Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаж байна. Тэрээр орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулна. Мөн тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

Ерөнхий сайд томилолтынхоо үеэр Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий иргэдэд цол, өргөмжлөлийг нь гардуулж, хэд хэдэн сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Надад оффшорт хорин сая төгрөг нуух шаардлага байхгүй

Related image

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдтой ярилцлаа.


-Та УИХ-ын гишүүний хувьд Засгийн газарт хоёр асуулга тавьжээ. Заавал яагаад 1072 хувьцааг онцолсноос ярилцлагаа эхлэх үү?

-Сая Засгийн газар “Эрдэнэт”-ийн 10 хувийг иргэдэд өмчлүүлэх шийдвэр гаргаж байх шиг байна. Энэ шийдвэрийнхээ үнэ цэнийг олон түмэнд бодитой мэдрүүлэхийн тулд эхлээд Тавантолгойн 1072 хувьцаагаа амилуулж, иргэддээ ногдол ашиг хуваарилах хэрэгтэй. Манай Засгийн газар анх 1072 хувьцааг тарааснаас хойш таван жил болж, дөрөв дэх Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Өмнөх Засгийн газар бүгдээрээ л 1072 хувьцааг амилуулна гэдэг байсан боловч аль нь ч бодитой, иргэдэд үр дүнгээ өгсөн ажил хийж чадсангүй.

Энийг би хийх хүсэлгүйдээ юм уу, эрхзүйн орчингүй учраас, иргэдээ мөнгөжүүлэх сонирхолгүйдээ хийхгүй байна гэж бодохгүй байгаа. Нэг л аргаа олохгүй, зориглож чадахгүй байгаа юм болов уу гэж хардаг.

Уг нь Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад бүх үйл явц цаашаа төр, засгийн ямар ч оролцоогүйгээр өөрөө явчихна. Зах зээл өөрөө зохицуулчихна гэсэн үг. Жишээ нь, хэрвээ 1072 хувьцаандаа ногдол ашиг хуваарилж байсан бол эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэдэд санхүүгийн хувьд хувь нэмэр болох л байлаа. Өнөөдөр Тавантолгойн ордыг газрыг эзэмшигч төрийн өмчийн Эрдэнэс-Тавантолгой компанийн 14 орчим хувь нь ард иргэд, дотоодын аж ахуйн нэгжүүдийнх.

Энэ компани 2017 онд зөвхөн хагас жилийн дүнгээр бараг 300 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 300 тэрбум төгрөгийн 14 хувь нь 42 гаруй тэрбум төгрөг. Агуулгын хувьд өөр ч гэсэн эдийн засгийн ач холбогдлыг нь авч үзвэл төрийн албан хаагч нарт 300 мянган төгрөг өгөхөд 50 тэрбумыг улсын төсвөөс зарцуулж байгаатай бараг дүйцэх хэмжээний мөнгө. Иргэд 1072 хувьцаанд ногдох ашгаа авах нь авна, Хөрөнгийн бирж дээр арилжих нь арилжина. Иргэд өөрсдөө эдийн засгийн харилцаанд, 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж эхэлнэ. Тэгэхээр хөрөнгийн бирж дээр 1072 хувьцааг арилжих ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг асууж байгаа юм.

-Хувьцаа арилжиж эхлэх нь ногдол ашиг хүмүүсийн гарт очихоос өөр ямар давуу талтай вэ?

Нэгд, Хөрөнгийн бирж дээр 1072 хувьцааг арилжиж эхэлснээр зарах нэг нь зарж, урт хугацаанд хувьцааны ногдол ашиг авахаар хадгалах нэг нь хадгалж таарна. Хүмүүс өөрсдөө захиран зарцуулах өмчтэй болж байна гэсэн үг. Хоёрт, уул уурхайн хөгжил иргэн тус бүрт яаж тусч, ямар ач холбогдолтой вэ гэж байнга маргалддаг. Мэдээж хэрэг улсын төсвөөр дамжин цалин, тэтгэвэр, сургууль цэцэрлэг, зам холбоо гээд шууд ашиг тус бий. Эдийн засгийн нийт өсөлтөөс ч очиж буй шууд бус том нөлөөлөл бий. Гэхдээ иргэн бүрт үр ашгийг нь шууд утгаараа хүргэх хамгийн сонгогдог дэвшилтэт арга бол хувьцаа. Хүн болгон тухайн өмчийн нэг хэсгийн эзэн нь болж, олох үед нь олж, алдах үед нь алдана гэсэн үг. Жинхэнэ утгаараа уул уурхайн баялгийн эзэн нь болж байна, олигархын биш ард түмний капитализм яг ингэж л бий болно. Гуравт, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглалын талаар байнга гомдол гардаг. Идлээ уулаа, хөрөнгө мөнгийг нь үрэн таран хийлээ гэж байнга бичиж ярьдаг. Үүнийг шийдэх хамгийн дэвшилтэт арга бол Хөрөнгийн биржийн дүрмийн дагуу төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, хувьцаа эзэмшигч иргэдийн хяналтад оруулах юм. Тайлангаа тавьдаг, аудит хийдэг, захирлуудыг нь төрөөс биш, хувьцаа эзэмшигчдийг төлөөлж буй мэргэжлийн төлөөлөн удирдах зөвлөл нь томилдог болно гэсэн үг. Манай урд, хойд хоёр хөршийн төрийн өмчийн томоохон компаниуд ийм л дэвшилтэт аргаар шинэчлэгдэж, нээлттэй зарчмаар илүү ашигтай ажиллаж, дэлхийд өрсөлдөх чадвартай болж байна.

-Төрөөс дэндүү их мөнгө халамжинд зарцуулж байна гэж шүүмжилдэг. Энэ нэг ёсны халамж мөн юм биш үү. Төрөөс мөнгө зарцуулах уу?

-Энэ бол халамж биш. Төрөөс, төсвөөс ямар ч мөнгө зарцуулахгүй. Компани нь ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг хуваарилах л асуудал. Цаг хугацааны хувьд нүүрсний үнэ харьцангуй гайгүй байгаа үед энэ ажлыг хийх ёстой. Нүүрсний үнэ огцом хэлбэлздэгийг сүүлийн 10 жилд бид бүгд харж анзаарч байгаа. Үнэтэй байхад нь арилжиж эхлэх юм бол хувьцааны үнэ харьцангуй өндөр байна гэсэн үг. 2010 онд ард иргэддээ 1072 хувьцааг хуваарилах шийдвэрийг гаргахдаа нийт хувьцааны үнийг нэг сая төгрөг гэж тооцоолж байсан. Цаг хугацааны хувьд 2018 ондоо багтааж нүүрсний үнэ харьцангуй өндөр байгаа дээр Хөрөнгийн бирж дээрх арилжааг эхлүүлж иргэдийн хувьцааг үнэд хүргэхийг хичээх хэрэгтэй. Одоо 1072 хувьцаа цаасан дээрх бүртгэл биш, иргэдийн халаасанд мөнгө болж очих цаг болсон гэж энэхүү ажлыг санаачилж эхлүүлсэн хүний хувьд бодож байна. Тиймээс Засгийн газрыг энэ ажлыг эрчимжүүлэхийг хүсэж асууж байгаа юм.

-Нөгөө асуулга нь юуны тухай вэ?

-Хоёр дахь нь асуулга гэхээсээ санал юм даа. Шинэ Улаанбаатар төслийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон гэж үзэж байгаа. Шинэ гэхээр хуучнаа хаяад явна гэсэн үг биш. Жишээ нь шинэ, хуучин Дархан гэж байдаг шиг Улаанбаатарын ойр хэсэгт дахиад шинээр нэг дагуул хот төлөвлөж хөгжүүлэх цаг нь болсон. Үүний тулд 21/100, 10/6 гэсэн хоёр хөтөлбөр дэвшүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2021 оныг дуустал 100 мянган айлыг орон сууцжуулах санаа юм. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо бэлгэшээж ийм том зоригтой зорилт дэвшүүлж хүрэхийн төлөө ажиллах ёстой. 10/6 нь байрны зээлийн хүүг 6, урьдчилгааг 10 хувь болгох хөтөлбөр. Манай Засгийн газрын үед орон сууцны хөнгөлөлттэй зээлийг анх зургаан хувиас эхэлж байсан. Одоо зах зээл дээр 30 хувийн урьдчилгаа төлөөд найман хувийн хүүтэй зээл авах өрхийн тоо ерөнхийдөө ханасан учир төр дараагийн боломжит хувилбарыг гаргаж иргэддээ санал болгох хэрэгтэй. Сая Засгийн газраас урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг долоо болгоно гэсэн нь маш зөв санаачилга. Гэхдээ энэ бол нийт хотын хэмжээнд хэрэгжинэ. Миний санаа бол энэ хоёр дэд хөтөлбөрийг зөвхөн Шинэ Улаанбаатар төслийн хүрээнд буюу шинэ суурьшлын бүст суурьших айл өрхүүдэд олгохоор журамлах нь зөв байх. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдийг нүүх, шинэ бүст суурьшихад нь орон сууцны онцгой хөнгөлөлт үзүүлье гэж байгаа юм.

-Уг нь утаа буурна, хотын замын ачаалал багасна гээд ач холбогдол ихтэй юм байна. Бүтэх, хийх эхлэх магадлал хэр вэ, бас л улс төрийн шоу болчихгүй юу?

-Нийслэлийн 200 мянган айлын тал нь орон сууцанд орвол утаа буурна. Замын ачаалал тэр хэвээр буурна гэсэн үг. Хамгийн гол нь, утаа, замын түгжрэл хоёроос илүү ноцтой гамшиг биднийг угтаж байгаа. Тэр нь усны хомсдол. Утаа хортой, үнэхээр гамшиг мөн ч, жилийн гурван сарын л асуудал. Харин усны нөөцгүй, бохир устай байвал Улаанбаатарынхан гурав ч хонож чадахгүй. Тийм учраас утаа, усны хомсдол хоёроо давхар бөгөөд төгс шийдэх арга нь шинэ суурьшлын бүс буюу Шинэ Улаанбаатар төслийг эхлүүлэх явдал. Бид асуудлаа, бэрхшээлээ ингэж гүнзгий харж, тогтвортой бодлого хэрэгжүүлж байж шийднэ. Хот маань өнөөдөр хүн амын өсөлт, дэд бүтцээ дийлэхгүй байгаа энэ үед бидэнд томоор харсан, зоригтой шийдэл хэрэгтэй. Түүнээс бус, өнөөдрийнх шиг сонгуулийн дөрвөн жилийн “нас”-тай бодлогоор явбал Улаанбаатарын утаагаа ч төгс шийдэж чадахгүй. Зөвхөн айл өрхүүдийг, томоохон захуудыг нүүлгэх нь хангалтгүй. Төрийн байгууллагууд өөрсдөө үлгэрлэж, хотоос нүүх хэрэгтэй. Хэрвээ төрийн байгууллагууд, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нүүвэл тэндээс үйлчилгээ авдаг, асуудлаа шийдүүлдэг хувийн хэвшлийнхэн дагаад нүүнэ.

АЛТАЙ ХОЛДИНГ ӨДӨРТӨӨ БАРАГ 47 САЯ ТӨГРӨГ ТАТВАРТТӨЛДӨГ

-Та ярилцлага тэр болгон өгөөд байдаг хүн биш учраас энэ удаа заавал асуух ёстой хэдэн зүйл байна. Таныг хүмүүс их олон дүрээр мэдэх юм. Томоохон бизнесмэн гэж зарим нь хардаг. Заримд нь МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн том улстөрчийн дүрээр танигдсан. сүүлийн үед харин Тавантолгой уул уурхайг тойрсон томоохон улстөр бизнесийн бүлэглэлийн толгойлогч гэж зарим нь харж байна. Тэгэхээр та ер нь жинхэнээсээ аль нь юм бэ гэдгийг олон нийт ч бас ойлгохгүй байх шиг байна. Энэ талаар товч ярилцъя. Болох уу?

-Болноо болно.

-Та “Алтай холдинг” компаниа анх хэзээ байгуулсан бэ, өмнө хаана ажиллаж байсан бэ?

-Би 1986 онд сургуулиа төгсөж ирээд тухайн үеийн Зөвлөлтийн барилгын нэгтгэлд эдийн засагчаар анх ажилласан. Хуучны хүмүүс мэднэ дээ, СОТ-3 гэдэг байсан юм. нэг, болон 10 дугаар хорооллыг ид барьж байх үед нь би ажиллаж байсан юм. Дараа нь Гадаадтай эдийн засгаар харилцах Улсын хороонд ажилласан. Тэгээд 1992 онд бусдын жишгээр хувийн хэвшилд орж бизнес хийхээр шийдсэн. Тэгээд л Алтай трэйдинг гэдэг компаниа байгуулсан. Тэр үед Батболд гэж хүн улс төрд сураггүй, надад ч улс төрд орох тухай бодол байсангүй. Компаниа хөл дээр нь босгох гэж явсаар 2000 он хүргэсэн. Тэр үед манай “Алтай холдинг” компани аль хэдийнээ олны танил, Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж болсон байсан л даа. Тухайн үедээ хувийн хөрөнгө оруулалттай ноолуурын анхны үйлдвэрүүдийн нэгийг барьж байгуулсан, дуусаагүй зогсонги байдалд орсон байсан Чингис зочид буудлын барилгыг ихээхэн хөрөнгө оруулж бүрэн ашиглалтанд оруулж, улсын өрийг бүрэн төлж барагдуулсан, гадаад дотоод худалдаа эрхэлдэг, уул уурхайд хөрөнгө оруулалттай ийм аж ахуйн нэгж байсан. Хажуугаар нь Монголын сагсан бөмбөгийн “Алтайн бүргэд” багийг ивээн тэтгэж байсан. Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн ажлыг 1994 оноос 10-аад жил хийж энэ спортыг шилжилтийн хамгийн хүнд хэцүү үед нь чадахын хэрээр дэмжсээн. Ер нь бол Монгол Улсын хувийн хэвшлийн хамгийн томоохон компанийн нэг нь болсон байсан.

-Одоо бүр томорсон уу, цар хүрээ, үйл ажиллагааны хувьд?

-Том гэдгийг ямар шалгуураар харах вэ гэдгээс л болох байх. Манай компани болон харьяа, хөрөнгө оруулалттай компаниуд 2017 оны жишээгээр ярих юм бол улсад татвар, шимтгэл, хураамж хэлбэрээр жилдээ 17 тэрбум гаруй төгрөг төлж байна. Одоо компаниуд тэр цэцэрлэг, сургууль гэж жишээ ярьж харьцуулах дуртай болсон байна лээ. 2400 шахам багшийн цалинг бүтэн жил өгөх мөнгө л дөө. Өдөртөө бараг 47 сая төгрөг гэсэн үг. Алтай холдинг, харьяа компаниуд өөрийн үндсэн болон гэрээт ажилтан, түрээслэгч нараа оролцуулбал 3000 шахам ажлын байр бий болгоод байгаа аж ахуйн нэгж. 2000 оноос хойш компанийг мэргэжлийн менежерүүд удирдаж байгаа. Энэ хугацаанд цар хүрээ нь өргөжиж, харилцаа холбоо, мэдээллийн технологи гэх мэтийн салбарт хөрөнгө оруулсан. Алтай холдингийн хамт олны хамгийн сүүлийн амжилттай хэрэгжүүлсэн төсөл гэвэл Е-март дэлгүүр байна. Энэ бол 90 хувийн Монголын хөрөнгө оруулалттай үндэсний компани. Солонгосоос худалдааны хамгийн дэвшилтэт технологи, мэдээлэл, мэдлэг оруулж ирж олон нийтэд аль болох тааламжтай, орчин үеийн үйлчилгээг харьцангуй хямд үнээр хүргэхийг компанийн хамт олон хичээж байгаа нь харагдаж байгаа. Энэ жил Блумбэргийн хамгийн шилдэг аж ахуйн нэгжийн шагнал хүртсэн байна лээ.

-Одоо та Алтай холдинг компанид хэдэн хувь эзэмшдэг вэ?

Би багахан хувь эзэмшдэг. Дийлэнхийг нь манай гэр бүлийн гишүүд эзэмшдэг.

-Та анх 2000 онд улс төрд орсон. Зарим хүмүүс бодохдоо таныг төрөөс төрсөн тэрбумтан, улсаас мөнгө төгрөг авч баяжсан гэж бодоод байх шиг байгаа юм.

-Миний хувьд төрийн ажилд орохоосоо өмнө Монгол Улсдаа хамгийн томоохон аж нэгжүүдийг босгосон байсан. Одоо ч манай компани багад орохгүй. Манай Алтай холдинг компани намайг улс төрд явж байгаа энэ хугацаанд төрийн нэг ч тендерт орж байгаагүй. Улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авч байгаагүй. Өөрөөр хэлбэл, би гэрээ засчихаад улс төрд орсон гэх үү дээ. Төрийн дэмжлэгээр, төрийн мөнгөөр орон гэр, компаниа тохижуулж өөд татсан юм надад байхгүйг би хэний ч өмнө бардам хэлнэ.

-Чингис зочид буудал биш үү?

-Биш ээ, энэ бол аль 1994 онд болсон тендер. Тэр үед би улс төрд байтугай улс төрийн намд элсээгүй байсан үе. Тухайн үед манай компани 4 компанитай нээлттэй дуудлага худалдаанд өрсөлдөж хамгийн өндөр үнэ улсад өгснөөр Чингис зочид буудлын дутуу барилгыг өр төлбөртэй нь худалдаж аваад өдий зэрэгт хүргэсэн. Сүүлийн үеийн олон сайхан зочид буудлууд баригдахаас өмнө Чингис зочид буудал л ганцаараа Улаанбаатарт ирсэн гадныхны өмнө Монголын нэр нүүрийг тахалдаг байлаа. Одоо ч тийм байгаа. Тэр үед хувьчилж аваад өнөөдөр балгас болгочихсон, эсвэл ор сураггүй алга болчихсон олон барилга, байгууламж бий. Дампуурч, зориулалтыг нь өөрчлөөд явсан ч газрууд маш олон байна. Хэрвээ манай компани тухайн үед зориглоогүй бол Чингис зочид буудлын барилга өнөөдөр сураггүй байгаа тэдгээр объект шиг л болох байсан байх. Манай нийгэм заримдаа бас л сонин шүү. Огт сураггүй болсон, бүтээн байгуулалт болоогүй, улсад ямар ч татвар төлөхгүйгээр “алга болсон” хувьчлалуудын тухай огт ярьдаггүй. Тэгсэн хэрнээ нүдэн дээр нь бүтээн байгуулалт болоод, ажлын байр бий болгоод, улсад татвар төлөөд яваагаа л шүүмжлээд байдаг.

НАДАД ОФФШОРТ НЭГ Ч КОМПАНИ, ДАНС БАЙХГҮЙ

-Сүүлийн үед оффшорын талаар их ярилцаж Таныг оффшорт олон сая доллар нуусан гээд байгаа. Та оффшорт данстай, компанитай юу?

-Надад оффшорт нэг ч данс, нэг ч доллар, юань, иен, аль ч улсын гадаад валют байхгүй, байгаа ч үгүй. Надад нэг ч оффшорын компани байхгүй. Саяхан батлагдсан хуулийн дагуу миний гэр бүлийнхэн, ах эгч нарт ч бас байхгүй. “Алтай холдинг” компани, түүний харьяа компаниуд өнөөдөр 80 орчим тэрбум төгрөгийн зээлтэй. Голомт, Хас, Худалдаа хөгжил гээд банкнуудаас энэ их мөнгийг зээлж олон зуун ажлын байр бий болгож, шинэ төслүүдээ санхүүжүүлж байгаа. Энэ зээлэндээ жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн хүү төлдөг. Хэрэв тийм их мөнгө оффшорт байсан бол миний хувьцаа эзэмшдэг компаниуд яах гэж энд ийм их хүүг шал дэмий төлж зээл авах вэ? Эрүүл хүний ухаанаар бодоход энд оруулж ирээд бизнестээ эргэлдүүлж, өр зээлээ төлөөд илүү их ашигтай ажиллахаа бодно биз дээ. Би улс төрд явах хугацаандаа улсаас нэг ч удаа тендер авч байгаагүй учраас хөрөнгөө нууж хааж, оффшорт аваачиж хийх шаардлага надад байхгүй. Хилийн цаана мөнгөө нуучихаад энд өндөр хүү төлөөд суух “бизнесийн ухаан” надад байхгүй ээ, дэлхийд тийм ухаан байдгийг ч мэдэхгүй.

-Таныг “Бату майнинг” гэдэг оффшор компанитай гэж яригдаад байгаа.

-2003 онд Монгол Улсад бүртгэлтэй “Бату” гэж компанид 18 мянга орчим долларын хөрөнгө оруулсан. Тэр компанид би 10 гаруй хувь эзэмшиж байсан. Удалгүй гаднын хөрөнгө оруулагчид нь компаниа оффшорт бүртгүүлэхэд бүх хувьцаа зэмшигчид нь хувьцаагаа хөрвүүлж оффшор компанийн хувьцаа эзэмшигчид болсон. Яг үнэндээ бол тухайн үед тэр үйл явдлыг нь сайн мэдсэн ч юм байхгүй, ойлгосон ч юм байхгүй хөрөнгө оруулагчдыг дагаад л бүртгүүлсэн байх. Угаасаа хуульд харшилсан зүйл огт байгаагүй юм чинь.Тэгээд хоёр жилийн дараа, 2005 онд тэр мөнгөө зараад гарсан. Ийм л явдал болсныг гуйвуулж мушгиж яриад байгаа. Энэ бол бизнест байдаг хэвийн үзэгдэл. Ийм олон жишээ бий. Сүүлийн 27 жилд Монголд хөрөнгө оруулах хэдэн мянган оффшорт бүртгэлтэй компани байсан. Одоо ч гэсэн байсаар л байгаа.

Энэ мэтээр бизнесийн ердийн практикийг улс төрийн зорилгоор мушгиж гуйвуулаад байж болохгүй л дээ.

-Энэ бүхнийг их нууцлалтай олны нүднээс далд хийсэн гэж яриад байгаа.

-Энэ бол хуулийн дагуу хийсэн, Монгол Улсын бүх бүртгэлийн байгууллагад нууж хаалгүйгээр мэдэгдэж хийсэн хөрөнгө оруулалт байсан. Нууж хаах ямар ч шаардлага байгаагүй. Хэрэв нууж хаах гэсэн бол өөрийнхөө нэрээр би бүртгүүлэх үү. Өөрийнхөө нэрийн данснаас тэр 18 мянган долларыг шилжүүлж хөрөнгө оруулах уу. Ер нь тэгээд ч 18 мянган долларын хөрөнгө оруулалтыг нуух хэрэг надад байхгүй. Тухайн үеийн ханшаар 18 мянган доллар гэдэг 20 орчим сая төгрөг л байсан. Надад тэгж 20 сая төгрөг оффшорт аваачиж нуух шаардлага байхгүй.

-“Бату майнинг” компани нь уул уурхайн лицензтэй байсан, тэр лицензийг та уул уурхайн асуудал хариуцсан сайд байхдаа авч өгсөн гээд байгаа.

-Тэр үед уул уурхайн бизнес Монголд төдийлөн хүмүүсийн анхааралд өртөөгүй, өнөөдрийнх шиг олны анхаарлын төвд байгаагүй. Зүгээр л нэг бизнесийн салбар гэж ойлгогдож, олон нийт ч тэгж хүлээн авч байсан үе. Тийм ч учраас аль 1997 онд батлагдсан Ашигт малтмалын хуулиар түрүүлж өргөдлөө өгсөн компанид нь хайгуулын лицензийг нь шууд л өгдөг байсан. Одоогийнх шиг ийм сонгон шалгаруулалт гэж юм ч байгаагүй. “Бату майнинг” гэдэг компани яг хэдэн лицензтэй байсан, яаж авсан, тэр нь юу болсныг нь би үнэндээ нэг их сонирхож яваагүй учраас сая энэ асуудал дэгдэхээр нь л асууж мэдлээ. Тэгсэн намайг Үйлдвэр, худалдааны сайд болохоос өмнө бараг бүх лицензээ авсан юм билээ. Бодвол өргөдлөө өгөөд л авсан биз. Өөр арга угаасаа байгаагүй. Би “Бату майнинг”-ийн энэ лицензүүдийн асуудалд хэзээ ч оролцож байгаагүй, мэдэж ч байгаагүй, ямар ч нөлөө үзүүлж байгаагүй. Үүнийг гэрчлэх нэг хүн бол одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд. Тэр үед хамтарсан Засгийн газар байсан учраас Ардчилсан намынхан Ашигт малтмалын газрын даргаа авч томилсон. Тэр нь Лу.Болд байсан. Хэрэв би ямар нэгэн байдлаар лиценз өгч авалцахад оролцсон бол энэ олон сонгуулийн үеэр АН-ынхан чимээгүй өнгөрөөхгүй л дээ.

-Таныг уул уурхайтай холбож ярьдаг сэдэв Тавантолгойгоос эхэлсэн байх. Энэ ордын лицензийг авсан компани таных байсан гэдэг.

-2000 оноос өмнө би хувийн хэвшилд байхад Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байсан хэдэн дотоодын бизнесмен над дээр ирээд хөрөнгө оруулаач гэсэн санал тавьсан. Тэр үед нүүрс ч их хямдхан, Хятад ч ийм их нүүрс хэрэглэдэггүй байсан үе. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани хүртэл Тавантолгойн лицензийг нь эзэмшиж байгаад ашиггүй гээд өмнө нь орхиод гарсан байдаг. Тэр лицензийг нь хэдэн монголчууд хуулийн дагуу аваад сүүлдээ лицензийн төлбөрөө дийлэхээ болиод над дээр ирсэн л дээ. Тэгээд нилээд хэдэн жил тэр лицензийн төлбөрийг нь төлж, хөрөнгө оруулагч хайж яваад эцэстээ улсад буцаасан. Ийм том орд газар үр ашгаа ард олонд өгөх ёстой юм байна.

Нэг компанийн өмч байж болохгүй юм байна гээд төрд буцааж өгсөн. Нэг ч хүрз нүүрс гаргаж авалгүйгээр, гаднынханд заралгүйгээр төрдөө буцаасан. Тэгээд хувь заяаны төөргөөр ч юм уу би Ерөнхий сайд байхдаа Тавантолгойн орд газрын лицензийг эзэмшиж байгаа компанийн 1072 хувьцааг ард иргэддээ олгох шийдвэрийг УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж гаргасан. Ерөнхий сайд байхдаа миний хийсэн хамгийн том ажлуудын нэг гэж би боддог.

-Та Гадаад хэргийн дэд сайдаас эхлээд Ерөнхий сайд хүртэл төрийн өндөр албан тушаал хашиж ирлээ. Таныг хийсэн хамгийн чухал гурван зүйлээ нэрлээч гэвэл та алийг нь хэлэх вэ?

-Улс орны хөгжилд томоохон хувь нэмэр болохуйц олон ажлыг хэлж болно байх. Ерөнхий сайд байхдаа томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг хийсэн. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай байсан. Дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт байсан тухайн үедээ. Эдийн засгийн өсөлтийн үр ашгийг айл өрх болгонд хүргэхийг хичээсэн. Ажлын байр ихээр бий болж, анх удаа ажилгүйдлийн түвшин 9 орчим хувь хүртлээ буурсан. Ядуурал анх удаа 10 гаруй хувиар буурсан. Манай Засгийн газраас иргэн бүрт Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа, Эрдэнэс Монголын хувьцаа өгсөн. Хүний хөгжлийн сангаас сар бүр 21 мянган төгрөг, ахмадууд 1.5 сая төгрөгөө авсан. Хоёр жил дараалан 500 мянган төгрөгөөр оюутнуудын сургалтын төлбөрийг төлсөн. Зах зээлийн шилжилтийн үед завсардсан байсан олон арван мянган хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн. Төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмсэн.

Жишээ нь анх ажилд орсон бага ангийн багшийн цалин 2008 онд 350 мянга байсан бол 2012 оны сонгуулийн өмнө 570 мянга болсон. Энэ тухайн үедээ 400 орчим доллар байсан гэсэн үг. Өнөөдрийн мөнгөөр нэг сая орчим төгрөг гэсэн үг. Энэ бүх ажлын үр дүнд айл өрхийн мөнгөн орлого хоёр дахин нэмэгдэж нэг сая орчим болсон. Энэ ажлаараа, энэ ажлыг хийсэн багаараа би бахархдаг. Зүүн төвийн дэвшилтэт бодлогын цөм болсон дундаж давхаргыг улам нэмэгдүүлэх бодлогоо бид тууштай хэрэгжүүлсэн гэж боддог. Өнөөдөр ч ийм дэвшилтэт үзэл санаатай бодлогоосоо манай нам ухарч болохгүй.

-Эцэст нь асуухад Та Ерөнхий сайд байсан хүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажлыг хэрхэн дүгнэж байгаа вэ. Саяхан 100 хоногийн ажлын тайлангаа тавилаа?

-Аль ч Засгийн газарт нэг адилхан зовлон байдаг. Хийх ажил их, харин зарцуулах мөнгө нь хаанаа ч хүрэхгүйн зовлон гэж. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч тийм зовлон байх шиг байна. Тэгэхдээ энэ Засгийн газрын эхлэлийг би эерэгээр харж байгаа. Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын шинээр хийсэн дэвшилтэт ажил байна. Нэлээд зоримог хэд хэдэн шийдвэр гаргалаа. Татвараа бууруулж, тэтгэврийн насны асуудлыг шийдлээ. Тэтгэвэр, цалинг нэмнэ гэсэн. 2012-16 онд хуримтлагдсан өрийг барагдуулж байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар боллоо, Улаанбаатарын утааг бууруулахын тулд 2019 оноос түүхий нүүрсийг хотод оруулахгүй гэж байна. Эдгээр зоримог шийдвэрүүдээ хэрэгжүүлж чадвал эндээс Монгол Улс, монголчууд л хожно. Ганц МАН, түүний Засгийн газар хожихгүй. Одоо хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно гэж байна. Цалинтай ээж хөтөлбөр, ахмадууд буурлууддаа насны хишиг олгож эхлэх болон бусад арга хэмжээнүүд хэрэгжиж эхэллээ. Иргэд рүүгээ чиглэсэн бодитой ажлуудыг эрчтэй хийж байгааг би зөв эхлэл гэж харж байгаа. Одоо том төслүүдээ улам эрчимтэй хөдөлгөх, иргэдээ мөнгөжүүлэх, тэдний нэр дээр цаасан дээр бүртгэлтэй байгаа 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахад тодорхой ажил хийж хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ талаар, 1072 хувьцааг мөнгөжүүлэхэд Засгийн газар юу хийх талаар би Ерөнхий сайдаас тодорхой хариулт хүлээж байгаа. Хамтарч ажиллахын тулд энэ талаар асуулга тавьсан гэж ойлгож болно. Бидэнд өнөөдөр тарааж бужигнуулсан, үймж, хэрэлдсэн маань багадаагүй ээ. Одоо бүтээж амьдардаг цаг. Амжилтад хэрэлдэж хийрхэж бус, хийж бүтээж хүрдэг гэдгийг ганц Засгийн газар биш, нийгмийн төрийн бүх шатандаа, ялангуяа иргэдээ төлөөлж байгаа улс төрчид, төрийн албаныхан сайтар ойлгож нэгдэж ажилладаг цаг.


Categories
мэдээ цаг-үе

Б.Занданбат: Чин сэтгэлээсээ үнэн зөв хөдөлмөрлөвөл идэр залууст ээлтэй жил

“Дэчинчойнхорлин” хийдийн гэсгүй лам Б.Занданбаттай ирэх жилийн өнгө хийгээд зөв амьдралын зам мөрийн тухай ярилцлаа.


-Ирэх нохой жилийн өнгө ямар байх вэ?

-Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг уламжлалтай. Ирэх шар нохой жилийг шороон үхрийн шинжээс үзвэл “Тийн унжлагат” хэмээх нохой жилд “шороон үхрийн толгой, бие нь шар, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан өнгөтэй, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж , сүүлээ зүүн тийш шарваж яваагаар дүрслэгдсэн. Харин үхэр хариулаач нь ногоон царай, биетэй, гэзгээ зүүн чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй улаан хос гутлыг зүүн талдаа бүсэндээ хавчуулж, малгайгаа баруун гартаа барьж, улаан бургасан иштэй шилбүүр барьсан байна. Ийм хүч чадал ихтэй хөл нүцгэн идэр залуу үхрийн урд яаравчлан гүйж яваагаар зурагдсан. Энэ үхэр хариулаачийн шинжээс харахад, ирэх жил залуус болон дунд суудалтанд сайн, нялхас, түмэн олонд дунд, өвгөд, өндөр суудалтанд тааруу жил гарах ерөнхий дүр зураг буужээ. Идэр хүмүүн амгалан сайн, санаснаа бүтээх жил гарна.

Мөн иргэдийн байдал амар амгалан байх ч эзэд түшмэл, улс гэрийн байдал тайван бус бага зэргийн хямралтай гэжээ. Гэхдээ удирдаж байгаа хүмүүс маань ард олныхоо ажил амьдралд нийцсэн зөв шийдвэр гаргаж, түүнийг олноороо даган хямралдан тэмцэлгүй байвал дээр дурдсан харшилдах шалтгаан арилах боломжтой. Хаврын сүүл зуны эхээр өвс ногоо сайтай, үр тариа сайн дэлгэрэх боловч, зуны сүүл, намрын эхээр хур багатай, мөндөр, цахилгаан ихтэй, гал түймрийн осол их гарч болзошгүй байна. Жилийн эхэн ба адаг сард салхитай, газар тариалангийн ажил дэлгэрч, үр жимс ургац арвинтай мал өсч, зуд турхангүй байна гэсэн ерөнхий дүр зураг буусан байна. Зөв хөдөлмөрлөвөл идэр залууст ээлтэй жил. Гэхдээ ээлтэй гээд зүгээр суугаад байвал эсрэгээрээ зүйл болно.

Мөн түшмэдүүдэд түгшүүртэй,үе мөчний болон халуун чанарын өвчин гарах дэлгэрэх магадлалтай тул архи дарсийг тохируулах хэрэгтэй. Их хэмжээний гал түймэр, аянга цахилгааны осол болж болзошгүй. Гэхдээ зөв сайхан явбал, элбэг дэлбэг, түвшин амгалан байх жил.

-Ер нь шар нохой жилийн төлөвийг сударт юу гэж өгүүлсэн байдаг вэ. Мөн шинийн нэгэн ямархуу өдөр тохиож байна. Энэ жилд анхааралтай байвал зохих жилтэн гэж бий юу?

-“Хулгай дээрэм олширон, олсон эд малыг ноёд авч, эд тариа үнэгүйднэ” хэмээн бичсэн байдаг. Хоёрдугаар сарын 16-нд буюу шарагчин туулай өдөр шинийн нэгэн тохиож байгаа. Буян үйлдвэл цаглашгүй буян нэмж, үйл бүтэх сайн өдөр. Үйл сэтгэлчлэн бүтэх, хот балгад барих, тариа тарих, худалдааг дэлгэрүүлэх, бүтээл үйлдэх зэрэг батжуулах үйлд сайн гэсэн байна. Шар нохой жилд үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байгаа. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.

-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх нь илүү сайн уу?

-Шинийн 15-ны талаар хүн бүр сайн ойлголттой байх хэрэгтэй. Энэ бол бурхан багш өөрийн ид хувилгаанаа үзүүлсэн билэгт сайн өдөр гэдэг. Энэ өдөр бурхны шашинтай бүх хүрээ хийдүүд Бурхан багшийн ерөөл магтаалыг тасралтгүй 15 хоног хурдаг учир буян ном сайн хийх, зөв үйл бүтээхийн төлөө шамдах хэрэгтэй. Тэгвэл буян цаглашгүй ихээр хураадаг гэж үздэг. Аль болох бие хэл сэтгэлээрээ муу зүйл атаа хорсол үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ заавал 15-ны дотор номоо уншуулвал сайн эсвэл уншуулахгүй бол муу гэсэн зүйл байхгүй. Тиймээс ямар ч өдөр бие, сэтгэл, яриа тэргүүтнээрээ зөв байхыг хичээх нь өөрөө буян юм. Манай хийд “Нимава ёс”-ны буюу “Аг тарины ёс”-ны, Монголчуудын ярьж заншсанаар “Улааны шашны ёсыг” баримталдаг. Энэ өдрүүдэд Лован Бадамжунай бурхны чого, Лүйжин тэргүүтэй бүхий л заслын номыг сүсэгтэн олондоо хурж үйлчилнэ.

-Шинийн 1-ний өглөө яагаад заавал мөрөө гаргах ёстой вэ. Мөн сар шинийн 1-ний өдөр гадаад хүн шиг золголт хийхгүй байвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

– Ер нь Монголчууд эрт дээр үеэс амны билэгээс ашдын билэг гэж ярилцдаг. Түүнийгээ аж амьдралдаа тусгахыг хичээж билэгдэлээр амьдардаг хүмүүс. Шинийн 1-ний өглөө шинэ ондоо аз хийморьтой сайн сайхан байхыг билэгдэж, зам мөрөө зөв гаргах нь буруу биш юм. Шинэ онд шинэ эрч хүчтэй орлоо гэх сэтгэлийн засал юм. Монголчууд олон зууны турш хүнд хэцүү он цагийг туулж ирэхдээ нэг ч удаа бид зовж байна гээд Цагаан сараа тэмдэглэхгүй орхиж байсан түүх үгүй. Хүн бүрт, айл өрх бүрт аз жаргал зовлон гуниг ээлжилж байдаг. Гэвч шинийн 1-ний өглөө өөрсдийн бэлдсэн идээ ундаагаар ширээгээ дүүргэж сайхан он жил гарч байна гэж, амар сайхан байна аа гэж ерөөл билгийг тавьж, хоорондоо золгон өмнөх жилийнхээ зовлон зүдгүүрийг хуучин ондоо үлдээж ордог сайхан уламжлалтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний энэ баяр маань өөрийн үндэсний хэв шинжээ алдаж бага зэрэг буруу тийшээ хазайгаад байгаа юм уу даа гэж ажиглагдах боллоо.

-Ард олон, улс орны амьдрал болохгүй бүтэхгүй зүйл их гарах болжээ. Үүнийг бурхны шашнаар тайлбарлавал ямар учиртай юм бэ?

-Зөв бодож, зөв амьдарч, зөв үйлийг хийж явбал хүний үйлс бүтнэ гэж бурхан багш сургасан байдаг. Буддын шашны хамгийн эхний номлол бол сэтгэлээ засах, сэтгэлээс, бодлоос үйлдэл гарна. Сэтгэл сайн бол үг яриа, үйл хөдлөл зөв байна. Хүний үг, үйл хөдлөл буруу болоод ирэхээр, үйлийн үр гэдэг зүйлийг хурааж эхэлнэ. Буддын шашинд хүний амьдралыг нэгхэн төрөл байдаггүй юм гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хүн дахин, дахин төрнө. Дахин төрөхдөө өмнө нь хийж байсан үйлийн үрээсээ шалтгаалаад, зовлонд унах уу, жаргал эдлэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Жишээлбэл, хүн бүрт муу хандаад, хүмүүстэй муухайгаар харьцаад байвал, хоёр гурван жилийн дараа хүмүүс түүнээс холдоод эхэлнэ. Энэ байдлаараа тэр хүн ганцаардана. Нийгэмд олон дотор байж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр тэр хүн ганцаараа, хөгширнө, өтлөнө, тэр хүн их зовно. Тэрний өмнөөс хүн зовохгүй. Хүн сэтгэлээ л засахгүй бол дараагийн төрөлдөө ч тэгж төрнө. Мөн муу санаатай, муу хүн дараагийн төрөлдөө дайн дажинтай, идэш хоол олдохгүй газар төрнө. Жишээлбэл, Арабын улсууд харахад баян тансаг сайхан боловч, дайн дажинтай, өглөө гэрээсээ гарсан хүн орой гэртээ амьд ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Омог хоорондын тэмцэл ихтэй. Өнөөдөр чи муу үйл хийгээд байвал амар амгалан монгол шиг бурхны сургааль сонсох газар дахин төрөхгүй юм байна гэдгийг ухаарах хэрэгтэй. Ялангуяа олон хүний хүртэх, хэрэглэх ёстой зүйлийг ганцаар зувчуулах нь маш буруу үйлдэл байгаа юм. Манай энэ нийгэмд амьдарч буй хүмүүс буруу үйл их хийдэг болоод байна.

-Яагаад монголчууд буруу үйл их хийдэг болчихсон юм бол?

-1990-ээд оноос хойш чөлөөт зах зээл хөгжөөд ирсэн чинь хүн болгон нийгэмд тэмцэлдэж амьдрах болсон. Хүн бүр шахуу эд хөрөнгө цуглуулахын тулд бүхэл бүтэн 20 гаруй жил амьдарчихлаа. Гэтэл цаанаа оюун санаа нь хоцрогдоод эхэлсэн. Хүмүүс зөвхөн олз, олохын төлөө зүтгэдэг болсон. Ингээд мөнгөний төлөө цаг наргүй наймаанд гүйж байх зуур нь хүүхдүүдийнх нь хүмүүжил гэж зүйл байхгүй болсон. Муу, муухай зүйлийг хошин шог, урлагийнхан хүртэл бах тав болгож харуулж байна. Балчир хүүхдүүдийн оюун санаанд ингэж болохгүй, ийм байж болдоггүй юм гэх зэргийг суулгахгүй бол болохгүй. Урлаг хүртэл хүүхэд багачуудад, алаан хядаан цус нөж үзүүлж байна. Тэрийг үзсэн балчирууд нь дуурайж байгаа нь аюултай. Өөрөөр хэлбэл, цэвэр хөрсөнд ингэж муу үр суулгаад байна. Бид өнөөдөр үр хойчдоо зөв боловсрол эзэмшүүлж, чи эх орныхоо үргэлжлэл юм шүү гэж сургах ёстой.

-Шашны үзлийг, мухар сүсэг гэж ойлгох хүмүүс байдаг. Үүний ялгааг тайлбарлаж өгөөч?

-Өчигдөр, өнөөдөр ийм болчихоод байгаа юм биш. 1930 хэдэн оноос эхлэн бурхан гэж юу байсан юм. Уул овоог нураасан ч яадаг юм гэх үзлээр эрхэмлэх нандигнах зүйлийг устгаад хаясан. Мухар сүсэг дэлгэрээд байна. Нотолгоо баримтгүй зүйлээ үнэн юм шиг яриад л амьтны толгой эргүүлдэг байдал дэлгэрсэн. Буддын шашин бол судалж, шинжилж байж гаргадаг. Түүнээс биш чи өнөөдөр ном уншуулахгүй бол маргааш үхнэ гэж хэлдэг мухар сүсэг биш. Ийм номлол гэж хаана ч байхгүй. Ийм үед хүмүүс өөр, өөрсдийнхөө үйлдлийг хичээх ёстой.

-Зөв амьдрахын тулд хэрхэн зөв зүйлд суралцах вэ?

-Оюунтүлхүүр сургаалийг судлах ёстой. Зөв зүйл хийвэл чиний үр хүүхэд чинь зөв явна гэдгийг ойлгох хэрэгтэй. Дараа нь говийн ноён хутагт Данзанравжаагийн зохиосон “Цаасан шувуу” зохиолыг мөн уншиж судлах ёстой. Хүүхдэд бол багаас нь аливааг хэлээд заачихаар, сэтгэхүйгээс нь арилдаггүй юм. Биднийг бага байхад, өвөө эмээ нар маань урсгал усанд ус, сүү дусааж болохгүй, хээр хөдөө гадаа явахдаа уул усны нэрийг хэлж орилж чарладаггүй юм гэх мэтээр сургадаг байсан. Хожим хойно гэмт хэрэг хийхээр нь шоронд хийж, засч залруулна гэвэл хэцүү. Бурхны шашинд зовлонгийн шалтгааныг дөрвөн зүйлээр номлосон байдаг. Ямар ч хүн зовлон үзнэ гэж.

-Яагаад?

-Өөлөх зүйлгүй тансаг сайн, сайхан амьдарч байсан ч тэр хүн хэзээ нэгэн цагт өвдөнө. Хагацна, сална. Өөрийн цуглуулсан эд хөрөнгөөсөө хагацаж магадгүй. Хүний гадаад үзэмж хичнээн сайхан байсан ч дотоод амгаланг олох боломжгүй. Хөрөнгөтэй хүн бүр амгалан сайхан байдаггүй юм. Гэхдээ ертөнц дээр амьдарч байгаа хүнийг хоосон амьдар гэж байгаа юм биш. Өөрийнхөө хэрэгцээнд тааруулаад, эдлэх ёстой зүйлээ эдлээд, хэрэглэх ёстой зүйлээ хэрэглэх ёстой. Зөв хөдөлмөрлөөд, зөв замаар олсон хөрөнгөө өвлүүлээд үлдээх хэрэгтэй. Харин бусдын зүйлийг хулгайлж, булааж, дээрэмдэж авах нь хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй. Өнөөдөр болж байгаа юм шиг боловч тэр хүний биед ямар нэгэн өвчин, зовлонгийн шалтгаан болж ирнэ. Хойд насанд нь ч үйлийн үр нь ирнэ.

-Хойд нас гэж байхгүй гэх ойлголттой хүмүүс бас байдаг?

-Хойд нас гэж юу байсан юм гэх атгаг сэтгэл ерөөсөө үүсгэж болохгүй. Тэр бол хамгийн болохгүй, гэмийн үйл юм. Зөвхөн ганц амьдрана гэж аж төрж болдоггүй. Сүүлийн үед үүнийг шинжлэх ухаанаар, судлаад, баталж үзэж байна. Хүн бүр өөр, өөр байдаг. Шувуу хэдийн өндөр ниссэн ч сүүдрээ гээдэггүй юм гэх үг бий. Хүн хэдий өндөр амжилттай, сайхан байсан ч үйлийн үр чинь чамайг үргэлж дагаж явдаг юм гэсэн үг. Тэгээд хэзээ нэгэн цагт чиний сайн ч бай, муу ч бай үйлийн үр сүүдэр шиг чинь дагасаар өөрт ирнэ. Чи урд төрөлдөө ямар явсан бэ гэдгээ мэдэхийг хүсвэл өнөөдөр байгаа амьдралаа нэг хар. Олонтой, сайхан гэр бүлтэй, ажилтай унах унаатай, идэх хоолтой, түвшин амьдралтай байгаа бол урд насандаа буян сайн хийж явсан байна шүү гэж бодож болно. Нэг насандаа хийсэн буяныг нэг насандаа эдэлж болно. Гэхдээ давуулж, эдэлж болдоггүй юм. Чи хойд төрөлдөө ямар хүн байх, ямар хүн байхыг мэдэхийг хүсэх юм бол өнөөдрийнхөө хийж байгаа үйлээ л шинжиж үз. Хүмүүс нэлээд худал хуурмаг болсон, хувиа хичээдэг болж, манай нийгэм нэлээд донсолгоотой болжээ.

-Яагаад манай нийгэм ийм донсолгоотой болчихсон юм бол?

-Хувь хүн хэзээ ч ганцаараа нийгэмд амьдарч чаддаггүй. Үргэлж хүмүүстэй харьцаж амьдарна. Түүнээс биш, нийгмээс тусгай байхгүй, бид гэдэг зүйлийг л хамт олноороо бий болгох ёстой. Цэвэрлэгч хүртэл миний хамт олон шүү гэх ойлголттой байх ёстой. Баян хүн харахаараа сайхан харьцдаг. Гудамжинд хог цэвэрлэж байгаа хүнд дээрэнгүй байдаг гэх мэт сэтгэл нь хөгжлийг доош татаад байна. Мөн цагдаа чиний төлөө, чамайг осолд оруулахгүйн төлөө эрсдлээс хамгаалж, анхааруулан хууль журмын дагуу торгож байгааг зөв ойлгохыг хичээвэл сайн. Монголчууд сэтгэлгээгээ өөрчлөөд, сайхан амьдрах хэрэгтэй байна. Орос, Америк, Герман, Солонгос шиг хөгжих ёстой гэхээсээ илүү Монгол ахуйг орчин үетэй нийцүүлэн дэлхийн хөгжилтэй ойртуулахыг хичээх ёстой. Ер нь зөв амьдралын дадал зуршлыг хэвшүүлвэл сайн. Тэгэхээр, Монголын гэсэн зүйлийг л судлах хэрэгтэй. Залуус гадаад яваад хэтэрхий харь сэтгэлтэй болчих вий гэж би санаа зовдог юм. Дэлхий дээрх бүх улс орнууд байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас болоод байгалийн гамшиг ихээр нүүрлэх болжээ. Өөрөөр хэлбэл олзны төлөө амьдарч байгаль дэлхийгээ маш ихээр сүйтгэж байна. Олсон мөнгөөрөө сүйтгэсэн бүхнээ эргээд худалдаж авч чадахгүй нь үнэхээр харамсалтай. Хүн төрөлхтөн дэлхийгээ эвдлээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Цагаан зудтай аймгуудад фондны өвс, тэжээлийн хүрэлцээ муу байна

Таван ес эхэлсэн байгаа өнөө үед өвөлжилтийн байдал хөдөө, орон нутагт хүндхэн хэвээр байна. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь зэрэг аймгууд болон Багануур дүүрэгт нягтарч хатуурсан зузаан цасны улмаас цагаан зудтай байна. Эдгээрээс зарим аймаг, сумд руу холбогдож бодит нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

ОТРЫН МАЛЫГ 20-30 КМ ХӨӨЖ ТУУЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн хувьд Хархорин, Бүрд, Есөнзүйл гэсэн гурван суманд өвөлжилт хүндэрсэн. Тус аймагт 16 мянга гаруй малчин өрхийн 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа. Харин хамгийн сүүлийн мэдээллээр Бүрд сум найман мянга, Өлзийт сум дөрвөн мянга, Есөнзүйл 12 мянган толгой малаа тус тус алджээ. Өвөлжилт хүндэрсэн шалтгаан нь зуны улиралд гандуу, гантай байснаас мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүйтэй холбоотой. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд бороо орж, цас шуурснаас хойш зарим хэсгийн газрын хөрс мөстжээ. Түүнээс хойш нийт 30 гаруй удаагийн цас орж, шуурсан нь өвөлжилт хүндрэх шалтгаан болжээ. Өвөлжилт хүндэрсэн сумдад цас тал газартаа 20-40 см, гуу жалга хэсэгтээ 90-130 см-ийн зузаантай байгаа учир малын бэлчээрлэлтэд хүндрэл үүссэн байна. Тиймдээ ч Бүрд сум руу очих боломжгүй байгаа аж. Одоогоор аймгийн Онцгой байдлын газраас ГАЗ-66, ЗИЛ-131 маркийн машиныг зам даваа гаргах зориулалтаар сумд руу илгээжээ.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Б.Бэхбаяр “Энэ сарын 17-оос эхлэн их хэмжээгээр хүйтэрсэн. Үүнээс болж нийт 17 суманд өвөлжилт хүндхэн байна. Бүрд, Есөнзүйл зэрэг сумдад өвөлжилт бүр ч хүндэрсэн. Говийн бүсийн таван сумын нутгаар отор нүүдэл ихээр орж ирснээр туурайн зуд болох эрсдэл үүссэн. Улсаас малын өвс, тэжээлийн тусламж үзүүлсэн. Гэсэн ч хавар хүртэл хугацаа байгаа учир өвс тэжээлийн дэмжлэг их хэрэгтэй байгаа. Хүйтнээс болж бие биенээ дарах, осгох, хээл хаялт зэрэг нэмэгдсэнээр малын хорогдол ихэссэн. Малчид хэрхэн хаврыг давна даа гэж халаглаж байна даа. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор бэлчээрийн даац нийт нутгийн 90 орчим хувьд хоёроос гурав дахин нэмэгдсэн. Тиймдээ ч малчид ихээр оторлож байгаа. Отроор явж байгаа малчдын нөхцөл байдал тун хүнд байна.

Малын саравч хороо байхгүй, өвс тэжээлийн нөөц нь дуусч байгаа учир малын хорогдол их байгаа талаар бидэнд мэдээлэл ирсээр байна. Манай малчид Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ихээр оторлож байгаа. Гэтэл тус аймгийн зарим сумдын засаг дарга, багийн дарга нар отрын мал, малчдыг хөөж туусан асуудал гарсан. Отрын малыг 20-30км хөөж туудаг гэнэ. Энэ нь мал ядраахаас гадна адуу, үхэр сүргээсээ тасарч, сарниад байгаа тохиолдол цөөнгүй гарсан. Над руу маш олон отрын малчин утасдаж энэ асуудлыг шийдэж өгөөч, адуугаа олохоо байлаа гэж байна. Тэртээ тэргүй өвс хайж тогтохгүй байгаа ядарсан адуу, малыг ингэж хөөж туух нь ихээхэн хүнлэг бус байна. Дээрээс нь отрын малчдын нийгмийн асуудал зэрэг нь бүр хаягдсан. Байгаа хөрөнгө нь мал учраас онд мэнд оруулах гэж өөрсдийнхөө эрүүл мэндийг ч үл хайхран зүтгэж байна. Ямартай ч бидний хувьд отрын бүсэд хоёр штаб байгуулан ажиллаж байна” гэлээ.

БҮРД СУМЫН 60 ӨРХ ЦАСАНД БООГДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Бүрд суманд 364 мянган толгой мал өвөлжиж байгаа аж. Мөн 200 гаруй малчин өрх Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, өөрийн аймгийн Баянгол, Сант, Зүүнбаян-Улаан сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм байна. Ингээд тус сумын Засаг дарга Г.Баярмөнхтэй холбогдож өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрээр “Бид малчдадаа өөрсдийн нөөц бололцоогоор өвс нийлүүлсээр байгаа. Засгийн газрын хөнгөлөлтийн үнээр хорголжин тэжээл, хивэг авсан. Мөн Засгийн газрын шийдвэрээр өвс, хивэг тэжээл үнэгүй авахаар болсон. Нэг өрхөд хоёроос гурван боодол хивэг, тэжээл ногдохоор байна. Хүйтэрснээс шалтгаалж осгох, бээрэх тохиолдол элбэг байна. Ерөнхийдөө манай суманд битүү зузаан цасан бүрхүүл тогтсон. Зудын хүнд нөхцөлд өвөлжиж байна. Их хэмжээний цас орсны улмаас даваа, гүвээ хаагдаж хоёрдугаар багийн малчдадаа хүрч чадахгүй байна. Туулах чадвар сайтай жийп машин байсан ч очиж чадахгүй байна. Сумын хэмжээнд цасанд боогдсон 60-аад өрх бий. Эдгээр өрхийн хоол хүнс, өвс тэжээлийн нөөц дуусах тун дөхсөн. Ямартай ч бид аймгаас ирүүлсэн ЗИЛ-131 машинаар зам гаргахаар ажиллаж байгаа” гэлээ.

БУЛГАН АЙМГИЙН ДӨРВӨН СУМАНД ФОНДНЫ ӨВС ДУУССАН ГЭВ

Булган аймагт мөн л зузаан цасан бүрхүүл үүсч, өвөлжилт хүндэрсэн. Тус аймгийн 16 сум, нэг тосгон аюулгүйн фондны өвс, тэжээлээ гүйцэд базаасан байна. Харин одоогоор Хангал, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон зэрэг сумд аюулгүйн фондны өвс дууссан, дахин сэлбэх шаардлагатай байгаа аж. “Бид өвс худалдан авч эдгээр сумдад нийлүүлж байгаа. Мөн бусад сумдад ч өвс, тэжээл тараагдахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Засгийн газрын тогтоолоор өвс, тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй олгож эхэлвэл бид сумд руугаа шуурхай хүргэхээр бэлэн байдалд байгаа. Ерөнхийдөө манай аймгийн хэмжээнд өвөлжилт тэр чигтээ хүндэрсэн. Тэр дундаа Рашаант, Гурванбулаг, Орхон, Дашинчилэн зэрэг сумдад өвөлжилт маш хүнд байна. Малын хорогдол ч их байна. Мөн Рашаантад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Одоогоор шүлхийн хоёрдугаар тунгийн вакцинжуулалтын гүйцэтгэл 80 хувьтай байна. Зэргэлдээх сумдад хяналтын пост гарчихсан ажиллаж байгаа. Нийтдээ 31 өрхийн 402 малыг бүрэн устгалд оруулсан” гэж Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Ш.Баасандорж мэдээллээ.

ЗАВХАН АЙМГИЙН 15 СУМАНД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧЭЭ

Завхан аймгийн 15 суманд цагаан өвөлжилт хүндэрчээ. Одоогийн байдлаар нийт 30 гаруй мянган мал хорогдоод байгаа аж. Мөн аймаг, сумдын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц дууссан байна. Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа н.Болд “Засгийн газрын тогтоолоор үнэгүй олгосон өвс, тэжээлийг хуваарилалт хийн олгож байна. Манай аймгийн говийн сумдад зун бэлчээрийн ургамал ургаагүй, гантай байсан учир өвөлжилт хүндэрч байгаа. Ерөнхийдөө хойд сумдын нутгаар цас маш их орсон. Бид 450-иад км-т зам гаргалаа. Томоохон даваа гүвээ хаагдаагүй ч гөлгөр, мөстсөн гадаргуутай учир гулгаа үүсэх аюултай байна. Хүйтэрсэнтэй холбоотойгоор машин нь эвдэрсний улмаас осгож бээрсэн гэх дуудлага ч цөөнгүй ирсэн. Гэхдээ хүний амь нас эрсдээгүй. Мөн отроор ирсэн айлууд зутруу байна. Түлш түлээ ч хомс байгаа нь ажиглагдсан. Бид боломжоороо эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа” гэсэн юм.

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН 115 ӨРХ ОТОРТ ГАРЧЭЭ

Төв аймгийн Угтаал, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Аргалант, Дэлгэрхаан зэрэг сумдад зудархуу байна. Алтанбулаг сумын хувьд одоогоор 3070 малын хорогдолтой байгаа аж. Үүний ихэнх хувь нь саяны их хүйтрэлийн үеэр хорогджээ. Сумын засаг дарга Г.Батсуурь “Гурван мянга давсан мал хорогдсон нь өмнөх жилийнхтэй харьцуулахад том тоо юм. Манай сумын 115 өрх долоон аймгийн 27 суманд отор нүүдэлд гарсан. Сумын урд хэсгээр цасны зузаан ихтэй, хөрөлчихсөн байдалтай байна. Тал газраа 28 см, хунгарласан газраа 50-иас дээш см-ийн зузаантай. Иймд малчдын хувьд хүндрэлтэй байгаа. Мал бэлчлээч гэсэн идэх юм олдохгүй л байдалтай байна даа. Сумын хэмжээнд өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн. 1800 боодол өвс, 1000 тэжээл, хорин тонн хивэг бол бий. Малчид ноос, ноолуурын мөнгө буух хүртэл зээлээр авъя гэсэн хүсэлт их ирүүлж байгаа. Зээлээр тараачихаар нөөцөө хангах боломжгүй болчих болов уу гэсэн байдалтайгаар харзнаж байна. Өвс 6500 төгрөг, хивэг 11 мянган төгрөг, боодлын ногоон тэжээлийг 7000 төгрөгөөр тус тус худалдаалдаг. Ямартай ч гурван ч ажлын хэсэг гарган малчидтайгаа уулзаад явж байна гэв.

АРХАНГАЙ АЙМГИЙН ДӨРВӨН СУМ РУУ МАШИНААР ЯВАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

Архангай аймгийн Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ердийн тээврийн хэрэгслээр явж алслагдсан малчдад хүрэх боломжгүй байгаа аж. Харин Төвшрүүлэх сумын хувьд 100 гаруй мал хорогдсон байна. “Нийт нутгаар цасан бүрхүүл тогтчихсон. Зам даваа хаагдчихсан. Өвс тэжээл хомсхон л байна. Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор өвс тэжээл ирсэн. Айл бүрт нэг, нэг ширхэг боодол өвс ногдох юм шиг байна” хэмээн тус сумын Засаг дарга Г.Болормаа ярьсан. Хотонт сумын хувьд гурван багт өвөлжилт хүндрээд байгаа аж. Гэхдээ малын хорогдол бага байгаа гэсэн. Одоогоор өвс, тэжээл байгаа боловч хаваржилт хүндрэхтэй холбоотойгоор дахин бэлдэх шаардлагатай талаар мөн дурдсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд нийтээрээ амиа егүүтгээд дуусч байгаа юм байна л даа!

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Сэтгэл сэргэм баяртай мэдээ: амиа хорлолтоор Монгол Улс дэлхийд эхний гуравт оржээ. Гунигтай мэдээ: ДОХ-той хүний тоогоор Монгол Улс Азидаа сүүл мушгиж байна (Мэдээллийн хэрэгслэлүүд энэ мэдээг яг ингэж гарчиглаад буй).

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) гаргасан гэх энэ статистикт Монголын 100 мянган хүн тутмаас 28,1 хувь нь өөрийгөө егүүтгэдэг юм байна. Эрэгтэй 48,2 гэсэн тоогоор хоёрдугаар байр, эмэгтэй 9.2 гэсэн тоогоор 29 дүгээр байр, амиа хорлолтын хүйсний харьцаа 5,24. Эндээс тоолохоор манайд жилд бараг л мянга шахам хүн буюу өдөрт бараг гурван хүн сайн дураараа амиа авч оддог гэсэн үг.

ДЭМБ-ын статистикийг харахаар 2015 он хүртэл Монгол нь энэ талаар мэдээлэл байхгүй оронд багтсан байх юм. Мөн газрын зураг дээр ихэнх орны нэгэн адил бороор тэмдэглэсэн нь ч байна. 1985-2017 гэсэн ДЭМБ-ын нэг албан статистик дээр Монголыг 2011 оны байдлаар 5,58 буюу 0,0058 хувь амиа хорлолттойгоор дэлхийд 67 дугаар байранд ордог гэжээ. Энэ үнэн бол 200 хүрэхгүй хүн жилд амиа хорлодог болж таарлаа. Харин 2017 оны дөрөвдүгээр сард хийсэн нэг хүснэгтэд Шри Ланка, Гаяанагийн дараа гуравдугаар байранд жагсаж байгаа гэж авсан байна.

Өөр олон эх сурвалж дээр дэлхийд амиа хорлолтоороо тэргүүлдэг 10, 25, 30 орны янз бүрийн жагсаалтад Монгол гэсэн нэр ерөөсөө алга. Эх орноо дэлхийн бүх муу үзүүлэлтэд тэргүүлүүлж кайф авдаг хүмүүст хэлэхэд гомдож үхмээр нэг ийм тааруу мэдээ бас байнаа.

Сая магнай тэнийлгэсэн энэ гоё мэдээ тархсны дараа Ерөнхий прокурорын газраас Монгол дахь амиа хорлолтын талаар цагдаагаас гарсан мэдээллийн дагуу анализ судалгаа гаргажээ. Үүнд илүү үнэмшиж байна, учир нь ДЭМБ ч, тийш нь урамтай мэдээ тайлагнадаг манай Эрүүл мэндийн яам ч жинхэнэ бодит мэдээг цагдаагаас илүү мэдэх учир байхгүй. Мэдээлэл чөлөөтэй, дээр нь Монгол муу гэвэл магнай нь тэнийж бүр давслан баяр хөөртэйгээр мэдээлдэг 600 гаруй сонин хэвлэл бүртгэлтэйн 20 орчим нь өдөр тутмынх, зөвхөн хувийн хэвшилд хамаардаг 400 гаруй телевизийн сувагтай. Тэд ийм “гоё” мэдээг ард түмэндээ хэлж сэтгэл санааг нь унагахгүй өнгөрнө гэж баймааргүй. Тэд зөв барагцаалбал мэдээж ДЭМБ-аас хавьгүй дээр мэдэж байгаа. Ойрноос л дэлхийд гуравт орсныг хөөр бахдал болгон сэтгэлийн таашаал авч байх шиг.

Сүүлийн таван жилд манайд 2055 тохиолдолд амиа хорлосон байдалтайгаар шарил олджээ. Эрэгтэй 1729, эмэгтэй 326. Хүйсийн харьцаа 5,24 гэсэн нь мөнөөх дэлхийд гуравт оруулдаг хүснэгттэй таарч байна. Ер нь дэлхий даяар амиа хорлох хүйсний харьцаа ийм байдаг юм байна. Амиа хорлосон бүх тохиолдлыг цагдаа шалгаж тогтоодог хуультай манай оронд жилд 390 орчим хүн амиа хорлосон байдалтайгаар нас бардаг аж. Энэ нь 100 мянган хүн тутамд 13 тохиолдол гардаг буюу өнөөх дэлхийд гуравт ордог хүснэгтээр жишээлэх юм бол 40 дүгээр байр орчимд юмуу даа. Гуравт ордог жагсаалтаас хоёр илүү дахин бага, харин 2011 оны хүснэгтээс хоёр илүү дахин их тоо гарч байна. Үүнээс гадна манай Эрүүл мэндийн төвөөс албан ёсоор гаргасан баримтаар бол жилд 2500 хүн осол гэмтэл, түүнээс шалтгаалсан өвчнөөр нас бардгийн 13 хувь нь амиа хорлолт гэжээ. Ингэж тоолбол жилийн амиа егүүтгэл бүр бага буюу 325 гарч байна. Үүнийг үнэн тоо гэж үзвэл мөнөөх биднийг гуравт оруулдаг жагсаалтаар баримжаалахад бид амь егүүтгэлээр дэлхийд 105 дугаарт орж байна. Гомдмоор тээ, нийтээрээ амиа хорлоод дуусч байгаа гэж ярих нь уг нь олон хүнд кайф өгч сэтгэлийн тайтгарал бэлэглэдэг юмсан.

Амиа хорлосон байдалтайгаар гэдэг нь өндрөөс ниссэн, галт тэргэнд дайруулсан, усанд үйсэн зэрэг нэлээд тохиолдолд амиа хорлосон эсэхийг нарийвчлан эцэслэж тогтоож чадаагүй байх юм. Ер нь ялангуяа статистик мэдээлэл муутай хөгжиж буй орнуудад ийм тоо бүртгэл гаргахад маш төвөгтэй, үнэмшил муутай байдаг юм байна. Манай урдуур жагссан Гаяана улсад амиа хорлосон тохиолдлын хэтэрхий дийлэнх нь ургамлын хортон шавьж устгадаг пэстицид идэж үхсэн байх юм. Газар тариалангийн бүдүүлэг энэ оронд хүмүүс пэстицидэд хортож үхэж байгаа болохоос амиа хорлосон биш гэж учир мэдэх судлаачид хэлж байна. Хажууд нь байгаа хэд дахин буурай Хаитичууд юун амиа хорлох, бүжиглэж дуулаад завгүй. Дэлхийн нийт амиа хорлолтын 30 хувь нь пэстицидэд хордож үхдэг, тэр нь дандаа ядуу орны газар тариалангийн талбайд болдог гэнээ. Амиа хорлолт гэхэд нэг л сэжигтэй байгаа биз? Тааруухан орнуудын ЭМЯ хордож үхсэн болгоноо амиа хорлосон гээд дээш нь ДЭМБ рүү мэдээлдэг байхаа даа, манайхан шиг.

Гаяанаг амиа хорлолтын өлгий болгож зарласан нь 1978 онд шашны тулгар үзэлт 909 хүн зэрэг амиа егүүтгэсэн хачирхалтай явдлаас үүдэлтэй ч гэж тайлбарладаг. Үнэндээ тэдний ихэнх нь америкчууд, энд ирж тэр ёслолоо хийсэн болохоос гаяана тариачин биш л дээ. Муу нэр нэг дуулахаар ингэж байнгын анхааралд өртдөг бололтой.

Статистик мэдээлэл сайтай хөгжингүй орнуудын ийм мэдээлэл илүү үнэнд ойр байдаг гэнэ. Ийм үзүүлэлтээр Литви, Өмнөд Солонгос хоёрыг амь үл тэвчилтээр дэлхийд тэргүүлдэг гэж маш олон эх сурвалж нэгэн дуугаар батлах аж. Хойд Солонгос үүнээс их амиа егүүтгэгчтэй гэсэн таамаг тоо ч бий, гэхдээ мэдээж тэд үнэнээ хэлэхгүй шүү дээ. Хуучин ЗХУ-ын Казахстан, Орос, Украин, Беларус, Балти зэрэг цагаан арьтнууд голчлон амьдардаг орнуудад амиа егүүтгэл бас их өндөр. Дэлхий даяар жилд нийт 800 мянган хүн амиа егүүтгэдгээс 30 хувь нь 15-29 насныхан байдаг юм байна.

Амиа хорлох явдал нийгмийн давхарга, улс орны хөгжлийн төвшин, улс төрийн хямрал, шашин шүтлэг, ядуурал, газар зүй, цаг уураас хамаарах хамаарал бага буй нь хачирхалтай.

Сүүлийн үед генетикчид амиа егүүтгэх нь тухайн хүний генээс хамаардаг болохыг нээжээ. Канадын сэтгэл судлалын төвд анх ийм нээлт гарсны дараа АНУ, Англи, Япон зэрэг газар дорвитой судалгаа хийн баталсан. Амиа авч одогсдын тархины нейтрофик факторыг судлаад эндээ митионы хувилбар гентэй хүмүүс сэтгэл хөдлөлийн үедээ амиа хорлох хандлагатайг тогтоожээ. Орчны байдал, хүүхэд үеийн согог, амьдралд саяхан тохиолдсон цочирдол, согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэснээс гээд амиа егүүтгэх түмэн шалтгаан байдаг ч энэ нь генийн угшилтай хүмүүст илүү тохиолддог аж.

ДНХ-ийн тодорхой байрлалд байдаг SKA2 нэртэй ген нь хүний организмын стресс даах чадварыг хариуцдаг юм байна. Ген гэхээрээ л нэг чадварыг нэг ген хариуцаад байдаггүй, олон гений хамтын үйлчлэл нийлж байж тодорхой өвчин болон үйлдэл буй болгоно. Ийм шинж чанар удамшина, популяци дахь тархалт нь янз янз. Хэминвэй өөрийгөө буудчихсан, өмнөх хэдэн үе нь бас ингэж үхсэн гэх. Зарим үндэстэнд амиа хорлолт маш бага байхад зэргэлдээ газар нь учиргүй өндөр. Прокурорын дээрх судалгаагаар баруун зүүн аймгуудад амиа хорлолт бага байхад яагаад ч юм Хөвсгөл, Өмнөговьд өндөр гарч байна гэж байна.

Генийн учир шалтгаан байна гэхээрээ ийм багцтай хүн болгон өөрийгөө боймолчихдог гэсэн үг биш. Ийм гентэй бол согтуурах, мансуурах, гэнэтийн цочролд орох, сэтгэл санаагаар унах, өвдөх, хоосрох зэрэг гадны янз бүр нөлөөнд ген сэргэнэ гэсэн утгатай юм гэнээ. Сэтгэл судлаачдын тогтоосноор амиа хорлолт нь өмнө нь төлөвлөгдсөн, удаан бодсон, бэлтгэгдсэн процесс биш аж. Тухайн генийн багцтай хүн гэнэтийн цочрол, мансуурал, сэтгэл гутралынхаа үед ийм шийдвэр огцом гаргадаг ба тэр нь удаан үргэлжилдэггүй, тэр үед нь саад тохиолдоод өнгөрвөл шийдвэрээсээ дороо татгалздаг гэнэ. Иймээс ихэнх орнуудад амиа егүүтгэх шийдвэр гаргасан хүнд зориулсан утасны дугаарыг тараасан байдаг, утасны цаана санваартан, мэргэжлийн сэтгэл судлаачид, аврагчид бэлэн сууж байдаг. Иймэрхүүг өгүүлж харуулсан кино зөндөө байдаг шүү дээ. Хэдэн минут саатуулахад л шийдвэрээ өөрчилдөг гэсэн. Хүүхэд залуучуудын дунд амиа хорлолт өндөр гардаг нь гол төлөв шилжилтийн настай холбоотой гэх. Гадны цочирлыг илүү хүндээр тусгаж авдаг, гомдомхой, уурламхай, дурламхай үе шүү дээ.

ДЭМБ-аас тусгай төлөөлөгч ирээд л хэдэн хүн үхснийг тоолоод явахгүй нь мэдээж. Мөнөөх анхдагч худал мэдээ эндээс гарч байгаа. Зориуд муулах гэж зохиогоогүй юм гэхэд тоондоо муу болохоор буруу нэмж хассан байх гэж ойлгоё. 2011 онд дэлхийн дундач байснаа 2017 оны 4 дүгээр сард гэнэт гозойсон энэ сонирхолтой мэдээг ДЭМБ-аас авсан дүн гэж тодотгоод хэл болгон дээр орчуулж тавьснаас гадна Википэдиа зэрэг нэр хүндтэй эх сурвалжууд ч хуулжээ. Хаашаа ч юм бэ дээ, гадны хүмүүс бидний тухайд, монголчууд гэхээрээ нийтээрээ хутга шөвөг барьчихсан өөрийгөө бүлээд, гэдсээ хүүлээд явдаг хачин амьтад гэсэн төсөөлөлтэй үлдэхнээ дээ. Ерээд оны эхээр их нүүдэл шилжилт болж байх үеэр 600 орчим хүүхэд траншейнд орчихсон байсан нь үнэн. Үүнийг тун идэвхтэй сурталчилсан тул бидний монголчуудыг нийтээрээ газар дор амьдардаг гэсэн ойлголт их түгсэн байж билээ.

Харин эх орноо энэ дэлхийн адаг болгож харуулах гэдэг өвчин бол генийн гэхээсээ соёл, хүмүүжил, боловсролоос хамаардаг байхаа. Социализмын үед сайн болгож харуулах гэж баахан худлаа тоо зохиодог байснаа одоо нөгөө туйлд нь авирчээ. Тэр үед ой хүртэл хүүхдийн эндэгдэл 128 промилд хүрч арвын нэг нь энддэг байсныг ДЭМБ руу 64 гэж бууруулж мэдээлдэг байв. Одоо 16 промил буюу үнэнгээсээ найм дахин буурчихсан шүү. Нэг төрлийн цайг нас уртасгадаг гэж наагаад үүндээ Япон, Европод дундаж наслалт 80 байхад Монголд 40 байна хэмээн зурагтаар өдөр болгон суртчилж байсныг зарим нь санаж байгаа л байх. Хэрэг дээрээ энэ худлаа, манайд эмэгтэйчүүдийн дундаж нас бүр 76 болчихоод байна. Монголд жилд нас баралтын рейтинг 5.6 байгаа нь дэлхийн дунджаас хамаагүй бага, маш эрүүл үзүүлэлт юм. 16 мянган хүн нас барж 60 гаруй мянган хүүхэд мэндэлж байна. “Монгол-адаг” сурталчилгааныхан хөөр баяр болон нас баралтын тоог олон дахин өсгөн хөөрч, эсвэл 16 мянгаа булаацалдан аваар осол, янз бүрийн өвчин, архи тамхи, утаа руу чирнэ. Ямар сайндаа зурагтаар дөчийн битон барьчихсан, монгол хүн болгон хүүхэд хөгшидөө оруулаад ийм их архи уудаг гэж ЭМЯ-ы сайд руу дайраад байхав. Худлаа шүү дээ, статистикаар архины хэрэглээ жил тутам буурч байгаа. Бид хүн тус бүр жилд 5,3 литр спирт уудаг нь солонгос, япончуудаас бага, 17 литрийг хүртдэг орос, украин скандинавыхантай харьцуулах ч юм биш. Уучихаараа агсам гэдэг нь өөр асуудал.

Монголчуудыг 95 хувь нь Д витамины гүн дутагдалтай гэсэн судалгаа баахан шуугиан үүсгэв. Хэрэв тийм бол хөл дээрээ зогсож чаддаг хүн үлдмээргүй юм, энэ витамин гүн дутагдвал хүний яс баримлын шавар шиг болчихдог. 16 мянгуулаа л хорт хавдраар үхээд байгаа юм ярих, насжилт уртассанаас нэмэгдэх нь нэмэгдсэн л байх. Элгээр гэвэл урьдын эмнэлгийн ариун цэврийн асуудал бий, гэхдээ гайгүй засарсаар л байгаа. Утаанаас болоод нийтээрээ үхээд байна л гэнэ, бүртгэл дээр болохоор уушигний хорт хавдар маш бага. Үйлдвэржээгүй Монголд онц хортой дэгдэмхий бодис үгүй. Гэхдээ утаа сайн гэж хэлээгүй шүү, ямар ч баримтгүйгээр муулахын тулд л битгий даваадуул. Сэтгэцийн гажигтай хүн 50 хувьд хүрсэн тухай “баримт” байна. Хоёр хувь хүрэхэд л тийм популяцийг тэр чигээрээ эрүүл биш гэж үздэг. 1979 оны судалгаагаар Улаанбаатарт энэ тоо 0,6 орчим гарч байсан санагдана. Саунд ороод тахианы мах идэхээр шууд л үржлийн эрхтэн нь нят болдог ч гэх шиг. Дандаа саунд орж бараг гагцхүү тахиагаар хооллодог өчнөөн орны бүх эрчүүд унжлагагүй болчихсон юм байна л даа. Эхнэрүүд нь хэний хүүхэд гаргадаг бол? Худалдааны болоод атаархлын, хорлон сүйтгэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг янз бүрээр худал муучлан хүн ардыг айлгаж цочоох явдал хэрээс хэтэрсэн шүү.

Юм л бол ийм муухай жишээ Монголоос өөр хаана ч байхгүй, Гиннесийн номонд ормоор гэж ирээд л хараана. Дэлхийд хамгийн өндөр татвартай л гэнэ, дэлхийд ийм бага цалинтай багш байхгүй л гэнэ. Хаанаасаа ямар баримт олоод хэн хэнтэй жишээд байгаа юм бол? Монгол нь дэлхийд хамгийн бага татвартай орны нэг. Камбож, Лаост багшийн дундаж 40 доллар юм билээ. Сомали, Хойд Солонгос, Өмнөд Суданд энэнээс гэх мэт.

Олон улсын мэргэжлийн байгууллагаас зохиож байгаа хуралд улс орноо хөө шиг хараар будан муучлах, бодит тоо баримтыг мушгин дордуулах, олон улсын тусламжийн байгууллагад Монголыг сүйрч хог дээр гарч байгаагаар “матах” үзэгдэл сүүлийн хорь гаруй жилд улам нэмэгдэж улам хүч оруулах болсон нь ажиглагддаг. Энэ нь тэндээс санхүүжилт олох гэсэн өөдгүй арга болох нь ч харагддаг. Манайд буй олон олон төрийн бус байгууллагууд, тэр байтугай төрийн байгууллагууд хүртэл ийм аргаар санхүүждэг нь нууц байж чадахаа больчихоод байгаа шүү. Тэднээс эрхэлж судалгаа нэртэй худал хуурмаг тоо гарган түүнээ барьж мөнгө завшихаар гадагш ханддаг. Энэ чиглэлд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, ядуурал, хадгаламж гэсэн хаяг түлхүү идэвхтэй. Үүгээр мэргэшсэн том гарууд ч бий. Сайд байхдаа баахан донгосчихоод, дараа нь мөнөөх судалгааны ажлаа үргэлжлүүлнэ хэмээн олон улсын байгууллагаас байнга санхүүжилт авсаар сүрхий баяжсан нэгнийг ч сайн мэдэх юм байна.

Манай улс дэлхийн 200 орчим бие даасан орон дотроо янз бүрийн үзүүлэлтээр байдаг л нэг дундаж орон. Биднээс ядуу дорой нь олон, биднээс баян тарган нь ч олон. Бидэнд олон сайн үзүүлэлт бий, түүгээрээ бахархаж болно, бидэнд мөн олон тааруу үзүүлэлт бий, тэрийгээ засч янзлана биз. Сүүлийн зуун жилд монгол үндэстэн шиг цагийг товчилж, ийм богино хугацаанд иргэншиж соёлжиж хүний дайтай болсон газар энэ дэлхийд тийм ч элбэг биш шүү. Бүх юм сайн сайхан болчихоогүй ч бүх юм тас хар болчихоогүй. “Дэлхийн бүх улс хөгжөөд байхад Монгол яагаад ганцаараа хөгжихгүй байгаа юм?” Манайхны сүүлийн үед хүн толгойтой болгоны тун бахдалтайгаар тавьдаг болсон брэнд асуулт. Хөгжил гэдгээрээ юуг ойлгодог, ямар шалгуураар хэмждэг, хэнтэй харьцуулсан гэдгээсээ л хамаардаг байх даа. Дундаж таргалалт, жингийн хэтрэлт хэд дахин нэмэгдсэн, сүүлийн 20 жилд олсон мөнгөний хэмжээ12 дахин өссөн, хүмүүс 7 тэрбум доллароор үнэтэй үнэтэй автомашин авч баярхсанаар гудамжинд машин багтахаа больсон, ухаалаг утас хүний тооноосоо хамаагүй олон ажиллаж байна гэх мэт хэмжүүрээр бол хөгжөөд ч байгаа юм шиг. Улам их хулхиддаг болсон, улам их ажил хийх дургүй болсон, улам их хулгайлдаг болсон, улам их хийрхдэг болсон, улам их бөөлдөг болсон, авлига замаа алдсан, ёс суртахуун шалан дээр унасан гэсэн хэмжүүрээр бол арагшаа ухраад байгаа нь ч үнэн л дээ.

2018.2.3

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Баабар Монголчууд нийтээрээ амиа егүүтгээд дуусч байгаа юм байна л даа! хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газар, ОУВС-тай хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгсөн хэмээн өгүүлсэн байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид: Хэвлэл мэдээллийн байгууллагын дансыг хаана гэдэг маш буруу. Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч байна хэмээн ярьсныг “Баримт, үйл явдал” нүүрээс хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: УИХ-ын гишүүн өөрийн хэлсэн ярьсан зүйлээ туйлын үнэн мэт туйлширч болохгүй хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар Монголчууд нийтээрээ амиа егүүтгээд дуусч байгаа юм байна л даа! хэмээн өгүүлжээ.

“Пэтролеум Продакшн” компанийн захирал Ц.Отгонбаатар: Бид үйлдвэрлэсэн шатахуунаа Роснефтийн нийлүүлж байгаа үнээс 20-30 ам.доллароор хямд худалдаалдаг хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Стандарт банкны өрийг төлөх ёстой хүн нь Ш.Батхүү гэж ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Залуу эрдэмтэн” буланд доктор, дэд профессор Г.Гантулга: Хот тэлж биш зөв зохион байгуулалтад орж нягтарч хөгждөг хэмээн ярьсан байна..

Д.Нацагдорж судлаач хэл шинжлэлийн доктор Ч.Жачин: Язгууртан тайж, ангийн дайсан гэсэн байнгын дарамт шахалт дунд явснаа Д.Нацагдорж Э.Оюун гуайд хэлсэн байдаг хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Box office шилдэг 10 кино


Jumanji: Welcome to the Jungle

Image result for Jumanji: Welcome to the Jungle

Ахлах сургуулийн 4 хүүхэд агуулахаас хуучин тоглоом олоод тоглоно. Гэтэл тэд сонгосон дүрдээ хувиран тоглоомон дотроо орох ба тэндээсээ гархын тулд бүгд нэг баг болж хамтдаа бүгдийг даван туулна.

Энэхүү кино нь 119 минут үргэлжлэх ба долоон долоо хоног гарч байгаа.

Нийт$352,572,974 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $10,930,222 долларын ашиг олжээ.

Maze Runner: The Death Cure

Image result for Maze Runner: The Death Cure

“Flare” нэртэй шинэ үхлийн өвчнийг анагаах эмчилгээ олохоор эрэлд гарна.

Тус кино нь 141 минут үргэлжлэх ба дэлгэцнээ гараад хоёр долоо хонож байна.

Нийт $40,035,094 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $10,474,895 долларын ашиг олжээ.

Winchester

Image result for Winchester MOVIE

Дэлхийн хамгийн хачин жигтэй байшин Сан-Францискогоос 50 миль зайд тусгаарлагдсан газарт бий. Уг байшинг Winchester-ийн өв залгамжлагч Сара Винчессын барьсан. Долоон давхар өндөртэй бөгөөд хэдэн зуун өрөөтэй асар том байшин юм. Тэдний дунд хамгийн аймшигтай нь Winchesters-тэй тэнцэх юм.

Энэхүү кино нь 99 минут үргэлжлэх ба гарч эхлээд нэг долоо хоног болж байгаа ба нийт орлого нь $9,307,626 доллар байна.

The Greatest Showman

Image result for The Greatest Showman

Шоу бизнесийн төрөлтийг баяр хөөрөө илэрхийлж, дэлхий даяарх мэдрэмж болсон үзвэрийг бий болгохын тулд юу ч хийгээгүй үзэгчийн тухай өгүүлдэг.

Тус кино нь 105 минут үргэлжлэх ба долоон долоо хоног гарч байгаа.

Нийт$137,370,816 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $7,695,644 долларын ашиг олжээ.

The Post

Image result for the post movie

АНУ-ын Ерөнхийлөгчийн дөрвөн ерөнхийлөгчийн хамрах хүрээ нь улс орны хамгийн анхны эмэгтэй сонины нийтлэгч, хатуу хөтлөгч редакторыг түлхэж, хэвлэл мэдээллийнхэн болон засгийн газрын хооронд урьд өмнө үзэгдээгүй тулалдаанд орно.

Тус кино нь 116 минут үргэлжлэх ба долоон долоо хоног гарч байгаа.

Нийт $67,202,632 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $5,218,122 долларын ашиг олжээ.

Hostiles

Image result for Hostiles

1892 онд домогт армийн ахмад аюултай газар нутгаар Ченны ахлагч болон түүний гэр бүлийг дагуулахаар дуртайяа хүлээн зөвшөөрөв.

Тус кино нь 134 минут үргэлжлэх ба долоон долоо хоног гарч байгаа.

Нийт$20,822,641 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $5,108,228 долларын ашиг олжээ.

12 Strong

Image result for 12 Strong

Афганистанд алба хааж байсан анхны тусгай хүчний багийн түүхийг хүчтэй өгүүлдэг; Шинэ ахлагчийн удирдлаган дор баг нь Афганистаны эрх баригчидтай хамт Талибаныг орхин явах ёстой.

Тус кино нь 130 минут үргэлжлэх ба гурван долоо хоног гарч байгаа.

Нийт $37,300,034 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $4,706,481 долларын ашиг олжээ.

Den of Thieves

Image result for Den of Thieves

Лос-Анжелес хотын Шерифийн дээд сургуулийн элит албаны амьдралыг дагаж мөрдөж байгаа гэмт хэрэг, хууль сахиулах банкны дээрэмдэж буй багийн гишүүд нь Холбооны Нөөцийн Банкинд боломжгүй мэт санагдана.

Тус кино нь 140 минут үргэлжлэх ба гурван долоо хоног гарч байгаа.

Нийт $36,152,095 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $4,551,163 долларын ашиг олжээ.

The Shape of Water

Image result for The Shape of Water

Хүйтэн дайны үед АНУ-ын 1963 оныг баримталж байсан. Өндөр нууцлалтай засгийн газрын лабораторид ажиллаж байхдаа ганцаардсан Елиза (Салли Хаулкинс) нь чимээгүй, тусгаарлагдмал амьдралаар баригджээ. Тэрбээр хамтран ажиллагч Zelda (Octavia Spencer) нууц ангиллын туршилтыг илрүүлэхэд Эстигийн амьдрал үүрд өөрчлөгджээ.

Тус кино нь 123 минут үргэлжлэх ба дөрвөн долоо хоног гарч байгаа.

Нийт$44,728,570 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $4,448,520 долларын ашиг олжээ.

Paddington 2

Image result for Paddington 2

Энэхүү кино нь 104 минут үргэлжлэх ба ба дөрвөн долоо хоног гарч байгаа.

Нийт $36,481,132 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $3,277,453 долларын ашиг олжээ.

Паддингтон баавгай шинэ гэр бүл, олон найзуудтай болсон байлаа. Тэр өөрийн нагац эгчийнхээ 100 насны ойд тохирох сайхан бэлэг олсон боловч бэлгийг нь хэн нэгэн хулгайлна.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

2017 оны дэлхийн шилдэг гэрэл зургуудаас


OХУ-ын уран гулгагч Бетина Попова болон Сергей Мозгов нар 2017 оны 12-р сард Москвад болсон Гран-при шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтоо хийж байгаа нь

АНУ-ын хөнгөн атлетикч Жастин Гэтлин Лондонд болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 м-ийн зайд түрүүлснийхээ дараа Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт-ын өмнө өвдөг сөхрөн хүндэтгэл илэрхийлж байгаа нь.

«Спартака»-ын ахлах дасгалжуулагч Массимо Каррера ЦСКА-тай хийсэн тоглолтонд баг нь ялсны дараа

БНАСАУ-ын удирдагчдын хөшөө дурсгалын шатыг цэвэрлэж буй сурагчид. 2017 оны долдугаар сар.

Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зориулсан БНАСАУ-ын ардын армийн цэргийн парад. Пхеньян хот. 2017 оны дөрөвдүгээр сар.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ачааны машины жолооны ард. 2017 оны гуравдугаар сард.

Непалын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид руу халдаж буй хирс. 2017 оны дөрөвдүгээр сар.

АНУ, Мексикийн хилийн зааг газар.

Мьянмараас дүрвэсэн рохинжууд үндэстнүүд Бангладешийн эрэгт эсэн мэнд газардаж байгаа нь. 2017 оны 9-р сар

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг иргэдийн газартай холбоотой асуудлыг шийдэж эхэлжээ

ЗурагБаянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч захирамж гаргахгүй байсны улмаас дүүргийн Газрын албанд иргэдийн газартай холбоотой асуудал сүүлийн хагас жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаад байсан билээ.

Тэгвэл дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 1 дүгээр сарын 30 өдрийн А/21, А/22, А/23, А/24, А/25, А/26 дугаар захирамжаар эрх шилжүүлэх-191, хугацаа сунгах-383, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх-36 нийт 610 хүсэлтийг шийдвэрлэлээ.

Нийслэлийн Газрын албаны дарга тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчтэй хамтран ажиллахаар удаа дараа уулзалт хийсний үр дүнд ийнхүү иргэдийн газартай холбоотой хүсэлтийг цаашид хэвийн үргэлжлүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ой тохиож байна

Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг Нэмэндэйн Янжмаа 1893 оны 2-р сарын 6-нд Их хүрээ (Одоогийн Улаанбаатар)-нд мэндэлжээ. Түүний мэндэлсэн 125 жилийн ойд зориулж Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо “Мөнхөд дурсагдах гавъяатан” нэртэй үзэсгэлэн болон “Эерэг өөрчлөлт” сайн үйлсийн аяныг эхлүүлээд байна.

Н.Янжмаа агсны үйл хэрэг, амьдралын замналыг харуулсан тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Д.Сүхбаатар, Н.Янжмаа нарын төрөл төрөгсөд болох Д.Сүхжаргалмаа, Ц.Хүрэлсүх, Сүхбаатар судлаач О.Баатар нар оролцлоо.

Их жанжин Д.Сүхбаатарын гэргий гэдгээрээ ард түмэнд илүүтэй танигдсан тэрээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг юм. “Н.Янжмаа нь XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч байсан бөгөөд эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, бэхжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, “Мөнхөд дурсагдах гавъяатан”. Төрийн алба хашиж буй хүн өөрийгөө золиослож зүтгэдэгийн жишээ нь Н.Янжмаа гуай бөгөөд өнөө үеийн бид түүнээс үлгэр жишээ авах учиртайг гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Н.Янжмаагийн нэрэмжит “Эерэг өөрчлөлт” сайн үйлсийн аян нь Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хийгдэх 100 сайн үйлсийн эхлэл аж. Нийгмийн халамж, анхаарал шаардлагатай тодорхой зорилтод бүлгүүд байдаг. Тэдэнд материаллаг гэхээсээ илүүтэй оюунлаг амьдрах чадвар, амьдралын дархлаа суулгах дэмжлэг тэдэнд хэрэгтэй гэдгийг НАМЭХ-ныхон олж харжээ. Тиймээс энэ чиглэлийн сайн үйлсийн аяныг хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл гэсэн шаталсан хэлбэрүүдээр үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсон нь энэ юм.

Нэмэндэйн Янжмаа 1893 оны 2-р сарын 6-нд Их хүрээ (Одоогийн Улаанбаатар)-нд мэндэлжээ. Нэмэндэйн Янжмаа 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга,1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байв. 1927-1930 онд ЗХУ-д суралцаж, шинэ цагийн боловсролтой эмэгтэйчүүдийг манлайлж явжээ. Тэрээр УБХ-ын Тэргүүлэгч, 1951 онд АИХ-ын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, 1953 онд АИХ-ын даргаар сонгогдон ажиллаж, дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.

Н.Янжмаа эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв.