Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ЭСЯ-наас утааны эсрэг аяныг эхлүүлэв

ЗурагАНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд агаарын бохирдлын эсрэг олон нийтийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.

Аяны хүрээнд иргэд #УТААГҮЙ хаштагийг ашиглан агаарын бохирдлын эсрэг хийж болохуйц санал санаачилгыг дэвшүүлэх явдал юм. Түүнчлэн 7 хоног бүр харьяа салбарын мэргэжилтнүүдтэй цахим орчинд ярилцлага хийх, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, богино хэмжээний баримтат кино бэлтгэх зэрэг ажлыг хийх юм. Аяны талаарх бүхий л мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ЭСЯ-ны ОНХА-тай paspress@usembassy.mn и-мэйл хаягаар холбогдож, аяны талаар сонирхсон мэдээллээ тодруулах боломжтой.
Categories
мэдээ нийгэм

Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс хуралдав

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын ээлжит 13 дугаар хуралдаан ОХУ-ын Москва хотноо 2018 оны 2 дугаар сар 26-ны өдөр болов. Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд, Монгол-Оросын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын Монголын хэсгийн дарга Б.Батцэцэг, оросын талаас ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд, Орос-Монголын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын Оросын хэсгийн дарга А.В.Груздев нар даргалав.

Дэд комиссын ээлжит 13 дугаар хуралдаанаар Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, чөлөөт бүсүүдийн хүрээн дэх хамтын ажиллагаа, тэдгээрийг идэвхжүүлэх арга зам зэрэг асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр, аялал жуулчлал, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа болон хил залгаа аймаг, субъектуудын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Талууд дэд комиссын ажлын хэсгийн хуралдаанаар Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг төслийг үзэглэж, хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиров.
Хуралдааны төгсгөлд Монгол, Оросын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааны протоколд хоёр тал гарын үсэг зурав.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа

Налайх дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа

Нийслэлийн Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа. 13 чигийн, 6 эргэдэг, дугаар таньдаг 1, нийтдээ 20 ширхэг камерыг “Зөв технологи” ХХК суурилуулж хүлээлгэн өгсөн юм. Дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумьяа нар камержуулалтын байршил, цэг, хяналтын дэлгэцний үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд дүүргийн ОНХС болон иргэдийн санал санаачилгаар 2, 3, 4 дүгээр хороонд камержуулалтын ажил хийгдсэн бол ийнхүү 1 дүгээр хороог камержууллаа. Өнгөрсөн онд хяналтын камерны тусламжтайгаар гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлж ажилласны зэрэгцээ гэмт хэргийн гаралт 15 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Энэ онд багтаж дүүргийн камержуулалтыг нэгдсэн системд холбож, цагдаагийн байгууллага нэгдсэн журмаар хяналт тавьдаг болгохоор төлөвлөж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна

500 мянган тун шүлхийн вакциныг гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа аймгууд руу яаралтай хүргүүллээ

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуунхороот сум зэрэг 9 аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 2018 он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 3268 толгой малыг зориудын устгалд хамрууллаа.

Засгийн газрын 2018.01.24-ний өдрийн 29 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй 2,0 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. ОХУ-аас 2018 онд 7,1 сая тун вакциныг арилжааны шугамаар авахаас эхний ээлжийн 500 мянган тунг ийнхүү хүлээн авсан. Эхний ээлжийн 500,0 мянган тун вакциныг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, зориулалтын тээврийн хэрэгслээр яаралтай вакцин шаардлагатай байгаа Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж эхэллээ. Үлдэгдэл вакциныг 4-р сарын 20-ны дотор хүлээн авч шаардлагатай газруудад нь хуваарилан хүргүүлэх юм.

Энэ жилээс эхлэн өвлийн хүйтэнд вакцин тарьдаг байдлыг зогсоож цаашдаа мал эмнэлгийн халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, тарилгын ажлыг 4-10-р сарын хугацаанд бүрэн хийж дуусгахаар ХХААХҮЯ-наас ажлын төлөвлөгөө гарган мэргэжлийн байгууллагад чиглэл өгч ажиллаж байна.

Мал, амьтны гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв зам дагуу нийслэлд Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх 4-р зөрлөг, орон нутагт Төв аймаг Дов толгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы Тэлмэнгийн даваа, Сэлэнгийн Баруунбүрэн, ДарханУул аймгийн Хонгор суманд тус тус 5 сарын 1 хүртэл цэгт ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Видео бүтээлийн уралдаанд оролцохыг урьж байна

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус хурлын хүрээнд бүс нутгийн уран бүтээлчдийн дунд видео бүтээлийн уралдааныг зарлаж байна.

I. Бага хурлын болон видео бүтээлийн уралдааны сэдэв

Видео бүтээлийн уралдаан нь “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийн ололт амжилтуудыг хамгаалах нь” сэдвийн дор зохион байгуулагдана.

Мөн

  • Хүний нөлөөлөл
  • Инноваци болон технологи
  • Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавх гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд хийгдэж болно.

II. Видео бүтээлийн уралдааны зорилго

Видео бүтээлийн уралдаан нь байгууллага, олон нийтийн тогтвортой байдлыг хангахад гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үр өгөөжийг харуулах, тогтвортой хөгжлийг хангахад эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нөлөөлөхийг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

Тиймээс видео бүтээлүүд нь Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулах үр дүнтэй, шинэлэг санаа, шийдлийг харуулсан байх. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дөрвөн тэргүүлэх чиглэлүүдийг тусган, одоогийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын асуудлыг эерэгээр харуулсан байх.

Үүнд: гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх чадавхыг дэмжих хувь хүн, олон нийтийн үйл ажиллагаа, арга барилыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэх үйл ажиллагааг оруулсан байх.

III. Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага

Видео бүтээлийн уралдаанд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн иргэн, бүлэг эсвэл төслийн түүхийг харуулсан бичлэгүүдийг илгээхийг урьж байна. Энэхүү уралдаан нь иргэд, шийдвэр гаргагчдыг тогтвортой дэлхий ертөнцийг бий болгоход илүү их хүчин чармайлт, арга хэмжээ авахыг уриалж чадахуйц баримтат кино бүтээгчид, продюсерүүд, радио нэвтрүүлгийнхнийг урамшуулах, хүндэтгэх зорилготой юм.

  • Бүртгэлийн хураамж байхгүй.
  • Богино хэмжээний болон баримтат киног Ази-Номхон далайн бүс нутгийн аль ч түвшинд (бүс нутгийн, үндэсний, орон нутгийн, институцийн, бодлогын гэх мэт) хийж болох бөгөөд тус бүс нутгийн оролцогчид байвал илүү давуу тал болно.
  • Бүтээлийг англи хэл, эсвэл эх хэл дээрээ бол англи хадмал орчуулгатайгаар хүлээн авна.
  • Бүтээл нь 3-5 минутын хугацаатай байх бөгөөд мэргэжлийн стандартад нийцсэн байх ёстой.
  • Нэг оролцогч зөвхөн нэг бүтээл илгээх боломжтой бөгөөд оролцогч бүтээлийг түгээн дэлгэрүүлэх эрхтэй байх ёстой.
  • Видео бүтээл нь оролцогчийн нэр, бүтээлийн гарчиг, байршил, эхийг англи хэл дээр агуулсан байх ёстой.
  • Зөвхөн дууны болон бичлэгийн өндөр чанар бүхий дүрс бичлэгийг хүлээн авах болно. Дүрс бичлэг хамгийн багадаа 720p нягтралтай байх ёстой.
  • Хэрэгжсэн болон хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд урьд өмнө нь бүтээгдсэн уран бүтээлийг хүлээж авахгүй.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын гол зорилго нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг сурталчлахад мэдээллийн хэрэгслийг ашиглах явдал юм.

  • Видео бүтээл нь тухайн этгээдийн өөрийн бүтээл байх ёстой бөгөөд зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, хувийн нууц, сурталчилгаа, эсвэл хувь хүн, аж ахуйн нэгжийн бусад өмчийн эрхийг зөрчихгүй байх ёстой.
  • Бүтээл нь ямар нэгэн тодорхой арилжааны бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээ болон улс төрийн үзэл баримтлалыг дүрслэх эсвэл агуулах ёсгүй.

IV. Танилцуулга

Уралдаанд оролцохын тулд оролцогчид өөрсдийн бүтээлийг “Freefilmway” цахим хуудсанд байршуулах ёстой. Үүнийн тулд дараахь алхамуудыг хийнэ үү:

Төсөл үүсгэх:

1) Freefilmway цахим хуудсанд хандана уу: https://filmfreeway.com

2) Хэрэв та аль хэдийн FilmFreeway гишүүн бол: “Орох” товчийг дарна уу

3) Хэрэв та FilmFreeway гишүүн биш бол: “Бүртгүүлэх” товчийг дарна уу

4) Бүртгүүлсний дараа нэвтэрч ороод өөрийн бүтээлийг байршуулна уу.

5) “Төсөл нэмэх” товчийг дарна уу

6) Бүх мэдээллийг бөглөнө үү:

  • Төслийн мэдээлэл
  • Оролцогчийн мэдээлэл
  • Гавьяа, шагнал
  • Техникийн тодорхойлолт
  • Screenings / Distribution

7) Төслийг хадгална уу.

Бүтээл байршуулах алхмууд

8) Доорх холбоос дээр дарна уу.

https://filmfreeway.com/amcdrr2018videocontest

9) “Submit Now” товчийг дарна уу.

10) Сая хадгалсан төслөө сонгоно уу.

11) Өөрийн орох ангиллыг сонгоно уу.

12) Сагсанд хийгээд “check out” товчийг дарна уу.

13) Оролцогчийн нэр, бүтээлийн гарчиг, байршил, эхийг агуулсан word хувилбарыг “AMCDRR 2018: Video Competition – <Дүрс бичлэгийн нэр> гэсэн subject-тайгаар patnaik1@un.org хаягаар илгээнэ үү.

V. Сонгон шалгаруулалт

Монголын телевизийн корпораци (MBC), Ази-Номхон далайн телевизийн холбоо (ABU), НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын гишүүдээс бүрдсэн шүүгчид видео бүтээлийг хянан үзэх болно.

Дараах шалгуур үзүүлэлтүүдээр оролцогчдыг шалгаруулах болно:

  • Сэдвийн хамаарал
  • Өргөн цар хүрээтэй олон нийтэд хандах хандлага
  • Бүтээлч /Шинэлэг байдал
  • Сэдэлжүүлэх
  • Өвөрмөц шинж чанар
  • Бүтээлийн чанар

Шүүгчийн шийдвэр эцсийнх бөгөөд түүнийг давж заалдах эрхгүй болно. Шүүгчид уралдаанд тохиромжгүй гэж үзсэн аливаа бүтээлийг хасах эрхтэй.

VI. Шагнал

Нийт шагналын хэмжээ: 12,000.00 ам.доллар (29,000,000 төгрөг).

Дүрс бичлэгийн шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан, бүтээл тус бүрт 4000 ам.долларын шагнал гардуулна.

Шилдэг бүтээл Ази, Номхон далайн бүс нутгаас шалгарсан тохиолдолд тухайн оролцогчийн Монгол Улсад ирж, очих зардлыг Монгол Улсын Засгийн газар хариуцна.

Ирүүлсэн бүх дүрс бичлэгийн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын албан ёсны Youtube хуудсанд байрлуулах болно.

VII. Цаг хугацаа

  • 2018 оны 01 сарын 24: Нээлт
  • 2018 оны 04 сарын 30: Filmfreeway цахим хуудсанд IV-р хэсэгт заасны дагуу бүтээлийг байршуулах эцсийн хугацаа
  • 2018 оны 05 сарын 30: Эцсийн оролцогчдын сонгон шалгаруулалт
  • 2018 оны 07 сарын 06: Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ГЭБАСБХ дээр шагнал гардуулах ёслол

Асууж тодруулах зүйл гарвал дараахь хаягаар холбогдоно уу: patnaik1@un.org

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.unisdr.org/amcdrr2018

Categories
мэдээ нийгэм

Пневмококкын дархлаажуулалтыг бүх дүүрэгт нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангажээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, үүрэг гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулж, НЭМГ-ын даргын А/16 дугаар тушаалын дагуу харьяа эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажилласан тухай мэдээллийг өглөө.

Энэ хүрээнд НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа салхинцэцэг, менингококкт халдвар болон томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл хүргэсэн юм. Мөн халдварт өвчлөлтэй холбоотой мэдээ тайланг цаг хугацаанд нь ирүүлж байхыг сануулж, ирэх бямба гарагт болох “Мөнгөн Улаанбаатар” спорт наадамд идэвхи санаачлагатай оролцохыг эмнэлгийн удирдлагуудаас хүслээ. Түүнчлэн пневмококкын дархлаажуулалтыг нийслэлийн бүх дүүрэгт нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй талаараа ч энэ үеэр дуулгасан.

Ээлжит шуурхай хурлаар дамжуулан НЭМГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр цахим системд орсон өөрчлөлтийн талаархи мэдээллийг хүргэлээ. Хурлын төгсгөлд тус газрын Захиргаа, төлөвлөлт, хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал НЭМГ-ын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хурал болон ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг танилцуулсан юм.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар энэ хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэснийхөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудаа үргэлжлүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг сайжруулах, хувь хүний хөгжлийн асуудалд анхаарч ажиллахыг харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгалаа. Үүний зэрэгцээ, НЭМГ-аас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа танилцуулж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

НИТХ дарга С.Амарсайханыг огцруулах бичгийг өргөн барилаа

НИТХ дарга С.Амарсайхан зурган илэрцүүд

НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах бичгийг өргөн барилаа.

Тэд “Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын дарга нь НИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байгаагийн улмаас нийслэлийн захиргааны байгууллагууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дэмжихгүй, үл хүндэтгэсэн байдлаар асуудалд хандаж байна.

Нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй, албан бичгийн дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлдэггүй асуудал удаа дараа гарсаар байна.

Иймд цаашид НИТХ-ын үйл ажиллагааг хэвийн болгож, хариуцлгажуулах үүднээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг өргөн барьж байна” хэмээн тайлбарлалаа.

Categories
мэдээ улс-төр

“УИХ-ын 2 гишүүн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг зарж борлуулсан тухай мэдүүлсэн” гэв

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны 2 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах бодлогын чанартай үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Т.Мөнхтунгалаг: Эрүүгийн 21 хэргийг шүүхэд шилжүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг өгөв.

  • Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ёстой байсан. Эндээс хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна. Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэх ёстой. 271 өндөр албан тушаалтан мэдүүлгээ АТГ-т бүртгүүлсэн. 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт байгаа юм. Тодорхой шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй. АТГ хуульд заасан үүргийг сануулж СЕХ-ны дарга болон эрх бүхий албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Түүнээс гадна Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байгаа. Тэгэхээр нэр дурдсан 6 албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Тиймээс хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой.
  • 2017 оны зарим тоо баримтыг та бүхэнд маш товчоор мэдээлье. Төрийн албанд 2017 онд шинээр болон дэвшин, мөн сэлгэн томилогдсон 11115 хүний урьдчилсан мэдүүлгийг АТГ хянаж үзээд хариуг зохих байгууллагад нь хүргүүлсэн. Эндээс дүгнэж үзвэл 2017 онд 11 мянга орчим төрийн албан хаагчийн ажлын байранд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэсэн үг. Энэ тоог 12 сард хувааж авч үзвэл нэг сард дунджаар 1000 орчим ажлын байр, албан тушаалын хөдөлгөөн хийгдэж байна гэж ойлгож болох юм. Үүнийг дагаад АТГ-ын хяналт шалгалтын ажлын ачаалал ч бас нэмэгдэж байгаа гэж үзэж болно.
  • Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналт хэрэгжиж эхлээд байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасны дагуу аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэдийн хяналтын зөвлөлийн 41 нэгжид 168 иргэн ажиллаж байгаа. Энэ 168 иргэн нь төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажиллана. Өөрөөр хэлбэл, эдгээр 168 иргэн цаашид төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, төрийн албан тушаалтны ёс зүй, хөрөнгө, орлого зэргийг хянах Иргэдийн хяналтын зөвлөл болж ажиллана. Нэр томъёоны давхцал үүсээд байгаа тул Олон нийтийн зөвлөлөөс ялгаж Иргэдийн хяналтын зөвлөл гэж нэрлэж байгаа юм.
  • 2017 онд мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой зарим нэг үзүүлэлтүүдийг та бүхэнд тусгайлан танилцуулъя. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 58.2 хувиар өссөн. Мөрдөн шалгасан хэрэг 81.7 хувиар өссөн байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээ мөн өссөн. 84 хувиар өссөн. Үүнтэй зэрэгцэн хохирол нөхөн төлүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэн хамгаалах ажиллагааны дүн ч бас өссөн байгааг та бүхэн дэлгэцээс харж байна. АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 29.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Шүүхээс 7.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан. Ингэхээр нийтдээ 11.201.118.981 төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн байна.
  • 2018 оны эхний 2 сарын байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. 31 хэргийг хэрэг бүртгэлийн хэрэг хаах саналтай, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн. Шинээр 19 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна. Одоо 237 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  • АТГ 2018 оны эхний 2 сарын байдлаар нийт 44 хүнд холбогдох 34 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Энэ 34 хэргээс 21-ийг нь 2018 оны 2 дугаар сард шилжүүлсэн байна. Гэх мэтээр гааль, нийгмийн даатгал, цагдаа, аймаг орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад холбогдох 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Үүний зэрэгцээ цагдаагийн алба хаагчид холбогдох хэргүүдийг шилжүүлсэн байна.

Т.Баярхүү: Төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна гэсэн АТГ-ын дүгнэлтийг авлигын индекс баталж өглөө

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Авлигын төсөөллийн индексийн 2017 оны дүн болон Оффшор бүсийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Транспэрэнси интернэшнл байгууллагаас 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дэлхий даяар зарлаад байна. Энэ оны судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулсан бөгөөд эдгээр улс орнуудын 2/3 нь “50”-иас доош оноо авсан байна. Дэлхийн улс орнуудын авсан онооны дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Монгол Улсын хувьд өмнөх оныхтой харьцуулахад Авлигын төсөөллийн индексийн оноо 2-оор буурч, байр 16-аар ухарсан дүнтэй байна. Монгол Улсыг 2017 оны үнэлгээнд 9 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.

Монгол Улсын үнэлгээнд ашигласан 9 шалгуур үзүүлэлтээс оноо буурсан 5 үзүүлэлтийг товчхон авч үзвэл:

Нэгдүгээрт. Дэлхийн банк – Улс орны бодлого, институцийн үнэлгээ 2017 -4 пункт

Төрийн байгууллага дахь ил тод байдал, хариуцлагатай байдал, авлигын түвшинг үнэлдэг. Асуултууд нь:

-Төрийн удирдах албан тушаалтнууд болон нийтийн албан тушаалтнууд албан үүргийнхээ хариуцлагыг хүлээдэг эсэх

-Нийтийн ашиг сонирхлын талаарх мэдээллийг иргэний нийгэм олж авах боломж

-Төрийн шийдвэр хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхолд нийцэх

Хоёрдугаарт. Дэлхийн эдийн засгийн форум – Үзэл бодлын судалгаа 2017

Өмнөх оныхоос 8 пунктээр буурсан. Дэлхийн эдийн засгийн форумаас бизнес эрхлэгчдийн дунд жил тутам зохион байгуулдаг судалгааны нэг нь “Бизнес эрхлэгчдийн үзэл бодлын судалгаа” бөгөөд тухайн орны бизнесийн орчинг үнэлдэг. Энэ үнэлгээний 2 асуулт нь буюу индикатор нь бизнесийн орчин дахь авлигыг үнэлдэг. Үүнд:

“Танай улсад доорх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулахад аж ахуйн нэгжээс хээл хахууль болон бусад албан бус нэмэлт төлбөр төлөх явдал хэр түгээмэл байдаг вэ?

-Экспорт, импорт, нийтлэг үйлчилгээ (цахилгаан, усаар хангах үйлчилгээ), жил бүрийн татвар, төрийн гэрээ, лиценз авах, шүүхийн шийдвэрт нөлөөлөх”

“Танай улсад авлигын журмаар төсвийн хөрөнгөөс компани, хувь хүн, бүлэглэл завших явдал хэр түгээмэл байдаг вэ?”

Гуравдугаарт. Дэлхийн эрх зүйн төсөл- Хууль дээдлэх ёсны индекс 2017-2018

Өмнөх оныхоос 2 пунктээр буурсан. Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс нь дэлхийн улс орнууд бодит байдал дээр хуулийг хэрхэн сахин хангаж байгааг цогц байдлаар харуулах үнэлгээ юм. Уг индексийн мэдээллийг олон нийтийг хамруулсан санал асуулга болон орон нутгийн шинжээчдээс дэлгэрэнгүй асуулгын дагуу судалгааг авдаг.

Шалгуур асуултууд нь

2.1 Гүйцэтгэх засаглалын албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй

2.2 Шүүх засаглалын албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй

2.3 Цагдаа, армийн албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй

2.4 Хууль тогтоох албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй

Дөрөвдүгээрт. “Глобал инсит” байгууллага – Бизнесийн орчин, эрсдлийн үзүүлэлт 2016

Өмнөх оныхоос 12 пунктээр буюу хамгийн олон пункт буурсан үзүүлэлт байна.

“Global Insight” байгууллагаас “Эрсдэлийн үнэлгээний систем”-ийг нь 1999 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлхийн 200 гаруй улс/газар нутагт улс төр, эдийн засаг, хууль, татвар, аюулгүй байдал зэрэг 6 факторын эрсдлийг тодорхойлох судалгаа хийдэг. ТИ-ийн АТИ-т оноо болгож “Global Insight ” байгууллагын Бизнесийн орчин, эрсдэлийн үзүүлэлтүүдийг ашигласан. Уг үнэлгээг тухайн улсаас сонгогдсон 100 гаруй шинжээчдийн үнэлгээнд үндэслэн гаргадаг.

Асуулга нь хувь хүн/компани тухайн оронд бизнэс эрхлэх, зөвшөөрлөөс авах, гэрээ байгуулахад хахууль болон бусад авлигын асуудалд холбогдох шаардлага үүсдэг эсэх.

Тавдугаарт. IMD-Дэлхийн өрсөлдөх чадварын эмхэтгэл 2017 -2 пункт

Шинжээчдийн үзэл бодлын судалгаа. Дэлхий дахинд 2017 онд 63 улсыг үнэлэхээр 6252 бизнес эрхлэгчид судалгаанд хамруулсан. (1 улсаас дунджаар 99 шинжээч)

Асуулга нь авлига, хээл хахууль: байдаг, эсхүл байдаггүй.

Эндээс дүгнэж үзвэл индексийн үр дүнгээс харахад төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагыг хамгаалж чадахгүй байгаа улс орнууд авлига өндөртэй байна. Тухайлбал, энэ оны индекст 37 оноо авсан Бразил улсад сүүлийн 6 жилд 20 сэтгүүлч амиа алдсан байна. Энэ оны индексийн судалгаанд Сейшильс, Вануату, Свазиленд улсууд шинээр хамрагдаж манай улсын өмнө орсон, нөгөө талаар шалгуур үзүүлэлтэд ашиглагдаж буй судалгаануудын зарим нь 2017 онд хэвлэгдсэн 2016 оны мэдээлэлүүд байгаа нь байр ухрах нэг шалтгаан болсон гэж үзэж болох юм.

Авлигын төсөөллийн индексийг зарим сонирхол бүхий этгээдүүд АТГ-ын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ мэтээр олон нийтэд мэдээлэл өгдөг, өөрийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх үүднээс буруу тайлбарладаг хандлага бий. Энэ индексийг тодорхойлоход ашиглаж буй 9 судалгаа нь тухайн орны өрсөлдөх чадвар, засаглалын байдал, хууль эрх зүйн хэрэгжилт, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай байдал, эрсдэлийг үнэлдэг томоохон судалгаанууд байдаг бөгөөд түүний 1-2 асуулт буюу индикатор нь тухайн улсын тухайн салбарын авлигын нөхцөл байдлыг тодорхойлж байдаг.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд АТГ яам, агентлаг, нийслэл дүүрэг, аймаг сум, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гээд төрийн бүхий л шатны байгууллагуудад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн гарааны нөхцлийг тодорхойлохоор ажилласан. Үүндээ 2015-2016 он, 2017 оны эхний хагас жилийг хамруулсан.

Үүний үр дүнд төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг гэх мэт нөхцөл тогтоогдсон бөгөөд үүнийг тухайн бүр олон нийтэд мэдээлсэн.

АТГ-ын зүгээс Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна гэж дүгнэн Засгийн газарт болон яамдын сайд нарт зөвлөмж хүргүүлсэн. АТГ-ын энэхүү дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индекс баталж өглөө.

АТГ-ын зүгээс тухайн нэг удаагийн зөрчилд хариуцлага тооцох, нэг удаагийн гэмт хэргийг мөрдөн шалгахын зэрэгцээ тухай зөрчил, гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан, нөхцөлийг арилгахад анхаарч байгаа. Үүний хүрээнд АТГ-ын ажлын хэсгүүд Засгийн газарт болон бүх яамдын сайд нарт авлигын эсрэг хууль тогоомжийг хэрэгжилтийг хангах, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжиллтэй танилцахаар 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс дахин төрийн байгууллагуудад ажиллана. Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, ахиц гарсан гэх найдвар одоогоор тун бага байна.

Сүүлийн үед олон нийтэд ил болсон авлигын гэмт хэргүүдийн талаар та бүхэн зарим мэдээллийг авсан. МХЕГ, АТҮТ, ННҮГ гэх мэт. Албан тушаалтнууд бусдыг хясан боогдуулдаг, зохиомол хүнд суртал үүсгэж хээл хахууль авдаг, төсвийн хөрөнгөнөөс завшдаг асуудал газар авсан. Тэдгээрийн төрийн хөрөнгөнөөс завшсан, хээл хахуульд авсан, улсад учруулсан хохирлын хэмжээ тэрбум тэрбумаар яригдаж байна. Ийм нөхцөлд авлигын түвшин буурах болоогүй байна.

АТГ нь өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байгууллага юм. Гэвч авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа нөхцөл байдлын талаар зарим зүйлийг олон нийтэд мэдээлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд авлигын гэмт хэрэг, зөрчилд холбогдсон зарим албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцож чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

“Одоогоор 4 этгээдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах асуудлаар хандаад байна”

Хууль бусаар их хэмжээний орлого олсон нь шүүхээр тогтоогдсон этгээдүүдийн хууль бус хөрөнгийг хураах хуулийн боломж хязгаарлагдсан. Тухайлбал, Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай 4 өрөө орон сууцыг нийт 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн 2015 оны эрүүгийн хуулиар эд хөрөнгө хураах ял байхгүй болсон учир шүүх түүний хууль бусаар олсон хөрөнгийг хураалгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө нь өөрт нь үлдэх нөхцөл бүрдсэн.

Гэвч АТГ-ын зүгээс Прокурорын тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн дээрх хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, улсын орлогод авч нийтийн эрх ашгийг хамгаалуулахаар прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлсэн. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 4 ЭТГЭЭДЭЭС ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ АСУУДЛААР ШҮҮХЭД ХАНДАХ ХҮСЭЛТИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА.

Гэмт этгээдийн гэм бурууг шүүхээр тогтоосон ч хууль бус хөрөнгийг нь хураахын тулд дахин шүүхээр тогтоолгох эрх зүйн орчин бүрдээд байна. товчхондоо авлигын гэмт хэрэгт холбогдсон нийтийн эрх ашгийг хөндсөн этгээдэд хариуцлага тооцохын тулд нэмэлт ажил хийхээр болоод байна.

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасан. Энэ заалт байснаар аливаа албан тушаалд ашиг сонирхлын зөрчилтэй этгээд томилогдох, цаашлаад авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор уг хуулийн заалтыг өөрчлөн найруулж, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг албан тушаалд томилж болохоор хуульчилж өгсөн. Өмнө нь сайдад нэр дэвшсэн хүмүүсийг хүртэл ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн томилуулдаггүй байсан бол 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ийм зохицуулалтгүй болно гэж ойлгож болно.

Эцэст нь дүгнэхэд авлигатай тэмцэхийн тулд төрийн бүхий л байгууллага, албан тушаалтны бодит хүсэл эрмэлзэл, оролцоо чухал байна.

“УИХ-ын 2 гишүүн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг зарж борлуулсан тухай мэдүүлсэн”

Оффшортой холбоотой дараах мэдээллийг хүргэе.

Оффшор бүсэд данс, компани эзэмшдэг, бүртгэлтэй бол түүнийгээ мэдэгдэж, мэдээлэх хуульд заасан хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дуусна. Хууль үйлчилж эхэлснээс хойш Засгийн газар 2 удаа тогтоол гаргасан талаар өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хугацаа сунгагдсан. АТГ дур мэдэн хугацаа сунгаж байгаа асуудал байхгүй.

Хуулийн дагуу УИХ-ын 2 гишүүн, Монгол банкны 1 албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлсэн.

УИХ-ын 1 гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр 1 албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдсэн.

Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж, мэдэгдсэн байна.

2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс АТГ төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй хэлбэрийг ил болгоно. ХАСХОМ-ийн программд хийсэн шинэчлэлтийн ажил дуусах шатандаа орж байна. Үүнээс үүдэж 2016 оны мэдээллийг хожуу мэдээлсэн. Цаашдаа газар хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүд, мэргэжилтнүүд гээд ХАСХОМ гаргаж буй бүхий л албан тушаалтны мэдүүлгийн хураангуй хэлбэрийг ил зарлана. Ингэснээр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогод иргэд хяналт тавих боломж бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын Улсын шалгалт тавдугаар сарын 28-наас эхэлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЕБС-ийн улсын шалгалтын хуваарийг танилцууллаа.Улсын шалгалтыг 2018 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар ангийн төгсөгчдөөс авах юм.Улсын шалгалтаар төгсөх ангийн сурагчдын чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх, сурагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэхээс гадна ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшнийг тогтоох зорилготой аж.

Улсын шалгалтын хуваарь


Categories
мэдээ нийгэм

Найруулагч Б.Баатар таалал төгсчээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар таалал төгсчээ. Тэрбээр 1959 онд Улаанбаатар хотод төрж 1984 онд Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Б.Баатар нь 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагч, 1985-1996 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар, 1999 оноос өнөөг хүртэл УДЭТ-т ерөнхий найруулагч, найруулагчаар ажиллажээ.

Найруулагч Б.Баатар 1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийг, бие даан “Хүн бүгд би” жүжгийг тус тус тайзнаа тавьжээ. “Харанхуйд харагдахгүй”, “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхтгосон нь”, “Тэмүүжин” “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”,“Ээжээ”,“Атга нөж”, “Мануухай”, “Эхнэрээ зээлээч”, “Ану хатан” “Кихот ноён”, “Адууны түүх” зэрэг 20 гаруй уран бүтээлийг тайзнаа амилуулж, театрын урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан монголын сор болсон уран бүтээлч байсан билээ.

Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.