Categories
мэдээ нийгэм

Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзавМонгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийг өнөөдөр (2018.02.02) хүлээн авч уулзлаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ажлын албаны нэгжийн дарга нар оролцов.

Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн өнгөрсөн оны онцлох ажил, энэ жилийн зорилтын талаар мэдээлэл сонссоны дараа Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаар санал, хүсэлтээ илэрхийлж, хэлэлцсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж 2017 онд хийсэн онцлох ажлын талаар Ерөнхий шүүгчдэд мэдээлэл өгөхдөө “Шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, үйлчилгээний байгууллага болгох зорилтоо дэд бүтцийн шинэчлэлээс эхэлсэн. Иргэдэд үйлчилдэг орон зайгаа нэмэгдүүлэх үүднээс нийт шүүхийн 78 хувьд нь “Шүүхийн үйлчилгээний төв” байгууллаа.
Шүүхийн байрнаас гадна үйл ажиллагааны мөн чанарт өөрчлөлт орсон. “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагаас 20 аймгийн шүүхэд хараат бус, бие даасан ажиглалт хийгээд шүүгч, ажилтны харилцаа хандлага 97 хувь, шүүхийн байр, шүүх хуралдааны тоног төхөөрөмж, тохь тух 100 хувь байна гэж дүгнэсэн. Хөндлөнгийн ажиглагч, нийгэм ингэж дүгнэж байгаа ч бидэнд хийх, хэрэгжүүлэх ажил их байгаа.
Хэрэг хуваарилах журмын мониторинг хийж, шүүхүүдэд зөвлөмж хүргүүллээ. Эрүүгийн хэргийн нэгдсэн систем нэвтрүүлснээр эрүү, иргэн, захиргааны хэргийг удирддаг иж бүрэн программтай болсон. ХБНГУ-ын ажиглагчид энэ программыг дэлхийн түвшнийх гэж нэрлэсэн. Гэхдээ шинэчлэл, баяжуулалтыг байнга хийх болно.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Шүүх хуралдааны ногоон танхим” байгуулсан нь тэмүүллийн ач холбогдолтой.
Монгол Улсын шүүхийн тамгын газруудаар дамжуулж “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааг орон даяар авч эхэллээ. Энэ судалгаа иргэд, олон нийтийг мэдэрч, бодлого тодорхойлох зорилготой. 2017 оны судалгаанд оролцсон иргэдийн 63.1 хувь нь шүүхэд итгэдэг гэж үзсэн байна” гэлээ.
Харин 2018 онд шүүхийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэргийн хөдөлгөөний удирдлагыг шинэ шатанд гаргах зэрэг гол зорилт тавьж байгаагаа танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга “Хэргийн хөдөлгөөний удирдлагыг шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулж, мэдээллийн нэгдсэн баазтай болно. Ерөнхий шүүгч, шүүхийн тамгын газрын даргын хамтын ажиллагааг сайжруулна. Шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн орчны үнэлгээг хийж, урьдчилан сэргийлэх аргачлалтай болно” гээд шүүхийн шийдвэрийн биелэлтэд анхаарч ажиллахыг Ерөнхий шүүгчдээс хүссэн юм.
Үүний дараа Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаар саналаа хэллээ.
Үндсэн хуулиар шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулах, дагнасан шүүхийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөх шаардлагатай байгааг Ерөнхий шүүгчид онцолж байлаа. Мөн Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр шүүхийн шинэтгэлийг сааруулахвий гэсэн болгоомжлол байгааг ч илэрхийллээ. Уулзалт, хэлэлцүүлгийн дараа Ерөнхий шүүгчид “Шүүх хуралдааны ногоон танхим”-тай танилцав.
Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзав
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Замын-үүд чиглэлийн замын тэмдэглэгээг шинэчилж байна

ЗурагУлсын болон орон нутгийн чанартай автозамд гарч болзошгүй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн замын тэмдэглэгээнд шалгалт хийж байна.
Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас “хар цэг” гэж нэрлэгддэг байршлуудыг тогтоон осол гарч болзошгүй замуудад тэмдэглээгээг шинэчилж байна. Мөн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозам дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, хяналт шалгалт хийхийн зэрэгцээ “Саруул харгуй'” ХХК-тай хамтран дээрх чиглэлийн автозам дагуу байрлуулсан тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалтыг хийж, хуучирч муудсанаас үүдэн харагдах байдал алдагдсан, тэмдгийн утга хандалт буруу болсон, холбогдох стандартын шаардлага хангахгүй болсон тэмдгийг солих, засварлах, нөхөн байрлуулахаар ажиллаж байна гэж ЗЦА-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймагт ажиллана

ЗурагЕрөнхийлөгч Х.Баттулга маргааш Өмнөговь аймгийг зорино. Тэрбээр энэ сарын 3-нд Өмнөговьт, 4-нд Дундговь аймгийн иргэдтэй уулзах юм. Тэрбээр энэ үеэр тэдгээр аймгийн иргэд сонсогчидтой уулзаж, улс төр, нийгэм, эдийн засаг болон өвөлжилттэй холбоотой санал хүсэлтийг сонсох аж.

Төрийн тэргүүний иргэдтэй хийх уулзалт Чингэлтэй дүүргээс эхэлсэн. Одоогийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүрэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаад байна.

Categories
мэдээ спорт

Цагаан сарын өмнө бөхийн өргөөнд болох барилдааны хуваарь гарчээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос сар шинийн баярт зориулсан цуврал барилдааныг уламжлал ёсоор Монголын бөхийн өргөөнд зохион байгуулна.

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны хуваарийг танилцуулахад, сар шинийн барилдаан “Бөхийн өргөө”-нд хоёрдугаар сарын 11-нд болох аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм. Мөн сумын цолтой болон залуу бөхчүүд хоёрдугаар 12-нд барилдах бол аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан 13-нд тус тус болно.

Харин хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан болохоор товложээ. Улмаар хоёрдугаар сарын 15-ны 12 цагаас Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд бүртгэх юм.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ :Улс даяар болсон жагсаалд 60-70 мянган иргэн оролцсон

Ардчилсан нам с.эрдэнэ зурган илэрцүүдӨнөөдөр Ардчилсан намаас Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлэх шаардлага, мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн мэдлийн 51 хувийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Өчигдөр улс орон даяар зохион байгуулагдсан жагсаалд 60-70 мянган иргэн оролцсон байна. Иргэдийн жагсаалд оролцох идэвхи өндөр байсан нь нийгэм ямар их бухимдалтай байгааг харууллаа. Бид өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүлсэн. Хариу нь албан бичгээр ирсэн ч хангалтгүй байсан учраас жагсаалыг зохион байгуулсан юм” хэмээн тодотгосон юм. Ардчилсан намаас шаардлагад дурдагдсан асуудлуудын биелэлт хангагдаагүй учраас Ерөнхий сайд, УИХ-ын даргад дахин мэдэгдэл хүргүүлж байгаагаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Мэдэгдэлд, МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэх амлалтаасаа умартан есөн төрлийн татвар нэмсэн тооцоогүй, бодлогогүй шийдвэрээ нэн даруй цуцлах,

Агаарын бохирдолтой тэмцэх цогц бодлого гаргах, гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугамын асуудлыг шийдвэрлэх, “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ипотекийн тав, найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн цагийн хугацааг сунгах,

Төрийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл санаа, зарчмыг эвдсэн асар их хор уршиг дагуулах төсөл хэлэлцүүлж байгаагаа нэн даруй зогсоох зэрэг бодитой, иргэдийн хүсэл сонирхол, эрх ашгийг илэрхийлсэн заалтуудыг багтаасан. Дээрх зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх аваас Ардчилсан намын зүгээс “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал” зохион байгуулж, эрх баригчдыг эдгээр эргэж буцсан, бодлогогүй шийдвэрээ цуцалтал улс төрийн тэмцэл өрнүүлэхээ мэдэгдсэн. Ардчилсан намын энэхүү шаардлагад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар 2018 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр хариу өгөхдөө “Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн шийдвэрээ цуцалж, АИ-92, А-80 төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэж байгаа”-гаа мэдэгдсэнээс өөр дорвитой, бодитой шийдэлтэй хариу өгсөнгүй. Хэдийгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмсэн тооцоогүй, бодлогогүй шийдвэрээ цуцаллаа гэсэн нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдсан, Гүйцэтгэх засаглалын эрх хэмжээг хэтрүүлсэн, иргэдийг хууран мэхэлж, төөрөгдүүлсэн өнгөц арга хэмжээ боллоо. Бодит байдал дээр УИХ-аас баталсан ХАОАТ-ын нэмэгдэл хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа төдийгүй уул уурхай, аж үйлдвэрлэлийн хүнд салбарт ажиллаж буй мэргэшсэн боловсон хүчнүүдэд эдийн засаг, санхүүгийн дарамт учруулсаар байна. Түүнчлэн шатахууны онцгой албан татварыг буцаан цуцлахдаа зөвхөн АИ-92, А-80 төрлийн бензиний онцгой албан татварыг тэглэлээ гэсэн нь бусад маркийн шатахуун, тухайлбал улс орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбар, хэрэглээнд өргөнөөр ашиглагдаж буй дизель түлшний хэрэглэгч нарыг ялгаварлан гадуурхсан үйлдэл боллоо. МАН олонхоороо хүч түрэн, ямар ч тооцоо судалгаагүйгээр есөн төрлийн татвар нэмэгдүүлсний үр дагавраар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн бөгөөд Засгийн газраас зөвхөн 2 төрлийн татварыг буцаах талаар мэдэгдсэн ч нэгэнт өссөн барааны үнэ буухгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа доройтуулж, аж үйлдвэрлэлийн салбартаа хүнд ачаа үүрүүлсэн бодлогогүй шийдвэрээ Засгийн газар үргэлжлүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийг хууран мэхлэх, иргэдийг төөрөгдүүлэх шийдвэрүүдийг удаа дараа гаргаж ард иргэдийн амьдралыг улам бүр доройтуулсаар байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Иймд Ардчилсан нам тавьсан тодорхой шаардлагынхаа хариуг биелүүлэхийг шаардаж, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр ард түмнийхээ эрх ашгийг төлөөлж “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг зохион байгууллаа. Энэхүү жагсаалд нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргийн 35 мянга гаруй иргэн нэгдэж, эрх баригчдын алдаатай, эргэж буцсан, бодлогогүй шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Ардчилсан намын зүгээс тавьсан шаардлагыг бүрэн биелүүлэхийг МАН-ын Засгийн газар, УИХ дахь хэт олонхийн бүлгийн 65 гишүүнээс шаардлаа. Түүнчлэн 20 аймгийн төвд нийтдээ 25 мянган орчим иргэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, улс орон даяар нийтдээ 60 орчим мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Улс орны нэгдсэн бодлого алдагдаж, Гүйцэтгэх засаглалын тогтворгүй олон шийдвэрийн нөлөөгөөр эдийн засаг, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, иргэдийн бухимдал, тэвчээр дээд цэгтээ хүрсний баталгаа нь энэхүү эсэргүүцлийн жагсаал байв. УИХ дахь үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй МАН-ын бүлгийн дотоод зөрчилдөөн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тогтворгүй болгосноор иргэдийн итгэл алдарч, хууль тогтоох байгууллагын нэр хүнд өдрөөс өдөрт унаж байгаа нь сэтгэл зовоосон анхаарал татах асуудал болжээ. Үүнээс гадна шинэ оны босгон дээр “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийн хувьцааг иргэддээ эзэмшүүлнэ хэмээн мэдэгдэж байсан эрх баригчид бодит байдал дээр “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувиа алдаж, улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр болсон үйлдвэрээ битүүмжлүүлэх эрсдэлд оруулсан нь нэгэнт тодорхой боллоо. Түүнчлэн өдөрт 75 сая төгрөг, сард 2.2 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрт унаж, эх орондоо төдийгүй олон улсад улс орныхоо нэр хүндийг шороотой хутгасанд Монголын ард түмэнд дургүйцлээ илэрхийлж, энэ засаг төрд итгэх итгэлгүй болж байгаагаа илэрхийлж байв.

Ийнхүү эрх баригчдын алдаатай, харалган шийдвэрүүд ард иргэдийн амьдралд хүндээр тусч, улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлэх хэмжээнд авчирсанд Ардчилсан намын зүгээс санаа зовниж байгаа төдийгүй, эдгээр алдаатай, хор уршигтай шийдвэрүүдээ нэн даруй цуцалж, улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг яаралтай тогтворжуулах, үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх асуудлуудыг эерэгээр шийдвэрлэхийг эрх баригчдаас дахин дахин шаардаж, өмнө нь хүргүүлсэн шаардлагын биелэлтийг бүрэн хангах, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг тодруулж 2018 оны гуравдугаар сарын 12-ны дотор шийдвэрлэхгүй бол улс төрийн тэмцлээ зогсолтгүй үргэлжлүүлж, шат дараалалсан арга хэмжээ авч, тэмцлийн дараагийн шатанд шилжихээ үүгээр мэдэгдэж байна.

Мөн энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь өнөөдөр гадны банкны барьцаанд орж, битүүмжлэгдэх дээрээ тулаад байна. Эрх баригчид тус үйлдвэрийн 49 хувьтай хэрэлдэж, олон нийтийн анхаарлыг зориуд сарниулж байсан нь нотлогдлоо. Уг “Эрдэнэт” нэг л үйлдвэр. Одоо энэ үйлдвэрээ гадны банкинд алдахгүйн төлөө Засгийн газар ажиллах хэрэгтэй. Ер нь Ардчилсан намтай холбоотой бүхнийг МАН харлуулсаар ирлээ. Одоо болих хэрэгтэй. Бид бондын зарцуулалтын мэдээллээ удахгүй олон нийтэд танилцуулна. МАН бас бондын мөнгө болоод энэ их гадаад өөрийнхөө зарцуулалтыг ил тод мэдээлэх ёстой. Үүний төлөө бид ажиллах болно” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголд үйлдвэрлэсэн автобусыг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобусыг нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд оролцлоо.

“Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Монгол GPS-тэй, “J-800EV-3” загварын найман цах
илгаан автобусыг “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 369 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Монголдоо угсарч, бүтээжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн нийт хүн амын гуравны нэг нь амьдардаг Даланзадгад хотод нийтийн тээврийн үйлчилгээ шинэ шатанд гарч, хотын алслагдсан хороо, гэр хорооллын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүрэх юм байна. Мөн нийтийн тээврээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд үнэ төлбөргүй зорчих бололцоотой юм байна. Үйлчилгээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цахилгаан хөдөлгүүртэй учир утаа ялгаруулахгүй, монгол инженерүүдийн бүтээсэн үндэсний техникийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцохдоо “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үндэсний үйлдвэрлэгч “Экологбус” ХХК-ийн зөвлөх Д.Жаргалсайхан болон тэдний хамт олонд баяр хүргэе. Д.Жаргалсайхан 10 гаруйн жилийн өмнөөс л Монголд автомашин үйлдвэрлэдэг болно гэсэн зорилго тавиад явж байгаа хүн. Өнөөдрийн байдлаар 80 троллейбус үйлдвэрлэсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд олон дайралт, доромжлолыг давж явсаар байгаад бүтээгдэхүүнүүдээ гаргасан байна. Ямар ч байсан Монголд угсарч үйлдвэрлэсэн энэ техникийн 70 орчим хувийг импортоор авсан гэж байна. Цаашдаа 50, 40 хувь хүртэл нь импортыг бууруулж, бусдыг нь дотоодын бүтээгдэхүүн болгоосой, энэ үйлс цаашдаа дэлгэрээсэй гэж хүсэн ерөөж байна. Та бүхэнд баярлалаа” гэв.

Цахилгаан автобусыг Өмнөговь аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, “Экологбус” ХХК-ийн зөвлөх Д.Жаргалсайхан нар байлцлаа.

Categories
мэдээ нийгэм

Төрийн шинэ албан хаагчдад авлигын эсрэг сургалт хийв

Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д цувралаар зохион байгуулж байгаа “Авлигын эсрэг сургалт”-д нийтийн албанд анх удаа томилогдож сүүлийн 1 жилийн хугацаанд ажилласан албан хаагчид хамрагдлаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраас тогтоолоор баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд нийтийн албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулахаар тусгасан юм. Энэ дагуу Авлигатай тэмэх газраас төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтнуудыг 2018 оны туршид “Авлигын эсрэг сургалт”-д хамруулахаар ажиллаж байгаа билээ. Хоёр дахь удаагийн сургалтад төрийн албанд шинээр томилогдсон яам, агентлаг, нийслэл, дүүргийн 82 албан хаагч сургалтад оролцлоо.

Нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой сургалтыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар “Авлигатай тэмцэх сайн туршлага”, “Ашиг сонирхлын зөрчил”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Мэдүүлэг гаргахад анхаарах асуудал”, “Авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” зэрэг сэдвүүдээр сургаж, арга зүйн шинэ мэдлэг, ойлголт өглөө. Түүнчлэн Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлөөс багш, мэргэжилтэн, судлаачид уригдан ирж захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаанаас сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, худалдан авах ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулах зэрэг асуудлаар хичээл заав.

Сургалтын үеэр төрийн шинэ албан хаагчид авлигын асуудлаар санал бодлоо солилцож, сургалтаас олж авсан мэдлэг, ойлголтыг ажил албандаа хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж байлаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн оролцогч “Авлига бол нийтийн ёс суртахуун, соёл, хандлагыг мэрэн устгаж, улс үндэстний эрч хүч, бадрангуй тэмүүлэл, хөгжлийн хурдыг сааруулагч хорт хавдар мэт нийгмийн өвчин юм. Тиймээс бүгдээрээ энэ хорт хавдартай бүх талаас нь тэмцье” хэмээн сургалтын төгсгөлд уриалав.

Авлигын эсрэг сургалтын дараагийн цувралд 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр яам, агентлаг, нийслэл, дүүргийн 150 нийтийн албан тушаалтныг оролцуулна.

Categories
мэдээ улс-төр

Бага, дунд боловсролын хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.02.02) УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

2012 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтөөр сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдгээртэй үр дүнгийн гэрээ байгуулахаар болсон.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгахаар заасан бөгөөд өнөөгийн зохицуулалтаар сум, дүүргийн Засаг дарга төрөөс үзүүлж байгаа боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт үнэлгээ хийх, төсөвт хяналт тавих, нөгөөтэйгүүр, иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсролын үйлчилгээнд нөлөөлөх эрх мэдэл нь хязгаарлагдмал болсон байна. Түүнчлэн хувийн хэвшлийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад улсын төсвөөс олгодог нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг дүүргийн Засаг дарга үр дүнгийн гэрээ байгуулан хувийн хэвшлийн сургуулиудад олгодог ба ийнхүү нэг төрлийн харилцааг өөр өөрөөр зохицуулж байгаа юм байна.

Иймээс төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт юм гэж хууль санаачлагчид үзэж байна.

Боловсролын асуудлаарх сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “… дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион байгуулах” гэж, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, иргэнд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг захиргааны удирдлагаар хангах” гэж тус тус заасныг,түүнчлэн дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хоолны зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн захирал хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээслүүлэх эрхийг хуульчлахаар Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслүүд батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тохиролцоо хийх замаар 106 тэрбум ам.долларыг саудын араб эргүүлэн авчээ

Авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдтэй шүүхийн шатнаас өмнө тохиролцоо хийх замаар Саудын Арабын эрх бүхий байгууллага 106 тэрбум ам.долларыг эргүүлэн авч чадсан байна.

“Хэрэгт холбогдуулан 381 хүнийг шалгаж, тэднээс 56 хүнийг авлигын эсрэг кампанит ажлынхаа хүрээнд баривчлан саатуулсан бөгөөд тохиролцоогүй бусад хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэж тус улсын Прокурорын байгууллага мэдээлжээ.

Хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, Эр-Рияд хот дахь “Ритз-Карлтон” зочид буудалд хоригдсон бүх хүнийг өнгөрсөн мягмар гарагт сулласан бөгөөд зочид буудал нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн урьдын адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх юм байна.

Эрх бүхий байгууллага төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг хянан шалгах ажиллагаа явуулж, 1 дүгээр сарын 24-нд дуусгасан гэж мэдээлсэн бөгөөд хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь шүүхийн өмнөх шатанд тохиролцоо хийсэн байна.

Малайзын Авлигын эсрэг хороо 1,1 сая ам.доллар бүхий 13 дансыг битүүмжилжээ

Малайзын Авлигын эсрэг хороо шалгалт явуулж, тус улсын Ус сувгийн газрын дарга, хоёр компанийн захиралыг баривчилж, тэдний эзэмшдэг 1,1 сая ам.доллартой дансыг битүүмжилсэн байна.

Тэдгээр дансыг тус газрын дарга, түүний хүүхдүүд болон компанийн захирал эзэмшдэг юм байна. Цаашид энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж, уг хэрэгт нэмж хэн нэгнийг татаж магадгүй гэж Малайзын Авлигын эсрэг хорооны дарга мэдээлжээ.

Түүнчлэн, Малайзын Авлигын эсрэг хороо хэрэгт холбогдсон компанийн эзэмшигчийн гэрээс нь бэлэн 230 мянган ам.доллар хурааж, түүний дансан дахь 740 мянган ам.долларыг битүүмжилжээ.

Тус байгууллагын дарга нь 2014-2017 оны хооронд тендер зарлан явуулж, тендер бүрийн үнийн дүнгээс 10 хувийг хахуульд авдаг байсан гэх авлигын хэрэгт шалгагдаж байгаа юм байна. Харин компанийн захирлуудын хувьд уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэж үзэн шалгагдаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газруудын ерөнхий прокурорууд оролцож байна.

Төрийн тэргүүн дээрх зөвлөгөөнд оролцож, хэлсэн үгэндээ:

Эрхэм хуульчид, прокурорууд аа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

Уламжлал болгон явагддаг зөвлөгөөн, энэ жилийн хувьд удирдах ажилтнуудын хувь хүний хөгжилд анхаарах, ажлын хариуцлага, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаа гэж надад мэдээлсэн.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын тайланг харж байхад хэдэн сонирхолтой тоо байна. 2017 оны сүүлийн зургаан сард анхан шатны шүүхээр 4898, давж заалдах шатны шүүхээр 831, хяналтын шатны шүүхээр 188 хэргийг шийдвэрлэхэд прокурор оролцож санал дүгнэлт гаргажээ. Шүүхэд шилжүүлсэн хэрэг 69.3 хувиар өссөн байна. Харин хэрэгсэхгүй болгосон, хэрэг бүртгэлийн явцад хэргийг хаасан хэргийн тоо 31.6 хувиар буурсан гэжээ. Дээд шатны прокурорын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан прокурор, ажилтны тоо өмнөх оноос 21.4 хувиар буурчээ гэж. Эдгээр нь танай хамт олны амжилтыг илэрхийлдэг эерэг үзүүлэлт, мэргэжлийн үнэлгээ байх.

Гэхдээ нийт иргэдийн хувьд бол үнэлэмж хараахан өөр байна. Би саяхан нийслэлийн долоон дүүрэг, зүүн болон говийн бүсийн таван аймгийн иргэдтэй уулзалтууд хийсэн. Иргэдийн хамгийн их бухимдаж байгаа, шүүмжилж байгаа асуудлууд дунд хуулийн засаглал хэрэгжихгүй байна, шударга ёс, төрийн албан ёс зүй алдагдсан талаарх гомдол ихээхэн байр суурь эзэлж байна. Энэ нь мэдээж дан ганц прокурорын байгууллагатай холбоотой биш. Хууль тогтоох дээд байгууллагаас уруудаад хууль сахиулж, хэрэгжүүлж байгаа бүхий л үе шатанд хамаатай шүүмжлэл байх. Цуврал уулзалтуудад нийслэлийн 9000, орон нутгийн 3000, нийт 12000 орчим иргэд оролцож, 670 иргэн санал, хүсэлтээ биечлэн илэрхийлж, 1300 гаруй иргэн бичгээр гомдол, саналаа гаргажээ. Эндээс оффшор данстай төрийн албан хаагчдад болон төрийн албыг наймаалцсан хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй байгаа талаар 109, хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар 98 гомдол гарсан байгааг Ерөнхийлөгчийн тамгын газар цэгцэлж холбогдох газар, албан тушаалтнуудад хүргүүлэн, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж ажиллана.

Прокурор бол хууль сахиулах, шүүх ажиллагаанд Төрийг төлөөлж оролцдог субъект. Төрийг төлөөлнө гэдэг нь ард олныг төлөөлж, тэдний эрх ашгийг сахин хамгаалах, хуулийн засаглалыг тогтоох үйлс болохоос албан тушаалтанд үйлчлэх биш юм. Иргэд албан тушаалтнуудын дураар авирлах, эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон байдал хуулийн шийтгэлээс гадуур үлдээд байна, шударга ёсны хариуцлагад өртөхгүй байна гэсэн шүүмжлэлийг их хэлж байгаа. Нэг талдаа хоосон хардлага цөөнгүй байдаг байх, нөгөө талдаа үнэхээр оффшор данстай төрийн албан хаагчид, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан хэрэг гээд шийдэгдэхгүй, сунжраад гацаад байгаа хэргүүд шүүмжлэл дагуулж байна.

Өнөөдөр Монгол улсыг гадна, дотногүй муухай харагдуулж байгаа олон асуудал байдаг. Үүнээс цөөн буюу гурван асуудлыг хэлмээр байна.

Нэгдүгээрт, авлигатай тэмцэх төрийн хүчин чармайлт хэлбэр төдий, оромдсон байдалтай байгаа. Энэ бол үнэн. Хоёрдугаарт, хуулийн засаглал сул, төрийн албан тушаалтнууд нь ёс зүй, зарчимгүй байна. Энэ ч мөн үнэн. Гуравдугаарт, нийслэлийн агаарын бохирдол гэсэн гурван асуудлыг тодруулж хэлье.

Эдгээр цогц бэрхшээлүүдээс арай хурдан шийдэж болох нь агаарын бохирдол, утаа байх. Утаа урин цаг ирэхээр, эсвэл салхи гарахаар арилаад өгч магад. Харин авлига, ёс зүйгүй байдал тийм амар арилахгүй. Энэ бол өдөр бүр шаргуу, хатуу тэмцэж байж л алга болох нийгмийн хорт хавдар гэж үзэж байна. Авлигатай тэмцэх, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй ч Прокуроруудын чин сэтгэл, зүтгэл илүү шаардлагатай байна.

Төрийн өндөр албан тушаалтнуудаар хязгаарлалгүй төрийн үйлчилгээний ажилтан эмч, багш хэн бүхнээс Төр өөрийн чиг үүргийг тухайн албан хаагчаар дамжуулан хэрэгжүүлж байгаагийнхаа баталгаа, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын илэрхийлэл болгож төрийн бүх шатны албан хаагчдаас ёс зүйтэй ажиллахыг шаардах, үүрэг хариуцлага нэхэх эрх бий. Тийм учраас прокурорууд төрийн албан хаагчдыг ёс зүйгээр үлгэрлэн ажиллаж, хариуцлагыг хэрэгжүүлдэг байх ёстой гэж би бодож байна.

Прокурор бол Үндсэн хуулийн байгууллага. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан чиг үүрэг бол Прокурорын байгууллагын гол хийж гүйцэтгэх ажил. Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий … байгууллага мөн” гэж тодорхойлсон прокурорын үүргийг дорвитой хэрэгжүүлээч гэж би та бүхнийг уриалж, бас шаардах гэж ирсэн юм. Хуулийн засаглалаа хамгаалах, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нөхцөлийг прокурор манлайлан бүрдүүлэхээс өөр арга байхгүй болж.

Үндсэн хуульд хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно, шүүхийн шийдвэр эцсийнх байна гээд тов тодорхой заачихсан байхад “энэ шүүхийн шийдвэрт итгэж болно, тэр шүүхийн шийдвэр худлаа” гэх мэтээр ялгаварлан үзэх хандлагыг Хууль зүйн сайд нь нийтэд илэрхийлээд явж болох уу? Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.1-д “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг хүчингүй болсон гэж би сонсоогүй байгаа шүү. Хуулиа хэрэгжүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.

Энд шүүх, прокурорын байгууллагууд яагаад хүлцэнгүй хандаад байгаа юм. Зарчмаа, хуулиа хамгаалах хэрэгтэй. Олон нийтэд маш буруу ойлголт, үнэлэмж үүсээд байхад яагаад таг дуугүй суугаад байгаа юм. Прокурор буруу хянаад, шүүх нь буруу шийдсэн нь үнэн юм бол тэрийгээ хэл.

Олон түмэнд тодорхой мэдээлэл ойлголт өгөхгүй байгаагаас хууль улам гажиж, байнга зөрчигдөж байна. Бүх шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаарх иргэдийн гомдлыг хэлэлцэхгүй гэсэн зарчмыг хууль тогтоох дээд байгууллагын гишүүд нь зөрчөөд шүүхтэй зэрэгцээ “шүүх” ажиллуулаад хууль бус хэлэлцүүлгээр бусдыг гэмт хэрэгтэн гэж цоллоод, буруутгаад явж байхад яагаад прокурор тэдэнд хууль сануулахгүй, яагаад олон нийтэд хуулийг зөвөөр тайлбарлахгүй суугааг ойлгохгүй байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасныг сахин хамгаалах зориг та бүхнээс гарах ёстой. Төрийн өндөр дээд албан тушаалтан сэтгүүлчдийг цуглуулж байгаад тэр хулгайч, энэ луйварчин гээд дураараа цоллож, яллаж байхад хууль сахиулах, хамгаалах үүрэгтэй байгууллагууд яагаад дуугүй суугаад байдаг юм бэ?

Мөн хэлэхгүй өнгөрч болохгүй нэг хэрэг бий. С.Зоригийн амь насанд халдсан хэрэг дээр шүүхээс гадуурх маш олон буруутгал, хардалт, таамаг тархаж байхад прокурор яагаад байр сууриа тод илэрхийлэхгүй байгаа юм. Та нар хэргийг муу хянасан, хууль зөрчсөн мөрдөн байцаалт, эрүүдэн шүүлтийг өөгшүүлээд сууж байсан юм уу? Мэдээлэл хомстсон, бүрхэгдсэн газар л цуурхал, хов жив газар авч иргэдийн буруу ойлголт гаардаг юм.

Авлигатай тэмцэх ажлыг Прокурорын байгууллага манлайлан ажиллах шаардлага үүсч байна. Монгол Улсын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ гээд тунхаглачихсан. Үйл ажиллагааны үндсэн зарчмыг нь “хуулийн байгууллагууд хамтын ажиллагаа, уялдаа холбоотой хамтын зарчимтай байх, төр ба хувийн хэвшил, иргэний нийгэм түншилж авлигатай тэмцэх” гээд заачихсан. Төрийн бүх байгууллагад авлигатай хамтарч тэмцэхийг үүрэг болгосон. Авлигатай тэмцэх нь дан ганц АТГ-ын ажил, үүрэг биш, авлигын эсрэг тэмцэх ашиг сонирхол нь нийлж байгаа бүх хүмүүс хамтарч тэмц гэж тунхагласан.

Гэвч Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт хэн нь хэзээ ямар үүрэг хүлээж, хэн хэнийхээ ямар эрх мэдэл дээр хяналт тавьж, хэн хэндээ ямар мэдээллийг харилцан өгөлцөж, авалцахыг тодорхой болгоогүй, огт журамлаагүй байна. Үүнийг нэн яаралтай журамламаар байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг олон талт хамтын ажиллагааны баримт бичиг болгож, хатуу журамлахгүй бол авлигатай тэмцэх тэмцэл тунхаг төдий байсаар байх болно.

Авлигатай тэмцэх, албан тушаалтны гэмт хэрэгт хяналт тавих прокурорын чиг үүргийг улс төрийн зорилгоор сулруулсан явдал гарсан. Гарсаар ч байна. УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, тус албаны орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг АТГ-т шилжүүлсэн. Ингэснээр авлигатай тэмцэх ажлаас прокурорыг хөндийрүүлж, Үндсэн хуулиар олгогдсон чиг үүргээ Прокурорын байгууллага бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй болгосон байна. Авлигатай тэмцэх тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгон хувиргах боломжийг төрийн өндөр албан тушаалтанд олгосон гэдэг нь өнгөрсөн хугацаанд нэн тодорхой боллоо. Тийм учраас энэ алдааг яаралтай залруулж Ерөнхий прокурорын байгууллагын дэргэд Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах шаардлага үүсч байна би бодож байна. Үгүй бол АТГ-ыг хэн ч шахаж шаардахгүй, дураараа, зоргоороо тааваараа ажиллаж, авлигатай тэмцэхгүй байж болох боломжийг үүсгэсээр байна.

Мөн өчигдөр өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой маш тодорхой асуудал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаад эхэллээ. Эрдэнэтийн асуудал дээр прокруорын байгууллагын байр, суурь ямар байгаа вэ? Маш тодорхой эзэнтэй, хуурамчаар гарын үсэг зурсан гэх мэдээлэлтэй энэ хэрэг одоо ямар шатандаа явааг иргэд мөн л асууж байна. Энэ тал дээр нэгдсэн мэдээлэл бидэнд хэрэгтэй байгааг та бүхэнд хэлмээр байна.

Эрхэм хуульчид аа, прокурорууд аа

Түүхэндээ Монгол улс хүчирхэг, цэцэглэн хөгжсөн цагууд нь шударга ёсыг сахидаг, хуулиа хэрэгжүүлдэг төртэй үедээ л юм. Монгол улс хүчирхэгжин хөгжихөд хуулийн байгууллагуудын чармайлт шийдвэрлэх хүчин зүйл болох ёстой.

Хууль үгүй бол хөгжил үгүй. Шударга ёс алсарвал сайхан амьдрал ч холдоно. Тийм учраас хуулийн байгууллагуудын нийт ажилтнууд хуулийн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг хэлбэрэлгүй хэрэгжүүлэхийн төлөө, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай ажиллах хэрэгтэй байна. Та нарын тус эх орон, ард түмэнд чинь чухлаар шаардагдаж байна.

Ард түмэн чинь хуулийг ёсчлон биелүүлж, гэм буруутай этгээдийг хөрөнгө мөнгө, албан тушаал аль нэг байдлаар нь алаг үзэхгүй, ял завшуулахгүй байх, шударга шуурхай ажиллахыг л та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.

Зөвлөгөөний ажилд амжилт хүсье. Мөнх тэнгэр ивээж, Монгол оронд шударга ёс үүрд цэцэглэх болтугай. Баярлалаа” гэлээ.

Харин Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. Томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа ирж бидэнд үүрэг, чиглэл өгч байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийх гэж байгаа, баримталж байгаа бодлогод нь Монголын прокурорын байгууллага ямар их үүрэг оролцоотой вэ, гэдгийг онцолж байгаа гэж бид ойлгож байгаа.

Үнэхээр загас шиг дуугүй байгаад байгаа энэ байдлаа засах, залруулах, хуульгүй юм шиг хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг шүүмжилж, буруу зөрүү гэж ярьдаг зэрэг бусармаг үйл ажиллагаатай тэмцэх болно гэдгээ хэлмээр байна” гэлээ.