Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цаг 37 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Содбилэг бид нар цэргийн алба хаагчдын талаар нэгэнт хүрсэн нийгмийн хамгааллын тогтолцоог бууруулах чиглэлтэй, буруу тооцоолол дээр үндэслэсэн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд нар уулзаж, энэ асуудлаар ярилцаад цэргийн алба хаагчдын талаар нэгэнт хүрсэн нийгмийн хамгааллын тогтолцоог бууруулахгүй байхаар шийдвэрлэх, тооцооллоо нэгтгэх чиглэл өгчээ. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоо татаж байна” гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргав. Иймд уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай таван жилийг нэмэгдүүлж, долоо болгосон нь даатгуулагчийн эрх ашиг, тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ахлахаар боллоо. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох Байнгын хорооны тогтоолыг батлах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9, 24.10 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийн үндэслэн Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан. Уг асуудлыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны шуурхай хурал боллоо

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар дамжуулан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр 2018 оны эм, эмнэлгийн хэрэгслэлийн тендер, Өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны гүйцэтгэлийн гэрээний биелэлт болон нийслэлийн хэмжээнд тус онд гемодиализийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Мөн энэ хүрээнд Статистикийн хэлтсийн дарга С.Ариунтуяа байгууллагын 2017 оны үйл ажиллагааны чанарын үзүүлэлт, мөн НЭМГ-ын даргын Үр дүнгийн гэрээний шалгуур үзүүлэлт хүлээж авсан тухай эмнэлгийн удирдлагуудад танилцуулсан юм.

Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурлын төгсгөлд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжинд анхаарч ажиллахыг даалгалаа. Мөн энэ үеэр НЭМГ-аас бэлтгэн гаргасан “Нийслэлийн эрүүл мэндийн салбарт 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа” товхимлыг эмнэлгийн дарга нарт гардуулж өглөө.

Categories
мэдээ спорт

АНУ Диего Марадонад виза олгосонгүй

Image result for maradona usaХөлбөмбөгийн дасгалжуулагч, домогт хөлбөмбөгч Диего Марадонад АНУ виза олгосонгүй “Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампыг доромжилсон хэмээн АНУ-ын ЭСЯ татгалзсан хариу өгсөн” гэж Марадонагийн хуульч Матиас Морла мэдэгдсэн байна. Марадона ирэх гуравдугаар сард Америкт очиж, хуучин эхнэрийнхээ шүүх хуралд оролцох ёстой байсан ч ийнхүү хар дансанд оржээ. Аргентиний нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө Диего “Трамп бол утсан хүүхэлдэй” гэж хэлсэн юм.

Categories
мэдээ спорт

Харүмафүжид олгох мөнгөн тэтгэмжийн 30 хувийг хасжээ

Image result for harumafuji

Японы сүмо бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал энэ сарын 1-нд болж, маэгашира Таканоиваг зодсон хэргээр зодог тайлсан ёкозүна Харүмафүжид олгох мөнгөний талаар хэлэлцлээ. Ёкозүна, озэки цолтой бөх зодог тайлахад холбооноос мөнгөн тэтгэмж өгдөг бөгөөд түрүүлсэн тоо, байгуулсан гавьяанаас нь шалтгаалан, янз бүр байдаг. Холбооноос Харүмафүжид олгох мөнгөн тэтгэмжийн 30 хувийг хасахаар шийдвэрлэжээ.

Яг тодорхой мөнгөн тоо хэлээгүй ч 30-40 сая иэн хасагдах тул Харүмафүжид 70 сая иэн олгох болов уу гэж шинжээчид үзэж байна.
25 удаа түрүүлсэн их аварга Асашёорюү зодог тайлахад 120 сая иэнийн мөнгө олгож байсан билээ.

Categories
мэдээ спорт

Блэйк Гриффин Дэтройт Пистонсд анхны тоглолтоо хийлээ

Image result for blake griffin debutБлэйк Гриффин
шинэ багтаа дэбүт тоглолтоо хийв. Тэрээр хэд хоногийн өмнө солилцоогоор Дэтройт
Пистонсд ирсэн бөгөөд өнөөдөр чухал үүрэг, оролцоотой тоглолоо. Дэтройт Пистонс
104-102-ийн харьцаатай Мемфис Гризлисийг хожсон тус тоглолтод Блэйк 24 оноо, 10
самбараас бөмбөг авалт хийсэн юм. Харин багийн шинэ анд Андрэ Драммонд 14 оноо,
15 самбараас бөмбөг авч дабл, дабл гүйцэтгэв.


Image result for blake griffin debut

Related image

Image result for blake griffin debut

Categories
мэдээ нийгэм

Зайлшгүй шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж чадахгүй байна

Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас шинээр УАЗ фургон маркийн хоёр автомашин авч, парк шинэчлэл хийжээ. Гэвч алсын дуудлагад шатахууны төсөв хүрэлцэхгүй байх тохиолдол гарч байгааг Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт танилцууллаа.

Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын эмийн төсөв хүрдэггүйн улмаас амин чухал болон зайлшгүй шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж чадахгүй байгаа гэнэ. Үүнээс гадна малчид болон алслагдсан багийн иргэдэд явуулын урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, шинжилгээ хийх, сургалт сурталчилгаанд хамруулахад зориулалтын унаагүйн улмаас мэргэжлийн баг бүрдэж явахад бэрхшээл үүсдэг гэлээ.

Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант суманд нийт 284 өрхийн 725 хүн амтай бөгөөд тус сумдад 0-5 насны хүүхэд 88, жирэмсэн эх 10, өндөр настан 108, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 25 байна. Аймгийн Эрүүл мэндийн газар Булган, Сэлэнгэ аймгийн хил залгаа сумдын отор нүүдлээр өвөлжиж буй малчдын мэдээллийг авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх эгнээг хорт хавдрын шалтгаан эзэлж байна

Дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа төдийгүй ирэх 2030 онд хорт хавдрын өвчлөл 21.7 саяд хүрч, нас баралт нь 14 сая болж нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх эгнээг хорт хавдрын шалтгаан эзэлж буй бөгөөд өнгөрсөн 2015 оны статистик үзүүлэлтээс үзвэл элэгний /39.1 хувь/, ходоодны /14.7 хувь/, умайн хүзүүний /7.7 хувь/, уушгины /7.2 хувь/, улаан хоолойн /6.6 хувь/, хөхний /3.9 хувь/ хорт хавдрууд зонхилон тохиолдож байгаа юм.

Шинээр оношлогдсон хорт хавдартай өвчтөний 75.6 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэр тусмаа иргэд өнөөдрөөс эхлэн хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаархи мэдлэгээ нэмэгдүүлж, түүнээс сэргийлэх, эрт ирлүүлэг, үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатайг харуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР’


Categories
мэдээ нийгэм

Нийслэл Их Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хороотой болов

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан түүний гэрийн буйранд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх Жанжин клубт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг тус хорооны удирдлагуудад гардуулах ёслол өнөөдөр боллоо. Тогтоолыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нар Баянзүрх дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөлөлд гардуулав.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр Монголын ард түмний суут хүү Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг бид бүхэн тэмдэглэж байна. Энэ хүн бол өнөөгийн Монгол орныг бий болгоход баатарын, жанжины хувьд үнэлж баршгүй гавьяа байгуулсан Монгол төрийн нэрт зүтгэлтэн юм. Бидний өвөг дээдэс өнөөгийн Монгол Улсыг байгуулахын тулд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн. Харамсалтай нь 1990 оноос эхлэн сүүлийн 100 жилийн түүхийг гуйвуулах, Ардын хувьсгалын ач холбогдлыг бууруулах зэрэг үйлдэл гарч байгаа. Тиймээс бид түүхээ байнга сэргээн санаж байх учиртай. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгохоор болсон. Энэхүү тогтоолыг зүгээр нэг гаргаад орхихгүй. Гэрийн буйр байгаа газарт Улаанбаатар хотыг “Ногоон хот” болгох зорилтын хүрээнд Цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижуулах ажлыг хийнэ. Энэ оны хавраас тохижилтын ажлыг эхлүүлхээр нийслэлийн төсөвт тусгагдсан байгаа. Ингээд нийслэлийн иргэдийн ирэх дуртай Цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэх болно” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан “Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын гишүүд дэмжигчид, намын удирдлагууд, төрөл төрөгсдийн төлөөлөл, дүүргийн иргэд гээд 300 орчим хүн Жанжины төрж, өссөн гэрийн буйран дээр очиж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Ингээд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Монгол Улсын хэмжээнд анх удаа Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болголоо. Энэ дагуу 2018, 2019 оны нийслэлийн төсөвт суугдсан санхүүжилтийн хүрээнд уг буйрыг Цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын эхлэлийг тавьсан явдалд баяртай байна” гэв.

Тогтоол хүлээн авах ёслолд Их Жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд оролцлоо. Их Жанжины мэндэлсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж буйд Нийслэлийн удирдлагууд болон МАН-ын удирдлагуудад талархаж буйгаа төрөл төрөгсөд нь илэрхийлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллана

Холбоотой ЗурагМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийн асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын дарга аа,

УИХ-ын гишүүд ээ,

УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг тус тус батлан гаргаж, мал аж ахуйн салбарын хөгжлийн ойрын болон дунд хугацааны зорилтуудыг тодорхойлж өгсөн.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэл баримтлах бодлого”-д “уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ” гэж мал аж ахуйн салбарын хөгжлийн чиглэлийгтогтоосон.

Монгол улсын Засгийн газар мал аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудыг бататган сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоор эдийн засгийн өсөлт бий болгох, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа болно.

Дээр дурьдсан бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлууд, үр дүнгийн талаар эрхэм гишүүд Та бүхэнд товч танилцуулъя.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр 17 зорилт, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр 6 зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” –ыг хэрэгжүүлснээр өнөөгийн байдлаар зарим нааштай үр дүнд хүрээд байна. Үүнд:

– Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна.

– Малчдын уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүнд малын тоо 2017 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 66.2 сая болж, өмнөх оноос 7.6 хувиар өсч, малын тоо 5 төрөл бүрт өслөө.

– Мал аж ахуйн салбараас 2016 онд нядалгааны жингээр 400,0 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 38.6 мянган тонн ноос, ноолуур, 14,0 сая ширхэг арьс ширийг тус тус үйлдвэрлэв.

– Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос 2017 онд 494,8 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 89,3 сая ам.доллар буюу 20,0 орчим хувиар өслөө.

– Мал аж ахуйн салбарын хөгжил дэх төрийн зохицуулалт, дэмжлэгийн чиглэл, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үүрэг, хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль болон дагалдах хуулиудыг 2017 оны 12 дугаар сард Улсын Их Хурлаар батлан гаргасан. Мөн Засгийн газраас “Монгол мал” хөтөлбөрийг баталсан.

– Малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг шинээр байгуулж, 65.5 мянган үрийг дотооддоо үйлдвэрлэж, өндөр ашиг шимт малын 10.0 мянган тун үрийг гадаадаас авч 5.0 мянган малд зохиомол хээлтүүлэг хийж, монгол малын 3 үүлдэр, омгийг шинээр баталгаажуулан, Монгол улс нийт 47 үүлдэр, омгийн малтай боллоо.

– Бэлчээр, байгалийн бусад нөөцийн зохистой ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд 15 аймаг, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийн нийт 670 мянган га бэлчээрт хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж бэлчээрийн доройтлыг бууруулав.

– Доройтсон бэлчээрийг сэлгэн өнжөөж, нөхөн сэргээх арга хэмжээг 5 аймгийн 30 мянган га-д зохион байгуулав. Улсын тусгай хэрэгцээний отрын бүс шинээр байгуулах судалгааг явуулснаар 87.0 мянган га бэлчээрийг улсын тусгай хэрэгцээнд авах боломжтой болохыг судалж тогтоогоод байна.

– Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвөөс 107, гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 35, орон нутгийн төсвөөс 213 инженерийн хийцтэй худаг, малчдын санаачлагаар 319 гар худаг, нийт 674 худаг шинээр гаргасан.

– Манай улс 2017 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалт бүхий 43.8 мянган худагтай. Нийт худгийн 28.3 хувь буюу 13.6 мянга нь инженерийн хийцтэй худаг, 71.7 хувь буюу 30.2 мянга нь энгийн уурхайн худаг байна.

– Улсын хэмжээнд 2017 онд давхардсан тоогоор 540 суманд 1140 удаагийн малын халдварт өвчний гаралт, өвчлөл бүртгэгдэж, нийт 20 нэрийн халдварт өвчин гарсан нь өмнөх оны тоон үзүүлэлттэй харьцуулахад өвчин гарсан сумын тоо 57, өвчний гаралт 157, өвчний хорогдол 776-аар тус тус буурсан.

– Шүлхийн вакцинжуулалтад 2017 онд 20 аймгийн 188 сумын 60.9 мянган малчин өрхийн 14.2 сая толгой малыг хамруулсан.

– Малаас хүнд дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бруцеллёзын вакцинжуулалтад 2016 онд 13.3 сая, 2017 онд 22.0 сая толгой малыг хамруулсан.

– Малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2017 онд өмнөх оны үзүүлэлтээс 3,3 дахин, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 7 дахин нэмэгдсэн байна.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Үүний үр дүнд мал аж ахуйн салбараас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэн, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чадавхи бэхжих юм.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулахад дараах байдалтай байна.

Тус бодлогыг үндсэн 3 чиглэл, стратегийн зорилтын хүрээнд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр заасан бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны буюу 2009-2015 оны төлөвлөгөөг Засгийн газрын 2009 оны 208 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхэлсэн. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг дараахь 3 үндсэн зорилтот чиглэлийн хүрээнд хэрэгжүүлсэн.

Нэгдүгээрт зорилтын хүрээнд:

– Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийт 83,3 мянган малчин айл өрхийг нарны цахилгаан эх үүсвэрээр хангасан.

– Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотуур байранд 3,0 мянга гаруй малчны хүүхдийг хамруулж байна.

– Төвөөс алслагдсан сумдын малчдын хүүхдийг сурч, хүмүүжих нөхцлийг хангах, сургалтын орчинг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилга” төсөл хэрэгжүүлж, улсын хэмжээнд 539 гэр цэцэрлэгийг байгуулж ажиллуулсан.

– Мал хамгаалах сангаар дамжуулан 129,9 сая төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгосон.

– 15 аймгийн 45 сумын нийт 497 малчин өрхөд өвөлжөө, хаваржаагаа барих, засах ажлыг дэмжих, хүнсний ногоо тариалах хүлэмж барих, аялал жуучлалын гэр буудал барих зэрэг ажлуудыг дэмжиж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас 841,2 сая төгрөгийг олгосон байна.

Хоёрдугаарт зорилтын хүрээнд:

– Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр малчин хүн өөрийн хотноос бэлтгэсэн мал, түүхий эд, бүтээгдэхүүнээ баталгаажуулах, эдийн засгийн аливаа харилцаанд оролцоход өөрийн баталгааны тэмдэгтэй байх боломжийг бүрдүүлсэн.

– Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 652 малчин өрхөд 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон.

Гуравдугаарт зорилтын хүрээнд:

– Малчдыг эрчимжсэн аж ахуй эрхлэхэд зориулан 218 тэрбум төгрөг, малын тэжээлийн хангамжийг сайжруулахад 3,5 тэрбум төгрөг, малчдын бүлгийг дэмжихэд 1,3 тэрбум, малчдын хоршоог дэмжихэд 2,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн хөнгөлөлтийг тус тус үзүүлсэн.

– Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд малчдыг эрүүл мэндийн даатгалд бусад даатгуулагч нараас ялгамжтай, хөнгөлөлттэй үнээр хамруулж байна.

– Хүний хөгжил сангаас 1,2 тэрбум төгрөг зарцуулан төрөөс малчдыг 100 хувь эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулсан.

– “Малчдын явуулын амбулаторийн тусламж үйлчилгээ” арга хэмжээг хэрэгжүүлснээр нийт малчдын 60 хувийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд жилд нэг удаа хамруулж байна.

Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд малчдын хөдөөд ая тухтай амьдрах нөхцлийг бий болгох тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, малчдыг аж ахуй эрхлэх зохион байгуулалтын оновчтой бүтцэд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр малчдын ашиг, орлогыг нь нэмэгдүүлэх, улмаар орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулах болно гэж үзэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан“Монгол мал” үндэсний хөтөлбөрийнхэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар товч мэдээлье.

Монгол мал хөтөлбөрийг 5 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр заасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны буюу 2010-2015 оны төлөвлөгөөг Засгийн газрын 2010 оны 222 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн эхний жилд мал аж ахуйн үйлдвэрлэлийн анхан шатны нэгж болох 330 суманд мал эмнэлэг, үржлийн тасгийг байгуулж, тэдгээрийг чадавхижуулахад онцгойлон анхаарч, малын нэгдсэн бүртгэлийн системийг хэрэгжүүлж эхэлсэн.

Түүнчлэн малчдын бэлтгэж, үндэсний үйлдвэрүүдэд тушаасан хонь, тэмээний ноос, арьс ширэнд төрөөс мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг хэрэгжүүлж, 2011-2017 онуудад давхардсан тоогоор нийт 506,7 мянган малчин өрх, мал бүхий иргэнд 136,0 тэрбум төгрөгийн урамшууллыг улсын төсвөөс олгожээ.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 3 хувиас багагүй байхаар тооцож жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх”-ээр баталсан хэдий ч эдийн засгийн хүндрэл, улсын төсвийн хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг олгож чадаагүй байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын дараахь асуудлуудад онцгой анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

· Юуны өмнө саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан Малын эрүүл мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гоц халдварт өвчний тархалтын хүрээ, давтамжийг эрс бууруулах,

· Малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай, нэгдмэл байдлаар удирдан зохион байгуулах, хяналттай байх, хариуцлага тооцох тогтолцоог шийдвэрлэх,

· Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жил ирэх тутамд доройтож байгаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, усжуулах арга хэмжээг авах,

· Хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс эрчимжсэн мах, сүүний аж ахуй, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх,

· Жил дараалан, давтамжтайгаар өвөлжилт хүндэрч, малын хорогдол их гарч байгаа аймаг, бүс нутагт малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тэжээлийн хангамжийг эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авах,

· Мал аж ахуйн салбарын өнөөгийн бодит түвшин, цаашдын хөгжлийн гарцуудыг зөв тогтоох, тооноос чанарт шилжих асуудлыг шийдвэрлэх зорилгоор малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар 2019 онд зохион байгуулж, үр дүнгийн тайланд үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх,

· Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах нэг гол хүчин зүйл болж байгаа хүйтний улирлын цаг агаарын урт хугацааны таамаглалыг оновчтой боловсруулан гаргах, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэлийн мэдээллийг малчдад хүртээмжтэй, шуурхай түгээх тогтолцоог улам сайжруулах,

· Малчдын залуу халааг бэлтгэх, хүн бүл муутай малчин өрхүүдэд туслах малчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар илгээж, өвөл, хаврын хүндрэлтэй цаг үед хүн хүчний туслалцаа дэмжлэг үзүүлж байх зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллахаар төлөвлөж байна. Эдгээр ажил зохих төвшинд явагдаж байгаа.

Хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын эдийн засгийн төрөлжилтөд гол үүрэг гүйцэтгэх, монголын нийт ард иргэдийн хоолтой, ундтай, өмсөх хувцастай, 300,0 гаруй мянган хүнийг ажилтай, орлоготой болгож байгаа, Монгол улсын хөгжлийн тулгуур салбарын нэг юм.

Иймээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Засгийн газрын бодлогод хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого ихээхэн чухал байр суурийг эзэлж байгааг тэмдэглэн хэлье.

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгагдсан мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвлийн хүйтэнд хөрч, зуны аагим халуунд халж, цаг наргүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарыг түүхий эдээр хангаж байгаа нийт малчиддаа талархалаа илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газруудын ерөнхий прокурорууд оролцож байна.

Төрийн тэргүүн дээрх зөвлөгөөнд оролцож, хэлсэн үгэндээ:

Эрхэм хуульчид, прокурорууд аа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

Уламжлал болгон явагддаг зөвлөгөөн, энэ жилийн хувьд удирдах ажилтнуудын хувь хүний хөгжилд анхаарах, ажлын хариуцлага, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаа гэж надад мэдээлсэн.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын тайланг харж байхад хэдэн сонирхолтой тоо байна. 2017 оны сүүлийн зургаан сард анхан шатны шүүхээр 4898, давж заалдах шатны шүүхээр 831, хяналтын шатны шүүхээр 188 хэргийг шийдвэрлэхэд прокурор оролцож санал дүгнэлт гаргажээ. Шүүхэд шилжүүлсэн хэрэг 69.3 хувиар өссөн байна. Харин хэрэгсэхгүй болгосон, хэрэг бүртгэлийн явцад хэргийг хаасан хэргийн тоо 31.6 хувиар буурсан гэжээ. Дээд шатны прокурорын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан прокурор, ажилтны тоо өмнөх оноос 21.4 хувиар буурчээ гэж. Эдгээр нь танай хамт олны амжилтыг илэрхийлдэг эерэг үзүүлэлт, мэргэжлийн үнэлгээ байх.

Гэхдээ нийт иргэдийн хувьд бол үнэлэмж хараахан өөр байна. Би саяхан нийслэлийн долоон дүүрэг, зүүн болон говийн бүсийн таван аймгийн иргэдтэй уулзалтууд хийсэн. Иргэдийн хамгийн их бухимдаж байгаа, шүүмжилж байгаа асуудлууд дунд хуулийн засаглал хэрэгжихгүй байна, шударга ёс, төрийн албаны ёс зүй алдагдсан талаарх гомдол ихээхэн байр суурь эзэлж байна. Энэ нь мэдээж дан ганц прокурорын байгууллагатай холбоотой биш. Хууль тогтоох дээд байгууллагаас уруудаад хууль сахиулж, хэрэгжүүлж байгаа бүхий л үе шатанд хамаатай шүүмжлэл байх. Цуврал уулзалтуудад нийслэлийн 9000, орон нутгийн 3000, нийт 12000 орчим иргэд оролцож, 670 иргэн санал, хүсэлтээ биечлэн илэрхийлж, 1300 гаруй иргэн бичгээр гомдол, саналаа гаргажээ. Эндээс оффшор данстай төрийн албан хаагчдад болон төрийн албыг наймаалцсан хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй байгаа талаар 109, хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар 98 гомдол гарсан байгааг Ерөнхийлөгчийн тамгын газар цэгцэлж холбогдох газар, албан тушаалтнуудад хүргүүлэн, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж ажиллана.

Прокурор бол хууль сахиулах, шүүх ажиллагаанд Төрийг төлөөлж оролцдог субъект. Төрийг төлөөлнө гэдэг нь ард олныг төлөөлж, тэдний эрх ашгийг сахин хамгаалах, хуулийн засаглалыг тогтоох үйлс болохоос албан тушаалтанд үйлчлэх биш юм. Иргэд албан тушаалтнуудын дураар авирлах, эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон байдал хуулийн шийтгэлээс гадуур үлдээд байна, шударга ёсны хариуцлагад өртөхгүй байна гэсэн шүүмжлэлийг их хэлж байгаа. Нэг талдаа хоосон хардлага цөөнгүй байдаг байх, нөгөө талдаа үнэхээр оффшор данстай төрийн албан хаагчид, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан хэрэг гээд шийдэгдэхгүй, сунжраад гацаад байгаа хэргүүд шүүмжлэл дагуулж байна.

Өнөөдөр Монгол улсыг гадна, дотногүй муухай харагдуулж байгаа олон асуудал байдаг. Үүнээс цөөн буюу гурван асуудлыг хэлмээр байна.

Нэгдүгээрт, авлигатай тэмцэх төрийн хүчин чармайлт хэлбэр төдий, оромдсон байдалтай байгаа. Энэ бол үнэн. Хоёрдугаарт, хуулийн засаглал сул, төрийн албан тушаалтнууд нь ёс зүй, зарчимгүй байна. Энэ ч мөн үнэн. Гуравдугаарт, нийслэлийн агаарын бохирдол гэсэн гурван асуудлыг тодруулж хэлье.

Эдгээр цогц бэрхшээлүүдээс арай хурдан шийдэж болох нь агаарын бохирдол, утаа байх. Утаа урин цаг ирэхээр, эсвэл салхи гарахаар арилаад өгч магад. Харин авлига, ёс зүйгүй байдал тийм амар арилахгүй. Энэ бол өдөр бүр шаргуу, хатуу тэмцэж байж л алга болох нийгмийн хорт хавдар гэж үзэж байна. Авлигатай тэмцэх, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй ч Прокуроруудын чин сэтгэл, зүтгэл илүү шаардлагатай байна.

Төрийн өндөр албан тушаалтнуудаар хязгаарлалгүй төрийн үйлчилгээний ажилтан эмч, багш хэн бүхнээс Төр өөрийн чиг үүргийг тухайн албан хаагчаар дамжуулан хэрэгжүүлж байгаагийнхаа баталгаа, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын илэрхийлэл болгож төрийн бүх шатны албан хаагчдаас ёс зүйтэй ажиллахыг шаардах, үүрэг хариуцлага нэхэх эрх бий. Тийм учраас прокурорууд төрийн албан хаагчдыг ёс зүйгээр үлгэрлэн ажиллаж, хариуцлагыг хэрэгжүүлдэг байх ёстой гэж би бодож байна.

Прокурор бол Үндсэн хуулийн байгууллага. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан чиг үүрэг бол Прокурорын байгууллагын гол хийж гүйцэтгэх ажил. Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий … байгууллага мөн” гэж тодорхойлсон прокурорын үүргийг дорвитой хэрэгжүүлээч гэж би та бүхнийг уриалж, бас шаардах гэж ирсэн юм. Хуулийн засаглалаа хамгаалах, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нөхцөлийг прокурор манлайлан бүрдүүлэхээс өөр арга байхгүй болж.

Үндсэн хуульд хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно, шүүхийн шийдвэр эцсийнх байна гээд тов тодорхой заачихсан байхад “энэ шүүхийн шийдвэрт итгэж болно, тэр шүүхийн шийдвэр худлаа” гэх мэтээр ялгаварлан үзэх хандлагыг Хууль зүйн сайд нь нийтэд илэрхийлээд явж болох уу? Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14.1-д “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг хүчингүй болсон гэж би сонсоогүй байгаа шүү. Хуулиа хэрэгжүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.

Энд шүүх, прокурорын байгууллагууд яагаад хүлцэнгүй хандаад байгаа юм. Зарчмаа, хуулиа хамгаалах хэрэгтэй. Олон нийтэд маш буруу ойлголт, үнэлэмж үүсээд байхад яагаад таг дуугүй суугаад байгаа юм. Прокурор буруу хянаад, шүүх нь буруу шийдсэн нь үнэн юм бол тэрийгээ хэл.

Олон түмэнд тодорхой мэдээлэл ойлголт өгөхгүй байгаагаас хууль улам гажиж, байнга зөрчигдөж байна. Бүх шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаарх иргэдийн гомдлыг хэлэлцэхгүй гэсэн зарчмыг хууль тогтоох дээд байгууллагын гишүүд нь зөрчөөд шүүхтэй зэрэгцээ “шүүх” ажиллуулаад хууль бус хэлэлцүүлгээр бусдыг гэмт хэрэгтэн гэж цоллоод, буруутгаад явж байхад яагаад прокурор тэдэнд хууль сануулахгүй, яагаад олон нийтэд хуулийг зөвөөр тайлбарлахгүй суугааг ойлгохгүй байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасныг сахин хамгаалах зориг та бүхнээс гарах ёстой. Төрийн өндөр дээд албан тушаалтан сэтгүүлчдийг цуглуулж байгаад тэр хулгайч, энэ луйварчин гээд дураараа цоллож, яллаж байхад хууль сахиулах, хамгаалах үүрэгтэй байгууллагууд яагаад дуугүй суугаад байдаг юм бэ?

Мөн хэлэхгүй өнгөрч болохгүй нэг хэрэг бий. С.Зоригийн амь насанд халдсан хэрэг дээр шүүхээс гадуурх маш олон буруутгал, хардалт, таамаг тархаж байхад прокурор яагаад байр сууриа тод илэрхийлэхгүй байгаа юм. Та нар хэргийг муу хянасан, хууль зөрчсөн мөрдөн байцаалт, эрүүдэн шүүлтийг өөгшүүлээд сууж байсан юм уу? Мэдээлэл хомстсон, бүрхэгдсэн газар л цуурхал, хов жив газар авч иргэдийн буруу ойлголт гаардаг юм.

Авлигатай тэмцэх ажлыг Прокурорын байгууллага манлайлан ажиллах шаардлага үүсч байна. Монгол Улсын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ гээд тунхаглачихсан. Үйл ажиллагааны үндсэн зарчмыг нь “хуулийн байгууллагууд хамтын ажиллагаа, уялдаа холбоотой хамтын зарчимтай байх, төр ба хувийн хэвшил, иргэний нийгэм түншилж авлигатай тэмцэх” гээд заачихсан. Төрийн бүх байгууллагад авлигатай хамтарч тэмцэхийг үүрэг болгосон. Авлигатай тэмцэх нь дан ганц АТГ-ын ажил, үүрэг биш, авлигын эсрэг тэмцэх ашиг сонирхол нь нийлж байгаа бүх хүмүүс хамтарч тэмц гэж тунхагласан.

Гэвч Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт хэн нь хэзээ ямар үүрэг хүлээж, хэн хэнийхээ ямар эрх мэдэл дээр хяналт тавьж, хэн хэндээ ямар мэдээллийг харилцан өгөлцөж, авалцахыг тодорхой болгоогүй, огт журамлаагүй байна. Үүнийг нэн яаралтай журамламаар байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг олон талт хамтын ажиллагааны баримт бичиг болгож, хатуу журамлахгүй бол авлигатай тэмцэх тэмцэл тунхаг төдий байсаар байх болно.

Авлигатай тэмцэх, албан тушаалтны гэмт хэрэгт хяналт тавих прокурорын чиг үүргийг улс төрийн зорилгоор сулруулсан явдал гарсан. Гарсаар ч байна. УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, тус албаны орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг АТГ-т шилжүүлсэн. Ингэснээр авлигатай тэмцэх ажлаас прокурорыг хөндийрүүлж, Үндсэн хуулиар олгогдсон чиг үүргээ Прокурорын байгууллага бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй болгосон байна. Авлигатай тэмцэх тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгон хувиргах боломжийг төрийн өндөр албан тушаалтанд олгосон гэдэг нь өнгөрсөн хугацаанд нэн тодорхой боллоо. Тийм учраас энэ алдааг яаралтай залруулж Ерөнхий прокурорын байгууллагын дэргэд Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах шаардлага үүсч байна би бодож байна. Үгүй бол АТГ-ыг хэн ч шахаж шаардахгүй, дураараа, зоргоороо тааваараа ажиллаж, авлигатай тэмцэхгүй байж болох боломжийг үүсгэсээр байна.

Мөн өчигдөр өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой маш тодорхой асуудал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаад эхэллээ. Эрдэнэтийн асуудал дээр прокруорын байгууллагын байр, суурь ямар байгаа вэ? Маш тодорхой эзэнтэй, хуурамчаар гарын үсэг зурсан гэх мэдээлэлтэй энэ хэрэг одоо ямар шатандаа явааг иргэд мөн л асууж байна. Энэ тал дээр нэгдсэн мэдээлэл бидэнд хэрэгтэй байгааг та бүхэнд хэлмээр байна.

Эрхэм хуульчид аа, прокурорууд аа

Түүхэндээ Монгол улс хүчирхэг, цэцэглэн хөгжсөн цагууд нь шударга ёсыг сахидаг, хуулиа хэрэгжүүлдэг төртэй үедээ л юм. Монгол улс хүчирхэгжин хөгжихөд хуулийн байгууллагуудын чармайлт шийдвэрлэх хүчин зүйл болох ёстой.

Хууль үгүй бол хөгжил үгүй. Шударга ёс алсарвал сайхан амьдрал ч холдоно. Тийм учраас хуулийн байгууллагуудын нийт ажилтнууд хуулийн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг хэлбэрэлгүй хэрэгжүүлэхийн төлөө, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай ажиллах хэрэгтэй байна. Та нарын тус эх орон, ард түмэнд чинь чухлаар шаардагдаж байна.

Ард түмэн чинь хуулийг ёсчлон биелүүлж, гэм буруутай этгээдийг хөрөнгө мөнгө, албан тушаал аль нэг байдлаар нь алаг үзэхгүй, ял завшуулахгүй байх, шударга шуурхай ажиллахыг л та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.

Зөвлөгөөний ажилд амжилт хүсье. Мөнх тэнгэр ивээж, Монгол оронд шударга ёс үүрд цэцэглэх болтугай. Баярлалаа” гэлээ.

Харин Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. Томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа ирж бидэнд үүрэг, чиглэл өгч байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийх гэж байгаа, баримталж байгаа бодлогод нь Монголын прокурорын байгууллага ямар их үүрэг оролцоотой вэ, гэдгийг онцолж байгаа гэж бид ойлгож байгаа.

Үнэхээр загас шиг дуугүй байгаад байгаа энэ байдлаа засах, залруулах, хуульгүй юм шиг хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг шүүмжилж, буруу зөрүү гэж ярьдаг зэрэг бусармаг үйл ажиллагаатай тэмцэх болно гэдгээ хэлмээр байна” гэлээ.