Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговь аймгийн иргэдтэй уулзав


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулан, орон нутгийн хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Энэ нутаг нь дуу хуур, гүүний айраг, хонины махны амт, чанараараа улсдаа тэргүүлдэг ч аймгуудын өрсөлдөх чадварын индекс, тэр дундаа эдийн засгийн чадамж, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж зэрэг үзүүлэлтүүдээрээ бусад аймгуудаас сүүлд орсон байна. Мөн Дундговь аймгийн зарим сумдад шүлхий өвчин гарсан учраас амт чанартай гэдэг махны борлуулалт нь ойрын ирээдүйд буурч, малчдын орлого буурах эсэхэд малчин өрхүүд нь санаа зовж эхэлжээ.

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт Төрийн тэргүүнийг иргэдтэй уулзах үеэр ч эдгээр асуудлыг иргэд олноор ярьж, Дундговь аймгийн цаашдын хөгжилд бусад аймгаас илүүтэй анхаарах ёстой гэж хэлж байлаа.

Тухайлбал, Дундговь аймгийн иргэн Гантулга “Манай аймгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч аймгийн цаашдын хөгжилд онцгойлон анхаарах хэрэгтэй байх. Аймаг энэ чигээрээ байвал татан буугдаж магадгүй. Сүүлийн жилүүдэд гарч байгаа хөгжлийн бүх үзүүлэлт нь сөрөг, муу гарч байна. Бүтээн байгуулалт, урт хугацааны хөтөлбөрт хамрагдахгүй байна. Ялангуяа, УИХ-ын сонгуулиас хойш бүрэн эрхийнх нь хугацааны тал нь өнгөрчихөөд байхад аймагт ч нэг ч барилга, байшингийн суурь тавигдсангүй. Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сүүлийн үед яригдах боллоо. Нэг хүн барьцаанд тавьж зээл аваад, түүнд нь Засгийн газар батлан даалт гаргачихсан. Эдгээр ээдрээтэй асуудлуудыг шалгаж, хариуцлага тооцохгүй бол Монгол Улс хөгжинө гэж би итгэж, найдахгүй байна. Тиймээс шударга, төрийн тогтолцоог сайжруулах тал дээр та анхаарч өгнө үү” гэлээ.

Мөн Дундговь аймгийн иргэн Галбадрах “Би улсад 40 гаруй жил ажиллаж байна. Зах зээлд ороод 30-аад жил болж байна. Энэ хугацаанд эрх баригчдад хулхидуулж, итгэл алдарч байна. Залууст ажил олдохгүй, хөгшид нь тэтгэвэрт гарахгүй байх юм. Жирийн ард иргэдийн хүүхдүүдэд ажил олдохгүй байна. Бензин, тосны үнийг нэмлээ, болилоо л гээд байсан эцэстээ бага зэрэг нэмэгдсэн шүү. Та авлигатай тэмцэх, 60 тэрбумын асуудлыг ярьж байсан. Үүнийг ард түмэн хүлээсээр байгаа шүү. Одоо улс эх орноо хөгжүүлье, үйлдвэр баръя гэж байгааг тань дэмжиж байгаа. Үүнээс гадна хуулиа хэрэгжүүлэх, шударга ёс л үгүйлэгдэж байна” гэв.

Мөн Дундговь аймгийн иргэн Дэлгэрсуурь “Би нэг их нарийн, сайн ярьж чаддаггүй. Гэхдээ төрийн бодлого буруу явж байна гэж хувь хүний дүгнэлтийг хэлмээр байна. УИХ-ын чуулганыг зурагтаар харж байхад 76 гишүүн харагдахгүй байна. 30-аад хүн байдаг юм уу даа. Хажуу ойрынхоо саналыг дараад байх юм. Энэ нэг их зөв, сайхан зүйл биш байх шүү. УИХ, Засгийн газар чинь ард түмнийх биш намынх л болоод байх шиг санагдах юм. Ард түмэн гэдэг бол бүгдээрээ шахуу өртэй болчихлоо. Энэ өрнөөс гарна ч гэж байхгүй, улам л нэмэгдээд байна. Бидний амьдрал хүндэрсээр эмийн, талхны мөнгөө дийлэхгүй болж байна шүү. Энэ асуудалд анхаарал хандуулмаар байна” гэлээ.

Сайнцагаан сумын 2-р багийн малчин Буянтогтох өвөлжилт, шүлхий өвчний асуудлаар “Зарим сумдад өвчин гарч, шатахуун, тосоо их л холоос авах шаардлагатай болж байна. Бага малтайгаа зууралдаж байтал бодоо алдчихсан малчид манай аймагт олон бий. Говь руу уруудсан мал хээл хаяж, өвс тэжээлгүй байгаа. Бүх малчин зээлтэй, мал нь банкны барьцаанд байдаг. Хавар болохоор нэлээд хүндрэх шинжтэй, яахаа мэдэхгүй болох байх гэж санаа зовж байна” гэсэн юм.

Мөн Дундговь аймгийн иргэн “Дундговь аймаг мал, малчин хоёрынхоо хүчинд л идэх хоол, өмсөх хувцастай яваа. Тэд байхгүй бол төрийн захиргаа, үйлчилгээ хумигдаж, аж ахуйн нэгжүүд цөөрнө. Нүүдлийн мал, аж ахуй манай аймгийн эдийн засгийн гол тулгаар байдаг. Гэтэл мал, малчин руу чиглэсэн бодлого алга. Дундговь аймаг халуун зунаар цэцэг өвчиндөө баригдсан. Одоо шүлхий өвчиндөө баригдаад долоон сум шүлхийтэй байна. Гэвч, вакцин алга байна шүү. Мөн хөл хорионоос болж шатахууны нийлүүлэлт зогссон нь малчдын амьдралд шууд нөлөөлж байна. Манай аймгийн мах амт, чанараараа бренд болж, малын ууц Улаанбаатарт маш өргөн хүрээнд, үнэтэй зарагддаг байсан. Гэтэл өвчин гарчихлаа. Малын мах, түүхий эдийн бүтээгдэхүүний борлуулалт буурна. Энэ асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, өгөөч гэж хүсмээр байна” гэв.

Харин Эрдэнэдалай сумын малын их эмч Дашбалдан “Бид мал, амьтнаа социалист нийгмийн үед 25 саяд хүргэх гээд чадаагүй. Одоо 70 сая дөхөж, бэлчээрийн даац алдагдаж байна. Малын хөлийн татвар авдаг байсан тогтолцоог эргээд сэргээх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхгүй бол малын чанар муудаж байна. Малын ноос, түүхий эдийн урамшууллыг ч гэсэн эргэж харахгүй бол үндэсний үйлдвэрт тушаах ноос ноолуурыг чинь Хятадууд аваад байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улс өрөнд ороогүй, эрх барьж байгаа хүмүүсийн ханаж чаддаггүй шуналаас л болж байгаа гэж бодож байна. Тиймээс Ерөнхийлөгч 60 тэрбумын асуудлыг шийдэж, оффшор дансанд байгаа мөнгийг оруулж ирэх хэрэгтэй” гэв.

Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Батбилэг “Монгол Улсад хариуцлага гэж зүйл байхгүй боллоо шүү. УИХ-ын индэр дээр Ерөнхий сайд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүнтэйгээ маргалдаж, нэгнээ “хулгайч” гэж дуудаж байна. Бүр “намын хөрөнгийг идсэн, нүүрсний хулгайч” гэж хоорондоо баримттай хэрэлдэж байна. Монголын ард түмэн бүгдээрээ сонсоод сууж байгаа шүү дээ. Гэтэл ямар ч хариуцлага алга. Мөн сая Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх гэж гаднаас 800 сая ам.доллар босгосон. Үлдсэн 300 сая ам.доллар нь хаана байгаа вэ, тэр мөнгөөр юу хийж байгаа юм бэ гэдэгт хяналт тавимаар байна” гэлээ.

Харин нутгийн залуусын төлөөлөл Буянжаргал “Монгол залуу хүний үнэ цэнэ алга. Жилд 30 мянга орчим залуу гадаад руу явж байна. Монголд нь үлдээх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, оюутны үнэ цэнэ гэж байхгүй. Гуравдугаарт, монгол хүний үнэ цэнэ алга. Энэ гурван үнэ цэнийг дээшлүүлж өгөөч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлэв.

Харин уулзалтын төгсгөлд Төрийн тэргүүн “Ард иргэдийн хэлэх гэж хүсдэг, хаа хаанаа яригддаг асуудлууд Дундговь аймагт ч гэсэн яригдаж байна. Бид та бүхний дуу хоолойг УИХ, Засгийн газарт хүргэнэ.

Та бүхэн өр зээл дарах асуудлыг сонирхож байна. Сонгуулийн үеэр АН хэрвээ намайг сонгогдох юм бол ард түмний өрийг тэглэх тал дээр анхаарч, санаачилгатай ажиллаарай гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийг би мартаагүй, биелүүлнэ. Миний тооцоолж байснаар оффшор бүст байгаа хөрөнгийг АТГ, прокурортой хамтраад оруулж ирэх, хоёрдугаарт, өдөр, шөнөгүй урд хөрш рүү байгалийн баялгаа гаргаж байгаа ч мөнгө нь орж ирэхгүй байгаад анхаарч, орлого нэмэгдүүлэх, гуравдугаарт, газрын доорх баялаг ард түмнийх. Энэ баялгийг Үндсэн хуульд заасны дагуу иргэддээ хуваарилаад ирэх юм бол иргэд өр, зээлээсээ гарах бүрэн боломжтой. Энэ талын хуулийн төслийг өргөн барихаар АН-ын УИХ-ын гишүүд ажиллаж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина.

Дөрөв, дөрвөн жилээр УИХ, Засгийн газраар тоглоод байх юм бол Монгол Улс хөгжихгүй. Сүүлийн 20-аад жил толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж явсаар хамгийн баян улс мөртлөө, хамгийн ядуу иргэдтэй боллоо. Намчирхалаа зогсоож, бизнесийн том бодлого төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.

Мөн Төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдол зэргийг нэг бүрчлэн судлан үзэж, дүн шинжилгээ хийх Ажлын хэсэг байгуулж, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг иргэдэд хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Баярлалаа, баяртай “Кассини”

Өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд Улаанбаатарын цагаар 13 цагт энэ зууны технологийн гайхамшиг “Кассини” гараг хоорондын автомат станц Санчир гарагийн агаар мандалд орж хэрхэн шатаж устахыг NASA дэлхий даяар шууд дамжуулан харууллаа. “Кассини” сүүлчийн мөч хүртлээ дэлхийд мэдээлэл дамжуулсаар байсан бөгөөд NASA энэхүү үйл явдлыг “Аугаа төгсгөл” хэмээн нэрлэсэн юм. Үнэхээр ингэж нэрлэхээс ч өөр аргагүй. Өндөр нь 6.7 м өргөн 4 м, 320 кг сансрын зондыг оруулаад 5710 кг жинтэй, 336 кг шинжлэх ухааны багаж, 3130 кг түлш бүхий 3.2 тэрбум ам. долларын өртгөөр бүтсэн энэхүү гараг хоорондын автомат станц технологийн гайхамшиг гэж юу байдгийг хүн төрөлхтөнд батлан харуулсан. “Кассини” Сугар, Бархасбадь,Санчир гэсэн гурван гарагийн таталцах хүчийг ашиглан секундэд 19 км буюу 69 мянган км/цагийн хурдтайгаар гараг хоорондын замаа туулсан билээ. Үнэндээ энэхүү гайхамшиг нь 20 жилийн өмнөх технологи гэхээр өнөөдөр сансар судлалын технологи ямар төвшинд очоод байгаа нь хэнд ч гэсэн ойлгогдоно.

Итали-Францын нэрт одон оронч, Санчирын Титан дагуулыг анх нээсэн Жованни Кассинигийн дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэгдсэн энэ автомат станц 1997 оны аравдугаар сарын 15-нд дэлхийгээс Санчир хүрэх замаа эхэлсэн. Түүний зорилго нь Санчир гараг, түүний бүслүүр, Санчирын дагуулуудыг судлан Санчирын дагуул Титан дээр зонд буулгах явдал байсан бөгөөд тэрээр энэ үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. ”Кассини” Санчир хүрэх замдаа 1998-1999 онд хоёр удаа Сугар гарагийн, 2000 онд Бархасбадь гарагийн фото зураг болон судалгааны материал явуулснаар хүн төрөлхтөн эдгээр гарагтай “биечлэн танилцах” боломжтой болсон. Мөн Бархасбадийн дагуул “Ио”-гийн зургийг авсанаас гадна энэ дагуул ихэнх нь хүхрийн хүчлээс бүрдэх маш нимгэн агаар мандалтай гэдгийг дэлхийд илгээсэн нь “Ио” яагаад шар өнгөтэй харагддагийн учрыг тайлсан явдал болсон. Тэрээр 2004 оны зургадугаар сарын 30-нд Санчир гарагт хүрч энэ гарагийн 15 км/сек хурдтай анхны хиймэл дагуул болсон. Харин 2005 оны нэгдүгээр сарын 15-нд Санчирын дагуул Титан дээр 320 кг жинтэй сансрын “Гюйгенс” зондыг амжилттай газардуулсан юм. 2012 онд Санчирын дагуул Титаны мөсөн давхарга дор 100 км гүнд 3 далай, олон зуун нуур байгааг илрүүлсэн.

2017 онд Санчирын бас нэг дагуул Энцеладын өмнөд туйлаас гарч буй хийн дээж авч шинжлэн энэ дагуул дээр эгэл амьд биет байж болзошгүй гэдгийг тодорхойлсон. Судалгааны явцад бидэнд мэдэгдэхгүй байсан Санчирын нийт 7 том дагуулыг шинээр нээсэн. “Кассини” Санчирын хиймэл дагуул болсон 13 жилийн хугацаанд түүнийг 294 удаа тойрч, дагуулуудад нь 162 удаа ойртож дэлхийд 450 мянган зураг, 635 гигабайт мэдээлэл дамжуулсан. Түүний мэдээлэл дээр үндэслэн 3948 эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгджээ. “Кассини” энэ хугацаанд нийт 7.9 тэрбум км зам туулж, дэлхийгээс 2.5 сая тушаал хүлээн авч бүрэн биелүүлсэн юм.

“Кассини” дотор целсийн 25 градус дулаантай байсан нь дэлхийн микроб хадгалагдан очих бүрэн боломж гэсэн үг. Иймээс эрдэмтэд сансар эрхэсийг дэлхийн микробоор бохирдуулахгүйн тулд технологийн гайхамшиг “Кассини”-д Санчир хэмээх хийн гарагийн агаар мандалд орж өөрийгөө шатаах сүүлчийн тушаал өгсөн юм. Баярлалаа бас баяртай “Кассини”.

“Кассини” 2000 оны аравдугаар сарын 30-нд дэлхийгээс 11 дахин том буюу 142 984 км диаметртэй Бархасбадь гарагт очин олон арван фото зураг болон судалгаа, шинжилгээний материал дэлхийд илгээжээ.

“Кассини”-гийн гол зорилгын нэгийг зөгнөсөн 1997 оны зураг. Үнэхээр энэ зөгнөл найман жилийн дараа биелж, Голландын нэрт одон оронч Христиан Гюйгенсийн нэрээр нэрлэгдсэн Европын сансар судлалын агентлагийн 320 кг жинтэй, “Гюйгенс” зондыг 2005 оны арванхоёрдугаар сарын 25-нд Санчирын Титан дагуул дээр “Кассини” зөөлөн газардуулсан билээ. Тэр үед энэ зураач бодит байдалтай ямар адилхан зурсныг эрдэмтэд гайхан биширч байсан юм. Энэхүү үйл явдал сансарт дэлхийгээс хол газардсан анхны тохиолдол хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Жаргалант сум “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-тэй болжээ

Гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн тодорхой 30 байршилд хяналтын камер суурилуулан “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийг шинээр байгууллаа. “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл болон аймаг, орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар оролцлоо.

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэхэд камерын ач тус нэлээдгүй байдаг. Олон нийтийн газар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлагыг шуурхай мэдээлснээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм. Шинээр суурилуулсан энэхүү камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр, шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс, тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай.

Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг, зөрчил болсон газар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг татаж таних бүрэн боломжтой байгаагаараа онцлог юм. Цаашид теле камерыг гудамж талбайд нэмж суурилуулах төлөвлөгөөтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт явуулж байна

Сар шинийн баяр болохтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх юм.

Нийслэлд 163 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хяналт шалгалт 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Данийн ерөнхий сайд авлигын хэрэгт сэжиглэгджээ

Ларс Лёкке Расмуссен зурган илэрцүүдДани Улсын Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен өөрийн танилаасаа хахууль авсан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна.

Энэ талаар төрийн албан хаагчаар өмнө нь ажиллаж байсан нэг хүн цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Тухайлбал, Ерөнхий сайдын танил нь түүнийг 2016 онд хамт завиар аялахыг урьсан бөгөөд тэр ч урилгыг хүлээн авчээ. Түүний амралтын нийт зардал 10,000 дани крон буюу 1,700 ам.доллар болсон бөгөөд тус улсын хуулиар хахууль авсан хэрэгт шалгагдах хангалттай үндэслэл болно гэж хэвлийнхэн мэдээлсэн байна.

Харин Расмуссен уг асуудлыг үгүйсгэж, нөхөрсөг уулзалт байсан, тэгээд ч хууль зөрчөөгүй гэж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Шингэн сүүнээс бруцеллёзын үүсгэгч илэрчээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23015 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1182 үйлдэл бүртгэгдсэн нь 2.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. “Бүлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 6 бүлэг 18 этгээдийг дайчлан баривчилж, тэдгээрийн 54 удаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3224 дуудлага мэдээлэл хүлээн авч эд материалын хохиролтой 1200 ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 92 бүртгэгдэж зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохироогүй, 112 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -4,7 хувиар буурсан. Гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 336 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар буурсан дүнтэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 24-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байх урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 128 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 111, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 30 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 4 тэрбум 333 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Шадар сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын ирүүлсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотод мал, амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын 01 дүгээр албан даалгавар гаргаж мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.

“Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хийсэн хяналт шалгалтад нийт 138 ААН, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдсан. Нийт 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлэн, зөрчил гаргасан нийт 20 ИААН-д 7.6 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан. ХХААХҮЯ, НХХААГ, Хүнсчдийн холбоотой хамтран шингэн сүү зарж буй 17 цэгт шалгалт хийж, 16 дээжийг авч шинжлүүлэхэд 3 дээж нь усны хольцтой, 2 дээж бруцеллёзын үүсгэгч илэрсэн. Шатахуун түгээх үйл ажиллагаа явуулдаг Содмонгол групп ХХК, Петростар ХХК, Шунхлай трейд ХХК, М ойл групп ХХК, Магнай трейд ХХК, Тэс петролиум ХХК, Жаст ойл ХХК, Синчи ойл ХХК, Мон суль ХХК, НЕС ХХК зэрэг 10 ААН-ийн 22 ШТС-д шалгалт хийсэн. Шатахуун түгээгүүрийн шахалтын стандарт хэмжилзүйн газрын улсын баталгаатай хяналтын хэмжүүр (мерник)-ээр шахалт хийж шалгахад түгээгүүр хэвийн бүрэн шахалттай байсан. Мөн бүтээгдэхүүнээс дээж аван шатахууны октаны тоог тодорхойлох зориулалтын Shatox, Октис-2 загварын зөөврийн багажаар газар дээр нь хэмжилт хийж ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, дугаарын хязгаарлалтыг мөрдүүлж, хяналт тавиж ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэн ажиллах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид энэ сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх, Нийслэл, дүүргийн өмчит төсөвт, өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд санхүүгийн тайлангаа үнэн зөв гарган бусад анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлж Нийслэл дэх төрийн аудитын газарт энэ сарын 25-ны дотор аудитыг хийлгэж хуулийн хугацаанд аудитын дүгнэлтээ гаргуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн Муза” наадмын шалгаруулалт эхэлжээ

Гэгээн Муза зурган илэрцүүд

”Гэгээн Муза” арван дөрөв дэх удаагийн олон улсын театрын наадам 2018 оны тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ. Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлөөр зохион байгуулна. Одоогоор олон улсын театрын наадмын нэгдүгээр шатны үзлэг Сүхбаатар аймагт үргэлжилж байгаа аж.

Драмын жүжгийн төрөл

  • Улсын драмын эрдмийн театр “Адууны түүх”, “Жаргаагүй нар”
  • Улсын хүүхэлдэйн театр “Монгол ардын суут”
  • Архангай аймгийн хөгжимт драмын театр “Би эндээс явахгүй”
  • Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр “Далан худалч”
  • Төв аймгийн Монгол туургатан театр “Ичгүүргүй хосууд”
  • Баянхонгор аймгийн Тэмүүжин театр “Аав”
  • Орхон аймгийн хүүхэд, залуучуудын театр “Хүний хүрэм”, “Миний ээж”
  • Булган аймгийн хөгжимт жүжгийн театр “Дээд хэмжээ”
  • Дархан-Уул аймгийн Залуучууд театр “Хар санаа хайр сэтгэл”
  • Чөлөөт уран бүтээлч “Ричард ван” жүжгүүдээр тус тус өрсөлдөнө.

Дуулалт жүжгийн төрөл

  • Дорнод аймгийн хөгжимт драмын театр “Манлайбаатар”
  • Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр “Өндөр гэгээн”
  • Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театр “Уяхан замбуу тив”
  • Булган аймгийн хөгжимт жүжгийн театр “Итгэл даагаагүй эх оронч”
  • Чөлөөт уран бүтээлч “Хайхуй” жүжгүүдээр тус тус өрсөлдөнө.

Хүүхдийн жүжгийн төрөл

  • Улсын драмын эрдмийн театр “Царцаа Намжил”
  • Улсын хүүхэлдэйн театр “Алтан залаат азарган тахиа”
  • Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр “Их ид шидтэн”
  • Дорнод аймгийн хөгжимт драмын театр “Ярьдаг мод”
  • Говьсүмбэр аймгийн Боржигин чуулга “Шидэт Баянбүрд”
  • Баянхонгор аймгийн Тэмүүжин театр “Хотын нохой”
  • Хамелеон театр студи “Наран ээжийн эрэлд”
  • Дархан-Уул аймгийн хөгжимт жүжгийн театр “Арслан хүлэгт баатар” жүжгүүдээр тус тус өрсөлдөнө.
Categories
мэдээ спорт

Сар шинийн бөхийн барилдааны тасалбарыг цахимаар худалдахгүй

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм.

Монгол бөхийн өргөө 2500 орчим суудалтайгаас барилдаанд оролцох бөхчүүд, урилгатай зочдод 800 шахам урилга тарааж, үлдсэн суудалд тааруулан тасалбар худалддаг байна. Иргэд дугаарлахаас илүүтэй бөхийн барилдааны тасалбарыг цахимаар худалдаалахыг хүсэж байгаа. Харин МҮБХ-ноос “Цахимаар худалдаалах боломжгүй.

Цахимаар нэг хүн хэдэн ч удаа тасалбар захиалж “шаг ихэднэ” хэмээн үзэж байгаа аж. Иймд бөхийн барилдаан эхлэх битүүний өглөө Монгол бөхийн өргөөний тасалбар түгээгүүрээр худалдах бөгөөд нэг үзэгчид хоёроос илүү тасалбар олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Намуудын бүлэг хуралдаанаа хойшлууллаа

Намуудын бүлэг хуралдаанаа хойшлууллаа зурган илэрцүүдУИХ дахь намуудын бүлэг хуралдаанаа хойшлуулав. УИХ-ын дэгээр бол бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг. Өнөөдрийн хувьд хоёр намын бүлэг хуралдаж, байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолууд дээр байр сууриа нэгтгэхээр байв.АН-ын бүлэг ирэх пүрэв гарагт хуралдах бол МАН-ын бүлэг одоогоор дараагийн хуралдааны тов тодорхойгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэн: Монголчууд бид талцал, хагаралгүй байж улс орноо хөгжүүлнэ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Төр засгийн зүгээс гар дүрэхгүй салбар гэж үгүй болсон. Айлын гэрт хамт амьдрахаас бусдаар төр бүх зүйлд оролцож байгаа. Төрийн хэт их оролцоо хийгээд талцал хуваагдал, намчирхалаас гарах гарц нь юу байх вэ. Магадгүй Үндэсний эв нэгдлийг хангах тухай таны өргөн барихаар зэхэж буй хуулийн төсөл нөлөөлж чадах уу?

-Монголчууд бид ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжснээр 28 жил өнгөрлөө. Энэ 28 жилийн хугацаанд улс орны хэмжээнд хийсэн бүтээсэн амжилт, олсон ололт мэдээж олон байгаа. Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин хүссэн хэмжээнд хүрээгүй, ард иргэд өнөөдрийн нөхцөл байдалдаа төдийлөн сэтгэл хангалуун бус байна.

Хөгжлийг хэмждэг нийтлэг хэмжигдэхүүн болох эдийн засгийн хөгжлөөрөө манай улс дэлхийн 203 орноос 102 дугаарт эрэмбэлэгдэн тэг дундуур нь л явна. Түүнчлэн макро эдийн засаг нь тогтвортой биш, ДНБ нь өсөөд байгаа хэрнээ ямар ч өөрчлөлт гардаггүй. Ядуурал их, улсын өрсөлдөх чадвар сулаас эхлээд асуудлууд бий. Улс орны хөгжлийг хэмждэг бусад хэмжигдэхүүн болох хүн амын амьдралын түвшин, хүний хөгжлийн индексээрээ ч хангалттай түвшинд хүрээгүй л байна.

Нөгөө талдаа төр засаг нь тогтворгүй, институцийн тогтолцоо нь энэ хугацаанд хэврэг явж ирлээ. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд 18 Засгийн газар, 20 Ерөнхий сайд солигдсон түүх байдаг. Үүний уршгаар урт хугацаанд ямар нэг бодлогогүй, төрийн залгамж шинж чанар, залгамж халаа байхгүй болсон зэрэг энэ олон асуудлууд Монголын нийгэмд үүсээд буй улс төржилт, намчирхлаас үндэс эх, суурьтай. Өөрөөр хэлбэл засаг захиргааны анхан болон дунд шатны нэгж баг, хороо, сум, дүүрэг болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа мөчир бүрт бий болсон энэ хэт улстөржилт, намчирхал Монголчууд бидний алсын харааг халхалж, хөгжлийн замд чөдөр, тушаа болсоор байна.

-Улс төржилт бүх шатандаа хэрээс хэтэрсэн гэдгийг хүн бүр мэднэ. Үүнийг засч байна гээд Төрийн албаны тухай хуулиасаа эхлээд нэмэлт, өөрчлөлт оруулаад ч нэмэр алга. Цаашдын зөв гарцыг нь та юу гэж харж байна вэ?

-Төр засгаасаа эхлээд баг, хороо хүртлээ бодлого нь хэрэгждэггүй, улс төржсөн, байдлыг анхан шатнаас нь эхлэн цэгцлэх хэрэгтэй. УИХ дахь залуу гишүүний хувьд залуучуудтайгаа хамтран “Үндэсний эв нэгдлийг хангах тухай” хууль болон бусад таван хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Бүх шатанд хачиг мэт үүрлэсэн намчирхал, талцлыг зогсоох хууль эрх зүйн гарц шийдэл, боломж бололцоо бидэнд байна гэж үзэж байгаа. Ард иргэд, төрийн албыг хий хоосон улстөржилт, намчирхалаас ангид байлгах, анхан дунд шатанд улс төрийн намын оролцоогүйгээр иргэд өөрсдийн төлөөллийг сонгодог болох хэрэгтэй байна. Үндэсний язгуур эрх ашгийн асуудлаар Монголчууд нэгдмэл байр суурьтай байх, төрийн албанд улс төрийн зарим үйл ажиллагааг хязгаарлан намчирхал, талцлыг зогсоох замаар үндэсний эв нэгдлийг хангахад энэ хуулийн гол зорилго оршиж байгаа.

-Заавал ингэж байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө үүнийг шийдэж болохгүй юу. Үндсэн хуулинд агуулгаар нь тодорхой суулгаад өгчихвөл өгөөж нь илүү юм биш үү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал өнөөдөр яригдаад явж байгаа нь үнэн. Гэхдээ бидний зүгээс санаачилсан хуулийн төсөл маань Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр нийцүүлээд явах бүрэн боломжтой. Өнгөрсөн хугацаанд бий болсон улс төр, нийгмийн түвшинд үүссэн энэ гажуудал бол Үндсэн хуулийг тухайн цаг үедээ өөрсдийнхөөрөө тайлбарлаж, өөрсдөд болон улс төрийн нам хүчнүүдэд ашигтай байдлаар органик хуулиудад тусган, улс төрийн нам хүчний оролцоо, нөлөөг хэт дөвийлгөсөнд оршиж байгаа. Үүнийг одоо засаж залруулахгүй бол болохгүй нь ээ.

-Үүнийг дагаад хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж та мэдэгдэж байсан даа. Тэр тухайгаа тайлбарлахгүй юу?

-Малгай хуулийнхаа хүрээнд Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар төслөө боловсруулсан. Уг өөрчлөлтийн хүрээнд дөрвөн том бодлогын өөрчлөлт, концепци гарч ирэх юм.

-Тухайлбал…

-Нэгдүгээрт, анхан, дунд шатанд болон хөдөө орон нутагт боловсон хүчний нөөц, бололцоо муутайг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл энэ намчирхал, талцлаас болж өнөөдөр байгаа цөөн хэдхэнбэлтгэгдсэн боловсон хүчнүүд нь сонгуулийн циклээр халагдаж солигддог, ажилгүй болсон нь намчирхаад дараагийн сонгуульдаа бэлддэг боллоо, эсхүл ажилтай болсон нь алагчилсан бодлогыг ард иргэддээ явуулдаг, төрийн үйлчилгээг анхан шатанд иргэддээ ялгавартайгаар хүргэдэгийм гажууд тогтолцоо бидэнд бий болжээ. Ороо бусгаа энэ бүгдийн ард, эцсийн дүндээ хэн хохирдог вэ гэхээр ард иргэд хохирдог, улс орны хөгжил дэвшил хойшилж удааширдаг.

Тэгэхээр энэ хуулийн төслийн хүрээнд хийх өөрчлөлт маань анхан дунд шатны сонгууль болон төрийн тогтолцоог өөрчлөе, улс төрийн намуудын оролцоог энэ түвшинд хязгаарлая гэж зорьж байгаа. Анхан ба дунд шатны иргэдийн нийтийн болон төлөөлөгчдийн хурлын түвшинд улс төрийн намуудын оролцоог болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг, хороо, сум дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар хагарал талцлын асуудлыг шийдвэрлэх боломжтойгэж үзэж байгаа. Ингэснээр анхан,дунд шатанд иргэд улс төрийн намаас бүрэн хараат бус хүнийг, улс төрийн намын оролцоогүйгээр сонгодог болно. Иргэддээ танигдсан, иргэд нь итгэдэг ийм боловсон хүчнээ намын харьяалалгүйгээр, өөрсдийгөө удирдуулах боловсон хүчнээ сонгох боломжтой болно.Манайхан нэг ярьдаг даа, энэ хүн ч мундаг нуруутай, дайчин, зүтгэлтэй, үнэхээрийн нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүн шүү гээд. Ийм л хүнээ сонгодог болоё. Цаашид хөдөө орон нутаг, баг дүүрэгт байгаа цөөхөн боловсон хүчнийхээ нөөцийг намын харьяалалаар халаа сэлгээ хийхгүйгээр 100 хувь бүрэн ашиглах боломж хуулийн хүрээнд бүрдэнэ.

Мөн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь гол үндсэн өөрчлөлт, хүлээж байгаа үр нь Монгол Улсын язгуур эрх ашгийн асуудлаар үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн тогтолцоог бий болгоход оршиж байгаа. Өнөөдөр сонгуульд улс төрийн намууд МУ-ын язгуур эрх ашигт сөргөөр нөлөөлөх аливаа амалгаа, амлалтуудыг уралдан амлаж ирсэн. Улс төрийн амалгаанууд, төрийн бодлогын тогтворгүй байдал нь урт хугацааны хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлж ирсэн. Гэтэл цаана нь Монгол төрийн бодлогын залгамж чанар гэдэг зүйл байхгүй боллоо. Одоо бид улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг, үйл ажиллагааны хэрэгжилтийг язгуур эрх ашиг, том бодлогынхоо хил хязгаарын хүрээнд хязгаарладаг байх шаардлагатай байна. Том хөгжлийн бодлого дээрээ Монголчууд нэгддэг, нийлдэг, хөгжлийн нэг бодлого, чиглэлтэй, нэг зорилготой байх шаардлага байна. МАН гарлаа гээд зүүн тийшээ, Ардчилсан нам гарлаа гээд баруун тийшээ явна гээд буруу ишилсэн сүх шиг хоёр талдаа байгаад байж болохгүй. Тэртээ тэргүй Монгол Улсын хөгжлийн бодлого нэг байх ёстой.

Тэгэхээр сонгуулийн өмнө улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд үндэсний зөвшилцлийн бодлого дээрээ нэгдэж ойлголцдог болох эрх зүйн орчин, тогтолцоог бий болгохоор хуулийн төслийн хүрээнд боловсруулсан. Цаашид улс төрийн намын үзэл баримтлал, чиг хандлагын ялгааг үл харгалзан тэр зөвшилцсөн хөгжлийн бодлогоо бүх Засгийн газар хэлбэрэлтгүй, тууштай сахиж хэрэгжүүлдэг, биелүүлдэг болох тогтолцоог улс төрийн намуудын хариуцлагын хүрээнд бий болгоно. Сонгуулийн тодорхой хугацааны дараа тухайн хэрэгжилтийг хянадаг, биелүүлээгүй бол хариуцлага тооцдог, тухайн намын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарладаг хатуу хариуцлагын тогтолцоог хийе. Монгол хүн бүр нэг л хүсэл мөрөөдөл, нэг л зорилготой, тэр зорилго, язгуур эрх ашгийн зарчмын асуудлаараа Монголчууд бид санал нэгддэг, эв нэгдлийг хангадаг байхнь зарчмын асуудал биз дээ.

-Олон жил явсан энэ улс төрийн тогтолцоо нурах уу. Нэлээд хугацаа шаардах байх даа…

-Бидний боловсруулсан хуулийн төслийн хүрээнд мөн түрүүний ярьсан зүйлүүдээс гадна төрийг илүү бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс төрийн намаас бүрэн хараат бусбайлгах гарц шийдлийг эрэлхийлж байгаа. 1994 онд баталсан Төрийн албаны тухай хуульдаа 2002, 2008, 2017 онуудад нэмэлт өөрчлөлтүүд хийлээ.Гэтэл өнөөдөр төрийн үйл ажиллагаа, томилгоонд улс төрийн намууд шууд болон шууд бус байдлаар оролцдог, нөлөөлдөг улс төрийн тогтолцоо ил болон далд хэлбэрээр амь бөхтэй оршсоор байна. Одоо байтлаа Засгийн газар өөрчлөгдөх тоолонд төрийн албанд дураараа халаа сэлгээ хийдэг болж байна. Төрийн алба тогтворгүй, улс төрийн намууд хариуцлагагүй байхад бид цаашид хөгжлийн талаар ярих ямар ч боломжгүй. Ийм стандарт бус зүйлийг цэгцэлье гэж зорьж байгаа.

Манай нийгэмд ажилтай, амьдралтай байя гэвэл улс төрийн намаар дамжиж, төрийн албанд хүрдэг, улс төрийн нам төрийн албан хаагчдыг бэлтгэдэг ийм гажууд тогтолцоо бий болчихоод байна. Сонгуульд нэр дэвшин ялагдал хүлээсэн, намдаа нөлөөтэй хүмүүс төрийн жинхэнэ албан хаагч, агентлагийн дарга болдог, тэр нь төрийн албанд явцуу эрх ашгийн төлөө явдаг, улс төрийн намын нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, улс төрийн чиг баримжаатай шийдвэрүүд гаргадаг нь нууц биш. Дээр түрүүн хэлсэнчлэн бид Төрийн албаны тухай хуульдаа хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч төрийн албыг улс төрөөс ангид байлгах асуудалд цэг тавьж чадсангүй. Тиймээс улс төрийн намуудын оролцоо нөлөөлөл, зарим үйл ажиллагааг хязгаарлах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, хариуцлагын горимыг зөрчсөн аливаа улс төрийн намын үйл ажиллагааг зогсоодог тогтолцоотой болох хэрэгтэй байна.

-Өнгөрсөн онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад та яг иймэрхүү утга бүхий үг хэлж байсан. Д.Лүндээжанцан гишүүн заалт болгоод оруулчихад буруудах зүйл алга гэж байсан ч ороогүй юм байна. Энэ хуулийн төслийг чинь улс төрийн намууд тэр дундаа танай намын ах нар хүлээн зөвшөөрөх үү.

– Төрийн албаны тухай хуульд анхан дунд шатанд төрийн албыг бэхжүүлэх тухай саналын томъёоллыг хэлэлцүүлж гаргаж хэлэлцүүлж байсан. Улс төржилт, талцалын асуудлыг цогц байдлаар нь шийдэх хэрэгтэй гэдэг саналын үндсэн дээр хойшлуулсан. Бидний зүгээс боловсруулсан хуулийнхаа төслийн хэлэлцүүлгүүдийг ирэх хоёр сарын хугацаанд зохион байгуулж, хүн бүрээс саналыг авахын төлөө ажиллана. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 5-нд Үндэсний зөвшилцийн чуулган, хэлэлцүүлгийг хийн, үүний дараа хуулийн төслөө өргөн УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Монголчууд бид талцал, хагаралгүй байж улс орноо хөгжүүлнэ шүү дээ.

-Өнөөдөр бензин, шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлөөс болж бухимдал багагүй байна. Засгийн газрын зүгээс А-80, АИ-92 зэрэг бензиний онцгой албан татварыг тэглэж, бусад шатахууны татварын нэмэгдлийг хэвээр үлдээсэн. Өмнө нь та Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа Үнийн зөвлөлийг тэргүүлдэг байсан. Тэр үед үнэ дээр ямар арга хэмжээ авч байсан бэ. Одоо хэрхэх нь илүү үртэй дүнтэй бол?

-Монгол Улсын бензин, түлшний хангамж ерөнхийдөө нэг улсаас, импортоос бүрэн хамааралтай. Бид хангамжийн асуудлаа нэгдүгээрт тавихаас илүүтэй шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр түлхүү анхаарч ирсэн. Үүнээс улбаатайгаар үеийн үед хангамжийн салбар доголдох, үүнээсээ улбаалаад үнийн тогтворгүй байдал бий болох нөхцөл үүсч байсныг бид бодох хэрэгтэй. Бензин, түлшний хангамж, үнийн асуудал зөвхөн өнөөдөрбидэнд тохиолдож буй хүндрэл биш. Үе үеийн Засгийн газрын хүндхэн ачааны нэг байсаар ирсэн.

Гэтэл нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас А-80, АИ-92 гэсэн октан багатай түлшнүүдийн онцгой албан татварыг тэглэсэн асуудал иргэдийн чихэнд чимэгтэй мэдээ мэт сонсогдож байгаа ч түр зуурын гал унтраах төдий татварын хүчээр зохицуулах арга хэмжээ юм. Тэгэхээр одоо төр засгийн зүгээс энэ асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Манайх шиг импортоос бүрэн хараат бусад улсын хувьд улсын нөөцөө хангалттай бүрдүүлдэг жишиг байдаг. Зарим улс бүр нөөцийн хуультай байдаг. Хямд үед нь их хэмжээгээр авч нөөцөлж, үнэ өсөх үед эрсдлээс хамгаалдаг. Тэгэхээр улсын хангалттай нөөцийн сав, нөөцлүүртэй байх шаардлага нэгдүгээрт тавигдах ёстой. Үүндээ хөрөнгө оруулалтаа хийж хараат бус байдлаа хязгаарлах урт хугацааны шийдлээ хийх хэрэгтэй. Энэ салбарын хүмүүсийн олон жилийн энэ саналыг үл ойшоодог байж болохгүй. Харин хангалттай шатахууны нөөцлүүртэй улс оронд л татвараар зохицуулалт хийж татварынхаа бааз суурийг боломжтой үед нь нэмэх арга хэмжээ авдаг. Тэрнээс манайх шиг ямар ч улсын нөөцгүй байж онцгой албан татвараар хэт их оролддог, татварын орлогоороо улсын төсвийг бүрдүүлэх гэж сүүлийн 20 гаруй жил татвараар зохицуулалт хийж байгаа нь зах зээлийн харилцаанд нөлөөлж, гажуудуулж байгаа нэг хэлбэр.

Өмнөх Засгийн газрууд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс болж улсын төсөв асар ихээр тасалддаг байсныг манайхан санаж байгаа байх. Зарим жил нэг их наяд төгрөгийг зөвхөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрт зориулдаг байлаа. Түүнчлэн ам.долларын ханшийг 1300 төгрөгөөр тооцож зөрүү мөнгийг нь нөхөн олговор маягаар олгож амь аргацаах зүйлсийг хийдэг байсан. Товчдоо дүгнэхэд зах зээлийн харилцааг зохицуулах гэдэг, татвараар хэт их орлого хөөцөлдөх гэдэг үе үеийн Засгийн газрын бодлого, хандлагаолон жилийн хугацаанд дандаа буруу явж ирсэн. Одоо асуудалд илүү бодитой хандаж урт хугацааны гарц шийдлийг, хангамжийн тогтвортой нөөцтэй болохбодлогыг баримтлах хэрэгтэй. Улсын нөөц, нөөцлүүр савны асуудлаа шийдэл дээ. Тэгээд дараа нь тэр татвараа ярь, ярих гэж байгаа бол.

-Одоо тэгээд яах ёстой вэ. Засах боломж хэр байгаа юм бэ?

-Цаашид иймбуруу жишгээр асуудалд хандаж болохгүй. Манай улс хангалттай улсын нөөц сав, нөөцлүүргүй, хангамж нийлүүлэлт нь эрсдэлтэй учраасшатахууны үнийг тогтвортой барьж хэзээ ч чадахгүй. Засгийн газар өөрсдийн бодлогын сул талаа засаж залруулаагүй байж, шатахууны зах зээлээр орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, төсөв бүрдүүлэх хамгийн том механизм болгон ашиглаж ирсэн. Энгийн жишээ бол Монгол Улс 2014 онд шатахууны онцгой албан татвараас 22 тэрбум төгрөгийг төсөвт төврүүлсэн бол 2018 оны төсөвт 307 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэн төсөвлөсөн. 3-4 жилийн дотор татварыг 15 дахин нэмэгдүүлнэ гэдэг татварын бодлого хэр тогтворгүй байгааг харуулж байгаа. Мөн сүүлийн 10 жилийн онцгой албан татварыг 40 удаа дээш нь, доош нь хүчээр хэлбэлзүүлсэн. Зах зээл дээр үнэ нь маш хурдан хэлбэлздэг эмзэг мэдрэмжтэй бүтээгдэхүүнийг төр зохицуулж хэзээ ч чадахгүй шүү дээ. Төр засаг хэт их татвараар хөөцөлдөж зах зээлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх нь чухал уу, улс шатахууны найдвартай хангамжтай болж иргэд боломжит үнээр бензин авахнь чухал уу гэдэг өнцгөөс одоо асуудалд хандах хэрэгтэй.

-Зах зээлийн зарчмаараа явлаа гэхэд иргэдийг бухимдуулахгүй хэмжээнд үнэ байж чадах уу.

-Манайхан шиг улсын шатахууны нөөц нь хангалттай бус, нөөцлүүр савгүй улс татварын орлогод шунаж, төсөв бүрдүүлэх гэж улайрдаггүй. Өнөөдөр таван төгрөгөөр нэмэгдлээ гэхэд маргааш нь 10 төгрөгөөр буурдаг зах зээлийнхээ зарчмаар нь явуулах хэрэгтэй. Тэрнээс шинэ жил болох гэж байна, сонгууль боллоо, Засаг дөнгөж байгуулагдлаа гэдэг нэрийн дор стандарт бус зохицуулалт хийж хүчээр зах зээлийн харилцаанд нөлөөлөхөө болих хэрэгтэй. Үүнээс чинь болж огцом 200, 300 төгрөгөөр нэмэгддэг, 2-3 сараар хангамж доголдол үүсдэг асуудал бий болно. Харин зах зээлийн зарчмаар 10 төгрөгөөр нэмэгдэх ёстой байна уу долоон төгрөгөөр нэмэгдэх ёстой байсан уу эсхүл 20 төгрөгөөр буурах ёстой байсан уу гэдэгт хяналт тавих нь, иргэдээ шударга бус харилцаанаас хамгаалах нь төрийн ажил үүрэг. Үүнийгээ бид хийх ёстой. Тэрнээс зах зээлийг зохицуулж чадахгүй байж зохицуулах гэж оролддог, тохиролцох гэдэг төрийн бодлого нь өөрөө буруу юм.

Э.ЭНХБОЛД