Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ын баримтаа өнөөдөр 23:59 минутаас өмнө бүртгүүлээрэй

Холбоотой Зураг

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн хоёрдугаар сарын 01-28-ны хооронд худалдан авалт хийж, өнөөдөр 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдана. Тиймээс дээрх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудаа өнөөдөртөө багтаан бүртгүүлснээр та сугалаанд оролцох боломжтой юм.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын

  • найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
  • долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
  • зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
  • таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
  • дөрвөн орон тохирсон бол та 200 мянган төгрөг,
  • гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм.

Харин супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 75 сая төгрөг хожих боломжтой юм байна. Сугалааны тохирлыг маргааш 19:30 цагт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Categories
мэдээ спорт

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад хурдан морины уралдаан зохиохгүй байхыг үүрэг болгов

hurdan mori

Сүхбаатар аймгийн зарим суманд энэ сарын 24-25-нд хурдан морины уралдаан зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Дээрх мэдээллийн дагуу Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.03.23) Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүрэг өгчээ.

Шадар сайд Ө.Энхтүвшинээс өгсөн үүрэгт “Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааныг энэ оны зургадугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгож байна” гэжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл, дээр дурдсан гурван аймгийн хоёр аймгийнх нь зарим суманд малын гоц халдварт шүлхийн тохиолдол илэрч, өвчний голомт тэмдэглэгдээд байгаа юм.

Categories
мэдээ спорт

“Их Эе” хуралдаан болж байна

Холбоотой Зураг

Монголын Үндэсний бөхийн холбооны VIII дахь “Их Эе” хуралдаан өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд 10:00 цагаас эхэллээ. Энэ удаагийн хуралд дэг жаягийнхаа дагуу нийт 200 төлөөлөгч оролцдог юм. Гэвч бидэнд ирсэн мэдээллээр Х.Баянмөнх, Г.Өсөхбаяр аваргуудад хурлын мандат олгохгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Уг нь МҮБХ-ны журмаар “Их Эе” хуралдаанд аварга, арслан, гарьд, заанууд цолтонгууд ямар нэгэн сонгуульгүйгээр бүгд орох ёстой байдаг юм.

VIII дахь “Их Эе”-ийн өмнө олон маргаантай асуудал гарсан. Хуралдаан болохын өмнө буюу өнгөрөгч лхагва гаригт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Бөхийн өргөөнд очиж, “Их Эе”-ийг хуралдуулахгүй гэсэн шүүхийн шийдвэрийг Холбооны тэргүүн Р.Нямдоржид гардуулж өгөхийг хүссэн. Үүнээс болж, Бөхийн өргөөнд үймээн гарсан. Учир нь “Их Эе”-ийг зохион байгуулахтай холбогдуулан тус холбооныхон дотоод ажилтай хэмээн хаалгаа түгжсэн нь шүүхийн шийдвэрийн алба хаагчдын хаалга эвдлэн ороход хүргэсэн талаарх мэдээллийг бид өмнө хүргэж байсан.

Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хурал 2002 онд болох үеэр дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд тухайн үед эсэргүүцэн хурлыг орхиж байв. Үүнээс хойш 2006 онд болох байсан хурал шүүхийн маргааны улмаас тасалдаж, 2010 онд VI хурал болсон түүхтэй. Харин 2014 онд маргааны улмаас “Их Эе” VII хурал зохион байгуулагдаагүй юм.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд хамгаалал-Хууль бидний амьдралд” өдөрлөг боллоо

Зураг

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас “Хуулийн хэрэгжилт” арга хэмжээний хүрээнд архидан согтуурахыг бууруулах, түүний хор уршгийг таниулах, хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхэд хамгааллын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Хүүхэд хамгаалал-Хууль бидний амьдралд” өдөрлөгийг өчигдөр боллоо.

Өдөрлөгийн хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Зөрчлийн тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хүрээнд Есөнбулаг сумын найман багийн 100 гаруй эцэг эхэд сургалт мэдээлэл хийж, хууль, эрхзүйн зөвлөмж бүхий гарын авлага, зурагт хуудас тараасан байна.
Мөн иргэдийн дунд “Хамтдаа” танин мэдэхүй, асуулт хариултын тэмцээн зохион байгуулсанаас тэргүүн байрт “Харзат” багийн иргэд, дэд байрт “Индэрт” багийн иргэд, гутгаар байрт “Харзат” багийн иргэд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ.
Энэхүү арга хэмжээг аймгийн “Гэр бүл, хүүхэдз алуучуудын хөгжлийн газар”, “Дэлхийн зөн Монгол ОУБ”-ын Говь-Алтай аймгийн ОНХХ-тэй хамтран зохион байгуулсан юм.
Categories
мэдээ нийгэм

Мотоциколын хулгайгаас сэрэмжүүлэв

мотоцикол хулгай зурган илэрцүүд

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас урин дулаан цаг ирж иргэдийн мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул иргэдийг ил задгай мотоциклио орхихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүллээ.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 63 мотоциклийн хулгай Цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Иргэд олон нийтийн газраар явахдаа мотоциклио эзэнгүй орхидог, түгжээ байдаггүй зэрэг нь амар хялбар аргаар унаатай болох мотоцикль хулгайлах гэсэн иргэдийн өгөөш болдог гэнэ. Цаашид иргэд мотоциклио унадаг дугуй шиг түгждэг болох, олон нийтийн газарт хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн газраас ард иргэдэд анхааруулж байлаа.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр “Эх дэлхийн цаг”-т нэгдэнэ

ЗурагӨнөөдөр 20.30-21.30 цагт Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг”-т нэгдэх үйл ажиллагаа болно.
Энэхүү арга хэмжээг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Байгаль орчны газар, “Зориг сан”,” Байгаль орчны манлайлагчид” ТББ, Ариг банк хамтран хэрэгжүүлнэ. “Эх дэлхийн цаг” хэмээх 60 минутыг жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн бямба гарагт дэлхий гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэж, эх дэлхийгээ хайрлах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Сүхбаатарын талбайд болох “Эх дэлхийн цаг” хэмээх үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэ үеэр амьд хөгжмийн хамтлагууд, бүжигчид, “Universebest songs”-ийн залуу дуучид, “АСА” циркийн жүжигчид оролцож уран бүтээлээ толилуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, зөвхөн лаа гэрэлтүүлнэ.

Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд ийнхүү нэгдэнэ. Мөн өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэрвээ та арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т нэгдэж болно.

Дашрамд сонирхуулахад, Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх дэлхийн цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраасан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2017 онд дэлхийн 187 орны 5251 хотын 3 тэрбум 500 сая хүнийг хамруулжээ. Мөн Дэлхийн алдартай газрууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромын Колоссейн театр, Тайм талбай, Торонто дахь CNN цамхаг энэхүү уриалгыг дэмжиж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв. Д.Өлзий

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн дөрвөн цэгт ариутгал, хяналтын пост ажиллаж байна

ЗурагХөвсгөлийн хөрш зэргэлдээ аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 4 цэгт ариутгал, хяналтын постыг 24 цагаар ажиллуулж байна.
Тус аймгийн Тариалан сумын Намнангийн ард том оврын ачааны автомашинаас бусад авто машиныг ариутгах ариутгалын цэг, Их-Уул сумын Дөрөө хангинадагийн хөвдөг гүүр, Тосонцэнгэл сумын Сацын булангийн гүүр, Рашаан сумын Тохойн дөрөлж гэдэг дөрвөн газарт байнгын ариутгал хяналтыг хийж Хөвсгөл рүү орж байгаа иргэд тээврийн хөдөлгөөний бүртгэлийг тогтмол хийж байна.
Гэвч иргэд хяналтгүй газраар хулгайгаар зорчих, мал, өвс тээвэрлэх гэсэн зөрчил дутагдал гарч байгаа учраас малын гоц халдварт өвчингүй эрүүл бүс нутгаа хамгаалахын тулд мэргэжлийн байгууллагуудаас гадна малчид, иргэд сонор сэрэмжтэй байж Онцгой комиссоос гаргасан албан даалгаврыг биелүүлэх шаардлагатай байгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

​Францад болсон халдлагын улмаас 16 хүн шархдан, 3 хүн амиа алджээ

Францын өмнөд хэсэгт болсон цуврал халдлагын улмаас 16 хүн шархдаж, 3 хүн амиа алдсан тухай Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.

Энэ сарын 23-нд буюу өчигдөр Францын Каркасон болон Треб хотод болсон тус халдлагыг Каркасоны оршин суугч, 26 настай Редуан Лакдим гэгч этгээд үйлджээ. Террорист этгээдийг цагдаа нар устгасан байна. Гэмт этгээд хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхины наймаа эрхэлдэг байсан тухай мэдээлэл тус улсын ДХЯ-нд байжээ. Телевизийн “Sky News Arabia” сувгийн мэдээлснээр, Францад болсон халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.

Францын ДХЯ-ны мэдээлснээр, террорист этгээд эхлээд Каркасон хотоос машин хулгайлжээ. Ингэхдээ тэрбээр машин дотор байсан хоёр хүн рүү гал нээсний улмаас нэг хүн амиа алдсан байна. Улмаар гэмт этгээд хулгайлсан машинтайгаа Треб хотыг зорихдоо, замд нь таарсан цагдаагийн ажилтнууд руу гал нээжээ. Треб хотын их дэлгүүрт тэрбээр хүмүүсийг барьцаалж, гал нээсний улмаас дахин хоёр хүн амиа алдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

1.Чулуутын гол

Image result for Чулуутын голХангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.

Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с ,усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.

2. Хоргын тогоо

Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн төвшинөөс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий.

3.Тэрхийн цагаан нуур

Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүссэн цэнгэг уст нуур юм. Урт нь 16 км, өргөн нь 4-10 км, 61 ам дөр.км талбайтай, Гүн нь 20 гаруй метр, д.т.д 2060 м өндөрт оршино. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Дундуур нь гол урсдаг бөгөөд Суман гол гэсэн нэртэй

4.Суварга хайрхан уул

Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Энэ уулыг галт уулын гаралтай гэж үздэг. Энэ хайрхан нь Завхан аймагт байдаг Отгонтэнгэр хайрхантай өөд өөдөөсөө харсан байдаг. Хайрханы суга бэлээр адуу мал бэлчиж, өвс ногоо сайхан ургадгийн дээр суга бүхэн нь алт мөнгө зэрэг эрдэс баялгаар арвин байдаг. Тийм учраас бусдын гарт эвдүүлэхгүйн тулд Төрийн тахилгат хайрхан болгосон. Нөгөө талаас энэ хайрхан усны ундарга, усны эцэг болсон хайрхан ажээ. Тамирын гол, Цэнхэрийн гол, Орхон голын эх болсон уул хэмээн нутгийн иргэд ярьдаг. Хэрвээ байгалийн зүй тогтоцыг алдагдуулбал баруун зүгийн амйгууд нь усгүй болох аюул нүүрлэнэ гэж үздэг. Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт мөнгө шидэн ирээдүйн амьдралаа даатгадаг байна. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор 8 километрийн бартаатай зам туулдаг. Нууранд нь хүрэх амаргүй боловч зорьж очсон хүний хэрэг зориг бүтдэг хэмээх домог бий.

5.Тамирын гол

Хангайн нурууны салбар Гурван ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсдаг. Хойд, урд Тамир голууд нийлж Тамир гол нэртэй болно. Энэ нь заримдаа Гурван тамир гол гэж нэрлэгддэг. Урд Тамир гол 165 километр урт, дээд хэсэгтээ Хошгот, Архошгот голуудыг нийлүүлэн авч урсдаг. Хойд Тамир голын урт 180 километр,нь дээд хэсгээрээ эгц хажуу бүхий нарийн хөндийгөөр, унал ихтэй, хурдтайгаар урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Тамир голын хөндий доошлох тусам өргөснө. Голын өргөн нь 40-70 метр, гүн нь 2-3 метр, урсгалын хурд нь 2 метр секунд байдаг. Хоёр Тамир гол нийлж 52 километр урсаад Орхон голын зүүн гарт цутгадаг. Тамир голын ус цуглуулах талбай нь 13100 хавтгай дөрвөлжин километр. Тамир гол түргэн урсгалтай уулын гол бөгөөд хур борооны үед усны төвшин богино хугацаанд огцом дээшилж, түргэн татардаг. Хоёр Тамир гол нийлсэн бэлчирээс доошхи голын хөндийгөөр улиас, бургасан шугуй шигүү ургасан байдаг. Өвөлдөө ёроолгүй бүрэн хөлддөг.

6.Булган уул

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн. Булган уул нь урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог.

Булган уул нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургана.

Булган уул нь хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй Цэцэрлэг хотод ойрхон байдаг учир ан амьтад нь дүрвэн зайлсан байдаг. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен солонго, чоно, туулай зэрэг амьтад мэр сэр үзэгдэнэ. Ятуу хөтүү, бүргэд, ууль, шар шувуу, харцага зэрэг жигүүртэн шувууд бий.

7. Тайхар чулуу

Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII–IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж (Хар эрэг)-тэй, харалдаа ард нь Тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай (Улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь Тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдөрийн Тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.

8. Хар балгас

МЭ YIII-IX зуунд оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду-балык буюу Хар балгас хэмээх Монголын төдийгүй дэлхийн түүх соёлын үнэт өв-их хотын үлдэгдэл нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд бий.

Энд Уйгурын хааны төрийн өргөө, төрийн яамд, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм бүхий 25 орчим км үргэлжилсэн их хот байсныг судлан тогтоосон байна. Хар балгас хот нь төдийлөн удаан оршин тогтнож чадалгүй 840 онд Киргизүүдийн дайрантанд өртөн түймэрт шатаж,сүйдсэн ажээ.

9. Билгэ хааны цогцолбор

Билгэ хааны цогцолбор Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ.

Билгэ хаан болон Культегины эдгээр цогцолбороос шавар сав, төмрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур зэрэг 2000 орчим эд өлгийн зүйл олджээ. Вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал болдог. Чулуун хашлага бүхий дөрвөлжин булшны ор олдсоныг судлаачид жинхэнэ булш биш харин эзний оршуулгыг бэлгэдэн хийсэн зан үйлийн шинжтэй гэж дүгнэжээ. Хүн хөшөөд нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, хувцас хэрэглэл, гоёл чимгийг бодитойгоор илэрхийлжээ. Хөшөө цайдмын эдгээр дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол улс 20.8 км.кв талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт машин тоног төхөөрөмж гардууллаа

Зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээр орж өвчтнүүд болон эмч ажиллагсдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонслоо. Энэ үеэр Увс аймгийн Эрүүл мэндийн газарт Hunter маркын автомашин, халдваргүйжүүлэх автоклап, Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвд пургон маркын машин зэргийг хүлээлгэн өгсөн юм.

Дараа нь “Ойрад” театрт ард иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Увсынхан хүнээс юм гуйгаад байдаггүй их хөдөлмөрч ард түмэн” хэмээн онцоллоо. Ерөнхий сайд болон түүний бараа бологсдоос асуулт асуух гэсэн ард иргэдийн цуваа тасралтгүй үргэлжилсэн бөгөөд ихэвчлэн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, эдийн засагтай холбоотой асуултууд голлож байлаа. Тэрчлэн бензин шатахууны үнэ өссөн, ажилгүйдэл ядуурал нэмэгдсэн, банкны зээлийн хүү өндөр байгаа, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй болсон зэргийг Увсынхан Ерөнхий сайддаа дуулгасан юм. Мөн Увс аймгаас Улаанбаатар хот руу зорчиход Завхан аймгийн Сонгино, Нөмрөг сум хоорондын зам бартаатай байгаа тул нэн яаралтай хатуу хучилттай болгож өгөхийг хүслээ.
Ерөнхий сайд танхимынхаа зургаан сайдтай буюу бараг 50 хувийг нь алс баруун хязгаарт дагуулан ирж ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байгаад Увсын ард түмэн баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Нэн ялангуяа ирэх оны төсөвт 50 ортой хүүхдийн эмнэлэг барих хөрөнгийг суулгаж өгсөнд Увсынхан баяртай байв.