Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гын урилгаар 2 дугаар сарын 3-6-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийнэ.

Энэ жил Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд БНАСАУ-д 2010 онд, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад 2015 онд айлчилж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна

ЗурагУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлд тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг нээсэн. Мөн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцох аж.

Одоогийн хуулийн заалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхөд хүргэж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Иймд энэхүү дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлэв. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

2017 оны энхийн шагналтнаар эмч Б.Энхравдан тодорлоо

Зураг2011 оноос эхлэн 7 дахь удаагаа олгож байгаа “Энхийн шагнал” олгох ёслол өчигдөр Чингис зочид буудлын “Өргөө” танхимд боллоо.

Уг шагналыг “Дэлхийн Энхийн их наадам”-ын тэргүүн Г.Ганбат, “Монгол уламжлалын академи” -ийн тэргүүн Л.Дашням, “Дэлхийн Монголчуудын чуулган”-ны тэргүүн Ц.Гомбосүрэн, “Дэлхийн Энх тайвны зөвлөл”-ийн тэргүүн Д.Цахилгаан зэрэг ТББ-иуд нэгдэн жилд нэг удаа шалгаруулдаг.

Энэ жилийн нэр хүндтэй шагналыг 61800 гаруй хүүхдэд мэс засал хийсэн ЭХЭМҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Б.Энхравданд хүртээв.

Тэрбээр ХБНГУ-ын Бонн хотод яваа ч цахим дэлгэцээр мэндчилгээ ирүүлэн шагнал хүртээсэнд талархсанаа илэрхийлж, харин түүний хань С.Оюунчимэг шагналыг нь гардан авлаа. Энэ жилийн ёслолд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын мянгат малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мянгат малчдын холбооны тэргүүн Г.Сампил хүндэт зочноор оролцсон нь содон байв. Тэрбээр өөрийн малаа чанаржуулан сайжруулж буй “Өлчир омог хэвшил” гэх маллагааг бий болгож яваа өвөрмөц арга барилтай малчин юм. Түүний мал хашаагүй, өвөлжөө бууцгүй, нэмэгдэл тэжээл хэрэглэдэггүй, жилийн дөрвөн улиралд байгалийн онгон дагшин орчин нөхцөлд өсч байдаг онцлогтой. Бусад малчид шиг эм тариа, вакцин ч хэрэглэдэггүй гэнэ.Энэ өвөрмөц малчин маань “Манай дарга нар малаа үхүүлсэн малчинд өвс, тэжээл өгөөд давхилдах юм. Түүнийгээ зурагтаар дахин дахин гаргаад л…харин ганц ч мал үхүүлээгүй хүнийг огт тоохгүй, тойрч давхиад байдаг болж дээ” гэсэн нь нэгийг бодогдуулав.

Мөн ч оносон үг байна. “Энх тайван энх амьдрал миний нүдээр” хүүхдийн зургийн уралдаанд шалгарсан нийслэлийн “Ирээдүй-1” цогцолбор сургуулийн сурагч Б.Орчлон, 33 дугаар сургуулийн сурагч Э.Халиун, Дорнод аймгийн “Шинэ зуун” сургуулийн сурагч Д.Жавхлантөгөлдөр нарын шагналыг Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд гардуулав.

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны улсын аварга Н.Отгонцэцэг багштай “Ундарга” найрал дуучид ая дуугаа өргөсөн бол спорт бүжгийн дэлхийн аваргын тэмцээнд 5 дахь удаагаа оролцож шагналт байр хүртсэн бүжигчин залуусын жавхаалаг бүжиг зочдын сэтгэлийг сэргээлээ.
“Энхийн шагнал-2017” дээд шагналын эзэн Монгол Улсын гавьяат эмч, ЭХЭМҮТ-ийн зөвлөх Б. Энхравдан эмч 62 хүнээс шалгарч тунасан 6 хүнээс шүүгчийн саналаар давамгайлж энэхүү шагналын эзэн болсон.1975 онд АУИС-ийг их эмч мэргэжлээр төгсөн Дорноговь аймгийн Иххэт суманд салбарын эрхлэгч эмчээр ажлын гараагаа эхэлж хоёр жил ажиллаад 1977 оноос өнөөдрийг хүртэл ЭХЭМҮТ-д эмч, тасгийн эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байна. Анагаахын салбарт 45 жил ажилласнаас 42 жилд нь хүүхдийн мэс заслын эмчээр ажиллаж олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн ачтан билээ. Тиймээс ч түүнийг 2009 онд Төр Засгаас хөдөлмөрийг нь үнэлж Монгол Улсын Хүний гавьяат эмч цол тэмдгээр шагнасан. 1990 оноос Хүүхдийн бөөрний мэс заслын тасгийг анх байгуулж одоо 5 эмч, 7 сувилагчтай хүчирхэг баг болон ажиллаж 0-16 насны бөөр, шээсний замын эмгэг гажигтай хүүхдүүдийг эмчлэн илааршуулж явна. Зөвлөх эмчийн хувьд 21 аймгийн дуудлагад ч явж эмчилгээ хийсээр байгааг түүний хамт олны төлөөлөл ярив. Хүүхдийн бөөр, шээсний замын гажиг эмгэгийн 51 төрлийн өвчний мэс заслыг эдний багийнхан хийж байгаа гээд бодохоор хорвоогийн нэг хоногийн 24 цаг ч хүрэлцдэггүй мэт. Гэвч Б.Энхравдан эмчийн багийнхан амжуулж сурчээ.
МУГЖ , дуучин Б.Сарантуяа “Б.Энхравдан эмчдээ Энхийн шагнал авсныг дуулаад баяр хүргэхээр зориуд зорьж ирлээ. Хүүгээ энэ эмчээр эмчлүүлж байсан .Одоо хүү маань ханхар эр болсон. Өвдсөн зовсон хүмүүст урлагийн бид хандивын тоглолтоор тус дэм болдог. Алтан гартай эмч нараа хайрлахгүй байхын аргагүй” гэв.
Энхийн шагналыг 2011 онд МУСГЗ дипломатч Д.Цахилгаан, 2012 онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, 2013 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, 2014 онд МУГБ С.Эрдэнэчулуун, 2015 онд Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, 2016 онд ОБЕГ-ын аврагч Ч.Ганзам, Д.Эрдэнэбат нар тус тус хүртжээ. Энхийн шагналын хүрээ ийнхүү жилээс жилд өргөжин тэлж, нэр хүнд нь өссөөр байна.

Categories
мэдээ нийгэм

“Гэмт хэргийн цагаан ном”-ыг эмхтгэн гаргалаа

Дэлхийн олон улс оронд Гэмт хэргийн цагаан ном буюу “White paper crime book”-ыг жил бүр гаргадаг. Тэгвэл Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Монголын криминологичдын холбоотой хамтарч гэмт хэргийн статистик мэдээлэлд тулгуурлан нөхцөл байдал, шалтгаанд дүн шинжилгээ хийсэн суурь судалгааны ажлын эмхтгэл “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном”-ыг эрхлэн гаргажээ.

Судалгаанд суурилсан тодорхой арга, арга зүйг практик үйл ажиллагаатай хослуулах бодит шаардлагад үндэслэн “Гэмт хэргийн цагаан ном”-ыг бүтцийн хувьд цоо шинээр томьёолон гаргасан байна. Япон, АНУ, ХБНГУ зэрэг оронд энэхүү номыг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг зөвхөн санхүү, эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, архины зохисгүй хэрэглээ, нийгмийн байдал гэх мэт явцуу хүрээгээр тодорхойлдог аж. Цаашид энэхүү номыг жил бүр эрхлэн гаргахаар төлөвлөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: Засгийн газар өнгөрсөн хугацаанд арилжааны банкнуудаас нэг ч төгрөгийн өндөр хүүтэй зээл аваагүй

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ.Хуралдааны эхэнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон. Хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх санаачилга дээшлэх бөгөөд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болоход эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг дурдав.

Төсвийн байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Д.Оюунхорол, М.Билэгт, Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Д.Тогтохсүрэн, С.Жавхлан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.Гишүүдийн олонх Монгол Улсын эдийн засаг хямарч, дефолт зарлахдаа тулсан үед ОУВС-ийн хөтөлбөрт багтахын тулд долоон төрлийн татварыг нэмэхээс өөр арга байгаагүй. Өнөөдөр эдийн засагт эерэг өөрчлөлт гарах үед цаг, хугацаа алдалгүй Засгийн газраас Хүн амын орлогын албан татварыг нэг шатлалтай болгох хуулийн төсөл оруулж ирснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, татварын бааз суурийг өргөжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа эсэхийг илүүтэй тодруулж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл таван шатаар буурсан байсан. Харин Засгийн газар зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулаад байна. Сүүлийн жилүүдэд төсөв алдагдалтай гардаг байсан бол өнгөрсөн жил анх удаа төсвийн орлого нэмэгдсэн. Мөн өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 76 хувийг эзэлж байсан өрийн хэмжээг 74 хувь болгон буулгалаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд арилжааны банкнуудаас нэг ч төгрөгийн өндөр хүүтэй зээл аваагүй бөгөөд цаашид ч авахгүй байхаар ажиллаж байна. Арилжааны банкнуудаас авсан гурван их наяд төгрөгийн өрийг төлнө хариулж байлаа. Түүнчлэн Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтраад Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна хэмээн нэмж тайлбарлав.

Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд уг хуулийн төслийн үзэл баримтлал болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний стастистикийн хорооноос гаргасан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-гоор монгол эрэгтэй хүний 60 наснаас хойш амьдрах хугацаа 17.06 жил, эмэгтэй хүний 55 наснаас хойш амьдрах хугацаа 25.38 жил байгаа бол энэ үзүүлэлт 2040 онд эрэгтэй 20.94 жил, эмэгтэй 55 наснаас хойш 28.71 жил болж жилд дунджаар 1.6-2 сараар нэмэгдэхээр гарчээ.Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмж, 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь дээрх тооцоололтой харьцуулахад гурав дахин өндөр байхын зэрэгцээ монгол хүний дундаж наслалтын өсөлттэй нийцэхгүй байгаа аж. Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байгаа. Харин өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгасан гэж дурдлаа.

Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Уг хуралдаанаар гишүүдийн олонх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн, О.Содбилэг нарын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг тооцохдоо дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгасны бодит шалтгаан, үндэслэл, Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах талаар авч байгаа арга хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах эсэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмснийг 3 сар болгон бууруулах болсны үндэслэлийг илүүтэй тодруулж байв.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, нийгмийн даатгал төлсөн иргэдийн олонх 20-30 жил буюу олон жил тасралтгүй хөдөлмөрлөж, шимтгэлээ төлснөөр 30-40 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан байдаг. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хуулийн цоорхойг ашиглаж, 10 сая төгрөгийн шимтгэл төлөөд дараалсан 5 жилд төлсөн өндөр шимтгэлийнхээ дүнгээр тэтгэврээ өндөр тогтоолгосон байна. Нийгмийн даатгалын тогтолцоог шударга болгохын төлөө ийм өөрчлөлтийг оруулсан гэж хариулав.Мөн Нийгмийн даатгалын сангийн татаас 2015 оноос хойш жил ирэх тусам нэмэгдэж байна. 2015 онд 292 тэрбум, 2016 онд 494 тэрбум, 2017 онд 570 тэрбум, 2018 онд 610 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхөөр татаас өгч байна. Ойрын хоёр жилд энэ татаас нэг их наяд төгрөгт хүрэх тооцоо бий. Энэ асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажиллаж байна. Харин өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмснийг 3 сар болгон бууруулах болсны гол үндэслэл нь монгол хүний дундаж наслалтаас өндөр байсан. Иргэдийн зүгээс энэ асуудалд багагүй гомдол ирүүлсэн. Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг сонголттой болгож оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангийн алдагдал 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүрнэ гэсэн судалгаа бий. Энэ асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтарч ажиллаж байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон нийгмийн даатгалын таван сангийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлыг зөв гэж үздэггүй. Харин нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. 2007 онд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан ч эерэг үр дүн гараагүй гэж хариулж байсан.Ингээд УИХ-ын нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойш Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Австралийн Элчин сайд Жон Лангтритай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтритай уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Австрали улс Монгол Улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар саналаа хэллээ.

Элчин сайд Жон Лангтри УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвад хоёр орны хамтын ажиллагааны талаар санал, бодлоо хуваалцсанд талархал илэрхийлээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ашигт малтмалын лиценз эзэмшихтэй холбоотой зохицуулалтад сэтгэл гонсгор байна гэдгээ хэлэв. Монголыг хамгийн их сонирхож, хөрөнгө оруулахаар төлөвлөсөн Австралийн уул уурхайн компаниудад хуулийн энэхүү зохицуулалт саад тотгор болж байгааг тэмдэглэсэн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ талаар судалж, ямар ажил хийж болохыг эргэн мэдэгдэхээ илэрхийлэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлэх хэд хэдэн үйл ажиллагаанд хамтран ажиллах хүсэлтийг ноён Элчин сайдад тавилиаа.

Тухайлбал, Монгол Улсад ашигт малтмалын нөөц баялгийн үндэсний нэгдсэн ангилал бий болгох төсөл хэрэгжүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийхэд хамтран ажиллахыг хүссэн.

Элчин сайд Жон Лангтри Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй 2019 онд нэгдүгээр үе шат нь дуусах “Австрали, Монголын эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг эхлүүлж, энэ хөтөлбөрийн хүрээнд хүсэлтийг ажил хэрэг болгон шийдвэрлэх боломжтойг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мөн өөрийн санаачилсан өндөр мэргэжлийн мэргэжилтэй ажилтан сургах, бэлтгэх, улмаар ажлын байрыг бий болгох “Ажилсаг монгол” хөтөлбөрийн талаар танилцуулж, энэ хөтөлбөрийн хүрээнд Австрали улсад залуусыг сургахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу, Элчин сайд Жон Лангтри залууст мэргэжлийн боловсрол олгох, сургах нь маш оновчтой шийдэл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Австрали улсад монгол залуусыг сургахад дэмжиж ажиллахаа илэрхийлэн, энэ чиглэлээр талууд дэлгэрэнгүй санал солилцсоноор уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

АН-ын зохион байгуулсан жагсаалд 20 гаруй мянган хүн оролцлоо

Ардчилсан намаас зохион байгуулсан тайван жагсаалд 20 гаруй мянган хүн ирсэн гэж ажиглагчид үзэж байна. Юутай ч жагсагчид Сүхбаатарын талбайг дүүргэж байлаа. Тэд “Тэтгэврийн насыг нэмснийг эсэргүүцэж байна”, “Хүрэлсүхээс хүлээсэн итгэл замхарлаа”, “Татварт дарагдсан иргэд туйлдаж байна”, “Эзэнгүй төрийн, эргүүтсэн шийдвэр”, “Иргэд чинь утсан хиам шиг болж байна” гэх мэт уриа лоозон барьсан байв. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, НИТХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү нар жагсаалд оролцлоо.

Тэд татварын нэмэгдэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, эрх баригчдаас хариуцлага нэхэн жагссан юм. Жагсагчид Засгийн газарт шаардлага хүргүүлж, хариуг нь хүлээх зуураа Сүхбаатарын талбайг тойрсон юм. Засгийн газраас шаардлагын хариуг энэ сарын 6-нд өгнө гэж мэдэгдлээ.

НИТХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “Өнөөгийн эрх баригчид ямар нэгэн шийдвэр гаргахдаа тооцоо, судалгаа хийлгүй зөвхөн сэтгэл хөөрлөөр хандаж байгааг бид эсэргүүцэж байгаа. Ийм байдлаас болоод гарсан шийдвэрээсээ эргэж буцдаг уймраа төртэй байж болохгүй. Ард иргэд ардчиллын гол хөдөлгөгч хүч тиймээс энэ жагсаалд оролцож байгаа. Бид ирэх хавар хүртэл жагсана. Энэхүү жагсаал Монгол Улсын хөгжлийн эхлэл. Шаардлагыг биелүүлэхгүй бол дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэж хэллээ.

Жагсаалын үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “Өнөөдөр маш олон эмэгтэйчүүд, ээжүүд биднийг дэмжихээр ирсэн байна. Та бүхэндээ баярлалаа. Эрх баригчдаас нэг зүйлийг асуумаар байна. Бидний үнэт зүйл яг юу юм вэ. Монгол хүн юм уу монгол гэр бүл юм уу эрүүл монгол хүн юм уу гэдгийг асуумаар байна. Эдийн засаг нь мундаг өслөө гээд байдаг. Энэ үнэт зүйлдээ эрх баригчид ер мөнгө зарахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын санд 2017 онд 470 тэрбум төгрөг үлдсэн байна гэсэн. Энэ мөнгийг юунд зарах гээд байгаа юм бэ. Эрүүл мэндийн асуудлаас болж ядууралд орж байгаа ард иргэдийнхаа эрүүл мэндэд зараачээ гэж уриалж байна” гэлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа сүр дуулиантай боллоо. Энэ Засгийн газрын 100 хоногт хийсэн 30 чухал ажилд нь бид судалгаа хийсэн. Энэ ажлын 80 хувь нь өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн ажлуудыг оруулсан байна” гээд ажил хийдэггүй, толгойгүй Засгийн газарт ташуур өгнө гэсэн юм. 11.30 цагт эхэлсэн жагсаал 13 цагийн үед өндөрлөлөө.

Б.АМАРТҮВШИН

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдорж: “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилсэн гэдэг худлаа

Ц.Нямдорж мэдээлэл зурган илэрцүүд

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг “Жаст” групп барьцаалж Англи, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нийт 51 сая ам.долларын зээл авсан асуудлыг Олон улсын Арбитрын шүүх хэлэлцжээ. Улмаар Олон улсын Арбитрын шүүхээс “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. Тэрбээр “Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Маргаан бол цэвэр “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банк хоёрын асуудал. Тэр баталгаа гаргасан гэдэг асуудалд эрүүгийн хэрэг 2013 оны үед үүссэн, АТГ-т шалгагдаж байгаа.Шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбоотой алданги, хүү зэрэг байдаг. Яг тэр битүүмжилсэн гэдэг нь худлаа. Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн ч олигтой юм болоогүй шинжтэй. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн яригдаад байгаа зүйл нь алданги, хүү, торгууль гэсэн юмнууд. Тэрэн дээр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн “Стандарт” банктай ярих бололцоо байгаа. Үүнд нууцалсан зүйл байхгүй. Байнга л ярьж, Ардчилсан намынхан улс төржүүлээд байгаа юм билээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Авто машины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

Үүнтэй уялдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж.

Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдэгийг бүрэн орлож чадах юм.

“Бид бүхэн урд нь төрийн үйлчилгээг авахын тулд маш их хүлээдэг, дугаарладаг, татварын газарт нэхэмжлэх бичүүлээд, банкинд мөнгөө тушаасны дараа тамгаа даруулдаг байсан. Одооноос эхлээд та татвар төлбөрөө хоёрхон минутанд багтаан шийдвэрлэдэг боллоо. Цахимаар татвар төлбөрөө төлсөн иргэд тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээрээ ямар нэгэн тамга тэмдэг даруулах шаардлагагүй” нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ.

Smartcar.mn систем нь өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн мэдээллүүдийг орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжтой анхны цахим систем юм гэж нийслэлийн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Цэцийн гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэНэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглохоор заасан нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тус мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл,мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.