Categories
мэдээ спорт

Өвлийн олимпод оролцох тамирчид Солонгос улсыг зорилоо

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XXII наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын цаначин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар дасгажуулагчын хамт өнөөдөр Солонгос улсыг зорин нислээ. Энэхүү олимп эхлэхэд гурван хоног үлдээд байна.

Манай тамирчдын хувьд Б.Ачбадрах маань энэ сарын 15-нд уралдах бол Ч.Отгонцэцэг маргааш нь олимпийн гүйлтийн цанын цасан замд гарах хуваарьтай байна. Мөн тус хотын “Альпесиа” гүйлтийн цанын төвд Македон улсын баг тамирчидтай бэлтгэл сургуулилт, цанын тослогоо, хувцас солих өрөөг хамтран ашиглах юм байна.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Содура” кино ОХУ-ын дэлгэцнээ гарч эхэллээ

Цаатан түмний ёс заншил, Монгол орны онгон байгаль жилийн дөрвөн улиралтай хослуулан бүтээсэн “UBS” телевизийн бүтээл “Содура” уран сайхны кино ОХУ-д өчигдөрөөс хүрч эхэлсэн байна. “Содура” кино нь ОХУ-ын Иркутск хотын Кино моллд 17 цагаас нээлтээ хийсэн юм.

“Содура” уран сайхны кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг нарын тэргүүтэй мэргэжлийн жүжигчид, Соёл урлагийн их сургууль болон Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын жүжигчид 150 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж хоёр жил гаруй хугацаанд бүтээсэн билээ.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч газартай холбоотой захирамжаа гаргаж эхэллээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч захирамж гаргахгүй байсны улмаас дүүргийн Газрын албанд иргэдийн газартай холбоотой асуудал сүүлийн хагас жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаад байсан билээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 1 дүгээр сарын 30 өдрийн А/21, А/22, А/23, А/24, А/25, А/26 дугаар захирамжаар эрх шилжүүлэх-191, хугацаа сунгах-383, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх-36 нийт 610 хүсэлтийг шийдвэрлэлээ.

Нийслэлийн Газрын албаны дарга тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчтэй хамтран ажиллахаар удаа дараа уулзалт хийсний үр дүнд ийнхүү иргэдийн газартай холбоотой хүсэлтийг цаашид хэвийн үргэлжлүүлэхээр боллоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

‘’Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал’’ сэдэвт сургалт болов

‘’Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал’’ сэдэвт сургалт боловХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал’’ сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Монгол Улсын Их хурлаас 2016 онд баталсан ‘’Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх’’-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр болсон уг сургалтад Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс, албадын удирдлагууд болон албаны бусад мэргэжилтнүүд хамрагдлаа. Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулж, нийгэмд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэднийг нийгмээс тусгаарлаж ялгаварлан гадуурхагдахаас хамгаалах зорилготой хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” өргөн дэлгэр боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн ОНӨҮГ хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Нийслэлийн иргэд, жуулчид Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцлоо.

Наадамд оролцсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн товчооны Гадаад харилцааны газрын дарга Жан Ян Ру сүүлийн жилүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газартай олон талаар хамтран ажиллаж байгааг онцлоод “Хоёр орны хооронд тусгай галт тэрэг, чартер нислэг үйлдэх болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Монгол ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье” гэв.

Хоёр хөрш орноос сур харвааны тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож, Монгол Улсын мастер, дэд мастер цолтнууд олноор төрсөн өрсөлдөөнтэй тэмцээнүүд болж өнгөрөв. ОХУ-ын болон ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошуунаас 4, Баруун үзэмчин хошуунаас 4, Зүүн Сонод хошуунаас 2 тамирчин Монгол Улсын мөсөн сур харвааны УАШТ-нд амжилттай оролцож харваач Х.Итгэл Монгол улсын мастер, ОХУ-ын Буриад Улсын харваач О.Б.Цыбикжапов МУ-ын мастер, Б.Ц.Цыремпилов МУ-ын дэд мастер цолыг хүртлээ.

ӨМӨЗО-ны Одон телевизийн сурвалжлах баг тус наадмын талаарх мэдээллийг бэлтгэн БНХАУ төдийгүй Буриад улс даяар цацсан нь Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчилсан өндөр ач холбогдолтой явдал боллоо.

Мөсний Шагайн УАШТ-нд Улаанбаатар хотын 7 дүүрэг, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Дорнод зэрэг 9 аймгийн нийт 200 гаруй харваачид оролцож, Талын харвааны төрөлд тэргүүлсэн Ч.Мандахбаяр МУ-ын Дархан мэргэн цол, Т.Нарангэрэл МУ-ын Мэргэн цолны болзол хангав. Цуваа харвааны төрөлд МУ-ын Дархан мэргэн Л.Жамсранжав тэргүүлж алтан медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Точ рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд Ангууч Арслангууд клуб тэргүүлж, Хөх Толбот Дайчид клуб дэд байр, Хан-Уул клуб гуравдугаар байрт шалгарав.

Наадмын параданд нийслэлийн төвийн 6 дүүрэг оролцож Монгол Үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээр олны нүдийг хужирлав. Тэргүүн байрын шагналыг баярын жагсаалын оролцоо, зохион байгуулалт, идэвх, санаачлагаараа онцгойрч Хан-Уул дүүргийн долдугаар хороо, дэд байрыг Сүхбаатар дүүргийн арван нэгдүгээр хороо, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн арван гуравдугаар хороо тус тус эзлэв.

Хамгийн сайхан үндэсний хувцастай хосын нэгдүгээр байранд Ш.Тайванбат, Д.Уртнасан, дэд байранд Б.Оюунбилэг, н.Мэргэн нар шалгарсан бол шилдэг хүүхдээр Э.Нямбаяр, хоёрдугаар байранд О.Билгүүн, гуравдугаар байранд Ц.Хажидсүрэн, н.Шүрсайхан нар шалгарлаа. Хоёр дахь өдөр болсон арга хэмжээгээр хамгийн сайхан дээлтэй хосын тэргүүн байрын шагналыг Д.Жамбад, Д.Хандсүрэн нар эзэлсэн бол дэд байрыг Г.Дэлгэрсайхан М.Баянжаргал, шилдэг хүүхдээр М.Хаш-Эрдэнэ, М.Тунамалцэгц, шилдэг оролцогчоор Ц.Ойдов, Д.Алтансувд нар шалгарч ивээн тэтгэгчдийн болон мөнгөн шагналыг гардан авлаа.

Хүрэлцэн ирсэн иргэд шатар, снөүбоард, тэшүүр, цана, параглайдинг, мөсөн хананд авиралт, Лэнд Крузер клуб үзэсгэлэн, парад, үзүүлбэрийг сонирхохоос гадна тэмцээнүүдэд оролцож өвлийн дугуй, нохой чаргаар гулгаж, цаа буга, тэмээ, морь зэрэг амьтадтай зураг даруулан амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлснээс гадна мастер тогооч нарын 3,5 метрийн диаметртэй том тогоонд бэлтгэсэн цуйвангаар дайлууллаа.

Мөн иргэд гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнүүдэд гэр бүл, хамт олноороо идэвхитэй оролцож ивээн тэтгэгчдийн болон мөнгөн шагналын эзэд болсон юм. Арга хэмжээний үеэр ардын урлагийн тоглолт, ёохор хатирах бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулав.

Арга хэмжээний ивээн тэтгэгчээр Сансар сүлжээ дэлгүүр, ПиСи молл, Дашваанжил газ ажилласан юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Уатфорд Челсиг талбайдаа хожлоо

Английн премьер лигийн 26 тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө явагдаж өндөрлөлөө. Энэ удаа Лондоны Челси Уатфордын “Викарэж Рөүд” цэнгэлдэхэд зочилж 4:1-ээр ялагджээ. Тоглолтын эхнээс Уатфорд илүү довтолсон тоглолт үзүүлж байсан нь 42 дахь минутанд үр дүнгээ өгч Троё Дийни торгуулын цохилтоос гоол оруулсан юм.

Харин 81 дэх минутанд Челсигийн Белги тамирчин Эден Азарын гоцлон тоглолт амжилттай болж гоёмсог гоолоор багтаа бэлэг барив. Үүнээс ердөө хоёрхон минутын дараа Дарел Янмаат Тибо Куртуагийн хаалгыг мялааж Уатфордод дахин тэргүүллийг авчирсан. Тэргүүллийг гартаа авсан талбайн эздийн гоол үүгээр дууссангүй. Делафеу, Роберто Перера нар гоолдож тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Челсигийн хагас хамгаалагч Бакаяоко 30 дахь минутанд улаан картаар торгуулсан нь хожигдлын гол шалтгаан болжээ.

Тоглолтын турш Уатфорд хаалгаруу 21 удаа цохьсон бол Чщлси долоон удаа цохьжээ.

Ийнхүү Уатфорд 30 дахь оноогоо авч 11 дүгээр байрт дэвшсэн бол Челси ялагдаж 50 оноотойгоор дөрөвдүгээрт бичигдэж байна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас эхлэх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Үдээс хойш эхлэх Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсох юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн үдээс хойш хуралдах баҮндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Categories
мэдээ улс-төр

“Цэцэн түшээ-2” шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн өнөөдөр /2018.02.05/ Төрийн ордонд болж өндөрлөлөө.

УИХ-ын гишүүд швейцарь системээр зургаан өрөг тоглов. Энэ жилийн тэмцээний “Уран өрөг” тусгай шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор УИХ-ын гишүүн Б.Саранчимэг гардлаа.

Нийт оноогоор УИХ-ын гишүүн Л.Энхболд тавдугаар байр, Х.Болорчулуун дөрөвдүгээр байр эзэлж, гишүүн Ё.Баатарбилэг хүрэл, Ц.Нямдорж мөнгөн медаль хүртсэн бол 2018 оны “Цэцэн түшээ”-гээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, алтан медалиар энгэрээ мялаав.

“Цэцэн түшээ-2” тэмцээний шагналыг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Баатар, гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, Ц.Цогбаяр нар гардуулж, баяр хүргэлээ.

Дашрамд дурдахад анхны тэмцээн 2017 онд болсон бөгөөд эрэгтэй шатарчдын тэргүүн байрт Г.Занданшатар шалгарч, эмэгтэй шатарчдаас Б.Саранчимэг тэргүүлж байжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“One ring scam” буюу “утасны дуудлагын залилан” дэлхий даяар тархжээ

-+231 3304 43301 +38763302666 ЗЭРЭГ ДУГААРААС ДУУДЛАГА ИРВЭЛ БҮҮ АВ-

Монгол Улсын үүрэн телефоны хэрэглэгчдэд сүүлийн өдрүүдэд олон улсын кодтой дугааруудаас дуудлага ирж байгаа талаар сошиалаар шуугих болов. Тодруулбал, +231 3304 43301 болон +38763302660 дугаартай Либери, Босни Герцеговин зэрэг газрын нэр бүхий дуудлага ирсэн тухай хүмүүс олон нийтийн сүлжээндээ бичиж байна. Зарим нь “дуудлага хүлээж авбал их хэмжээний мөнгө авдаг, хэрвээ ямар нэгэн зүйл асуухад тийм гэж хариулсан тохиолдолд дуу хоолойг нь ашиглан данснаас гүйлгээ хийдэг” гэх мэтчилэн бусдадаа анхааруулсан байна. Тиймээс бид энэхүү дуудлагын талаар мэдээлэл бэлтгэлээ. Олон улсын хэмжээнд эдгээр дуудлагыг “Оne ring scam” буюу залилан гэж үздэг байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Америкийн хэрэглэгчид Либери гэсэн дээрх дуудлагыг хүлээн авснаас болж хохирч байж. Тус улсын Харилцаа холбооны зохицуулах зөвлөл үүнтэй адил 45 гомдол хүлээж авсан байна. Энэхүү дуудлагууд утсаар ярих нь товчхон бөгөөд хариулт өгөхөд хангалттай цаг хугацаа өгдөггүй нь үүрэн телефоны хэрэглэгчдийг эргэж залгахад хүргэдэг байна. Хэрвээ хүмүүс буцааж залгасан тохиолдолд нэг минутад найман доллар хүртэл “унаж” байсныг “Journal” сонинд бичжээ. Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн тус сонинд ярилцлага өгөхдөө “Энэхүү залилангийн дуудлагын дугаарыг тодорхойлох аргагүй. Тэдгээр нь бидний өдөр тутам тохиолддог ердийн, танил болсон, газар зүйн байршлын дугаартай төстэй байдаг” гэв. Харилцаа холбооны зөвлөлийн мэргэжилтнүүд олон улсын үл мэдэгдэх тоо бүхий дугаараас дуудлага ирвэл авахгүй байхыг зөвлөдөг байна. Мөн танихгүй ижил дугаараас олон тооны дуудлага авахгүй байх, хоосон дуут мессеж байвал хариу өгөхгүй байх, өөрийн нэр болон картын дугаар зэргийг асуувал хариулахгүй байхыг зөвлөжээ.

ЭНЭ ТӨРЛИЙН ЗАЛИЛАН 2014 ОНООС ДЭЛХИЙН УЛСУУДАД ГАРЧ ЭХЭЛЖЭЭ

Олон ч монгол хүнд яг дээрх шиг гадны улсаас дуудлага ирсэн байх бөгөөд зарим нь утсаа аваад ярьсан, зарим нь эргүүлээд өөрөө залгасан тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэгэхээр энэ бол санамсаргүй тохиолдол биш, дэлхийд тархсан луйврын арга гэдгийг эх сурвалжууд мэдээлж байв. “One ring scam” буюу монголчилбол “Дуудлагын залилан” дэлхий даяар тархжээ. Тодруулбал, одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 оноос эхлэн энэ төрлийн залилангийн хэрэг дэлхийн улсуудад гарч эхэлсэн бөгөөд тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сэрэмжлүүлж, мэдээлэл түгээж байсан байх юм. Харин манай улсын иргэдийн хувьд утсанд нь ийм төрлийн залилангийн дуудлага ирж эхэлсэн энэ үеэс л дээрх залилангийн хэргийн талаар мэдэж буй бололтой. Энэ төрлийн залилангийн хэрэг ямар байдлаар явагддагийг иргэд та бүхэнд сэрэмжлүүлэн хүргэж байна. Танил бус, гадаадын ямар нэг улсын кодтой дугаараас таны гар утсанд дуудлага, мессэж ирвэл утсаа авч болохгүй, мөн хариу бичиж болохгүй. Мөн таны утсанд таньж мэдэхгүй гадаад дугаараас дуудлага ирсэн байвал эргүүлэн залгаж бүр болохгүй. Учир нь та ийм дуудлагыг авч хариулсан, эсвэл эргүүлэн залгасан тохиолдолд таны утасны төлбөр маш өндөр гарах эрсдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл та уг дуудлагыг аваад, эсвэл эргүүлээд залгаж ярьсан нэг минут бүрийн төлбөр 9-19, 95 доллар хүртэлх төгрөг төлбөр дээр шууд нэмэгдэх аюултайг дэлхийн хэвлэлүүд болон онлайн залилан судлаачид сэрэмжлүүлж мэдээлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид автомат залгагч ашиглаж дэлхийн өнцөг булан бүрт байх иргэдийн утас руу автоматаар дуудлага хийдэг аж. Ингэхдээ гурван байдлаар ханддаг байна. Нэгдүгээрт, таны утас руу дуудлага хийх бөгөөд утсаа авахаас тань өмнө тасална. Хоёрдугаарт, таныг утсаа авахад урьдчилан бичиж тохируулсан хэн нэг гадаад хүний дуу хоолойг танд сонсгоод утсаа тасална. Гуравдугаарт, таны утас руу асуудал гарсан гэсэн утга бүхий мессэж явуулна. Дээрх дуудлагатай холбоотой сошиалд олон иргэн сэтгэгдлээ үлдээж байна. Б.Баатархуяг гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч “Өдөр утсанд дуудлага ирээд дохих шиг болоод тасарлаа. Харсан чинь гадаадаас залгасан байна. Улсын кодыг нь мэдэхгүй код байна шүү. Хаанаас юм бол гээд гайхаад улсын кодоор нь хайж үзтэл Эквадорын Гвиней гэдэг улс гарч ирэв. Сонин санагдаад гайхаад “google”-ээр хайхад “One ring scam” гэдэг зүйл байдаг болохыг мэдэж авлаа. Хэрэв танд иймэрхүү дуудлага ирээд эргүүлэн залгах юм бол таны утсанд маш их төлбөр гардаг юм байна. Иймэрхүү зүйлсээс болгоомжтой байгаарай. Хулгайч, луйварчдын арга нарийссаар байна шүү…” хэмээн бичсэнийг маш олон иргэн шэйрлэж, нийтэд түгээжээ.

КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ ОДООГООР ГОМДОЛ ИРЭЭГҮЙ Ч СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

Энэ төрлийн залилагчид эргээд залгасан дуудлага бүрийг алдахгүй авдаг нь их хэмжээний мөнгө эргэлдэж байдагтай холбоотой аж. Иргэд энэ төрлийн дуудлага, мессэжийг авснаар иргэн танд банкны код, нууц үг, санхүүгийн мэдээллээ алдах эрсдэл тулгарна гэж зарим хүн ярьж байна. Гэхдээ энэ нь боломжгүй бөгөөд таны нууц мэдээлэл алдагдах аюулгүй. Харин таны төлбөр өндөр гарч, тэндээс ашиг олдог луйвар гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар эл төрлийн залилагчид ихэвчлэн 473 (Grenada), 268 (Antigua), 876 (Jamaica), 809 (the Dominican Republic), 375 (Belarus), 371 (Latvia), 284 (the British Virgin Islands) гэсэн улс орнуудын утасны кодыг ашиглаж дуудлага хийдэг байна. Хэрвээ таны утсанд энэ төрлийн дуудлага ирсэн байвал “code lookup” сайтаар орж аль улсаас залгасныг нь шалгах боломжтой ажээ. Дэлхий даяар энэ төрлийн залилангийн золиос болсон иргэд хууль хяналтын байгууллагад олноор ханддаг байна. Олон улсын эдгээр дуудлагатай холбоотой ямар нэгэн мэдээлэл байгаа эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, ахмад Ц.Баатархүүгээс тодруулав. Тэрбээр “Одоогийн байдлаар манай улсын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст энэ төрлийн залилангийн хэрэгтэй холбоотой ямар нэг гомдол мэдээлэл иргэдээс ирээгүй байна. Гэхдээ зөвхөн Монгол биш, дэлхий дахинд тархсан энэхүү дуудлагын залилангаас иргэд та бүхэн өөрсдийгөө хамгаалж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Э.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Өрхийн орлогод нийцсэн барилга барина гэвэл амбаар л барих байх

– ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НАЙДВАРТАЙ, ХҮРЭЛЦЭЭТЭЙ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ –

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Эрэл” группын ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Улаанбаатарын утааг арилгах, хөрсний бохирдлыг багасгах, ажлын байр бий болгох олон шийдлийг санал болгож байна.


-Танай “Байшин үйлдвэрлэх комбинат” сүүлийн үед хийсэн хамгийн том бүтээн байгуулалт болж байна. Та хэзээ энэ комбинатыг аваад, хэдийд нь технологийг нь шинэчилчихэв ээ?

-Байшин үйлдвэрлэх комбинат бол социализмын үед бидний амьдарч байгаа энэ хотыг барьсан үйлдвэр юм. 120 мянгат, 220 мянгат, төмөр замын саарал таван давхрууд, Сансарын таван давхар саарал байруудыг бүх үйлчилгээний төвтэй нь барьсан. Улаанбаатарын бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг манай үйлдвэрийнх. 1970-аад оны төгсгөлөөр технологи нь шинэчлэгдэн гурав, дөрөв, 13 гээд хотын бүх байшин хорооллыг барьж байгуулсан. 1990 онд одоогийн Соёлын төв өргөөг бариад оросууд буцсан юм. 1994 онд бид дуудлага худалдаагаар энэ үйлдвэрийг авснаас хойш 23 жил болж байна. Өнөөдөр бид Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор үйлдвэрээ шинэчиллээ. Ингэснээр Улаанбаатар хотдоо шинэ үеийн хорооллыг цогцоор нь барих боломжийг нээж байна. Дэлхий нийтээр хүн төрөлхтний барьж байгаа хамгийн сүүлийн үеийн технологи, архитектор, дизайнеруудын хийдэг бүх барилгыг барих боломжтой үйлдвэр.

Яг манайх шиг үйлдвэр Францад 115 метр өндөр цамхаг барьсан байна. Франкфуртын төмөр замын терминал, Герман, Хойд Америк, Энэтхэг гээд улс орнуудад бүх төрлийн барилгыг ийм үйлдвэрийн хийцээр барьж байна.

-Танайх Хөгжлийн банкнаас зээл авсан. Гэтэл өнгөрсөн жилээс цагдаа хүчний байгууллагаас танайхыг шалгаж эхэлсэн. Технологийн шинэчлэлийн бүх санхүүжилтээ Хөгжлийн банкнаас авсан уу?

-2013 онд Монгол Улсын Засгийн газар Чингис бонд гаргасан. Тэгээд урт хугацаатай хүү багатай зээлийг Хөгжлийн банкаар дамжуулж өгнө, та нар техник технологио шинэчилж, бүтээн байгуулалтад оролц гэж биднийг урьсан. “Улаанбаатар хотын 200 мянган гэр хорооллыг барилгажуул, танай үйлдвэр бол өнгөрсөн зууны Улаанбаатарыг тэр чигт нь барьсан. Одоо үйлдвэрээ шинэчилж, орчин үеийн хороолол, хот тосгон барь” гэсэн сайхан санал тавьсан. Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Барилгын яам, хотын захиргаанаас 2013 онд биднийг урьж зөвлөгөөн хийсэн. Тэр дагуу хийсэн бидний төсөл Барилгын яамнаас батлагдаж, УИХ-ын Бондын зөвлөлөөр орж шалгарсан. Дараа нь Засгийн газрын 180 дугаар тогтоолоор Байшин үйлдвэрлэлийн комбинатыг шинэчлэхэд зориулж Чингис бондын мөнгөнөөс 14 сая доллар хуваарилагдсан юм.

Одоо бидний зогсож байгаа энэ үйлдвэр бол 140 сая ам.долларын үнэтэй. Бүр шинээр байшингаа барьж үйлдвэрээ босгоё гэвэл 250-300 сая ам.доллар шаардах байсан. Яагаад хямд байгаа юм гэхээр хуучин барилга байшин, дэд бүтэц, төмөр зам, цахилгаан, дулаан, бүх шугам сүлжээ нь байсан учраас хямд босч байгаа юм.

Бид үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтын 10 хувийг нь Хөгжлийн банкнаас зээлж авсан. Гэтэл үйлдвэрээ ч барьж дуусаагүй байхад бондын мөнгө аваад идчихэж, банкны мөнгө аваад зугатлаа гээд шүүх цагдаагаар өнгөрсөн зунжингаа шалгууллаа. Гэр орныг маань хүртэл нэгжлээ. Манай туслахыг хүртэл аваачиж хорьсон.

Улс орных нь эдийн засаг хямралтай, зээлжих зэрэглэл буурсан орны хувийн компанийн захирал гадаадад очоод яаж зээл олох вэ. 126 сая доллар би хаанаас олох вэ. Тийм байхад танил тал гээд бүхий л арга чаргаа ашиглаж, тэр мөнгийг олж үйлдвэрээ бариад дуусгаж байхад 14 сая ам.доллар авч алга боллоо гээд шалгаад эхэлсэн. Одоо ч шалгаж байна.

-Байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орлоо. Байрны үнэ буурах байх гэсэн хүлээлт олон нийтэд байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Бид хамгийн орчин үеийн, чанартай, бат бөх, галд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихад нэг метр квадрат нь нэг сая хоёр зуун мянган төгрөгийн өртөгтэй байна. Одоо арай гайгүй чанартай гэгдэж байгаа байрны үнэ ямар байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

-Та үйлдвэрийнхээ талаар товч танилцуулаач. Сайн барилгыг хямд өртөгөөр барина гэхээр хүмүүс сонирхож байгаа байх?

-Үйлдвэр маань нийтдээ 20 га газарт байрлаж байна. 12 салаа төмөр замтай учраас түүхий эд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад болон дотоодын бүх хот тосгон руу түгээх боломжтой. Олон улсын болон улсын чанартай авто замтай шууд холбоотой ложистикийн тээврийн маш сайхан сүлжээтэй. Үйлдвэрийн үндсэн таван шат дамжлагаар барилгын бүх төрлийн хийц эдлэлийг үйлдвэрлэнэ. Үүнээс гадна дагалдах олон цех үйлдвэрүүдтэй. Цемент, элс хайргаа 24 цагаар гурван сар тасралтгүй ажиллахад хүрэлцэхээр нөөцлөх хэмжээний агуулах савтай.

Барилгын материалуудаас бетон зуурмаг хамгийн чанартай байх ёстой. Гэтэл манай одоогийн баригдаж байгаа барилгууд зуурмагийн үйлдвэрээс бетон зуурмагаа авч байгаа. Ямар гарал үүсэлтэй элс хайрга, цементээр хийсэн гэдэг нь тодорхой биш. Элс хайрга болгон барилга барьж зам тавихад тохирдоггүй. Бид бүх түүхий эдээ лабораториор хянаж үйлдвэртээ авдаг. Элс хайрга, арматур, цемент гээд бүгдийг нь дотоодын үйлдвэрээс түүхий эдээ авна. Хамгийн чанартай, галд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй байдлыг хангасан барилгын хийц эдлэлийг хийж байна.

Дотоодын 4000 гаруй барилга угсралтын компанид 100-гаад мянган хүн ажилладаг. Тэднийг бид хамгийн орчин үеийн барилга угсралтын хийцээр хангана. Зуны зургаан сар ажиллаад өвөлд нь зогсдог биш, өвөл зунгүй барилга барих боломж нээж байгаа. Бидний үйлдвэрлэсэн хийцээр шууд л лего тоглоом шиг байшин өрөөд барих юм.

-Тухайлбал, нэг байшинг хэдий хугацаанд барина гэсэн үг вэ?

-100 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн барилгыг иж бүрнээр нь 14 хоногт угсарна. Харин амины орон сууц гэвэл нэг айлыг 60м2 буюу ойролцоогоор 8\8 хэмжээтэй байшин барилаа гэж бодъё. Ийм хэмжээтэй гурван өрөө хувийн байшин хашаандаа барилаа гэхэд нэг хоногт 12 айлын байшин барьж өгч чадна.

-Хувийн орон сууц ч ялгаагүй адил үнэтэй юу?

-Галд тэсвэртэй, 100-гаас доошгүй жилийн насжилттай, өндөр чанартай ийм байшинг нэг метр квадратыг нь 1200 000 төгрөгөөр барих боломжтой. Үүнээс доош үнээр барих боломж байхгүй. Үнэ буувал чанар буурна. Дулаан алдах, цана цохих гэх мэт өнөө л асуудлууд дагалдана гэсэн үг. Манай төр засаг өрхийн орлогод нийцсэн байр барина гээд байдаг.

Манайх дунджаар 800-900 мянган төгрөгийн цалинтай. Түүнд тохирсон барилга гэвэл амбаар л барина. Арван жилийн дараа буцааж нураах, эсвэл байгааг нь шавардаж додомдох л байх. Бас дулаалга гэж яриад байгаа. Энэ бол арга ядсан хэрэг. Нэгэнт олон улсын стандартын ийм сайхан үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлж байхад дулаалга яриад сууж болохгүй. Бид гарч байгаа хийж байгаа эдлэл бүртээ чанарын сертификат олгоно. Жишээ нь, бидний барьсан сургууль 50 жилийн дараа найман баллын газар хөдлөлтөд ямар нэгэн гэмтэл гарвал бид хариуцлагыг нь хүлээнэ.

-Хариуцлага үнэхээр чухал. Улаанбаатарт баригдаж байгаа энэ олон барилгуудынхаа чанарт хариуцлага хүлээнэ гэсэн компани нэг ч байдаггүй…?

-Барилга барина гэдэг хүний амь яригддаг хамгийн хариуцлагатай ажил. Дэлхийн стандарт бол 100-гаас доошгүй жилийн насжилттай, чанартай барилгыг манайх шиг үйлдвэрээр хийцийг нь хийж, ард түмэндээ байшин барьж өгдөг. Манайд Барилгын тухай хууль байдаг ч үйлдвэр нь байхгүй учраас төдийлөн мөрддөггүй. Түүхий эд, хийцээ хаанаас авдаг, хэр чанартай, хэдэн жилийн баталгаатай эсэх нь ч тодорхойгүй байгаа. Энэ бол хамгийн аюултай. 1990 оноос хойш Улаанбаатарт баригдаж байгаа барилгууд бүгд айдастай байдаг. Бүгд л битгий газар хөдлөөсэй гэж залбирч байгаа.

Эрээнд Монголд зориулсан цементийн зургаан үйлдвэр байна гэдэг. Энэ нь Улааны цементийг Эрээний үнстэй холиод манайд авчирч зардаг. 30-40 хувь нь үнс. Үнэ багатай болохоор нь манайхан тэрнээс авч, дурын цементийн үйлдвэр зуураад барилгын компаниудад нийлүүлж байна. Ингэхээр барилгын багана, дам нуруу зэрэг нь хэр чанартай вэ гэдэг нь харагдана. Эрээнд дөрвөн төрлийн арматурын үйлдвэр байна. Харахад арматур боловч хаягдал зэвтэй төмрийг хайлаад л шууд арматур хийдэг. Улааны цемент, Бугатын төмрийн үйлдвэрийн дарга нар нь сая Монголд ирсэн. Хэрвээ манай Бугат, Улааны үйлдвэртэй гэрээ хийж, хашаанаас нь цемент, арматур аваагүй бол бид хариуцлага хүлээхгүй. Яагаад гэхээр Улааны болон Бугатын үйлдэрийн сертификат Хятадаар дүүрэн, худалдаж байдаг гэж анхааруулсан. Тийм чанаргүй түүхий эд орж ирэх вий гэдгийг бид эндээ хамгийн орчин үеийн лаботаториор хянаж байж үйлдвэртээ нэвтрүүлнэ.

-Өндөр хүчин чадалтай үйлдвэрээ нээчихлээ. Захиалга ирж байна уу. Эхний барилгаа хэзээ барих билээ?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд үйлдвэрээ нээсэн. Үйл ажиллагаа маань эхэлж л байна. Гэхдээ бид өнгөрсөн зун хоёр газар өгөөч гэж хүссэн юм. Үйлдвэрийн нээлт өвөл болох гээд байна. Тиймээс өвөл сургууль, цэцэрлэг яаж хэдхэн хоногт барьдгийг харуулъя. Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө газар өгвөл би сууриа хийгээд бэлдчихье. Үйлдвэр ашиглалтад орохоор би баруун Европын стандартаар манай цаг уурын орчинд нутагшсан, газар хөдлөлтөд тэсвэртэй тохилог сургууль, цэцэрлэг барья гэж санал тавьсан. Харамсалтай нь, газар олдоогүй.

Бид зөвхөн сургууль, цэцэрлэг, нийтийн болон амины орон сууц барих хэмжээний үйлдвэр нээсэн биш юм. Энэ бол иж бүрэн хот тосгон барих хэмжээний хүчин чадалтай. Баруун Европ болон дэлхийд хот тосгоныг барьдаг стандарт байна.

Автозамын сүлжээ, туслах замууд, үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэг, соёл олон нийтийн төв, эмнэлэг, цэцэрлэгжүүлэлт гээд иж бүрнээр нь барьдаг болсон. Хамгийн гол нь хүндээ зориулж барьдаг. Би хамгийн тав тухтай, амар амгалан, аюулгүй сайхан орчинд Монголын ард түмэн амьдраасай гэж хүсч байна.

-Маш сайхан үйлдвэр бэлэн болжээ. Мэдээж, төрийн зүгээс хүсэх дэмжлэг байгаа байх. Яавал таны яриад байгаа шиг чанартай, тав тухтай, хямд хорооллуудыг бий болгох вэ. Танд ямар дэмжлэг хамгийн чухал байна вэ?

-Дэмжлэг гэхээсээ илүү хамтын ажиллагаа юм л даа. Үндсэн гурван зүйл байна. Нэг нь, гэр хорооллоо хамтарч чөлөөлөх. Утаа гаргаад, жорлон бариад сууж байгаа хүмүүс би энэ янзаараа байна гээд суухгүй нь ойлгомжтой. Тэр хүний газар, хувийн байшинд нь тохирох хэмжээний байрыг үнэ төлбөргүй өгөхөөр сайн тогтоож өгөх хэрэгтэй. Бодит байдал дээр хашаандаа байгаа жижиг байшин бүрээ 100 сая гэж үнэрхээд, гэрт байгаа хүнийхээ тоогоор байр нэхээд байвал байдал энэ хэвээрээ л байна. Хэн ч тэнд байр барихгүй. Газар чөлөөлөлт бол их хүнд асуудал учраас би эхлээд дөрөв таван га хоосон газар өгөөч гэж хүсэж байгаа юм. Хоосон газар дээр 1000 айлын хорооллыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, засаг захиргааны барилгатай нь цогцоор нь барья. Нийтийн том арга хэмжээнд очдоггүй юм бол тэндээсээ гараад байх шаардлагагүй байх юм. Тэнд нь 16-18 хувь нь барилгажна. 80 гаруй хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөж байна.

Ядуу хүмүүст муу байр өгөх ёстой, өрхийн орлогод нь тохирох ёстой гэдэг буруу онол. Тэртээ тэргүй ийм чанартай эдлэл хямд гаргах үйлдвэр нь байхад үүнийгээ ашиглаад хотхоноо хийе. Өнөөдрийн манай хотын хамгийн сайхан тохижилттой хорооллоос ч илүү тав тух, ногоон байгууламжтай хийх ёстой. Барьчихаад гэр хорооллын эхний 1000 айлд санал болгоё гэж байгаа юм. Орохгүй гэх хүн гарахгүй байх. Тэр айлуудын чөлөөлсөн газар дахин хороолол барих гэх мэтээр үргэлжилбэл дараалал нь зөв болох юм. Бодит ажил хийгээд эхлэхээр хүмүүс ч ойлгож дэмжээд эхэлнэ.Тэгэхгүй бол 2020 онд энэ хэвээрээ сууж байна шүү.

-Орлого багатай хүмүүс шинэ байраа авах боломж нь хэр байх бол…

-Миний хүсч байгаа хоёр дахь зүйл бол ипотекийн зээлийн эх үүсвэрийг найдвартай, хүрэлцээтэй бий болгож өгөөч гэж байгаа юм. Өнөөдөр бид ард түмнээ ажилтай, ажилгүй гэж ялгах юм бол тусгаар улсын Засгийн газрын бодлого биш. Ажилгүй хүнээ ажилтай болгож байранд оруулъя. Хэрэв ажилгүй хүн байранд орвол хагас жилийн дараа л мөнгөө төлж чадахгүй хөөгдөөд гарна. Тийм учраас хороолол барьж байх явцад маш олон ажлын байр бий болгох бүрэн боломж байна.

-Яаж тэр вэ?

-Тэр зураг загварыг бид хийсэн. Жишээ нь, гэр хорооллын нэг гудамжинд 20-25 айл байдаг. Таван айлын газрыг нийлүүлээд аравны нэг дээр нь хамгийн орчин үеийн хоёр давхар таун хаус барьж өгье. Дээд давхартаа амьдарч, доод давхартаа үйлчилгээний газар нээж болно. Засвар үйлчилгээ гээд ажлын байраа хийж болно. Ерэн хувийн газар дээрээ төмс, лууван, манжин, байцаа, сонгиноо тарих юм. Өнөөдөр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр Японд манай бараа гаалийн татваргүй гарч байгаа. Тэнд ургасан хамгийн чанартай хүнсний бүтээгдэхүүнийг сайн савлаад 100 граммаар нь ч гэсэн савлаад Японд гаргая.

Үүнийг Хөдөө аж ахуйн яам, худалдааны яам нь хариуцаад хийх боломж байгаа. Зарим нь гүзээлзгэнэ, нэрс тариад экспортолно. Тэр талбайг нь, бүтээгдэхүүнээ савладаг шугамыг нь, яаж тарьдгийг нь бид бэлдэж, зааж сургаж өгөх ёстой. Түүнээс биш ийм хэмжээнд амьдарч байгаа ард түмнээ та нарт ийм арга байна, өөрсдөө хий гэвэл хэзээ ч бүтэхгүй. Ийм байдлаар ажлын байрыг бэлдэж, сургаад өгвөл хүмүүс цаашдаа өөрөө өөрсдийгөө аваад явчихна.

Болдог бол Солонгосоос ирэх 500 сая доллараа ипотекийн эх үүсвэр болгох хэрэгтэй. Түүнээс биш нэг хэсгээр нь зуух, нөгөө хэсгээр нь агаар шүүгч, үлдсэнээр нь амны хаалт хийвэл ямар ч үр дүнгүй алга болно. Энэ бүх саналаа би бичээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ойлгож дэмжинэ гэдэгт найдаад хүлээж байна.

Гуравт гэвэл, бид орон сууцны хороолол барилаа гэхэд хуулиараа дэд бүтцийг нь улс хариуцах ёстой. Цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугамыг нь улс хариуцаад явбал хамгийн орчин үеийн чанартай хот тосгон, хорооллыг хямд өртгөөр барих боломж нь бүрэн дүүрэн байна. Засгийн газар намайг дуудаад ард түмний өмнө үүрэг өг л дөө. Тэр үүргээ хугацаанаасаа өмнө биелүүлж чадахгүй бол би хариуцлага хүлээе. Би амласан хугацаанаасаа өмнө ажлаа хийж дуусгана. Хэрэв саяын хэлсэн гурван зүйлийг төр хариуцах юм бол би энэ жилийн аравдугаар сар гэхэд 1000 айлын орон сууцыг иж бүрэн хорооллоор нь хүлээлгэж өгье.

-Үнэхээр утаанаас салах шилдэг арга бол барилгажуулалт гэдэг ч өнөө л зуух яндан тараах тухай ярьж байгаад эгдүүцэх хүн олон байдаг?

-Утааны төгс шийдэл бол орон сууц. Зуух яндан бол арга ядсан ажил. Арван жил 280 тэрбум төгрөг зарцуулаад утаа 2.6 дахин нэмэгдсэн байна. Олон улсын шинжээчдийн судалгаагаар ийм үзүүлэлт гарсан. Нарийн ширхэгтэй тоосонцор бүр өссөн. Өнөөдөр дахиад л зуун яндан ярих юм бол эмгэнэл шүү. Энэ хотод таван жилийн дараа хүн амьдрах боломжгүй болно. Бидний ирээдүй бол үр хүүхдүүд маань. Тэд маань ургийн гажигтай, генийн өөрчлөлттэй төрж, зарим нь эхийн хэвлийдээ амьгүй болж байгаа нь хорт утааны нөлөө. Нас баралтын 15-20 хувь нь утаанаас шалтгаантай гэж судалгаагаар гарлаа. Агаарын бохирдол гамшиг болсон нь үнэн ч хамгийн аюултай зүйл бол хөрсний бохирдол. Хашаан дотор жорлон ухах газаргүй болсон. Гандангийн орчим бол өндөр хийдээ дагаад 100-гаад жилийн өмнө гэр хороолол бий болсон. Тэндхийн газар 3-4 метрийн дор тэр чигээрээ жорлон. Бид судалгаа хийгээд үзвэл Туул гол руу 2-3 метрийн гүнээр Улаанбаатарын жорлон урсаж байгаа. Гэр хороололд байгаа гүний худгууд бүгд бохирдсон.

Гадна дотнын донор орнуудын үзүүлж байгаа төслийн мөнгийг зуух яндан эсвэл дүрийг нь хувирган цахилгаан халаалт, агаар шүүгч оруулж ирвэл шийдэл биш. Төгс шийдэл нь барилгажуулалт.

-Өнгөрсөн долоо хоногт хотын удирдлагууд үйлдвэртэй ирж танилцсан. Тэд дэмжинэ гэнэ үү?

-Хотын удирдлагууд ирж үйлдвэртэй маань танилцах үеэрээ Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд нийслэлийн дагуул болон хаяа хот байгуулах, гэр хорооллыг барилгажуулахад манай өндөр чанартай хийц эдлэлийг авах боломж бүрдэж байна. Ер нь бүх талаар хамтарч, дэмжиж ажиллана гэж хотын дарга хэлсэн.