Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн улмаас айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй байна

Шар усны үер зурган илэрцүүд

Сүхбаатар дүүргийн XV-XX хорооны айл, өрх шар усны үерт автсан нөхцөл байдалтай байна. Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айлууд, гудамж талбай шар усны үерт автан, бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй байгаа аж. Мөн далан шуудуу усны урсгалыг даалгүй, эвдэрсэн, авто замд усны хаялга хийгээгүйн улмаас эвдэрч нийтийн тээвэр, том оврын тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, зам сэтэрч, цөмөрсөн зэрэг хүндрэлүүд гарчээ.

Сүхбаатар дүүргийн XVII хорооны засаг дарга Даваацэцэг ярихдаа: XVII хороон 7000 мянгаад хүн амтай, 190 га газартай, 2000 өрхтэй юм. Хорооны нутаг дэвсгэр нь цэвдэг ихтэй газар байршсан. Иймээс нэгдүгээрт айлуудын дундаас булаг ойж гарч ирдэг. Хоёрдугаарт сүүлийн үед дулаарч байна. Ингэснээр цас хайлж зүүн талд байгаа уулын жалгаар шар усны үер бууж энэ хэсэгт төвлөрдөг. Энэхүү шар ус нь айлууд дундуур урсаад доор 52 дугаар гудамж дахь Сэлбэ гол руу холбосон сувагтай нийлдэг. Тэр хүртэл шинэ суваг татах ажил хийгдэж байна. Хойд талын бүсүүд бол намаг, шалбааг ихтэй. Өмнө эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг, хогны машин хүрэх ёстой газраа очиж чадахгүй байх тохиолдол байдаг байсан. Сүүлийн тав зургаан жил хайрган замууд их тавигдсан. Ингэснээр эмнэлэг, онцгой байдлын газар, цагдаагийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдсэн.

-Хэчнээн айл шар усны үерт автсан бэ?

-Доошоо хоёр талаасаа хорь гаруй гудамж байгаа. Тухайн гудамжинд амьдарч байгаа 40 гаруй айлын хашаанд шар усны үерийн ус орсон. Хоёр айлын гэр лүү ус орсон, айлуудын бохирын цооног руу ус орж сагасан. Цооног нь сагасан айлуудын бохирыг соруулах ажил бас хийгдэж байна.

-Гамшгийн үед иргэдийн оролцоо хэр байна?

– Шар усны үер бууснаас хойш нэг ч иргэн гарч ирсэнгүй.Иргэдээ ойлгуулж, ухамсар суулгамаар байна. Онцгой байдлын, гамшгийн үе гэдгээ мэдэхгүй байна. Гамшгийн үед иргэн бүр хүрзээ бариад ажиллах ёстой. Төрийн хэдэн албан хаагчид л ажиллаж байна. Гамшгийн үед иргэн бүр үүргээ биелүүлэх ёстой. Манай хашаанд орж ирээгүй гэсэн байдлаар хандаж болохгүй. Мөн ЕБС-ууд Иргэний боловсролын хичээлийг заах хэрэгтэй. Хүүхэд байхаас нь үер болбол яах ёстой, ямар арга хэмжээ авах юм, газар хөдлөхөд яах вэ гэх мэдлэг мэдээллийг суулгамаар байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ: “Энэ жил эрт дулаарлаа. Ингэснээр шар усны үерт автсан айл 147-д хүрлээ. Ингээд Засаг дарга Х.Болормаагийн захирамжийн дагуу “Өндөржүүлсэн бэлэн байдал”-д ажиллаж байна. Шар усны үерт өртсөн айлууд, гудамж талбай далан шуудууг засварлах, авто замын нөхцөл байдалд мэргэжлийн баг бүрэлдэхүүн үнэлгээ хийж учирсан хохирлыг арилгаж байна. Цаашид үүсэж болзошгүй нөхцөл байдлыг судлан тогтоож хүн хүч техник хэрэгслийн судалгааг гарган холбогдох арга хэмжээ авч, цэвэрлэх тохижуулах, сэргээн засах шинээр бүтээн байгуулах ажлууд өнөөдрөөс эхэлж байгаа юм.

Яаралтай арга хэмжээ авах газруудын нэг болох XVII хороонд үерийн усны бетон суваг татах ажил явагдаж байна. Мөн бидний хүч хүрэхгүй ажил байна л даа. Дүүргийн мөнгө санхүүжилт хүрэхгүйгээс зарим газар хүрч ажиллаж чадахгүй байна. Тухайлбал XVIII хороонд байдал нь хүнд хоёр гурван цэгүүд байгаа. Тодруулбал байгалийн гуй жалгууд нь нийлээд өргөсдөг, урсгалын даац ихэсдэг хэд хэдэн газар байдаг.

Эдгээр газарт маш их хэмжээний ус хуримтлагдаад урсаад ирэхээр, хуучин байсан жижиг гуй, жалгаа сэтлээд айлууд руу үерийн ус нь орсон. Ялангуяа Бэлхийн хуучин эцэс зам талбай руу ус хальж орж ирээд өргөн хэмжээний юм болсон. Энэ мэт олон газар байна. Уг газрууд хайрга буулгах жалгын өндөрлөх зэрэг түр аргацаах ажлуудыг бол хийсэн. Энэ бүхэнд дүүргийн төсөв санхүү хүрэхгүй учраас Нийслэлийн онцгой комисст албан бичиг хүргүүлсэн. Техник технологи болон хүн хүч, үерийн усны суваг байгуулахад тусламж гуйж хүсэлт явуулаад байна” гэв.

Ус зайлуулах төмөр болон бетонон хоолой 111 ширхгийг байрлуулж, 20 гаруй айлын орчимд хайрга, дайрга буулгаж тогтсон усыг соруулах хөрс нягтруулах ажлыг хийгээд байгаагаа онцолж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Биткойн худалдаж аваад мөнгөө алдвал таны хохь болно

-ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА БИТКОЙНЫГ ОЛОН УЛС ДАМНАСАН ЗАЛИЛАНГИЙН ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА-

Сүлжээний бизнес нэрээр хэдэн тэрбум төгрөг иргэдээс залилдаг онц ноцтой гэмт хэрэг дэлхий нийтэд төдийгүй Монголд түгээмэл гарах болсон. Пирамид зарчмаар явагддаг сүлжээний гэмт хэргээс эхлээд цахим төрлийн гэмт хэргүүд шил шилээ даран гарсаар байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллага нэрийн дор “Иргэдийг автомашинтай болгоно, орон сууцжуулна” гэж залилан, 200 гаруй иргэнээс 574 сая 750 мянган төгрөг авсан хэрэг гарсан. Энэ хэргийн хохирогчид УМБГ-ын үүдээр дүүрч, гэмт хэрэгтнүүдээс мөнгөө авах гэж хэд хоног зогсож байв. Харин өнгөрсөн жил Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” сүлжээ гэгдэх гэмт хэрэг гарсан. Уг сүлжээний улмаас 500 гаруй хүн дөрвөн тэрбум төгрөгөөр хохирсон билээ. “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрсөн 2016 оны хоёрдугаар сарын 12-нд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан байдаг. Харин түүний эхнэр их хэмжээний мөнгөө аваад хил даван зугтаасан билээ. Ах, дүү хамаатан садан, ажлын найз нөхдөөс эхлээд маш олон хүн энэ хэргийн хохирогч болж, хүн тус бүр 130 мянгаас 190 сая хүртэл төгрөг өгсөн гэдгээ хууль хяналтынханд мэдүүлсэн байдаг.

БИТКОЙНЫ ГҮЙЛГЭЭГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХАН ШАЛГАЖ БАЙГАА ГЭВ

Тэгвэл өөр төрлийн сүлжээний хэлбэрийн нэгэн гэмт хэрэг Монголд ид хүчээ авч, эхэлсэн бололтой. Одоогоор хохирогч байхгүй гэгдэж байгаа ч гадаадын томоохон бүлэглэл бүхий гэмт хэрэгтнүүдийн оролцоотой биткойн хэмээн нэрлэгдээд байгаа цахим мөнгө нэлээд дэлгэрээд байгаа. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхан “Биткойн гэх цахим мөнгө гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй. Манай улсын томоохон эдийн засагчид болон улстөрч, бизнемэнүүд уг мөнгийг Монголд оруулж ирж, зарим төрлийн гүйлгээнд нэвтрүүлж эхлээд байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд биткойны талаар маш их мэдээлэл зохион байгуулалттайгаар тарааж байна. Эндээс эхлээд хууль хяналтын байгууллагад хяналт шалгалт хийж байгаа. Одоогоор манай улсын амьдралын боломж дээгүүр түвшний олон хүн биткойны хувьцаа худалдан авч, ашиглаж байгаа. Гэхдээ амар хялбар аргаар мөнгө олох боломж байна гэдэг нь цаанаа гэмт хэрэг, хууль зөрчсөн үйлдлийг дагуулж байдаг. Монголчууд сүлжээний бизнест өөрсдөө элсэн орж хохирчихоод дараа нь цагдаа ажлаа хийсэнгүй гэх зүйл ярьдаг. Энэ удаад ч гэсэн биткойнд болгоомжтой сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хэн нэгэн их хэмжээний мөнгөөрөө биткойн худалдаж аваад алдлаа гэхэд хариуцлага хүлээлгэх боломж байхгүй гэдгийг сануулж байна. Өөрөөр хэлбэл биткойн худалдаж аваад мөнгөө алдсан бол таны хохь болно. Хууль хяналтын байгууллага хэргийг шалгасан ч мухардалд орно гэдгийг онцолж байв. Хууль хяналтын байгууллагынхны хэлж байгаагаар биткойн гэдэг нь цахим гэмт хэргийн шинжтэй байгаа ” гэв.

1500 ХҮН БИТКОЙНЫ ДАНС НЭЭЖЭЭ

монголчууд биткойныг сонирхож эхлээд гурван жил болж байгаа ч өдгөө 1500 хүн цахим мөнгөний бирж болох trade.mn-д данстай болж, арилжаанд оролцож байгаа аж. Биткойн цахим мөнгөний талаар Монголд энэ үйлчилгээг эхлүүлж буй www.trade.mn цахим мөнгөний биржийн төслийн зохицуулагч Г.Лхамсүрэн “Биткойн бол блокчейн технологи дээр үндэслэгдсэн цахим мөнгө. Блокчейн технологи нь ил тод, аюулгүй, нууцлалын зэрэглэл өндөр технологи. Биткойн бол санхүүгийн хэрэгсэл, пирамид биш. цэвэр технологи дээр суурилсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл” хэмээн ярьсан. Харин Биткойн.ком сайтын захирал Стерлин Луяан “Биткойноос мөнгөө алдсан тохиолдолд хариуцлага үүрэх ганц этгээд нь тэр хүн өөрөө. ямар нэгэн хандах байгууллага байхгүй. Монголчуудад хандаж хэлэхэд маш их боломж байна. Биткойн хүн бүхэнд зориулагдсан зүйл. Биткойнд том хэмжээний хөрөнгө оруулалт хийж, алдагдал хүлээх хэмжээнд очиж болохгүй. Харин өдөр тутмын амьдралдаа санхүүгийн хувьд эрх чөлөөтэй байх талаас нь ашиглавал зүгээр болов уу. Биткойнд тухайн улсаас нь хууль, эрх зүйгээр зохицуулж, хянах шаардлага байхгүй. Биткойн бол нууцлалын маш өндөр зэрэглэлтэйгээрээ бусад цахим мөнгөнөөс ялгаатай. Иймээс та биткойныхоо нууц үгээ санамсаргүй байдлаар алдах, мартах, хэн нэгэнд харуулсан тохиолдолд эргэн сэргээх эсвэл биткойноо эргүүлэн олж авах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, нууц үгээ алдсан тохиолдолд ямар ч найдвар байхгүй гэсэн үг” гэсэн удаатай.

АРВАН МЯНГАН ТӨХӨӨРӨМЖ НИЙСЛЭЛД СУУРИЛУУЛЖЭЭ

Монголын хилээр биткойн олборлох зориулалттай 2500 төхөөрөмж өнгөрсөн онд оруулж иржээ. Өнгөрсөн нэгдүгээр сард арван мянга орчим төхөөрөмж нэмж авчирсан гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа. Монголд интернет, эрчим хүчний үнэ хямд байгаа нь биткойн олборлох гол давуу тал болно хэмээн албаныхан тооцоолж байгаа аж. Биткойн олборлогч АТМ нь сард дунджаар 200 гаруй мянган төгрөгийн цахилгаан зарцуулдаг байна. Уг тоног төхөөрөмжүүдийг ТЭц IV станцын ойр хавьд байршуулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан доголдож, тасардаггүй газарт тоног төхөөрөмжөө байршуулах ёстой гэнэ. Иймд хилээр оруулж ирж байгаа компани цахилгаан станц бараадуулж байгаа аж. Гарт баригдаж нүдэнд харагдахгүй цахим мөнгө гэгч зүйл монголчуудын сонирхлыг нэлээд татаж байна. Дэлхий дээр өдгөө 200 мянга гаруй үйлчилгээний байгууллага биткойноор үйлчилж байгаа аж. Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Криптовалютын цахим бирж болох www.trade.mn-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Лхамсүрэн нар биткойны талаарх мэдээллийг иргэд төдийгүй хэвлэл мэдээллийнхэнд илүүтэй хүргэхийг хичээж буй. Гэхдээ цахим мөнгөө алдсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй гэдгээ ч давхар хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, “Биткойноор гүйлгээ хийх нь эрсдэлтэй, хариуцлага нэхэх компани, аж ахуйн нэгж, байгууллага байхгүй. Гэхдээ л хэрэглэ” гэж байгаа нь өөрөө асар их эрсдэл дагуулж байгааг мартаж болохгүй. Учир нь сүлжээний луйврууд яг ийм хэлбэрээр, илүү олон хүн элсүүлж, илүү их мөнгө амлаж байгаад нэг л өдөр бүгдийг нь хамж аваад ор сураггүй оддог билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тодрон дүрэлзэх гэрэлт од СтивенХокинг

Хүн төрөлхтний түүхэнд төрөн гарсан суут эрдэмтэн, онолын физикийн тод од бол Стивен Уильям Хокинг билээ. Тэрбээр 1942 оны нэгдүгээр сарын 8-нд Их Британийн Оксфордод төржээ. Эцэг эх нь энгийн л амьдралтай, эрүүл мэндийн төвд ажилладаг хүмүүс. Эцэг нь түүнийг Анагаахын чиглэлээр сургахыг хүсэж байсан хэдий ч тэр математикийг илүүтэй сонирхож л дээ. Хокинг дөнгөж хорь гаруйхан наснаасаа эхлэн хүнд өвчний шинж тэмдэг илэрч, аажимдаа бүх бие нь саажжээ. Тухайн үед эмчилж байсан эмч нар түүнд сайндаа л 2-3 жилийн амьдрал байгаа хэмээж байсан боловч 76 насыг насалж чадсан юм. Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн, 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртэж байжээ. Хокинг 1979-2009 он хүртэл 30 жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв. Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч. Түүний космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, хар нүхний талаарх судалгаагаараа дэлхий дахинд танигдсан билээ. Британийн “Сандэй Таймс”-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) ном нь түүнийг жинхэнэ алдрын оргилд аваачсан юм. Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремууд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм. Хокингийн Шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмэр үнэлж баршгүй билээ.

Бага насандаа охидын сургуульд хүртэл сурч байсан Хокинг найман нас хүртлээ олигтой уншиж чаддаггүй, гаргаж уншихад тун түвэгтэй, муухай бичигтэй хүү байж л дээ. Багш нарынхаа заасан хичээлийг боломжийн ойлгоод байдаг хэрнээ буцааж илэрхийлж гаргахдаа бас муу байж. Ерөнхийдөө бага ангидаа тааруухан сурлагатай нөхөр байж л дээ. Харин дунд ангид орсноосоо хойш гайгүй хичээл зүтгэлтэй болж, багш нар нь түүний онцгой гэдгийг анзаарч эхэлж. Ихэнх хүмүүс түүнийг ерөөсөө л төрөлхийн саажилттай байсан гэж боддог байж. Үнэндээ тэрээр 20 гаран насандаа сэлүүрт завины багт хүртэл харьяалагддаг, тамирчин байсан юм. Мань эр коллежид суралцаж байхдаа танилцсан бүсгүйтэйгээ гэрлэж тунчиг аз жаргалтай байсан ч хамаг бие нь саажиж залуу насных нь хөөр баярыг хийсгэж орхисон ч эхнэр нь түүнийг хайр халамжаар хэзээ ч дутаасангүй. Элдэв саад бэрхшээлийг даван гарч, гурван ч хүүхдийн аав ээж болсон юм. Гэвч хүний амьдрал л болсон хойно тэд 1995 онд гэрлэлтээ цуцлуулж, өөр өөрийн замыг хөөцгөөжээ. Хокинг эхнэрээсээ салснаас хойш хэдхээн сарын дараа өөрийн сэтгэл зүйч Элайн Мэсонтой гэр бүл болсон боловч 2006 онд бас л салсан аж. 1985 онд Хокинг уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа туссанаас болж хоолойдоо гуурс тавиулан ярих чадвараа ч алдсан юм. Нэгэнт ярьж чадахаа больсон тэрээр нүүрний хөдөлгөөнөөр харьцдаг болсон бөгөөд үсэгнүүдийг харуулж, хэрэгтэй үсэг нь байвал хөмсгөө өргөх маягаар үг бүтээж харьцдаг болжээ. Суут эрдэмтний хувийн амьдрал нь нэг иймэрхүү.

Түүнийг алдрын оргилд аваачсан бүтээл нь өмнө дурдсан “Цаг хугацааны товч түүх” хэмээх ном билээ. Бүтэн дөрвөн жил хагасын турш бестселлер болсон гэхээр хүмүүст маш сайн хүрч чаджээ гэсэн үг. Бас 10 орчим сая хувь хэвлэгдэж, 40 гаран орны хэлээр орчуулагдан гарсан гээд бодохоор гарцаагүй супер бүтээл болсон байх нь. “Надад номд орсон томьёо бүр худалдан авагчдын тоог хоёр дахин бууруулна гэж хэлсэн. Тийм учраас би номдоо ямар ч томьёо оруулахгүй байхаар шийдсэн юм. Гэвч төгсгөл хэсэгт нь нэгэн тэгшитгэл оруулахгүй бол болохгүй нь ээ. Энэ бол агуу их Эйнштейний E=mc² хэмээх алдарт тэгшитгэл юм” гэсэн нь бий.

Хокинг харь гаригийнхан байдаг гэж үздэг төдийгүй хязгааргүй уудам сансар огторгуйнхаа нэгтээ хүн төрөлхтөнтэй адил амьд биет байх боломжтой гэж хэмээн дүгнэсэн байдаг. Хокингийн бас нэг шуугиан тарьсан үг нь бурхныг шууд үгүйсгэсэнд байлаа. Тэрбээр орчлон ертөнц бүрэлдэн бий болоход бурхан гэгчийн үүрэг огтхон байгаагүй гээд агуу их таталцлын хуулийн буянаар дэлхий хийгээд гариг эрхэс оргүй хоосноос өөрсдөө бүтсэн. Бурхан ямар ч хэрэггүй гэжээ. Тэрбээр мөн хүн гэгч бодгаль хувьслын оргил гэж үзэхийг үгүйсгэдэг. Шинжлэх ухаан, техник технологийн тусламжтайгаар илүү боловсронгуй болох шаардлагатай хэмээн үздэг байсан юм.

2007 онд Хокингийн сансарт нисэх хүслийг биелүүлж тусгай тоноглосон онгоцоор Атлантын далайн дээгүүр нисэж жингүйдлийн орчин үүсгэж аялуулжээ. Мөн Хокингийн дүр “Симпсоныхон” “Гриффинчүүд”, “Футурама” зэрэг олон ангит хүүхэлдэйн кинонд гардаг бөгөөд өөрийнхөө дүрд дуу оруулсан байна.

Мөн “Оддын зам: Дараагийн үе” цувралын зургаа болон 26 дугаар ангиудад, “Их тэсрэлтийн онол” цувралын 5, 21 дүгээр ангиудад Стивен Хокинг гардаг ажээ.

Хокингийн цахим дуу хоолой Pink Floyd хамтлагийн “The Division Bell” /1994 он./ “Keep Talking” цомгуудад бичигдсэн.

“Одоо цаг дээр бид өнгөрсний тухай ямар дурсамжийг санаж байгаагаас үл хамааран өнгөрсөн үе ч гэсэн сонголт боломжоор дүүрэн байдаг” гэж хэлсэн нь бий. Цөөн үгээр хэлбэл бид бүхэн оюун ухааны тусламжтайгаар ирээдүй болоод өнгөрснөө өөрчлөх боломжтой гэсэн үг. Бас л сонирхолтой онол л доо. Бид нэгэнт өнгөрснийг хэзээ ч өөрчилж болохгүй гэж үздэг бол Хокингийн хэлснээр өнгөрснийг өөрчилчихөж болмоор ч юм шиг байгаа биз.

Түүний хийсэн хар нүхний талаарх судалгаа тун сонирхолтой. Хийн нэгдлээр од үүсэж бий болно. Харин одны түлш дуусвал мөхдөг. Од мөхөхдөө дэлбэрч, эсвэл цагаан одой буюу мөсөн гариг, нейтрон од болж болно. Харин эдгээрээс тэс өөр нөхцөл үүсвэл хар нүх болно. Хар нүх нь маш их татах хүчний төвлөрөл бөгөөд гэрлийг хүртэл татна. Ер нь бол хар нүх рүү орсон л бол хэзээ ч гарч чадахгүй. Хар нүх дамжин өнгөрсөнд очих боломж байгаа гэж таамагладаг. Хэрэвзээ хар нүхээр цаг хугацаанд аялах боломж байгаа юм бол бид өнгөрсөнд очиж алдсан алдаагаа засахаас эхлээд бүхий л зүйлийг хийж болно. Мөн хэн нэгэн хар нүхэнд унавал хумигдаж байгаа ертөнцийн онол гэгчээр ирээдүйг харж болно гэх мэт таамгууд бий. Мэдээж эдгээр нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл биш. Таамаг төдий л дөө. Гэхдээ бас огт үгүйсгэж ч болохгүй.

Хар нүх гэхээр тас хар юм бий гэж төсөөлдөг. Хар нүхнээс бөөм цацардаг. Гэхдээ үйл явдлын хаяавч буюу хар нүхний таталцлын хүчинд орсон л бол юу ч гарч ирж чадахгүйгээр хар нүх рүү татагдан орно. Гэвч үйл явдлын хязгаарын гадна талд хоосон цэгээс виртуал бөөм ялгаран багахан гэрлийг үүсгэнэ гэж “Цаг хугацааны товч түүх” номд бий. Шинжлэх ухаанд Их тэсрэлтээс хойш бидний байгаа орчлон ертөнц тэлэн томорч байгаа гэж үздэг. Их тэсрэлтийн онолоор энэхүү тэсрэлт нэгэн онцгой цэгээс эхэлсэн гэх бөгөөд тогтмол тэлж байгаа гэх тооцоо бий. Орчлон ертөнц үнэхээр хязгааргүй тэлж байгаа бол тэр тэлэлт нь хэзээ нэгэн цагт зогсож, буцаж хумигдах уу. Буцаад эцсийн цэг хүртлээ хумигдсаны дараа дахин их тэсрэлт болох уу. Ер нь бидний мэдэх их тэсрэлтийн өмнө юу байсан бэ гэх мэт тайлагдашгүй олон асуултын хариуг Хокинг номондоо товч бөгөөд туйлын тодорхой тайлбарласан. Ер нь уг бүтээлийг олоод уншчихад гэмгүй. Танин мэдэхүйн асар их өгөөжийг уншигчдад өгөх юм. Суут эрдэмтэн Стивен Хокинг өөрийнхөө бүх л амьдралыг цаг хугацаа, орон зайг судалахад зориулсан бөгөөд харьцангуйн онол дээр үндэслэн орчлон ертөнц тэлдэг гэдгийг баталсан билээ. 1974 онд онолын хувьд ямарваа объект жингээ алдах боломжгүй, хар нүх долгион цацруулдаг гэдгийг нээсэн юм. Ер нь л судалгааных нь гол чиглэл нь сансар судлал, квантын таталцал гэдгийг онцлох хэрэгтэй. Түүний бичсэн номуудын талаар заавал дурдах хэрэгтэй л дээ. 2006 онд тэрээр өөрийн охин Льюситэй хамтран “Жорж ба орчлон ертөнцийн нууц” хэмээх хүүхдэд зориулсан ном гаргажээ.

Түүний гаргасан номуудыг тоочвол:

1973-“The Large Scale Structure of Spacetime” (Джорджем Эллис /G.F.R. Ellis/-тай хамтран)

1988-“Цаг хугацааны товч түүх”/”A Brief History of Time”

1993 -“Хар нүх ба залуухан орчлон ертөнц”/”Black Holes and Baby Universes and Other Essays”

1996-“Цаг хугацаа, орон зайн мөн чанар”/”The Nature of Space and Time” (Роджер Пенроуз /Roger Penrose/-тай хамтран,)

1996-“The Physics of Star Trek” (Лоуренс Краустай хамтран)

1997-” Хүний оюун санаа ба их багын тухайд “/”The Large, the Small, and the Human Mind” (Рожер Пенроуз, Абнер Шимони, Нэнси Картрайт нартай хамтран)

2001-“Самрын ясан доторх ертөнц”/”The Uni­verse in a Nutshell”

2005-“Цаг хугацааны товч түүх”/”A Briefer History of Time” ( Леонард Млодиновтай хамтран)

2005-“God Created the Integers: The Mathematical Breakthroughs That Changed History”

2005-“Information Loss in Black Holes”

2007 – ” Бүх зүйлсийн тухай онол. Орчлон ертөнцийн гарал үүсэл ба хувь заяа” /”The Theory of Everything: The Origin and Fate of the Universe”

2010-“Агуу төлөвлөгөө/”The Grand Design” (Леонард Млодиновтай хамтран)

2013 – Миний товч түүх. My Brief History


Categories
мэдээ цаг-үе

Цэрэн аваргын охин Даваасүрэн: Аав минь ардын дууны Юндэн шиг сайхан хүн байлаа

Зүүн гараас С.Цэрэн аварга, Л.Хишигсүрэн начин, дүүгүүр Д.Гомбосүрэн начин нар. 1970-аад он

Монгол бөхийн 33 шинжийг хадгалж төрсөн бөх гэгддэг Сэрээтэрийн Цэрэн аваргын охин Даваасүрэнтэй ярилцсанаа хүргэе.


-Аав тань Намхай, Лувсанжамбаа гээд домогт их аваргуудын нутгийн хүн. Удам судар, ус нутгаас нь яриагаа эхлэх үү?

-Тийм ээ, аав минь Булган аймгийн Сайхан сумын нутаг Агуйтын голд эхээс мэндэлсэн. Бөхийн ном бүтээлд 1937 онд төрсөн гэж байдаг. Өөрөө бол “Би чинь туулай жилтэй хүн юм” гэдэг байв. Туулай жилийг нь хөөгөөд үзэхээр гучин есөн он болно. Том ах нь “Миний дүү гучин есөн оны дайны жил төрсөн” гэдэг. Тэгэхээр аав минь 1939 онд төрсөн нь батлагддаг. Аав нь Сэрээтэр гэж олон түмэнд хүндлэгдсэн уран дархан хүн байжээ. Ээж Сүрэн нь өвс хадлангаа өөрөө бэлтгэдэг, бүл чадалтай хүн байсан. Бид эмээгээ мэднэ. Аав минь багаасаа л бөхөд дуртай байж. Арван хоёр настай хүүхэд “улаан гуталт” Жанчивдорж хэмээх нутгийнхаа хүчит зааны аманд гарч байсан юм билээ.

“Хар хошуу” Чимид гэж мөн л нутгийнхаа бяртай бөх хүнийг Октябрийн баярын барилдаанд давснаар бөхийн гараагаа эхэлсэн гэж өөрөө дурсдаг. 16 настай байхдаа зэргэлдээх Баян-Агт сумын наадамд түрүүлж бөхийн анхны цолоо авч байсан гэдэг юм. Тавин найман онд цэрэгт татагдаж, барилгын цэргийн ангид хуваарилагдсан байна. Том Санжаа гуай, Эрдэнэ-Очир арслан, Зундуй заан энэ хэд чинь нэг оны цэргүүд. Ямар сайндаа тэр үед бөхчүүдийн дунд “Армийн таван халуун” гэсэн нэршил гарч байхав. Эрдэнэ-Очир арслан, Санжаа заан, Зундуй заан, жижиг Санжаа гуай, аав энэ тав шүү дээ. Аавыг цэрэгт мордоход том эгч маань хоёр настай, би хоёр сартай ээжтэйгээ үлдэж байсан гэдэг. Цэрэгт байхдаа монгол бөхийн аварга хэмээх дээд цолонд хүрсэн хүн.

-Цэрэн аваргыг их ойн одтой бөх гэдэг. Улсын баяр наадамд арван жилийн зайтай түрүүлж, үзүүрлэн даян аварга цолонд хүрсэн. Ер нь бөхийнхөө хувьд ч, хүний хувьд ч жудагтай, олонтой хүн байсан нь мэдрэгддэг юм?

-Жаран оны улсын наадамд Л.Сосорбарам арсланг заан цолтой байхад нь зургаагийн даваанд давж начин цолонд хүрчээ. Ингээд дараа жил нь буюу 1961 онд ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойгоор Дамдин аваргын таван жил завсаргүй түрүүлээд байсан өндөр амжилтыг зогсоосон. Үндсэндээ Дамдин аваргатай үлдэж түрүүлсэн байдаг. Тэр барилдааныг нь архивын бичлэгээс л үзсэн. Цэргийн бөх шууд ес даван түрүүлж аварга цолонд хүрсэнд олон хүн баярласан нь мэдээж. Эмээ маань, хөдөө суугаа ээж маань их л баярласан гэдэг. Жаран нэгэн оны наадмаар ингэж түрүүлээд, арван жилийн дараа далан нэгэн онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Х.Баянмөнх аваргатай үлдэж үзүүрлэсэн. Их ойн одтой бөх хэмээх алдрыг ард олноосоо хүртсэн нь ийм учиртай. Далан нэгэн оны наадамд үзүүрлэчихээд гэртээ бөөн баяр, бэлэг сэлтээ бариад инээд алдаад ирж байсан нь санаанаас гардаггүй.

Аавыг ам авахдаа бяртай сайн бөхчүүдийг шилж амладаг гэж бөхийн зүтгэлтнүүд хэлдэг. Далан оны наадамд тавын даваанд “өмсдөг” Дамдиндорж гуайг амлаад унаж байсан. Бөхийн нэрт засуулч Ш.Лхүгдэв гуай тэргүүтэй олон хүний дурдатгалд аавын тумбрайдах мэхний талаар байдаг. Багадаа унага өргөсөөр цээжний их бяртай болсон, улмаар тийм мэх хийх дадал суусан гэж аав өгүүлдэг. Дамдин аварга, аав хоёр их дотно найзууд. Манайхаар үргэлжид ирнэ. Циркийн гавьяат жүжигчин байсан. Манай ээж цэргийн оёдолчин, аваргатай нэг дор ажилладаг байлаа. Бид чинь эхээс арвуулаа юм. Зургаан охин, дөрвөн хүүтэй. Аав минь улсын аварга цолтой бөх хүн ч гэлээ маш өрөвч зөөлөн сэтгэлтэй, уяхан нэгэн байсан. Ямар ч хүнийг маш их хүндэтгэж харилцана. Ер нь өөрийгөө улсын том цолтой бөх гэж боддог ч үгүй байсан байх. Зодог шуудгаа өмсөөд наадмын дэвжээнд гарахдаа л иртэй бяртай, аварга бөх гэдгээ мэдэрч байснаас энгийн үед гүндүүгүй сайхан эр, ёстой л хүмүүсийн хэлдгээр хүний хайлан байсан даа.

-Урлаг соёлын аваргуудтай ч нөхөрлөж явжээ?

-Нэрт яруу найрагч Намжимын Очирбат, “Эх орон танаа”, “Дэлтэй шувуу” гээд олон сайхан дууны шүлэг бичсэн зохиолч Жанчивын Шагдар гээд хүмүүс манайхаас салахгүй. Мөн дуучин Адарсүрэн гуай ирнэ. “Чи үнэхээр Адарааг аваад ирж чадах юм уу” гэж зарим нэг хүмүүс ааваас ам асууж байсан ч удаатай. Аав Адарааг авчираад, манайхаар дүүрэн хүмүүс бужигналдаад дуу хуур, найр наадаан болно. Монголын кино урлагт жанжин Сүхбаатарын дүрийг мөнхөлсөн Дашнамжил гуай мөн л манайхаар ирнэ. Аавын дотны найзуудын нэг. Нэг өдөр манайд ууж байгаад согтоод уначихсан. “Жанжин ингэж толгойгоо үүд рүү харуулж болохгүй” гээд аав мөрнөөс нь татаад босгож байсныг санадаг юм. Дашнамжил гуай аавд нэг их гоё цаг бэлэглэж билээ. “Жанжны өгсөн цаг” гээд аав минь хүмүүст хэлдэг сэн.

Хөдөөнөөс анх ирээд Арслантай гүүрний тэнд Эрдэнэ-Очир арслангийнхтай айл бууж байлаа. Хатанбаатарын дүрээр ард түмний хүндэтгэлийг хүлээсэн Эрдэнэбулган найруулагчийн аавын гэрийг манайх худалдаж авсан байдаг. Сүүлд Намжилсүрэнд Эрдэнэбулган найруулагч энэ тухай хэлсэн дуулддаг. Аавынхаа тэр гэрийг миний бие хэдэн жил хадгалсан. Уул усных нь салхийг амсаж яваг дээ гээд төрсөн нутаг Сайхан суманд нь амьдарч байгаа Намхайдорж дүүдээ өвлүүлж өгсөн.

1971 оны наадмын түрүү, үзүүр. Х.Баянмөнх, С.Цэрэн

-Аварга олон нойтон хүүхэдтэй, цэл залуухнаараа ханиасаа хагацсан байдаг…?

-1981 онд ээж минь дөчин гуравхан насандаа өнгөрсөн. Тэгээд л аав минь 10 хүүхэдтэйгээ өнчирч хоцорсон. Бага нь таван настай байсан. Том эгч бид хоёр дөнгөж тусдаа гараад байсан. Эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан Сономын Удвал гуай хэлж байж дөрөвдүгээр хороололд гурван өрөө байр улсаас өгсөн юм. Тэр маш том тус байсан. “Цэрэн минь чи олон нойтон хүүхэдтэй ханиасаа үлдлээ. Чамд байр хэрэгтэй юу” гэж асуухад, аав “За яахав дээ, болоод л байна, бид чинь” гэж хариулсан гэдэг. Том эгч маань байр л хэрэгтэй байна гэж хэлснээр байртай болсон. Удвал гуайн энэ тус ижийтэй минь холбоотой. Удвал гуай манай ээжээр дээлээ хийлгэдэг байсан юм билээ. Ээж маань дээлийг маш сайхан оёно. Аав наадмын өглөө бүр ханийнхаа хийсэн шинэ дээлийг өмсөөд “Халхын Юндэн гөөгөө” гэдэг шиг сайхан эр гэрээсээ гардаг сан.

-Танай аав Мөөеө аварга хоёр их дотно байсан гэдэг. Тэр тухай олон ч дурсамж дурдатгал хөврөх нь мэдээж?

-Мөөеө аварга, аав хоёр Сэлбийн лагерийн ойролцоо наадмын бэлтгэлд гарна. Тухайн үед одоогийн бөхчүүд шиг нутаг усаараа гал болоод бэлтгэлд гардаггүй байсан санагдана. Мөөеө аварга, аав хоёрын түүхийг ярьж яаж барах билээ. Жараад оны дундуур манайхтай Чойжамц гэж Төв аймгийн хүнийх айл аймаг байсан. Тэднийд Мөөеө аварга их ирнэ. Намайг арваад настай байхад жүжигчин Янжин гэж гоё эгчтэй ирдэг байсан. Харин наймдугаар анги төгсөх үе буюу далаад оны дундуур Мөөеө аварга ханийгаа, Тамир эгчийг дагуулж ирж байсан. Манай том эгч Орос руу сургуульд явахад аав минь “Том охиноо үдэж өгч байгаа юм” гээд найр хийсэн юм. Гандангийн том пойшигийг айргаар дүүргээд л. Сайханы Эрдэнэцогт, Бямбасүрэн гээд жолооч ах нар айргийг нь гуч машинаар зөөгөөд л. Тэр найранд Мөөеө аварга Тамир гэдэг урт хар гэзэгтэй, өндөр гоё эгчийг дагуулж ирж байсан.

Манайхаар Монголын хүчит их аваргууд бүгд л ирж байсан. Түвдэндорж аварга мотоцикльтойгоо давхиад л ирнэ. Нэг нутаг усных болоод ч тэр үү, аавд их амь. Дамдин аварга нүд нь гялалзаад, тас тас инээгээд хойморт маань сууж байна. Хадаа аварга гэж хэлхгэр сайхан хүн. Тэр үед ид залуу ч байсан. Чимидийн Лундаа, Галдандагва гээд улсын цолтой сайхан бөхчүүд байлаа. Тэд чинь ирээд Сайханы айргийг хул хулаар ууна. Нэг нэгийгээ явуулаад, бөөн инээдэм болно. Батсуурь аварга гэж тэвхэгэр цээжтэй, дуу цөөтэй, цэргийн гоё хүн байсан.

Нэг удаа Батсуурь аварга хүүгээ дагуулаад ирдэг юм. Яг тэр үед шилний үйлдвэрийн ой болоод аав тэр хоёр очиж барилдахаар боллоо. Би аавыгаа дагаад явлаа. Уг барилдаанд аав минь түрүүлээд, олон түмэн бүччихсэн, сүрхий юм болж билээ.

-Зодог шуудаг хийдэг тухайд нь ярихгүй юу?

-Зодог шуудаг яаж урлахыг цэрэгт байхад цэргийн дарга нь зааж өгсөн юм гэнэ лээ. Сонгинын амралтад бөхчүүдтэй бэлтгэлд байхдаа бусдынхаа зодгийг оёно. Монгол гутлаа мөн өөрөө хийнэ. Хүүхдүүдээ бараг бүгдийг нь зодог шуудаг, гутал хийлгэж сургасан. Ээжийг өнгөрсний дараа бид хэд аавдаа наадмынх нь дээл болоод зодог шуудаг, гутал, малгайг нь шинээр хийж өгч байв. Миний дүү Батсүрэн монгол гутал сайхан хийнэ. Дүүгийн хурим болох гээд мөнгө төгрөг хэцүү байх үед бүгдээрээ зодог шуудаг оёж, хуримыг нь хүний гар харалгүй хийж л байлаа. Миний бие бөхийн малгайг дагнан хийдэг. Эрхэмбаяр, Санжаадамба гээд залуу аваргуудын малгайг хийж байсан. Манайх дөрвөн хөл нь зааны дүрс бүхий ширээтэй юм. Түүнийг хараад Эрхэмээ аварга “За дүү нь заан болчих юмсан” гэдэг байсан. Тэгтэл ардын хувьсгалын 90 жилийн ойгоор заан, гарьд, арслан цолыг нэг өдөр авсан. Дараа нь аварга болсон. Олимпийн аварга Түвшинбаяр байна. Олимпийн аварга болсныхоо дараа наадамд зодоглохдоо надаар малгайгаа хийлгэсэн. “Малгай минь маш сайхан болжээ. Одоо цол авах нь миний үүрэг” гэж хэлж билээ. Тэгээд тэр жил харцага болсон. Өнгөрсөн зун заан болоод Сайхан сумандаа наадам хийхдээ бас надаар малгай хийлгээд явсан. Залуу хүчтэнүүд Цэрэн аваргын үр удам гэж манайхыг зорьж ирэн, ихэд бэлгэшээж байгаа нь сайхан санагддаг.

С.Цэрэн аваргынх гэр бүлээрээ

-Аав минь ээжийн хийсэн дээлийг өмсөөд халхын сайхан Юндэн шиг гоё эр наадамд явдаг тухай та дээр яриан завсраа хэлсэн?

-Аав минь нүд хөмсөг сайтай, бие галбир төгс сайхан бөх байсан. Бөх хүний, эр хүний жудаг ёсыг эрхэмлэж явсан. Цэл залуухан ханиасаа үлдсэнийг нь бодоод тусдаа гарсан айлын эзэгтэйн хувьд аавыгаа өрөвдөнө. “Та нэг хүнтэй нийлчихээч” гэж хэлэх гээд хэлж чадахгүй. Нэг удаа зориг гаргаад аавыг гэртээ дуудлаа. Хоол хийж өгөөд, ганц шил юм гаргаад “одоо л хэлье” гэтэл аав минь миний хэлэх гээд байгааг аясаараа анзаарсан уу, архиа ч уулгүй, нэг уйлж аваад яваад өгч байлаа. Харин дараа нь удалгүй Сэрчмаа гэж Архангайн сувилагч эмэгтэйтэй нийлсэн дээ. 1990 онд Сайхан сумын 70 жилийн ойгоор аавыгаа дагаад, мөн тэмээ өргөдөг Жамьяндорж арслантай хамт баярт нь очиж байлаа. Хүн бүхэн Цэрэн аварга гэж хүндэтгээд л. Надад хичнээн жаргалтай байсан гэж санана. Түүнээс хоёрхон жилийн дараа бид аавыгаа алдсан.

-Цэргийн заан Намжилсүрэн гэж танай дүү байлаа. Аав шигээ сайхан бөх болох нь гэж яригддаг л байсан. Гэтэл өнгөрчихсөн дуулддаг. Ер нь аваргын удам сударт бөх байна уу?

-Дүү минь 2005 онд өвчний улмаас залуугаараа өнгөрсөн юм. 1995 онд том Сүхбат гарьдаар дөрөв давж, начны даваанд тулж очин олны анхааралд өртөж байлаа. “За дөрөв давчихлаа, одоо яахав ийхэв гээд” Лхагвасүрэн заан, Даваажав начин гээд Булганы бөхчүүд ярилцаад зогсож байгаа зураг байдаг юм. Гэвч начин болж чадаагүй. Тавын даваанд Цэрэнпунцаг заанд (гарьд) амлуулаад унасан.

Би Нацагдорж, Эрдэнэболд гэсэн хоёр хүүтэй. Багадаа барилдах дуртай, чөлөөтөөр хичээллэдэг байсан. 73 дугаар сургуулийн Лхажав багшийн шавь нар. Эрдэнэболд Монголын үндэсний их сургуульд биеийн тамирын багш, чөлөөт бөхийн шүүгч хийдэг. Нацагдорж биеийн тамирын сургууль төгсөөд “Орчлон” клубэд бодибилднгийн багшаар ажилладаг. Манай дүү Батсүрэнгийн зээ хүү “Аваргын гараа” хүүхдийн барилдаанд орсон. Өвөө нь Сайхан сумын заан Цогт гэж байсан юм. Одоо улсын начин Энхбатын удам болно. Хоёр талын удамтай болохоор бөх болж магад гэж харж сууна. Нэг инээдтэй дурсамж сөхөхөд, манайх гэдэг айл зурагтгүй байлаа. Улсын наадмын бөхийг шугамын радиогоор чагнасан юм. Аавынхаа барилдахыг чагнаж байгаа царай нь тэр. Тэгтэл аав уначихлаа. Миний дургүй хүрээд шугамын радиогоо эвдчихээд хөгшин ээждээ загнуулж байж билээ. Ойрд аавынхаа тухай хэн нэгэнд ингэж яриагүй юм байна. Сэтгэл цэлмээд сайхан болчихлоо. Аав минь дуунд дуртай, ялангуяа “Цэргийн нөхрөө хө, Цэрэнтэйгээ хоёулаа хө” гэх дууг бусдаар дуулуулах дуртай. Жаран нэгэн онд “Цэргийн бөх түрүүллээ” гээд Самдангийн Долд гэж цэрэг армид ажилладаг байсан найрагч аавд зориулж уг шүлгийг бичжээ. Түүнд нь Монгол Улсын ардын жүжигчин Хаянхярваа гуай аялгуу хийснээр аавын минь тухай дуу төрсөн түүхтэй.

Categories
мэдээ цаг-үе

“А”-д орвол шоучин болно

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Монгол Улсын Их сургуулийн Эдийн Засгийн сургуулийн Санхүүгийн “А” бүлгийн 2000 оны элсэгчид уригдан оролцож байна. Оюутан ахуй цагийнхаа дурсамжуудыг ангийн дарга Б.Болор-Эрдэнэ ийнхүү хуучиллаа.


Манай ангийнхан 2000 оны есдүгээр сард нэг анги болж цугласан юм. Намрын тэр налгар өдрүүд одоо ч санаанд тодхон. Одоо МУИС-ын Эдийн Засгийн Сургуулийн байр сул ягаан өнгөтэй болсон, харин тэр үед ногоон цэнхэр өнгөтэй байв. Дэргэд нь байдаг 5 дугаар байр баригдаагүй, алдарт Хөлөг хуушуур ид мандаж байсан үе дээ. Улаанбаатар хот ч ийм түгжрэл, утаа угаарт хараахан баригдаагүй, арай сэлүүхэн буйд хот байлаа. Ялангуяа МУИС-ын хоёр, гуравдугаар байрууд, манай сургууль, дотуур байр орчим одоог бодвол илүү эгэл, оюунлаг, ногоон модтой залуусын хотхон байсан санагддаг юм. Тийм биш байсан ч байж мэднэ.Хүмүүс бид өнгөрснөө өнгө будгаар будаж, ой санаандаа илүү сайн сайхнаар хадгалж явдаг байж ч мэдэх юм.

Манай анги гэхдээ ямар ч нэмэлт өнгө будаг хэрэггүй анги байлаа. Одоо Улаанбаатар хотын банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргал буюу Батжаагийн нүдний шилнээс эхэлж болно. Тэртэй тэргүй зол жавхаагаа багтааж ядсан залуу нас боловч түүний нил ягаан харааны шил нэн онцгой ялгарч байсантай манай ангийхан нэг дуугаар санал нэгдэх нь дамжиггүй. Матрын арьсан ковбой гутал, захыг нь босгосон жинсэн яак, нил ягаан нүдний шилтэй Батжаа самбарын өмнө зогсоод орос хэлний багшид загнуулж байсан тэр зураглалыг нэхэн санахнээ одоо ч инээд хүрнэм. Одоо бодоход хамаг суурь сурах бичиг англи хэл дээр болчихсон, 2000 онд яагаад ч огтын орос хэл үзэж байгаагүй бид нар хүртэл тэр орос тэкстүүдийг зүгээр харанхуй цээжилж байж кредитээ авах ёстой байсан юм, бүү мэд. Бид ч угийн нэгдүгээр ангид монгол бичиг үзэхээс эхлээд боловсролын системийнхээ туршилтын туулай болсоор ирсэн завсрын үе, наяад оныхон. Гэхдээ л манай ангийнхан орос хэлний цаанаа л донжтой дэгжин Ганди багшдаа, ер нь багш нартаа, будаг нь халцарсан шар ширээтэй анги танхимдаа, сургуульдаа хайртай байлаа.Ганди багш ч гэсэн хэдий хатуурхдаг ч нил ягаан шил бүхий рок стилийн, шогийн мэдрэмжтэй шавьдаа, шавь нартаа хайртай байсан байж таараа. Миний бие хожим арай өөр задгай тогтолцоотой гаднын их сургуульд очоод ямар гоё ангитай байснаа, сургууль маань Монголын түвшинд бидэнд боломжийн сургалт өгдөг сайн сургууль байсныг нээж мэдсэн билээ.

Батжаа нэг тийм, бусад маань ямар байлаа? Баруун эгнээний урд талын ширээнд суусан хоёр охин хоорондоо шивнэж байснаа байсхийгээд л над руу муухай харна. Хоёулаа том алаг нүдтэйг яана. Одоо “ХААН” банкны тооцооны төвийн захирал М.Олонбаяр, “Голомт банк”- нд Байгууллагын банкны судалгаа ахалж байгаа Д.Сэргэлэн хоёр маань. Энэ нэг аальгүй юм, худлаа “поп”-роод гэдэг дээр санал нийлдэг байсан гэнэ. Тэр нь ч аргагүй, өөрсдөө математик, физикийн олимпиадаар явсаар сайн бэлтгэгдээд орж ирдэг орон нутгийн цөөн, сайн чамбай оюутнуудын нэг. Ер нь манай ангид орон нутгаас ирсэн хүүхэд олон байв. Хожим нисэгч болж карьерээ өөрчилсөн Э.Одбаяр ангийнхан дотроо арай хотын, ганган, соёлтой нь. Сүнжээ гэж ёстой л ардын дуунд гардаг Сүнжидмаа шиг сайхан хүүхэн явна. Цоомоо, Даваа хоёр буюу Дарханы Монгол Турк, хотын Монгол Туркээс орж ирсэн М.Цолмон, одоо “ТДБ Капитал”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т.Даваажав хоёр их нийлнэ. Даваатай нэг сургуулийн Г.Хэрлэнсайхан ч экономикс, дээд тоондоо их сайн. Одоо хөвгүүдийн ярьж байгаагаар бол ангийн хөвгүүдийг олон шалгалтад авч гарсан гэгдэнэ. “ХААН” банкны Байгууллагын Банкны Газрын захирал Д.Баттөмөр, сагс сайн тоглодог, мөн л ХААН банкны Н.Эрдэнэзуу, яагаад ч юм бэ бидний дунд аав хэмээн өргөмжлөгдөх болсон П.Баярмандах, талийгч маань… Ингээд 22 оюутантай Санхүү “А” анги бүрдэнэ. Хэрвээ би буруу санаагүй бол задгай кредитээр биш, ангиар явдаг тогтолцооны сүүлчийн жил бид нэг анги болж бүрдсэн юм. Нэг бодлын азтай. Тухайн үед банк санхүүгийн ангийг конкурст хамгийн дээгүүр жагссан оюутнууд өрсөлдөж авдаг байлаа.

Гэхдээ эхэндээ анги байсангүй. Өнөө наашаа муухай хардаг хоёроос эхлээд хэд хэдээрээ бүлэглэж, хэдэн тийш харсан хүйтэн дайны байдалтай нэг сар орчим өнгөрлөө. Тэгээд ч тэр үү, анги шиг ярилцаад дарга шиг даргатай бололгүй аравдугаар сар гарлаа. Энэ асуудлыг нэг л өдөр Монголын эдийн засгийн түүх ордог Цэвээн багш шийдэж өгөв. Цэвээн багш жинхэнэ соц стилийн кадр, нэлээн ангийн даргасаг. Хоёр давхрын поток лекцийн зааланд хичээлээ эхлэхдээ ангийн дарга нарыг дуудаж ирц бүртгэдэг байсан санагдана. Санхүү А-г дуудсан байдаггүй. Угийн сүр бараатай Цэвээн багш дуугаа хураачихаараа бас л агшаана. Найман анги цугласан поток лекц тэр аяараа чимээгүй. Багш тэр дундуур манай ангийг чиглээд алхаж байна аа. Удаан доголж алхахыг хэлэх үү сүртэй сүртэй, кино л гэсэн үг. Улмаар чимээгүй заалыг удаан гэгч нь зүсэж алхаж ирээд миний урд журнал тавьснаа “Чи дарга бол” гэж гурван үг хэлчихээд эргээд самбар руу доголоод буцав. Сөргөхийн аргагүй томилгоонд ингээд миний хувь заяа, зарим талаар манай ангийн хувь заяа шийдэгдэх нь тэр.

Томилгоонд миний бие ч дургүй байсангүй. Их сургуульдаа л нэг анги шиг ангитай болох бодол тээсэн хүнд яг тохирсон ажил. Одоо бодоход 17-той хүүхдээс гармааргүй ухаан гаргасан шиг санагддаг юм. За тэгээд ажилдаа хариуцлагатай шиг зүтгэж эхэллээ. Амаргүй ажил л даа, охидууд нь хөвгүүдээ тоохгүй. Одоо бол Монголын хамгийн том банкуудын хамгийн гол ажил үүргийг нуруундаа үүрэх болсон хангай шиг түшигтэй залуучууд. Эр өсөж эсгий сунана гэдэг үнэн үг шүү. Тухайн үедээ хөвгүүд, нэн ялангуяа Цоомын их зантай гэж. Хэнхэг миний бие сургуулийн урлагийн үзлэгт орно гэж зүтгээд, Цоом хөвгүүдээ дагуулж тэрсээд хөөрхөн зөрчил боллоо. Ядаж мань хүн харизматай, нөлөөтэй. Бид хоёр бүр хэрэлдэхдээ туллаа.

Яадаг ч байсан орно гэсээр 22 хүүхэдтэй ангиас наймуулаа баг болж орсон юм. Наймуулахнаа юм болохоор бүжиглэсэн ч, дуулсан ч бүгд л ээлжлээстэй. Хөтлөгч хийсэн би гэхэд “Болор-Эрдэнэ дуулна” гэж зарлаад, эргэж ороод буцаж гарч ирж дуулаад, мөн л эргэж ороод буцаж гарч ирээд “Болор-Эрдэнэдээ баярлалаа” гэж байх жишээний. Одоо ч тэр жилийн урлагийн үзлэгийг үзсэн манай сургуулийнхан намайг өөрийгөө зарладаг гээд их шоолно. Тэгж үзэж тарсаар байгаад түрүүлчихдэг юм байна. Уг нь тэр жил эдийн засгийн онолын анги бүрэн хүчээрээ их хүчтэй орсон юм. Түрүүлээд хэдэн төгрөгийн шагнал авсан санагдана. Түүгээрээ тухай үеийн оюутнууддаа л боломжийн гуляш энэ тэртэй өдрийн хоол, тоорт аваад ангиараа тэмдэглэлээ. Ороогүй хэдээ ч урилаа. Тэднийгээ урьж байгаа нь бас хөөрхөн бодлого яваад байгаа хэрэг. Дараа жилийн урлагийн үзлэгээр тэнхимээрээ, сагсны тэмцээн, шинэ жилээр, санхүүгийн хөтөлбөрөөр бас ангиараа ордог болж өөрчлөгдсөн дөө. Цоом бид хоёр ч эвлэрсэн.

Арван хэдтэй хүүхдүүд анги болж цугласнаас хойш цаг хугацаа ниссээр 18 жил өнгөрчээ. Залуу хүмүүсийн хувьд үхлийг нэг их санаж сэрэхгүй, холын юм шиг л санаж явцгаана. Өөрийгөө ч болоогүй гэж бодно, бусдыгаа ч болоогүй гэж итгэнэ. Амьдрал тийм энэрэлтэй бишийг нэг маань мэдрүүлээд эрт буцсан. Анги болж нягтрахад хамгийн төвд, бүгдийнх нь “ээж” шиг байсан Э.Золжаргал маань анх л тархай бутархай байсан тэр үеэс л хамгийн нөхөрсөг, бүх хүнтэй сайхан инээж харилцдаг, нээлттэй, нэг тийм мужик, хичээлдээ ч сайн манай ангийн тулах цэг байлаа. Ердөө л бие нь муудаад, юу болсныг нь мэдэхгүй алдчихсан даа, одоо ч гомдолтой. Ажил явдлаар нь ангиараа цуглаад гэрт нь очлоо. Өнгөрснөөс нь хойш нэг л бодитой бууж ирэхгүй, санаанд багтахгүй яваад байсан юм. Харин ангийнхантай хамт гэрт нь орсон чинь нулимс гарах гээд болохгүй. Хамгийн түшигтэй, хамгийн ойрын тэднийгээ хараад гомдол задардаг юм шиг. Жилийн дараа хөгжмийн зохиолч Эрдэнэчулуун ах охиндоо зориулж хөгжмөөр зул өргөсөн байсан. Энэ дурсамжаар хүний хайлан байсан ангийн сайхан найздаа нэгэн зул өргөмү.

Золоо маань дуутай хууртай Дундговийнх. Аав нь хөгжмийн зохиолч, өөрөө ч сайхан дуулна. Сээгий бас дуулна. Дуучин Сараа нутагт нь очиход хамт тайзан дээр дуулж байсан тийм хоолой. Ингээд дуучидтай анги юм чинь их дуулна. Тухайн үед одоогийнх шиг караоке ч элбэг байгаагүй, бид нарт ч мөнгө байсангүй. Ингээд Баяраа “аав”-ын экселд баахан хиам, талх энэ тэрхэн ачаад Тэрэлж, Дүнжингарав өөд ангиараа их салхинд гарч дуулна. “Ямар хоолонд дуртай вэ гэхээр их хоолонд дуртай” гэх маягтай Хэрлээд бусдаас нэлээн хэдэн талх илүү бодож авна. Одоо бодоход их сонирхолтой. Бүх дууны үгийг цээжээрээ мэддэг, зүгээр л уулан дээр гарч дуулаад тойроод сууж байдаг том хүмүүс шиг найртай анги байлаа. Ямар сайндаа шинээр санхүүгийн тэнхим рүү оюутан нэмэгдэхээр “Б-д орвол балай болтол хичээл хийнэ, А-д орвол шоучин болно” гэдэг үг хүртэл гарсан юм. Гэхдээ бид хичээлээ хаяж байгаагүй, багш нартаа харин ч ойр анги байсан гэж боддог.Төгсөөд ч бусад ангийг бодвол ихэнх нь яг банк, санхүүгээрээ дагнаж ажиллаж яваа. Дээд математикийн Энхбат, Цоодол багш, аж ахуйн нэгжийн санхүү заадаг Аюурзана багш, санхүүгийн онолын Цэрэнпил багш гээд хуучны луугар багш нараас хичээл авч амжсан азтай оюутнууд.

Сүүлдээ ч манай анги нөгөө хавь ойрын хамаг юмыг хүнд массаар татаад шингээчихдэг хар нүх шиг болсон доо. Манай ангийн биш нөхөр ч нэгдчихсэн явж л байна. Бүр манай сургуулийн биш нөхөр ч манай ангийн хүүхэд шиг болчихсон явж л байна. Манай эмнэлэг дээр ч хамт байцгааж л байна, тэрний зуслан дээр ч хамт явж л байна, амь нэгтэй болов.

Гуравдугаар курсээс Хэрлээ бид хоёр тэтгэлэг авч явах болов. Яг явах өглөө болтол сэрүүлэг тавьсан утасныхаа дууг хаачихаж. Нэг сэрсэн чинь Олноо “Боогий явахгүй юм уу” гэчихсэн үүдэнд зогсож байна. Ангийнхан ирээгүй бол цаанаас өгсөн билет, онгоц байхгүй болох байсан хэрэг. Бид хоёрыг ангиараа онгоцны буудал дээр гаргаж өглөө. Тэр жил бусад ангиас ч олон хүүхэд тэнцээд явсан. Дараа жил нь төгсөлт болоход манай ангийнхан л хол явсан хоёроо төгсөлтийн номдоо оруулсан байж билээ.

Саяхан нэг ангиараа цуглалаа. Өнгөрсөн цаг, залуу насны тухай дурсамж, маазрал илт багасаж банкны салбарын асуудал, санхүүгийн хөгжил, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн чадамж гээд хариуцсан ажил үүрэг, ирээдүйн тухай яриа голлох болж. Ангийнхан маань том банкуудаар салбар, газар хариуцсан туршлагатай эр бяр жигдэрсэн санхүүчид болжээ. “А”-д орвол шоучин болно гэдэг ч бас арай хэтрүүлэг байж. Санхүү “А”-гийнхан одоо сайн санхүүчид болсон шүү.


Categories
мэдээ цаг-үе

Д.Гангабаатар: Ирээдүйн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн сонгогдох үүд хаалга нээгдлээ

Шүүхийн мэтгэлцээний олон улсын тэмцээнд МУИС-ийн баг амжилттай оролцож, гуравдугаар байр эзлээд иржээ. Тус багийг дасгалжуулж оролцсон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар багштай ярилцлаа.


-Олон улсын тэмцээнд танай шавь нар амжилттай оролцоод иржээ. Хаана болсон, ямар онцлогтой мэтгэлцээн байв?

-Олон Улсын Улаан загалмайн хороо, ХонгКонгийн улаан загалмай нийгэмлэг, Хонг Конгийн их сургууль хамтран зохион байгуулдаг Ази-Номхон далайн орнуудын олон улсын эрүүгийн эрх зүйн салбарын шүүхийн мэтгэлцээний 16 дугаар тэмцээн юм. Энэхүү тэмцээн энэ сарын 06-10-ны өдрүүдэд Хонг Конгод зохион байгуулагдсан. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтдаг Хонг Конгийн Их Сургууль, Токиогийн Их Сургууль, Австралийн Нью Саут Валийн Их Сургууль зэрэг Ази-Номхон далайн бүсийн 21 улсын хорин таван их сургуулийн шилдэг багууд хуулийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө. Манай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг прокурорын талаас гаргасан тайлбараараа гуравдугаар байр эзэлж, анх удаа шагналт байранд шалгарч байна.

-МУИС-ийн багт ямар хүмүүс оролцсон бэ?

-Хууль зүйн сургуулийн эрх зүйн оройн хөтөлбөрийн хоёрдугаар ангийн оюутан Б.Мягмардорж, Г.Энх-Амгалан, олон улсын эрх зүйн дөрөвдүгээр түвшний оюутан Б.Итгэл, гуравдугаар түвшний оюутан А.Мандуул нар оролцсон. Миний бие дасгалжуулагчаар ажилласан. Аль ч улсын хууль зүйн сургуулийн оюутны хувьд шүүхийн мэтгэлцээний тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцох нь нэр төрийн хэрэг байдаг. Тэмцээнд амжилт гаргах нь хуулийн сургуулийнх нь хувьд томоохон үйл явдал байдаг.

-Олон улсын тэмцээнд шагналт байр эзлэхийн ач холбогдол нь юу вэ?

– Шүүхийн мэтгэлцээний тэмцээний оролцоо, эзэлсэн байр суурь нь гадаад улсуудад хуулийн сургуулийн чансааг тогтооход чухал үзүүлэлт болдог юм. Жишээлбэл, АНУ-ын хуулийн сургуулиуд шүүхийн мэтгэлцээний тэмцээнд түрүүлсэн, байр эзэлсэн үзүүлэлтээрээ өрсөлддөг. Гаргасан амжилтаараа оноо цуглуулж, энэ нь сургуулийн эрэмбэд нөлөөлдөг. Тиймээс хуулийн сургуулиуд шүүхийн мэтгэлцээний тэмцээнд өндөр ач холбогдол өгдөг. Нөгөө талаас хуулийн сургуулийн хувьд тэнхимийн сургалтаас гадуурх оюутны хөгжилд чиглэсэн хоёр гол үйл ажиллагаа байдаг. Нэг нь шүүхийн мэтгэлцээний тэмцээн, нөгөөх нь хуулийн сургуулийн сэтгүүлийг оюутнууд эрхлэн гаргах явдал юм. Манай Хууль зүйн сургууль энэ хоёрт онцгойлон анхаарч байгаа. Энэ удаагийн тэмцээнд гаргасан амжилт бол хуулийн салбарын олон улсын тэмцээнд монгол оюутнууд амжилт гаргаж чадна гэдгийг харуулж, олон оюутанд итгэл үнэмшил, урам зориг өгсөн үйл явдал боллоо. Магадгүй ирээдүйн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн сонгогдох үүд хаалгыг нээсэн ч байж болох юм.

-Сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлдэг үү?

– МУИС-ийн ХЗС-ийн удирдлага дотооддоо болон олон улсын шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оюутнуудаа идэвхтэй оролцуулахыг бодлогоор дэмжиж байгаа. Энэ тэмцээнд манай баг дөрөв дэх удаагаа оролцож байна. Хуулийн өөр салбарын хэд хэдэн олон улсын тэмцээнд манай баг оролцдог болсон. Дотооддоо бол эрүүгийн эрх зүй, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр жил бүр шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцож, МУИС-ийн ХЗС баг тогтмол дээгүүр амжилт үзүүлж ирсэн.

Манай сургуулийн Практик сургалтын төв Олон улсын улаан загалмайн хороо, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр жил бүр дотооддоо шүүхийн мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж байгаа. Энэ тэмцээнд түрүүлсэн баг нь олон улсын тэмцээнд оролцдог. Тэмцээнд оролцох зардлыг олон улсын Улаан загалмайн хорооноос тодорхой хэсгийг нь гаргаж, сургуулиас бас дэмжлэг үзүүлдэг.

-Оюутанд чиглэсэн арга хэмжээ гэж ойлгож болох уу. Нийгэмд ямар ач холбогдолтой вэ?

-Тэгж ойлгож болно. Өнөөдрийн оюутнууд маань ирээдүйн монголын хуульчид, өмгөөлөгчид, шүүгч, прокурор шүү дээ. Сайн хуульч болохын тулд оюутан эрх зүйн онол, практик аль алиныг нь судлах ёстой. Иргэдийн эрх, ашгийг хамгаалах, шударга ёсыг хамгаалах ирээдүйн хуульчид маань эрх зүйн практик ур чадвар эзэмшсэн байх ёстой. Шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь энэ зорилгод үйлчилдэг гэж ойлгож болно. Эрх зүйн онол, практикийн мэдлэгтэй, ёс зүйтэй хуульчид л Монголын нийгэмд шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулж чадна.

Ямар, ямар төрлүүдээр өрсөлдсөн гэсэн үг вэ?

-Уг шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Олон улсын гэрээ, конвенц, тэдгээр дээр үндэслэж гарсан Олон улсын эрүүгийн шүүхийн болон бусад шүүхийн шийдвэрийг өгөгдсөн кейс дээр хэрэглэх байдлаар явагддаг. Ингэснээр оюутны кейс болон түүнд холбогдох хуулийн зохицуулалтыг судлах, анализ хийх, үндэслэл бүхий гаргалгаагаараа шүүгчдийн өмнө илтгэж, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч, прокурорын дүрд тоглож, шүүхийн өмнө мэтгэлцдэг. Шүүгчид нь энэ салбарын мэргэшсэн хуульч, шүүгч, хуулийн сургуулийн профессорууд байдаг.

-Олон улсын тэмцээнд оролцоход ямар бэрхшээл тулгардаг вэ?

– Төрөлх хэл дээрээ шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцоход их бэлтгэл, хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар шаарддаг. Хүний нутагт, гадаад хэл дээр орон орны шилдэг их сургуулийн багтай хуулийг мэдлэг, ур чадвараар өрсөлдөнө гэдэг амаргүй даваа. Бид энэ тэмцээнд өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж бэлдсэн. Оюутнуудын маань заримдаа нойроо хугаслан байж, хичээж хөдөлмөрлөсний үр дүн юм.

-Сүүлийн жилүүдэд хуулийн салбарт суралцагчдын тоо нэмэгдэж энэ мэргэжлийн илүүдэл үүслээ гэх зүйл яригддаг. Илүүдэл үүснэ гэж байх уу. Энэ мэргэжлийн ач холбогдлын талаар хэлж өгөөч?

– Хууль, эрх зүйн мэдлэгтэй иргэний илүүдэл үүснэ гэж байхгүй. Иргэд нь өөрсдийн эрх, үүргээ мэддэг, эрх баригч, албан тушаалтны үйл ажиллагаа хуулийн хүрээнд байгаа эсэхэд дүгнэлт өгч, шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэж чаддаг байж гэмээнэ шударга, ардчилсан нийгэм орших боломжтой. Тиймээс хуулиа мэддэг, эрх үүргээ ухамсарладаг, эрх мэдэлтний үйлдлийг сэтгэл хөдлөлөөр биш хууль ёс, үндсэн хуулийн үнэт зүйлсийн шалгуураар оруулж үнэлж, дүгнэдэг иргэн олон болох тусам эрхтэн дархтан дур зоргоор авирлах орон зай хумигдах юм. Японд хуулийн хоёр төрлийн хуулийн сургууль байдаг. Нэг нь зөвхөн хуульч бэлтгэх зорилготой. Нөгөөх нь эрх зүйн мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг. Хуулийн сургуульд сурсан хүн бүр хуульч болох албагүй. Эрх зүйн мэдлэгтэй эмч, эдийн засагч, компанийн ажилтан байж болно. Тийм болохоор эрх зүйн мэдлэгтэй иргэн илүүднэ гэж байхгүй. Харин эрх зүйн боловсрол олгодог хууль зүйн сургуулиуд чанартай мэдлэг, ур чадвар олгодог байх ёстой.

-Сүүлийн үеийн мундаг хуульчид Японд боловсрол эзэмшсэн байдаг. Тэдний нэг нь та. Япон улс эрхзүйн мэдлэгтэй иргэдийг олноор нь бэлтгэж байгаагийн нэг ач холбогдол нь япон хүмүүсийн ухамсар, ёс суртахууны байдлаар илэрч байна гэж ойлгож болох уу??

-Өөрсдийн үнэт зүйлс, эрх, эрх чөлөөгөө хамгаалж, эрх мэдэлтний өмнөөс айхгүй дуугарах иргэд олшрох тусам албан тушаалтнууд дураар авирлах нь багасаж, эргээд нийгэмд эерэгээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн эрх зүйн соёл төлөвших тусам иргэд амар жимэр амьдрах нөхцөл бүрдэнэ. Нидерланд гэхэд л гэмт хэрэг ихээр буурсан тул шоронгоо хааж эхлээд байна. Зарим хотынхоо шоронд хөрш улсынхаа хоригдлыг хорьж байна. Гэвч хуультай байгаад, хуулиа мэддэг иргэд байгаад бүхнийг шийдэхгүй. Японы хөгжил бол нэг талаас уламжлал, соёл, ёс суртахууны үнэт зүйлсээ хадгалж, хөгжүүлж чадсантай нь холбоотой.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн дохио ирэх долоо хоногийн пүрэв гаригт дуугарна

Улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарган, дадлага сургуулилт хийж , бэлэн байдлыг ханган ажилладаг уламжлалтай. Гуравдугаар сарын 29-ний өдөр буюу ирэх пүрэв гаригт 16:00 цагаас орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарах аж. Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу жил бүр гурван сард болдог юм.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулах юм. Тиймээс иргэдийг гамшгийн дадлага сургуулилтад идэвхтэй оролцон нэгдсэн зохион байгуулалтад орж, дадлага, сургуульд оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл энэ сард татвар төлнө

тээврийн хэрэгсэл энэ сар татвар төлнө зурган илэрцүүд

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.Таны автомашины улсын дугаар гурав болон наймаар төгссөн бол энэ сардаа багтаан татвараа төлөх ёстой. Тээврийн хэрэгслийн татварыг онлайнаар бүртгүүлэх боломжтой. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR апплкейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://www.smartcar.mn/ хуудсанд хандахад хангалттай болжээ. Таны банк явах цагийг хэмхэн ухаалаг үйлчилгээ иргэдэд үйлчлээд эхэлсэн байна.

Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргахаа мартуузай. Эсвэл өөрт ойрхон татвар хурын дурын цэгт баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах юм.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө
Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Маврики улсын шигшээ багтай тоглоно

МХБХ зурган илэрцүүд

Малайз улсын хөлбөмбөгийн талбайд тоглож тэнцсэн манай шигшээ баг урьд шөнө эх орондоо иржээ.

Үндэсний шигшээ багийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх оноо авсан залуус маань өнөөдөр МХБХ-ны ногоон талбайдаа бэлтгэл хийв. Тэд ирэх мягмар гарагт буюу энэ сарын 27-д Маврики улсын шигшээ багтай тоглоно.

Дэлхийн чансааны 157-д бичигдэж байгаа Маврикийн шигшээ хялбар өрсөлдөгч биш учраас Монголын багаа хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 18 цаг ирж, багаа уухайлан дэмжээрэй. Тус тоглолтыг MNB Sport шууд дамжуулан хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс урьдчилан сэрэмжлүүлж байна

Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42 хувь нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байна. Жишээлбэл: Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км бол Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90 хувь цастай, цасны усны нөөц нь 0.40 шоо.км байна.

Харин Увс нуур, Тэс голын савын 85 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь 1.36 шоо.км байна. Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.