Categories
гадаад мэдээ

Мьянмарын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцорлоо

Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чо эрүүл мэндийн улмаас албан тушаалаасаа огцрохоор болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг уламжлав. Нобелийн энхтайвны шагналт, Мьянмарын Төрийн Зөвлөх Ан Сан Су Чигийн найз тэрбээр хоёр жилийн хугацаанд улсаа удирдсан юм.

Өдгөө 71 настай Тин Чо өөрийн хүсэлтээр огцрохоор болсон тухайгаа удахгүй албан ёсоор мэдэгдэхээр болжээ.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Дэд ерөнхийлөгч, дэслэгч генерал Мьинт Све ажиллахаар болжээ.

Мьянмарт 2016 онд хагас зууны цэргийн дэглэмийн эцэслэсэн анхны ардчилсан сонгууль зохион байгуулагдсан юм. Уг сонгуульд Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын 652 гишүүний 360-д ялалт байгуулсан юм.

“Ардчиллын төлөөх үндэсний лиг” сонгуульд ялалт байгуулж, улмаар Ан Сан Су Чи Ерөнхийлөгч болох ёстой байсан ч тус улсын үндсэн хуулинд “Гадаад хүнтэй гэр бүл болсон хүн Ерөнхийлөгч болох боломжгүй” гэх заалтаас болж, тэрбээр сайн найзаа Ерөнхийлөгч болгосон түүхтэй.

Мьянмарын шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстний эсрэг тус улсын эрх баригчид цэргийн ажиллагаа явуулж, улмаар 600 мянга гаруй иргэн дүрвэжээ.

НҮБ дээрх үйл явдлыг “Үндэстний цэвэрлэгээ” хэмээгээд тус улсын эрх баригчдыг буруутгасан билээ. Ражин мужид явуулсан цэргийн ажиллагаанаас болж Ерөнхийлөгч, Төрийн зөвлөхийн нэр хүнд олон улс болон ард түмнийх нь дунд унажээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар зарлагдаж буй МҮБХ-ны наймдугаар Их Эе гэгчид оролцохгүй байхыг нийт бөхчүүддээ уриалж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус мэдэгдэлд Р.Нямдоржийн бүрэн эрхийн хугацаа дууссан байхад тамга тэмдэг ашиглаж байгаа талаар ярилаа.

Бүрэн эрх нь аль хэдийнээ дуусгавар болсон Р.Нямдорж гэгч Монголын үндэсний бөхийн холбооны тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж дураар авирлан ирсэн бөгөөд эдүгээ Монголын үндэсний бөхийн Их Эеийг хууль бусаар зарлаж монголын бөхчүүдийг талцуулж, хагаралдуулж ирсэн бусармаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр улайран зүтгэж байгааг буруушааж өнөөдөр хэвлэлийн хурал хийжээ.

Р.Нямдорж болон түүнийг тойрон хүрээлэгчид Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж байна. Мөн нийт бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан эзэмшлийг хувийн байгууллага болгон хувиргаж байгааг МҮБХ-ны Их Эеийг хууль бусаар зарлаж буй явдлаас харж болох нь.

Хурлын үеэр Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар ярихдаа “Р.Нямдоржийн тэргүүлсэн Үндэсний бөхийн холбоо энэ сарын 24-нд ээлжит Их Эе хуралдуулна гэж байна. Яг үнэндээ энэ бөхийн холбоо ямар ч хурал хийх эрхзүйн чадамжгүйг гурван шатны шүүхээс тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тамга тэмдгийг нь хурааж авах үйл ажиллагаа явагдаж байгаа энэ үед тэд хууль бус хурал зарлаж, бөхчүүдийн барилдах эрхийг хасч байна гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь хууль бус юм. Монголын үндэсний бөхийн холбоо нэг л тэргүүнтэй. Тэр нь Л.Чинбат гэдгийг хэлмээр байна. Бид Нямдоржид хүндэтгэлтэй хандаж байгаа учраас тамга тэмдгээ хүчээр авч чадахгүй өдийг хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээж өдийг хүрсэн. 2011 оны Дээд шүүхийн шийдвэрээр яг одоо хуралдаж байгаа тэргүүлэгчид, цэцдийн зөвлөл хүчингүй болчихсон. Тэгэхээр хүчингүй болсон хугацаанд гаргасан бүх шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл дөрвөн бөхийн эрхийг хоёр жилээр хасах хууль зүйн үндэслэл Ц.Нямдоржийн тэргүүлж байгаа Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй.” гэв.

Шүүхийн гурван шийдвэр :

а/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2017.12.13-ны өдрийн 101/Ш32017/21235 дугаар бүхий “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхгүй өнөөг хүрчээ. Уг захирамжинд “Тус шүүхийн 2011.7.4-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлсүгэй” гэсэн байна.

б/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018.03.14-ний өдрийн 101/Ш32018/04928 дугаар шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхгүй байна. Уг захирамжид “Хариуцагч Р.Нямдоржид нэхэмжлэгч МҮБХ ТББ-ын улсын бүртгэлийг гэрчилгээ болон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэсэн байна.

в/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018.03.20-нй өдрийн 101/Ш32018/0525 дугаар бүхий “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж гаржээ. Уг захирамжинд “МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017.06.22-ний өдрийн хурлын Их Эеийн хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцах МҮБХ-д даалгасугай” гэсэн байна

Энэ бүхнээс үзэхэд Р.Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчдийн хуралдуулахаар улайран зүтгэж буй МҮБХ-ны наймдугаар Их Эе гэгч нь хууль бус болох нь батлагдаж байгаа юм байна.

Монгол улсын шүүхээс МҮБХ-ны тэргүүний талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийвдэрийг албадан гүйцэтгүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ үед МҮБХ-ны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглахгүй байхыг шүүхээс даалгасан. МҮБХ-ны нэр барьж 2018.03.24-нд хууль бусаар хуралдуулахаар зарласан Их Эеийг хуралдахыг нь хориглосон Шүүхийн захирамж тухайлан гаргачихаад байгаа билээ. Иймд МҮБХ-ны наймдугаар Их Эе гэгчийг хуралдуулах нь хууль бус бөгөөд утга учиргүй зүйл юм.

Тиймээс хууль бусаар зарлагдаж буй МҮБХ-ны наймдугаар Их Эе гэгчид очихгүй, оролцохгүй байхыг нийт бөхчүүддээ уриаллаа.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мягмарсүрэн: Мах шулах, ангилах чиглэлээр элсэн сурагчдын тоо жилээс жилд өсч байна

мах шулах ангилах зурган илэрцүүд

Мах шулах, ангилах чиглэлийн мэргэжлийн уралдаан 1990-ээд оноос өмнө цэцэглэн хөгжин мах бэлтгэх үйлдвэрүүдийн дунд жил бүр уламжлал болон зохиогддог байж. Тэгвэл энэ уламжлал 2014 оноос дахин үргэлжилж өдгөө Монголын махны холбоо болон Хүнсчдийн холбоо хамтран дөрөв дэх жилдээ мах шулах, ангилах уралдааныг хийлээ. Тус уралдаан өнөөдөр Технологийн дээд сургуулийн дэргэдэх “Ханбрэнд” ХХК-ийн үйлдвэрт болсон юм. Энэ удаагийн уралдаанд Мах маркет, Траст трэйд, Монгол фүүд, Хатан сүйх тэргүүтэй мах боловсруулах үйлдвэрүүд оролцож өөрсдийн шилдэг мах бэлтгэгчидээ өрсөлдүүллээ.

-МАХ БЭЛТГЭГЧДИЙН ЧАДВАР ЖИЛЭЭС ЖИЛД САЙЖИРЧ БАЙНА-

Мах шулах, ангилах уралдаан болсноор тус мэргэжлээр суралцаж буй оюутнуудад туршлага болдог гэдгийг Технологийн дээд сургуулийн багш нар онцолж байв. Өдгөө технологийн дээд сургуульд 80 гаруй оюутан мах бэлтгэх чиглэлээр суралцаж байгаа бол Политехникийн коллежид 40 орчим мэргэжилтэн боловсорч байгаа аж. Энэ мэргэжлээр ажлын эрэлт хэрэгцээ их ч боловсон хүчин бага байгааг тэмцээнийг зохион байгууулагчид онцолж байв. Сүүлийн жилүүдэд энэхүү мэргэжлийн эрэлтээс улбаалан элсэн сурагчдын тоо жилээс жилд өсч байгааг тус тэмцээний шүүгч, ШУТИС-ийн үйлдвэрлэл технологийн багш, дэд профессор Б.Мягмарсүрэн хэллээ. Тэрээр “Энэхүү тэмцээнд оролцож буй мэргэжлийн мах бэлтгэгчид махнаасаа гарах ёстой гарцаа гаргаж чадаж байна уу гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Мөн бэлтгэсэн махаа зөв сортлох нь чухал. Мэргэжлийн ур чадвар болон хөдөлмөрийн багаж хэрэгсэлтэйгээ хэрхэн харьцах шүүлтийн нэг хэсэг болдог. Хамгийн чухал нь хөдөлмөрийн багаж хэрэгсэлтэйгээ зөв харьцах. Мөн түргэн шуурхай хугацаанд мах бэлтгэх хэрэгтэй. Гүйцэтгэлийн чанар чухал” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Загджав: Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагааг Монголын эдийн засагт өгөөжтэйгөөр саадгүй үргэлжлүүлэх шаардлагатай байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай ярилцлаа.


-Тантай энэ удаа Оюу толгойн гэрээний талаар ярилцъя. Та энэ гэрээг яагаад эсэргүүцээд удаа дараа яриад байгаа юм. Манай улсын томоохон төслүүдээс ганц урагшаа хөдөлж байгаа гэрээ биз дээ?

-Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон маргаан олон жилийн туршид үргэлжилж байна. Энэ төсөл Монгол Улс газрын баялаг нөөц ихтэй гэдгийг дэлхий дахинд таниулж ихээхэн хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татсан нь маргаангүй үнэн. Энэ төслийг эхлэн хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” ХХК бас Монгол Улсын их өрийг дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь мартагдах ёсгүй гэж би хувьдаа боддог. Энэ дуусдаггүй, их маргаан нь Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын үүд хаалгыг хааж, төрд итгэх ард түмний итгэлийг бууруулж байгаа нь тодорхой. Цаашлаад энэ асуудлыг улс төрийн өшөө авалтадаа ашиглаж нэр бүхий улстөрчид нийгмийг хагаралдуулж байгаа нь ноцтой үр дагавартай болоод байна. Энэ төслийн хууль эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан хоёр ч Ерөнхий сайдыг авлигын асуудалтай холбоотой байж магадгүй хэмээн хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа тухай мэдээ ойрмогхон гарлаа. Оюу толгой компанийн зүгээс ч саяхан мэдэгдэл гаргаж энэ талаар шалгалт хийж буй тухай олон нийтэд зарласан байна билээ. Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон хардлага сэрдлэгээс гадна төслөөс Монголд орж буй орлого ашгийн хуваарилалт ихээхэн маргаан дагуулж байгаа.

Өнөөдөр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдэхгүй, Монгол Улсын эдийн засагт үзүүлэх өгөөж нь чамлалттай байгаа хэдий ч Оюу толгой Монголын эдийн засгийн томоохон тоглогч, хамгийн том татвар төлөгч болоод зогсохгүй олон мянган ажлын орон байр бий болгож олон айл өрхийг тэжээж байгаа.

-Оюу толгойн гэрээтэй холбогдуулан зарим хүмүүсийг шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл яваад байна…?

-Энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол хоосон хардлага сэжиг нь Оюу толгой ХХК-ийн ажилд ч саадтай байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил сунжирч хойшилсноос болоод тус компанийн ашиг орлого 2017 онд 22 хувь буурлаа гэсэн утгатай мэдэгдэл тэд хийсэн байна билээ. Тэгэхээр Монгол Улсын төр 34 хувийг нь эзэмшдэг Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагааг Монголын эдийн засагт өгөөжтэйгөөр саадгүй үргэлжлүүлэх, олон нийтийн дунд тархсан сөрөг ойлголт, хардлагыг цэгцлэх шаардлагатай байна. Түүгээр ч барахгүй нэг үе жилдээ 1-2 тэрбум ам.доллар хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012-2016 онд бараг тэг заахад хүрсэн нь Монгол оронд эдийн засгийн хөгжил саарч, ард түмний амьжиргаа доройтож, ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлсөн. Ийм ноцтой үр дагавартай байгаа учраас Хөрөнгө оруулалтын Гэрээг байгуулахтай холбогдуулан авлигатай холбогдсон асуудлыг нэгмөсөн шийдвэрлээд урагшаа явах, мөн Оюу толгойгоос Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй гэж энэ чухал салбарын дэд сайдын хувьд үзэж байна.

-Энэ авлигатай холбогдуулан холбогдох байгууллагууд нь хэрэг нээж мөрдөн байцаалт хийж байгаа юм биш үү?

-Миний ойлгож байгаагаар энэ асуудлаар Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд өмнө ч шалгалт хийж байсан, одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхдээ тэр ажлыг тойроод бас асуудал байна. Нэгдүгээрт, урьд өмнө шалгаад илрүүлж чадаагүй болохоор ард түмний итгэл үнэмшил буурсан. Одоо илрүүлж чадахгүй бол олон нийтийн зүгээс Авилгалтай Тэмцэх газрыг дахин хардана, шүүмжилнэ, төр засагт итгэх итгэл үнэмшил нь буурна. Хоёрдугаарт, үнэхээр авлига өгсөн эсэхийг тогтооход боломж, чадавхийн асуудал байгаа юм. Юу гэхээр авлига авсан нь монгол хүн, улстөрч байлаа гэхэд авлига өгсөн нь гадаадын компани, хөрөнгө оруулагч болж таарна. Гадаадын компанийг шалгах эрх зүйн үндэслэл, боломж чадавхи нь Монголын хууль хяналтын байгууллагуудад хомс байгаа нь хэнд ч ойлгомжтой. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулагчид үнэхээр Оюу толгойн гэрээтэй холбогдуулан авлига өгсөн байгаад түүнийг илрүүлвэл энэ нь туйлын эх оронч, баатарлаг үйлс болох юм.

-Яагаад эх оронч гэж?

-Өнөөдөр Монгол Улс “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа, үлдсэн 66 хувийг Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тюркойз Хилл ХК” эзэмшдэг. Хэрвээ үнэхээр Канадын хөрөнгө оруулагчид болон Рио Тинто компани нь олон нийтийн хардаад байгаа шиг С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт цаашлаад Дубайн гэрээ гэгчийг байгуулсан Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарт авлига өгсөн бол Оюу толгойн эзэмшлийнхээ хэмжээг Монголын төр 34 хувиас 100 хувь болгож нэмэгдүүлэх, эзэмшилдээ авах боломжоор хангагдана гэж бодож байна. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн хүмүүсийг шууд буруутгаж бас болохгүй юм. Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татаж чадсан гавьяа бас бий. Өнөөдөр Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Оюу толгой компанийн 66 хувийг эзэмшиж байгаа “Тюркойз Хилл” компанийн зах зээлийн үнэлгээ 6 тэрбум орчим ам долларын үнэлгээтэй байгаа. “Тюркойз Хилл” компанид Оюу толгойгоос өөр хөрөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл авлигад холбогдсон нь тухайн компанийн эзэмшлийг цуцлах үндэслэл бий болно гэсэн үг.

-Тэгэхээр авлига өгсөн эсэхийг яаж тогтооно гэж?

-Мөнгө угаалт болон Авлигын эсрэг олон улсын холбогдох гэрээ хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон байдаг. Тэр хүрээнд Канад, АНУ болон Рио Тинто компанийн эзэмшил нь оршдог Англи, Австралийн талд Монголын Засгийн газар хандаад авлига өгсөн эсэхийг тогтооход эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийг тавих шаардлагатай байна. “Тюркойз Хилл” компани ч, Рио Тинто компани ч хөрөнгийн биржид хувьцаа гаргасан нээлттэй компаниуд. Тэгэхээрээ тэдний санхүүгийн үзүүлэлтүүд олон нийтэд нээлттэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл үнэхээр энэ компаниуд авлига өгсөн бол тэр авлигын зардал нь тэдний санхүүгийн бүртгэлд хаа нэг газар суусан л байгаа. Тэрийг л илрүүлэхийн тулд Канад, Америк, Англи, Австралийн хууль хяналт, санхүүгийн хяналтын байгууллагуудад албан ёсоор хандах шаардлагатай гэж бодож байна. Авлига өгсөн юм бол авлигын эх үүсвэрийг тогтоосноор гэмт үйлдлийг илрүүлэх боломжтой болно гэсэн үг. Энэ боломжийг ашиглах талаар Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам ажиллах шаардлагатай байх. Манай Сангийн яам, Татварын Ерөнхий газар, цаашлаад Монголын талын 34 хувийг хариуцаж байгаа Эрдэнэс-Оюу толгой ХХК ч бас Оюу толгойн бүртгэлээс ийм зардал гарсан эсэхийг тодруулах талаар санаачилгатай ажиллах ёстой.

-Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд УИХ-ын 40 гишүүнд Оюу толгойн ХХК авлига өгсөн гэж гадуур яриад байх юм?

-Би Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Хэрвээ авлига өгсөн бол мэдмээр юм. Лав л надад өгөөгүй. Хэрэв хэн нэг нь авсан бол 6 тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол төрийн мэдэлд авахын тулд гарч ирээд авсан гэдгээ хүлээчих гэж уриалмаар байна. Тэгвэл ёстой эх оронч гэдгээ харуулна гэсэн үг. Ерөнхийлөгч ч гэсэн хэрэв аль нэг улстөрч авлига авснаа хүлээвэл уучлал үзүүлнэ гэдгээ зарлачих хэрэгтэй.

-Оюу толгойн төслийн ашиг орлогыг бага байна. Зууны луйвар болсон, ногдол ашгийг 2037 он хүртэл хүртэхгүй нь гээд шүүмжилдэг. Энэ байдлыг хэрхэн засах вэ?

-2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улс 34 хувийнхаа ногдол ашгийг 2023 оноос эхэлж хүртэх ёстой байсан юм билээ. Дубайн Гэрээний дагуу тэр хугацаа 2037 оныг хүртэл хойшилсон гэж ойлгож байгаа. Түүгээр ч барахгүй Монгол Улсын дотоодын эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ 2017 оноос хангах ёстой байсныг 2012-2016 оны Засгийн Газрын үед хойшлуулсан нь тодорхой болсон. Байдал тийм болсон учир Монголын талын оролцоо, хувийг нэмэгдүүлэх үүднээс дөрвөн төрлийн арга хэмжээ авах шаардлагатай тухай би урьд нь ч ярьж байсан. Таван толгойн нүүрсийг ашиглах Цахилгаан Станц барих, Таван толгой, Оюу толгой, Гашуун сухайтын төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтад оролцох, гуравдугаарт Зэс хайлуулах үйлдвэр барих, Ханбогдод хот байгуулах гэсэн чиглэлээр санаачилгатай ажиллахыг цаашид ч шаардах болно. Ер нь бол өвөг дээдэс, үе үеийн эх орончдын баатарлаг тэмцэл, алтан амиар дархлан хамгаалагдаж үр хойчдоо үлдээсэн эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, газар шороогоо хайрлан хамгаалж, ирээдүй үедээ өвлүүлэх эрхэм үүргээ монгол хүн бүр ухамсарлан ойлгож ажиллаж амьдрах ёстой юм. Оюу толгойн төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээг ямар үр өгөөжтэй болох, Олон улсын хэмжээнд харьцуулахад аль зэрэг шударга болсон талаар нухацтай судалж үзмээр байгаа юм. Манайхан өөрсдөө судлахаараа улс төржөөд, цээжний пянгаар, зөвхөн Эрдэнэттэй харьцуулаад яриад байдаг. Гэтэл зэсийн баялагтай, зэсийн уурхай, үйлдвэрлэлээр манайхаас хавьгүй илүү олон орон байгаа. Тэгэхээр энэ ашиг орлогын хуваарилалтын асуудлаар Хөрш орнууд, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Герман, Япон, Швейцарийн Хөгжлийн агентлагуудад хүсэлт тавиад хөндлөнгийн харьцуулсан судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулж энэ талаар дуусахгүй байгаа маргааныг эцэслэмээр байгаа юм.

Саяхан Канадад уул уурхай, геологи хайгуулын асуудлаар олон улсын хуралд оролцсон хүмүүс Монголд хөрөнгө оруулалтын талаар тааруу хандлагатай байгааг анхааруулсан байсан. Энэ маргааныг дуусгахгүйгээр, хандлагаа өөрчлөхгүйгээр энэ сөрөг хандлагыг эерэг болгох боломж маруухан. Тэгээд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг өргөнөөр хэлэлцэн шүүмжлүүлсний үндсэн дээр бодитой дүгнэлтэд тулгуурлан Монголын төр ард түмэн нэгдмэл ойлголттой ажиллах шаардлагатай байгаа юм.

Б.ОДМАА

Categories
мэдээ нийгэм

Санал асуулгаар тэрбумтан болсон эрхэм

Санал асуулгаар тэрбумтан болсон Жорж Хора Гэллап АНУ-ынАйова мужийн Жефферсон хэмээх жижиг хотод1901 оны арваннэгдүгээр сарын 18-нд мэндэлжээ. Аав нь газрын наймаа эрхэлдэг байсан бөгөөд таван хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөжээ. Жорж хамгийн бага нь байв. Эцэг нь хүүхдүүдийнхээ хичээлийг байнга шалгаж зөвлөдөг байсан бөгөөд хамгийн бага хүүгээ сурвалжлагч бол хэмээнзөвлөсөн гэдэг.

Аав нь хүүхдүүдээ зөвхөн хичээл хийлгээд байсангүй. Жоржийг долоо, ахыг нь есөн настай байхадтэдэнд зориулан арав гаруй үнээ худалдан авч өгсөн байна. Хөвгүүд үнээгээ арчилж, тэжээн, өөрсдийн саасан сүүг хөршүүддээ худалддаг байжээ. Хожим нь Жорж америк даяар алдаршихад Жефферсон хотынхон “Хүүе, энэ чинь нөгөө сүү зардаг хүүбайна шүү дээ” гэцгээсэн гэдэг.

1919 ондэцгийнхээ зөвлөсний дагуу тэрээр Айова мужийн их сургуулийн сэтгүүлчийн ангид орж суралцсан бөгөөд сайн ч сэтгүүлч болжээ.Оюутан байхдаа их сургуулийнхаа өдөр тутмын сонинд редактор хйиж байсан бөгөөд түүний ачаар сонин нь тун удалгүй их сургуулийнхан төдийгүй жирийн иргэдийн дунд ч эрэлт ихтэй сонин болсон гэдэг. Тиймээс ч 1920 оны эдийн засгийн их хямралын үед ар гэр нь санхүүгийн хүндрэлд орж дампуурлын ирмэгт хүрээд байсан үед Жорж сургалтын зардлаа өөрөө төлөх чадвартай болчихсон байжээ.

1923 онд Гэллап их сургуулиа бакалаврын зэрэгтэй төгсөж зар сурталчилгааны нэр хүндтэй “D’Arcy Advertising Agency” агентлагт ажилд орсон байна. Ард олны дунд явуулах санал асуулгын аргачлал түүний анхаарлыггойд татаж тэрээр энэхүү аргачлалыг өөрийн эрдмийн зэрэг хамгаалах бүтээлийнхээ сэдэв болгожээ. Гэхдээ тэрээр сэтгүүлийн талаар олон нийтээс зөвхөн санал аваад зогсохгүй, гарсандугаарыг уншигчидтай хамтран үзэж энэ үедээ тэдний саналыг сонсох шинэ аргачлал боловсруулжээ. 1929 онд тэрээр энэ сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж Дрейкийн их сургуулийн профессор, 1931 оноос Баруун Хойт зүгийн их сургуулийн профессороор ажиллах болсон байна. Гэвч багшийн ажил түүнд нэг л таалагдахгүй байлаа. Жоржийн бичсэн “Уншигчдын санал бодлыг зөвтодорхойлоход саад болох оновчгүй санал асуултыг арилгах шинэ аргачлал” өгүүллийг уншсан зар сурталчилгааны ”Young & Rubicam” компаний эзэн Раймонд Рубикам түүнийгөөрийн компанд ажиллахыг урьсан байна. Ийнхүү Жорж энэ компаний судалгааны тасгийг толгойлох болсон аж. Энэ үед зар сурталчилгааны амжилт нь сурталчилгааны тоо, хэмжээнээсхамаардаг гэсэн онол үйлчилж байжээ. Гэллапын өмнө энэ онолын хэр зэрэг үнэн болохыг тогтоох, зар сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх шинэ аргачлал олох гэсэн зорилт тулгарсан байна. Ийнхүү Гэллапзар сурталчилгааг гарахаас нь өмнө хүмүүсээс урьдчилан санал авах судалгааг анхланявуулах болсон байна. Түүгээр ч зогсохгүй нэгэнт олон түмэнд танил болсон зар сурталчилгаа ямар үр дүнд хүрч буй талаарх судалгааны анхдагч нь болжээ. Тэрээр зар сурталчилгааны “Young & Rubicam” компанд нийт 15 жил ажилласны10 жилд ньдэд ерөнхийлөгчийн албыг хашсан аж. Энэ талаар Гэллап “Тэр үед биүнэхээр аз жаргалтай байсан бөгөөд надад ямар ч судалгаа хийх хангалттай мөнгө байнга байдаг байлаа” хэмээн дурссан байдаг.Түүний судалгаа нь бас давхар үр дүнд ч хүргэсэн байна. 1930-д оны дундуур тэрээр ард олны дунд давамгайлж байгаа үзэлбодлыг урд нь хэзээ ч байгаагүйгээр нарийн тогтоож болохыг анзаарсан аж. Эртний Ромын үеэс яригддаг байсан “ард түмний санал, бодол”-ыг хэрхэн нарийн гаргаж болох аргыг чухамхүү Жорж Гэллап л анх олж тогтоосон билээ. Тэрээр 1935 онд Олон нийтийн санал бодлыг судлах Америкийн хүрээлэн байгуулахдаа өөрийн боловсруулсаннийгмийн санал бодлын судалгаа нь америкийн ардчиллыг жинхэнэ “ард олны засаг” болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байсан гэдэг.1935 оны аравдугаар сарын 20-нд Гэллапын хүрээлэн анхныхаа судалгааг явуулсан байна. Энэхүү судалгаа нь Улсын зардал үр дүнтэй эсэх талаар олон нийтийн санал бодлыг тодорхойлох зорилготой байжээ. Энэ судалгаа хэвлэлийнхний хараанаас мултарсангүй. Удалгүй Гэллап хэд хэдэн хэвлэлийн “America Speaks” буюу “Америк ярьж байна” булангийн хөтлөгч болсон байна. Жорж өөрийн судалгааг илүү үр дүнд хүргэхийг зорьж байсан бөгөөд иймээс ч жилийн дараа гэхэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг урьдчилан гаргах судалгааны ажилд орсон аж. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үр дүнг долоо хоног дутмын ”Literary digest” сэтгүүлхариуцан явуулдагбайсан бөгөөд анхны урьдчилсан дүнг бүр 1916 онд гаргаж байжээ. Энэ судалгааг гаргахын тулд тэд “Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах вэ” гэсэн асуулттай ил захидлыг маш олон хувиар тарааж үр дүнг нь тоолдог байсан гэдэг. Энэ сэтгүүл иймзахидлыг 1920 онд 11, 1924 онд 16.5, 1928 онд 18 сая ширхэгийг тарааж байсан байх юм. Тэдний гаргасан урьдчилсан дүнзаримдаа маш бага зөрөөтэй гардаг байлаа. Тухайлбал, 1932 онддөнгөж 0.9 хувийн зөрөөтэй гарч байжээ. Ийм их туршлагатай бас нэр хүндтэй өрсөлдөгчийг санаандгүй бас оновчтой цохилтоор л “унагаж” болох байв. Үүнд Гэллапынсурталчилгааны ажлын туршлага нь үнэлж баршгүй тус болсон гэдэг.“Literary digest” сэтгүүл урьдчилсан дүнгээ хэвлэхээс гурван сар хагасын өмнө Гэллап сонигуудад өөрийн урьдчилсан дүнг хэвлүүллээ. Тэрээр “Сэтгүүл өөрийн захиалагч болонутастай эсвэл хувийн машинтайгэсэн гурван янзын хүмүүст л өөрийн асуулгыг явуулдаг. Өөрөөр хэлбэл чухамхүүсонгуульд хамгийн идэвхитэй оролцох ядуусыг орхигдуулдаг. Иймээс тэдний энэ санал асуулгын дүнФранклин Рузвельтэд 44, харинАльфред Лэндонд 56 хувь гэж гарна. Харин жинхэнэ санал хураалтын дүн эсрэгээр буюу Рузвельт 56, Лэндон 44 хувийн санал авна” гэж бичжээ. Гэллап энэ мэдэгдэлээ сонингуудад хэвлүүлэхийн тулд “хэрэв би алдсан бол энэхүү судалгаанд зориулсан мөнгөө эргүүлж төлнө” гэж ам гарчээ. Энэ мөнгийг эргүүлж төлсөн нөхцөлд Гэллап судалгааныхаа хүрээлэнг дампуурсан гэж зарлахаас өөр аргагүй байдалд орох байв.“Literary digest” сэтгүүл ч зүгээр суусангүй. Ерөнхий редакторВилфрид Фанк “Бид санал асуулга явуулах олон жилийн туршлагатай. Гэтэл хэн нэгэн биднийг судалгаа явуулахаас ч өмнө санал асуулгын дүнг урьдчилан хэлж бүдүүлэгтэж байсныг би л лав санахгүй байна” хэмээн бичиж байжээ.

Тэр үед нэр хүндтэй “Literary digest” сэтгүүл ялагдана гэдэгт үнэндээГэллапаас бусад ньитгэхгүй байсан гэдэг. Гэвч тэрээр өөрийн санал асуулгын нарийвчилсан аргын үр дүнд бүрэн итгэлтэй байлаа. Энэхүү нарийн аргын нууцнь нийгмийг бүрдүүлдэг хэсэг бүрийн гишүүдээс хэсэгчилсэн санал асуулга авдагт оршиж байсан аж. Тухайлбал тэр үед АНУ-ын 49 хувь эмэгтэйчүүд харин 51 хувь нь эрэгтэйчүүдбайв. Тиймээс санал асуулгад хүйсийн харьцааг яг энэ янзаар авч дээрээс нь нас, орлого, боловсролын байдал гэх мэт олон шалгуурыг нийгэмд байгаа байдалтай нь адил харьцаагаар авч санал асуулгын дүнг нэгтгэдэг байжээ. Тэрээр энэ тухайгаа “Ямар амттай шөл байгааг мэдэхийн тулд ганц халбагыг л амсахад хангалттай” гэж тайлбарласан байдаг. “Literary digest” сэтгүүлээс явуулахсанал асуулгын дүнг урьдчилан мэдэхийн тулд Гэллапын ажилтангууд тус сэтгүүлийнзахиалагч, утасбас машин эзэмшдэг3000 хүнд санал асуулга явуулсан аж. Харин тус сэтгүүл тэдэнтэй яг адил үр дүнд хүрэхийн тулд 20 сая ил захидал илгээж гурван саяд нь хариу авсан байна. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн жинхэнэ үр дүнг мэдэхийн тулд Гэллап нийгмийн хэсэг бүрийг төлөөлсөн хэдхэн мянган хүний дунд өөрийн “нарийвчилсан арга”-ыг хэрэглэж санал асуулга явуулжээ. Гэллапын эхний урьдчилсан дүн биелэлээ олж “Literary digest” сэтгүүл 1936 оны аравдугаар сарын 31-ндЛэндон57, харин Рузвель 43 хувийн санал авна гэсэн урьдчилсан таамгийг хэвлүүллээ. Хэд хоногийн дарааГэллапын хэлсэнээр Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж 62.5 хувийн санал авсан юм. Тэрээр шуудхан л бүх ард түмний дунд“од” болон тодорлоо. Ийнхүү түүний судалгааны дүнгулс төрийн сэдэвтэй л бол ямарч зүйлд заавал хэрэглэх болжээ. Харин “Literary digest” сэтгүүл ийм хүнд “цохилт”-ыг даалгүй олон сая ил захидал тараадаг аргынхаа хамт чимээгүйхэн сураг тасарсан аж. Гэллап алдар хүндийн оргилд хүрч түүний аргыг хаа сайгүй хэрэглэх болов. Тэрээр өөрөө судалгааны пүүсүүдийг шил дараалан нээж байлаа. Үүгээр ч зогссонгүй дэлхийн социологчид нэгдэж түүний нэрээр нэрлэсэнолон улсын“Gallup International” байгууллагыг 1947 онд байгуулж мэдээж анхны ерөнхийлөгчөөр нь Гэллапыг сонгожээ. Гэвч дөрөвдэх Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг буруу тааснаас тэрээр 1948 онд золтой л “Literarydigest”-ийн гунигт тавиланг давтчихаагүй юм. Тэрээр сонгуульд Бүгд найрамдах намаас сонгогдсон ТомасДьюг ялна гэсэн урьдчилсан дүн гаргасан боловч Гарри Трумэн Ерөнхийлөгч болсон билээ. Америкийн ард түмэн Гэллапын судалгааны дүнд бүгд итгэж байсан учир сонгуулийн дүн гарахаас өмнөТомасДьюг Ерөнхийлөгч болно гэдэгт бүрэн итгэлтэй байжээ. Ганц жишээ дурьдахад,ялалт байгуулсаныхаа маргааш өглөө Трумэн “The Chicago Daily Tribune” сонины эхний нүүрэнд “Дьюи, Трумэнийг яллаа” гэсэн гарчигтай өгүүлэл байхыг харсан гэдэг. “Хэдий өндөрт гарна тэр хэрээр чанга унана” гэдгийн үлгэрээр тэрээр гаргасан алдааныхаа хариуг тун ч сайн хүртсэн аж. Гэллаптай хийсэн гэрээгээ 30 орчим сонин шууд цуцалж,шуудангийн хайрцаг нь түүнийг доромжилсон захидлаар дүүрсэн байна. Хэн нэгэнтүүнд “доктор Гэллап санал асуулгын талаар юу мэдэх вэ” гэсэн нэртэй ном явуулж хуудсыг нь сөхөөд үзэхэд бүгд хоосон байсан гэдэг. 1948 оны арваннэгдүгээр сарын 15-нд“The New York Times” сонинд хаагдсан “Literary digest” сэтгүүлийн редакторын захидал хэвлэгдсэн байна. Энэхүү захидалд “Би өшөө авагч болмооргүй байна. Гэхдээ болсон явдалд үнэхээр инээд хүрч байна” гэж бичсэн байлаа. Тэр ч байтугай машиныг нь зогсоосон цагдаа “Та бас л худал цуурах гэж байна уу” гэдэг болтол нөхцөл байдал“хурцадсан”гэдэг.

Яагаад алдаа гаргасныгаа тогтоохын тулд тэрээр дахин нэг шинжлэх ухааны судалгаа явуулсан байна.Судалгааныхаа дүнд тэрээр хүрээлэн нь санал асуулгыг хэтэрхий эрт зогсоосноо ойлгосон гэдэг. Учир нь сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Трумэн “эргэлзэгчид”-ийн ихээхэн хэсгийг өөртөө татаж чадсан байжээ. Үүнээс хойш Гэллап хэзээ ч Ерөнхийлөгчийн сонгуулийнурьдчилсан таамагт алдаа гаргаж байгаагүй билээ. Иймээс түүний шарил дээр зөвхөн “1948” гэсэн тоо бичигдэнэ гэж хүмүүс хошигнон ярьдаг болсон гэдэг.

Тэрээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд олон нийтийн анхны санал асуулгыг явуулагч хэмээн мөнхөрчээ. Иймээс олон хэлэнд “Гэллап” гэсэн үг шууд л олон нийтийн санал асуулга гэсэн утгаар буудаг байна. Харин тэрээр нас барахаасаа өмнөхөн “Хэрэв би бүхнийг эхнээс нь эхэлбэл зар сурталчилгааны ертөнцөдэргэж очихсон” гэж хэлж байсан аж. Жорж Гэллап анхныхаа санал асуулгыг 1925 онд өөрийн сурч байсан коллежид явуулсан байна. Тэрээр оюутнуудад сургуулийнхаа хамгийн хөөрхөн охиныг нэрлэх санал тавьжээ. Энэ санал асуулгаар нэгэн багахан сонины эрхлэгчийн охин Офелия Миллер тодорчээ. Харин Гэллап тэр жилийнхээ зул сарын баяраар энэ охинтой гэрлэж байсан гэдэг. Мөн тэрээр 1932 онд өөрийн хадам эх Олы Бэбкок Миллерийг Айво мужийн нарийн бичгийн даргынсонгуульд ялна гэдгийг урьдчилан хэлж чадсан байна. Энэ сонгуульд урьд нь Ардчилсан намаас тэр тусмаа эмэгтэй хүн ялж байгаагүй учир Олы Миллерт ялах магадлал тун бага байжээ. Гэвч Гэллапын зөв байсан төдийгүй түүний таамаглал зөвхөн нэг хувийн алдаатайгарчээ. Энэ санал асуулга нь түүний анхны шинжлэх ухааны санал асуулга хэмээн тооцогддог байна.American Institute of Public Opinion гэдгээрээ алдаршсан Гэллапын институт хэмээх олон нийтийн үзэл бодлыг тандан судалдаг судалгааны хүрээлэн АНУ-д байдаг. 1935 онд социологийн профессор Жорж Гэллап түүнийг үндэслэн байгуулжээ.

Жорж Гэллап 82 наслаж 1984 оны долдугаар сарын26 –нд Швейцарт нас эцэслэсэн билээ. Тэрээр Берн хотоос холгүй байх Цингел хэмээх багахан хотод, Танск нуурын эрэг дээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг нам гүм орчинд өнгөрүүлжээ. Түүний шарилыг америкийн Принстон хотод оршуулж шарилын хөшөөн дээр нь “1948” гэсэн тоо бус харин түүний “Зоригтой бас ухаантай байгтун” гэсэн уриаг бичсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт: Надад гэр бүлээ аваад явах оюуны чадамж болон санхүүгийн бүрэн боломж байгаа

Швейцарын Холбооны Улсын Прокурорын байгууллагаас С.Баярцогтын дансыг царцааснаа мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан өчигдөр АН-аас мэдэгдэл хийж, С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр С.Баярцогт уг асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ройтерс агентлагаар гарсан мэдээг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хэсэгчлэн болон бүтэн орчуулан хүргэсэн.

Маш олон хүнд эргэлзээ, хардлага байна. Энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Манай хууль хүчний байгууллагууд энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байна. Би АНУ-д оюутан болчихсон хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эргэн ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна.

Оюутолгой төсөлтэй холбоотойгоор төслийг хийсэн хүмүүсийг авлига хээл хахууль авсан гэх асуудлыг олон жил ярьж байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад баяртай байна. Эдгээр шалгалтаар бүх зүйл тодорхой болно.

70 жил хэрэгжих төсөл учраас хамтрагчтайгаа өөрийн эрхгүй муудалцах зүйл их гардаг. 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлт дээр долоон жил тутамд хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байхаар гэсэн заалт оруулсан. Одоо 2018 онд талууд хэлэлцээрийг хийж байна.

Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Засгийн газар одоо хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Үе үеийн Засгийн газар Оюутолгойн чиглэлд ажилладаг. Би Монгол Улсын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Хувь хүнд их мөнгө хэрэг байдаггүй. Надад гэр бүлээ аваад явах оюуны чадамж болон санхүүгийн бүрэн боломж байгаа.

Би ганцхан жишээ хэлье. Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа ОХУ-д манайхаас авалтай гэдгээ олон улсад зарлаж байсан. Энэ мэт үзэгдлийг бид бодолцох хэрэгтэй. Бид хоёр том хөрштэй.Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Оюутолгойн гэрээ бол гуравдагч хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, ноу-хау, соёлыг дагуулж ирсэн.

Тийм учраас Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ. Бид эвтэй байж, энэ асуудлыг шийдэж чадна. Эх оронч байна гэдэг бусад улстай найрсгаар зэрэгцэн оршихыг хэлж байгаа. Үүнд бид хувьд нэмрээ оруулах ёстой. Би энэ дагуу л ажиллаж, Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Би залуудаа улс төрд орж ирсэн учраас эхэндээ намайг эмэгтэй хүнтэй л холбож бичдэг байсан. Оюутолгойн гэрээг хийснээс хойш асар их асуудал намайг тойрох болсон.

Би өөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг монголын төрийн төлөө зохицуулж байсан. Чингисийн хөргийг Сүхбаатарын талбайд байрлуулах, Оюутолгойн гэрээг зурах үед үнэндээ миний дэргэд улс төрчид байгаагүй юм шүү. Ройтерс агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага. Гэвч мэдээлэл дотор хэт субьектив дүгнэлт орсон байсан Одоо үүнийг ялгаж салгаж яримаар байна.

Миний бие 2006 онд таягтай, эрүүл мэндийн асуудалтай байсан. Тэр үед би улс төрд байж бол өөр юу хийж чадах вэ гэж бодож байгаад дэлхийн зах зээл дээр тоглох шийдвэр гаргаж байсан. Би маш олон төслүүдийг санаачилж, цаас барьж явсаар том тэтгэлгүүдийг авч сурсан түүхтэй хүн. Энэ аргачлалаараа би монголын нэр бүхий бизнесмэнээс зээл авч, Швейцарь 5.2 сая ам.доллар байршуулж байсан.

Одоо надад Швейцарьт ямар ч данс байхгүй. Саяхан царцаасан данс бол надтай хамт бизнес хийж байсан Монгол хүний өмч. Тиймээс шалгалт дуусахаар энэ хүнд мөнгийг нь эргүүлж өгөх байх” гэв.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга М.Энхболд казах иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг өнөөдөр /2018.03.21/ Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг, спортын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд хамгийн ахмад нь өдгөө 94 насыг зооглоод буй Жалелийн Хазира гуай байлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа нийт казах иргэддээ мэндчилгээ дэвшүүлээд, Монголын казах иргэд ёс заншил, өв соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр нь уламжлан хадгалж, баяжуулан хөгжүүлж байдагт талархал илэрхийлэв. Наурызын баяр бол ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийн хэмжээний баяр юм гэлээ. Тэрбээр казах иргэд маань орчин цагийн Монгол Улсыг бүтээн байгуулахад, ялангуяа мал аж ахуй, газар тариалан, барилга, зам тээвэр, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг онцлов.

Дараа нь УИХ-ын гишүүн асан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Таукейн Султан, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор Хавиш Ислам нар Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, төр засгаас үеийн үед казах иргэдээ анхаарч, бодлогоор дэмжиж байгаад баярлаж байна гэлээ.

Зочдыг төлөөлөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн асан, гавьяат тээвэрчин Раздыкын Сандалхан казах түмний дуу хуур, аз жаргалын бэлгэдэл домбор хөгжмөө Улсын Их Хурлын даргад дурсгаж, Төрийн их цагаан тугны дэргэд дурсгалын зураг авахууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

1950-1990 онд гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын тайланг хүлээн авлаа

геологийн судалгааны ажлын тайлан зурган илэрцүүд

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 онд гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын ОХУ-ын “Росгеолфонд”-д хадгалагдаж байгаа тайлан, материалуудын эхний хэсгийг Монголын талд шилжүүлсэн байна. Өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү тайлан материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хүлээлгэн өгсөн юм.

Хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан геологийн судалгааны ажлын тайлан, материалыг ийнхүү хүлээн авсандаа талархаж байгаагаа УУХҮ-н сайд Д.Сумъяабазар илэрхийллээ. Тэрбээр “Монгол орны нутаг дэвсгэрт хуучнаар ЗХУ-ын геологийн экспедициүд гүйцэтгэсэн геологийн судалгааны тайлангуудыг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж Улсын геологийн фондод тушаагдаагүй байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох газрууд ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласнаар тухайн тайлан, материалуудыг өнөөдөр хүлээн авч байна.

Эдгээр тайлан, материалууд нь Монгол улсын геологийн мэдээллийн санд орсноор манай улсын геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт үнэлгээ өгөхөд чухал мэдээлэл болно” гэв. Мөн УУХҮ-ийн сайд эдгээр тайлан материалууд нүүрс, газрын тос, алт, жонш, уран зэрэг олон арван ашигт малтмалын чиглэлээр мэдээллийн санг арвижуулан баяжуулсан, эрдэс баялгийн түүхий эдийн сан хөмрөгийг нэмэгдүүлсэн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн үед геологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдүүлсэн түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцлон хэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт мэдээлэл хийнэ

Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ $1.85 саяын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан тухай мэдээлсэн. Данснуудын нэгийг Рио Тинтогоос сангийн сайд асан С.Баярцогтод $10 саяыг шилжүүлэхэд ашигласан гэж сэжиглэж байгаагаа Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлсэн билээ.

Дээрх мэдэгдлийн дараа Ардчилсан намын Улс төрийн зөвлөл болон Үндэсний дүрмийн хороо өчигдөр хуралдаж С.Баярцогтыг намаас хөөхөөр шийдвэрлэсэн билээ. Энэ талаар С.Баярцогт гишүүн өнөөдөр 14:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

190 гаруй мянган иргэн газраа өмчилж авчээ

газраа өмчилж авчээ зурган илэрцүүд

2003-2018 онд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191,372 иргэнд 10,145 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ. Тодруулбал,

  • Гэр хорооллын суурьшлын бүсэд 120,675 иргэнд 6,591.3 га газрыг буюу эзэмшиж буй газрыг нь өмчлүүлсэн.
  • Цахим хэлбэрээр 69,836 иргэнд 3,501.28 га газрыг буюу шинээр суурьшлын бүс үүсгэж газар өмчлүүлсэн.
  • Нийслэлийн ногоон бүсэд 861 иргэнд 52.4 га газрыг буюу зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлсэн байна.

Харин иргэдэд газар өмчлүүлэх хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн 15 жилийн хугацаанд Нийслэлийн газрын албанаас 191,000 гаруй иргэнд газар өмчлүүлжээ.