Categories
гадаад мэдээ

Хятад улс анх удаа автомат удирдлагатай танкаа танилцуулав

cnБНХАУ анх удаа хиймэл оюун ухаанаар тоноглогдсон, автомат удирдлагатай танкаа танилцуулсан байна. Энэ талаар өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны пүрэв гаригт “South China Morning Post” сонинд мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тус улсын телевизээр алсын удирдлагатай, хуягт танкийн туршилтыг шууд дамжуулан үзүүлсэн байна. Энэ нь Зөвлөлтийн Т-50-ын сайжруулсан хувилбар (үйлдвэрийн индекс WZ-120) Тип 59 танк аж.

Өнгөрсөн зууны 50-иад оны сүүлч, 80-аад оны дунд үеэр Хятадад их хэмжээгээр үйлдвэрлэгдэж байжээ. Тэдгээрийн дийлэнх нь техникийн хувьд хуучраагүй байгаа аж. “Tank and Armored Vehicle” сэтгүүлийн ерөнхий редактор Лю Циншань “Хуучны их хэмжээний Тип 59 танкийг хиймэл оюун ухаанаар тоноглож, автомат удирдлагатай болгож болно” гэж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Баян-Өлгий аймагт ажиллалаа

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бөгөөд 3-р сарын 21-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж, мэдрэл, чих хамар, хоолой, эрүү нүүрний мэс заслын тасаг, яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзаж, тулгамдсан асуудал болон цаашид анхаарах ажлуудын талаар ярилцаж, эмч, ажилчдын санал, хүсэлтийг сонсов.

Эрүүл мэнндийн сайд Д.Сарангэрэл орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, чанартай хүргэх үүднээс 2018 онд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2019 онд 200 ортой нэгдсэн эмнэлэг баригдахаар болсныг мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Москва хотноо ажиллав

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Думын урилгаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нарын төлөөлөгчид 2018 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Москва хотноо ажиллаж, тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахын зэрэгцээ Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.И.Косачёвтай уулзав.

Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхийн 100 гаруй орны парламентын төлөөлөгчид ажиглаж байгаа бөгөөд манай төлөөлөгчдийг Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.И.Косачёв хүлээн авч уулзав. Тэрээр тус улсын Төрийн Думын урилгыг хүлээн авч ирсэн УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлээд, сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Монгол-Оросын парламентын уламжлалт найрсаг харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд хоёр орны парламент чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, 2018 оны 6 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Москва хотноо болох парламентын засаглалын хөгжлийн асуудлаарх олон улсын форумд монголын талаас төлөөлөгч оролцохыг урьсан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.Володины урилгыг гардуулав.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Думаас тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах урилга ирүүлсэнд болон ноён К.И.Косачёвыг их ажлын ачааллын хажуугаар цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Москва хотноо болох парламентын засаглалын хөгжлийн асуудлаарх олон улсын форумд УИХ-аас төлөөлөгч оролцуулахаар төлөвлөж буйгаа мэдээлэв.

УИХ-ын төлөөлөгчид 3 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтийн үйл ажиллагааг Москва хотын Арбат дүүргийн санал хураах 1 дүгээр хэсэг, хаалтын үйл ажиллагааг санал хураах 4 дүгээр хэсэг дээр тус тус очиж ажигласан бөгөөд Москва хотын захын Коньково дүүргийн санал хураах 2224 дүгээр хэсэгт зочилж, санал хураах үйл явцтай танилцав.

Төлөөлөгчид 3 дугаар сарын 18-ны өдрийн орой санал хураах хугацаа дууссаны дараа ОХУ-ын Сонгуулийн төв комисс /СТК/-ын Мэдээллийн төвд зочилж, орон даяар санал хураалтын явцыг харуулсан дэлгэцийн нэгдсэн мэдээлэлтэй танилцан, санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар СТК-ын дарга Э.Памфиловагийн хийсэн хэвлэлийн бага хуралд оролцов.

Categories
мэдээ нийгэм

Орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ жил 03 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах тул иргэн та идэвхитэй оролцоно уу.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

1 дэх түгшүүрийн дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.

Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.

Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

2 дахь түгшүүрийн дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.


3 дахь түгшүүрийн дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн иргэд цэвэр, халуун усны үйлчилгээ авдаг болжээ

Зураг

ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. Тэгвэл дэлхийн усны өдрийг тохиолдуулан Налайх дүүрэгт 5 сарын хугацаатай аяны нээлт боллоо.

Налайх дүүргийн хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах, ус ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Налайх дүүрэг ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд Налайх дүүргийн 39 мянган хүн, 2 мянга 700 гаруй өрх, 200 гаруй аж ахуйн нэгж байгууллага цэвэр ус хангамж, ариутгах татуурга, халаалт, хэрэгцээний халуун усны үйлчилгээ авдаг болжээ.

Сүүлийн үед бохирдсон болон зориулалтын бус саванд ундны ус хэрэглэснээс үүдэн өвчлөл нэмэгдэж байгаа. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2018-2021 оны хугацаанд эрсдэлтэй хүчин зүйлийг тодорхойлж, цэвэр усны станц болон цэвэр ус дамжуулах шугамын шинэчлэлийг хийсэн байна. Мөн гэр хорооллын болон орон сууцны хэрэглэгчийн усан хангамжийг сайжруулах, иргэдийн усны талаарх мэдлэг, хандлага, ойлголтыг дээшлүүлж, уснаас шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхныг Р.Нямдоржийн өрөө рүү оруулахгүй байна

Монголын үндэсний бөхийн холбоог эрх зүйн ямар ч чадамжгүй, тус холбоог тэргүүлж буй Р.Нямдоржийг уг холбоог удирдах ямар ч эрхгүй гэдгийг гурван шатны шүүхээр тогтоосон. Улмаар тамга тэмдгээ өдий хүртэл өгөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулж байгаа юм байна.

Энэ талаар шинээр байгуулагдсан Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Төмөрсүх, Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, бөх дэмжигч Н.Ганболд, Х.Баянмөнх аварга нарын хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн захирамжийг гардуулж өгөхөөр Бөхийн өргөөнд очсон байна. Гэвч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж тэднийг дотогш нэвтрүүлэхгүй, саад учруулж байгаа талаар Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хэлж байна.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 22-ний өдрийн 5552 гэсэн шүүгчийн захирамжид Монголын үндэсний бөхийн холбооны 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн “Их эе” хурлыг зарласан тогтоол хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Монголын үндэсний бөхийн холбоонд даалгасан захирамж гарсан.

Уг захирамжийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзанд өчигдөр гардуулж өгсөн. Өнөөдөр Р.Нямдорж гуайд өөрт нь өгөх гэж ирэхэд эсэргүүцэл үзүүлсэн байдалтай байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, дотогш нэвтрүүлэхгүй байгаа учраас цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлээд ирчихсэн байна. Дэд тэргүүнээр дамжуулж, мөн утсаар нь нь мессеж илгээж мэдэгдсэн. Хэрвээ гарч ирж, эсвэл биднийг дотогш оруулж захирамжаа хүлээж авахгүй бол дараагийн арга хэмжээгээ авна” гэлээ.

Шүүхийн шийдвэрийн захирамжид энэ сарын 24-нд хуралдахаар товлоод буй “Их эе”-ийг шүүхийн шийдвэр гартал түр хугацаанд түдгэлзүүлсэн, мөн МҮБХ-ны тамга тэмдгийг Р.Нямдорж гуайг ашиглахгүй байхыг тусгажээ. Яг одоо Р.Нямдорж гуайн хүү, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар аавынхаа өрөөний үүдэнд зогсоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхныг дотогш нэвтрүүлэхгүй, аавтайгаа уулзуулахгүй хэмээн зогсож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Занданшатар: Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын саналыг авахгүйгээр үйл ажиллагаатай нь холбоотой хууль, тогтоомж гаргахгүй

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрөө сурталчлах зорилгоор анх удаа “Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Г.Занданшатар чуулга уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэллээ.

“Монгол Улсын эдийн засагт хавар ирж байна. Засаглал сайжирч, хариуцлага жигдэрч, эдийн засгийн өсөлт ч нэмэгдэж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар төсвийн тэнцэл сүүлийн долоон жилд анх удаа ашигтай гарлаа” гэж тэрбээр онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Татварын багц хуулийн шинэчлэл, эдийн засгийн реформ, томоохон хөтөлбөр, төслүүдийнхээ талаар энэ сарын 28-нд болох Эдийн засгийн форумын ”Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг”-ийн үеэр дэлгэрэнгүй танилцуулж, санал авахаар төлөвлөсөн. Засгийн газар эдийн засгийн хөгжлийн гурван тулгуурт бодлого баталсан, “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн стратеги дэвшүүлж, олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, хаврын хэлэлцүүлгийн үеэр танилцуулна гэлээ.

Засгийн газраас шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилт тавьж, 2018 оныг “Хариуцлагын жил”-ээр зарласан. Төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх нь бизнесийн орчныг тогтворжуулахад чухал нөлөөтэй гэлээ.

Монгол Улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг эрдэс, түүхий эдийн үнэ 2017 оноос тогтворжиж, цаашид зарим бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна. Гэвч Монгол Улсын эдийн засаг дахь түүхий эдийн үнийн мөчлөг дагасан, бие даах чадваргүй, өрөөсгөл, эмзэг бүтцийг засаж, шинэчлээгүй тохиолдолд цаашид хямралд байн байн өртсөөр байхыг эдийн засагчид, санхүүчид сануулж байна.

Тодруулбал, эдийн засгийн бодит өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан боловч 2016 онд 1.0 хувь болж буурч, 2017 онд 5.1 хувь болж өслөө. Хөрөнгө оруулалтын орчин муу байгаагаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, гадаад валютын нөөц дундарсантай холбоотойгоор макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учирч, улмаар улсын төсөв, төлбөрийн тэнцэлд хүндрэл үүссэн.

Харин өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум 500 сая ам.долларт хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэж байгаа үзүүлэлт юм. Энэ өсөлтөд танай эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээхэн жин дарж байгаа. Иймд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой байлгах нь холбогдох Төр засгийн байгууллагуудын нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого, зорилт байх ёстойг гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцоллоо.

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээнүүдийн тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал:

– Засгийн газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулан ажиллаж байна. Тус зөвлөл нь хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд хуулийн хүрээнд тогтвортой хамтарч ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиглэлд амжилттай ажиллаж байна.

– Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, мөн Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчин, шинэчлэлийн бодлого, стратеги хөтөлбөрийн төслийг боловсруулах, лиценз тусгай зөвшөөрлийг хялбарчлах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. “Цахим шилжилт” стратегийг Засгийн газар өөрөөсөө, төрийн байгууллагуудаас эхэлж хэрэгжүүлнэ. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээний ихэнхийг цахимаар, гар утаснаасаа авдаг болно.

– Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрхзүйн орчныг сайжруулна. Ингэснээр үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа олон нийтэд гаргах, нээлттэй хувьцаат компаниуд зах зээлд улам бүр нэмэгдэх нөхцөл бүрдэнэ;

– Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор Баялагийн сан – Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар судлаж байна;

– Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн механизмыг хөрөнгө оруулагч нарт тодорхой болгоно. Энэ хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г байгуулан ажиллуулж эхлээд байна.

– Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд “Хууль хяналтын байгууллагуудаас хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулах, үндэслэлгүйгээр хорих, хилийн хориг тавих асуудалд хяналт тавих байнгын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллуулж байгаа болно.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах механизмыг байгуулж ажилласан 1 жилийн хугацаанд багагүй ажлууд хийж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, итгэлийг сэргээх талаар ажиллаж байна.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтын хамгаалалтын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, бодлогын тогтвортой байдлыг дээшлүүлэх хүрээнд Дэлхийн банк болон бусад улс, гадаад улсын элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний санал хүсэлтийг байнга сонсож, үйл ажиллагаандаа тусгаж, санал гомдлыг Засгийн газар шууд хүлээн авч шийдвэрлэж ирсэн.

Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас байнга дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улс “Дэлхийн Хөрөнгө Оруулалтын Орчныг Шинэчлэгчдийн Нийгэмлэг”-ийн анхны санаачлагч, үүсгэн байгуулагч орноор сонгогдсон нь бидэнд итгэл найдвар үзүүлж буй нэгэн хэлбэр гэж ойлгож хүлээн авч байгаа.

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгон хөгжүүлж төр, хувийн хэвшлийн итгэлцлийг бэхжүүлэх, засаглал, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ЗГХЭГ-ын даргын түшаалаар байгуулсан.

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо нь төрөөс хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдүүдээс санал авч, тэдний төлөөлөл бүхий хорооны хурлаар хэлэлцүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр хангах, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэгтэй.

Товчхондоо хувийн хэвшил, тэр дундаа хөрөнгө оруулагчдаас саналыг нь авахгүйгээр, сонсохгүйгээр тэдний үйл ажиллагаатай холбоотой аливаа хууль тогтоомж, бодлогын шийдвэр гаргадаггүй байлгахад чиглэгдэнэ.

Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчид өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах чиглэлд идэвхи, санаачилгатай байж, төрийн байгууллагуудад саналаа хүргүүлэн идэвхитэй хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчид та бүхэнд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг тавдугаар сарын 31-нийг хүртэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Энэ оны эхний улиралд 4437 иргэн цаг заваа хэмнэж, SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан татвар хураамжаа төлсөн байна. Иргэн та ч гэсэн цаг заваа хэмнэж онлайнаар төлбөрөө төлөөрэй.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийнМэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд “Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” чуулганд оролцогчдод илгээлт хүргүүллээ

“Монголын эрдэс баялаг-Уул уурхай-2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцогчдод илгээлт хүргүүллээ. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл уншиж танилцууллаа. Илгээлтэд:

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцож байгаа Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье.

Монголын уул уурхайн салбар өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн манай тэргүүлэх салбарын нэг билээ.

Эрдэнэт, Шарын гол, Хөтөл, Бор-Өндөр, Багануур зэрэг уурхай, уулын үйлдвэрийг түшиглэн томоохон хот, суурингууд бий болсон нь бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Цаашид салбарын хөгжлийг эрчимтэй үргэлжлүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрсөлдөх чадвар, экспортын орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бид бүгдийн хүчин чармайлт, идэвхтэй оролцоо, зөв хандлага нэн чухал.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр тусгасан бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас тууштай арга хэмжээ авч хамтран ажиллах болно.

Та бүхэн уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, салбарын өмнө тулгамдсан асуудалдаа бодитой хандаж, улс орны болон дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч, идэвх санаачилга гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чуулга уулзалтад амжилт хүсье гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ВИРТУАЛ ХОТ “Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад “Нээлтэй Засаглалын түншлэл” ОУТБ-ын Иргэн нийгмийн асуудалд хариуцсан захирал Паул Массен, Ази-Номхон далайн орнуудын зохицуулагч Шреяа Барсу, Олон улсын удирдах зөвлөлийн гишүүн Л.Төр-Од, ЗГХЭГ-ын шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар байлцав.

Энэ үеэр Нийслэлийн засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөл нь Монгол Улс 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилтоо тодорхойлсон цаг хугацаанд боловсруулагдсанаараа онцлогтой. 2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний хүрээнд орон нутгийн салбар зөвлөл болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй ил тод байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн оролцоотой байлгах үүднээс нэлээд арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн зүгээс 2016 оныг “Мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил”, 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд иргэд өөрсдөө оролцох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан юм” хэмээн онцоллоо.

Түүнчлэн уг уулзалтын үеэр талууд төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл аван, санал солилцож, “Check my service” аппликейшн болон “smartcar”, “e-kindergarten registration” системүүдийн талаар танилцуулга хийгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.