Categories
мэдээ улс-төр

Ли Мён Бакийг баривчиллаа

Ли Мён Бак зурган илэрцүүд

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакийг авлигатай холбогдсон, татвараас зайлсхийсэн зэрэг хэрэгт буруутган баривчлах шийдвэрийг Сөүл хотын шүүхээс гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу экс ерөнхийлөгчийг өчигдөр баривчилжээ. Ли Мён Бакийг сонгуулийн хуулийг зөрчсөн. олон тэрбумын авилга авсан мөн эрх мэдлээ урвуулан ашигласан, гэх мэт 12 зүйлээр буруутажээ. Тэрээр 2008-2013 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Ли Мён Бак буруутай нь тогтоогдвол 45 хүртэл жилээр хоригдох ял шийтгүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлын товч

09.00 цагт “Корпорэйт Конвэйшн центр”-т “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн – 2018” болно.

09.00 цагт Амгалан дулааны станцид Эрчим хүчний зохицуулах хорооноос “Орон нутгийн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөн” зохион байгуулна.
09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Тамгын газар, Монголын сурагчдын холбоо хамтран “Мини парламент” арга хэмжээ зохион байгуулна.
09.00 цагт ЦУОШГ-т “Уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, гамшигт бэлэн байцгаая” эрдэм шинжилгэний хурал болно.

09.00 цагт ЭМЯ-нд “Зоонозын өвчний дэгдэлтийн үед салбар хоорондын байгууллагуудын хамтын ажиллагаа” сургуулилт болно.

09.00 цагт Төрийн ордонд “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц” зөвлөгөөн болно.

10.00 цагт “Холлидэй Инн” зочид буудалд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авч ажиллуулж буй аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзана.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ЭМЯ-наас “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монголбанкинд тус банкны Мөнгөний Бодлогын Зөвлөл хуралдана.

14.00 цагт АШУҮИС-д “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан “Сүрьеэтэй тэмцэх өдөрлөг” зохион байгуулна.

14.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын төвд “Адал явдалт аялал” УСК -ны нээлт болно.

14.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС болон тус сургуулийн “Эм Би Пи лаб” гарааны компани хооронд “Залесовын зэдгэлж ургамлыг ашигласан бактерийн эсрэг бэлдмэл, түүнийг хийх арга” патентийн лицензийн гэрээ байгуулна.

14.30 цагт МУИС-ийн хичээлийн V байран “Нийтийн удирдлага ба тогтвортой хөгжил-Онолыг практикт нэвтрүүлэх нь” зөвлөгөөн болно.

14.30 цагт МТҮП-т боловсрол, соёл, шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарын залуу эрдэмтдийн хэлэлцүүлэг болно.

15.00 цагт “Аз хур” номын их дэлгүүрт сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт агсаны “Ганц модны анир” номын нээлт болно. Утас 99006431

15.00 цагт “Туушин” зочид буудалд “Худалдааны тухай хуулийн хүлээлт ба салбарын өнөөгийн байдал-2018” бизнес эрхлэгчдийн чуулган болно.

18.00 цагт “Blue Sky” зочид буудлын Кристал танхимд “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт, болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Ноён уулаа аварья” ТББ, “Март8” эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөөс хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Багш нарын цалингаа нэмүүлье” түр хороо нь “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Улсаа аварья” ард түмний хөдөлгөөнөөс нэр бүхий улс төрчдийн оффшор дансанд хадгалсан мөнгийг олон нийтэд зарлах талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Оюунгэрэл: АТГ-ын дарга Х.Энхжаргалын хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхсан

Б.Оюунгэрэл зурган илэрцүүд

“ISO Mongolia” компанийн захирал Б.Оюунгэрэлтэй Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001 стандартын талаар ярилцлаа.

-Манай улс өнгөрсөн жил анх удаагаа авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001 стандартыг нэвтрүүллээ. Энэ стандартыг нэвтрүүлсний ач холбогдлыг та юу гэж хэлэх вэ. Хүмүүс авлигатай тэмцэх стандартын талаар төдийлөн сайн ойлголтгүй байх шиг байна?

-ISO олон улсын байгууллага нь анх 1947 онд байгуулагдсан, 163 орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томоохон байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа хойш нийт 21800 орчим стандартыг баталж гаргасан байдаг. Дэлхий нийтэд авлигын асуудал маш хурцаар тавигдсаар байгаа. Хэдийгээр улс орон бүр авлигатай тэмцсээр байгаа ч хүссэн хэмжээнд хүртэл буурахгүй байна шүү дээ. Тиймдээ ч 2013 оноос хойш ISO-оос Авлигатай тэмцэх стандартыг гаргах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор гурван жилийн турш судалгааны ажил хийгдсэн. Дэлхийн 50 орчим улс орноос санал авч, техникийн хороодоороо хэлэлцсэний үр дүнд Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” хэмээх стандартыг 2016 оны аравдугаар сарын 15-ны өдөр баталж гаргасан. Энэ дагуу манай “ISO Mongolia” компани тус стандартыг Монголд нутагшуулах санаачилгыг гаргаж 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” хэмээх стандартыг үндэсний хэмжээний стандарт болгосон юм. Аль нэгэн байгууллага стандарт нэвтрүүлснээр муу үр дүнд хүрсэн түүх дэлхийд байдаггүй. Олон нийт сайн, чанартай, зөв, баталгаатай зүйлийг стандартад нийцсэн байна гэж үздэг. Маш тодорхой хэлэхэд, байгууллагууд уг стандартыг нэвтрүүлснээр авлигаас урьдчилан сэргийлж чадна. Үр дүнд нь авлига буурна гэж ойлгох хэрэгтэй юм. Рио Тинто гэх компаниуд энэ стандартыг дагаж мөрддөг. Тийм учраас ажилчид нь авлигалын асуудалд орооцолддоггүй. Уг стандартад тухайн байгууллагын ажилчид хэнээс бэлэг авч болохгүй, яаж ашиг сонирхлын зөрчилд орохгүй байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг.

-Тэгэхээр авлигаас ангид байхыг хүссэн ямар ч байгууллага уг стандартыг нэвтрүүлж болно гэсэн үг үү?

-Манайхан авлига, авилгатай тэмцэх стандартыг төр болоод төрийн албан хаагчдад холбоотой гэж үздэг. Гэхдээ авлига бол бүхий л газарт байж байдаг. Төрийн, хувийн, төрийн бус, хувьцаат компани, олон нийтийн байгууллага, төсөл хөтөлбөр гээд бүхий л түвшинд авлига, хээл хахуулийн асуудал яригддаг. Тэгэхээр энэ стандартыг бүх л байгууллагад хэрэглэх боломжтойгоороо онцлог. Ер нь тогтолцооны стандартыг тухайн байгууллагад тохируулж хэрэглэдэг л дээ. Тухайн байгууллагын онцлог, бүтэц, үйл ажиллагаа, эрсдэл үүсэх магадлал хаана байгаа зэргийг шинжлэх нь зүйтэй. Улмаар байгууллагад нь тохируулж хэрэглэнэ. Тэгэхээр энэ авлигатай тэмцэх тогтолцооны стандартыг ямар ч байгууллагад тохируулаад хэрэглэх боломжтой. Хүмүүс хууль, стандарт хоёр юугаараа ялгаатай вэ гэж их ярьдаг. Нэг талаараа стандартыг хууль гэж томьёолдог. Нөгөө талаас хуулийг батлаад гаргасан бол түүнийг мөрдөх ёстой. Харин Стандартын тухайд заавал мөрдөх ёстой стандарт гэж бий. Энэ нь өөрөө хууль шиг. Сонгож хэрэглэх стандарт гэж бас бий. Тэр нь тухайн байгууллага өөрөө өөрийнхөө үйл явцыг дээшлүүлье, олон улсад хувьцаа гаргая, зах зээлээ нэмэгдүүлье, өрсөлдөх чадвараа дээшлүүлье, бүтээгдэхүүний чанарыг сайжруулъя ч гэдэг юм уу, энэ тохиолдолд тухайн байгууллага тогтолцооны стандартыг хэрэглэдэг.

-Уг стандартыг Монголд нэвтрүүлэхэд Ерөнхийлөгчийн тамгын газар болон Засгийн газар, УИХ-аас санал авсан гэж сонссон. Энэ тухайд?

-Энэ стандартыг батлахад Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар зэрэг төрийн болон олон нийтийн нийт найман байгууллагаас санал авсан. Бүгд дэмжсэн. Үүний дараа чанарын, техникийн хорооний хурал, Стандартын үндэсний зөвлөлөөр орж үндэсний стандарт болон батлагдсан юм. Манай компани бүтэн жилийн хугацаанд энэ стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж оролцсон л доо. Олон улсын нэр томьёо нь “Anti bribery and corrup­tion” гэж батлагдсан. Хээл хахуулийн стандарт гэсэн үг. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, эрүүгийн хууль, хөтөлбөрүүдэд хээл хахууль гэдэг нэр томьёо байдаггүй. Тиймдээ ч тус стандартыг батлахдаа “Авлигын эсрэг” гэж томьёолсон.

-“Хөгжлийн банк” уг стандартыг хэрэгжүүлэхээр болж байгаа гэсэн үү?

-“Эрдэнэт үйлдвэр” бидэнтэй хамтарч ажиллахаар яригдаж байсан. Гэхдээ тус үйлдвэрийн маргаантай асуудал шийдэгдээгүй байгаа учир энэ ажил эхлээгүй байгаа. Одоогоор “Хөгжлийн банк”, “Эрдэнэс Монгол” групптэй хамтарч ажиллахаар болж байна. Монголчууд энэ хоёр байгууллагыг авлигын эрсдэл өндөртэй гэж хардаг байх. Магадгүй тэгэхээс ч өөр аргагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус компанитай болон удирдлагуудтай нь холбоотой авлигын олон асуудал гарч, зарим хүмүүс нь тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж эхлээд байна. Гэхдээ энэ нь тухайн байгууллага үргэлж авлигатай байна гэсэн үг биш юм. Сайн манлайлал, удирдлага, зөв зохион байгуулалттай ажиллаж стандартаа мөрдөж чадвал авлигын эрсдлийг маш сайн бууруулах боломжтой. Цаашид төрийн байгууллагууд болоод хувийн хэвшил нэмэгдээд уг стандартыг нэвтрүүлээд явна байх.

-Уг стандартыг ямар, ямар орнууд нэвтрүүлсэн байдаг юм бэ. Үр дүнгээ хэр өгч байгаа бол?

-Авлигатай тэмцэх менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” стандартыг дэлхийд Сингапур, Перугийн Засгийн газар нийтийн албандаа ашиглаад эхэлсэн. Олон нийтийн байгууллагаас гэвэл “Microsoft” компани энэ оноос эхлэн тус стандартыг нэвтрүүлнэ гэдгээ ч зарласан. Стандарт бол өөрөө байнгын зөв дадал, зуршлыг өгч байж үр дүнгээ өгдөг. Тиймдээ ч гоё стандарттай боллоо гээд ханан дээрээ цаасан гэрчилгээг өлгөчихөж болохгүй. Тэгснээрээ авлигаас сална гэсэн үг биш. Харин сайн дадал, зуршил бий болгох хэрэгтэй. Өглөө найман цагт хуруугаа хийж ажилдаа бүртгүүлдэг шиг тэр дадал, зуршлаа өдөр бүр дагаж мөрдөх нь хамгийн чухал. Ингэж чадвал уг стандарт маш хурдан үр дүнгээ үзүүлэх бүрэн боломжтой гэж харж байна.

-Авлигатай тэмцэх газраас уг стандартыг хэрхэн харж байгаа бол. Хамтран ажиллах боломж нөхцөл байдаг болов уу?

-Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал саяхан болсон нэгэн уулзалт дээр дээрх стандартын талаар дурссан байна лээ. Би түүний хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхсан. Тэрээр “Төрийн бус зарим нэг байгууллага гадны Авлигын стандарт гэх зүйлийг оруулж ирээд төрийн байгууллагад шахаж байна. Энэ байж болохгүй зүйл” гэж ярьсан байсан. Авлигатай тэмцэх газар болон Авлигатай тэмцэх газрын дарга нь авлигатай тэмцэж байгаа, тэмцэх сонирхолтой ийм хувь хүмүүс, байгууллага хамт олныг хөхиүлэн дэмжих ёстой баймаар юм. Тэр бүү хэл, Авилгатай тэмцэх газар өөрсдөө манлайлж, уг стандартыг нэвтрүүлэх ёстой. Бусдад үлгэр жишээ болох ёстой шүү дээ. Гэтэл түүний эсрэг байр суурьтай байна гэдэг байж боломгүй зүйл. Энэ нь өөрөө авлигатай тэмцэх сонирхолгүй байгааг харуулж байна гэж би үзэж байна.

– Манай улсын авлигын индекс 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэ үзүүлэлт биднийг авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ёстой гэж хэлээд байх шиг?

-Таны хэлж буйтай санал нэг байна. Монгол Улс анх 1996 онд Авлигын эсрэг хууль баталсан байдаг. Тухайн хууль нь явсаар 2006 онд ахин шинэчлэгдэж батлагдсан юм. 2007 онд Монгол Улс Авлигатай тэмцэх газартай болсон. Энэ байгууллага 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Авлигын индексээс харахад Монгол Улс 2007, 2008 онд 102 дугаар байрт жагсаж байсан. Харин өнөөдөр 103 дугаар байрт жагсжээ. Авлигын эсрэг байгууллагатай хэдий ч бидэнд ямар ч эерэг үр дүн гараагүй байна. Урагшлах бус бид ухарсаар байна. Энэ үед Авлигатай тэмцэх газраас авлигатай тэмцэж болох бүхий л боломж нөхцөлийг эрэлхийлэх ёстой. Гэтэл авлигын эсрэг манлайлал үзүүлээд явж байгаа хувь хүмүүс, байгууллагуудыг албан ёсны хурал дээр үгүйсгэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Дэмждэггүй юм аа гэхэд ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг зүгээр орхих хэрэгтэй шүү дээ. Бид уг стандартыг нэвтрүүл гэж хэн нэгэнд тулгаагүй. Хэн нэгнийг аваач гэж шахаагүй. Харин Авлигатай тэмцэх газар өөрөө авлигаас ангид байхыг хүссэн, тодорхой хэмжээний алхам хийгээд үзэхээр шийдэн манлайлж байгаа байгууллагуудыг шахаж, гадуурхах гээд байна уу даа л гэж харж байна. Ер нь бол Х.Энхжаргалаас өмнөх дарга нарын үед манай авлигын индекс урагшилж, тодорхой хэмжээнд эерэг үзүүлэлт гарч байсан. Харин Х.Энхжаргал даргын үед буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд 31 байраар ухарлаа. Энэ нь Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа ямар түвшинд явж буйг маш тодоор харуулж буй үзүүлэлт юм. Тэгэхээр АТГ илүү сайн ажиллах хэрэгтэй, цаашлаад авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой юм. Авлигаас сална гэдэг бусдыгаа манлайлж байгаа хэрэг. Шуудхан хэлэхэд, бүхий л байгууллага, хамт олон авлигатай тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Авлигатай тэмцэх ажлын 90 хувь нь урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх явдал байдаг. Гэтэл өнөөдөр бид урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлж чадахгүй хэвээр байна. Манайхан авлига авсных нь дараа л авлаа гэж ярьдаг шүү дээ. Уг нь бидэнд Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх газар, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр зэрэг авлигатай тэмцэх дэд бүтэц бий. Хэдий сайн дэд бүтэцтэй ч зөв менежмент хийж чадахгүй бол сайн үр дагавар, сайн хөгжилд хүрнэ гэдэг боломжгүй.

Э.БОЛОР

Categories
мэдээ цаг-үе

Харвардын Анагаах ухааны их сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа: Монголд хийж буй судалгаанууд дэлхийн бодлогод нөлөөлдөг боллоо

Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаатай ярилцлаа.


-Таны судалгаанууд олон улсын анхаарлыг татаж байна. Монгол үнээний сүүг Америкийн эрчимжсэн фермерүүдийн үнээний сүүтэй харилцуулан судалжээ. Уг судалгаанаас улбаалаад АНУ хүнсний хуульдаа өөрчлөлт оруулах боллоо гэсэн мэдээлэл яваад байна?

-Органик Монгол үнээний сүүг АНУ-ын эрчимжсэн үнээний фермүүдийн сүүтэй харьцуулж судалсан. Үр дүнд нь эрчимжсэн үнээний фермүүдийн сүүнд гормоны түвшин өндөр байдгийг тогтоосон. Энэ нь хавдрын эрсдэлтэй. Үүн дээр үндэслээд АНУ-ын Конгресс хуулийн өөрчлөлт хийх гэж байна.

-Манайхан үнээний сүү элдэв халдвар үүсгэгчтэй, бруцеллёз гэх мэт өвчин халдаах магадлалтай гэж үзээд үйлдвэрийн савлагаатай, өндөр хэмд ариутгасан гэх сүү сонгоод байдаг тал бий шүү?

-Сүүг өндөр хэмд ариутгаж хэрэглэх нь зөв . Монгол сүү гормоны түвшин бага боловч халдварт өвчний халдвар үүсгэгчтэй, бруцеллёз, сүрьеэгийн савханцар агуулсан байх магадлалтай.

-Мөн таны Монголд хийж байгаа “Хүүхдийн сүрьеэгээс сэргийлэх чиглэл”-ийн судалгаа ДЭМБ-ын зөвлөмжид хүртэл нөлөөлсөн байна. Энэ талаар сонирхуулбал?

-Харвардын их сургууль, тус сургуулийн Монгол дахь судалгаа шинжилгээний нэгж байгууллага MHI, АШУҮИС болон ДЭМБ-ын хамтарсан судалгаа Монголд хийгдэж байна. Улаанбаатар хотын 8-12 насны 9800 хүүхэд судалгаанд хамрагдсан. Сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх орчин үеийн аргыг анх Монголд нэвтрүүлж үзсэн. Хотын захын сургуулиудад сүрьеэгийн далд халдвар 20 орчим хувь, хотын төвд тав орчим хувь, дундаж нь 10 хувь байсан. Хамгийн сэтгэл түгшээсэн асуудал нь судалгаанд хамрагдсан хүүхдээс 150 орчим нь сүрьеэгээр өвчилсөн байсан. Үүнээс үзэхэд хүүхдийн сүрьеэ өвчин 100 мянгад 1400 тохиолдож байна гэж хэлж болно. Ийм өндөр үзүүлэлттэй улс дэлхийд байхгүй.

Энэ асуудлыг бид Харвард болон ДЭМБ-д тавьж, өвчлөл их, ядуу орнуудад одоогоор зөвхөн баян чинээлэг орнуудад хийгдэж буй сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээг нэвтрүүлэх лоббиг хийсэн.

Монголд хийж буй судалгаа нөлөөлсөн. Тодорхой хэмжээнд үр дүн гарч ДЭМБ өнгөрсөн сард удирдамжаа өөрчиллөө. Одоогоор ХӨСҮТ, ДЭМБ хамтраад Монголд энэ эмчилгээг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ эмчилгээний эмийг үйлдвэрлэгч Францын “Sanofi” компани мөн тусалъя гэсэн.

-Яг ямар учиртай эмчилгээ, эмийг Монголд нэвтрүүлэх гэж байгаа юм?

-Анх АНУ-д хийсэн Bethel судалгаанд Аляскийн хүн амыг хамруулсан байдаг. 1958- 1964 онуудад хийгдсэн энэ судалгаагаар INH, “Pla­cebo” эмийг 12 сарын турш 3047, 3017 хүнтэй хоёр группт өдөр бүр уулгасан. Үр дүнд сүрьеэгийн тохиолдлыг 60 хувиар бууруулсан гэдэг.

Далд сүрьеэг эмчлэх шинэ эмчилгээ, шинэ эм “Priftin” буюу “Rifapentine”-г АНУ-д бүртгүүлэхэд PREVENT TB гэдэг судалгааг хийсэн нь том ажил болсон л доо. Энэхүү судалгаан дээр үндэслэн 12 удаагийн Priftin-INH хослол нь есөн сарын INH горимын оронд хэрэглэж болно гэж үзсэн. Энэ бол сүрьеэгийн түүхэнд гарсан том хувьсгал юм. Мөн ДЭМБ далд сүрьеэгийн менежментийн удирдамжийн 2014, 2018 оны хувилбарууд нь 12 удаагийн Priftin-INH хослолын горимыг зөвлөмж болгосон. Энийг л бид Монголд нэвтрүүлэх юм.

-Таны судалгаагаар монголчуудын 99 хувь нь D амин дэмийн дутагдалтай гэж гарсан. Үндэстнээрээ ингэж D-гийн дутагдалд орох нь ямар аюултай вэ?

-D аминдэм дархлааны системийг дэмжигч хамгийн чухал амин дэм. Энэ аминдэмийн дутагдал нь ханиад томуунаас эхлээд хавдрын өвчлөлөөр өвдөхөд нөлөөлдөг гэж ойлгож болно.

-D амин дэмийг тариулах нь хэр зохимжтой вэ. Наранд биеэ шарахад D амин дэм авдаг гэж л мэдэхээс бусад аргыг монголчууд төдийлөн мэддэггүй?

-Манай судалгаагаар Монгол орны 21 аймагт жилийн 12 сарын аль сард нь илүү их D амин дэм нийлгэждэгийг тогтоосон. Судалгаагаар дөрөв, тавдугаар саруудад л D амин дэм нийлэгждэг нь тогтоогдсон. Гэтэл уг саруудад хувцсаа тайлж нарны туяанд биеэ шарах боломжгүй байдаг шүү дээ. Монголд зуны саруудад нарны туяа D амин дэм нийлэгжүүлдэггүй, өөр туяаны долгионтой байдаг.

-Таны үүсгэн байгуулсан Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны нэгж болох “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” (МHI) байгууллагын ажил хэр явж байгаа вэ. Уг байгууллага Харвардын судалгаа шинжилгээний стандартад тэнцсэн ажлуудын стандартыг Монголд нутагшуулдаг байх аа?

-Манай байгууллага Харвардын нийт 20 гаран судалгааг Монголд хийгээд байна.

Томоохон нь гэвэл, MHI, АШУҮИС, ДЭМБ-ын хамтарсан дээр дурдсан судалгаа байна. Мөн Харвардын Анагаахын сургуулийн багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг Монголд оруулж ирж 100 багшийг сургаж байна.

Харвардад 2016 онд Монголын Хүнс баяжуулалтын чиглэлээр өндөр түвшний хурал зохион байгуулсан юм. Үр дүнд нь Хүнс баяжуулах хууль УИХ-ын гишүүдээр өргөн баригдаад одоо хэлэлцэгдэж байна. Өнөө жил Монголын сүрьеэгийн өвчлөлийн асуудлаар өндөр түвшний хурал Харвардад зохион байгуулна.

Энэ сарын 24-нд сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохионо.

Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг “Сүрьеэг устгая. Түүхийг бүтээ. Та манлайлагч бол” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Дэлхийн II дайны дараа Япон улсад сүрьеэг устгахад Хааны гэр бүл нь, харин Тайваньд тэргүүн хатагтай нь оройлж, төрийн бус байгууллагууд нь удирдаж хүчтэй тэмцэж энэ аюулт өвчнийг дарж байсан түүхтэй. Сүрьеэг устгахад иргэдийн оролцоо их чухал байдаг. Төр дангаараа сүрьеэг дийлсэн түүх байхгүй. БНХАУ-ын тэргүүн хатагтай одоо “Сүрьеэгийн эсрэг элч”-ээр ажиллаж байна. Хамгийн сүүлд Өмнөд Солонгос сүрьеэтэй тэмцэж үр дүн гаргахад төрийн бус байгууллагууд нь онц чухал үүрэг гүйцэтгэсэн.

Сүрьеэтэй тэмцэхэд шинэ арга, оношлогоо, эмчилгээг төр, төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж нэвтрүүлж ялдаг. Тэрийг л Монголд хэрэгжүүлэх гэж янз бүрийн бэрхшээлийг туулж байна даа. Монголд сүрьеэг устгахад манлайлах улс төрчид, иргэд, залуучууд маш их хэрэгтэй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх ядахдаа хэлээ хазаад өнгөрч болно доо

Монгол Улсыг тэжээдэг хоёр том уурхай байдаг нь “Эрдэнэт”, “Оюу толгой”. Энэ хоёр уурхайгаас орсон орлого нийлээд улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг бөгөөд тэнд л үйлдвэрийн дуу тасралтгүй хүнгэнэж, ажил өрнөж, амьдрал буцалж байна. Харин “Эрдэнэт” аль хэдийнээ байхгүйтэй адил болжээ. Улсын энэ том үйлдвэрийг олигархууд нүднээс далдуур 51, 49 хувиар нь хувийн өмч мэт хуваагаад авчихсан байх юм. Юун улсын үйлдвэр, юуных нь ард түмний өмч байх вэ. Хэдхэн хүний түрийвчийг түнтийлгэх хэрэгсэл болчихож.

Байдал ийм байхад ганц үлдсэн “Оюу толгой”-гоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд сайд Д.Сумъяабазар, дэд сайд Загджав гээд албан тушаалтнууд сүүлийн үед элдэв муугаар зүхэж, буруутгах нь эрс нэмэгдлээ.

“Оюу толгой”-н уурхай бол барууны хөрөнгө оруулалттай, бүр тодруулбал манай гурав дахь хөрш Хойд Америкийн компанийн хөрөнгө оруулсан Монголын уурхай. Оюу толгойн 66 хувийг Канад улсын “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг бөгөөд Рио Тинто компанийн эзэмшлийн компани билээ. Уул уурхайн салбарын толгой компаниудын нэг болох “Рио Тинто” бол дэлхийд нэр нөлөөтэй, цар хүрээ нь том компани юм. Монголчууд уг нь геополитикоо харж л гурав дахьч хөрштэйгөө хамтарсан. Оюу толгой бол манай өмнөд хил дээр оршдог эдийн засаг, геополитикийн маш зөв байрлалтай уурхай. Оюу толгойд ажиллагсдын 97 хувь нь монголчууд. Үүнээс гадна туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчид гээд хэдэн мянган монгол хүнийг ашиг орлоготой байлгаж байгаа ганц компани. Ийм л эдийн засаг болон геополитик, стратегийн асар өндөр ашигтай ганц уурхайгаа зүхэцгээж байгаа нь Монгол Улс руу нулимж байгаатай адил харагдах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн захиралтай уулзахдаа “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм…” гэх мэтээр ярьжээ. Хичнээн ч хэвлэл үүнийг нь дөгөөж нийтэд цацав. Эзэн нь юмаа мэддэг ч гэх шиг. Бид эзэн нь болоод “Эрдэнэт”-ийг юу болгоод хаясныг бүгдээрээ л харж байгаа биз дээ. “Эрдэнэт” үйлдвэр энэ олон жил гайгүйхэн шиг ажиллаад ирсэний цаад учир нь орос эзэнтэй байсны гавьяа. Түүн шиг Оюу толгой канад эзэнтэй байхгүй бол удахгүй хэдэн авлигач, олигарх дарга нарын хөрөнгө болоод алга болно. Монголын эрх баригчид өлөн, шуналтай, ямагт хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг, сэтгэлгүй. Ийм хүмүүс яаж ажилладгийг Эрдэнэтээс бид хангалттай харж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн маш олон удаа Оюу толгой руу хэвлэлээр нулимав. “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулж “Дубайн гэрээ”-гээр зургаан тэрбум ам.долларыг олон улсын 15 банк санхүүгийн байгууллагаас авч байгаа. Ингэснээр Монгол Улсын 2021 оноос хүртэх байсан ашгийг 16 жилээр ухрааж, Монгол Улс ачуулсан баялгийнхаа 5-хан хувийг авч үлдэх болсон. Гэтэл одоо Ерөнхий сайд гүний уурхайн бүтээн байгуулалтыг нээлээ гэчихсэн баяр хийгээд явж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг боллоо. Энд баярлаад байх зүйл байхгүй” гэж мэдэгдэж байсан. Дараа нь мөн л “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний Монголын талд туйлын хохиролтой зүйл заалтыг өөрчилж чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой” гэсэн байна. Түүний Оюу толгойг зүхсэн энэ мэт хэдэн арван ярилцлага нийтэд цацагджээ.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулдаг. Цаг нь болохоор бид холбогдох мэдээ мэдээллийг өгнө.

“Оюу толгой” компанид худалдагдаж ажиллаж буй маш олон хүн байдаг. Мэдээ мэдээллийг зөөдөг, Засгийн газрын боловсруулсан материалыг зөөж, өөрсдийгөө худалддаг олон хүн байдаг юм шүү” гэж ярьжээ.

Уул уурхайн дэд сайд Д.Загджав “Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би “Рио Тинто” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тиймээс бид “Оюу толгой” компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаасаа эхлэн салбарын чиг үүргийн сайд нар, дэд сайд нь хүртэл зогсоо зайгүй Оюу толгой руу дайрч, мэдэгдэл хүртэл гаргасан байна. Энэ хүмүүс амаа мэдэж бурж баймаар юм. “Даяар монгол” иргэний хөдөлгөөнийхөн хятадын жижиг уурхай руу дайрч байгаа мэт л жижигхэн харагдаж байна. Иргэний хөдөлгөөнийхөн болон энгийн шүүмлэгч нар бол Оюу толгойг яаж ч шүүмжилж болно. Тэгсний төлөө буруутгаад байх шаардлагагүй. Харин Засгийн газар нь тэдэн шиг хашгиралдахаа болих хэрэгтэй. Та нар элдэв гоё шүүмжлэл хэлж, мэдэгдэл гарган ард түмнээс оноо авах гэж жүжиглэх хэрэг байхгүй. Та нарыг сонгосон ард түмнээ хоолтой байлгах нь үүрэг чинь юм шүү. У.Хүрэлсүх сайд Оюу толгойг хаагаад “Хүрээ” төвөөрөө ард түмнээ тэжээж дийлэх юм уу. Эзгүй арал дээрээс эрдэнэс олсон дээрэмчид л ингэж олз омгоо булаалддаг байх. Нэг тиймэрхүү л харагдаж байна шүү.

Оюу толгойн гэрээг энд ямар нэгэн байдлаар өмөөрөх гэсэнгүй. Мэдээж, алдаа мадагтай заалтууд байдаг л биз. Яагаад гэхээр ажил хийж байгаа газар гэнэт өөр нөхцөл байдал үүсэх, анх төлөвлөснөөс өөр байх, тухайн үед нь шийдвэр гаргаад явах гэх мэт өчнөөн үйл явдал өрнөж байдаг. Анхнаасаа буруу хийсэн заалт ч байж мэднэ. Энэ бүхнийг ажил хариуцаж авсан нөхөд тухайн үед нь хэлэлцэн засаж залруулаад явдаг. Мэдээж, хоёр тал санал нийлэхгүй байх, хэрэлдэх, муудах, заамдалцах, бүр ширээ тойруулж нэгийгээ элдэх үе ч гарна. Аж ахуйн ажил ингэж л тасралтгүй үргэлжилж явдаг. Үүн дээр попорч улстөржөөд мэдэгдэл шидээд суугаад байх нь утгагүй. Гэрээг сайжруулах ажлаа зүгээр л хий л дээ. Ийм том гэрээ хийхэд байтугай дөрвөн ханатай гэрээ нүүлгэхэд хүртэл авгай нөхөр хоёр муудалдцах нь энүүхэнд. Эхнэрийн санаа нөхөрт таалагдахгүй байж болно, нөхрүүдийн байгаа байдал ч эхнэрийн уурыг хүргэж мэднэ. Гэлээ гээд орон гэр салдаггүй, нүүдэл болдогоороо болж, амьдрал үргэлжилсээр л байдаг.

Төрийн сайд нар өөрсдийнхөө хийх ажлыг чимээгүйхэн шиг хийчихэж болдоггүй юм болов уу гэж заримдаа гайхах юм. Асуудлыг шийдэх эрх ямбыг нь өгөөд, ажлыг нь хуваарилаад байхад хүртэл нэг муу хол явахгүй мэдэгдэл сэлтээр хөөцөлдөж өдөр хоногийг өнгөрөөх юм. Болж бүтэхгүй байгаа бүхнээ хэвлэлээр мэдэгдэж, дэлхий даяар цацаж суухын хэрэг юу байна вэ. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг энэ бүхэн нууц байдаггүй юм уу. Ингэж дэлхийгээр нэг дэмий бурсаны үр дүнд олон улсын хөрөнгийн бирж дээр Оюу толгойн хувьцааны үнэ унах, Монголыг сонирхож байсан хөрөнгө оруулагчид нүүрээ буруулах хэнд ашигтай вэ. Эцсийн дүнд өнөө муу ядарсан ард түмэн чинь л хоолгүй хоцрох болж байна. Дарга сайд нар бол яахав, хөрөнгө хогшилоо чинээнд нь тултал хураачихсан хүмүүс. Бидний амыг арчин арчин хоолыг маань булаах хэрэггүй. Яг ийм байдлаараа улс орноо ч сүйдэлж байна, та нар. Хэдхэн хоногийн өмнө Америк болон Канадын компаниудын Монгол дахь сонирхол буурсан учраас Хойд Америкийн Монголын бизнесийн зөвлөлийг татан буулгасан тухай мэдээлэл цацагдсан.

Энэ бүхнээс харахад эрх барьж буй сайд, дарга нар дотроо бодолтой, дороо суурьтай байхгүй бол энэ улсын хувь заяа хоёр хөршийн мэдэлд ороод дуусах нь байна шүү.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт эх одтой, хөх бар өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 23, Сугар гариг. Билгийн тооллын 6, Чөлөөт эх одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 6:51 цагт мандан, 19:05 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуган сэргээх, амилуулах, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйлд сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монголын шүүгч дөрвөн орон сууцны нормтой юм болов уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Л.Энхболд “Дэвшилтэт холбоо”-ны зорилго шударга төр, хариуцлагыг бий болгох юм” хэмээн ярьжээ.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрт Элчин сайд Шин Хаймин “Өнөө жил Монгол Хятадын харилцаанд том хөгжил авчирна” хэмээн ярьжээ.

“Өдрийн сурвалжлага” булангаас “Уул уурхайн салбарт томоохон дөрвөн төсөл хэрэгжинэхэмээн өгүүлснийг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд Монголын шүүгч дөрвөн орон сууцны нормтой юм болов уухэмээн өгүүлснийг хүлээн авч үзээрэй.

Өмнөговьд энэ жил 103 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлсэн байна.

“Биткойн худалдаж аваад мөнгөө алдвал таны хохь болно” хэмээн өгүүлснийг “Баримт, үйл явдал” нүүрээс хүлээн авч уншаарай.

Улсын гарьд Ө.Бат- Орших нарын дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн гэж барилдах эрхийг нь хоёр жилээр хассан. Үүний дараа Улсын гарьд Ө.Бат-Орших “Үүнийг би мэдэхгүй, хуулийн байгууллага шийднэ” хэмээн “Өдрийн сонин”-ы “Цаг үе, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Хүмүүс , хувь тавилан” булангаас “Хувьтад төөрсөн таван настай охин буюу “Хээрийн чоно”-ны түүх” ярилцлагыг хүлээн авч уншаарай.

“Дарьганга нутаг, хилчдээ нар зөв тойрсон тэмдэглэл” хэмээн “Томилолт” нүүрт өгүүлжээ.

“Энэ тухай” буланд “Сникерс”-ийн шинжилгээ муу гарч байсан тохиолдол байхгүй гэлээ” хэмээн өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Андреа Де Фелипийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Ж.Бат-Эрдэнэ сайд БНИТ-ын зүгээс зам тээвэр, дэд бүтцийн салбарт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж амжилттай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлж агаарын тээвэрт хоёр улсын хооронд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах, далайн тээврийн салбарт мэдлэг туршлага хуваалцах, авто тээвэр худалдаа бизнесийг дэмжих зорилгоор Авто тээврийн хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжиллаа.

ЗТХ-ийн сайд ТНБД-аар ажиллаж байхдаа Монгол улсын Далайн захиргааг байгуулж Италийн Геново боомтын захиргаатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөн орчин үеийн техник технологийн дэвшлээрээ тэргүүлж буй Итали улстай техник технологийн чиглэлээр, мөн болон Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүний хувьд ХАА, газар тариалан, ноос ноолуурын, худалдаа аялал жуулчлалын салбарт харилцан хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Элчин сайд Андреа Де Фелип”Сайдын тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. Саяхан Засгийн газар маань солигдож шинэ бүрэлдэхүүнээр ажиллахаар болж байгаа ч бид хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, Монгол улстай бүх чиглэлээр хамтран ажиллах сонирхол хэвээр бий” гэдгийг энэ үеэр хөндлөө.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн гэрэгэ” шагналын сонгон шалгаруулалт болно

Холбоотой Зураг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшүүлэхэд Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар-өөрийн орон нутагт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг; Төрийн яамд-өөрийн салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг; Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд-өөрийн дэмжиж буй бүтээн байгуулалтыг санал болгох эрхтэй бөгөөд эрх бүхий байгууллагууд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор өөрийн саналыг холбогдох баримт бичгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байх шаардлагатай аж.

Шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Монгол Улс БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоогоод өдгөө 56 жил болсон. Энэ хугацаанд хоёр орны парламент хоорондын харилцаа амжилттай өргөжин тэлж байна. Тухайлбал, Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд Монгол, Лаос Улс байнга идэвхтэй оролцож, бие биенийхээ байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдаг. 2018 оны нэгдүгээр сард Ханой хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын 26 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын даргын бүрэлдэхүүнд багтаж, айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр Лаосын парламентын гишүүдтэй уулзаж, хоёр орны парламентын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлсэн” гэлээ.

Харин өнөөдрийн уулзалтаар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Лаос Улс түүх, соёлын өргөн баялагтай ард түмэн. ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэгдсэн алдартай дурсгалт газруудаас эхлээд Лаосын соёлын үнэт өвүүд, байгаль орчны хамгаалал, соёлын дурсгалт газруудад түшиглэсэн аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлж байгаа орны нэг. Иймд соёл урлагийг хэрхэн сурталчлах, ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэгдсэн газар, нутгаа хэрхэн хамгаалж байгаа асуудлаар мэргэжлийн хүмүүсийн дунд туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг УИХ-д Монгол-Лаосын парламентын бүлгийг санаачлан байгуулж, хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа.

Түүнчлэн Архангай аймаг, Лаосын Чампасак мужийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж, энэ талаарх хүсэлтийг тус мужийн захирагчид уламжилж өгөхийг хүссэн. Мөн 2018 оны долдугаар сарын 18-ны өдөр ЮНЕСКО, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтарч олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул уг хуралд Лаосын эрдэмтэн, судлаачдыг оролцохыг урьсан юм.

Эрхэм Элчин сайд Сиалункон Сэнг Утхон, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж, анхаарал хандуулж байгаад талархал илэрхийлээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд улс төр, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж ирснийг онцлон хэллээ. Байнгын хорооны даргын санал болгож буй бусад салбаруудыг хөгжүүлж, өргөжүүлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэж хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.