Categories
мэдээ соёл-урлаг

“ТУСЧ ХИЧЭЭНГҮЙ СҮБЭЭДЭЙ ХҮҮ” жүжиг үнэ төлбөргүй тоглогдоно

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар “Монгол оркест” ХХК-ийн 49-р гудамж хүүхэд, залуусын албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгээр 49-р гудамж хүүхэд, залуучуудын театраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Тусч, хичээнгүй Сүбээдэй хүү” жүжгийг нийслэлийн хүүхэд багачуудад цуврал байдлаар хүргэхээр болсон бөгөөд цаашид хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх жүжиг, тоглолт, хүүхдийн хөгжлийн чиглэлээр дугуйлан, клуб, сайн дурын үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Тус жүжиг амралтын өдөр бүр зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 29-нд улс орон даяар ГАМШГИЙН ДОХИО дуугарна

улс орон даяар ГАМШГИЙН ДОХИО дуугарна зурган илэрцүүдЖил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д заасан байдаг.

Энэ жил гуравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах тул иргэн та идэвхитэй оролцоно уу.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

1 дэх түгшүүрийн дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.

Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.

Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

2 дахь түгшүүрийн дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

3 дахь түгшүүрийн дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов зурган илэрцүүдМонгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр (2018.03.23) хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн, УИХ-ын даргын Захирамж гаргахаар шийдвэрлэлээ.

Захирамжаар дарааллыг дор дурдсанаар тогтоов.

1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

2.“Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан

3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт

4.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

5.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

6.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

7.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

8.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

9.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

10. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

11. Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

12. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл

13. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

14. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

15. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

16. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

17. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

18. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

19. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

20. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

21. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл

22. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

23. Бусад

Түүнчлэн Захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Увс аймагт айлчиллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЭМЯ-ы сайд Б.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон бусад холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгов.

Ерөнхий сайд Увс аймагт ажиллах үеэрээ дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

1.2019 оны төсөвт 50 ортой хүүхдийн эмнэлэг,

2.Азийн хөгжлийн банкны шугамаар ариутгал халдваргүйжүүлэлтийн лаборатор,

3. Цогцолбор сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмж,

4.Улаангом сумын 6-р цэцэрлэгийн 230 сая төгрөний их засвар,

5.Театр, соёлын төвийн тоног төхөөрөмж,

6..БСУГ-ын багшийн хөгжлийн төвийн засварын ажил гэх мэтчилэн маш чухал асуудлуудыг шийдвэрлэлээ.

Мөн иргэдээ сонсож, тэдэнд үйлчилж, санал, хүсэлт, гомдлыг нь цаг алдалгүй барагдуулж, хариуг нь заавал өгч байхыг анхаарууллаа.Төрийн албан хаагчийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг урамшуулах, хангалтгүй дүн үзүүлсэн бол хариуцлага тооцох, төрийн албаныхныг муухай харагдуулж байгаа авлигаас ангид байж, ард түмний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээж ажиллахыг захив. “Асуудал шийддэг, шударга, ёс зүйтэй, төр, иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг даргыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана. Дарга хүн За, эсвэл үгүй гэж хариулж чаддаг байх хэрэгтэй” гэв. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж, хугацаанд нь, чанартай дуусгахыг сануулав.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөний бодлогын хүүг 10 хувь болголоо

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралджээ. Тус зөвлөлөөс гаргасан шийдвэрийг танилцуулав.

Тус зөвлөлөөс мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгожээ. Мөн банкны төгрөгийн нөөцийг 10.5 хувиар, гадаад валютын заавал байх нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоосон байна.

Мөнгөний бодлогын хүүг бууруулсан шийдвэр нь банкны салбарын богино хугацаатай эх үүсвэрийн хүүг бууруулж, зээлийн хүүгээр дамжиг бизнесийн идэвхжилийг дэмжинэ гэдгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандаг-Очир: Багануурт “Оюутны хотхон” байгуулах нь олон талын ашигтай

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт өчигдөр Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулагдсан. Бизнес уулзалтын үеэр Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Уулзалтад зарим орны элчин сайд, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид оролцож дүүргийн талаар мэдээлэл авахаар ирлээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж бололцоо, дэд бүтцийн хүрэлцээ хангамж Багануур дүүрэгт бүрдэж байна. 2017 оны 12 дугаар сард Багануур дүүрэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “2030 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-гөө батлуулсан. Хэсэг яригдаад байсан “Оюутны хотхон”-ы асуудал дахин сэргэж байна. Цаашид Багануур дүүрэгт нийслэлийн төвлөрөлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох ажлын хүрээнд “Оюутны хотхон”-ы асуудлыг зайлшгүй ярих ёстой. Энэ тал дээр яамнаас баримталж байгаа бодлого бий. Тийм учраас энэ асуудлыг дахин тавьж байна. Тэр дундаа ШУТИС-ын байрыг эхний ээлжинд байгуулах бололцоо боломж бий гэж үзэж байна. Энэ хүсэл сонирхлыг дүүрэгтээ бий болгож хөрөнгө оруулагчдыг татах тэр хэрээр дүүрэг орон нутгийн иргэд ажилтай орлоготой болно. Гол нь иргэдийн тогтвортой ажлын байраар хангагдах боломжууд бүрдэх учраас энэ уулзалт чухал ач холбогдолтой” гэж ярилаа.

Дүүргийн эдийн засагт уул уурхай чухал байр суурь эзэлдэг. “Багануур” ХХК Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 60 хувийг, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж ирсэн юм. Уурхайг түшиглэн 700 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар санхүүжих энэ төсөл хэрэгжсэнээр төвийн бүс, дорнод, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэр бий болох юм. Өнгөрсөн онд эхлүүлсэн төслийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг хуралдав

Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2018.03.23) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахлан ажиллаж байна.

Өнөөдрийн хуралдаанд тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгээс танилцуулгуудыг хийв. Үүний дараа Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Төгсгөлд нь хуралдаанд оролцсон Ажлын болон ажлын дэд хэсгийн гишүүд санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Бат-Орших: Үүнийг би мэдэхгүй, хуулийн байгууллага шийднэ

Улсын гарьд Ө.Бат-Орших нарын дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн гэж барилдах эрхийг нь хоёр жилээр хассан билээ. Үүний дараа Ө.Бат-орших цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ сэдвээр түүнтэй ярилцлаа.


-Баяр наадмын тухай хуульд “Баяр наадмын үеэр допингийн төрлийн бодис хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, эсвэл цолыг хураана” гэж заасан байдаг. Баяр наадмын бус үед допинг илрэхэд энэ хууль яагаад үйлчилж байна вэ?

-Баяр наадмын тухай хууль тусдаа байдаг. Энэ хууль баяр наадам нээлтээ хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгээр хаах хүртэлх хугацааны үйл явдлыг зохицуулсан. Тэгэхлээр наадмын бус үед допингийн талаарх асуудлыг зохицуулах харилцаанд энэ хууль хэрэглэгдэхгүй юм байна лээ. Тэгэхлээр энэ баяр наадмын шинжилгээний хариу биш. Баяр наадмаар шинжилгээгээ өгөөд зүгээр гарсан. Үүнийг бөх сонирхогчид маань ойлгоосой гэж хүсэж байна. Одооны яригдаад байгаа допингийн асуудал бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард авсан шинжилгээ. Энэ шинжилгээний хариу энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан.МҮБХ-ноос тэргүүн Р.Нямдорж над руу ярьж “Чиний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн байна” гэж танилцуулсан. Үүнээс өөр МҮБХ-оос надтай юу ч яриагүй. Дараа нь би эм уусан шалтгаанаа өөрийн цахим хуудсаар тайлбарлаж олон нийтэд хүргэсэн.
-МҮБХ энэ асуудал дээр хариуцлага тооцохдоо таныг дуудаж тайлбар авсан уу?

-Үгүй. Юуны тулд энэ эмийг хэрэглэсэн, надад эмчийн бичиг байгаа эсэх талаар огт тайлбар аваагүй. МҮБХ-оо бөхийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс тайлбар авч болно шүү дээ. Тайлбар авалгүй байж байгаад гэнэт “Үндэсний бөхийн холбоо” гэсэн цахим хаягнаас “Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хаслаа” гэсэн мэдээлэл тараасан. Дараа нь би дэд тэргүүн Д.Данзантай яриад “Миний эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гарсан нь үнэн юм уу. “Хэрвээ гарсан бол надад албан ёсоор яагаад мэдэгдээгүй юм бэ” гэж асуусан л даа. Гэтэл “Бид журмаараа шийдсэн. Цахимд тараасан учраас л албан ёсных болж байгаа” гэсэн учир битүүлэг тайлбар хэлсэн.

-Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн асуудлыг МҮБХ өөрсдийн дотоод журмаараа шийдэх хууль эрх зүйн орчин байгаа юу?
-Үүнийг би мэдэхгүй, хуулийн байгууллага шийднэ. МҮБХ-ны тэргүүлэгчид гэх есөн хүний гаргасан журмаар допингийн шалгалтад бүдэрсэн дөрвөн бөхийн эрхийг хассан. Шийдвэр гаргасны дараа МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар руу ярьж эрх хассан албан бичгийг авсан. Тэр бичиг нь Тэргүүлэгчдийн тогтоол: “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үеийн допингийн шинжилгээ авах хариуцлага тооцох заалтын 4.1 гэсэн заалтаар допинг хэрэглэсэн нэр бүхий дөрвөн бөхийн барилдах эрхийг хас” гэсэн найман хүний гарын үсэг зурсан тамга тэмдэг байхгүй, бичгийн канондсон хувь байсан.Баяр наадмын бус үед бөхчүүд бэртэж гэмтдэг. Энэ үед эм тариа, гээд шаардлагатай бүхнийг хэрэглэдэг л дээ. Улмаар шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдээсээ холбооны удирдлагууд хэрэглэсэн эм тангийн талаар асууж тодруулж, эмчийн бичиг үзэж эрх хасах шийдвэрийг гаргаагүй.
-Таны “А” сорьцноос илрэхэд “Б” сорьцны шинжилгээнд хамрагдах талаар асуусан уу?
-“А”, “Б” сорьц гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгоод байна. Тэр өдөр шээсэн шээсийг хоёр шилэнд хувааж хийгээд хадгалдаг. “Б” сорьц зөрөх магадлал байхгүй. Тиймээс би “Б” сорьцонд хамрагдахгүй гэсэн хариугаа хэлсэн.
-Таны шинжилгээнээс ямар бодис илэрсэн юм бэ?
-Тамоксифен гэж эм уусан. Энэ нь бодисын солицоо сайжруулах метафолик ангиллын эм л дээ. 2012 оноос хойш миний гарын хурууны арьс хууларч барилдахад түвэгтэй болсон. Эмчид үзүүлэхэд бодисын солилцоо сайжруулах эм уухад эдгэрнэ гэж хэлсэн. Үүнд зориулж хэрэглэсэн.
-Энэ эмийг хориотой эмийн жагсаалтад орсныг мэдээгүй юм уу. Тамоксифен гэж эмийг хэрэглэхдээ спортын эмчээс зөвлөгөө авсан уу?
-Мэдээгүй. Гэхдээ би мэргэжлийн эмч хүмүүсээс асууж үзсэн л дээ. Энэ эмийг допингийн төрлийн бодист хамрагддаг гэдгийг огт мэдээгүй. Энэ жагсаалт жил бүр өөрчлөгдөж байдаг юм байна лээ.
-Хориотой эмийн жагсаалтыг хаанаас үзэх талаар та мэддэггүй юм уу?
-Жил бүр өөрчлөгддөг юм байна лээ. Бөхийн холбооноос наадмын өмнө л бөхийн галаар явж сургалт, семинар зохион байгуулдаг. Өөрөөр бидэнд энэ талаар мэдлэг мэдээлэл өгдөггүй.
-Та допингийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулдаг сургалтад очиж сууж байсан уу?
-Би хамрагдаж амжаагүй.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Адриан Уожнаровски: Кавая Леонардад тоглохгүй байх шалтгаан байна

kawhi leonard зурган илэрцүүд

NBA-гийн алдарт Сан-антониа Спөрс багийн тоглогчдын уулзалт болж өнгөрлөө. Үнэн зөв мэдээлэл өгдөгөөрөө алдартай Адриан Уожнаровски Спөрсийн тоглогчдын уулзалт халуухан маргаан дунд болж өнгөрсөн гэв. Спөрсийн тоглогчид гэмтлийн улмаас тоглолтод оролцохгүй жилийн хугацаа өнгөрөөд буй Кавай Леонардыг тоглооч гэж ятгасан байна. Гэмтэл нь бүрэн илааршсан гэгдэх Кавая Леонардад тоглохгүй байх шалтгаан байна гэсэн хариултыг Сөрсийн тамирчдад өгсөн байна.

Мэдээлэл гарсны дараа Дэнни Грийн, Брэндон Пол нар ийм зүйл огт болоогүй, хэвлэлийнхэн аливаа зүйлийг хэт давслах юм гэсэн бол Рүди Гэй тийм ч сүртэй уур амьсгалтай уулзалт болоогүй, өмнө нь энэнээс ч илүүг үзэж л явлаа гэсэн байна.

Спөрст тоглож явсан Стивен Жексон “Кавайгийн гэмтлээс илүү ноцтой асуудал Спөрс дотор байна. Юу гэдгийг нь мэдэхгүй ч, нэг л зүйл болоод байна” гэжээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

Дуайт Ховард түүхэн үзүүлэлт хийлээ

Өчигдөр болсон Брүүклин Нетс, Шарлот Хорнэтс багийн тоглолтод төвийн тоглогч Дуайт Ховард 32 оноо, 30 самбараас бөмбөг авалт хийж, энэ улирлын хамгийн шилдэг тоглолтоо гаргалаа. Тэрээр 2010 оноос хойш 30 оноо, 30 самбараас бөмбөг авалт хийсэн анхны тоглогч болсон юм. 2010 онд Кэвин Лав тус үзүүлэлтийг гүйцэтгэж байжээ.

Тэгвэл тэрээр Брүүклин Нэтсийн эсрэг хийсэн тоглолтон дээр техникийн алдаа авч энэ улирлын 16 дах техникийн алдаагаа бүртггүлэв. Улмаар өөрийн түүхэн рекордоо нэг тоглолт өнжиж мялаалаа.