Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаар маргааш 10:00 цагт хуралдахаар товложээ

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаар маргааш 10:00 цагт хуралдахаар товложээ. Энэ удаагийн хуралдаанаар “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай, 100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга -хэлэлцүүлэг , НИТХ-ын хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

“Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” барих ажлыг өнгөрсөн оны 5-р сарын сүүлээр эхлүүлсэн. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж 4-р сарын 1-нээс жил 6 сарын хугацаатай Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаахаар болсон юм. Тэгвэл энэхүү ажлыг эрчимжүүлэх болон шийдлээ хүлээсэн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг маргааш НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн бүсэд мөрдөгдөх дүрэм журмын талаар мэдээлэл өгөх сургалт болно

Монгол Улсад төмөр замаар нэвтэрч буй зорчигч, жуулчдыг олон улсын галт тэргэнд Монгол Улсын төрийн тусгай чиглэлийн байгууллагууд салбар тус бүрийн хууль, тогтоомжийн хүрээнд шалгадаг. Олон улсын галт тэргээр зорчиж буй гадаад дотоодын иргэд мөрдөгдөх дүрэм журам, хууль тогтоомжийн талаар мэдээлэлгүй байдгаас зорчигчийн эрх зөрчигдөх асуудлууд гардаг. Тиймээс гадаад дотоодын жуулчдын аюулгүй, тав тухтай байдлыг хангах, мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын зорчигчдын суудлын галт тэрэгний үйлчлэгч нарт Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Олон улсын төмөр замын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор шат дараатай зохион байгуулагдах ажлуудын эхлэл юм

Сургалтаар олон улсын галт тэргээр зорчиж буй зорчигчдийн зайлшгүй мэдэж байх зүйлс, зорчигч тээвэрлэгч төмөр замын ажилтнуудад тавигдах шаардлага, тээвэрлэгч зорчигчид ямар шаардлагыг хангуулсан байх болон нийтлэг гардаг зөрчил, дутагдлын талаар Хил Хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас холбогдох мэргэжилтнүүд сургалтыг явуулна.

Цаашид сургалтаар өгсөн мэдээллүүдийг нэгтгэж, зорчигчдын гарын авлага болгон монгол болон гадаад хэлээр хэвлүүлж, Олон улсын зорчигчийн галт тэргэнд байрлуулах аж гэж нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 1330 орчим хүүхэд пневмококкийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байна

2016 оноос нийслэлийн Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэгт дархлаажуулж байсан тус вакциныг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалын дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн билээ.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь 9 сартай хүүхдэд хийх бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байгаа юм.

Тэгвэл энэ сарын 19-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд 02 сартай 1330 орчим хүүхдийг Пневмококкийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулаад байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Наурызын баярын өдөр тохиож байна

Өнөөдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр буюу “Наурыз”-ын баяр тохиож байна. Энэ баяр нь эртнээс уламжлагдаж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 22 буюу Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр хэмээн үздэг аж. Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг бөгөөд “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг байна. Энэ нь манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлдэг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж иржээ.

Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийддэг байна. Гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд “Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай юм байна.

Наурызыг тэмдэглэх ёс

Гуравдугаар сарын 22-ны өдрийн өглөө мандах нарыг харж, түүнийг хүлээн авахаас Наурыз эхэлдэг. Дараа нь, ахан дүүс, төрөл төрөгсөдтэйгөө золгодог. Эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барилцан золгох аль эсвэл хоёр гараараа мэндчилэн, цээжээрээ хүүрч золгодог нь “амь насны минь түшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл юм.

Айл болгон сүү цагаан идээ, будаа, мах зэрэг долоон төрлийн амттанаар ширээгээ засдаг. Долоон төрлийн зүйлээр амталсан “мах, давс, ус, аарц, будаа, буудай, сонгино” наурыз-көже буюу Наурызын шөлөөр зочдоо дайлах ёстой. Уламжлал ёсоор хүн бvр айл болгонд зочилж, Наурызын шөлийг цадатлаа уух ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн бэлгэдэл ажээ.

Нэг үгээр хэлбэл, Цагаан сараар айл болгоноос бууз иддэг бол Наурызаар айл болгоноос шөл ууна гэсэн vг юм. Мэдээж мах болон бусад хоол байсан ч шөл заавал ууна. Наурызын өдөр гэр орноосоо хол, замд яваа хүн болон зочлон орж ирж чадаагүй өндөр настан буурлуудад өөрсдийн хувийг заавал үлдээнэ. Архи дарс хэрэглэх ёсгүй. Тэр тусмаа ахмад настнуудын дэргэд архи үнэртүүлэхийг хатуу хориглодог. Мөн мөнгө төгрөгөөр золгох, бэлэг сэлт өгөх, авах ёс байхгүй. Үүгээрээ Цагаан сарын баяраас ихээхэн ялгаатай гэж хэлж болно.

Орой болж, нар жаргах үед нийтийн дунд хоёр найрагч гарч, муу, сайн, дулаан хүйтэн, өвөл зуны тэмцлийг дүрслэн үзүүлсэн харилцаа тэмцээ буюу “Айтыс” эхэлдэг. Харанхуй болмогц энд тэнд түүдэг асаан тойрон бүжиглэн дуулж хуурдацгаадаг. Үүнийг “Алатау” буюу галд шүүртэх галаар ариусгах ёслол гэж нэрлэнэ. Залуучууд шөнөжин ардын уламжлалт тоглоом тоглон наадна. Үүр цайх үед бүгд ойролцоо орших аль нэг дэнж ууланд гарч ургах нараа угтан авна. Урган гарах улаан нарыг баяр баясгалантай тосч, буян хишгээ хайрла хэмээн сүү цагаан идээнийхээ дээжийг өргөн гэр гэртээ харьцгаадаг.

Наурызын баяр ёс төр ихтэй. Ширээн дээр эсвэл газарт дэлгэсэн том алчуурыг дастархаан гэнэ. Түүн дээр долоон төрлийн идээ будааг багтаж ядтал нь өрнө. Гол байрыг баварсаг буюу боорцог эзлэнэ. Цайгаа ууж, дастархаантай идээ будааг идсэний дараа том цартай мах байрыг нь эзэлнэ.

Мах идэхийн өмнө хүмүүс гараа бүлээн усаар угаана. Дараа нь, хүн бүр хоёр алгаа дэлгэж хамгийн ахмад нь эрүүл энх байж, сайхан хоол зооглож байхын ерөөл тавьж тэнгэр бурхандаа талархал илэрхийлнэ. Гэрийн эзэн махыг жижиглэн хэрчинэ. Хонь, үхрийн мах, казыг хамтад нь чанана. Махаа идэж дууссаны дараа шөлөнд чанасан көже гэх аарцтай будааг аягалан хvн бүрт барина. Дараа нь сайхан үгс хэлэлцэж, хүссэн хэмжээгээрээ идэж, ууж хөөрөлдөн домбороо хөглөн дуулж хуурдан хөгжимдөнө. Гэрийн эзэн, эзэгтэй нар зав зай өгөхгүй ид, уу гэж шахна. Ер нь, бүх л казах айл ийм байдаг. Тэд зочныг яриа хөөрөөтэй, ууж, идэхдээ нэрэлхэхгүй байвал талархдаг юм байна

Categories
мэдээ нийгэм

“ХӨДӨЛГӨӨНТ ОФФИС” хороодод ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн хэмжээнд анхлан хэрэгжиж байгаа “Хөдөлгөөнт оффис”-ийн үйл ажиллагаа хоёр дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Өнөөдөр дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр нараар ахлуулсан хоёр баг 1-4, 11-14 дүгээр хороонд тус тус ажиллав. Багийн бүрэлдэхүүнд дүүргийн ЗДТГ-ын бүх хэлтсийн дарга нар, Засаг даргын дэргэдэх Татвар, Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Боловсрол, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба болон хог тээврийн компанийн холбогдох мэргэжилтнүүд оролцож, төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. Дараагийн удаа “Хөдөлгөөнт оффис” 5-7, 15, 17, 19 дүгээр хороонд тус тус ажиллана гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Нүүлгэн шилжүүлэх журам”, Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 87 дугаар дунд сургууль дээр “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээний үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

ОБЕГ, НОБГ, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Жайка олон улсын байгууллагын “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төсөл хамтран зохион байгуулсан тус сургуулийн үеэр оролцогчдыг гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулсан.

Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэнСургуулилтад 87 дугаар сургуулийн 55 багш, ажилтан, нэгдүгээр ээлжийн 1250 сурагчид оролцож, аюулгүй зай талбайд нүүн шилжих дадлага хийлээ.

Түүнчлэн өсвөрийн аврагч сурагчид жагсаалын хувиргалт үзүүлэх тоглолтыг үзүүлж, Асуулт хариулт, Утаанаас дүрвэх, Гал унтраах, Хамтын хүч гэсэн дөрвөн хэсэгтэй үзүүлэх сургалтыг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

“Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Сүрьеэг устгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ

Cүрьеэ өвчинтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Энэ ч утгаараа, манай улсад 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон юм.

2018 оны хувьд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ “Манлайлагчдыг хайж байна… Сүрьеэг устгая.Та ч байж болно.Түүхийг бүтээ!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн арга хэмжээг НЭМГ-ын даргын А/34 дүгээр тушаалын дагуу 2018 оны гуравдугаар сарын 14-өөс дөрөвдүгээр сарын 07-ны хооронд “Сүрьеэг устгая”уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Эдгээр өдрүүдэд иргэд, зорилтот бүлгийн хүн ам, залуучуудын дунд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг зохион байгуулах, халдварын тархалт, халдвараас сэргийлэх талаарх мэдээллийг хийж, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, сүрьеэгүй дүүрэг, хороо, байгууллага, аж ахуйн нэгжийг хөхүүлэн дэмжих гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулах юм.

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ. Сүүлийн таван жилд хийсэн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгааг тогтоосон байна.

2013-2017 онд 10.000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин (14.1) тогтмол буюу хөдлөл зүй багатай байгаа бөгөөд өнгөрөгч 2017 оны хувьд нийслэлийн хэмжээнд сүрьеэгийн шинэ тохиолдол 2254 бүртгэгджээ. Сүрьеэгийн тохиолдлын түвшин 10.000 хүн амд 16.5, 10.000 хүн амд хүүхдийн 14.6 промиль, улсын хэмжээнд шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг 16-44 насныхан эзэлж байна. Уг өвчлөлийн 59.6 хувь нийслэлд бүртгэгдсэн аж.

Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын тоо болон 100.000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин жил бүр нэмэгдэж, эмэнд мэдрэг болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эдгэрэлтийн хувь, эмчилгээний амжилт жил дараалан буурч хяналт алдагдах, үр дүнгүй болох зэрэг эмчилгээний сөрөг үр дүнгийн эзлэх хувь нэмэгдсээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн Казах иргэд өнөөдөр баярын хурал боллоо

НАЛАЙХ ДҮҮРЭГТ 6000 ОРЧИМ КАЗАХ ИРГЭД АМЬДАРДАГ

Казах түмэн жил бүрийн 22-нд буюу өдөр шөнө тэнцэх өдрөөр Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярынхаа хүрээнд Налайх дүүргийн Казах иргэд өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Баярын хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ажлын албаны дарга Б.Батбямба болон дүүргийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүлэв. Аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүрэгт 2 үндэстэн 22 угсаатан оршин суудаг юм байна. Тус дүүрэгт анх 1931 онд хөдөлмөрийн гэрээгээр Казах иргэд ирж оршин сууж эхэлсэн бөгөөд одоо нийт оршин суугчдын 12 хувийг Казах иргэн эзлэж байна. Тэдний ихэнхи нь Налайхын уурхайгаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд соёл,урлаг спортын олон алдартнууд, хөдөлмөрийн баатрууд төрөн гарчээ.

Харин өнөөдөр спортын мастер 2, онц тээвэрчин 4, Боловсролын тэргүүний ажилтан болон зарим салбарын тэргүүний ажилтнууд шинээр төрөн гарлаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Казах түмний өв уламжлал, соёл иргэншил, хамгийн том илэрхийлэл болсон хаврын баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Налайх дүүрэг бол нийслэл хотыг олон арван жил илч гэрлээрээ хангаж ирсэн түүхтэй билээ. Энэ дүүргийн хөдөлгөгч хүч болсон Налайхын их уурхайн үе үеийн хөдөлмөрч, ажилч хичээнгүй олон мянган уурхайчдын дунд Казах түмэн та бүхний төлөөлөл болсон шилдэг уурхайчид ажиллаж, хөдөлмөрлөж байсныг зориуд цохон тэмдэглье” гэлээ.

НИТХ-ын дарга Налайх дүүргийн Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээТУС ДҮҮРЭГТ 9 ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРӨН ГАРСНААС ДӨРӨВ НЬ КАЗАХ ИРГЭН БАЙЖЭЭ

Мөн өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ажлын албаны дарга Б.Батбямба, тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, дүүргийн удирлагууд “харъяалалгүй” гэх 200 гаруй ахмад Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ. Залуу насандаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан тул дүүргийн засаг дарга болон нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран “харъяалалгүй” гэх тодотголыг бий болгож тэднийгээ жил бүр баяр, ёслолын үеэр хүлээн авч уулздаг уламжлалтай болжээ.

Тэгвэл хуучин уурхай болон цэргийн 14-р бааз зэрэг ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан 200 гаруй ахмад иргэдийг хүлээн авч уулзаж тэдний нийгмийн халамж болон оршин суугаа дүүрэгт нь хийгдэх гэж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан нь тэдний талархлыг хүлээлээ.

Дашрамд дурдахад нийслэл хот нийт 152 хороотой үүнээс Налайх дүүргийн 4-р хороонд зөвхөн Казах иргэд оршин суудгаараа онцлогтой юм гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв

Төрт ёсны мянга мянган жилийн түүхтэй, тусгаар Монгол Улсын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон нийт казах иргэд ээ,

Хаврыг угтаж, нарыг тосох баяр – Наурызыг тохиолдуулан Эх Монгол нутагтаа болон дэлхийн улс орнуудад амьдарч ажиллаж, үндэсний соёл, зан заншлаа дархалсаар буй Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Та нарынхаа амрыг айлтгаж, баярыг хуваалцдаг нь миний хувьд нэгэнт тогтсон уламжлал болжээ. Хаврын баярын энэ гэгээн өдөр казах түмэнтэйгээ дотночлох сэтгэлээр хамт байх нь надад сайхан байдаг аа. Та нарынхаа үндэсний баярыг хуваалцдаг энэ уламжлал маань олон он жил үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа өмнө тэмдэглэж байсан гэсэнтүүхэн эх сурвалж байдгийг эрдэмтэн мэргэд өгүүлдэг. Тэгэхээр Наурыз бол зөвхөн Та бидний биш, нийт хүн төрөлхтний баяр юм хэмээн байнга тэмдэглэдэг үгээ энэ өдөр ч бас дахин хэлмээр байна.

Чухам тийм ч учраас ЮНЕСКО наурызыг 2009 онд хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд болсон Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тунхагласан билээ.

Монголын төр, засаг ч энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, хүндлэн дээдлэх утгаар тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ. Казах үндэсний хэл соёл, зан заншил, үүх түүхийг дархлан хамгаалах талаарх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох асуудал төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн бөгөөд энэ уламжлалт бодлого цаашид ч тууштай үргэлжлэх нь дамжиггүй юм.

Түүнчлэн Монголын казахуудын уугуул нутаг Баян-Өлгий аймагт үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, казах, монгол хэлээрээ сурч боловсрох, эрүүл саруул ажиллаж амьдрах эрхийг хангах, ард олны амьжиргааг дээшлүүлэх нь үе үеийн төр, засгийн бодлогод онцгой байр суурь эзэлсээр ирснийг тэмдэглэж хэлэхэд таатай байна.

Казахууд дэлхийн 40 гаруй улс оронд тархан суурьшиж, амьдарч аж төрж байна. Тэдний дотроос хэл соёл, ёс заншлаа хамгийн сайнаар хадгалж үлдсэн нь Монголын казахууд гэдгийг дэлхий нийт нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Энэ бол Таны өвөг дээдсийн, Та бүхний болон Монгол Улсаасдэлхийн соёлын өвд оруулж буй үнэт хувь нэмэр, Монголын төр казах иргэдийнхээ талаар үеийн үед зөв бодлого баримталсаар ирсний илэрхийлэл юм.

Энэхүү бахархлаа бататган хадгалж, улам улмаар хөгжүүлэн дэлгэрүүлэх эрхэм үйл хэрэгтээ их амжилт олж, ирээдүйн сайн сайхныг бүтээн бий болгох хүсэл тэмүүлэл чинь ямагт биелэн бүтэж байхын ерөөл өргөе.

Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Наурызыг бас “Нарны баяр” гэдэг. Тиймээс шинэ өдөр болгон Та бүхнийг алтан нар ивээлт сацрагаараа, шинэ амжилт, шинэ баяр, аз жаргал, инээд хөөрөөр угтан тосож байх болтугай.

Уламжлалт баяраа хотол түмнээрээ сайхан тэмдэглээрэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД


Categories
мэдээ нийгэм

Төрийн 55 үйлчилгээг цахимд шилжүүлнэ

Энэ оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг эхлүүлж, Нийслэлийн Засаг даргын А/107 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний бүрдэл материал багасгах шат дамжлагыг цөөрүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр дэд ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах зорилтын хүрээнд нийслэлийн таван байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Тухайлбал, боловсрол, байгал орчин, газар, архив, аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах юм. Эдгээр байгууллагуудын цахимаар үзүүлэх боломжтой үйлчилгээний шат дамжлага, бүрдэл материалын судалгаанд үндэслэн процессыг дахин загварчлах ажлыг хийж байна.

Байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж, хялбаршуулснаар иргэдэд хүрч буй төрийн үйлчилгээний шат дамжлага, чанар хүртээмж сайжрах юмгэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.