Categories
мэдээ нийгэм

“Ахмадаа дээдлэе” өдөрлөг боллоо

“Ахмадаа дээдлэе” өдөрлөг боллоо“Ахмадаа дээдлэе” өдөрлөг боллооНийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Д.Баярсайхан жил бүр тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоогоод байгаа. Сар шиний баярын босгон дээр СХД-ийн 10, 11, 28-р хорооны нийт 1200 ахмад настнуудыг өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд оролцож ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Мөн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр СХД-ийн 10 дугаар хорооны ахмад настан Н.Дуламсүрэн, Р.Пүрэвдорж, Ц.Амарсайхан, Д.Чанцал, Д.Дагвасүрэн, Э.Бямбацэцэг, Ч.Уранчимэг, н.Долгорсүрэн, 11 дүгээр хорооны ахмад настан С.Оюунчимэг, Ц.Цэрэнпил, Ч.Цэцэгээ, Ж.Эрдэнэбаяр, С.Лхагвадорж, Б.Дашнамжил, 28 дугаар хорооны ахмад настан Б.Оюунгэрэл, н.Жавзмаа, Д.Сайнбаяр, Б.Даваадулам зэрэг шилдэг ахмадуудад эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөгөөд өргөмжлөл гардууллаа.

НИТХ-ын Төлөөлөгч Д.Баярсайхан “СХД-ийн 10, 11, 28-р хорооны болоод нийслэлийнхээ бүх иргэдэд удахгүй гарах гэж буй нохой жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Өөрийн сонгогдсон нийслэлийн СХД-ийн 26 тойрог буюу 10, 11, 28-р хорооны 1200 ахмад настныг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Өнөөдрийн хөгжлийг бидэнд авч ирсэн ахмад настнуудаараа бид үргэлж бахархах ёстой. Тиймээс энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хамтарсан “УБТЗ” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн шинэчлэл, үүнд шаардагдах санхүүжилт, бусад асуудлаар санал солилцов.

“УБТЗ”-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын үед эцэслэн боловсруулж батлах, шинэчлэлийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв. “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Хойд” болон “Зүүн” коридорын төслүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулах саналтай байна гэв.

Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ хурдацтай өсч байгаатай холбогдуулан “УБТЗ” нийгэмлэгт техникийн шинэчлэл хийхэд анхаарах, мөн

Зүүнбаян-Ханги боомт хүртэл 280 км төмөр зам шинээр барьж, шинэ гарц нээх төслийг хамтран хэрэгжүүлэх, “УБТЗ”-ын гол шугам нь хойд, урд талдаа тус бүр хоёр хилийн гарцтай байх нь тохиромжтой гэж үздэгээ илэрхийлэв. ОХУ-ын Москва хотноо энэ оны дөрөвдүгээр сард болох “Транс Россия” ачаа тээвэр, логистикийн олон улсын 23 дугаар үзэсгэлэнгийн үеэр “Транзит Монгол-2018” арга хэмжээг зохион байгуулах санал дэвшүүлэв.

Энэ онд “УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийх таатай боломж бүрдсэнийг “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэмдэглэлээ. “УБТЗ” нийгэмлэг өнгөрсөн жил 23 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөнийг дурдав. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч нэмэгдсэн гэлээ.

“УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийн, хүчин чадлыг нь сайжруулснаар нэвтрүүлэх чадвар эрс дээшилж, ачаа тээвэр, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн бодлого төлөвлөлтөд жендэрийн тэгш эрхийн талаар тусгагдана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Жендэр ба хөгжил” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Эрүүл мэндийн яамыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн уг арга хэмжээнд оролцож, Эрүүл мэндийн салбарт баримтлах жендэрийн бодлогын талаар оролцогчдын асуусан асуултанд хариулт өглөө.

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлнэ”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд зориулсан үйлчилгээ бий болгоход чиглэсэн арга хэмжээ авна”, 19 дүгээр зүйлд “Тухайн салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр, төсөлд жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийн төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэж, тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах”, “Тухайн салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх” хэмээн тус тус хуульчилсан байдаг байна.

Чуулганы үйл ажиллагаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хороод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав

Төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Ж.Мөнхбат нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн “… Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно…” хэмээх заалтыг өөрчилж буй төсөл дэх зохицуулалтын талаар тодруулав. Төрийн тусгай албан хаагчид тангараг өргөн, тушаалаар ажилладаг онцлогтой тул төсөл санаачлагчийн үндэслэл буюу тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгох боломж байдаггүй. Хууль дахь “дараалсан 5 жил”-ийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж 7 жил болгосноор тушаалаар ажил үүргээ гүйцэтгэдэг, тодорхой эрхүүдээ хуулиар хязгаарлуулдаг, байнгын бэлэн байдалд ажиллаж амьдардаг онцлогтой төрийн тусгай албан хаагчдын нийгмийн баталгааг бууруулах тооцоолол байгаа тул төслийн дээрх зохицуулалтад төрийн тусгай албан хаагчдыг хамруулахгүй байх нь зүйтэй гэдэг саналыг гишүүд хэлж байв.

Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлалаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх үед авч хэрэгжүүлэн арга хэмжээг эдийн засаг сэргэж, нааштай өөрчлөлүүд гарч байгаа өнөөдөр өөрчилж, буцааж засаж байгаа үйл явц.Тодруулбал, тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх зохицуулалтыг өөрчилж 3 сар болгох,ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчлах зохицуулалт тусгасан хэмээн хариулт өгсөн. Сангийн яам тооцоолол дээр алдаа гаргаагүй бөгөөд гишүүдийн тодруулж байгаа шиг төрийн тусгай албан хаагчдыг тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгодог 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг огт хөндөөгүй гэдгийг Сангийн сайд тайлбарлав. Мөн төсөл дэх 5 жилийг 7 жил болгон өөрчилж байгаа нь төрийн тусгай албан хаагчдын нийгмийн асуудлыг бууруулах үндэслэл болохгүй, тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орохгүй гэлээ. 30 жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн багш, эмч нарын нөгөө талд сүүлийн 5 жил дараалан нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлдөг. Бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлсөн байдаг. Энэ хоёр хүн зэрэгцээд тэтгэвэрт гаргахад насаараа ажилласан хүн, ердөө 5 жил дараалан нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлсөн хүн хоёрын тэтгэврийн зөрүү 3 дахин ялгаатай болж байгаа. Одоогийн хуулийн заалт нь ийм нөхцөл олгоод байгаа бөгөөд үүнээс үүдэн тэтгэврийн сангийн орлого багасаж,тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа учир төсөлд дээрх заалтыг оруулсан гэдгийг тайлбарлалаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “Үе үеийн Засгийн газарт Нийгмийн даатгалын сангийн тогтолцоотой холбоотой реформ хийх шаардлага тулгараад байгааг бид мэдэж байгаа. 2000-аад оноос хойш энэ салбарт цонх үүсч, сангийн мөнгөн хөрөнгийг арвижуулан боломж зөндөө байсан ч үүн дээр Засгийн газар ажиллаагүйн үр дагавар өнөөдөр ийн илэрч байгааг бас тооцох нь зүйтэй” гэдгийг хэлсэн.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ж.Энхбаяр, Л.Болд нар “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах саналын томъёоллыг гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Дараа нь Засгийн газраас энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хороо өнгөрсөн Мягмар гарагийн (2018.01.30) хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцсэн бөгөөд санхүүжилтийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн задаргааг ажлын хэсэг дахин авч үзэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Л.Болд нар 2 хувийн хүүтэй 25 жилийн хугацаатэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх сайн нөхцөлтэй зээл гэдгийг хэлж байв. Гэсэн ч Монгол Улсын өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа, эргэн төлөх учраас төсөв хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид анхаарах шаардлага бий. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, нийгмийн салбаруудад хамтран ажиллах хүрээнд 2017-2018 онд 468 сая ам.долларын санхүүжлтийн талаар ярьж буй. Үүний дунд Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөлд 38 сая ам.долларыг төсвийн хуваарилалтын талаар гишүүд тодорхой саналуудыг хэлж байсан юм. Монгол Улсын Засгийн газрын 142 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан тогтоолоороо “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах (Хэнтий аймаг), Дэлхийн өв-Орхоны хөндийн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах, Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэж заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийг хуваарилан зарцуулахаар төлөвлөсөн байсан. Үүнийг өөрчилсөн нь буруу бөгөөд анх төлөвлөсний дагуу төслийн төсвийн хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлсэн юм.

Иймд гишүүдийн гаргасан саналуудад үндэслэн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийн хуваарилалттай холбоотой чиглэлийг Засгийн газарт өгөх Байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэж, санал хураалт явуулахад гишүүд 100 хувь дэмжив. Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 92.3 хувиар санал дэмжигдсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Categories
мэдээ нийгэм

Настай эмэгтэйг хүчирхийлж, дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны байранд 62 настай иргэнийг үл таних залуу айлган сүрдүүлж хүчиндээд, 300.000 төгрөгийг дээрэмдэн зугтаасан хэргийг илрүүлээ. Уг хэргийг Налайх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 33 настай Э гэгч үйлдсэн болохыг хяналтын камераар илрүүлэн дайчлан баривчиллаа.

Иймд иргэн та бүхэн өөрсдийн санаачилга хамтын оролцоонд түшиглэн амьдарч буй орчноо хяналтын камерын бүс болгосноор өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, гэмт хэргийг халуун мөрөөр нь түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Mосква хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, баталгаажуулсан билээ.

Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, автотээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар дараах ач холбогдолтой:

-Монголын тээвэрлэгчид гуравдагч улс руу тээвэрлэлт гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно

-Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ

-Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө

-Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө

-Авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АН3 болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой” ххк нийслэлд эрсдлийг таниулах сургалтын төв байгуулав

ЗурагАжлын байрны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл өгөх зорилгоор “Оюутолгой” компани нийслэлд Эрсдлийг таниулах сургалтын төв байгууллаа.

“Оюутолгой” компанийн удирдлагууд “Уурхайд 2013 онд “Эрсдлийг таниулах төв”-ийг нээн компанийн болон гэрээт ажилчдын заавал хамрагдах сургалтын нэг хэсэг болж, үйлдвэрлэл, амьдралд түгээмэл тохиолддог ноцтой эрсдлүүдийг таниулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгодог. Ийнхүү үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа анхаарч, аюулгүй ажиллагааг тэргүүлэх чиглэлд тооцсоноор бүх гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт сайжирсан гэв.

Тус төв нь олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулах бөгөөд сургалтын хэлтсийнхэн цахилгаан гүйдэлд цохиулах, дээрээс биет унах зэрэг эрсдлээс хэрхэн амь насаа хамгаалах тухай зааварчилгаа өгч ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүхбаатарын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Монгол Ардын Намаас санаачлан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд их жанжин Д.Сүхбаатарын түүхэн бичиг баримт, гэрэл зураг, баримал уран зураг зэрэг үзмэрийг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги академийн захирал Г.Наранбаатар нар оролцсон юм.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, Ардын нам, Ардын засгийг үүсгэн байгуулсан түүний гавъяаг бид мартах учиргүй, үйл хэргийг нь хойч үедээ сурталчилан таниулах учиртай” гэж онцоллоо.

Уг үзэсгэлэнд тавигдаж буй түүхэн эд зүйлсийг Очирын Баатар гуай 53 жилийн турш цуглуулж иржээ. Өнөөдөр тэрбээр хувийн цуглуулгаа МАН-д бэлэглэсэн юм. Анх 1966 онд Д.Сүхбаатрын үйл хэргийг сурталчлахаар хоёрдугаар сургуульд ханын сонин гаргаж байсан бол одоо үзмэрүүд баяжсаар жанжин Д.Сүхбаатарын амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтрыг харуулсан уран зураг, баримал, марк, мөнгөн тэмдэгт, гэрэл зураг зэрэг 500 гаруй цуглуулгатай болжээ.

Түүний цуглуулганд Бүдбазарын зурсан “Д.Сүхбаатар” уран зураг, манай нэрт барималч Ү.Болдын дипломын ажлынх нь эх загвар болох “Сүхбаатар, Ленин” баримал, 1933 оны мөнгөн тэмдэгт, марк, Д.Сүхбаатарын хөшөөний анхны эскиз, “Зоос гоёл” чимэглэлийн газрын даргаас дурсгасан монгол цорын ганц хувь болох жанжны хөрөг бүхий медаль гэх мэт олон зүйл багтжээ.

Сүхбаатарыг сурталчлагч О.Баатар нь анх Наваан нэртэй байсан ба 1944 онд есөн настайдаа Жанжин клубыг шинэчлэн баригдах үед аав, ээжийн хамт идэвхитэй оролцож клубын даргаас Баатар хэмээх нэр хүртсэнийг нь бэлэгшээж эцэг эх нь түүнийг Баатар хэмээн нэрийдэх болсон байна. Энэ үйл явдал түүнийг Сүхбаатар жанжны эд зүйлийг үзэсгэлэн нээх хэмжээнд цуглуулах эхлэл болсон аж.

Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг, Элбэг амгалан гацаанд мэндэлжээ. Тэрбээр 1918 онд цэргийн албанаас халагдан хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж, дараа нь “Хүрээний нууц бүлгэм”-д элсэн, Монгол Ардын намыг үүсгэн байгуулж, эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, харийн түрэмгийлэгчдээс улсаа чөлөөлсөн хувьсгалийн үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн түүхэн гавъяатай хүн билээ. 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд хуралдсан МАН-ын анхдугаар их хурлаас Бүх цэргийн жанжнаар томилогдсон тэрбээр 1921-1922 он хүртэл Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүний албыг хашиж байв.

Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав

ЗурагН.Цэрэнбат сайд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд даргын хувиар Говьсүмбэр аймагт ажиллаж, шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2019 оноос эхлэн түүхий нүүрс Улаанбаатар хотруу оруулахыг хориглох шийдвэр гарсан учир гэр хорооллын айлуудыг эхний ээлжинд сайжруулсан түлшээр хангах ажлын бэлтгэлийг хангах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Нийслэлийн гэр хороололд 205 орчим мянган өрх байдаг бөгөөд эдгээр өрх айл өвөлдөө 600 мянган тонн нүүрс түлдэг гэсэн тооцоо бий. Тэдний хэрэгцээг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажлыг хангах зорилгоор БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга, Эрчим хүчний сайд нарын хамтарсан ажлын хэсэг байгуулж, шахмал түлш үйлдвэрлэгчидтэй уулзалт, хэлэлцээр хийсний үр дүнд үйлдвэрлэгчид нэгдэж, хамтарсан консерциум байгуулах замаар гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр хангах тохиролцоонд хүрээд байгаа юм.

Ингээд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн үйлдвэртэй танилцах саналыг тавьсны үндсэн дээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид Говьсүмбэр, Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй 4 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Сард 100 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Дуулганат өлзий” компани нь өөрийн нүүрсний уурхайд түшиглэн нүүрс угаах үйлдвэр байгуулсан байна. Эднийх боловсруулсан нүүрснийхээ 60 хувийг экспортолж, 40 хувийг нь Эрдэнэт, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр зэрэгт нийлүүлдэг аж. Нийслэлийн иргэдийг сайжруулсан түлшээр хангахын тулд бүрэн хүчин чадлаараа 24 цаг ажиллахад сардаа 150 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх боломжтой талаар тус компанийн захирал хэлж байсан юм. Дээрх компанитай мөн адил хүчин чадал бүхий “Дэрст тохой” компанийн үйл ажиллагаа 2014 оноос хойш зогссон ч бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 мянган тонн сайжруулсан түлшийг нийлүүлэх боломжтой юм байна. Дээрх компаниудаас гадна бага оврын сард 15 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх хүчин чадал бүхий “Баялаг эрдэнэ цом”, 50 мянган тонныг нийлүүлэх хүчин чадалтай “УСУ каол” зэрэг үйлдвэрүүдээр ч мөн орсон.

Энэ үеэр Н.Цэрэнбат сайд “Та бүхэн нэгдээд консерциум байгуулах замаар хэн хэдэн тонн сайжруулсан нүүрс нийлүүлэх вэ гэдгээ тохирохын дээр хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Түүхий нүүрсний хэрэглээг эхний ээлжинд Улаанбаатар хална. Цаашид аймаг, орон нутагт халах учир та бүхэнд зах зээл байна гэж үзэх хэрэгтэй. Та бүхэнд тавьж буй шаардлага маш энгийн нэгдүгээрт нийлүүлж буй бүтээгдэхүүн чинь чанарын шаардлага хангасан байх шаардлагатай. Тиймээс бид та бүхний бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулахаар холбогдох албаныхныг өнөөдрийн уулзалтад авчирсан. Хоёрдугаарт хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай байх ёстой. Ингэж чадвал төрөөс та бүхэнтэй хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээсэн юм. Үйлдвэр эрхлэгчдийн хувьд өмнө нь төрөөс ямар нэгэн байдлаар ингэж өөрсдийг нь нэгтгэж, уулзалт хйиж, үйлдвэрүүдтэй нь танилцаж байсан удаагүй гэдгийг хэлээд консерциумаа мэргэжлийн түвшинд байгуулж, утааг бууруулахад өөрсдийн чадах чинээгээр хамтарч ажиллаж, хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ энэ үеэр дуулгасан юм.

Categories
мэдээ нийгэм

Таны НӨАТ-ын буцаалт олгогдоогүй бол бүртгэлийн мэдээллээ хянах шаардлагатай

НӨАТ зурган илэрцүүдӨнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж байгаа. Гэвч зарим иргэний НӨАТ-ын урамшууллын мөнгө нь орохгүй байна гэсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнийг Татварын ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулбал, “НӨАТ-ын буцаалтын мөнгө орж дууссаны дараа бүртгэлийн мэдээлэл нь алдаатай байгаа хүмүүсийн мэдээллийг арилжааны банкуудаас авна. Тэгээд дахин нягталж дууссаны дараа Сангийн яаманд хүргүүлсний дараа олгох шийдвэр гаргана” гэлээ.

Дашрамд сануулахад, хувийн болон бүртгэлийн мэдээллээ нь алдаатай бүртгүүлсэн иргэд мэдээллээ өөрсдөө хянаж засварлах боломжтой гэж холбогдох албаныхан хэлж байна.