Categories
мэдээ соёл-урлаг

Монголыг тойрон аялахад үзэх газрууд 4

Их газрын чулуу зурган илэрцүүд

Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудын дөрөв дахь цувралаа толилуулж байна.

ДУНДГОВЬ АЙМАГ

1.Их газрын чулуу

Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговиос зүүн урагш 80 километрт оршдог байна.

Их газрын чулуу нь уртаараа 30 орчим өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон юм. Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй. Өвгөн хад, Сэнжит хад, Хаан хатан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий байц хад олонтой юм.

Мөн хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай байна.

2.Дэл уул


Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино.

Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байна.

Дэл уулын түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус газарт байгаа сүг зураг, буган чулуу, булш, хиргисүүр, руни бичгийн дурсгалыг нэг бүрчлэн бүртгэн, зурагжуулах, карт, дугаар, таних тэмдэгтэй болгон сүг зураг бүхий хадан дэлүүдэд тээврийн хэрэгсэл хэт ойртохоос хамгаалж хаалт, хашлага хийсэн.

3.Бага газрын чулуу

Бага газрын чулуу Дундговь аймгийн нутаг дэвсгэрт орших бөгөөд далайн түвшнээс дээш 1768 м өндөр өргөгдсөн байна.

Өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц юм. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 1768 метр өргөгдсөн Тахилгын Хавцал. Өрж тавьсан мэт харагдах боржин чулуугаар бүрхэгдсэн уулуудын дундуур хөндий тал, хөндийд уулаас эх авсан булаг, рашаан урсдаг байжээ.

Аргаль, янгирын томоохон сүрэг, уулын арын тал газарт зээрийн сүрэг бэлчдэг. Бага Газрын Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг. Түүнээс холгүй өөр нэг хаданд хоёр бугыг дүрсэлсэн байх бөгөөд 170 см урт, 90 см-ийн өргөнтэй энэ зураг аймгийн хэмжээнд томоохон олдворт тооцогддог.

Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Чулуун хадны доогуур хурын ус урсдаг 2 метр орчим голчтой том амтай, эгц доош гүнзгийрсэн энэ агуй 18 метр үргэлжилдэг. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй. Агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. Агуйн эргэн тойрон гүйлс ургадаг, хавар зуны цагт цэцэглэсэн байхдаа маш сайхан харагддаг. Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан Нүдний рашаан гэж нэрлэдэг.

4.Онгийн хийдийн туурь

Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг Түвдээр “Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь “Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Тус хийдээс 15 км зайтай, Онгийн голын эрэг дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт байгуулагдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ. Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж нь 1937 онд баригджээ.

5.Морин хуур

Мандалговь хотын хойт өндөрлөг дээр 7,5 метр өндөр аварга том морин хуурыг урлан залсан нь Дундговь аймаг дуу хуурын орон гэдгийг илтгэдэг. Энэ аймгийн нэг бренд нь морин хуур. Морин хуур бий болсон түүхийг өгүүлсэн домогт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр жигүүрт хүлэг мориороо хүссэн газраа хүрдгийг мэдсэн хорон санаат нэгэн түүний морины жигүүрийг тас хайчилсанд гашуудсан эзэн нь яг адилхан морин толгой сийлж ширээр нь цар, сүүлээр нь чавхдас хийн морин хуур урлаж сайн хүлгийнхээ алхаа гишгээ, арилжаа хатирааг хуурддаг байсан домогтой. Тэгээд ч аймгийн сүлд нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн жигүүрт хүлгийн дүрстэй.

6.Өөш манхан
Дундговь аймгийн төвөөс урагш 130 гаруй км яваад Өөш манханд хүрнэ. Өлзийт сумын нутаг дахь энэ манхан олон жилийн элсний нүүдэл, цөлжилтийг үл ажран нэг км урт, зуу гаруй метр өндөр элсэн уул хөндөлсөн шаргалтсаар заг, бударганат говио чимэглэж байна. Хөлийн аясаар урсан нурах элсэн уулын оройд мацан гарвал оройн ирмэг хутганы ир шиг агаад хялгана ч үл хөдлөх салхигүй атал шар торгон мяндас хийсэх адил торгон элс намиатан байх аж.

Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой алсран цэлийж харагдана. Энд бөөрний сувилалын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ.

Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Элсний найрлага нь их өөр бөгөөд нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Зөвхөн бөөр, дотоод таван цул ч бус үе мөч, хөл, гар, нуруу нь татсан хүмүүс эмчлүүлэх гэж зорьдог байна.

7.Дэлгэрхангай уул

Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг байгаа юм. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий (хэвтэш) маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг байна.

Гэсрэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзангийн хүү Автай (1534-1586) Далай ламаас Очирбат түшээт хан цөл хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэн тахилгат уул Инэлд “уулсын хаан” (түвдээр Даржаажалба) буюу Дэлгэрхаан цол зарлигаар олгож түүнээс хойш төрийн тахилгатай болгосон бөгөөд Дэлгэрхангай гэж нэрийдэх болжээ. Энэ уулнаа их хааны шарилыг онголсон байж болох хэд хэдэн баримт таамаглал бий.

ЗАВХАН АЙМАГ

1.Отгонтэнгэр хайрхан

Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна.

Энэ хайрхан нь эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг.

Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг ажээ.

2.Хар нуур


Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, Аймгийн төвөөс 110 км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүнээрээ 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур омоль, пельд загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600м өргөгдсөн их, бага 2 авгаш байдаг.

Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгддэг нуур. Урьд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь сайхан үзэсгэлэнтэй харагддаг.

Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн манхан элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэх учраас ийнхүү давсгүй хужиргүй байдаг онцлогтой.

3.Загастайн давааны хүн чулуу

Эрт урьд цагт Монголчууд хятадад ноёрхож байхад юм гэнэ. Хятадууд бослого гарган Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ. Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ. Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмцжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ.

Хөөн ирсэн дайсанд гүйцэгддэгийн даваан дээр лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард хоцорчээ. Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ.

Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна. Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг илгээсэн болой. Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй! хэмээжээ.

Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асууужээ. Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад:

– Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ.

Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас аюун сүрдэх болсон түүхтэй байна.

4.Бор хярын элсэн манхан, Мухартын гол

Баруун Зүүн Монгол хэмээх хоёр уулын өмнөхөн байдаг бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн, Хунгийн голыг хөвөөлдөг. Тэндээс Эрдэнэ хайрхан сумын хойгуур өгсөж, Яруу нутаг хүртэл тэлж тариан шаргал үтрэм шиг санагдах 300 орчим км урт үргэлжилнэ. Эл манхан элсийг хөндлөн туулах Монгол хотгор.

Олгой, Цэцэний сүв гэж бий. Элсэн манхан далай болсон энэ алтан шижир элсийг ирээдүйн Монголын барагдашгүй алтан чулууд гэж нутгийн олон хэлцдэг байна.

5.Их хайрхан уул

Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уулыг Их Хайрхан уул хэмээдэг. Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт аж. 108 хадан агуй, төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай, унаган төрхөө жинхэнээр нь хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулыг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй аж.

Нутгийн ард иргэд ч уг уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм.

Эхийн агуй нь 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг яндар бүхий том овоо босгосон байдаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрэх ба агуйн адагт сэндэр шороо байх аж. Энэ шороог эртнээс нааш Монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж ирсэн аж.

6.Дааган дэлийн буган чулуун хөшөө

Шилүүстэй сумын нутаг Дааган дэл уулын хойд энгэртийн уужим дэвсэг дээр хоёр эгнээ найман буган хөшөө бий. Эдгээр хөшөө чулууд нь Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана. Үүнийг Дааган дэлийн буган хөшөө гэж судлаачид нэрлэдэг.

Эдгээр найман хөшөөний хоёр нь газарт ойчсон байна. Хөшөөнүүдийг ягаавтар өнгийн боржин чулууг сайтар засч, бугын дүрсийг гоёмсогоор дүрсэлсэн байх нь хөшөөнүүд дээр ажиглагддаг. Мөн хөшөө чулуунуудын доод бие буюу бүслүүрт нь нум сум, чинжаал хутга, бамбай, сүх мэтийг дүрсэлсэн байгаа нь тод ажиглагдана.

Хөшөө чулуунуудын ерөнхий хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд сайн, зураг дүрслэлүүд нь тод сайн харагдаж байлаа. Дааган дэлийн хөшөө чулуунаас холгүй мөн 8 ширхэг хөшөө чулуу тал дээр байдаг. Эдгээр найман хөшөө чулуу нь хэмжээгээр жижиг, мөн л ягаавтар өнгийн боржин чулууш засч хийсэн байх бөгөөд зураг дүрслэлийн хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд тааруу, бараг мэдэгдэхгүй шахам байдаг. Дааган дэл орчим энэ жижиг бүс нутагт мөн буган чулуу хөшөө хиргисүүр тархсан байдал нь нь нилээд өндөр, мөн Завхан аймгийн Отгон сумын төв дээр нилээд олон буган чулуун хөшөө, хиргисүүрүүдийг үзэж харж болно.

ОРХОН АЙМАГ

1.Зэргэлээ

Орхон аймгийн Жаргалант сумын нутагт Эрдэнэт хотоос зүүн урагш 25км зайд, Чингэл гэдэг жижиг голын хойд эрэг дагуу орих араараа модтой толгод, тэгш дэвсэгүүдтэй 10 км үргэлжлэх газрыг Зэрэглээ хэмээнэ. Чингэлийн голын хөвөөгөөрөө Булган аймагтай хиллэдэг.

Голын урд эрэг нь өндөр толгой, модтой уулын ар хэсгээр хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй газар байдаг. Энэ газрын гол онцлог нь голын хойд хэсгийн дэвсэг толгодууд нь түүхийн үл хөдлөх дурсгал болох хүрэл ба төмрийн үе (НТӨ I-III), Түрэгийн үе (YI-YIII), дундад зууны (XII-XY зуун) үеийн булш, хиргисүүр, зэл чулуу (балбал), тахилын онгонууд элбэг байдаг. Олон эрин үе, зуунд хамаарах дурсгалууд нэг дор олноороо зэрэгцэн оршдог нь тус газрын гол онцлог бөгөөд 40 гаруй дурсгал байдаг. Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар хамгаалалтанд авсан байна.

2.Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар

Жаргалант сумын төвөөс зүүн тийш 7км зайд орших Айргийн гозгор гэдэг нүцгэн уулын өвөрт орших Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал нь том жижиг нийлсэн 90 гаруй бүлэг дурсгал юм. Иймэрхүү Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал ховор юм. Өвөрмонгол, Буриад, Тувагийн нутагт жижиг жирийн иргэдийн иймэрхүү бүлэг дурсгал илэрсэн. Энэхүү бүлэг дурсгалыг 2007 онд анх музейн ажилтан Л.Ганчимэг, Д.Эрдэнэбаатар, П.Баярбадрах нар нээн илрүүлж, анхны тодорхойлолт, хар зургийг үйлджээ. Энэхүү дурсгал нь аймгийн үл хөдлөх дурсгалын 2010 оны тооллогоор Хүннүгийн үед хамрах дурсгал байх магадлалтайг тогтоож Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Д.Даваацэрэнгийн хүсэлтээр аймгийн хамгаалалтанд 2010 онд авсан байна. 2014 онд Монголын үндэсний музейн хөрөнгө оруулалтаар, 2015 онд аймгийн хөрөнгө оруулалтаар малтлага хийж Хүннүгийн хожуу үе буюу Сяньбигийн үед хамаарах булш гэдгээрээ Монголын археологийн салбарт томоохон байр эзлэх дурсгал болохыг тодорхойлжээ.

3.Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар

Жаргалант сумын төвөөс зүүн урагш 8км зайд Намаржаагийн гозгор гэдэг толгойгоос баруун урагш 2-3 км газарт жалганы аманд байдаг бөөрөнхий чулуу юм. Нутгийнхан “Бөөрөнхий сайр” гэх ба цайвар шаргалдуу өнгөтэй, 3.8м өндөр, 5м урт өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад юм. Хоёр талаас нь харахад ямар ч өөгүй аварга өндөр мэт харагддаг. Ил биш хонхор жалга маягийн газарт байдаг тул алс зайнаас харагддаггүй байна. Орчин тойронд нь өөр ямар ч хад чулуу байдаггүй нь сонин бөгөөд хэрхэн яаж энэ газарт бий болж тогтсон нь сонирхолтой юм.

Г. МӨНХЦАЦРАЛ

Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын төлөөлөгчдийн уулзалт Финландад болно

two korea meet зурган илэрцүүд

Умард болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид ойрын хугацаанд Финланд улсын нийслэл Хельсинки хотод уулзах бөгөөд энэ нь Умард Солонгосын гадаад хэргийн сайдын Шведэд хийсэн айлчлалтай холбоогүй хэмээн Финландын ГХЯ-ны төлөөлөгч Веса Хяккинен мэдэгджээ.

Уулзалтад хэд хэдэн орны төлөөлөгч оролцоно. Гэсэн хэдий ч уулзалтын үеэр улс төрийн аюулгүй байдлын талаарх асуудлыг хөндөхгүй. Тухайлбал, энэ уулзалт нь Умард Солонгосын гадаад хэргийн сайдын Шведэд хийсэн айлчлалтай холбоогүй” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Маргот Валстрём нар Шведийн Стокгольм хотод энэ сарын 15-17-нд уулзалт хийж, Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэх боломжуудыг хэлэлцсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ЗГХЭГ-ын дарга Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа

ЗГХЭГ-ын дарга Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлааЗасгийн газраас 2018 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр Засгийн газрын тогтоол шийдвэр, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой чиг үүргүүдийн талаар болон тэдгээрийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцаж, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж тулгамдаж буй асуудлууд, санал хүсэлтийг сонсов.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар агаарын бохирдлыг бууруулахад маш олон цогц ажлууд шаардлагатайг онцлон хотод хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэг болон бусад бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхэд онцгой анхаарах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг цэгцэлж нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах болон цахим засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эрчимжүүлэх, шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажилд анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Биеэ үнэлдэг охид эмэгтэйчүүдийг хүчиндсэн этгээдүүдийг баривчилжээ

Tsagdaa

Мессеж зар болон утасны дуудлагын дагуу очиж биеэ үнэлдэг охид эмэгтэйчүүдийг хүчиндсэн этгээдүүдийг баривчилжээ. Хэргийг үйлдэхдээ мессеж зараар дамжуулан биеэ үнэлэгч охид эмэгтэйчүүдтэй уулзаж, хуурч мэхлэх замаар дарамталж, ёс бусаар бэлгийн харьцаанд ордог, эд зүйлийг нь дээрэмддэг, айлган сүрдүүлдэг байсан аж.

Одоогийн байдлаар таван хэрэгт долоон хохирогч байгааг олж тогтоосон бөгөөд хэргийг үйлдсэн байж болзошгүй 1989 онд төрсөн А,Ч нарыг саатуулсан тухай Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлээд байна. Тэд өмнө нь эрүүгийн хэрэгт удаа дараа холбогдож, дээрэмдэх, хүчиндэх, хулгайлах гэмт хэргээр ял эдэлж байсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Тиймээс мессеж зарын дагуу очиж бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн, хүчиндүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүн байвал Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд Засгийн газар анхаарна гэв

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж нийслэлийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө. Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгосон. Энэ хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгасан. Төрийн захиргааны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглалыг сайжруулах ёстойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн тулгамдсан асуудал. Ирэх дөрөвдүгээр сард Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг УИХ-д танилцуулна. Иймд энэ сарын 28-нд болох Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаарх арга хэмжээний хэрэгжилт, төлөвлөлт, нэгдсэн бодлогыг хэлэлцүүлнэ. Хавар, зун болохоор утаа, агаарын бохирдлыг мартчихдаг, өвөл л ярьдаг байж таарахгүй. Энэ сарын 29, 30-нд болох Монголын эдийн засгийн чуулганы төлөөлөгчдөд шийдлүүдээ танилцуулж хэлэлцүүлнэ гэлээ.

Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ зэрэг Засгийн газрын шийдвэр гарсан. Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосон. Засгийн газрын эдгээр зорилтыг ажил хэрэг болгох гарц, шийдлийг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хотын удирдлагуудад үүрэг болголоо. Түүхий нүүрс хот руу оруулахгүй байх шийдвэр амжилттай хэрэгжвэл Улаанбаатар хотын агаарын бохирдол 70-80 хувь буурах боломжтойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын сугалааны супер шагнал 75 сая төгрөг болж өсчээ

НӨАТ-ын зурган илэрцүүд

НӨАТ-ын урамшууллын 2018 оны гуравдугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Өнгөрсөн сарын тохирлоор 50 сая төгрөгийн супер шагналын эзэн тодроогүй учир супер шагнал 75 сая төгрөг болж өсчээ.

Иргэд 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс, хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй эм авах гэж дараалалд зогсдог асуудал ҮГҮЙ боллоо

Нийслэлийн зургаан дүүрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмээр үйлчлэх эмийн сангийн жагсаалтуудыг гаргажээ.

Жороор олгох хөнгөлөлттэй эмийг авахдаа:

  • Иргэний үнэмлэх,
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ,
  • Шаардлагатай тохиолдолд амбулаторийн картыг үзүүлэх аж.

Ингэснээр хөнгөлөлттэй эмийг аль ч эмийн сангаас авах боломжтой болж байна. Хөнгөлөлттэй эм авах гэж дараалалд зогсдог асуудал шийдэгдлээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид хамтарсан бэлтгэл хийнэ

ЗурагМонголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг, ОХУ-ын Сочи хотод тус улсын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

Оросын шигшээ баг нутагтаа болох Европ тивийн АШТ-ий бэлтгэлд, манай бөхчүүдийг тусгайлан урьж ур чадвар, туршлагаа солилцох санал дэвшүүлжээ. Багийн бүрэлдэхүүнд 10 тамирчин, нэг дасгалжуулагч багтах бөгөөд энэ сарын 21-нд эх орноосоо мордоно.

Мөн эмэгтэй шигшээ багийнхан Японд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медалийн эзэд болсон. Тэд Японоос шууд АНУ-ыг зорьж, Колорадо-Спрингс хотноо АНУ-ын шигшээ багтай 21 хоногийн бэлтгэл хийх юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч дотоодын гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Best Shoes” гутлын үйлдвэрт зочилж, гутлын үйлдвэрлэл, хүчин чадал, дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй ярилцлаа.

“Best Shoes” гутлын үйлдвэрт нь 2001 онд дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, өвөл, намар, зун, үндэсний болон ажлын гутал үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч “Best Shoes” гутлын үйлдвэр нь бүрэн хүчин чадлаа ашигладаггүй бөгөөд ижил төстэй үйлдвэрүүд ч бүрэн хүчин чадлаараа гутал үйлдвэрлэх боломжгүй байдаг байна.
Энэ талаар үйлдвэрийн захирал Б.Түвдэнням “Бид өдөртөө л 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл одоо захиалга авсан үедээ 200-250 хос гутал үйлдвэрлэж байна. Уг нь ажлын гутал үйлдвэрлэж дотоодын хэрэглэгчдээ хангах бүрэн боломжтой байдаг юм. Гэхдээ ажлын гутал хэрэглэдэг дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг хэрэглэгчид тендерээ нэгэн зэрэг зарладаг. Ингэснээр үйлдвэрлэгчид зэрэг тендерт оролцох боломж бүрдэхгүй байгаагаас гадна оролцсон ч тэр бүх гутлыг үйлдвэрлэх цаг хугацааны боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, дотоодын бүх үйлдвэрлэлийн хүчин чадлаас давсан хэмжээний тендер нэг дор зарлачихаар хэн нь ч тендерт оролцож чаддаггүй. Ингээд л олон мянган гутлын захиалга өөр улс руу явдаг. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тендер гэдэг зүйлийг богино хугацаанд ашиг олох хэрэгсэл гэж хараад байна. Би хувьдаа тендерийг олон шинэ ажлын байр бий болгосон, шинэ технологи, нөү-хау оруулж ирэх үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа байгаасай гэж хүсдэг” гэлээ. Тиймээс тэрээр энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж, тендер зарлагдах хугацаа, дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн юм.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын чуулга уулзалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, нэг санал санаачлагын дор нэгтгэх зорилгоор “Эко клубуудын чуулга” уулзалтыг Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгууллаа.

Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагч хамрагдав. Эко клубуудын чуулганы нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдес, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэндчилгээ дэвшүүлж, хүүхдүүдэд амжилт хүслээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын чуулга уулзалт боллоо

Нийслэлийн байгаль орчны газраас хүүхдүүдэд зориулан ногоон амьдралын хэв маяг болох зөвлөмжүүд, нийслэлийн ногоон бүсэд шувууны үүр байрлуулах цэгүүд болон анхаарах зөвлөмжүүдийг хүргэсан юм.

Чуулганы үеэр “Ногоон паспорт” санаачилгын хүрээнд зарлагдсан “Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх уралдаан” -ны шагналыг гардууллаа. Уралдаанд 39 эко клуб бүтээлээ ирүүлснээс:

  • I байранд 28 дугаар сургуулийн “Ногоон дэлхий” эко клуб
  • II байранд 25 дугаар сургуулийн эко клубын сурагчид
  • Тусгай байранд Эрдмийн өргөө сургуулийн Энержи эко клубын сурагчид тус тус шалгарлаа

Чуулганаар Эко клубын сурагчид маань Ногоон пасспорт аяны хүрээнд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео уралдаанд оролцох, хог хаягдал цуглуулах марафон зохиох, байгаль орчны залуу сурвалжлагч болох, байгальд ээлтэй шинэ санаа гаргах, ногоон пасспорт аяныг сургуульдаа нэвтрүүлж, сурагч бүрийг ногоон паспорттой болгох ажлыг хийх үүрэг даалгавар авснаар энэ удаагийн чуулган өндөрлөсөн гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.