Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Ихэнх нам бодлогын нам биш “босс”-ын нам болж, улс орныхоо хөгжлөөс улдах боллоо

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан. Та ажлын хэсгийг нь ахалж байгаа. Энэ төсөлд ямар заалтуудыг илүү тодорхой болгохоор тусгаж байна вэ?

-Намууд шинэчлэгдэхгүйгээр, төлөвшихгүйгээр улс орон хөгжинө гэж байхгүй гэдэг нь батлагдчихлаа. Өнөөдөр намууд энэ янзаараа яваад байж болохгүй гэдэг дохио нийгэмд хэдийнээ асчихсан. Намууд улс орныхоо хөгжилд тушаа биш, хөтөч нь байх учиртай. Намууд одоо бахь байдгаараа байх тусам олон нийтийн дунд нэр хүндээ алдаж байна. Улс төрийн намуудад итгэх олон түмний итгэл алдарч байна шүү дээ. Энэ нь өөрөө тун хортой. Ийм янзаар удах юм бол хүмүүс ардчиллаас ухарч дарангуйллыг сонгож ч мэднэ. Тэгэхээр хамгийн зөв гарц бол намууд эмгэг өвчин, ээдрээ гацаанаасаа салж, сонгуулийн дөрвөн жилийн хугацаагаар богино зайд уралддаг биш, бодлогоор өрсөлддөг болох явдал юм. Харин тийм боломжийг нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл бий болгоно. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт “Парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох” гэсэн тов тодорхой зорилт тусгагдсан. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах манай ажлын хэсэг байгуулагдсан.

-Ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулахдаа анх нам нь парламентад суудалтай, суудалгүйгээсээ үл хамаарч төрөөс 100 хувь санхүүжилт авдаг байхаар заалт тусгасан гэсэн. Гэвч эдийн засаг хүнд нөхцөлд бүх намууд төрөөс 100 хувь санхүүжих нь эргээд төсөвт дарамт болно гээд сонгуульд үзүүлсэн амжилтаараа санхүүждэг байх нь илүү оновчтой гэж үзсэн гэсэн мэдээлэл байна?

-Улс төрийн намын санхүүжилт өөрөө их эмзэг асуудал. Өнөөдөр өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн насаараа тэр намд зүтгэсэн хүн хаяанд нь сууж байхад хөрөнгө бэлтэй хүн хаалгаар нь биш тооноор нь орж, хатавчинд нь биш, хойморт нь гараад заларчихдаг гажуудал гаарсан. Энэ нь эргээд улс төрийн намынхаа бодлого, үйл ажиллагаанд сэв суулгаж байна. Нам дамнасан бүлэглэл гээчийг бий болгож байгаа юм. Нам иргэд сонгогчиддоо биш эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд үйлчилдэг гажиг тогтолцоо руу түлхэж байна. “Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг” гэдэг шиг хандив нэрээр намыг халаасандаа оруулсан нөхдүүд улс төрийн намыг утсан хүүхэлдэйгээ болгодог гажуудал руу авааччихлаа. Үүнээс болж ихэнх нам бодлогын нам биш “босс”-ын нам болж, улс орныхоо хөгжлөөс улдан чангаах боллоо. Улс төрийн нам тогтвортой үйл ажиллагаа явуулахад мэдээж мөнгө санхүү ус агаар шиг хэрэгтэй. Тэр тусмаа гишүүд дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэх, сонгуульд ялалт байгуулж засгийн эрх авах үндсэн зорилгодоо хүрэхэд тухайн намын санхүүгийн чадавхи чухал үүрэг гүйцэтгэж таарна. Үүнээс болж хууль бус санхүүжилт төвлөрүүлэх эрсдэлд орох аюул цаана нь сүүдэр шиг дагадаг. Үүнийг хязгаарлахгүй бол улс төрийн намаар дамжиж мөнгө угаах, авлига албан тушаалын гэмт хэрэг газар авах, цаашлаад бизнесийн орчин бохирдох аюул нүүрлэж байна.

Намын санхүүжилт нууц далд байх тусмаа хэн нэг хөрөнгө оруулагчаас хэт хараат болох уршигтай. Яахав өнөөдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулиар намууд гишүүний татвар, хандив төдийгөөр санхүүгийн асуудлаа зохицуулж байгаа. Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээг хуулийн этгээд 10 сая, иргэд нэг сая гэж гэж хязгаарлаж өгсөн ч хуулийн энэ заалт ягштал мөрдөгдөж байгаа эсэх нь тун ч эргэлзээтэй. Намын санхүүжилт шударга бус байхад төрд шударга ёс тогтоох тухай ярих нь утгагүй. Би л хувьдаа улс төрийн нам эсэн бусын компани, хуулийн этгээдээс, хувь хүнээс ил далд хандив дэмжлэг авахыг эрс эсэргүүцдэг. Үүнээс болж төрийн төлөө, түмний төлөө зүтгэх ёстой нам үндсэн зорилгоо умартаж өрийн барьцаа, өглөгийн төлөөсөнд баглагдах аюултай гэж үздэг. Тийм болохоор улс төрийн намуудад сонгуульд үзүүлсэн амжилт, авсан суудал, иргэд сонгогчид тэдэнд итгэж өгсөн саналынх нь хэмжээгээр төр тодорхой хэмжээний санхүүжилт олгодог байх зарчимаа хадгалах нь зөв гэж харж байгаа.

Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилт шилэн, ил тод, нээлттэй байх шаардлагыг суулгаж өгч байгаа. Ингэж байж намуудын үйл ажиллагаа зөв тунгалаг болно. Өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Улс төрийн бүх намыг төр санхүүжүүлнэ гэвэл бас дахиад л буруу болно. Бараг толгойтой болгон ТҮЦ-тэй болж байсан шиг жалгын нэг нам байгуулах гээд зүтгэж мэднэ. Тэгэхээр улс төрийн нам сонгуулиар хичнээн хүний дэмжлэг хүлээв, иргэд сонгогчдын хэдэн хувь нь тухайн намд саналаа өгөв гэдгээр нь эрэмбэ шалгуур тогтоож санхүүжүүлэх нь зөв. Хуулийн төслийн үзэл баримтлал ч энэ чигт чиглэж байгаа.

-Улс төрийн намууд гишүүдийн татвар, дэмжлэг, төрөөс суудлынхаа тоогоор мөнгө авдаг. Гэсэн ч ил далд хэлбэрээр бизнесийнхнээс хандив нэрээр ихээхэн хэмжээний мөнгө авдаг нь нууц биш. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар нам бизнесийнхнээс ангид байлгаж чадах уу?

-Би харин яг наадахыг чинь л яриад байна. Намын гишүүдийн татвар гэж авдаг ч тэр нь намуудын хувьд санхүүжилтийнх нь асуудлыг бүрэн шийдвэрлэж чаддаггүй нь нууц биш. Өнөөдөр УИХ-д суудал бүхий намд авсан суудлынх нь тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож улсын төсвөөс санхүүжилт олгож байгаа. Парламентад суудалгүй намуудын тухайд төрөөс ямар ч санхүүгийн дэмжлэг байхгүй. Энэ нь эргээд улс төрийн нам цөөн этгээдээс томоохон санхүүжилт авах, үүнээс болж өнөөдүүл нь улс төрийн шийдвэрт нөлөөлөх, өргөн олонд биш өөрт ашигтай давуу байдлыг бий болгох сөрөг талтай байгаа юм. Тэгэхээр улс төрөөс бизнесийг салгах гол учиг нь намуудын санхүүжилтийг шилэн болгох, түүнийг хянах тогтолцоог илүү сайжруулахад байна гэдэг нь харагдаж байгаа биз.

-Одоогийн хуулиар намыг бүртгэх, татан буулгах асуудлыг Улсын дээд шүүх, санхүүд нь хяналт тавих асуудлыг Аудитын газар хариуцдаг. Харин шинэчилсэн найруулгаар намыг бүртгэх, татан буулгах, санхүүд нь тавих хяналтыг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх боломжтой гэх юм. Хуульд ямар байдлаар тусаж байгаа вэ?

-Өнөөдөр хуулиараа улс төрийн намыг Улсын дээд шүүхэд бүртгэж байгаа.

Намуудыг бүртгэхдээ уг нь үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, намын дүрмийг нь үндэслэл болгож бүртгэх учиртай. Гэтэл өнөөдөр МАН-аас өөр Улсын дээд шүүхэд намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлсэн нэг ч нам алга. Нам бүртгэх, татан буулгах асуудлыг Улсын дээд шүүхэд, санхүүжилтийг нь хянах ажлыг аудитад, сонгуульд оролцох үйл ажиллагааг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хариуцуулахаар ёстой нөгөө “далан задгай, жаран хагархай” гээч нь болчихоод байна. Улс төрийн намд тооцох хариуцлага эзэнгүйдэн тарамдаж байгаа. Өнөөдөр зарим нам ямар ч тодорхой үзэл баримтлалгүй ороо бусгаа байдалтай явж ирлээ. Үзэл баримтлалтай зарим нам нь түүнээсээ хадуурч давхидаг хачин үзэгдэл ганц Монголд л бий. Барууны либериал үзэл баримтлалтай нам зүүний намын бодлого үйл ажиллагаа явуулж, зүүний нам шиг амлалт өгөөд явж байх жишээтэй. Энэ бүхнийг цэгцлэх, хариуцлагажуулах, хяналт тавих эзэн байхгүй байгаа учраас намууд дуртай бүхнээ ярьж, харсан зүг рүүгээ хазайж байна. Тиймээс бид Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр энэ асуудлыг нэг мөр цэгцлэхээр зорьж байгаа. Улс төрийн намыг бүртгэх, татан буулгах асуудлыг сонгуулийг гардан зохион байгуулдаг Сонгуулийн Ерөнхий Хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж хуулийн төслийн үзэл баримтлалд суулгаж өгсөн. Намуудын санхүүжилтэд хяналт тавих асуудлыг ч Сонгуулийн Ерөнхий Хороо хариуцахаар зохицуулж байна. Өнөөдөр намын санхүүжилтэд хяналт тавих асуудал Улс төрийн намын тухай хуулиар тухайн намын “хяналтын байгууллага”-д байгаа. Намын бүтцийн байгууллага нь өөрийнхөө намын санхүүжилтийг хянаад онош тавьж хариуцлага тооцно гэж юу байх вэ дээ. Мөн санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, олон нийтэд мэдээлж байх маш чухал заалт байдаг хэдий ч амьдрал дээр амь орж хэрэгжихгүй өдий хүрсэн байх жишээтэй. Тиймээс үүнийг өөрчилж улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

-Ер нь хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлдөө бусад намуудын саналыг хэр тусгаж байгаа вэ. Бусад намуудаас ямар саналуудыг хэлж байгаа юм бол?

-Удахгүй улс төрийн бүх намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийнэ. Энэ хуулийн төслийг өргөн барихын өмнө эрдэмтэн судлаачид болон олон нийтийн дунд хэд хэдэн өргөтгөсөн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн. Мэдээж хэрэг том бага гэлтгүй намууд өөр өөрийн байр сууриа энэ хуулийн үзэл баримтлал, зүйл заалтад суулгахаар чармайж байгаа. “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэгчээр манай ажлын хэсэг бүх намуудаас саналыг нь авч, гарсан санал бүрийг нарийн судалж, асуудалд авах гээхийн ухаанаар хандаж байна.

-Намуудыг хэрхэн хариуцлагажуулахаар төсөлд туссан бэ?

-Өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Харин тэдний гурав нь л энэ парламентад суудал авсан. Би түрүүн хэлсэн. Намуудын санхүүжилт ил тод болоод ирэхээр дагаад үйл ажиллагаа нь ил тод болно. Мөн чанарынхаа хувьд “компаний нам”, “хувь хүний нам” гэгч байхгүй болж бодлогын намууд бий болно. Олон түмэн ч өөрсдөд нь ил тод байгаа зүйлээс сонголтоо зөв хийх боломж бүрдэнэ. “Угжны хурга” шиг хэн нэгнээр тэтгүүлээд сонгууль болохоор популизм хийж амь ороод бусад үед “усанд хаясан чулуу” шиг сураг алдардаг намуудад нийгмийн, төрийн босго шалгуур өндөр байх нь чухал. Том намууд эхлээд төлөвших нь нэн чухал. Тэгж үлгэр дуурайл үзүүлж чадвал жижиг намууд “нялхсын өвчин”-өөсөө аандаа ангижрана. Түүнээс биш механик аргаар улс төрийн намууд үүсч бий болохыг хориглох нь Үндсэн хуульд заасан иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг боомилсон хэрэг болно шүү дээ. Улс төрийн намын тухай хууль ч, жилээс жилд дээшилж буй иргэд сонгогчдын сонгуулийн боловсрол ч энэ бүхнийг аандаа цэгцлээд өгнө. Мэдээж хэрэг аливаа улс төрийн нам үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хор хохирол учруулсан, хагалан бутаргасан үйл ажиллагаа явуулахыг хуульчлан хориглосон заалт цаашид ч хэвээр үйлчилнэ.

-Улс төрийн намууд дээр яригддаг өөр чухал зүйл нь намын гишүүнчлэл байдаг. Энэ удаагийн хуулийн төслөөр намуудыг хатуу гишүүнчлэлээс татгалзуулах заалт орсон гэх юм. Үнэн үү. Цаашид улс төрийн намууд заавал хатуу гишүүнчлэлтэй байх ёстой юу. Орчин үеийн намууд хатуу гишүүнчлэлд хамаарах ёсгүй гэдэг саналууд бий л дээ?

-Яг наад асуудалд чинь олон талаас нь маш нухацтай хандах цаг болсон. Намд хатуу гишүүнчлэл хэрэгтэй эсэх дээр манай ажлын хэсгийн гишүүд ч санал хуваагдаж байна. Хатуу гишүүнчлэлээс татгалзсанаар тухайн нам нийгэмд эзлэх байр сууриа алдах уу, үгүй юу гэдэг өөрөө их анхаарал татсан асуудал. Өнөөдөр намын хатуу гишүүнчлэл нийгэмд намчирхал, талцал хуваагдлыг өдөөгч гол хөрс суурь болж байна гэж нэг хэсэг нь үзэж байна. Харин нөгөө хэсэг нь намын хатуу гишүүнчлэл чухал гэж харсан хэвээрээ байгаа. Гэхдээ сүүлийн үед нам хатуу гишүүнчлэл бүхий олон түмний намаас татгалзаж сул гишүүнчлэлтэй, намын бүтэц зохион байгуулалтын хувьд мэргэшсэн намын хэв загварыг оновчтой гэж олон судлаач үзэх болсон.

Өнөөдөр намчирхлаас үүдэн нийгэмд ч, төрд ч багагүй хор хохирол учирч байгаа нь бодит үнэн. Үүнээс болж төрийн дархлаа суларч, тэр хэрээр төрд итгэх ард түмний итгэл буурч байгааг бид засах ёстой. Хамгийн гол нь намын хатуу гишүүнчлэлийг халснаар энэ бүх асуудал үнэхээр үг хэлгүй шийдэгдэж чадах уу, үгүй юу гэдэг нь их чухал. Өнөөдөр МАН 161.300 гишүүнтэй, АН 150.000 гишүүнтэй. Гэтэл Эх орон нам бас л 160.000 гишүүнтэй гэж Улсын дээд шүүхийн цахим хуудсанд мэдээлсэн байх жишээтэй. Тэгэхээр намын гишүүдийн тоо тийм чухал гэж үү гэсэн асуулт гарч ирээд байгаа биз. Хуулийн төслийн үзэл баримтлал эцэслэгдээгүй байгаа болохоор үүн дээр би үүнээс илүү тодорхой хариулт өгөх боломж одоогоор алга.

-Өнөөдөр үнэндээ улс төрийн нам төрийн албыг хүчгүйдүүлж, үнэгүйдүүлж байна. Ялсан намын хүмүүс гэдэг хэдэн мянган хүнтэй арми бий болсон. Хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намыг төрийн албанаас салгаж байна уу?

-Төрийн албаны дархлаа өндөр байх ёстой. Харамсалтай нь 2012-2016 онд АН төр барьж байхдаа энэ дархлааг үгүй хийсэн. Мэдлэгтэй, чадвартай, туршлагатай олон мянган төрийн албан хаагчийг хуугаар нь ажлаас халж сольж, оронд нь улс төрийн сонгуульд намыг нь, өөрийг нь дэмжиж оролцсон хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн. Төлөөсөнд нь төрийн албаны нэр хүнд унасан. Дараа нь 2016 онд манай нам сонгуульд ялалт байгуулсан. Нуугаад яахав. АН-ын алдааг манайхан ч бас давтсан. Үнэхээр төрийн албан хаагчийн наад захын шаардлага хангаж чадахгүй байгаа, АН-ын далбаан дор төрд шахаагаар орж ирсэн олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхдээ саяхан төрийн албаа хүчгүйдүүлдэг, төрийн дархлаагаа сулруулдаг алдааг дахин давтахгүйн тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Улс төрийн албан тушаал, төрийн албаны зааг ялгааг үүгээр нарийн тогтоож өгсөн.

-Улс төрийн намууд сандал суудлын төлөө явахаас биш бодлого ярьдаг нь цөөн боллоо. Намыг албан тушаал, мөнгө гэж харахаас өмнө бодлого боловсруулдаг намтай болохын тулд ямар өөрчлөлтүүд тусаж байгаа бол?

-Ганцхан жишээ хэлэхэд бид “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг боловсруулж батлуулахдаа тухайн үеийн парламент дахь бүх намын төлөөллийг оролцуулсан. Том эрх ашгийнхаа төлөө, Монгол Улсынхаа төлөө урт хугацаандаа хэрэгжүүлэх нэг бодлоготой, нэг зорилготой байх нь чухал гэсэндээ тэр. Харин тэр нэг зорилгод хүрэх арга зам, тэрхүү урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх арга барил нь өөр өөрийн гэсэн онцлогтой байж болно л доо. Үүний хүчинд ямар ч байсан 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө намууд энэ бодлогод нийцүүлж боловсруулсан. Өнөөдөр эрх барьж буй манай намын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр ч энэ дагуу батлагдан хэрэгжиж байна. Цаашдаа бодлого ярьдаг, бодлого хэрэгжүүлдэг намууд л үлдэнэ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл зөв хийгдэж чадвал намыг албан тушаал, эрх мэдэлд хүрэх шат гэж хардаг бэртэгчин этгээдүүдэд орон зай үгүй болно. Мөнгө төгрөг, бэл бэнчиндээ дулдуйдсан нэгэн биш, жинхэнэ эх орондоо эрдэм ухаанаа зориулж чадах мэдлэг боловсролтой хүний нөөцөөр улс төрийн намууд хүрээгээ тэлж хүчээ зузаатгах, намууд хөгжлийн асуудлаар ул суурьтай судалгаа шинжилгээ хийдэг, бодлого боловсруулдаг болж хөгжих тэр боломж бүрдэнэ гэдэгт хатуу итгэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Р.Буд: Хотын түгжрэлийг бууруулахын тулд хурдны замууд барих шаардлагатай

Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Будтай авто замын асуудлаар ярилцлаа.


-Авто замын салбарт хамгийн тулгамдсан асуудал бол замын чанар байх шиг. Хэрхэн яаж чанартай зам барих вэ?

-Авто замын чанар, үр ашиг гэдэг бол мөнхийн сэдэв. Замын чанар, үнэ хоёр нэг зүйлийн хоёр тал. Чанартай зам тавихад үнэ өртөг их орно. Сүүлийн жилүүдэд замын барилга угсралтын ажлын үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хэдий хэмжээний мөнгө өгч байна тэр хэмжээгээр чанартай зам барих боломжтой гэсэн үг. Нэг талаараа зам засварын ажлын хувьд хөрөнгө байнга дутагдалтай байдаг. Мөн зам барина гэдэг нэг асуудал. Барьсны дараа арчилж, хамгаалж, засвар хийж зорчигчдын тав тухтай зорчих нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэх нь чухал. Үүнд 60-аад тэрбум төгрөгийн хэрэгцээ байдаг. Гэтэл өнгөрсөн жилүүдэд түүний 10 тэрбумыг оны эхэнд, 12 тэрбумыг оны эцэст улсын төсөвт батлаад өгсөн байгаа. Чанар гэдэг бол нэг хүн анхаараад, хэлээд шийддэг асуудал биш. Тухайн замын ажилд оролцож буй гэрээний ажилтнаас эхлээд салбарын сайд хүртэлх бүх хүний хариуцлагаас шалтгаалдаг юм. Дээрээс нь барьсан замыг иргэд хэрэглэгчид зориулалтын дагуу зөв зүйтэй ашиглах нь чухал. Ингэснээр тухайн зам чанартай, үр ашигтай байх юм. Аливаа зүйлд хариуцлага чухал гэсэн үг. Авто замын тухай хуульд хариуцлагын асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Замын чанар олон зүйлээс шалтгаалдаг ч зураг төслөөс ихээхэн хамаардаг. Зарим зам, гүүрийн зураг төсөл чанарын шаардлага хангадаггүй. Зам, гүүрийн зураг төслийг чанаргүй боловсруулснаас замын эвдрэл гарвал, зураг зохиогч нь асуудлыг хариуцна гэх зэргийг хуульд тусгаж, шат шатанд хариуцлагын асуудлыг ярьж байна.

-Нэг талаараа зам барьж буй компаниуд муу ажиллаж байна гэсэн үг үү?

-Зам барьдаг 28 компани байгаагийн 20 нь улсын компани. Найм нь хувийн компани байна. Замын ажилд, компанийн хурд, хүч чадал, ажлын боловсон хүчин энэ бүхэнтэй нь харьцуулахад дэндүү ахадсан тоо байгаа юм. Тухайлбал, Завхан аймаг гэхэд 1200 орчим км зам хатуу болон сайжруулсан замыг хариуцан ажиллаж байгаа. Тэнд 40-50 хүнтэй ажлын баг, техник технологи нь хүрэлцэхгүй, ийм компани том сүлжээний ашиглалтыг хариуцна гэдэг хэцүү. Тийм учраас цаашдаа бид сүлжээнийхээ, ялангуяа хатуу хүчилттай 100-200км замыг дангаар нь хариуцуулаад, шинэ засварын нэгжүүд барих зайлшгүй шаардлага гарч байгаа юм. 2020 он хүртэл бүх аймгуудаа нийслэл хоттой хатуу хүчилттэй замаар холбох зорилт тавин ажиллаж байна.

-Чанаргүй зам баригдсан хойно хариуцлага тооцох систем бий юу. Замын чанарыг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Зураг төсөл хүртэл чанарт чухал, мөн өртөг зардал, материалын чанар, барьж буй хүмүүсийн чадвар, техник тоног төхөөрөмжийн хангамж, хяналт гэх мэт зүйлүүдээс хамаарч байгаа юм. Сүүлийн үед зураг төслийн нэлээд олон компани байгуулагдсан байна. Сайн ч компани бий. Гэтэл шинээр байгуулагдсан ямар ч туршлагагүй компаниуд ч олон байгаа. Компаниуд алдаа их гаргаж байна тэр алдаа нь эргээд барилга барихад илэрч байна. Тиймээс чанарыг бүх шатанд анхаарч ажиллах хэрэгтэй. Авто замын салбарт жирийн ажилтнаас эхлээд инженер, техникийн ажилтнууд болон салбарын сайд гээд бүгд нэгдсэн зорилго чиглэлтэй ажиллаж байж чанарыг дээшлүүлнэ. Чанар сайжирвал үр ашиг сайжрах нь ойлгомжтой. Чанаргүй зам гүүр баривал засвар арчилгааны зардал нэмэгдэнэ. Авто замтай холбоотой хууль өнгөрсөн оны тавдугаар сарын нэгэнд УИХ-аар батлагдаад долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байгаа. Энэ хуульд зам гүүрийн чанарын асуудлыг нэлээд тодорхой тусгаж өгсөн. Хэрвээ чанаргүй зураг төсөлтэй зам бариад түүнээс үүдэлтэй хохирол улсад учирвал зураг төсөл хийсэн компани хариуцна. Хоёрдугаарт, зураг зохиосон хүмүүсийн зургийн экспертиз байгаа. Хяналтын систем тэр хийсэн зургийн техникийн алдааг харахгүй чимээгүй экспертиз хийгээд өнгөрсөн тохиолдолд хариуцлагыг экспертиз хийсэн хүн хариуцахаар хуульчилсан. Тиймээс нэг үеэ бодвол одоо хуулийн дор ажиллаж амьдрах учраас зураг төслийн байгууллагууд анхаарч эхэлж байна. Засварын баталгаат хугацаа нэг жил байсан. Энэ хуулинд гурван жилээр тусгаж өгсөн.

-Хотын түгжрэл их, хөдөө орон нутаг руу гардаг гарц цөөхөн болохоор улам түгжирдэг. Гарцуудыг нэмэх боломж байдаг болов уу. Түгжрэлийг хэрхэн бууруулах вэ?

-Хотын түгжрэл маш хүнд болж байна. Гэхдээ түгжрэлийг шийдэх арга олон янз. Манай нөхцөлд бол нэн түрүүнд хотыг тойрсон хурдны замууд, дунд хэсгээр хоёр түвшинт давхар зам барих хэрэгтэй. Тунель барих нь өртөг өндөртэй, газар доогуурх байгууламж манайд анхнаасаа төлөвлөгдөөгүй тул хэцүү. Маш их өртөг зардлаар бий болох болно. Тиймээс хоёр түвшинд л хурдны зам барих зайлшгүй шаардлага бий. Түгжрэлийг сааруулахын тулд дугаар хязгаарладаг, тэгш сондгой дугаараар зорчих санаа бол миний гаргасан санаа, ажил юм. Гэсэн ч иргэдийн амьдрал ахуй сайжраад хүн болгон машин унах болсон байна. Олон улсад энэ тохиолдолд зохицуулалт хийдэг. Тодруулбал, та дөрвөн хүний суудалтай машинтай яваа бол өөрөөсөө гадна гурван хүнээ аваад яв. Эхнэр, хүүхдүүдээ сургууль, ажилд нь нэг машинаараа хүргэж өг гэсэн журам гаргасан байдаг. Үүнээс гадна түгжрэлийг бууруулахын тулд манай улс дагуул хотуудыг шуурхай байгуулах хэрэгтэй байна. Энэ байдлаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах бараг боломжгүй болж байна.

-Дагуул хотыг байгуулна гэхээр их өртөг орно гэх яриа бас бий. Ойрын хугацаанд манай улс дагуул хот байгуулж чадах болов уу?

-Дагуул хот хамгийн хялбар арга. Одоо байгаа хотууд Багануур, Архангай, Төв аймаг Дархан, Эрдэнэт зэргийг л дагуул хот болгочих хэрэгтэй. Олон улсад дагуул хот байгуулахын тулд түгээмэл ашигладаг зарчим нь бол их, дээд сургуулиудыг дагуул хотууд руу төвлөрүүлэх арга байдаг юм. Их, дээд сургуульд сурахаар хүүхдүүд хөдөөнөөс ирж байна. Сургуулиа төгсөөд буцаж явахгүй байна. Эрчим хүч, зам, дэд бүтэц нь бэлэн байгаа тул дагуул хотууд байгуулахын тулд сургуулиудын барилга байгууламжуудыг л барих шаардлагатай. Барихын тулд хувийн хэвшилтэй хамтарч болно шүү дээ.

-Хурдны замууд хотод хэзээнээс баригдах бол. Тийм төсөл хөтөлбөрүүд яригдаж байна уу?

-Хотын захиргааны л хариуцах асуудал.


Categories
мэдээ цаг-үе

Ноолуурын ханш 100 мянган төгрөгөөс эхэлж байна

Зүүн аймгуудын зарим нутгаар эхний ноолуур гарч, энэ жилийн ноолуурын анхны ханш ч тогтжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт ноолуур хамгийн өндөр үнэтэй буюу 90-92 мянган төгрөгийн ханштай байсан бол энэ үнэ нэмэгдэж 92-100 мянган төгрөг болсон байна. Мөн Дорнод аймгийн төв дээр ченжүүд нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч байгаа аж. Дорнод аймагт ажиллаж буй ноолуурын ченж Т.Ганзоригтой холбогдож зарим зүйлийг тодруулахад “Шинэ ноолуур бол 100 мянган төгрөгөөр авна. Ер нь ноолуурын ханш 100 мянга гэчихсэн л байгаа. Гэхдээ ноолуураа үзэж харж байгаад болно шүү дээ. Энэ өвөл зудтай байсан тул үхсэн ямааны хэт эрт самнасан муу ноолуур байж магадгүй гэх мэт асуудал бий. Өнөөдөртөө бэлэн мөнгө ирээгүй байна. Маргааш ярьж байгаад ирж тушаагаарай” гэж байв. Харин Хөвсгөл аймгийн иргэн Д.Оюунчулуунтай холбогдож ноолуур ямар үнэтэй байгаа талаар тодруулахад “Мөрөнгийн төвд 80-90 мянган төгрөгийн ханштай л байна. Дөрөвдүгээр сар гаргаад эх ямаагаа самнах юм. Ноолуурын ханш өсөхгүй бол хот орж ноолуураа тушаана. Улаанбаатар болон Зүүн аймгууд руу ноолуурын ханш өндөр байгаа сураг дуулдсан. Гэхдээ дөрөвдүгээр сарын эхээр ноолуурын ханш өсөөд, буцаад бууна гэж ченж нар ярьж байна” гэлээ. Харин Эмээлт захад ноолуур 85-90 мянган төгрөг гэж байгаа аж.

Өнгөрсөн жилийн яг өдийд ноолуур Эмээлт захад 70-75 мянга гэж байв. Сүүлдээ ханш өсөж 85 мянга хүрсэн ч дөрөвдүгээр сарын сүүлээр 60-68 мянга болж ханш унаж, малчид ихэд бухимдалтай байсан билээ.

Үнэ ханш унасан бурууг хятад ченжүүдээс болсон гэж байв. Учир нь манай улсын ноолуурын 90 гаруй хувь нь хятад руу түүхийгээр гарч, үлдсэн 10 хүрэхгүй хувийг дотоодын ноолуурын үйлдвэрүүд авдаг юм. Өөрөөр хэлбэл, манай улсын ноолуурын зах зээл, үнэ ханш хятадын ченж нартай холбоотой гэсэн үг. Олон ченжүүд байдаг ч хятдад монголын ноолуурыг авдаг гуравхан том ченж байдаг юм гэнэ.

Харин Булган аймгийн иргэн О.Болдмаа ярихдаа “Төвийн болон баруун аймгуудаар ноолуур гарч эхлээгүй байна. Гэхдээ одоогоор ноолуурын ханш 80 мянган төгрөг гэж байгаа юм билээ. Ханш өснө, 120 мянга хүрнэ гэсэн тооцоо бий. Ченжүүд ч ингэж хэлж байна. Ноолуураа самнах арай болоогүй байна, самнасан ч ажиглаж байгаад үнэ орохоор нь зарна гэсэн бодолтой байгаа. Дор хаяж 120 мянга хүргэчих байх” гэж байлаа.

Мөн Эмээлт зах дээр ажилладаг ноолуурын ченж Ө.Батмөнхөөс тодруулахад “Ноолуурын ханш энэ жил өснө. Гэхдээ хэд хүрээд унахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. 115 мянга бол хүрнэ гэж бодож байгаа. Өмнөх жилүүд шиг хэлбэлзэлтэй л байх болов уу. Гэхдээ ноолуурын ханшийг бид тогтоож чаддаггүй, хятадын ченжүүдийн л мэдлийн асуудал шүү дээ” гэв.

Ямартаа ч өмнөх жилүүдтэй харьцуулахад ноолуурын ханш өссөн, өндөр үнээр эхэлж байна. Гэхдээ ханш хэд хүрэх, хэр тогтвортой байх эсэх нь тодорхойгүй юм. Ямартаа ч өнгөрсөн оны сүүлээр Хөдөө аж ахуйн бирж анхны форвард арилжааг хийсэн. 11.5 тонн ноолуурыг урьдчилсан захиалгаар арилжсан.

Ингэснээр малчид ямаагаа самнахаас гурван сарын өмнө Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ноолуураа зарж, үнийн эрсдлээс хамгаалах боломж бүрдсэн гэсэн үг. Тодруулбал, малчид урьдчилан хэдэн кг ноолуураа тушаахаа хэлээд, үнээ тохироод, тохирсон ёсоор шинэ ноолуураа тушаана, ченжийн гар дамжуулалгүйгээр шууд үйлдвэрт борлуулах ёстой.

Уг форвард арилжааны нээлтээр долоон хэлцэл хийгдэж, кг нь 80-135 мянган төгрөгийн дүнтэйгээр 11.5 тонн боловсруулаагүй ноолуурыг форвард буюу урьдчилсан захиалгаар арилжсан байгаа. Мөн 500 сая төгрөгийн ноолуурыг “Монголиа кашмир ворлд” компани Хэнтий аймгийн “Эмхбум” ноолуурын хоршооноос авахаар гурван талт хэлцэл хийсэн. Тус компани ирэх жилийн хугацаанд форвард арилжаагаар хоёр тэрбум төгрөгийн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн аж. Захиалагч компани урьдчилгаа төлбөрөө байршуулснаар малчид захиалгыг нь бэлтгэн дөрөвдүгээр сарын 12-20-нд хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл, хятадын ченж нарын мэдэлд байх болсон ноолуурын үнэ ханш арилжааг дотоодын компаниуд ийм зохицуулалтаар худалдан авах боломж энэ жилээс эхэлж байгаа юм.

Н.Ганчимэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх орон

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


ЭХ ОРОН-сайхан үг. Эх болсон нутаг минь гэсэн агуулгатай. Эх оронч гэхээрээ эх болсон нутагтаа элэг зүрхээрээ дотносдог, үүнийгээ дайснаас өмгөөлөн хамгаалдаг, бусдад булаалгах дургүй, төрүүлж өсгөсөн эх шигээ хайрладаг бие хүн.

Ийм үг урьд нь монгол хэлэнд байгаагүй. Юутай ч өнгөрсөн зууны эхэн үе хүртэлх ном сударт тааралддаггүй. “Ёс зүй”, “ёс суртахуун”, гэх мэт 2-3 үгээр хэлэгдэн нэршсэн орчуулгаар буй болсон үг болов уу. Гэхдээ эх орноо нэрлэдэг үг монгол хэлэнд байгаагүй гэвэл алдас болно. Үүнийг “нутаг” гэж нэрлэж байсан байх. Д.Нацагдоржийн эх орноо магтан дуулсан шүлэг “Миний эх орон” биш “Миний нутаг” нэртэй. Энэ шүлэгт зохиогчийн төрсөн нутгийн тухай биш, Далан хар уул, Байгал нуурыг дурдаагүйг бодоход нийт монгол үндэстний тухай ч биш болж таарах нь. Тусгаар тогтносон Монгол Улсын хил хзгаар, газар нутгийг хамруулсан байдаг. Бараг л газар зүйн сурах бичиг маягтай. Зохиогчоос хожим алдагдсан Саяаны нурууг хүртэл оруулсан байдаг шүү дээ. Ингээд дахилт дээр нь “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон”.

Магадгүй 30-40-өөд оны үеэс орос хэлний “отчество”, “мать Россия”, “родина” гэх мэт үг орчуулагдсан болов уу. Хэлний хөгжилд ийм тохиолдол тун элбэг байдаг. Тухайлбал, монголчууд хоорондоо салахдаа тухайн тохиолдлоос хамаарч “сайн яваарай” , “Сайн сууж байгаарай” гэх мэт ерөөдөг байж. Дөчөөд оны үеэс орос хэлний “до свидания” буюу “дараа уулзтал” гэснийг “дараа баяртай уулзъя” хэмээн орчуулан хэрэглэх болжээ. Энэ нь цагийн явцад товчлогдсоор нэг хэсэг “дараа баяртай” гэдэг байснаа жараад оны үеэс бүр товчхон “баяртай” болон хувирсан байна. Нийтийн хэрэглээнд орж ирэхээс өмнө “Ардын цэргийн албанд, Амар сайн яваарай, баяртай, баяртай” гэж дуулж байсан нь хөг ая, үгээ нийцүүлэх гэж товчилсон байх.

Эх орон, эх оронч гэх мэтийн хэллэг социализмын үед голдуу цэрэг армитай холбогддог байв. Эх оронч гэвэл хаа нэгтээ байлдаж нас барсан эх оронч Аюуш, Тэгшээ, Матрасов, Космодеская гэх мэт. Гэхдээ байлдаж байсан авч баатар цол хараахан хүртээгүй амьд мэнд зарим дайчид офицерийг эх оронч гэж цоллож байсан явдал бий. Тэр үеийн нам засаг хүүхэд залуусыг эх оронч болгохоосоо илүү пролетарийн интернациональч хүмүүжлээр хүн болгоно гэдэг байлаа. Ямар үндэстнээсээ үл хамаараад дэлхийн бүх ядуу хүмүүстэй нөхөрлөнө гэсэн үг юм болов уу. Харин нэлээд сүүлд пролетарийн интернациональч, эх оронч хүмүүжил гэж хоршуулах болсон. Гэхдээ энэ хоёр үгийн аль нь ч энгийн ярианы хэлэнд тархаагүй байв. Цэрэг юмуу, намын ажилтан биш байж өөрийгөө интернациональч, эсвэл эх оронч гээд унах юм бол жаахан юмтай л харагдана шүү дээ.

Ерэн оноос эх орон, эх оронч гэх үгс тодорхой хүмүүст хамаарах боллоо. Санахаас “281 холбоо” гэх эзэн нь мэдэгдэхгүй хүн ч юм уу, бүлэг гарч ирж өөрийгөө эх оронч гэх болсон. Эх орон аюулд орсон учир эх орончид нийлж байгаад эх оронч бишүүдийг устгах тухай сураг гарах боллоо. Аяндаа зарим эх оронч нэр усаараа тодорч эхлэв. Эх оронч бишүүдэд шинээр гарч ирсэн ардчилсан хүчнийхэн, гадны цус нөж судсандаа агуулсан хүмүүс, шүд нь түрэнги, нүд нь бүлцгэр хүмүүс, Сэлэнгэ зэрэг аймгийн харьяатууд гэх мэт. Яваандаа эх орончид Монгол нутагт эх оронч бишүүдээсээ тооны хувьд давсан байх аа. Бүх төрлийн гэмт хэрэг “эх орон”, “эх оронч” гэсэн хаягийн цаана нуугдах болов. Шүүх цагдаа болон бусад хүчний байгууллагууд ч энэ нэрнээс жийрхэн аль болох зугтах болжээ.

Эх орон, эх оронч, эх оронч үзэл гэх мэт эдгээр ухагдахуун хэзээ буй болсон, хэрхэн өргөжин хөгжсөн, ямрыг нь ингэж нэрлэдэг, эх орны дайсан гэж хэнийг тодорхойлдог талаар бичиг судар, түүх цадигаас хайлаа.

Эх орон гэдэг нь эцэг өвгөдийнх нь нутаглаж байсан газрыг хэлэх ба эх оронч гэхээрээ тэр нутагтаа хайртай байхыг нэрлэдэг хэмээн ихэнх толь бичигт тодорхойлсон байна. Христийн шашинд “эцэг, хүү, ариун сүнс”-ийг гурвалсан эрдэнэ хэмээн сүсэглэдгээс өвөг дээдсийн нутгийг “эцэг орон” гэх болжээ. Энэ нэр томьёо дундад зууны үед Европт буй болжээ. Гэхдээ өөр олон хэлэнд “эх орон” гэж нэрлэдэг, (жишээ нь англиар “мазэрлэнд”) аж. “Эцэг орон” ч бай, “эх орон” ч бай яг адилхан утгатай, тухайн хэлэнд алинаар нь эвтэй гэдгээс болно. Зарим хэлэнд төрөлх орон (жишээ нь, слав хэлэнд “род ина) гэнэ. Япон, солонгос, хятад, вьетнам зэрэг ханз үсгийн соёлтой хэлэнд “Өвөг дээдсийн улс” гэдэг гэнээ. Монгол хэлээр эцэг гэлгүй эх гэсэн нь тун оновчтой орчуулга. Учир нь эцэг гэсэн үг заримдаа сөрөг утгатай (эцэггүй хүүхэд, эцэг мал гэх мэт) бол, “эх” үргэлж эерэг.

Эцэг орон буюу манайхаар эх орон гэх нэршил XVII зуунд буй болоод тэр үед орос хэлэнд “отчество” гэж орчуулагдан орж ирсэн гэж хэл шинжээчид нотолж байна. Францын хувьсгалын үеэр “эх оронч” гэсэн нь франц хэлээр “хувьсгалч” гэх утгыг илэрхийлэх болжээ. Хувьсгалыг эс зөвшөөрөгчид мэдээж хэрэг эх оронч биш гэгдэх, удахгүй тэр нь “ардын дайсан” гэсэн илүү тодорхой нэршилтэй болсон гэдэг. Үзэл бодлын зөрүүнээс болж үй олноор нь алж хядах явдал Октябрийн биш, Францын хувьсгалаас анх үүссэн юм. Толгой авдаг гильтон тэр үед завгүй ажиллаж байлаа. Энэ маягийн хийрхэл улам газар аван энд тэндгүй халдварласан учир Оросын эзэн хаан Павел “эх орон” гэдэг үгийг үгсийн сангаас хасан “төр” гэсэн үгээр орлуулахыг тушааж байжээ. Нацист Германд энэ үгийг үндэсний үзлийн суртал нэвтрүүлэгт хэт хэрэглэж байсан учир жишээ нь, англичууд үүнээс зугтан “хөүмлэнд” гэсэн нэршил хэрэглэх болсон гэдэг.

Гэхдээ тэр чигээрээ муу юмны нэр болчихсон гэсэн үг биш. Дайн байлдаанд энэ үг хамгийн өргөн хэрэглэгдэж, эх орноо аврах гол уриа болж байв. Францын хувьсгалын үеэр “Эх орон аюулд учирлаа” гэсэн уриа байв. Наполеоны эсрэг Оросын дайныг “Эх орны дайн” гэж байсан бол нацист Германы эсрэг дайныг ч мөн албан ёсоор ингэж нэрлэж байсан. Зөвлөлтийн цэрэг “Зөвлөлт холбоот улсын төлөө зүтгэе” гэж тангарагладаг байснаа ЗХУ тарсны дараа “Оросын холбооны төлөө зүтгэе” гэх болжээ. Харин саяхнаас Путин үүнийг “Эх орны төлөө зүтгэе” болгон өөрчилсөн гэнэ.

Эх оронч үзэл гэдгийг өөрийн орны соёлоор бахархах, тэр онцлогийг хадгалан үлдээх хүсэл, тухайн оронд харьяалагдаж байгаагаараа бахдан хэл, заншил уламжлалыг хайрлах сэтгэлийн хөдөлгөөн, өөрийн орны бусад гишүүд болон эх орныхоо эрх ашгийг хамгаалах тэмүүлэл зэргийн нийлбэрийг хэлнэ хэмээн ихэнх толь бичигт тайлбарлажээ. Гэвч Британника нэвтэрхий толь бичигт энэ үгийг тайлбарлахаас татгалзсан байна. Харин “эх орноосоо урвах” (treason) гэсэн эсрэг утгыг нь “өөрийн улсын төр засгийг түлхэн унагахыг оролдох, дайны үед тус улсын дайсанд туслах” гэж тодорхойлжээ. Дэлхийн хамгийн анхны Үндсэн хууль зохиогчид “эх орноосоо урвах” гэсэн ойлголтыг хамаагүй хавтгайруулан өргөн утга, ноёрхогчдын үзэмжээр хэрэглэдэг байсан урьдын бурангуй ёст уламжлалаас болгоомжлон үүнийг зөвхөн дайн байлдааны болоод төрийн эргэлтийн үед хамааруулахаар тогтсон аж.

Социологичид эх оронч үзлийг цаад сэдлээс нь хамааруулж нэлээд хэд ангилдаг аж.

-Төрсөг эх оронч үзэл (төр улсаа хайрлах)

-Эзэнт улсархаг (эзэлсэн газар нутгийг өөртөө хамруулах)

-Уухайлах эх оронч үзэл (өөрийн төр улсыг бусдын дээр тавих)

-Уламжлархаг (амьдралын хэв маяг, уламжлал, соёлын онцлогийг өргөмжлөх)

-Хэтэрхий эх оронч үзэл (эх орноо хайрлах нь эрүүл ухаанаас халих)

-Түүхчирхэг (өнгөрсөн түүхийн тодорхой үеийг дөвийлгөн өөрсдөдөө хамааруулах)

-Үндсэрхэг эх оронч үзэл (үндэс угсаагаараа илүүрхэх) гэх мэт. Энэ бол судлаачдын л ангилал.

Эх оронч үзэл бол үе үеийн турш хүн төрөлхтнийг дагасан, өдгөө ч утгаа алдаагүй сэдэл юм. Чухам ийм үзэл байсны хүчээр улс, үндэстэн оршин тогтноно. Эх оронч үзэл үгүй бол түүний төлөөх хариуцлага үгүй болно. Хэрэв хүн өөрийн ард түмний төлөө хариуцлага хүлээхгүй бол түүнд гэр орон ч үгүй, үндэс суурь ч үгүй. Гэр орон гэдэг бол зүгээр л амьдран суудаг газар төдий биш. Энэ бол гэр орныхоо эмх замбараа, түүн дотор амьдарч буй үр хүүхдийн өмнө хүлээх хариуцлага. Эх оронч үзэлгүй хүн өөрийн улс оронгүй гэсэн үг. Энэ бол үе үеийн ухаантнуудын үзэл бодол, тэгэхээр миний ч үг.

Английн зохиолч Клайв Луис эх оронч байхыг дөрөв ангилахдаа:

-Гэрээ хайрлах (хуучны найз нөхөд, танилууд, танил харууц, үнэр, чимээ зэрэг)

-Өөрийн орны өнгөрсөн түүхэнд хандах онцгой мэдрэмж

-Өөрийн үндэстэн, өөрийн ард түмнийг бусдаас дээр гэж үзэх бүдүүлэг үзэл

-Өөрийн үндэстэн бусдаас дээр учир бусдыг захирах эрхтэй гэх харгис үзэл

Европт нийтээр хэрэглэх болсон “эх орон” гэсэн ойлголт ялангуяа 1848 оны хувьсгалаар ихэд түгсэн юм. Энэ хувьсгал ямар нэг утгаараа ардчиллыг шаардаж байсан авч гол нь бүх Европыг захирсан хэдхэн орны ноёрхлыг түлхэн унагаж үндэстэн бүр өөрийн гэх улс оронтой болох гэж тэмцсэн. Энэ үеэс эх оронч үзэл нь үндэсний болоод үндсэрхэг үзэлтэй холилдож эхэлсэн байна. Иймээс төрсөн газар нутаг үндэс нэгт ард түмнээ хайрлах гэдэг утгаасаа даван бусад улс орон, үндэстнийг үзэн ядах байдал руу ч хальтарсан. Эх орноо хайрлая гэвэл бусдыг үзэн яд. Иймээс эх оронч үзэл гэх нэршил нь түрэмгийлэл, дайн байлдаан, бусдын газар шороог булаан авах зэрэгт өргөн хэрэглэгдэх болсон байна.

Мөн бүх сэтгэл зүрхээ эх орондоо зориулж байхад улс төрийн сөрөг хүчин бол тэгдэггүй, тэд бол хуурамч эх орончид, нууц дайсан гэсэн тодорхойлолт ч улс төрийн хүрээнд гарах болжээ. Үзэл бодол нийлээгүй нэгнээ яллах шүүхийн тогтоолорхуу юм аа даа. Ялангуяа сэхээтний хүрээнд элдэв маргааныг тас цохьдог зэвсэг нь “эх орон” болж өргөжив. Буруутаад эхэлбэл “эх орон” гэдэг үгээр бамбай хийнэ. Иймээс ч Толстой “Адгийн шаар аргаа барахаар эх оронч болж жүжиглэдэг” гэжээ. Энэ үгийг анх Английн улстөрч Самүэл Жонсон парламентын сөрөг хүчиндээ зориулж хэлсэн ч гэдэг.

Явсаар эх оронч үзэл, эх оронч байх гэдэг нь адгийн шаарууд гэмт үйлдлээ нуухын тулд араар нь ордог халхавч, хуульчлагдсан хулгайч нарын бусдыг айлгаж ичээн дарамталдаг рэкэтийн хэрэгслэл болж хувирсан нь ганц Монголд биш.

Нийгмийн хамгийн хог шавхруунууд “ЭХ ОРОН” гэсэн сайхан үгээр тоглож, эх орны нэрийн өмнөөс эх орны эсрэг үйлдэл хийн, эх оронч ард түмнийг манай ба танай хэмээн өөрсдийн увайгүй үзэмжээр ангилан салгаж, эх орны нэрийн өмнөөс өөрийн дайсныг илрүүлж, эх оронч үзлийг өөрийн үзэмжээр тайлбарлан эх оронч хүмүүст сургах болжээ. Коммунист нийгэм хувь хүнээс үнэнч коммунист байхыг л шаарддаг, гэмт хэрэгтэн, адгийн амьтан байх нь өршөөж болох явдал гэж үзнэ. 58 хүн хороосон алуурчин Чикатило баривчлагдсан боловч намын гишүүн хүнийг сэжиглэж болохгүй хэмээн тавьж явуулж байжээ. Өнөөдөр Монголын нийгэм хар аяндаа иргэдээсээ адгийн шаар, хүний оронцог, хууль зөрчигч, хулгайч дээрэмчин байх нь хамаагүй, гол нь “эх оронч” байхыг шаарддаг тогтолцоотой болоод ирлээ. Эх оронч байх гол шалгуур нь цээжээ дэлдэж, бусдыг дарамталж, хүмүүсийг ангилан гадуурхаж, гэмт үйлдлээ энэ нэрээр халхлах болой.

Эх оронч үзлийг хүн эхийн сүүтэй хамт эх эцгээсээ, нутаг уснаасаа, газар шорооноосоо, багш, сургуулиасаа олж аван хүмүүждэг. Иймээс бүх л хүмүүс эх орончид байдаг. Эх орон гэдэг бол надад, манайд, бидэнд хамаарч байгаа бүхэн юм. Үүнийг хүмүүс нүдээрээ, зүрхээрээ, элгээрээ, үнэр, амтаар, мэдрэхүйгээрээ хайрладаг. Яг л эхийгээ, үр хүүхдээ, гэр орноо хайрладаг шиг. Энэ хайр бол зарлалын самбар биш, зодоон цохионы хэрэгслэл биш, тэр дундаа бусдыг үзэн ядах зэвсэг бүр биш. Эхийгээ хайрлаж байна гээд бусад эхчүүдийг үзэн ядвал, энэ хайр мөн үү?

2018.3.18

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабар “Эх орон” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“С.Баярцогтыг Ардчилсан намаас хөөхөөр шийдвэрлэлээ” сурвалжилгыг нэгдүгээр нүүрнээс хараарай.

УИХ-ын гишүүн Баатарбилэгтэй ярилцсаныг нэгдүгээр нүүрнээс үзэх боломжтой.

Мөн дээрх нүүрнээс Ерөнхий сайд Д.Содномтой ярилцсаныг уншаарай. Тэрээр “Мөнгө зээлчихээд юу хийхээ бодох биш, юу хийхээ бодчихоод мөнгө зээлэх хэрэгтэй байна.

“Нобелийн сургаар зохиолчид бие биенийгээ матаад эхлэх вий дээ” сурвалжилгыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс хараарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Эх орон” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Ховд аймгийн Чандмань сумын талаарх сонирхолтой нийтлэлийг XIII нүүрнээс унших боломжтой.

Дэвжээ нүүрнээс шатрын спортын олон улсын их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуултай ярилцсаныг хүлээн аваарай.

“Уралдааныг хойшлуулах санал гаргасан ч уралдаанч хүүхдүүд өнөөдөр дуусга гэсэн” сурвалжилгыг баримт, үйл явдал нүүрнээс хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтэд 182 айл шар усны үерт автсан байна

Орхон аймаг жил бүр шар ус болон хур цасны үер, гэнэтийн аадар борооны улмаас багагүй гамшигт өртдөг. Үүнд хөрөнгө, мөнгө ч их зарцуулдаг байна. Жишээ нь өнгөрсөн зуны хоёр удаагийн аадар борооны улмаас үүссэн эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан байдаг. Харин одоо үүсээд буй хур цасны үерт 11 багийн 182 айл үерт автах нөхцөл үүсч, 122 гудамж шавар, шалбаагаар дүүрчээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд үерт автсан 30 айлын асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан нь одоогоор тогтоох боломжгүй байгаа аж. Цаашид аймгийг бүхэлд нь хэрсэн үерийн даланг яаралтай байгуулахгүй бол энэ мэт эрсдэл улам ихэснэ гэдгийг иргэд анхааруулсаар байна.

Орхон аймгийн онцгой комиссын хуралдааны үеэр “Хотын үерийн хамгаалалт, далан сувгийн зураг төсөл, шаардлагатай хөрөнгийн хэмжээг дахин судлах, үүний дараа хийх ажлыг БНСУ-аас авах зээлээр хийх боломжийг судалж байна” гэж аймгийн Засаг дарга Д.Батлут хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Лицензийн сонгон шалгаруулалт ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ

ЗурагАшигт малтмалын лицензийн сонгон шалгаруулалт ирэх дөрөвдүгээр сарын эхээр болно хэмээн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг мэдэгдлээ.

Ашигт малтмалын шинэ хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтаар лиценз олгохоор болсон. Сонгон шалгаруулалтын комиссыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд байгуулжээ. Засгийн газрын тогтоолоор батлагдсан 8 сая 600 мянган га талбайд аймгуудаас санал авсан бөгөөд эдгээрээс дэмжигдсэн газруудад сонгон шалгаруулалт явуулах юм байна. Одоогоор ямар хэмжээний талбайд лиценз олгох нь тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн онд нийт 26 тусгай зөвшөөрлийг 11.5 га талбайд олгожээ.

Лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжаас 2017 онд улсын төсөвт 41 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Харин энэ жил нэмэлтээр зөвшөөрөл олгохгүйтэй холбоотой төсөвт төвлөрөх мөнгө багасах байх хэмээн албаныхан хэлж байна.

Дашрамд дурдахад улсын хэмжээнд нийт хайгуулын 1715 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 1330 ширхэг тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж. Газар нутгийн хэмжээгээр лиценз олголт ашиглалтын 1 хувь, хайгуулын 5.7 хувийг эзэлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Эгэл сэтгүүлч тэрбумтан эрхэм болсон бодит намтар

Алдарт сэтгүүлч Жозеф Пулитцерийн бий болгосонамерикийн эртний хэвлэлийн компаний нэг болох”Pulitzer Inc “ өрсөлдөөнийг дааж чадалгүй америкийн “Lee Enterprises” компанид 1.46 тэрбум ам.доллараар зарагдан бөөн шуугиан тарьж байсан нь саяхан.Энэ компани Пулетцерийн үр садыг 100 гаран жил баян тансаг амьдрах эх ундрагаболж байсан билээ. Ж.Пулитцерийгорчин үеийнсэтгүүл зүйг үндэслэгч гэжүздэг нь оргүй ч зүйл биш юм.Унгарт төрсөн Пулитцер дайнд гавъяа байгуулан нэр төр олохоор АНУ-ын хөлсний цэрэгт элссэн байна. Гэтэл дайн дуусч тэрээр олон мэргэжил сольж эцэст нь сурвалжлагч дараа нь улс төрч болсон аж. Тэрээр өөрийн гэсэн сонинтой болсныхоо дараа шинэ мэдээ, ямар нэр өгөх, хөмсөг хэрхэн тавихыг болон сонинг ямар байдлаар хэвлэх тухай өнөө үед бидний мөрдөж буй зарчмыг анх санаачилсан билээ. Пулитцер мөн мэргэжлийн сэтгүүлчийн анхны их сургуулийг байгуулсан бөгөөд хожим нь тэргүүний сэтгүүлчдэд өгдөг өөрийн нэрэмжит шагналыг бий болгосон юм. Түүний сонин хэдэн саяар борлогдох болсон оргил үедээ тэрээр биеийн байдлаас болж дуу чимээнээс тусгаарласан тусгай өрөөнд байдаг байсан гэдэг.

Жозеф Пулитцер 1847 оны дөрөвдүгээр сарын 10-нд Унгарын Мако хотод төрсөн байна. Түүний эцэг нь үр тарианы худалдаачин жүүд, эх нь цэвэр герман цусны, католик шашныг ягштал шүтдэг эмэгтэй байжээ. Хэдийгээр өөр, өөр шашинтай боловч эцэг эх нь бие биендээ үнэн сэтгэлээсээ хайртай байсан гэдэг. Эх нь харин хүүхдүүдээ өөрийн шашнаар хүмүүжүүлнэ гэсэн суурин дээр бат зогсдог байсан учир Жозефийг ахтай нь шашны сургуульд оруулсан байна. Харин Жозеф шашинд ямар ч сонирхолгүй нэгэн байсан болохоор түүнийг удалгүй Будапешт хотын дээдсийн хүүхдүүдийн сургуульд шилжүүлсэн гэдэг.

Хэдийгээр эцэг эх нь ихээхэн найдлага тавьдаг байсан боловч Жозеф аавынхаа хойчийг залгамжлагч болсонгүй. Эв хавгүй, удаан хөдөлгөөнтэй 190 см өндөр залуу зөвхөн дайнд гавъяа байгуулахыг л хүсдэг байсан аж. Дунд сургуулиа төгсөнгүүт тэрээр эхлээд Австрийн дараа нь Францын армид орох гэж оролдсон байна. Харин түүний хараа муу бас “сульдаа биетэй” гээд аль ч армид аваагүй аж. Тэр үед 1861-1865 онд болсон иргэний дайн АНУ-д болж байлаа. Ихэнх баячуудын хүүхдүүд өөрийн оронд бусдыг хөлслөн явуулж цэргийн албанаас мултардаг байжээ. Жозеф ийнхүү АНУ-д ирж 17 насандаа Хойд армийн хөлсний цэрэг болсон байна.Жозеф Өмнөдийнхөнтэй Нью-Йоркийн нэгдүгээр морьт суманд байлдагчаар байлдаж байжээ. Гэтэл жилийн дараа дайн дуусаж түүнийг үг дуугүй халж орхисон байна. 18 настай Пулитцер ийнхүү хөсөр хаягдах нь тэр.

1866 онд англи хэл маруухан мэддэг, халагдсан цэрэг Жозеф Пулитцер ажил хайн, герман хэлээр гардаг өөрийн дуртай “Westliche Post” сонингоос Луизиана мужид тамхины тариаланд хөлсний ажилтан авах зарлал олж уншсан аж. Тамхины тариаланд ажиллах ажилчдыг Миссисипи мөрнөөр зөөвөрлөж байжээ. Ажилтай болно гэсэн найдвар тээсэн тэднийг хотоос50 км зайтай хөвж явахад, хөлгийн ахмад тамхины тариаланд ажилчид хэрэггүй болсныг мэдэгдсэн байна. Ахмад тэндээ хөөрхий ажил хайгчдыг буулгаж орхиод цааш хөвж одох нь тэр. Пулитцер буцахдаа бусадтай адил явган алхаж харьсан байна. Уурлаж хорссон Пулитцер өөрийн сэтгэгдлийг “Westliche Post” сонинд өгсөн нь хэвлэгдсэн бөгөөд энэ нь түүний анхны хэвлүүлсэн зүйл нь болжээ.Тэрээр ачаа ачигч, хоол зөөгч, вокзал дээр ачаа зөөгч, үхэр туугч,өмгөөлөгчийн туслах гээд таарсан болгоноохийж явжээ.Ажил хайн хотоос хот дамжсаар Сент-Луис хотод холер өвчин ид гаарсан үед нь Жозеф очиж таарсан байна.Харин үхэл нүүрлэсэн энэ хотодтүүнд ажил олдсон аж. Учир нь үхэгсдийг оршуулах албаны дарга өөрөө оршуулагдах болчихоод байжээ. Пулитцер буяны ажлынхаа дараа номын санд тогтмол очдог байжээ. Энд тэрээр шатар тоглож байхдаа герман хэлээр гардаг“Westliche Post” сонины эрхлэгч Карл Шурц, редактор Эмил Преториус нартай танилцсан аж. Хэдэн сарын дараа тэд Жозефийг сониндоо сурвалжлагчаар ажиллах санал тавьсан байна. Эхлээд Пулитцер ямар нэгэн амжилтанд хүрэхгүй л байв. Редакторуудаас тэрээр англи хэлэнд муу, шар мэдээний үнэн худлыг сайн шалгадаггүй, хэтэрхий тэвчээргүй гэсэн зэмлэл байнга хүртдэг байсан аж. Иймээс хамтран ажиллагсад нь түүнийг байнга доог тохуу болгодог байжээ. Пулитцер ажилдаа сонирхолтой байсан учир тэрээр хурдан хугацаанд хэрэгтэй болгоныг сурч амжиж байлаа. Жилийн дараа тэрээр дуртай гэсэн мэдээгээ олж чаддаг сэтгүүлч хэмээн алдаршсан байна.“Бүхэнд хамаарах сонирхолтоймэдээг жинхэнэ сэтгүүлчээс бусад нь анзаардаггүй” хэмээсэн зүйр үгээр тэрээр өөрийнхөө амжилтыгтайлбарласан байдаг. Нэгэнт сайн сурвалжлагч болсон тэрээр гурван жилийн дараа гэхэд Сент-Луис хотын нэрт хүмүүсийн нэг болсон байлаа. 1869онд түүнийгМиссури мужийн хууль сахиулах хорооны гишүүнээр сонгожээ. Энд тэрээр банк болон банктай холбоотой хэрэг хариуцсан нарийн бичгийн даргын алба хашиж хажуугаар нь сониндоо сурвалжлагчаар ажилласаар байлаа. 1870 онд тус хорооны дарга албан тушаалаасаа огцорч оронд нь Пулитцерийг өөрөө ч мэдээгүй байхад нь сонгочихсон гэдэг. Гэхдээ энэ нь хууль зөрчсөн явдал байсан юм. Учир нь хорооны даргын албанд 24 наснаас дээш насны хүн байх ёстой байсан атал Жозеф энэ үед 23 настай байжээ. Жилийн дараа хуулийн зөрчил мэдээжаяндаа арилсан аж.

Пулитцерт улс төрд нэр төр олох нь түүний нэр алдартай эцэг эхгүйг болон англисаксоны цусгүй “дутагдлыг” нөхөж байжээ. Жозефын гадна төрх хүртэл өөрчлөгдөж харваас намба төрхтэй нэр алдартай нэгэн болсон байна. Парламентын хорооны даргын хувьд тэрээр Сент-Луис хотын дээд зиндааны хүрээлэлдбагтдаг байжээ.

1871 онд Карл Шурц, Пулитцерт“Westliche Post” сониныг хамтран эзэмших санал тавьсан байна. Тэр жилдээ ЖозефСент-Луис хотын цагдаагийн даргаар сонгогджээ. 1872 онд тэрээр Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хорас Грилийг бүх талаар дэмжсэн боловч нэр дэвшигч нь ялагдав. Ялагдлаа мэдсэн Пулитцер хоромхон зуурАрдчилсан намын гишүүн болж амжсан боловч улс төрийн шуурганаас өөрийгөө аварч чадсангүй. Гэхдээ тэрээр насан эцэслэтлээ Ардчилсан намын гишүүнээр үлдсэн юм. Улс төрийн тавцангаас хөөгдсөн тэрээр буцаж сэтгүүлчээр ажиллах болсон байна. Жилийн дараагерман хэлээр гардаг “Westliche Post” өөрт нь “багадаад” байгааг анзаарчээ. Ийнхүү тэрээр 1874 онд сониныхоо хувьцааг зарж орхиод Вашингтон оров. Сент-Луис хотын номын санд байнга суудаг байсан нь талаар болсонгүй . Тэрээр нийслэлд өмгөөлөгчийн шалгалт амжилттай өгч гурван жил өмгөөлөгч мөнВашингтоны“The New York Times” сонины сурвалжлагчаар ажиллажээ.Өмгөөлөгчийн ажил нь түүний хөрөнгийг сайтар аривжуулсан гэдэг. Нийслэлд ажилласнаар тэрээр олон ашигтай танилтай болсон байна. 1878онд дампуурлын ирмэгт тулаад байсан, Сент-Луисын«Dispatch», «Рost» сонинг худалдаж аваач гэсэн санал иржээ. Тэрээр худалдаж авсанэнэ хоёр сонинг нэгтгэж “St. Louis Post-Dispatch” гэсэн шинэ нэр өгчээ.

Өөрийн гэсэн сонинтой болсон Пулитцер өөрийн хүссэнээр ажиллах боломжтой болов. Тэрээр сониныхоо эзэн, редактор, сэтгүүлчийн ажлыг өөрөө нэгэн зэрэгхийж байлаа. “St. Louis Post-Dispatch” сонин сэтгүүлчийн эрэн сурвалжлах буланд нь түүнтэй улс төрд хамт зүтгэж явсан хүмүүсийн талаархайр найргүй зүйл бичигдэхболжээ. Энэ бүхний ачаар түүний сонин богино хугацаанд Сент-Луис хотын хамгийн нэр хүндтэй сонин болох нь тэр. “St. Louis Post-Dispatch” сонин орон нутагт болж буй улс төр болон хэл ам таталсан болгоны тухай хайр найргүй үнэнийг бичиж байлаа. Ажлын ачааллаас ньболж Пулитцерийн хараа 35 наснаас нь эхлэн муудаж эхлэсэн гэдэг.

1882 оны сүүлчээр улс төрийн өрсөлдөгчдийнхөө заналт дайсан нь болж Сент-Луис хотод байх нь амь насанд нь аюултай болсон байна. Иймд тэрээр Нью-Йорк хотыг зорьжээ. Харин сонингоо утсаар ярьж цахилгаан бичин удирдаж байжээ. 1883 оны тавдугаар сард Пулитцер өөрийн хоёрдахь сонин болох “The New York World” сонинг худалдан авлаа. “St. Louis Post-Dispatch” сонинг таван жил удирдсан туршлага дээрээ тулгуурлан Нью-Йоркийн сонинг дор нь өөрийнхөөрөө өөрчилсөн байна. “The New York World” сонины эхний дугаарт Нью-Жерси

мужид болсон нэг сая долларын хохирол учруулсан аймшигт шуурганы тухай өгүүлэл, цаазлуулах гэж байгаа ялтантай хийсэн ярилцлага гарсан гэдэг.Энэ нь одоо бол энгийн зүйл мэт санагдавч тэр үедээ сониндогт гарч байгаагүйшинэлэг зүйл байлаа.

Пулитцер өөрийн сэтгүүлчдээс шуугиан тарих мэдээ, материал олоод зогсохгүй түүнийгээ уншигчдад хүргэж сурахыг шаарддаг байжээ. Тиймээс сониндоо хэвлэгдсэн мэдээ, сурвалжлаганд “Уолл-стрит гудамжинд болсон аймшигт аллага”, “Үхлийн амьсгал”, “Бяцхан Лизын нууц амрагууд” гэх мэт сонин, сүржин нэр өгдөг байв. Тэрээр мөн сонингын зураг, чимэглэлд онцгой анхаарахыг шаарддаг байв.”The New York World” сонин удалгүй хотынхоо тэргүүний сонин болж тэргүүн нүүрэндээ улс төрийн амьдралын тухай байнга нийтлэх болсон байна. Үүнээс гадна бусдад тус дэм болох эсвэл хөгжилтэй түүх мөн цагдаагийн мэдээ байнга нийтлэх болжээ. Ерөнхийдөө энэ бүхэн нь ард олныг бүрдүүлэгч олонхи болох дундчуудад зориулсан сонин байлаа. Хамгийн гол нь Пулитцер хожим нь “шинэ сэтгүүл зүй” гэж нэрлэгдсэн орчин үеийн сонин гаргах зарчмыг нээсэн явдал юм.Мөн энэ бүхэндөөрийн сэтгүүлчдийг сургаж чадсан нь яах аргагүй түний гавъяа мөн. Учир нь ингэж бичихнь тэдэнд урд нь үзээгүйцоо шинэ зүйл байсан билээ. Тухайлбал түүний сэтгүүлч Нелли Блайны бичсэн “Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тухай”нийтлэл ёстой шуугиан тарих гэж юу байдгийн жишээ болж байлаа. Сэтгүүлч эмнэлэг рүү нэвтэрхийн тулд сэтгэл мэдрэлийн өвчтөний дүрд тун ч чадварлаг тоглосон гэдэг. Учир нь тэр эмэгтэйг үзсэн таван эмчийн дөрөв нь түүнд “ шизофрени ” гэсэн онош тавьсан аж. Хэдэн долоо хоногийн дараа “бүрэн эдгэрч” гарсан Нелли өвчтөнгүүдийг хүйтэн байранд байлгадаг, хагас өлсөглөн байдалд байдаг, тэдэнтэй маш хэрцгий харьцдаг тухайбаримттайгаар бичсэн юм. Энэ нийтлэлийн дараа хотын дарга сэтгэл мэдрэлийн эмнэлгийгшинээр тохижуулсан гэдэг. Пулитцер сэтгүүлчиддээ “Аливаа гэмт явдал олны нүднээс далд нуугдмал байдалд л амьдрах чадвартай. Түүнийг ил гарга, тэгээд тодорхой болгож сонинд бич. Эрт орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна ” гэж хэлдэг байв. Пулитцерийн сонинд явуулсан нийтлэлийнүр дүнгийн ганц жишээгэхэдНью-Йорк хот төдийгүй АНУ-ын сүлд болсон Эрх чөлөөний хөшөөг барих ажилд олон нийтийн анхаарлыг хандуулж уг хөшөөг босгосон явдал юм. Хөшөөг босгох санааг олон нийт сонирхохгүй, улс санхүүжүүлэхээстатгалзаад байжээ. Тэгэнгүүт Пулитцер бүх улс төрчдийг санхүүжүүлэхээс татгалзсан харалган бодлоготонгууд, баячуудыг мөнгө өгөхөөс татгалзсан харамчууд, энэ ажлыг сонирхохгүй байгаа иргэдийг бусдын ард нуугдах гэсэн бэртэгчингүүд хэмээн бүтэн хоёр сарын турш энэ сэдвээр сониндоо том аян явуулсан байна. Үүний үр дүнд Эрх чөлөөний хөшөө босгох сан хангалттай мөнгө цуглуулж хөшөөг дуусгаснаар барахгүй АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж хөшөөний нээлтийг хийжээ.ТэрээрНью-Йорк хотын Колумбын их сургуульд анхны мэргэжлийн сэтгүүлчийн анги нээхэд зориулан хоёр сая доллар хандивласан юм.1889 онд Пулитцер сэтгүүлч Нелли Блайг Жюль Вернийн зохиолын баатраас хурдан хугацаанд дэлхийг тойрох даалгавар өгсөн гэдэг. Энэ эмэгтэй зөгнөлт зохиолчоос өөрөөс нь очиж энэ сэдвээр сурвалжлага авахад Жюль Верн хэн нэгэн зөгнөлт зохиолын баатраас хурдан дэлхийг тойрно гэдэгт итгэхгүй байна гэж байжээ. Гэвч сэтгүүлч Нелли Блай дэлхийг 80 хоногт бус 72 өдөр, зургаан цаг, 11 минут 14 секундэд тойрсон юм.Мөн “The New York World” сонин амралтынхаа өнгөт дугаартРичард Аутколтын тухайШар хүү (Yellow kid)-гийн адал явдалхэмээн шоглон зурсан нь тэр зургуудын өнгөөр өнөөгийн “шар хэвлэл” хэмээх ойлголт гарч ирсэн билээ.

Пулитцер“The New York World” сониныг худалдан авахад тус сонин 15 мянган хувиар хэвлэгддэг байжээ.1898 онд буюу худалдан авснаасхойш 15 жилийн дараа гэхэд уг сонин нэг сая хувиар хэвлэгдэж байжээ.“St. Louis Post-Dispatch”, “The New York World” болон түүний бусад сонин Пулитцерт тэр үеийнсая буюу одоогийнхоор гурван тэрбум ам.долларын орлого олж өгсөн гэдэг.

Жозеф Пулитцер 1911 оны аравдугаар сарын 29-нд өөрийн хайртай хөлөг онгоцны чимээ шуугиан нэвтрүүлдэггүй өрөөнд насан өөд болсон байна. Учир нь тэрээр энэ үед бараг таг сохроод байсан төдийгүй чимээ шуугианаас айдаг өвчтэй болоод байсан билээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

2020 он гэхэд ​Парис хотын иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчино

paris metro зурган илэрцүүд

Парис хотын дарга Анн Идальго 2020 он гэхэд Францын иргэд болон тус улсын нийслэл хотод айлчлан ирсэн гадны зочдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжийг судалж байна.

“Үнэгүй зорчих боломжтой нийтийн тээврийн эдийн засгийн загварыг ирэх зун судлан хэлэлцэх төлөвтэй байна. Энэ талаархи асуудлын эцсийн шийдвэрийг 2020 онд гаргана. Нийтийн тээврээр үнэгүй зорчих нь хотын хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хорт утаа ялгаруулдаг автомашинууд хотын төвд зай эзлэхгүй” хэмээн тэрбээр ярьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль хийлээ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийн 16:00 цагт орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл уг өдрийг угтан өнөөдөр Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль дээр Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион явууллаа. Зарлан мэдээллийн дуут дохиог сургуулийн дотоод хонхыг ашиглан өгөв.

Дадлага сургуульд Онцгой байдлын хэлтсийн 18 алба хаагч, “Хангай” цогцолбор сургуулийн 38 багш, 258 сурагч хамрагдлаа гэж Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.