Categories
мэдээ улс-төр

Дмитрий Медведев Монгол Оросын төмөр замын ачаа тээврийн шинэ хэлэлцээр батлав

ЗурагОХУ-ын Ерөнхий Сайд Дмитрий Медведев Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Оросын Засгийн Газар хоорондын шинэ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн гол зорилго талууд бараа бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэн гуравдагч оронд гаргах таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна. Ингэснээр манай экспортлогчид бүтээгдэхүүнээ далайн улсуудад саадгүй экспортлох боломжтой юм.

Түүнчлэн төмөр замаар дамжин өнгөрөх хоёр улсын ачаа тээврийн үнийн бодлогыг уян хатан болгох, хил гаалийн хяналтыг хялбарчлах, тээврийн урсгалыг тогтвортой нэмэгдүүлж, төмөр замын чанарыг сайжруулахыг хэлэлцээрт тусгажээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Эрдэнэт үйлдвэрийг хохироосон бол МАН, АН-ын ямар ч дарга байсан хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-Намрын чуулган өндөрлөсөн. Энэ удаагийн намрын чуулганыг та хэр үр дүнтэй болсон гэж үзэж байгаа вэ. 65 суудалтай байгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулж, шинэ Засгийн газар байгуулсан гээд улс төрийн хувьд донсолгоо ихтэй байлаа…

-Намрын чуулган таны хэлсэнчлэн донсолгоотой байсан нь үнэн. Гэсэн ч өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа. Засгийн газраа огцруулж, шинээр байгуулсан. Төрийн албан хаагчдын цалинг нэмүүлэхээр жагссан, татварын нэмэгдэлтэй холбоотойгоор сөрөг хүчин янз бүрийн акц хийсэн гээд улс төрийн хувьд хөдөлгөөн ихтэй байсныг мэдэж байна. Шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотойгоор сандал ширээний төлөөх тэмцэл өрнөж байна гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчин хэлж байгаа. Эдийн засагт гарсан бага ч гэсэн нааштай үзүүлэлтүүдээ тогтвортой хадгалах нөгөө талаасаа сөрөг хүчин болон ТББ-уудын зүгээс хийгдэж буй акцууд дээр арга хэмжээ авах гэх мэтээр намрын чуулган хөдөлгөөн ихтэй байлаа. Ямар ч байсан тодорхой үр дүн гарсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр боломж байгаагүй талаар бид их ярьсан. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн байсан тул долоон төрлийн татварыг нэмж байгаад хөтөлбөрт хүртэл хамрагдлаа шүү дээ. Иргэд үүнд бухимдалтай байсан ч эдийн засагт ногоон гэрэл ассан тул татварын нөхцөл байдлуудаа эргэж харах боломж бүрдсэн. Тиймээс ОУВС-тай гэрээний нөхцөлөө эргэн ярьж чадсанаар татвар нэмсэн, тэр дундаа Хувь хүний орлогын албан татварыг нэмсэн байсныг нэг шатлалтай болгосон. Тэтгэврийн насыг наашлуулж уян хатан зохицуулалттай болгож нийгмийн өмнө бухимдал үүсгээд байсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.

Утааны асуудал нэлээд бухимдал дагуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээрээс утааны асуудлыг шийдэхгүй бол УИХ-ыг тараах хүртэл асуудлыг хөндсөн шүү дээ. Утаатай тэмцэх тал дээр Ерөнхийлөгчийн хэлснээр асуудал яваагүй. УИХ утааны тал дээр анхаарал хандуулж байсан тул ажлын хэсэг байгуулж шалгасан. Утаатай холбоотойгоор тодорхой ажлууд хийгдэж байсан болохоор үүнийг үргэлжлүүлэн хийж байгаа. Ерөнхий сайд БНСУ-д айлчилснаар 700 сая ам.долларыг 30 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн хүүтэй авахаар болсон. Үүний 500 сая ам.долларыг нь утааны эсрэг зөвхөн зуух худалдан авах биш өөр найдвартай эх үүсвэрүүдийг санхүүжүүлж утааг бууруулахад зарцуулна. Утаагүй түлшний үйлдвэр, орон сууцжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Энэ мэтчилэн явсаар 2019 онд түүхий нүүрсийг хот суурин газар тэр дундаа Улаанбаатарт ахуйн хэрэгцээнд оруулж ирэхгүй байхаар болсон. Үүнд холбогдох хууль тогтоомжийг өргөн барих гэж байгаа. Тиймээс өнгөрсөн намрын чуулган донсолгоо ихтэй байсан ч Их хурал өмнөө тавьсан зорилгодоо хүрч, Засгийн газар тодорхой шийдвэрүүдээ гаргаж, иргэдийн өмнө тулгамдсан зарим асуудалд хариулт өгч чадлаа.

-Их хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудал энэ парламентын үед хамгийн их яригдаж байна. Чуулган, байнгын хорооны хуралдаанаа тасалдаг, хоцордог байдлыг шүүмжилж байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн сонгогдох насны хязгаарыг 40 болгож тогтооё гэж хүртэл яригдаж байна. Гишүүд янз бүрийн асуудалд орооцолдож хэл ам татлах юм…

-УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг сөрөг хүчин, Ерөнхийлөгч, иргэдийн зүгээс шүүмжилж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүнээр сонгогдох хүмүүсийн насны хязгаарыг 40 болгож тогтооё гэдэг зүйл ярьж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрхэн орж ирж, яаж батлагдах нь одоогоор тодорхойгүй байна л даа. Хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг зүйл яригдаж байгаа юм. Ёс зүйн тухайд хувь хүнтэй холбоотой. Ард түмний итгэлийг дааж энэ өндөр албан тушаалд сонгогдсон бол хариуцлагатай байх ёстой. Ёс зүйг би хувь хүнтэй нь л холбож ярина. Ард түмнийхээ итгэлийг даагаад сонгогдсон бол биеэ авч яваа байдлаасаа эхлээд өөртөө анхаарах ёстой. Хуулийн төсөл санаачилж, иргэдийнхээ санаа оноог хуульд тусгах тал дээр анхаарна гэж сонгогдсон бол үүнийгээ л хийх хэрэгтэй. Тиймээс чуулган, байнгын хорооны хуралдаандаа идэвхтэй суухаас эхлээд ёс зүй тал дээрээ хариуцлагатай байх нь зөв. Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлөн Их хуралд суугаа 76 хүний л асуудал. Тэд шигшигдэж гарчихаад хувийн зохион байгуулалтаа хийж чадахгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийднэ гэдэг бол сонгогдож буй хүмүүсийн чанар муудаж байгаатай холбоотой. Хувь хүн өөрийгөө авч явах чадварын асуудал. Их хурлын гишүүд ёс зүйгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Янз бүрийн асуудалд нэр холбогдож байгаа ч аль нь үнэн, худал болохыг мэдэхгүй юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар янз бүрийн асуудалд нэр холбогдохгүй байх хувийн зохион байгуулалтыг хийх ёстой. Парламентын гишүүн гэсэн үндсэн ажлаа хийж чуулган, байнгын хорооны хуралдаандаа цагтаа ирдэг, хуралдаа сууж, саналаа оруулдаг байх ёстой юм.

-МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн зүгээс УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гишүүдийн ёс зүйн байдлыг дээшлүүлэхээр хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийг гишүүд болон иргэд дэмжиж байна л даа. Чуулган, байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс дээш хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд суугаагүй бол эгүүлэн татна гэсэн байна лээ…

-Хариуцлага чухал. Гишүүд өөрсдөө хариуцлагатай байж цаашаа хариуцлага ярих ёстой. Үнэхээр өөрөө хариуцлагагүй байгаа бол хариуцлага тооцохоос өөр аргагүй. Парламентын гишүүд өөрсдөө ийм нөхцөл байдалд хүргэж байгаа бол УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийг хариуцлагажуулах хэрэгтэй. Бүлгийн удирдлагууд, намын даргадаа захирагддаггүй ийм байдал даамжирвал хууль тогтоомжоор шийдэхээс өөр аргагүй. Өнөөдрийн нөхцөлд ийм хууль гарах нь зөв байж магадгүй. Гишүүдийг хариуцлагажуулах хуулийн төслийг дэмжээд явна.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан хувийн хэвшлийнхэн Засгийн газартай шүүхдэлцээд явж байна. Засгийн газар болохоор УИХ-ын 23 дугаар тогтоолыг биелүүлсэн гэдэг зүйл ярьж байгаа. Гэвч сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкны барьцаанд тавьсан асуудал анхаарал татаж байна. Ш.Батхүү гэдэг хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлөх нь гээд байгаа. Баталгаа гаргасан гарын үсэг хуурамч, хуурамч биш гээд маргаан их байна. Та дөрвөн гишүүний хамтаар Ерөнхий сайдад асуулт тавьсан. Хариу нь ирэв үү?

-Өмнөх Засгийн газрыг огцруулахад энэ асуудал л яригдсан байхгүй юу. Хариуцлагын асуудал л хөндөгдсөн. УИХ-ын гишүүдэд хариуцлагын асуудал яригдаж байгаа энэ үед Монгол Улсын эдийн засгийг хямруулсан хүмүүст ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын нэг залуу худалдаж авсантай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт би орж ажилласан. Энэ утгаараа Монгол Улсын маш олон хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоосон учраас УИХ 23 дугаар тогтоолыг гаргаж, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахаар болсон.

Үүнийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар алдаа гаргасан. Засгийн газар Захиргааны хэргийн шүүх дээр яагаад ялагдсан бэ гэхээр Төрийн өмчийн хороо Засгийн газраас авсан чиглэлд алдаа гаргасан учраас шүүхэд унасан. Түүнээс биш УИХ-ын тогтоолд ямар нэгэн асуудал гараагүй. Өнөөдрийн Засгийн газраас би 49 хувийг бушуухан төрдөө аваад явж байгааг нь зөв гэж үзэж байгаа. Гэтэл дахин маргаан гаргаад байгаа учраас нөгөө нөхдийг шууд эрүүгийн хариуцлагад татах ёстой. Банкны тухай хуулиас эхлээд олон хуулийг зөрчсөн тул 49 талын нөхдийг яаралтай хуулийн байгууллага шалгах ёстой. Энэ процесс яагаад явахгүй байгаа юм. Үүнийг бид шаардана.

Дараа нь 51 хувьтай холбоотой асуудал гарч ирсэн. Стандарт банктай холбоотой асуудал Их хурлын гишүүдийн дунд бүрхэг байгаа тул Ерөнхий сайдад бидний таван гишүүн асуулт тавьсан. 2011 оны асуудлыг одоо бид ярьж байгаа учраас үүнийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Эрдэнэтийн 51 хувь дээр хэн буруутай байх нь чухал биш. МАН, АН, гуравдагч этгээд буруутай байх нь ч хамаагүй. Ийм процесс болсон уу, болсон бол хэн буруутай этгээд нь ямар дарга байх нь огт хамаагүй. Нэгэнт Монголын төрийн өмчийг хохироож байгаа бол хариуцлага тооцох шаардлагатай. Үүнийг олон нийтэд ил болго. Иргэд УИХ-ын гишүүдтэй адилхан мэдээлэлтэй байх ёстой гэдэг утгаараа Монгол Улсын Ерөнхий сайдад асуулт тавьсан. 14 хоногийн дотор асуудлыг ил тод болгож ярих ёстой. Нөгөө талд нь нөгөө дөрвөн гишүүнтэйгээ хамтраад Ерөнхийлөгчид асуудлыг тавьсан. Цаашид парламент дахь хариуцлагагүй байдлыг таслан зогсоохгүй бол болохгүй. Эрдэнэттэй холбоотой асуудал нь нэг гэж бодох ч үүний цаана Оюу толгой, Таван толгой гээд уул уурхай дагасан маш олон хариуцлагагүй асуудал гарч ирнэ. Тиймээс эдгээрийг цаашид шалгах, хариуцлага тооцох, авлига авч идэж уусан бол ил болгох ёстой. Ингэхгүй бол Монголын төр цэвэршихгүй, эдийн засаг сэргэхгүй, иргэдийн амьдрал сайжрахгүй. Тиймээс Ерөнхийлөгч, болон Ерөнхий сайдад асуулт тавьсан. Удахгүй ирэх байх. Хариуцлагагүйн улмаас иргэд ядуурч, утааны асуудал яригдаад байгаа юм. Байгаль орчин, уул уурхайн нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын асуудал хаягдсан учраас үүнийг босгож ирье гэж байгаа л даа.

-Ерөнхий сайд таван гишүүнийг зориудаар асуулт асуулгаж байна гээд байгаа шүү дээ?

-Би тийм зүйлд олрооцолдохгүй. Надад Ерөнхий сайдаас тэг ингэ гэж хэлээгүй. Бид яагаад асуулт тавих болсон бэ гэхээр намрын чуулган завсарлахын өмнө Ернхийлөгч Их хурлын индэр дээрээс үгээ хэлсэн. Эрдэнэттэй холбоотойгоор нэр бүхий гишүүд асуулт асуусан. Харамсалтай нь Ерөнхийлөгч Эрдэнэтэд иргэдийн уулзалттай гээд гараад явчихсан. Бид чуулганы хуралдаан дээрээс гараад асуултыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид тавьсан. Түүнээс биш Ерөнхий сайдтай уулзаагүй. Яалт ч үгүй асуух шаардлагатай учраас асуусан.

-Жастын Ш.Батхүү хүний гарын үсэг хуурамчаар зурсан байна уу, үгүй байна уу, ямар ч байсан Стандарт банкнаас зээл авчихсан. Энэ зээлээ төлж чадахгүй байгаа учраас баталгаа гаргасан Эрдэнэт үйлдвэр өмнөөс нь төлөх нь. Зээл авсан хүн нь төлдөггүй юм уу. Энэ тал дээр гарц шийдэл юу байна?

-Таван гишүүн гарц хайх гэж асуулт тавьсан. Ард түмэнтэйгээ хамт гарцыг хайна. Баталгаа гаргаж өгсөн Эрдэнэт үйлдвэр төлөх үү, зээл авсан Ш.Батхүү төлөх үү, эсхүл тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнууд үүрэх ёстой юу гэдгийг бид гаргаж тавьж байж шийднэ. Хэн төлөх вэ гэдэг гарцыг бид тэндээс хайж байгаа.

-Та тойрогтоо ажиллаад ирсэн байна. Таны тойрог уул уурхайн бүс нутаг. Уул уурхайтай холбоотой иргэдийн гомдол их гардаг. Түрүүн та хэлэхдээ уул уурхайн нөхөн сэргээлтээс эхлээд асуудлууд бий гэж ярьсан. Уул уурхайн салбараа дэмжих ёстой гэдэг ч нөгөө талдаа нутгийн иргэд хохирдог. Танай тойрогт нөхцөл байдал ямар байна вэ?

-Намрын чуулган завсарлахаас өмнө болон завсарласны дараа тойргийнхоо иргэдтэй уулзсан. Гашуун сухайтын боомтоос Таван толгой хүртэлх 260 гаруй км замын 160 км нь цуваанд орсон байна гээд асуудлууд байсан. Засгийн газар шинээр байгуулагдсаны дараа Уул уурхайн сайд, Зам тээврийн сайдыг Өмнөговь руу авч яваад асуудлыг газар дээр нь шийдсэн. Засгийн газрын 320 дугаар тогтоолыг гаргуулж гуравдугаар сарын нэгэн хүртэл уртын урт буюу тухайн уурхайн аман дээрээс шууд хил гардаг байсныг зогсоож Цагаан хадны гаалийн хяналтын бүс дээр нүүрсийг буулгаж урт, богинын тээвэр хийдэг болгосон. Үүний дүнд 20 км болж цуваа буурсан. Энэ мэтчилэн уул уурхай тойрсон тулгамдсан асуудлуудыг ярих ёстой. Би нэг зүйлд харамсаад байгаа юм. Уул уурхай хөгжиж, энэ олон лиценз өгөөд газар нутгаа ухуулаад, эдийн засагт дэмжлэг өгөөд явж буй аймгийн хувьд үнэхээр харамсаж байна.

-Юунд?

-Өмнө нь ажиллаж байсан төр засгийн ажил яаж явж байсан юм бэ. Өнөөдөр говьд усны хомсдол бий болчихлоо. Үүн дээр иргэд бухимдаж байна. Ямар сайндаа УИХ-д Ус хамгаалах лобби бүлэг байгууллаа. Цаашид Өмнөговь аймагт үргэлжлэх томоохон төслүүд хэрэгжихээр бол усыг говиос биш гадагшаа урсгалтай “Хэрлэн-говь”, “Орхон-говь” гэх үү ямар нэгэн байдлаар төсөл хэрэгжүүлж усны асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Уул уурхай дахь нийгмийн хариуцлага хаягдсан. Орон нутагтайгаа аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллахгүй байна. Орон нутагт ажлын байр нэмэгдэж байгаа ч нутгийн иргэдийг ажлын байраар хангахгүй байгаа. Тэнд хууль бус үйлдлүүд гаарч, уулын технологийн горим, нөхөн сэргээлт алдагдсан. Тиймээс 2018 оныг уул уурхайтай тэмцсэн жил байх болов уу гэж бодож байна. Гэхдээ Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын жил байх болно. Энэ жил Өмнөговь аймагт улсын төсвөөр 200 тэрбум, орон нутгийн төсвөөр 103 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Өмнөговийн иргэд баялагтай байсан гээд харамсаад үлдэж болохгүй. Нөгөө талаасаа төр засаг, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан гурвалсан гэрээ байгуулах тал дээр анхаарал хандуулж гүүр болж ажиллахгүй бол болохгүй болж. Хамгийн их анхаарч ажиллах зүйл нь хариуцлага. Авлигын сүлжээ гаарч бөөнөөрөө нийлж аливаа зүйлийг авдаг, дээрэмддэг зүйл хэрээс хэтэрсэн. Манай тойрог яалт ч үгүй Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа бүс нутаг. Манай тойрогт яалт ч үгүй Монгол Улсын эдийн засгийг авч явах том төслүүд хэрэгжинэ. Таван толгойн цахилгаан станц, төмөр зам, Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, гурван маршрут бүхий авто замын томоохон төслүүд хэрэгжинэ. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал манай эдийн засаг сэвхийтэл босоод ирнэ. Тиймээс төр засгийг үүнд чиглэсэн бодлого гаргуулан ажиллана. Хоёрдугаарт, уул уурхайн баялгийг ард түмэнд ашигтай байлгах хувилбарыг яаралтай оруулж ирэх ёстой. Чуулганы завсарлагааны үеэр баялгийн сантай холбоотой асуудлыг судална. Тайвань гэхэд баялгийн сандаа 490 тэрбум ам.долларын нөөцтэй, Норвеги яахаараа 900 тэрбум ам.долларын нөөцтэй байдаг юм гээд судлах зүйлс байна. Норвеги зөвхөн газрын тосоороо сайхан амьдарч байна. Гэтэл манайд газрын тосны 50 хувь нь бий. Алт, нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд үнэт металиуд нь байна шүү дээ. Норвеги жилдээ 33 тэрбум ам.долларын хүү идээд таван сая иргэн амьдарч байгаа. Гэтэл гурван сая хүн амтай манай улс гурван сая ам.долларын төсөв батлах гээд хэрэлдэж, улс төрийн зодоон хийж байна шүү дээ. Үүнийг болимоор байна. Замбараагүй байна. Замбараагүй байдал хэнд ашигтай байдаг вэ гэхээр хулгайч нарт. Замбараагүй байдлыг хулгайч нар хүсдэг. Сүүлдээ би өмнөх жилүүдэд хулгайч нар ажиллаж байсан юм уу гэж хардахад хүрч байна шүү дээ. Зарим хулгай, булхай, луйврыг нь нийгэмд гаргаж тавих хэрэгтэй болж байна.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Баялгийн сангийн тухай хуультай болох цаг болсон гэсэн. Та ч бас энэ талаар ярьж байна. Хуулийн төсөл өргөн барьвал дэмжих юм байна тийм үү?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн барих ганц том асуудал энэ байх ёстой. Баялагтай Монголын гурван сая иргэн сайхан амьдрах ёстой. Ийм их баялагтай байж замбараагүй лиценз өгч, гадны эрхшээлд оруулаад явж байна. Тухайлбал, Оюу толгойн Дубайн гэрээ. Энэ бүгдээ цэгцлээд Баялгийн сангийн тухай хуулиа баталж, жинхэнэ утгаар нь баялгийн тэгш хуваарилалт хийхгүй бол болохгүй. Бид уг хууль дээр хамтраад ажиллаж байгаа.

-Та Өмнөговьд том төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ёстой гэсэн. Энэ жил ямар том төслүүд хөдлөх вэ. Таван толгойн цахилгаан станцын асуудал сая хэд хоног бас л шуугиан боллоо?

-Ц.Даваасүрэн сайд Оюу толгой эрчим хүч импортлодогийг л зогсоох гэж байгаа юм. Оюу толгой жилд 150 сая ам.долларын эрчим хүч импортолж байна. Үүнийг зогсоогоод дотоодоос хэрэгцээгээ хангахын тулд энэ цахилгаан станцын асуудал яригдах ёстой. Хямд үнээр гаднаас эрчим хүч авч болоод байгаа болохоор дотоодод эрчим хүчний үйлдвэр байгуулах хэрэггүй болчихоод байгаа юм. Ц.Даваасүрэн сайд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьж, гэрээг цуцлах байх. Оюу толгойн мөнгө Монголын банкаар дамждаг болох ёстой. Их хурлаар энэ асуудлыг хэлэлцэхэд хэдэн нөхдүүд гүрийж зогссон. Цаашдаа ч гэсэн бид энэ асуудлыг шийдэх шаардлагатай. Тэр мөнгө 100 хувь биш юмаа гэхэд тодорхой хувь нь Монголын банкаар шилждэг болох хэрэгтэй. Тэгж байж бид уул уурхайгаас ашиг шимээ хүртэж байна гэдэг асуудлыг ярих ёстой. Далд уурхайн ажил эхэлбэл Оюу толгой хятадаас 200 сая ам.долларын эрчим хүч авна. Энэ мөнгө монголд үлдэх ёстой юм.

Төмөр замын асуудал Эрдэнэс Таван толгойтой холбогдож явна. Тиймээс Эрдэнэс Таван толгойн менежментийг сайжруулаад экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр зам хэрэгтэй. Ингэхийн тулд хятадын талтай зайлшгүй ярилцах шаардлага үүснэ. Засгийн газрын түвшинд яригдаж байгаа байх. Хатуу хучилттай гурван чиглэлийн замын тухайд трассын асуудал яригдаж байна. Яаралтай шийдэх ёстой.

-Олон улсын зах зээлд нүүрсний үнэ өндөр байна л даа. Энержи ресурс нүүрсээ 160 ам.доллараар борлуулж байхад Эрдэнэс Таван толгой 66 ам.доллараар борлуулж байна. Гэтэл хятаддаа 244 ам.доллар байгаа гэсэн мэдээлэл явж байна. Төрийн компани гэхээрээ яагаад бүх зүйл нь үнэгүй байдаг юм бэ?

-Энержи ресурс нүүрсээ угаагаад зарж байгаа болохоор жаахан үнэтэй байж магадгүй. Нөгөө талаасаа шууд эцсийн хэрэглэгчдэд нь хүргэж байгаа. Манай Эрдэнэс Таван толгой болохоор ченжүүдэд хүргэдэг л дээ. Тэр нь цаашаа Бугат руу аваачиж байх жишээтэй. Нүүрсээ угаалгүй шууд гаргадаг. Энэ бүх асуудлуудаа цэгцлэх ёстой. Дорж газар ухаж нүүрсээ Ли-д өгөөд Ли нь цаашаа өгөөд байвал өгөөд л байна. Тиймээс үүний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд менежмент зайлшгүй хэрэгтэй.

Хажууд байгаа орон нутгийн өмчит Таван толгой хэдэн жил 25 ам.доллараар үнэ тогтоож ноёрхож явлаа. Одоо харин 61 ам.доллар болж түүнийхээ хүчинд сая жаахан ашигтай гарсан. Цаашид ч гэсэн үүн дээр менежмент хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

М.Бямбажав: Гавьяат жүжигчин цол авсан ч, аваагүй ч монголчууд надад хайртай л даа

Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бямбажавтай ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Ард түмний маань их хүндлэл, тэдний маань буян заяа надад ирсэн байх аа гэж бодож байна.

-Цагаан сар болгоноор ярьдаг сэдэв гэж бий л дээ, битүүний бөхийн барилдаан, ирж буй жилийн өнгө гээд. Харин өнөө жил хүмүүс жүжигчин Ц.Төмөрхуяг та хоёрыг гавьяат болсныг л ам уралдан ярьж байна даа?

-Би Ц.Төмөрхуяг ахыг маш их хүндэлдэг. Энэ хүн аль дээр үед, надаас бүр өмнө энэ шагналыг авах ёстой хүн. Би ер нь киног нь үзэхдээ жүжигчнийх нь хувьд, хүнийх нь хувьд их хүндэлдэг. Мундаг жүжигчин байгаа юм. Тийм болохоор энэ хүн гавьяат жүжигчин цолыг гарцаагүй авах ёстой. Харин жаахан хожимдож авлаа даа гэж бодож байна. Тэртээ тэргүй энэ хүнийг Монголын ард түмэн мэдэж байгаа.

-Зарим тохиолдолд гавьяатыг эрт авлаа гэж шүүмжлүүлэх хүмүүс байдаг. Гэтэл таны гавьяат болсон мэдээ хөдөөний малчны хотонд, өөр тивд амьдран суугаа дуунд дуртай монголчуудыг хүртэл баярлуулсан шүү?

-Ард түмнээр хүндлүүлээд “За болж дээ. Энэ хүн гавьяат цол авах цаг нь болсоон” гэж хэлүүлж авах гоё л доо. Тэрнээс биш цаг нь арай болоогүй байхад авах нь ард түмэн болоод хүмүүст нэг их таалагддаггүй.

Тийм юм урьд өмнө нь олон л болж байсан. Тийм учраас шагнал, энэ мэтийн хүндэтгэлтэй юманд төр засаг ч анхаарах ёстой юм болов уу.

-Гавьяат болчихоор ямар мэдрэмж төрдөг юм байна?

-Яахав дээ, хүн чинь бас юм боддог юм байна шүү дээ. Олон жил дуулсан болохоор ард түмэн минь намайг мартаагүй. Энэ их хүндлэлд сайхан явж байна. Энэ сайхан цолыг авчихаар цаана нь хариуцлага давхар ирдэг юм байна. Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг цолыг том хариуцлага дагаж, надад их эрч хүч өгч байна.

-Хүмүүс таныг аль эрт гавьяат цолоо авчихсан гэж андуурдаг байсан. Тоглолт дээр хүртэл таныг “Гавьяат жүжигчин М.Бямбажав” гэж зарлаж байсан удаатай?

-Намайг хүмүүс аль түрүүн, эртний гавьяат гэж ойлгоод байдаг байсан юм. “Хүүш ээ. Соёлын тэргүүний ажилтан гэнэ үү. Та гавьяатаа авчихаагүй билүү” гэдэг байсан юм. Монгол хүн амны билгээрээ гэдэг дээ. Хүмүүс намайг дандаа л “Гавьяат аа” гэж дууддаг байсан юм. “Өө ах нь аваагүй ээ, аваагүй. Соёлын тэргүүний ажилтан гэдгээрээ л байгаа” гэдэг байлаа.

-Баяр хүргэсэн мэндчилгээ, дуудлага тасрахгүй л байгаа байх даа?

-Цагаан сар гэлтгүй, Монгол Улсын гавьяат жүжигчин цол авсан ч, аваагүй ч монголчууд маань надад хайртай л даа.

Намайг хүндэлдэг хүмүүс бий. Ярьж хөөрч л байдаг юм. Гэхдээ өнөө жилийн цагаан сараар гавьяат цол авсан чинь хүмүүс урьд урьдынхаас илүү баяртай байна. Хүмүүсээс дам сонсоход айлд ороход л монголчууд хоорондоо М.Бямбажав, Ц.Төмөрхуяг хоёрын гавьяат авсан тухай л ярьж байна гэх юм. Ийм их хүлээлтийн дор гавьяат цолоо авах гоё байна аа, гоё байна. Өөдрөг байна. Энэ их хайр буяныг дааж амьдрах ёстой юм болов уу л гэж бодож байна.

-Шагнал авах болсон тухай мэдээг яаж хүлээж авав?

-Их догдолдог юм билээ. Нэг хоногийн өмнө хэлсэн. Бас түгшдэг юм билээ шүү. Сэтгэл их хөдөлсөн. Хамгийн түрүүнд хөөрхий муу аав маань, ээж маань бодогдоод л (Хоолой нь зангирав. сурв). Энэ хүмүүс маань намайг энэ орчлонд төрүүлээгүй бол би ингэж явах уу, ард түмэн маань миний дууг сонсоогүй бол би ингэж шагнуулах уу гээд л хичнээн юм бодогдсон гэж санана. Тэгээд бас хажууд байгаа ханьдаа баярладаг юм билээ. Энэ хүн хажууд минь олон жил явлаа. Ингээд л бүх юм бодогдсон. Өөрийн эрхгүй нүдийг нулимс бүрхдэг л юм билээ.

Саяхан “Наран чагнах аялгуу” дуугаа хийсэн юм. Надад зориулсан шүлэг байсан л даа.

…Дуулна аа би, дуулна

Дундуур бүхнийг дүүртэл

Хүн хүнийг инээдээр шагнаж

Холын нарыг чагнатал дуулна аа… гэдэг үгтэй. Энэ дуугаа клипжүүлж амжаагүй байсан. Гавьяат авахынхаа өмнөхөн альбомоосоо хэдэн зураг авч зурагжуулаад клип хийчихсэн байсан юм. Энэ дуу надад их буян дагууллаа даа гээд л тухайн үед есөн шидийн юм бодогдсон л доо. Хүний алдаж оносон амьдрал, урлагтаа чин үнэнч байсны хувь юм болов уу даа гэж ч бодогдсон. Тиймэрхүү л юмнууд бодогддог юм билээ.

-Нохой жил гарлаа. Нөхөрсөг нохой жил гэж ихэд бэлгэшээцгээж байна?

-Тахиа жил Монголын ард түмэнд сайхан жил байсан. Яагаад вэ гэвэл тахиа бол эртэч, дэгжин амьтан. Өнөр олуулаа болдог амьтан. Тийм болохоор монголчууд бидэнд өгөөжтэй жил байсан байх аа. Нохой жил бүр өгөөжтэй байх болов уу. Нохой гэдэг чинь эрт дээр үеэсээ нүүдэлчин монголчуудын хонь мал, гэрийг манаж ирсэн. Хүний урд төрөл ч гэж ярьцгаадаг. Монголын ард түмэн төдийгүй дэлхийн ард түмэн амар амгалан байх болтугай.

Миний Монголын ард түмэн

Яана аа гэхийн гачигдалгүй

Ёо гэх өвчингүй

Улс төр нь түвшин амгалан байх болтугай.

-Таны олон уран бүтээл Монголын ард түмний сэтгэлд хоногшсон. Одоо ч сонсож, дуулах дуртай. Дуу бүрийн тань бүтсэн үүх түүх дотроос “Оройтсон бороо” дууны түүх бас сонирхолтой шүү?

-1990 онд өөрчлөлт болж байсан тэр үетэй зэрэгцэн гарч ирсэн дуу л даа. Би чинь цэргээс дөнгөж халагдаад ирсэн, юу ч мэдэхгүй жаахан хүүхэд. Зохиолчдын хороонд Үлгэрийн танхим гэж байсан юм. Би тэр танхимд ерөөлч, магтаалч байлаа даа. Азийн язгуур урлагийн наадмаас хамгийн анх Гран при шагналыг авч байлаа. Би чинь ерөөлч, магтаалч, бий биелгээ хийнэ. Аягатай бүжиг хийдэг хүн байлаа. Юмны учрыг нь мэдэхгүй, Туяа гэж эгчийн нэг шүлгийг авчихгүй юу. Мартын наймны бичлэгт орох юм, энэ шүлэгт ая зохиочих хүн байна уу гэхээр нь би зохиоё гээд авчихсан. Тэгээд л би гитар дээр нэг ая зохиогоод дуулж үзлээ. Бичлэгт ч ороогүй юм. Эмэгтэйчүүдийг ширээнд суулгаад хүлээн авалт маягийн юм хийсэн. Тэрэн дээр нь очоод гитартай дуулчихлаа даа. Тэр үед магнитофон гарч байсан үе. Нэг хүн намайг дуулахад кассетанд хураалгаад авчихсан юм билээ. Өө, тэгтэл Дэнжийн мянгын хар зах дээр миний дуулсан өнөө дуу цангинаж эхэллээ дээ, “Оройтсон бороо” гээд л. Тэр чигээрээ л ард түмэнд хүрсэн дээ. Нэмж дээр нь хөгжмийн найруулга ч хийгээгүй, клип ч хийлгээгүй, яг анх хүлээн авалтад дуулсан хувилбараараа нийтэд түгсэн. Гитартайгаа л хит болчихсон дуу. Цэцэрлэгийн хүүхдүүд ч дуулдаг байлаа. Одоо хүртэл хүмүүс “Оройтсон бороо”-гоо дуулаач ээ гэдэг юм.

-Мартын найман гэснээс та ирэх сарын 8-нд тоглолт хийхээр болжээ?

-Монголын бүх ээжүүдэд зориулсан “Хайртай шүү ээж ээ” гэсэн тоглолтоо гуравдугаар сарын 7, 8-нд “UB Palace”-ийн концертын их танхимд өргөн барих гэж байна. Энэ тоглолтыг гавьяат цол авахаасаа бүр өмнө төлөвлөчихсөн байсан юм.

-Гавьяат цол авч ард түмэндээ талархаад ийм тоглолт хийж байгаа юм болов уу гэж бодсон?

-Өмнө нь төлөвлөчихсөн байсан. Ноднингоос эхэлж төлөвлөчихсөн байсан юм. Монголын ээжүүддээ зориулж хийх тоглолт маань гавьяат жүжигчин цол авсантай минь давхцаад бэлгэдэлтэй юм болж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Өлзий: Төрийн наадмын гурван түрүү хүртсэн ах нартайгаа их шөвөгт үлдэж түрүүлсэндээ сэтгэл өндөр байна

Тийн унжлагат хэмээх нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд найм давж түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргадаг чансааг жилийн турш тэргүүлж үүнийгээ баталж, сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Бөхчүүд сар шинийн барилдаанаар ирэх жилийнхээ өнгийг тодорхойлдог шүү дээ. Энэ барилдаанд амжилттай барилдсан бөхчүүд улсын наадмаар цолоо ахиулах нь олон байдаг?

-За, сар шинийн барилдаанд зориулж бэлтгэлээ жигд сайхан базааж түрүү бөхөөр тодорсондоо баяртай байна. Дээр үеэс монголчуудад уламжлагдаж ирсэн энэ том барилдаанаар бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гэж үздэг. Сар шинийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, дээгүүр барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ улсын наадамд амжилттай барилдаж цолоо ахиулсан тохиолдол олон л доо. Үүнийг их бэлгэшээж байгаа шүү.

-Сар шинийн барилдааны бэлтгэлээ хаана базаасан бэ. Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Миний бэлтгэл жигдхэн сайн байсан. Ганц минийх ч биш бөхчүүдийн бэлтгэл сайхан ханасан байна лээ. Сар шинийн барилдааны даваа бүр л хүнд байлаа.

-Дөрвийн даваанд улсын харцага О.Хангайтай оноолт таарсан нь олон бөх сонирхогчдын анхаарал татаж байсан. Энэ барилдааны талаар ярихгүй юу?

-Надтай нэг үед гарч ирж тэнцүүхэн өрсөлдөж байгаа О.Хангай харцагатай таарч барилдахдаа “Би давчихвал цаашаагаа түрүүлэх боломж их байгаа шүү” гэж бодоод л барилдсан.

О.Хангай сар шинийн барилдаанд тогтмол дээгүүр барилддаг хоёр ч удаа үзүүрлэсэн бөх болохоор тэр. Бид хоёр чинь Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан чансааг бүтэн тэргүүлж байгаа шүү дээ. Цаашдаа ч олон удаа таарч барилдаж бие биенийгээ ирлэж, хурцалж өгөх байх даа.

-Та зургаагийн даваанд Увс аймгийн харьяат улсын харцага Т.Баасанхүүтэй тунасан. Уран барилдаант харцагатай яаж барилдахаар төлөвлөж байсан бэ?

-Манай Т.Баасанхүү чинь уран дайчин барилдаанаараа бөх сонирхогчдын талархлыг хүлээсэн бөх. Их хурдтай, тэсрэлттэй барилддаг харцагатай тогтоож, хараатай барилдана л гэж бодож байсан даа. Давуулж бариад хутгахад нь зөрүүлж мушгиад давсан.

-Энэ том барилдааны их шөвөгт аварга, арслангуудтай шалгарч үлдээд юу бодож байв. Яаж барилдахаар төлөвлөж байв?

-Бөхийн барилдааны их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж бид дөрөв шалгарч үлдсэн. Ч.Санжаадамба аваргыг ам авахаар гарын даа нарын зүг хандахад нь “намайг амлах болов уу” гэж таамаглаж байсан ч аварга П.Бүрэнтөгс арсланг амласан. Тэгээд л өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Ц.Содномдорж арслантай тунаж барилдаад давсан. Төрийн наадмын гурван түрүү хүртсэн сайхан ах нартайгаа үнэн хүчийг үзэж барилдаж түрүүлсэндээ сэтгэл өндөр байгаа.

-“Сар шинийн барилдаан сайхан боллоо” гэж бөх сонирхогчид дор бүрнээ ярьцгааж байна. Сар шинийн барилдаанд түрүүлэхэд Ховд нутгийн зон олон их баярласан байх. Таны хувьд сар шинийн барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн харьяат анхны бөх боллоо шүү дээ?

-Нутгийн маань зон олон их баярласан байх. Олон ч хүн баяр хүргэж амжилт хүсч байсан. Сар шинийн барилдаан 1963 оноос хойш зохиогдоход манай Ховд аймгийн бөхчүүд түрүүлж хараахан амжаагүй байсан. Аймгийнхаа бөх сонирхогчдын хүлээлтийг тайлж “бага наадам”-ын түрүү бөхөөр тодорсондоо их баяртай байгаа.

-Бөх сонирхогчдын тааврыг ажиглахад түрүү, үзүүр бөхчүүдийн жагсаалтад таны нэр харагдахгүй байсан. Олон хүний таавар эвдэж хүчтэй арслангуудыг давж түрүүллээ дээ?

-Таавар тухайн хүний хувийн үзэл бодол юм даа. Зарим бөх сонирхогчид таавартаа өөрийнхөө дэмждэг бөхийн нэрийг бичих нь ч бий. Бөхийн өнгийг хараад мэддэг хүмүүс ч олон байгаа. Намайг түрүүлнэ гэж тааварласан хүмүүс ч цөөнгүй байсан болов уу.

-Сар шинийн босгон дээр таныг “Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос “Үзэгчдээ дээдэлдэг бөх”-өөр тодруулж шагнал гардуулж байсан?

-Монгол үндэсний бөх гэдэг бидний том өв соёл эрийн гурван наадмын нэг. Энэ их өв соёлоо мэддэггүй, дээдэлдэггүй монгол эр хүн гэж байдаггүй. Бөхчүүд чинь ард түмнийхээ хайр хүндэтгэлээр өдий зэрэгтэй явж байгаа. Үзэгчдээ хүндэлж намраас хойш 13 барилдаанд тасралтгүй зодоглож энэ шагналыг хүртсэндээ баяртай байна. Цаашдаа ч барилдаан алгасалгүй зодоглож байхыг хичээнээ.

-Төрж өссөн нутаг, аав ээж, гэр бүлийнхээ талаар танилцуулаад ярилцлагаа өндөрлүүлье.

-Алс баруун хязгаар, Алтайн өндөр уулсын дунд орших Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэмээдэг шиг өсч төрсөн нутгаараа бахархаж, хайрлаж явдгаа. Миний аав Баярхүү, ээж Замбалцэцэг нар маань малчин хүмүүс. Би одоо эхнэр, охины хамт амьдарч байна даа. Сар шинийн баяраар нутагтаа очиж ээж, аавдаа золгож амжаагүй л явна. Ярилцлагын төгсгөлд Монголын ард түмэн болон намайг дэмждэг Ховд аймгийн Зэрэг сумын зон олон доо сар шинийн мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, сайн сайхныг хүсье.

О.ДАШНЯМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Нөхөрсөг” хэмээх шар нохой жилд Монголын төр ард түмэндээ найрсаг байх уу?

Өнөөдөр “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт өдөр. Монгол төрийн гурван өндөрлөг сар шинийн босгон дээр ард түмэндээ хандаж уламжлал ёсоор мэндчилгээ дэвшүүлсэн юм. Төрийн өндөрлөгүүдийн хэлж байгаа үгнээс тухайн жил улс оронд ямар ажил өрнөж, ард түмний амьдралд хэрхэн үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь тодорхой уншигддаг. Тиймээс төр засгийг удирдаж байгаа эрхмүүдийн олон нийтэд хандаж хэлсэн үгийг бид анхааралтай ажигладаг. Ерөнхийлөгч Х.Баттулга товчхон мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр төрийн есөн хөлт цагаан тугны өмнө зогсоод “Ирж буй шороон нохой жилд иргэдийн аж амьдрал өөдлөн дээшлэх сайхан жил болоосой” гэдгийг онцлон хэлсэн.

Иргэдийн амьдрал яаж өөдлөн дээшилдэг вэ гэхээр ердөө л орлоготой болох ёстой. Ард түмэн орлоготой болохын тулд мэдээж ажилтай, ажлын байраар хангагдсан байж таарна. Ерөнхийлөгч сүүлийн үед төмөр зам барина гэдгийг идэвхтэй ярьж байгаа. Тодруулбал, өнгөрсөн онд ОХУ-д айлчилж “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцах үедээ Таван толгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 километр төмөр замын ажлыг энэ онд эхлүүлнэ гэдгээ хэлсэн. Таван зуун километр төмөр замын ажил өрнөөд эхэлбэл бэлтгэгч, ханган нийлүүлэгчээс эхлээд нэг хэсэг хүн ажилтай болно. “Иргэдийн амьдрал дээшилнэ” хэмээх төрийн тэргүүний үгнээс хамгийн түрүүнд санаанд буусан нь төмөр зам. Олон улсад зарлаж, танилцуулсан ажлаа Ерөнхийлөгч эхэлж таараа.

УИХ-ын дарга М.Энхболд “Улиран одож буй гал тахиа жил Монгол Улс, монгол түмэнд минь үр өгөөж, буян хишгээ хайрласан сайхан жил болж өндөрлөж байна. 2017 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор монголчууд бид гурван сая 200 мянгуулаа болжээ. Эрдэнэт мал сүрэг маань өсөн үржиж 66.2 саяд хүрлээ. Газрын шимийг тэтгэгч тариаланчид маань 223 мянган тонн үр тариа, үүнээс 216.2 мянган тонн улаанбуудай, 113.9 мянган тонн төмс, 75.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахад жинтэй хувь нэмэр орууллаа. Бизнес эрхлэгчдийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд барилга, уул уурхай, аж үйлдвэр, үйлчилгээний салбаруудад нааштай, өсөлттэй олон ахиц өөрчлөлт гарлаа. Улсын эдийн засаг өрийн дарамтад туйлдаж, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа хумигдсан, ард түмний аж амьдрал доройтон, улсаараа төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд хүрээд байсан хүнд цаг үеийг бид туулан давж чадлаа” хэмээн өнгөрөгч жилийн амжилт ололтоо дурдсан. Олон жилийн дунджаас аваад үзэхэд 300 мянган тонн үр тариа улс орны дотоодын нийт хэрэгцээнд хангалттай гэж үздэг. 200 гаруй мянган тонн төмс, 150 мянган тонн хүнсний ногоо байхад хэрэгцээгээ хангана хэмээн эдийн засагчид тооцоолдог.

Эрхэм спикер хэлсэн үгэндээ Монголын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого зэргийг тоо баримттайгаар хэлсэн. “Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийн өсөлт 2017 оны гүйцэтгэлээр 5.1 хувьд хүрч өсөв. Нэгдсэн төсвийн орлого 660.0 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 2016 оныхоос 2.3 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум долларт хүрчээ. Улс гэрээ өөд татахын төлөөх төр, засгийн зөв тууштай бодлого, нийт иргэдийн хамтын хүчин чармайлтын үрээр 1.1 тэрбум доллар буюу 2.6 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулснаар өр, зээлийн дарамтаас гарч чадлаа. Ийнхүү дотоодод сэргэлт бий болж, гадаадад улсын маань нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчдын итгэл идэвхжин, зээлжих зэрэглэл нэмэгдэж байна” гээд угтан золгож буй нохой жилд хариуцлага сахилгыг эрхэмлэн, үргүй зардал, үрэлгэн байдлаас бүрмөсөн татгалзаж, зөвшилцөл ойлголцлоор аливаа асуудлыг хамтран шийдэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөл, эргэлт буцалтгүй хөгжлийн суурийг тавьж чадна гэдгийг сануулсан юм. Мөн эвдрэл талцал, ганцаарчилсан тоглолт, дүрэмгүй улстөржилт бидэнд сайныг авч ирэхгүй. Монголоороо нэгэн сэтгэлтэй, Монголоороо нэгэн зүгт харж, бурууд нүд хурц, зөвд итгэл хамт байж чадах аваас та бид гэрэлт сайхан ирээдүйгээ бүтээж болохыг тодотгож хэлсэн.

Тэрээр нохой жилд яг ийм ийм ажлыг хийж, бүтээн байгуулалт ингэж өрнөх болно гэж тодорхой хэлээгүй. Хамгийн гол нь улс төр тогтвортой байж, улс төрд хэн нэгэн ганцаарчилсан тоглолт хийхгүй байхыг айхтар сануулж байна лээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд “Монголчууд бид эдийн засгаа дөрвөн хувиар өсгөж чадлаа. Энэ бол манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж 3,2 тэрбум доллар боллоо. Монгол Улсын экспорт анх удаа зургаан тэрбум долларт хүрч өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. Чингис бондын 500 сая долларын төлбөрийг Засгийн газар цаг хугацаанд нь төллөө. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж манай улсын зээлжих зэрэглэлийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан, Монгол Улс тогтвортой улс гэсэн ангилалд орлоо. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин бууруулж, ДНБ-ий есөн хувьд хүргэлээ” хэмээн мөн л өнгөрөгч жилийнхээ амжилтаас дурдсан.

Ерөнхий сайдын үгэнд ард түмний ахуй амьдралтай шууд холбоотой хэд хэдэн зүйл туссан. Тэрээр Монгол Улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлуудаа эрчимжүүлэх болно гэдгээ хэлсэн. Мөн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно” гэдгийг ч ард түмэндээ сар шинийн босгон дээр дуулгалаа.

Улс орноо хүнсний орон болгоно гэдэг бол хөдөө аж ахуйг улам эрчимжүүлнэ гэж ойлгож болно. Мах, сүү, гурил, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн хэрэгцээг ард иргэддээ бүрэн дүүрэн хангана гэсэн үг. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдэх нь гэх хүлээлт нийгэмд бий болж байна. Гэхдээ нарийвчлан аваад үзбэл бас асуудалтай. Учир нь манайд махны хэрэгцээ болоод тариа будааны хувьд асуудалгүй. Хэрэгцээгээ бүрэн хангаад ирсэн. Гол нь газар тариалан эрхэлдэг компани, аж ахуйн нэгжүүд ургацаа тогтмол авах л хэрэгтэй. Хүнсний ногооны хувьд шилэн дарлаганаас аваад жижиг сажиг ажлын байр нэмэгдэж магадгүй гэх горьдлого төрж байна. Засгийн газрын тэргүүн ам бардам хэлсэн бас нэг зүйл нь эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах тухай юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнийхээ 20 хувийг Орос, Хятадаас авч байгаа. 144 төгрөгийн үнэтэй цахилгааныг 122 төгрөгөөр борлуулж, нэг кВт цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээн үндсэндээ Оросод гэхэд жилд 50 тэрбум төгрөгийг цахилгааны алдагдалд төлдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Цахилгаан эрчим хүчээр бусдаас хараат биш болохын тулд мэдээж эрчим хүчний томоохон станцууд байгуулж таарна. Гэвч Монголд үүн шиг бүрхэг асуудал байхгүй. Ерөнхий сайдыг эрчим хүчээ дотооддоо бүрэн хангана гэж мэдэгдсний дараахан Таван толгойн цахилгаан станцыг болино гэдгээ Оюу толгой компаниас албан ёсоор мэдэгдсэн. Таван толгойн цахилгаан станц олон жил яригдаж байгаа том төслийн нэг. Гэтэл бүтэлгүй дуулдаж байна. Дээрээс нь тавдугаар цахилгаан станц гэж үлгэр домог байна. Барих газраа тогтож чадахгүй олон жил болж байж Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Ургах наран” хорооллын Хөлийн голын хөндийд баригдахаар болсон. Английн “Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суэз”, Японы “Сожитц”, Солонгосын “Поско энержи” болон Монголын “Ньюком” компанийн хамтарсан консорциум тавдугаар цахилгаан станцыг барих тендерт ялж концессын гэрээ байгуулахаар боллоо гээд хэвлэлээр бичигдэж байсан зэрэг нь үлгэр болж дууссан. Энэ оны эхээр Эрчим хүчний яамны сайдын зөвлөлийн хурлаар тавдугаар цахилгаан станцыг барих шаардлагагүй гэж үзсэн. Улаанбаатар хотын ачааллыг тодорхой хэмжээнд хангах станцын хувь заяа хэдэн жил баригдах гэж байгаа юм шиг ард түмнээ хуурч мэхэлсээр дууслаа. Уг нь Налайхын урд талын хөндийд барьчихбал тун тохиромжтой санагддаг юм. Улаанбаатарын дагуул хот тэнд бий болж, Богд уулын урд талаар шинэ шинэ хотхонууд үүсээд маш сайхан дүр зураг харагддаг. Гэвч харамсалтайгаар төгсч байна. Тавдугаар цахилгаан станцыг барих шаардлагагүй гэх мэдээтэй хамт Эгийн голын усан цахилгаан станцын асуудал 30 жилээр хойшилсон тухай дам яриа сонсогдож эхэллээ. Хамгийн боломжтой хоёр том станцын хувь заяа ингээд төгсч байдаг, дээрээс нь Таван толгой больсон гэх дараалсан энэ мэдээллүүд гараад эхлэхээр Ерөнхий сайдын үг нэг л үнэмшилгүй, итгэл төрүүлэхгүй байгаа. Монгол Улс яагаад станцтай болж чаддаггүй юм бэ. Гадаад дотоодын хавчилт, шахалт байдаг бол түүнийгээ төр засгийн зүгээс зоригтой зарлаж, хэвлэл мэдээллээр ярьж, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Асуудлыг ийм байдлаар хурцаар тавьж, сонин хэвлэлээр дэлхий нийтэд зарлаж, олон улсын дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй. Монголыг Орос, Хятад хоёр үнэхээр хавчин гадуурхаад байдаг юм бол олон улсын хууль дүрмийн хүрээнд шийдэх учиртай. Дэлхийн том гүрнүүдэд хажуу хавийнхаа улс орнуудыг дээрэлхэхгүй, хяхан хавчихгүй байх дэлхийн хууль дүрэм гэж бий. Ийм үл ойлголцол байдаг бол төр засгийн өндөрлөгүүд зоригтой хэлэх цаг нь болсон.

Ерөнхий сайд яаж эрчим хүчээр улс орноо бүрэн хангана гэдгээ ард түмэндээ тодорхой тайлбарлаж өгмөөр байна. Сонин хэвлэлээр хийх ажлаа тодорхой ярих хэрэгтэй. Нэг л битүү хатуу, дээгүүр дүүлсэн хүн харагдаад байх юм. Монголынхоо хэвлэлд биш гадны сонинуудад яриа өглөө л гэнэ. Юу ярьдаг юм бол, цаашдаа ямар бүтээн байгуулалт хийх гэж байна гээд сонирхохоор гадны хэвлэлд өгсөн гэх яриа нь хэвлэгдэж гарч ирэхгүй юм. Газрын тосыг дотооддоо боловсруулна гэж Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлийн мөнгөөр нефтийн үйлдвэр барихаа хэлж байгаа байх. Энэ нь бас зогсчих вий дээ. Хэрвээ нефтийн үйлдвэртэй болчихвол ерөнхий утгаараа ард түмний амьдралд дэм болж магадгүй. Түүнээс сүйдтэй ажлын байр нэмэгдэхгүй. Шатахуунаа тасралтгүй өгч, гадны хавчилганд оролгүй өөрсдөө толгой мэдэж юмаа хийх цаг ирэх байх.

Төв цэвэрлэх байгууламж, авто зам, сургууль, цэцэрлэг барих гээд Ерөнхий сайдын хэлсэн үгэнд гарсан бодит орлого бий болгох ажлууд явагдах биз ээ.

Тэгвэл ард түмний ааш араншин ч засарна. Ажилгүй дээр нь ядуу, хажууд нь баян улсууд яаж амьдарч байгааг хараад монголчууд бухимдаад байгаа. Нэг үгээр хэлбэл, атаархаад нийгэм тэсэрчих гээд байна. Ард түмэндээ та нар ч ажиллаад ингэж баян болж болох юм гэх бололцоог нээж өгөх хэрэгтэй. Ганзагын наймаа буюу нэгээс авч нөгөө рүү зарж ашиг олдог зурвас үе өнгөрсөн. Хөдөлмөр хийж амьдардаг, бүтээсэн зүйлээ зарж бусдын хэрэгцээг хангадаг тийм цаг үе ирээд байна. Монголд юм хийгээд хэрэггүй зах зээл жаахан, хүн ам цөөн гэдэг яриа ч худлаа талдаа орж байгаа. Гурван сая иргэн гэдэг тийм ч бага хүч биш. Дэлхийд цөөхөн хүн амтай асар баян улсууд олон байна. Бүгд хуулиа дээдэлж, хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Энэ бүхний гарцыг төр засаг хангаж өгөх хэрэгтэй. Ард түмнээ хөдөлмөр эрхлүүлэхгүй, ажлын байр бий болгохгүй, зүгээр халамжаар амьдруулна гэвэл Каддафигийн эмгэнэлт хувь заяа ирнэ. Ливийн удирдагч Каддафи улс орныхоо иргэн бүрийн аманд алт доллар хийх нь холгүй халамжилж байсныхаа хүчинд бөгс рүүгээ хутга шаалгуулж үхэхийн муухайгаар үхсэн. Тэгэхээр хүн бүр хөдөлмөр эрхэлж түүнийхээ үр шимийг хүртэн, бүгд эдийн засгийн эрх чөлөөтэй болсны хүчинд улс орон хөгжин дэвждэг хуультай. Энэ үүднээс сар шинийн босгон дээр төрийн өндөрлөгүүдийн хэлсэн үгийг шинжиж, тоймлон хүргэлээ. Үндсэндээ “нөхөрсөг” хэмээх шар нохой жилд Монголын төр ард түмэндээ хэр найрсаг байж ажилтай, орлоготой болгохыг таамаглалаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Найралт эх одтой, цагаан бар өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 27, Ангараг гариг. Билгийн тооллын 12, Найралт эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7:36 цагт мандан, 18:30 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, арвижуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Д.Гансаруул “Цусны улстөржсөн шинжилгээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцсаныг нэгдүгээр нүүрнээс үзээрэй. Тэрээр “Манай улсын элэг шилжүүлэн суулгасан хагалгаа 95 хувийн амжилттай явж байна” гэжээ.

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцжээ. Тэрээр “Утааны асуудлаа одоо л ярилцахгүй бол ирэх өвөл хүүхдүүдийнхээ амиар төлбөрийг нь төлөх болно” хэмээн онцлон хэлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбогдох шүүхийн шийдвэр, Ерөнхий сайд асан С.Баярын захидалд хариулт өгч хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ талаарх сурвалжилгыг тэргүүн нүүрнээс үзээрэй.

“Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас авсан “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд орсон гэдгийг У.Хүрэлсүх ил болгов” сурвалжилга нэгдүгээр нүүрэнд хэвлэгджээ.

“Хүүхдийг шившиглэх нь түүний эрхийг зөрчиж буй дээд хэлбэр мөн үү?” сурвалжилгыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс хүлээн аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Гансаруулын “Цусны улстөржсөн шинжилгээ” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Цөмийн технологич З.Батсүрэнтэй хийсэн ярилцлагыг залуу эрдэмтэн нүүрнээс хараарай. Тэрээр “Фүкүшимагийн осол бол хэмжээгээрээ Чернобылийн дараа орох том осол болсон” гэжээ.

Өчигдөр АТГ-аас мэдээлэл хийсэн талаар баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс уншаарай.

Танин мэдэхүй нүүрэнд цахилгаан хөдөлгүүрт машины талаарх сурвалжилга хэвлэгджээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ соёл-урлаг

“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг маргааш нээлтээ хийнэ

“Би эндээс явахгүй” зурган илэрцүүд

Төрийн шагналт ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын жүжиг энэ сарын 27-ноос Улсын драмын эрдмийн театрт тавигдахаар боллоо. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, продюсер Д.Цэрэнсамбуу /УГЗ/ нар ажиллажээ. Харин гол дүр болох Дорлигийн дүрд О.Гэрэлсүх /СТА/, Дулмаад Н.Баярмаа /СТА/, Сэржмаагийн дүрд Б.Одончимэг /СТА/ тус тус тоглох юм байна.

Уг жүжигт өнөөгийн нийгэм дэх гэр бүлийн амьдрал, одоо үеийн театрын амьдралыг харуулахыг зорьжээ. Дорлигийн дүрд тоглож байгаа О.Гэрэлсүх /СТА/ 1996 онд тавигдсан “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглож байсан юм. Түүнээс хойш хорин жилийн дараа эргэн тайзандаа дүр бүтээж байгаа нь энэ ажээ.

О.Гэрэлсүх /СТА/ ярихдаа “Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар жүжигт тоглох саналыг тавьсан юм. Тайзан дээр эргэн тоглоно гэж бодоогүй байсан ч баяртайгаар хүлээн авсан. Хорин жилийн дараа тайзнаа эргэн гарахад бэрхшээлтэй зүйл байсан. Театрын жүжигчний ажиллах арга ажиллагаа гэдэг бол өөр байдаг. Гэхдээ дасгал сургуулилтаа хангалттай сайн хийж байгаа” гэв.

Харин Дулмаагийн дүрийг бүтээсэн Н.Баярмаа /СТА/ хэлэхдээ “Дулмаа гэх жирийн монгол бүсгүйн дүрд тоглож байна. Жүжиг маань гэр бүлийн харилцаа, эрэгтэй, эмэгтэй хүний амьдралд хандах хандлагыг илүү гүнзгий харуулсан. Урлаг нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хөндөхийг эрмэлзсэн. Эрэгтэй хүн амьдралыг тэр чигт нь удирдах ньюанс эмэгтэй хүнд ч байгаа гэдгийг бүтээсэн дүрээсээ олж харсан. Энэ жүжгийг ирж үзээд нэгийг бодоод гараарай хэмээн хүсэж байна” гэлээ.

Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар ярихдаа “ Ардын жүжигчин Э.Оюуны урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж энэ гайхамшигт зохиолыг тайзнаа амилууллаа. Ардын жүжигчин Э.Оюун гуай театрын ёс зүйг яс баримталдаг байсан. Аливаа урлаг өөрөө сахилга бат, дэг журам дээр суурилдаг. Тэгж байж сайн уран бүтээл төрдөг юм. Дэг жаягтай байхын цаад ухаан нь хүн байх асуудал юм. Уран бүтээлч өөрөө хүн байх ёстой” хэмээн онцлон дурдсан юм.

Энэ жил Ардын жүжигчин Э.Оюун, Л.Лувсан /МУГЖ/, Төрийн соёрхолт Г.Гомбосүрэн /МУГЖ/, Б.Лоовой /МУАЖ/, М.Бадамгарав /МУГЖ/ зэрэг алтан үеийн уран бүтээлчдийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж. Улсын драмын эрдмийн театраас ойд зориулан ирэх дөрөвдүгээр сард СУИС-тай хамтран Э.Оюун гуайн амьдрал уран бүтээл, театрын асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний хурал, арван хоёр сард ахмад уран бүтээлчдийн арга ажиллагааг судалж илтгэл тавихаар төлөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг гуравдугаар сарын 10-ыг хүртэл тоглогдох аж.

Э.Болор

Categories
мэдээ соёл-урлаг

Фото сурвалжлага: Монголын уран зургийн сонгодог бүтээлүүд

Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 97 жилийн ой “Эх орончдын өдөр”-т зориулсан “Монголын сонгодог бүтээлүүд” уран зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургийг Б.АМАРТҮВШИН


Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Л.Гүрсэд

“ЧИН ВАН ХАНДДОРЖ” 1992 он, тос зотон, 110х80 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Жамсран

“МАНЛАЙ БААТАР” 1958 он, тос зотон, 110х80 см

МУГЗ П.Балдандорж

“ФРУНЗ МАГСАРЖАВ НАРЫН ХӨРӨГ” 1956 он, тос зотон, 81х81 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн шагналт, УГЗ Ү.Ядамсүрэн

“ЧОЙБАЛСАН, СТАЛИН” 1951 он, тос зотон, 127х149 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн шагналт, УГЗ Г.Одон

“НЯНТАЙСҮРЭН” 1979 он , тос зотон, 57х75 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн шагналт, УГЗ Г.Одон

“ТОГТОХ” 1958 он, тос зотон, 68х77 см

Монгол Улсын Ардын Зураач, УГЗ Ц.Доржпалам

“Х.ЧОЙБАЛСАН” 1956 он, тос зотон, 110х160 см

Төрийн шагналт, УГЗ Д.Чойдог

“ӨВГӨН ПАРТИЗАН” 1943 он, тос зотон, 80х65.5 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Х.Содномцэрэн

“АХМАД ДАЙЧИН” 1980 он, тос зотон, 74х94 см

Монгол Улсын Ардын Зураач, Франц Улсын Ардын Зураач, МУ-ын УГЗ Б.Чогсом

“БОДОЛ” 1967 он, тос зотон, 201х141 см

Монгол Улсын Төрийн Шагналт Зураач Б.Пүрэвсүх

“ТЭМЦЛИЙН ЗАМД” 1984 он, тос зотон, 200х160 см

Хөдөлмөрийн Баатар, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм

“МӨНХИЙН БАРИЛДЛАГА” 1987 он, тос зотон, 110х140 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн шагналт, УГЗ Д.Амгалан

“КАПИТАЛИЗМЫГ АЛГАСАСАН НЬ” 1961 он, гуйшь даавуу, 160х200 см

Оросын Холбооны Буриад Улсын Гавъяат Зураач Б.Дашням

“АЯН ЗАМД” 1960 он, тос зотон, 81х181 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг

“СОНГОСОН ЗАМ” 1984 он, тос зотон, 190х150 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт С.Рэнцэн

“БУМЦЭНДИЙН ОТРЪД” 1970 он, тос зотон, 100х180 см

Монгол Улсын Төрийн Шагналт Б.Пүрэвсүх

“ТАЛЫН БААТРУУД” 1984 он, тос зотон, 160х200 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Дорж

“ЭЦСИЙН МӨЧ” 1981 он, тос зотон, 140х130

Хөдөлмөрийн Баатар, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм

“ЧОЙБАЛСАН ПАРТИЗАНЫ ХАМТ” 1945 он, тос зотон, 110х150 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Жамсран

“ФАНЕРИЙН ЗАВОД” 1962 он, тос зотон, 122а162 см

Зураач Б.Балдан

“БУЛИГАРЫН ЗАВОД” 1953 он, тос зотон, 110х150 см

Монгол Улсын Ардын Зураач, УГЗ Б.Гомбосүрэн

“НЭХМЭЛИЙН ҮЙЛДВЭР” 1953 он, тос зотон 150х121 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Жамсран

“СҮҮН ЗАВОД” 1965 он, тос зотон, 80х120 см

Монгол Улсын Ардын Зураач, УГЗ Б.Гомбосүрэн

“НЭГ БРИГАДЫНХАН” 1977 он, тос зотон, 120х160 см

Монгол Улсын Ардын Зураач, УГЗ Б.Гомбосүрэн

“ХОТЫН ТӨВ” 1951 он, тос зотон, 65.5х120 см

Хөдөлмөрийн Баатар, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Б.Чогсом

“БАЯРЫН ЧИМЭГЛЭЛ” 1957 он, тос зотон, 100х130 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн хошой шагналт, УГЗ О.Цэвэгжав

“Усжуулалт” 1965 он, тос зотон, 80х120 см

Зураач Б.Доржханд

“БАРИЛГАЧИН” 1963 он, тос зотон, 120х200 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ч.Ичинноров

“НАЙРАМДЛЫН ХОТХОН” 1970 он, тос зотон, 110х128 см