Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны чиглэлээр холбогдох албаныханд зориулсан сургалт боллоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, 9 дүүргийн удирдах албан тушаалтан болон гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Сургалтыг Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс хамтран жил бүр зохион байгуулдаг билээ. Тус арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад бодлого нэгдмэл цонхоор гардаг байх ёстой. Дэлхийн бусад улс оронд ч гэсэн өөр улс оронтой харилцахдаа гадаад бодлого нь нэгдмэл байдаг. Бид бүхэн яг тэрхүү жишгийг дагаж ажиллах ёстой. Нэг бодлого, төлөвлөлт, зохицуулалтаар ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Улаанбаатар бол Монголын Улсын нийслэл. Нийслэлд ямар үйл явдал болж байна тэр бүгд Монгол Улсын үйл явдал болдог” хэмээн онцоллоо.

Энэ үеэр “Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт” ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, “Байгууллага хоорондын гэрээний асуудал” Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөр, “Иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний асуудал” Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг, “Дипломат ёслолын асуудал” сэдвээр Дипломат ёслолын газрын 1 дүгээр нарийн бичгийн дарга О.Эрдэнэсамбуу нар илтгэл тавьж, харилцан ярилцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сайд Б.Батзориг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллав

Зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн томилолтын бүрэлдэхүүнд багтаж буй ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллав.

Эрдэнэбүрэн сум нь Улсын Бага хурлын 5 дугаар тогтоолоор Ховд аймагт байгуулагдсан анхны 11 сумын нэг нь юм. Тус сум нь 5 багтай, 2373 хүн амтай, 673 өрхтэй. Аймгийн төвөөсөө 61 км-ийн зайтай оршдог Эрдэнэбүрэн суманд 360 малчин өрх 360 байдаг. Тэдний нэг Л.Отгонбаярынд ХХААХҮ-ийн сайд зочилжээ. Тэрбээр малчин Л.Отгонбаярт яамныхаа бодлого зорилт, Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулиудын хэрэгжилтэд малчид чухал үүрэгтэйг онцоллоо. Мөн малынхаа тоонд биш чанарт анхаарах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр бодлого гаргаж хэрэгжүүлэхэд малчдын идэвхи санаачилга хэрэгтэйг хэллээ.

Эрдэнэбүрэн сумын хувьд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 10977, тэмээ 1415, үхэр 6480, хонь 94727, ямаа 98624 бүгд 212223 толгой мал тоолуулсан. Өнгөрсөн 2017 онд 62 мянгат малчинтай болж мянгат малчдын тоогоор аймагтаа 2 дугаар байрт ордог. Энэ жил сумын хэмжээнд 91.4 мянга эх мал төллөхөөс одоогийн байдлаар ингэ 25, үнээ 20, эм хонь 3500, эм ямаа 2700 бүгд 6245 толгой мал төллөж төл 100 хувь бойжиж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхны газруудын ялгааг сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэхийг анхаарууллаа

Мэргэжлийн Хяналтын Байгууллагаас 2018 онд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийхээр зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмчилгээний гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ талаараа өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хэвлэлийн бага хурал хийлээ.

Шалгалтад Арьс, эмчилгээний гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой, оргүй нийт 56 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр байгууллагууд нь хувийн хэвшлийн эмнэлгүүд ажээ.

Шалгалтаар гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирээд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эм, эмнэлгийн хэрэгслийг өөрсдөө ганзагаар авч оруулж ирж, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж, 3 иргэнд нийт 21300000 төгрөгийн торгууль ногдуулж, 750000 төгрөгийн хууль бус орлого,5100000 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, 5 эмнэлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авч ажилсан байна.

Мөн нийт 2 байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох тухай саналыг ХУД-ын прокурорын газарт хүргүүлэн, Ноён Оргилын хишиг ХХК-д холбогдох хэрэгт үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоох, эд зүйл баримт бичиг хураах, устгах зэрэг албадлагын арга хэмжээ авч ажиллажээ.

Энэ талаар НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ: “Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн 7 буюу 16.4% нь эмнэлгийн зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулж байна.Багаж материалын ариутгалыг өөрийн байрандаа хийдэг 8 эмнэлгийн ариутгалын хэсэг стандартын шаардлагад нийцэхгүй байна.Арьс гоо заслын эмнэлгүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс, эхэсийн тарилга зэргийг хууль бусаар, импортлон, хадгалалтын горим дэглэм зөрчигдсөн нөхцөлд хэрэглэж байгаа тохиолдол илэрч байна” гэв.

Гоо сайхны чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулахад :

-Аялал зуучлалын визээр орж ирсэн гадаадын эмч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах эмнэлгүүд нь гадаадын эмч, мэргэжилтнүүдийг ажиллуулахдаа эмчлэх эрхийн зөвшөөрлийг зохих журмын дагуу авах.

-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, үйлдвэрлэгчийн заасан хадгалалт, тээвэрлэлтийн дэглэмийг баримталж чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх.

Иргэд үйлчлүүлэгчдэд анхааруулахад:

-Үйлчлүүлэгчид эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж эрсдэлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэх.

-Нийслэлд тусгай зөвшөөрөлгүй мөртлөө “Эмчилгээний гоо сайхны газар” гэсэн олон байгууллагууд ажиллаж байгаа. Иргэд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхны газруудын ялгааг сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь зүйтэй гэж НМХГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

ЗурагМонгол Туркийн Засгийн газар хоорондын хорооны комиссын хуралдаан Төрийн ордонд болно.

Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, зарим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм. Гарын үсэг зурах ёслолд Туркийн талаас Шадар сайд, Монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцох юм.

Дашрамд дурдахад, УИХ-ын дарга М.Энхболд энэ сард Турк улсад айлчлах үеэр Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг ярилцан, тохиролцсон билээ. Мөн ЭКСИМ банкнаас 300 сая ам.долларын зээлийн шугамыг нээж, нэг мөр шийдэлд хүрэхээр тохиролцсон бөгөөд Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар эцэслэн шийдэх хүлээлтэй байгаа юм.

Түүнчлэн Ирэх сард Турк улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монголд айлчлах хүсэлтэй байгаагаа Элчин сайдаар дамжуулан уламжилсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд аврагчдад төрийн дээд одон медаль гардуулжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсэг орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулах, тэдний санал хүсэлтийг сонсч, тулгамдаж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор энэ сарын 19-24 ний өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Энэ үеэр Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр зарлигаар тус газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Б.Баяр-Эрдэнэ, ахлах ахлагч Д.Батбаяр нар “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-гоор, ахлах ахлагч Д.Тодбаяр, ахлах ахлагч Б.Мөнхбат, Улсын нөөцийн дарга, ахмад О.Батдорж нарыг “ЦЭРГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнагдсаныг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга “Наурыз 2018” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой болон «Наурыз»-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2018” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), Соёлын гавьяат зүтгэлтэн М.Зулькафиль, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч, доктор, профессор (Sc.D) Т.Султан тэргүүтэй Монгол Улсад суугаа Казахстаны иргэд уригдан оролцсон юм.

Уг арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Эрхэм хүндэт аксакалууд, настан буурлууд, хүүхэд залуустаа, нийт казах иргэдээ Наурызын баярыг тохиолдуулан нийслэлчүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Урин цаг наашилж, ургамал төлжих цагийг угтан золгодог Наурызын баяр бол манай казах түмний шашин соёл, уламжлал, ёс заншил, ураг төрлийн өргөн дэлгэр баяр билээ. Баярын энэ өдөр айл гэр, аймаг хотлоороо настан буурлууддаа хүндэтгэл үзүүлж, залуустаа сургаал элбэрлээ хайрлаж, улиран одож буй оныхоо амжил бүтээлээр бахархан, алдаа оноог шүүн тунгааж, ирэх жилийнхээ өнгийг шинжиж, өөдрөг бүхнийг бэлгэдэн ерөөдөг сайхан уламжлал манай казах түмэнд бий.

Нарны баяр буюу Наурызын баяр нь дэлхий нойрноос сэрж, өдөр шөнө тэнцэн, хүн төрөлхтөн уламжлалаа дээдлэн, байгаль дэлхийгээ шүтэн билэгшээдийг илтгэхийн зэрэгцээ залуу, хойч үедээ өв соёл, хүндлэл бахархалыг өвлүүлэн үлдээдэгээрээ онцлог юм. Тиймээс ч Нийслэлийн удирдлагын зүгээс Казак түмний өв соёлтой салшгүй холбоотой“ Бүргэдийн баяр”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулдаг уламжлал тогтоож байна. Баян өлгий аймгаас шилдэг бүргэдчид ирж, энэхүү наадамд оролцохын зэрэгцээ 6000 жилийн түүхтэй бүргэдээр ан хийх, үйлийг олон улсад сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашдаа ч энэ наадам улам өргөжинө гэдэгт хотын даргын хувьд итгэлтэй байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт өөрчлөлтийн бүхий л цаг үед ажилч хичээнгүй, авьяас билэгт, зорьсондоо тууштай казак иргэдийн маань оруулсан хувь нэмэр их. Өнөөдөр ч нийслэл хотын маань 9 дүүрэгт , салбар бүрт казак түмэн маань үр бүтээл арвинтай ажиллаж , амьдарч байна. Тэр дундаа Налайх дүүрэгт казак иргэд илүү олноор суурьшин амьдарч байдгийг та бүхэн мэднэ.

Иймд нийслэлийн удирдлагын зүгээс Налайх дүүрэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, уурхайтай аж амьдралаа холбосон, түүхийг бүтээлцсэн казах иргэдээ дэмжсэн бодлого баримтлан ажилладаг гэдгийг дуулгая. Эх орныхоо өнцөг булан бүрт аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн бүтээл хувь нэмрээ оруулж байгаа нийт казах иргэддээ золгон ирж буй Наурызын хаврын баярыг элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ургах нарыг угтан тосч, аялгуут домбороо хөглөж, айлчин гийчнээ баясган, дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэн, ураг төрлөөрөө баясан суугаа казах түмний маань золбоо хийморь, хүсэл эрмэлзэл зоригт бүргэдийн дэвэлт адил дээшилж байхыг хүсье” хэмээлээ.

2010 оны хоёрдугаар сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу, «Наурыз»-ыг олон улсын баяр болгон зарласан. Жил болгон дэлхийн олон орон, үүний дунд Монгол Улсад ч мөн Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Уралдаанч хүүд мэс засал хийх шаардлагагүй гэжээ

ММСУХ-ноос Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 16 хүүхэд мориноос унаж, тав нь эмнэлэгт хүргэгдэн үйлчлүүлснээс дөрөв нь тэр даруй гарч, харин 11 настай У.Баярбаатар хүү Улаанбаатар хот руу хүргэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханаас хүүгийн биеийн байдал, хийж байгаа эмчилгээний талаар асууж, утсаар ярилаа. У.Баярбаатарт шаардлагатай оношлогоог хийсэн бөгөөд тархины няцралтай болсон нь тогтоогдсон байна. Түүний няцралын хэмжээ тун бага тул мэс засал хийлгэх шаардлагагүй, биеийн байдал тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмийн эмчилгээ хийлгэж байна. У.Баярбаатар хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногт дуусах бөгөөд тэр үед эмнэлгээс гаргах аж. Уралдаанч хүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийж эдгэрүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн удирдлагад даалгалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин түүнчлэн гэмтэж бэртсэн бусад хүүхдийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй холбогдоход “Уралдааны үеэр мориноос унасан 16 хүүхдийн 11-т нь Говьсүмбэр аймгийн эмнэлгийнхэн газар дээр нь яаралтай тусламж үзүүлсэн мэдээг бид авсан. Эмнэлэгт хүргэгдсэн таван хүүхдийн дотор одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаагаас гадна нэг хүүгийн хөл хугарсан байсан боловч эцэг, эх нь хот руу авч явна гээд эмнэлгээс гаргасан байгаа юм. Тэр хүүгийн биеийн байдлын тухай сүүлийн үеийн мэдээлэл бидэнд алга” гэв. Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд ЭМЯ-тай нягт хамтран ажиллах, хурдан морины уралдааны үеэр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх болон хугарал бэртэл нь хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулах аюултай болох тухайд уралдаанч хүүхдүүд, тэдний эцэг эх, уяачдад зөвлөмж өгч байх хэрэгтэй талаар дэд сайдад анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Ө.Энхтүвшин: Наадам хүртэл хурдан морины уралдаан зохион явуулахыг хориглоё

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.03.20) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нартай уулзлаа. Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг гаргах зорилгоор морин уралдааныг зохион байгуулсан, хянаж шалгасан бүх талыг оролцуулсан эл уулзалтыг Шадар сайд Ө.Энхтүвшин санаачлав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин талуудын мэдээллийг сонсоод “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хамгийн чухал. ММСУХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, хуваарь гараагүй үед дур мэдэн бүсийн уралдаан явуулахдаа Засгийн газрын тогтоолыг зөрчин уралдаанч хүүхдийн эрхэнд шууд халдаж, алдаа дутагдалтай зохион байгуулсан нь тодорхой болж байна. Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины аливаа уралдааныг хориглох, цаашлаад өвөл, хаврын морин уралдаан явуулдгийг бүрмөсөн хориглох шийдвэр боловсруулж Засгийн газрын хуралдаанд өргөн барих бодолтой байна” хэмээн мэдэгдэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын төгсгөлд морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил болон хүүхдүүдэд учирсан хохиролд буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас саналыг нь яаралтай ирүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр цааш нь “Морин уралдаан Монголын үндэсний соёл уламжлалын үнэт өв мөн бөгөөд орчин цагт үнэ цэнийг нь өсгөх, үндэсний бахархалт цэнгэл болгон үе хйочдоо өвлүүлэхийн тулд юуны өмнө уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай” гээд Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшин Наадам зохион байгуулахад хүүхдийн төлөө байгууллагуудыг заавал оролцуулж байхыг чухалчлан үзэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн иргэдтэй Л.Ванганы нэрэмжит хөгжимт жүжгийн театрт уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар угтаж, уулзалтад байлцлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгыг Улиастай цэргийн хүрээ хүндэтгэж жагсаж, аймгийн удирдлагууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал, цаашдын хөгжлийн хөтөлбөр зэргээ танилцуулав.

Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сарын байдлаар тус аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх дөрвөн жилийн дунджаас 39.8 хувиар буюу 697 хүнээр өссөн байна. Эдгээр ажил хайж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь 25-44 насны иргэд юм байна. Мөн аймгийн дүнгээр хоёрдугаар сарын байдлаар 18 тэрбум төгрөгийг иргэн, аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаас зээлжээ.

Мөн өнөө жил зүй бусаар хорогдсон малын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 1-ний байдлаар аймгийн дүнгээр 70 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8.4 дахин буюу 61.7 мянган толгойгоор өссөн үзүүлэлт гэлээ.

Завхан аймгийн Зэгстэй багийн иргэн Банзрагч

Би өдийд 80 нас хүрээд байж байхдаа эдийн засаг хамгийн чухал гэдгийг ойлгоод байгаа юм. Оффшорчид төсөв, мөнгийг гадаад улсад аваачаад хийчихэж байна. Оффшорчдын араас жаахан хөөцөлдөж, бөөгнүүлж, цуглуулах хэрэгтэй байна. Энэ бол ард түмний мөнгө. Социализмын үед насаараа ажил хийгээд ч 1000 төгрөг цуглуулах хэцүү байдаг байсан. Гэтэл одоо олон тэрбумаар нь гадаад руу гаргачихаад байх юм. Одоо бид яах вэ. Хойч үед маань хэцүү байна. Мөн ард түмний өр, зээл хэцүүдлээ. Хөгшид бид өр, зээлтэй хичнээн л жил амьдрав гэж. Үр, хүүхдүүддээ л санаа зовох юм. Гуравхан сая хүнийг арай дорой амьдруулж байна. Төрийн дээр байгаа хүмүүсийг хөдөлгөж, ард түмний төлөө ажил хийлгэмээр байна. “Төрийн төлөө огтоно” гэж үнэндээ хэцүү байна.

Завхан аймгийн иргэн Б.Маамаа

Энэ сайхан баялагтай нутаг орон эзгүйрч, залуус нь гадагшаа гарч байна гэж тэтгэврийн хөгшид бид өөр хоорондоо л ярих юм. Өр гэж нэг айхтар юм байна. УИХ-ын сонгуулиар итгээд сонгочихсон чинь элэг бариад ийш, тийш нь хамаг хөрөнгө мөнгө цөлчихөөд, иргэдээ ажил, амьдралгүй болгоод, хамаг сайхан залуусаа гадагшаа явуулж байгаад их л гомдолтой байна. Хажуугаар нь архи гэж нэг сүрхий зүйл гэр бүлийг үймүүлж байна шүү. Архины хэрэглээ, өр ширээ ард түмэнтэйгээ ярилцаж шийдмээр байна. Би 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Яахав болж л байна. Үүнээс илүүтэй бид Хятадын боол болох гээд байна шүү. Мань мэт нь олон жил амьдрахгүй. Өр ширийг нааш, цааш нь болгоод ард түмнийг өрнөөс нь салгаад, эх орондоо өндөр цалин өгмөөр байна. Монголчууд төөрөөд алга боллоо. Зурагтаар бүх л улсад монголчууд байна гэх юм. Цэвэр Монгол үлдэх нь үү, гэж сэтгэл их зовж байна. Арга хэмжээ авч өгөөрэй.

Завхан аймгийн өндөр настан

Улс орнууд ямар их оюунлаг, ямар их хөгжиж байгааг бид хараад л байж байна. Манай нутгийн Банзрагч сая офшоорын асуудлыг ярьлаа. Ер нь, нохойноос бусад нь л офшшорын асуудлыг ярьж байна. Хятад улс гэхэд оффшорчин 18 хүн барьж ирсэн байна. Араас нь мөнгө нь ороод л ирдэг юм билээ. Тиймээс офшоорчидтой тэмцмээр байна. Ерөнхийлөгч хэцүү цагт томилогдсон ч ард түмэн дэмжиж байгаа шүү.

Хоёрдугаарт, бид зохих ёсны тэтгэвэр авч л байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байна. Би улсад 34 жил ажилласан ч 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ мөнгөөрөө болгоод л явж байна. Гэхдээ тэтгэврийн мөнгийг тэгшитгээд өгчихмөөр байгаа юм шүү.

Завхан аймгийн иргэн Мөнхсайхан

“Ерөнхийлөгчид саналаа хэлнэ гэдэг бол маш том боломж. Миний ярьмаар байсан зүйлсийг манай нутгийнхан бараг бүгд л ярьцгааж байна. Оюунлаг, чадварлаг, мэдлэгтэй хүмүүс олон байгаа ч сургуулиа төгсөөд л амьдрал дээр ажил олдохгүй байна. Монголын ажиллах хүч гадаад руу урсаж байна. Уг нь, бид хөдөө аж ахуйгаараа хөгжих боломжтой. 21 аймагтаа малын арьс шир, түүхий эдээ боловсруулдаг болмоор байна. 21 аймаг биш гэхэд түүхий эдээ боловсруулдаг хэдэн том үйлдвэр барьж, мал аж ахуйгаа дэмжмээр байна” зэргээр санал бодлоо хуваалцлаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, Завхан аймгийн иргэдийн хамгийн их асууж байсан офшоор данстай холбоотой болон өр зээлийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал, Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Офшоорт байгаа их хэмжээний мөнгийг олж илрүүлэх талаар сүүлийн үед идэвхитэй ажиллаж байгаа. Харамсалтай нь АТГ-ын дарга буюу удирдлагууд идэвхгүй ажиллаж байна. Үүнийг би удаа дараа хэлж байгаа. Саяхан, долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очоод миний хүссэн хоёр хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгчид хүргэж өгсөн. Нэгдүгээрт, Монгол орноос улстөрчдийн хулгайлсан мөнгийг илрүүлэхэд танай улс туслаач гэж хүссэн. Хоёрдугаарт, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл болон ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй оруулж өгөөч гэж хүссэн. Ингэснээр 30-40 мянган ажлын байр бий болох юм. Эдгээр асуудал дээр ажиллаж байгаа АНУ-ын Конгрессын гишүүд ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчилж, нөхцөл байдлыг нүдээрээ харна. Тэгэхээр энэ жилдээ багтаад дээрх хүсэлтүүдийг биелүүлчих болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл тус улс өөрсдийнх нь улсын мөнгөн тэмдэгт хаашаа орж, хаашаа гарч байгааг бүртгэдэг учраас тэр мөнгийг бидэнд олж өгөхөд тусална гэдгээ илэрхийлсэн” гэв.

Мөн байгалийн баялгийг иргэдэд эрх тэгш хуваарилах асуудлаар миний байр суурь хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. 2017 онд Тавантолгой нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Улсад 213 тэрбум төгрөгийн татвар төлж, 200 гаруй тэрбум төгрөгийн “Чалко”-гийн өрийг дарж, 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдээ байна. Зөвхөн Тавантолгой гэж нэгхэн ордын тухай ярихад л ийм байна. Тэндээс нь идэж уухгүй, үр дүнтэй ашиглаад явах юм бол ганцхан ордоос ийм их ашиг гарч байгаа юм чинь ордуудыг зөв ашиглаж, зарцуулж чадах юм бол 380 мянга гаруй ахмадын авсан 680 орчим тэрбум төгрөгийн өрийг тэглэх боломжтой. Газрын доорх баялаг ард түмнийх гэж биччихээд хэдхэн хүн тэдгээр ордоос баяжих ёсгүй” гэж хэлсэн юм.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьсантай холбогдуулан орд газруудыг хэрхэн ашиглах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн төсөл боловсруулж байгаа гэж хэлсэн юм. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьсантай холбогдуулан орд газруудыг хэрхэн ашиглах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн төсөл боловсруулж байгаа гэж хэлсэн юм. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал илгээв

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар Таныг БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд халуун баяр хүргэе.

Таны удирдлага дор БНХАУ, Хятадын хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн “Хоёр Их хурал”-аас дэвшүүлсэн далайцтай зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, хөгжингүй Хятад улсыг цогцлоох үйлстээ их амжилт олно гэдэгт итгэлтэй байна.

Хятадын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсныхоо дараахан Танаас ирүүлсэн захидалд “Хятадын Коммунист Нам болон Хятадын Засгийн газрын зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататган хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаад болон Монгол Улстай харилцан туслалцдаг найрсаг хөрш, харилцан ашигтай хамтдаа хожсон сайн түнш, байнга харилцан зочилдог сайн анд нөхөд байхад бэлэн байгаагаа” дахин илэрхийлсэнд гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсын гадаад бодлого нь нэгдмэл, залгамж чанартай бөгөөд миний зүгээс хөрш орнуудтай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ шатанд гарган хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа удаа дараа илэрхийлж байгаа.

Эрхэмсэг ноён Дарга Та 2014 онд Монгол Улсын Их Хуралд зочлох үеэр:

“Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Олон улсын нөхцөл байдалд ямарч өөрчлөлт гарсан хоёр улсын харилцааны гол чиг шугамаа дагаж, стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талынхаа эрх ашгийг бодолцож байх ёстой. Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг илүү анхаарах болно гэдгийг би олонтаа хэлсэн. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой” гэж хэлсэн билээ. Таны хэлсэн үгийг бид хоёр орны харилцаанд баримтлах тулгуур үзэл санаа хэмээн ойлгодог бөгөөд эдгээр үгс монголын ард түмэнд гүн итгэл өгч, их хүлээлтийг бий болгосон. Гэвч зарим талаар доод, дунд шатанд ажил хариуцсан хүмүүсийн хайхрамжгүй, сэтгэлгүй байдлаас ч юм уу үл ойлголцол, саад бэрхшээл бага гэлтгүй үүссээр байгаа юм.

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт 2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлж хоёр талын хилийн боомтын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрсэн. Гэтэл хил орчмын худалдаанд гэнэтийн, ойлгомжгүй техникийн хязгаарлалтууд үе үе үүсч, саатал, хүндрэлүүд хоёр орны хоорондох тохиролцоо, зорилтыг ханган биелүүлэх ажилд саад тотгор учруулах боллоо.

Монголын тал ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс дан ганц түүхий эдийн наймаа бус боловсруулсан бүтээгдэхүүний худалдааг Хятад улстай хийхийг ихэд хүсэж байна. Өнгөц харахад хятадын талд төдийлөн ашигтай тусахгүй мэт харагдах ч Таны хэлсэн “зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах” зарчмын үүднээс бол боломжгүй зүйл огт биш юм. Түүнчлэн Монголын талын импортын гаалийн татвар 5 хувь байгаа ч хятад талаас зарим барааны импортын гаалийн татварыг 30 хүртэл хувиар ногдуулж байгаа нь харилцан тэнцвэртэй худалдаа явуулахад гол саад болж байна. Монголчуудын олонхи нь монгол-хятадын харилцаанаас “хоёулаа хожих ёстой” хэмээх Таны зарчим, баримтлалыг тууштай мөрдөх сонирхолтой байгаа.

Монголчууд БНХАУ-ыг мөнхийн сайн хөрш, худалдааны хамгийн том итгэлт түнш хэмээн үздэг агаад Таны зүгээс хоёр орны худалдаа, тээвэрт үүссэн хүндрэлд өөрийн анхаарлыг хандуулж, зохистойгоор шийдвэрлэж өгнө хэмээн найдаж байна. “Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн Таны итгэл төгс үг монголчуудад найрсаг хүлээлт үүсгэсээр байгааг уламжилъя.

Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хоёр улсын хөгжил цэцэглэлт, хоёр ард түмний итгэлцэл, нөхөрлөлийг бататгахын төлөө миний бие Тантай хамтран ажиллахад таатай байх болно.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг, БНХАУ-д хөгжил цэцэглэлт, Хятадын найрсаг ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.