Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулган маргааш хаалтаа хийнэ

Image result for УИХ-ын чуулган 2018УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээж авахыг дэмжиж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Мөн Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Л.Болдыг тус хорооны гишүүнээр батлалаа. Ингээд “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталснаар өнөөдрийн чуулган өндөрлөв. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэх бөгөөд намрын чуулган хаалтаа хийх юм.

Categories
мэдээ улс-төр

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталлаа

Image result for УИХ-ын чуулган 2018

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэд хэдэн заалтад өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалгаж, дэмжсэн юм. Үүний дараагаар уг хуулийн төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүдийн хамтаар баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Газрын албаны нэрийг барин иргэдийг залилсан тохиолдол гарчээ

Газрын албаны нэрийг барин иргэдийг залилсан тохиолд гарчээНийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарсан байна. Өнгөрсөн сарын 30-ны өдөр иргэн Б рүү “Би газрын албанаас ярьж байна. Намайг Баянбат гэдэг. Танд зуслангийн газар олгохоор болсон тул та А.Батсүхийн Хаан банкны дансанд мөнгөө тушаана уу” гэсэн байна. Үүний дагуу иргэн Б нь тэр даруй мөнгийг тушаажээ. Энэ мэтээр газрын албаны нэрийг барин мөнгө авч иргэдийг залилах тохиолдол гарч байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Газрын алба нь Газрын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг, ялангуяа иргэний нэр дээрх дансанд мөнгө хурааж авдаггүй болохыг мэдэгдэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн удирдах албан тушаалтнуудыг улстөржиж, талцдаг байдлаа зогсоохыг хатуу анхааруулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Аймгийн дарга нар эдийн засаг, нийгэм, өвөлжилтийн байдал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд хийх ажил зэргийн талаар Ерөнхий сайдад танилцуулав.

Тус аймаг эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч “Хавдаргүй Сүхбаатар аймаг”, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван суманд 210 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашин өгчээ.

Мөн боловсролын салбарт 670 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ жил Баруун-Урт суманд 960 хүүхдийн сургууль, Уулбаян суманд 75 ортой дотуур байр, Түвшинширээ, Эрдэнэцагаан суманд 200 хүүхдийн цэцэрлэг, Халзан, Мөнххаан суманд 240 суудалтай Соёлын төв, Дарьганга суманд 10 ортой Эрүүл мэндийн төв шинээр барих юм. Орон нутгийн хөрөнгө орууулалтаар 5.1 тэрбум, улсын төсвийн долоон тэрбум, нийт 12 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байхдаа БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран Халзан зэрэг сумын сургууль, цэцэрлэгт 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.

Аймгийн удирдлага Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай замын концесс, Бичигт-Хөөт чиглэлийн төмөр зам барих хөрөнгө оруулалт, Баруун-Урт сумын Дулааны станцыг өргөтгөх болон нэр бүхий сумдад Соёлын төв, цэцэрлэг, сургууль барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахад анхаарахыг Ерөнхий сайдаас хүсэв.

Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгосон. Үүнтэй холбогдуулан ажлаа чанартай хийж гүйцэтгэн, үр дүнгээ тайлагнах, иргэдэд түргэн шуурхай, элдэв хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх, санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж хариу өгч байх, бүтээн байгуулалтын ажлаа цаг хугацаанд нь хийхийг үүрэг болголоо.

Татвар төлөгчдийн мөнгөөр идэх хоолтой, албан тушаалтай яваагаа өглөө бүр санаж иргэддээ үйлчил. Дотоод улс төрөө зогсоо. Талцаж, намчирхаад байвал орон нутаг хөгжихгүй гэдгийг хатуу анхааруулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сүү үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоод хамтран ажиллах санал гардууллаа

Сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох зорилготой “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт 2018.02.07-нд болсон билээ.

Салбарын мэргэжлийн холбоод, сүү үйлдвэрлэгч, фермерүүд, эрдэмтэн судлаачид оролцсон уулзалтаас гаргасан саналыг Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс, “АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг, “Витафит импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өглөө.

Сүүний үйлдвэрлэлийг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар монгол хүний хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга гаргаж, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа тэд энэ үеэр илэрхийлэв.

Улсын хэмжээнд саасан сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг, сүү бэлтгэн нийлүүлэлт улирлын хамааралтай, фермийн хөгжил сул дорой, малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжөөгүй, малын үржил, бүртгэлээ сайжруулах нөхцөл бололцоо хангалтгүй байгааг үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтын үеэр ярилаа.

Тэд “Хамтран ажиллах тухай” саналдаа:

1.Сэрүүний улиралд үйлдвэрлэж буй шингэн сүүний дотоодын үйлдвэрт нийлүүлсэн литр тутамд мөнгөн урамшуулал олгох;

2.Саалийн үнээний эрчимжсэн фермийн аж ахуйд нийлүүлсэн тэжээлийн орлого, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх;

3.Эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгч эзэмшиж буй газартаа тэжээлийн таримал тариалахыг дэмжих зэрэг саналыг тусгажээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Сүүний үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлага байна гэж би үзэж байгаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мах, сүүний аян өрнүүлэх, үйлдвэрлэл, эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилтууд багтсан. Үүнийгээ бид хэрэгжүүлэх ёстой. Нэг хүнд ногдох малын тоо толгойгоороо дэлхийд дээгүүрт ордог, малаасаа арвин их сүү авдаг хэрнээ иргэд нь кальци зэрэг аминдэмийн дутагдалтай, багачууд нь бараг бүгдээрээ шүдний цооролттой байж болохгүй. Стратегийн бүтээгдэхүүнд мах, сүү, гурил ордог. Мах, гурилын хэрэгцээг хангах талаар төрөөс зохих дэмжлэг үзүүлдэг, тодорхой арга хэмжээ авдаг. Харин сүүний талаар бид арай дутуу анхаарч байгаа юм байна гэсэн бодлын үүднээс би Уриалга гаргасан юм. Та бүхэнтэй цаашид хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

МСНЭ-ийн XVII их хурал эхэллээ

ЗурагМонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн XVII Их хурал Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр эхэллээ.

1951 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн МСНЭ өнөөдөр XVII Их хурлаа хийж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 305 сэтгүүлч оролцохоор мандат аваад байгаа юм. Энэ удаагийн их хурлаар МСНЭ-ийн дүрмийг шинэчилж, ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгон томилно.

Хурлыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нээж, Мандатын комиссоос МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг мэдээлэл хийв. Тэрбээр, МСНЭ-ийн Их хурлын зохион байгуулах ажлын хэсгийг ерөнхийлөгч Б.Галаарид удирдан зохион байгуулсныг хэлээд, төлөөлөгчдийг Телевиз, радио, Сургалт судалгаа, Цахим мэдээллийн сайт зэрэг мэргэжлийн төвүүдээс ирүүлсэн саналын дагуу 305 төлөөлөгчид мандат олгосон гэлээ. Хурлын төлөөлөгччдийн хамгийн өндөр настай нь 87 настай Х.Цэвлээ, хамгийн залуу нь 23 настай н.Мөнхбаяр оролцож байгаа бөгөөд ахмад, залуу үе, хүйсийн харьцааг тэнцвэртэй хангасныг мөн онцолж байв. Нийт 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаас нийслэл болон хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн бүхий л салбарын төлөөлөл хамрагдсан байна.

Мандатын комиссын мэдээллийн дараа Их хурлын таван тэргүүлэгчийг санал хураалган сонгов. Хурлын даргаар эрдэмтэн судлаачдын багийн төлөөлөл Боловсролын их сургуулийн доктор Ж.Батбаатар, тэргүүлэгч гишүүдээр ахмадын төлөөлөл Ү.Хүрэлбаатар, залуучуудын төлөөлөл, сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, орон нутгийн төлөөлөл, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Номин, телевизийн төлөөлөл, МҮОНТВ-ийн дарга асан Ц.Оюундарь нар сонгогдлоо. Улмаар тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй баталж, хурлын дэгээ тогтов.


МСНЭ-ийн ерөнхийлөгчид “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Х.Мандахбаяр, niislel.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгс, МҮОНРТВ-ийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар нар өрсөлдөхөө одоогоор зарлаад байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Улсын аварга малчдад шагналыг нь гардууллаа

Улсын аварга малчин Г.Гонгорбаатар

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолтоор ажиллахдаа Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий малчдад шагналыг нь гардууллаа.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Г.Гонгорбаатар, Л.Лувсанбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Д.Нямдорж нар энэ жил Улсын аварга малчнаар тодорсон байна.
Дээрх малчид жил дараалан мал сүргээ өсгөж үржүүлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч иржээ. Мөн хадлан, тэжээл, хужир, шүүгээ өөрсдөө бэлтгэхээс гадна амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой, малгүй олон өрхийг малжуулж, залуу малчдыг амьдрах ухаанд сургаж цөөнгүй шавьтай болсон байна. Малчид орон нутгийнхаа хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бусдыгаа манлайлан оролцож хандив, туслалцаа үзүүлжээ.
Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улсын аварга малчин Л.Лувсанбаяр

Categories
мэдээ спорт

Монгол улсын тугийг өргөх ёслол Пёнчаны олимпийн тосгонд болов

ЗурагӨчигдөр буюу хоёрдугаар сарын 7-ны 15 цагт Монгол Улсын баг тамирчдын туг өргөх ёслолыг “Пёнчан тамирчдын тосгон”-д зохион байгуулжээ.

Ёслолд Монголын баг тамирчид, хүндэт зочдоор дагалдах зочдын хамт ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван болон Монгол улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй дипломат ажилтнууд оролцон хүндэтгэл үзүүлэв.

“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын тамирчдын тосгон хоёрдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм. Олимпод оролцогч орон тус бүр тамирчдын тосгонд туг өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ өдөр Ямайк, Бразил, Рум, Белги улс тугаа өргөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ ерөнхийлөгч өнөөдөр тодорно

Өнөөдөр МСНЭ-ийн XVII их хурал болно. Их хуралд нийт 305 төлөөлөгч оролцоно. Уг хурлаар МСНЭ шинэ ерөнхийлөгчөө сонгох, дүрмэндээ зарим нэг шинэчлэл оруулах магадлалтай юм. Монголын сэтгүүлчдийн байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр хэн тодрох бол гэсэн асуулт нэлээд нийгэмд ихээхэн сонирхол татаж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр янз бүрийн санал асуулгууд ч явагдаж байна. МСНЭ-ийн ерөнхийлөгчид “Bloomberg TV” захирал, Өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч Б.Долгион, “Зиндаа”-гийн гэгдэх Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, Нийслэл.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгс нар өрсөлдөх бололтой.


Categories
мэдээ нийгэм

Истанбул хотын аялал жуулчлалын газартай хамтран ажиллана

Истанбул хотын аялал жуулчлалын газартай хамтран ажилланаБүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод жил бүр зохион байгуулагддаг EMMIT (East Mediterranean International Tourism Expo) буюу Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнуудын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2018 оны өнгөрсөн сарын 25-28-ны өдрүүдэд 22 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “А Стар Монголия ХХК”, “Аян Трэйвэл ХХК”, “Баттур ХХК”, “ДМД Монголия ХХК” Ялгуун брэнд болон Улаанбаатар чуулгын уран бүтээлчид хамтран эх орноо сурталчлан амжилттай оролцов.

Тус бүс нутгийн жуулчдыг татах, Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан шинэ зах зээл нээх зорилгоор Улаанбаатар хотыг олон улсын аялал жуулчлалын байгууллагуудад сурталчлан, гадаадын тур операторууд болон жуулчдыг мэдээллээр ханган ажиллаа.

Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнуудын жуулчдад аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгодог тус үзэсгэлэнг энэ жил 54364 хүн үзэж сонирхсон бол 85 орны 1065 аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг төлөөллүүд талбай авч оролцон 106 орны 600 орчим аяллын бөөний худалдаа эрхэлдэг агентлагууд оролцож 7000 бизнес уулзалтууд болж өнгөрлөө.

Үүнээс гадна нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл Истанбул хотын аялал жуулчлалын газрын дарга Сердал Акюүрт, тус газрын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Дидем Огүр нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж хамтран ажиллахаар болов.

Уулзалтаар хоёр хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хамтран борлуулах маркетингийн төлөвлөгөө гарган ажиллах, Газрын дундад тэнгисийн орнууд болон Турк улсаас дамжин ирэх Европын жуулчдыг Монгол Улс руу татах, Монгол Улсаас дамжин ирэх Зүүн өмнөд Азийн жуулчдыг Турк Улс руу татан харилцан ашигтай ажиллах, Истанбул хотод Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах, хоёр хотын хэвлэл мэдээллийг баг, блог нийтлэгч, аялал жуулчлалын компаниудын төлөөллийг харилцан аялуулах ФАМ Турыг зохион байгуулахаар тохиролцов.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.