарна.

Categories
мэдээ нийгэм

Дэлгэрүүлэгч одтой, цагаан нохой өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 19, Сумъяа гариг. Билгийн тооллын 2, Дэлгэрүүлэгч одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 6:59 цагт мандан, 18:59 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хйилгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Н.Гантулга “Энэ Засгийн Газрын үлгэр нэг л сонин төгсөөд байна уу даа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Бригадын генерал П.Доржсүрэнгийнхээс “Танайд өнжье” булангаа бэлдсэнийг нэгдүгээр нүүрнээс хүлээн авна уу.

“Алтжин” группын захирал Г.Алтантай ярилцсаныг тэргүүн нүүрнээс хүлээн авч үзээрэй. Тэрээр “Баярсайхан чи болиоч ээ. Би шүүхэд хандана” гэжээ.

Мөн дээрх нүүрнээс “АТГ, цагдаагийнхны их баривчилгааны цаад учир буюу улс төрийн бүлэглэлийн тэмцэл” сурвалжилгыг уншаарай.

Ерөнхийлөгч зарлиг гаргаж барилга, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг өнгөрсөн баасан гаригт Төрийн дээд цол, одон медалиар шагнасан талаарх сурвалжилгыг улс төр нүүрнээс хүлээн аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Н.Гантулга “Энэ Засгийн Газрын үлгэр нэг л сонин төгсөөд байна уу даа” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач П.Өгөөмөртэй ярилцсаныг тавдугаар нүүрнээс харах боломжтой. Тэрээр “АНУ, БНАСАУ-ын харилцаанд үүсээд буй “түр дулаарал” нь цаг хожих гэсэн тоглолт байж болзошгүй”хэмээжээ.

Дэлхийн мэдээ нүүрнээс “ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд” сурвалжилгыг уншаарай.

Арван тавдугаар нүүрнээс “Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын талаарх зөвлөгөөн боллоо” сурвалжилгыг хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
гадаад мэдээ

Европын холбоо олон тэрбум еврог Турк улсад огт үр ашиггүй зарцуулжээ

Турк зурган илэрцүүд

Европын Холбооноос өнгөрсөн хугацаанд олон тэрбум еврог Турк Улсын эрхзүйн орчинг сайжруулах, авлигыг устгахад зарцуулсан билээ. Тус Улсыг Европын холбоонд элсүүлэх шаардлагыг хангуулахын тулд зориулж буй энэ их хэмжээний мөнгө хангалттай сайн үр дүнд хүрээгүй хэмээн Европын аудитын шүүхээс гаргасан тайланд дурджээ.

Энэхүү мөнгийг шүүх засаглалын бие даасан, хараат бус байдлыг сайжруулах, дээд түвшний авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хэвлэлийн эрх чөлөөг нэмэгдүүлэх зэрэг үндсэн асуудлуудад хангалттай зарцуулж чадаагүй гэсэн байна. Үүний гол буруутан нь тус улсын эрх баригчдын зүгээс шинэчлэл хийх улс төрийн хүсэл зориг муу байсан явдал гэсэн дүгнэлт гарчээ. 2018 оноос эхлэн Европын холбооноос Турк улсад зарцуулагдаж буй мөнгөнд илүү чанга хяналттай ажиллах ёстой гэсэн байна.

Харин Туркийн эрх баригчид энэхүү тайланг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Тэд улс төрийн хүсэл зоригтой ажиллаж ирсэн гэж мэдэгдсэний сацуу Европын холбооны гишүүн болох гэж буй тус улсад үзүүлж буй санхүүжилтээ багасгах нь зохимжгүй шийдвэр хэмээсэн байна.

2016 оны цэргийн эргэлтийн дараа тус улсын нийт төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын 75 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд өнөөдрийг хүртэл 48000 иргэн шоронд хоригдож байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Цэрэнбат “Эко төлбөрийн тухай хууль батлуулж, хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо. Түүнийг дагалдан Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төлөөлөгчид явсан юм.

Хог дахин боловсруулдаг жижиг оврын 16 үйлдвэр Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр үйлдвэрт тулгамдаж буй асуудал нь түүхий эдээ ангилан ялгах гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчид дуу нэгтэйгээр хэлж байсан юм. Тиймээс иргэдийг хогоо ялгаж хаядаг болгох дадал, зуршилд сургах нь төрөөс хог хаягдал дахин боловсруулагчдад үзүүлэх томоохон дэмжлэг болно гэдгийг ч энэ үеэр дуулгасан.

Иргэд хогоо ангилж хаядгүйгээс болж үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй

Бидний эхэнд орсон “Мог пластик” ХХК нь хаягдал хуванцарыг ангилан ялгаж, хагас боловсруулсан үрэл, сан техникийн хуванцар хоолой, жижиг оврын хогийн сав үйлдвэрлэдэг. Жилд 1200 тонн хуванцар хаягдлыг бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай ч хүчин чадлынхаа 30-40 хувийг л ашигладаг байна. Энэ нь түүхий эдээ ялгаж, ангилах асуудлаас үүддэг гэнэ. Мөн улсаас татварын хөнгөлөлтөд хамруулахаас эхлээд импортын ижил төрлийн бүтээгдэхүүнд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг зохистойгоор авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг тус компанийн захирал Д.Ган-Эрдэнэ хэлж байсан юм.

Хаягдал картон цаас дахин боловсруулж, сав, баглаа боодол үйлдвэрлэдэг “Сайн цаас” ХХК-ийн хувьд өдөрт 20-25 тонн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн л түүхий эдээ ялгаж, ангилах нь асуудал болоод байгаа учир иргэдийг хогоо ангилж хаяхыг уриалж байсан. Тус компанийн хувьд өртэй гэдэг шалтгаанаар төрийн байгууллагууд дансыг нь хаах зэргээр бэрхшээл учруулдаг асуудалд анхаарлаа хандуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хүслээ.

Вакум цонхны хаягдлаар хуванцар хоолой үйлдвэрлэдэг “Тэр их нуур” ХХК-ийн үйлдвэр барих газрыг Нийслэлээс шийдэж өгсөн бөгөөд энэ нь төрийн зүгээс хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж буйгийн нэг илрэл гэдгийг тус компанийн захирал Р.Чулуунхүү хэлж байлаа. Хаягдал хуванцар, гялгар уут дахин боловсруулж тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Сан-оргиу” ХХК, автомашины хаягдал дугуй дахин боловсруулж, резинэн хавтан үйлдвэрлэдэг “Инахис” ХХК-ийн захирлууд төрөөс худалдан авалтыг дэмжээд өгвөл бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.

“Инахис” ХХК нь байгуулагдаад 9 жил болохдоо 8 сая хаягдал дугуй буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэсэн байна. Гэвч бүтээдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр тайлбарлахдаа “Төрийн байгууллагууд тендер зарлахдаа хамгийн бага үнэ санал болгосон компанийг шалгаруулдгаас болж манай бүтээгдэхүүн хятадын бүтээгдэхүүнд шахагдаж байна. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж импортын чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах бус дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжээсэй гэж хүсч байна” гэлээ. Хаягдал дугуйг бутлах үед дотроос нь 60 хувийн ган, 40 хувийн төмрийн агууламжтай металл гардаг байна. Уг металлийг БНХАУ руу экспортолж, тодорхой орлого олдог байсан ч 5 жилийн өмнө хориг тавьснаас болж их хэмжээний хаягдал төмөр дугуй бутлах үед гарч байгаа аж.

Дараа нь “Хэв хашмал хуванцар” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани нь 2014 онд байгуулагдсан. Анхдагч түүхий эдээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, хоёрдогч түүхий эдээр барилга, зам, гүүрт өргөнөөр ашигладаг арматур, зай баригч зэргийг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг аж. Анхдагч хуванцар түүхий эдийг Солонгос улсаас импортолж ахуйн хэрэглээний аяга, сав, эвлүүлдэг гэр зэргийг үйлдвэрлэдэг байна. Жилдээ 70 сая ширхэг хуванцар үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр аж. Тус компанийн зүгээс бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа.

Н.Цэрэнбат сайд: Хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдтэй уулзна

Үйлдвэрлэгчдийн санал, бодлыг сонссоны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Өнөөдөр хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, та бүхний санал, хүсэлтийг сонсож байгаа нь цаашид ямар хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх боломжтой байна, хэрхэн хамтарч ажиллах вэ зэргийг тодорхой болгох зорилготой юм. БОАЖЯ-наас 1 удаагийн гялгар уутыг хэрэглээнээс халах, дахин ашигладаг сав, баглаа боодлыг дотоодын компаниудаас авах, дотоодод үйлдвэрлэж байгаатай ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг гаалийн татвараар зохицуулах зэрэг асуудлыг шийдэхээр Эко төлбөрийн тухай хууль боловсруулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд тухайн хуулиас олсон орлогын 50 хувийг дэмжлэг хэлбэрээр олгохоор хуульд зохицуулалт оруулна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдтэй удахгүй уулзалт хийнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дотоодын ААН-үүдээ дэмжих бодлого баримталж байгаа” хэмээсэн юм.

Иргэдийг хогоо ангилж, ялгаж хаях боломжоор хангахыг үүрэг болголоо

Мөн Н.Цэрэнбат сайд Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөрт хог ялган ангилах дадал зуршлийг иргэдэд бий болгох тал дээр анхаарч ажиллахыг захив. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн хэлснээр Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж хаях туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа аж. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гаргасан журмын дагуу Сүхбаатар, Хан-Уул дүүргийн орон сууцны 10 хороонд хог хаягдлыг ялгах туршилтын үйл ажиллагааг явуулах юм байна. Орон нутгийн Засаг захиргаа, дүүргийн Засаг дарга нар, хот тохижилтын компаниудтай гэрээ байгуулан энэхүү төслийг туршилтаар эхлүүлэхэд бэлэн болжээ.

Дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн нэг болох Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийж буй талбай, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэртэй танилцсан юм. Нийслэлийн хэмжээнд 3 томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа юм. Нийслэлчүүд өдөрт дунджаар 3000 мянган тонн хог гаргадгийн 100 нь энэхүү цэгт ирдэг байна. Ирсэн хогийг ландфилл буюу булах технологиор устгадаг. Энэхүү аргыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашдаа дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгааг холбогдох албаныхан нь тайлбарласан.

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийж буй талбайд ААН-үүд ангилан ялгалт хийж, түүхий эдээ худалдаж авч байгаа нь хүндрэл учруулдаг учир анхан шатандаа буюу иргэдээс гарч байгаа хогийг ангилан ялгуулах нь тулгамдсан асуудал болоод байгааг ч хэлэв. Нөгөөтэйгүүр, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэр нь онцгой бүс хэдий ч өнөөдөр ойр орчимд нь айлууд буучихсан, мал бэлчиж байгаа нь онцгой бүс гэх статусыг нь алдагдуулж байгааг анхааралдаа авахыг хүсч байв. Н.Цэрэнбат сайд уг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох газруудад нь хэлээд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаараа бүрэн ажиллаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь хог, хаягдлаа ангилж, ялгаж хаядаггүй иргэдийн буруу зуршлаас үүдэлтэй. Тиймээс иргэдээ хогоо ангилж хаядаг болгох, ангилсан хогийг авдаг цэгүүдийг олноор бий болгох асуудалд анхаарч ажиллахыг дагалдан явсан Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийнхэнд үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Авто замын салбарын удирдах ажилтнууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар“Авто замын чанар, үр ашиг” удирдах ажилтны зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд зам, тээврийн салбарын удирдлагууд, төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагын төлөөллүүд оролцож, салбартаа тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Сайд Ж.Бат-Эрдэнэ: Чанартай, үр ашигтай, тогтвортой, хүртээмжтэй, хариуцлагатай байх зарчим баримталж ажиллана

Зөвлөгөөнийг нээж сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Автозамын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, гэрээний хариуцлага хяналтыг сайжруулах, замын барилга, засварын ажлыг стандартын дагуу дэвшилтэт технологийг баримтлан хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Бид чанартай, үр ашигтай, тогтвортой, хүртээмжтэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан Авто замын сүлжээг хөгжүүлэх, бэлэн байдлыг хангах, салбарын эрхзүйн орчинг сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох үндсэн дөрвөн бодлого, чиглэлийн хүрээнд авто замын салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол улсын хувьд авто замын сүлжээг хөгжүүлэх нь төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг тэтгэх үндсэн хүчин зүйлийн нэг юм. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, 2020 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлийн хатуу хучилттай авто замаар бүрэн холбохоор тусгасан. Энэ зорилтыг бид хэрэгжүүлнэ.

Мөн улсын чанартай авто замд хяналтыг сайжруулах, ялангуяа хүний оролцоо бага, хяналтын болон төлбөр тооцооны цахим нэгдсэн системийг үе шаттайгаар бий болгоно. Өнөөдөр авто замуудын тэмдэг, тэмдэглэгээ, тоноглол стандартын шаардлага хангахгүй байна. Иймд бид 2018 онд олон улс, улсын чанартай авто замыг стандартад нийцүүлэн “тэмдэглэгээжүүлэх” аян зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэдгийг онцолсон юм.

Мөн тэрээр зөвлөгөөний үеэр Монгол Улс 15.200 гаруй км замтай. Түүний 6.000 гаруй км нь хатуу хучилттай. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд 4.277 км зам, 4.239 м гүүр барьсан. Одоо бидэнд тулгамдаж буй гол асуудал цаашид барих замын чанарт анхаарах, барьсан замаа арчлах асуудал юм. Үүний тулд энэ зөвлөгөөнийг хийж байна. Замын зураг төсөл хийхээс эхлээд ашиглалт хүртэлх үе шатуудын аль дээр нь бид алдаад байна вэ гэдгийг энэ зөвлөгөөнр салбарын удирдлага, мэргэжилтнүүд хэлэлцэнэ. Ингэснээр хаана алдаа гаргаж буйг нь тодорхойлж, ажлыг чанаржуулж, хариуцлагыг өндөржүүлэх болно” гэв.

Зөвлөгөөнд “Авто замын чанар үр ашгийг дээшлүүлэхэд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын гүйцэтгэх чиг үүрэг” сэдвээр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Р.Буд, “Авто замын барилга, засварын ажилд гарч буй нийтлэг алдаа, дутагдал” сэдвээр МХЕГ-ын авто замын улсын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Од, “Авто замын чанарыг сайжруулах талаар авах арга хэмжээ” сэдвээр ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, “Авто замын чанар үр ашгийг дээшлүүлэхэд ТББ-ын оролцоо” сэдвээр Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нар тус тус илтгэл тавьж, Монгол Улсын зөвлөх эдийн засагч Б.Энхтөр “Авто замын тухай хууль”-ийн танилцуулгыг хийв. Илтгэл бүрийн дараа тус асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөгөөнд оролцогчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, авто зам болон салбарын талаарх үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд сайд Ж.Бат-Эрдэнэ хариулт өгсөн юм.

Энэ үеэр авто замын салбарын удирдлагуудаас салбарын асуудал, зөвлөгөөний талаарх байр суурийг сонслоо.

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Р.Буд: 2018 онд зам арчлах, хамгаалах ажилд ихээхэн ахиц гарна

Авто замын чанар, үр ашиг гэдэг бол мөнхийн сэдэв. Сүүлийн 6-н жилийн хугацаанд авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж, тодорхой сэдвийг хөндөн ярилцсангүй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн сайдаар томилогдож ирээд энэ зөвлөгөөнийг зохион байгуулахыг санаачилснаар бид өнөөдөр өргөн бүрэлдэхүүнтэйгээр асуудлаа хэлэлцэж байна. Мэргэжлийн хүн сайдаар ирсэн болохоор салбарын орхигдоод буй, тулгамдаж байгаа асуудал руу орж ажиллаж байгаад нь баяртай байна.

Чанар, үнэ хоёр бол нэг зүйлийн хоёр тал. Чанартай зам тавихад үнэ өртөг ихтэй. Сүүлийн жилүүдэд замын барилга угсралтын ажлын үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ зорилтот түвшинд хүрч чадаагүй. Зам засварын ажлын хувьд хөрөнгө байнга дутагдалтай байдаг.

Монгол Улсын төр засгаас авто замын салбарт анхаарч, 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох нөхцөл бүрдэж байна. Замыг барина гэдэг нэг асуудал. Барьсны дараа тус замыг арчилж, хамгаалж, засвар хийж зорчигчдын тав тухтай зорчих нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэх ёстой. Үүнд 60-аад тэрбум төгрөгийн хэрэгцээ байдаг. Гэтэл өнгөрсөн жилүүдэд түүний 10 тэрбумыг оны эхэнд, 12 тэрбумыг оны эцэст улсын төсөвт батлаад өгч байсан удаа бий. Энэ жил харин сайд хөөцөлдөж байж оны эхэнд 20 тэрбум төгрөгийг баталж өглөө. Тиймээс зам арчлах, хамгаалахад ахиц, өөрчлөлт гарах байх гэж бодож байна. Чанар гэдэг бол нэг хүн анхаараад, хэлээд шийддэг асуудал биш. Тухайн замын ажилд оролцож буй гэрээний ажилтнаас эхлээд салбарын сайд хүртэлх бүх хүний хариуцлагаас шалтгаалдаг. Дээрээс нь барьсан замыг иргэд хэрэглэгчид зориулалтын дагуу зөв зүйтэй ашиглах нь чухал. Ингэснээр тухайн зам чанартай, үр ашигтай байх юм. Аливаа зүйлд хариуцлага чухал. Авто замын тухай хуульд хариуцлагын асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Замын чанар олон зүйлээс шалтгаалдаг ч зураг төслөөс ихээхэн хамаардаг. Зарим зам, гүүрийн зураг төсөл чанарын шаардлага хангадаггүй. Тиймээс тус хуульд зам, гүүрийн зураг төслийг чанаргүй боловсруулнаас замын эвдрэл гарвал, зураг зохиогч нь асуудлыг хариуцна гэх зэрэг олон зүйлийг тодорхойлж, шат шатанд хариуцлагын асуудлыг ярьж байна.

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа: Тусгай зөвшөөрөл олгох журманд өөрчлөлт оруулах шаардлагатай

Замыг барихаас өмнө тендер шалгаруулдаг. Энэ тендерт ТББ-уудыг оролцуулж байх, эргээд оролцож буй компаниуд нь инженер, техникийн ажилчид нь зам барьж байсан туршлагатай байх зэргийг анхаарахыг хүсч байна. Авто замын тухай хуульд тусгай зөвшөөрөлтэй байна гэж тусгасан. Тэгэхээр одоо тусгай зөвшөөрлийг ямар компанид олгох вэ гэдгийг тодорхойлж журманд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Туршлагагүй компаниудыг хэрхэн үе шаттайгаар туршлагажуулж, тусгай зөвшөөрөл олгох вэ гэдгийг тодорхой болгох нь чухал байна. Ямар ч туршлагагүй компани маш олон км зам барих тусгай зөвшөөрөл авна гэдэг нь эргээд чанар, хариуцлагын асуудал болдог. Өнөөдрийн зөвлөгөөний үр дүнд үүнийг цэгцлэх байх. Мөн зээлийг улс өөрөө авчихаад, дотоодын компаниудад тендер зарлаж концесс өгдөг болчихвол зүгээр байна. Энэ асуудлаар би зөвлөгөөнд илтгэл тавьсан. Мөн дорвитой өөрчлөлт гарна гэж итгэж байна.

Авто замын чанар, үр ашгийн талаарх асуудал байнга хөндөгддөг. Тулгамдаж буй асуудал ч олон байдаг. Гэвч 2012 оноос хойш тус салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг нэг ч удаа зохион байгуулаагүй аж. Энэ удаад тулгамдаж буй асуудлыг мэдэж, цаг үеэ олсон зөвлөгөөнийг зохион байгуулж буйд сэтгэл өндөр буйгаа оролцогчид илэрхийлсэн юм. Мөн тэд салбарынхаа хүмүүстэй нүүр тулан уулзаж, асуудлаа ярилцаж, цаашид хийх ажлуудынхаа талаар хэлэлцэж буй нь Монгол Улсын авто замын салбарын хөгжлийг хурдасгах, бүх шатанд хариуцлагыг нэмэгдүүлэх зарчмаар авто замын чанар, үр ашгийг сайжруулах маш том алхам болж байна хэмээгээд цаашид тус зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж байхыг хүслээ.