Categories
гадаад мэдээ

Пёнчан хотын олимпийн бүсэд 36 хүн гэдэсний халдварт өвчнөөр өвчилжээ

Зураг2018 оны өвлийн олимпийн тоглолт болох Пёнчан хотын олимпийн бүсэд 36 хүн норовирус гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн талаар “Koreaboo” цахим хуудас мэдээлжээ.

Тус цахим хуудасны мэдээлснээр, Пёнчаны олимпийн наадмын үеэр ажиллах аюулгүй байдлын албаны хэд хэдэн ажилтан гэдэс нь өвдсөний улмаас сүүлийн дөрвөн хоногт эмчид хандах нь ихсээд байгаа аж. Үүнээс нийт 36 хүнийг норовирусын халдвартай гэж оношилсон байна. Ажилтнуудын ингэж олноороо бие нь тавгүйрхэх болсон гол шалтгаан нь ундны уснаас илэрсэн вирус болоод байгаа аж.

Пёнчаны өвлийн олимпийн наадам энэ сарын 9-25-нд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй болгов

Засгийн газрын хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр болж “Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй болгох, Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг эрчимжүүлэх, “Ноолуур” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй болгов

Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд дарамт болохгүй гэж Засгийн газар үзлээ.

Өмнөх журмаар зээлийн хамрах хүрээг нэмэгдүүлж, бүрдүүлэх материалыг нь цөөлөн, цахим хэлбэрт шилжүүлсэн. Гэвч хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй байна. Тодруулбал өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгожээ. Иймээс зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө, ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй юм.

Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй.

Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгохоор журамд заажээ.

Дээрх журмыг баталснаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “оюутан, суралцагчдад үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох” гэсэн зорилт бүрэн хэрэгжиж эхэллээ.

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлнэ

Хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан агентлаг байгуулах талаар судалж танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ажилтнууд болон ногоон бүсийн байгаль хамгаалагч нарт агаарын бохирдлыг бууруулахад хяналт тавих байцаагч, хороодын ахлагч нарт орон тооны бус байцаагчийн эрх олгохоор болов.

Нийслэлээс орон нутагт шилжин мал аж ахуй, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжин ажлын байраар хангаж, урамшуулах талаар судалж, саналаа танилцуулахыг сайд нар, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгалаа.

Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.

Цаашид түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бүсчлэн хориглож, сайжруулсан түлшний хэрэглээг дэмжин, халаалтын зуухнуудыг төвлөрсөн шугамд холбох юм.

Нийтийн тээврийн хэрэгсэл, таксийг хийн түлшинд шилжүүлэх, хийн болон цахилгаанаар ажилладаг автобус, троллейбус, таксийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дотооддоо нийтийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжинэ. Мөн гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээ бий болгох, барилгын ажлыг нь эрчимжүүлэх, борлогдоогүй байгаа орон сууцыг эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна.

“Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлснээр 3600 ажлын байр бий болно

Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо.

Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна.

Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргажээ.

Хэрвээ ноолуураа боловсруулж чадвал жилдээ 19,8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2,2-4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байна.

Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна.

Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр шийдвэрлэв.

Улаанбуудайн урамшуулалд зориулж өнгөрсөн оны төсөвт 14.9 тэрбум төгрөг тусгасан. 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгжийн нийлүүлсэн 128 мянган тонн хүнсний улаанбуудай урамшуулалд хамрагдах шалгуурт тэнцжээ.

Товч мэдээ

– Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

– Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудын талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороодод танилцуулахаар тогтов.

– Олон улсын санхүүгийн зах зээлээс Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэр, төсөл, хөтөлбөрүүдэд олгосон санхүүжилт, түүний эргэн төлөлт, зээлийн үлдэгдлийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

– Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, нягтлан блодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа:Оюутны сургалтын зээл хүүгүй болж, зээлдэгч ажлын талбар дээр гарсны дараа төлбөрөө төлдөг болно

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийн нөхцөлийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус зээлийн нөхцөлтэй холбоотой гарсан өөрчлөлтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, “Оюутны хөгжлийн зээлийн нөхцөлийг бүхэлд нь өөрчиллөө. Оюутны сургалтын зээл хүүгүй болж, зээлдэгч ажлын талбар дээр гарсны дараа төлбөрөө төлдөг болно. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр суулгасан ч таван тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнууд олгожээ. Уг зээлд одоогийн байдлаар 75 тэрбум төгрөг хуваарилсан. Энэхүү зээл нь 2.6-аас дээш голчтой амжилттай суралцаж буй залууст боломж болж очно” гэв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаан 14 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Иймээс Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасныг хууль зүйн хувьд илүү бататгаж өгсөн заалт гэж үзэж байгаа. Учир нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах субъект боловч хууль батлах субъект биш юм. Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.” гэж заасан нь Ерөнхийлөгчид ямар ч нөхцөлд зөвхөн Улсын Их Хурлаас хуулиар олгосон тодорхой бүрэн эрхээс бусад бүрэн эрхийг олгохгүй бөгөөд Ерөнхийлөгч ч өөрөө өөртөө бүрэн эрх олгох эрхгүйг тодруулсан заалт. Иймд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд хууль тогтоох буюу батлах бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд өөрөө хууль тогтоох эрх эдлэхгүй гэдгийг цэцийн хуралдаанд тайлбарласан.

Нөгөө талаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлтэй утга, агуулгын хувьд холбоотой бөгөөд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох бүрэн эрх нь Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хуралд хэвээр хадгалагдах эрх зүйн зохицуулалтыг хөндөөгүй. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайн бүхий болон дайны байдлын үед бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх тодорхой бүрэн эрхийг хуулиар тодорхой зааж өгсөн тул иргэний мэдээлэлд дурдсанчлан Ерөнхийлөгч өөрөө өөртөө хууль тогтоох гэсэн агуулгыг илэрхийлээгүй гэдгийг тайлбарласнаа тодотголоо.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас асуулт асууж тодруулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүн санал нэгтэй дэмжив. Цэцийн энэхүү дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуалдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн саналыг нэмж тусган төслийг батлахаар тогтов.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны зарим гишүүд саяхан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцаж, уг салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсоны үндсэн дээр “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиуд, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, батлан хамгаалах чадавхийг тогтвортой хангах зорилтын үүднээс Засгийн газраас зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж уг тогтоолын төслийг боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Falcon heavy” пуужинг автомашин зөөвөрлүүлж туршина

Америкийн Флорида мужид “Falcon heavy” пуужингийн туршилтын нислэг болох гэж байна. Тус пуужинг сансрын тээврийн үйлчилгээний SpaceX компани үйлдвэрлэсэн аж. Өмнө нь тэд Falcon-9 пуужингаа амжилттай газардуулах туршилтыг хийж байсан билээ.

Монголын цагаар маргааш 2 цаг 30 минутаас 4 цаг 30 минутын хооронд тус шинэ загварын пуужин хөөрөх юм. Энэхүү пуужин Ангараг гараг руу хүн болон ачаа тээвэрлэхэд ашиглахаар төлөвлөгдөж байгаа юм. SpaceX-ийн ерөнхий дизайнэр Элон Маск туршилтын нислэгийн үеэр өөрийн Тэсла Roadster загварын машинаа ачаа болгон хөөргөх аж.

Зохион бүтээгчид“Falcon heavy дэлхийн хамгийн хүчирхэг пуужин байх болно” гэж байна. Учир нь тус пуужин засгийн газар болонхувийн компаниудын нисгэдэг хиймэл дагуултай адил хэмжээний хүнд даацийн ачааг зөөвөрлөх зориулттай юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай газрын талаар “Гоо монгол” цуврал комик номыг бүтээлээ

Хүүхэд багачууддаа байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалахын зэрэгцээ Монгол улсын Улсын тусгай хамгаалалттай газруудын биологийн төрөл зүйлүүд болон газар нутгийн онцлог, ховордсон ан амьтан, түүх соёл, ёс заншил зэргийг сурталчилан таниулах зорилгоор “Гоо Монгол” хүүхдийн цуврал комик номыг бүтээж байна.

Энэхүү ном нь 20 цуврал гарахаас гадна гар утсанд суурилсан аппликэйшн бүхий хөдөлгөөнт онлайн ном, цахим хуудсаар хүүхэд багачуудад хүрнэ.

Гоо Монгол комик номын 1-р дэвтэр нь Хөвсгөл нуурын БЦГ-аар хийгдэж, ТХГ-ын цахим номын сан /http://ebook.mpa.gov.mn/i/2061/-д тавигдаад байна.

Харин 2-р дэвтэр нь Говийн их ДЦГ-уудаар аялах юм.

Цаашид комик номыг ерөнхий боловсролын сургуулиудаар түгээж, экологийн боловсрол олгохоор төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номуудтай танилцаарай

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгоод байна. Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог. Хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох ач холбогдолтой юм.

ШУА-ийн эрдэмтэд 2017 онд онд “Нар”, “Нарны аймаг”, “Жигмэд Тогмид хоёр жимсэнд”, “Элементүүдийн үүсэл”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Усан орчны амьдрал”, “Монгол орны цэцэгт ургамал”, “Ой модны экологийн ач холбогдол”, “Эртний улсууд”, “Гуравдагч хөрш”, “Хеликобактер”, “Хэл ба сэтгэхүй” зэрэг 11 хялбаршуулсан номыг хүүхэд багачуудад бариад байна. Энэ мэтчилэн гурван жилийн хугацаанд ШУА-иас эрхлэн гаргаж буй хялбаршуулсан 33 цуврал дугаар олны хүртээл болж байна. ШУА цаашид ЕБС-иуд, Нийслэлийн Боловсролын газар, багш, эрдэмтэдтэй хамтран 2018 онд уламжлал ёсоор 10 цуврал гаргахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ спорт

Гал сөнөөгч Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ

Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулагдсан “India Open” олон улсын боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 28-аас 02 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт 23 орны 240 гаруй тамирчин оролцсон байна.

Дашрамд дурдахад аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт нь 2014 оны Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын А зэрэглэлийн олон улсын тэмцээний алт, 2015, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим орчноос хүүхэд ямар мэдээлэл авч байгааг эцэг эхчүүд хянадаг болно

ЗурагАюулгүй интернетийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

ГБХЗХГ-ын дарга Б.Халиун энэ үеэр хэлэхдээ, “Хүүхэд цахим орчинд юу хийж байгааг мэдэх боломжгүй байдаг. Харин олон улсад “Family lock” программыг ашиглан хүүхэд нь ямар мэдээлэл авч байгааг хянах боломжтой. Энэхүү программыг бид Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран энэ онд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдүүдтэйгээ цахим технологийг хариуцлагатай, хүндэтгэлтэй, бүтээлчээр ашиглах тал дээр зааж зөвлөж нээлттэй ярилцдаг байхыг уриалж байна” гэв.

ЦЕГ-ын Хүүхдийн тасгийн дарга Д.Будзаан, “ Өнгөрсөн онд интернэт цахим орчны гэмт хэрэгтэй холбоотой 228 гомдол ирснээс дийлэнх нь бусдын нэр хүндийг гутаан доромжлох, садар самуунд уруу татах, залилан мэхлэх шинжтэй гомдлууд байсан. Үүнээс 21 гомдолд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд бүртгэлтэй 400 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Стандартын нөхцөл хангаагүй зарим газруудтай холбоотой гомдол ирж байгаатай холбогдуулж нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагаас энэ сарын 25-ныг хүртэл хяналт шалгалт явуулж, зөрчилтэй газруудын үйл ажиллагааг хаах арга хэмжээг авна. Одоогийн байдлаар зөрчилтэй 24 газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.

Аюулгүй интернетийн өдрийг 2004 оноос Европын орнууд тэмдэглэн эхэлсэн бол өнөөдөр дэлхийн 130 гаруй орон эл өдрийг тэмдэглэх болжээ. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ач холбогдол нь тоон технологийн ололт дэвшлийг эерэг байдлаар ашиглах боломжийг хүүхэд залууст ойлгуулах, цахим орчныг аюулгүй байдлыг хангах явдал юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийхийг уриалав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо.

Нэр бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэсэн экобус, агаар шүүгч, сав, баглаа, боодол, хүнс, нийтийн хоолны тоног төхөөрөмж, автозам, барилга, хог хаягдлыг дахин боловсруулах, эрдэс чулуулаг, автомашины эд анги зэргээ үзэсгэлэнд толилуулж байна.

Аж ахуйн нэгжийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж ирдэг тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, бэлэн болсон бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Тэрээр “Төр бол хамгийн том худалдан авагч. Төрийн хөрөнгө оруулалтаар авах бараа, бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгож байх нь зүйтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, аж ахуйн нэгжүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг сайд нартаа чиглэл болгоно. Иргэддээ ч уриалж байна” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.