Categories
мэдээ нийгэм

“Малчдад туслая” аян боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын удирдлагууд нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч, ажиллаж байна.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын удирдлагууд Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллаж, хорооны удирдлагуудаас тулгамдаж буй асуудлууд болон цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлын талаар сонсч, санал солилцсон байна. Тус хороодын Засаг дарга нарын зүгээс компьютер, техник хэрэгслийн хүрэлцээ дутмагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ удаашралтай байдаг. Мөн цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас хороодын малчин өрхийн иргэд зудад ихээр өртөж мал нь өвс, тэжээлийн дутагдалд орж хорогдох болсон талаар мэдээлэл өгч нийслэлээс тусламж дэмжлэг хүсч, энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар санал хүсэлт тавьсан.

Гаргасан санал хүсэлтийн дагуу нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс байгууллагын албан хаагчдынхаа дунд “Малчдад тусалъя” сайн санааны аян өрнүүлж 750.000 гаруй мянган төгрөг цуглуулжээ. Үүгээрээ малчдад нэн тэргүүний хэрэгцээтэй байгаа 71 боодол өвс, 300 ширхэг хос бээлийг бэлтгэн тус дүүргийн малчин 8 өрхөд хүлээлгэн өглөө. Мөн төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд туслах зорилгоор нэг ширхэг иж бүрэн компьютер, компьютерийн дэлгэц хоёр ширхэгийг хороодын ажлын албанд хүлээлгэн өгч хороодын интернэт, дотоод сүлжээ, техник тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээг хийлээ гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эзэнтэй ба эзэнгүй сэтгүүлчид

НЭГ. МОНГОЛЫН ГУРАВДУГААР МЭРГЭЖИЛ

Сэтгүүлчийн ажил нь хамгийн хаалттай орчинд ч гэсэн өөрийн үзэл бодлыг “илэрхийлэх” боломж олгож байсны хувьд ХХ зууны Монголын мөрөөдлийн мэргэжлийн нэг байлаа. Үнэн хэрэгтээ тэрхүү эрх чөлөө нь нам, төрийн заасан хэмжээ, зааварласан хязгаар хоёрт хатуу баригдаж байсан ч гэсэн.

Олон түмэн радиогоор ярьж, зурагтаар гарч, сонин хэвлэлд юм бичээд нэрээ тавьдаг тэр хүмүүсийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний амьд биелэл хэмээн хардаг байжээ. Хүмүүс санасан бодсоноо ингэж ярьж, бичиж үзэхсэн гэж мөрөөсөн бодно. Уг нь мэргэжлийг биш мэргэжлийнхээ далбаан дор эдэлж “харагддаг” эрх чөлөөг л мөрөөдөж байсан хэрэг юм л даа.

Өнгөрсөн үеийн энэ итгэл мөрөөдөл өнөө ч хэвээрээ байгаа болохоор хувь, хувьсгалын бараг бүх дээд сургууль сэтгүүлчийн анги нээжээ. Багш бэлтгэдэг сургуульд хүртэл иймэрхүү анги байдаг нь “Багш болж чадахгүй юмаа гэхэд ядаж сэтгүүлч болог” л гэсэн санаа юм болов уу даа. Анагаахын сургуульд байдаг эсэхийг мэдэхгүй ч гэсэн “Эмч болохоо байг гэхэд-толгой өвдөхөд анальгин зүгээр гэж зурагтаар яриад амь зууж яваг, хөөрхий” гээд сэтгүүлчийн анги нээсэн байхад гайхах юм алга.

Өнөөгийн монголчуудын мэргэжил хуульч, эдийн засагч, сэтгүүлч гэсэн гурван хэсэгт хуваагдаж байна. Хуульч болбол хэрэгт орохгүй гэж манайхан итгэдэг. Монгол Улс 30.000 хуульчтай, 3000 хуульчийн орон тоотой гэдэг статитистик бий. Тэднээс хуульч Нямдорж л ганцаараа сайд болж, лексус 570″ унаж байгаа ч “ядаж л хэрэгт орохгүй” гэх найдлагаар мянга мянган хуульч шинээр мэндэлсээр… Уг нь бол “хэрэг хийхгүй байхад л хэрэгт орохгүй” гэдгийг хэлээд ч яалаа, байлаа ч яалаа.

Эдийн засагч болчихвол баяждаг гэж монголчууд бас боддог. Оюутнууд, эдийн засаг зааж байгаа хүмүүсийнхээ хөрөнгө чинээгээр баримжаа авч болох ч гэсэн тэгдэггүй. Эрхбиш, эдийн засагч болоод сайхан амьдарч болохгүй бол эдийн засаг заагаад амь зууж болох юм гэсэн итгэлтэйгээр төгсдөг байлгүй, яав гэж. Ер нь бол эдийн засагч олшрохын хэрээр эдийн засаг унаж байгаа нь бол баримт юм.

Харин сэтгүүлчийн мэргэжил нь түүнийг дагнан эзэмшигчээс гадна, хуульч болж барахгүй бол, эдийн засагч болж дийлэхгүй бол, эмч болж дийлэхгүй бол барьж авдаг салбар болоод иржээ. Хуульчийнхаас ялгаатай нь, юм яригч, бичигчийн орон тоо хумигдах биш харин ч нэмэгдсээр… фэйсбүүк, твиттер, юүтүб гээд интернэт орчныг оруулаад үзвэл хүн төрөлхтний нийтлэг мэргэжил болоод явчихлаа.

Манай сэтгүүл зүйд түгээмэл байгаа баримт мэдээллээс илүүтэйгээр байр суурь үзэл бодлоо түгээх хандлага нь сошиаль ертөнцийн жиргээ сэлттэй холилдоод ер бусын өнгө төрх бүрдүүлж эхэллээ. Энэ бүхний дундаас мэргэжлийн сэтгүүл зүй хэрхэн ялгарах нь сонин байна.

ХОЁР. МОНГОЛЫН ДӨРӨВДҮГЭЭР “ЕС”

Ардчиллын үед “чөлөөт хэвлэл нь дөрөв дэх засаглал” болдог гэдэг афоризм манайхны сэтгэлийг их татдаг. Үүнийг шууд л хоёрдогч төрийн алба гэж ойлгох. Нэг, хоёр, гуравдугаар төрийн албанд орж чадахгүй юм аа гэхэд, дөрөвдөгч төрийн албанд орох боломж нээлттэй гэсэн үг.

Дөрөв дэх засаглал гэж юүг хэлээд байна гэхээр, ийм юм. Юуны өмнө хууль тогтоох, тогтоосон хуулийг нь хэрэгжүүлэх, хууль хэрэгжиж байгаа эсэхийг шүүх ийм гурван засаглалын дараагаар мэдээллийн “засаглал” орсны учрыг олохын тулд эхлээд мэдээлэл бол бизнес гээд тогтчихьё.

Хэвлэл, мэдээлэл нь нэгэнт л бизнес учраас хэн нь илүү их мэдээлэл зарах тухайд өрсөлдөөн эхэлнэ. Илүү мэдээлэл зарахын тулд илүү уншигч, үзэгчдийн итгэлийг илүү хүлээх ёстой. Илүү итгэгдэхийн тулд хамгийн зөв, хамгийн сонин мэдээг, хамгийн түрүүнд хүргэх ёстой болно. Энэ өрсөлдөөн нь нийгэмд үнэн мэдээллийг шуурхай түгээх уралдаан өрнүүлнэ. Уралдааны үр дүнд нийгэм нээлттэй болж, сайн муу бүх юм нь мэдээлэгдэнэ. Энэхүү нээлттэй байдал нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг ил тод байлгаснаар шударга ёс ноёлно гэсэн философи.

ГУРАВ. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН “БҮГДИЙН ДАРГА”-ЫН СОНГУУЛЬ

Өнөө маргаашгүй Монголын сэтгүүлчдийн байгууллага их хурлаа хийх гэж байна. Хүмүүс “дөрөвдүгээр засгийн газрын Ерөнхий сайд” хэн болохыг анхааралтай харж байх шиг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол хуучин Монголын сэтгүүлчдийн холбоо хэмээх төр, засгийн дэргэдэх төрийн бус байгууллагын өв залгамжлагч маягтай газар юм.

ХХ зуунд МАХН бол цор ганц улс төрийн нам бөгөөд цор ганц эрх баригч байсан. Түүнийг тойруулан төрийн бус байгууллага нэртэй олон тооны “дэд МАХН” байсны нэг нь. МҮЭ, Зохиолчдын эвлэлийн нэгэн адил Засгийн газрын бүтцэд багтана.

Өнөөдөр ч гэсэн эрх баригч нам ба түүний дагуул хөдөлгөөн, “дэд нам”-ын үзэгдэл тодорхой утгаараа оршсоор байгаа юм. Тэр утгаараа, Монголын сэтгүүлчдийг бүгдийг нэгтгэсэн гэх байгууллага ба түүний толгойлогч оршин байгаа нь манай улс төрөөс урган гарсан үзэгдэл билээ.

Яагаад гэхээр ийм юм. Зарим хүний ойлголтоор, Монголын Дөрөв дэх Засаглалын тэргүүн буюу Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын дараагаар нэр нь бичигдэх нигууртай гэгдэх хүн бол хоёрдмол шинжтэй дарга.

Нэг талаасаа улсын “дөрөвдүгээр” хүний үгэнд ороод явах сонин сэтгүүл, сэтгүүлч ч цөөхөн дөө цөөхөн. Гэхдээ айхгүй ч аягүй гэгчээр хаанаас нь ч харсан Монголын бүх сэтгүүлчийн дарга учраас бусад улс төрчдөд их хэрэгтэй. Түүнийг талдаа татсан хүн ерөнхийдөө л бүх сэтгүүлчдийг өөртөө татчихсан ч юм шиг харагдана. Бас “ерөнхийдөө л бүхий л сэтгүүлч” нарыг таны талд харагдуулах энэ чанар дээрээ томоохон менежмэнт хийж болно.

Чухам ийм учраас сэтгүүлчдийн өмнөөс ярих эрхийн төлөөх өрсөлдөөн болно гэсэн үг. Дараагаар нь уг “бүгдийн даа”, “өмнөөс яригч”-ийг улс төрийн аль нам, бүлэглэл ивээх тухай бизнес-улс төрийн яриа үүснэ. Ийм учраас Монголын сэтгүүлчдийн “бүгдийн даа”-гийн төлөөх өрсөлдөөн манай орны улс төрийн амьдралд мааш чухал үйл явдал болоод байгаа хэрэг.

ГУРАВ. МОНГОЛЫН ЭЗЭНГҮЙ СЭТГҮҮЛЧИД

Харин хэрэг дээрээ Монголын хэвлэл, сэтгүүлчид “Бүгдийн дарга”-ынхаа үгэнд ороод явах нь юу л бол. Угаасаа толгой толгойгоо даах эрмэлзэлтэй, “миний амбиц-миний иймэж” уриатай монголчууд нэг малгайн дор ороод явах ямар ч бололцоо байхгүй.

Нөгөө талаас сэтгүүлчдийн байгууллага нь сэтгүүл зүйн салбарын эрх ашгийг хамгаалах боломж нөхцөл ч хоёрдмол. Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэдээллийн бизнесийг хамгаалах тал дээр бол юм яриад байж болдог.

Харин сэтгүүлчийн хувийн эрх ашиг, цалин хөлс, ажиллах орчин, илүү цагийн хөлс, урамшууллын талаар ярих бололцоо хязгаарлагдмал. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллагад “анги хамт олноороо” буюу ажлын газраараа элсдэг учраас иймэрхүү алхмууд эздийн эрх ашигт харшлана. Ихээхэн дургүйг нь хүргэвэл “хамаг хүмүүсээ аваад танайхаас гарна, сэтгүүлчдийн шинэ холбоо байгуулна” гээд “Бүгдийн дарга”-ыг айлгачихна.Хувь сэтгүүлчийн эрх ашиг үнэн хэрэгтээ хамгаалалтгүй үлдэж байгаа юм. Энэ утгаараа сэтгүүлчдийн холбоо гэхээсээ илүү мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо маягтай харагддаг.

Нөгөө нэг тал нь ахмад сэтгүүлчид. Насаараа аль нэг хэвлэлийн байгууллагад ажиллаж, зохих ёсоор хүндлэгдэж явсан ахмадууд өнөөгийн сэтгүүлчдийн байгууллагыг халуунаар тойрон хүрээлдэг. Чөлөөндөө гарч, албан байгууллагын харьяаллаас холдон ганцаардахын зовлонгоос олон ахмадыг аварч, өөрийн гэх байгууллага, харьяалалтай байлгаж, ой өдөрлөгүүддээ урьж баярлуулах нь сэтгүүлчдийн байгууллагын нэгэн тулгуур ажил бөгөөд баярласан ахмадууд ч тэдний бодлого ажлыг дэмждэг нэгэн цөмийг бүрдүүлдэг гэж хэлдэг.

Яг амьдрал дээр сэтгүүлчдийг сонирхол онцлогоор нь нэгтгэсэн, амьд үйл ажиллагаатай олон байгууллага бий. Жишээ нь “Өдөр тутмын сонины холбоо” байна. Өдөр тутам хэвлэгддэг сонинуудыг нэгтгэсэн энэ байгууллага Монголын хамгийн хамгийн хүчтэй сэтгүүлчдийн холбоо байж магадгүй. Бас “хамгийн олон хүн уншдаг” шалгуураар гишүүдээ цуглуулсан “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” буюу “baabar.mn” сайтынхан бол Монголын нийгэм улс төрд хамгийн нөлөөтэй Сэтгүүлчдийн холбоо байх. Хувийн салбарыг түшиглэсэн Монголиан масс медиа, Блүүмбэргийг тойрсон бүлэглэл гээд сэтгүүл зүйн шинэ нэгдлүүд үүсч байна.

За тэгээд, ерөөсөө “сонины холбоо”, дурын “сайтын холбоо” гээ л бишгүй л олон газар дуулддаг нь байх ёстой, хэвийн зүйл.

Өнөөгийн манай МСНЭ бол нэгдүгээрт Монголын сэтгүүлчдийн байгууллагуудын холбоо гэмээр ч юм шиг. Нөгөө талаас нь Монголын хэвлэл, мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо ч гэмээр. Улмаар ахмад сэтгүүлчдийн байгууллага ч юм уу гэхээр. Үнэндээ бол улс төрийн сонирхол дагуулсан “дэд нам засаг” гэчихсэн ч болохоор. Өөрсдийгөө болохоор “Монголын бүхий л сэтгүүлч нарын холбоо” гэж ойлгох жишээний.

Нэг үнэн юм юу байна гэхээр, сэтгүүлчийн хувийн эрх ашгийг хамгаалсан сэтгүүлчдийн байгууллага Монголд байхгүй байна. Хууль бусаар халагдсан сэтгүүлчийг хамгаалах, тэдэнд хөдөлмөрийн сайн нөхцөл шаардах, цалин хөлс нэмэхийг шаардах хэн ч байхгүй учраас Монголын сэтгүүлчид үнэн хэрэгтээ “Сэтгүүлчдийн холбоо”-гүй байгаа юм.

Дээрхи байгууллагыг тойрсон ахмадуудын хүрээлэл нь хүмүүнлэг нинжингийн үйлс байж болох ч байнгын ирц, тодорхой асуудлаархи саналын багц гэдэг утгаараа л хэрэгцээтэй байдаг ч байж магадгүй.

Ингээд харахаар дараахь хоёр дүгнэлт гарч байна.

Нэгдүгээрт бүх сэтгүүлч, бүх сонин хэвлэлийг нэгтгэнэ гэдэг өөрөө боломж муутай төдийгүй угаасаа боломжгүй. Иймээс “сэтгүүлчдийн холбоодын холбоо” гэдэг агуулга руугаа илүү зохион байгуулагдах болов уу.

Хоёрдугаарт, яг сэтгүүлчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах байгууллагагүй аж. Ийм үйл ажиллагаа нь өнөөгийн мэдээллийн бизнес эрхлэгчдийн эвсэл маягтай ажилладаг МСНЭ-ийн мөн чанарт ч харш юм байна. Тийм учраас багш нарын цалинг нэмэх жагсаал болдог, харин сэтгүүлчдийн цалин нэмэхийг шаардсан жагсаал гэж байдаггүй юм байна. Өмнөөс нь ярих олон эзэнтэй ч, өөрийнх нь төлөө явах эзэнгүй, сэтгүүлчдээ гэж.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: УИХ-ын гишүүн өөрийн хэлсэн ярьсан зүйлээ туйлын үнэн мэт туйлширч болохгүй

Д.Оюунхорол зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Он гарснаас хойш шатахууны үнэ өссөн. Хомсдол бий болсон. Салбар хариуцсан сайд нь гадаад руу олон хоногоор явчихсан байна гэж та шүүмжлэн хэлж байсан. Шатахууны үнэ дахиад нэмэгдэж болзошгүй талаар дуулдаж байна?

-Би УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нарын гишүүдийн хамт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар асуулга тавьсан. Засгийн газарт бензин шатахууныг зохицуулах боломж байхад, нийгмийг яагаад ийм бухимдалд хүргэв гэдэгт дүгнэлт хийхийг хэлсэн. Өнөөдөр А-80 бензинээс дэлхий нийт татгалзаж байхад татварыг заавал тэглэх шаардлага байна уу? А-95, бензиний татварыг хэзээ тэглэх вэ. Үнийн асуудлыг Засгийн газраас төгс шийдэж чадаагүй.

А-95 тансаг хэрэглээ биш, хүрээлэн буй орчинд хор багатай талаас нь иргэдэд үнэн зөв ойлголт өгөх хэрэгтэй. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр дээр Евро 5 стандартын шатахууныг хэрэглэдэг болъё гэсэн санал явж байгаа. Шатахууны нөөцийн асуудал дээр Засгийн газар хайхрамжгүй хандаж болохгүй. Нийгэм бухимдалтай байхад салбарын сайд олон хоногоор гадаадад явж болохгүй гэдгийг л хэлсэн. Нефть импортлогч компаниудын удирдлагатай бид уулзсан. Шатахууны үнийн нэмэгдэл, хомсдол бодит байдал дээр өнөөдрийг болтол бүрэн шийдэгдээгүй. Хомсдол, үнэ, өртөг нэмэгдэх хандлага ч яригдаж байна. Дэлхийн зах зээл дээр үнэ өсч байгаа эгзэгтэй үед менежмэнтээ хэрхэн зөв хийхэд хариуцаж буй сайд нь анхаарч маш сайн ажиллах хэрэгтэй л дээ.

-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Азийн хөгжлийн банкнаас олгогдох зээлээс 38 сая ам.долларыг юунд зарцуулах вэ гэдэг дээр маргаан болж байсан. Хөвсгөл, Хэнтий аймгийн алийг нь аялал жуулчлалын төв болгох вэ гэдэг дээр гишүүд өөрсдийн тойрог аймаг дээрээ авчих санаатай маргалдаад байв уу?

-Аялал жуулчлалын салбар бол хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий салбар. УИХ-аас баталсан 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” гэж тодорхойлсон. Энэ хүрээнд төвийн бүсэд байгаль,түүх, соёл, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатарт хурал, зөвлөгөөн, бизнес, спорт, соёл, урлаг, түүх, музей, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Харин баруун бүсэд түүх, соёл, тусгай сонирхол, адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлж, олон үндэстэн, ястны соёлыг илтгэсэн эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулах, зүүн бүсэд байгаль, түүх соёл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, говийн бүсэд байгаль, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлж, палеонтологийн ховор олдворуудад тулгуурласан парк байгуулах зорилтыг тавьсан. Монголд ирсэн гадаадын жуулчдын дунд явуулсан судалгаагаар, нийт жуулчдын 60 гаруй хувь нь “байгалийн гоо үзэсгэлэнг”, 42 орчим хувь нь “нүүдлийн түүх, соёл, уламжлалт зан заншлыг” үзэхээр ирдэг бөгөөд тэдгээрийн 60 гаруй хувь нь манай оронд дахин зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Эрдэмтдийн судалгаагаар, манай орны аялал жуулчлалын голлох бүтээгдэхүүн нь нүүдлийн аялал жуулчлал, Чингис хааны түүх, төрсөн газар, Монголын нууц товчооны түүхтэй холбоотой аяллууд, тусгай сонирхлын аялал жуулчлал байх тул цаашид энэ төрлийн аяллыг түлхүү хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзсэн. Энэ бүхнийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 142 дугаартай, 2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр батлагдсан тогтоолоороо “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулах, Дэлхийн өв-Орхоны хөндийн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах, Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэж заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийг зарцуулахаар хуваарилсан байсан юм. Үүнийг өөрчилсөн нь буруу бөгөөд анх төлөвлөсний дагуу төслийн төсвийн хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг л илэрхийлсэн. Төрийн ажил залгамж чанараараа л явах ёстой.

-УИХ-ын 76 гишүүн Засгийн газрын ажилд болон бүх зүйлд оролцож гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хумьснаар сөрөг үр дагавар гардаг тухай яригддаг. Үндсэн хуульд энэ тал дээр ямар өөрчлөлтүүд тусгагдах бол?

-Монгол Улс парламентын засаглалтай улс гэж тодорхойлдог. Гэвч манай парламентын тогтолцоо олон оронд байдаг сонгодог парламентын засаглалаас өөр, завсрын шинжтэй байгаа. Товчоор хэлэхэд парламентын засаглалтай орны гүйцэтгэх засаглалын тэргүүнд байдаг хамгийн чухал эрх мэдэл манай Ерөнхий сайдад байдаггүй. Ерөнхий сайд нь сайд нараа томилж, чөлөөлж, өөрөө Засгийн газраа байгуулах эрхийг нь гүйцэтгэх засаглал Ерөнхий сайдад нь өгчих хэрэгтэй. Энэ бол сонгодог парламентын сонгодог загвар мөн. Гэтэл манайд эрх мэдэл нь бодит байдал дээр УИХ-д байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн чухал гүйцэтгэх эрх мэдлийг УИХ нь Засгийн газрын тэргүүнтэйгээ хуваалцдаг болсноор улс төрийн хямралын суурийг тавьж байна. Өнөөдөр хүчтэй, төвлөрсөн гүйцэтгэх засаглалтай, хүчтэй лидер толгойлсон улс орон л хурдтай хөгжөөд байгаа.

Улс орны хөгжилд гүйцэтгэх засаглал маш чухал үүрэгтэйг амьдрал харуулсаар байна. Гэтэл манайд парламентын гишүүд сайд томилж, чөлөөлөхөд оролцдог учраас 76 Ерөнхий сайдтай болчихжээ гэж иргэдийн ярьдаг нь оргүй зүйл биш ээ. Парламент сандал суудлын тэмцлийг даамжруулж, улс төрийг тогтворгүйжүүлдэг гол газар болж байна. Парламент бол хууль, бодлогыг нь батлаад хэрэгжилтийг нь харж хянаж л байх үүрэгтэй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нэг Ерөнхий сайд дунджаар хоёр жилээс бага хугацаанд ажилласан байх жишээтэй. Үүнээс үүдэлтэй улс төрийн хувьд тогтворгүй, төрийн залгамж шинж чанар алдагдаж байгааг бид харж, мэдэрч байгаа. Засаглал хямарч байгаа тухай хүн бүр ярьж, санаа зовж байгаа энэ үед Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байж сонгодог парламентын засаглалтай болж гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх ёстой алхам юм.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэлээ гэж АН-ынхан мэдэгдэж байсан нь бий. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн суурь зарчимтай. Монгол Улсын төрийн тогтолцооны өнөөгийн хүрсэн түвшин, цаашдын төлөв байдлыг харгалзан харьцангуй бие даасан эрх бүхий Ерөнхийлөгчтэй байх саналыг тэр үед бид сонгож авсан. Одоо бид Ерөнхийлөгч хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг холбож, тэдний хоорондын харилцаанд үүсч болох зарим ээдрээтэй асуудлыг зохицуулах, тэнцвэржүүлэх, тэнцвэржилтийг яаж хадгалах, эрх мэдлийн хуваарилалтын баланс хаанаа алдагдчихаад байна гэдэг дээр зайлшгүй ярилцаж зөвшилцөлд хүрэхээс аргагүй. Ерөнхийлөгч хууль тогтоох эрхтэй байснаар өнгөрсөн 27 жилд 70 орчим хуулиар өөртөө эрх мэдэл нэмжээ гэж судлаачид үздэг. Анхны Ерөнхийлөгч одоогийн Ерөнхийлөгч хоёрын эрх мэдлийн зөрүүг харж болно. Ерөнхийлөгч парламентын гуравны нэгийн дэмжлэг авахад өөрийн бодлого, чиглэлээ батлуулж байгаа нь хууль санаачлах, тогтоох хангалттай эрх мэдэлтэй байгааг харуулж байна. Ерөнхийлөгчид үндэсний эв нэгдлийг хангах чиглэлээр олон асуудлуудыг шийдвэрлэх боломж, шаардлагууд байгаа. Өнөөдөр эв нэгдлийн тухай улстөрч бүрийн амны уншлага болж, улс төрийн нам бүрийн үзэл баримтлалаас ханхалдаг боловч хэлбэр төдий уриа лоозон мэт л байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бодит эв нэгдэл тогтоох, үндэсний язгуур эрх ашгийг хангах чиглэлээр олон хэлбэрийн ажил санаачлан улстөрчид, улс төрийн намуудын эв нэгдлийг хангаж ажиллахад сайн Ерөнхийлөгч хэмээн түүхэнд үнэлэгдэнэ. Түүнчлэн төрийн байгууламжийн язгуур асуудал болох засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалт, нутгийн захиргааны байгууллагын тогтолцоог “Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлага” бие даасан зүйл заалтыг өөрчлөх шаардлага байна. Сүүлийн үед хөдөө орон нутагт сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг болчих гээд байна шүү дээ. Заавал олон сонгууль хийж ард түмнээ хооронд нь талцуулж, хэрэлдүүлж суух зайлшгүй шаардлага байна уу. Тухайлбал, багийн Засаг даргын сонгууль хийхэд хэн олон ах дүүтэй нь багийн Засаг даргаар томилогдож чадаж байна. Сум, дүүрэг, хорооны Засаг дарга маш муу ажиллаж байгаа талаар иргэд ч хэлж ярьдаг. Хариуцлагыг хэрхэн тооцох вэ гэхээр дахиад л сонгуулиар шийдвэрлэх болдог. Төрийн ажлын залгамж шинж чанарыг анхан шатанд нь авч яваа хүмүүс бол орон нутгийн засаг, захиргаа түүний нэгж, удирдлага юм. Үүнийг заавал улстөржүүлэх шаардлагагүй. Ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг чөлөөлөх эрх мэдлийг нь гүйцэтгэх засаглалд нь өгч дээд шатны даргад хариуцлага тооцох эрхийг нь өгөх хэрэгтэй. Иргэдийн нийтийн хурлаараа төсөв эрх мэдлийг нь хянадаг байж болно. Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын хэдэн төлөөлөгчид нийт иргэдээс төлөөлөх эрхийг авсан хэдий ч эргээд гүйцэтгэх засаглалд хариуцлагыг тооцох боломжгүй болчихдог. Үнэндээ Засаг дарга болохын тулд иргэдийн хурлын арав, хорин хүнтэй ажиллахад л болчихож байна. Өнөөдөр нэг дүүргийн 350 мянган сонгогчийн эрх ашиг зөрчигдсөн байхад сонгогдсон Засаг даргад хариуцлагыг шууд тооцож чадахгүй байна. Энэ алдаагаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоо засч авмаар байна.

-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог байхыг хуульд тусгах тухай саналыг иргэдээс ихээхэн гаргаж байгаа?

-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдэд ажлын хариуцлага тооцох тухай саналыг оруулах тухай их яригдсан. Ер нь Монголын ард түмэн дөрвөн жилийн дараа УИХ-ын гишүүдтэй хариуцлагыг тооцдог л доо. Би Монголын ард түмний мэргэн сонголтод итгэдэг. УИХ-ын гишүүн байх хүн хэр бэлтгэгдсэн, ямар чадвартай, ямар шалгууртай хүн байх вэ гэдэг дээр иргэд олон санал гаргаж байгаа. УИХ-ын гишүүний нас залуу байна гэсэн шүүмжлэлийг тавьсан. Төр, ард түмний гүүр болж ажиллахаар улс төрд орж ирэхэд хувь хүн өөрөө өөрийгөө эхлээд бэлдэх хэрэгтэй байдаг. Дөнгөж бакалаврын ширээнээс УИХ-ын гишүүнээр сонгогдоод явчихна гэдэг нь хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшөөгүй, ард түмний амьдралаас хол тасархай, ажил амьдралын туршлагагүй. Тийм учраас УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босгыг 35-аас дээш болгоё гэж сонгогчид саналаа хэлж байгаа. Төрийн хар хайрцагны бодлого, төрийн өндөр босгыг харсан ч улс төрд шигшмэл сайн багийг оруулж ирэх ёстой. УИХ-ын гишүүн бол өндөр хариуцлагатай ажил. Эрх мэдэл, хариуцлагыг сүүдэр мэт дагах ёстой зүйл бол хувь хүний болоод улс төрийн өндөр соёл, аливаа асуудлын голчийг олж хандах өндөр мэдрэмж, соргог чанар юм. УИХ-ын гишүүн өөрийн ярьсан хэлсэн зүйлээ “туйлын үнэн” мэт туйлшран хандаж болохгүй. Өөрөөсөө илүү үнэнд ойр, амьдралд ойрхон, шинжлэх ухаанч үзэл баримтлалд ойр дөт үзэл бодлыг дагаж чаддаг, хүлээн зөвшөөрч чаддаг уян хатан чанарт хичээнгүйлэн сурах ёстой. Энэ нь товчхондоо эрх мэдлийн соёлоо өөрчлөхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна гэсэн үг юм.

-Энэ удаагийн УИХ дахь хамгийн залуу гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон. Хуралдаа суудаггүй гишүүдээс эхлээд гишүүдийн хариуцлагын асуудал энэ парламентад хүчтэй яригдаж байгаа?

-Аливаа асуудалд зарчимтай, эрх ашгаа эрэмбэлж чаддаг, шуналаа дарсан, бусдын төлөө цохилох зүрхтэй байж чаддаг хүмүүс УИХ-ын танхимд орж ирээсэй гэж боддог. Үүний тулд тодорхой цаг хугацаанд хат сууж бэлтгэгдэх хэрэгтэй. Улстөрч хүн сэтгэлийн хаттай байж аливаа зүйлд дүн нуруутай байх нь чухал. Одоо бүх зүйл нээлттэй байдаг болсон нь нэг талаасаа дэмжмээр боловч нөгөө талаасаа хэтэрхий их эрсдэл бас дагуулах вий гэж эмзэглэдэг л юм. Зарим нэг хүмүүс сошиалд үнэндээ донтож өвчилчихсөн байна шүү дээ. Хэн дуртай нь юу дуртайгаа бурдаг, зохион байгуулалттай, зорилготой гүтгэж харлуулдаг нь манай өнөөгийн нийгмийн маш бараан сүүдэр юм. Миний хувьд сошиалд янз бүрээр л бичигдэж байдаг. Тэглээ гээд би хүн болгонтой маргалдаж муудалцан өөрийгөө зөвөөр ойлгуулах гээд тайлбар тавиад хайран цаг заваа үрээд баймааргүй байдаг. Би тэдгээр хүмүүст зориулж эргээд олдохгүй үнэт цаг заваа зарна гэдэг нь надад харамсалтай. Хийх ажил өмнө маань хангалттай их байна.


Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: 2016 оноос хойш аймаг, сум, дүүрэг, агентлагууд ямар шинэ машин авсныг тоо ширхгээр нь зарлана

– НЯМБААТАР ГИШҮҮН, АСА ХОЁР ЭХЛЭЭД УЧРАА ОЛОГ. ДАРАА НЬ БИ ТАЙЛБАР ХИЙЕ –

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайтай ярилцлаа.


-Саяхан та бүхэн Засгийн газрын зуун хоногийн тайлантай холбоотой мэдээлэл хийлээ. Их шүүмжилсэн мэдээлэл байна лээ…

-МАН-ын Засгийн газар байгуулагдаад нэг жил долоон сар болж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын зуун хоног дээр бас Ардчилсан нам дүгнэлт хийж байсан. Өөрөө санаж байгаа байх. Ингэж Засгийн газрын зуун хоногийг дүгнэдэг улс төрийн соёлыг Ардчилсан нам Монголд төлөвшүүлж байна л даа.

-Засгийн газрын зуун хоногт хийсэн ажилд гэгээтэй юм ер алга гэж дүгнэжээ дээ?

-Засгийн газрын зуун хоногт хийсэн гучин ажил гэдгийг та харсан байх. Утааны шүүлтүүр тараасан гэсэн. Хар жагсаалтанд өөрсдөө оруулчихаад буцаад гаргалаа гэсэн байсан. Зоригийн хэргийг ил болголоо гэсэн байсан. Нэг ёсондоо энэ Засгийн газарт бодлого алга л даа. Хэн нэгэн хүн Ерөнхий сайд боллоо гэхэд энэ улсыг хааш нь авч явах вэ, бодлогын чанартай ямар юм хийгээд, тэр нь хэдэн жилийн дараа үр дүн гарах вэ гэдэг ийм юм тавих ёстой байхгүй юу. Ойд сүхээр мод хагалж болдог байх, улс төрд бол сүхээр ингэж болохгүй л дээ.

Ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй үйлдвэр барина гэх мэт юм яриад л.

-Нефть боловсруулах үйлдвэрийг хэлж байна уу?

-Тийм, тэгээд эсрэг ярьсан хүн ардын дайсан шүү гэж хэлж байна лээ. Гучин он байсан бол цаазлах нь л дээ. Ийм нэг нэгдсэн бодлогогүй, улс орон ямар байгаа, хаана хүрэхэв гэсэн орентаци байхгүй тийм л нөхөд энэ засагт байна гэж дүгнэж байна. Цэцэрлэгийн агааржуулагч солих энэ тэр байдаг л байх. Гэхдээ Монгол Улсад илүү том реформ шинэчлэл хэрэгтэй байна шүү дээ. Өнөөдөр 2018 он. Зарим улс өөр гариг руу аялах гээд байна. 2030 онд Марс руу явна гээд байна шүү дээ. Бодитой болчихлоо. Марс руу явахтай харьцуулах юм бол бид чулуун зэвсэг, хүй нэглийн үедээ үлдэх нь. Тийм биз дээ. Энд нийгэм улам харанхуй болж байна, боловсролын салбарыг хар. Шинэчлэл, өөрчлөлт бүхлээр нь хийхгүй бол болохоо байлаа. Эрүүл мэндийн салбар бүрэн дампуурсан. Гэтэл манай төрд ямар өөрчлөлт хийх вэ гэсэн тодорхой бодлого нэг ч алга.

-Нефть боловсруулах үйлдвэр барина гээд байгаа нь тэгээд буруу гэсэн үг үү?

-Нефть боловсруулах үйлдвэр барих нь зөв. Гэхдээ ямар ч ТЭЗҮ байхгүй. Хаана яаж бариад, түүхий эдээ хаанаас авах нь ч тодорхойгүй шууд үйлдвэр барихаар боллоо гэж байгаа. Энэ бол популизм. Ингэж болохгүй. Ийм юмыг бодлоготой ярих ёстой.

-Танай нам УИХ-д цөөнх ч гэлээ эрх баригчдын буруу алхмуудад нь яагаад дорвитойхон эсэргүүцээгүй юм бол?

-Хүрэлсүхийн Засгийн газартай холбож асууж байна уу?

-Үгүй ээ, МАН ялснаас хойш гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа ажилтай нь холбож асууж байна?

-Тухай бүрт нь ярьж байсан. Гэхдээ арай аажуу ярьсан бол уучлаарай. Хүрэлсүхийн асуудал дээр бид зуун хоногийг нь өнгөрөөе өө. Ямар ч Засгийн газрын ерөнхий өнгө зуун хоногт харагддаг даа. Гэтэл үр дүнг нь хар. Энэ хүн Ерөнхий сайд болохоосоо өмнө “Амиа алдаж магадгүй шүү” гээд л айлгаад, яриад байсан шигээ айхтар мундаг реформ хийх гээд байгаа юм болов уу, гадаад харилцаан дээр ч худалдааны гол түншүүдтэй асуудлаа шийдэх юм болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл тийм юм хийсэнгүй. Харин баахан шинэ жил хэсч дуулах шиг л боллоо. Зуун хоногийг нь хүлээлээ. Одоо бол асуудал болгоныг нь яриад явнаа.

-Ардчилсан нам өнөөдөр жагсаал хийнэ гээд байгаа. Тэр ямар учиртай жагсаал, цуглаан бэ?

-Ардчилсан нам дангаараа жагсаал хийнэ гэж ойлгож болохгүй л дээ. Манай нийгэмд асуудал байна уу, байна. Утаа асуудал мөн үү, мөн. Бид орчин үеэс хоцорчихлоо. Орчин үеэс хоцорно гэдэг бол хамгийн аюултай. Сүүлд нь дахиж орчин үе рүү авчирна гэдэг ренесансын үеэсээ эхэлнэ шүү дээ. Дахин сэргэлтээсээ эхлэх байхгүй юу. Илүү их урт хугацаа шаардана. Тэгэхээр энэ бүгд дээр өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй байна. Хоёрдугаар сарын нэгний жагсаалыг олон төрийн бус байгууллага, нам, хөдөлгөөн хамтарч зохион байгуулж байгаа. Гэхдээ Ардчилсан нам туршлагатай улстөрийн хүчний хувьд энэ жагсаалыг голлож зохион байгуулахад оролцож байгаа. Би хүмүүст нэг л юм хэлэх байна. Юу гэхээр Ардчилсан намын төлөө ч юм уу, Магнайгийн төлөө жагсаж байгаа тэмцэл биш ээ. Иргэд өөрсдийнхөө л төлөө тэмц, жагс. Статистик харж байхад дайн болж байгаа хэмжээний статистик л байна шүү дээ. Агаарын бохирдлоос хичнээн ураг эндэж, хичнээн хүүхэд жилдээ нас барж байна. Агаарын бохирдлын хэмжээнд ярихад ийм байна. Боловсролын салбар дампуурсны гайгаар энэ нийгэм хичнээн харанхуй болсныг та ч гэсэн мэдэж байгаа. Энэ бүгдийг харах юм бол тэмцэхээс өөр аргагүй байх. Бид энэ жагсаал тэмцэл гэдэг соёлыг нийгэмдээ төлөвшүүлэх ёстой юм байна. Яагаад гэхээр бидний энэ байгуулж байгаа нийгмийн чинь хамгийн үнэт зүйл нь эрх баригчидтайгаа хуулийн дагуу тэмцэж болдог ийм нийгэм байхгүй юу. Ийм нийгэмд байгаа боломжоо иргэн бүр ашиглаж сурах хэрэгтэй. Энэ ордонд хүмүүс болохгүй шийдвэр гаргаж байгаа бол жагсдаг тийм соёлтой байх хэрэгтэй.

-“Татварын асуудлыг эргэж харахгүй бол Ардчилсан нам засаг унагаах юм ярина шүү” гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлж байсан. Засаг унагаад байх зөв үү, буруу юу?

-Засаг унавал муу гэсэн нэг ойлголт яваад байдаг. Засаг унавал муу, засаг унахгүй бол тэрнээсээ ч муу. Сирийг хар л даа. 2011 оноос хойш дайтлаа. Долоон жил байлдаж байна. Ингээд ч засгаа унагаж чадахгүй байна. Тэгэхээр муу засгийг унагахад муу зүйл бол байхгүй. Ерөнхий сайд болно гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Гурван сая хүний хувь заяа, амьдралтай холбоотой шийдвэр гаргадаг хүн. Гэтэл Засгийн газрын зуун хоногийн тайланг хар. Хүнд хамгийн үнэтэй юм юу юм цаг хугацаа. Залуу нас дууслаа. Ийм аймаар саарал утааг хар л даа. Ямар саарал байна. Тод өнгө ч байхгүй. Шударга ёсны үнэр ч байхгүй ийм хотод амьдарсаар байгаад дуусмааргүй байна шүү дээ. Мөн биз дээ. Тэгэхээр энэ бүгдийг өөрчлөх ёстой байхгүй юу. Харамсалтай нь энэ байгаа засгийг нь хар даа. Бодлого байхгүй. Төлөвлөгөө байхгүй. Юу хийх гэж байгаа нь тодорхой биш. Ардын намын засаг ажлаа аваад л Ардчилсан намын хийсэн бүх зүйлийг үгүйсгэсэн, одоо өөрсдийнхөө хийсэн бүхнийг үгүйсгээд л дуусч байна. Хийсэн тайланг нь хараа биз дээ. Татварыг болилоо л гэж байна. Өөрсдөө л эхлээ биз дээ.

-Ардын намын засгийг Ардчилсан намынхан шүүмжлэхээр “Та нар засаг барьж байхдаа олигтой байхгүй яасан юм. Биднийг засаг авахад улс орон өрөнд орчихсон байсан” гэх юм байна шүү дээ…

-Ардчилсан нам өртэй улс хүлээлгэж өгсөн гэж Ардын намынхан дэндүү их ухуулга хийлээ. Ардчилсан намын тухайн үед босгосон бонд гээд 1.5 тэрбумын орчим долларын бонд л байна. “Чингис” бондыг санаж байгаа байх. Ардчилсан нам эрх барьж байхдаа хийсэн ажил гэвэл байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмсэн. Одоо энэ чинь аминд орж байна гэж хүмүүс ярьж байна. Амгалангийн дулааны цахилгаан станцыг шинээр барьсан. 1990 оноос хойш анх удаа эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлсэн нь энэ. Дээр нь зам, уулзварыг ямар болголоо доо. Өнөөдөр ч гэсэн олон хүн ярьж байна. Гэтэл 2016 оноос хойш Ардын нам 2.5 тэрбум долларын бондын өр тавьчихлаа. Бараг нугалчихсан байгаа биз дээ. Энэ мөнгөөр юу хийв ээ. Концесс гэж ах дүү нартаа хуваах гэж үзсэн байх. У.Хүрэлсүхийн Засгийн газар нь энийг нь зогсооно гэж хэлж гарч ирсэн. Тэгчихээд тэр чигээр нь цааш нь явуулчих шиг боллоо.

-Татвар нэмж, иргэдийнхээ халаасыг улам нимгэлэх хэрнээ тоймгүй үнэтэй машин сайд нар нь авч унасан гээд баахан шуугиж байна. Та ч энэ талаар ярьж байсан. Танд баримт нь байна уу?

-Өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь өөрөө хэлж байна лээ. Харсан уу та?

-Харсаан харсан…

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь өөрөө зөвшөөрсөн. АСЕМ-аас авсан машинуудыг сайд нартаа хуваарилж өгсөн гээд хэлсэн шүү дээ.

-АСЕМ-ын дараа үлдсэн машин гээд байгаа юм уу, шинээр авсан гээд байгаа юм уу?

-Энийг Занданшатар илүү сайн хэлэх байх. Тэр хүнээс асуу.

-Таныг энэ машины асуудлыг ярьснаас болж, Засгийн газар шүүхэд өгч байгаагаа зарлалаа…

– Тэгсэн байна лээ. Би энэ талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгнө. 2016 оноос хойш аймаг, сум, дүүрэг, агентлагууд ямар шинэ машин авсныг тоо ширхгээр нь зарлана.

-Таныг ном гаргах гээд бэлдээд байгаа гэж сонссон. Тэр ямар учиртай ном юм бэ?

-Одоо хэвлэлтэд бэлдэж байна. “Орчин үед Монголыг бүтээх үзэл санаанууд” гэдэг ном. Монголын салбар болгонд реформ хэрэгтэй байна. Хамгийн нэгдүгээрт англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл заавал болгох хэрэгтэй.

-Энэ таны санаа юу?

-Миний санаа. Дээрээс нь өнөөдөр Монголын урлаг хүртэл байхгүй болчихлоо. Урлаг хүртэл орчин үеийн модерн байх ёстой. Манай ажлын өмнө арт галерей гээд байна. Шинэ үзэсгэлэн гарах болгонд нь би орж үздэг. Гэтэл энэ хүртэл шашин болчихож.

-Ямар шашин?

-Зүгээр шашинжчихсан байхгүй юу. Монголын шашныг заавал шинэчлэх шаардлагатай. Өнөөдөр Монголд шашин биш урсгал л байна. Энийг бас зөв замд зайлшгүй оруулах хэрэгтэй. Иймэрхүү санаанууд хэвлэгдэх номонд байгаа. Энэ ном зөвхөн Магнайгийн ажил биш ээ. Ардын намынхан, Ардчилсан намынхан аль нь ч бай бүгдээрээ тойрч сууж байгаад энийг яг ингэж хийе гэж ярилцах ёстой. Тэгж байж энэ улс чинь орчин үеийн улс болно. Орчин үеийн улс гэдэг орчин үеийн иргэдтэй байх ёстой. Орчин үеийн иргэн гэдэг чинь ямар байх ёстой юм. Энэ бүхнийг л номонд оруулсан байгаа. Энийг ганц Магнай гэдэг хүн хийчих юм биш. Тиймээс би салбар салбарын хүмүүстэй уулзаж ярилцсан. Сошиалд хүмүүс хоорондоо байнга маргаж, үзэлцээд л байгаа биз дээ. Нэг хэсэг нь модерн болчихсон хүмүүс, нөгөө хэсэг нь арай тэр лүү хүрээгүй хүмүүс. Энд соёлын ялгаа гарч байгаа биз дээ. Бид чинь нэг үндэстэн. Арай орчин үежиж соёлжсон нь нэг улс байгуулаад тусдаа явчихаж чадахгүй. Хүссэн ч, хүсээгүй ч нэг тогоондоо байна. Тэгэхээр энэ хүмүүсийг чинь бүгдийг нэг соёлтой болгох ёстой байхгүй юу. Энэ чинь Монголын төрийн үүрэг юм. Боловсролын салбарт ямар их реформ хэрэгтэй байна гэж бодож байна. Сая англи хэлийг хоёр дахь хэл болгоё гэж хэлж байгаа маань зөвхөн нэг л жишээ байхгүй юу. Гэртээ англиар ярьдаг бүлэг хүмүүс бий болчихлоо. Англиар суваг үзэж байна. Гэтэл хотын хойд хэсэг рүү л гэхэд зөвхөн хоолоо идэх сувгаа л тавьж байна ш дээ. Яг адилхан монгол хүмүүс байж нийтлэг соёлгүй байна. Тэгэхээр нэгээс дөрөвдүгээр ангид хувийн сургуулиудыг хориглоод бүгд нэг ном үздэг. Нэг соёлтой болгох ёстой юм шиг байна. Энэний үр дүн хорин жилийн дараа гарна. Одоо хар л даа. Бид нар боловсролын салбарыг хорин хэдэн жил хаячихсан. Үр дүн нь одоо гарч байгаа. Хоёр өөр соёл бий болчихсон. Хоорондоо хэзээ ч нэг саванд орохгүй маргалдаж, мөргөлдөж байна. Дахиад хорин жилийн дараа энэ хэвээрээ байвал Өмнөд Африк шиг болчих вий гэж айж байна. Тэр улсад нэг хэсэг нь хашаа хашчихаад тэр хашаандаа Европын баячууд шиг амьдраад л байдаг. Хашааны гадна шал өөр амьдрал байж байдаг. Миний гаргах гэж байгаа ном бол орчин үеийг Монголд яаж авчрах вэ. Яаж Монголыг орчин үеийн Монгол болгох вэ гэдэг ном байгаа юм. Урлаг, шашин, боловсрол, эрүүл мэнд, улс төр, Үндсэн хууль гэсэн салбарын бүх өөрчлөлтүүдийг энэ номд оруулж байгаа. Боловсролын салбарт ийм реформ хийе, эрүүл мэндийн салбарыг ингэе, гадаад харилцаанд ийм байя гэх мэтээр.

-Монголын хөгжлийн бодлого гэсэн үг үү?

-Философийн ном гэж ойлгож болно. Бодлого гэж ойлгож болохгүй. Бодлого гэвэл тэдэн онд тэгнэ гээд явчихна. Энэ ном бол нөхцөл байдал ийм байна. Энийг ингэж өөрчилье гэсэн философийн ном.

-Нямбаатар гишүүн, Дагвадорж аварга хоёрын хооронд нэг юм болоод байнаа. Тэр дунд таны нэр яваад байна. Циркийн хувьчлалыг шүүмжилсэн чинь Дагвадорж очоод Нямбаатарын талд ороод дэмжээд явсан гэх юм. Тэр ямар учиртай юм болов?

-За яахав, эхлээд Нямбаатар, Аса хоёр хоорондоо учраа олоодхог, тэгэж байтал би нэг тайлбар хэлье. Өнөөдөр энийг асуусан гурав дахь хүн нь та боллоо. Цирк, Нямбаатар, Дагвадорж гээд л асуугаад байна.

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар таныг удирдаж байхад ёстой нэг бужигнуулж байсан. Үнэхээр хэрэглэгчийн төлөө ийм газар байдаг юм байна гэдгийг мэддэг байлаа. Одоо бид байгаа, байхгүйг нь мэдэхээ байсан. Та анзаарч байна уу?

-Яахав дээ. Бүх зүйл хүнээс шалтгаалдаг шүү дээ. Та санаж байна уу? Бин Ладен гэдэг хүнийг устгахын тулд америкууд 13 тэрбум доллар зарцуулсан гэж байна. Зарим хүн тогтолцоо чухал энэ тэр гээд ярьдаг л даа. Гэтэл 13 тэрбум долларыг нэг хүнийг устгахад зориулж байна. Энэ чинь хүн илүү чухал гэдгийг харуулж байгаа нэг жишээ. Хүн сайн, муу бүх юмыг бий болгодгийн жишээ. Өнөөдөр сонгууль ямар их ач холбогдолтой билээ. Монголыг өнөөдөр хаос болгосон ийм нөхцлөөс нэг л хүн өөрчилнө. Харж л байгаарай. Манай сонгогчид сонголтондоо ухамсартай хандах ёстой гэсэн үг байхгүй юу. Миний энэ сонгож байгаа хүн Монголыг өөрчлөх ёстой хүн гэж л сонголтоо хийх хэрэгтэй. Тэрнээс 76-гийн нэг хэн ч байсан хамаагүй гэж бодож ерөөсөө болохгүй

Categories
мэдээ цаг-үе

Б.Дамба: Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргадаг чанараараа Монгол тамирчид онцлогтой

Монголын сагсан бөмбөг сүүлийн үед хурдацтай хөгжиж 3х3-ын шигшээ багийн залуус Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өвөртлөөд байгаа. Бид сагсан бөмбөгийн дасгалжуулагч, гавьяат багш Б.Дамбатай ярилцлаа.


-Та хэдий үеэс сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бэ?

-Анх сургуулиа төгсөж ирээд 10 жилийн хүүхдүүдтэй ажиллаж байгаад дараа нь Полийн дээд, МУБИС-ийн оюутнуудтай ажилласан. Улмаар Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лиг 1995 онд анх удаа зохиогдоход “Генерал”-ууд багийг дасгалжуулж орсон. 1997 онд хамгийн анхны лигийн шилдэг дасгалжуулагч болж байлаа. Дараа нь “Баганат-Өргөө” багийг дасгалжуулж лигт аман хүзүүдсэн. Тус багт үзэгчдийн хайртай тамирчин болох Данди буюу Бат-Эрдэнэ, Андрей Рычков зэрэг шилдгүүд тоглодог байлаа. Дээд лигээс гурван удаа мөнгөн медаль зүүж байсан даа.

-Монголд багийн спорт хөгжихгүй гэсэн сэтгэхүй нийгэмд байсныг сагсан бөмбөгийн 3х3-ын залуус үгүйсгэж тив, дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүлж байна. Энэ талаар та юу гэж бодож байна.

-Сүүлийн үед 3х3-багийн залуус маань оюутны дэлхийн аварга, Азийн аварга, Дэлхийн цомын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож медальт байруудад шалгарч байна. Одоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, цаашлаад олимпийн наадамд оролцохоор төлөвлөж системтэйгээр бэлтгэлээ базааж байгаа. Үүнээс үзэхэд манайхан тив дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд байгаа нь тодорхой харагдаж байна.

-3х3-ын төрөл сонгомол сагсан бөмбөгөөс дүрмийн хувьд ялгаатай зүйл олон байдаг. Манай шигшээ багийн залуус энэ төрлөөр богино хугацаанд хичээллэж өндөр амжилт үзүүлж байна. Энэ монгол тамирчдын онцлогтой холбоотой юу?

-Тавын эсрэг тав буюу сонгомол сагсан бөмбөгөөс 3х3-ын төрөл маань дүрмийн хувьд ялгаатай тал олон байгаа л даа. Дасгалжуулагч талбайн хажууд суухгүй үзэгчидтэй хамт сууна. Иймээс тоглогчид өөрсдөө бие дааж шийдвэр гаргаж солилцоогоо өөрсдөө хийж, өөрсдөө минутийн амралтаа захиалдаг. Мэргэжлийн хүний нүдээр харахад монгол хүний хурдан сэтгэж, оновчтой шийдвэр гаргадаг чанар нь 3х3-ын сагсан бөмбөгт их тохирсон юм шиг санагддаг. Энэ чанараараа бид бусад орны тамирчаас ялгардаг. Үүнээс гадна манайхны бие махбодьд их тохиромжтой төрөл. Монголын баг маань сонгомол сагсан бөмбөгөөр олон улсын тэмцээнд оролцоход эсрэг багийн төвийн тоглогчдыг зогсооход хүнд. Манай хамгийн өндөр нь Б.Билгүүн 1.95 тай байхад бусад орнуудын самбарын тамирчид хоёр метр гаруй өндөртай байх жишээтэй.

-Шигшээ багт зөвхөн Монгол тамирчид тоглоод эх орондоо Азийн аварга болж байсан нь бахармаар санагдаж байсан л даа. Япон зэрэг орнууды тухайд легионер тамирчид урьж тоглуулж байсан шүү дээ?

-Зөвхөн Монголчуудаараа дэлхийн хэмжээнд өрсөлднө гэсэн бодлого юм даа.

-3х3-ын сагсан бөмбөгийн тамирчид сүүлийн үед тэмцээнд оролцоод өндөр амжилт үзүүлж байгаа ч сонгомол 5х5-ын баг маань сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцсонгүй шүү. Энэ төрөл орхигдоод байх шиг?

-Та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн үед сагсан бөмбөгийн холбоодын асуудал маргаантай байгаагаас шалтгаалж олон улсын сагсан бөмбөгийн холбооноос олон улсын тэмцээнд оролцохыг түр хугацаагаар түдгэдзүүлээд байгаа. Сагсан бөмбөгт хэсэг бүлэг хамааралгүй хүмүүс Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж удирдлагууд нь гэж өөрсдийгөө танилцуулаад хууль бус тэмцээн уралдаан зохиогоод яваад байгаа. Уул нь манай сонгомол 5х5-ын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид 2012 оны Инчоны Азийн наадамд оролцож шилдэг наймд шалгарсан. Энэ бол том амжилт. Бид үүнээс өндөр амжилт үзүүлье гэвэл багш дасгалжуулагчдынхаа ур чадварыг сайжруулах шаардлагатай байна. Тодорхой хэмжээнд тамирчдаа бэлдэж амжилт үзүүлж байгаа ч цаашаа алхахад тамирчдын ур чадвар, багш нарын мэдлэг дутагдалтай байна л даа.

-1990-ээд оны сүүл үе, 2000 аад оны эхэн үеийн хүүхдүүдийн нуруу өндөр болжээ. Энэ сагсан бөмбөгийн хөгжилд эергээр нөлөөлж байгаа болов уу?

-Энэ үнэн. 1995, 1996 оны үед лигийн багт 190 см-тэй тоглогч бараг байдаггүй байлаа шүү дээ. Шаравжамц, Чойжамц, Түвшинбаяр гэх мэт цөөхөн хэдэн өндөр хүмүүс тоглоно. Өнөөдөр бол дээд лигийн ихэнх тамирчид 190-ээс дээш өндөртэй, ур чадвар сайтай болсон. Үүнээс үзэхэд олон улсад өрсөлдөх боломжтой нь харагдаж байна.

-Монголын сагсан бөмбөгийн ирээдүйн хөгжлийг та яаж харж байна вэ?

-Яг өнөөдрийнх шиг сандал ширээ булаацалдсан тэмцэлтэй байвал хэцүү л санагдаж байна. Сагсан бөмбөгийн спортын хөгжлийн төлөө ажиллах ёстой хүмүүс маань албан тушаалын төлөө хэрэлдээд байж таарахгүй шүү дээ. Энэ нь сагсан бөмбөгийн хөгжилд шууд нөлөөлөхгүй ч далдуур нөлөөлж байгаа. Ц.Цэвэрбал гэж ерөнхийлөгчийг Дээд шүүхээр орж батлуулаад байхад Тамир тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс хууль тэмцээн зохиогоод яваад байгаа. Энэ мэт улс сагсан бөмбөгийн холбоо бодлогоо хэрэгжүүлээд явахад чөдөр тушаа болж байна. Хэрэв монгол дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлээд тамирчдыг зөв системтэй бэлдвэл манай сонгодог сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж байгаа гэдгийг ам бардам хэлж чадна.

-Монголын нөхцөлд зөвхөн сагсан бөмбөг тоглоод амьдралаа аваад явах боломж байгаа юу?

-Байгаа. Хувь тоглогчид ур чадвартай л бол дээд лигийн том багуудтай гэрээ байгуулаад хэдэн сая төгрөгийн цалин аваад явах боломж нээлттэй байгаа. Тухайн тамирчны хичээл зүтгэлээс л бүх зүйл шатгаална.

-Монголын сагсан бөмбөгийг олон улсад үнэлж байгаагийн илрэл нь Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын бөгжтэй тамирчин Монголын лигит ирж өрсөлдөж байна?

-Монголд нэг үеэ бодвол чанартай легионер тамирчид ирдэг болсон шүү. Хармсалтай нь ийм өрсөлдөөнтэй лиг зохиогдож байхад БТСГ-ын дарга Ц.Шаравжамц заалаар хангахгүй байна. Сагс өндөр хөгжсөн АНУ-ын тамирчдын уран гоё тоглолтыг хангалттай олон залуучууд заалны багтаамжаас шалтгаалаад олуулаа үзэж сэтгэлийн цэнгэл эдэлж чадахгүй байна.

Хамгийн том лиг нь заал заал дамжаад явж байхад Спортын төв ордоны зааланд жирийн секц дугуйлан хичээллээд, албан байгууллагын тэмцээн уралдаанууд явж байх жишээтэй. Шараваа өөрөө сагсны гавьяат хүн байж сагсан бөмбөгийн спортын хөгжлийн эсрэг зогсож байгаа нь харамсалтай байна.

-Монгол сагсан бөмбөгийг чадварлаг легионер тамирчид шинэ түвшинд гарахад чухал нөлөө үзүүлсэн үү?

-Манай тамирчид Америкийн легионер тамирчдаас асар их зүйл сурсан. Хэдийгээр тэр зөвхөн тамирчин статустай тоглож байгаа ч бэлтгэл дээр багийнхандаа олон хувилбарын талаар зөвлөгөө өгч сургаж байгаа. Зарим нэг тал дээр дасгалжуулагчаас ч илүү ур чадвартай байгаа нь ажиглагддаг. Эднээс л манай залуус суралцаж байгаа. Би 2005 онд “Халлелуяа” багт Пак дасгалжуулагчийн туслахаар ажиллаж байхад олон хүн надад “Та болиоч дээ. Хачин Солонгосд загнуулаад зогсоод байх юм. Өөрөө баг дасгалжуулаач” гэж хэлж байсан. Үнэн дээ би тэр хүнээс маш их зүйл суралцаж байсан хэрэг л дээ. Сурсан мэдсэн зүйлийнхээ ч ашиг тусыг гаргаж шавь нартаа хэлж өгсөн. Тэд маань өнгөрсөн жил дээд лигит “Этүгэн Ирвэс”-үүд багаас амжилттай тоглож мөнгөн медаль зүүлээ.

-Тухайн улсын сагсан бөмбөгийн хөгжилд оюутны лигийн тэмцээн чухал нөлөөтэй юм шиг санагддаг. Энэ талаар?

-Олон улсын жишгээс харахад тийм тал ажиглагддаг. Жишээ нь Америкийг NCEE гээд коллежийн лигээс л Үндэсний сагсан бөмбөгийн холбооны одод төрсөн байдаг. Манайд оюутны лигийн тэмцээн байдаг ч төдийлөн хөгжөөгүй л байна. Уул нь оюутны лигт амжилттай тоглосон тамирчдаа дээд лигийн багууд драптын журмаар сонгож авдаг тогтолцоотой байвал олон хүний сонирхол татмаар. Өнөөдөр аль мөнгөтэй баг нь өндөр цалин амлаад шилдгүүдийг эгнээндээ элсүүлж байна. Энэ нь дээд лигийн өрсөлдөөнийг үгүй болгох сөрөг үр дагавартай. Уул нь 2004 онд талийгч Маргад-Эрдэнэ маань бүх тоглогчдыг дээд лигийн багуудад яг тэнцүүхэн хуваагаад өгч байсан. Хүч ойролцоо багуудын хооронд мөн гал гарсан ширүүн өрсөлдөөн явагддаг байж билээ. Тийм өрсөлдөөн өнөөдөр үгүйлэгдэж байна. Багуудын хүч тэнцвэргүй байхад үзэгчид хаалтын шийдвэрлэх тоглолтуудыг л үзнэ. Мөн сул багийн эзэд ганц хоёр жил хөрөнгө оруулаад л больчихдог. Багаа хожигдохыг хараад суухыг хүсэхгүй биз дээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсэг Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдөнөөдөр (2018.02.07) Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав.

Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү байгууллагынхаа талаар хийсэн мэдээлэлдээ, 1925 оноос үйл ажиллагаа явуулж байгаа манай байгууллагаар 1951 оноос хойш өнөөг хүртэл 1215 асрагч үйлчлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 142 ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Тэдний 87 нь нийслэлээс, 55 нь хөдөө орон нутгаас ирсэн гэлээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд танилцуулгад дурдагдсан мэдээллийн дагуу тодруулга авсан юм. Тухайлбал, Ахмад настны үндэсний төвийн үйлчилгээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа явсаар байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс хэрхэн зохицуулахаар ажиллаж байгааг тодруулав. Яамны төлөөлөл хариулахдаа “Зөвхөн Батсүмбэрийн асрамжид байгаа хүмүүсийн дунд оюуны болон сэтгэцийн бэрхшээлтэй хүн 34 байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сэтгэцийн асрамжийн газар байгуулах зорилт тусгагдаад, үндсэн хэрэгжүүлэгчээр манай яам, хамтран хэрэгжүүлэгчээр Эрүүл мэндийн яам сонгогдсон байгаа. Гэхдээ эдгээр хүмүүст тусгай эмчилгээ, үйлчилгээ, асаргаа шаарддаг учраас Эрүүл мэндийн яам илүү анхаарахгүй бол манай яам дангаараа шийдэхэд бэрхшээлтэй” гэв.

Дараа нь тус төвөөр асруулагчдын байраар орж, тэдний амьдарч буй өрөө, сэргээн засах танхим, номын сан, олон нийтийн болон бүтээлийн өрөөгөөр зочилж, ажилтан, асруулагчдын санал бодлыг сонсов.

Ахмад настны үндэсний төв нь Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, эсвэл тэжээн тэтгэх үр хүүхэд нь тэжээн тэтгэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зориулалтын байранд байрлуулж, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үүрэгтэй. Гэтэл сэтгэцийн өвчтэй хүмүүс ирдэг нь бусад асруулагчдын ая тухыг ихээхэн алдуулдаг тухай олон хүн ярьж байлаа.

Өөр нэг хүндрэл нь тус төвийн эмнэлгийн харьяаллын асуудал гэдгийг эмч үйлчлүүлэгчид онцлов. Тодруулбал яаралтай тусламж шаардлагатай, хүнд өвчтэй асруулагчдыг гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлэхийн тулд харьяаллын дагуу Улаанбаатар хотын дундуур гарч, Төв аймаг орсны дараа эргэж нийслэлийг зорьдог байдлыг цаашид анхаарч өгөхийг тус төвийн эмч Л.Баатартөмөр, Ю.Чимгээ нар хүссэн юм.

Энэ төвийн асаргаа, эмчилгээ, үйлчилгээний албаны эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч нар төрийн үйлчилгээний албаны цалингийн шатлалаар цалинждаг гэнэ. Гэтэл тус төвд өдөр тутмын асаргаа, эмчилгээ шаардлагатай хэвтрийн 53 хүн байдаг нь сумын төвийн эмнэлгээс хэд дахин их ажлын ачаалал ажээ. Тиймээс цалингийн шатлал, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчилж өгөхийг тус төвийн дарга Л.Эрдэнэхүү онцлов.

Ахмад настны үндэсний төвийн дэргэдэх сэргээн засах сувиллын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд “Манай ахмадын асрамжийн үйлчилгээ урьд жилүүдээс сайжирсан байна. Гэхдээ Үндэсний төв гэдэг бол том агуулга юм шүү. Цаашид энэ нэрэнд тохирсон үйлчилгээтэй, гадаадын улс орнуудын жишигт хүргэхэд бид тал талаасаа анхаарах хэрэгтэй байгааг харлаа. Холбогдох саналуудыг Байнгын хороонд уламжлъя” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

УИХ чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;
  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ;
  • Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох;
  • Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн голомтод Монголын зургаан иргэн байна

Тайваний Хуалинь орчимд хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн голомтонд Монгол Улсын зургаан иргэн байгаа тухай твиттерт Бумбагар@saryalguun гэдэг оюутан жиргэжээ. Одоогоор таван хүн нас барж 254 шархдаж 88 хүн сураггүй болсон гэжээ. Амь үрэгдсэн болон шархдагсад, алга болсон хүмүүсийн дунд азаар монгол хүн байхгүй бөгөөд бүгд орогнох байранд хоносон байна. Харин гадаадын 30 орчим иргэн хүнд гэмтэл авч, Солонгосын нэг иргэн нас барсан бололтой. Мөн 17 хүн хүнд гэмтжээ. Тус хотын Цжучи их сургуульд монголын зургаан оюутан, Дунва их сургуульд 10 гаруй оюутан тус тус суралцдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Эзэнтэй ба эзэнгүй сэтгүүлчид” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцжээ. Тэрээр “Эвтэй л байвал улс эх орон маань хөгжинө” гэжээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцсаныг тэргүүн нүүрнээс үзээрэй.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс тус газрын дарга Х.Энхжаргалын талаар өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө авлига авдаг, авлигачдын нэг юм байна” хэмээн онцлон хэлжээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс “Зудан дээр зуд болоод байгаа юм биш биз” сурвалжилгыг хүлээн аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Эзэнтэй ба эзэнгүй сэтгүүлчид” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар юу хэлэлцсэн талаар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажилсан тухай улс төрийн дөрөвдүгээр нүүрэнд хэвлэгдсэн мэдээнүүдээс хүлээн аваарай.

“Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолын төслийг дэмжив” сурвалжилгыг V нүүрнээс харах боломжтой.

Хөөрөг үнэт эдлэлийн “Сар шинийн гоёл-2018” үзэсгэлэн худалдаа Арт хаус төвд болж байгаа билээ. Энэ тухай сурвалжилгыг үйл явдлын XV нүүрнээс үзээрэй.

Эртний домогтой цахлай шувууны талаарх сонирхолтой сурвалжилгыг XVII нүүрнээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

​Маргааш Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ ерөнхийлөгч тодорно

Маргааш буюу II сарын 8-ны пүрэв гаригт МСНЭ-ийн ээлжит их хурал болно. Их хурал өглөө 09:00 цагт Улаанбаатар чуулгын байранд эхлэх бөгөөд нийт 305 төлөөлөгч оролцоно. Уг хурлаар МСНЭ шинэ ерөнхийлөгчөө сонгох, дүрмэндээ зарим нэг шинэчлэл оруулах магадлалтай юм. Монголын сэтгүүлчдийн байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр хэн тодрох бол гэсэн асуулт нэлээд нийгэмд ихээхэн сонирхол татаж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр янз бүрийн санал асуулгууд ч явагдаж байна. МСНЭ-ийн ерөнхийлөгчид өрсөлдөхөөр эрхмүүдийн нэрс ч тодорч байна. Өнөөдөр Монголын өдөр тутмын сонины холбоо хуралдаж, “Bloomberg TV” захирал, Өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч Б.Долгионыг нэр дэвшүүлэхээр болжээ. Мөн “Зиндаа”-гийн гэгдэх Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, Нийслэл.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгс нар өрсөлдөх бололтой.