Categories
мэдээ нийгэм

АНУ-ын H2 визийн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гаргалаа

АНУ-ын H2 виз зурган илэрцүүд

Гадаад харилцааны яамны Консулын газар АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулан тус хөтөлбөрийн дагуу гадаадаас ажилчин авах зөвшөөрөлтэй АНУ-ын ажил олгогч, зуучлагч байгууллагын тухай мэдээлэл болон ажиллах хүч авах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн албан ёсны http://consul.mn/hvisa.php цахим хуудастаа гаргалаа.

Н2 ангиллын визийн хөтөлбөр нь Монгол ажилчин авах хүсэлтэй АНУ-ын ажил олгогч компани байх тохиолдолд эрх бүхий компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг хүлээн авч ажиллуулдаг зохицуулалттай тул монголын эрх бүхий компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх юм.

Одоогоор АНУ-ын ажил олгогч, зуучлагчтай гэрээ хийсэн Монгол компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй юм. Америкийн ажил олгогчтой гэрээ байгуулж, эрх авсан компаниуд тодорсон тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх болно.

Олон нийтэд анхааруулахад “АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна, зөвлөгөө өгнө” гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл гарсаар байгаа тул та бүхнийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдав

Япон Улсын Сендай хотноо 2015 онд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хурлаас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг дэлхийн 187 орон санал нэгтэй баталсан билээ.

Тэгвэл ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний эхний хоёр жилийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, Сендайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгон гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргах юм.

Үүнтэй холбогдуулан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг боловсруулан Засгийн газрын 355 дугаар тогтоолоор баталсан.

Тэгвэл Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тушаалаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хариуцагч болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудад даалгалаа.

    Categories
    мэдээ нийгэм

    Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, УИХ-ын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоолыг хэрэгжүүлэх талаар нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж буй ажлын явцын тухай, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын зорилтот түвшинг тогтоох тухай, Нийслэлийн “Шилдэг хороо-2018” шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулах тухай, Нийслэлийн хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ.

    Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжиж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Журмын зорилго нь худалдаа үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, хориглох зүйл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг болон зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны чиг үүрэг хариуцлагыг тодорхойлж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлжүүлж хамтран ажиллах гэрээ байгуулах, түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулах, хяналт тавих харилцааг зохицуулахад оршиж байна. Энэхүү журмыг шинэчлэн боловсруулснаар мэдээллийн нэгдсэн санг дүүрэг тус бүрээр бүрдүүлж иргэдэд нээлттэй болгож, олон нийтийн сэтгэлд нийцсэн, чанартай, стандарт үйлчилгээг богино хугацаанд, төвөггүй, зөв сонгох боломж бүрдэх, нийслэлийн худалдаа үйлчилгээний чанарыг олон улсын жишгийн дагуу сайжруулах, үйлчилгээний салбарт доголдож буй дутагдал, зөрчлийг арилгах, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтой юм.

    Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар тогтоолоор батлан мөрдөж ирсэн. Гэтэл энэ журам нь 2016 онд Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдээгүйгээс эрх зүйн чадамжгүй болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Categories
    мэдээ нийгэм

    Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээтэй болно

    ҮМСХГ

    Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээтэй болно

    Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/47 дугаар тушаалаар томилогдсон “Алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” үүрэг бүхийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2018 оны 3-р сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” байршлыг баталгаажуулж, ажлыг шуурхай зохион байгуулж оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх, цаашид алтны гарал үүслийг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэгт орсон төрийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.

    Categories
    мэдээ улс-төр

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд БНТУ-ын Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Мустафа Шентопыг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр (2018.03.21) БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн байнгын хорооны дарга Мустафа Шентопыг хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд ноён Мустафа Шентоп өөрийгөө товч танилцуулаад, Монгол Улсад БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолугаар ахлуулсан Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаанд оролцохоор ирсэн тухайгаа болон байнгын хорооныхоо талаар мэдээлэл өгсөн юм.

    Тэрбээр “Үндсэн хуулийн байнгын хороо нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Үндэсний Их Хурлын дэг, дотоод журмын өөрчлөлт, сонгууль, улс төрийн намын тухай хууль болон Үндсэн хуулиар зохицуулагддаг байгууллагуудын дүрэм, журамтай холбоотой асуудлыг авч хэлэлцдэг.

    БНТУ парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалтай улс болж байгаатай холбогдуулан Үндсэн хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудад нэлээд өөрчлөлт оруулж байгаа. БНТУ 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ард түмний санал асуулгаар Ерөнхийлөгчийн засаглалтай улс болохоор шийдвэрлэсэн гэдгийг Та бүхэн мэдэж байгаа байх. Улс төрийн болон улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуульд оруулах томоохон өөрчлөлтүүд одоог хүртэл үргэлжилж байгаа” хэмээн мэдээллээ.

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Монгол Улс БНТУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байна. Тухайлбал, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-аас сүүлийн жилүүдэд боловсролын салбарт болон орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол-Туркийн харилцаанд эергээр нөлөөлж байгаа” гэлээ.

    Мөн, Монгол Улсын хувьд 1990 оноос хойш эрх зүйн шинэчлэлийг бүх түвшинд хийж ирсэн. Ирэх хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэх болно. Бусад улс орнуудын Үндсэн хуульдаа хийсэн өөрчлөлт, үүнтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа ажил, ард нийтийн санал асуулга, зохион байгуулалтын талаар бид судалж байгаа гээд БНТУ-ын туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Уулзалтаар хоёр улсын хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох асуудлыг дэмжиж байгаагаа хоёр тал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


    Categories
    мэдээ улс-төр

    Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгов.

    Иргэдээ сонсож, тэдэнд үйлчилж, санал, хүсэлт, гомдлыг нь цаг алдалгүй барагдуулж, хариуг нь заавал өгч байхыг анхаарууллаа. Төрийн албан хаагчийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг урамшуулах, хангалтгүй дүн үзүүлсэн бол хариуцлага тооцох, төрийн албаныхныг муухай харагдуулж байгаа авлигаас ангид байж, ард түмний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээж ажиллахыг захив.

    “Асуудал шийддэг, шударга, ёс зүйтэй, төр, иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг даргыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана. Дарга хүн За, эсвэл үгүй гэж хариулж чаддаг байх хэрэгтэй” гэв. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж, хугацаанд нь, чанартай дуусгахыг сануулав.

    Баян-Өлгий аймагт эмнэлгийн барилга хамгийн тулгамдсан асуудал болсон байна. 1974 онд ашиглалтад орсон Нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудан, шаардлага хангахгүй болжээ. Иймээс энэ жил 50 ортой хүүхдийн эмнэлэг барьж, 2019 оны төсөвт 250 ортой эмнэлэг, 250 хүүхдийн цэцэрлэг барих хөрөнгийг тусгахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрлэлээ.

    Тэрээр аймгийн эмнэлгийн эмч, ажиллагсадтай уулзахдаа Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч байгааг хэлэв. 97 сургууль, 127 цэцэрлэг барьснаар гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болж, хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдана, эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж азын сугалаанд найдах шаардлагагүй болно гэлээ.

    Аймгийн удирдлага Ховд голын дээгүүр төмөр бетон гүүр барих, хатуу хучилттай зам тавих, Казахстан руу хийж байсан нислэгийг сэргээх, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн 10 байгууллагыг өөрийн гэсэн байртай болгох, Асгатын мөнгөний орд, Түргэний шохойн ордыг түшиглэн цементийн үйлдвэр барих, шинээр сум байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Эдгээр асуудлыг аль болох боломжтой байдлаар шийднэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

    Баян-Өлгий аймаг 103 мянган хүн амтай. 13 сум, нэг тосгонтой. Аймгийн төв Өлгий хотод 35 мянга орчим хүн оршин суудаг. 2,2 сая малтай. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27,5 тэрбум төгрөгийн 23 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Categories
    мэдээ нийгэм

    Эхнэр нөхөр хоёр амиа хорложээ

    Эхнэр нөхөр хоёр амиа хорложээ зурган илэрцүүд

    Говь-Алтай аймагт нэгэн аймшигт хэрэг гарсан талаарх мэдээлэл ирлээ. Тодруулбал Тонхил сумын төвөөсөө 100 км-ийн зайд хаднаас боомилж нас барсан хоёр хүн байна гэх дуудлага гуравдугаар сарын 8-ны өдөр тус аймгийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиход эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан ба халааснаас нь гэрээслэл олдсон байна.

    Уг гэрээслэлд гэр бүлийн хүмүүс гэдгээ бичээд сум алдсанаас болж гурван настай хүүгийнхээ аминд хүрсэн талаар бичжээ. Улмаар амьдрал утгагүй санагдсан, хүүгээ хаана оршуулсан талаараа бичсэн байсан гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагаас эл хэргийн талаар тодруулахад “Тийм хэрэг гарсан нь үнэн. Одоо хэргийг тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

    Categories
    мэдээ нийгэм

    “Бялуу чимэглэх ур чадварын уралдаан” болж байна

    Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Бялуу чимэглэх ур чадварын уралдаан”-ыг Технологийн дээд сургуульд өнөөдөр зохион байгуулж байна. Уралдааны нээлтэд Нийслэлийн ХХААГ-ын дарга Д.Баянбат, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ болон бусад албаныхан оролцлоо.

    Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг угтаж Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл хамтран ур чадварын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд гурил гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн салбар зөвлөл Технологийн дээд сургууль хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Манай холбооны дэргэд салбар тус бүрт мэргэжлийн зөвлөл ажилладаг. Гурил гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн салбарт 28 аж ахуйн нэгж хамааралтай байдгаас өнөөдрийн тэмцээнд 5 аж ахуйн нэгж мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцож байна” гэлээ.

    Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ “Манай сургууль 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар талх нарийн боов, чимэглэлийн урлагтай холбоотой 10 орчим мянган оюутан сурагч бэлтгэн гаргажээ. Манай сургуулийн хувьд мэргэжлийн ажилтнаас магистрын түвшинд хүртэл сургалт явуулдаг. Цаашид энэ тэмцээн нь манай сургуулийн нэрэмжит болон жил бүр зохион байгуулагдах болно. Тиймээс оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх талд анхаарч дэмжлэг үзүүлж байх болно” гэв.

    Энэхүү тэмцээний зорилго оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд туршлага солилцуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бусдад сурталчлан таниулах, хэрэглэгчдэд оролцогч үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн мэргэжлийн ур чадварыг таниулан сурталчлахад оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Categories
    мэдээ спорт

    Сарын шилдэг тамирчид цомоо гардан авлаа

    Өнгөрөгч оноос эхлэн Монголын Үндэсний Олимпийн Хорооноос сар бүрийн шилдэг тамирчинг тодруулан алдаршуулж байгаа билээ. Тухайн сард онцгой амжилт гаргасан тамирчинд очдог сарын шилдэг тамирчны цомыг шалгаруулахын тулд нэг сарын хугацаанд санал асуулга явуулдаг. 2018 оны эхний сарын шилдгийг шалгаруулах санал асуулга 2-р сарын турш явагдаж тодорсон. Улмаар 1-р сарын шилдэг тамирчнаар усанд сэлэлтийн УАШТ-нд амжилттай оролцож 9 алтан медаль хүртэхдээ 5-д нь улсын дээд амжилт, рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн тодорсон байна. Дашрамд дурьдахад нэгдүгээр сарын шилдэг тамирчин Б.Энххүслэн нь одоогийн байдлаар усанд сэлэлтийн спортын 16 зайд Монгол улсын дээд амжилтыг өөрийн нэр дээр данслуулан эзэмшиж байгаа тамирчин ажээ.

    Тэгвэл 2-р сарын шилдэг тамирчны шалгаруулалт 3 сарын 9-16 өдрүүдэд үргэлжилсэн байна. Хоёрдугаар сард Индонезийн Жакарта хотод явагдсан Азийн Наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож аваргын алтан медалийг таэквондогийн спортоор хүртсэн ОУХМ П.Тэмүүжин тус сарын шилдэг тамирчин боллоо. Тэрбээр 2016 оны РИО-2016 зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, түүхэн дэх анхны ялалтыг байгуулж байсан нэгэн юм.

    Тус хоёр тамирчны шагнал, цомыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзах үеэрээ гардуулан өгч улам их амжилт хүслээ.

    Categories
    мэдээ спорт

    Ирээдүйн мистерүүд энэ сарын 31-нд тодорно

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо ТББ-тай хамтран залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг 3-р сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

    Энэ талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд боллоо. Хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, МБФХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, бодибилдинг фитнессийн Олон улсын шүүгч Ч.Ганзориг ирээдүйн мистер тэмцээнд оролцож амжилтын гараагаа эхэлсэн Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн 3 удаагийн аварга, Ази тивийн хошой аварга Г.Угалзцэцэг, ОУХМ, Ази тивийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин Г.Жамц, Ази, Дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин М.Мөнх-Од нар оролцов.

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо Төрийн бус байгууллагатай хамтран залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, биеийн тамир, спорт, түүний дотор бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг нь энэхүү тэмцээн юм. Уг тэмцээнийг 2006 оноос Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгож зохион байгуулж ирсэн түүхтэй юм.

    “Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг онцлогтой. Тэмцээн 10 ангилалтай. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 3 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15:00 цагаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.