Categories
мэдээ улс-төр

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол ардын намын гишүүд, дэмжигчид болон жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр сагсанбөмбөгийн дээд лиг эхэлнэ

ЗурагМонголын сагсан бөмбөгийн холбоо/MBA/-ны 19 дэх удаагийн Дээд лигийн тоглолтын нээлт өнөөдөр 18 цагаас Спортын төв ордонд болно.

Энэ удаагийн Дээд лигийн тэмцээнд “Танан гарьд”, “АВТ Төв ургац”, “Хан-Уул Хангарьд”, “Хасын хүлэгүүд” болон “Этүгэн ирвэсүүд” гэсэн таван баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Лигийн тоглолтууд даваа, лхагва, баасан гарагуудад 18 цагаас СТО-д болох юм. MBA Дээд лигийн тэмцээний нээлтийн тоглолт ”Танан гарьд”, ”Хасын хүлэгүүд” багуудын тоглолтоор эхэлнэ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн тэмцээний Зохион байгуулах комиссын дарга С.Бямбажав: “Манай холбоо 1962 онд байгуулагдсан. Өнгөрсөн жил 55 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ жилийн Дээд лигт оролцох мэдүүлгээ өгсөн таван багаас гадна баг нэмэгдэх боломжтой. Лигийн тоглолтын журмаар багт гурван ленионер тоглогч байж болно. Талбай дээр хоёр легионер тоглогч гарч тоглоно гэж заасан байгаа. Бүх багийн лидер тоглогчид болон шигшээ багийн тамирчид бүгд багтсан. Зарим баг легионер тоглогчдоо авчирсан. “Төв ургац” багийн легионер тоглогч нээлтийн тоглолтод оролцоход бэлэн гэсэн. Бусад багууд эхний тойрогтоо багтаад легионер тамирчдаа авчрах байх. Өнгөрсөн жил орон нутгийн багууд оролцож байсантай холбогдуулан аймагт очиж тоглосон. Энэ жил Спортын төв ордонд тэмцээнүүд үргэлжлэн явагдана” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Хүний эрхийн үндэсний байгууллага бий болсны 17 жилийн ойг тохиолдуулан ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мэндчилгээ дэвшүүллээ

Мэндчилгээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын үе үеийн дарга, гишүүд, ажилтнууд, хамтарч ажиллаж ирсэн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, Орон Тооны бус зөвлөлийн гишүүд Та бүхэндээ Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 17-н жилийн ойн өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд тангараг өргөснөөр манай улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсан түүхтэй билээ.

Өнөөдөр хэнээс ч хараат бус, бие даасан Хүний эрхийн Үндэсний байгууллагын үйл ажиллагаа бэхжиж, үндэсний төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, хүний эрхийн асуудлыг анхааралдаа авч, хэрэгжилтийг хангуулахыг шаардаж, эгэл жирийн иргэд эрхээ мэддэг, эрхийнхээ төлөө тэмцдэг болсон нь Та бидний хамтын ажиллагааны үр дүн юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс цаашид ч хуулиа дээдлэн хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримталж, та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Хүний эрх, эрх чөлөөг, орон даяар, цаг ямагт, хүн бүрт түгээн дэлгэрүүлье.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг НҮБ-ын залуучуудын VII чуулганд оролцлоо

АНУ-ын Нью Йорк хотноо “Тогтвортой, дасан зохицох боломж бүхий хот, хөдөөг бүтээхэд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд зохиогдсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын асуудлаарх VII чуулганд дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.

Уг чуулганыг 2012 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд залуучуудад тулгарч буй бэрхшээлийнхээ талаар дэлхийн удирдагчидтай НҮБ-ын төвшинд хэлэлцэх боломжийг олгох, улс орнуудад залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагаа харилцан солилцох боломжийг олгодог.

Энэ удаагийн чуулганд 600 гаруй залуучуудын төлөөлөл, 80-аад орны өндөр төвшний албан тушаалтнууд оролцон Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын үүрэг оролцоог хангах асуудлаар чууллаа. Чуулганд оролцох үеэрээ дэд сайд С.Мөнгөнчимэг “Сайд нарын төвшний дугуй ширээний хэлэлцүүлэг”-т оролцон, залуучуудын чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ залуучуудын хөгжил, оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Залуучуудын хөгжлийн хуулийг батлан хэрэгжүүлж байгааг мөн бодлого боловсруулах төвшин дэх залуучуудын оролцоог хангах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт дахь залуучуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулан, чуулганаас гарсан санал зөвлөмжийг Залуучуудын үндэсний хөтөлбөрийн төсөлд тусган ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

Чуулганд оролцогчид Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоог ханган, тэдний санаачилгыг дэмжихийн чухлыг санал нэгтэйгээр зөвшөөрч, ийнхүү ажиллахдаа төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллага нягт хамтран ажиллахын чухлыг онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд төрөлх сургуульдаа зочлов

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх II дунд сургуульд зочиллоо. Жанжны нэрэмжит энэ сургуулийг Ерөнхий сайд 33 жилийн өмнө төгссөн юм байна.

Тэрээр Д.Сүхбаатарын нэрэмжит танхим, өөрийн сурч байсан ангиар орж, төгсөх ангийн сурагч хүүхдүүдтэй уулзаж ярилцав. Эх орондоо хайртай, эцэг, эхдээ элбэрэлтэй, зөв хүн болох, мэргэжлээ зөв сонгож улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд захин, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн энэ Засгийн газар боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хөрөнгө зарцуулж энэ жил 127 цэцэрлэг, 93 сургууль барина. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болж, хүүхдүүд азын сугалаагаар цэцэрлэгт ордгоо болино гэв.

Жанжин Д.Сүхбаатарын түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх. Эх орноо харийн түрэмгийллээс чөлөөлж, туурга тусгаар болгохын төлөө амь хайргүй тэмцэж явсан, МАН-ыг үүсгэн байгуулсан анхны долоогийн нэг Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх учиртай гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш, сурагчидтай уулзах үеэрээ тэмдэглэв.

1948 оны 02 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид тогтоол гарган II сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон байна. Нийслэлийн шилдэг, Сүхбаатар дүүргийн тэргүүний энэ сургууль өдгөө 140 багш, ажилчин, 2850 сурагчтай. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын стандарт хангалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа, үр дүнг тогтмол үнэлж сайжруулах зорилго тавьжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 105 мянган мал хорогджээ

Хамгийн сүүлийн мэдээллээр өвөлжилт хүндэрсний улмаас 105 мянга 286 толгой мал хорогдоод байна. Үүний тал нь зөвхөн долоо хоногийн хугацаанд учирсан хохирол юм. Цаашид ч нөхцөл байдал хүндрэх эрсдэл өндөр байна.

Өнгөрсөн сарын 18-ны байдлаар 51 мянган мал хорогдсон байв. Харин 2018 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар хорогдсон малын тоо 105 мянга давжээ. Өдөрт хэдэн мянгаараа хорогдож байгаа гол шалтгаан нь өвс тэжээлийн дутагдалтай байхад цочир хүйтэрсэн явдал гэж тайлбарлалаа.

Хорогдсон малын тоо 10 мянгаас давсан дөрвөн аймаг байна. Хамгийн их мал алдсан аймаг бол Ховд. Нийтдээ 27 мянга 740 толгой мал хорогджээ. Дараа нь Баянхонгор аймагт 25 мянга 915 толгой мал хорогдсон бол Завхан аймагт 22 мянга 125 толгой мал хорогдоод байна. Мөн Өвөрхангай аймагт 12 мянга 151 толгой мал хорогджээ.

Богино хугацаанд мал олноороо хорогдож байгаа шалтгаан өвс тэжээлийн дутагдалтай шууд хамааралтай. Сум, аймаг, улсын нөөцөөс өвс тэжээл малчдад хүргэсэн хэдий ч нэг айлд 1-2 боодол өвс ногдож байгаа гэв. Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын өвс тэжээлийн нөөц дуусч эхэлсэн. Гэвч хахир хатуу хавар гэх хүндхэн даваа бий. Өвөл нь тарга тэвээргээ алдсан мал хавар олноороо хорогдох эрсдэл тулгараад байна.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны бодлогоор малчид ноос ноолуурын урамшуулалдаа эсвэл мал махаар өвс тэжээл солих боломжийг олгосон. Яамтай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд улсын хилээр 14 мянга 518 тонн өвс тэжээл оруулж ирсэн мэдээлэл гаалийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 8257 тонн өвс тэжээлийг малчдад борлуулаад байна. Ингэхдээ 61,6 хувь нь бэлэн мөнгөөр, 27,6 хувьд нь зээлээр, 9,4 хувьд нь ноос ноолуурын урамшуулалд тооцож олгосон бол 0,7 хувийг мал махаар сольжээ. Өөрөөр хэлбэл өвлийн бэлтгэлээ сайн хангаж амжаагүй малчид өвс тэжээлээр тасрахгүй байх боломж байна гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

Холбоотой ЗурагТэртээх 125 жилийн өмнө цагаан дээлт Дамдины гэрт мэндэлсэн үр хожмоо Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн гавьяагаараа монгол түмэндээ үеийн үед дурсагдаж буй түүхэн хүн билээ. Д.Сүхбаатар хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны арванхоёрдугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байжээ.

Д.Сүхбаатар уг сургуулийг амжилттай сайн суралцан төгссөний учир мөн оныхоо долдугаар сард V зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны зургадугаар сард IV жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард III жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ. Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд Монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ.

Д.Сүхбаатар 1920 онд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож Эрхүү хотноо дөрвөн сар шахам ажиллахдаа Сибирийн тавдугаар армийн газар цэргийн сургууль хийж байв. 1921 оны хоёрдугаар сараас Ардын журамт цэрэгт элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны гуравдугаар сарын зургаанд Ардын журамт цэргийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжинаар томилсон ажээ.

Д.Сүхбаатар нь 1921 онд Зөвлөлт Орос улстай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм.

Тэрээр 1923 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр насан эцэслэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалт өгсөн иргэдийн 20 хувь нь тэнцжээ

shalgaltСаяхан Төрийн албаны зөвлөл Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зэрэг байгууллагуудын зарим удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зохион байгуулсан байна.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдаж, хүнээс хамааралгүй, компьютерээр сонгосон тестээр хууль эрх зүйн мэдлэгийн шалгалт өгч, энэхүү шалгалтад тэнцсэн нь ярилцлагын шалгалтад оржээ. Улмаар шалгалтад хамрагдсан нийт иргэдийн 20 хувь нь тэнцэж, бүх шатны шалгалтаар шалгарсан хүмүүс тухайн удирдах албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн байна.

Сонгон шалгаруулалтад орж, шалгалт өгсөн байдлаас харахад төрийн албанд ажиллах сонирхолтой иргэд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, төрийн алба болон тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага зэргийг сайтар судалж, өөрийгөө шалгалтад тусгайлан бэлтгэхийг Төрийн албаны зөвлөлөөс зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэг байгуулах xүсэлтийг хүлээн авч байна

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд төрийн бус өмчийн 107 ерөнхий боловсролын сургуульд 27465 суралцагч, 434 цэцэрлэгт 29624 хүүхэд тус тус хамрагдаж, нийт төрийн бус өмчийн 541 боловсрол сургалтын байгууллагад 7128 багш, ажилтан ажиллаж байна.

Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 28-ны хооронд нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Үүнтэй холбоотойгоор 2018 онд шинээр боловсрол сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/ байгуулах иргэн, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх уулзалтыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14.00 цагаас Багшийн хөгжлийн ордны 202 тоотод зохион байгуулна. Иймд шинээр боловсрол сургалтын байгууллага байгуулах иргэн, аж ахуй нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсаар авах боломжтой гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Зураг УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 9 цагаас эхэлж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо Төсвийн байнгын хорооны дараа хуралдана. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10 цагаас хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх нь. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаантай.