Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой энэ удаагийн сургалтанд Багануур, Багахангай, Налайх дүүргийн нийт 45 сайн дурынхан оролцож байна.

Иргэдэд аюулт үзэгдэл, ослоос хамгаалах, анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох тус сургалт 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг өнгөрсөн оноос эхлэн зохион байгуулсан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 21 аймагт 310 гаруй сайн дурын идэвхтэн иргэнийг бэлтгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Зүрх судасны өвлийн семинар зохион байгууллаа

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрхний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зүрх судасны өвлийн семинар”-ыг 2018 оны 02 дугаар сарын 01-ээс 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Люксембургийн Их Гүнт Улсын санхүүжилттэй “Монгол улсын Зүрх Судасны Үндэсний Төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү өвлийн семинарт орон нутгийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын зүрх судасны мэргэжлийн эмч нар, эмнэлгийн удирдлагууд болох нийт 140 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Жил бүрийн өвлийн семинарт оролцсон эмч мэргэжилтнүүд маань өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа ололт амжилт, зүрх судасны чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн болон Олон улсад зүрх судасны эмнэлзүйн практикт шинээр нэвтэрч буй оношилгоо эмчилгээний арга аргачлалын талаар хэлэлцэн, харилцан туршлага солилцож, зүрх судасны чиглэлээр тухайн жилд төслийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааныхаа чиглэл төлөвлөгөөг хэлэлцэн баталдаг уламжлалтай юм.

Энэ удаагийн семинар нь 3 өдөр зохион байгуулагдсан бөгөөд эхний өдөр орон нутгийн зүрх судасны эмч нарт MnCardio сүлжээний программ дээр хэрхэн ажиллах талаар интерактив дадлага сургалт зохион байгуулж, төслийн үйл ажиллагаанд орон нутгийн эмч нарын манлайлал, үүрэг оролцоо болон цаашид хэрхэн хамтран ажиллах тухай ярилцаж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцуулж хэлэлцүүлсэн. Хоёр дахь өдөр УГТЭ-ийн удирдлагын баг аймгуудын нэгдсэн эмнэлгийн дарга нарыг хүлээн авч зүрхний төвийн цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах санал солилцсон бол семинарын гурав дахь өдөр нь тус эмнэлгийн зүрхний төвийн харъяа 4 тасгийн зүрх судасны холбогдох мэргэжлийн 5 багийн эмч мэргэжилтнүүд, Дорноговь, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг болон нийслэлийн Багануур дүүргийн эмч нараас зүрх судасны чиглэлээрх боловсролын илтгэлүүдийг хэлэлцүүлж мэдлэг, туршлагаа харилцан солилцлоо.

Семинарын үеэр Зүрхний төвийн дэмжлэг санхүүжилтээр бүтээгдсэн “Зүрхний эмгэгийн үеийн хөдөлгөөн засал” сэдэвт интерактив видео сургалтын CD материалыг 21 аймгийн өрх, сум, нэгдсэн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй олгосныг аймгийн эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч нарт гардуулан өглөө.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Бигбэнг”/Big Bang/ хамтлагийн гишүүн Тэян жүжигчин Мин Хё Ринтэй гэрлэжээ

Өмнөд Солонгосын төдийгүй азийн алдарт “Бигбэнг”/Big Bang/хамтлагийн гишүүн Тэян өнгөрсөн бямба гарагт жүжигчин Мин Хё Ринтэй сүмд гэрлэсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хуримын ёслолоо хаалттай хийсэн бөгөөд хуримандаа зөвхөн гэр бүлийнхэн болон найз нөхдөө урьсан гэнэ.

Тэян, Мин Хё Рин нар нь 2014 оноос үерхэж эхэлсэн аж. Өдгөө 29 настай Тэян нь”Wake me up”, “Darling”зэрэг ганцаарчилсан уран бүтээлүүдийг туурвиад байгаа бөгөөд нийтдээ 10 гаран соло дуутай. Харин өдгөө 31 настай жүжигчин Мин Хё Рин нь 2016 оноос сурталчилгааны моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд тоглосон “Нархан” киногоороо Өмнөд Солонгостоо төдийгүй Азид ихэд алдаршсан нэгэн билээ.

Г.МӨНХЦАЦРАЛ


Categories
мэдээ соёл-урлаг

Гэгээн хайрын баяраар болох тоглолтууд

Удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байгаатай холбогдуулан УДБЭТ-т “BE MY VALENTINE” болон В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг, Улсын Филармонийн тайзнаа “I love you” концертууд тоглогдох гэж байна.

Тоглолтонд УДБЭТ-ын бүх уран бүтээлчид оролцож, уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барих ба тасалбар нь 10000-20000 төгрөгний үнэтэй. Харин Улсын Филармоний тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим, Удирдаач С.Саруул-Од /СТА/, Л.Насанбуян /СТА/, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Г.Тэнүүн, Б.Маралжингоо нар оролцож тасалбар нь 25,000 ₮ борлуулагдаж байна.

Г.МӨНХЦАЦРАЛ



Categories
мэдээ нийгэм

Хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Шүүхийн Тамгын газар энэоны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх, боломжоор хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх зорилгоор энэхүү гэрээг байгуулжээ.

“Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллага ньХүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны батламжтай, Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага бөгөөд 2017 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхардсан тоогоор 13, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхардсан тоогоор 3 удаа орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Иймд уг хэрэгцээ шаардлагыг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын дарга Н.Батхүү тус төрийн байгууллагын тэргүүн Л.Соёлмаа болон бусад төлөөллийг урьж уулзан, хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Цаашид талууд гэрээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх сургалт, уулзалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангахад чиглэсэн олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаан 10 цаг 19 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01, 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.

Тус хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар оролцсон байна. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын тодруулсны дагуу Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Дээрх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэжээ. Иймд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэц 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцжээ. Ингээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “… Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … хөрөнгө чинээ, …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, мөн зүйлийн 13 дахь заалтад “… Иргэний хувийн … нууц …-ыг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 17 дахь заалтад “… төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. …”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн дүгнэлт гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “… Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, …” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлт дэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна хэмээх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор тус бүр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир энэ талаар санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив


Хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээ. Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох, 0.4 хувиас дээш гарсан тохиолдолд жил бүр тогтоох зохицуулалттай. Одоогийн байдлаар 0.4 хувиас дээш гараагүй байгаа тул 2018-2020 онд манай улсад цагаачлан амьдрах иргэдийн тоог тогтоох саналыг оруулж байгаа гэлээ. Төсөлд 2018-2020 онд Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар, үүний дотор ОХУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, БНХАУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, бусад орны иргэд 40-өөс дээшгүй байх саналыг тусгажээ. Байршлын хувьд Улаанбаатар хотод 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт 4-өөс дээшгүй, бусад аймагт 2-оос дээшгүй байхаар тусгасан гэлээ.

Хуралдаанд оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн бүртгэлийн газрын дарга Ч.Нармандах, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Эрдэнбулган нар байв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, тодруулга хийв. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг “цагаач” гэж тодорхойлсон байдаг талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн дурдаад “Цагаач гэдэг нь орогнол хүсч байгаа биш, АНУ-ын ногоон карттай төстэй. Өөрийн улс орны иргэний харъяалалтай хэвээр байдаг. Тухайн гадаадын иргэний хүсэлт, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, цагаачлах хүсэлтэй хүний боловсрол, мэргэжлийг харгалзан үзэж байж хүсэлтийг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, шалгуур өндөр байдаг” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Байнгын хорооны даргын тодруулсны дагуу тогтоолын төсөл дэх тодорхой өөрчлөлтийн талаар тайлбар өгөв. Гишүүд төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал хураалт явуулахад “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан боловч Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлээгүй, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй, албан бус мөнгөн гуйвуулга эрхлэгчдэд тавих хяналтыг сайжруулаагүй гэх үндэслэлээр олон улсын санхүүгийн системд стратегийн эрсдэлтэй орон хэвээр байна гэж үзэн “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” оруулсан байна. Иймд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2014 оны зургаадугаар сард “хар саарал жагсаалт”-аас гаргаж байжээ. Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайлан батлагдсан. Үүгээр манай улсад 2018 оны аравдугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосонтой холбогдуулан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”- д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх юм байна. Иймд дээрх төслийг боловсруулсан бөгөөд хуулийн нэр томьёоны зарим тодорхойлолтыг ФАТФ-ын 40 зөвлөмжид заасан стандартад нийцүүлсэн, эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, уг ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэхэд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт гэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг тодорхой, хэрэгжихүйц байхаар, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нэг адил үйлчлэх талаар хуульд тусгахаар төсөлд тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан асуусан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар, Ж.Ганбаатар, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нарын асуултуудад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, дэд сайд Б.Энхбаяр, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар хариулт өглөө. Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжив.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдааны эцэст хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцдаг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулах саналыг Байнгын хороонд хүргүүлжээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээНийслэлийн Монгол Ардын намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд намын хорооны ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх ахмадын холбооноос 2018 оны нохой жилийн сар шинийн баярын хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр ийнхүү зохион байгуулав. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд “Монгол Улсын хөгжил дэвшил, залуу хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн нийслэлийн МАН-ын хорооны үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ нохой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Нийслэлийн намын байгууллагууд цаг ямагт ахмадуудын өмнө тулгамдсан асуудлаас тодорхой нэгэн санал боловсруулж төр засагт тавьж шийдвэрлүүлж ирсэн бөгөөд цаашид энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллах болно. Нийслэл хотын бүхий л ажлыг иргэдийнхээ хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүргэхэд ахмадуудын оролцоогүй, зөвлөмж, зөвлөгөөг авч ажиллахгүйгээр төгс төгөлдөр хийх боломжгүй юм. Нийслэл хотын хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалт нь үе үеийн нийслэлийн намын байгууллагад ажиллаж байсан та нарын ажил амьдралтай холбоотой гэдгийг бид сайн ойлгож, та бүхэнтэйгээ цаашид ойр дотно, холбоотой ажиллах болно” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татварын тайлан явуулах зөвлөмж

Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана. Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь түүнийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.

Татварын тайланд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна. Татварын тайланг гаргасан буюу ийнхүү гаргахад оролцсон этгээд уг тайланд гарын үсэг зурах бөгөөд хэд хэдэн этгээд хариуцсан үүргийнхээ дагуу тайлан гаргахад оролцсон бол ерөнхий нягтлан бодогч тайланд гарын үсэг зурна. Татвар ногдох зүйлийг бусдад шилжүүлсэн аливаа этгээд нь энэ тухай баримтыг шилжүүлэн авсан этгээдэд тухай бүр, татварын албанд шаардсан үед гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэй 11 машин мөргөжээ

Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт согтуу эмэгтэй жолооч машин барьж яваад арваад машин мөргөсөн зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд эд материалын хөнгөн гэмтлүүд учирсан байна.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр уг хэрэг Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд болжээ. Тодруулбал, амины “Lexus” маркийн автомашины жолооч эмэгтэй А нь “T.Land Criuser”, “T.Axio”, “T.Prius”, “T.Carina”, “S.Forester”, “T.Prius”, “T.Prius”, “T.Prius”, “T.Crown”, “T.Prius”, “T.Crouwn” гэсэн 11 автомашинтай мөргөлдсөн байна.

Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан бөгөөд драйгер үлээлгэхэд согтолтын зэрэг нь 2.07 хувьтай байсныг эх сурвалж мэдээллээ.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагавруудыг бий болгодог байна.

Categories
мэдээ улс-төр

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай болж өндөрлөлөө

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлал нь хоёр улсын зам тээврийн харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, манай улсын тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх болон Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийхээр төлөвлөж буй албан ёсны айлчлалын бэлтгэл ажил болж буйгаараа онцлог юм.

Айлчлалын эхний өдөр ЗТХ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн хүлээн авч уулзан, хоёрулсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлуудаар албан ёсны хэлэлцээ хийлээ.

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн хэлсэн үгэндээ “Хоёр улсын зам тээврийн салбарын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байна.Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулсан хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулах нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

Сайд Ж.Бат-Эрдэнэ Монгол улс нь БНХАУ-тай Зам тээврийн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагаатай явж ирсэнийг онцлон дурдаад цаашид ч хамтын ажиллагааны хүрээнд шийдэх хэд хэдэн асуудал байгаагаа энэ үеэр тавьсан юм.

Тухайлбал Монгол улсын уул уурхайн экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд Таван толгой-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэх чиглэлд хамтран ажиллах.

Мөн тус чиглэлд “Нүүрс тээвэрлэх авто замыг шинэчлэн сайжруулах, Гашуун сухайт-Ганцмод боомтоор хил нэвтрэхэд тээврийн хэрэгслийн дарааллыг багасгах, учирч буй хүндрэлүүдийг арилгах талд шуурхай арга хэмжээ авахыг хүссэн бөгөөд Ли Шяопэн сайд уг асуудлыг судалж ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын Төв, Хойд, Зүүн коридор, Азийн авто замын сүлжээний АН3 замын хэсэг болох Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн авто замыг шинэчлэх төслийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татаж, хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлаар тохиролцоонд хүрч 2018 оны хоёрдугаар хагаст нээхээр шийдвэрлэлээ.

Монгол Хятад хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Эйр Чайна” компанийн хооронд аялалын дугаар хуваан эзэмших саналыг дэмжин холбогдох арга хэмжээ авах.

Монголын агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй нислэгийг сунган Улаанбаатар-Улаан-Үд-Манжуур-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай зөвшөөрлийг олгож дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Мөн Үндэсний тээвэрлэгч “МИАТ” ТӨХК 2018 оны өвлийн улирлаас эхлэн БНХАУ-ын Чэндү, Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгааг дуулгаад энэ нь хоёр улсын аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг өргөжүүлэх чиглэлд томоохон алхам болно гэж үзэж буйгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ онцолсон юм.

Түүнчлэн хоёр улсын хооронд авто тээвэрлэлт нэмэгдэж буйтай холбогдуулан 2011 оны авто тээврийн хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх тээврийн яамд хоорондын протоколд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг хоёр талын ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж, энэ онд болох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо.

2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гурван улсын хамтарсан хорооны хурлыг 2018 оны эхний хагаст Бээжин хотод зохион байгуулахаар болов.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах зорилтын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Монгол Хятадын хилийн төмөр замын Ханги-Мандал боомтыг нээх, холболтын цэгийг тохиролцох асуудлуудыг хөндөн тавилаа.

Хятадын талаас эдгээр төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хоёр талхамтын ажиллагааны хүрээнд ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар тогтов.

Сайд нарын уулзалтын үеэр Монгол Улсын далайн захиргаа, БНХАУ-ын Далайн захиргааны хооронд туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр манай хоёр улс тээврийн бүх салбарт хамтын ажиллагаатай болж байгаа төдийгүй цаашид далайн тээврийн салбарт идэвхитэй хамтран ажиллахаар болж байна.

Агаарын тээвэрт БНХАУ-тай шинэ хаалга нээх, нислэгийн чиглэл нэмэх асуудлаар тохиролцоонд хүрлээ

Айлчлалын үеэр Ж.Бат-Эрдэнэ сайд Бээжин хотноо болсон “Ази, Номхондалайн орнуудын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын анхдугаарчуулга уулзалт”-д оролцож, илтгэл тавилаа. Тэрбээр “Дэлхийг холбох хамгийн хурдан, хамгийн том сүлжээ болох агаарын тээврээр зорчих зорчигчдын тоо уламөсөх хандлагатай байна. Агаарын тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, орчин үеийн навигацийн системийн хөгжил, нислэгийнаюулгүй байдлын олон улсын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд МонголУлс 2018 онд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төрөөс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, агаарын тээврийн салбараа үе шаттайгаар либералчлах, нислэгийн шинэ чиглэлүүд нээх, олон улсын агаарын тээвэрлэгчдийг МонголУлс руунислэг үйлдэхийгдэмжиж ажиллахболно.

Монгол Улсын Засгийн газраас Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай нягтхамтран ажиллаж, агаарын навигацийн үйлчилгээг тэргүүлэх орнуудын жишигт хүргэхээр орин ажиллаж байна гэдгийг онцолсон юм.

Хүн ам өсч, агаарын тээврийн хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед иргэний нисэхийн салбарт нислэгийн давтамж ойртох зэргээс үүдэлтэй аюулгүй байдлын асуудал дэлхий нийтэд тулгамдаад буй юм. Тиймээс асуудлыг сайд нарын хүрээнд илүү богино хугацаанд, далайцтай шийдвэрлэх зорилгоор бүс нутгийн хэмжээнд анх удаа тус уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Тус чуулга уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн 36 орны сайд, иргэний нисэхийн удирдлагууд, Олон улсын 8-н байгууллагын нийт 200 гаруй төлөөлөгч оролцож, тулгамдаж буй бэрхшээл, түүний гаргалгааг хэлэлцэж, Ази, Номхон далайн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын хамтарсан тунхаглалыг гаргалаа.

Дунзян боомт дахь10 га газарт “Тээвэр, ложистикийн төв” байгуулах ажлыг эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайдыг БНХАУ-д айлчлах үеэр Тяньжин хотын Ардын засгийн ордны дарга Жан Гоучин хүлээн авч уулзлаа. Тэрээр хоёр орны найрсаг харилцаа, зам тээврийн салбарын хамтын ажиллагаанд сэтгэл дүүрэн байдгаа илэрхийлж цаашид хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолсон юм.

Монгол улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж энэ үеэр хэд хэпэн асуудлыг хөндөн ярилцсаны дотор “Монгол Улсын агаарын тээврийн“Хүннү Эйр” компани УБ-Тяньжин-УБ чиглэлд нислэг үйлдэх эрхээ авсан. Энэ онд багтан нислэгээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд Тяньжин хотын Ардын засгийн ордоноос дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг хүслээ.

Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Ардын Засгийн газар хооронд 2009 онд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд талууд Тяньжин боомтын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт Монгол, Хятадын хамтарсан “Тээвэр ложистикийн төв” байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Тус 10 га газрыг 50 жилийн хугацаанд эзэмших, ашиглах суурь үнэлгээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож буй боловч Монголын тал хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадаагүйгээс төсөл өнөөг хүртэл зогсонги байдалд байсан юм.

Уулзалтын үеэр сайд Ж.Бат-Эрдэнэ “Монголын талын ажлын хэсэг уг төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран зохион байгуулахаар болсон. Ойрын хугацаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны нэг томоохон бүс болгоно гэдгийг хэлж Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Айлчлалын багийн бүрэлдэхүүн энэхүү уулзалтын дараа өөрийн газар дээр очиж танилцан 10-аад жилийн хугацаанд тодорхойгүй байсан газраа эзэнжүүлсэн юм. Энэ үеэр тус газарт байгуулах худалдааны чөлөөт бүсийн асуудлаар төлөвлөгөө гарган ойрын хугацаанд танилцуулахыг Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Д.Цэнгэлд үүрэг болголоо.

Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийн төслийг Ерөнхий Сайдын айлчлалын үеэр зурах хүсэлт тавилаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-д хийж буй албан айлчлалын хүрээнд БНХАУ-ын “Төмөр замын ерөнхий компани”-ийн Ерөнхий захирал Лу Дунфутэй уулзаж, хоёр орны төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ үеэр сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн онд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор 13.2 сая тонн ачаа нэвтрүүлсэн нь 2016 оноос 8 хувиар нэмэгдсэн. Мөн Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ-аас Европын чиглэлд 575 чингэлгийн буухиа галт тэрэг тээвэрлэсэн нь 2016 оноос 3 дахин нэмэгдээд байна. Эдгээр нь хоёр орны төмөр замын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж буйгийн илрэл юм” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Замын-Үүд-Эрээн боомт нь “Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн коридор”-ын төмөр замын Төв коридорын гол зангилаа цэг. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааны хэмжээг ойрын хугацаанд 10 тэрбум долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх боомт гэдгийг онцлоод, Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлж галт тэрэг солилцоог “Монгол-Хятадын хилийн төмөр замын зөвөлгөөний протокол”-оор талуудын тохиролцсон хэмжээнд хүргэж ажиллахыг БНХАУ-ын Төмөр замын ерөнхий компанийн ерөнхий захирал Лү Дунфугээс хүслээ.

“Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин БНХАУ-ын гадаад худалдаанд нээлттэй далайн боомтууд руу болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийн төслийг энэ оны нэгдүгээр сарын эхээр ЗТХЯ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Төмөр замын ерөнхий компанийн Гадаад хамтын ажиллагааны газрын дэд даргад гардуулан өгсөн юм. Тус хэлэлцээрийн төслийг судлан үзэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр гарын үсэг зурах саналтай байгаагаа сайд Ж.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр илэрхийллээ.

Мөн Төмөр замын Ханги-Мандал боомт нээх, холболтын цэгийг тохиролцох чиглэлд талууд хамтран ажиллахаар тохиролцов.

Энэ удаагийн айлчлалаар БНХАУ, Монгол Улс хоорондын зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг хоёр улсын салбарын төлөөлөгчдийн хүрээнд хэлэлцэж, дээрх асуудлуудаарбогино хугацаанд хоёр талын хамтарсан ажлын хэсэг гарган шийдвэрлэхээр тохиролцлоо.