Categories
мэдээ нийгэм

“HORECA EXPO” зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо, Монголын Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн ур чадварын сургууль, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Мэргэшсэн зөөгчдийн нийгэмлэгээс хамтран зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байна. Тэмцээн, үзэсгэлэн энэ сарын 30-31-ний өдөр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд явагдана.

Зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа бөгөөд дараах мэргэжлүүдээр явагдах аж. Үүнд:

  • Зочин хүлээн авагч
  • Өрөөний үйлчлэгч
  • Тогооч
  • Зөөгч
  • Угаалгын ажилтан

Мөн зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хүнс ахуй, хангамжийн үзэсгэлэн худалдаа хамт болох бөгөөд Монголын зочлох үйлчилгээний холбооны зөвлөх “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн ялагч Г.Мөнгөндолгионы гарын хоолыг амтлан, ширээ засалт, ор хураалт зэргээр нээлттэй сургалтууд зохион байгуулагдаж, бартендерийн найруулсан амтлаг коктейль, дарсны төрөл онцлог, дарсаар үйлчлэх техник, кофены хэрэглээний талаар өргөн мэдлэгтэй болох боломжуудыг олгож байна.

Дэлхий дахинд 2017 оны байдлаар нийт 1.2 тэрбум хүн аялж, нийт ажил эрхэлж байгаа 11 хүн тутмын 1 нь уг салбарт ажиллаж байна. Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 – 2770, 8009-9845 дугаарын утсаар авна уу гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

зарлан мэдээллийн дохио зурган илэрцүүд

Энэ пүрэв гараг буюу гуравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг болно.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулна.

НЭГ дэх түгшүүрийн дохио дуугарахад иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ.

Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээх юм.

Харин тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтраагаарай.

ХОЁР дахь түгшүүрийн дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

ГУРАВ дахь түгшүүрийн дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна

Categories
мэдээ цаг-үе

Монгол, БНСУ-ын засгийн газар хоорондын комисс хуралдаж байна

Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын комиссын 3 дугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Хуралдаанаар БНСУ-аас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын чиглэлийг эцэслэн тогтоох юм. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д энэ оны нэгдүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг байгуулсан билээ. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүү, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болсон. Зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа ба 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

Уг 500 сая ам.долларын зээлийн зарцуулалтын төслүүдийн судалгааг БНСУ-аас томилогдох ажлын хэсэг энэ сард манай улсад ирж хийсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар эцэслэн тогтооно. Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй 13 төлөөлөгч Монголын талаас, мөн БНСУ-ын талаас 13 төлөөлөгч оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлжүүлж байна

худаг зурган илэрцүүд

Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд эхлүүд байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулан хамтран ажиллана уу.

2018 оны есдүгээр сарын 15-ны дотор гүний худгаа ирж бүртгүүлэн мэдээллийн санд хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож гүний худгийг битүүмжлэхийг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Тракторын жолооч П.Доржсүрэнгийн халаасанд генералын мөрдөс байсан түүх

Зүүн гар талаас эхнийх нь хурандаа Б.Балдан, бригадын генерал, газрын дарга П.Доржсүрэн, офицер Баярбат нар

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Гурван жилийн өмнө буюу 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр хошууч Пүрэвийн хүү Зэвсэгт хүчний хянан шалгалт, үнэлгээний газрын дарга хурандаа Доржсүрэн Монгол Улсын 163 дахь генерал цолтон болж байлаа. Энэ удаа бид “Танайд өнжье” булангаараа бригадын генерал П.Доржсүрэнгийн амьдралын замналыг өгүүлэх юм. Өнгөрөгч пүрэв гаригт түүнтэй холбоо барихад ажил дээрээ байна гэсэн тул бид Зэвсэгт хүчний жанжин штабыг зорилоо. Үүднийх нь жижүүр цэргээс эхлээд тавхийтэл ёсолж, дотуур холбоогоороо хэл өгсний дараа бид дотогш нэвтэрлээ. Түүнтэй уулзахаар Баян-Өлгий аймгийн Барилгын цэргийн 340 дүгээр ангийн захирагч ирсэн тул түр хүлээв. Пүрэвийн Доржсүрэн генералын бага нас Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу одоогийн Зүүнхараа хотод өнгөрчээ. Зүүнхараа хотын төмөр замын хойд талын гурван давхар шар сургуулийг буулгах шахам дэггүйтэж явсан жижигхэн шар хүү өнөөдөр М.Борбаатар, О.Үржин нарын араас нэрлэгдэх Мандал сумын гурав дахь генерал цолтон болсон байх юм. Түүнийг бага байхад сургууль дээр нь багт наадам болж, хүүхдүүд сансрын нисгэгч, жолооч, цагдаа болно хэмээн өөр өөрсдийнхөө ирээдүйн мэргэжлийг ярьж байхад наймдугаар ангийн сурагч П.Доржсүрэн харин “Би цэргийн дарга болно” хэмээж багт наадамд цэргийн хувцас өмсөж орж байсан гэдэг. Түүнчлэн гурван авга ах нь зэвсэгт хүчний хурандаа цолтой, нэг авга ах, эгч нь дэд хурандаа цолтой хүмүүс байсан тухай ажлынхаа өрөөнийхөө цонхоор алсыг харан зогсохдоо хэлж байлаа.

Баруун гартаа барьсан халуун цайгаа оочин суух генералын харцнаас цэргийн амьдралын түүхийг уншиж ч болмоор юм шиг сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Доржсүрэн генералын аав Пүрэв 1939, 1945 оны чөлөөлөх дайнд оролцохдоо Наймдугаар дивизийн 22 дугаар морьт хороонд эмнэлгийн албаны дарга, хошууч цолтой байлдаж байсан гэнэ. Генерал Доржсүрэн аавтайгаа хамт ахынх нь болох Улаанбаатар хотын Иргэний хамгаалалтын дарга хурандаа Ванчинсүрэнгийнд очихдоо цэргийн малгайг нь өмсөж, мөрдөс, бүсийг нь зүүж өөрийгөө толинд харан ёсолж, эгээ л цэрэг болсон мэт өөрийгөө төсөөлдөг байсан нь өдгөө ч түүний сэтгэлд нэн тод үлдсэн байна. Яг л энэ хувцастайгаа энэ дүрээрээ сургуулийнхаа багт наадамд оролцож байсан нь 1974 он. Цэрэг болох дэврүүн хүсэлтэй хүүг “сахилгагүй” хэмээн ангийн багш Дэмчиг нь ангийнх нь гурван хөвгүүний хамт Заамарын барилгын ТМС-д явуулжээ. 1977 онд ТМС-иа төгсөхөд “Атрын II аян” эхэлчихсэн байсан тул Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хуучнаар Номгоны Сангийн аж ахуйд очиж байшин барилга, малын хашаа саравчнаас эхлээд барилгын ажилд ханцуй шамлан оржээ.

Хурандаа П.Доржсүрэн бригадын генерал цолоо гардан авч буй агшин 2015.03.18

Гэтэл нэг өдөр Сангийн аж ахуйн дарга Пэрэнлэй түүнийг дуудаж уулзаад шууд Шаамарын ТМС-д тракторч, комбайнчаар явуулжээ. Зургаан сарын курст сууж төгсөөд Сангийн аж ахуйдаа ирэхэд Пэрэнлэй дарга нь түүнийг Ширээ нуруунд байрлах Атрын дөрөвдүгээр бригадад буулган тракторч, комбайнч болгосон гэнэ. Урт үстэй, өргөн өмдтэй, цээж нүцгэн тэрээр тариан талбайд өдөржин, шөнөжин ажиллаж байхдаа Ардын хувьсгалын 60 жилийн ойн медалиар шагнуулж байсан хэмээн урамтай нь аргагүй өгүүлэв. “Ургацын далай” дууг одоо ч сонссон сэтгэл нь догдолсон хэвээрээ шүү хэмээн инээмсэглэж байлаа. П.Доржсүрэн генерал Номгоны Сангийн аж ахуйд ажиллаж байхдаа дундуур нь Зүүнхараагийн нэгдүгээр сургуульд эчнээгээр суралцаж аравдугаар ангиа Баатарпүрэв багшийн удирдлаган доор төгссөн байна. Тэр үед тракторын жолооч нарыг цэрэгт явуулдаггүй байж. Нас нь 20 гарсан, цэрэгт явах хүсэл дүүрэн тул П.Доржсүрэн цэрэг татлага явагдаж байна гэхээр нь трактор, комбайнаа тэр чигт нь орхин чемоданаа аваад гарчээ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах цэргийн комисст яваад очтол “Чи тракторч юм байна. Чамайг чөлөөлсөн, авахгүй” гэхээр нь “Яадаг юм билээ” хэмээн бодон майхны буланд сууж байтал Сангийн аж ахуйн дарга бололтой хүн цэргийн комиссын даргаас хүүхдээ салгаж авах гээд өдрийн хагас гуйсныг анзаарсан тэрээр тэр хүнтэй уулзаж “Ах аа та хүүхдээ цэргээс авах гэж байгаа юм уу. Намайг цэрэгт авахгүй байна. Танай хүүхдийн оронд би явчихъя” гээд сэм хуйвалдах маягтай тэрүүхэн хавьдаа зохицуулаад цэрэгт явжээ. Ингэж л П.Доржсүрэн цэрэгтэй амьдралаа холбосон хэмээн “Афганистан” хэмээх номыг гартаа барин зогсохдоо хэлсэн юм.

Дулаанхаан тосгоноос Улаанбаатар хотын бидний мэдэх Шархадны хоёр өндрийн гэгдэх Радио техникийн 065 дугаар ангид Сэлэнгээс Дорждэрэмийн хамт хоёулаа цэрэг болж гурван жилийн алба хаажээ. Түүнийг цэрэгт байхад сүүлд 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Цогтбаатар хурандаа штабын дарга байсан бол Нанзадын Чулуунхүү гавьяат ар талын албаны дарга, гавьяат тамирчин Артаг биеийн тамирын дарга байсан гэнэ. Цэргийн ангидаа байж байтал ангийн захирагч Балдан хурандаа өрөөндөө дуудахаар нь яваад ортол “Хүү минь чи офицер болох уу” гэхээр нь дуун дээр нь зөвшөөрсөн гэдэг. Тухайн үед авга ах нар нь “Сахилгатай байгаарай, цэргийн эрдэмд шамдаарай, дарга нарынхаа үүргийг сайн биелүүлж байгаарай. Оргож болохгүй шүү” хэмээн захидаг байж. 1979 онд Хятад, Вьетнамын хооронд асуудал хурцадсан тул офицеруудыг бэлдэж эхлэхэд ийнхүү офицер болсон байна. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 10 сарын курст суугаад 1981 онд Зүүнбаянгийн цэргийн ангид бага дэслэгч цолтой очиход Б.Хандмаа хошууч түүнийг хүлээн авсан байна. Энэ хүнээс би их зүйлийг сурсан. Хүний хийж эхэлж буй ажлын гараа хэр сайн тавигдана түүнээс амьдралынх нь зам эхэлдэг хэмээн онцолж байсан юм. Дайчин, шударга, чанга захирагч байсан тул шинэхэн бага дэслэгч ёстой л юм юмыг үзэж, цэргийн амьдралын хатуу хөтүү, жаргалтай байх гэхчлэн бүгдийг сургасан Б.Хандмаа захирагчдаа одоо ч баярлаж явдаг гэж байлаа. Сардаа 640 төгрөгийн цалин авчихдаг байсан гэнэ. Хүн “Ямар хүний гараар орно, яг тийм хүн болдог” хэмээн Доржсүрэн генерал өгүүлэв. Тэндээ хоёр жил ажиллаад салааны захирагч, ротын захирагч болон дэвшээд байж байтал ангийн захирагч нь Улаанбаатар руу явахдаа түүнийг Дивизийн штабт өгчээ.

Цэргийн инженерийн дээд сургуулийн сонсогч. 1988 он

Тэрээр 1983-1987 оны хооронд Дивизийн штабтаа ажилласан байна. “Миний хоёр дахь ширүүн гараар нь орсон хүн Дивизийн штабын захирагч Б.Шагдар генерал байсан. Намайг ажилд сургасан” хэмээн бахархан ярьж байлаа. 1984 онд гадаадын том сайд ирэх болсон тул Зүүнбаянд хар зам тавих хэрэгтэй болсон тул Дивизийн штабын захирагч нь түүнд үүрэг өгчээ. 1984 онд мэдлэг муу байсан тул газраас нэвчсэн нефтийн барагшууныг ухаж аван шороон хөрсийг тэгшилж байгаад хар зам тавьсан байна. Зуны халуун өдрүүдэд өнөөх зам нь хуйларч дэржигнээд, өвөлдөө овойхоос эхлээд харахад л зам болохоос бусдаар жаахан хэцүүхэн зам болж. Доржсүрэн генерал “Сүүлд сонсох нь ээ, Доржсүрэнгийн доргио хар” гээд өнөө замыг маань нэрлэсэн байж билээ хэмээн ярьсан юм. Мөн Б.Шагдар даргынхаа удирдлагаар Зүүнбаянгийн 135 дугаар ангид спорт заал барьжээ.

Ийнхүү 1987 онд Зүүнбаянгийн штабаасаа ЗСБНХУ-ын Калининград хотын Цэргийн инженерийн дээд сургуульд явсан байна. Сургуульдаа таван жил сураад 1992 онд Засвар, ашиглалтын инженерээр төгсөн иржээ. Тухайн үед нийгэм ороо бусгаа хэцүү байсан ч зорилгоосоо хазайлгүй явсаар сургуулиа төгсөж ирээд Налайхын 017 дугаар ангид батальоны захирагчаар томилогдсон байх юм. Тус ангийн захирагч Дондогдорж хурандаа түүнийг Мөнгөнморьтын хойд талын Алтан судлын аманд зам тавих үүрэг өгч. П.Доржсүрэн хоёр батальон цэрэг аваад 1993 оны гуравдугаар сард яваад очтол 5-6 км үргэлжлэх намган дунд зам тавих хүндхэн даалгавар өгчээ. Тэдний цэргүүдээс гадна Мөнгөнморьтын шоронгийн хоригдлууд мөн ажиллаж байсан гэнэ. Тэнд долоон сарын хугацаанд ажиллахдаа намган дунд анх яаж зам тавихыг сурсан юм даа хэмээн инээмсэглэв. 1993 онд дээрээс дуудахаар нь яваад очтол түүнийг Батлан хамгаалах яамны инженерийн хэлтэст ахлах офицероор томилжээ.

Орос цэргийн ангиуд гараад дуусчихсан байсан тул Шивээ-Говь, Чойроос эхлээд олон буудлагын батальоны тэсрээгүй үлдсэн сум, бөмбөгүүдийг устгах ажлыг хийж байсан гэлээ. 1997 онд ОХУ-ын Москва хотын Инженерийн академид явж гурван жил суралцан улаан дипломтай төгссөний дараа уг академи татан буугджээ. Академиа төгсөөд Зэвсэгт хүчний Жанжин штабт Сургалтын хэлтсийн ахлах офицероор ажиллаж, 2001-2006 оны хооронд Булганы Хялганатын ус гатлалтын ангийн захирагчаар томилогдов. Тэнд ажиллаж байхдаа Эрдэнэтийн цэргийн ангитай хамтран ус гатлалтын томоохон хээрийн сургуулийг Сэлэнгэ мөрөнд явуулж байсан тухай Зэвсэгт хүчнийхэн өдгөө ч ярьсаар байдаг юм. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс очиж сонирхож байсан гэдэг. Улсын эдийн засаг хүнд, Хялганатын цэргийн ангийнхан нь дэлгүүр бүрт өртэй тул хүмүүсээ өрнөөс гаргахын тулд хөрөө раман дээр мод зүсэж, цагдаад хүртэл дуудагдаж байсан гэж байлаа. “Манай цэргийн ангийнхан бүгд өртэй байна. Ганц удаа ч гэсэн ангийн хамт олондоо тус нэмэр болъё гэж бодсон юм” хэмээн хэлснээр “Дахиж тэгж болохгүй шүү” гээд хөрөө рамыг нь лацдаад явсан гэнэ. Түүнийг Хялганатын цэргийн ангид захирагчаар ажиллаж байхад 2006 онд Ц.Тогоо генерал дуудаж “Хэлтсийн дарга бол” гэхээр нь “Би хэлтсийн дарга хийх болоогүй байна. Дахиад хэдэн жил цэргүүдтэй ажилламаар байна” гээд Налайхын цэргийн ангид томилогджээ. Тэндээ цэргийн инженерүүдийг бэлдэх тал дээр түлхүү анхаарч байсан гэдэг. Доржсүрэн сахилга алдсан тул албан тушаал буурч Батлан хамгаалах цэргийн академид багшаар томилогдон багшлах болсон гэдгээ хэлсэн юм.

Бригадын генерал П.Доржсүрэн ажлын өрөөндөө

Харин нэг жил гаруй багшаар ажиллаж байтал түүнийг Жанжин штабын хүний нөөцийн даргаар томилсон байна. 2010 онд Засгийн газрын шийдвэрээр барилгын цэргийн гурван анги байгуулахаар болж Баян-Өлгийд эхний 340 дүгээр ангийг байгуулах үүрэг аваад тус оныхоо зургадугаар сард Баян-Өлгий аймагт очсон юм билээ. 1990 оны өмч хувьчлалаар хувьчлагдан балгас болчихоод байсан аймгийн хуучин Авто баазын байшинг цэргийн анги болгон оржээ. “2013 онд тэр цэргийн ангид очиход үнэхээр гоё байсан шүү. Балгасыг та үнэхээр сайхан цэргийн анги болгон тохижуулсан байна лээ” хэмээн түүнд урам өгөхөд “Миний сайн гэж юу байхав. Гар нийлэн ажилласан залуучуудын минь гавьяа тэр. 2011 онд тэргүүний тохижилттой анги болсон” гэж байлаа. 2012 оноос эхлэн аймгийн хэмжээнд барилга барьж эхэлсэн бол 2013 онд маш хүнд нөхцөлд Асгатын мөнгөний ордын зам, барилга, гүүрийг барих үүрэг авч амжилттай хэрэгжүүлсэн байдаг билээ. Гол руугаа тулсан асгатай өндөр ууланд зам тавихад хамгийн хүнд байж. Стратегийн уг замыг П.Доржсүрэн хурандаагаар удирдуулсан 340 дүгээр ангийнхан есөн метр өргөнтэй замыг долоон сарын хугацаанд барьсан байдаг. Уг зам 340 дүгээр анги болон Баян-Өлгий аймгийнхны нэрийн хуудас болсон юм. Тэрээр “Бидэнтэй хамт 4-5 компани хамт орсон ч ашиггүй гээд гарсан. Бид харин өндөр эрсдэл үүрч ороод ашигтай ажилласан. Ашгаа бид Батлан хамгаалах яамны Хөгжлийн санд тушаасан. Цэргүүд маань ч мэргэшсэн” гэж байлаа. Тэднийг ажиллаж байхад нуранги асгаас 1000 шанага шороо чулуу авч байж хоёрхон метр зам ахиж байсан гэдэг. П.Доржсүрэн генерал “Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс дэвшүүлсэн “Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжих бүрэн үндэстэй. Улаан гараараа чулуу өргөж зам, гүүр барьж байсан хүний хувьд Алтанширээгийн 20 км замын далангийн ажлыг цэргүүд хийчихнэ. Асгатын тийм хэцүү нурангитай, хаалттай газар цэргүүд зам тавьж чадаж байгаа юм чинь Сайншанд, Алтанширээд зам тавихад ямар ч хүндрэлтэй зүйл байхгүй. Хатуу хучилттай замыг манай цэргүүд тавьчихна” гэж байсан юм.

2014 оны арванхоёрдугаар сард түүнийг гэнэтхэн дуудаж Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газрын даргаар томилсон гэдэг. Тухайн үед цэргийн анги нь барилгын ажил хийж байсан тул дулаан оруулаад ажлаа дуусгаад очъё гэсэн ч дээрээс өгсөн тушаал тул идэр есийн хүйтэнд суудлын пикап машиныхаа ард өөрийн хогшил болох хэдэн хайрцагтай ном, угаалгын машин, өмсөх хувцсаа ачаад Улаанбаатарт иржээ. Баян-Өлгий аймагт хэдэн жилийн өмнө очиход та монгол гэрт амьдарч байсан. Сүүлд байшин саванд орсон уу гэхэд “Монгол гэр гоё шүү дээ. Би Баян-Өлгийд очоод л гэрт амьдарсан. Ирэн иртлээ гэрт амьдарсан” гэж байлаа. Түүний одоо эрхэлж буй ажил нь товчоор хэлбэл зэвсэгт хүчний мэргэжлийн хяналт гэсэн үг. П.Доржсүрэн генерал хэзээ ч генерал болно гэж бодож байгаагүй гэнэ. Гурван жилийн цэргийн албаа хаагаад эргээд тракторын жолооч болох байх даа хэмээн боддог байсан ч хувь заяаны төөрөг түүнийг цэргийн замд хөтөлснөөр өнөөдөр бригадын генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээд байгаа юм.

П.Доржсүрэн ахлагчтай “Адмирал” хамтлаг

П.Доржсүрэн хэзээний л спортод хорхойтой нэгэн. Сагс, волейболыг бол зав гарвал тоглочихдог аж. Саяхан түүнд “Алдар” спорт хорооны орлогч дарга Д.Цог-Эрдэнэ хурандаа “Олимпийн алдар” одонг гардуулжээ. Цэргийн залуусыг урлаг, спортоор давхар хүмүүжүүлэх ёстой гэдэг зарчим барьдаг хүн бол Доржсүрэн генерал. 2016 онд “Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдашд хадаг барин шавь орж бөмбөр тоглож сурсан гэдэг. П.Доржсүрэн генерал хурандаа, офицер, ахлагч нараар эгнээгээ бүрдүүлсэн “Адмирал” хэмээх хамтлаг байгуулан өнөөдөр салбартаа цахиур хагалж яваа талаар Жанжин штабынхан ам уралдан ярьдаг. Түүний хариуцан ажилладаг Хяналт шалгалт, үнэлгээний газрынхан Жанжин штабын хэмжээнд спорт, урлагаараа манлайлдаг аж. 2017 онд П.Доржсүрэн генерал зам, барилгын Зөвлөх инженер болжээ. Зам, барилгын чиглэлийн хүн 2014 онд ирээд Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга болчихоод онолын ном болон өмнөх дарга нарын хийсэн ажлуудыг маш их судалж ажлаа гартаа оруулж авсан байдаг. Нэг өглөө хүмүүстээ үүрэг өгөөд зогсож байтал нүүр нь татаад амнаас нь шүлс, нүднээс нь нулимс гоожоод нүүр нь муруйчихсан гэдэг. Ядаргаанд орсон тул Цэргийн госпиталийн мэдрэлийн тасагт хэвтэн Баярсүрэн эмчээр эмчлүүлж байтал 2015 оны гуравдугаар сарын 17-ны орой эмнэлэгт байхад нь Жанжин штабын дарга Ц.Бямбажав генерал ажил дээр хүрээд ир хэмээн дууджээ. Эмнэлгээсээ яваад очтол “Монгол Улсын Ерөнхийлөгч сая 20 цагт зарлигт гарын үсэг зурсан. Та генерал болно. Өнөө шөнөдөө багтаж хувцсаа бэлд” гэхээр нь нэг л итгэж өгөлгүй гайхаж байгаад шөнөжин явж хувцсаа хийлгүүлсэн гэнэ. Үүрээр очиж хувцсаа аваад өглөө морин цагт бригадын генерал цол хүртсэн байна. Генералын мөрдөсөө аваад зогсож байхдаа л итгэсэн хэмээн инээмсэглэв. Яг генерал болох мөчид Цолмонгийн Ванчинсүрэн, Гоонойн Чимид, Ванчинсүрэнгийн Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат эмч, дэд хурандаа Ванчинсүрэнгийн Бадамсүрэн, дэд хурандаа Алгаа ах нарыгаа, аав, ээжийгээ бодож байсан хэмээн ихэд бодлогоширонгуй өгүүлсэн юм.

П.Доржсүрэн генерал удам дагасан цэргийн хүн гэдгийг дээр онцолсон. Тэгвэл Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн соёл хүмүүжлийн офицер, ахмад Лхагвацэрэн, нөхөр нь Насанжаргал нь Краснадарын цэргийн анги төгсөөд монголд ажиллаж байгаад одоо Воронежийн нисэхийн академид сурдаг ахмад бий гэнэ. Тэднийх хоёр хүүхэдтэй юм билээ. Батлан хамгаалахын их сургуулийн анхны барилгын ангийг төгссөн охин Доржханд нь Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн албанд ажиллаж байгаад одоо ар талын газарт барилгын хэлтсийн мэргэжилтэн хийж байгаа гэнэ. Доржханд охин нь АНУ-д суралцахаар шалгалт өгч нэгдүгээр байрт шалгаран тэнцээд байгаа аж. Түүний амьдралыг цэргээс салгаж ойлгохын аргагүй.

П.Доржсүрэн генерал Аж үйлдвэрийн сайд асан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Дондогдоржийн Эрдэнэбаттай цэцэрлэг, сургуульд байхын нэг ангийн хүүхдүүд юм билээ. Д.Эрдэнэбат маань онц сурдаг, толгойтой хүүхэд байсан. Манай ангиас хэлтсийн даргаас эхлээд хувийн компанийн захирлууд, аварга ногоочид төрөн гарсан шүү хэмээн ангийнхнаараа бахархаж байлаа. П.Доржсүрэн генерал “Тунгалаг Тамир” киног үргэлж үздэг гэнэ. Чөлөөт цаг гарвал бөмбөрөө дэлдэж, сагсан бөмбөг, волейбол тоглож, унадаг дугуй унах, ном унших дуртай гэж байсан. Түүний ажлын өрөө, гэрийнх нь номын сан арвин баялаг юм билээ. Ажлын ширээнийх нь хажуугийн жижиг ширээн дээр “Эстрадын Баянмонгол чуулга”, “Соёл-Эрдэнэ” гэсэн пянзнаас эхлээд нэн ховор пянз болон хуучны пянз тоглуулагч байсан юм. ОХУ-д сурч байхад нь “Мелодия” дэлгүүрийн худалдагч шинээр ирсэн пянзыг түүнд бэлдээд тавьчихдаг байсан гэдэг. Гэрт нь хичнээн пянз өрөөтэй байсныг тоолох завдал гарсангүй. Түүний ширээн дээр хөөрөг, үдээсний машинаас эхлээд үзэг, харандаа тэргүүтэн өрөөтэй байна. Мөн Батлан хамгаалах стратеги, Зэвсэгт хүчний стратеги, Монголын ардын арми, Чингис хаан, Цэргийн урлаг: түүх, сургамж, Дэлхийн түүх, Монголчууд, Социалист монгол, Аугаа эх орны дайн тэргүүт хичнээн ч ном байгаа юм бүү мэд. Чөлөөт цагаараа ном унших дуртай гэдэг нь түүний номын сангаас мэдрэгдэнэ.

Ханандаа морин хуур, домбор тэргүүт хөгжмийг залжээ. “Баян-Өлгийн хүүхдүүд өглөө эрт домбороо үүрээд Соёлын төв рүүгээ явж байгаа харагддаг. Тэд өв соёлоо ийнхүү сурч байна. Баян-Өлгийд домбор тоглодоггүй казах хүүхэд гэж байдаггүй. Харин бид үр хүүхдүүддээ морин хуураа ингэж өвлүүлж чадаж байгаа билүү” хэмээн хэлж байлаа. Мөн “Хурд” хамтлагийнхантай авахуулсан зургаар ханаа чимжээ. Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. П.Доржсүрэн генерал хэдэн ч удаа нүүсэн юм бүү мэд. Орон байрны асуудлаас эхлээд цэрэг хүний өмнө тулгардаг бүхий л асуудлыг даван туулсан нь гарцаагүй. Үүрэг хүлээж хоолтой хоолгүй, байртай байргүй, хүүхдүүд нь сургуулиас сургууль дамжсан хүндхэн нөхцөлд ажиллаж амьдардаг ч хэзээ ч үүнийгээ зовлон болгож ярьдаггүй. Энэ тухай тэрээр “Цэргийнхэн насны тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж өгдөг. Үүнийг нь болиулах талаар заримдаа яригддаг. Яахав дээ, хөөрхий. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, өдөржин хүйтэн цардмал талбай дээр зогсож, тэсэрч дэлбэрэхээс эхлээд бүхий л зүйлд хамгийн түрүүнд ордог энэ хүмүүсийг 20-30 жил ажиллаад тэтгэвэртээ гарахад нь амьдралын чинь баталгаа гээд 30 сая төгрөг өгдөг. Үүнээс нь хасна гэдэг. Орон байр, байшин сав, эмнэлэгт үзүүл гэж өгсөн хэдэн төгрөгөөс зулгаадагт нь гайхдаг. Тодорхой эрхээ хязгаарлуулсан, бие засахдаа хүртэл зөвшөөрөл авч гардаг ийм хүмүүсийнхээ хэдэн төгрөгөөс төр засаг хасаад төсөв бүрдэх юм уу. Надад үнэхээр таалагддаггүй” гэж байсан юм.

Генералынх эдүгээ Амгаланд орон сууцанд төвхнөөд амжсан аж. Түүний амьдралын зарчим “Хүн анх ямар байсан түүгээрээ байх ёстой. Худлаа ярьдаггүй шударга байх ёстой. Би худлаа ярьдаг хүнд дургүй. Хүн хөдөлмөрч байх хэрэгтэй. Болсон ч бай, болоогүй ч бай хийж бүтээж байх хэрэгтэй. Үнэн үгийг нүүрэн дээр нь тасхийтэл хэлдэг байх ёстой” гэж байсан юм. Ааваасаа сурсан энэ бүх үнэт зарчмаа өнөөдөр амьдралдаа мөрдлөг болгожээ. П.Доржсүрэн генерал хүн ялгаж харьцдаггүй гэдэг нь өдрийн хагас хамт байхад мэдрэгдэж байлаа. Ажлын хамт олон нь ч үүнийг дуу нэгтэй баталж байсан юм. Тэглээ гээд дундаа орж хавтгайраад байдаггүй аж. П.Доржсүрэн өөрөө архи, тамхийг огт хэрэглэдэггүй болоод ч тэр үү архи уусан хүнд ясны дургүй гэдгээ хэлсэн.

П.Доржсүрэн генералыг албан хаагчдадаа болон тэдний ар гэрийнхэнд үргэлж анхаарал тавьж байдаг хэмээн Б.Балдан хурандаа болон офицер Баярбат нараас гадна хамт олон нь ам сайтай байдгаа нуулгүй хэллээ. Генералын зүгээс алдаа гаргасан хүмүүсээ цалингаар нь шийтгэхээс илүү өөрөөр нь ажил хийлгэж арга хэмжээ авдаг юм билээ. Байлдагчаас нь эхлээд цэргийн амьдралын хатуу хөтүүг мэддэг болохоор цалингийн хувиар шийтгэнэ гэхээр бүлтийсэн хэдэн хүүхэд нь нүдэнд харагдаад ер болдоггүй юм гэж хэлж байсан нь нэн тодхон байна.

П.Доржсүрэн генерал гуравдугаар сарын 18-ны өдөр “Өглөө”, “Сүхбаатар” зэрэг уран сайхны киног заавал үздэг юм байна. Заамар, Шаамарын ТМС-д суралцаж, барилгачин, тракторч, комбайнчаар мэргэшсэн залуу өнөөдөр Зэвсэгт хүчний бригадын генерал цолтой болж, эх орныхоо энхийн манаанд зогсож буй Пүрэвийн Доржсүрэнгийн туулсан амьдралын зах зухаас хүргэхэд ийм байна.

Categories
мэдээ цаг-үе

Самдангийн Тараа: Монголын анхны рок дуурь тавиад дэлхийн чихийг дэлдийлгэж л явлаа

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Самдангийн Тараатай уулзаж хөөрөлдлөө.


-Ус нутаг хаанах билээ, Тараа ах?

-Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Өлийн худаг хэмээх газар төрсөн хүн. Сумынхаа бага сургуульд суралцаж байгаад арван настайдаа шилжин ирж нийслэлийн 33 дугаар сургуулийг дүүргэсэн. Наймаа төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид суралцлаа.

-Танай ангиас алдартай хөгжмийн туурвилчид төрсөн байлгүй?

-Өө, нэг ангийнхан гэхээр чинь Чингис хаан одонт, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал бид гурав чинь тохой нийлүүлж суусан нөхөд шүү дээ. Бидний дараагийн үе гэхээр Чинжиг эд нар гээд явчихна. Н.Жанцанноров багш гэхэд бидний дээд талд манай сургуулийг дүүргэсэн. Сүүлдээ бидэнд багшилсан түүхтэй. Манай ангийн багш Задгай гэж мундаг хүн одоо ер орчим настай хөгшин байна шүү. Билэгээ, Шарав бид гурав хуваарьгүй, арын хаалгаар л хөгжмийн ангид орж байсан юм шүү дээ. Билэгээг ээж нь хөтөлчихсөн, Шаравыг ах нь хөтөлчихсөн ирж шалгуулж байсан юм. Билэгээ нэг муу гитар нүднэ. Шарав нэг гармушки тоглоно. Хөдөөнөөс биднээс авьяастай хүүхдүүд олон ирж байсан. Дундговиос Хоролсүрэн, Булганаас Болдоо гээд. Аккордиан, баян хуурыг чинь буруу солгойгүй тоглодог хүүхдүүд байсан. Түрүүлээд сайн тоглодог болчихсон хүүхдүүд бидэн шиг нойлуудтай цуг оруулчихаар цалгарч назгайраад хаячихдаг юм шиг байна лээ. Тэгээд яах вэ, тэр авсан хүмүүс нь бүгд л Монголын хөгжмийн урлагийн суутнууд болж дээ. Бид харин завсаргүй хичээж хичээллэсэн. Манай ангид чинь гавьяат жүжигчин Туул байлаа.

-Ангийнхаа хүү, алдарт хөгжмийн зохиолч Шаравтайгаа уулзаж байна уу?

-Шаравтайгаа тавин жил л үерхэж нөхөрлөж явна. Би сая хагалгаанд ороход нь Бээжинд очиж хамт байж байгаад ирсээн. Дунд үеэс чинь одоо бид хоёр л бараг хоёулаа үлдэх гээд байна шүү. Зуслангаасаа хааяа дуудна. Очиж бас эрхлүүлэх л гэнэ шүү.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Цэнхэр залаа”-гийн С.Баатарсүхийн хамт

-Яаж эрхлүүлнэ гэж?

-Яахав, хөгжмөө ярина. Ангийнхнаа дурсана. Муушиг тоглохгүй юу.

-Багшийн сургуулийн хөгжмийн ангиа төгсөөд хаана хуваарилагдав?

-Сургуулиа төгсөөд Пионерын ордонд найрал дуу, баян хуур хөгжмийн багшаар хуваарилагдсан. Тэр үед чинь хотод цөөхөн төгсөгч үлддэг байлаа шүү дээ. Нэгдүгээр сургуульд Шарав маань, тэгээд би үлдсэн юм уу даа. Билэгжаргал Архангайн Багшийн сургуульд очсон. Би энд олон жил ажилласан. Анх очуутаа төрийн шагналт яруу найрагч Цэгмидийн Гайтав гуайтай “Багачуудын ордон” гэдэг дуу хийсэн. Балчинжав захирал дуудаад “Чи энэ хүнтэй дуу хий” гээд. Тийм том амьтантай дуу хийнэ гэхээс ухаан алдчихаж байгаа юм чинь. Пионерын ордны хүүхдүүд их дуулдаг л байсан. “Мөнгөн хонхны дуу” гэсэн түүвэрт байдаг юм шүү. “Агуу Лениний…” энэ тэр гэсэн үгтэй дуу л даа.

-Хөгжмийн зохиолчийн хувьд та хэний шавь бол?

-Гончигсумлаа багшид Гончигийн Бирваа багш маань дагуулж аваачиж шавь оруулсан. Манай үеийнхнээс эхнээсээ хойшоо явсаар би хамгийн сүүлд Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд суралцахаар очсон доо. Уг нь 1977 онд хойшоо явчих байсан юм. Шалгалтаа өгчихөөд байж байсан чинь цэрэг татлагад ороод тэнцээд явчихдаг юм. Тэгэхдээ би сүүлд явахдаа бэлтгэл ангид суулгүй шууд үндсэн ангидаа орсон л доо. Ингээд найрал дууны удирдаачийн ангийг төгсөж ирсэн. Дөрөвдүгээр курстээ хөгжмийн зохиолчийн ангид орох гэсэн чинь багш маань дургүйцээд больсон юм.

-Таны анхны хөгжмийн бүтээл, дуунууд хэзээ олны түгээл болов?

-Багшийн сургууль төгсөхдөө би “Шанзны гоцлол” концерт биччихэж байлаа. Залуу байхад зоригтой байж. Юм мэддэггүй хүн чинь их зоригтой байдаг байхгүй юу. Тэгэхэд манай Шарав, Билэгжаргал нар чинь хөгжим бичих нь бараг сураггүй байсан байх аа. (Инээв. сур) Багшийн сургуулийн тавин жилийн ойн үзэсгэлэн дээр Нацагдорж багшийн “Хуучирын гоцлол”, миний “Шанзны гоцлол” хоёрын ноот байдаг байсан. Одоо би тэрийгээ олдог ч үгүй юм. Миний анхны олонд түгээл болсон дуу чинь “Ээжийн бүүвэйн дуу” юм уу даа.

-Ямар дуу байдаг билээ?

-Яруу найрагч Цамбын Зоригтсайхан агсны шүлгийг нь бичсэн дуу бий дээ. Чи бараг мэдэх л ёстой доо.

“Хорвоо дэлхийд сонссон

Ээжийн бүүвэйн анхны дуу

Хонгор зүрхийг уяраасан

Ээжийн цагаан уяхан дуу

Ээжийн бүүвэйн энэ дуу

Эгшиг надад хайрласан

Энэ л миний дуулах дуу

Ээжийн бүүвэйн дуу” гээд эхэлдэг.

Зүүн гар талаас С.Тараа. Хөгжмийн зохиолч нөхдийн хамт

-Аа, тийм. Их сайхан дуу шүү дээ. Дуучин Оюунтүлхүүр дуулдаг байх шүү?

-Анх Чулуунхүү гавьяатын охин Мөнхчулуун дуулсан юм шүү. Гончигсумлаа багштай хичээллэж байхад “Хараацай минь нисээрэй” гэсэн дуу бичиж байлаа. Гавьяат Эрдэнэбатын дуулдаг “Цасан дээрх танго”, “Эмчийн сэтгэл” гээд хэд хэдэн дуу бий. Харин би нийтийн дуу руу нэг их ороогүй хүн юм шүү. Яг одоо бол дууны үйлдвэрлэл явагдаад байна уу даа. Би далан дөрвөн оноос дуу бичсэн. Тоолоод үзвэл наяад л юм байгаа байх. Тэгэхэд ноднин уржнан л дуу бичиж эхэлсэн хүн гурван зуу, дөрвөн зуун дуу хийчихлээ гэх юм. Бүх дуу нь сонсоход адилхан л дуу байх юм. Гончигсумлаа гуайд гэхэд үсрээд тав, арван л аварга дуу байгаа байх аа. Одоо бол хүмүүс ичих булчирхай байхгүй болчихож дээ.

-Хөгжмийн дээд сургууль дүүргэж ирээд хаана ажиллав?

-Наян зургаан онд төгсөж ирснийхээ дараа Германд мэргэжил дээшлүүллээ. Ирээд “Варьетте” чуулгыг байгуулан ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолчоор ажилласан даа. Ингэж хөгжим бичих ажил толгой дээр буулаа даа. “Варьетте” чинь хотын имижийг харуулсан их сайхан чуулга байлаа шүү дээ. Одооны энэ “Улаанбаатар” чуулгыг ямар хотын чуулга гэх юм бэ. Хөдөөний чуулгуудтай л адил ардын дуугаар дагнасан шахуу чуулга байгаа биз дээ. Хотын дарга Мөнхжаргал гуай чинь Франц, Италигүй явж юм үзэж нүд тайлсан хүн болохоор өрнийн тэр гайхамшигт чуулгуудыг мэддэг л хүн байсан байхгүй юу. Тэр хүний захирамжаар анх байгуулагдсан юм. Бид тэр үед Соёлын төв өргөөнд дандаа гадаадынханд ёстой нэг орой болгон тоглож байлаа даа. Дуучин Оюунчимэг, Эрдэнэцэцэг эд жинхэнэ мандаж байлаа. Хөгжим бүжгийн сургууль төгссөн хөгжимчдийг авчихсан, Дарханд ангиараа очсон бүжигчдийг татчихсан, анхны эстрад найрал хөгжим дуугарч байсан сайн хамт олон байсан даа. Симфони-жааз оркестртой. Энд ажиллаж байтал 1995 оны үед байрыг нь өмч хувьчлалаар булааж авснаар энэ сайхан чуулга бутарсан юм шүү. Энд байхдаа би бүжгийн хөгжим, жүжгийн хөгжмүүд, жааз оркестрт зориулсан аяз олныг бичсэн дээ.

-Та Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад олон жил ажилласан санагдах юм?

-Цэргийн чуулгын оркестр солигдож байх үед шар Даваа маань намайг ирж ажиллаач гэж урьсан. Тэрнээс хойш би энд арван долоон жил ажилласан байна лээ шүү дээ. Ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч гээд хийгээгүй ажил байхгүй дээ. Энд очоод би Цэргийн чуулга бол зөвхөн цэргийн жагсаалын дуунаас гадна утга-уянгын уран бүтээлтэй байх ёстой гэж их олон уран бүтээлээ зориулсан. Цэргүүд эх орны дуунаас гадна эцэг эх, янаг амрагийн тухай дуу дуулах ёстой биз дээ. “Жаахан цэрэг өндөр болно. Жаварт даарахгүй өлчир болно” ч юм уу, “Цэрэг бүсгүй” энэ тэр гэсэн стиль имижийн өөр жааз маягийн дуунууд хийж байлаа.

-Таныг олон киноны хөгжим бичсэн гэдэг юм билээ?

-Уран сайхны арван зургаан киноны хөгжим бичсэн юм билээ. “Жин дунгуй”-гаас эхлээд “Миний охин ээждээ ир”, “Сүүгээр амилсан хорвоо” гээд нэлээд хэдэн юм байна аа. Хамгийн сүүлд “Худгийн мисс” гэдэг кино зурагтаар гараад л байна лээ. Дарханы Ганбаатар найруулагч, том Биндэр нартай олон кинон дээр ажилласан.

-Монголын анхны рок дуурь тайзнаа амилуулсныг чинь мэдэх юм байна?

-Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойд зориулж “Чингис хаан” рок дуурийг бичсэн. Монголд анхных нь рок дуурь байсан нь үнэн л юм чинь. Нарийндаа 2006 онд Монголд олигтой хийсэн уран бүтээл байгаагүй шүү дээ. Америкаас, дэлхийн олон орноос урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийнхэн үзээд шагшиж л байсан. Ах нь тэр үед мандаж байлаа ш дээ. Дэлхийн том хэвлэлүүдэд яриа өгөөд л. Тэр рок дуурь маань оны шилдэг уран бүтээлээр шалгарч л байлаа. Би сүүлийн үед нэг юманд их харамсаад байгаа.

-За юунд тэгтлээ харамсах болов?

-“Чингис хаан” рок дуурь тавиад ЦДБЭЧ-аас гарах минь яалаа гэж. Удирдаач хийхээр чинь өөрийн уран бүтээлээ үндсэндээ хаячихдаг байхгүй. Тэгсэн бол би чөлөөтэй олон сайхан уран бүтээл хийх байж. Цэргийн чуулгаас гараад дөрөв таван жилийн дотор оркестрт зориулсан “Төгөлдөр хуурын нэгдүгээр концерт”-оо бичлээ. “Морин хуурын квартет”, нутагтаа зориулж “Алтай” симфони найраглал бичлээ. Хийл, виоленчели, төгөлдөрийн гурвал концертоо хийж байна. Одоо хамгийн гол нь тоглуулах хэрэгтэй байна. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Дашдондовын цомнолоор “Цогт тайж” дуурь бичлээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрт тавиулах санал тавьсан. Хоёрын хооронд юм хийчихсэн шалдан банди ч би биш дээ. Жаахан шударгадуу хүн ч тэгээд хохирч л явдаг хорвоо юм шив дээ.

-Таныг аль эрт гавьяатаа авчихсан хөгжмийн зохиолч гэж мэргэжлийнхэн чинь ярих юм билээ. Хөшигний ард нуугдаад байдаг их даруухан амьтан юм биш үү, та?

-2002 онд “Маргааш гавьяатыг чинь гардуулна” гээд Баасанхүү генерал надад хэлсэн юм. Тэгсэн л маргааш нь өөрчлөгдчихсөн байх жишээтэй. Төрийн шагнал чинь бас зовлонтой юм байна шүү дээ. Хаа газар ченжүүд бий болчихсон. (гашуунаар мушийв. сур) Үнэхээр авах цаг нь болчихсон хүн төрдөө шагнуулж байхад баяр хүрдэг юм шүү. Бүүр өмнөөс нь баяр хүрээд ганц нэг хундага татмаар санагдана. Үнэхээр нэг сонин нөхөр авчихвал бас татмаар санагдана. Юм чинь их сонин шүү дээ. Би яахав дунд үеийн л нэг хөгжмийн зохиолч. Тэрнээс алдар суутай элдэв хүн рүү яваад байдаг нэгэн биш шүү дээ. Сүүлийн үед сонсголоороо явдаг баарны хөгжимчин, дуучид л төрийн шагнал авдаг боллоо. Филармонид арав, хорь, гучин жил ажилласан мэргэжлийн гайхамшигтай хөгжимчид шагнал авч байна гэж сонссон уу. Мэргэжлийн хөгжим, сонирхогчдын урлаг хоёрыг төр ялгаатай харах цаг нь уг нь болсон л баймаар. Соёлын яамнаас л шалгалт хийчихэд болоо шүү дээ. Монголд тэгээд хөгжмийн боловсролтой хүн улам цөөрөөд байна л даа. Намайг залуу байхад аливаа чуулгын удирдлагад гавьяат цолтой хүн байдаггүй байлаа. Жүжигчид, дуучид нь цол авдаг байлаа. Одоо тэгсэн нэг нөхөр аль нэг урлагийн байгууллагад даргаар очлоо гэхэд уран бүтээлчдийн хийсэн уран бүтээл дээр хувийн тоглолт хийгээд л өөрийгөө гавьяатад тодорхойлоод энгэртээ тэмдэг зүүдэг болчихсон шүү дээ.

-Урлагийнхны гэр бүл гэж хазайхад түшиг, халтирахад таяг мундаг хана хэрэм болсон улс байдаг даа?

-Миний хань Бяруузаны Мөнхцэцэг гэж Монгол Улсын мастер эсгүүрчин хүн бий. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Сайн хүнтэй сууна гэдэг шар тэмдэг авахаас илүү эр хүний хамгийн том аз юм шүү.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Энэ Засгийн газрын үлгэр нэг л сонин төгсөөд байна уу даа?

У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар тодроход ард түмэн хурайлан угтсан юм. “Одоо л нэг эрмэг зоримог хөдлөх, ард олны ахуй амьдралыг дээшлүүлж, улс орноо зөв шударгаар удирдах залуу гарч ирлээ” хэмээн баяртайгаар хүлээн авсан. У.Хүрэлсүх өөрөө ч шударга ёсыг тунхаглаж, авлигачидтай, төрөөс хулгай хийдэг гэмт этгээдүүдтэй эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэн эхнээсээ зөв хүн, зоригтой, шударга залуу гэдэг имижийг бүрдүүлсэн.

Ерөнхий сайдын тамга аваад Их хурлын индэр дээрээс “Ард түмэндээ худлаа амлаж хуурдаггүй, ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байх болно. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно” гэдгээ зоригтойгоор хэлсэн. Түүний хэлсэн үг, ард түмэндээ өгсөн андгай тангарагтай нь бараг л зэрэгцээд Эрдэнэт үйлдвэрийн асуудал нийгэмд шуугиан дэгдээв. Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг Эрдэнэтийг барьцаалан хэсэг нөхдүүд Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн нь ил болсон. Английн худалдааны шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилсэн. Улс орны эдийн засгийн амин чухал уг асуудлыг Ерөнхий сайд хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэх байх. Хэрвээ Эрдэнэтийн асуудалд хөнгөн гоомой хандаж, намынхаа нөхдөд найр тавьж, өмнөх олон олон хэргүүд шиг нуун дарагдуулаад өнгөрвөл өнөө амь насаараа дэнчин тавьсан ард түмний итгэл алдарна. Шударга имижийг бүрдүүлсэн Хүрэлсүх өөрөө өөрийгөө егүүтгэлээ гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэтийн асуудлыг эцсийг нь үзэж, үнэн мөнийг нь тогтоох байлгүй.

“Стандарт” банкны дуулианыг Монголын хэвлэл мэдээлэл сайндаа олоод гаргачихсан юм биш л дээ. Энэ бол Ардын нам, Ардчилсан намынхны эхтэй 49, 51 хувийнхан дотроосоо зориудаар задалсан асуудал. Бүр тодорхой хэлбэл АНын чиглэлтэй 49 хувийнхан энэ том галыг бодлоготойгоор нийгэмд дэгдээж орхисон. Олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрийн тухай өмнө нь манай сонин хэд хэдэн удаа сөхөж бичиж байв. Хэн ч ганхийж дуугардаггүй, таг дарчихаад өнгөрдөг байсан. “Стандарт” банкны асуудал Хүрэлсүхийн эдийн засгийн үлгэрүүдийн нэг яах аргагүй мөн. Гол нь үг яриа нь үнэн байж, үлгэр битгий болоосой гэж горьдох юм. Сүүлийн үед анзаараад байх нь ээ, энэ Засгийн газрын эдийн засгийн асуудлууд үлгэр мэт нэг л сонин төгсөөд байх шиг. Эдийн засгийн коридор байгуулах, Ази Европыг холбосон хурдны зам бий болгох гээд том том төслүүд яригдаж байсан. Гэтэл хэд хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаар

“Авто замын концессын шалгаруулалтыг хүчингүй болголоо” гэх сэтгэл гонсойлгож, урам хугалсан мэдээлэл гарсан. Тодруулбал, УлаанбаатарДархан чиглэлийн 204.6 километр замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төслийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”аас хасаж, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор болсон. Тэгээд Азийн хөгжлийн банкнаас зээл авч УлаанбаатарДархан болон ДарханАлтанбулаг чиглэлийн авто замд засвар шинэчлэл хийх юм гэнэ. Засвар үйлчилгээ гэхээр хонхор хотгорыг нь дүүргээд, хажуу талын шороог нь тэгшилсэн тийм л юм хийх байх. Уул нь “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжөө өгөх эдийн засгийн интеграци бүхий 32 төслийг хэрэгжүүлэхээр болоод байсан. “Мянганы үйл явдал” хэмээн нэрлэгдэж Монголын талын “Талын зам”төслийг“Чингис ленд Девелопмент групп” хариуцан ажиллаж Улаан-Үд-ХиагтАлтанбулагДарханУлаанбаатар-Сайншанд-ЗамынҮүдийн чиглэлийг дамжин өнгөрч, Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин хүрэх хурдны авто зам барих гол үндэслэл байсан.

Азийн хөгжлийн банкнаас зээл авч байгаа юм чинь баахан хятадууд ирж ажиллаж таарна. Хэдэн хятад авчирснаар Дархан, Сэлэнгэ чиглэлийн нохой муураар хооллож, охид хүүхнүүдийг жирэмсэн болгож бузарлаж хаяад буцах дүр зураг харагдаад байна. Авто замын энэ ажил Хятадын компанийн ажилчны хэлсэн онигоо шиг юм болох байх. Ямар нарийхан, нимгэхэн чанар муутай зам тавьдаг юм бэ гэхэд “Танай дарга дээрээс нь идэж нимгэлсэн, манай дарга хажуунаас нь идэж нарийсгасан” гэж хятад компанийн ажилчин хэлсэн юм гэнэ лээ. Олон улсын хурдны зам үлгэр болоод өнгөрч байна уу. Авто тээвэр, аж үйлдвэрийн салбар, хилийн боомтыг шинэчлэх гээд олон чиглэл хөтөлбөрөөр хийгдэх 32 төсөл “Эдийн засгийн коридор” юу болсныг Ерөнхий сайд ард түмэнд тайлагнах хэрэгтэй. Энэ засгийн эдийн засгийг хамгийн гол үзүүлэлт, бодит ажил болгох зүйл тэр мөн.

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх төхөөрөмжийн тухай Ерөнхий сайд газар дээр нь очиж танилцаад хотын дарга Су.Батболд, барилгын сайд Х.Баделхан нарыг аваачиж, омогдож үүрэгдээд, сүр жавхлантай юм болж байсан. “Шинэ цэвэрлдэх байгууламжийн ТЭЗҮ хийгдсэн. Энэ хавар гуравдугаар сард багтаан ажлаа эхлүүлнэ. Барилгын сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарна. Ажлын хэсэг ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцно. Баделхан сайд ажлаа хийж чадахгүй бол солихоос өөр аргагүй” гээд л омогтойхон авч өгсөн. Францын төслөөр шинэ цэвэрлэх байгууламжтай болж Улаанбаатар хот өмхий үнэрээсээ салах нь гэж бодож байтал өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар юу ярив.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах тухай ярилаа. “Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, хуримтлагдсан лагийг хэрхэх талаар олон жил яригдаж байгаа ч шийдвэртэй арга хэмжээ авч чадалгүй өнөөг хүрлээ” гээд Баделхан сайд баахан зовлон тоочсон мэдээлэл өгсөн. 2019 онд багтаан хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ гэж мэдэгдсэн. БатҮүлийн Баянхошуунд нийслэл хотыг захиргааг аваачна гэх шийдвэртэй энэ Засгийн газар зөрж байгаад Яармаг руу нүүх болсон. “Утаанаас салах дараагийн төгс шийдэл бол Улаанбаатар хотыг барилгажуулж, төвлөрлийг сааруулах юм. Энэ ажлыг 2019 онд төгс хийж, ард түмнээ баярлуулъя. 2020 он гэхэд Улаанбаатар хотын утааг 50 хувь багасгая. Хоёрт, цэвэрлэх байгууламжийн асуудал 100 хувь нийслэлийнх биш, улсын асуудал болсон. Олон жил ярьж байгаа цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ, бүтэн байгуулалтыг явуулна. Энэ ажлыг толгойгоороо хариуцаж байгаа хүн бол Х.Баделхан сайд. Бүх ажлыг эзэнтэй болгоно. Улаанбаатар хотын утааны асуудлыг Н.Цэрэнбат, хотын захирагч С.Батболд хоёр толгойгоороо хариуцна. Өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийж чадахгүй бол энэ хүмүүс хариуцлагаа хүлээж, дараагийн чадах хүнд шилжүүлнэ” гэж Ерөнхий сайд маань баахан л дарга сайдын “толгой”той яриад байгаа. “Нийслэл Яармаг руу нүүх ажлаа зоригтой зохион байгуулж чадвал араас нь Засгийн газар бүх яам, агентлагаа аваад нүүхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн. Тэгтэл Улаанбаатар хотынхны ярьж байгаагаар Яармаг руу нүүх асуудал тооцоо нь хийгдээгүй, төлөвлөгөө нь гараагүй байгаа юм байна. Төсөв мөнгө нь шийдэгдээгүй, ямар ч ажил урагшлаагүй байна. Тэгэхээр Ерөнхий сайдын хэлсэн үг ажил хэрэг болохгүй, зүгээр л хий хоосон шударга дүр байгаад байна уу. Өөрийн эрхгүй ингэж хардахад хүргээд байна. Бусдын толгойтой биш, эцэстээ өөрийнхөө толгойтой л яригдах нь мэдээж.

“Газрын доорх баялагаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирнэ.Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана.Хөдөө аж ахуй, газар тариалангаа сэргээж махаа экспортолно.Улаанбаатар хотод цахилгаангүй амьдарч буй таван мянган орчим өрхийг ирэх хоёр жилд цахилгаантай болгоно.Гурван ээлжтэй сургуульгүй болно, хүүхдүүд цэцэрлэгт алагчлалгүй явна. 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барина. Газрын тосны үйлдвэр бариана. Дулааны III, IV станцуудад өргөтгөл хийнэ” гэж мэдэгдсэн энэ бүх ажил чинь зүгээр популист амлалт, үлгэр биш байгаа. Ард түмэн Ерөнхий сайд танд маш их итгэж байгаа. Ард түмнийхээ амьдралыг өөд татна гэж хэлсэн үгийг чинь үнэн гэж бодож байгаа шүү.

Categories
мэдээ нийгэм

“Бидний ирээдүй Венесуэл” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Байгаль орчин, амьтан хамгаалах үйлсийн их эзэн С.Дамдинсүрэнгийнд “Танайд өнжье” булангаа бэлдсэнийг нэгдүгээр нүүрнээс харах боломжтой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазартай ярилцсаныг тэргүүн нүүрнээс харах боломжтой.

Хуулийн ухааны доктор Т.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцсаныг нэгдүгээр нүүрэнд хэвлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Бидний ирээдүй Венесуэл” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Заналхийлэх гэмт хэрэг үйлдвэл гурван сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай” сурвалжилгыг баримт, үйл явдал нүүрнээс хараарай.

Улс төрийн арван нэгдүгээр нүүрнээс “Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд дотоод сонгуулиа эсэргүүцэв” сурвалжилгыг уншаарай.

Соёл урлаг нүүрнээс “Хурдын философи” сурвалжилгыг онцолж үзээрэй.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ сонгогдов

Б.Бат-Эрдэнэ зурган илэрцүүдБөхийн өргөөнд МҮБХ-ны 8 дугаар “Их Эе” хурлын үйл ажиллагаа өчигдөр буюу бямба гарагийн өглөө 11 цагт эхэлж шөнийн хоёр цагт өндөрлөсөн байна. Дөрвөн жилд нэг удаа болох ёстой ч ээлжит хурлаа өнжих, хойшлуулах, ээлжит бусаар хийж хүчинтэй, хүчингүй хэмээн маргаан үүсгэх болсон “Их эе”-д энэ удаа нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авчээ.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хурлын үеэр тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ хэлжээ. Үдшийн 23 цагт тэргүүн болон Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох нууц санал явагдлаа. Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлжээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татжээ.

Улмаар тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгснөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдов. “Их Эе”-ийн хэлэлцэх асуудалд МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан. Үүний дагуу дүрэмд тэргүүн орон тооны бус байхаар баталсан юм. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МҮБХ-г удирдан явуулах бүрэн боломжтой болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харү Башёгийн түрүү бөхөөр 71 дэх их аварга Какүрюү М.Ананд тодорлоо

Какүрюү М.Ананд зурган илэрцүүд

Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумогийн Хаврын тэмцээн Хару башёгийн 14 дахь өдрийн барилдаанд Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Гойэдог давснаар Түрүү бөхөөр тодорч, Японы Эзэн хааны цомыг 4 дэх удаагаа хүртэхээр болов.

Тэрбээр 4 жилийн өмнө Их аварга цолтон болж байсан бол энэ өдөр 4 дэх түрүүгээ хүртлээ. Макүүчи буюу дээд зиндаанд хүч үзэж буй манай сумочдоос 12 дахь өдрийн байдлаар Ичиножёо А.Ичинноров 9 даваа, 5 унаатай байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил 8 даваа 6 унаатай болж тавин хувийн амжилтаа хийлээ.