Categories
мэдээ спорт

Канадын тамирчин Кэйтлин Осмонд Уран гулгалтын дэлхийн аваргад түрүүллээ

Италийн Милан хотод болж буй Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Канадын тамирчин Кэйтлин Осмонд түрүүлжээ. Тэрбээр богино болон чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 223,23 оноо авч, тэргүүн байрт орсон байна.

Энэ тэмцээнд Японы тамирчин Вакаба Хигути 210,90 оноогоор хоёрдугаар байрыг эзэлж, түүний нутаг нэгт тамирчин Сатоко Мияхара 210,08 оноогоор гуравдугаар байрт орсон байна.

Пёнчаны өвлийн олимпийн наадмын уран гулгалтын олимпийн аварга, Оросын тамирчин Алина Загитова энэ тэмцээнд тайвдугаарт байрт оржээ. Тэрбээр чөлөөт үзүүлбэрт 3 удаа унасан байна. Харин энэ жилийн өвлийн олимпийн наадмын мөнгөн медалийн эзэн Евгения Медведева бэртэл авсан учир энэ тэмцээнд оролцоогүй аж.

Categories
гадаад мэдээ

М.Цукерберг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ

Одоогоос хоёр жилийн өмнө болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулахад “Кэмбриж Аналитика” пүүс голлох үүрэг гүйцэтгэсэн гэх мэдээлэл сенсаци тариад байна. Их Британид төвтэй тус пүүс Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг ашигласан аж. Тухайлбал, тус сүлжээний 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр авч, сонгуулийн үеэр ашигласан гэх мэдээлэл цацагдсаны дараа Фэйсбүүкийн хувьцаа долоон хувиар буурч, 69.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн даваа гаригийн биржийн арилжаагаар компанийн хувьцааны үнэ 37 тэрбум ам.доллараар унажээ. М.Цукерберг Фэйсбүүк компанийн хувьцааны 16 хувийг эзэмшдэг аж. Тус байгууллагын хуулийн зөвлөхийн орлогч Пол Грюэл болсон хэрэг явдлыг “залилан ба хөөрөгдөл” гэж онцлоод байна. Алдагдсан мэдээллүүд бүрэн устгагдсан гэдгийн төлөө бид ажиллаж байна гэж тэрээр нэмж хэлжээ. Дашрамд дурдахад, 2015 онд Кембрижийн Их сургуулийн профессор А.Коган гэгч “Таны дижитал амьдрал” хэмээх Фэйсбүүкт зориулж “сонжоо” маягийн аппликэйшн гаргасан байдаг. Тус аппликэйшнийг 270 мянга гаруй хэрэглэгч ашиглаж мэдээллээ хуваалцаж байжээ.

М.Цукерберг дээрх дуулиантай холбогдуулан өчигдөр албан ёсоор мэдэгдэл хийж, хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна. Тэрбээр “Фэйсбүүк компани бүх шатны үйл ажиллагаандаа аудитын бүрэн шалгалт оруулахаар төлөвлөж байгаа” хэмээн “Wired”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Мөн Конгрессын өмнө дээрх асуудлаар тайлбар өгөхөд бэлэн буйгаа мэдэгдэхдээ “Товчоор бол би зөв зүйл хийхдээ баяртай байх болно. Бид “Фэйсбүүк”-ээс энэ асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүнийг Конгресс руу явуулна. Хэрвээ тэр нь би юм бол, явахад бэлэн байна” гэжээ. Өнгөрсөн хугацаанд М.Цукерберг хэзээ ч өөрийн биеэр Конгрессын өмнө тайлбар өгч байгаагүй. Тиймээс АНУ-ын эрх баригчид түүний амнаас үг сонсохыг хичээцгээж байна. Мөн “Блүүмбэрг”-ийн мэдээлснээр АНУ-ын Холбооны худалдааны хорооноос “Кембриж Аналитика” пүүстэй холбоотойгоор шалгалт хийж эхэлсэн гэв. Америкийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үүрэгтэй тус байгууллага нь хэрэв ямар нэгэн зөрчил илрүүлбэл тодорхой хэмжээний торгууль ногдуулна. Гэвч “Фэйсбүүк”-ийн хувьд торгууль тийм ч том асуудал биш. Учир нь асар их хэмжээний мөнгөтэй учраас энэ нь түрхэн зуурын асуудал. Гэвч уг асуудал цааш даамжирвал энэ нь компанийн бодлогод нөлөөлж, хэрэглэгчдийн тухай асар их мэдээлэл цуглуулдаг бизнест нь сөргөөр нөлөөлж магадгүй гэж онцолж байна. Үүнтэй зэрэгцэн Их Британийн парламентын комисс “Фэйсбүүк”-ийг үндэслэгч М.Цукербергт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар тайлбар өгөхийг хүсжээ. Түүнд бичсэн захидалд дурдсанаар “Хэрэглэгчийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд “Фэйсбүүк” компани урьдчилан сэргийлсэн ямар арга хэмжээ авсныг мэдэх нь хэрэглэгчдийн хувьд их чухал. Тиймээс тус компанийн өндөр албан тушаалтан энэ тухай тайлбар өгөх нь хичнээн чухал болохыг ойлгоно гэдэгт итгэж байна” гэв. Их Британийн парламентын комисс М.Цукербергт бичсэн захианы хариуг ирэх даваа гариг хүртэл хүлээнэ гэдгээ мэдэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энхболд: “Дэвшилтэт холбоо”-ны зорилго шударга төр, хариуцлагыг бий болгох юм

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-МАН-ын дэргэд УИХ-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгуулсан гэж байна. Үүнийг жигүүр гэж харах юм. “Дэвшилтэт холбоо”-ныхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Их хурал үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхад УИХ-ын хэсэг залуу гишүүд ХБНГУ-д албан ажлаар явсан. Энэ нь олон улсын “Progressive alliance” хэмээн байгууллагын чуулга уулзалт байсан юм. Зүүний үзэл баримтлалтай буюу социнтерний хурал тул үзэл баримтлал нэг гээд манай намын гишүүд эхний ээлжинд дэмжиж ажиллах хэрэгтэй гэсэн. Тиймээс 2017 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Монгол Улсад “Progressive alliance” байгууллагын том форумыг зохион байгуулсан. Уг форумд “Progressive alliance”-д нэгдсэн орнуудын Ерөнхий сайд, намын дарга нар ирж оролцсон гэдгийг санаж байгаа байх. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Ижил үзэл баримтлалтай намуудаа дэмжиж ажилладаг холбоо. Тэр утгаар нь арга хэмжээнд оролцсон хүмүүстэйгээ ярьж байгаад МАН-ын дэргэд “Дэвшилтэт холбоо”-ны салбарыг байгуулъя гээд намын удирдлагуудад хүсэлт тавьсан. Намын удирдлагуудын зүгээс дэмжсэн тул МАН-ын дэргэдэх “Дэвшилтэт холбоо”-г албан ёсоор байгуулж тамга тэмдгээ авчхаад байж байна.

-Үйл ажиллагааны гол чиглэл юу байх вэ?

-Мэдээж намынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын түвшинд таниулах, олон намуудын хамтын ажиллагааг сайжруулна. Өнгөрсөн 25 жилийн алдаа оноог дэнсэлж, намын бүтэц зохион байгуулалт, цаашдын хөгжил ямар байхыг тодорхойлно. Манай улс Үндсэн хуулиараа намаар дамжиж төрийн эрхийг барьдаг тогтолцоотой. Тиймээс нам өөрөө бэхжих, хариуцлагатай болох, шилэн байж улс орны хөгжлийг цааш нь авч явах ёстой. Монгол Улс ирэх 25 жилээ харж ажиллая, өөрчлөлтийг бий болгоё, шударга бус үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Авлига, хээл хахуультай холбоотой цагаан захтнуудын гэмт хэрэг, хууль шүүхийн байгууллагын шинэчлэлт өөрчлөлтийг яаравчлан хийх цаг болсон. Тэр утгаараа нам өөрөө хариуцлагаа хүлээж чаддаг болъё, улс орныхоо төлөө эрч хүчтэй ажиллая гэж байгаа юм. Намын зүгээс дэмжиж нийгмийн өмнө тулгамдсан, иргэдийг бухимдуулсан олон асуудлыг шийдэх, бугшсан зүйлийг ил тод болгох хэрэгтэй л дээ. Тиймээс бид хариуцлагатайгаар энэ бүгдийг өөрсдөөсөө эхлэх нь зөв. “Дэвшилтэт холбоо”-ны гол зорилго нь шударга төр, хариуцлагыг бий болгох юм. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын ирээдүйн 25 жилийн хөгжлийн концепцийг бий болгоно.

-Холбооны санхүүжилтээ хэрхэн босгох вэ. Олон улсын байгууллагын салбар тул тэндээсээ санхүүжих үү, намын дэргэдэх гэхээрээ намаас санхүүжилт авах юм уу?

-Бид олон улсын байгууллагатайгаа хамтын ажиллагаа хийх ёстой. Монгол Улсад томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий. Нөгөө талаасаа энэ холбоо гишүүдтэй байна. Холбооны зорилго, чиглэлийг дэмжиж байгаа хэн болгонд үүд хаалга нь нээлттэй. Гишүүд, дэмжигчдийн зүгээс хандив, дэмжлэг үзүүлж болно. Бусад ТББ шиг. Түүнчлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болох юм. Санхүүжилт эцсийн байдлаар ямар байх ёстой вэ гэдгээ шийдээгүй байгаа. Магадгүй гишүүнчлэлийн татвар төлөх ч юм уу, тодорхой болсон зүйл одоогоор алга.

-У.Хүрэлсүхийг тойрсон фракциас долоон хүн тасарч холбоо байгууллаа гээд байгаа л даа. Цаашид нам дотроо жигүүр болж У.Хүрэлсүх, М.Энхболдын гэх мэтчилэн талцаад явахгүй гэх баталгаа бий юу?

-Хардах эрх хэн бүхэнд бий. Бидний зорилго үйл ажиллагаа фракц бүлэглэл биш. Холбоо байгуулагдсанаар намаа хоёр, гурав хуваах эсвэл шантааж хийх, засаг төрийг үймүүлэхгүй. Авлигын эсрэг парламентын бүлэг ажиллаж байх хугацаанд нийгэмд бугшсан томоохон асуудлууд орж ирсэн. Тухайлбал, Монголбанк, Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудал байна.

Эдгээр асуудлуудын араас явж байхад аль аль талдаа тэгш байхаар шударга авч явах ёстой гээд нам дотроо шударга ёс, зарчмыг бий болгох ёстой гэсэн юм. Намд эрүүл салхи авч ирэхийн тулд намын үйл ажиллагаанд оролцож байна гэсэн үг. Нийгэмд хийх ёстой ажлуудаа хийнэ. Энэ холбоо хэн нэгний захиалгатай, хэн нэгэнд харьяалагдаж явахгүй. Миний зарчим ийм. Удахгүй албан ёсоор холбооны үйл ажиллагааны чиглэлээ зарлана. Нээлттэй гишүүнчлэлийн асуудлаа зарлаж, намын удирдлагуудтай цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг асуудал яригдана. Одоо тамга, тэмдэг, гэрчилгээгээ авсан байгаа л даа. Удахгүй албажаад явна. Өрөө, туг далбаанаас эхлээд бэлэн болсон. Дараа дараагийн ажлууд хийгдэж байна.

-Яагаад заавал долоон гишүүн “Дэвшилтэт холбоо”-г байгуулсан юм бэ. Ардын хувьсгалын анхны долоо гэдэг шиг тэднийг бэлгэдсэн юм болов уу гэж бодогдох юм?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр долоон гишүүн гээд явчихлаа. Миний хувьд нүүр тулж гурван хүнтэй л уулзсан. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар гишүүн бид дөрөв уулзаж байгаад энэ тухай ярьсан. Манай гурван гишүүн бусад гишүүдтэйгээ хэрхэн яаж уулзсаныг мэдэхгүй. Эхний ээлжинд 10 гаруй гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэсэн.

Анх яагаад долоо гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм бол. Бичсэн хүмүүс нь л мэдэж байгаа байх. Бид тэр тэр гишүүн гээд тоо зааж ярьсан зүйл байхгүй. Үүсгэн байгуулагчийн түвшинд гэвэл Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гишүүн бид гурав. Тамга тэмдгээ ч гэсэн тэгж авсан. Мэдээж долоон гишүүн хангалттай бий. Анхны долоог бэлгэдсэн байлаа эхэд долоон гишүүний хувьд нэг их буруу ч юм байхгүй. Зарчмын хувьд шударга ёсыг бий болгохын төлөө зүтгэнэ.

-Намын дэргэдэх холбоо болохоор зөвхөн намын гишүүдэд хамааралтай байж магадгүй юм, тийм үү?

-Уг нь нээлттэй байх ёстой. Намын дэргэдэх гэдгээрээ хувь хүмүүсийн өөрсдийнх нь үзэл баримтлалаас шалтгаалах байх. Ялангуяа гишүүд болон нам бусчуудад нээлттэй. МАН-ын дэргэдэх гэж байгаа болохоор нээлттэй учир зарим тохиолдолд үзэл баримтлалын зөрчил гарахыг үгүйсгэхгүй. Тэр утгаараа гишүүнчлэлийн хүрээнд явах болов уу даа. Намд элсэх хүсэлтэй, шударга ёсны төлөө яваа хүмүүсээр хүрээгээ тэлж явах байх.

-МАН-д өмнө нь жигүүр, холбоод байсан. Хамгийн том нь Зүүний хүчний холбоо байсан байж магадгүй. У.Хүрэлсүхийн хүмүүс гэж та нарыг харж байгаа болохоор Зүүний хүчний холбоогоо татан буулгаад оронд нь байгуулчихлаа гэж харах нэгэн байна л даа. Намын нэр хүнд муу байгаа учраас 2020 оны сонгуульд зориулсан холбоо юм биш үү. Нэг үгээр хэлбэл уг холбоо намаа чирж явна гэдэг ч юм уу…

-Намын дэргэдэх холбоод их байдаг. Эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, ахмадын холбоо гээд. “Дэвшилтэт холбоо” албан ёсоор байгуулагдаж байна. Зүүний хүчний холбоо намын дэргэдэх биш намыг дэмждэг хүмүүсийн нэгдэл. Зүүний хүчний холбоо өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Дэвшилтэт холбоо”-ны үүнээс ялгарах онцлог нь олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулна. Бид олон улсын байгууллагын салбар гэдэг утгаараа Монгол Улсын түвшинд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа. Би ч гэсэн тэгж ойлгож дэмжиж, нэгдсэн.

Та хоёр удаа Хүрэлсүхийн хүмүүс гэлээ. Одоо бид тэрний, энэний хүмүүс гэдгээ аль болох больчих хэрэгтэй гэж санагддаг. Засгийн газрыг огцруулах дээр хэсэг бүлэг хүмүүстэй санал нэг байсан учраас тэрний, түүний хүн гэж нэрлээд байгаа юм. Бид болохгүй талыг нь шүүмжилж, болж байгаа талтай нь хамтраад явна гэж байгаа. Түүнээс биш хуйвалдаж хэн нэгэн Доржийг дэмжинэ гэсэн үг биш. Нийгэмд ташаа мэдээлэл яваад байна. У.Хүрэлсүхийг дэмждэг хүмүүс л холбоо байгуулаад үйл ажиллагаа явуулах гээд байна гэсэн ойлголт бий болчихож.

Би тэгж харахгүй байгаа. МАН шинэчлэл, өөрчлөлтийг хурдтай хийх, хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Намын нэрээр гарч ирсэн лидерүүд янз бүрийн хэрэгт холбогдож байна. Үүнийг хурдан шийдэх хэрэгтэй. Хэрэв хариуцлага хүлээх ёстой бол хүлээ. Төрд, намд шударга ёс байхгүй явсаар хэдэн жил цаашаа үргэлжлүүлэх юм. Ард түмэн хариуцлагыг хүлээж байна. Ардчилсан намынхан Баярцогтдоо хариуцлага тооцчихлоо. Үүнтэй адилхан МАН-ынхан баримт нь ил гарсан хүндээ хариуцлага тооцож намаа цэвэрлэх ёстой байхгүй юу. “Дэвшилтэт холбоо” үүнийг хийлгэхийг шаардана. Үнэхээр баримт нь гараад ирвэл үтэр түргэн цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Дарга, цэрэг, ах, эгч, дүү байх нь бидэнд падлий ч үгүй асуудал. Хэн нэгнийг хаацайлдаг, хамгаалдаг олон нийтийн байгууллага болгохгүй.

-Танай намын гишүүдтэй холбоотой асуудлууд их байдаг. Баримт ч гарч ирдэг. Харамсалтай нь хуурамч, эвлүүлэг гэх маягтай өнгөрүүлдэг тал бий дээ, танайханд. С.Баяраас эхлээд хаус яригдаж байна…

-Энэ хүний нэр дээр АНУ-д хаусууд байна гэсэн баримт бичгийг нь явуул л даа. Хэдийгээр С.Баярыг тэнд байшинтай гээд яриад байгаа боловч өнөөдөр ямар мөнгө, эх үүсвэрээр авсан гэдгийг нь гаргаж ирж чадахгүй байгаа биз дээ. Тухайлбал, Макаод хуулийн байгууллага нь ийм мөнгөөр авсан гээд гаргаад ирдэг шиг гаргаад ирвэл өөр асуудал. С.Баяр өөрөө байшин авсан уу, хүүхэд нь, хамаатан, найз нөхөд нь авсан уу гэдгийг хэн ч тодорхойлж чадаагүй. Ярианы түвшинд л байгаа биз дээ. Сүүлийн үед поп-дох гэдэг хэллэг бий болсон. Энэ нь баримтгүйгээр хүнийг гүтгэх, гүжирдэх замаар өөрийгөө шударга хүн болгож харуулах гэдэг болсон. Харин би бол баримтанд тулгуурлаад гаргаад ирвэл ярихаас өөр арга байхгүй.

-Таван гишүүн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуулт Ерөнхий сайдад тавьсан. Хариулт ирсэн. Түүнээс хойш шинэ мэдээлэл байна уу. ЗГХЭГ-ын дарга та нарт өгсөн хариултаасаа няцсан мэт хариултыг сүүлд өгсөн л дөө, хэвлэлийнхэнд. Өмнө нь бол Стандарт банкнаас Эрдэнэт үйлдвэрийн дансаар 213.3 сая ам.доллар орсон байна гэж хариулсан байсан. Тэгвэл сүүлд энэ мөнгө нь борлуулалтын орлого байжээ гэх юм. Ийм хариуцлагагүй байж болох уу?

-Хэвлэлээс харсан төдий л байна. ЗГХЭГ-ын дарга үнэхээр тэгээд хэлсэн бол бидэнд албан тоотоор тэр хариултаа бас явуулах хэрэгтэй. Энэ ийм байсан чинь ийм алдаа гарчээ гэдэг ч юм уу ирүүлэх ёстой. Үнэндээ бид зэсийн борлуулалтыг асуугаагүй л байхгүй юу. Стандарт банкнаас гарсан мөнгө Эрдэнэтийн дансаар орсон уу, үгүй юу л гэсэн. Асуултын хариултад ирсэн тоо шүү дээ. 41.2 сая ам.доллар нь Жастын өөрсдийнх нь данс руу орсон гэхчлэн хэд хэдэн тоо явсан. Засгийн газар энэ тоо андуурагдсан гэж байгаа бол тайлбараа л албан тоотоор явуулчих. Бид ижил түвшинд мэдээлэлтэй байж иргэдэд мэдээлэл өгнө.

213.3 сая ам.долларт Эрдэнэтийн удирдлагууд оролцсон уу гэсэн. Эрдэнэтийн удирдлага оролцсон гэж тодорхойлоогүй мөртлөө Ч.Ганзоригийн удирдлаган доор ажилладаг нэр бүхий гурван хүн оролцсон гээд бичиг ирүүлсэн. Эрдэнэттэй хамаарал бүхий болчихоод байгаа байхгүй юу. Эрдэнэт үйлдвэр энэ мөнгийг төлөх нь тодорхой, хариуцлага тооцох нь тодорхой. Үүнийгээ хийх ёстой. Одоо хуурамч гарын үсэг энэ тэр гэж яриад хэрэг байхгүй. Хэн төлөх ёстой юм тэр нь төл. Өнөөдөр хариуцагч нь төлж чадахгүй бол хариуцагчаар нь маргааш төлүүлэх ёстой. Хариуцагчийг нь ил болгож гаргаж ирэх хэрэгтэй.

-Зарим гишүүд Стандарт банкинд төлөх төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой гэх юм. Хувь хүний авсан зээлийг улсын үйлдвэр төлөх ёстой юм уу. Зөв зарчим уу?

-Улс төрийн өнцгөөс тэгж хараад байгаа юм. Арбитрийн шүүх Эрдэнэтийг буруутай гээд гаргачихсан. Тиймээс Эрдэнэт төлөх нь нэн тэргүүний асуудал. Үүний цаана хэн нэгэн хүн буруутай үйлдэл хийчихсэн байгаа. Эрдэнэт үйлдвэр эсвэл Засгийн газрын нөөц сангаас ч юм уу төлөхөөр бол буруу л даа. Гэхдээ хүү, алданги, торгуулийг нь нэмэгдүүлэхгүйн тулд төлөх ёстой. Стандарт банк, Арбитрийн шүүхтэй маргах биш хэн буруутай вэ гэдгээ хууль хяналтын байгууллага олох ёстой. Холбогдсон нэр бүхий хүмүүс байгаа бол тэдний хөрөнгийг битүүмжлээд улс авах ёстой мөнгөө авах л хэрэгтэй. Энэ үйлдлийг хурдан хийх ёстой л доо. Доржийн өмнөөс Дондог төлөхгүй гээд суугаад байх юм бол хүү, торгууль, алданги нь сүүлдээ хэн ч төлж дийлэхээргүй хэмжээнд хүрч Эрдэнэт үйлдвэрээ алдах вий. Төлөхгүй бол нэг л өдөр битүүмжлээд Монголын хамаг данс нэг л өдөр тасхийтэл хаана. Батхүүгээр төлүүл гээд байгаа. Өнөөдөр Батхүүгээр төлүүлэх эрх зүйн акт үүсч амжаагүй байна. Батхүү ганцаараа юм уу, Батхүү олуулаа юм уу гэдгийг тогтоох ёстой. Өнөөдрийн нөхцөлд ганцаараа нь ч мэдэгдэхгүй, олуулаа нь ч мэдэгдэхгүй байна.

-Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан зээл авчхаад эргэн төлөлтийг нь Эрдэнэт үйлдвэрээр нь хийлгэх гэсэн увайгүй үйлдлүүд байгаа юм биш биз дээ. Хуулийн ч юм уу, цоорхой гаргачихсан байвал яах вэ. Улсын хөрөнгийг зувчуулаад сурчихсан юм биш үү?

-Өнгөрсөн 25 жилд хийж бүтээсэн хүмүүсийн хийсэн ажил. Нам, бүлэглэл, миний, чиний үүнд байхгүй. Бүгд л байгаа. Тиймээс өнөөдөр Монголын эдийн засаг ийм байдалд хүрсэн. Ээлжилж гарч ирсэн намууд нь улсыг ээлжилж удирдаж байгаа нэрээр иддэг, уудаг. Цагаан захтнууд нь авлигын хэрэгт холбогддог, үүнийг дагасан маргаан үүсдэг, хэрэгсэхгүй болдог. Ийм нэг чөтгөрийн тойргийг сэтлэх ёстой. Таны асуусанчлан тийм хүмүүс олон байсныг үгүйсгэх аргагүй. Төрийн мөнгийг луйвардчихаад төрөөр нь төлүүлдэг байдлыг таслан зогсоох ёстой. Эхлээд намаасаа эхлэх ёстой. Тэр утгаараа “Дэвшилтэт холбоо” байгуулагдсан.


Categories
мэдээ цаг-үе

Чөтгөрийн хар хайрцаг

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн үр дүнд нөлөө нь буурсан Чөтгөр хорсоод галзуурах нь. Бурхны нөлөө ч буурсан. Гэхдээ чөтгөрийнхтэй адил навс унаагүй. Чөтгөрт дээрэлхэх гүрэн олдохоо болиод дийлдгээр нь дэлхийн хамгийн бөглүү буурай орнуудад уураа далдуур гаргах болжээ. Адгийн бүдүүлэг нүүдэлчин Монгол эрдэс баялгаар арвин ч булаах геополитик явцгүйд хүрсэн эрин зуунд шулах заль мэх үнэд оров.

Заль мэхний хоол бол мулгуу дүнхүү толгойнууд. Тэнэгүүдэд бурхны хайрласан гайхамшгийг ХХI зуунд булаахыг хориглосон олон улсын хоригт Чөтгөр өртлөө. Бусдын баялгийг булаадаг цаг өнгөрчээ. Хүн төрөлхтөн хүчээ нийлүүлээд олон улсын хуулиар хянаж эхлэв.

Монголын ашигт малтмалын баян ордууд дэлхийн хамгийн том хэрэглэгч-зах зээлтэй бөөр нийлүүлэн оршдогоос төв Азийн энэ мал шиг хүмүүст түвэггүй хөгжих боломж нүүрлэсэнд хүчээр түрэмгийлдэг бодлого нь бүтэлгүйтсэн Чөтгөр хорсов. Коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, ховор элемент, занарын экспортоор муу Монгол дураараа чөлөөтэй өрсөлдөх гэнэ. 60-70 сая мал сүрэг нь хүний арчилгаа авахгүй шахам ямар ч өртөггүй соргог ургамал идэж бэлчээрээр өсөх гайхам чадвартай. Яг л аргаль, янгир, зээр, тахь, хавтгай шигээ. Энэ бол зардалгүй сул олз.

Гуравхан сая хүн амаа элбэг хангах үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах үржил шимт ай сав нүд алдам цэлийнэ. Бурхан залхуу монголчуудыг давраажээ. Монгол улс Чөтгөрт таалагдахаа болив.

Монголын хөгжлийг хэрхэн чөдөрлөх вэ? Тэр амархан. Яаж?

Хүчээр бус аргаар. Гэхдээ найдах оньс ганц үлдсэн. Тэр нь монголчуудын оюуны хомсдол. Хичнээн баялагтай байгаад мулгуу бол яадгийг үзэг.

Башир аргыг ялуулдаг хөгжөөн дэмжигчид нь хэн бэ гэвэл оюуны хомсдолтой масс. Заль мэхийг тэнэгүүд ухаарахгүй өөгшүүлдэг. Харанхуй бүдүүлэг дээр нэмээд оюуны хомсдолтой аваас шулаачийн хоол болох зам шулууддаг. Оюуны хомсдол уг нь эмгэг бус оюуны “хоцрогдол” юм.

Цааш “хомсдол” гэж бичье. Хөдөлгөөн дутвал булчин сулардаг, сэтгэмж дутвал тархи үхэждэг. Монголын хөгжлийг саатуулдаг “үнэт зүйлс” нь үхэжсэн тархинууд. Хоорондоо хэрэлдэж зодолдоод том төслүүдээ гацаадаг ертөнцийн ганц ид шид бол оюуны хомсдол. Энэ дутагдал Монголд хангалттай. Хамгийн урт хиллэдэг хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс юм олж долоохгүй ядуурах-тархины хомсдол. Хомсдолтой хүмүүсийг инээдэмтэй суртлаар дөрлөн хөтлөх амархан. Гавал нь ажиллагаагүй хүмүүнийг алдагдалд унагаж, ашгийг хаахад түвэггүй. Энэ бол Чөтгөрийн хар хайрцагны бодлого. Эрчим хүчний эх үүсвэр бүү бариул. Нүүрсээр арвин Монгол цахилгаанаа өөрсдөө хангачихвал импортлохгүй бие даагаад үгэнд орохгүй сэхчихнэ. Тиймээс импортын эрчим хүчээ нэм гэж сүрдүүл.

Хомсдолтой толгойнууд хоосон аюулаас их айдаг мухар сүсгийн улбаатай тул дуулгавартай дохилзоно. Нүүрс угаах, шингэрүүлэх, хий гаргах технологийг харанхуй монголчуудад ажиг авахуулалгүй алсын далд нууц удирдлагаар хаа. Нар, салхи, усны эко эрчим хүчний тухай маанагууд сонссон байж таарна. УЦС дэлхийд бол хоргүй, Монголд бол хортой гэж ятга. Ялгааг малын тархитангууд олохгүй төөрнө. Нефть нэрэх үйлдвэр баривал нефтийн шааранд монгол хүн мал хордож хиарна гэж ухуул. “Та нарыг устгаад нутгийг чинь эзлэх дайсны санаа” гэж шордоход ухааны хомсдолтой дүнхүү монголчууд цочирдож шууд үнэмшинэ. Шатахуун, эрчим хүчний хараат байдалд байнга уяхад хомсдолтой тархи маш тохиромжтой. Харин унтаж буй тархи сэрвэл мэхлэгдсэнээ мэдээд эсэргүүцнэ. Сэрээж хэрхэвч болохгүй. Монголчуудын оюуны хомсдол төрөлхийн бус нь ой ухааны олон улсын тэмцээнд монгол хүүхэд залуус түрүүлж буйгаар нотлогдлоо.

Монгол уураг тархи төрөлх чадамжаараа ажиллаад эхэлбэл хар хайрцагны бодлого нурах ойрхныг сануулав. Мал сүрэг нь бие дааж аяндаа үржээд, монгол хүн малаа хариулах, оторлон нүүх зэрэг борон торон амьжиргаанаас өөр тархиа шавхах хэрэгцээ тэдний түүхэнд гарсангүй. Тиймээс тархи нь назгайрчээ. Назгай, амар амгалан толгой ХХ зуунд хялбар хууртсан билээ. Харин хал үзэж хашир сууж буй ХХI зууны монголыг шинэ бурантгаар хөтлөх шаардлага хар хайрцагт тулгарав.

Хүүхдийг хадны мангаагаар айлгадаг бол харанхуй монголчуудыг Хятадын аюулаар айлгахад аманд өөрсдөө ороод ирнэ. Хятадууд хүн амыг чинь уусгаад монголчууд манж нар шиг арилна гэж айлгаад мега төслүүдийг нь бүү хөдөлгө. Барууны хөрөнгө оруулагчдыг “эдийн засгийн алуурчид” гэж итгүүл. Тэгвэл Их хурлын гишүүн-эх оронч онгироо баатрууд нь тэднийг хөөгөөд хавьтуулахгүй.

Баярхаад буй эрдэс баялгаа асар ихээр, хямд тээвэрлэх төмөр зам тавих сэхүүн санааг нь мохоо. Төмөр зам тавибал танк их буугаа ачаад ороод ирнэ гэдэг онигоо хуучирсан. Мөнгө олох хамгийн их баталгаатай Ухаа худаг-Гашуун сухайтын уурхайн 267 км мухар төмөр замыг гацаахын тулд зэрэг зэрэг олон төмөр зам ийш тийш нь тавина гэж мангартуул.

Оюуны хомсдолтой мулгуу монголчууд үүнд итгээд “олон төмөр замтай болох нь” гэж хөөрцөглөнө. Эцэст нь ганц алд ч төмөр зам тавилгүй нүүрсээ үүрээд алцганаг. Хар хайрцагны зарчим ийм. Төмөр замаар их хэмжээний баялаг Номхон далайн боомт хүртэл зөөвөл Монгол огцом сэргэнэ. Мөнгөжвөл оюуны хомсдол илаарших эрсдэлтэй. Тиймээс монголчуудыг бүү мөнгөжүүл. Эдийн засгийг нь дорвитой өсгөх мега төсөл бүрийг царцаа. Чөтгөрийн политикийг Бурхны сургаал гэж биширдэг монгол уламжлалыг бөхөл. Чөтгөрийн заль илрэхээс сэрэмжилсэн мэхээ орчин үетэйгээ уялдуулж ямагт шинэчил. Монгол хүний оюуны хомсдолыг сэдрээх замаар тэднийг өлмийдөө эгүрт сөгдүүл.

Шинжлэх ухаанд тулгуурласан суртал гэхээсээ мухар сүсгээр монголчуудын оюуны хомсдолыг нойл заатал барих боломжийг Чөтгөр хайх болно. Далай ламын монгол хойд дүрээр Хятадыг үргээ.

Монголчуудын оюуны хоцрогдол арилах ёсгүй. Харанхуй тархи гэгээрвэл Чөтгөрт хүндрэл үүснэ. Гэхдээ хомс ухаан авлигад нугасгүй нь Чөтгөрийн гол түшиг. Ард түмэн нь хүртэхээр нүүрлэсэн асар их орлогыг хээл хахууль авсан оюуны хомсдолтой монгол лидер хаах арга сийлэхдээ гаргууд. Хомс ухаанд тийм чадвар нуугдаж үлдсэнд алга ташъя.

Чөтгөрийн нөлөө энэ буурай оронд тууштай хадгалагдах ирээдүй Ерөнхийлөгчийн сонгуулиар дархлаажих учиртай. Чөтгөрийн сунтаг шүүлтээр Ерөнхийлөгчийг нь тодруулна. Оюуны хоцрогдол Монгол Улсыг олон арван жил удирдана гэдэгт Чөтгөр эргэлздэггүй. Огт оюун ухаангүй хүмүүс бол Төр засгийн эрхэнд гармагц гэр бүл, үр хүүхэд, ах дүү, хамаатан садангаараа баяжаад, хуримтлалаа оффшорт байршуулж дөнгөхгүй. Улсаа хөгжүүлэх билэг оюунгүй атлаа өөрөө баяжих жижигхэн гавалтай нөлөө бүхий монголчуудыг Чөтгөр гар хурууныхаа үзүүрт ашигладаг. Тэдэнд тавьдаг шаардлага ганцхан. Тэр нь шунал. Оюуны хомсдол дээр нэмэх нь шунал гэж хар хайрцаг тооцож буй.

Чөтгөрийн нүдээр харахад Монгол дампуурахдаа тулжээ. “Хөөрхий Монгол балрах нь” гээд том төслүүдийг нь хөдөлгөж хэрхэвч болохгүй.

Чөтгөр чөтгөрийнхөө араншингаар цаашид том төслүүдийг нь гацаах геополитикоо хатуу баримтална. Түүхий эдийн экспортоосоо унасан жаахан ашгийг шатахуун, эрчим хүчний импортод залгиулаад хоосон хоцорч л байг. Тэгэх тусам тэнхээгүй орныг хянах нөхцөл бүрдэнэ.

Үйлдвэр, бүтээн байгуулалт, жижиг дунд бизнесээ дэмжих мөнгөгүй төр засаг нь гуйлга гуйгаад муухай царайлж л сууг. Мал сүргээ эрүүлжүүлж чадвал махаа зараад мөнгөтөй болчихно. Тиймээс био комбинатдаа вакцин үйлдвэрлэх төслийг сэм гацааж, малын өвчин гарсан үнэн худал мэдээг байнга цацаж, хулхи вакцинаа ихээр шахах замаа зас. Энэ бүгд Чөтгөрийн нөлөөнд удаан автах үзүүлэлт. Дэд бүтцийн ямар ч өвгүй нүцгэн хээр тал нь тэр чигтээ хэвээр оршиг. Газар дор 2-3 км-ийн гүнд орших ашигт малтмалаа ухаж аваад панз үсэргэе гэхэд төмөр хүрз импортолдог улс. “Лай ч байна, зай ч байна” хэмээн Чөтгөр олзуурхав.

Түүний хар хайрцагны бодлого өд мөддөө нугаршгүй цартай. Чөтгөр бол чөтгөр. Чөтгөр бурханд хувирахыг хүлээх үү, эсвэл эцэг эхээс заяасан монгол уураг тархиа сэрээх үү? Далан жил дээвэргүй шоронд түгжигдсэн даржин эдийн засагтай, цөөхөн хүн амтай хоцрогдсон Монгол Улс хөгжөөсэй гэж даян дэлхий дэмжих ахуйд монголчуудын заяа үнэхээр их аваас сэргэх цаг морилох байгаа бурхан минь.

Төрийн соёрхолт, СГЗ, зохиолч Ц.ДОРЖГОТОВ

Categories
мэдээ нийгэм

Галд шатдаггүй, тэсгим хүйтэнд хөлддөггүй “Усны баавгай”

Антарктидын далайн гүнд амьдардаг, шинжлэх ухаанд бүртгэгдээгүй байсан шинэ төрөл зүйлийн “Усны баавгай”-г эрдэмтэд 2005 оны үед илрүүлсэн юм. Хэмжээний хувьд баавгайтай адилтгаж боломгүй ч төрх байдал, хөдөлгөөн нь баавгайтай төстэй учир “Усны баавгай” гэж нэрлэж байгаа юм. Шинжлэх ухааны нэршил нь Tardigrades буюу Тихоходка. Тихоходка тэмтрүүлийн үүрэг бүхийн найман хөлтэй, 0.5-1.5 мм урттай, тод улбар шар өнгөтэй, зөөлөн бүрхүүл бүхий хумстай.

Тихоходка буюу “Усны баавгай”-г дэлхий дээрх хамгийн амь бөхтэй, мөнхийн гэмээр долоон организмын нэгд тооцдог. Цельсийн хасах 273-аас нэмэх 151 хэмд амьд байх чадвартай. Мөн цацрагийн нөлөөллөөс дэлхий дээрх аливаа амьтны үхлийн тунгаас 1000 дахин их хэмжээнд тэсэж үлдэж, агааргүй орчин болон ямар ч чийггүй нөхцөлд 10 жил амьдардаг гэхчлэн энэ “Усны баавгай”-н гайхамшигтай, үнэмшмээргүй чадварууд их байна.

Тихоходкаг сүүлийн арав гаруй жил маш нарийн судалж байгаа ч 1773 онд анх ийм амьтан далайн гүнд амьдардаг гэдгийг нээж байсан бөгөөд одоогоор 900 орчим төрлийг нь далайн гүн, өндөр уулс, элсэн цөлөөс илрүүлжээ.

“Усны баавгай”-г Өмнөд туйлын тэсгим хүйтэн, Сахарын цөлд аваачиж, зориуд бэлтгэсэн -273 хэмд, +151 хэмд амьдруулахад ердөөсөө тоосон шинжгүй байсан гэнэ. Энэ чанар нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсан учир “Усны баавгай”-г задгай сансарт 10 хоног ямар ч агаар, ус болон бусад хүчин зүйлгүйгээр өндөр даралтад байлгахад мөн л тэсээд гараад иржээ. Тиймдээ ч энэ бичил амьтан олон мянган жилийн турш далайн гүнд, тас харанхуй орчинд амьдарч, олон удаагийн хүнд шалгарлыг даван туулсан гэсэн үг.

Их Британийн Антарктидийн судалгааны хүрээлэнгийн доктор С.Мак-Иннес “Тихоходкаг микроскопоор харахад алхаж байгаа нь баавгайтай маш төстэй. Конус хэлбэрийн ам, гэрэлд мэдрэмтгий нүдтэй. “Усны баавгай” өндөглөдөг. Хөлнүүд нь ухрах болон аврахад маш сайн зохицсон. Янз янзын өнгөтэй тохиолддог ч түгээмэл өнгө нь улбар шар” гэжээ. Цаг уурын ямар ч өөрчлөлт, цацраг туяанд амьд үлдэх онцгой чадвартай “Усны баавгайг” дэлхий дээр амьд үлдэх хамгийн өндөр чадвартай ба бичил амьтан байх магадлалтай гэдэг таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн юм. “Усны баавгай” далайн гүнд 75 мянган атмосферийн даралтан дор амьдардаг. Гэтэл ихэнх бичил биетэн гурван мянган атмосферийн даралтад л амь тавьдаг.


Categories
мэдээ цаг-үе

“Жаазтай сонин”-гийн түүх

Дөрвөн сурагч тагнуулчийг барьсан тухай мэдээлсэн “Пионерская правда” сонины дугаар

Барууны ертөнцөд сэтгүүл зүй үүсээд 200 гаруй жилийн нүүр үзэж байна. Сэтгүүл зүй гэдэг гэдэг нийгэмд хүртээмжтэй мэдээллийн тухай ойлголт аж. Сэтгүүл зүйн анхдагч нь цаасан хэвлэл буюу сонин. Харин түүний удаах дүү хэрэгслүүд нь радио, телевиз. Өнөөдөр дээр нь нийгмийн цахим сүлжээ мэдээлэл түгээх томоохон хэрэгсэл болжээ. Гэхдээ нийгмийн цахим сүлжээг сэтгүүл зүй гэхээс илүүтэй мэдээлэл дамжуулах, үзэл бодлоо илэрхийлэх талбар гэж үзэх нь нэмэгдэж байна. Зарим орнуудад цахим мэдээллийн хэрэгслийг шүүхийн баримт гэж үзэхээс татгалзаж байгаа гэнэ. Тэр бүү хэл телевизийн бичлэг ч нотлох баримт болох нь эргэлзээтэй болж байна. Үнэн хэрэгтээ мэдээллийн хэрэгслээс цаасан сонин л шүүхийн өмнө сэтгүүл зүйн баталгаатай баримтад тооцогдох нь. Энэ бол хууль эрх зүйн хүрээнд сонин хэрхэн зөвшөөрөгдөж байгаа асуудал. Гэтэл барууны ертөнцөд 100 гаруй жилийн өмнөөс сониныг хувь хүн, компаниуд өөрсдийн нэр хүнд, зэрэг зиндаагаа тодорхойлох хэрэгсэл болгон ашиглаж иржээ. Нэр хүндтэй томоохон сонинуудад өөрийн сурталчилгааг байршуулах нь тухайн үедээ сурталчилгаа болдог боловч хожмоо ашиг орлого, нэр хүндийн баталгаа болсон түүх барууны ертөнцөд цөөнгүй байдаг гэнэ. Энэ удаа бид хамгийн үнэд хүрч анхаарал татсан зарим жаазтай сонинуудын түүхийг хүргэж байна. Жишээлбэл, 100 шахам жилийн Английн их зам дээрх нэгэн тосгоныг бяцхан зоогийн газарт тухайн үеийн алдарт дээрэмчдийн толгойлогч хооллож байгаад баригдсан гэнэ. Дээрэмчин шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Зоогийн газрын шарсан тахиа амттай байсан тул тус зоогийн газрыг эрсдэлээс айхгүй сонгосон” хэмээн мэдүүлжээ. Англи даяар шуугиулсан энэ шүүх хурлын дараа тухайн зоогийн газрын захиалга эрс нэмэгдэж, асар хурдан томорчээ. Зоогийн газрын эзэн өнөөх дээрэмчнийг шүүсэн мэдээтэй сониноо хамгийн том танхимдаа үнэтэй жаазанд хийж, ханандаа өлгөөд зогсохгүй мэдээлэл хийсэн сониндоо багагүй хэмжээний хандив өргөсөн гэдэг.

Сталины Үндсэн хуулийн баярыг мэдээлсэн “Учительская газета” сонины дугаар

Бас нэг жишээ бол дэлхийн II дайны үеэр оросууд өмнөх жилүүдээс арав дахин их хэмжээний сонин хэвлэж, фронтод болон ар талд ажиллаж байгаа иргэддээ үнэгүй тарааж байсан. Түүн дотроо өсвөр үеийнхээ ч ухамсар, суртахуунтай байлгах талаар багагүй анхаарч байсан гэдэг. Тухайн үед сургуулийн насныханд зориулсан “Пионерская правда” гэдэг сонин байсан. Энэ сонины I нүүрний дээд баруун талд дөрвөн сурагч Германы тагнуул барьсан тухай мэдээ зурагтайгаа гарчээ. Эх орны дайны хажуугаар дажин гэдэг болж Орос орны гүнд хулгай, дээрэм нүүрлэж байсан үе. Харин дөрвөн сурагч Германы тагнуулчийг биш, хамтралын агуулахаас буудай хулгайлж байсан өвгөнийг л барьсан байдаг. Энэ мэдээллийн ачаар мэдээлэлд дурдагдсан сурагчид насан туршдаа сайхан амьдарсан аж. Энэ тухай нэг сурагчийн эгч нь сэтгүүлчид ам алдсанаар энэ хэрэг нэг олны анхаарал татаж байгаад намжжээ.

1989 онд Берлиний хана нурж хоёр Герман нэгдэхэд социалист Германы өмчийг нэг дойч маркаас эхлэн дуудлага худалдаанд оруулан хувьчилжээ. Гэхдээ эхний ээлжид тухайн хувьчлах байшин хэн нэгний хувийн өмч байсан бол үнэгүй өмчлөх эрх үүснэ. Өмчлөх эрх үүсэхэд дайнаас өмнө тухайн барилгыг өмчилж байснаа батлах эх, эцэгтэйгээ байшингийн дэргэд авахуулсан фото зураг байхад хангалттай. Түүнээс илүү баталгаа нь дайнаас өмнө хувийн өмч байсныг батлах сонин дээр гарсан мэдээ. Жишээлбэл, ноён Хансын тийм байранд хүлээн авалт боллоо, ноён Мюллерийн байрны гадна осол гарав, ноён Шройдер хүүгийн хуриманд тэр байшинг худалдан авч өглөө, хатагтай Меркелийн тэр байшинд гал гарчээ гэсэн байвал өв залгамжлагч нь залгамжлах эрхээ нотолсоноор шууд өмчийн эзэн болж байсан байна.

Барууны орнуудад үе дамжсан бизнес эрхлэгчид 100 жилийн өмнө томоохон сонин дээр гарсан рекламаа өөрийн нэр төрийн баталгаа болгон олон нийтэд харагдахуйц газар байрлуулдаг байв. Барууны ертөнцөд хуучин сонины сонины худалдааны бизнес эртнээс хөгжсөн байдаг. Харин энэ бизнес сүүлийн үед манайд хойд хөршид хөгжиж байна. Хамгийн үнэд орж байгаа нь эх орны дайны үеийн дугаарууд гэнэ. Хуучин сонины тухай мэдээллийн дор чанартай хадгалсан тэр сонины тэдэн оны дугаарыг тийм үнээр зарна, тус дугаарт тийм мэдээлэл орсон гэх сэтгэгдлүүд цөөнгүй байна.

ЗХУ-д улсад хамгийн олон хувиар зарагдсан сонины тоонд 1938 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр гарсан төрийн төв хэвлэлүүд. Тус сонины гол мэдээ нь Сталины хийсэн Үндсэн хуулийн баярын тухай мэдээлэл. Хэлмэгдүүллийн оргил үе байсан учраас бараг насанд хүрсэн хүн тус сонинуудаас аль нэгийг авсан гэдэг. Энэ дугаарыг Оросын бөглүү тосгодод очсон анхны албан ёсны мэдээлэл гэж үзэх нь ч бий. Олон хүн хэлмэгдлээс айж тус сонинг хоймортоо жаазалж өлгөсөн байсан гэдэг. Харин дуучин Нарагийн байгуулсан тансаг зоогийн газрыг манай сонин сурвалжилга юм. Орчин цагийн сэргэлэн, жавхаалаг энэ эмэгтэй өөрийн зоогийн газрын сурвалжлага гарсан энэ дугаарыг өнөөдөр олны нүдэнд өртөхүйуц газар байрлуулсан байна. Энэ мэтээр цаасан сонинг бизнесийн нэр хүндээ өсгөж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг манай сонин олон нийтэд олгож байгаа юм.

Мөн дэлхийд шуугиан тарьсан сонины дугаарууд байдаг. Эдгээр сонинууд өнөөг хүртэл хадгалагдаж түүхийн баримт, судалгааны томоохон талбар болсоор иржээ.

Вьетнамын дайны хохирлыг зарласан “Вашингтон пост” сонины дугаар

ВАШИНГТОН ПОСТ сонины нэгэн дугаарт АНУ-ын улс төрийг хөмрөх шахсан мэдээ байдаг. Энэ дугаарыг тухайн үеийн сөрөг хүчин маш томоор хэвлэн тарааж ялалт байгуулжээ. Хүйтэн дайны үеийн хамгийн удаан үргэлжилсэн нь Вьетнамын дайн билээ. 1973 оны нэгдүгээр сард энхтайвны гэрээ байгуулсан ч дайн зогсоогүй аж. Эцэст нь 1975 онд Хойд Вьетнам өмнөд Сайганыг эзэлснээр дайн дууссан юм. Дайны улмаас 3-4 сая вьетнам, хоёр сая гаруй лаос, мөн 60 мянга гаруй америк цэрэг амь үрэгдсэн талаар мэдээлсэн юм.

Титаникийн сүйрлийг зарласан “Нью йорк таймс” сонины дугаар

Мөн НЬЮ ИОРК ТАЙМС 1963 оны наймдугаар сарын 29-ны дугаарт юу өгүүлснийг дуулгая.

АНУ-ын түүхэнд хамгийн их хүн цугласан цуглаан 1963 оны наймдугаар сарын 29-нд болжээ. 1963 онд Алабама мужийн Бирмингем хот арьс өнгөөр ялгарварлан гадуурхах хүчирхийллийн голомт болсон байлаа. Энэ нь өнгөт арьстануудын төлөө тууштай тэмцэгч Мартин Лютер Кинг болон түүний нөхдөд тэмцэл хийх боломж гаргаж өгсөн юм. Тэмцэл улам өргөжсөөр наймдугаар сарын 29-нд Мартин Лютер Кинг “Би мөрөөдөж байна” илтгэлээ 200,000 хүний өмнө тавьсан юм. Энэ дугаар АНУ-ын арьсны үзлийг устгахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй, тухайн дугаарын зарагдах үнэ хэд дахин нэмэгдсэн нь дахин хэвлэх эсвэл хуулбарлаж тараах ажил ундруулж байсан гэдэг.

Мартин Лютер Кингийн арьсны өнгөөр ялгаварлахыг эсэргүүцсэн цуглааныг мэдээлсэн “Нью йорк таймс” сонины дугаар

НЬЮ ИОРК ТАЙМС 1912 он дөрөвдүгээр сарын 15-ны дугаар

Далайн аяллын түүхэнд хамгийн их хохирол учирсан хэрэг бол Титаникийн сүйрэл юм. 1912 оны дөрөвдүгээр сарын 14 Атлантын далайд 1200 гаруй хүн осолдсон юм. Хөлөг дээр нийт 2208 хүн байсан гэдэг тоо бий. Титаник мөсөн уултай мөргөлдсөнөөс хойш дөрвөн цагийн дараа живсэн юм. Энэ үйл явдал нь тухайн үед дэлхийг цочроосон үйл явдал болж байлаа.

Энэ мэтээр жаазтай сонин хувь хүн, албан байгууллагын нэр хүнд ашиг орлогыг нэмэгдүүлдэг төдийгүй дэлхийн олон чухал үйл явдлын гэрч болон үлддэг байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын геологи, хайгуул-2018” арав дахь удаагийн чуулга уулзалт болж байна

Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар “Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалт 2018 оны 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг чуулга уулзалтыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын арга хэмжээнд УУХҮ сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, Японы ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямашита Акихито, Английн ЭСЯ-ны Уул уурхай дэд бүтцийн захирал А.Элбэгсайхан нар болон орон нутгийн төлөөллүүд оролцлоо.

“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, региональ болон ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, орон нутаг, элчин сайдын яамны илтгэлүүд тавигдахаас гадна “геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд хайгуулын болон хайгуулаас олборлолтод шилжих шатны хөрөнгө оруулалт болон технологийн хамтрагч хайж байгаа төслүүдээ танилцуулах “Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт”-ыг чуулганы 2 дахь өдөр зохион байгуулах юм.

Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, ашигт малтмалын орд газруудын эрэл, хайгуулын ажлыг хийж, нөөцийг нэмэгдүүлсэн ажлын үр дүн, улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Хайгуулын шилдэг баг”-аар, мөн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэж, үр дүнгийн тайлан бичиж хамгаалсан хамт олныг ажлын амжилт, бүтээлээр нь “Зураглалын шилдэг баг”-аар шалгаруулж, шагналыг гардуулна.

Энэ үеэр Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, төслийн үзэсгэлэнгээс гадна “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулах бол чуулга уулзалтын дараа буюу 3 дахь өдөр “Алтны эпитермаль ордын геологи загвар, эрэл хайгуулын арга аргачлал”, “Зайнаас тандан судлах арга, аргачлалыг геологи хайгуулд хэрэглэх нь” гэсэн сэдвүүдээр Монгол Улсын их сургуульд Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн 8 модул оноо бүхий сургалт явагдах аж.

Чуулга уулзалтын хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Монгол Улсын гавъяат багш Д.Чулуун, доктор С.Хишигсүрэн нар удирдан явуулах бөгөөд Улаанбаатар хот орчим, Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын 610 дуудлага бүртгэгдсэн байна

цагдаагийн дуудлага зурган илэрцүүд

Гуравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 868 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс зам тээврийн ослын 610 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 34 хүн гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд, орон нутагт 2 хүний амь нас хохирчээ.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 3 жолооч, 3 явган зорчигч зам тээврийн осолд холбогдож, өртсөн байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 23 осол, мөргөлдөх хэлбэрээр 28, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа, байшин мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 30 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 37 хувиар, гэмтсэн хүний тоо 11 хувиар буурчээ.

Бүртгэгдсэн осол хэргээс дурьдвал:

  • ЧД-ийн нутаг Доод салхитын замд T.Landcruiser-100 маркийн автомашины жолооч нь Б нь өөрийнхөө хашаанд өөрийнхөө гэрийг мөргөж, гэрт байсан хүүхэд болох 6 настай Б-г мөргөж гэмтээсэн,
  • Дорнод аймгийн нутаг Өндөр хошуу гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай О-н амь нас хохирсон хэрэг тус тус гарчээ.

Мөн гуравдугаар сарын 22-ны өдөр СБДЗЦХ-ийн алба хаагч нь ЧД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, М нарыг 19-22 насны эрэгтэй И,О нар нь заазуур тулган дээрэмдэж байсан хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн таслан зогсоож, одоо шалгалтын ажиллагаа хийгдэж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүд хөрөнгө оруулагчдад таатай онцлог давуу талаа сурталчлав

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт Багануур дүүрэгт боллоо.
Бизнес уулзалтыг тус дүүргийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан МҮХАҮТ, Багануур Үйлдвэр технологийн парк, “Багануур” ХХК, “Монхимо” ХХК зэрэг компани хамтран зохион байгуулж буй аж. Дүүргийн хөгжлийн үндэст тулгуурлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж мэдээ мэдээллээр хангах, хамтрах ажиллах боломж нөхцөл болон дүүрэгт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм.
Анх удаа зохион байгуулж буй бизнес уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайд, тэдний төлөөлөгчид оролцов. Уулзалтаар Багануур дүүргийн хөгжлийн чиг хандлага, цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга мэдээлэл хийв.

Багануур дүүрэгт 241 аж ахуйн нэгж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 35, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 14, эмийн үйлдвэрлэл 1, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 190, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр 1 компани тус тус үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв энэ онд 31 байгууллагатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шинээр байгуулсан нь өмнөх оноос 12 байгууллагаар өссөн байгаа юм.
Нийслэлийн дүүргүүдээс анх удаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад таатай боломжийг олгосон, онцлог давуу талыг сурталчилсан үр өгөөжтэй уулзалт боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн тухай уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, НЭЗ-н хүрээнд нийслэлд хэрэгжүүлж байгаа ажлын явц үр дүнгийн талаар санал солилцох, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх зорилготой “Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн тухай” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэл Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нар, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Монгол Улсын хүн амын 33 хувийг 0-18 насны хүүхэд, гуравны нэгийг 18-35 насны залуус эзэлдэг гэсэн тоо баримт бий. Сүүлийн жилүүдэд хүн амын төрөлт нэмэгдэж, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо тогтвортой байгаагаас шалтгаалан нийслэл хотын хүн амын өсөлтөд ердийн өсөлтийн эзлэх хувийн жин жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Дүүрэг бүрт Залуучуудын хөгжлийн төвийг байгуулан тус бүр 3 албан хаагч нийт 27 хүний ажлын байр бий болгон цалин, үйл ажиллагааны тодорхой төсвийг шийдвэрлэсэн нь тус салбарт өмнө нь байгаагүй төсөв санхүү батлагдлаа.

Төсөв санхүүг дагаж хариуцлага, сахилга бат үргэлж дагалдаж байдгийг эрхэм төсвийн ерөнхий менежерүүд бодолцон өөрсдийн төлөвлөсөн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхийг ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр оролцогчдод санууллаа. Мөн хүүхдийн хамгаалал, залуучуудын хөгжил, гэр бүлийн асуудлаар 2018 онд нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтод туссан үйл ажиллагааг хороо, дүүрэг, нийслэлд үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх ажлын үр дүн, уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.