Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар холбогдох төлөөллүүдийн хамт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс өргөн хэрэглээнээс үүсдэг хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд болох Мог пластик ХХК /Хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэр/, Од пластик ХХК /Хаягдал хуванцар хагас боловсруулан бэлдэц үйлдвэрлэх үйлдвэр/, Сайн цаас ХХК /Хаягдал картон цаас дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа/, Аминболор ХХК /Бүх төрлийн хоёрдогч түүхий эдийн бөөний төв/, Тэр их нуур ХХК /Вакум цонхны хаягдлаар PVC хуванцар хоолойн үйлдвэр/, Инахис ХХК /Автомашины хаягдал дугуйн хаягдлаар резинэн хавтан үйлдвэрлэх үйлдвэр/ зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлууд санал хүсэлтийг нь сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа. Мөн Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн нэг болох Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийгдэж буй талбай, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэрийн хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Categories
мэдээ спорт

Хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар П.Тэмүүжин тодорлоо

Монголын Үндэсний Олимпын Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ. Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/ нар тус тус хүртэж байсан билээ.

2018 оны хоёрдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт гуравдугаар сарын 9-16-ны өдрүүдэд үргэлжилж, ялагчийн нэр тодорлоо. Өнгөрөгч сард Индонезийн Жакарта хотноо явагдсан Азийн Наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан медалийг хүртсэн таэквондогийн спортын тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоороо тэргүүлж, хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо. Тэрээр Рио де Жанейрод болсон 2016 оны Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсын түүхэн дэх анхны ялалтыг байгуулж байсан билээ.

Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксын тамирчин Б.Мишээлт, Парисын их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, жүдогийн тамирчин Ц.Цогтбаатар нар үзүүлж, удаах байруудыг эзлэв. Энэ сард Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксын шигшээ багийн тамирчид болох О.Жаргалан, Х.Энх-Амар болон Парисын их дуулгаас хүрэл медаль хүртсэн, МУГТ М.Уранцэцэг нар мөн нэр дэвшлээ. “Сарын шилдэг тамирчин”-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг билээ. Хоёрдугаар сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад түүхэн дэх хамгийн их буюу 5800 гаруй хөгжөөн дэмжигч, 30 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчдад улсын байцаагчийн эрх олголоо

Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагч 9 дүүргийн 470.0 мянган га нутаг дэвсгэрт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгаль орчны танин мэдэхүйн сурталчилгаа хийх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зөвлөгөө өгөх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнийг даган гарсан журмууд хэрэгжиж эхэлсэн.

Дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тус газрын байгаль хамгаалагчдыг улсын байцаагчийн эрхтэй болгох шаардлага бий болсон юм.

Үүний дагуу улсын байцаагчийн тодорхой шалгуурыг хангасан 9 байгаль хамгаалагчид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны Б/28 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрх олгоод байна.

Байгаль хамгаалагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох заавар, журам, стандартыг хэрэгжүүлэх шаталсан сургалтуудыг зохион байгуулж эхлээд байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг “VAR” системээр шүүнэ

"VAR" football зурган илэрцүүд

Олон улсын хөлбөмбөгийн холбоо жил бүр Швейцарийн Цюрих хотноо хуралддаг. Энэ жилийн хурал олон талын ач холбогдолтой болж байна. Хамгийн анхаарал татаж байгаа сэдэв бол “Video Assistant Referees” буюу “Видео давталтыг тоглолтын явцад ашиглах” технологийг 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д ашиглахаар болжээ.

Энэ шийдвэр гарахаас өмнө буюу 2016 оны гуравдугаар сараас эхлэн Бельгийн Их сургуульд “VAR” – видео шүүгчийн үр дүн оновчтой байх, тоглолтын үр дүнд ач холбогдолтой байх зэргийг ОУХХ-ны дүрмийн хорооны шинжээчид тогтмол туршиж байсан аж. Уг шийдвэрийг ОУХХ-ны гишүүн орнуудын оролцоотой баталсан юм.

“Тоглолтын явцад талбайн болон хажуугийн шүүгчид алдаа гаргасан тохиолдолд тэр даруй видео давталтыг харж, тухайн нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах болсон нь хөлбөмбөгт дутагдаж байсан зүйл” гэж ОУХХ-ны Ерөнхийлөгч Жан Инфантино ярьжээ. Мөн тэрбээр “VAR” систем бол хөлбөмбөгийн ертөнц дэх үүрэг хариуцлагыг чанаржуулж, хөлбөмбөгт эерэг, үнэн бодит хандах хандлагыг нэмэгдүүлэх болно. Шинэ баталсан дүрмээр шүүгчийн анзаараагүй боловч ноцтой алдааг өнгөрөөх боломжгүй” гэсэн байна.

Видео давталтыг:

-Гоол орсон эсэх (Зарим лигт ашиглагдаж эхэлсэн)
-Торгуулийн цохилт
-Шууд улаан хуудас өргөх (хоёр дахь шар хуудас бус)
-Ноцтой зөрчлийн үед (Шүүгчийн санаатайгаар буруу тоглогчид торгууль ногдуулах үед) гэх мэт нөхцөл байдлын үеэр ашиглахаар болжээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа зурган илэрцүүд

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Орхон-Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“TEDx” залуучуудын чуулган болов

“TEDx” залуучуудын чуулганыг дэмжиж ажиллалааНийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр TEDx чуулганыг Ted.com Төрийн бус байгууллага, TEDxYouth MRJS клуб хамтран 300 гаруй залуучуудын оролцоотойгоор 2018 оны 03-р сарын 17-ны өдөр Улаанбаатар чуулгын Үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

TEDx чуулганаар нийгэмд өөрийн үзэл бодлоороо эерэг өөрчлөлт авчрахыг хүсдэг 7 илтгэгч амьдралын үнэт зүйл, туршлага, үзэл бодлоо хуваалцсан юм. Тухайлбал “Оюуны чадвар хүний хөгжил төв”-ийн захирал Г.Мөнгөн, “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ-ын тэргүүн Э.Дөлгөөн, НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн ажилтан Наталие бай, Монтгомери Фитч олон улсын маркетингийн компаний ерөнхий захирал Луйс Аркангель, “Сэтгэл судлалын үндэсний төв” ТББ-ын ерөнхий захирал Б.Ууганцэцэг, жүжигчин Б.Анхбаяр, “Маяара” үндэсний брендийг үүсгэн байгуулагч, захирал Э.Азжаргал, нарын 7 хүн илтгэл тавилаа.

Чуулганыг нээж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “TEDx чуулган бол үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх үзэл санаан дор дэлхийн шилдэг бүтээгчид, технологи, энтертайнмент, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, эрүүл мэнд, урлаг зэрэг төрөл бүрийн салбарын ололт амжилтын туршлагаа хуваалцах, шинэлэг санаануудыг түгээх зорилгоор зохион байгуулагддаг. Энэхүү үйл ажиллагаа улс төр, шашны хамааралгүй, хараат бус бөгөөд гагцхүү залууст тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл санал болгох, танигдаагүй үнэ цэнийг илрүүлэх, өөрчлөлт бий болгох зорилготой юм. Манай залуучууд, түүний дотор өсвөр үеийн сурагчид эвлэлдэн нэгдэж энэхүү уулзалтыг хамтдаа зохион байгуулж байгаад баяртай байна. Үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй

Таны автомашин зурган илэрцүүдТаны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Харин боломжтой тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Путин Монголд ялалт байгуулжээ

Путин Монголд ялалт байгуулжээ зурган илэрцүүд

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин 76.65 хувийн саналтайгаар тэргүүлж байна. Одоогийн байдлаар, нийт саналын хуудсыг 98.71 хувийг тоолж дууссан бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй байна.

Тус сонгуульд дэлхийн 20 гаруй улс оронд амьдарч буй ОХУ-ын иргэд саналаа өгсөн.

Монгол Улсад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван газарт ОХУ-ын иргэдээс санал авсан бөгөөд нийт 1700 иргэн санал өгөхөөс 1249 иргэн саналаа өгчээ. Санал хураалтыг өчигдөр /2018.03.18/ 22.30 цагт тоолж дуусмагц Москва руу илгээсэн байна.

Ингээд Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын иргэдийн санал өгсөн байдлаар жагсаавал:

  1. Владимир Путин – 82 хувь
  2. Павел Грудинин – 8.8 хувь
  3. Владимир Жириновский – 3.1 хувь
  4. Ксения Собчак – 2.8 хувь
  5. Григорий Явлинксий – 1.2 хувь
  6. Борис Титов – 1 хувь
  7. Максим Сурайкин – 0.5 хувь
  8. Сергей Бабурин – 0.4 хувь
Categories
мэдээ спорт

Наурызын баярт зориулсан барилдаанд аймгийн арслан Н.Золбоо түрүүлэв

Наурызын баярт зориулсан барилдаанд аймгийн арслан Н.Золбоо зурган илэрцүүд

Өнгөрсөн ням гаригт Монгол бөхийн өргөөнд казак түмний үндэсний Наурызын баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүд болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Тус барилдаанд 256 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, хурц бадрангуй арслан Н.Золбоо найм даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Сандагдорж үзүүрлэв.

Н.Золбоо арслан өнгөрсөн намраас хойш таван барилдаанд зодоглож, дөрөв дэх түрүүгээ хүртсэн нь энэ юм. Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан А.Давааням нар шалгарав.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын баруун аймгуудад ажиллах албан томилолт эхэллээ

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймгуудад ажиллах албан томилолт Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ. Тэрээр энэ сарын 19-24-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллана. Өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-ын ажилчид, иргэдтэй уулзалт хийнэ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын алба, Ховд их сургуулийн үйл ажиллагатай тус, тус танилцана. Маргааш Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижиртэйн Хавцалд усан цахилгаан станц барих бэлтгэл ажлыг шалгах юм.

Баян-Өлгий, Увс аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж, малчдын хотонд зочилж, төрийн захиргааны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны явцтай газар дээр нь танилцаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.