Categories
мэдээ нийгэм

Шүд шарлаж, өнгөө өөрчлөх шалтгаанууд

Таны шүд түүний гадаргуу дээр хуримтлагдсан будагч бодисуудын улмаас эсвэл шүдний материалаас шалтгаалан өнгөө өөрчилж болно. Шүдний өнгө хувиралтыг шүдний мэргэжилтнүүд үндсэн гурван бүлэг болгон ангилдаг.

  • Гадаад шалтгаант өнгө хувиралт : Энэ ангилалд шүдний гадна талын гадаргуу буюу паалан кофе, вино, кола, бусад хүнсний зүйлүүдийн будагч бодисын улмаас өнгөө өөрчилснийг хамааруулна. Мөн тамхины улмаас шүд шарлалт нь гадна шалтгаант өнгө хувиралт юм.
  • Дотоод шалтгаант өнгө хувиралт: Энэ ангилалд шүдний дотор бүтцийн эдүүд өнгөө өөрчилсний улмаас шүдний гадаргуу дээр ажиглагдах өнгөний өөрчлөлтийг хамруулна. Ийм өнгөний хувиралд нөлөөлөх хүчин зүйлст бага насанд шүдний хэлбэржилтийн үе дэх фторын илүүдэл, эхчүүдэд жирэмсний хоёрдугаар хагаст тетрациклин антибиоток хэрэглэснээс, 8 настай ба түүнээс жижиг хүүхдүүдэд тетрациклин антибиотикийн хэрэглээ зэрэг орно.
  • Насжилтаас шалтгаалсан өнгөний өөрчлөлт:  Энэ нь шүдний өнгө өөрчлөх гадаад ба дотоод хүчин зүйлсийн харилцан үйлчлэл дор явагдана. Мөн тамхи таталт болон бусад хүнсний хэрэглээний улмаас шүдний тугалмай эд нас нэмэх тусам аажимдаа шарласаар байдаг. Хүмүүсийн нас нэмэгдэхийн хэрээр шүдний гадуур бүрхсэн паалангийн давхарга нимгэрэх бөгөөд энэ нь шүдний тугалмай эд илүү их гэрэлтэн харагдах шалтгаан болдог. Шүд эмтрэх ба ямар нэгэн гэмтэлд өртөх нь мөн шүдний өнгө өөрчлөгдөх шалтгаан болно.

Маш ховор тохиолдолд тугалмайн эдийн төрөлхийн гаж хөгжлийн улмаас хүүхэд төрөхдөө саарал, шар, ягаан өнгийн шүдтэй байх нь бий.

Шинж тэмдэг: Шүдний гадаргууд будагч бодис хуримтлагдсаны улмаас эсвэл тугалмайгаас шалтгаалан өнгө өөрчлөгдсөн.

Оношилгоо: Шүдний өнгөний өөрчлөлтийг оношлоход тусгай зориулалтын аргачлал шаардлагагүй. Шүдийг зөвхөн харж ажиглах байдлаар өнгөний өөрчлөлтийг тодорхойлно.

Урьдчилан сэргийлэлт: Хоол идсэний дараа шүдээ угааж хэвших нь хоол хүнсний зүгээс ирэх будагч бодисыг цэвэрлэхэд тусална. Шүдний эмч нар кофе, вино зэрэг будагч бодис ихээр агуулсан ундаа, уух юм хэрэглэсний дараа амаа цэвэр усаар зайлж байхыг зөвлөдөг. Шүдний эрүүл ахуйчид тогтсон хугацаанд очиж мэргэжлийн цэвэрлэгээ, өнгөлгөө хийлгэх нь шүдний гадаргууд будагч бодис хуримтлагдахаас сэргийлэх хамгийн зөв арга зам юм.

Шүдний дотоод шалтгаантай өнгөний хувирал нь шүдний дотор байрлах судас, мэдрэлийн багц гэмтсэнээс шалтгаалах ба сувгийн эмчилгээ хийж өнгө хувирахад нөлөөлж байгаа зүйлсийг авч цэвэрлэснээр шүдний өнгө хэвийн болно. Гэсэн хэвий ч сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдний өнгө ч бас хувирах нь бий. Хүүхэд насанд шүдний дотоод шалтгаантай өнгөний өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд фторын хэрэглээг илүүдүүлэхгүй байх нь чухал. Үүний тулд ундны усанд байх фторын хэмжээг шалгаж үзэх нь зүйтэй. Үүний дараа шүдний эмчийн зөвлөгөөг аваарай.

Эмчилгээ: Шүдний өнгөний өөрчлөлтийг ихэнхдээ түүний гадаргууд цайруулах бодис тавих замаар эмчилдэг. “Power bleaching” буюу хүч нэмэгдүүлсэн шүд цайруулал хэмээх аргачлал нь шүдний эмч тусгай зориулалтын гэрлийн тусламжтайгаар идэвхждэг цайруулагч бодис ашиглаж шүд цайруулахыг хэлнэ. Энэ аргачлалын тусламжтайгаар шүд 30–45 мин дотор эрс өнгөө өөрчилдөг. Үүний дараа хэд хэдэн удаагийн ирэлтээр дагалдах эмчилгээ хийдэг.

Мөн гэрийн нөхцөлд шүдний эмчийн бэлтгэж өгсөн шүдний хамгаалалт ялтсыг ашиглан шүдээ цайруулж болно. Энэ үед гэрийн нөхцөлд ашиглах зориулалтын гель хэлбэртэй шүд цайруулагч бодисыг ашиглах бөгөөд эмнэлгийн нөхцөлд шүд цайруулахаас ялгаатай нь шүд цайртлаа нэлээд удаан хугацаа буюу 2–4 долоо хоног шаардагддаг. Мөн багахан хэмжээний шүд шарлалтын үед шүд цайруулах оо хэрэглэж цайруулж болох боловч энэ нь ихэнх тохиолдлуудад үр дүн муутай.

Хэрэв шүдний сувгийн эмчилгээний улмаас шүдний өнгө хувирсан бол шүдний эмч тань сувгийн эмчилгээний материалыг сувгаас аваад шүдийг дотор талаас нь цайруулах материалыг ашиглана.

Хэрэв шүдний эмтэрсэн гэмтсэн хэсгийн өнгөний өөрчлөлт шүд цайруулах эмчилгээнд үр дүн муутай бол эмч түүнийг гадна талаас нь ломбоны материалаар бүрж эмчлэх болно. Үүнтэй ижил аргачлал нь шүдийг гадна талаас нь шаазан нүүрэвч ба бүрээсээр бүрэх аргачлал юм. Шүдний гадаад шалтгаант өнгөний хувирал нь маш сайн эмчилгээ авна. Харин дотоод шалтгаант өнгөний хувирлыг эмчлэх нь бэрхшээлтэй бөгөөд их хугацаа шаарддаг.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангуудын жагсаалт гарчээ

Эрүүл мэндийн даатгал зурган илэрцүүдНийслэлийн зургаан дүүрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмээр үйлчлэх эмийн сангийн жагсаалтуудыг гаргажээ.

Жороор олгох хөнгөлөлттэй эмийг авахдаа:

  • Игэний үнэмлэх,
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ,
  • Шаардлагатай тохиолдолд амбулаторийн картыг үзүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын ёс зүйн зөрчлийг 18001919 утсанд мэдээлэх боломжтой

Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утсыг өнөөдөр танилцууллаа.

Улсын ерөнхий прокурорын газар, Азийн сантай хамтран ажиллах санамж бичигт 2016 онд гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Канадын Засгийн газар, Канадын гадаад хэргийн яам, АНУ-ын Азийн сангийн оролцоотойгоор “Төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд прокурор, ажилтны ёс зүйн зөрчил, сахилга хариуцлагын талаар гомдол, мэдээллийг иргэдээс хүлээн авах 18001919 утасны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Уг утсаа прокурорын сонирхлын зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг иргэдээс нээлттэй хүлээн авах юм байна.

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зорилгоор уг утсыг нээж байгаа тул прокурор ажилтнуудын сахилга хариуцлагатай холбоотой санал гомдлоо иргэн бүр өгөх боломжтой аж. Уг утсаар ажлын цагаар 08.30-17.30 цаг хүртэл иргэдийн санал гомдлыг хүлээн авна. Харин ажлын бус цагаар автомат хариулагч тохируулах тул гомдол мэдээллээ өгч болох юм байна. Харин гомдол гаргасан иргэн хувийн мэдээллээ тэмдэглүүлснээр эргээд тухайн иргэнтэй холбогдож гомдлыг нь шийдсэн эсэхийг мэдээллэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Увс аймагт ажиллалаа

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Увс аймагт гуравдугаар сарын 23, 34-ний өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсгийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж эрүүл мэндийн тусамж үйлчилгээнд шаардлагатай байгаа УАЗ Хантер авто машиныг аймгийн ЭМГ-т, УАЗ-Пургон авто машиныг Бөхмөрөн СЭМТ-д мөн ариутгалын атвоклавыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус гардуулан өглөө.


Эрүүл мэндийн сайд салбарын ажилтнуудтай уулзахдаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, аймагтаа дурангийн хагалгааг амжилттай хийж байгаа, тодосгогч бодистой томографын шинжилгээг нэвтрүүлсэн зэрэг туршлагуудыг сайшаан цаашид хүүхдийн эндэгдлийг бууруулах асуудалд анхаарлаа хандуулахыг зөвлөлөө.

Мөн уулзалтын үр дүнд дараах томоохон асуудлуудыг шийдвэрлэлээ.

  • Нэгдсэн эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг 2019 онд барьж ашиглалтанд оруулах
  • Түргэн, Өлгий, Зүүнговь СЭМТ-үүдийн парк шинэчлэлийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх
  • Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэрэгтэй байгаа 4D ЭХО аппаратаар хангах
  • Нэн тэрүүнд суралцах шаардлагатай байгаа аль нэг чиглэлийг багаар нь гадаадад сургах
  • Малчин СЭМТ-ийн барилгын засварт 150 сая төгрөг
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн дулааны шугам сүлжээний их засварт 220 сая төгрөгийг тус тус шийвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

“PRINCE & PRINCESS MISS MONGOLIA-2018” тэмцээний бүртгэл эхэллээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй хүүхдийн мисс, мистер моделийн тэмцээн болох “Little miss and mister United world”-ийн Монгол Улс дахь шалгаруулалт 2018 оны 03 сарын 28-ны өдөр, 4 сарын 06-ний өдрүүдэд Хүүхэлдэйн театрын тайзнаа зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнд 5-17 насны охид хөвгүүд загвар өмсөгч, мисс, мистер төрөлд хоёр үе шаттайгаар өрсөлдөж, насны ангилал тус бүрт ялагчид тодрон титмийн эзэд болох юм.

Насны ангилал:

Хөвгүүд загвар өмсөгч, ханхүү буюу мистер төрлийн аль нэгийг сонгон

4-6 нас, 7-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-22 нас /зөвхөн модель/

Охид загвар өмсөгч, гүнж буюу мисс төрлийн аль нэгийг сонгон

4-6 нас, 7-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-22 нас /168 см-с дээш өндөртэй зөвхөн модель/

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдах дэлхийн мисс, мистерийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, олон улсын брэндүүдтэй хамтран ажиллах эрхийн эзэн болохыг хүссэн хүүхэд бүрийн өмнө үүд хаалга нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Бүртгэл энэ сарын 25-ны өдрийг дуустал явагдах аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88101555, 90992909 утсаар лавлана уу.

Ерөнхий зохион байгуулагч:

“Дэлхийн Монгол гүнж мисс” ТББ

Дэмжигч байгууллага:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар

Улсын Хүүхэлдэйн театр

“Бодь даатгал” ХХК

Categories
мэдээ нийгэм

“Монгол урьж байна” сэдэвт бага хурал болов

Монгол хэл сонирхон суралцагчдыг дэмжих, залуу судлаачдын анхаарал, сонирхлыг Монгол судлалд хандуулах зорилгоор БНЭУ-д суугаа Элчин сайдын яам, БНЭУ-ын Жавахарлал Неругийн Их сургуулийн докторант, Монгол хэлний багш Л.Өлзийт нар хамтран 2018 оны гуравдугаар сарын 15-нд Ehipassiko Mongolia буюу “Монгол урьж байна” сэдэвт Монгол судлаачдын бага хурлыг Шинэ Дэли хотноо зохион байгуулав.

БНЭУ-ын анхны Ерөнхий сайд Жавхарлал Неругийн нэрэмжит их сургуульд олон жилийн тэртээ Монголын эрдэмтэн багш нар уригдаж ажиллаж, монгол хэл заадаг, Монгол нийгэм-улс төрийг судалдаг байсан. Сүүлийн жилүүдэд тасарсан энэхүү уламжлалыг сэргээхээр тус улсад суугаа Элчин сайдын яам санаа тавьж ажилласны үр дүнд Гадаад хэлний сургуулийн Зүүн Азийн төв 2016 онд хичээлийн нэг жилийн хугацаатай монгол хэл сургалтыг дахин нээж, суралцахыг хүссэн их дээд сургуулийн багш нар, судлаачид, худалдаа, бизнес эрхлэгчид, оюутан залуусыг элсүүлсэн бөгөөд 2018 онд уг сургалтын түвшинг дээшлүүлж, хугацааг нь хоёр болгож өргөжүүлсэн юм.

Бага хуралд Жавхарлал Неругийн их сургуулийн Хэлний сургуулийн Азийн судлалын төвийн эрхлэгч пр.Шарад К.Сони, Зүүн Азийн хэлний төвийн эрхлэгч др.Вижайяанти Рагван, монголч эрдэмтэн проф. Лари Азад, Дели Их сургуулийн “Камла Неру” коллежийн захирал асан др.Рита Малхотра, эдийн засагч др.Мароор А.Бег, НҮБ-ын ажилтан Ражендра К.Ахужа, удамшил зүйч др.Хари В.Чаудхури, Делийн их сургуулийн багш др. Викас Сингх, соёл судлаач др.Рамкишор Махолья болон монгол хэл суралцаж байгаа оюутнууд, Монгол Улсын түүх, нийгэм улс төр, эдийн засгийг судалж магистр, докторын зэрэг горилогчид оролцов.

Бага хурал гурван салбар хуралдаантай явагдаж, “Энэтхэг, Монголын харилцааны эхэн үе: Монгол бичиг үсгийн түүх”, “Монгол дахь Энэтхэгийн утга зохиол судлал”, ”Монголын соёлын ерөнхий байдал”, “Монголчуудын баяр, тэмдэглэлт үйл явдлууд”, “Шинэ төмөр зам төсөл”, “Монгол үндэстэн”, “Монголын нийгэм, соёлын харьцуулсан судалгаа”, ”Монголын Буддын соёлын онцлого”, “Монголын үндэсний аюулгүй байдлын бодлого”, “Монгол хэл”, “Монголын нийгэм улс төрдахь эмэгтэйчүүдийн байр суурь: 1921 оны Ардын хувьсгал”, “Монголын эдийн засаг, бизнесийн орчин”, “Аялал жуулчлал”, ”Энэтхэг, Монголын худалдааны харилцаа”, ”Монгол дахь нийгмийн сүлжээ” зэрэг нийт 15 илтгэл хэлэлцсэн юм. Мөн проф. Лари Азадын бичсэн “Дорноос Өрнийг чиглэл соёл иргэншил”, др. Рита Малхотра англи хэлнээ хөрвүүлсэн “Монгол яруу найрагч Хадаа Цэндоогийн ертөнц” зэрэг номыг танилцууллаа.

Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд бага хуралд оролцож, “Монгол, Энэтхэгийн харилцааны түүхэн уламжлал, өнөөгийн байдал, ирээдүйн төлөв” сэдвээр ярьж, их зохиолч Д.Нацагдоржийн “Энэтхэг бүжигчин бүсгүй “ гэдэг шүлгийг англи, хинди хэлээр орчуулсанаа уншиж сонсгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Х.Булгантуяа “Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь болсон төрийн сан хөмрөгийг арвижуулахад хувь нэмрээ оруулж буй татвар төлөгч иргэдийг өөрөөрөө бахархах сэтгэлийг бий болгоё”

Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018 зурган илэрцүүд

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар “Корпорэйт конвэйшн центр”-ийн “Сөүл” танхимд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018” эхэллээ. Зөвлөгөөнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын дарга Д.Занданбат, дэд дарга Б.Заяабал болон Нийслэл, дүүрэг, 21 аймгийн Татварын албадын дарга нар оролцлоо.

ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал зөвлөгөөний дэгийг танилцуулж, оролцогчдоор батлуулснаар зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа нээж, хэлсэн үгэндээ “Жил болгон зохион байгуулдаг “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-д хүрэлцэн ирсэн Татварын ерөнхий газар, нийслэл, аймаг, дүүргийн Татварын албаны дарга, татварын улсын ахлах байцаагчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Татварын алба улс, орон нутгийн төсөвт 2017 онд 3.3 их наяд төгрөгийг татварын орлого төвлөрүүлэхээс 3.8 их наяд төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөнөөсөө 116.9 хувиар, 2018 оны эхний хоёр сард 547.2 сая төгрөгийг татварын орлогоос төвлөрүүлэхээс 728.6 сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 133.2 хувиар давуулан, амжилттай биелүүлсэн байна. Та бүхэндээ Сангийн сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж байгаагаа илэрхийлье.

Татварын алба Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээдэг билээ. Энэ үүргийг биелүүлэхэд Сангийн яам, удирдлагууд бүх талаар Татварын албатай хамтарч ажиллаж ирсэн. Татварын алба татвар төлөгчдийг орлогоо үнэн зөв мэдүүлэх, татвараа хугацаанд нь төлдөг болгоход чиглүүлж, ажиллах ёстой. Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь болсон төрийн сан хөмрөгийг арвижуулахад хувь нэмрээ оруулж буй татвар төлөгч иргэдийг өөрөөрөө бахархах сэтгэлийг бий болгох нь татварын байгууллагын нийгэмд хүлээсэн үүрэг төдийгүй иргэдийн төр засагтаа итгэх итгэлд томоохон өөрчлөлт авчирах учиртай юм. Дээрх төлөвшлийг бүрдүүлэн, татварын үйлчилгээг мэргэжлийн төвшинд, ил тод, хурдан шуурхай үзүүлэх замаар татварын өрийг барагдуулж, төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлж байгаагаас Татварын албаны үйл ажиллагааг дүгнэж болох юм.

Өнөөгийн нийгэм, эдийн засгийн амаргүй нөхцөлд энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж, Татварын хууль тогтоомжийн хүрээнд хуулиа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Иймд Татварын алба дараах гурван зүйлийг нэн тэргүүнд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг Сангийн яамнаас ТЕГ-тай хамтран шинэчлэн боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж, удаа дараа санал авч байна.
Сангийн яамнаас Татварын багц хуулийг энэ хаврын чуулганд өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Татварын багц хуулийн тухайд Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмүү өртөгийн албан татварын хуулиудад өөрчлөлт орно. Үүнээс гадна багц хуулийн хүрээнд дагалдах 20 хуульд өөрчлөлт орно. Татварын багц хууль дээр татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээс илүү татварын бааз суурийг нэмэгдүүлье гэж байгаа.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.

Энэ хүрээнд Монголын Татварын албанаас энэ онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг сайшааж байна” хэмээлээ.
Энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнд Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат илтгэл тавьж, татварын албаны 2017 онд хийсэн зарим ажил, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Татварын албадын удирдлагуудтайгаа санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэхээр “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-өөс уриалга гаргасан юм. Түүнчлэн ТЕГ-ын дарга Д.Занданбат, дэд дарга Б.Заяабал, ТЗУГ-ын дарга Л.Нэргүй нар харьяа татварын албадын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулснаар энэ удаагийн “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018” амжилттай болж, өндөрлөлөө.
Categories
мэдээ улс-төр

Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо

Сүхбаатар аймгийн зарим суманд энэ сарын 24-25-нд хурдан морины уралдаан зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсний дагуу Шадар сайд Ө.Энхтүвшин (2018.03.23) Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүрэг өглөө.

Шадар сайд Ө.Энхтүвшинээс өгсөн үүрэгт “Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааныг энэ оны зургадугаар сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгож байна” гэжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл, дээр дурдсан гурван аймгийн хоёр аймгийнх нь зарим суманд малын гоц халдварт шүлхийн тохиолдол илэрч, өвчний голомт тэмдэглэгдээд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Улсаа гэсэн ганцхан эрх ашгийн төлөө нэгдэж ажиллая

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар товч танилцуулав.

Тогтвортой улс төр, тогтвортой бодлогогүй, сахилга, хариуцлага алдагдсан, дураараа авирладаг байдал газар авсан, тооцоо судалгаагүйгээр их хэмжээний өр тавьж, үр дүнгүй зарцуулсан, хүнд суртал, дарамт их байснаас олон мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан зэрэг нь монголчууд бидний өмнө тулгарсан зовлон. Зовлонгийнхоо шалтгааныг олсон учир засч залруулах үүднээс шударга ёс тогтоож, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, хатуу шаардлага тавьж ажиллаж байгаагаа хэллээ.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүнд 1,2 хувьтай байсан эдийн засаг 2017 онд 5,2 хувьтай гарч, гурван жил дараалан буурсан зээлжих зэрэглэл дээшилсэн, эдийн засгийн өсөлт ирэх онд 8 хувьд хүрнэ гэж Дэлхийн банк таамаглаж байгаа зэргийг дурдав.

Хүн ам, малын тоо нэмэгдэж, төсвийн орлого давж биелэн, гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, валютын нөөц нэмэгдсэн, аж үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ өссөн, төсвийн алдагдал буурч байгаа зэрэг ололт, амжилт байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Цаашид энэ бүхнээ бататгахаас гадна олсон орлогынхоо хэмжээнд зарлага гаргаж төсвийн алдагдалгүй, дотоод, гадаад өргүй болохыг зорьж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Засгийн газар иргэдээ эрүүл хүнсээр хангаж, гэр, орон сууцтай, боловсролтой, ажилтай орлоготой байлгаж, эрүүл мэндийг нь сахин хамгаалахад анхаарна. Энэ нь хүчтэй, хараат бус эдийн засагтай байх ёстой гэсэн үг. Үүний тулд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, мал ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбараа давхар хөгжүүлнэ гэв.

Ойрын жилүүдэд эрчим хүч, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2020 он гэхэд баруун аймгуудыг Улаанбаатартай хатуу хучилттай замаар бүрэн холбоно гэв.

Монголчууд улс төржиж, талцалгүй, улсаа гэсэн ганцхан эрх ашиг, эдийн засгаа өөд нь татаж, иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө нэгдэж ажиллах ёстой. Сонгуулийн үеэр л улстөржицгөөе. Бусад үед нь ажлаа хийе гэж Ерөнхий сайд үзэж байна. Энэ чиглэлээр улс төрийн нам, улстөрчдөөс гадна иргэд ч хамтран зүтгэе гэж уриалсныг Увс нутгийн иргэд талархан хүлээж авлаа.

Нутгийн иргэд Ерөнхий сайд болон дагалдсан яваа сайд нарт хандаж санал, хүсэлтээ илэрхийллээ.

Иргэн Ц.Лхагва: “Жангар” зэрэг тууль, үлгэр, бий биелгээг дунд сургуулийн хөтөлбөрт оруулж заадаг болгоё. 1956 онд ашиглалтад орсон Соёлын ордныг засварлах, эсвэл шинээр барихад анхаарах хэрэгтэй байна.

Иргэн н.Цэцэгмаа: Эмнэлэг байгуулж 15 хүнийг ажлын байраар ханган, улсдаа татвараа цаг хугацаанд нь төлж байгаа. Сонгон шалгаруулалтад орох ёстой гэсэн үндэслэлээр нэг хүнд ногдох Нийгмийн даатгалын хөнгөлөлтөө авч чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх залуу, эрч хүчтэй хүн. Хувийн хэвшлээ дэмжээрэй.

Малчин н.Намсрай: Хүүхэд, залуусын дунд соёл, хүмүүжлийн ажил аль болох түлхүү зохион байгуулж байх. Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, дадал, ухамсар суулгах шаардлагатай болжээ.

Иргэн н.Батаа: Аймаг, орон нутгийн ажил сайн байгаа. Хөрсний ус орж ирж айл өрхийг усанд автуулан, зам, талбай эвддэг. Далан барьж энэ усыг хуримтллуулан ногоо, цэцэг услах зэрэгт ашиглах боломж байна. Хөнгөлөлттэй зээл олговол хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн иргэдээ сүү, хадлан зэргээр хангах боломжтой.

Иргэн н.Догоосүрэн: Асуудлыг газар дээр нь шийдэж байгаад бид баяртай байна. 4 мянган хүнтэй долоодугаар баг Өрхийн эмнэлэггүй. Иргэд гурван газарт хуваагдаж эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж байгааг анхаарна уу. Гэр хорооллыг цэвэр, бохир усаар хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Иргэн н.Зундуй: Орон нутагт ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний багт амжилт хүсье. Ард түмэн итгэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөө яаравчлуулья. Хоёр парламенттай болох хэрэгтэй байна. Сонгогчдын боловсролыг дээшлүүлье. Авлига, офшорчид Монгол төрийг муухай харагдуулж байна. Үүнийг таслан зогсооход энэ Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Банкны хүүгийн дарамтыг арилгах хэрэгтэй байна.

Иргэн н.Батсуурь: Халамжийн мөнгийг иргэн, тухайн хүний асран хамгаалагчийнх нь дансанд шууд хийж байх шаардлагатай байна. Мөнгөө авах гэж ажлаа алдах тохиолдол их гарах юм.

Иргэн н.Мөнхнаран: Манай компани тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байгаа. Энэ нь Засгийн газрын тогтвортой бодлогын үр дүн гэж үзэж байна. Төрийн албан хаагчид ээлжийн амралтаа авч гадаадад ажил хийхээр явж байна. Төрийн албанд дэг журам, сахилга бат чанга байх хэрэгтэй.

Иргэд мөн 1072 хувьцааг амилуулах, төмөр замаа барих, ахмадуудын дийлэнх нь банкны зээлтэй, одоо зээл авья гэхэд үр хүүхдээр нь барьцаалдаг болсон тухай хөндлөө. Түүнчлэн зарим цөөн хүн төрийн нэр хүндийг унагаж байгаад анхаарах, хариуцлагагүйн зудтай тэмцэх, усалгаатай тариаланг дэмжих, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, малын тоо толгойг өсгөсөн малчдыг Улсын аваргаар шалгаруулдаг байх бус, харин эрчимжсэн аж ахуй, фермерийг түлхүү шагнаж урамшуулах, чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх, зэрэг санал, хүсэлт тавьж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд нар иргэдийн санал, хүсэлт, гомдолд хариулж, заримыг нь судлан ойрын хугацаанд бичгээр хариу өгөхөөр болов.

Алслагдсан нутагт ажиллан тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийг газар дээр нь шийдэж, санал бодлыг нь сонсож байгаад иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлэн, шударга, эрч хүчтэй ажиллахыг захилаа. Мөн эдийн засгаа өсгөн, иргэдээ ядуурлаас гаргаж, амьдралыг нь сайжруулна гэсэн итгэл, хүлээлт маш их байгааг хэлж байв.

Ховд, Баян-Өлгий аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон дагалдан яваа сайд нар, албаны бусад хүний орон нутаг дахь албан томилолт Увс аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзсанаар өндөрлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлчид ба Элчин Сайдууд” уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж буй “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт Blue Sky зочид буудлын Кристалл танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайдууд, Ерөнхий консул, Олон улсын байгууллагын төлөөлөгчид болон хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд оролцсон юм.

Уулзалтыг нээж Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрээр “Эрхэм Элчин сайд нар болон сэтгүүлчид энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн зочид та бүхэндээ талархал илэрхийлж байна. Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрууд өдөр тутмын ажилдаа Монгол Улсын Засгийн Газар буюу төртэй хамтран ажиллаж ирсэн билээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон хамгийн суурь ойлголт, засаглалын нэг хэлбэр юм. Тийм учраас зөвхөн төр засагтай төдийгүй энэ засаглалтай ч мөн адил харьцах хэрэгтэй байдаг. Яг үүнийг нөхөж өнөөдрийн арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн ач холбогдол өдөр бүр улам өссөөр байгаа энэ цаг үед өөрийн мэдээллийг зөвөөр таниулан цацах, хэвлэл мэдээлэлтэй харьцах харилцааны суурь тавигдах, хоёр орны харилцааг зөв урсгалаар явуулах, бодлогын уялдаатайгаар харилцааг хөтлөн явуулахад маш чухал үүрэгтэй.

Миний зүгээс элчин сайд нартаа хандаж хэлэхэд, зарим тохиолдолд хэвлэлийнхэнтэй харилцах харилцааг зөв урсгалаар нь явуулж байгаа үед засгийн газарт сонсгох мэдээ илүү хурдан хүрч байж магадгүй. Хэвлэл мэдээлэл нь дөрөв дэх засаглал гэдэг утгаараа том засгийн газартай дүйцэхүйц учир бүхэл бүтэн засаглал гэж хэлж болно. Биднээс хүчтэй үе байдаг гэдгийг хэлэх гэсэн юм. Мөн Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх гэсэн нэгдсэн нэг бодлогын дор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран ажиллаж байна” хэмээн онцлов.

Мөн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монголын сэтгүүлзүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжил болон 10 жилийн зорилт, 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн тэрээр ярихдаа “105 жилийн түүхтэй Үндэсний сэтгүүлзүйн салбар, 67 жилийн түүхтэй МСНЭ-ийн нэр хүндийг өндөрт өргөж, ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг хамгаалан хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилтан ажиллагсад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх ашгийг тууштай хамгаалах, санхүүгийн хараат бус байдлыг дээшлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлж МСНЭ-ийн бие даасан, хараат бус, шинэ дэвшилтэт хөгжлийг авчрахын төлөө зорьж байгаагаа” илэрхийлсэн юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас “Сэтгүүлчид ба Элчин Сайдууд” уулзалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.


-МСНЭ-тэй хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний гол онцлог нь юу вэ?

-Энэ арга хэмжээний гол онцлог нь Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг хэвлэл мэдээллүүдийн байгууллагуудтай холбож өгөх. Тиймээс өдөр тутмын амьдралд гүйцэтгэх үүрэг нь илүү нэмэгдсээр байгаа энэ үед зөв мэдээлэлтэй байх, ялангуяа мэдээллийн эх сурвалж нь найдвартай байх нөхцөлийг бүрдүүлж өгөх нь чухал гэж бодож байна. Олон түмэн зөв мэдээлэлтэй байж, ялангуяа гадаад мэдээллийн эх сурвалж нь шалгагдсан эх сурвалжаас авсан мэдээлэлтэй байх нь чухал. Тэр эх сурвалж нь гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газрууд шүү дээ. Заримдаа тэр бүр нээлттэй байхгүй, хаалттай байх нь элбэг. Тиймээс манай хэвлэл мэдээлэлтэй харьцаж байгаач ээ, манай хэвлэл мэдээллийнхэн ч мөн адил дипломат төлөөлөгчийн газруудтай танилцаад аваач ээ гэсэн үүднээс энэ нээлттэй сувгийг л бий болгож өгөх гэсэн юм. Энд ирсэн элчин сайдуудтай шууд нүүр тулан уулзсан байхад дараа нь ярилцлага авах гээд очиход ч гэсэн илүү дөхөм байна байх. Сэтгүүлчдэдээ ч тус болж байгаа, дипломат төлөөлөгчийн газрууддаа ч тус болж байгаа юм. Хамгийн гол нь мэдээллийг хэрэглэж байгаа хүмүүстээ л найдвартай мэдээлэл хүргэх юмсан гэж хүсэж байна. МСНЭ-ээс цаашдаа ийм уулзалтууд зохион байгуулах бол миний зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаа.

-Бусад орны хэвлэл мэдээлэл гадаадын элчин сайдуудтайгаа уялдаа холбоотой ажилладаг болов уу?

-Уялдаа холбоотой л ажиллана л даа. Ялангуяа гадны хэвлэл мэдээллийнхэн Монголд ирэх юм бол манай Гадаад харилцааны яаманд ирж бүртгүүлдэг. Бид тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлж бусад байгууллагуудтай холбож өгч уулзалтуудыг нь зохион байгуулж өгдөг.

-Энэ уулзалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Үр ашиг нь гэвэл, аливаа дамжлагагүйгээр шууд мэдээллээ авч байх боломж юм. Ялангуяа энд ирсэн улсууд цаашдаа хамтран ажиллах боломжоо л нээж байгаа гэж би хувьдаа үзэж байна. Гэхдээ элчин сайдын яамдууд өдөр бүр нээлттэй байхгүй шүү дээ. Тиймээс энэ нь хамтын ажиллагааны өргөн боломжийг нээж байна гэсэн үг юм.