Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ

Image result for үүлтэй тэнгэр

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Дархадын болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Нохой жилийн хаврын уур 5 цаг 42 минутад орно

zodiac зурган илэрцүүдАргын тооллын 2 сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 19, Тугчин одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Шороон нохой жилийн хаврын уур 5 цаг 42 минутад орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Categories
мэдээ нийгэм

Буухиа автобус Нарантуул захаас иргэдэд үйлчилнэ

Зураг

Сар шинийн баярыг угтан хэрэгжүүлэх ажлын тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газраас арга хэмжээ авч бямба, ням гарагуудад буухиа автобус иргэдэд үйлчилж байна.

Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны бямба гарагууд, 2 дугаар сарын 04, 11-ний ням гарагуудад тодорхой суурьшил бүхий цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00,12:30,15:00 цагт тус тус үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Сэтгэлийн 1000 донор” аянд спорт, урлагийнхан нэгдлээ

ЗурагӨнөөдөр “Сэтгэлийн 1000 донор” аянд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон болон гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, СТА, жүжигчин Д.Баттөмөр нарын урлаг, спортын алдартнууд оролцлоо.

Тус аянг Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан, “Аваргууд” Монголын чөлөөт бөхийн академи, “HANU” ХХК, “Өлзий намнан” ХХК дэмжин ажиллаж байна. “Сэтгэлийн мянган үйлс” нийгэмд үйлчлэх ТББ-аас Үндэсний статистикийн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Сэтгэлийн 1000 донор-3” аяныг эхлүүлэв.

Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүн амын дунд донорын талаарх сургалт сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион явуулж, төрийн болон ТББ-ууд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, аюулгүй цусны нөөцийг нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах зорилготой энэ аян нь 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд бүтэн сарын турш үргэлжилнэ.

Энэ өдөр “Бахархал 10” тэмдгээр донор Ш.Цэдэндамба, Г.Эрдэнэбат (МУГЖ), “Бахархал 20” тэмдгээр донор Н.Мөнхбат, “Бахархал 30” тэмдгээр донор Ш.Пүрэвдорж, “Бахархал 40” тэмдгээр донор О.Оюунчимэг нарыг тус тус шагнаж, “Хүрэл донор”-оор донор Г.Гантөмөр, Р.Батхүү нарыг өргөмжлөв. Мөн Үндэсний статистикийн хорооны ажилтан Д.Ганзориг, Д.Баярмаа, Д.Анхзаяа нарыг МУЗН-ийн Тэргүүний залуу алтан медалиар шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын удирдлагууд Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагаатай танилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан хотын удирдлагын баг өнөөдөр “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу анх 1963 онд тус комбинат байгуулагдаж байжээ. Нийслэлийн барилга байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулсан түүхтэй энэхүү комбинатыг 1994 онд “Эрэл” ХХК дуудлага худалдаагаар авч байсан аж. Эрэл ХХК нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор шинэчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан байна.

“Бид ОХУ-ын технологийг өөрчлөөд ХБНГУ-ын дэлхийн стандартад нийцсэн шинэ технологиор үйлдвэрээ иж бүрэн шинэчлэж, дуусаад, ашиглалтад оруулаад байна. Үйлдвэр дотроо таван шугамтай 1-р шугаман дээр дотор хана, баганан хана, шатаа үйлдвэрлэнэ. Хоногтоо 150 ширхэг дотор хана үйлдвэрлэх хүчин чадалтай. 2-р шугаман дээр барилгын бүх хийц, эдлэлийн арматурыг үйлдвэрлэнэ. Зургийг нь автоматаар уншаад, хэвлэдэг. 3, 4-р шугам дээр эрчим хүчний хэмнэлт бүхий дулаалгатай гадна ханаа үйлдвэрлэж байна. Харин 5-р шугаман дээр 120 метрийн урттай хучилтын хавтанг үйлвэрлээд, хүссэн хэмжээгээрээ хөрөөдөөд явдаг. Бидний бүтээгдэхүүний гол түүхий эд бол уулын дайрга, элс. Манай агуулах 160 метрийн урттай, 5 метрийн гүн. Нэг удаа дүүргэхэд үйлдвэрийг гурван сарын турш 24 цагаар тасралтгүй хангах боломжтой. Үйлдвэрийн техник, технологи нь дэлхийд хамгийн сүүлийн үеийнх. Бүтээгдэхүүн нь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Мөн барилга, байгууламжийг барихад маш хурдан болж, бага хугацаа зарцуулна. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой” хэмээн комбинатын үйл ажиллагаа, шинэ техник, тоног төхөөрөмжийн талаар Эрэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат хотын удирдлагын багийнханд танилцууллаа.

Тус комбинатын үйлдвэрлэсэн төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай, гал болон газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, өндөр даацтай, гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана, тааз, барилгын фасадыг ханын хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ давуу талтай аж. Эдгээр барилгын хийц, эдлэлийг ашигласнаар барилга барих хугацааг жилээр бус сараар, өдрөөр хэмжих боломж бүрдэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдэх хамгийн зөв шийдэл бол иргэдийг орон сууцжуулах, хийн хэрэглээг нэвтрүүлэх. Энэ шийдлийн гол нь иргэдийн орлогод нийцсэн хурдан хугацаанд барьдаг, хямд өртөгтэй орон сууцны хангамжийг сайжруулах. Үүнийг шийдэхийн төлөө хувийн хэвшлийнхэн зоригтой хөдөлж, байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэн ашиглалтад оруулсан байна. Үүнийг хот дэмжин ажиллана. Үйлдвэрийн онцлог нь ямар ч хэмжээтэй байшинг жилийн дөрвөн улиралд барих бололцоотой. Эрэл компанийнхан орон сууцныхаа нэг м.кв-ийг 1.2 саяас доош байлгана гэж амалж байна. Өнөөдрийн нөхцөлд энэ бол боломжийн үнэ. Компанийн зүгээс нэгдүгээрт ипотекийн зээлийг Засгийн газрын хэмжээнд ярилцаж өгөхийг хүсч байна. Хоёрдугаарт газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Барилгын компаниуд газар чөлөөлөлтөд барилга барихаасаа илүү зардал гаргадаг. Газрыг чөлөөтэй шийдэж өгвөл 500-1000 айлын орон сууцыг цогцолбор, хотхон хэлбэрээр бариад өгье гэж байна. Түүнчлэн дэд бүтцийн асуудлыг улсын төсвөөс шийдэж өгөхийг хүслээ. Энэ бүхнийг шийдэж чадвал үлгэр жишээ болохуйц хороолол босгож чадна” хэмээлээ.

Комбинатын үйл ажиллагаатай танилцсаны дараа нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны бодлого, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Эрэл ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбат нар санамж бичиг байгуулав.

Барилгын салбарт дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4189 компанийн 100 мянга гаруй ажилчид жилийн дөрвөн улирлын турш байнгын ажлын байртай байх боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш ЭЕШ-ийн онлайн бүртгэл эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш 09:00 цагаас орон даяар эхэлнэ. 2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орно.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэл эхлэх өдөр хэвлэлийн хурал хийн мэдээлэл өгөх аж. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчид дахин ЭЕШ-ын шалгалт өгөх бол энэ бүртгэл хамааралтай аж.

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2018 оны онлайн бүртгэл энэ сарын 5-нд 09:00 цагаас орон даяар эхлэх гэнэ. “2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орох юм байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэлт эхлэх өдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлнэ гэж Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэллээ.

САНАМЖ:

  • Энэхүү шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
  • Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх болно.
  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.
  • Шалгалтын бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16-ны 18:00 цагаас 00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.
Categories
мэдээ соёл-урлаг

Шинийн хоёронд Татарчуудын “Хайрыг хүндэл” тоглолт болно

tatar

Энэ сарын 17-ны өдөр буюу шинийн хоёрны 19:00 цагаас “Crocus Event Hall”-д “Татар” хамтлагийн “Хайрыг хүндэл” тоглолт болох юм. Тус хамтлаг энэхүү бие даасан тоглолтдоо үе үеийн хамгийн шилдэг дуунуудаа дуулах ажээ.

Тоглолтод дуучин Ука, Маралжингоо, A Cool болон “Люмино”, амьд хөгжмийн “Legos” хамтлагууд оролцож ая дуугаа өргөх юм байна. Энэхүү тоглолтын тасалбарын үнэ 45 мянган төгрөг бөгөөд Easyticket.mn сайтаар худалдан авах боломжтой ажээ. Ширээ захиалгыг 94741404 утсаар авч буй юм байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Контент” ХХК ажиллаж байгаа аж.

1999 онд Заяа, Жагаа, Мөөгий нар нийлж, гурван гишүүнтэйгээр 2001 оны наймдугаар сарын 7-нд албан ёсоор “Татар” хамтлагийг байгуулжээ. Хамтлагийн бүрэлдэхүүн хөрш айлынхаа нэгэн эвдэрсэн /trailor/ аяны чиргүүл дотор бэлтгэлээ хийж эхэлсэн байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, иргэдтэй хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар оролцов.

Төрийн тэргүүн аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцон, алслагдсан зарим сумдыг дахин төлөвлөх асуудлаар санал нэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт 65 мянга гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд арилжааны банкинд 70 мянга гаруй иргэн, ААН хадгаламжийн данстай гэж бүртгэгджээ. Харин зээлтэй иргэн, ААН-ийн тоо 24 мянга гаруй болж, 2017 оны эцсийн дүнгээр 172.2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гарсан байна.

Төрийн тэргүүн эдгээр болон бусад нийгэм, эдийн засгийн мэдээлэл, шинэ Даланзадгад зэрэг орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцсаны дараа аймгийн Хөгжимт бүжгийн театрт иргэдтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотын болон зарим аймгийн иргэдтэй хийсэн уулзалтыг та бүхэн үзэж, сонссон байх. Иргэдтэй нүүр тулаад ярихаар ямар асуудал ярьж байна, орон нутагт ямар хүндрэлүүд байна, иргэд юу хүсэж байна гэдгийг иргэд өөрсдөө амаар болон бичгээр бидэнд дамжуулж байна. Өнөөдөр ч гэсэн энэ хэлбэрээр та бүхнийг сонсож, уулзалт үргэлжилнэ. Та бүхэн уулзалтад идэвхтэй оролцоорой. Та бүхнийг сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлсэн учраас та бүхэн яриарай” гэв. Ингээд иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчид үгээ хэлж, санал хүсэлтээ дамжуулж, ярилцлаа.

Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн Бадамжунай

Монгол Улс парламентын засаглалтай болоод удаж байна. Парламентын засаглалын чанар нь муудсаар сүүлийн үед юу болж байгаа нь мэдэгдэхгүй байна. Монгол Улсын парламентын ёс зүйгүй үйл ажиллагаанаас болж Монгол төрөө, төрт ёсоо хүндэтгэж ирсэн байдлыг үгүй хийж байна шүү. УИХ гүйцэтгэх засаглалтай холилдож ямар үйл ажиллагаа явуулж байгаа болоод тэдэнд тавих хяналт нь суларч байна. Энэ бол буруу жишиг. Эхэндээ парламент ард түмэнтэйгээ бүдүүн олсоор уяатай байсан бол одоо нимгэн сатуркаар холбоотой болжээ. Тасрах юм бол нэг нь дээшээ, нөгөөх нь доошоо явах нь дээ. Тиймээс энэ асуудалд анхаармаар байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Буянтогтох

Төр засгийн үйл ажиллагаатай холбогдуулан бухимдлаа ярихаас өөр аргагүй байна. Ард түмэн үнэхээр бухимдаж байна. Энэ төрийн тогтолцоо юу болов? Өнөөдөр Монголд ямар төр байна вэ? Нэг компанийн үгэнд ордог, нэг санхүүгийн байгууллагын нөлөөнд байдаг төр байдаг юм байна. Иргэд тэмцэл хийгээд төр хараагүй, сонсоогүй байна. Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд аливаа зөрчилтэй сайд, гаргаж байгаа түүхий түргэн хуульд хориг тавьдаг. Гэтэл хүлээж авахгүй, сонсохгүй байна. Ийм байдлаар Монголын төр цаашдаа амьдарч чадах уу? Би Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ дампуурал ялзралыг арилгана гэж ойлгодог. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулга гэж явагдсан. 18 настай хүүхэд тэр хэлэлцүүлэгт юу хийж байсан юм бол оо? Санал асуулга гэж бас нэг нэр төдий юм явагдсан. Энэ нь УИХ-ын чиглэлийн дагуу явагдсан. Та энд саналаа хэлж байсан. Монгол Улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бүх хүнээсээ асууж, бичиг үсэгтэй нь гарын үсгээ, бичиг үсэггүй нь хурууны хээгээ дарж бүх нийтээрээ оролцож байсан юм шүү. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх үүргийг хасахаар Үндсэн хуульд “хуурай, нойтон” өөрчлөлт оруулах гээд байна шүү.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Д.Батчулуун

Өмнөговь аймгийн иргэд бид танд их талархаж явдаг. Учир нь та Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа манай аймгийг улсын нийслэлтэй авто замаар холбоход ихээхэн анхаарч ажилласан. Манай аймаг аялал, жуулчлалын томоохон бүс. Бид эх дэлхийгээ, газар шороогоо ухаж хөгжих ёсгүй. Ухлаа гээд бидэнд наалдсан зүйл алга. Байгаль экологи улам л сүйрч, нүүдлийн мал аж ахуйд бэрхшээл тулгарч байна. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлж, аймгийг аялал жуулчлалын бүс болгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэн, Сүхбаатарын одонт, Хөдөлмөрийн баатар

Шийдвэртэй, зохион байгуулалттайгаар цэргийн албыг гурван жил болгоно гэж та яриад байна билээ. Би үүнд баярлаж, таны саналыг дэмжиж байгаа. Гадаад, дотоодод их, дээд сургууль төгсөж ирсэн хүүхдүүд газар шороогоо ухахаас өөр зүйлгүй байна. Цэрэгт явбал ухамсартай болж, байр суурьтай, ажил хөдөлмөртэй болно гэж би боддог. Би энэ талаараа УИХ-ын гишүүдэд зарим нэг хурал дээр хэлдэг юм. Гэхдээ тэд юу болох вэ дээ. Гурван сая хүнээс сонгогдсон, дээд төрийн түшээ тул би танд санал болгож хэлж байгаа юм шүү. Би Хөдөлмөрийн баатруудын уулзалтад орж байхад малчин ажилтан хүнээ уландаа гишгэлээ гэж бид ярьж байсан. Малчин ажилчин хүн л Монгол Улсыг авч явна шүү.

Өмнөговь аймгийн 2-р багийн иргэн Оюунбилэг

УИХ-ын гишүүд хууль батлаад байна л гэдэг. 76 хүн суугаад хууль баталж байхыг би ер харсангүй. Сайн л бол 25-c дээш хүн суугаад л хууль баталж харагддаг. Хэрвээ ард түмнээсээ сонгогдсон юм бол бүгдээрээ сууж байгаад хуулиа батлаад, зөв бурууг нь ярилцдаг баймаар байна. Тэгэхгүй бол баталсан хууль нь нөлөөлж байгаа ч юмгүй байна шүү. Сая арай гэж тэтгэврийн насыг доошлууллаа. Манай аймагт ажилгүй залуус их олон байна. Тэднийг ажилтай болгомоор байна. Манай аймагт олон уурхай ажиллаж байгаа ч хотоос ирсэн залуус ажиллаад байгаа юм. Тиймээс залуусаа л ажилтай, орлоготой болгомоор байна.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин Отгончимэг

Би сум орон нутагтаа хоёр хүүгийнхээ хамт мал малладаг. Говийн хөдөө дэндүү эзгүйрч байна гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Хөдөө орон нутгийг хөгжүүлбэл, арьс ширээ элдээд, суран эдлэл хийгээд амьдрах боломж бий. Та Дорноговь аймагт явж байхдаа хониноосоо ирж байгаа айлд очиж байхыг бид харсан. Үүн шиг малчдын амьралыг ингэж л хармаар байна. Гол нь хөдөөд залуусаа үлдээх бодлого байхгүй байна. Тэднийг дэмжээд өгвөл хөдөө эзгүйрэхгүй шүү. Малчдын амьдрал ахуй сайн байх юм бол Монголын эдийн засаг дордохгүй, дээрдэнэ л гэж бодож байна. Тиймээс хөдөөг хөгжүүлэх тал дээр анхаарч өгнө үү” гэв.

Уулзалтын дараа Төрийн тэргүүн иргэдийн асуусан асуултад дэлгэрэнгүй хариулж ярилцлаа. Мөн иргэдээс бичгээр ирсэн санал хүсэлтэд албан ёсоор хариулахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагаанд тусгаж ажиллана гэв.

Төрийн тэргүүн маргааш Дундговь аймгийн иргэдтэй уулзаж ярилцана.

Categories
мэдээ цаг-үе

Хамгийн сахилгагүй ч сурлага, урлагаар тэргүүлдэг 10Б ангийхан

Нийслэлийн X хороололд оршдог 43 дугаар сургуулийн 10Б ангийг 1995 онд 21 сурагч төгсжээ. Тус сургууль нь 1986 онд ашиглалтанд орсон, Оросын тусламжаар баригджээ. Аравдугаар хорооллын оршин суугчдад зориулан энэ сургуулийг барьсан аж. Энэ сургуулийн 10Б ангийнхан сургуульдаа сахилгагүйгээрээ алдартай. Наймдугаар ангиа төгсөхөд ангийн багш нь өөр сургуульд шилжиж эдний ангийг дааж авах сонирхолтой багш тус сургуульд байсангүй. Явж явж биеийн тамирын багш Энхбаяр энэ ангийг даахаар болов. Анги даасан биеийн тамирын багш нь сургуульдаа хамгийн залуу багш. Түүний анхны анги. Харин 10Б ангийхан химийн лаборатори анги бөгөөд өдрийн цагаар хөшгөө хаахад харанхуй болдог, дотроосоо усаа авдаг, өөрөөр хэлбэл бусад ангийг бодвол тусгай хангамжтай анги байжээ. Энэ ангийнхны сахилгагүйтэх нэг шалтгаан нь дотроосоо усаа авах. Хичээлийн бус цагаар усаар байлдах, зарим үед хичээлийн завсарлагааны үеэр хэдэн биеэ усалж амжина. Тэд дотроо байлдаад зогсохгүй ангийнхаа хажуугаар өнгөрсөн сурагчдыг ч усаар норгож зовооно. Тиймээс тэдний ангийн хажуугаар бусад сурагчид явахаас зайлсхийнэ. Түүгээр ч зогсохгүй хөшгөө хаагаад ангидаа нууцаар диско зохион байгуулж байсан анхны сурагчид. Тэдний хамгийн том хэрэг нь ангидаа хөзөр тоглож байгаад сургуулийн захиргаанд “нядлуулах” шахсан явдал байлаа. Тухайн үед ангийн дарга нь байгаагүй аж. Зүгээр ч нэг хөзөр тоглоогүй ангийн хөзрийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан гэнэ. 10Б-гийнхан олон удаа захирал, хичээлийн эрхлэгчийн өрөөнд дуудагдаж байсан бөгөөд харин эцэг эхээ нэг их дуудуулж байгаагүй юм байна. Учир нь хэдийгээр хамгийн сахилгагүй анги боловч өөрсдөө санаачлан сургууль дээрээ олон ажил зохиодог байжээ. Жишээлбэл, өөрсдөө жүжиг тоглоод сургуулийнхаа бүх сурагчдаас 50 мөнгө хурааж тухайн үедээ шаггүй мөнгө босгож байсан аж. Тэр мөнгөө одоогийнхоор бол хүмүүнлэгийн үйлсэд зарцуулна. Сонирхолтой нь 10Б-ын сахилгагүйчүүдийг Энхжаргал гэх сурлагаар маш сайн, шартай ч хүмүүнлэг охин удирдана. Тухайн үед картын бараанд орсон үе байлаа. Энэ анги одоогийнх шиг гэр хорооллын, байшин хорооллын, хувийн, улсын сургууль шиг ямар нэгэн ангилал байхгүй. Энэ ангид сэхээтэн, ажилчин, эрдэмтэн зэрэг нийгмийн бүх давхаргын хүүхдүүд байжээ. Энэ ангид ээж дүүтэйгээ амьдардаг нэгэн эрэгтэй сурагч байсан. Дуу муутайхан түүнд ангийнхан нь хамгийн эелдгээр ханддаг бөгөөд боломжийн хэрээр тусална. 20, 30 мөнгөнөөс эхлээд нэг төгрөг хүртэл хандив цуглуулж гэрт нь өгнө. Дээр нь бүгд очиж мод түлээний ажилд тусална. Харин 10 жилийн дараа 10Б ангийнхан уулзахдаа тухайн үед дүүд нь хэрэгтэй, хэрэггүй тоглоом авч өгсөндөө харамсаж байгаагаа хуучилжээ. Учир нь тэр тоглоом авах мөнгийг ээжид нь өгсөн бол арай илүү хэрэгтэй байсан байх гэж. Хэдийгээр нийтээрээ картын бараатай байсан боловч ангийнхан нь гэрийнхээ картын бараанаас илүүчилж ядарсан анддаа тусалдаг байсан гэнэ. Өнөөгийн өндөрлөгөөс харахад энэ ангиас нийгэмд танигдсан нь жүжигчин Навчаа юм. Гэхдээ Навчаа нь аравдугаар анги төгсөхөөсөө өмнө өөр сургуульд шилжсэн юм байна. Гэлээ ч одоо ч ангийнхантайгаа байнга “нялуурдаг” гэнэ. Ангийнхных нь ярьж буйгаар бол Навчаа маш нээлттэй, илэн далангүй, заримдаа галзуу юм шиг ааштай харагдах ч үнэн хэрэгтээ жигтэйхэн уян зөөлөн хүн. Эдний ангийнхан хэдийгээр сахилгагүйгээрээ алдартай ч бие биендээ тусархуу. Энэ зан чанар нь өнөө ч хэвээрээ. Энэ нь ангийн даргын араншинтай холбоотой гэж хожим нь ангийнхан нь ярьдаг. Тэд одоо ч Энхжаргалыгаа ангийн дарга гэдэг бөгөөд түүн дээр л зовлон жаргалаа ярьж ирдэг. Ангийн дарга нь түүнийгээ бусдадаа цаг алдалгүй түгээдэг журамтай. Тэд тухайн үеийн монгол сурагчдын адил таагүй туршилтанд орж байснаа өнөөг хүртэл мартаагүй гэнэ. 1993-1994 онд тэдэнд монгол бичиг заах гэж ёстой л “тамыг нь цайлгана” гэдэг болсон аж.

Арван жилийн дараа 10Б-гийнхан уулзалдав

Өнөөдөр тэдэнд ханз заахтай л адил юм болсон байх. Тухайн үед орос хэлний хичээл ордог байжээ. Түүний дэргэд монгол бичиг сурах нь дэндүү хүндрэлтэй бөгөөд ядаргаатай ажил байсан гэнэ. Эдний ангийнханыг сургууль төгсөхөд нь ангийн багш Энхбаяр нь “Одоо та нарын амьдралаа шийдэх хамгийн эгзэгтэй мөч, тийм учраас энэ үед л та нар хичээх хэрэгтэй. Өнөөдөр сургуулиа ямар дүнтэй төгсөнө, тэр нь та нарын ирээдүйн амьдралын хэмжүүр болно” гэж олон дахин хэлдэг байж. Харин сурагчид нь тээршаах маягтай хүлээж авдаг байсан аж.

Энэ ангийг төгссөн 21 сурагч бүгд дээд сургуульд орсон бөгөөд өнөөдөр цөөнгүй нь гэр бүлээрээ гадаадад амьдарч байгаа. Энэ ангийн хамгийн сахилгагүй Өлзийсайхан нь одоо хувийн бизнес эрхэлж байна. Харин онц сурлагатнууд болох Мөнхзул нь Солонгос улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч, Золзаяа гэр бүлийн хамт АНУ-д амьдардаг. 10Б ангиас төрсөн ганц эмч Хишигжаргал Цусны төвийн ерөнхий эмчээр ажиллаж байна. Эднийг наймдугаар анги төгсгөсөн багш химийн багш байж. Сонирхолтой нь химийн хичээлийг судалж ганц мэргэшсэн хүн Хишигжаргал. Бусад нь химийн хичээлдээ сайн биш. Учир нь ангийн багш нь химийн хичээл орохдоо хичээлээ биш, ангийн асуудлаа ярьсаар байгаад дуусгадаг байсан гэнэ. Ний нуугүй хэлэхэд ангийнхных нь толгойд H2O-оос өөр юм үлдээгүй гэж хожим хөгжилдөн дурсдаг аж. Өнөөдөр сахилгагүйчүүд 40 гарч ид амьдралынхаа эрч хүчтэй насан дээр явж байна. Тэд өнөөдөр сахилгагүйтэх завгүй хань ижил, үр хүүхэд, ажил төрлийнхөө төлөө зүтгэсээр. Амьдрал дээр тэд сахилгагүйтэхгүй ч, хааяа нэг уулзалдахаараа сахилгагүйтмээр санагддаг ч хэзээ ч хүүхэд насныхаа хэмжээнд хүрдэггүй юм гэж боддог.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Б.Ачбадрах: Пёнчаны уралдааны зам манай “Скай ресорт”цанын баазынхтай яг ижил юм байна лээ

Гэрэл зургийг: Г.БАЗАРРАГЧАА

“Пёнчан-2018” өвлийн олимпийн 23дугаар их наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ийн зайд уралдах ОУХМ Б.Ачбадрахтай Хандгайт дахь цанын баазад сэргээлтийн бэлтгэлд гараад байхад нь ярилцлаа.


-Гүйлтийн цанын өнөө цагийн хамгийн шилдэг тамирчидтай Пёнчаны замд Монгол Улсаа төлөөлж өрсөлдөх эрхээ авсан танд баяр хүргэе?

-Их баярлалаа. Өвлийн спортын дэлхийн шилдгүүд бүгд чуулдаг энэ том тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцох болсондоо үнэхээр их баяртай байна. Өдөр бүрийн ачаалалтай бэлтгэл сургуулилтын маань үр дүн юм даа.

-Та цанын спортоор яагаад хичээллэх болсон бэ. Энэ маань улирлын чанартай манай улсад төдийлөн хөгжөөгүй спорт шүү дээ?

-Хоёр гуравдугаар ангийн хүүхэд байхдаа л хажуу айлынхаа ахыг дагаад гулгана гээд уул руу явдаг байлаа. Надад их сонирхолтой байсан болохоор аав маань ханын модоор цана хийж өгч намайг баярлуулсан. Энэ цанаар нь л гудамжиндаа өглөөнөөс үдэш болтол гулгаж цагийг өнгөрүүлдэг байж билээ. Сүүлд дунд ангид ороход ясан цанатай болоод аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож тодорхой хэмжээний амжилт үзүүлээд л энэ спортоор хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн дээ.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэзээнээс уралдаж эхлэв?

-Хүүхэд байхад багш байхгүй зөвхөн сонирхлоороо л бэлтгэл хийж тэмцээнд ордог байсан л даа. Улаанбаатарт оюутан болж ирээд Доржготов багш дээр бэлтгэл хийж эхэлснээс хойш насанд хүрэгчдийн ангилалд уралдах болсон. Дараа нь Дашдэндэв багшийн удирдлагад тэмцээнд орж байгаад одоо Хаш-Эрдэнэ багшийн шавь болоод олимпийн наадамд уралдах бэлтгэлээ базааж байна.

-Өнгөрсөн жил та “Б” зэрэглэлийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэн. Үүгээрээ олимпийн наадамд оролцох боломжтойгоо харуулсан шүү дээ?

-Тийм ээ. Яг өмнө нь оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод Финланд руу явсан болохоор бэлтгэл дажгүй сайн байсан л даа. 2015 онд уралдаад 25 дугаар байрт орж байсан тул багагүй туршлагатай болчихсон үе. Яг уралдааны замд гарахад надаас зэрэглэл дээгүүр олон тамирчин өмнүүр эргэлдээд байхад бага зэрэг эмээж л байсан. Уралдааны замд толгойн группэд гарсан болохоор байрлалаа алдалгүй явсаар байгаад л гуравт орсон. Уул нь хоёрдугаар байранд явж байсан ч бариан дээр дайруулаад нэг байр ухарчихсан. Яг барианд орж ирсэн тэр мөч үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан шүү. Зүүд биш байгаа даа л гэж бодогдсон. Уралдаад ирэх мөчид багийнхан маань бүгд уйлчихсан зогсож байсан. Тэгэхэд нь миний сэтгэл бүр их догдолж, өөрийн эрхгүй нулимс урссан. Медалийн тавцанд зогсоод, төрийн далбаа маань мандах мөчид их бахархсан. Миний өмнө уралдсан Отгонцэцэг эгч маань сайн уралдаж дөрөвдүгээр байр эзэлсэн нь намайг зоригжуулсан.

-Өвлийн олимпийн тухайд зуны олимп шиг тивийн эрхээр оролцоно гэсэн ойлголт байдаггүй. Олон улсын цанын холбооноос заасан нормативыг заавал биелүүлж олимпийн наадамд өрсөлддөг. Та олимпийн эрхээ хэрхэн авсан бэ?

-Өнгөрсөн оны төгсгөлд Финланд улсад очиж найман тэмцээний 17 гараанд уралдсан. Өвлийн олимпийн жил байсан учраас БТСГ болон Монголын үндэсний олимпийн хорооноос олимпийн оноо олгох тэмцээнүүдэд тамирчдаа алгасалгүй оролцуулсан л даа. “Б” зэрэглэлд олимпийн эрхээ авна гэдэг маань 300-гаас дотогш таван удаа орсон байх шаардлагатай байдаг. Энэ болзлыг амжилттай давж олимпийн замд уралдах эрхээ авсан даа.

-Сая өвлийн олимп болох зам дээрээ 12 хоног бэлтгэл хийгээд ирсэн. Уралдааны зам хэр байна. Хүндрэлтэй зүйл юу байв?

-Сая манай багийнхан Солонгос яваад Хан мөрний эрэг дээр спринт уралдаанд оролцоод, цаашаагаа Пёнчанд олимп болох зам дээр хоёр уралдаанд хурд сорьж, бэлтгэл хийсэн. Уралдааны замын тухайд манай “Скай ресорт” цанын баазын замтай яг адилхан. Ачаалал авах өгсүүр ихтэй, налуу уруутай тамирчин хүний тэсвэр тэвчээрийг шалгасан зам байсан. Уур амьсгалын хувьд Пёнчан Монголыг бодвол арай дулаахан ч их хүйтэн салхитай газар шиг санагдсан. Уралдахад боломжийн юм байна лээ.

-Уралдах өдрийнхөө цаг агаарын байдлыг судалсан уу. Цаг агаартаа тааруулж цаны тосолгоо гэх мэт зүйлсээ хийдэг байх?

-Би уралдааны замд 15-нд гарна. Тэр өдрийн цаг агаарыг харахад 4-5 градус хүйтэн гэж тэмдэглэсэн байсан. Гэхдээ тухайн өдөр ямар байхыг таашгүй. Салхитай, тогтворгүй цаг агаартай газар байна лээ.

-Пёнчаны замд ямар тактиктай уралдахаар төлөвлөсөн бэ. Цуваа гараатай уралдаанд аль хавиар гарах бол?

-Уралдааны өглөө биеийн байдал ямар байхаас шалтгаалж замын аль хэсэгт амарч, хаана нь ажиллаж өрсөлдөгчөө гүйцэх талаараа багштайгаа ярилцана даа. Мөн ямар тамирчидтай ойролцоо гарах гэдэг нь тактикаа сонгоход чухал нөлөө үзүүлнэ. Олон улсын цанын холбооноос гаргасан онооны дарааллаар уралдааны замд гарна. Армен, БНСУ зэрэг орны өрсөлдөгчидтэй ойрхон гарах болов уу.

-Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш л олон улсын тэмцээнүүдэд оролцжээ. Бэлтгэл хэр ханаж байна вэ?

-Бэлтгэл дажгүй сайн байгаа. Одоогоор “Олимп” бааздаа сэргээлтийн бэлтгэлд гараад гурав хонож байна. Хоёрдугаар сарын 6-нд олимпод оролцохоор эх орноосоо нисэх байх.

– Пёнчаны олимпод ямар зорилго тавьж байна вэ?

-Өмнө үзүүлсэн тамирчдын амжилтыг л ахиулахыг зорьж байна даа. Өмнөх олимпод хурд сорьсон тамирчин маань 80 дугаар байр эзэлж байсан бол үүнийг 5-20 байраар ахиулах боломжтой гэж харж байгаа.

-Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?

-Миний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум бол байгалийн үзэсгэлэн цогцолсон сайхан энергитэй газар шүү. Өнгөрсөн жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын өмнө нутагтаа очиж хийморио сэргээгээд буцахад сумын Засаг дарга маань “Миний хүү уралдааныхаа гараа болгон дээр нутгийнхаа уул усыг бодож сүсэглээрэй. Энэ сайхан хангайн уул, ус хүүгээ түшиж явдаг юм шүү” гэж хэлж билээ. Дэлхийн аваргын уралдааны замд гарахдаа нутгийнхаа уул усыг бодож залбираад гарсан даа. Энэ жишгээр бэлдэж өөрийгөө төвлөрүүлдэг.

-Монголын цанын шигшээ багийн тамирчдад “А” зэрэглэлийн ДАШТ, олимпийн наадмын медаль хэр ойрхон байна вэ?

-Би өнгөрсөн жил “Б” зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд “А” ангиллын тэмцээнд уралдсан. Манайхан ирэх олимпийн мөчлөгөөс эхлээд дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой нь харагдаж байна лээ. Нэг үеэ бодвол улсаас цанын тамирчдаа их дэмждэг болсон. Бид өнөөдөр Дэлхийн стандартад нийцсэн цанын хувцас хэрэгсэл ашиглаж байна.

О.ДАШНЯМ