Categories
мэдээ цаг-үе

Ч.Лхагвадорж: Намайг дөнгөж ухаан ороход нэг хүн цаас барьчихсан “гомдолгүй” гээд нэрээ биччих гэсэн

Г.ЖАМЪЯН (МУГЗ)

Ч.Лхагвадорж “Нарантуул”-ын лангуун дээр

Тээр жил Улаанбаатар хотод нэгэн дуулиант хэрэг мандаж байсныг манай ахмад үеийнхэн санаж байгаа байх. Яармагт орос жолоочтой хүнд даацын машин бага насны хүүхэд дайрч асар хүнд гэмтээгээд, хүүхэд нь үхэж гэнэ, амьд гэнэ гэсээр нам дарагдаж билээ. Манайхан нууцалж байсан ч Хятад, Өмнөдмонголын радиогоор олон улсад цацаж байсан сан. Тэр дуулианы “эзэн” Чулуунбаатарын Лхагвадоржтой 50 жилийн дараа уулзаад ярилцаж сууна.

-Сайн байна уу? Сурвалжлах гэж Гэмтлийн больницыг хэдэн сар сахиад уулзаж чадаагүй хүнтэйгээ 50 жилийн дараа уулзах сонин байна. Хоёул ярилцлагаа тухайн үеийн Яармагаас, гэр орны амьдралаас эхлэх үү?

-Монгол хүний амны билэгээр сайн гэх үү дээ. Зуугийн ихэнх насыг ядарч л туулж байна даа. Миний аав Чулуунбаатар Нисэхийн цэргийн ангид алба хааж байсан юм. Тэгээд манайх аавын ажилд ойртон Нисэхийн малчдын хороололд ирж суурьшсан л даа. Би долдугаар сургуулийн дөрөвдүгээр анги төгссөн жил энэ явдал болж билээ. Доороо таван дүүтэй, хамгийн том нь би 12 настай байж.

-Тэр өдөр болсон явдлаа санаж байна уу?

-Саналгүй яахав. 1967 оны наймдугаар сарын 3-ны өдөр шүү дээ. Би гэрээсээ гараад Яармаг-Сонгинын замаар Нисэх рүү явж байсан юм. Өөдөөс асар хурдтай том тэрэг давхиж ирсэн. 100 милийн хурдтай явсан юм гэнэ лээ. Яах ийхийн завгүй ирээд л дайрчихсан. Миний бүх бие цус болчихсон, машины урд копутан дээр хөндлөн шидэгдсэн байсан гэсэн. Тэгээд л ухаан алдчихсан, юу болсныг бүү мэд. Олон хоногийн дараа, нэг л мэдэхэд эмнэлгийн орон дээр ухаан орсон. Толгойны дэргэд аав минь цагаан халаат нөмөрчихсөн сууж байсан. Ухаан орж, гараад л байсан юм билээ.

-Хаана ирчихээд байгаа нь энэ вэ?

-Хуучин гэмтлийн эмнэлэгт. Одоогийн клиникийн төв эмнэлгийн дэргэд байлаа шүү дээ. Дайрсан жолооч нь орос жолооч байсан болохоор орос, монголчууд маш хурдан хөдөлж Гэмтлийн эмнэлгийг бараадуулсан байгаа юм. Тэгэхдээ эргэн тойрон харуул хамгаалалттай маш нууцалж байсан юм билээ. Аавыг л цэргийн хүн болохоор нууцын хатуу чанд даалгавар өгөөд сахиулж байсан гэдэг. Даш, Дэмчиг хоёр эмч л гардаж эмчилнэ. Үүдэнд яамныхан байнгын жижүүртэй байсан гэдэг.

-Хэр зэрэг гэмтсэн бэ? Чамайг чинь үхэж гэнэ, амьд гэнэ гээд л хэлцээд байдаг байсан. Сурвалжлагч биднийг бол ойртуулдаггүй байлаа шүү дээ?

-Аав л сүүлд ярьдаг байсан. Хоёр улсын найрамдалд хамаатай гээд асар их нууцалж байсан юм билээ. Миний баруун хөл, гар хэдэн газраар хугарсан, мах нь тасраад унжчихсан, тархи толгой хагарсан, дотуур цус хурсан гээд, ер нь бүтэн газар байсан юмуу? Сайн эмч, сувилагчдын ачаар найман сар эмчлүүлж гарсан. Гараад гэрээрээ ч их эмчлүүлсэн. Нэг хөлөө тайруулж, хиймэл хөл хийлгэсэн. Энэ тархи толгойны оёог хар даа, бүтэн газар үлдээгүй юм шүү. (Лхагвадорж маань толгойныхоо гүнзгий сорвиудыг үзүүллээ)

-Чамайг, танайхныг их дагаж мөрддөг байсан гэл үү?

-Сүүлд бодох нь ээ сүрхий хяналтанд байсан байх. Аав л учрыг нь олно уу гэхээс, бид бол юу ч мэдэхгүй шүү дээ. Аав өөрөө гомдолтой гэдэг. Намайг бас гомдолтой гээрэй гэж битүүхэн захидаг байсан л даа. Аавд тэд, мөнгө төгрөг өгье, машин өгье, “гомдолгүй” гээд гарын үсэг зурчих гэж гуйдаг байсан юм билээ. Аав бол өөрийнхөө бодол дээр хатуу зогссон. Ер нь, аав минь энх тунх өсч байгаа хүүхдээ тийм болгуулчихаад, би хайран сайхан насандаа тахир дутуу болчихоод яаж “гомдолгүй” гэх юм билээ дээ. Ингээд “гомдолтой” гээд байхаар нууц албадууд бидний эсрэг хандсан шиг байгаа юм.

-Ийм сэжиг таавар та нарт байдаг уу?

-Нэг өдөр, энгийн хувцастай эрэгтэй хүн шприц бариад орж ирсэн. Намайг тарих л гэсэн юм билээ. Тэгсэн чинь Даш эмч хойноос нь орж ирээд хөтлөөд гарсан. Юу болсныг мэдэхгүй. Түүнээс хойш намайг өрөө дамжуулан нуугдмал байдалд байлгасан. Заримдаа эмч маань “Хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хөдлөхгүй хэвт” гэдэг байсан. Сүүлд бодохноо тусгай албаны хүмүүс намайг эрж хайдаг байсан юм болов уу даа. Намайг найман сар эмнэлэгт хэвтээд гарахад хэн нэг нь аавд “Нүүж, өөр газар шилж” гэсэн юм билээ. Тэгээд манайх “Таван зуун айл” гэж байсны дэргэд Тээхийн хашаанд гэрээрээ суурьшсан. Намайг их нууцалж байсан л даа. Нэг удаа манай ангийнхан эрж сурсаар яваад хүрээд ирсэн. Намайг ямар хачин болчихсон юм гээд танихгүй байсан гэдэг.

-Олон жил эмчлүүлсэн үү? Яаж амьд гараав дээ?

-Олон сар, жилээр эмчлүүлсэн. Баруун хөлөө тайруулж, хиймэл хөл хийлгэсэн. Толгойны хагархай, бүх зүйл эдгэрсэн л дээ. Би уул нь бие сайтай, их чийрэг хүүхэд байсан юм. Бага сургуулийнхаа аварга бөх болж байсан байхгүй юу. Угийн тийм, дархлаа сайтай бие маань эдгэрэхэд нөлөөлсөн байх.

-Сургууль номоо тэгээд хаясан уу?

-Хаясаан хаясан. Амьдрахын эрхээр ямар нэг сургууль курс хийж, мэргэжил эзэмшихсэн гэж бодох болсон. Тэгээд , Улсын нийгмийн халамжийн газрын шугамаар хоёр жил нягтлан бодогчийн курст суралцаж төгссөн. Тэгсэн чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулдаг газар олдохгүй, арга ядаад тухайн үеийн Найрамдлын районд нэг жил жижүүр хийлээ. Дараа нь “Тэмүүжин Менч” оёдлын үйлдвэрт арван жил ажиллаад энэ зах зээлийн нийгэмтэй золгож байгаа юм даа.

-1990-ээд оноос хойш юу хийв?

-Би чинь зах зээлийн нийгэмд шилжихэд гуч гаруйхан настай ид залуу байлаа. Аав ээж өнгөрчихөөд, амьдрал толгой дээр бууна биз дээ. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хүнээс дутуугүй амьдрах юм сан гэж бодлоо доо. Дэнжийн мянгын барааны зах дээр юухан хээхэн зараад суулаа. Өдөрт талхныхаа мөнгийг олно. Тэгж байтал найз нөхөд “Хамтдаа бараанд явъя” гэлээ. Хиймэл хөлтэй ч гэсэн таягаа тулаад, бараа чирээд явлаа шүү. Нөхөд минь их тус болсоон. Миний барааг үүрч дүүрээд, вагон, машинд оруулж, буулгаж өгнө. Түмэнд гэмгүй явах чинь болдог л юм билээ. Нөхөд, хамт олныхоо ач буянаар хорин хэдэн жил ачаа зөөж, хөлтэй юм шиг, гартай юм шиг зүтгэсээр “захын хүн” болсон доо.

-Наймаанд явахад хөлтэй гартай нь байтугай, идэр залуучууд хүртэл хэцүү л гэх юм билээ. Бэрхшээл саад зөндөө л тохиолдоо биз дээ?

-Хэцүү даваа! Амьдрахын тулд давахгүй гээд яах билээ. Хулгай зэлгий, дээрэм тонуул, алийг тэр гэхэв. Сайн нөхдийн ач буяныг би түрүүнд хэлсэн. Сүүлдээ хятад, өмнөдмонголд танил тал хүмүүстэй болчихоод гайгүй шүү. Өнөөг хүртэл гучаад жил бараа зөөж, зах дээр борлууллаа. Гавихгүй ч гэсэн, ганц шөнө хоосон хонож үзээгүй ээ.

-Аль зах дээр сууж байна?

-Хойд бараан зах нүүхэд хамт л Нарантуулд шилжсэн. Нарантуулын гутлын тасаг дээр суудаг юм шүү дээ. Нэг удаа өөртэй чинь таарсан боловч мэдэлгүй өнгөрөөчихсөн. Холоо явчихсан хойно чинь, дэргэдэх лангууны нөхөр маань “Өнөөх сэтгүүлч Жамьян чинь шүү дээ” гэж билээ. Нэг уулзаж ярих юмсан гэж бодоод л байлаа. Надтай л адилхан Оросын машинаас болж хохирсон хүн билээ гэж бодож явдаг юм. Ашгүй, утсыг чинь хүн өглөө.

-Нарантуул зах дээр суугаад амьдрал ямар байна. Зарим нь хэцүү л гэх юм билээ?

-Аль хэцүүг хэлж барахав дээ. Гучаад жил суусан болохоор, тэр лангуу нэг гэр шиг минь болчих юм даа. Гадаа юм болохоороо өвөлд хүйтэн, зунд халуун. Гадаа цементэн шалан дээр дөчин градусын хүйтэнд өдөржин сууна гэдэг ч амар ажил биш л дээ. Олон жил доороосоо даараад бөөр, давсагны өвчтэй болсон. Өнөө муу эрүүл хөл, гар маань хавагнана. Ядаад л эмнэлэг бараадна даа. Олсон хэдэн төгрөгнийхөө тал хувийг эм тарианд өгөөд таардаг. Сүүлийн жилүүдэд өвлийн дүн хүйтнээр зах дээр суухаа больсон. Гэрт дулаан байх юм уу, амралт сувилалд хэд хонохоор хаван бууж, хөл гар өвдөхөө болиод сайхан болно оо. Тэгснээ ажил дээр очоод хэд хонохоор л хавагнаж эхэлнэ дээ.

-Дүн хүйтэн эхэлчихлээ. Одоо ажилдаа очоогүй юу?

-Хэд хоног сувилалд яваад ирлээ. Гуравдугаар сар гараад лангуун дээрээ очно. Үлдэгдэл бараа жаахан байгаа. Нөхөдтэйгөө урагшаа явна. Хавар зуны гутал тавьж байдаг юм. Тэгээд л нөхөдтэйгөө лангуун дээрээ сууна даа. Ахад нэг зүйлийг сануулахад ямар л бол ямар гутал захиж болно шүү. Өмнө найз нөхөд олон байна. Үйлдвэрийнх нь үнээр, хэмжээ, хэв маягаар нь бэлдээд тавьчихсан байдаг юм.

-Би нэг зүйл сонирхмоор байна. Өөрөө орос жолоочоос болоод л насан туршдаа хохирсон хүн. Одоо, цаг өөрчлөгдсөн. Оросын элчинд хандаж болоогүй юмуу. Болсон явдал, ядарч зүдэрч яваагаа бичээд Оросын элчинд хандвал тусалж магадгүй л юм даа?

-Би бас боддог л юм. Нэг зовлон бий. Тэр үед би 12-хон настай хүүхэд байж. Бүх зүйлийг аав ээж л хөөцөлддөг байсан. Хаана хандаж, яахаа мэдэхгүй байгаа юм. Цагдаа, хуулийн байгууллага тэр үед ямар шийд гаргаж байсныг мэдэхгүй. Гар дээр ямар ч бичиг баримт үлдээгүй. Хохирол барагдуулж байгаа нь энэ гэж манайд л юм өгснийг мэдэхгүй юм. Ингээд л арга барагдаад байдаг юм даа.

-Гэр бүлийн амьдралыг тань сонирхмоор байна?

-Дүү нар тус тусдаа амьдралаа хөөгөөд явчихсан. Намайг ядарч зүдэрч явахад халамж хайраа зориулах хүн бас байх юмаа. Ч.Энхцэцэг гэж хүнтэй хамтарч амьдран, жаргал зовлонгоо хувааж явна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр тэгш дугаартай автомашин хязгаарлалтын бүсэд зорчихгүй

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн А/71 дугаарт захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.

Тухайлбал:

  • Амралтын өдрүүдээр буюу 2018 оны 2 дугаар сарын 3, 2 дугаар сарын 10-ны “Бямба” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн, 2 дугаар сарын 04, 2 дугаар сарын 11-ний “Ням” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.

Жич: Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

  • Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 2 дугаар сарын 03, 04, 10, 11-ний амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
  • Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэн та заавал томоохон худалдааны зах, төврүү зорчилгүйгээр цаг зав, бензин шатахуунаа хэмнэх боломжтой юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хязгаарлагдсан дугаартай автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчихгүй байх, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Авто машины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх
төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг 1 дүгээр
сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион
байгуулж байна.

Үүнтэй уялдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс
үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг
сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор
тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим
хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан
татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх
боломжтой. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн
картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж.

Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа
хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус
хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын
төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү
хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдэгийг бүрэн
орлож чадах юм.

“Бид бүхэн урд нь төрийн үйлчилгээг авахын тулд маш их хүлээдэг,
дугаарладаг, татварын газарт нэхэмжлэх бичүүлээд, банкинд мөнгөө
тушаасны дараа тамгаа даруулдаг байсан. Одооноос эхлээд та татвар
төлбөрөө хоёрхон минутанд багтаан шийдвэрлэдэг боллоо. Цахимаар татвар
төлбөрөө төлсөн иргэд тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээрээ
ямар нэгэн тамга тэмдэг даруулах шаардлагагүй” нийслэлийн Мэдээллийн
технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ.

Categories
мэдээ спорт

Сар шинийн баярыг угтсан барилдааны хуваарь гарчээ

Холбоотой Зураг

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос сар шинийн баярт зориулсан цуврал барилдааныг уламжлал ёсоор Монголын бөхийн өргөөнд зохион байгуулна.

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны хуваарийг танилцуулахад, сар шинийн барилдаан “Бөхийн өргөө”-нд хоёрдугаар сарын 11-нд болох аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм. Мөн сумын цолтой болон залуу бөхчүүд хоёрдугаар 12-нд барилдах бол аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан 13-нд тус тус болно.

Харин хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан болохоор товложээ. Улмаар хоёрдугаар сарын 15-ны 12 цагаас Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд бүртгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 2,7-оор төгссөн бол энэ сард албан татвараа төлнө

замын хөдөлгөөн зурган илэрцүүд

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 2 болон 7 тоогоор төгссөн бол Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрийг энэ сард багтаан төлнө.

НИТХ-ын 2015 онд баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг болсон. Тухайлбал, 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8-аар төгссөн бол гуравдугаар сард албан татвараа төлөх ёстой. Харин 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сар, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард төлөх юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн www.smartcart.mn цахим үйлчилгээгээр төлөх боломжтой. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв цахимаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай аж.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүд:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
гадаад мэдээ

Пёнчаны өвлийн олимп бэлгэвчний тоогоор дээд амжилт тогтоож байна

Пёнчаны өвлийн олимп бэлгэвч зурган илэрцүүдДолоо хоногийн дараа Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхлэх өвлийн олимпын наадам нь зарцуулах бэлгэвчний тоогоор түүхэн дээд амжилт тогтоож байгааг зохион байгуулагчид нь өчигдөр мэдээлжээ.

Нийтдээ 110,000 бэлгэвчийг олимпын байгууламжуудад тараах болсон нь 2010 оны Ванкувер, 2014 оны Сочигийн наадмуудын үеэр тараасан бэлгэвчний тооноос 10,000-аар илүү гарсан байна.

Энэ удаагийн наадамд 2,925 тамирчин оролцоно гэж үзвэл нэг хүнд дунджаар 37.6 бэлгэвч ноогдож байгаа юм. Гэхдээ тамирчдаас бусад хүмүүст ч үнэгүй бэлгэвч тараагдах гэнэ.

Бэлгэвч бүхий сагснуудыг олимпын хотхоны бүх эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөнүүдэд байрлуулахаар болсон байна. Бэлгэвчний үйлдвэрлэгч Convenience Co компани зохион байгуулагчдад 100,000 бэлгэвч хандивлажээ.

Тэд үүний зориулалтыг “олимпын наадмын үеэр ДОХ тархахаас сэргийлэх” гэж тайлбарлаж байгаа ч тамирчид бэлгэвчийг голдуу наадмын дурсгал болгож аваад эх орондоо буцдаг гэнэ

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай эр таалал төгсжээ

Франсиско Нуньес Оливера зурган илэрцүүдФрансиско Нуньес Оливера гэдэг дэлхийн хамгийн өндөр настай испани эр 113 насандаа таалал төгсжээ. Тэрбээр Испанийн Бадахос мужийн Бьенвенида суурин дахь гэртээ таалал төгссөн байна.

Н. Оливера нь 1904 оны 12 дугаар сарын 13-нд төржээ. Тэрбээр 1925 онд армид алба хаахаар явж байсан бөгөөд Испани-Франц-Марокко-гийн дайн болон иргэний дайнд оролцож явсан нэгэн аж. Дайны дараа тэрбээр эх нутагтаа амьдарч, хөдөө аж ахуй эрхэлсэн байна. Н.Оливера 1988 онд бэлэвсэрчээ. Тэрбээр дөрвөн хүүхэд, 10 ач болон 15 жич байжээ.

Израилийн Хайфа хотын оршин суугч Исраэль Криштал 114 насандаа таалал төгссөнөөс хойш Н.Оливер дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн болсон юм. Харин дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хүнээр 1900 оны 8 дугаар сарын 4-нд төрсөн Наби Тажима гэдэг япон эмэгтэй тодроод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Н.Цэрэнбат: Монголчуудын байгалиа хамгаалах уламжлал, ухамсрыг сэрээх хэрэгтэй

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашны
хийдүүдийн тэргүүнийг хүлээн авч уулзаж, байгаль орчноо хамгаалахад ард
иргэдийг уриалахад хамтарч ажиллахыг хүслээ. Уулзалтад Гандантэгчэнлин
хийдийн Да лам Х.Бямбажав, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам
Ч.Дамбажав, Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн,
Дэчинравжаалин хийдийн хамба лам М.Хүрэлцэнд, Жавзандамба хутагт төвийн
багш, гавж Д.Нямсамбуу, Гандантэгчэнлин хийдийн Байгаль орчин хариуцсан
ажилтан, Мамба дацан хийдийн ловон лам Д.Амарболд, Гандантэгчэнлин
хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд
нар хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтын эхэнд Н.Цэрэнбат сайд “Та бүхэнтэй өнөөдөр 3 шалтгааны
учраас уулзаж байна. Ард иргэдээ байгаль эх дэлхийгээ хамгаалах, зан үйл
үйлдэж байгаа нэрээр бохирдуулахгүй байх уриалгыг та бүхэн маань олон
нийтэд хэлж, ойлгуулах хэрэгтэй байна. Би саяхан хөдөө явахдаа байгаль
хамгаалагч нартайгаа овоо цэвэрлэлээ. Алслагдмал бараг хүн очддоггүй
гэсэн овоон дээрх бүтэн мөнгийг цуглуулахад 19 000 төгрөг, урагдсан нь
32 000 төгрөг болж байна билээ. Байгаль хамгаалагчид маань иргэдийн
сүсэг бишрэлдээ зориулсан хадагнаас эхлээд ууц, сүүний хайрцаг зэргийг
баяр болгоны дараа цэвэрлэж байгаа тухай хэлсэн. Тиймээс бид иргэдийг
зан үйл үйлдэхдээ ядахдаа хог бүү тариач гэж уриалах хэрэгтэй байна.
Нөгөөтэйгүүр, бурхан шашны өв соёлыг тээсэн түүхэн дурсгалт газруудын
хамгаалалт муу байгаатай холбогдуулан нэгдсэн тоог гаргаж, шашны аялал
жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллаач гэж хүсэж байна. Монголын бурхан
шашны хийдүүдийн тэргүүнүүдийг хамруулж 4 дүгээр сард уулзан,
монголчуудын байгаль эх дэлхийгээ хамгаалдаг байсан уламжлал, ухамсрыг
сэргээх, шашин дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж
байгаа. Та бүхнийг надтай хамтарч ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна”
хэмээсэн юм.

Хүрэлцэн ирсэн шашны төлөөллүүд Н.Цэрэнбат сайдтай хамтарч ажиллахад
бэлэн гэдгээ дуулгаад өмнө нь төр засаг шашныхантай иймэрхүү байдлаар
хамтарч ажиллах санал тавьж байгаагүй. Иргэдийн сэтгэхүйд уламжлал, ёс
заншлаар дамжуулан байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлийг сэргээхэд төр
засагтайгаа хамтарч ажиллахдаа таатай байх болно хэмээж байлаа.
Гандантэгчинлэн хийдийн Да лам Х.Бямбажав “Таны шашны аялал жуулчлалыг
хөгжүүлэх бодлогыг үнэхээр дэмжиж байна. Монголын Эрдэнэ зуу хийд бол
дэлхийд үнэлэгдэх эргэл, мөргөлийн төв. Харамсалтай нь өнөөдөр энэ утгаа
алдаад байна. Тиймээс бид Эрдэнэ зуу хийдийг эргэл, мөргөлийн төв
болгож, “Монголын Эрдэнэ зуу”-д очоод мөргөх юмсан гэдэг сэтгэгдлийг
монгол туургатнууд төдийгүй буддын шашин шүтдэг орнуудад төрүүлэх
хэрэгтэй. Ингэж чадвал гадагшаа чиглэсэн шашны аялал жуулчлалыг
дотооддоо авч үлдэхээс гадна гаднаас урсгал нэмэх боломжтой гэж бодож
байна. Эх дэлхийгээ хамгаалах асуудлаар бид ажил хийж байгаа ч хүчрэхгүй
байгаа. Тиймээс төр засгийн зүгээс дэмжлэг аваад хамтарч ажиллавал үр
дүнд хүрнэ гэж бодож байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Ли Жүнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Ли Жүнь
тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр орны худалдаа, эдийн засаг,
соёл, спорт, шинжлэх ухаан, бизнесийн харилцааг өргөжүүлэх, шинэ
түншлэлийг бий болгож, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд “Монгол-Хятадын
Экспо” арга хэмжээ өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглээд, өнгөрсөн
онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан хоёр дах удаагийн
экспо арга хэмжээнд зохион байгуулагч талын зүгээс өндөр ач холбогдол
өгч амжилттай хамтран зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

Мөн цаашид хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлж,
харилцан ашигтай хамтран ажиллахад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн салбарын үүрэг чухал болохыг онцлоод салбарын өнөөгийн байдал
болон авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл
өгөв. Цаашид ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгааг цохон тэмдэглэв.

БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын зүгээс ӨМӨЗО-д
зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн, арга хэмжээнд танилцуулж,
худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх,
Замын-Үүд Эрээний чөлөөт бүсийг түшиглэн хорио цээрийн бүс, махны
үйлдвэр байгуулах талаар санал тавив.

Уулзалтын үеэр “Монгол-Хятадын Экспо” хоёр дах удаагийн
арга хэмжээний үр дүн болон гарын үсэг зурагдсан санамж бичиг,төслүүдийн
хэрэгжилтийн явцыг эргэн харж, эрчимжүүлэх талаар санал солилцов. Мөн
тус арга хэмжээг олон улсад брэнд болгон сурталчлах, цар хүрээ, үр
өгөөжийг дээшлүүлэх, зохион байгуулалтын уялдаа холбоог сайжруулах,
мэдээллийн сан бүрдүүлэх зэрэгт санал нэгдэж, 2019 онд зохион
байгуулагдах “Монгол-Хятадын Экспо” гурав дах удаагийн арга хэмжээний
бэлтгэл ажлыг хангахад хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтов.

Төгсгөлд нь 2017 оны 9 сард ӨМӨЗО-ны Хөх хотод зохион
байгуулсан экспогийн үеэр БНХАУ-ын хилийн хорио цээрийн шаардлагын
улмаас махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд учирсан
хохирлыг барагдуулахад Хятадын талаас 78 мян ам.долларын дэмжлэг үзүүлэх
асуудлыг шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайжруулсан түлшний үйлдвэрүүдтэй танилцлаа

Н.Цэрэнбат сайд Агаар, орчны бохирдлыг
бууруулах үндэсний хорооны дэд даргын хувиар Говьсүмбэр аймагт ажиллаж,
шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Агаарын
бохирдлыг бууруулах хүрээнд 2019 оноос эхлэн түүхий нүүрс Улаанбаатар
хотруу оруулахыг хориглох шийдвэр гарсан учир гэр хорооллын айлуудыг
эхний ээлжинд сайжруулсан түлшээр хангах ажлын бэлтгэлийг хангах үүргийг
Ерөнхий сайд өгсөн. Нийслэлийн гэр хороололд 205 орчим мянган өрх
байдаг бөгөөд эдгээр өрх айл өвөлдөө 600 мянган тонн нүүрс түлдэг гэсэн
тооцоо бий. Тэдний хэрэгцээг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажлыг
хангах зорилгоор БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга, Эрчим хүчний сайд
нарын хамтарсан ажлын хэсэг байгуулж, шахмал түлш үйлдвэрлэгчидтэй
уулзалт, хэлэлцээр хийсний үр дүнд үйлдвэрлэгчид нэгдэж, хамтарсан
консерциум байгуулах замаар гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр
хангах тохиролцоонд хүрээд байгаа юм.

Ингээд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн үйлдвэртэй танилцах саналыг тавьсны
үндсэн дээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид Говьсүмбэр,
Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй 4 үйлдвэрийн үйл ажиллагаатай
танилцсан юм. Сард 100 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин
чадал бүхий “Дуулганат өлзий” компани нь өөрийн нүүрсний уурхайд
түшиглэн нүүрс угаах үйлдвэр байгуулсан байна. Эднийх боловсруулсан
нүүрснийхээ 60 хувийг экспортолж, 40 хувийг нь Эрдэнэт, Дарханы хар
төмөрлөгийн үйлдвэр зэрэгт нийлүүлдэг аж. Нийслэлийн иргэдийг
сайжруулсан түлшээр хангахын тулд бүрэн хүчин чадлаараа 24 цаг ажиллахад
сардаа 150 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх боломжтой талаар тус
компанийн захирал хэлж байсан юм. Дээрх компанитай мөн адил хүчин чадал
бүхий “Дэрст тохой” компанийн үйл ажиллагаа 2014 оноос хойш зогссон ч
бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 мянган тонн сайжруулсан түлшийг
нийлүүлэх боломжтой юм байна. Дээрх компаниудаас гадна бага оврын сард
15 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх хүчин чадал бүхий “Баялаг
эрдэнэ цом”, 50 мянган тонныг нийлүүлэх хүчин чадалтай “УСУ каол” зэрэг
үйлдвэрүүдээр ч мөн орсон.

Энэ үеэр Н.Цэрэнбат сайд “Та бүхэн нэгдээд консерциум байгуулах
замаар хэн хэдэн тонн сайжруулсан нүүрс нийлүүлэх вэ гэдгээ тохирохын
дээр хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.
Түүхий нүүрсний хэрэглээг эхний ээлжинд Улаанбаатар хална. Цаашид аймаг,
орон нутагт халах учир та бүхэнд зах зээл байна гэж үзэх хэрэгтэй. Та
бүхэнд тавьж буй шаардлага маш энгийн нэгдүгээрт нийлүүлж буй
бүтээгдэхүүн чинь чанарын шаардлага хангасан байх шаардлагатай. Тиймээс
бид та бүхний бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулахаар
холбогдох албаныхныг өнөөдрийн уулзалтад авчирсан. Хоёрдугаарт
хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай байх ёстой. Ингэж чадвал төрөөс та
бүхэнтэй хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээсэн юм. Үйлдвэр
эрхлэгчдийн хувьд өмнө нь төрөөс ямар нэгэн байдлаар ингэж өөрсдийг нь
нэгтгэж, уулзалт хйиж, үйлдвэрүүдтэй нь танилцаж байсан удаагүй гэдгийг
хэлээд консерциумаа мэргэжлийн түвшинд байгуулж, утааг бууруулахад
өөрсдийн чадах чинээгээр хамтарч ажиллаж, хариуцлагаа хүлээхэд бэлэн
гэдгээ энэ үеэр дуулгасан юм.