Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн шинэ байрны нээлт боллоо

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс нь өнөөдөр /2018.02.05/ шинэ байрны нээлтийн ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 23 дугаар тушаалаар тус хэлтэс нь байгуулагдаж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр ОСНАА-н 10 дугаар конторын харъяа 28 хүний ажлын байр бүхий барилга байгууламжинд байрлан үйл ажиллагаа явуулж байсан юм.

Цагдаагийн байгуулага алба хаагчийн хэвийн үйл ажиллагааг хангах ажиллах нөхцлийг бүрдүүлэх талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг Дарга, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газраас үе шаттай зохион байгуулж шинэ байртай боллоо.

Ёслолын арга хэмжээнд НИТХТ дарга С.Амарсайхан тэргүүлэгч С.Мөнхчулуун, тэргүүлэгч Д.Баярсайхан, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, ЦЕГ-ын санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг нарын дарга удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи, мансууруулах бодис хилээр хууль бусаар нэвтрүүлэн зарж борлуулж байсан этгээдүүдийг дайчлан баривчилж, саатуулан шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтсийн нохдыг ашиглан хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг хилээр хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг илрүүлэн, эд мөрийн баримттай нь дайчлан баривчиллаа.

Энэ хэрэгт 28 настай эрэгтэй иргэн М, 33 настай эрэгтэй иргэн Ш нарын хоёр этгээдийг Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар саатуулан шалгаж эхэллээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хууль сахиулах болон хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Сарангэрэл: Иргэдэд хөнгөлөлттэй эмтэй холбоотой үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй өгч байхыг үүрэг болголоо

Сүүлийн үед иргэдээс хөнгөлөлттэй эмийн талаар санал гомдол ирж байна. Үүнийг шийдвэрлэх үүднээс өнөөдөр эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа. Тэрээр хэлэхдээ МУ-ын засгийн газар иргэдийн дунд зонхилон тохиолддог өвчний үед ууж хэрэглэх эмийг 40-80 хувиар хөнгөлж өгсөн. Үүний дагуу сард ердөө хоёрхон өдөр худалдаалдаг байсан хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Гэвч энэ ажил амьдрал дээр төдийлэн хэрэгжихгүй иргэдийг бухимдуулж байна. Уг нь хөнгөлөлттэй эмийн санхүүжилтыг тасалдуулахгүй байхаар зохицуулсан. Тиймээс та бүхэн ойрын үед энэ ажлыг жигдрүүлэн ажиллах, иргэдэд хөнгөлөлттэй эмтэй холбоотой үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй өгч байхыг үүрэг болголлоо.

Үүний дараа ЭМДЕГ-ын Ч.Алтанхуяаг хэлэхдээ Даатгуулагчид шаардлагатай үедээ Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр чирэгдэлгүй үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эмийн зохистой хэрэглээ түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор манай газраас даатгалын гэрээ бүхий эмийн сангууд иргэдэд оршин суугаа харьяаллаар үйлчлэх зохицуулалтыг хийж Нийслэлийн эрүүл мэндийн газар болон нийслэл дүүргийн хэмжээнд даатгалын гэрээ бүхий 324 эмийн сангийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж зөвлөмж чиглэл өгсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалтай иргэд эмнэлгийн хэрэгсэлд хувиасаа төлж байгаа зардал нь тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг багасгах зорилгоор даатгуулагчийн мэс заслын тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу лавлагаа шатлалын төрийн өмчийн 8 эрүүл мэндийн байгууллага иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна. гэлээ.

Цаашид даатгалыг ард иргэдэд чирэгдэлгүй хурдан шуурхай чанартай хүргэхэд онцгойлон анхаарч эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд цахим системийг нэвтрүүлэх ажлыг энэ оны эхний улиралд эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Цахим систем нэвтэрснээр даатгуулагчдын хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, өөрийн эрүүл мэндийн даатгалын зардалд хяналт тавих, мэдээллийг тухай бүр цаг алдалгүй авах, эрүүл мэндийн даатгалын сан үр ашигтай зарцуулагдах, эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн хүлээгдэл багасах, даатгуулагч, даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл сайжирч үүнээс үүдэх олон бэрхшээл, хүлээгдэл чирэгдлийг шийдвэрлэх олон талын ач холбогдолтой юм.

Categories
мэдээ спорт

NBA-гийн эргэн тойронд

Төвийн тоглогч дутмаг буй Милуоки Бакс баг Брүүклин Нетсээс төвийн тоглогч Тайлер Зеллерийг авлаа. Тэрээр Бугануудын дутуу байсан байрлалыг нөхөж чадахуйц биеийн хүч сайтай өндөр төвийн тоглогч юм. Харин түүний оронд Буганууд Рашад Вонн, драфтын 2-р тойргийн эрхээ өглөө.

Сакрамэнто Кингс баг Жорж Хиллээр Тристан Томпсон, Иман Шамперт хоёрыг авах наймаа бараг 2 долоо хоногийн өмнө болсон байна. Юунаас болоод бүтэлгүйтсэнийг мэдэхгүй ч Кингс энэ солилцоог хийснээр ирэх улиралд 8 саяын хэмнэлт гаргах байж.

Бостон Сэлтикийн яхир хамгаалагч Маркус Смартыг Денвер Наггетс сонирхсон байна. Тэд зөрүүлэн Эммануэл Мудиег санал болгосон аж. Гэвч Селтиксийн хүсч байгаа зүйл нь драфтын нэгдүгээр тойргийн эрх юм.

Клэвланд Кавальерсчууд ДеАндре Жорданг авах тун боломжийн санлыг Клиппэрст тавьжээ. Тэд Брүүклиний Драфтын эрх, Тристан Томпсон, ЖР Смит нарыг солилцооны эсрэг цонхон дээр байршуулсан байна. Гэвч сэргээн босголтын ажилдаа ханцуй шамлан орсон Клипперсчүүд яаж зөвшөөрхөв. Смитийн гэрээ гэдэг чинь хөгжлийн том тушаа.

Гэмтлийн улмаас Аарон Гордон слам данкт оролцохгүй болжээ. Аарон Гордоныг орлож Донован Мичелл слам данкт орхоор болсон байна.

Уилли Хернангомез солигдох хүсэлт гаргажээ. “Тоглож л байвал хаана ч яахав” гэсэн байна. Сэлгээнд суусаар карьер нь балрах гээд байгаа тоглогч доо.

Атлатнтаг 100 хувь хожсон тоглолтоо алдсаны дараа Порзингис : “Бид тоглолтыг яаж дуусгахаа мэдэхгүй байна, бид тоглолтын төгсгөлд хэрхэн хожих вэ гэдгийг мэдэхгүй байна” гэж бухимджээ.

Саяхан Чикаго Буллз баг Никола Миротичийг Нью Орлэйнс Пэликанс руу солилцоогоор явуулсан. Харин түүний оронд бухнуудын эгнээнд нэгдсэн Тони Алленг ОКС Тандер авахаар ярилцаж эхэлжээ. Аянганууд хамгаалалттай л SG хайгаад байна. Гэмтчихгүй л бол тэд зөв хүнээ л тоочиглосон байна даа. Тэд хэд хоногийн өмнө Эвери Брэдлиг сонирхсон тухай мэдээ гарсан. Бодвол Клипперс зарахгүй гэсэн юм байлгүй дээ, угаасаа цалин ч өндөр.

Чикаго Бүллс Робин Лопез, Жериан Грант хоёрыг солилцооны блокт байршуулжээ. Сонирхсон багууд холбогд гэсэн үг дээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Африкийн “Стандарт” банкны өрийг С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү гээд төлөх эзэд нь бэлэн байна

Эдгээр нэр дурдсан эрхмүүд бол их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс. Энэ хүмүүст 100 сая ам.доллар юу ч биш. Өмнөх том том хэргийн эзэд шиг уснаас хуурай гарна гэж тооцож байгаа бол худлаа шүү. Алт диллерийн хэрэг, Айбекс-Моламын хэрэг, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Зууны луйвар, Хадгаламж банкны хэрэг, Ашигт малтмалын хэргүүд, Замын тендерийн хэргүүд, Төмөр замын хэргүүд… гэхчлэн төрийн өндөр албаныхан оролцсон дуулиант өчнөөн олон хэргийн ард хөнгөхөн гарч чадсан шигээ одоо энэхүү “Стандарт” банкны хэргээс бултана гэж байгаа бол “Цаг өөр болсон нөхөд минь, цагдаа нар зоригтой болсон” гэж хэлэх байна. Эдгээр хүмүүсийг эхнээс нь хамгаалж хаацайлах хандлага өчигдрөөс мэдрэгдэж эхэллээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбар өгөхдөө “Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Маргаан бол цэвэр “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банк хоёрын асуудал” гэж хэлэв. Түүнийхээр бол Эрдэнэт үйлдвэр бие даагаад ямар ч хамаагүй компанид батлан даалт гаргаж өгч болох юм байна. Засгийн газрын мэдлийн 51 хувь одоо 100 хувь болсон. Түүнийг Монголын Засгийн газар бус Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн дангаар мэдэж зарцуулах үүрэгтэй болсон гэж ойлгох уу. Төрийн өмчийн хороо чинь Монголын төр биш юм уу, Засгийн газар биш юм уу. Иймэрхүү учир нь үл ойлгогдох, төрд огт хамаагүй, хоёр компанийн хоорондын асуудал гэх зүйлийг Хууль зүйн сайд нь яриад эхлэв.

Ер нь бол дээрх нэр бүхий хүмүүс энэ асуудалд яагаад холбоотойг хүмүүс одоо мэддэг болсон. “Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2013 онд “Эрдэнэт”-ийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 102 сая ам.долларын зээл авсан байдаг. Тэр үед Ерөнхий сайд С.Баяр байсан. Төрийн өмчийн хорооны дарга нь Д.Сугар. Эрдэнэт үйлдвэрийн захирал нь Ч.Ганзориг. Энэ гурав бол шууд холбогдоно. Дээр нь тухайн үеийн УБТЗ-ын дарга Д.Очирхүүгийн нэр бас холбогддог. Учир нь зээлийн баталгаа гаргасан бүх бичиг баримтад эдгээр дөрвөн хүний гарын үсэг байдаг. Тэдний тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон. Төрийг төлөөлсөн эдгээр эрхмүүдийн гарын үсгээр Монголын төр 51 сая ам.доллар төлөхөөр болчихоод байна. Манай хууль хяналтынхан болохоор “гарын үсэг хуурамч” хэмээн тогтоож баларсан. Харин Лондонгийн Арбитрийн шүүх “гарын үсэг хуурамч биш” хэмээн тогтоож Монголын төрөөр 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэрээ сүүлийн бүх шатандаа гаргачихлаа. Өнөөдөр юу хамгийн бодитой үнэн гэвэл Эрдэнэтийн 51 хувь гадны “Стандарт” банкны барьцаанд байгаа нь л үнэн байна.

“Стандарт” банк энэ ялалттайгаа зэрэгцэн дээрх 51 сая доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, алданги зэргийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилжээ. Лондонгийн Арбитр уг нэхэмжлэлийг бас л хангаж зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс нэмж гаргуулан “Стандарт” банкинд олгохоор болсон байна. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр нь “Стандарт” банкинд /55 сая +44 сая/ нийтдээ 99 сая долларыг төлөх Арбитрын шийдвэртэй хоцорчээ.

Байдал нэгэнт иймдээ хүрсэн болохоор Монголын хууль хяналтын байгууллага одоо шударга ажиллаж юуны өмнө эдгээр нэр бүхий С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нарын таван хүнийг хэрэгт холбогдсон, бодитой нөлөөлсөн эсэхийг цаг алдалгүй тогтоох ёстой. Үнэндээ ард түмэн өнөөдөр өлссөндөө, ажилгүй, орлогогүй байгаадаа бухимдаад байгаа юм биш. Төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс сүүлийн 25 жил зогсолтгүй хулгай хийсэн, өнөөдөр ч луйвраа үргэлжлүүлсээр байгаад нь бухимдаад байгаа юм. Ард түмний энэ бухимдлыг тайл. Яаж тайлах вэ гэвэл С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нарыг шоронд хийх хэрэггүй. Шоронд хийвэл 60 нас хүрчихсэн наад нөхдүүд чинь үхчихнэ. Зүгээр л 100 сая ам.долларыг хувийн хөрөнгөнөөс нь гаргуулж төлүүл. Хэн илүү мэдээлэлд ойр байсан, хэн илүү эрх мэдэлтэй байсан нь Монголын төрийг шулж ирснийг эдгээр хүмүүст гэсгээл үзүүлж, өөрсдөөр нь төлүүлснээр бусад луйварчдад нь сургамж болог.

Ер нь бол дээрх 99 сая ам.долларын өрийг Эрдэнэт үйлдвэр, Монголын Засгийн газар төлнө, төлөхгүй гэж луу унжих боломжгүй юм. Олон улсад мөрдөгдөж буй хуулиар заасан хугацаа нь дуусангуут манай улсын гадаадад байршиж буй алт, валютын нөөцөөс үл маргах эрх зүйн зохицуулалтаар шууд “Стандарт” банкны данс руу шилжүүлчихнэ. Хэрэвзээ манайх гадаадад байршуулсан валютын нөөцгүй бол тухайн улс орны газар нутаг руу ордог дэлхийн практик байна даа. Жишээ нь, Тажикстан улс ийм нөөцгүй байсан учраас л хоёр жилийн өмнө Хятадад газар нутгаасаа тасдаж өгсөн.

Байдал буруугаар эргэвэл С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нараас болж Монгол Улсын Засгийн газар 99 сая ам,долларт (хүү, алданги нь өдрөөс өдөрт тооцогдсоор цаашид хэдэн зуун сая ам,долларт хүрэхийг мэдэхгүй) тэнцэх хэмжээний газар нутгийг тус банкны эзэмшилд шилжүүлэх нь. Сүүлийн 25 жил төрөөс хулгай хийсэн хэсэг бүлэг хүний луйвар явсаар газар нутгаа гадныханд хуулийн хүрээнд шилжүүлэн өгөх зам руу орж байгааг номхон ноомой Монголын ард түмэн мэдэж байна уу, үгүй юу. Гэхдээ энэ хэдэн хүнийг юуны туханд хүрэлгүй шоронд хийхийг урьдал болгож болохгүй. Яагаад гэвэл тэдэнд технологи бий. Учир нь шоронд хийсэн нэртэй нэг газар худгийн сахиул хэдэн сар хийлгээд гаргаад авчихдаг. Ялыг биеэр эдэлсэн нэртэй төлбөр тооцоог нь аргалдаг. Дээр нь тэдний нэр дээр ямар ч өмч хөрөнгө байхгүй. Хуулиар бол хувийн өмчөөс нь хохирлыг нь төлүүлдэг. Гэтэл нэр дээр нь, дансанд нь юу ч байхгүй байгаа нөхдүүдийг хуулиар бас цайруулчихдаг. Жастын Батхүү чинь одоо харагдах байдлаараа юу ч байхгүй амьтан шүү дээ. Тэгээд л хэргийг нь цайруулчихсан байгаа. Дээр нь энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж өмнөх хуулийн зүйл заалтыг ярьдаг ч байж магадгүй. Ш.Батхүү байцаалт өгч эхлэхдээ анхны бүх мэдүүлэг дээрээ дээрх нэр бүхий том дарга нарыг гарын үсэг зурсан гэж баталсан байдаг юм. Тэгснээ төд удалгүй мэдүүлгээсээ буцаж ганцаараа бүх хэргийг үүрсэн. “Би л ганцаараа буруутай. С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү нар ямар ч буруугүй. Тэд нарын гарын үсгийг би хуурамчаар үйлдсэн” гэж. Удалгүй Өршөөлийн хууль батлагдаж өнөөх Ш.Батхүү чинь суллагдан Англид амрахаар явчихсан юм. Мөн нарийн зохион байгуулалт шүү. Иймэрхүү нарийн ширийн зүйл рүү нь лавхан орвол дуусашгүй муухай мафи Монголын төрөөс үнэртэж бөөлжис цутгах учир орхиё.

Тэгэхээр одоо бодит байдалд зохицуулж асуудалд хандая. С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нарын хэрэгт холбогдсон эсэхийг хуулийн дагуу тогтоож, батлагдвал өмч хөрөнгөнөөс нь дээрх 100 сая ам.долларыг даруйхан төлүүлэх. Харин одоо төлөх өрийг цаг алдалгүй өнөөдөр ч хамаагүй Эрдэнэт үйлдвэр төлж барагдуул. Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын Засгийн газар хүлээн авсан. Шүүхийн нэхэмжлэлтэй үндсэн 51 сая ам.доллар дээр зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, алданги гэхчлэн нийт 44 сая долларыг нэмж “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан “Стандарт” банкинд олгохоор болсон байгаа. Энэхүү 44 сая долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган долларын хүү төлөх шийдвэр гаргасан байна. Сарын 900 мянган доллар гэдэг бол өдөрт 30 мянган доллар. Энэ нь монгол мөнгөөр сард 2.2 тэрбум, өдөрт 75 орчим сая төгрөг гэсэн үг. Зөвхөн хүүгийн төлбөрт сард 2.2 тэрбум, өдөрт 75 саяар нь сул төлөх нь. Энэ мөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэг барьж болно. Сард хоёр цэцэрлэг, гурван км замыг хүүгийн төлбөрт төлж байгаа мөнгөөр босгоод байх боломжтой боловч одоо үүнд бухимдаж суух цаг алга. Өнөөдөр ч болтугай Эрдэнэт үйлдвэр бүх мөнгийг төлчихөөд залгуулаад дээрх таван хүнийг хэрэгт холбогдсоныг тогтоож тэдний хөрөнгөөс дээрх төлбөрөө гаргуулж авах ажилдаа яаравчлан орох хэрэгтэй.

Б.НЯМАА

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаа нарт амны хаалт бэлэглэжээ

“HAPPY” ХХК нь Замын цагдаагийн албаны нийт алба хаагчдад сар шинийн баяраар ажил үүргээ хэвийн, амжилттай гүйцэтгэхэд нь тусалж дахин ашиглах боломжтой РМ2,5 шүүлтүүртэй 800 ширхэг амны хаалтыг бэлэглэлээ.

Өмнө нь Замын цагдаагийн албанаас гудамж замд үүрэг гүйцэтгэж байгаа 380 алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор “Мөнхийн цагаан жим” ХХК-тай хамтран 3000 ширхэг амны хаалтыг олгож байсан байна.

Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж. Гэтэл туршилтын үр дүнд авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их азотын давхар ислээр амьсгалж байгаа нь тогтоогджээ.

Г.МӨНХЦАЦРАЛ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: Бид ОУВС-г дан ганц байгууллага гэж харж болохгүй

Сангийн яам, Олон улсын валютын сан /ОУВС/ болон Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаар Сангийн яаманд мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жеофф Готлеб, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулаа.ОУВС-гийн ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хийхээр 2018 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Монголд ажилласан юм.

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа: “ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт эерэг дүн дагуулж байгааг хэд хэдэн тоон үзүүлэлтээс харж болно. Тухайлбал, Улсын эдийн засгийн өр таван хувьд хүрэхээр байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сулрах чиглэлтэй байсан байсан бол оны сүүлээр нэг тэрбум ам.доллар давлаа. Гадаад хуралдааны орлого нэг тэрбум ам.долларт хүрч, төсвийн орлого 680 тэрбум төгрөгөөр давж биелж, алдагдал буурсан байгаа.Шинэ Засгийн газрын зүгээс дотооддоо бонд гаргахгүй байх бодлого баримталснаар арилжааны банкнуудад 1.2 их наяд төгрөгийн богино хугацаатай бондын төлөлт хийгдэж, 120 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Бид ОУВС-г дан ганц байгууллага гэж харж болохгүй. Тус сангаар дамжин Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнууд бидэнд нааштайгаар хандаж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөөгөөр Монголын эдийн засагт “үүр цайсан” манай улсын зээлжих зэрэглэл ахисан хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлттэй холбоотой. Ер нь богино хугацаанд дорвитой арга хэмжээ аваад эхлэхээр эдийн засаг сэргэж байгаа сайн үзүүлэлт харагдаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа учраас бид зарим татварын нэмэгдлийг бууруулах зэргээр асуудлуудаа эргэж харж байна.Тухайлбал, ХХОАТ-ын шаталсан хэмжээг буурууллаа. Тэтгэвэрт гарах насан дээр бас өөрчлөлт гарсан байгаа. Одоо эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарахыг хүсвэл тэтгэврээ тогтоолгох эрхийг нь нээж өгөхөөр боллоо.Дараачийн асуудал нь төрийн албан хаагчдын цалин нэмэх явдал. Эдийн засгийн байдлаа харж байгаад инфляцтайгаа уялдуулан нэмэх шийдэлд хүрлээ. Гол нь ,бид эдийн засагт бий болж эерэг үзүүлэлтүүдээ тогтворжуулах нь хамгаас чухал. ОУВС болон тус сантай хамтран манай улсыг дэмжиж буй хөгжлийн түнш орнууд болох АНУ,Япон, БНХАУ, БНСУ-уудад талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Мэдээллийн үеэр ОУВС-гаас Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлие хэлэхдээ:“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн маш сайн байна.Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол чухал зүйл бол дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт байлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС бусад түншлэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Хөтөлбөрийн үр дүн гарч байгаад талархалтай байна. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойших хугацаанд Монгол Улсын ойрын хугацаанд төлөгдөх гадаад бондын төлбөрийг төлсөн, гадаад валютын нөөц нэмэгдсэн, Засгийн газрын өрийн хэмжээ тодорхой хувиар буурсан зэрэг гол үзүүлэлтийг онцолж байна.Энэ нааштай өөрчлөлтийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах харьцаа нэмэгдэж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад Монгол Улсын эдийн засаг ямар нэг эрсдэлд өртөх магадлал буурсан нь харагдлаа. Эдийн засгийн өсөлт сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой ч Засгийн газраас тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч чадсан гэдгийг онцолж хэлмээр байна. Гэсэн хэдий ч эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гээд цаашид эерэг хэвээр хадгалагдана гэх баталгаа болж чадахгүй. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа. Тухайлбал, экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх нь том эрсдэл авчрах магадлалтай. Тиймээс Засгийн газар энэ эрсдэлүүдээ тооцоолж тодорхой бодлогын арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй. Засгийн газар төсөв, мөнгөний бодлогоо зөв удирдаж чадвал эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Цаашид том төслүүд хөдлөх чиглэлд талууд ямар байр суурь баримтлах бол. Төслүүдийн хэрэгжилт хөтөлбөрийн нөлөөгөөр удааширсан, суларсан зүйл байгаа юу?

-Жеофф Готтлиеб: Хөтөлбөр нь өөрөө Засгийн газрын үйл ажиллагааны зорилт болон хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОУВС болон бусад донор орнууд, олон улсын байгууллагуудаас дэмжлэг үзүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд гарсан өөрчлөлтүүд нь ерөнхийдөө Засгийн газрын гаргасан шийдвэр байсан гэдгийг хэлмээр байна. Томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэх асуудалд ОУВС шийдвэр гаргахгүй. Бид зөвхөн эдийн засгаа сэргээх түвшинд зөвлөмж өгөн ажиллаж байгаа.

-Ч.Хүрэлбаатар: 2017 оны нэгдүгээр сард эдийн засгийн үзүүлэлт ямар байснаа эргээд санахад илүүдэхгүй. Эдийн засгийн үзүүлэлтүүд байнгын хөдөлгөөнтэй, бондын мөнгөө хандиваар дарах асуудал яригдаж байсан үе. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлтүүд нэлээд сайн сэргэж өгсөн. Энэ хөтөлбөр өөрөө анхнаасаа хад чулуугаар урлагдчихсан зүйл биш. Дэлхий асар хурдан өөрчлөгдөж байна. Тиймээс ч бид өнөөдөр зарим асуудлыг эргэж харж байгаа гэдгийг хэлмээр байна.

-Роляти татварын асуудлыг эргэж харах бодол байгаа юу? Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр дээр?

Жеофф Готтлиеб: Энэ асуултад ерөнхий байдлаар хариулмаар байна. Засгийн газрын хувьд ямар татварыг аль салбараасаа авах вэ гэдгээ өөрсдөө тогтоогоод авдаг. Татварын хувь хэмжээн дээр яг тоо заах боломжгүй байгаа. Тухайн улсын татварын бодлого нь эдийн засгийн орчинд чухал нөлөөтэй учир засгийн хүрээнд энэ асуудал яригдах ёстой.

-Хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Зарим оронд нь үр дүнгээ өгсөнгүй гэсэн дүгнэлт гардаг. Та бүхэн хөтөлбөрийнхөө эцсийн үр дүнг хэрхэн төсөөлж байна?

Жеофф Готтлиеб: Хоёрт талын хувьд өөрсдийнхөө хяналтад байлгаж чадах, хийж чадах асуудлуудад гол анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Засгийн газрын барьж буй бодлогод бид зөвлөмжөө өгөөд байна. Олон салбараас орлогоо бүрдүүлдэг асуудал дээр Засгийн газар анхаарч ажиллах учиртай. Бид энэ чиглэлд зөвлөмжөө өгөөд явна. Зарим улсад эдийн засгийг нь сэргээхийн тулд яг юу хийж чадах бэ гэдэг асуултынхаа зохистой хариуг олоход хэцүү байдаг. Харин Монгол Улсын хувьд жижиг эдийн засагтай учир экспортын орлогыг нь дэмжиж, эдийн засгаа өргөжүүлэх чиглэлд анхаарахад нааштай үр дүн гарна гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа.

-Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд яригдсан асуудлууд дээр хоёр тал нэгдсэн байрьт хүрч чадсан уу. Тухайлбал, хүүхдийн мөнгөний асуудал дээр ямар шийдвэрт хүрсэн бэ?

Жеофф Готтлиеб: Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дээр эцсийн шийдвэр хараахан гараагүй. Засгийн газар хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бусад донор орнуудтай зөвшилцөх юм.

-Ч.Хүрэлбаатар: Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бид Азийн хөгжлийн банк, Япон улсын зээлийн хэлэлцээрийг эргэж харах учиртай байгаа.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаан 09 цаг 59 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх явцад чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид улсын эрх олгох тухай заалтыг өөрчилж, улсын ахлах байцаагч болон улсын байцаагчийн эрхийг зөвхөн Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцалж байхаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Ажлын хэсгээс үзсэн болно. Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тухай дэгийн тухай хуулийн 23.2.3-ыг үндэслэн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэснийг “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэж өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалгахаар оруулж байгааг танилцуулгадаа дурдав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан нар асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-ыг үндэслэн Ажлын хэсгийн саналыг дэмжих эсэх талаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэв. Иймд Ажлын хэсгээс гаргасан “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Канад Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байна

Зураг2018 онд тохиож буй Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болгон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 1-ний өдөр ГХЯ дээр хүлээн авалт зохион байгуулав.

Монгол Улсын хувьд Канад нь Хойд Америк дахь чухал түнш, гуравдагч хөрш бөгөөд томоохон хөрөнгө оруулагч, манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж өдгөө өргөн хүрээнтэй түншлэлийн түвшинд хүрсэн зэргийг арга хэмжээний нээлтийн үгэндээ сайд Д.Цогтбаатар онцолсон болно.

45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2018 онд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг зохион байгуулах, Монгол, Канадын харилцааны түүхэн хөгжлийг харуулсан зургийн үзэсгэлэн гаргах, харилцаа, хамтын ажиллагааны тухай ТВ нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэх зэрэг улс төр, соёл, урлагийн арга хэмжээг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно.

Categories
гадаад мэдээ

Малдив улсын ерөнхийлөгч онц байдал зарлав

ЗурагМальдив улсын Ерөнхийлөгч Абдулла Ямен 15 хоногийн онц байдал зарлаж буйгаа даваа гарагийн орой буюу өчигдөр орой төрийн мэдлийн телевизээрээ дамжуулан мэдэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Онц байдал зарласнаас хэдхэн цагийн дараа тус улсын тусгайгийнхан Ерөнхийлөгч асан Момун Абдул Гаюмыг гэрээс нь хүргэнийх нь хамтаар баривчилжээ. Засгийн газрыг түлхэн унагаахаар хуйвалдсан гэх шалтгаанаар тэднийг баривчилсан байна.

Мальдивын одоогийн Ерөнхийлөгч А.Ямен мэдэгдэхдээ “Мальдивын бүх иргэн, манай улсад ажиллаж, амьдарч, аялж буй гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс онц байдал зарлалаа. Онц байдал зарласан хугацаанд хүмүүсийн тодорхой эрх хязгаарлагдана. Гэхдээ онц байдал нь бизнесийн салбарт, тухайлбал аялал жуулчлалын салбарт ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй” гэжээ.

Гэхдээ тус улсын улс төрийн хямрал сунжирвал аялал жуулчлалын салбар нь уруудаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Мальдивын эдийн засгийн гол хөдөлгүүр нь аялал жуулчлалын салбар бөгөөд 133 мянга гаруй хүн амтай тус улсад дэлхийн өнцөг булан бүрээс жилд 1.2 сая жуулчин очдог аж.

Сөрөг хүчний улс төрчид, тэдний дотор Ерөнхийлөгч асан Мохамед Нашид, Ахмед Адиб нарыг суллах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Дээд шүүх нь гаргаснаас хойш Мальдивын улс төрийн байдал тогтворгүй болж эхэлсэн байна. Улс төрийн ямар нэгэн оролцоогүй шударга шүүх хурал болох хүртэл тэднийг суллах хэрэгтэй гэж шүүхийн шийдвэрт дурдсан байжээ.