Categories
мэдээ улс-төр

Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт Бээжин хотноо болов

Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт 2018 оны 2 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Энэ удаагийн хурлыг монголын талаас Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, хятадын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо /БХАТИХ/- ны дэд дарга Шянба Пинцуо нар даргалж, Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Н.Амарзаяа, Б.Баттөмөр болон БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга, гишүүн Цао Вэйжоу, Үндэстний хорооны дэд дарга, гишүүн У Шиминь, Хууль зүйн хорооны дэд дарга, гишүүн Су Зөлинь , Санхүү, эдийн засгийн хорооны дэд дарга, гишүүн Пөн Сэнь, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Жан Хөпин, Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Ян Гэнюй, Хөдөө аж ахуй болон хөдөө тосгоны хорооны гишүүн Жан Шяошань нар оролцов. Хурлын үеэр талууд хоёр орны харилцаанд парламентын гүйцэтгэх үүрэг, хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо, худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, цаашид энэхүү механизмын тогтвортой үйл ажиллагааг хадгалах зорилгоор жил бүр тогтсон хугацаанд тодорхой сэдвийн дагуу зохион байгуулж байхаар тохиролцов.

Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзаж, Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газар болон Бээжингийн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизм нь 2014 оны 10 дугаар сард байгуулсан “Монгол Улсын Их Хурал, БХАТИХ хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуухэрэгжиж буй арга хэмжээ бөгөөд Анхдугаар уулзалтыг 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Механизмын гурав дахь удаагийн уулзалтыг 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан БХАТИХ-ын Байнгын Хорооны даргатай уулзав

Бээжин хотноо болж буй Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жан Дөзян 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Ардын Их Хурлын ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Парламент хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Байнгын уулзалтын механизм нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд Парламентуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийг бүхий л салбарт өргөжин хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг онцлон тэмдэглэлээ.

Мөн хоёр талын хууль тогтоох, хууль сахиулах байгууллагуудын харилцан солилцоог нэмэгдүүлж, Парламентын Тамгын газрууд, найрамдлын бүлгүүдийн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган зурган илэрцүүд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанар 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хууль санаачлагчдаас Ерөнхийлөгч гурав, УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороод 57, Засгийн газар 44, нийтдээ 104 хууль тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр саналаа ирүүлжээ. Үүнээс 23 төслийг нь шигшиж хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо.

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  2. Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт
  4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  5. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  6. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл
  7. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл
  8. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  9. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  11. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  12. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  13. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  14. Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  15. Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төсөл
  16. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл
  17. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  18. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  19. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  20. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  21. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  22. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
  23. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  24. Бусад.
Categories
мэдээ нийгэм

Д.Заяабат: МСНЭ-ийн их хурлын шийдвэрүүд хүчин төгөлдөр биш

Өчигдөр МСНЭ-ийн 15 дугаар их хурал болсон. Хурлын үеэр “Шударга бус, улс төржсөн хурал болж байна. Яаралтай Онц их хурлаа хуралдуулахыг шаардаж байна” хэмээн Монголын өдөр тутмын сонинуудын холбооныхон хурлыг орхин гарсан билээ.

Тэгвэл “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат ямар ямар шийдвэрүүдээс улбаалан хурлыг орхиж гарснаа тайлбарлав. Тэрээр “Төлөөлөгчийг ямар журмаар сонгох вэ гэсэн заалтыг тодорхой зааж өгөөгүй. Тийм учраас цаанаасаа бэлтгэгдсэн хүмүүс орж ирэх нөхцлийг бүрдүүлсэн.

Төлөөлөгч сонгох журам нь зөрчилтэй байсан. Энэхүү хуралд сонгогдсон төлөөлөгч нь зайлшгүй ямар нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харьяалалтай байх ёстой гэсэн заалт бий. Татвараа төлж МСНЭ-ийн үйл ажиллагаанд оролцдог чөлөөт сэтгүүлчид хурлаас гадуур үлдсэн. Үүнийг бид хүлээн авах боломжгүй зүйл гэж үзсэн.

Хурлын шийдвэр төлөөлөгчдийн гуравны хоёроор гарах ёстой. Өчигдөр хамгийн сүүлд авсан тоогоор 181 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан байна. Тэгэхээр ирц хүрэхгүй гэсэн үг. Энэ хурал хүчин төгөлдөр биш. Хурлаас гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр биш гэж үзэж байна” гэв.

МСНЭ-ийн хурлаар батлагдсан шийдвэрүүд нь сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах нэг ч заалт оруулаагүй. Ихэнхи заалт нь хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн эрх ашгийг хамгаалсан байсан гэв.

Мөн тэрээр “Дүрмийн бус, хуулиас давсан шаардлага гэж байж болохгүй биз дээ. Тухайлбал МСНЭ-ийн удирдлагууд зөвхөн татвараа төлсөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага их хуралд орох шаардлагатай шүү гэсэн. Тэр ч бүү хэл 2018 оны татвараа төлсөн байх ёстой гэсэн. 2018 он гараад хоёрхон сар болж байхад татвараа төлж амжаагүй сэтгүүлчид зөндөө олон шүү дээ. МСНЭ олон нийтийн байгууллага, мэдээж үйл ажиллагаа явуулахад хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгардаг гэдгийг ойлгож байна. Гэвч тийм шалтгаар сэтгүүлчдийг их хуралд орж ирэх нөхцөл бололцоог нь хааж болохгүй байсан. Тиймээс дүрмийн бус шаардлага тавьсан гэж үзсэн.

Төрийн бус байгууллагын тухай хуулинд ч байгаа. Их хурлын гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар шийдвэр гарах ёстой. Гэтэл өчигдөр 181 хүн буюу гуравны хоёр хувийн ирцгүй хүмүүсийн саналаар МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгосон байна. Тиймээс энэ их хурал өөрөө хүчин төгөлдөр бус. Хурлаас гарсан шийдвэрүүд ч хүчин төгөлдөр бус гэж бид үзэж байна.

Тиймээс өнөөдөр өглөө өдөр тутмын сонинуудын удирдлагууд хуралдаад Монголын өдөр тутмын сонинуудын холбоо МСНЭ гэх байгууллагаас гарч, тусдаа бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон талаараа мэдэгдэж байна” гэлээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулган зурган илэрцүүд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжээгүй тул хууль санаачлагачид нь буцаасан юм. Дараагаар нь УИХ-ын ээлжит хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Үдээс хойшхи чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлж, 2018 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ.

Categories
мэдээ спорт

Улаанбаатарын цагаар 19:00 цагт өвлийн олимпийн нээлтийн ажиллагаа эхэлнэ

Улаанбаатарын цагаар 19:00 цагт Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн ажиллагаа эхэлнэ. Харин цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх дараалал нь Солонгос хэлний цагаан толгойн үсгийн дарааллаар байх аж. Монгол Улсын баг тамирчид 91 улсаас 25 дугаарт гарахаар болжээ. Монгол улсаас энэ олимпийн наадамд гурван тамирчин оролцож байгаа.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт ариутгалын ДУК автомашин олгоно

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” өвөлжилтийн нөхцөл, байдал, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, үйл ажиллагааг шалган зааварлах, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгөх, малчид, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг өчигдөр Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан заавар зөвлөмж өгч, шийдвэрлэх зарим асуудлын талаар аймгийн удирдлагуудын саналыг сонсов.

Түүнчлэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, мал эмнэлгийн тусгай зориулалтын ариутгалын ДУК автомашиныг тус аймагт олгохоор шийдвэрлэлээ.

Мөн малчдад өвс, тэжээлийг үнэгүй олгох талаар Засгийн газарт танилцуулахаар болж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр МАХН-ын II чуулганыг нээж үг хэллээ

mahnЯг одоо МАХН-ын II их чуулган болж байна. Тус чуулганыг нээж МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэлэв. Тэрбээр “Ард түмнийхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг олохын төлөө, ард түмэндээ зүтгэхийн төлөө хүрэлцэн ирсэн МАХН-ын II их чуулганы төлөөлөгч та бүхний амар мэндийг эрэн, мэндчилж байна.

Өнгөрсөн XX зуунд бидний хийсэн түүхийг санаж байгаа, алдсан оносныг дэнсэлж, ирээдүйд юу хийхийг төлөвлөж, бодож байгааг маань анхааралтай харж байгаа. Хоёр өдрийн турш та бид улс орны өмнө тулгамдсан асуудлыг ярьж, ирээдүйд хөгжих зөв гарцыг олохын төлөө санаа бодлоо уралдуулна. Их чуулганаа амжилттай хийхийг ерөөе” хэмээн хэлэв.

Энэхүү чуулганд нийт 1044 төлөөлөгч оролцож буй бөгөөд тэд МАХН-ын дүрмийн өөрчлөлт, намын даргыг сонгох, Мөрийн хөтөлбөрийг батлах, шинэ Дээд Үндсэн хууль зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өчигдөр тус намын гишүүд мэдээлэл хийхдээ энэхүү хурлыг О.Баасанхүүгийн эсрэг хуйвалдаан болно гэж мэдээлсэн билээ. МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “Энд тэндээс мөнгө өгч цуглуулсан, хүмүүсийн цуглаан болох гэж байна. Жирийн гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшил, санал санаачилгаар хийсэн их чуулганы шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

МАХН гэсэн нэрийг өөрсдийнхөө ашиг сонирхолд ашиглахын тулд яахаас ч буцахгүй үйлдлийг удаа дараа хийж байна. УИХ-ын ганц гишүүнээ хүмүүс явуулж зодуулсан, намаас хөөсөн гэсэн яриа гаргасан. Тэгээд улсаас олгодог 10 сая төгрөгийг авч идсэн. Бас саналын мөнгө болох 120 сая төгрөгийг аваад тэр мөнгөөрөө хурал хийх гэж байна” хэмээн ярьсан юм.

mahn

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 20 нэгжээр торгоно

Сар шинийн баяр тун удахгүй болох гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Маргааш буюу хоёрдугаар сарын аравны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, арваннэгэнд буюу ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. Хэрэв дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 20 нэгжээр торгох хуулийн заалттай.

Categories
мэдээ нийгэм

Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Сар шинийн баяртай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай, зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдэж байна.

Нийслэл, дүүргийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгаврын дагуу 2018 оны 02 сарын 08-ны өдөр тус дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 14-р хорооны ажлын алба хамтран 7 буудалд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар 7 буудалд ил задгай худалдаа эрхэлж буй 6 иргэн, гадна талбайдаа худалдаа хийж буй 5 хүнсний мухлагийн үйлчилгээ эрхлэгчид болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй Лайк, Хөөрхөн хуушуур гуанзнуудын үйл ажиллагааг зогсоож цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх талаар анхааруулга өглөө. Мөн худалдааны төвүүдэд гадна талбайдаа худалдаа эрхлэхгүй байх, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй байх, жин хэмжүүрийг улсын баталгаажуулалтанд хамруулах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг гарал үүслийн болон шинжилгээний бичигтэйгээр худалдаалах, дотоод хяналтыг сайжруулан ажиллах талаар мэдэгдэл өгч ажиллалаа.

Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо 2017 оны намрын чуулганы ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагаа нь эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн чиглэлээрх багц хууль тогтоомжуудыг хэлэлцэн батлуулах, төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар Байнгын хорооны санал дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх, зарим яам, газруудад үүрэг чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, ярилцлага зохион байгуулах зэрэгт чиглэгдсэн болохыг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав.

Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 22 удаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо 1 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус тус хуралдсан бөгөөд хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 10-аад ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Ийнхүү ээлжит чуулганы хугацаанд нийт 39 хууль, 9 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн болохыг тэрбээр мэдээллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан Төрийн 2018 оны мөнгөний бодлого нь эдийн засагт 2017 онд ажиглагдаж эхэлсэн эерэг хандлага, зарим нааштай үр дүнг хадгалж бэхжүүлэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдсэн байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн чиглэлээрх багц хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулсан нь ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос зохион байгуулсан томоохон арга хэмжээ болжээ.

Түүнчлэн Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг ил тод, тодорхой болгох, Монголбанкны үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг агуулгаар Төв банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан юм.

Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах, зээлийн төвлөрлийг шинэчлэн тодорхойлж банкны эрсдлийг бууруулах, банканд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдэлийн түвшинд хүрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжүүлж, банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг шинээр хуульчлах, албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх, албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтаар тогтоосон дутагдал, эрсдэлийн түвшинд үндэслэдэг байх зэрэг агуулгаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж баталсан нь эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болоход чухал түлхэц болно хэмээн үзэж байгаагаа тайлбарлав.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлуулсан нь Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал сайжирч, хадгаламжийн даатгалын олон улсын үндсэн зарчимд нийцэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэхач холбогдолтой болохыг танилцуулсан юм. Улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, банкны хүндрэлээс үүссэн хохирлыг хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, сангийн хөрөнгийг үр ашигтай оновчтой удирдах боломжийг бүрдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний нийт яам, газруудын үйл ажиллагааны явц байдал, тулгамдсан асуудлаарх мэдээлэл, ярилцлагыг 6 удаа зохион байгуулсны зэрэгцээ тэдгээр яам, газруудаас яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлаар санал авч, холбогдох арга хэмжээг төлөвлөн зарим асуудлаар шийдвэрийн төслүүд боловсруулж байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны талаар болон банкны зээлийн хүү бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслүүдийг боловсруулаад байгаа талаар Д.Дамба-Очир дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эдгээр тогтоолын төслийн талаар санал авах ярилцлагыг арилжааны томоохон 6 банкны захирлууд, Монголын банкны холбооны удирдлага, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Монголын хөрөнгийн бирж, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, ипотекийн зээл олголтын талаар сэтгүүлчдэд танилцуулаад, мэдээллийг өгсөн юм. Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Ундармаа нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.