Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжтэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Голланд загварын бүрэн автомат хүлэмжийг 2014 оноос барьж эхлэн 2016 онд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд, -40 хэмийн хүйтэнд өргөст хэмх, улаан лооль болон бусад нарийн ногоо тариалах боломжтой болжээ. Одоогоор тус үйлдвэр зөвхөн өргөст хэмх ургуулж, дотоодын зах зээлд өдөрт 300 кг-аас 1,5 тонн өргөст хэмх нийлүүлж байна. Өвлийн хүлэмж нь 10080 метр квадрат талбайтай халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Төрийн тэргүүн “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүнсний аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого болон өвлийн хүлэмж олноор бий болгох, Улаанбаатар хотын иргэдийн ногооны хэрэгцээг эхний ээлжинд хангахад дэмжлэг үзүүлэх талаар ярив.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр би энэ хүлэмжийг үзэх гэж зорьж ирлээ. Улаанбаатар хотоос 40 километрийн зайд “Төгс ургац” нэртэй өвлийн хүлэмж байгуулагдсан байна. Өдөрт нэг тонн ургац хураадаг юм байна. Хөрснөөс ургуулдаггүй, Монгол компанийн үйлдвэрлэсэн хөрсөн дээр тарьж байна. Улаанбаатар хотын өргөст хэмхний өдрийн хэрэгцээ таван тонн байдаг. Цаана нь импортын дөрвөн тонн өргөст хэмхний хэрэгцээ байгаа биз. Тэгэхээр бодлогоор хүнсний салбараа дэмжих юм бол хэрэгцээгээ дотооддоо хангаад байж болно. Түүнээс гадна хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, ажлын байр бий болгож чадна. Өнөөдөр бид их хэмжээний хүнсний ногоог валютаар авч, хэр зэрэг чанартай хүнс хэрэглэж байгаагаа мэдэхгүй байна. Тиймээс энэ салбарыг аль ч Засгийн газар нь дэмжээд ажиллах ёстой. Би Төрийн тэргүүн болоод хамгийн түрүүнд Хүнсний аюулгүй байдлын асуудлаар үндэсний чуулган хуралдуулж байсан. Энэ төрлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаасай гэх үүднээс зорьж ирсэн юм шүү” гэв.

Жилийн дөрвөн улиралд ажилладаг хүлэмж барих, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын бүтээгдэхүүнээр бүрэн хангах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах байхдаа санаачлан эхлүүлж, Улаанбаатар хотын хүн амыг шинэ ногоогоор хангах зорилго тавьж байсан юм.

Мөн Төрийн тэргүүн 2017 оны есдүгээр сард Хүнсний аюулгүй байдлын чуулган зохион байгуулж, энэ үеэрээ “Хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас шөнийн цахилгааны тариф, халаалтын хөнгөлөлтөд хамруулж, бодитойгоор дэмжвэл найрлага нь тодорхойгүй, химийн бордоогоор бордсон ногоо импортлохыг хязгаарлах шийдэл болно. Монгол Улс дөрвөн улиралтай, өвөл ямар нэг байдлаар газар тариалан эрхлэхэд хэцүү учраас хүлэмжийн аж ахуй хэрэгтэй. Хүйтний улиралд хүлэмжийн аж ахуйн дулаан, эрчим хүчний асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэх ёстой. Ингэсэн тохиолдолд бид хүнсээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй, экспортод гаргах боломжтой” гэж байв.


Categories
мэдээ нийгэм

О.Пүрэвсүрэн: Цагаан сараар хулгай, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн дуудлага нэмэгддэг

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 26 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч О.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Сар шинэ дөхөхөөр гэмт хэрэг ихэсдэг гэсэн. Ямар төрлийн хэрэг зонхилж байна вэ, иргэдэд юуг анхааруулж хэлэх вэ?

-Сар шинэ дөхөхөөр халаасны хулгайн гэмт хэрэг ихэсч байна. Иргэд сонор сэрэмжтэй явахгүй бол авах гэж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх хооронд нь халаасны хулгайч нар түрийвч, гар утас, эд зүйлсийг нь хулгайлах нь их байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мөн уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор манай Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсээс хороо тус бүр өөрийн онцлогт тохируулан хэсэгчилсэн арга хэмжээ зохиож байна. Тухайлбал манай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Дүнжингарав худалдааны төв байдаг. Уг төвд үзэсгэлэн худалдааны үеэр халаасны хулгай их гарч байна. Тийм учраас манай хэлтсээс олон нийтийн цагдаа нарыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж байна. Мөн хорооны хамтарсан багийн гишүүд, хорооны цагдаа, хэсгийн байцаагч нар, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд ч хуваарийн дагуу ажилладаг. Эрүүгийн хэргийн мөрдөгч нар ч энгийн хувцастай ажиллаж байна. Үүний үр дүнд хулгайн гэмт хэрэг манай хороонд буурсан. Хулгайн хэргээс сэргийлэхийн тулд бид иргэдэд сэрэмжлүүлэг тарааж байгаа. Халаасны хулгайч ганц нэгээрээ бус бүлгээрээ явдаг. Нэг хэсэг нь анхаарлыг нь сарниулж байхад үлдсэн хэсэг нь хулгай хийх маягаар хамтарч ажилладаг.

-Хүн ихтэй зах, худалдааны төвүүдэд халаасны хулгайн хэрэг гардаг байх. Цагаан сар дөхөхөөр бас бууз, тавгийн идээ шүүсээ хулгайд алдах нь их байдаг шүү дээ. Энэ талаар юуг онцлох вэ?

-Манай хороо орон сууцны хороолол. Банш, буузаа алдах хэрэг ихэвчлэн гэр хороололд гардаг. Тухайлбал манай хойд талын гэр хорооллуудад ийм хэрэг их гардаг. Яагаад гэхээр манайхан бууз, баншаа гадаа амбаартаа ямар ч цоож цуурга хийхгүйгээр тавьчихдаг. Эсвэл өдрийн цагаар гэрт хүнгүй үед хөршүүддээ “Манайхыг харж байгаарай, эзгүй байгаа шүү” гэж захихгүйгээр явдаг. Хулгайч нар нарийн судалгаатай хэнийх, хэдэн цагт эзгүй байдгийг андахгүй. Ийм учраас гэр хорооллуудад урамшуулалт эргүүлүүд, олон нийтийн цагдаа ажиллуулж байгаа. Урамшуулалт эргүүлүүд тодорхой хэмжээний урамшуулал авч иргэд цагдаагийн байгуулагад гүүр болдог.

-Бууз, банш идээ шүүсний хулгай илэрдэг үү, хэн хулгай хийдэг юм бол?

– Ихэвчлэн ажилгүй иргэд, орон гэргүй хүмүүс хулгай хийдэг. Сүүлийн үед хууль сайн сурталчилж байгаа болохоор манайд “Усны тэргээ алдчихлаа, битоноо алдчихлаа” гэх мэтээр мэдээлдэг болсон. Хаана ямар хэрэг гарч байгаад бид дүн шинжилгээ хийж, нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Аль цагт, ямар гаригт ямар гэмт хэрэг илүү гарч байна вэ гээд долоо хоног, сар бүрээр нь гаргадаг.

-Ямар өдрүүдэд хулгайн хэрэг их гарч байна вэ?

-Ихэвчлэн хүмүүс ажилдаа явсан хойгуур, ажлын цагаар хулгайн хэрэг гардаг. Амралтын өдрүүдэд харьцангуй бага байдаг. Ер нь ямар нэг баярын үеэр гэмт хэрэг өсдөг. Цагаан сараар хулгай, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгддэг. Дашрамд дурдахад гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр орж ирсэн гомдол мэдээллийг газар дээр нь баримтжуулаад, заавал ч үгүй шүүхээр оруулдаг.

Үүнийг зарим хүмүүс мэдэхгүйгээс болоод нөхрийгөө айлгах гээд, энийг нэг хашраагаадхая гэж цагдаа дууддаг. Дараа нь хуулийнхаа дагуу баривчлахаар “Өө би ингэж баривчладаг гэж мэдсэнгүй” гэцгээдэг. Шинэ Зөрчлийн хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр дуудлага өгсөн л бол шууд 7-30 хоног баривчилдаг болсон.

Хөршүүд нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, согтуу ирээд орцонд орилж чарлаад байна гэсэн дуудлага өгсөн бол тухайн амгалан тайван байдал алдагдуулсэн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгох болсон. Үүнийг мэдэхгүйгээс болоод сар шинийн үеэр эдийн засгаар хохирч, эрхээ хязгаарлуулах нь их байгаа. Үүнийг анхаараарай.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр томоохон дүүргүүдээ хот болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль маргаан дагуулж байна. 1.3 сая иргэн амьдарч буй нийслэлийн хувьд уг хууль амин чухал байх ёстой гээд байгаа. Гэсэн хэдий ч тэр хүлээлтэд нийцэхгүй байна гэх юм. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль органик хууль л даа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт Монгол Улсын Нийслэлийн эрх зүйн байдлыг хуулиар зохицуулна гэж заасан. Уг зохицуулалтаас ургаж гарч буй хууль юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1993 онд батлагдсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ хууль нийслэлийн эрх зүйтэй холбоотой харилцааг тодорхой хэмжээнд зохицуулж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах, нийслэл рүү төвлөрөх төвлөрлийг сааруулах, нийслэлд тулгамдаж буй дэд бүтцийн болон олон асуудлыг шийдэхэд уг хууль хүчин мөхөсдөж буй цаг үед Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирлээ. Харамсалтай нь хуулийн төсөл энэ янзаараа хэлэлцэгдээд явбал Их хурлын босгыг давахгүй байх.

-Яагаад?

-Бусад хууль тогтоомжоос тасдаж авч ирээд нийлүүлсэн эвлүүлэг маягтай хуулийн төсөл болсон байна. Түүнчлэн уг хуулийн төсөлд тунхгийн шинжтэй заалтууд нэлээд бий. Уг нь тунхгийн шинжтэй хууль байх ёсгүй. Нийслэлийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүргийг хуваарилж өгсөн хэм хэмжээнүүд байх ёстой. Гэтэл тэгж чадсангүй. Тухайлбал, Нийслэл хот нь дэлхийн хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлсэн хот болно гэсэн байх жишээтэй. Улсын шинж чанартай тэмцээн, уралдаан, хурал зөвлөгөөн зөвхөн нийслэл хотод зохион байгуулагдана гэх мэтчилэн тунхгийн зүйлс энэ хуулий дийлэнх хувийг бүрдүүлж байна.

Ердийн хуулиар зохицуулагддаг замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой харилцаа, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдалтай холбоотой харилцаа, хот төлөвлөлттэй холбоотой харилцаа гэх мэтчилэн хуулиар зохицуулагдаж байгаа харилцааг тасалж авч ирээд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд наачихсан. Энэ нь хуулийн жинхэнэ мөн чанарыг алдагдуулж байгаа. Нийслэлийн гудамж талбайд үндэсний өв уламжлалыг орчин үеийн ололт хот байгуулалтын дэлхийн жишигт хослуулан хөгжүүлнэ гэсэн заалт байна.

Энэ яг ямар зан үйлийг тодорхойлж байгаа юм бэ. Би Төр эрх зүйн онолын багш хүн. Үүнийг би оюутнууддаа тунхагласан хэм хэмжээ л гэж зааж байсан. Хуулийн төслийн өөр нэг ноцтой алдаа нь Үндсэн хуулийн хэм хэмжээнээс давсан зохицуулалтыг оруулж ирсэн.

-Нийслэлд санхүүгийн эрх мэдлээс эхлээд багагүй зүйлсийг суулгаж өгсөн гэх юм билээ. Гэсэн ч хаврын чуулганаар нэг мөр уг хуулийн төслийг хэлэлцэнэ гэж байсан?

-Нийслэлийн өмч хөрөнгө, нийслэлийг хөгжүүлэх сан, нийслэлийн газрын бирж, чөлөөт бүстэй холбоотой заалтууд орж ирж байгаа нь зөв. Үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг заавал тунхагласан хэм хэмжээн дунд оруулж ирэх шаардлагагүй. Холбогдох хуулинд эрхийг нь өгчихье л дөө. Төсвийн тухай хуулиар нийслэлийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлчихэж болно. Нийслэлийн төсвийн хөрөнгө нь ийм зүйлээс бүрдэнэ. Нийслэл нийт төсвийн орлогынхоо тэдээс илүүгүй хувьтай тэнцэх бонд гаргаж болно гэдэг ч юм уу энэ эрхийг нь бид өгчихөж болно. Хууль гэдэг өөрөө нийгмийн төрөл харилцааг зохицуулах обьекттой байх ёстой. Түүнээс хууль бүрээс нийгмийн харилцаатай холбоотой хэм хэмжээг тасдаж авч ирээд кодификаци хийх гэж байгаа бол өөр асуудал. Харамсалтай нь тийм зүйл харагдахгүй байгаа.

-Таныг өнөөдөр (өчигдөр) Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэгт оруулсан. Уг хуулийн төсөл дээр ямар заалтуудыг оруулах саналтай байгаа вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлыг өөрчилье гэж байгаа бол нийслэл, хот гэдэг хоёр статусыг салгах ёстой. Баянзүрх хот, Сонгинохайрхан хот гэдэг статус руу нь аваачиж хөгжүүлэхгүй бол төвлөрөл нь төвдөө яваад дүүргүүд хөгжихгүй байна. Тухайлбал, 330 мянган хүнтэй, 120 мянган га нутаг дэвсгэртэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд байна. Гэтэл энэ хоёр дүүрэгт ямар ч төсвийн эрх мэдэл алга. Цаашлаад үйл ажиллагаа явуулах бүх эрх мэдлийг нь нийслэл хотод төвлөрүүлчихсэн. Нохой, муур алах хот нийтийн аж ахуйн чиг үүрэг Хотын дарга түүний харьяа агентлагт хадгалагддаг. Хотын гэрэлтүүлгийг дүүрэг биш хот шийдэж байгаа. Замын арчилгаа цэвэрлэгээ, сургууль, цэцэрлэгийн шууд удирдлагаар хангах эрх нь хот дээр шийдэгдэж байна. Энэ мэтчилэн яриад байвал бүх эрх үүрэг хотын Засаг даргад төвлөрсөн. Хотын шуурхай дээр дүүргийн асуудал ярихаар агентлаг, хэлтсийн дарга нар нь хариулт өгдөг. Дүүргийн Засаг дарга нар бэлгэдлийн маягтай ирж суудаг. 330 мянган хүн амтай, 120 мянган га нутаг дэвсгэртэй дүүргийн Засаг даргад дүүргээ хөгжүүлэх төсвийн эрх мэдэл юу ч байхгүй.

Гадны орнууд хот гэдэг хөгжлийн хандлагаа тодорхойлж өгөөд явж байна л даа. Тухайлбал, АНУ-ын хамгийн том Сан Франциско хот хажуудаа Оакланд гээд хоттой. Өөрсдөө хот нийтийн аж ахуйн үндсэн чиг үүргээ бүгдийг нь хэрэгжүүлээд явдаг. Одоо манайд хотын Засаг дарга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дэлгэрүүлж хэлбэл нэг талдаа хотын дарга хот нийтийн аж ахуйн чиг үүргээ хэрэгжүүлээд нөгөө талдаа засаг захиргааны нэгжийн чиг үүргээ давхар хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Хотын захирагчийн ажлын алба гэдэг нь Хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежер. Тэр нь Нийслэлийн Засаг даргын хоттой холбоотой үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээд засаг захиргаа нутаг дэвсгэрийн чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлдэг. Дээрээ нэг малгайтай доороо хоёр тусдаа чиг үүрэгтэй. Цаашид бид томоохон дүүргүүдээ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хот болгох хэрэгтэй. Үндсэн хуультай харшлах зүйл байхгүй. Нэгдүгээрт, нийслэл гэдэг тэр статусыг хөндөхгүй. Хоёрдугаарт, дотор нь байгаа томоохон дүүргүүдээ бие даасан чиг үүргээр нь хөгжүүлнэ. Нийслэл гэдэг засаг захиргааны чиг үүргийг тусад нь өөр хүнд хариуцуулаад явахгүй бол хотын дарга маань нохой, муур алах ажилд хүртэл оролцож байна.

-Бусад дүүргүүд нь ч гэсэн хот болж санхүүгийн эрх мэдлээ өөрсдөө авна гэх байх даа…

-Дүүрэг бүр хөгжлийн тал дээрээ харилцан адилгүй байдаг. Нийслэлд төвийн зургаан дүүрэг бий. Сүхбаатар дүүрэг жилд 40 орчим тэрбум төгрөгийн орлого олж, түүнийгээ зарцуулдаг. Гэтэл хүн ам нь 120 мянга орчим. Сонгинохайрхан дүүрэг 330 мянган хүнтэй хэрнээ жилд долоон тэрбум төгрөгийн орлого олдог. 120 мянган хүн амтай Сүхбаатар дүүргээс 10 дахин том газар нутагтай. Өнөөдөр хамгийн гол доголдоод байгаа асуудал нь энэ. Бид хот, нийслэлээ ялгаж ойлгохгүй бол 21 дүгээр зуунд бид хөгжинө гэдэг түвэгтэй шүү.

Хот, засаг захиргааны ялгаа нь юу байдаг вэ гэхээр Монгол Улсын батлагдан гарч буй хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажил хийгдэнэ дээ. Үүнийг Засгийн газар гүйцэтгэнэ. Ингэхдээ өөрийн бүтцийн байгууллагууд буюу нутаг дэвсгийн нэгжүүдээр дамжуулан төрийн хуулийг хэрэгжүүлнэ. Энэ нэг чиг үүрэг нь. Харин хүн амыг ногоон зүлэгтэй, утаагүй хотод амьдруулах ажлыг хариуцдаг хүмүүс нь хотын захирагчийн ажлын албаны үндсэн чиг үүрэг нь. Бид хөгжлийн хувьд бусад орнуудаас хоцрогдсон нь үнэн. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 1954 онд гарч байсан. Гэтэл зүүн Ромын эзэнт гүрний Константинполь хот чинь 2500 жилийн өмнө хотын төлөвлөлтөө хийсэн. Энэ хоёрын хооронд хөгжлийн зөрүү байгаа ч Монголд хот хожуу үүссэн тиймээс иргэд ийм л байдалтай амьдрах ёстой гэдэг байж болохгүй. Үүнийг түргэтгэе гэвэл яаралтай хотын зохион байгуулалтад оруулаад төсвийн эрх мэдлийг өгч, хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргуулаад шахаж шаардаж явахгүй бол болохоо байсан. Улаанбаатар хотын наймдугаар ерөнхий төлөвлөгөө хэрэгжээд явж байна. Энэ найман төлөвлөгөө хэрэгжээд нэг нь ч амьдралд нийцээгүй. Хоорондоо уялдахгүй байгаа юм.

-Хэдэн жилийн өмнө Багануур, Налайхыг хотын статустай болгоод хөгжсөн юм уу. Хоёр даргын хооронд хэрүүл болоод дууссан. Тийм зүйл болохгүй гэх баталгаа байна уу?

-Косметик мэс засал үр дүнд хүрэхгүй. Дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргын чиг үүргийг Захирагч гэдэг хүнд дангаар нь өгсөн. Төсөв болон хууль тогтоомжийн эрх мэдлийг нь өгөлгүй бэлгэдлийн Захирагч томилчихоор юу ч хийж чадахгүй. Хоёр жил төсвийн мөнгө үрсэн Захирагчийн ажлын албууд дүүргийнхээ Засаг дарга нартай хоёр жил тасралтгүй хэрэлдээд 2016 онд татан буулгасан.

-Та томоохон дүүргүүдээ хот болгоно гэх юм. Гэтэл нөгөө талд чинь томоохон дүүргүүдээ задалж өөр дүүрэг байгуулах нь зөв гэдэг санал гарч байна шүү дээ?

-Санаачилж байгаа хүмүүс маань ялгааг нь мэдэхгүй яриад байна. Засаг захиргааны нэгжийн хувьд хэдэн ч дүүрэг болгон задалж болно. Хот зохион байгуулалт талаасаа өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэж байгаа юм.

Нийслэл гэдэг цол гуншинг Улаанбаатар хотоос салгаж аваад шинэ газар тухайлбал, Орхон-Сэлэнгийн бэлчирт 250-500 мянган хүний хот төлөвлөж Улаанбаатарын төвлөрлийг захиргааны журмаар задалбал хотод хийж буй үргүй хөрөнгө оруулалтууд хамгийн үр дүнтэй болно. Энэ миний хувийн бодол. Даанч үүнийг олон хүн таашаадаггүй юм.

-Дагуул хотыг байгуулах нь зөв юм биш үү. Сүүлийн үед дагуул хотын тухай яригдах боллоо…

-Би үүнтэй санал нийлдэггүй. Дэлхийн олон орон хот төлөвлөлтийн энэ зовлонг туулсан. Би 2013 онд хэсэг хүнтэй хамтарч “Төлөвлөлттэй шинэ нийслэл” гэдэг ТББ байгуулаад дэлхийн улс орнуудын хот төлөвлөлтийн алдаа, ололт амжилтын талаар эрдэмтэдтэй судалгааны ажил хийж байсан. Нийслэлийнхээ дэргэд нь жижиг дагуул хот бий болгосноор хотын төвлөрөл саардаггүй юм. Аль болох захиргааны аргаар хол газар тусад нь төвлөрлийг сааруулсан хоёр төвт хөгжлийн загвараар явж байж төвлөрөл саарна. Хот усаа дагаж явах ёстой. Юун Майдар, Аеро сити вэ. Урагшаа ямар гол горхи байгаа юм бэ. Дэлхий даяараа хоёр, гурван төвт хөгжлийн загвар ярьж байхад бид нэг төвтэй байна. Аргалант, Эмээлтийн дагуул хоттой байна гээд явсаар байх юм уу. Тэр дагуул хот хаана хөгжөөд байгаа юм. 20 жил ярилаа, хэвээрээ л байна. Тэр болгонд цэвэрлэх байгууламж, дулааны эх үүсвэр шийдэхээс эхлээд илүү зардал гарна. Тусад нь 500 мянган хүн амтай хот бий болгочих. Тэнд барилга барина, ажлын байр бий болно. Гаднаас орж ирж буй хөгжлийн зээлүүдийг хоёр газар зам болгоно гэж хэрэлдэж байхынхаа оронд тэнд тусад нь нийслэл хот байгуулъя гэдэг холыг харсан, үр дүнтэй хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Гэр хороололд хийж буй хөрөнгө оруулалтын ажлууд ерөнхийдөө үр дүнгүй болдог. Нэг газар тоглоомын талбай хийчихсэн байхад дараа жил нь бүгдийг нь сугалаад авчихсан байдаг. Энэ хот төлөвлөлтийн дагуу хийгдсэн суурьшил биш. Энхболд, Нямбаатар хоёр ярьж байгаад дөрвөн талд нь шон зоож байгаад хашаа бариад гудамж гаргачихсан хотын суурьшил байхгүй юу. Үүнийхээ араас цахилгаан, дэд бүтэц, автобус, худаг, сургууль, цэцэрлэг, эмнэлэг шаарддаг. Гэтэл төрийн бодлого 2000 оноос хойшх эдийн засгийн өсөлттэй бүх цаг үед аймаг, сумдад сургууль, цэцэрлэгийг 15 жил тасралтгүй барилаа. Шинээр баригдаагүй сургууль, цэцэрлэгтэй сум байна уу. Байхгүй. Гэсэн ч хүн ам нь хот руугаа нүүдэллэсэн хэвээрээ л байна. Бүх проблем нь хотдоо үлдчихсэн. Энэ нь ах нарын хийсэн төрийн бодлогын алдаа. Гэтэл энэ бүгдийг бахь байдгаар нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар оруулж ирэх юм. Энэ хуулинд юу ч байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Д.Мандахнаран: Хүний дархлаа тийм ч амархан муудчихдаггүй

Лабораторийн туршилт хийж байгаа нь

Анагаах ухааны доктор, хүний их эмч, дархлаа судлаач Д.Мандахнарантай ярилцлаа.


-Та докторын зэргээ Япон улсад хамгаалсан билүү?

-Тэгсэн. Японы Токушимагийн их сургуульд хамгаалсан. 2010 онд АШУҮИС-ийг хүний их эмчээр төгсөөд Үений мэс заслын эмчээр хоёр жил сурч, ажиллаж байгаад 2012 оноос тус сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимд багшилсан. 2013 оны дөрөвдүгээр сард Япон улсын докторын шалгаруулалтад тэнцсэн юм. Ингээд Япон улсын Токушима хотын Токушимагийн их сургуульд Геномын институт, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дэргэдэх лабораторид суралцаад одоогоос яг жилийн өмнө дархлаа судлалаар анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Таны судалсан сэдэв?

-Элгэн доторх цусны замын хорт хавдар өвчний эсийн дохиоллын механизмын зарим замуудыг судалсан. Маш олон хүн эсийн доторх механизмыг судалдаг. Би зөвхөн нэг хэсгийг нь л судалсан гэсэн үг. Түүний дархлаа зохицуулагч эстэй холбогдолтой үүргүүдийг судалж шинжлэх ухаанд бага зэрэг шинэ мэдлэг нэмэрлэсэн.

-Ямар ч өвчний үед нэг нэгэндээ “Дархлаагаа сайжруул” гэж хэлцгээдэг. Мөн монгол хүн угаасаа дархлаа сайтай байсаар ирсэн гэж ярих нь бий. Үндэстэн болгоны дархлаа харилцан адилгүй байдаг юм уу?

-Хүн хүний үзэл бодол өөр л дөө. Гэхдээ би шинжлэх ухааны талаас нь тайлбарлая. Шинжлэх ухаан бол нотолгоонд суурилсан мэдээлэлд үнэмшдэг зүйл. Ямар ч шинжлэх ухааны үндсэн арга нь туршилтын арга байдаг. Түүнээс биш таамаглана гэвэл хүн болгон өөр өөрөөр таамаглана. Жишээ нь, “Архи уухаар элэг өвддөг юм” гэж хэлэх хүн байхад “Үгүй ээ, өвддөггүй. Яадаг ч үгүй юм” гэж таамаглах ч хүн байна. Архи уугаад нас барсан хүний элгийг зүсээд архи уугаагүй хүнийхээс ямар ялгаатай байна вэ гэдгийг харах нь л нотолгоо байхгүй юу.

Тийм учраас шинжлэх ухаан бол нотолгоонд суурилдаг. Нотолгоонд суурилсан мэдээллийг гаргаж авахын тулд нэн тэргүүнд таамаг дэвшүүлдэг. Таамгаа зөв, бурууг нь нотлохын тулд туршилт хийдэг. Туршилт хийхдээ хүн дээр туршиж болохгүй учраас загвар амьтан дээр туршдаг. Жишээ нь, лобараторийн хулгана байна. Хүн, хулгана хоёрын ген 95, 96 хувь ойролцоо байдаг байхад хүний хувьд хятад, монгол, орос хүний ген тодорхой хэмжээгээр өөр байна гэсэн ойлголт байхгүй. Харин генүүдийнх нь зарим эсүүд нь өөр өөр ажиллаад үс, нүдний өнгө өөр байх жишээтэй. Хэрвээ монгол хүн удмын хувьд тийм ялгаатай байсан бол гадаад хүнтэй гэрлээд хүүхэд гарахгүй байсан.

Хүний хувьд дархлаа хэвийн, сайн байдаг гэж үздэг. Насанд хүрсэн хүний хувьд шүү. Үүнд монгол, орос гэж яриагүй. Тухайн хүн өвчин үүсгэгчидтэй амьсгалах зэргээр харилцаанд ордог учир түүний эсрэг дархлаа тогтчихсон байдаг. Хүүхэд олон дахин өвдөөд байдаг чинь дархлаа тогтох, тэдгээрийг таних шатанд яваад байгаа гэсэн үг. Хүүхэд жилд арван удаа ханиад хүрдэг бол том хүн 2-3 гурван удаа хүрэх жишээний. Дархлаа нь таньдаг болчихдог. 2000-гаад оны үед дэлхийд дархлааны шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан болоод ч тэр үү. Янз янзын л шалтгаан байдаг байх. Тухайн эмч нарын өөрийгөө хөгжүүлж байгаа байдал нөгөөтэйгүүр зах зээлд тоглолт хийж байгаа янз бүрийн эмийн компаниудын рекламны нөлөөгөөр дархлаа гэдэг нэг юм байдаг, даанч тэр нь их амархан муудчихдаг. Гэхдээ тэрийг засдаг, тэгэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэнэ гэсэн ойлголт бий болчихсон. Гэтэл шинжлэх ухаанд тийм юм байхгүй. Хүний дархлааг муутгадаг хэд хэдэн шалтгаан бий. Тэрнээс бусдаар бол дархлаа тийм амархан муудчихдаггүй юм. Дархлаа гэдэг нь хүний биед дархлааны гэх тодорхой нэр бүхий эсүүд байгаа. Тэдгээр эсийн тоо хэмжээ ихэсч байна уу, багасч байна уу. Хэмжээндээ байна уу гэдэг нь л дархлааны тогтолцооны үндсэн үзүүлэлт болж байгаа юм. Цусны цагаан эс нь дотроо олон янз. Цагаан эс дархлааны эсүүд боловч яг л цэрэг армитай адилхан явган цэрэг, танктай цэрэг, дарга гээд үүрэг зориулалтаасаа хамаараад олон янз. Эдгээр эсүүдийн тоо хэмжээ зохистой хэмжээнд байвал хүний дархлааг хэвийн гэж үздэг.

-Хүний дархлааны эсийг хэмжээндээ байгаа эсэхийг үздэг аппарат Монголд орж ирсэн гэж дуулсан юм байна?

-Саяхан болтол үүнийг үзэх аппаратгүй байсан. Их үнэтэй төхөөрөмж. Өнгөрсөн оноос АШУҮИС-д Герман улсын хамгийн сүүлийн үеийн аппаратыг суурилуулсан. Урсгал эсийг тоолдог аппарат л даа. Эсийг нэг нэгээр нь урсгаад тоолдог. Зөвхөн энэ аппаратыг авчраад зогсохгүй эмч нартаа сургалт хийж чадавхижуулаад дархлааны талаарх хуучирсан ойлголтуудыг нь шинэчилж өгч байгаа.

-“Манай энэ дархлаа муутай шүү. Сонсоод л ханиад хүрчихдэг” гэдэг. Төрөхөөсөө л дархлаа муутай, өвчлөмтгий байна гэж байх уу?

-Тухайн хүний удмын онцлог. Дархлаа муутай гэж хэлж болохгүй л дээ. Ханиад олон төрлийн үүсгэгчтэй. Олон төрлийн вирус бий. Ханиадыг ерөнхийд нь хоёр том бүлэгт хувааж болох юм. Хамрын ханиад, томуу гэж. Томуу бол вирусээр үүсгэгддэг аюултай өвчин. Харин түгээмэл тохиолддог байнга шахуу хүрэх гээд хүрчихвэл тэгэсхийгээд эдгэчихээд байдаг нь хамрын ханиад. Олон төрлийн үүсгэгчээр дамждаг. Эдгээр үүсгэгчийн заримд нь тэсвэртэй хүн байхад зарим нь тэсвэргүй байх тохиолдол байдаг. Зарим нь эдгээрт өртөмтгий бол зарим нь тэсвэртэй. Энэ нь дархлаа муутай байна гэсэн үг огт биш. Томууны вируст өртөмтгий хүн гепатетийн вируст тэсвэртэй байж болно. Эсвэл гепатетийн вируст өртөмтгий, шарлачих гээд байдаг хүн томуугийн вируст тэсвэртэй байж болно. Энэ бол эцэг эхээс авсан удмын мэдээлэл, тэдгээрийн хоорондын харьцаа, конбинацитой холбоотой. Хэвийн явсаар 18 нас хүрчихсэн хүний дархлааг хэвийн гэж үзнэ. Ер нь дархлаа муутай гэж хэлэхээсээ илүүтэй дархлаа дутмагшилтай байж болзошгүй гэж сэжиглэх шалгуурууд байдаг. Гэхдээ ихэвчлэн хүүхдүүдэд. Идээлүүлэгч халдвар гэж аюултай халдвар бий. Олон дахин өвчлөх, байн байн эмчлүүлэх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ч гурван сарын дараа дахин сэдрэх, зарим эмгэгтэй хавсарлавал “Энэ хүүхэд дархлаа дутмагшилтай биш байгаа” гэсэн сэжиглэх таамаглал гарна. Гэвч энэ нь маш ховор тохиолддог. Тэгээд тэр хүүхдийг эмнэлзүйн нарийн шинжилгээнд оруулсны дараа дархлаа нь дутмагшилтай бол аль дархлаа нь дутмагшиж байна гэдгийг тогтоож оношилдог юм. Тэгэхээр гадуур явж байгаа мэдээллүүд бол үнэнд үндэслэгдээгүй, цуу үгийн шинжтэй байдаг.

-Багадаа өвчин их ээрдэг байсан хүүхэд том болоод өвдөхөө больдог. Харин багадаа өвчин хэлж байгаагүй хүүхэд нас биед хүрээд өвдөх нь олонтаа. Энэ нь дархлаатай холбоотой юу?

-Тийм байсан байж магадгүй юм гэж таамаглаж болох юм. Тухайн үед тэр хүний дархлааг үнэлж үзээгүй учир “Багадаа дархлаа муутай байжээ. Одоо дархлаа тань хэвийн болжээ” гэж мэргэлж байгаа юм шиг хэлж чадахгүй. Багадаа өвдөж байгаагүй ч нас биед хүрээд өвчинд өртөмтгий болсон хүний хувьд эцэг эхийнх нь хүүхдээ өсгөсөн орчинтой хамаатай байж болзошгүй. Хүүхэд байхдаа гэрээсээ цөөхөн гардаг байсан байж болно. Том болоод олон хүнтэй харилцаад “Нарантуул” захаар орох зэргээр гадны хүмүүстэй харьцаад эхэлнэ. Тэрэн дунд сүрьеэ, ханиадтай янз бүрийн хүн явж байгаа. Тэдгээрээс ялгарч байгаа бүх вирустэй харилцаанд ороод явдаг. Монголчууд хүүхдээ гэртээ өсгөдөг. Тийм болохоор багадаа элдэв өвчинд өртөхгүй явсан байж болох юм гэж таамаглаж болох талтай. Гэрээсээ гардаггүй хүүхэд байвал ээж, ааваар нь дамжиж орж ирсэн ганц нэг ханиадны вирусийг авч ханиад хүрч байсан байж болно. Олон жил гэрийн орчинд байсан хүний дархлаа өмнө нь хараагүй вирусүүдийг харж таньж эхэлдэг. Гэтэл гадаа өссөн хүүхэд эрүүл чийрэг байдаг гэдэг нь багаасаа олон төрлийн өвчин үүсгэгчтэй харьцаад явсан учраас дархлаа нь таньдаг болчихсон байдаг.

-Хүүхдийг гадаа элс шороон дээр тоглуул. Болбол шороо идүүлэх хэрэгтэй гэдэг. Энэ дархлаатай нь элдэв өвчин үүсгэгчийг танилцуулж байгаа арга байх нь ээ?

-Хөгжсөн орнуудад харшил их байдаг юм. Ард түмний дунд нэг ташаа ойлголт байдаг. Дархлаа муудахаар харшилтай болдог гэдэг.

-Тэгдэг.

-Үгүй. Харшил гэдэг нь цэвэр дархлаа тогтолцооны өвчин юм. Яадаг өвчин юм гэхээр хэвийн орж ирж байгаа хоол, унд, өмсч хэрэглэж байгаа эд зүйлсийг хэвийн биш, аюултай юм байна гэж таниад хүчтэй идэвхижиж түүний эсрэг довтолж биеэ хамтад нь гэмтээж байгаа тэр эмгэгийг харшил гэж нэрлээд байгаа юм. Энэ юунаас болж байна вэ гэхээр удмын хүчин зүйл. Үүн дээр нэмэх нь хүрээлэн байгаа орчин. Удмын ямар нэгэн эрсдэлтэй дархлаа бүхий хүн багадаа гадаад орчны янз бүрийн олон төрлийн зүйлтэй харьцаж байгаагүй, хэт цэвэрч бол том болохоор хэвийн зүйл орж ирэхээр түүнийг нь танихгүй довтлоод байдаг. Яагаад гэвэл хүүхэд байхдаа тэрийг хараагүй юм чинь. Гэтэл хөдөө аж ахуйтай ойр байсан, малын ялгадастай харьцдаг, түүхий жимс ногоо ганц хоёр удаа хазаж үзсэн хүүхдүүдийн дархлаа нь тэр бүхнийг ялгаад сурчихсан байдаг. Энэ аюултай, энэ нь аюулгүй. Энэ нь хоолны уураг байна, харин энэ нь аюултай өвчин үүсгэгч уураг байна гээд ялгаад сурчихдаг. Тиймээс харшлыг иргэншлийн өвчин гээд байгаа нь ийм учиртай. Манай Монголын хувьд хот, орчны бохирдол гэдэг зүйл яалт ч үгүй нөлөөлөөд байна. Утаа, хар тугалгын бохирдол, тоосжилтын бохирдол зэрэг хүчин зүйлүүд нөлөөлөөд байгаа.

-Хүний бие организм гэдэг бол барагтай юманд өртөхөөргүй хамгаалалттай юм байна шүү, уг нь. Зөв л ажиллуулбал?

-Хүний цус нь эсийн хэсэг, шингэн хэсгээс тогтдог. Цусны улаан эсүүд нь цусны үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. Ялтаст эс нь цус тогтооход оролцдог. Цагаан эс нь дархлааных. Энэ эс нь олон янз бөгөөд ихэвчлэн харь биологийн биетийг устгахад зориулагдсан удмын кодтой байдаг.

-Дархлаагаа дэмжихийн тулд адууны махтай, сармистай шөл, халуун аарц, чацаргана уу гэдэг?

-Дархлааг муутгадаг хэд хэдэн шалтгаан бий л дээ. Монголчууд бидний хувьд цацрагийн аюул харьцангуй бага шүү дээ. Хорт зуршлаас хол байх ёстой.

-Архи, тамхи…?

-Ялангуяа тамхи дархлаа төдийгүй олон төрлийн халдварт өвчний батлагдсан эрсдэлт хүчин зүйл юм. Стрессээ дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн аргаар зөв тайлах. Хоол тэжээлээ зохицуулж ажил амьдралын тэнцвэрээ зөв байлгавал хүний дархлаа хэвийн байх боломжтой.

Хоёрдугаарт, чацаргана, адууны мах дархлааг сайжруулдаг, дэмждэг эсэх дээр батлагдсан судалгаа хараахан алга байна. Энэ бол ардын уламжлалт ажиглалт. Ажиглалтаар үнэхээр тийм байгаа эсэхийг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ адууны мах, чацаргана, аарц хэрэглэхийг буруушаахгүй. Харин дархлаагаа дэмжинэ гээд батлагдаагүй, олон төрлийн эмийн бодисуудыг хэрэглэх нь аюултай. Тэдгээр эмүүд өнөөдөр таны биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаа ч 10, 20 жилийн дараа таны биед ямар сөрөг нөлөө гарахыг хэлэхэд хэцүү. Дархлааг дэмжих ямар нэг эм хэрэглэх гэж байгаа бол болж өгвөл зааврыг нь өөрөө уншаад баталгаатай эсэхийг нь лавлаж үйлчилгээг нь анзаараад эмчтэйгээ зөвлөх ёстой болов уу.

-Дархлаа судлалын шинжлэх ухааны нөлөөгөөр олон халдварт өвчин, вирусүүд устсан. Амжилт нь жил ирэх бүр нэмэгдээд байгаа гэдэг байхаа?

-Энэ шинжлэх ухааны амжилт гэвэл дархлаажуулалтын вакциныг гаргасан. Вакциныг гаргасан нь дэлхийн хүн ам зургаан тэрбум болж өсөхөд нөлөөлсөн. Цагаан цэцэг өвчнийг ор мөргүй алга болгосон. Монгол Улсад байсан халдварт саа, татран зэрэг өвчнүүд эрс багасч зарим өвчнийг бүрэн устгасан гэж НҮБ-аас гэрчилгээ хүртэл авсан тохиолдол бий. Дархлаа судлалын шинжлэх ухааны том амжилтуудын нэг нь эдгээр юм. Одоо дархлаа судлалын шинжлэх ухаан хорт хавдрын эсрэг тэмцэж эхэлж байна. Халдварт өвчнүүдийн эсрэг ихэнх шийдлийг олчихсон, вакцинжуулалтаар. Нэг хэсэг шувууны ханиад, амьсгалын цочмог халдварт САРС гарсан. Энэ бүгдийг вакцинжуулалтаар алга болгосон. Одоо байхгүй шүү дээ. Халдварт өвчнүүдийг ингээд дараад байж болох юм байна гэж учраа олчихсон учраас одоо хорт хавдрын эсрэг дархлаажуулалтыг яаж ашиглах вэ, сүрьеэ зэрэг тэсвэртэй халдварт өвчнүүдийн эсрэг дархлаажуулалтыг яаж үр дүнтэй хийх вэ гэдэг ийм хоёр үндсэн чиглэлээр дархлаа судлалын шинжлэх ухаан ажиллаж байна.

-Та одоо хэдэн настай вэ?

-Би хэдхэн хоногийн өмнө 31 нас хүрсэн.

-31 настай гэхэд их ч мэдлэг хуримтлуулж амжжээ?

-Одоогоор оюутнуудад хичээл зааж байна. Үнэнээ хэлэхэд Монгол Улсдаа хэрэгтэй, бодит ажил одоогоор хийж амжаагүй явна. Гадаадад юм хийж өгсөн ч тэрнээсээ тодорхой хэмжээгээр мэдээлэл аваад хүрээд ирчихсэн гэх үү дээ.

-Та хэдэн орны хэл сурсан бэ?

-Англи хэлтэй. Анхан шатны япон хэлтэй.

-Үеийнхээ залууст хандаж хэлмээр ч юм уу эсвэл өөрийнхөө олж авсан зүйлээсээ хуваалцвал?

-Монгол хэл маань аугаа. Аялгуу сайхан монгол хэл гэдэг. Биднийг зайлшгүй нэг үндэстэн гэж илэрхийлэх дархлаа, үндэсний дархлаа бол монгол хэл минь юм. Гэхдээ монгол хэлээр гурван сая хүн л ярьдаг. Дэлхийн мэдлэгийг авахын тулд олон тэрбум хүний ярьдаг хэлийг утга, уянгын хэмжээнд биш юмаа гэхэд мэдээлэл солилцох хэмжээнд сурах хэрэгтэй. Энэ хэл бол ерөөсөө англи хэл. Тэгэхээр хамгийн чухал англи хэлийг сайн сурах. Хэл сураад эхлэхээр хүний хандлага, соёл өөр болоод ирнэ л дээ. Гэхдээ манай залуус санасныг бодоход хурдан сайжирч байгаа, нэн ялангуяа доод үеийнхэн маань. Иймээс ирээдүй маань сайхан болно гэж бодож байгаа. Тийм ч болохоор би Монголдоо ирсэн. Гадны улсууд юу ч мэдэхгүй ирсэн хүнийг юм юмны зах зухтай болгоод бэлтгэж аваад нутаг руу нь явуулахгүй байхыг боддог. Гэхдээ мэдээж эх орон бол эх орон л байдаг хойно.

Categories
мэдээ цаг-үе

Ү.Содномцог: Манай зарим жолооч хээр морьтой давхиж яваа юм шиг дураараа хөдөлгөөнд оролцдог

Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ныг хүртэл үргэлжилж байгаа. Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудын Ерөнхий прокурорууд оролцсон. Зөвлөгөөнөөр прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, түүний дотор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх прокурорын хяналтын ажлын үр дүн, амжилт, алдаа, оноо, цаашид үйл ажиллагаанд анхаарах асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцогтой ярилцлаа.


-Зам тээврийн ослын улмаас өдөрт 1-2 хүн амь насаа алддаг гэсэн тоо баримт бий. Энэ талаар та ямар дүгнэлттэй байна?

-Зам тээврийн осол гарах нь олон шалтгаантай. Сүүлийн үед хөдөө орон нутгаас хот руу шилжин суурьших хөдөлгөөн ихэссэн. Мөн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, явган зорчигч, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталдаггүй, хотын соёлд суралцаагүй нь олон ноцтой осол, гэмт хэргээс харагддаг. Манай зарим жолооч нар хээр талд морио унаад малаа хариулж яваа юм шиг дураараа хөдөлгөөнд оролцох нь ч бий. Түүнчлэн хотын буруу төлөвлөлтийн улмаас үзэгдэх орчныг хязгаарласан байшин барилга, чанаргүй тавигдсан замын эвдрэл гэмтэл зэрэг нь зам тээврийн осол хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

-Осол, гэмт хэрэг гаргасан жолоочид ямар хариуцлага тооцдог талаар тодруулаач?

-Тухайлбал, Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэр Түргэний голын гүүрний урд замд иргэн Т нь жолоодох эрхээ хасуулчихсан, согтуурсан үедээ өнгөрсөн оны долдугаар сард осол гаргасан. Ингэхдээ Т “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн. Улмаар “Beiben” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М, С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Х, Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул шүүхээс түүнийг гэмт буруутайд тооцож, нэг жил дөрвөн сарын хорих ялаар шийтгэсэн тохиолдол бий.

Мөн Г нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн XX хороо Гачууртын замд “Тоска” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Г согтууруулах ундаа хэрэглэн хурд хэтрүүлснээс осол гаргаж, улмаар М-ийн амь нас хохирч, зорчигч А, явган зорчигч Б нарын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан. Мөн иргэн Б-гийн хашааг мөргөж, нэг сая 500 мянган төгрөгийн хохирол тус тус учруулсан. Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Ийм харамсалтай хэргүүд удаа дараа гарч байна.

-Ноцтой осол гарч байгаагийн шалтгаан нь юу вэ. Үүнийг бууруулахын тулд яах ёстой юм бол?

-Манай прокурорын байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган цөөнгүй ажил хийж байна. Ингэхдээ осол хэрэг гаргасан жолоочийн байгууллага, аж ахуйн нэгжид прокурорын хугацаатай мэдэгдэл хүргүүлж, тодорхой ажил зохиолгож, үр дүнг нь тооцон ажиллаж байгаа юм. 2015 оноос эхлээд телевиз, радио, сонин зэрэг хэвлэл мэдэээллийн байгууллагуудтай хамтарч , зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол мэдээ мэдээлэл, яриа таниулга хийх, зурагт хуудас тараах, телевизийн шторк бэлтгэн гаргаж, иргэдэд сурталчилсан. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын автобуснууд, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, гэнэтийн болон төлөвлөгөөт шалгалтуудыг хийж, үр дүнг нь тооцон ажиллаж байна. Тухайлбал, автобус компаниудын парк шинэчлэлт шаардлага хангахгүй байгаа юм. Хуучин автобуснууд эвдрэл гэмтэл ихтэй, хурд хэмжигч нь эвдэрхий зэрэг нийтлэг зөрчил илэрдэг. Техникийн хувьд бүрэн бус, хаалга, суудлууд эвдэрхий байдаг. Энэ нь осол зөрчил гаргахад шууд нөлөөлдөг. Мөн зорчигчийн тав тухтай байдлыг хангадаггүйгээс болж, хүмүүс нийтийн тээврээс хувийн унааг илүүд үзэх болсон. Иймээс замын түгжрэл их байна. Өнгөрсөн онд манай прокурорууд Сонгинохайрхан дүүргийн хамгийн их осол гардаг зам дээр биечлэн ажиглалт, судалгаа хийсэн. Ингээд хотын Захирагчийн ажлын албанд мэдээлж, замын хаалт хашилт хийлгэсэн. Энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд их бий.

-Өөр ямар төрлийн осол, гэмт хэрэг гардаг вэ. Төмөр зам болон агаарын тээвэртэй холбоотой осол гарах тохиолдол бий. Энэ талаар ярихгүй юу?

-Дээр дурдснаар жолооч өөрөө шууд осол гаргахаас гадна бусдын автомашиныг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явах, жолооны эрхгүй эсвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх тохиолдол их байна. Үүнээс болж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд хохирол учрах гэмт хэрэг гарсаар байгаа юм. Харин агаарын тээврийн тухайд харьцангуй бага хэмжээний зөрчил ганц нэг удаа гарах үе бий. Төмөр замтай холбоотой осол, зөрчил өнгөрсөн онд цөөнгүй гарсан. Жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, төмөр замын гарам, гарц руу нэвтрэхдээ галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлох тэмдэг тэмдэглэгээ, дуут дохиог харалгүй осолд өртөж хохирох явдал гарсаар байгаа. Төмөр замын ажилчид тээврийн болон хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хамгаалаагүйгээс галт тэргэнд хавчуулагдаж нас барах тохиолдол хоёр удаа гарав. Мөн төмөр замын аюултай бүсийн дэглэмийг зөрчснөөс галт тэргэнд иргэд дайруулж нас барах тохиолдлууд ч байсан. Нөгөө талаас Төмөр замын байгууллага аюултай бүсээ зохих ёсоор хашиж хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс болж гарсан ослууд ч байдаг.

-Монголчуудын амин хувиа хичээх үзлээс нь болж зам тээврийн осол болон бусад гэмт хэргүүд гардаг гэдгийг судлаачид хэлсээр байгаа…

-Үүнтэй санал нэг байна. Замын хөдөлгөөний дүрэм бүх хүнд хамааралтай байдаг. Гэтэл манай явган зорчигч нар “Би явган зорчигч, бүх тохиолдолд би давуу эрхтэй, жолооч надад зам тавьж өгөх ёстой” гэсэн буруу бодолтой байх юм. Ингэж амин хувиа хичээх үзлээс болж иргэд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Нөгөө талаар жолооч нар бусдын машины өмнүүр буруу хараад л зүтгэх нь нийтлэг байдаг.

-Хотын соёлтой иргэн болж төлөвшихийн тулд замын хөдөлгөөнд “Эхлээд та, дараа нь би” гэх үзлийг баримтлах ёстой болов уу?

-Цаг үеэ дагаад зарим жолооч нарын сахилга хариуцлага, ухамсар харьцангуй дээшилж байгаа. Энэ байдлыг цаашид улам сайжруулахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Ядаж л насанд хүрсэн хүмүүс нь залуу үе, бага насны хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй юм. Замын хөдөлгөөндөө соёлтой оролцох дадал хэвшлийг бий болгох ёстой. Мөн явган хүн бол хүссэн үедээ зогсож чаддаг бол жолооч техниктэй харьцаж байгаа учраас ямар ч саад учирч болно гэдгийг тооцоолж, ухамсарлах ёстой. Бага насны хүүхдэд хотын соёл, замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг системтэйгээр заах хэрэгтэй гэж бодож байна. “Та, таны дараа би” гэдэг үзлийг багаас нь хүүхдэд төлөвшүүлж, томчууд үлгэрлэх ёстой. Хөдөө орон нутгаас хотод суурьшихаар шилжин ирж буй иргэдийг тусгайлан хотын соёлд сургах сургалтад хамруулж байх хэрэгтэй санагддаг.

-Осол гаргахгүй байхын тулд иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хамгаалах нь чухал уу?

-Урин дулааны цагт гэр бүл, хамт олон, ах дүүс, найз нөхдөөрөө олуулаа хөдөө орон нутаг руу аялах, зугаалах явдал эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хувь хүнийхээ зүгээс хангах, замын хөдөлгөөний сахилга, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, зам орчин, цаг агаар зэрэгт хурдаа тохируулж явж сурах хэрэгтэй. Манай жолооч нар хотоос гараад зам зуур ямар нэгэн цагдаагийн хяналт байхгүй гэж шууд хурдаа нэмдэг. Олон цагаар тээврийн хэрэгсэл жолоодож ядрах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх тохиолдол их байна. Мөн замын хөдөлгөөн сийрэг гэж туршлага муутай хүн дадлага хийх байдлаар тээврийн хэрэгсэл жолооддог, бие биедээ жолоогоо шилжүүлдэг зэрэг байдлаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө их хэмжээний хохирол амсдаг. Иймээс иргэд өөрсдөө ухаалаг байж, аль болох гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх алхмыг хийж, хэвших хэрэгтэй.

-Өнгөрсөн онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн?

-2017 он нэлээн онцлог жил байлаа. Учир нь олон шинэ хуулиуд батлагдан гарч, хэрэгжлээ. Гэхдээ хувь хүний хувьд шүүмжилмээр зүйл ч байлаа. Мэдээж хүний эрхийг дээдлэх, нийгмийн шинэ харилцааг зохицуулах зэрэг олон шаардлага байгааг үгүйсгэхгүй. Тэдгээр том, суурь хуулиудыг нэг дор бөөнөөр нь шинэчилснээр жирийн иргэдэд байтугай хуульчдад ч хүндрэлтэй байдал үүссэн. Мөн хуулийг хэрэглэж эхлэхээс өмнөх сургалт үнэхээрийн чанаргүй, цаг хугацааны хувьд шахуу байлаа. Хуульч хүнийхээ хувьд би ийм бодолтой явдаг. Нэгдүгээрт, хуулийг үе үе шинэчлэн гаргах нь тийм ч сайн зүйл биш. Харин байнга ард иргэддээ сурталчилж, таниулах нь чухал. Хэрэгжүүлж байгаа хуульч, албан тушаалтнуудаас санал авч, амьдрал практикт тохирохгүй, өөрчлөх шаардлагатай хэсэгт нь засвар оруулах маягаар байнга сайжруулж, урт хугацаагаар хуулийг тогтвортой үйлчлүүлдэг байх нь зөв гэж боддог. Хоёрдугаарт, бид Америк гэдэг ч юм уу, Европын орнуудад, Солонгосыг “Ямар сайхан тайван, айх аюулгүй юм бэ” гэдэг. Энэ нь хуулийг тэгш хэрэгжүүлж, хэвшсний үр дүн юм. Тухайлбал, манайд замын хөдөлгөөнд цагдаа камераар хяналт тавьж, хаягаар нь торгуулийн хуудас явуулдаг. Энэ нь сайн хэрэг. Нэг ёсондоо Зөрчлийн хууль гэхэд хүн бүрт адилхан үйлчилдэг, завсраар нь хэн нэгэн зөрчил гаргагч сугарч үлдэхгүй, бусдын адил шийтгэл хүлээдэг болчихвол хэн ч дахин дахин хууль зөрчиж, шийтгэл хүлээхийг хүсэхгүй. Ингэснээр бүгд хуулийг алагчлахгүй хэрэгжүүлдэг бодит байдлыг бий болгоно. Иймээс ямар ч хууль хүн бүрт ижил үйлчилдэг, сайхан нийгмийг бий болгоход цагдаа, мэргэжлийн хяналт, гааль гээд бүх эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа чухал нөлөөтэй юм.


Categories
мэдээ цаг-үе

МСНЭ-ийн XVII их хурлын шийдвэрийг хүчингүй хэмээн үзэж, шүүхэд хандах гэнэ

– МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Х.МАНДАХБАЯР СОНГОГДОВ-

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар их хурал өчигдөр Нийслэлийн иргэний танхимд эхэлсэн юм.Хэвлэл мэдээллийн салбарын 400 байгууллагын 305 төлөөлөгчтэйгөөр их хурал болов.Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм. Хурлын төлөөлөгчдийн хамгийн өндөр настай сэтгүүлч нь 87 настай соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, хамгийн залуу сурвалжлагч нь 23 настай н.Мөнхбаяр оролцож байв. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа гэдгээ өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ гэх олон таамаглал хэвлэл мэдээллийн салбарынхны дунд гарсан. Мөн Монголын нэр нөлөө бүхий томоохон намууд МСНЭ-ийн даргад өөрсдийнхөө хүнийг тавихаар өрсөлдөж эхэллээ гэх зүйлс ч яригдаж эхэлсэн юм. Мөн хурлын 305 төлөөлөгчийн мандатын асуудал ч нэлээд хэл ам дагуулсан.

Б.ГАЛААРИД: МСНЭ-ИЙГ СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛЛАГА ГЭДГИЙГ ХУУЛЬЧЛАН БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

09:00 цагт эхлэх тов нь зарлагдсан их хурал 10:30 цагт эхэлсэн юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар их хурлыг нээхдээ ерөнхийлөгч Б.Галаарид өмнөх дөрвөн жилийн хугацаанд МСНЭ-ийг толгойлж ажиллахдаа хийсэн томоохон ажлуудынхаа талаар ярив. Тэрбээр “МСНЭ-ийг Төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай байна. Учир нь эвлэлийн гишүүний татварыг 100 хувь хураасан ч үйл ажиллагааны арван хувьд хүрдэггүй учир санхүүгийн хувьд маш чадамжгүй. МСНЭ-ийн ажлын алба гуравхан хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Жилдээ 36 сая төгрөгийн зардлыг өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулдаг. Удирдах зөвлөлийн гишүүдээс ч татвараа төлдөггүй хүн байна. Татварт найдах хүндрэлтэй. Тиймээс өөр эх үүсвэрээс санхүүжих шаардлагатай байна. Салбарын ганц толгой байгууллага учраас яамны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл санхүүгийн хувьд ийм чадамжгүй байх нь учир дутагдалтай. Манай салбарыг төрийн бодлогын хувьд орхичихсон. Хүчирхэг бүтэцтэй болоход удирдах зөвлөл ажиллаасай гэж хүсч байна. Цаашид МСНЭ-ийг Сэтгүүлчдийн нэгдсэн төв байгууллага гэдгийг хуульчлан баталгаажуулах шаардлагатай. Сүүлийн үед надтай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон. Миний бие энэ байгууллагыг толгойлж ажиллахдаа улс төр, намтай огт хамтарч ажиллаж байгаагүй. Мөн олон жил байргүй явсан МСНЭ-ийг 46 метр квадрат байртай болгосон. 20 сая төгрөг МҮОНРТ-ээс авсан гэх асуудал яригдаад байгаа. Өнгөрсөн жил БНСУ-аас 20 сэтгүүлч үндэсний их баяр наадмын өмнө ирсэн. Тэдгээр сэтгүүлчдийн буух буудал, идэх хоол унд, хөдөө орон нутагт явуулах зэрэг үйл ажиллагаанд зарцуулсан байгаа. Мөн БНХАУ-ын сэтгүүлчид ч ирсэн” гэлээ.

Үүний дараа их хурлыг удирдан зохион байгуулах таван тэргүүлэгчийг санал хураалган сонголоо. Оролцогчдын саналаар Хурлын даргаар эрдэмтэн судлаачдын багийн төлөөлөл МУБИС-ийн доктор Ж.Батбаатар, тэргүүлэгч гишүүдээр ахмадын төлөөлөл Ү.Хүрэлбаатар, залуучуудын төлөөлөл, сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, орон нутгийн төлөөлөл, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Номин, телевизийн төлөөлөл, МҮОНТВ-ийн дарга асан Ц.Оюундарь нар сонгогдов. Мөн тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй баталж, хурлын дэгээ тогтоосон юм.

“МСНЭ МӨНГӨГҮЙ БАЙНА ГЭЭД ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ЧӨТГӨРТ ХУДАЛДАЖ БОЛДОГ ЮМУУ”

МСНЭ-ийн ирэх дөрвөн жилд барьж ажиллах шинэ дүрмийн төслийг боловсруулан гаргажээ. Үүнийгээ сэтгүүлчдэд танилцуулсан юм. Шинэ дүрэмд сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага найман дэд ерөнхийлөгчтэй байх санал оруулсан байгааг сэтгүүлчид эсэргүүцэж байв. Мөн “МСНЭ-ийн Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь улс төрийн намаас хараат бус иргэн байна” гэсэн дөрвөн жилийн өмнө баталсан дүрмийн заалтыг өөрчилж “Намын гишүүн байж болно” гэсэн заалт оруулсан байв. Үүнийг хуралд оролцож буй сэтгүүлчид эсэргүүцэж байгаагаа хүчтэй илэрхийлсээр байсан юм. Хуралд оролцож байгаа сэтүүлчдийн олонх нь “Яагаад нам бус хүн сэтгүүлчдийн эвлэлд өрсөлдөнө гэдэг заалт алга болчихсон юм бэ” гэж асуухад Б.Галаарид “Би дөрвөн жилийн хугацаанд улс төрийн нам бүлэглэлтэй хамтарч ажиллаагүй, хол хөндий байсан гэдгээ онцолж хэлсэн. Үүнийг сүүлд нь хараад байхад алдаа байсан юм байна лээ. Улс төр, Засгийн газартай хамтран ажиллаж байж санхүүгийн асуудлаа шийдүүлнэ. МСНЭ-ийн удирдлага аль нэг намын хүн боллоо гээд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Аль нэг намын хүн ерөнхийлөгч боллоо гэхэд санхүүгийн болон бусад асуудлаа шийдүүлээд авчихна. Түүнээс тэр намын мэдээг танай хэвлэл мэдээллийн байгууллага тэгээд гаргаад өг гэвэл аль ч хэвлэл мэдээллийн байгууллага гаргаж өгөхгүй. Бүр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд нам бүрийн төлөөлөл байвал бие биедээ хяналт тавиад явчихна” гэв. Үүний дараа сэтгүүлч Х.Эрдэнэбулган “МСНЭ мөнгөгүй байна гээд үнэт зүйлээ чөтгөрт худалдаж болдог юм уу, мөнгөтэй болно гээд аль нэг намд худалдагдах нь зөв юм уу. Жоомоо шатаах гээд гэрээ шатаадаггүй биз дээ. Хамгийн гол асуудал нь улс төрөөс хараат байна гэсэн сэтгүүлзүйн үндсэн зарчмаасаа ухарч болохгүй шүү дээ” гэв. Үүнээс үүдэлтэйгээр улстөрчдийг ашиглаж намуудын төлөөллийг оруулах дүрмийн өөрчлөлт хийлгэх гэсэн асуудлыг эсэргүүцэж, дөрвөн жилийн өмнө батлагдсан хуучин дүрмээрээ явах саналыг сэтгүүлчид дэвшүүлж байв. Мөн дүрмийн өөрчлөлтийн хажуугаар сэтгүүлчдийн цалин хөлс, нийгэмд үнэлэгдэж байгаа үнэмлэмж, их, дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж байгаа залуу сэтгүүлчдийг чадавхжуулах, орон нутгийн сэтгүүлчдийн эрх ашиг гээд олон асуудал хөндөгдсөн юм. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Би энэ хуралд орохын тулд сая төгрөг МСНЭ-д өчигдөр орой өгсөн. Баримт нь энэ байна. Улс төрчдийн гар хөл болно гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Бид ингэж явж болохгүй. Олон мянган сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах ёстой” гэв. “С1” телевизийнхэн хурал болохын өмнөх өдөр МСНЭ-д татвараа төлсөн бололтой.

Хурлын үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигч “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр “Энэ хурал дээр миний тухай яригдаад байх шиг байна. Би өнгөрсөн арванхоёрдугаар сард МАН-аас гарсан. Би намаас гарсан бичгээ аваад ирсэн байгаа” хэмээн мэдэгдэв. Ингээд шинэ батлагдсан дүрмээрээ явах уу, хуучин дүрмээрээ хуралдах уу гэдэг дээр горимын санал хурааж төлөөлөгчдийн ихэнх нь дэмжиж, 2014 онд МСНЭ-ийн 16 дугаар хурлаар батлагдсан дүрмээр явах шийдвэрт хүрсэн юм.

ГУРВАННЭР ДЭВШИГЧ ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖ, ХУРЛЫГ ОРХИН ГАРАВ

Монголын сэтгүүл зүйн салбарын бодлого, шийдвэрийг тодорхойлох Ерөнхийлөгчийн сонгуульд, МСНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, “Niislel.mn” сайтын эрхлэгч Б.Түвшинтөгс, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр нар өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байсан. Хурлын үеэр “МСНЭ-ийн хуучин удирдлага болон Монголын сайтын холбооныхон нийлж ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Мандахбаярт зориулсан, түүнийг энэ албан тушаалд томилох гэж оролдсон хурал болж байна” гэх эсэргүүцэл танхим дунд хүчтэй өрнөв. Үүнээс үүдэлтэйгээр МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан МСНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, “Niislel.mn” сайтын эрхлэгч Б.Түвшинтөгс нар тайзан дээр гарч эсэргүүцлээ илэрхийлж, хурлыг орхин гарсан юм.

ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ ШИНЭ ДҮРМЭЭ БАТЛАВ

МСНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, “Niislel.mn” сайтын эрхлэгч Б.Түвшинтөгс, Монголын өдөр тутмын сонины холбооны гишүүд, залуу сэтгүүлчдийн холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, ахмад сэтгүүлчид болон хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн төлөөлөл хурлыг орхин гарсны дараа 188 төлөөлөгч үлдэж, хурлаа үргэлжлүүлсэн юм. Дүрмийн төслөө хэлэлцэж, шинэ төслийг баталсны дараа ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулсан юм.

Хурлын заалнаас МСНЭ-ийн ерөнхийлөгчид “ТВ-2” телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, МҮОНРТВ-ийн захирал Л.Нинжжамц, “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-эрдэнэ, ахмад сэтгүүлч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлэв. Үүнээс Ү.Хүрэлбаатар, Л.Нинжжамц нар нэрээ татсанаар гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр боллоо.

Нэр дэвшигч “ТВ-2” сувгийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа “Миний хувьд 1993 оноос хойш телевикийн салбарт ажиллаж байна. Жирийн сэтгүүлчээс редакц ахлах ажлыг хийж байсан. 2017 оноос “ТВ-2” сувгийг нээж ажиллаж байна. Сэтгүүлчдийн эвлэл санхүүжилтгүйгээр цааш явахад хэцүү. Олон улсад ч эвлэлүүд санхүүжилт сайтай байж хүчтэй ажиллаж чаддаг. Тиймээс МСНЭ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлж, менежментийг сайжруулан, олон улсын харилцааг өргөжүүлэн сэтгүүлчдийн боловсролыг дээшлүүлэх, дахин сургахад анхаарна” гэв.

Харин нэр дэвшигч МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ, “Миний хувьд “Өнөөдөр” сонинд арав гаруй жил ажилласан. Сүүлийн гурван жилд Үндэсний зөвлөлийн гишүүн байсан. Өнөөдрийн хурлаас харахад сэтгүүлчид бид өөрсдийгөө хамгаалах зайлшгүй шаардлага гарч байна. Цаашдаа МСНЭ-ийн үйл ажиллагаанд сэтгүүлч бүр идэвхтэй оролцож, менежментийг сайжруулах ёстой юм. МСНЭ-ийг яах аргагүй сайн менежер авч явах нь зөв юм” гэлээ.

“Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр “Өмнөговь аймгийн МАН-ын үүрийн даргаар ажиллаж байсан. Энэ үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, намын гишүүнчлэлээс татгалзана. МСНЭ-ийн дүрэм журмыг хүндэтгэн орж ирж байна. “МСНЭ” 67 дахь жилдээ үе үеийн сэтгүүлчдийн нуруун дээр өнөөдрийг хүртэл амжилттай явж ирсэн. Мэргэжлийн хараат бус сэтгүүлзүйг төлөвшүүлэх, сэтгүүлчдийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, сэтгүүлчийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлж, хариуцлагажуулах, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж үздэг. Үүний дээр эрүүл мэндийн болон эрсдлийн даатгал зэрэгт сэтгүүлчдийг хамруулахад онцгой анхаарна. Хоёр дахь том зорилт бол сэтгүүлзүйн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үздэг. Сэтгүүлзүйн салбарын хуулийн төслийн ажлын хэсгийг МСНЭ-ийн дэргэд байгуулж, лобби бүлэг байгуулж чадвал бид хуулиа батлуулж чадна. МСНЭ Ажлын албыг 20 хүний бүтэцтэй байгуулж, Төсөл хөтөлбөр, Гадаад харилцааны хэлтэс, Хамтын оффисыг дэргэдээ байгуулах нь зөв. Сэтгүүлчийн санхүүгийн эрх чөлөөг дээшлүүлэхгүйгээр хэвлэлийн эрх чөлөөг дээшлүүлэх боломжгүй гэж үздэг” гэв.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа санал авч эхэллээ. Их хуралд нийт 181 төлөөлөгч оролцож, ирц 78.1 хувьтай оролцож, Х.Мандахбаяр сонгогдсон юм. Түүнийг төлөөлөгчид 87.07 хувийн саналаар сонгосон. Гэхдээ Монголын өдөр тутмын сонины холбооны гишүүд, Залуу сэтгүүлчдийн холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, ахмад сэтгүүлчид болон хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн төлөөлөл хурлыг хууль бус хэмээн үзэж, шүүхийн байгууллагад хандахаар болсон юм.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хүйтэрч шөнөдөө 24-29 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 хүрч явган шуурга шуурна. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Онгоц одтой, хар бич өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 9, Сугар гариг. Билгийн тооллын 24, Онгоц одтой, хар бич өдөр. Өдрийн наран 7:56 цагт мандан, 18:08 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвөлгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Хариуцлагатай аялж чадвал Америк үүдээ нээхэд бэлэн болжээ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Тэргүүн” нүүрт МСНЭ-ийн XVII их хурлын шийдвэрийг хүчингүй хэмээн үзэж, шүүхэд хандах гэнэ хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Я.Содбаатар: “Жаст“-ын зээлд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан нь хуурамч гарын үсэгтэй юм билээ хэмээн ярьжээ.

Барон Унгернээр нийслэл хүрээг чөлөөлүүлэх санааг Монголын эх орончид, язгууртнууд сэдсэн гэв хэмээн “Цаг үе” буланд өгүүлсэн байна.

“Баримт, үйл явдал” нүүрт “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал: Дээрх гурван хэрэг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ноцтой зөрчсөн байна хэмээн ярьсныг хүлээн авч үзээрэй.

“Өдрийн сонин”-ы “Миний үзсэн цагаан сар” буланд Би бага балчраасаа л цагаан сарын банш чимхсэн дээ хэмээн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн ,зохиолч Д.Дашдондов ярьжээ.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрээс Хариуцлагатай аялж чадвал Америк үүдээ нээхэд бэлэн болжээ нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хөдөлгөөнийг маргаашийн 07:00 цаг хүртэл түр хааж байна

Image result for цасан шуургаЦаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан, хальтиргаа гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улс, улсын чанартай автозам, замын байгууламжийг 2018 оны 2-р сарын 08-ны 19:00 цагаас 2-р сарын 09-ний өдрийн 07:00 цаг хүртэл түр хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоод байна.

Иймд иргэд та бүхнийг хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг зөвлөж байна.