Categories
мэдээ цаг-үе

М.Игата: Энэ жил монголчуудад 2011 оноос хойш олдож байгаа маш том боломж

Өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатарт, арваннэгдүгээр сард Токиод “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулган болсон. Энэ жил Лондон, Хонконгод зохион байгуулна. Дээрх чуулгануудын талаар зохион байгуулагч “Фронтиер Секьюритийз” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Игататай ярилцлаа.


-Улаанбаатарт есдүгээр сард болсон хөрөнгө оруулагчдын чуулганы зөвлөмжийг улстөрчдөд хүргүүлсэн. Ямар хариу өгсөн бэ?

-Улаанбаатарт есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд болсон хөрөнгө оруулагчдын чуулганы зөвлөмж аравдугаар сард гарсан. Тэр үед шинэ засгийн газар байгуулагдаад удаагүй байсан болохоор ажлаа аваад удаагүй сайд нар “Зөвлөмж ирүүлсэнд баярлалаа” гээд яг ямар бодлого хэрэгжүүлэхээ яриагүй.

-Токиогийн чуулган бас шинэ Засгийн газар байгуулагдсан, их хэмжээний мөнгөний гэрээ хийсэн үетэй давхцалаа. Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн оны гуравдугаар сард Монголын эдийн засаг хүндхэн байсан. Энэ үеэр ОУВС-тай гэрээ байгуулснаар 5.5 тэрбум доллар орж ирэхээр болж, эдийн засагт гэрэл гэгээ туссан. Түүнээс хойш валютын ханш тогтворжиж, хувьцааны үнэ өссөн. Энэ их мөнгөний гэрээг хийхэд Япон улс манлайлан оролцсон. Япончууд хүнд тус үзүүлчихээд хариу нэхдэггүй. Токоигийн хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр эрх баригч намын бага хурал хуралдаж таарсан. Тиймээс өндөр албан тушаалтнууд оролцож чадаагүй. Үнэхээр оролцох хүсэлтэй байсан нь харагдсан. Харин эрх баригчид оролцсон улсуудаас юу болсон тухай маш их сонирхсон. Чуулганд оролцогч хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсэн.

-Япон улс энэ их мөнгөний урсгалд манлайлан оролцсон гэлээ. Өнөөг хүртэл эрх баригчид энэ их мөнгийг юунд зарцуулахаа зарлаагүй байна. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Энэ мөнгийг юунд зориулах нь тодорхойгүй байгаа ч ийм хэмжээний мөнгийг зээлэх боломжтой гэдэг нь Монгол Улсын валют, бондын зах зээлд тогтвортой байдлыг бий болгох сайн дохио болж байгаа юм. Засгийн газрын бонд савлах аюулаас сэргийлсэн.

-Өмнөх бондууд тодорхойгүй нөхцөлд байснаас өнөөдөр томоохон улс төрийн хэрүүл болж хувирсан. Энэ мөнгийг юунд зарцуулах ёстой вэ?

-Япон улс мөнгө босгоход манлайлан оролцсон боловч, ОУВС мөнгө зарцуулалтад хяналт тавих, захиран зарцуулалтад хариуцлага хүлээнэ. Юунд зарцуулах, юунд зарцуулсан тухайгаа Япон улсад байнга мэдээлнэ. Мөн энэ санхүүжилтэд АХБ, өмнөд Солонгосын Засгийн газар оролцож байгаа. Тийм учраас ОУВС хуваарилалт, санхүүжилтийг шийдээд энэ тухайгаа оролцогч талуудтай тохиролцоно. Одоо ирсэн байгаа ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг дүгнээд, хэдэн долларын санхүүжилт нэмэхээ тохиролцоод явах байх гэж бодож байна.

-Японтой Монгол Улс стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Токиогийн форумд хөрөнгө оруулагчдын хандлагад ямар өөрчлөлт гарсан бол?

-Токиогийн форумд Монгол Японы парламентын бүлгэмийн дарга, Япондоо маш нэр хүндтэй улстөрч Хайши оролцож түншлэлийн талаар ярьсан. Мөн Японы Ерөнхий сайд Абэгийн илгээлтийг төлөөлөгч нь дамжуулсан. Ерөнхий сайд Абэ Монгол Японы түншлэлийн гэрээ хоёр орны харилцааны үндэс суурийг бэхжүүлнэ. Цаашдын ажиллагаа өргөжих тухай мэдэгдсэн.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад Монголын эдийн засаг өөрчлөгдсөн. Хөрөнгө оруулагчдад шинэ хандлага төрсөн үү?

-2016 онд валютын ханш унаж, эдийн засаг хүндэрч, дефольт болж магадгүй гэсэн сэтгэгдэл хөрөнгө оруулагчдад байсан. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын итгэл бүрхэг байсан. Харин энэ жилийн хувьд ОУВС-тай хамтрахаар болсноос төгрөгийн ханш тогтвортой болсон. Монгол Улсын Засгийн газар хичээгээд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлчихвэл, бизнесменүүд төсөл хэрэгжүүлэх боломжтой болох нь гэсэн ойлголттой болсон харагдсан.

-Саяхан ОУВС-тай хийсэн гэрээний хүрээнд цалингийн татвар нэмэгдсэн асуудлаар нийгэм бухимдлаа илэрхийлсэн. Үүнийг та хэрхэн харж байна?

-ОУВС анх ийм гэрээ хийсэн түүнийгээ өөрчлөхгүй гэдэг хатуу бодлого баримталдаггүй. Тухайн улсын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж асуудлыг шийдэх гарцыг хайдаг. Гэрээтэй холбогдоод улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдвөл тодорхой хэмжээгээр гэрээндээ өөрчлөлт оруулдаг. Харин олон удаа, ирж уулзах болгонд өөрчлөлт оруулах гээд байвал энэ чинь өөрөө асуудал болж хувирна. ОУВС-гийн гайхлыг төрүүлнэ. Харин энэ удаад өөрчлөх санал тавихад хүлээж авах байх.

-Бензиний үнэ нэмэгдсэн талаар бас багагүй шуугиан үүслээ. Чөлөөт үнэ, төрийн үнэ гэдэг дээр нийгэм хоёр хуваагдаж байна…

-Би үнэ чөлөөлөх, зах зээлийн зарчмаар явах танай сонины саналтай нэг байна. Гэхдээ Монгол Улсын хувьд онцлог байна. Япон улсын хувьд бензиний үнэ өссөн тохиолдолд нийтийн тээврээр явж эсвэл дугуй унана. Метронд суух зэрэг олон сонголт байдаг. Өргөн уудам талд амьдарч байгаа хөдөө орон нутгийн иргэдийн хувьд асуудал үүсч байгаа юм. Тээврийн олон сонголттой хот суурин газрын иргэдэд асуудал бага байж болно. Тийм учраас ялгаатай хандах хэрэгтэй. Хөдөөгийнхөн авто машинаар л амьжиргаагаа залгуулна. Гэтэл түлшний үнэ өсөхөөр ганц сонголттой тэдний амьжиргаанд хүндээр нөлөөлнө. Монгол улсын хувьд приус машин нэлээд хэрэглэдэг. Приус түлш бага хэрэглэдэг ч, машины үнэ нь өсөхөөр дахиад л зардал өснө. Үнэ чөлөөлөхийг урт хугацаанд хийх хэрэгтэй.

– Яаж?

-Жишээлбэл үнэ чөлөөлөлтийг бүс нутгаар хийж болно. Аажмаар, эхлээд хүн ам ихээр төвлөрсөн хотуудад.

-Эрдэнэтийн 49 хувийг төр авчихлаа. Дотоодын хөрөнгө оруулагчид гомдолтой байхад гадныхан орж ирэх үү?

-Эрдэнэтийн 49 хувийг төр авах шийдвэрийг шүүх гаргах ёстой. Дотоодын хөрөнгө оруулагчдын эрх хамгаалагдаагүй байгаа тохиолдолд гадныхны эрх ашиг хамгаалагдана гэдэг хэцүү л дээ.

-Хөрөнгө оруулалтын банкны хуульд 200 сая доллараас багагүй байх заалтыг Токиогийн зөвлөмжид буруутгасан байна.

-Монголын улстөрчдийн нэг алдаа байдаг. Бодож байгаа зүйлээ ямар ч судалгаагүйгээр хуулинд суулгачихдаг. Өнөөдөр 200 сая долларын бэлэн төсөл байна уу. Судалгааны байгууллагаас зөвлөлгөө авдаггүй. Монголын Бизнесийн зөвлөл, Америк Монголын худалдааны танхим гээд олон байгууллагаас зөвлөгөө авч болно. Гэтэл тэгдэггүй.

– Монголын банкууд санал хэлдэггүй юм уу?

-Сая ХХБ-наас 400 сая долларыг балансаас авсан тэр мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна. Банкны активын үнэлгээ гарчихсан байх ёстой боловч дүнгээ танилцуулаагүй байна.

-Токиогийн зөвлөмжид эдийн засгийн өргөн хүрээтэй бодлого хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Энэ юу гэсэн үг вэ?

-Монгол Улсын хувьд хэдэн зуун төсөл байдаг. Гэтэл хөрөнгө оруулагч бодлогын чанартай хөрөнгө оруулах санааг илтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл олон жижиг санаа биш, нэг томоохон юманд төвлөрөх ёстой. Олон жижиг юманд үсчээд нэг ч юмыг бүтээхгүй байхын оронд нэг томхон бодлогыг л шийдчих хэрэгтэй гэсэн үг.

-Токиогийн зөвлөмжид хөршүүдтэйгээ түншлэлийн гэрээ байгуулах хэрэгтэй гэсэн байна.

-Үндэсний хөгжлийн газар дэндүү олон асуудал хариуцдаг. 50 гаруйхан хүнтэй. ОХУ БНХАУ-ын хувьд ямар харилцаа тогтоох хэрэгтэй байна гэдгээ харж байгаад тохирсон гэрээг байгуулах хэрэгтэй. Япон улстай түншлэлийн гэрээг Гадаад харилцааны яам байгуулсан. Тэд эдийн засгийн харилцааг сайн мэдэхгүй. Ерөнхий гэрээ л байгуулсан.

-Олон нийтэд хандаж хэлэх үг байна уу?

-2011 оноос хойш хамгийн том эдийн засгийн өсөлт монголчуудад гарлаа. Гэхдээ гэнэтийн өсөлт биш, аажим тогтвортой өсөлт байх нь чухал. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. 2018 онд Лондон, Хонконгод хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулна. Энэ жил Монголын Засгийн газарт том боломж шүү гэж хэлмээр байна.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Ж.Пүрэвжаргал: Монголд утаанаас илүү санаа зовоож буй асуудал нь үргүйдэл

Дэлхийн хүн амын 15 хувь нь үргүйдэлд нэрвэгдсэн судалгаа бий. Энэ асуудал сүүлийн жилүүдэд манай улсад хурцаар яригдах болсон. Энэ талаар их эмч Ж.Пүрэвжаргалтай ярилцлаа.


-Сүүлийн үед гэр бүлүүдийн санааг зовоосон асуудал нь үргүйдэл болж ээ. Манай орны иргэдийн хэдэн хувь нь үргүйдэлд нэрвэгдсэн бэ?

-Монголын эх барих эмэгтэйчүүдийн “Эрүүл өрх” гэж нийгэмлэгээс гаргасан судалгаанаас харахад манай улсын гэр бүл бологсдын 15 хувь нь үргүйдэлтэй байна гэж тодорхойлогдсон. ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд улсын хүн амын 15 хувь нь үргүйдэлд нэрвэгдсэн бол үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг гэж үздэг талаар дурдсан байдаг. Үүнээс үзэхэд өнөөдөр Монголд үргүйдэл утаанаас чухал асуудал болох нь харагдаж байна.

-Манай улсын нийт гэр бүл бологсдын 15 хувь нь үргүйдлийн өвчинд нэрвэгдсэн гэж та хэллээ. Үүний шалтгаан нь юу вэ?

-Үргүйдүүлэхэд нөлөөлж буй олон хүчин зүйл байгаа. Энэ төрлийн өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн дийлэнх нь дотоод шүүрлийн хямралтай болох, эмэгтэйчүүдийн өндгөн эс гадагшлахгүй архагших явцтай болох, өндгөвчний хатуурал зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Гэхдээ манай оронд байгаа хамгийн түгээмэл шалтгаан нь үрэвсэл сэдэрснээс шалтгаалж үрийн хоолой наалдах байдаг. Үрийн хоолой наалдах шалтгаанд нь бэлгийн замын халдварт өвчин бие дааж орно. Бэлгийн замын өвчлөл үрийн хоолойн дахь бортогон эсүүдэд нөлөөлж наалдац үүсэх шалтгаан болдог. Үүнийг эмчлэхэд их төвөгтэй л дөө. Мөн нэг удаа үр хөндүүлэхэд 25-40 хувь нь үргүй болох магадлалтай байдаг. Үүнээс гадна нэг удаа үрэвсэл сэдрэхэд 10-15 хувь, хоёр удаа сэдрэхэд 20-25 хувь нь, гурван удаа сэдрэхэд 50 хувийн үргүйдэлд өртөх магадлалтай байдаг. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан клиник судалгаанаас харахад үргүйдэлд нэрвэгдсэн хүмүүсийн 45.8 нь эмэгтэйчүүдээс, 25.6 нь эрэгтэйчүүдээс, 18 хувь нь хоёулангаас нь, 9.8 хувийнх нь шалтгаан нь тодорхойгүй гэж гарсан.

-Эрэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь гахайн хавдар өвчин гэж ярьдаг. Мөн өсвөр насны хөвгүүд саунд суух нь үргүйдэлд нөлөөлдөг гэсэн. Энэ талаар?

-Эмч нар онолын үндэслэлтэй ярих ёстой. Одоогоор халуун саунд суугаад үргүй болно гэж би сонсоогүй. Эрчүүдийн үргүйдэлд төрөлхийн фемус өвчин, гэмтэл, гахайн хавдар гэх зэрэг зүйл ордог. Нас ахих тусам эр бэлгийн эсийн тоо, шингэний хэмжээ буурна.

-Бидний сэтгэл эмзэглүүлдэг зүйлийн нэг өсвөр насны охидын үр хөндөлт байдаг. Судалгаанаас харахад багагүй хувь нь үр хөндөлт хийлгэсэн байдаг шүү дээ?

-Хувийн эмнэлгүүд нууцаар зөвхөн мөнгөний төлөө үр хөндөлт хийж залуу охидын ирээдүйг баллаж байгаа. Үүнд хяналт тавихад хүндэлтэй байдаг. Нэг удаа үр хөндүүлэхэд нь 25-40 хувийн үргүйдэлд өртөх эрсдэлтэй.

-Өсвөр насны охид хэтэрхий эрт дотно харьцаанд орох нь үргүйдэхэд нөлөөлөх үү?

-Үрийн шингэн дотор их хэмжээний цагаан эс, нян хуримтлагдаж байдаг. Мөн прослядин гэх биологийн идэвхт бодис үрийн шингэнд агуулагдаж байдаг. Үүнээс шалтгаалж үргүйдэлд хүрэх магадлалтай. Халдвар авсан өсвөр насны охид өвчин тусаад ар гэрийнхэн болон мэргэжлийн эмчид мэдэгдэлгүй санаа зовж нууж явах нь хамгийн аюултай.

-Үргүйдэлд хүрэхэд хэрэглэж буй хоол хүнс нөлөөлдөг үү?

-Өнөөдөр яг тийм судалгаа байхгүй. Гэхдээ хар тугалга гэх зэрэг хортой бодис нь генетикт нөлөөлж болохоос биш үргүйдэлд нөлөөлөхгүй.

-Монголд үр шилжүүлэн суулгадаг ямар ямар эмнэлэг байдаг вэ. Үнэ ханшны тухайд?

-Монголд “Өүжүн мед”, “Анухай мед”, “CL” зэрэг хувийн эмнэлгүүд энэ төрлийн ажилбар хийдэг. Харин эх хүүхдийн эрүүл мэндийн төв нь албан ёсны газар юм даа. Төлбөр нь дунджаар 6.5 сая төгрөг болдог. Гэхдээ энэ нь 15-28 хувийн л үр дүнтэй байдаг учраас үр дүнгүй байх магадлал өндөр. Нэг удаагийн ажилбар амжилтгүй боллоо гэж үзэхэд дахиад 6.5 саяар үр шилжүүлэн суулгах шаардлага тулгарна гэсэн үг.

-Манай улсын гэр бүл бологсдын 15 хувь нь энэ төрлийн өвчинд нэрвэгдсэн гэсэн. Үүнээс харахад энэ төрлийн эмчилгээ үзүүлж байгаа эмнэлэг цөөн санагдаж байна?

Монголд байгаа үргүйдэлтэй хүмүүсийн 60 орчим хувь нь гадаадын орон руу явж үр шилжүүлэн суулгуулдаг. Харин үлдсэн 40 хувь нь дотоодын эмнэлгүүдээр үйлчлүүлдэг. Гадны оронд нэг удаа үр шилжүүлэн суулгах ажилбарт ороход 20 орчим сая төгрөгийн зардал шаардлагатай. Энэ их хэмжээний мөнгө гадаад руу урсч гарч байгаа нь харамсалтай санагддаг. Казахстаны Алматад гэхэд үр шилжүүлэн суулгах 20 орчим төв байдаг юм байна лээ. Энэ төрлийн эмчилгээ явуулахад нэг хүнд их цаг зарцуулдаг тул эмнэлгүүд ачаалалтай байдаг. Тиймээс олон хүнд үйлчлэхийн тулд олон төв шаардлагатай. Нийслэл өргөө амаржих газар энэ төрлийн үйл ажиллагаа явуулахаар төсөл бичиж Эрүүл мэндийн яаманд хүргүүлээд байгаа. Бидэнд эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс дутахааргүй мэргэжилтэн бэлтгэгдээд байгаа тул болохгүй зүйл үгүй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой 100 ортой эмэгтэйчүүдийн тасаг үйл ажиллагаа явуулах боломжтой. Бусад үр шилжүүлэн суулгах төвүүдээс давуу тал нь дурангийн мэс засал хурдацтай хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын жишигт нийцсэн эмчилгээг Улаанбаатарт авах боломж бүрдэнэ гэсэн үг. Монголд хоёр том төв зэрэг үйл ажиллагаа явуулснаар гадаадруу урсаж байгаа тэр их мөнгийг эрүүл мэндийн яаманд татах боломжтой. Мөн эмчлүүлэх боломжгүй шаналж байгаа гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломж бүрдэнэ.

-Та цистит эмчлэх шинэ технологийг нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Давсагны үрэвсэл буюу циститыг эмчлэх аргыг анх удаа Монголд нэвтрүүлж байгаа. Цистит нь дахин давталттай хурц цистит, завсрын цистит гэж байдаг. Цистит хөдлөхөд заавал бактерлогийн шинжилгээ өгдөг. Шинжилгээ авахад нян нь өөр өөр байж болно. Энэ нь хурц цестит. Харин нян үүсэхгүй давсагны хана үрэвсээд байхад үүнийг завсрын цистит гэж үзээд эмчилдэг. Дахин давталттай хурц циститийн нянгууд өөрчлөгдөх явцдаа давсагны ханыг гэмтээж болно. Нянгүй цистит байвал эмчилгээ нь өөрчлөгдөж нянгийн эсрэг эмчилгээ хийхгүй. Нянтай цистит байвал сэдрэх болгон дээр нянгийн үүсвэрийн шинжилгээ өгөөд түүнд тохирсон эмчилгээ бичиж байх шаардлагатай. Тиймээс ерөнхий эмчилгээ гэж байхгүй. Ер нь антибиотикийн замбараагүй хэрэглээ дархлаа сулруулж өвчин тусах гол шалтгаан болж байгаа. Бид антибиотик замбараагүй хэрэглэхийн оронд нянгийн үүсвэрийн шижилгээ өгөөд тохирсон эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг.

О.ДАШНЯМ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүхийн Засгийн газар сайхан “хоол”-ны нэр хэлж, бид түүнийг нь “савхадсаар” 100 хонолоо

Дээхнэ үед хоёр өлссөн аянчин “Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхадъя”гээд сэтгэлээ хуурч байсан тухай шог яриа байдаг. Энэхүү хошин явдлыг манай хууччуул цааш нь хөгжөөж “Хөөрхий савх барьсан аянчин сайхан хоолны нэр сонсоод хурдан, хурдан хий савхдаж, ам нь ангалзсаар байгаад муужирч унажээ” гэж ярьдаг байж билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирснээр яг үүн шиг байдал бий болоод байна. Тэрбээр сайхан, сайхан юм их ярьж байна. Түүнийхээр монголчууд диваажинд байгаа мэт. Амьдрал бүхэлдээ зовлонгоос ангижирч, ард түмэн гэдэс цатгалан, сэтгэл тэнүүн жаргаж байгаа бололтой юм уу даа. Уг нь энэ Засгийн газрыг анх байгуулагдахад шударга, зоригтой, шийдэмгий Ерөнхий сайдтай боллоо гэж нийгэм хөөрцгөөсөн. У.Хүрэлсүх ажлаа авангуутаа л улс төр дэх бугшмал ертөнцийг цэвэрлэж, бүхнийг шударгаар шийдэнгүүт амьдрал аяндаа цэцэглээд ирнэ гэсэн хүлээлт ард түмэнд байв. Гэтэл бодитой хийсэн юм алга. Намраас хойш давалгаалсан энэ шударга гэдэг яриа одоо л намжиж байна. Намдахаас ч өөр аргагүй явдал болж өнгөрлөө. Татварын хувь өсч, шатахууны үнэ нэмэгдэж, утаа, жавар тачигнасан зутруухан өдөр хоногуудыг үдлээ.

Сайхан амлаж гарч ирсэн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног өнгөрсөн даваа гаригт болж өнгөрөв. Түүний хэлсэн сайхан “хоолны нэр”-үүдийг ард түмэн хий савхадсаар байгаад муужирч унаж байна. Яриад л байдаг, ард түмний амьдрал дээрдсэнгүй. Ядахдаа сайдууд нь яасан ч увайгүй зан гаргадаг юм дээ. Хамгийн шударга сайд гэж нэрлэгдээд байдаг Хууль зүйн салбарыг толгойлдог Ц.Нямдорж нь “LX-570” маркийн 368 сая төгрөгийн үнэтэй автомашин унаад бидэнд гайхуулах юм. Улсдаа энэ мөнгө нь бага байж болно. Харин ард түмэнд сансрын тоо. Ер нь эрхэм төрийн түшээд шинэ, хуучин машин унахын ямар ялгаа байна вэ. Шинэ машинтай хүнийг дийлчихсэн, мундаг сайд гэх үү. Хуучин машинтайг нь доожоогүй, арчаагүй нэгэн гэж тохуурхана гэж үү. Ард түмэнд тэдний хийж байгаа ажлын үр дүн хэрэгтэй болохоос ямар тэрэгтэй байх нь огт падгүй. Иргэдийн халаас шавхагдаж, өдөр хоногийг өлмөн зөлмөн өнгөрүүлж байхад төрийн сайд хүн шинэ машинд ямбалж буй нь ядарсан ард түмнээ дорд үзэж, тохуурхаж байгаа хэрэг. Монголын төрд таван удаа сайдаар томилогдсон хижээл насны энэ эрийн нүдний ялгаа арилаагүй байхад бусад шинэ сайд нарын тухайд хэлээд ч нэмэргүй биз. Үнэндээ Ц.Нямдорж сайд шуналтай болохоор ингэж үнэтэй машин унаад байгаа ч юм биш. Монголчуудын байж байгаа царай л энэ. Бид угаасаа ийм хүйтэн сэтгэлтэй улс. Зөвхөн хар амиа бодсон, аминчхан үзэл нь хэтэрхий давамгайлсан. Өөрсдийнхөө хамаатан садан, танил тал, нутаг нугынхаа хүмүүсээс бусдад бол ямар ч хайр халамжгүй, цэвдэг ханддаг хойно доо. Энгийн нэг жишээ хэлэхэд, саяхан Ялалтын талбайд гарч байгаа цагаан идээний үзэсгэлэн худалдаанд манай хэдэн гишүүд, дарга нар очиж, нээлт хийлээ. Тэд орон нутгийн малчдыг дэмжиж хоёр сая төгрөгийн цагаан идээ худалдан авч утаатай бүсийн цэцэрлэгүүдэд өгнө гэж мэдэгдэв. Хачир дээрээ өөрийнхөө намын, сонгуульд нь идэвхтэй ажилласан нэр бүхий хүний цагаан идээг нь хамж авчээ. Монголчуудын хандлага ерөөсөө ийм л байна. Тийм ч учраас ард түмэн ядарч байхад Ц.Нямдорж сайд будаг нь ханхалсан машин унаж, кайфтай явна шүү дээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны асуудалд ямар хойрго хандав. Нийгмийн бухимдлыг барж байж, бүтэн сарын дараа арга хэмжээ авлаа. Одоо ч шатахуун тийм ч хангалттай олдохгүй байгаа. Засаг төр “Шатахууны үнийг нэмбэл яах нь уу” гэж удтал ажиглаж, тамирыг нь тасалж байгаад сая арга хэмжээ авмар аядах юм. Яг үүн шиг “Тэтгэврийн насыг нэмчихвэл манай хэдэн сайд шинэ машины мөнгөтэй болчих юм биш байна” гэдэг хандлагаар харж сая тэтгэврийн нас нэмсэн асуудлыг ярьж эхэллээ. Ард түмнийг шулж, дарлавал сайхан амьдардаг гэсэн бодол Монголын төрд нэгэнт тогтчихжээ. Түмэн олон хичнээн ядуу, тэнхээгүй байх тусам төр баригчдад төдий хэр ашигтай хувилбар мэтээр тэд оюун санаагаа кодолчихож.

Энэ Засгийн газрын хийхээр төлөвлөсөн ажлуудыг харлаа. У.Хүрэлсүхийн танхим 100 дахь хоног дээрээ мөн ч сайхан “хоолны нэр”-үүд хэлжээ. Дандаа л ирээдүй цаг дээр, чихэнд чимэгтэй жагсаалт гаргаснаа бөөн бөөнөөр нь ард түмэндээ дуудаж өглөө. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх юм гэнэ. Энэ ажилд 120 тэрбум төгрөг зарцуулна гэдгээ зарлав. Ардчиллаас хойш 20 гаруй жил яригдаж байгаа газрын тосны үйлдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар барьж байгуулна гэжээ. Хориннэгдүгээр зуун гарчихаад байхад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гэрэл, цахилгаангүй амьдардаг 5000 орчим өрхийг тогтой болгож өгнө гэж амлав. Багш нарын үр дүнгийн урамшууллыг 20 хувь нэмээд зогсохгүй, тэдний илүү цагийн цалинг сургуулийн төсөвт суулгахаар төлөвлөжээ. Сургуулиудыг гурван ээлжээр хичээллэхийг нь болиулна гэв. Өнөө жил 59 сургууль, 90 цэцэрлэг шинээр барьж цэцэрлэгийн ачааллыг багасгах юм байна. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулна гэх зэргээр Засгийн газар хийх ажлуудаа дэлгэлээ. Тэдний ирээдүй цаг дээр тоочиж буй эдгээр асуудлууд яг одоо энгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа. Тиймээс энэ сайхан амттай “хоолны нэр”-үүдийг ард түмэн хэдэн сар савхдах байх.

Хэдий хүртэл цатгалан мэдрэмжтэй явахыг мэдэхгүй. Харин жинхэнэ хийсэн ажил нь хаана очих бол. Тэр хүртэл уначихгүйн тулд мөн ч их тэсч байна даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гансаруулын “Манай нүүдлийн мал аж ахуй нүд хальтрам байна даа” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Есөн зуун мянган төгрөгөөрөө тов хийтэл Цагаан сараа гаргачихна гэв” өдрийн сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдтой хийсэн ярилцлагыг нэгдүгээр нүүрнээс үзээрэй. Тэрээр “Надад оффшорт хорин сая төгрөг нуух шаардлага байхгүй” гэжээ.

Арбитрчдын зөвлөлийн гишүүн, хуулийн зөвлөх Т.Алтангэрэлтэй ярилцжээ. Тэрээр “Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэрээс биш, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх хэрэгтэй” хэмээн тодотгон хэлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзсан талаарх сурвалжилгыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс хараарай.

Уг нүүрнээс “Н.Цэрэнбат сайд хууль зөрчсөн үү?” сурвалжилгыг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд Д.Гансаруулын “Манай нүүдлийн мал аж ахуй нүд хальтрам байна даа” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцсон юм. Тэрээр “Ерөнхий прокурорын байгууллагын дэргэд Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах шаардлага үүсч байна” хэмээн онцлон хэлжээ. Энэ талаарх сурвалжилгыг дөрөвдүгээр нүүрнээс харах боломжтой.

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс оффшор бүсэд нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг тайлбар хийж, ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардсаныг зургаадугаар нүүрнээс уншаарай.

Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэлсэн билээ. Энэ талаарх сурвалжилгыг XI нүүрнээс үзээрэй.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговь аймгийн иргэдтэй уулзав

ЗурагМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулан, орон нутгийн хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Энэ нутаг нь дуу хуур, гүүний айраг, хонины махны амт, чанараараа улсдаа тэргүүлдэг ч аймгуудын өрсөлдөх чадварын индекс, тэр дундаа эдийн засгийн чадамж, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж зэрэг үзүүлэлтүүдээрээ бусад аймгуудаас сүүлд орсон байна. Мөн Дундговь аймгийн зарим сумдад шүлхий өвчин гарсан учраас амт чанартай гэдэг махны борлуулалт нь ойрын ирээдүйд буурч, малчдын орлого буурах эсэхэд малчин өрхүүд нь санаа зовж эхэлжээ.

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт Төрийн тэргүүнийг иргэдтэй уулзах үеэр ч эдгээр асуудлыг иргэд олноор ярьж, Дундговь аймгийн цаашдын хөгжилд бусад аймгаас илүүтэй анхаарах ёстой гэж хэлж байлаа.

Тухайлбал, Дундговь аймгийн иргэн Гантулга “Манай аймгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч аймгийн цаашдын хөгжилд онцгойлон анхаарах хэрэгтэй байх. Аймаг энэ чигээрээ байвал татан буугдаж магадгүй. Сүүлийн жилүүдэд гарч байгаа хөгжлийн бүх үзүүлэлт нь сөрөг, муу гарч байна. Бүтээн байгуулалт, урт хугацааны хөтөлбөрт хамрагдахгүй байна. Ялангуяа, УИХ-ын сонгуулиас хойш бүрэн эрхийнх нь хугацааны тал нь өнгөрчихөөд байхад аймагт ч нэг ч барилга, байшингийн суурь тавигдсангүй. Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сүүлийн үед яригдах боллоо. Нэг хүн барьцаанд тавьж зээл аваад, түүнд нь Засгийн газар батлан даалт гаргачихсан. Эдгээр ээдрээтэй асуудлуудыг шалгаж, хариуцлага тооцохгүй бол Монгол Улс хөгжинө гэж би итгэж, найдахгүй байна. Тиймээс шударга, төрийн тогтолцоог сайжруулах тал дээр та анхаарч өгнө үү” гэлээ.

Мөн Дундговь аймгийн иргэн Галбадрах “Би улсад 40 гаруй жил ажиллаж байна. Зах зээлд ороод 30-аад жил болж байна. Энэ хугацаанд эрх баригчдад хулхидуулж, итгэл алдарч байна. Залууст ажил олдохгүй, хөгшид нь тэтгэвэрт гарахгүй байх юм. Жирийн ард иргэдийн хүүхдүүдэд ажил олдохгүй байна. Бензин, тосны үнийг нэмлээ, болилоо л гээд байсан эцэстээ бага зэрэг нэмэгдсэн шүү. Та авлигатай тэмцэх, 60 тэрбумын асуудлыг ярьж байсан. Үүнийг ард түмэн хүлээсээр байгаа шүү. Одоо улс эх орноо хөгжүүлье, үйлдвэр баръя гэж байгааг тань дэмжиж байгаа. Үүнээс гадна хуулиа хэрэгжүүлэх, шударга ёс л үгүйлэгдэж байна” гэв.

Мөн Дундговь аймгийн иргэн Дэлгэрсуурь “Би нэг их нарийн, сайн ярьж чаддаггүй. Гэхдээ төрийн бодлого буруу явж байна гэж хувь хүний дүгнэлтийг хэлмээр байна. УИХ-ын чуулганыг зурагтаар харж байхад 76 гишүүн харагдахгүй байна. 30-аад хүн байдаг юм уу даа. Хажуу ойрынхоо саналыг дараад байх юм. Энэ нэг их зөв, сайхан зүйл биш байх шүү. УИХ, Засгийн газар чинь ард түмнийх биш намынх л болоод байх шиг санагдах юм. Ард түмэн гэдэг бол бүгдээрээ шахуу өртэй болчихлоо. Энэ өрнөөс гарна ч гэж байхгүй, улам л нэмэгдээд байна. Бидний амьдрал хүндэрсээр эмийн, талхны мөнгөө дийлэхгүй болж байна шүү. Энэ асуудалд анхаарал хандуулмаар байна” гэлээ.

Сайнцагаан сумын 2-р багийн малчин Буянтогтох өвөлжилт, шүлхий өвчний асуудлаар “Зарим сумдад өвчин гарч, шатахуун, тосоо их л холоос авах шаардлагатай болж байна. Бага малтайгаа зууралдаж байтал бодоо алдчихсан малчид манай аймагт олон бий. Говь руу уруудсан мал хээл хаяж, өвс тэжээлгүй байгаа. Бүх малчин зээлтэй, мал нь банкны барьцаанд байдаг. Хавар болохоор нэлээд хүндрэх шинжтэй, яахаа мэдэхгүй болох байх гэж санаа зовж байна” гэсэн юм.

Мөн Дундговь аймгийн иргэн “Дундговь аймаг мал, малчин хоёрынхоо хүчинд л идэх хоол, өмсөх хувцастай яваа. Тэд байхгүй бол төрийн захиргаа, үйлчилгээ хумигдаж, аж ахуйн нэгжүүд цөөрнө. Нүүдлийн мал, аж ахуй манай аймгийн эдийн засгийн гол тулгаар байдаг. Гэтэл мал, малчин руу чиглэсэн бодлого алга. Дундговь аймаг халуун зунаар цэцэг өвчиндөө баригдсан. Одоо шүлхий өвчиндөө баригдаад долоон сум шүлхийтэй байна. Гэвч, вакцин алга байна шүү. Мөн хөл хорионоос болж шатахууны нийлүүлэлт зогссон нь малчдын амьдралд шууд нөлөөлж байна. Манай аймгийн мах амт, чанараараа бренд болж, малын ууц Улаанбаатарт маш өргөн хүрээнд, үнэтэй зарагддаг байсан. Гэтэл өвчин гарчихлаа. Малын мах, түүхий эдийн бүтээгдэхүүний борлуулалт буурна. Энэ асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, өгөөч гэж хүсмээр байна” гэв.

Харин Эрдэнэдалай сумын малын их эмч Дашбалдан “Бид мал, амьтнаа социалист нийгмийн үед 25 саяд хүргэх гээд чадаагүй. Одоо 70 сая дөхөж, бэлчээрийн даац алдагдаж байна. Малын хөлийн татвар авдаг байсан тогтолцоог эргээд сэргээх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхгүй бол малын чанар муудаж байна. Малын ноос, түүхий эдийн урамшууллыг ч гэсэн эргэж харахгүй бол үндэсний үйлдвэрт тушаах ноос ноолуурыг чинь Хятадууд аваад байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улс өрөнд ороогүй, эрх барьж байгаа хүмүүсийн ханаж чаддаггүй шуналаас л болж байгаа гэж бодож байна. Тиймээс Ерөнхийлөгч 60 тэрбумын асуудлыг шийдэж, оффшор дансанд байгаа мөнгийг оруулж ирэх хэрэгтэй” гэв.

Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Батбилэг “Монгол Улсад хариуцлага гэж зүйл байхгүй боллоо шүү. УИХ-ын индэр дээр Ерөнхий сайд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүнтэйгээ маргалдаж, нэгнээ “хулгайч” гэж дуудаж байна. Бүр “намын хөрөнгийг идсэн, нүүрсний хулгайч” гэж хоорондоо баримттай хэрэлдэж байна. Монголын ард түмэн бүгдээрээ сонсоод сууж байгаа шүү дээ. Гэтэл ямар ч хариуцлага алга. Мөн сая Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх гэж гаднаас 800 сая ам.доллар босгосон. Үлдсэн 300 сая ам.доллар нь хаана байгаа вэ, тэр мөнгөөр юу хийж байгаа юм бэ гэдэгт хяналт тавимаар байна” гэлээ.

Харин нутгийн залуусын төлөөлөл Буянжаргал “Монгол залуу хүний үнэ цэнэ алга. Жилд 30 мянга орчим залуу гадаад руу явж байна. Монголд нь үлдээх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, оюутны үнэ цэнэ гэж байхгүй. Гуравдугаарт, монгол хүний үнэ цэнэ алга. Энэ гурван үнэ цэнийг дээшлүүлж өгөөч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлэв.

Харин уулзалтын төгсгөлд Төрийн тэргүүн “Ард иргэдийн хэлэх гэж хүсдэг, хаа хаанаа яригддаг асуудлууд Дундговь аймагт ч гэсэн яригдаж байна. Бид та бүхний дуу хоолойг УИХ, Засгийн газарт хүргэнэ.

Та бүхэн өр зээл дарах асуудлыг сонирхож байна. Сонгуулийн үеэр АН хэрвээ намайг сонгогдох юм бол ард түмний өрийг тэглэх тал дээр анхаарч, санаачилгатай ажиллаарай гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийг би мартаагүй, биелүүлнэ. Миний тооцоолж байснаар оффшор бүст байгаа хөрөнгийг АТГ, прокурортой хамтраад оруулж ирэх, хоёрдугаарт, өдөр, шөнөгүй урд хөрш рүү байгалийн баялгаа гаргаж байгаа ч мөнгө нь орж ирэхгүй байгаад анхаарч, орлого нэмэгдүүлэх, гуравдугаарт, газрын доорх баялаг ард түмнийх. Энэ баялгийг Үндсэн хуульд заасны дагуу иргэддээ хуваарилаад ирэх юм бол иргэд өр, зээлээсээ гарах бүрэн боломжтой. Энэ талын хуулийн төслийг өргөн барихаар АН-ын УИХ-ын гишүүд ажиллаж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина.

Дөрөв, дөрвөн жилээр УИХ, Засгийн газраар тоглоод байх юм бол Монгол Улс хөгжихгүй. Сүүлийн 20-аад жил толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж явсаар хамгийн баян улс мөртлөө, хамгийн ядуу иргэдтэй боллоо. Намчирхалаа зогсоож, бизнесийн том бодлого төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.

Мөн Төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдол зэргийг нэг бүрчлэн судлан үзэж, дүн шинжилгээ хийх Ажлын хэсэг байгуулж, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг иргэдэд хэлэв.

Categories
мэдээ улс-төр

“Цэцэн түшээ-2” шатрын уламжлалт тэмцээн эхэллээ

Улсын Их Хурлын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн өнөөдөр /2018.02.05/ Төрийн ордонд болж байна.

Тэмцээнийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Шатрыг стратегийн, оюуны спорт гэж дэлхий дахинд үздэг. Манай бүлэг нэг жилийн хугацаанд шатрын спортыг хөгжүүлэх, ялангуяа өсвөрийн шатарчдыг дэмжиж, ирээдүйн их мастеруудыг бэлтгэн гаргахын төлөө багагүй зүйл хийлээ. Миний хувьд насанд хүрэгчдийн шатрын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Хэнтий аймагт зохион байгуулахад дэмжиж ажилласан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн санаачлага, дэмжлэгтэйгээр өсвөрийн шатарчдын дунд “Ногоон бэрс” тэмцээн зохиогдсон. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн дэмжлэгтэйгээр Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил Архангай аймагт зохион байгуулах гэж байна.

Энэ онд бидний хийх нэг чухал ажил бол Шатрын ордноо барьж эхлүүлэх явдал юм. Судлаад үзэхэд Казахстан, ОХУ, АБНЭУ, Катар, ОХУ-ын Халимаг гээд олон газар шатрын ордон байгуулж, оюуны спортыг төрийн бодлогынхоо цөмд байлган, ирээдүйн шатарчдаа дэмждэг юм байна. Бид ч ийм зорилготой ажиллаж байгаа” гэдгийг онцлов.

Тэмцээнд зөвхөн Улсын Их Хурлын гишүүд оролцох бөгөөд швейцарь системээр зургаан өрөг тоглох юм. Хоёр дахь жилдээ зорхиогдож буй энэ удаагийн тэмцээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Х.Болорчулуун, Г.Занданшатар, Ё.Баатарбилэг, Б.Саранчимэг, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Л.Энхболд, Ө.Энхтүвшин нарын зэрэг гишүүд ур ухаанаа сорьж байна.

“Цэцэн түшээ-2” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, нарийн бичгийн дарга Ц.Цогбаяр нар болон албаны бусад хүн оролцлоо.

Тэмцээн үргэлжилж, одоогоор гурав дахь өрөг эхлээд байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ бүтээн байгуулалт, хийх ажлынхаа талаар танилцууллаа

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар дүүрэг бүр өнгөрсөн онд хийсэн болон энэ онд хийх үйл ажиллагаагаа товч танилцуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг дарга товч танилцуулга хийсэн бол энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ өнгөрсөн оны бүтээн байгуулалт болон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав. Тэрбээр “2017 онд Сонгинохайрхан дүүрэгт “Хоггүй орчин эрүүл амьдрал” аяныг зарлаж, 166 үүсмэл хогийн цэгийг арилгасан. 121 дүгээр сургуулийн дотуур байр ашиглалтад орж, алслагдсан хороодын хүүхдүүдийг хүлээн авч байна. 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дууссан. Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн агааржуулалтын системийг шинэчилж дотор агаар шүүгч 13-ийг суурилууллаа. Жишиг эмнэлгийн барилгын ажил эхэлж 2019 онд ашиглалтад орно. Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км зам бүрэн шинэчлэгдсэн. Мөн 649.6 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажил хийгдсэн. Дүүргийн 8, 15, 16, 17, 24, 29 дүгээр хороонд камержуулалт хийгдсэн байгаа. Харин 2018 онд боловсролын салбарт нэлээд бүтээн байгуулалт өрнөх болно. Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгөөр 16, 23, 28, 32-р хороонд шинэ сургууль баригдана. Ирээдүй 1-р бага сургууль, ерөнхий боловсролын 9, 62, 65, 106, 107 дугаар сургуулийн бага сургуулиудын 320-640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга баригдана. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Содон хороолол, 25, 26 дугаар хороонд Кембрижийн сургалттай 640 хүүхдийн суудалтай сургууль баригдана. Улмаар шинээр 7 сургууль, 6 сургуулийн өргөтгөлийн барилга баригдсанаар 4000-6000 хүүхэд сургуульд хамрагдаж сургуулийн хамрагдалт 2019-2020 онд 100 хувьд хүрнэ” хэмээлээ.

Тус дүүрэгт агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр бүх шатанд ажиллаж яаралтай шийдэх, ЕБС, СӨБ-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхийн тулд Засаг захиргааны хувьд хороо, дүүргийг хуваах зэрэг өөрчлөлт хийх, дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр тогтвортой нэмэгдүүлэх зэрэг асуудал байгааг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга онцолж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай явуулахыг шаардав

ЗурагМУИС-ийн багш ажилтнуудын төлөөлөл тус сургуульд ёс зүй, ил тод байдал алдагдсан хэмээн мэдэгдэж, өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор Д.Дашдулам, “Сургуулийн ил тод байдал, ёс зүйн зарчим алдагдсан. Оюутнуудын төлбөр хаана юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй болсон. Бидэнд олдсон баримтаар бол энэ оны 1 дүгээр сард Захиргааны удирдлагын баг Эрдэнэт хот руу томилолтоор явсан байна. Хөтөлбөрийг нь харвал хийхээр төлөвлөсөн тодорхой ажилгүй, зөвхөн оройн хоол, хүлээн авалт, караоке, саун, амралтад зарцуулсан байх жишээтэй. Мөн тус сургуульд ирээд 4-5 сар ажилласан хүнийг МУИС-ийн хүндэт жуухаар шагнасан, Хангамж үйлчилгээний даргаар ажиллаж байсан хүнийг хэлний курст АНУ руу явуулахын тулд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн. МУИС-ийн удирдлага энэ мэтээр давуу байдал үүсгэж, Монгол Улсын зохих хууль дүрэм болон сургуулийн дотоод журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна” гэв.
МУИС-ийн багш Г.Элдэв-Очир, “Их сургууль гэдэг судалгаа шинжилгээний байгууллага, тиймээс бид засаглалын хувьд хараат бус байхыг шаардаж байна. Гэтэл өнөөдөр зарим өндөр албан тушаалтны хүүхдүүдийн кредитын тоо гүйцээгүй ч тэдгээрийг төгсгөж оюутнуудын эрх тэгш байдал алдагдаж байна. Багш нар хэн нэгний эрх ашгийн төлөө үйлчлэх ёсгүй” гэлээ.
Тэдний зүгээс МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай явуулж, хөндлөнгийн хяналт тавьж ажиллахыг шаардаж байгаа аж.
Categories
гадаад мэдээ

Пёнчанд “Олимпийн эвлэрлийн хана”-ны нээлтийн ёслол болов

ЗурагӨмнөд Солонгосын Пёнчан хотод олимпийн бэлэг тэмдэг болсон “Олимпийн эвлэрлийн хана”-ны нээлтийн ёслол өнөө өглөө болжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, “Олимпийн эвлэрлийн хана”-ны нээлтийн ёслолд Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах, “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ли Хэ Беом, Өмнөд Солонгосын Соёл, спорт ба аялал жуулчлалын сайд До Жон Хуан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

Энэхүү хананы загварыг Өмнөд Солонгосын архитектур И Жэ Сок “Хүмүүс хоорондын харилцаанд хана бус “гүүр” байх ёстой” гэж Ромын пап Фрэнсисийн хэлсэн үгнээс санаа аван гаргажээ.

Спортоор дамжуулан даян дэлхийд энх тайвныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эртний Грекийн үеэс “Олимпийн эвлэрлийн хана”-ыг олимпийн тосгонд олимп эхлэхээс хэд хоногийн өмнө байрлуулсаар ирсэн уламжлалтай бөгөөд олимпод оролцогчид үүн дээр сэтгэгдлээ бичиж үлдээдэг юм.

17 өдөр үргэлжлэх өвлийн олимпийн XXIII наадам энэ баасан гарагт эхэлнэ. Энэ наадамд дэлхийн 92 улс орны 2900 гаруй тамирчин оролцох бөгөөд тэд 102 алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд “The Japan Times”сонинд ярилцлага өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “The Japan Times”сонинд ярилцлага өглөө.

Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх талаар ойрын хугацаанд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, Монгол Японы найрамдалт харилцааны түүх, харилцаагаа өргөжүүлэх зорилтын тухай тэдний асуултад хариуллаа. Ирэх жилүүдэд Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Японы хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

“The Japan Times” сонин нь 122 дахь жилдээ тасралтгүй хэвлэгдэж, 40 гаруй мянган дугаараа уншигчдад хүргэжээ. Японд онлайнаар сард 1 сая орчим хүн уншдаг байна.

Тус сонин Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахаар төлөвлөж тусгай сурвалжчлагчдыг манай оронд ажилуулж байгаа гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ